title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
Францын Гадаад хэргийн сайдын айлчлал үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Алтанхуяг манай улсад айлчилж буй Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусыг хүлээн авч уулзлаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг манай улсад айлчилж буй Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд “Монгол брэнд” бий болгон Европийн зах зээлд экспортлоход хамтарч ажиллахыг хүслээ. Тэрбээр Манай улс хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн бүтээгдэхүүнээр баялаг. Мал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийхээ чанар, техник технологийг улам сайжруулах, хүнсний органик “Монгол брэнд” бий болгон Европийн зах зээлд экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлээд энэ чиглэлд Франц улс хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Ноён Лоран Фабиус сансар судлал, хиймэл дагуул хөөргөх зэрэг харилцаа холбооны салбарт хамтрах сонирхлоо илэрхийлэв. Францын Гадаад хэргийн сайд ноён Лоран Фабиус энэ үеэр “Хөдөө аж ахуй, хүнсний салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй гэсэн Ерөнхий сайдыг саналыг дэмжиж байгаа илэрхийллээ. Мөн сансар судлал, хиймэл дагуул хөөргөх зэрэг харилцаа холбооны салбарт хамтрах сонирхлоо илэрхийлж байв.
Ерөнхий сайдын айлчлалын үр дүн юу байв
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүн, хоёр орны Ерөнхий сайд нарын хэлэлцээрээр шийдсэн асуудал, түүний мөрөөр хоёр талын холбогдох байгууллагуудын хооронд байгуулсан баримт бичгүүдийн ач холбогдлын талаар цуврал мэдээлэл хүргэж байна. “Монгол-93” шатахууны нийлүүлэлтийг 4 дахин нэмнэ “Монгол-93” шатахууны нийлүүлэлтийг 4 дахин нэмнэ Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын хэлэлцээ болон айлчлалын үеэр Засгийн газрын тэргүүнүүдийн баталсан "Монгол Улс, БНХАУ-ын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр"-ийг үндэслэн уул уурхай, газрын тосны салбарт хоёр санамж бичигт гарын үсэг зурсан юм. Нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулж, хийн түлш үйлдвэрлэнэкспортлох, Монголд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг дээрх баримт бичгүүдээр тодорхойлсон. Манай улс өөрийн олборлосон түүхий тосоо МГЛ-93 автобензин болгоод, сард 10 мянган тонн хүртэл хэмжээгээр урд хөршөөс татан авахаар тохирчээ. Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, уг үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулахад Хятадын Газрын тос, химийн "Синопек групп” корпорацитай хамтран ажиллана. Энэ үйлдвэр эхний ээлжинд жилд 15 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар урьдчилсан байдлаар төсөөлж байна. Энэ хэмжээний шатах хий үйлдвэрлэхэд жилдээ 50 орчим сая тонн хүрэн нүүрс ашиглагдана. Өнөөдрийн ханшаар  1 тэрбум орчим ам.долларын үнэ бүхий хүрэн нүүрс олборлох шууд үр ашгаас гадна 20 мянга орчим хүн ажлын байраар хангагдана. Монгол Улс хүрэн нүүрсний арвин нөөцөө ийнхүү гүн боловсруулан ашигласнаар байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр бий болгох, химийн болон шатахууны үйлдвэрийн үндэс суурь тавихад чухал ач холбогдол өгнө. Монголд олборлож буй түүхий тосны хэмжээ цаашид жил бүр өснө. Үүнтэй уялдуулан Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэхээр УУЯ-ны Газрын тосны газар, Хятадын “Петрочайна интернэйшнл” компанийн хооронд санамж бичиг байгуулсан. Монгол Улс өөрийн олборлосон түүхий тосоо МГЛ-93 автобензин болгоод, сард 10 мянган тонн хүртэл хэмжээгээр урд хөршөөс татан авахаар тохирсон байгаа. Замын-Үүд өртөөн дэх шингэн түлш шилжүүлэн ачих төхөөрөмжийн өргөтгөл ирэх сарын дундуур дуусах учраас дотоодын эрэлттэй уялдуулан урд хөршөөс авах шатахууны хэмжээг нэмэхээр тохиролцлоо.  Тус байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 35-40 мянган тонн шингэн түлш шилжүүлэн ачих болно. Шатахууны нийлүүлэлтийг ийнхүү нэмснээр дотоодын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг олон эх үүсвэрээс хангах, нийлүүлэлтийг тогтворжуулах, жижиглэнгийн худалдааны үнийн өсөлтийг зохицуулах зэрэг арга хэмжээ авах бололцоотой болно. Ачаа тээврийн боомтын төмөр зам барьж өгнө Хятадын тал ачаа тээврийн боомтын төмөр зам барьж манайд хүлээлгэж өгнө Хилийн төмөр зам барих асуудлаар хамтран ажиллахаар Ерөнхий сайдын айлчлалын үеэр Харилцан ойлголцлын хоёр санамж бичигт гарын үсэг зурсан юм. БНХАУ-ын төрийн өмчит “Шэнхуа групп корпораци”, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК, “Тавантолгой” ХК-ийн төлөөлөл бүхий консорциум болон “Монголын төмөр зам” ТӨХК-иуд энэ ажилд хамтран оролцоно. Санамж бичгийн хүрээнд “Шэнхуа групп”-ээр ахлуулсан консерциум Монгол Улсын хилийн Гашуун сухайт боомтын өртөөг Хятадын Ганц модны хилийн боомттой холбосон ачаа тээврийн боомтын төмөр зам барьж “Монголын төмөр зам” ТӨХК-д хүлээлгэн өгөх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. /Үргэлжлэл бий/
МАН-ын XVII их хурал эхлэхэд нэг хоног үлдлээ
Улстөрийн ууган хүчин болох МАН-ын Бага хурал өнөөдөр 14:00 цагт эхэлсэн. Тэд Бага хурлаараа маргааш эхлэх XVII Их хурлын төлөөлөгчдийг ёсчлох, хэлэлцэх асуудлыг тодотгох юм. Харин гурван өдрийн турш үргэлжлэх МАН-ын XVII Их хурлаар намын дарга, удирдлагын багийг өөрчилж, дүрмээ шинэчлэн батлана. Их хуралд сонгогдсон төлөөлөгчдийн 680 нь анх удаа сонгогдсон гишүүн бол 91.4 хувь нь дээд боловсролтой аж. Мөн улстөрчдөөс гадна нийт төлөөлөгчдийн 45.8 хувийг хувийн хэвшил, бизнесийн салбарынхан бүрдүүлэх юм байна. Ямартай ч олны анхаарлыг татаад буй МАН-ын Их хурлаас гарах дүрмийн шинэчлэл, намын шинэ дарга хэн байх вэ гэх асуултын хариу энэ өдрүүдэд тодорхой болно.
Цахилгааны саатлаас "Нарантуул"-д гал гарчээ
Цахилгааны саатлаас "Нарантуул"-д гал гарчээ Өнгөрсөн наймдугаар сарын 23-нд “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарч олон зуун түрээслэгчид хохирсон хэрэг гарсан. Харин хууль хяналтынхан өнөөг хүртэл галын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоон гаргаагүй байсан юм. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт тус захад гарсан галын шалтгаан болон хохирлын хэмжээг гаргасан байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр гал цахилгаанаас үүдэлтэй болох нь тогтоогджээ. Тодруулбал тус захын хүнсний павилонд үйл ажиллагаагаа явуулдаг байсан нэгэн цайны газарт үүссэн цахилгааны саатлаас болж гал гарчээ. Харин 16 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх тооцоо гарсан аж.
Зургаан жилийн дараах Freezone
90-ээд оны үеийн хөвгүүдийн хамтлагийн нэг Freezone 6 жил орчим уран бүтээлээ завсарласны дараа эргэн нэгдэж тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт 12 сарын 7-нд болох ба хуучны хит дуунуудаа дуулахаас гадна шинэ уран бүтээлээ толилуулах аж. Уг тоглолтондоо зориулж бүтээсэн шинэ уран бүтээл "Арван хором" дууны клипийг сонирхоно уу.
Д.Цогт-Очирыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
Д.Цогт-Очирыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго өнгөрсөн тавдугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнээс хойш орных нь хүнийг томилоогүй байгаа. Харин өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Д.Цогт-Очирыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Тэрбээр тус газрын Бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байжээ.
350 онгоц манай улсын төрийн далбааг мандуулан гадаад их далайд тээвэр хийж байна
Засгийн газрын хуралдаан -Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргажээ- Дараах хуулийн төслүүдийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конценцид нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Манай улс далайд гарцгүй орнуудын нэг боловч төрийнхөө далбааг мандуулсан хөлөг онгоцоор олон улсын далайн худалдаа, тээврийн үйл ажиллагаанд оролцох, далайн нөөц баялгаас хувь хүртэх зорилгоор сүүлийн жилүүдэд зохих үр дүнд хүрч байгаа. 2003-2012 онд Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 30 орчим улсын 5 сая тн-ын даацтай нийт 2156 онгоц бүртгэж, улсын төсөвт 2,8 тэрбум орчим төгрөгийг бүртгэлээс оруулжээ. Үүнээс 350 онгоц манай улсын бүртгэлд бүртгэгдэн манай улсын төрийн далбааг мандуулан гадаад их далайд тээвэр хийж байна. Эдгээр онгоцуудад ажиллаж буй далайчдын хөдөлмөрлөх нөхцөл, цалин хөлс, ажлын байранд тавигдах шаардлагад далбааны эзэн улсын хувьд манай зүгээс анхаарч, шаардлага хяналт тавьж чадахгүй байгаа. Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конценцид нэгдэн орсноор манай улсаас хяналт тавих, хөлөг онгоцны эзэд, эзэмшигчдийн зүгээс хүлээх хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн Конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.  ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэнэ  Манай “Гуравдагч хөрш”, Европын холбооны хамгийн гол түнш-Холбооны Бүгд Найрамдах Герман улстай манай улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх оны нэгдүгээр сарын 31-нд тохионо. 40 жилийн өмнө тогтоосон харилцаа өдгөө нийгмийн бүхий л салбарыг хамарсан хамтын ажиллагаагаар өргөжин тэлж “Иж бүрэн түшлэлийн” харилцаанд хүрчээ. ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэнэ Ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын хуралдаанаар баталсан бөгөөд хорооны даргаар Гадаад харилцааны сайд Л.Болд ажиллана. Хоёр орны хооронд 1974 онд дипломат харилцаа тогтоосон хэдий ч Монголын анхны сэхээтнүүд тус улсад боловсрол эзэмшиж эхэлсэн 1920-иод оны сүүл үеэс хамтын ажиллагаа эхэлсэн гэж үздэг. Энэ харилцаа эрчээ алдалгүй явсаар өнөөдрийг хүртэл 30 мянган Монгол залуус Германд боловсрол эзэмшжээ. Мөн 1995 онд манай улстай харилцааны үндсийн тухай хамтарсан тунхаглал байгуулж, харилцааны үндсэн зарчим, хамтын ажиллагааны чиглэлүүдээ тогтосон өрнөдийн анхны орон юм.   Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.
Холбоодын цомын аварга шалгаруулна
Монголын сагсан бөмбөгийн ууган гавъяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын нэрэмжит холбоодын цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Спортын Төв ордонд болох  уг тэмцээнд "Үндэсний Супер лиг"-ийн долоон багаас гадна, “Спрайт Супер лиг”-ийн шилдэг 16 багууд өрсөлдөх юм. Харин тэмцээний албан ёсны нээлтийн ажиллагаа 12.30 цагаас болно.
Баянзүрхчүүд Ш.Ганчимэгт итгэл хүлээлгэв
Ш.Ганчимэг Баянзүрх дүүргийн долдугаар хорооны 18, 19 дүгээр хэсгийн 5000 гаруй сонгогчид энэ сарын 26-нд дахин сонгуульд оролцов. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт болсон нөхөн сонгуулийн ирц дөнгөж 39 хувьтай байсан учир сонгуулийг аравдугаар сарын 26-ны өдөр дахин явуулсан юм. Эл сонгуульд 18 дугаар хэсгийн хорооны сонгогчдын 50.4 хувь, 19 дүгээр хэсгийн хорооны сонгогчдын 52.6 хувь нь саналаа өгчээ. Дээрх хоёр хэсгийн хорооны санал өгсөн сонгогчдын олонхи нь АН-аас нэр дэвшигч Ш.Ганчимэгт санал өгч, итгэл хүлээлгэсэн байна. Ийнхүү Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч агсан С.Наранбаатарын оронд Ш.Ганчимэг залгамжлахаар болов.
Ерөнхийлөгч БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо
Ерөнхийлөгч энэ сарын 28-31-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр өнөө өглөө Улаанбаатараас мордлоо.  Айлчлалынхаа үеэр, Ерөнхийлөгч БНАСАУ-ын төр, засгийн тэргүүн нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны хэтийн төлөв, мөн бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм. Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Л.Болд, хоёр улсын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх Комиссын монголын хэсгийн дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга болон албаны бусад хүн дагалдан явав.   Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм.
Алдаа оноо, амжилтаа тайлагнасан ардын намын XXVII Их хурал эхэллээ
Өнгөрсөн бямба гарагт Бага хурлаа хийж, өчигдөр “түүхэн” Их хурлынхаа нээлтийг хийсэн МАН-ынхан өнгөрөгч долоо хоногт тун завгүй байлаа. Намын дарга Ө.Энхтүвшингийн хэлснээр МАН үнэхээр чадалтай, бас хүчтэй нам хэвээр гэдэг нь намын Их хурлын эргэн тойрон дахь үйл явдлаас харагдаж байсан юм. СТӨ-нд өчигдөр нээлтээ хийсэн МАН-ын 27 дугаар Их хурал эхэлсэн цагаасаа л тун сонирхолтой байв. Залуус “Намынхаа нэрийг цэвэрлэцгээе”, “Шагналын биш шинэчлэлийн хурал шүү”, “Амиа биш намаа бодох цаг иржээ” гэх мэтчилэн уриа лоозон барьсаар Их хурлын төлөөлөгчдийг угтсан. Хот, хөдөөгөөс сонгогдсон Их хурлын 1121 төлөө­лөг­чөөс 330 орчим нь Улаанбаатар хотоос, 780 ор­чим нь орон нутгаас хүрэлцэн ир­сэн байна. Хурлыг даргалагч УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл хур­л­ын эхэнд энэ удаагийн Их хурлаар хэлэлцэх ерөнхий асууд­лууд, хур­лын хөтөлбөрийг танил­цуулав. Ө.Энхтүвшин:...шударга бус хүмүүсийнхээ толгойг илж “шүүх л гэм буруутайг нь  тогтоогоогүй бол ...” гэж хаацайлдаг арга ба­рилаасаа татгалзах цаг болжээ. Та­нилцуулснаар, Их хурлаар есөн үнд­сэн асуудал хэлэлцэх бө­гөөд үүнд, МАН-ын дарга Ө.Энх­түв­шин­гийн улс төрийн илтгэл, Ман­датын комиссын илтгэл, на­мын 26 дугаар Их хурлаас хойш хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, Хя­нал­тын ерөнхий хорооны тайлан, МАН-ын дүрмийн асуудлаарх сал­бар хуралдааны мэдээлэл сон­сох, Намын дүрэмд өөрчлөлт оруулах тухай салбар хуралдааны мэдээлэл сонсох, Монгол Улсын 2021 он хүртэлх хөгжлийн зо­рилт, Намын үйл ажиллагааны ши­нэчлэлийн талаархи дүгнэлт, Зохион байгуулалтын асуудал зэрэг багтжээ. Их хурлаас гол хүлээлт үүсгээд буй зохион бай­гуулалтын асуудалд Монгол Ар­дын намын даргыг сонгох ту­хай, Бага хурлын гишүүдийг сон­гох тухай, Хяналтын ерөнхий хо­рооны гишүүдийг сонгох тухай гэ­сэн асуудал багтжээ. Их ху­рал гур­ван өдөр үргэлжилж, энэ сарын 29-нд өндөрлөх юм.  Ө.Энхтүвшин Ө.Энхтүвшин: Авлигад хардуулж, намын нэр “баастах”-ыг дахин тэвчихгүй -Хурал намын дарга Ө.Энхтүв­шин­гийн илтгэлээр эхэлсэн бө­гөөд ялалт, ялагдлынхаа учир шалт­гаан, намын нэр хүнд, гишүүдийн ёс­зүй, хүнд суртал, сөрөг хүчний гүйцэтгэх үүрэг, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал зэрэг нэлээд өргөн сэдвийг хамарсан илт­гэл нь төлөөлөгчдийн сэт­гэлд тун их таалагдаж байлаа. Нэ­г­дү­гээр хэсэгт тэрбээр өм­нөх жилүүдэд гаргасан ололт ам­жил­таа онцлон дурьдаж, амжилт юунаас болж саарсан, алдаа нь юундаа байсныг хөндлөө.  С.Баяр: Би намын даргыг хийж үзс­эн хүн. Тийм учраас нэг урсгалд хоёр ордоггүй. Цагийн юм цагтаа, бусаддаа бололцоо олгоно гэж бодож байгаа. Намын санал хуваагдсан, дотоод эв нэгдэл суларсан, гишүүд дэм­жигчдээ идэвхжүүлээгүй, болох байх, наанадаж хамтраад Зас­гийн газар байгуулаад ажил­ла­чих­на гэж сэтгэсэн, сонгуу­лийн пиар сул байсан зэрэг шалт­гаанаас нам удаа дараагийн сон­гуульд ялагдсан шалтгааныг дурь­даж, үүнийг цааш цаашдаа гар­гахгүйн тулд анхаарч ажиллах ёс­той гэдгийг хэлж байсан юм. Нийтлэлийн хоёрдугаар хэ­сэгт Монгол Улсын нийгмийн өнөө­гийн нөхцөл байдал, Шинэчлэ­лийн гэгдэх Засгийн газар хэр­хэн ажиллаж байгаа, алдаа ду­таг­далтай тал нь юу байгааг голч­лон шүүмжилж, энэ бүхнийг засч залруулахад МАН-ын зү­гээс хүчтэй сөрөг хүчин болж ажил­лах учиртайг дуулгалаа. Нийт­лэлийн гуравдугаар хэсэг нэ­лээд анхаарал татаж байсан юм.  Намын шинэчлэлийн эргэн той­рондох асуудлыг хөндсөн уг хэ­сэгт намын нэр хүндийг уна­га­сан, авлига, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдох болсон гишүүдийн асуудлыг мөн намын нэр хүндийг унагаж нам дамжиж яваа хэсэг бүлгийг нэлээд хүчтэй шүүмжилсэн юм. Ө.Энхтүвшин дарга МАН гол бодлого ялзарч, зөв­хөн зэрлэг өвс л ургахаар хөрс, шороо бүрджээ хэмээгээд “Жи­рийн гишүүдэд батлах, сон­гуулиар намаа дугуйлах төдийхөн эрх үүрэг оногдож, удирдлагад нь буй 200 гаруйхан хүний хүрээнд бүхий л эрх дарх эргэлддэг бол­сон. Боловсон хүчнийг шилж сон­гохдоо мэдлэг боловсрол, шу­дарга чанар,ажлын дадлага турш­лага, олон түмний үнэлгээ, улс төрийн ноён нуруу гэх мэт гол шалгуурыг  бус, чухал биш тө­дийгүй зарчимгүй өөр бусад үндэс­лэлүүдийг голлодог болоод удсан.  Үүний уршигаар  улс төрийн хат суугаагүй, үзэл ба үнэт  зүйлсийнх нь чиг тогтоогүй, ажил амьдралын туршлага багатай, томилогдож  очсон салбарынхаа талаар мэдлэг муутай,  нийтийн эрх ашигт сэт­гэл дутмаг хүмүүсээр намын удирд­лага, улсын хариуцлагатай ал­быг бүрдүүлж, улмаар шат шат­ны сонгууль, томилгоонд тэр яв­цуу хүрээнээсээ сонголт хийж байлаа. Дээрх алдаа, гажуудал нь намын ажилтнууд, залуу ги­шүүдийн зан үйл, ёс суртахуунд ноц­той нөлөө үзүүлж нэлээд хэсэг нь өөрийгөө хөгжүүлэх гэж  бодохын оронд хэн нэгэн нөлөө бүхий хүчтэй лидерийн ивээл дор багтаж бэхжиж авах гэж зүтгэдэг болжээ. Зарим албан тушаалтан авлига, хээл хахууль зэрэг шу­дарга бус янз бүрийн асуудалд тухайлбал, авлигад нэр нь байнга холбогдоод төрийн болоод намын нэр хүндийг унагаад байхад юу ч болоогүй мэт, ямар ч арга хэмжээ авахгүй явж ирсэн. Нам гишүүдээ дэмжиж, ёс бус аливаа дайралтаас хамгаалах нь зүйн хэрэг.  Гэвч хувийн эрх ашгийг нийтийнхээс дээгүүр тавьдаг, шударга бус хүмүүсийнхээ толгойг илж “шүүх л гэм буруутайг нь  тогтоогоогүй бол ...” гэж хаацайлдаг арга ба­рилаасаа татгалзах цаг болжээ” хэ­мээн хатуухан үгийг намын удирд­лага гэх нэрийн дор нууг­даж энэ бүх алдаа завхарлын эзэн болж байгаа хэсэг бүлэг нөх­дүүдэд хандсан гашуун үгийг дуул­галаа. Ө.Энхтүвшин даргын илтгэл Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон эгэл гишүүдэд тун их таалагдаж халуун алга ташилт нижигнэж байв.  АН баярын мэндчилгээ илгээж, МАХН илгээлт явуулжээ  Хурлын дарааллын дагуу На­мын Ерөнхий нарийн бич­гийн дар­га Г.Занданшатар на­мын аж­лын тайланг тавьсан бө­гөөд энэ талаар дэлгэрэнгүй мэ­дээлж бай­гаа учраас энд хүргээд орхиё. Үргэлжлүүлэн Ерөн­хий на­рийн бичгийн дарга асан У.Хү­рэл­сүхийн Австрали ул­саас ирүүл­сэн мэнд­чилгээг ун­шиж сонс­госон бөгөөд АН-аас ирүүл­сэн баярын мэндчилгээг мөн ги­шүүдэд ун­шиж сонсголоо. АН-ын мэнд­чил­гээнд “Улс орны хөгжил дэвш­­лийн түүхэн цаг үед үргэлж ман­лайлан удирдаж явсан, Мон­голын улс төрийн ууган нам МАН хөгжлийн ирээдүй өнөө­дөр та бүхний оролцон эх­лүүлж байгаа 27 дугаар Их хурлаас ихээ­хэн шалтгаална гэдгийг цо­хон тэмдэглэж, хурлын тань үйл ажил­лагаанд өндөр амжилт хүсье” гэжээ. Мөн энэ өдрийн хур­­лын нэг онцлох үйл явдал бол МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба МАН-ын Их хуралд оролцож индэр дээрээс МАХН-аас  гаргасан илгээлтийг ун­шиж танилцуулсан явдал юм. Тус илгээлтэд, “Улс, эх орны маань эрх чөлөө, тусгаар тогтнол, түү­­ний  төлөөх тэмцлийн түүхэн зам­­нал,  онол суртахуун, туулсан за­­мын алдаа оноо, туршлага сур­гамж бүхэн МАХН, МАН-тай сал­ш­­гүй холбоотой. “Монгол Ард”-аараа овоглосон манай хоёр нам  угсаа гарвал, түүх, эг­нээн­­дээ нэгтгэсэн гишүүдийн бү­­рэл­дэхүүн, баримталсан үзэл онол, чиглэсэн зорилго, хү­сэл эр­мэлзлэлээрээ нэгэн иш үн­­дэс­тэй билээ. Парламентын бо­лон бу­сад үйл ажиллагааны хү­рээнд ма­най хоёр нам хамтын ажил­лагаагаа гүнзгийрүүлж хамтарч ажил­лана гэдэгт найдаж байна” гэх илгээлтийн цаад зорилго нь тодорхой байсан учраас Их хур­лын төлөөлөгчид ч их л сэт­гэл догдолсон янзтай удтал алга та­шиж, хүндэтгэлтэйгээр хү­лээн авч харагдлаа. Мөн улс орон бү­рээс ирж буй баярын мэнд­чилгээг та­нилцуулав. Хурал эхлэхдээ нэ­лээд албархуу баяр ёслолын бай­далтай эхэлсэн юм. Энд тэндээс ир­сэн баярын мэндчилгээ, ил­гээлт явуулсан нөхдүүдэд ха­риу талархал илэрхийлсээр ба­га үдийн алдад хурлаа түр завсар­луу­лав. Дараа нь Их жанжин Сүх­­баатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, үргэлжлүүлэн салбар ху­ралдаанууд хаалттай хуралдаж эхэлсэн юм. Соёлын төв өргөөнд болж буй салбар хуралдаанаар МАН-ын дүрмийн шинэчлэлийг, харин Тусгаар тогтнолын Бага танхимд болж буй хуралдаанаар Монгол Улсын 2021 он хүртэлх хөгжлийн зорилтыг, Их танхимд болж байгаа хуралдаанаар намын үйл ажиллагааны шинэчлэлийг тус бүр хэлэлцэж эхлээд байна.  Эдгээр нь намын дотоод асуудалд түлхүү хамаарах учраас хаалттай горимоор хэлэлцэж буй юм. Ду­гаар шилжих мөчид салбар ху­рал­даанууд үргэлжилж байсан бө­гөөд намын Их хурлаас ямар үр дүн хүлээж байгаа талаар зарим төлөө­лөгчдийн санал бод­лыг сонс­лоо.  С.Баяр Их хурлын төлөөлөгч С.Баяр:  -Бидний ажлын болж байгаа, бо­лохгүй зүйл нь юу байна, яагаад сүүлийн сонгуулиудад  амжилт­гүй оролцов, улс орны хөгжил хувь заяанд манай нам цаашдаа ямар тодорхой үүрэгтэй оролцох энэ асуудлуудлаа хэлэлцэхийн тулд төлөөлөгчид цугласан байгаа. Ямар ч байсан сайхан ярилцана даа. Намын Их хурлын онцгой бү­рэн эрхэд байдаг асуудал бол удирд­лага. Намын даргад нэр дэв­ших асуудлыг ярьж эхлээ­гүй байна. Ярьж эхлэх үед нь өөрий­гөө дэвшүүлэх, өрөөл бус­дыг дэвшүүлэх гэж намын Их ху­рал бүр дээр болдог зүйл л бо­лох байх. Шударга өрсөлдөөн бо­лоосой гэж хүсч байна. Миний хувьд гэвэл асуудал тодорхой байгаа. Би намын даргыг хийж үз­с­эн хүн. Тийм учраас нэг урс­галд хоёр ордоггүй. Цагийн юм цаг­таа, бусаддаа бололцоо олгоно гэж бодож байгаа. Их хурлын төлөөлөгч Т.Аюурсайхан:  -Муу муухай зүйл болгонд манай на­мын нэр холбогддог. Залуус, оюут­нууд бүр дунд сургуулийн су­рагчдын дунд манай намын талаар буруу ойлголт явж байна. Үүнийгээ хэлэлцэж, цаашид юу хийх ёстой вэ гэдэг арга ухаа­наа гаргаж, ард түмнийхээ тө­лөө ажиллах ёстой. Би Намын дар­гад өрсөлдөхөө олон нийтэд мэ­дэгдсэн байгаа. Шинэчлэлийн хороо жил гаруйн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхлэхдээ намын шинэчлэлийн бодлогыг дэвшүүлж тавъя гэж бэлтгэсэн. Энэ ажлынхаа хүрээнд намын гишүүдийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Намын даргад өрсөлдөх шийдвэр бол миний бие даасан шийдвэр биш байсан. Энэ бол манай Шинэчлэлийн хорооны хамт олон болон орон нутаг нийс­лэлийн намын гишүүдээс гарсан шийдвэр байгаа. Нэр дэвшиж өр­сөлдөж байгаа хүмүүс бодлогоо ярих ёстой. Шудрага сайхан өр­сөлдөөсэй гэж бодож байна.  М.Энхболд Их хурлын төлөөлөгч М.Энхболд:  -Энэ удаагийн Их хурал түү­хэн онцлох цаг үед болж байна. Ма­най нам сүүлийн 90 жилд Зас­гийн эрхийг барьж улс орноо хөг­жүү­лэх, ард түмний аж амьдралыг дээш­лүүлэх гэх мэт төрийн хүнд хүчир ажлын дор намынхаа Их хурлыг зохион байгуулж ирсэн бол энэ удаа сөрөг хүчний байр сууринаас зохион байгуулж бай­на. Үүгээрээ онцлогтой. Бид сүү­­лийн хэд хэдэн удаагийн сон­­гуульд ялагдсан. Тиймээс ал­даа, оноо дутагдал юу байсан бэ гэдгийг энэ Их хурлаасаа дүг­нэж, цэгнэж цаашид үйл ажил­ла­гаагаа идэвхжүүлэхэд юу хийх ёс­той вэ гэдгээ ярина. Мөн ард түм­ний нам болоход зорилт тавьж, арга замаа тодорхойлно. Энэ Их хурлаас манай намын үйл ажил­лагаа эрчимжиж ард түмний би­дэнд итгэж байсан итгэл илүү нэ­мэгдэнэ гэж бодож байгаа.  Ц.Нямдорж Их хурлын төлөөлөгч Ц.Нямдорж:  -Намыг сайжруулья, хариуцла­гыг сайжруулья, улс орны нийгэм, эдийн засгийг дээшлүүлье гэж ярьж байгаа нь зөв. Харин энэ том үгийн цаана хувийн жижиг ам­биц, албан тушаал халхлагдаж байгаа бол муу. Тийм зүйл бит­гий байгаасай гэж хувьдаа бо­дож байна.  Намын удирдлагад өр­сөл­дөх гэж буй залуус энэ намын удирд­лагад хамаагүй санаархах зөв үү буруу юу, хэмжээ далайц нь хүрэх үү үгүй юу, цаг нь мөн үү үгүй юу зэрэг зүйлээ бодох хэ­­рэгтэй. Маш сайн бодох хэрэг­тэй.
Amazon компанид ажиллагсадын тоо 100,000 давлаа
Интернэт худалдааны хамгийн том компани Amazon-ы ажилтнуудын тоо өнгөрсөн улиралд 100,000 давсан байна. Өмнөх улиралд нь 97,000 байсан бол одоо 109,800 бүрэн болон бүрэн бус цагаар ажилдаг ажилтнуудтай болжээ. Мөн Зул сарын онцгой борлуулалтын үеэр нэмж 70,000 түр ажилтан авах юм байна. Ингэснээрээ Amazon хамгийн олон ажилтантай технологийн компаниудын жагсаалтанд орж ирж байгаа юм. Энэ жагсаалтыг 940,000 хүнтэй Foxconn, 433,000 хүнтэй IBM, 371,000 хүнтэй Samsung, 331,800 хүнтэй Hewlett-Packard, 328,000 хүнтэй Panasonic, 173,000 хүнтэй Fujitsu, 106,000 хүнтэй Dell нар тэргүүлдэг аж. Amazon компани өөрийн төвлөрдөг Seattle хавийн бүс нутагтаа 90,000 ажилтантай Microsoft-ыг гүйцэж хамгийн том ажил олгогч болжээ.
Хөлдөөсөн жимс шинээсээ илүү
Хүнсний салбарт, хоёр тусдаа судалгааны ажил хийж байсан Их Британийн хоёр компани нэг дүгнэлт дээр санал нэгджээ. Тэд хөлдөөсөн жимс, ногоо талбайгаас хурааж авсан шинэхэн байх үеийнхээсээ илүү ашигтай гэж үзжээ. Судалгааг хөлдөөсөн жимс, ногоо нийлүүлэгч томоохон компани “Birds Еуе”-гийн захиалгаар явуулсан байна. Хэтэрхий нэг талыг барьж дүгнэлт гаргасан хэмээн шүүмжлүүлэхгүйн тулд шинжээчид хангалттай баталгаа гаргаж өгчээ. Шинжилгээгээр ногооны талбай, модноос хураасан жимс, ногоо лангуун дээр очих хүртэлх замдаа агуулагдаж байгаа ашиг тустай бодисуудынхаа 50 хувийг алддаг аж. Харин дөнгөж хураасан даруйд нь яаралтай хөлдөөвөл тэдгээр бодисууд тэр чигээрээ хадгалагддагийг нотолжээ.
ҮТА-ын газарт 60000 гаруй гэрэл зураг, пянз, соронзон хальс хадгалагдаж байна
ҮТА-ын Сан хөмрөгөөс Сүүлчийн арав орчим жилд дуу, дүрс бичлэгийн өвийг хадгалан хамгаалах зайлшгүй шаардлага дэлхий нийтэд тулгарах болсон. Тиймээс  ЮНЕСКО-гоос 2005 онд “Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр” –ийг тэмдэглэн өнгөрүүлэхийг дэлхий нийтэд уриалсан юм. Түүнээс хойш олон улсад жил бүрийн аравдугаар сарын 27-нд “Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр” –ийг тэмдэглэдэг болсон билээ. Тэгвэл тус өдрийн хүрээнд Архивын ерөнхий газрын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвөөс ажлаа танилцуулах өдөрлөгийг  өнөөдөр зохион байгууллаа. ҮТА-ын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвд 212 нэрийн уран сайхны кино, 1009 нэрийн баримтат кино, 1000 гаруй кино мэдээ, 60000 гаруй гэрэл зураг, пянз, соронзон хальс хадгалагдаж байна. Өдөрлөгийн үеэр Урлагийн гавьяат зүтгэлтэн, Баримтат киноны найруулагч Ж.Норолхоо, найруулагч Д.Цэнддорж нар оюутнуудтай нээлттэй ярилцлага өрнүүлж,  Ж.Норолхоогийн найруулан 1999 онд нийтэд хүргэсэн “Санжаасүрэнгийн Зориг” гурван бүлэг баримтат киног үзүүлсэн юм. Мөн 1938 онд бүтээгдсэн, манай улсын анхны баримтат /дуугүй/ кино болох “Эдүгээ Монгол” зэрэг киног өдөрлөгт оролцогчдод сонирхууллаа. ҮТА-ын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвд одоогоор манай улсын төдийгүй хүн төрөлхтний түүхийн ховор нандин баримт болох 212 нэрийн уран сайхны кино, 1009 нэрийн баримтат кино, 1000 гаруй кино мэдээ, 60000 гаруй гэрэл зураг, пянз, соронзон хальс зэрэг 14 нэрийн 2886 хадгаламжийн нэгж дуу авианы баримт хадгалагдаж байна. Уг өдөрлөгийн зорилго нь дуу, дүрс бичлэгийн өвийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, баримтат өвийн асуудалд хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг чиглүүлэх, архивын баримтын ач холбогдлыг дээшлүүлэх, энэ чиглэлээр суралцдаг оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, эл өдрийг орон нутгийн болон улсын цаашлаад олон улсын түвшинд тэмдэглэх арга замыг олж судлах болон элэгдэж гэмтсэн ховор баримтат өвүүдийг сэргээн засварлах талын арга замыг эрэлхийлэхэд оршиж байгаа талаар Архивын ерөнхий газрын дарга И.Саруул дурдсан юм.
Цалинг 36.9 хувиар нэмэх шаард­лагатай гэв
Ирэх оны төсөв хэлэл­цэж байгаатай холбог­дуу­­лан ца­лин тэтгэвэр тэт­гэмжийг нэмэгдүүлэх талаар хө­дөлмөр нийг­мийн гурван талт хэлэл­цээр явагдаж байна. Үүн­тэй холбогдуулан МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгалан­баатар “Өнөө­­­дөр манай ажил хөдөл­мөр эрхлэж буй дээд мэргэ­жилтэй хү­­мүүс 400-500 мян­ган төгрөгийн цалин авч бай­на. Тэгэхээр инфляцийн түвшинтэй харицуулаад үзэ­хээр дээд боловсролтой мэр­­гэжлийнхээ ажлыг хийж байгаа хүмүүс маань ядуу, нэн ядуугийн түв­шинд амьдарч байна. Х.Амгаланбаатар: 36.9 хувиар цалинг нэмэх шаардлагатай байна, тэтгэвэр тэтгэмжийг имфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх ёстой.  Ийм учраас МҮЭХ-ны тавьж буй саналыг олон талаас нь судалж гар­цыг хамт олохыг хүсч бай­на. Хуулийн дагуу бол цалин хөлсийг эдийн зас­гийн өсөлт, имфляцийн түв­шинтэй уаялдуулан нэм­нэ гэж байдаг. Энэ нь ма­най гурван талын нэгдсэн байр суурь, гол зарчим болох хэрэг­тэй байна. Энэ чиглэлээр бол 36.9 хувиар цалинг нэмэх шаард­лагтай байна, тэтгэвэр тэт­гэмжийг имфляцийн түв­шин­тэй уялдуулах нэмэх ёстой гэж үзэж байна” гэв. Х.Ганбаатар: Төсөв батлагдахаас өмнө 200 тэрбумаа хаана, хаана хэдэн төгрөг хуваарилах юм бэ гэдгээ ярилцаад энэ сарын 30-наас өмнө батлах хэрэгтэй. Харин Монголын ажил олгогч эздийн нэгдсэн хол­бооны гүйцэтгэх захи­рал Х.Ганбаатар “Бид нар асуу­­далд бодитойгоор хан­дах хэрэгтэй. МҮЭХ-ноос гаргаж буй санал бол тооцоо судал­гаатай, үндэслэлтэй санал гэдгийг ойлгож бай­гаа. Төсөв удахгүй бат­лагдана. Тиймээс төсөв бат­лагдахаас өмнө 200 тэр­бумаа хаана, хаана хэ­дэн төгрөг хуваарилах юм бэ гэдгээ ярилцаад энэ сарын 30-наас өмнө батлах хэрэг­тэй байна” гэв.
“Хотын гудамж-Миний нутаг" өдөрлөг Анкарагийн гудамжийг чимлээ
“Хотын гудамж-Миний нутаг" өдөрлөг Нийслэлийн өдрийг тохиолдуулан Соёл урлагийн их сургуулиас санаачлан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хотын гудамж-Миний нутаг” өдөрлөгийг  Анкарагийн гудамжинд /СУИС-ийн зүүн урд уулзвараас Зоос гоёл ХХК-ны баруун урд уулзвар/ зохион байгууллаа. Э.Бат-Үүл: Бид цаашдаа Улаанбаатар хотоо улам сайхан болгохын төлөө ажиллах болно. Нийслэлийн гудамжинд анх удаа зохион байгуулагдсан тус өдөрлөгөөр хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ зориулан СУИС-ийн үе үеийн төгсөгчид, оюутнууд урлагийн тоглолтоор бэлэг барьсан бол үлээвэр найрал хөгжмийн хамтлагаар удирдуулсан Анкарагийн гудамжинд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн ажилчид ёслолын парад хийсэн. Өдөрлөгийг нээж нийслэлийн Засаг дарга хэлсэн үгэндээ “Нийслэлийн өдрийг тохиолдуулан иргэддээ зориулсан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь “Хотын гудамж-Миний нутаг үйл ажиллагаа бөгөөд анхлан санаачлан зохион байгуулсан СУИС-ын  захиргаа, багш, оюутнуудад нийт нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал ирэлхийье. Нээрээ л хотын гудамж бол миний нутаг.Манай нийслэлчүүд гудамжинд нь хог хаявал гэрт нь хог хаяж байгаа шиг, гудамжийг нь муухай болгочихвол гэрийг нь муухай болгосон юм шиг хотынхоо гудамж, тохижилтод сэтгэл гаргаж, санаа тавьдаг болсон. Тиймээс бид цаашдаа Улаанбаатар хотоо улам сайхан болгохын төлөө ажиллах болно гэдгээ хэлмээр байна” гэж онцлон хэллээ. Энэ үеэр нийслэлийн шилдэг тохижилттой байгууллага аж ахуйн нэгж, “Дулаан байр-Тохижилт”  орон сууцны шилдэг СӨХ-гоор шалгарсан байгууллагад шагнал гардууллаа.  Шилдэг тохижилттой аж ахуйн нэгжээр 1-р байранд Хөдөө аж ахуйн их сургууль, 2-р байранд Баянгол дүүргийн “Тэнгэр ээл” ХХК, 3-р байранд Налайх дүүргийн Соёл урлагийн ордон шалгарсан бол  “Дулаан байр-Тохижилт”  орон сууцны шилдэг СӨХ-гоор 1-р байранд Сүхбаатар дүүргийн 5-р хороо” Баянбулаг-6” СӨХ, 2-р байранд Баянгол дүүргийн 12-р хороо “Цогтчандман” СӨХ, 3-р байранд СХД-ийн 12-р хороо “Итгэл нэг” СӨХ шилдгээр шалгарч өргөмжлөл, мөнгө шагналаар шагнуулсан юм. Өдөрлөгт нийслэл, дүүргийн удирдлагууд, СУИС-ийн захирал Э.Сонинтогос болон СУИС-ийн үе үеийн төгсөгчид, оюутнууд, Анкара гудамжинд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ажилчид болон нийслэлийн иргэд оролцлоо.
Нийт 14 байгууллага хүүхдэд ээлтэй байгууллагаар тодорлоо
НИТХ, Монголын Сурагчдын холбоотой хамтран нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн хүүхдэд таатай үйлчилгээ үзүүлдэг, хүүхдийн оролцоог дэмждэг  байгууллагуудыг сонгож хүүхдүүдийн саналын дагуу шалгаруулан, өнөөдөр батламж гардууллаа. Нийслэлийн 2013 оны хүүхдэд ээлтэй байгууллагаар хүүхэд бүрийн дуртай амтат бялуу хийдэг “Жүр үр” ХХК, хүүхдэд санхүүгийн боловсрол олгодог “Хас банк”, хурдан морь унаач хүүхдүүдэд зориулан даатгалын үйлчилгээ нэвтрүүлсэн “Практикал даатгал”, Өсвөрийн сурагч бэлтгэх Үндэсний хөтөлбөрийг 4 жил ивээн тэтгэсэн “Бадмаараг Өргөө” групп, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн “ЭМ-СИ-ЭС Коко Кола” компани, Сүхбаатар дүүргийн 52-р дунд сургууль, Хан-Уул дүүргийн "Цэцээ гүн" цогцолбор зэрэг нийт 14 байгууллага шалгарсан байна НИТХ-ын хурлын дарга Д.Баттулга шалгарсан байгууллагуудад батламж гардуулан баяр хүргэхдээ, “Өнгөрсөн нэг жилд нийслэл хотод маш олон өөрчлөлт бий боллоо. Үүнийг дагаад иргэдийн сэтгэл өөрчлөгдөж, нийслэлээ гэх сэтгэл зүрхтэй болж байгаа нь анзаарагдаж байна. Одоо хог хаядаг, ногоон байгууламж гишгэлдэг хүн цөөрсөн. Бидний энэ зөв хандлага ирээдүй болсон хүүхэд багачуудад минь маш сайн үлгэр дуурайл болно. Ирээдүйгээ гэрэлтэй гэгээтэйгээр төсөөлж байгаа бол бид өнөөдөр хүүхдүүдээ сайхан орчин, сайн үлгэр үзүүлэх ёстой. Хүүхдийн төлөө хийсэн сайн үйлс бүхний чинь төлөө  та бүхэндээ нийслэлийн хүүхэд, багачуудын өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье” гэсэн юм.
Бангладешт онц байдал зарлажээ
Гурав хоног үргэлжилж буй жагсаалаас хам­гийн сүүлд зургаан хүн амиа алджээ Сөрөг хүчний эхлүүлсэн жагсаал цуглаан Бангладешт онц байдал зарлахад хүргэжээ. Гурав хоног үргэлжилж буй жагсаалд 20 гаруй мянган жагсагч оролцож бай­­гаа тө­дий­гүй саяхан болж өн­дөрлөсөн сонгууль эргэл­зээтэй болсон хэмээн сөрөг хүчин үзжээ. Тус улсын Үндэсний намын тэргүүн Халед Зи болсон сонгуулийн санал хураах үйл явц эргэлзээтэй болсон хэмээн үзэж байна.  Гэхдээ Бангладешийн ерөн­хий сайд Шейх Хасин “Ард түмэн сонгуулийн үйл явцыг хүлээн зөвшөөрөх ёстой. Сө­рөг хүчин үймээн тарьж бай­на” хэмээн мэдэгджээ. Хам­гийн сүүлд зургаан хүн амиа алджээ.
Луврын музейд Монголын соёлын үзэсгэлэнг зохион байгуулахаар ярилцаж байгаа гэв
Францын гадаад хэргийн сайдын айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон 1965 оноос хойш Монгол Улсад Гадаад хэргийн сайдын төвшинд хийж буй анхны айлчлал болж байгаа юм. Ноён Лоран Фабиус нь 1984 онд 37 настайдаа Францын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болж байсан, улс төрд нийтдээ 40 жил зүтгэж байгаа хүн юм. Уулзалтын үеэр Монгол Улс, Франц улсын хооронд соёл, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.Соёлын дипломат харилцаа нь хоёр талын харилцааны чухал салбар юм. Франц улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус “Монгол бол соёлын арвин их түүхтэй улс” гээд Монгол Улсын Соёл, спорт, аялал, жуулчлалын сайд удахгүй Францад айлчилна. Тэр үеэр Луврын музейд Монголын соёлын үзэсгэлэнг зохион байгуулахаар ярилцаж байгааг тэмдэглэв. Мөн Францаас Монгол Улсад авчирсан “Монбелъярд” үүлдрийн 150 үнээ газар нутагтаа идээшин зохицоод байгаа талаар дурдав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Франц улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус бараалхав  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг Төрийн тэргүүнээр дахин сонгогдож тангараг өргөх үеэр БНФУ-ын Хүнс, хөдөө аж ахуй эрхэлсэн сайд Г.Гаро оролцсонд талархал илэрхийлээд хоёр орны харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн, түүний дотор БНФУ нь 2012 онд Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг баталгаажуулах тухай хамтарсан тунхаглалыг дэмжин гарын үсэг зурсанд талархаж байна гэлээ.   БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ирэх 2014 оны нэгдүгээр сард Францад айлчлуулахаар урьсныг Франц улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус мэдэгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч уг урилгыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд эрхэм Ерөнхийлөгч Франсуа Олландад хариу мэндчилгээ дэвшүүлэв.
Шувуу, Биокомбинатынхан машины тоосонд дарагддаг цаг ард хоцорлоо
Шувуун Фабрикийн 9 метр өргөнтөй 22,5 км урт авто замын өргөтгөлийн суурь хучилт дуусчээ. Замын ажил дууссан учир уг замыг албан ёсоор нээжээ. Өмнө нь Нисэхийн товчооноос Био комбинат хүрэх зам нь карьеруудын хүнд даацын машин явснаас эвдэрч,  бужигнасан өлөн тоосон дунд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байсан юм. Э.Бат-Үүл: Шувуун фабрикаас Нисэх хүртэл 30 минутын зайтай гурван автобус 400 төгрөгөөр үйлчилж байна. Тиймээс өнгөрсөн оны 10 дугаар сард нийслэлийн Засаг дарга Хан-Уул дүүргийн Био комбинат, Шувуун фабрикийн иргэдтэй уулзах үеэр оршин суугчид замыг нэн яаралтай засаж, зассан замаар  дахиж карьерын том машинуудыг явуулахгүй байх хүсэлт тавьж, иргэдийн хүсэлтийн дагуу замыг өргөтгөн шинэчилнэ гэдгээ хотын дарга амласан юм. Зам засах 17 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөнөөс шийдвэрлэж,  “Тотал Инж” компани гүйцэтгэгчээр шалгаран, энэ оны 4 сараас ажлаа эхэлж, 6 сарын дотор замын суурийн хучилтыг бүрэн хийж дуусчээ. Урьд нь Шувуун фабрикаас Вокзал хүртэл 2 цагийн зайтай 2 автобус 800 төгрөгөөр иргэдэд үйлчилдэг байсан бол Шувуун фабрикаас Нисэх хүртэл 30 минутын зайтай гурван автобус 400 төгрөгөөр иргэдэд үйлчилж байгааг нээлтийн үеэр Хотын захирагч хэлж байв Нисэхийн товчооноос Биокамбинат-Шувуун фабрик хүртэлх 22,5 км авто замыг ирэх оны 7 сард өнгө хучилт хийн бүрэн ашиглалтад оруулах аж.
“Хөөс”-тэй төсвийн алдагдал хоёр хувьд багтах уу?
Ирэх онд манай улс долоон их наяд 270 тэрбум төгрөгийн орлого олж, долоон их наяд 686.3 тэрбумыг нь үрнэ. Ингэснээр төсвийн алдагдал 416.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэнэ хэмээн Засгийн газар үзэж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард энэ оны төсвийн алдагдлыг дээрхийн адилаар хоёр хувьд барихаар тооцож байлаа. Ингэхдээ нийт орлогоо долоон их наяд 88.3 сая, зарлагаа долоон их наяд 444.6 тэрбум төгрөг гэж байв. Оны сүүлч гэхэд алдагдлын хэмжээ гурав дахин өсч, сүүлийн 13 жилийн хамгийн өндөр хэмжээнд тулсан билээ. Оюутолгойгоос орох мөнгө гацсан нь  алдагдалд унагасан гэж улстөрчид тайлбарлаж байна. Бас гадаадын хөрөнгө оруулалт хоёр дахин буурснаас орлого багасч, ам.долларын төгрөгтэй харьцах ханш анх удаа 1800 төгрөгийн босго давсан юм. Барууны орнуудаас гаралтай “Ирээдүй өнөөдөртэй адилхан байдаг” гэсэн зүйр үг бий. Гарт баригдах, нүдэнд үзэгдэх өөрчлөлт хийж чадаагүй л бол ялгаа гарахгүй гэсэн утгыг ийн илэрхийлжээ. Тэгвэл ирэх оны төсөвт алдагдлаа хоёр хувиар тооцож, орлого зарлагаа энэ жилийнхээс хэтрүүлэхгүй гэж төлөвлөсөн нь ирээдүйд хэр бодитой байх бол. Асуулт ар араасаа ургах зуур дэлхийн эдийн засгийн хямрал хүрээгээ тэлж, үйлдвэрлэгч, худалдан авагч улс орнууд даалууны тойргоос гарах тэмүүллээ улам тод илэрхийлж байна. Хамгийн тод жишээ бол манай урд хөрш. Өрнөдийн компаниуд өрөнд баригдаж үүдээ хаахад хүрээд байгаа учраас дотоодын үйлдвэрлэгчдээ урамшуулах замаар бүх хятад хүний хэтэвчээр улсынхаа хөгжлийг өөд татах бодлого баримталж байна. АНУ, Европ, Герман зэрэг нэгэн цагт хүчирхэг эдийн засгийн буурь зааж байсан томчууд тэргүүн фронтоос аажмаар ухарч байгаа. Тэдний үүсгэсэн баян чинээлэг байдлын халхавчны цаадах өр зээлийн хямрал хяналтаас гарч дахин сэргэхээргүй төлвийг бий болгосон юм. Ийм болохоор 2014 оны төсөв Монгол Улсыг дотоодын тамын тогооны үлгэрээсээ салж, бас гадаад ертөнц дэх даалууны тойргоос болгоомжлохыг сануулж байна. Он дамжсан зарлагуудын учрыг тайлъя Парламентын танхимд төсвийг шүүлтүүрээр оруулсан өнгөрсөн хэдэн өдрийн үйл явдал Монгол Улсад бараг л анхных нь. Ерөнхий сайд нь төсвийнхөө алдаа оноог шулуухан хэлж, авлигажсан, “устай”, хяналтгүй явж ирснийг нь шударгаар сануулсан нь бас л анхных. Хэдэн жил дараалан гацаж, төсөвт өртөг нь хэд дахин өсдөг “хөөсөрсөн” төсвийг “но”-г илчилсэн нь зарим гишүүний эгдүүцлийг төрүүлээд авсан ч УИХ-ын танхимд салхи оруулсан гэдгийг олонх парламентч дуу нэгтэй зөвшөөрч байгаа. Сүүлийн таван жилд төсвийн зардал 4-5 дахин нэмэгджээ. 2010 онд төсөв хөрөнгөө авчихсан хэр нь өдий болтол ажил нь хийгдээгүй төсвийн байгууллага ч байгаа. 2000 онд манай улсын нийт зарлага 430 тэрбум төгрөг байсан бол энэ онд 7.4 их наяд болcон. Бараа үйлчилгээний зардал 2000 оныхоосоо ес дахин өссөн байх юм. Үүнд эд хогшил худалдаж авах зардал 5.1 дахин, урсгал засвар 2.7 дахин, гадаад томилолтын зардал найм дахин, гадаадын зочны зардал 6.2 дахин, хурал зөвлөгөөний зардал 15.3 дахин өссөн нь өнөөдрийн төсөвт туссан хүнд өвчин. 800 саяар босох байшин найман тэрбум болж өөрчлөгддөг боллоо. 2011 онд Сэлэнгэд 800 саяар усан бассейн барина гэсэн ажил сунжирсаар өнөөдөр төсөвт өртөг нь 4.5 тэрбум болтлоо хөөсөрсөн нь наад захын жишээ юм. Суманд баригдаж байгаа 200 хүний суудалтай соёлын төвийн барилга Завханы Их Уул, Цэцэн Уул, Баянтэс сумдад 2011 онд 600-700 сая төгрөгөөр барихаар төсөвлөгдөж байсан бол харин одоо шинээр төсөвт орж ирэхдээ нэг нь 1.2-3.2 тэрбум болсон байна. Тэгэхээр төсөв хэлэлцэж байгаа энэ үед эдгээрийг нэг бүрчлэн шалгаж, зарлага нь нэмэгдэж, хугацаа алдсан шалтгааныг олон нийтэд яаралтай мэдээлэх хэрэгтэй байна. Өнөөдөр нь яриад маргааш нь мартчихвал 1000 төгрөгийг 10 мянга, 800 төгрөгийг 800 мянга болгож “хөөсрүүлж” тооц­дог төсөв амь бөхтэй явсаар байх нь дамжиггүй. Зэсийн үнэ 6450 ам.доллар гэв Дэлхийн эдийн засгийн зүрх нь болсон Азийн хөрөнгө оруулагчид бизнест мөнгө “урсгахдаа” илүү хянуур болоод байна. Тэдний таамаглаж буйгаар ирэх онд санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал эрсдэл дагуулна. Томоохон үйлдвэрлэгчдийн ашиг орлого 2014 онд буурах хар төсөөллийг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд гаргалаа. Тухайлбал, Өмнөд Солонгосын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Поско”-гийн хувьцааны ханш энэ оны худалдааных нь урьдчилсан төлөв гарсны дараа 1.1 хувиар унасан. Цахилгаан барааны үйлдвэрлэгч “LG Electronics Inc”-ийн хувьцааны ханш өнгөрсөн улиралд ашиг орлого нь буурснаас шалтгаалаад 3.3 хувиар унажээ. Австралийн даатгал, тэтгэврийн хамгийн том компани “AMP Ltd”-ийн ашиг энэ улиралд бүр 65 сая австрали доллараар буурах төлөв гарч, хувьцааных нь ханш 4.3 хувиар унав. Энэ зуур Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ 13 хувиар буурна гэсэн бараан төлвийг санхүүгийн зах зээлийн шинжээчид гаргалаа. “Minyanville Media” цахим хуудаст мэдээлснээр энэ жилийн сүүлээр зэсийн ханш 13 хувиар унах нь. Харин “Блүүмберг”-ийн мэдээлж буйгаар тонн зэсийн үнэ өнгөрсөн онд дунджаар 7995 ам.доллар байсан бол өнгөрсөн сард 7210 “ногоон” болжээ. Гэтэл улсын тө­сөвт зэсийн үнийг 2012 оны гүйцэтгэлээр 7872 ам.доллар, энэ оны хүлээгдэж буй гүйцэт­гэлээр 7336 ам.доллар гэж тооцжээ. Харин ирэх онд зэсийн үнийг 6800 ам.доллар гэж 500-1000 ор­чим ам.доллараар доогуур тооцсон байна. Энэ сарын 14-нд “Блүүмберг”-ийн 22 эдийн засагчийн дунд явуулсан санал асуулгаар тэд­ний олонхи нь ирэх онд зэсийн үнэ 6450 ам.дол­лар болж буурна хэмээжээ. Иймд ирэх оны төсвийг амдаж буй үнийн уналт хийгээд “хөөс”, авлигыг хэрхэн даван туулах нь гол асуудал болж байна. Хэрхэн шийдэхийг нь харах үлдлээ.
Өмнөд Африкийн дэд ерөнхийлөгч манай улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуягийн урилгаар Өмнөд Африкийн  Бүгд Найрамдах Улсын дэд ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Кгалема Мотланте 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 01-нд Монгол Улсад  албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улстай 1994 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү айлчлал нь тус улсаас Монгол Улсад хийж буй анхны дээд түвшний айлчлал юм. Айлчлалын хүрээнд Өмнөд Африкийн Дэд Ерөнхийлөгч К.Мотланте Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн Монгол Улсын Их дарга З.Энхболд Дэд Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзана.   Энэхүү айлчлал нь Монгол, Өмнөд Африкийн хоёр талын харилцаанд нэгэн шинэ хуудас нээхээс гадна Африк тивийн бусад оронтой хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, олон улсын тавцанд Африкийн орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.
Э.Идэрцог: Гал гарахад тэсэрч, дэлбэрэх бодисын нөлөө байгаагүй
Гал гарахад тэсэрч, дэлбэрэх бодисын нөлөө байгаагүй “Нарантуул” худалдааны төвд гарсан галын шалтгааны талаар шинжээчид дүгнэлтээ гаргаж УМБГ-т хүргүүлжээ. Галын шалтгаан юу байсан болон хэргийн шалгалтын явцын талаар тус газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцогоос тодрууллаа. -“Нарантуул” худалдааны төвд гал гарч, дээврийн төмөр доош цөмөрсөн нь гаднын нөл өөтэй байж болзошгүй гэж иргэд, зарим түрээслэгч үзэж байсан. Дүгнэлтээр энэ нь нотлогдов уу? -Тус төвд энэ оны наймдугаар сарын 23-ны 06.10 цагт гал гарч, НОБГ-т 06.21 цагт анх дуудлага өгсөн байдаг. Дээврийн материалаас үзэхэд гал тархах хурд нь объектийн нэг, хоёрдугаар давхрынхаас харьцангуй их байх үндэслэлтэй байсан. Дээврийн төмөр нь галын дөлөнд уярч гол хэсгээрээ дотогш нумарч унасан байсан нь гал унтраах болон эд зүйлийг аврах ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулсан. Хүнсний зах бүхэлдээ шатсан тул цахилгаан сүлжээ ямар байсныг тодорхойлох боломжг үй, харин цахилгааны 103 самбарыг (шит) хурааж авсан. Галыг унтраахын тулд гал сөнөөгч нар 33 цаг ажилласан. Мөн манай мөрд өн байцаагчид ч мөн ийм хугацаанд үүрэг гүйцэтгэсэн. -Галын дүгнэлт гарсан гэж хэдэн өдрийн өмнөөс зарим хэвлэлд мэдээлж байсан. Гэтэл албан ёсны дүгнэлт баасан гаригт гарч, танай Ажлын хэсэгт хүргүүлсэн гэсэн. -Бид дөнгөж сая дүгнэлтийг хүлээж авлаа (Баасан гаригийн 13.00 цагийн үед). Галын дүгнэлтийг иргэд их сонирхож байгаа. Шинжээч томилсон мөрдөн байцаагчийн тогтоолын дагуу Онцгой байдлын газрын галын гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй комисс ажиллаад дүгнэлтээ энэ сарын 24-нд албан ёсоор гаргалаа. -Гал яг юунаас болж гарсан гэж дүгнэсэн бэ? Олон янзын таамаглал яригдаж байгаа шүү дээ. -Санаатайгаар гал гаргасан гэх ул мөр, шинж тэмдэг огт илрээгүй. Тэсэрч дэлбэрэх, шатамхай бодисын нөлөөгөөр гал үүссэн гэсэн дүгнэлт ч гараагүй. Хүнсний зах дотор үйл ажиллагаа явуулж байсан цайны газрын цахилгаан дамжуулах сүлжээнд шилжилтийн эсэргүүцэл үүссэний улмаас гал гарсан гэж дүгнэсэн. Тэр гал өдөөгдөж цааш газар авах шалтгаан болсон. Байлдааны болон уул уурхайн зориулалттай тэсрэх, дэлбэрэх зүйл, бензин шатахуун, шатамхай бодис нөлөөлсөн гэх зүйл огт алга. Харин гал гарсны дараа хүнсний зах дотор байсан хийн тулганы баллон, шүршдэг үнэртэй ус, баллонтой үнэртэн, 18 литрийн савтай 50 ширхэг шар тос, бусад бүтээгдэхүүнүүд гал хурдан хугацаанд ихсэхэд хүчтэй нөлөөлсөн. Дээврийн төмөр их хэмжээний халуун галд уяраад доош унасан, унахдаа дор байсан ямар нэгэн механик эд зүйлийг цохиж, цоорсон байсан. Дээврийн төмөр халуун галд улайсаад залгаасаараа урагдсан. Бид дээврийн төмрийн цоорсон хэсгийг хэсэгчилж тасалж аваад тусгай шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад галын шинжээчийн дүгнэлттэй таарсан. -Мөрдөн байцаагч нар шатсан захын туурь руу үе үе очиж үзлэг хийж байсан. Олон төрлийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн мэдээлэл танай мөрдөн байцаагч нар өгч байсан. Хэчнээн шинжилгээ хийж байж эцсийн дүгнэлтэд хүрэв? -ЦЕГ-ын даргын тушаалаар томилогдсон манай Ажлын хэсгийн мөрдөн байцаагч нар энэ хэрэг дээр уйгагүй ажилласан. Хэргийн газрын үзлэгийг зургаан удаа хийж, хамгийн сүүлд хохирогч нарын төлөөллийг байлцуулан шалыг бүрэн цэвэрлэсэн. Ер нь хэргийг шалгах үйл ажиллагаа болгонд хохирогчдын төлөөллийг байлцуулан цахилгааны бүх утас, хийн баллон, шаардлагатай эд зүйлсийг зайлуулж авсан. Шинжээч томилон 53 төрлийн дүгнэлт гаргуулсан. -“Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу “Ийгл” телевизэд ярилцлага өгөхдөө байлдааны гурван ширхэг сум олдсон, гаднын нөлөөтэй байх гэж ярьж байсан. Үнэхээр гурван сум олдсон юм уу? -Хэргийн газрын нөхөн үзлэгээр гурван ширхэг АКМ буюу 7.62 мм-ийн калибрийн сумны хонгио хураагдсан. Тэр сумаар буудаагүй байсан. Их хэмжээний галын улмаас хошуу хэсэг нь хайлж, цохилуур нь салсан байдалтай олдсон. Энэ гурван ширхэг сумнаас гал гарахад нөлөөлсөн зүйл байхгүй. “Нарантуул” захад хууль бусаар их хэмжээгээр сум зардаг гэдэг. Хэн нэг лангууны эзэн уг сумнуудыг хадгалж байсан бололтой. -Хэчнээн хүнийг хохирогчоор тогтоосон бэ? Хохирогчид бараагаа үндсэн үнээс нь илүү өндрөөр үнэлж байгаа гэх яриа гарсан. -“Нарантуул” захад гал гарч, эд зүйл шатсан хэрэгт 448 хүн хохирогчоор байцаалт өгч, нийт 16 тэрбум 371 сая гаруй төгрөгийн эд зүйл шатсан гэж тогтоосон. Албан ёсны үнэлгээний комисс томилж шалгуулахад хол зөрөөгүй. Хохирогч нар бараагаа илүү үнэлсэн зүйл байхгүй. 16.3 тэрбумаас нь таван тэрбум 954 сая төгрөгийн эд зүйлийг мөрдөн байцаалтын шатанд хохирогчдод буцаан олгосон. Эцсийн дүндээ 10 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан гэж үзэж болно. -Хохирогчдод буцаан олгосон гэдгийг тодруулахгүй юу. “Нарантуул” захын эзэд хохирлыг барагдуулсан хэрэг үү? -Хэргийн газарт удаа дараа үзлэг хийхэд агуулах дахь эд зүйлсийн ихэнх нь бүрэн бүтнээрээ олдсон. Мөн бэлэн мөнгө, гадаад валют олж хурааж авсан. Үзлэгийн явцад бараа, иргэдийн ломбардад тавьсан эд зүйлсийг олноор хураасан. Удаа дараагийн үзлэгээр хурааж авсан мөнгө, ам.долларыг бид Монголбанкинд хүргүүлсэн. Монголбанк бидэнд тусалж албан ёсоор шинжилгээний бүрэлдэх үүн томилж, дэвсгэртүүдийг нэгбүрчлэн үзэн, сольж болох эсэхэд дүгнэлт гаргаад ирүүлсэн. Ингээд уг шинжилгээний дүнгээр нийт 42 сая төгрөгийг Монголбанк бэлнээр сольж өгсөн. Энэ бол манай мөрдөн байцаагч нарын ажлын үр дүн. Уг мөнгө хэн, хэнийх болох талаар хохирогч нарын байцаалт, мэдүүлгийг нарийвчлан үзэж тогтоосны эцэст тэдэнд хүлээлгэн өгсөн. -Үзлэгийн явцад олсон 40.000 ам.долларыг нь солиулж нөхөн олгосон юм уу? -Хэргийн газрын үзлэгээр хураасан 40.000 ам.долларыг бид АНУ-ын зохих байгууллагад хүсэлт тавьж албан бичиг явуулсан. Учир нь өөрийн улсын мөнгөн дэвсгэртийг тухайн улс хэрхэн шийдвэрлэх хариуг хүлээж байна. -Олон түрээслэгч хохирсон гэж тогтоогдоод байгаа ч бас “Нарантуул” худалдааны төвийн эзэд ч хохирч байгаа. Энэ хохирол нь дээр хэлсэн тоонд орсон уу? -“Нарантуул”-ын хохирлын асуудал энд огт ороогүй. Барилга байшингийн үнэлгээг тогтоохоор ажиллаж байгаа. Тогтоогдсон хохирлоос гадна тухайн хэргийн газарт ажилласан албаны автомашины шатахуун, ус зэрэг зардал ч нэмэгдэж орж ирнэ. -Энэ хэргийн хохирогч нь бас арилжааны банк байгаа. Бэлэн мөнгөний хоёр ч машин байсан гэдэг? -Бэлэн мөнгөний хоёр машинаас гарсан мөнгөний шатсан хэсгийг нь нураачихалгүй Монголбанкинд аваачиж өгснөөр 21 сая төгрөгийг солих боломж бүрдэж, “Голомт” банкинд хүлээлгэн өгсөн. Энэ нь хэргийн газрын үзлэг маш нарийн нягт, удаан хугацаанд хийгдсэн болохыг харуулж байгаа юм.
Н.Номтойбаяр: Энэ явуулгад УИХ гурван гишүүн, нэг сайдын нэр холбогдсон
УИХ-ын гишүүн Н. Номтойбаяр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр Төрийн ордонд өөртэй нь холбоотой гарч буй мэдээллүүдийн талаар мэдэгдэл хийв. Тэрбээр өөрийг нь холбогдуулж буй энэ хэргүүд улс төрийн явуулгатай байж болзошгүй гэж үзэж буйгаа мэдээллийнхээ эхэнд онцлоод, УИХ-ын сонгуулийн үеэр гарсан өөрийнх нь эсрэг сөрөг мэдээлэл болон зарим баримтыг дэлгэсэн юм. Тодруулбал, 2012 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Н.Номтойбаярын хамгаалагчаар ажилласан Б.Батзориг долдугаар тойрог буюу Дорнод аймагт нэр дэвшигч Ц.Шинэбаяртай мөнгөний тохироо хийж, хуйвалдсан гээд  тухайн үед утасны яриаг бичиж авснаа сэтгүүлчдэд сонсгов. Энэ яриаг иргэн Б гэх хүн гар утсандаа хураан авч, Н.Номтойбаярт өгсөн гэв. Уг бичлэгт Б.Батзориг анх 100 сая төгрөгийн мөнгөн тохироо хийсэн ч Ц.Шинэбаяр хэлсэндээ хүрэлгүй 1000 ам.доллар өгсөн гэх агуулгатай аж. Тэрбээр энэ бичлэгийг холбогдох байгууллагуудад өгч шалгуулна гээд гэрийн үйлчлэгчээ хүчиндсэн гэх бичлэгийг интернэтээр цацсан нь мөн гүтгэлэг гэж тайлбарласан юм. “Н.Номтойбаяр хүн хутгалсан” гэх мэдээллийн талаар тэрбээр “Надтай нэг тойрогт өрсөлдөж ялагдсан хүний л үргэлжилсэн явуулга. Би ч гэсэн олон баримтуудыг удахгүй дэлгэнэ. "Мунзүй” хочит Г.Нямдорж нэг сая ам.доллар өгвөл энэхүү асуудыг намжаана гэсэн нэхэмжлэл надад бий. Үүнийг ч шалгадаг газарт нь өгнө. Энэ асуудалд УИХ-ын гурван гишүүн, Засийн газрын нэг гишүүн, нэр нөлөө бүхий хоёр бизнесмэн холбоотой. Харин холбогдох байгууллагуудад шалгуулж байгаа учраас дээрх иргэдийн нэрийг олон нийтэд зарлах боломжгүй” гэлээ. Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд энэ долоо хоногт МАН-ын Их хурал давхцаж байгаа учир ирэх долоо хоногоос илүү олон баримт дэлгэнэ гэсэн юм.
С.В.Паушок: Би монголчуудад туслахад хэзээд бэлэн
“Алтан Дорнод Монгол” компанийг үүсгэн байгуулсан С.В.Паушок “Ярилцах цаг” булангаараа нэгэн сонирхолтой эрхмийн яриаг хүргэе. Энэ бол “Алтан Дорнод Монгол” компанийг үүсгэн байгуулсан ОХУ-ын иргэн Сергей Викторович Паушок. Ноён С.В.Паушок ETV телевизийн “Чөлөөт сэдэв” нэвтрүүлэгт оролцож, хөтлөгч С.Жимсээтэй онлайнаар ярилцсан юм. Тэд Монголд бизнес эрхлэхэд ямар хүндрэл учирсан, эрх баригчдаас хэн ямар дарамт үзүүлдэг байсан тухай ний нуугүй ярилцжээ. С.В.Паушокийн ярилцлагыг албан ёсны зөвшөөрөлтэй хөрвүүлэн хүргэж байна.  -Сайн байна уу, Сергей Викторович. Танд өглөөний мэнд хүргэе? -Баярлалаа. Танд ч гэсэн өглөөний мэнд хүргэе. -ETV телевизийн урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань оролцох болсонд баяртай байна. Санал бодлоо бидэнтэй хуваалцахыг зөвшөөрсөн танд баярлалаа. -Би ч гэсэн Монголын ард түмэнтэй холбогдож байгаад баяртай байна. -Орос болон Монгол Улс он удаан жилийн туршид нөхөрсөг харьцаатай байсаар ирсэн. Хоёр орны хувь нийтлэг зүйлс ч их байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд өмнөх үеийн найрсаг, ах дүүсийн харилцаа өөрчлөгдөж байгаа мэт санагдах боллоо. Магадгүй би буруу дүгнэсэн байж болно. Та үүнд ямар бодолтой явдаг вэ? -Үүнд хэд, хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, өмнөх Засгийн газартай холбон ярьж болох юм. Тэд сонгуулийн өмнөх компанит ажлынхаа үеэр Оросын компаниуд болон Оросын Засгийн газрын Монгол  руу хандуулсан бизнесийн сонирхолыг ашигласан. С.В.Паушок: Би дотроо хорсол тээж явдаг хүн биш. Монголчууд юунд ч буруугүй. Энэ үеэр ард түмэндээ олон зүйл амласан ч харамсалтай нь тэр амлалтууд нь биелээгүй. Энэ нь хоёр орны харилцаанд нөлөөлсөн. Хоёрдугаарт, манай хоёр улс түүхэн хөршүүд. “Бид хөршөө сонгодоггүй” гэдэг орос ардын цэцэн үг байдаг даа. Түүн шиг бид мөнхийн хөрш, нэг үндэстэй гэж хэлж болно. Хоёр орны хувьд нийтлэг зүйлс дэндүү олон. Олон жилийн туршид бие биедээ ахан дүүсийн ёсоор тусалж дэмжиж ирсэн ард түмэн. Тиймээс одоо тулгараад байгаа бага зэргийн асуудлыг хамтдаа ажрахгүй давж чадна гэж бодож байна. -Та “Алтан Дорнод Монгол”-оос өөр компани удирдаж байсан уу? -“Восток нефть газ” компанийг удирдаж байсан. -“Алтан Дорнод Монгол” нь Монголд алт олборлодог  хамгийн том компани байсан. Таныг энэ компанийг удирдаж байх үед Монголд алт олборлодог аж ахуйн нэгж 139 байсан гэдэг. Үүнээс  “Алтан Дорнод Монгол” нийт олборлолтоороо хоёрдугаарт, ажилчдынхаа тоогоор нэгдүгээрт бичигдэж байсан. Түүнээс гадна томоохон татвар төлөгчдийн жагсаалтын гуравдугаарт жагсч байлаа. Ийм ашигтай, цар хүрээ өргөнтэй компаниа орхиод явахад юу нөлөөлсөн юм бэ. Засгийн газар, түүний бодлого уу? -Өмнөх Засгийн газар болон “Алтан Дорнод Монгол” компани хоорондын үл ойлголцол юунаас үүдэлтэйг ярихаас өмнө асуудал  яаж эхэлснийг хэлье. Хамгийн гол нь Монголын хууль маш ойр ойрхон өөрчлөгддөг. 1999 онд “Алтан Дорнод Монгол” компанийг үйл ажиллагаагаа эхэлж байхад Монголд хууль эрх зүйн маш таатай орчин бүрэлдчихсэн байсан. Оруулсан хөрөнгөөсөө ашиг гаргах баталгаа байсан. Энэ ч утгаар би  1999 онд “Алтан Дорнод Монгол” компанийг үүсгэн байгуулж Монголд алт олборлохоор болсон юм. Манай компанийг алтны салбарт орж ирж байхад  Монгол орон даяр тонн хагас л алт олборлож байсан. Бид богино хугацаанд Монголын томоохон хөрөнгө оруулагчдын нэг нь болж чадсан. 1999, 2000 онд бараг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг шүү.  Тухайн үед  тооцвол энэ дүн багагүй мөнгө байсан юм. Та бүгд 1999 оныг санаж байгаа байх.   Монголын эдийн засаг, банк санхүүгийн хөгжлийн эхэн үе болоод ч тэр үү хөрөнгө оруулагч маш цөөхөн. Ихэвчлэн худалдааны гүйлгээ хийгдэнэ.  Харин уул уурхайн чиглэлд их хөрөнгө шаардлагатай байсан.  Хожим олон  компани уул уурхайн салбарт орж ирсэн болохоос анх бэлэн мөнгөөр их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн компани нь ганцхан “Алтан Дорнод” юм. Харин 2004 онд ээлжит Засгийн газар өөрчлөгдөж татвар дээр хатуу бодлого баримтлан тоглоомын дүрмээ өөрчилсөн. Хатуу дүрэм гэж нэрлэсэн учир нь  гадны хөрөнгө оруулагчдад Монголын Засгийн газрын хандах хандлага, бодлого өөрчлөгдөж ирсэн гэсэн үг. Уг нь 2004 онд гэхэд эдийн засаг, уул уурхайн салбарт тодорхой хэмжээний өсөлт ахиц гарчихсан үе.   Алт олборлох компаниудын тоо ч нэмэгдсэн байсан. Гэвч тухай үеийн Засгийн газар тоглоомын дүрмээ өөрчилж, хуульд өөрчлөлт оруулсан юм. Энэ  өөрчлөлт нь хөрөнгө оруулагчдийн хууль, эрх зүйн орчинд сөргөөр нөлөөлсөн. Үүний оргил нь  68 хувийн татвар ногдуулахаар болсон үе. Өөрөөр хэлбэл, өмнөх үеийн Засгийн газрынхаа хатуу дүрмийг үргэжлүүлэх гэсэн үү 68 хувийн татвар гээчийг 2007 онд гаргаж ирсэн. -Энэ тийм ч оновчтой хууль байгаагүй? -Энэ хуулийг яагаад гаргах болсон талаар өөрийн саналаа хэлье. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үнийн өслөлтөөс олж байсан ихэнх орлого тухайн үеийн Засгийн газрын баг бүрэлдэхүүн, Ерөнхий сайд, “Эрдэнэт” үйлдвэрт хамааралтай байсан Мөнх-Оргил, Мөнх-Болд зэрэг хүмүүсээр тарах болсон. Ингээд Ардчилсан хүчнийхэн коммунистуудын орлогыг багасахын тулд Үнийн өсөлтийн тухай хууль баталж үүнээс гарсан зөрүүг төсөвт оруулахаар болсон. Энэ нь коммунист “лобби”-ийг бууруулах зорилгоор оролгыг нь багасгах зориулалттай байсан гэж болно. Үүнийг олонд дэлгэхгүйн тулд, бас дээрээс нь  ОХУ-ын ашиг сонирхолыг шууд хөндөхгүйн тулд  УИХ-аар энэ хуульд “алт” гэдэг үгийг нэмсэн. Үүнээс л эхлээд ямар ч судалгаа, эдийн засгийн тооцоо хийлгүй нэг унц алт 500 ам.доллараас илүү үнэтэй байвал 68 хувийн ашгийн татвар авахаар болсон. Үүнийгээ өнөөх улс төрчид нь мөнгө үндэсний санд орно, нийт ард олны хувь хишиг гэж тайлбарласан. Хамгийн харамсалтай нь, мөнгө үндэсний санд орно гэсэн  нэрийдлээр Монгол дах алт олборлолтыг  сүйрүүлсэн. Тухайн үед буюу 2007 он гэхэд 1999 онд олборлож байсан тонн хагас алттай харьцуулбал Монгол Улс жилдээ 22-23 тонн алт олборлодог болчихсон байсан. Энэ нь уг салбар ямар ахицтай урагшлаж байсныг харуулж байгаа юм. -Тухайн үед танай компани хэчнээн ажилчинтай байсан юм бэ? -“Алтан Дорнод Монгол” компанид нийт 1500 орчим хүн ажиллаж байсан. Үүний 700 орчим нь монгол, үлдсэн 800 нь гадны 68 үндэстнээс бүрдсэн ажилчид байсан. -Өнөөдөр Монголд хөрөнгө оруулагчдийн ихэнхи хувийг БНХАУ болон бусад орны хөрөнгө оруулагч эзэлж байна. Тэгвэл таны бодлоор Монголд ОХУ-ын хөрөнгө оруулагчдийн тоо яагаад цөөн байна. Тэдэнд юу саад болж байна? -Хамгийн гол нь Монголын хууль байнга өөрчлөгдөж байна. Ойр, ойрхон шүү. Дээрээс нь одоо үйлчилж  байгаа хууль, эрх зүйн орчинд бизнес эрхлэж болохоор харагдаж байгаа ч авилга, хээл хахууль газар авсан учраас их төвөгтэй. Уул уурхай эвсэл дэд бүтцэд хөрөнгө оруулъя гэхээр үндсэн хөрөнгө оруулалтаасаа илүү хэн нэгний хувийн бизнесийн ашиг сонирхолтой тулгардаг. Энэ их төвөгтэй. Тэгээд л нөгөө “Өөрийнхөө мөнгөөр ийм, ийм бүтээн байгуулалт хийе. Дэмжээд өгөөч” гэж хүн бүрийг царайчлаад явах хэрэг гарна. Тэдний эрх ашиг, хүсэл сонирхлыг бүрдүүлэхгүйгээр бизнес эрхлэх маш хэцүү. Би эргээд тухайн үеийн Орос, Монголын Засгийн газрын талаар яримаар байна. Тухайн үед Монголын тал уул уурхай, ураны олборлолт, дэд бүтцийн тал дээр хамтран ажиллая. Үүний тулд бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж өгнө гэж амласан ч энэ нь бодит байдалд хэрэгжээгүй. Энэ мэт асуудлаас болоод ОХУ-ын хөрөнгө оруулагчдын итгэл буурсан байж болох юм. Ядаж байхад Монгол Улсад авилга, хээл хахууль маш их газар авсан байдаг. Энэ бол хөрөнгө оруулагчдад яахын аргагүй сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг. -Та ураны талаар хөндлөө. Манай улс ураны нөөцөөр дэлхийн орнуудаас дээгүүр байрт ордог. Сэтгүүлч миний хувьд уранаа олборлох ёстой гэсэн байр суурьтай явдаг. Гэхдээ Монгол хүмүүсийн  олонхи нь уран олборлолтын эсрэг байна. Таны бодлоор Монгол  ураны нөөцийг ашиглах нь зөв үү? -Монголчууд ураны асуудалд одоо биш 1990, 2000 оноос эхлэн анхаарал хандуулах ёстой байсан болов уу. Яагаад гэвэл 2000 онд ураны сонирхол маш их, оргил үедээ байсан гэж болно. Дэлхийн олон оронд атомын цахилгаан станцууд барьж байсан үе. Харин өнөөдөр дэлхий даяараа  ураны хэмжээг бууруулах чиг хандлагатай  байна. Ураны үнэ огцом унаж, хэрэгцээ нь ч дагаад багасч байна. Оросын компаниудыг ажиглахад уранаас илүүтэй газрын тос руу чиглэж байх шиг ээ. Хүмүүс хөгжингүй гэхээс илүү аюулгүй эрүүл орчинд амьдрахыг хүсч байгаа учраас  ураны үе аажимдаа буурч байна. Тэр байтугай Европ, Герман, Япон зэрэг орнууд атомын цахилгаан станцуудаа цөөлж байна. Тиймээс Монгол Улс тухайн мөчийг ашиглан уранд арай эрт анхаарал хандуулах хэрэгтэй байсан биз. Би Монголд ураны чиглэлээр  ажиллаж байсан. Монголд уран олборлолтын өртөг ихтэй.  Энэ өртгийг нь өнөөгийн ураны үнэтэй харьцуулбал ашиг маш бага. Тиймээс уран олборлолт эсэргүүцэгчдийн тэмцэлтэй,  тэмцэлгүй энэ салбар намжмал байх хэрэгтэй болов уу. Мэдээж ураны салбар дээшлэх хүртэл шүү дээ. Одоо бол уран тийм ч сонин биш болсон. -Та Монгол орны талаарх мэдээллийг хаанаас авч байна. Мэдээж танд монгол найз нөхөд байдаг байх? -Би өдөр бүр Монгол оронтой хамт байдаг гэж хэлж болно. Монголд болж байгаа үйл явдлын мэдээллийг та бүхнээс дутахааргүй авдаг.  -Саяхан УИХ-аас Хөрөнгө оруулалтын тухай хууль баталлаа. Мэдээж та энэ хуулийн талаар сонссон биз дээ. Монголд хөрөнгө оруулж байсан хүний хувьд энэ хуульд ямар дүн тавьж байна? -Ямар ч хууль байлаа гэсэн гадны хөрөнгө оруулагчдийн сонирхлыг татах  нь дамжиггүй. Би түрүүнд хэлсэн дээ.  Монголд хууль ойр ойрхон өөрчлөгддөг гэж. Монголд 16 жил ажиллаж амьдрахдаа дөрвөн  Ерөнхийлөгч, таван Засгийн газар, бүх Ерөнхий сайдыг үзлээ. Мөн нөхцөл байдлыг улам бүр  дордуулсан хуулийн гурван  өөрчлөлт гарахыг үзлээ. Шинэ хууль ямар ч асуудлыг эергээр шийдэх байсан ч хөрөнгө оруулагч нар заавал Засгийн газартай ярилцаж, дарга нартай нь уулзаж тохиролцохыг хичээдэг. Яг энэ үед  авилгын шинж чанартай зүйлс эхэлдэг шүү дээ. Засгийн эрхэнд байгаа хүмүүс өөрсдийн  гэсэн бизнестэй. Тэд бизнестэй учраас хөрөнгө оруулагч эрт орой хэзээ нэгэн цагт заавал энэ хүмүүсийн ашиг сонирхолтой тулна. Энэ утгаар авч үзвэл саяхан баталсан тэр хуулийн ашиг тус бага байх болов уу. Энэ бол миний бодол шүү. Та бид бүгд мэднэ. Монголын нийслэл Улаанбаатарын дээгүүр нисэхэд хот утаанаас болоод бараг харагддаггүй гэж.  Ийм агаараар өнөөдөр нийслэлд байгаа нэг сая орчим хүн амьсгалж байна. Хэн ч энэ асуудлыг шийддэггүй.  Харин бид агаарын бохирдлыг нефть боловсруулах үйлдвэр барих  замаар шийдье гэж байсан. Гэвч  энэ санал  С.Баярын доор байсан нефть бүтээгдэхүүн оруулж ирдэг гурван компанийн ашиг сонирхолтой зөрөлдсөн учир зүгээр л хэрэггүй болсон. Тэд надаар нефть бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг хэзээ ч бариулахгүй юм билээ. Энэ нь тухайн үед надад хүчтэй мэдрэгдэж байсан.  Ард олон шинэ Засгийн газар байгуулагдах бүрт ихийг хүлээдэг ч үнэндээ өөрчлөлт байдаггүй. Тэд “Алтан Дорнод Монгол” компани төдийгүй Монголын стратегийн аюулгүй байдлыг хангах, хотын агаарын бохирдлыг бууруулах боломжийг олгох нефть химийн үйлдвэр барих сонирхолтой байсан “Восток нефть газ” компанииг мөн л хаасан. Энэ бүгд хэн нэгний бизнесийн ашиг сонирхолд нийцээгүйтэй холбоотой. Хэн нэгэнд гаднаас нефтийн бүтээгдэхүүн оруулж ирэх нь хамаагүй ашигтай байсан юм шиг байна. -Ноён Сергей Викторович танд Монголд дуусгалгүй үлдээсэн ажил бас өр бий юү? -2007 онд бараг нэг өдрийн дотор компаниа хаалгасан миний хувьд эд материалын болоод сэтгэл санааны хувьд дундуурхан зүйлс бий. Хийнэ гэж төлөвлөж байсан төслүүдээ хэрэгжүүлэх боломж гараагүй. Мэдээж Монгол оронд надад хийлгүй үлдээсэн, дуусгаагүй ажил бас өглөг авлага байгаа.  -Нууц биш бол өглөг авлагынхаа хэмжээг хэлж болох уу?  -Нуугаад байх юм алга.  Хувь хүмүүсийг тооцолгүй банк болон хөрөнгө оруулагчыг тооцвол ойролцоогоор 100 тэрбум төгрөг болно. Одоо хамгийн гол нь Монголын Засгийн газар байгаа хуулиа ядаж  10 жилдээ өөрчлөхгүй гэсэн баталгааг л гаргах хэрэгтэй. Хөрөнгө оруулагч Засгийн газартай тогтвортой байдлын талаар хэлэлцэж гарын үсэг зурсан ч, энэ нь хөрөнгө оруулагчдад хангалттай баталгаа болж өгөхгүй. Учир нь Монголын шүүх үүнийг цуцалчихаж болно. Би Монголын бүх шүүхээр явсан. Тэгээд эцэс сүүлдээ Олон улсын шүүхэд хандсан. Энэ бүхэнд таван жил зарцуулсан. Ойролцоогоор найман сая ам.доллар зарцуулсан. Өөр ямар ч компани ингэж их хүч хөрөнгө зарцуулж чадахгүй байсан байх. Түүнээс гадна  өөрсдийн дотоодын хөрөнгө оруулагчдыг ч мартаж болохгүй. Эх орондоо бус харь  оронд мөнгө санхүүжилт оруулж Монголоос мөнгө гаргаж байгаа нь бас нэг аюул юм шүү. -Бид өөрсдөөсөө айж байгаа хэрэг шүү дээ? -Та зөв хэллээ. Бид та нараас эмээж байгаатай адил та нар ч өөрсдөөсөө айж байна. Өнөөдөр монголчууд эх орондоо тодорхой хэмжээний мөнгө олчихоод үүнийгээ болж өгвөл гадагш нь гаргахыг зорьж байна. Яагаад гэвэл нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөж олсон мөнгөнөөсөө салах вий гэж айж байгаа хэрэг шүү дээ. Миний хувьд манай компанийг үйл ажиллагааг доголдуулсан, хааж боосон олон хүн бий. Энэ хүмүүсийн тоонд С.Баяр, Ц.Нямдорж, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил зэрэг хүмүүс багтах байх. Энэ дөрөв зөвхөн С.В.Паушокийг устгасан бус бусад олон алт олборлогчдын хувь заяагаар тоглосон гэж хэлж болно. Үүнийг дайн гэж дөвийлгөх нь хаашаа юм. Гэхдээ энэ хүмүүс зөвхөн өөрсдийнхөө эдийн засгийн, бизнесийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлсэн. Гол дүрээр  Сү.Батболд, С.Баяр тоглосон бол Ц.Нямдорж зөвхөн тэдний тушаалыг гүйцэтгэсэн. -Та энэ хүмүүсийг ард түмний эрх ашгийн төлөө бус зөвхөн өөрсдийнхөө материаллаг эрх ашгийн төлөө ажилласан гэж хэлж байна уу? -С.Баяр бол улс төрд мөнгө хийх гэж л орж ирсэн хүн.  Ард түмний эрх ашиг С.Баярт огтхон ч сонин биш байсан. Сү.Батболд бол ард түмний эрх ашгийг өөрийн эдийн засгийн эрх ашигт ашиглаж  хөрөнгөө босгож амжсан эр. Бүр маш их хэмжээний шүү. Тэд эрх мэдэлд байгаа богинохон хугацаанд яаж тийм их хөрөнгийг босгосон бэ гэдэг нь тодорхой. Тэдэнд зориулж ганц тодорхойлолт хэлье. Тэд бол долларын тэрбумтнууд. -Богино хугацаанд долларын тэрбумтнууд болно гэдэг чинь маш их хөдөлмөрч хүмүүс юм биш үү? -Төгрөгийн тэрбумтнууд биш долларын тэрбумтнууд шүү. Энэ хоёрын хооронд том ялгаа бий. Тэд яг л зөгий шиг өглөөнөөс орой болтол ажилласан. Миний бодлоор Ц.Нямдорж холын бодолгүй юм шиг. Зөвхөн тэдний гар хөл байсан учраас өгсөн даалгаврыг нь гүйцэтгэсэн байх. Тэдний гол зорилго “Алтан Дорнод Монгол” компани биш. Татвар ч биш. Зөвхөн Паушок л байсан. Яагаад гэхээр Паушок дандаа үнэнийг хэлдэг байсан. Тэр хүмүүстэй харьцуулахад дандаа үнэнийг ярьдаг байсан. Би дургүйцлээ хэзээ ч нууж байгаагүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн эрх мэдлээ эрх ашгийнхаа төлөө ашиглаж, ойр хавийнхаа бүхнийг авлигын сүлжээнд  оруулж ард түмнийг хохироож байгаа нь  надад таалагдаагүй. Бас нэгэн том зөрчлийн шалтгаан нь миний барихыг хүссэн нефть боловсруулах үйлдвэр. Барих үйлдвэр маань орлогыг нь багасгах учраас тэр. Хоёр сая хүн хортой агаараар амьсгалж, хордож, элдэв өвчнөөр өвчилж, дундаж наслалт богиносч байгаа нь ердөө сонин биш. Тэд намайг гадны хүн Монголд ирээд яг хаан шиг авирлаж байна гэдэг байсан боловч яг үнэндээ надад хааны шилтгээн байгаагүй. Би хөдөлмөрлөж олсон мөнгөө Монголд оруулсан. Манай найзууд ч гэсэн хэлдэг юм. “Чи хөдөлмөрлөж олсон мөнгөө Монголд буцаагаад хөрөнгө оруулчихсан байна шүү” гэж гайхдаг. Гадны би Монголд хөрөнгө оруулаад байхад ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллах ёстой төрийн өндөр албан тушаалтнууд мөнгөө гадагш нь гаргаж байгааг нь хараад ойлгохгүй байна. Тухайлбал, тэр С.Баяр Засгийн эрхэнд гарч мөнгө олох зорилгоо биелүүлчихээд буучихсан. Үнэн худлыг нь мэдэхгүй юм, Канадын иргэн болсон гэж сонссон. Яаж түүнд тийм хурдан иргэншил олгож, өртөг өндөртэй газар амьдраад байгаа нь сонирхолтой   -Та одоо Орост ямар бизнес эрхэлж байна? -Би эрчим хүний бизнес эрхэлж байна. Эрчим хүч болон дулаанаар хангадаг төвүүдийг барьж байна. Том компани болгох зорилттой. -Шинэ бизнес тань сайн биз дээ. Бас гэр бүлийнхэн тань сайн биз. Танай гэр бүлийнхэн таныг дагаад Монголд ажиллаж амьдарсан байх аа? -Гэр бүлд маань санаа тавьсанд баярлалаа.  Амьдрал дажгүй. Хүүхдүүдийн маань нэг нь төгссөн. Бусад нь суралцаж байна. Бизнесээ босгох гээд хоёр жил зүтгэж явна. Дөрвөн жилийн дараа “Алтан Дорнод”-ын хэмжээтэй болчих байх гэж найдаж байна. -Хэдэн жил Монголд ирсэнгүй вэ. Таны Монгол Улсад нэвтрэн орох эрхийг хаачихсан уу? -Монгол Улсад нэвтрэн орох эрхийг хаачихсан эсэх талаар мэдэхгүй юм. 2007 оны арванхоёрдугаар сард би Монголоос явсан. Түүнээс  хойш очсонгүй. Монголоос ирж байгаа хүмүүсээс л мэдээлэл авч байна. Үүнээс өмнө Засгийн газар надтай шүүхдэлцэж байхад Ц.Нямдорж намайг олон улсын интерполоор эрэн сурвалжлуулсан. Би маш удаан хугацаанд эрэн сурвалжлагдсан. Шинэ засаг төрд гарсны дараа надад үүсгэсэн эрүүгийн хэргийг прокурор шалгаж үзээд миний буруугүйг тогтоож хэргийг хаасан. Үнэн худал ялгарсанд баяртай явдгаа хэлэх хэрэгтэй. Харин өмнөх үеийн Засгийн газар намайг дуугүй байлгах гэж бүхнийг хийсэн. Тэр байтугай намайг бизнес, орлогын эх үүсвэр, найз нөхдөөс минь хүртэл салгасан. Гэвч дөрвөн жилийн дараах шалгалтаар надаас болон манай компаниас татварын болон ямар нэгэн зөрчил илрээгүй учраас хэргийг маань хаасан. Энэ дашрамд үнэнийг олж өгсөн хүмүүст баярласнаа илэрхийлье. Мөн миний орлогчийн үхэлд буруутай Ц.Нямдоржид өнөөдөр ямар ч хариуцлага хүлээлгээгүй. Юу гэхээр орлогч дарга Игошин маань зүрхний хүнд өвчтэй. Яаралтай эмчлүүлэх шаардлагатай гэсэн эмнэлгийн бичгийн дагуу манай Элчин сайд болон төрийн эрх мэдэлтнүүд, анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай гээд бүгдээрээ “Энэ хүнийг ОХУ-д очиж эмчлүүлье. Амь нас нь хутганы ирэн дээр байна, туслаач”  гэж Ц.Нямдоржоос  гуйсан ч Монголоос гаргахгүй байлгасаар орлогч нас барсан. Ердөө долоо хоногийн дараа шүү дээ. Орлогч дарга маань 24 жил Монголд ажиллаж амьдарсан хүн байсан. Хийж бүтээсэн ажлынхаа амжилтаар Монголын төрөөс “Алтангадас” одонгоор хүртэл шагнуулж явсан хүн шүү. Тэр Монголын төлөө бүхнээ зориулан зүтгэсэн боловч зарим нэг Монгол хүнээс болж тэндээ насан эцэслэсэн дээ. Ц.Нямдорж болон Ц.Мөнх-Оргил нар ард түмэн дээрээ туршилт хийж дураараа дургиж байгаа үйлдэлдээ хариуцлага хүлээх цаг  болсон гэж үзэж байна. Би тэр явдлыг аллага гэж үздэгээ нуухгүй. -Хөндүүр сэдвийг тань хөндсөнд уучлаарай. Таны ажилд тань амжилт гэр бүлд танд аз жаргалыг хүсье. Бидний дунд хурсан хар үүл хэзээ нэгэн цагт цэлмэнэ гэдэгт итгэлтэй байна.  -Хүнд асуудал үүсч байсан ч гэсэн би монголчуудад гомдоогүй. Хэрэв миний зүгээс тусалж чадах оюун санааны болон материаллаг тусламж байвал хэзээд туслахад бэлэн. Яагаад гэхээр Монгол орон надад миний гэр бүлд маш их үнэ цэнэтэй. Би дотроо хорсол тээж явдаг хүн биш. Монголчууд юунд ч буруугүй. Бүх улс оронд муу үлгэр дуурайлалтай хүмүүс байдаг шүү дээ. Намайг нэвтрүүлэгтээ оролцуулж сэтгэгдлээс минь хуваалцсанд баяртай байна. Танай ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсье.
Нийслэл 374 нас хүрлээ
Тэртээ 1924 оны 10 сарын 29-ний өдрийн БНМАУ-ын анхдугаар их хуралдаанаар хуучин Нийслэл хүрээ хэмээх нэрийг халж, БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот хэмээх ардын хувьсгалын шинэ цагийн нөхцөлд тохируулан нэрлэхээр шийдвэрлэсэн түүхтэй. Өнөөдөр 374 жилийн ой нь болж буй нийслэлд олон үйл явдал болох нь ээ. Тухайлбал, нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Мөн Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа зэрэг арга хэмжээ болно. Дэлгэрэнгүй хөтөлбөр: 1 2013.10.29 Мягмар гараг 8:00 “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдэвт хичээл эхлүүлэх /ЕБС-иудад/ 11:00 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол Нийслэлийн анхны шав тавьсан цэцэрлэгт хүрээлэнд 11:30 Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг шинэ байршилд залах ёслолын ажиллагаа Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгт хүрээлэнд 12:00 Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа Чингис хааны талбайд 12:20 “Найрсаг Улаанбаатар” цомгийн нээлтийн ажиллагаа 12:40 Их хотын хямдралын өдрийн үйл ажиллагааг эхлүүлэх 13:00 Нийслэлийн өдөрт зориулсан “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт Соёлын төв өргөөнд 17:00 Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагнал гардуулах ажиллагаа Дуурь бүжгийн эрдмийн театрт 21:05 “Цаг үе үзэл бодол” шууд нэвтрүүлэг МҮОНТ
"Дундговь аймгийн 163 км хатуу хучилттай автозамын ажил үндсэндээ дууссан байна"
Долоо хоног бүрийн даваа гаригт зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг”-аар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт танилцсан Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өглөө.  Шинэ нисэх буудлын онгоц хөөрч буух зурвасын болон зорчигч үйлчилгээний барилга, нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхгийн барилгын ажил  төлөвлөгөөний дагуу явж байна гэлээ.  Б.Батзаяа:Тавантолгой-Гашуунсухайтын 225 километр төмөр замын далангийн ажлын 70 хувийг 11 сарын 15 хүртэл  хийнэ.  Тавантолгой-Гашуунсухайтын 225 километр төмөр замын далангийн ажил 60 хувьтай байна. 11 дүгээр сарын 15 хүртэл нийт далангийн 70 хувийг хийгээд ирэх хавар 4 дүгээр сараас ажил эхэлнэ гэж Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа танилцууллаа.  Хавар ажил эхлэхэд хүн хүч, техник хэрэгслээ нэмэгдүүлж, өөр гүйцэтгэгч нэмж оруулаад төмөр замын ажлыг 2014 онд багтааж бүрэн дуусгахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Дундговь аймгийн 163 км хатуу хучилттай автозамын ажил үндсэндээ дууссан байна. Тэмдэг тэмдэглэгээг хийж дуусгаад 11 дүгээр сарын 10-нд ашиглалтад өгөх боломжтой. Сайншанд-Замын Үүдийн авто замын хучилтын ажил 2 км дутуу байна. Мөн   11 дүгээр сарын 10-нд ашиглалтад өгнө гэлээ. “Гудамж” төслийн хүрээнд нийт 33 уулзварын шинэчлэлийн ажлаас 18-ыг нь дуусгаад байна. Үлдсэн уулзваруудыг шинэчлэх ажил ирэх хавар 100 айлын уулзвараас эхэлнэ  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
“Эсгийн хотоос-Их хот” үзэсгэлэнг иргэдэд үнэгүй үзүүлнэ
Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд “Эсгийн хотоос-Их хот” архивын баримт, үзмэрийн үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. Эсгий хотоос-Их хот үзэсгэлэнд нийслэлийн Архивын газарт хадгалагдаж буй нийслэлийн түүхэн баримтуудыг дэлгэн харуулсан байна. Тухайлбал, БНМАУ-ын анхдугаар их хурал 1924 оны 10 сарын 29-ний өдрийн хуралдаанаар хуучин Нийслэл хүрээ хэмээх нэрийг халж, БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот хэмээх ардын хувьсгалын шинэ цагийн нөхцөлд тохируулан нэрлэхээр шийдвэрлэсэн. Энэ цаг үеийн хотын түр захиргаа байгуулсан зэрэг он цагийн түүхийг харуулсан архивын баримт, гэрэл зураг, хотын түр болон жинхэнэ захиргааны дүрэм, Улаанбаатар хотын хамгийн анхны ломбард  байгуулсан тухай нугалбар бичиг, хотын захиргаанаас гаргасан анхны эрхзүйн актууд зэрэг ховор сонин баримтуудыг эх хувиар дэлгэн тавьжээ. Тус үзэсгэлэн нь нийслэлийн өдөр буюу 10 дугаар сарын 29 хүртэл ажиллах бөгөөд иргэд үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой юм.
Н.Энхболд: Шинэ удирдлага, цоо шинэ баг бүрэлдэхүүн МАН-ыг удирдана
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд МАН-ын 27 дугаар Их хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. МАН-ын Их хурлаар намын удирдлагуудыг сонгохоос гадна дотоод дүрэм журмаа өөрчлөөд зогсохгүй шинэчлэлийг хийх зорилготой байгаа. Нөгөөтэйгүүр, МАН шинэ удирдлагатай, шинэхэн улс төрийн хүчин болно гэдэг зорилтыг дэвшүүлсэн юм.  Тиймээс МАН-ын даргад нэр дэвшиж байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдтой уулзаж цөөн асуултад хариулт авлаа. -МАН-ын 27 дугаар ИХ хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр гол яригдах зүйл нь намын шинэчлэл, удирдлагын асуудал байгаа. Харин таны хувьд шинэчлэлийг хэрхэн дүгнэж, ойлгодог вэ? -Намын шинэчлэл гэдэг бол удирдлагаа өөрчлөхийн нэр биш шүү дээ. Намын шинэчлэл нь бодлого болон үйл ажиллагааны арга барилаа шинэчлэх, өөрчлөхөөс гадна илүү боловсронгуй болгох ёстой. Н.Энхболд: Би намын дарга гэхээсээ илүүтэй удирдлагын шинэчлэлийн асуудал багцаараа яригдана гэж ойлгож байгаа. -Намын Их хурлаар төлөөлөгчид ямар асуудлыг илүүтэй хөндөн ярьж байна вэ? -Урьд өмнө нь хийж байсан ажлынхаа алдаа, оноо, дутагдлыг  хэлэлцэхийн зэрэгцээ дараа дараагийнхаа ажлын зорилтыг дэвшүүлэх ёстой. Цаашилбал, юуны төлөө яах гэж байгуулагдсанаа өнөөдөр тодорхойлно. Түүний дараагаар ямар баг, удирдлага авч явах ёстой вэ гэдгийг шийдвэрлэнэ. -Намын даргад та албан ёсоор нэрээ дэвшүүлсэн. Олонхийн итгэлийг хүлээх магадлал хэр байна вэ. Мэдээж Их хурлын  төлөөлөгчдийн хандлага танд анзаарагдаж байгаа байх? -Би намын дарга гэхээсээ илүүтэй удирдлагын шинэчлэлийн асуудал багцаараа яригдана гэж ойлгож байгаа. Ямар шийдвэр гарахыг урьдчилж хэлж мэдэхгүй байна. Түүнчлэн МАН-ыг өнөөдөр шинэ удирдлага, цоо шинэ баг бүрэлдэхүүн энэхүү улс төрийн том хүчнийг удирдан залах юм.
Ц.Нямдорж: С.В.Паушок санаатайгаар МАН-ын нэр хүндэд халдлаа
Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр Оросын мафийн төлөөлөгч, “Алтан Дорнод  Монгол” компанийн захирал асан С.В.Паушокын талаар мэдээлэл өгсөн юм.  Тэрбээр мэдээлэлдээ “”Алтан Дорнод Монгол” компанийн захирал асан С.В. Паушокын хэвлэл мэдээллээр өгсөн ярилцлага, цацаж буй мэдээлэл нь МАН-ын 27 дугаар Их хурал хуралдаж  байгаатай давхацлаа. Түүний энэ мэдээлэл МАН-ын нэрийг харлуулах гэсэн оролдлогоос гадна манай улсын улс төрийн нөхцөл байдалд хөндлөнгөөс хошуу дүрж байна. Түүнчлэн манай намаас С.Баяр, Сү.Батболд, М.Энхболд болон миний нэрийг дурьдаж, гадныханы гар хөл болсон хэмээн мэдээлсэн байна лээ. Бидний төдийгүй намын нэр төрд халдаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газрыг Олон улсын арбитрын шүүхэд өгсөн Оросын мафийн төлөөлөгч С.В.Паушок ялагдал хүлээн Монголд 67 тэрбум төгрөгийг төлөхөөр болсон юм. С.В.Паушок нь манайд үйл ажиллагаа явуулж байхдаа татвараас бултаж, 127.4 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсгэсэн нь шалгалтаар тогтоогдсон. Мөн татварын тайлангуудад нь үнэн бодитой зүйл ховор байсан шүү дээ.   Энэ талаар 2011 онд арбитрын шүүхээс 168 хуудастай тогтоол гарч Монголын талд асуудал шийдэгдсэн” хэмээлээ. Түүнчлэн С.В.Паушок хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттай ярилцлага өгч байгаа нь Монголбанкны ерөнхийлөгч асан, Сангийн дэд сайд О.Чулуунбатыг холбоотой гэлээ. Нөгөөтэйгүүр, О.Чулуунбатыг С.В.Паушокын гар хөл болоод зогсохгүй “Алтан Дорнод Монгол” компани манай улсад үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлсэн хүн гэсэн юм.
Израйл дэлхийд 5-д орох нарны цахилгаан станц барина
Израйл улс ирэх жил дэлхийд 5 дахь томд тооцогдох нарны цахилгаан станц барьж эхлэхээр болжээ. Нийтдээ гурван ийм байгууламж босгох ба эхнийх нь энэ станц аж. 2016 онд ашиглалтанд орох энэ байгууламж 121 Мегаватт цахилгаан үйлдвэрлэх ба 1.1 тэрбум долларын өртөгтэй гэнэ. Ийм чадлаар 40,000 өрхийн хэрэглээг хангах юм. Төлөвлөгдсөн гурван байгууламж нь нийтдээ 250 Мегаватт цахилгаан үйлдвэрлэх гэнэ. Израйл улс нь 2020 онд нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 10%-ийг сэргээгдэх эх үүсвэрүүдээс хангадаг болох үндэсний төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Гэрэл цуглуулагч цамхаг Станцын ажиллах зарчим гэвэл, маш олон тольнууд нарны гэрлийг нэгэн цамхагт ойлгож өгөх юм. Тэрхүү цамхаг нь цуглуулсан нарны илчээрээ усны уур үүсгэж турбинийг эргүүлэх замаар цахилгаан үйлдвэрлэх гэнэ. Гэрэл ойлгох тольнууд Уг бүтээн байгуулалтад АНУ-ын Brightsource, Францын Alstom компаниуд хамтран оролцож байгаа гэжээ.
ХТМБИХН байргүй боллоо
ХТМБИХН-ийн тэргүүн Ш.Лхагвасүрэн, гүйцэтгэх захирал Ч.Сэмжидмаа, хуулийн зөвлөх Л.Энхтүвшин нар Сүүлийн жилүүдэд манай оронд хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглэгчид эрс нэмэгдсэн. Эдгээр хүмүүст хорт зуршлаасаа салахад туслаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч сургалт сурталчилгаа явуулдаг цорын ганц байгууллага нь Хар Тамхи Мансууруулах Бодисоос Иргэдийг Хамгаалах Нийгэмлэг юм. НҮЭХ-оос Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийг ямар ч шалтгаангүйгээр түрээсийн гэрээгээ цуцалж байраа суллахыг шаарджээ. 14 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа тус байгууллага Нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн хорооны байранд түрээсээр байрладаг бөгөөд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг иргэд тус байраар ирж зөвлөгөө туслалцаа авдаг байна. Гэтэл НҮЭХ-оос тус байгууллагыг ямар ч шалтгаангүйгээр түрээсийн гэрээгээ цуцалж байраа суллахыг шаардсан бөгөөд түүгээрч зогсохгүй үйлдвэрчний холбооны нягтлан Отгонтуяа, хуульч Чимэгбаяр нар өөрийг нь зодож танхайрсан хэмээн тус нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн ярьсан юм. Түүний үзэж буйгаар энэ үйлдэл нь мансууруулах бодис хэрэглэдэг иргэдийг гадуурхаж, ХТМБИХН-ийн ажилд саад болж буйн илрэл гэнэ.  Иймээс тус нийгэмлэгийн зүгээс иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд хууль зүйн сайд болон холбогдох албан тушаалтнуудыг уг асуудалд анхаарлаа хандуулахыг уриаллаа.
46 эмчид “Ажлаас халах боломжгүй” гэсэн хариу өгчээ
Ажлаас халагдсан эмч нар мэдээлэл хийв Гэмтлийн эмнэлгийн 184 эмч, сувилагч ажлаас халагдах өргөдөл өгөөд байгаа. Эдгээрээс 92 нь нарийн мэргэжлийн мэс заслын эмч нар юм. Тэд тус эмнэлгийн даргаар шинээр томилогдсон н.Энхбаярын удирдлага дор ажиллах боломжгүй гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа. Дээрх эмч сувилагч нар өнгөрсөн есдүгээр сарын 30-нд халагдах өргөдлөө өгсөн бөгөөд одоогоор найман эмч, сувилагчийг ажлаас халжээ. Харин үлдсэн эмч, ажилтануудын хувьд хуулийн хүрээнд заасан “Халагдах өргөдөл өгсөнөөс хойшхи 30 хоногийн дараа хөдөлмөрийн гэрээ автоматаар цуцлагдана” гэж заасны дагуу энэ сарын 30-нд ажил хаяна гэж мэдэгдлээ.  Энэ асуудал дээр Эрүүл мэндийн сайд Н.Удвал "Эмч нар ажил хаявал хуулийн хариуцлага хүлээлгэнэ" гэж мэдэгдсэн байгаа. Харин Гэмтлийн эмнэлгийн удирдлагын зүгээс халагдах өргөдлөө өгсөн 92 эмчийн 46-д нь “Ажлаас халах боломжгүй” гэсэн хариу өгсөн байна.
Монгол Оросын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт болно
МҮХАҮТ-ын ерөнхий менежер Д.Эрдэнэбат болон Новосибирск мужын бизнес эрхлэгчдийн төлөөлөл Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим  “Гадаадын орнуудтай хамтран ажиллах ажил хэргийн болон соёлын Сибирийн холбоо”-ны хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 28-31-ний өдрүүдэд Новосибирскийн бизнес эрхлэгчид манай оронд айлчлах юм. Айлчлалын үеэр энэ сарын 30-ны өдөр Монгол Оросын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалтыг МҮХАҮТ-ын хурлын зааланд зохион байгуулна. Уулзалтад оросын Новосибирск мужийн уул уурхай, инженерийн барилга байгууламж угсралт, цахилгаан дулаан усан хангамжийн, бохирын хоолойн тоног төхөөрөмж суурьлуулалт, төмөр хийцийн үйлдвэрлэл, гурил үйлдвэрлэл, гал унтраах тоног төхөөрөмжин чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт есөн копанийн төлөөлөл оролцоно. Монголын талаас сонирхсон байгууллага, аж ахуй нэгжүүд оролцох бүрэн боломжтой юм байна.
Б.Сэр-Од Осакагийн марафоноос мөнгөн медаль хүртлээ
МУГТ Б.Сэр-Од Японы Осака хотноо болсон марафон гүйлтийн тэмцээнд МУГТ Б.Сэр-Од мөнгөн медаль хүртжээ. Манай тамирчин 42 км, 195 м зайг 2.13.31 хугацаанд туулсан байна.  Кенийн Жексон Лимо түүнээс минут хагасын өмнө барианд орсон аж. Нутгийн тамирчин Хасегава Ацуши гуравдугаарт хурдалжээ. Эхний хоёр 38 дахь км хүртэл урд, хойноо гаран өрсөлдсөн ч сүүлийн гурван км-т Кенийн тамирчин тасарсан гэнэ.  Осакагийн марафон нь энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн жилийнхэд нь манай тамирчин түрүүлж байв.  МУГТ Б.Сэр-Од марафон гүйлтээр Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд /хоёр цаг, 11 минут, 05 секунд/ 2010 онд Ази тивийн аварга болж, Брайтон, Хофү, Бээжин, Осакагийн нэр хүндтэй марафонуудад түрүүлж байсан билээ.
Зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжээр валютын арилжаа хийхгүй байхыг анхаарууллаа
Зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжээр валютын арилжаа хийхгүй байхыг анхаарууллаа Санхүүгийн зохи­цуу­­лах хорооноос Банк бус сан­­хүүгийн үйл ажил­ла­гаа­ны тухай хууль, журмыг хангасан 100 ББСБ-ын га­даад валютын арилжаанд хяналт, шалгалт хийдэг аж.  Энэ хүрээнд иргэдийг гадаад валютын арилжаа хийхдээ СЗХ-оос тус­гай зөв­шөөрөл олгосон газ­раар үйлчлүүлэхийг анхаа­рууллаа.  Тодруулбал, валю­­тын арилжаа хийх­дээ учирч болзошгүй хохирлоос сэр­­гийлж тухайн байгуул­лагын тус­­гай зөвшөөрлийн гэр­­чил­гээг шалгах, арил­жаа­ны баримтаа авч хэв­­­­­ших хэрэгтэйг алба­ны­­­­хан хэллээ. Тусгай зөв­шөө­­рөлгүй байгууллага, хувь хүмүүсээр мөнгөө со­лиу­­лахдаа ямар нэгэн байд­лаар хохирсон нөхцөлд ха­риуцлагыг иргэд өөрсдөө хүлээх юм байна.
МАН-ын өнөөдөр, маргааш
МАН-ын ээлжит XXVII их хурал хоёр дахь өдрөө үргэлжлэв Монголын улстөрийн ууган хүчин гэх өнөөдөртөө гоёдсон нэртэй МАН-ын ээлжит ХХVII их хурал хуримт­лагдсан асуудлуудаа нэг тийш болгож, шинэ удирдлагууддаа “харанхуй” горьд­логоор эрх мэдлийг нь атгуулчихаад хаалтын ёслолоо сүр жавхлантай хийх цаг дө­хөж байна.  Хамгийн сүүлд Ерөнхий­лөгчийн сон­гуульд “Лам олдохгүй бол буцахдаа зална” гэгчээр Дархан аварга Б.Бат-Эрдэнийг зүтгүүлж үзээд “өвдөг шороо­дуулсан”-ыг тооцвол гурван сон­­гуульд ялагдан унаж, ард түмнээ үргээсэн МАН-ын тухайд орших, эс оршихыг нь шийдвэрлэх 1100 хүний бөөгнөрөл чухам юу шийдэж, ямар нэгдсэн ойл­голцолд хүрч, аль хэр эв нэгдэл бай­гуулсан нь тун удахгүй тодорно.  Өчигдөр сонин буух цаг буюу 20:00 цагаас эхлэн хуралдсан их хурал өдийд гол ажлаа амжуулчихсан л байх учиртай.  Магадгүй урьдчилан яриг­даж байс­наар УИХ-ын дэд дарга М.Энхболд на­мын дарга болсон бол на­мын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат хоёрын нэг нь Ерөнхий нарийн бичгийн дарга болсон нь гарцаагүй. Тэр талаар түр азнаад, энэ удаагийн их хуралд зарим нэгэн дүгнэлт хийх гээд үзье.  Юуны өмнө энэ удаагийн их хурал урьд өмнөх их хурлуудын урьдчилан найруулчихдаг дэг жаягаас арай өөрөөр явагдаж байгаа нь бага ч болтугай итгэл төрүүлснийг хэлэх ёстой. Урьд нь уламжлал болсон намын даргын улстөрийн илтгэл энэ удаа жинхэнэ шинэчлэгч илтгэл болсныг цохон тэмдэглэвэл зохино. Зөвхөн МАН-д хачиг шиг наалдсан 200 олигархиас салах цаг болсныг зориглон хэлсэн, УИХ-д ганц суудал авч ирснээсээ илүү гай, балаг тарьж яваа нөхдийн талаар эхлэн дуугарсаных нь төлөө Ө.Энхтүвшин даргад “Браво” хэмээн чанга дуугаар талархал илэрхийлэх ёстой.  МАН-д үеэс үед уламжлагдсан гэж хэлж болохоор хамгийн гол алдаа, завхрал нь намынхаа даргыг хөшигний цаана, далд хуйвалдааны аргаар, бүлэглэл хоорондын наймаалцлын маягаар тодруулж ирсний балгаар өнөөдөр ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн лидерийн хомсдолд орсон гэж дүгнэж болно.  МАН шинэчлэгдье л гэж байгаа бол нам доторх далд бүлэглэлүүдээ ил болгож, намынхаа төлөө хэн нь юу хэлж, юу хийж байгааг шу­дарга өрсөлдөөний аргаар дүгнэдэг болсон цагт л МАН-д лидерүүд олноор тодрон гарах боломжтой. МАН олон бүлэглэлтэй, боловсон хэлбэл фракц хоорондын нүдэнд үзэг­дэж, гарт баригддаггүй хор­лон­той тэмцэл их хурал болж байгаа Соёлын төв өргөөнд гурав дахь хоногтоо буцалж байгаа. МАН-д зарим үед 3-4 бүлэглэл байсан бол одоо бол хоёр том бүлэглэл болж цөөрсөн нь ХХVII их хурлын төлөөлөгчидтэй уул­заж явахад тун тодор­хой мэдрэгдэж байна лээ.  Н.Багабандийн үеэс угшилтай С.Баяр, Сү.Бат­болд нарын бүлэглэлийг гол өрсөлдөгч М.Энхболдын толгойлдог “хотын фракц” нь энэ удаа цэвэр ялж байх шиг байна. Харин нэгэн үе МАН-ын “улаан хамгаалагч” байсан У.Хүрэлсүхийн толгойлдог за­луучуудын бүлэглэл хэд хуваагдсаныхаа горыг ам­саж энэ удаа мөрөөдөж бай­сан амжилтандаа хү­рэл­­­гүй үлдэх бололтой. Гэхдээ тэдний ихэнх нь М.Энхболдыг бараадсан.  Одоо МАН-д хамгийн гол нь бүлэглэл хоорондын тэнцвэрийг барьж, харь­цангуй “энх тайван” тогтоож чадах хүн хэрэгтэй байгаа. Чухам тэр хүн нь “хотын фракц”-ын тэргүүн М.Энхболд гэдгийг гурав дахь өдөртөө хуралдаж суугаа их хурлын төлөөлөгчдийн ихэнх нь төдийгүй, улстөр жаахан гадарладаг захын хүн нэрлээд байгаа. Тийм ч биз, үгүй ч биз.  М.Энхболдын тухайд 2005 оны зургаадугаар сард болсон МАХН-ын ХХIV их хурлаар намын даргын төлөө С.Баяртай тун ши­рүүн өрсөлдөж, хурлын төлөөлөгчдийн 50.25 хувь буюу 29 хүний саналаар ялалт байгуулан МАХН -ын даргаар сонгогдож байсан нэгэн.  Тэрбээр намын даргаар хоёр жил орчим хугацаанд ажиллахдаа МАН-д олон жигүүр хөдөлгөөн, ши­нэч­­лэгч бүлгүүд бий болж, на­мын шинэчлэл, до­тоод ард­чиллын тухай ярьж эхэлсэн. Чухам М.Энх­болдын үед л ахмад, залуу үе, эмэгтэйчүүдийн тө­лөөл­­­лийг УИХ, намын удирд­­­лагад тэгш эрхтэй оролцуулах, намын анхан шатны байгууллагуудыг хөл дээр нь босгох зэрэг асуудалд шинэчлэл хийсэн гэж дүгнэж болно. Харин өөрийнх нь өлгийдөн авсан тэдгээр хөдөлгөөнүүдийн ша­­халт шаардлагаар МАХН-ын ээлжит бус XXV их хурал 2007 оны аравдугаар сарын 22-30 ны хооронд болж намын даргын төлөө С.Баяр, М.Энхболд нар дахин өрсөлдөхөд С.Баяр 56.6 хувийн саналаар ялсан нь түүнд ихээхэн сургамж болсон нь дамжиггүй.  Монголын улстөрийн ууган хүчин МАХН-ын до­тор шинэчлэл өөрчлөлтийн уур амьсгал оруулж, нэг хүнийг дээдлэн захиран тушаах аргаар удирддаг арга барилыг өөрчлөхөөр зо­риглон оролдсон төвөгтэй хэцүү ажил нь тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан М.Энхболдыг өөрийг нь намын дарга, ул­маар Ерөнхий сайдын үүрэгт ажлаас огцроход хүргэж байсан гашуун түүх бий.  Өөрийнхөө гараар өсгөж өндийлгөсөн намын доторх жигүүр, хөдөлгөөнүүдийг да­рах газар нь дарж, өндийл­гөх цагт нь өндийл­гөж байх хэрэгтэйг өнгөрсөн зургаан жилийн гашуун ялагдлаар хэзээ ч мартахааргүй ойлго­сон М.Энхболд энэ удаа бүхнийг туйлын хашир эхлэх нь гарцаагүй.  Өнөөдөр монголын улстөрд ихэнхдээ хөшигний ард орж, сөрөг хүчнийхээ үүргийг сулхан гүйцэтгэж яваа МАН үнэхээр цэгцтэй, бүтээлч сөрөг хүчин болж, ард олны дунд тун базаахгүй болсон нэр хүндээ сайжруулахыг эрмэлзэж л байгаа бол бурууг зөв болгох, хүндрэлийг хямралд хүргэхгүй байх бодлогын уян хатан хувилбаруудыг дэвшүүлэн ажил хэрэг болгохын төлөө шаргуу тэмцэх ёстой.  Түүнээс биш төр, Зас­гийн аливаа ажилд дэгээ тавьж, хонзогносон байдлаар “Бид сонгуульд ялагдан цөөнх болж Засгийн эрхээс мултарсан. Бодлогоо тодорхойлж, улс эх орон, ард түмний өмнө үүрэг хүлээх нь олонхийн хэрэг” гэж хүйтэн хөндий хандах эрх байхгүй.  Ямар ч үед эрх баригч хүчинд хяналтаа тавьж, бодлого, сэтгэлгээ, арга барилаараа өрсөлдөх учиртай. МАН-ын ХХVII их хурал ямар ч шийдвэрт хүрч хэн нь ч дарга болсон хамаагүй Монгол Улсын цаашдын хөгжлийн асуудалд онцгой анхаарч, улс орны эдийн засаг, цаашдын тогтвортой хөгжил, тусгаар тогтнолын талаар тодорхой шийдвэр гаргах шаардлагатай. Тэгэх тусмаа, эдийн засгийн хямралын ирмэг дээр тулж зогссон одоогийн нөхцөлд тийм хэрэгцээ, шаардлага амьдралаас урган гарч ирж байгаа юм.  Гурав дахь хоногтоо үргэлжилж буй МАН-ын ХХVII их хурлын тө­лөө­лөгчид яг одоо намынхаа дүрмэнд оруулах өөрчлөлт, шинэчлэлтийн талаар ид хэлэлцэж байгаа. Тэд мон­голын улстөрийн ууган хүчний өнөөдрийг нуруун­даа үүрч, маргаашийн их итгэл найдварыг чиг­лүүлэх үүрэг хүлээсэн хү­мүүс. Ха­рин энэ үүргээ хэрхэн гүй­цэлдүүлэхийг тэд­ний оюун ухаан, мэдлэг, чадвар л шийдэх учиртай.
Меркелийн утсыг 2002 оноос хойш чагнасан байна
Германы канцлер Ангела Меркел Германы канцлер Ангела Меркелийн хувийн нууцад халдаж, гар утасны яриаг нь чагнасан гэх АНУ-ын тагнуулын албаны хэрэг бүр ч сэдэрч байна. Түүний гар утсыг 2002 оноос хойш тусгай төхөөрөмж ашиглан чагнаж байсан бө­гөөд энэ талаар баримттай материалуудыг Гер­маны “Дер Спигел” сэтгүүлд дэлгэжээ. Тус улсын засгийн газар АНУ-ын Тагнуулын албанаас гар утас чагнасан асуудалтай холбогдуулж албан ёсоор тайл­­бар хүссэн бөгөөд Ангела Меркель гар утсаа 2002 оноос хойш ашиглаж байгаа гэнэ.
Apple компаний 2013 оны үр дүн гарлаа
АНУ-д тухайн оныхоо 3 дугаар улирлаар санхүүгийн жил нь дуусдаг. Тиймээс өчигдөр Apple компани 2013 оныхоо үр дүнг олон нийтэд тайлагнажээ. Гүйцэтгэх захирал Тим Кукын мэдэгдсэнээр 2013 онд Apple компани 150 сая iPhone, 71 сая iPad, 16 сая Mac компьютер зарсан байна. Үүний үр дүнд Apple 171 тэрбум долларын орлого олж, үүнээс 37 тэрбум нь цэвэр ашиг болжээ. Мөн Кукын хэлснээр сүүлийн 5 улирлын туршид 36 тэрбум долларын ноогдол ашиг хувьцаа эзэмшигчиддээ тараажээ. Энэ тоог 100 тэрбум доллар хүртэл  өсгөнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 2013 онд 15 компани худалдаж авсан нь 3-4 сар тутамд 1 компани өөртөө нэгтгэсэн гэсэн үг юм. 2012 онд 156.6 тэрбумын орлоготой ажиллаж байсантай харьцуулахад 2013 онд 9 орчим хувийн өсөлттэй ажилласан байна. Харин ашгийн хувьд 2012 оны 41.66 тэрбумаас 37 тэрбум болж буурсан нь стратегийн хөрөнгө оруулалтуудад их мөнгө зарцуулсных ажээ.
Монгол иргэдийг хугацаанаас нь өмнө суллав
БНЧУ-ын Валдице болон Винаржице хотын хорих газарт ял эдэлж буй Монгол Улсын иргэн Х, Э нарыг ялын хугацааны тодорхой хэсгийг эдэлсний дараа хугацаанаас өмнө суллах эсэхийг хэлэлцсэн шүүх хурал энэ сарын 17, 25-ны өдрүүдэд боллоо.  Шүүх хуралд Прага дахь манай ЭСЯ-аас төлөөлөгч биечлэн оролцуулсан бөгөөд улсынхаа хоёр иргэнийг үлдэх ялаас чөлөөлөгдсөн тохиолдолд нутаг буцаах баталгаа гаргасан. Ингэснээр Монгол иргэдийг хугацаанаас нь өмнө суллах шийдвэрийг БНЧУ-ын шүүхүүд гаргалаа.
Хятад сэтгүүлч ял сонсоно
Хятадын “New Express” сонины бямба гарагийн дугаарт “Хятадын засгийн газар дарангуйллын шинжтэй үйлдлүүддээ хяналт тавих цаг нь болсон.  Улстөрийн шалтгаанаар хо­ригдож байгаа Чен Ян Жуг суллаач хэмээн бичсэн нь асуудал дагуулжээ.  Чен Ян Жу нь элдэв сөрөг утгатай нийтлэл, олон нийтийг тө­рийн эрх барих хүчний эсрэг уриа­­лан дуудаж тур­хирсан гэх шалт­гаанаар ба­ригд­сан нэгэн юм.  Харин сонины удирд­ла­гууд удал­гүй Хя­тадын зас­­­­гийн газ­раас ууч­лалт гуйж, Чен Ян Жуг аж­лаас нь халах болс­­ноо зарлаад цаа­­­­­­шид ямар арга хэмжээ авахыг хуулийнхан мэдэх байх хэмээсэн байна. Харин эрх баригчид тус сонины удирдлагуудад хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ. Түүнээс гадна Чен Ян Жуг шүүх хурал удахгүй товлогдох бөгөөд тэр хүртэл “New Express” “Zoomlion” хэвлэлийнхний үйл ажиллагааг зогсоохоор болжээ.
Бууз хил давна
Манай улсын гадагшаа экспортлох бүтээгдэхүүн нэгээр нэмэгдэж байна. Тэр бүтээгдэхүүн нь амттай бууз гэнэ. “БНХАУ-руу бууз экспортлохоор болжээ” гэх мэдээ сонсоход л сонирхол татлаа. Мэдээллийн мөрөөр судалж үзэхэд манай бууз үйлдвэрлэгчид буузаа БНХАУ-руу экспортод гаргахаар жил гаруйн өмнөөс санал нэгдэж, энэ тухайгаа Худалдаа аж үйлдвэрийн танхимаар дамжуулан Засгийн газарт оруулжээ. Засгийн газраас ч нааштай хандаж, өнгөрсөн хавар бууз экспортлох санамж бичигт хоёр улсын холбогдох яамдын сайд нар гарын үсгээ зуржээ. Эдүгээ бууз экспортлохтой холбогдон үүсэх асуудлуудыг зохицуулж, шийдвэрлэх яриа хэлцэл хоёр улсын хооронд болж байгаа аж. Бууз үйлдвэрлэгчид монгол буузаар Хөх хот, Эрээнийг хангах боломжтой гэсэн тооцоо гаргажээ. Монгол буузаа БНХАУ-руу экспортлох яриа хөөрөө бүр хоёр жилийн өмнөөс эхтэй ч тус улсад манайхаас хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн гаргах боломжгүй байснаар энэ асуудал удааширчээ. Гэвч манай бууз үйлдвэрлэгчдийн идэвхтэй санаачилга, хөөцөлдлөгөөний үр дүнд монгол бууз хил давахаар болсон байна. Ингэхэд буузаа яагаад экспортлохоор болов гэвэл хоёр жилийн өмнө Эрээн хотод болсон үзэсгэлэн худал¬даанд манай улсын бууз үйлдвэрлэгч компаниуд бууз, баншны төрлөөр оролцож, амталгаат худалдаа явуулахад бөөн оочер дугаар үүсч, 4.2 тонн буузыг маш богино хугацаанд төвөггүй, борлуулчихжээ. Тиймээс бууз үйлдвэрлэгчид монгол буузаа экспортод гаргая гэсэн санаачилга гаргаж, Хятадад зах зээл байна уу гэдгийг ч судалжээ. Хятадуудын өөрсдийнх нь хийдэг буузны 20-25 хувь нь мах байдаг бол манай монгол бууз 100 хувь мах орсон гэдгээрээ урд хөршийнхний сонирхлыг ихэд татжээ. Бас дээр нь манай малын махны амт, чанар сайн байсан нь урд хөршийн иргэдийг монгол бууз руу хошуурахад хүргэсэн юм билээ. Бууз үйлдвэрлэгчид монгол буузаар Хятадын том зах зээлийг хангаж дийлэхгүй нь тодорхой ч Хөх хот, Эрээнийг бол хангах боломжтой гэсэн тооцоо гаргасан гэсэн. Бууз экспортлох тухай яриа хөөрөө яагаад ийм урт настай байв гэвэл хоёр улсын Засгийн газрын хэмжээнд зөвшөөрөөгүй бол ямар ч төрлийн бараа, бүтээгдэхүүнийг заавал Хятад улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэх ёстой гэсэн шаардлага тавьдаг юм байна. Хэрвээ Хятадын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл явуулбал тэндээс мах гурилаа авна гэсэн үг болно. Үүнээс зайлсхийж, Замын-Үүдэд үйлдвэрлэлээ явуулаад цаашаа гаргах боломжийг компаниуд судалжээ. Ийм боломж ч байгаа юм байна. Гагцхүү хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр хийгээд Замын-Үүдийн чөлөөт бүсийн асуудлыг хүлээж байгаа гэх. Бууз экспортлоно гэсэн энэ мэдээлэлд иргэд хоёр талтай хандаж байна. Мэдээж бууз экспортлоход манай улсад валют орж ирэх сайн талтай гэх нэг хэсэг байхад их хэмжээгээр үйлдвэрлэж, өндөр үнээр гаргавал Монголд мах ховордож, махны үнэ нэмэгдэнэ гэсэн эмзэглэл тээж буй хэсэг ч байгаа юм. Эдийн засагчид өртөг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн экспортод гаргах хэрэгтэй байна гэдэг. Тэгвэл бууз хамгийн сайн өртөг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн юм. Энэ бэлэн бүтээгдэхүүнээ урд гэлтгүй хойд хөршдөө ч гаргах боломжтой. Амжилттай хэрэгжүүлбэл манай улсын эдийн засагт хувь нэмрээ өгнө. Гэхдээ дотооддоо махны үнэ нэмэгдэх гэх мэт сөрөг нөхцөл байдал үүсэхээс л сэргийлж чадвал шүү дээ.
“Үхлийн симфони” 31-нд нээлтээ хийнэ
“Үхлийн симфони” киноны уран бүтээлчид Халловины баярыг тохиолдуулан энэ сарын 31-ны өдөр “Оюунлаг” продакшны бүтээл “Үхлийн симфони” адал явдалт аймшгийн кино Тэнгис кино театрт нээлтээ хийхээр болжээ. Киноны найруулагчаар жүжигчин Р.Алтансүх ажилласан бол жүжигчдийн бүрэлдэхүүнд СУИС-ийн оюутнууд болон ангийн драм нэвтрүүлгийн шилдэг оролцогчид багтсан байна. Нээлтийн өдөр олсон нийт ашгийг тархины эвэрхийтэй Мөнхзаяа охины хагалгааны зардалд хандивлана. Түүний хагалгааны нийт зардал 200 сая төгрөг юм байна. Киноны уран бүтээлчдийн зүгээс хандив өгөөд зогсохгүй сайхан сэтгэлт хүмүүсийг бяцхан охин Мөнхзаяад туслахыг уриалж байсан юм. Мөн энэ өдөр хосоороо нүүр, хувцсаа хувиргаж ирсэн залууст тус киноны билетийг бэлэглэх ажээ.
Нийслэлчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ! Улаанбаатар хотын иргэд ээ!  Та бүхэндээ Нийслэлийн 374 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Бид нийслэлийнхээ өдрийг иргэдийнхээ дунд, тэднийхээ хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн, амжилт бүтээлээ цугтаа тэвэрч, аз жаргалын өрхийг татсан, иргэдийн оролцоонд тулгуурласан олон үйл ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ хийсэн ажлаа дүгнэх, хийх ажлаа төлөвлөх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн хүн ам 1.3 саяд хүрч, дэлхийн саятан хотуудын эгнээнд хэдийнэ шилжээд байна. Бидний өмнө Улаанбаатарыгаа цоо шинээр хөгжүүлэх, дүрэмтэй болгох, иргэдийн эрүүл, тайван, соёлтой амьдрах орчинг бүрдүүлэх, хүн бүрийн хүсэл эрмэлзэл, санал санаачлагад тулгуурласан хөгжлийн загвар гаргах зэрэг олон ажил ундарч байна. Бид төрөлх хотоо хөгжүүлэх ойрын болон дунд хугацааны хөтөлбөрүүдийг иргэдийн оролцоонд тулгуурлан боловсруулж, хотын ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар баталгаажууллаа. Гэр хорооллыг дахин төлөвлөж, хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх, Төрийн үйлчилгээг иргэдэд улам ойртуулан Улаанбаатар хотоо нэг төвт хотоос олон төвт хот болгон тэлэх түүхэн шийдвэр гаргалаа. Бид удахгүй метротой болно. Морьтой Монгол метротой Монгол болж дэлхийн сонорыг мялаах цаг айсуй байна. Ингэснээр хотын зам тээврийн эрэлт хэрэгцээг хангах төдийгүй эдийн засгийн шинэ орчин бий болгож, хөгжлийн хурдасгуурын гараас атгах болно. “Хүй долоон худаг”-ийг Монгол наадмын төв болгох бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь наадамчин олны талархлыг хүлээгээд зогсохгүй нүүдлийн соёл иргэншлийн гайхамшгийг дэлхийд бодитойгоор харуулах эхлэл боллоо. Бид хурдны зам тавьж, хотын утаа, замын түгжрэлээс салж, дагаж мөрдөх дүрэмтэй, өвөрмөц түүхтэй, өв соёлтой, найрсаг, эв нэгдлийн бэлгэдэл болсон шинэ Улаанбаатарыг цогцлоон байгуулж, “Хот шиг хот”-ыг  хойч үедээ ам бардмаар хүлээлгэн өгөх болно. Энэхүү сайхан үйлсийн амь цог нь нийслэлийн иргэд Та бүхний идэвхитэй оролцоо, санал санаачилга юм шүү. Бид жижиг асуудал гэж ялгаварлахгүй, биелэшгүй мөрөөдөл гэж эмээхгүй зүтгэх урам зоригтой байх ёстой. Дөрвөн хайрхан уулынхаа дунд гал голомтоо бадраасан Улаанбаатар хот маань таван тивийн том хотуудтай адил зиндаанд цэцэглэн хөгжиж, эх орныхоо арвин баялаг түүхийн алтан хуудсыг зузаатгасаар байх болтугай.   Нийслэлийн иргэн Танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.   НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА                                              Д.БАТТУЛГА НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                 Э.БАТ-ҮҮЛ
Улаанбаатарын урд ба одоо
Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд НЗДТГ-аас олон арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний нэг нь Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд гаргасан "Улаанбаатарын урд ба одоо" гэрэл зургийн үзэсгэлэн юм.  Өнгөрсөн 374 жилийн хугацаанд нийслэл төрхөө өөрчилөн будсан ч олон арван жилийн настай барилга байгууламж одоо ч байгаа нь энэхүү гэрэл зургуудаас харагдаж байв.
"Рио тинто" нэг тэрбум ам.доллараар уурхайгаа зарна
"Рио тинто" Австрали дахь нүүрсний уурхай "Рио тинто" Австрали дахь нүүрсний уурхайн хувь эзэмшлээ нэг тэрбум ам.доллараар худалдана хэмээн зарласныг BBC мэдээллээ. Ингэхдээ тус компани Австрали дахь чулуун нүүрсний уурхайн 50.1 хувиа Швейцарь, Японы томоохон нэгдэлд худалдахаар болж байгаа юм. Англо-Авсралийн "Рио тинто" компани Квинслэнд дахь байгууламжийн худалдаанаас 1.02 тэрбум ам.доллар хүлээн авчээ.
Гүржийн сонгуульд М.Саакашвилийн дайснууд ялалт байгуулав
"Гүржийн мөрөөдөл” намаас нэр дэвшсэн Георгий Маргвелашвили Өнгөрсөн ням гаригт болсон Гүржийн төрийн тэргүүний сонгуулийн санал хураалтын дүнгээр "Гүржийн мөрөөдөл” намаас нэр дэвшсэн Георгий Маргвелашвили тэргүүлж байгаа талаар тус улсын Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэв. Өчигдөр үдийн байдлаар тус хороо саналын нийт хуудасны 91 хувийг тоолоод байсан бөгөөд тухайн үед нэгтгэсэн дүн мэдээгээр Г.Маргвелашвили сонгогчдын 62.09 хувийн саналыг авчээ. Харин халаагаа өгч буй Ерөнхийлөгч Михаил Саакашвилийн намаас нэр дэвшсэн Давид Бакрадзег нийт сонгогчдын 21.9 хувь нь дэмжсэн байна. Харин парламентын спикер асан Нино Буржанадзе 10.06 хувийн санал авсан гэнэ. Нийт 21 нэр дэвшигч өрсөлдсөн тус сонгуульд, бүртгэгдсэн сонгогчдын 46.6 хувь буюу нэг сая 648 мянга 662 хүн оролцсон бөгөөд Гүржийн хуулиар бол сонгуульд оролцсон иргэдийн талаас илүү хувийн саналыг авсан хүн ялсанд тооцогддог байна. Сонгуулийн эхний шатанд ялах болзлоо хангаад буй Г.Маргвелашвилийн төлөө 830 мянга гаруй хүн саналаа өгчээ.
Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг ирэх сарын 20-оос олгоно
Их дээд сургуулийн бакалаврын болон магистр, докторын өдрийн ангийн суралцагчдад олгодог үндэсний болон урамшууллын тэтгэлгийг ирэх сарын дундуур олгохоор болжээ.  Энэ талаар Сургалтын төрийн сангийн дэд захирал П.Даваасүрэнгээс тодрууллаа. -Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг хэзээнээс олгож эхлэх вэ. Энэ хичээлийн жилд улирал, улиралаар нь олгохоор болсон талаар тодруулахгүй юу? -Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг ирэх сарын 20-оос олгож эхэлнэ. Одоогийн байдлаар Боловсролын үнэлгээний төвд оюутнуудын овог нэр, регистр, дансны дугаар зэрэг мэдээллийг тулгаж байгаа. П.Даваасүрэн:Оюутны тэтгэлэг олгох журамд өөрчлөлт ороогүй. 9, 10, 11, 12 дугаар сарын мөнгө оюутнуудын дансанд орно.  -Энэ хичээлийн жилд нийт хэчнээн оюутан тэтгэлэг авах вэ? -Өнгөрсөн жил давхардсан тоогоор 166 мянга орчим оюутан тэтгэлэг авсан. Оюутнуудын мэдээллийг тулгаж дуусаад бүх зүйл тодорхой болно. -Олгох журамд өөрчлөлт орсон уу. Өнгөрсөн жилийн хувьд тэтгэлэг олголт удааширч байгаа талаар багагүй шүүмжлэл гарсан шүү дээ? -Оюутны тэтгэлэг олгох журамд өөрчлөлт ороогүй. Өнгөрсөн жил олгож байсны дагуу үргэлжилнэ. Ингэхдээ нэг улирлынх буюу 9, 10, 11, 12 дугаар сарын тэтгэлгийн мөнгө оюутнуудын дансанд орно.  Өөрөөр хэлбэл, тэтгэлгийн мөнгө оюутнуудын дансанд байрших юм. Энэ жилийн хувьд оюутан залуус smart карттай болсон байгаа.  Түүгээрээ дамжуулаад арилжааны банкнаас мөнгөө авах юм. Тэтгэлгийг улиралд нэг удаа баталгаажуулж олгодог. Дараагийн улиралд дахин баталгаажуулна. Сургалтын тэтгэлгийг ийм маягаар улирал бүрт баталгаажуулж олгодог байгаа. -Үндэсний болон урамшуулалт тэтгэлгийг хэн авах эрхтэй вэ? -Үндэсний тэтгэлгийг Засгийн газрын 19 дүгээр тогтоолд тодорхой заасны дагуу Монгол Улсын аттестатчлагдсан дээд боловсролын сургалтын байгууллага зохих журмын дагуу суралцах чадвар, идэвх санаачилга, төлөвшлийг илтгэн харуулсан өдрийн ангийн оюутанд олгож байгаа.  Хөдөлмөр хийснийхээ төлөө ажлын хөлс авдаг шиг оюутнуудын дээд боловсрол эзэмшиж байгааг хөдөлмөр гэж үзэж тэтгэлэг олгож эхэлсэн. Оюутнууд энэ алтан боломжийг алдахгүйгээр сайн суралцаад урамшууллын тэтгэлгийг 50, 75 хувь хүртэл нэмж авах хэрэгтэй.  Дөрвөн жил гэдэг богинохон хугацаа шүү дээ.Тэгэхээр оюутан залуучууд дөрөвхөн жилийн хугацаанд ирээдүйнхээ төлөө, ирээдүйн баталгаагаа хангахын тулд төрөөс явуулж байгаа энэ чухал бодлогыг давуу тал болгон ашиглаж, ихээхэн менежмент, ур чадвар, зүтгэлтэйгээр, идэвх санаачлагатай суралцах нь юу юунаас чухал байна. -Урамшууллын тэтгэлэг гэдэг нь үндэсний тэтгэлгээс юугаараа ялгаатай юм бэ? -Урамшууллын тэтгэлэг гэдэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50, 75, 100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохыг хэлж байгаа юм. Энэ нь суралцагчийн голч дүнгээс шалтгаалан урамшуулал олгоно гэсэн үг.  Тухайлбал, голч дүн нь 3.6 ба түүнээс дээш бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувьтай тэнцэх тэтгэлэг авах боломжтой болно.  Улсын олимпиадад эхний гурван байранд шалгарсан шинээр элсэгчид 100 хувийн тэтгэлэг авна. Түүнчлэн олон улсын олимпиадад оролцож шагналт байранд орсон шинээр элсэгчдэд 100 хувийн тэтгэлэг олгох жишээтэй.  Хэрэв олон улсын байгууллага магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр болон гадаадын нэр хүндтэй сургуультай хамтарсан хос хөтөлбөрөөр сурч байгаа оюутан 2.8-аас дээш голч дүнтэй бол 50 хувийн тэтгэлэг авах юм.
У.Мөнх-Эрдэнэ: Зорилгодоо хүрч чадсангүй
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Казахстаны нийслэл Алматы хотод болсон ДАШТ-д эх орноо төлөөлөн явсан долоон тамирчнаас ганцаараа медальтай ирсэн гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өчигдөр 14:00 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардлаа. Түүнийг угтан авахаар гэр бүл, найз нөхөд, Монголын боксын холбооны төлөөлөл болон дэмжигчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд очсон байв. Тэрбээр сүүлийн 10 гаруй жил боксоор хичээллэхдээ ард түмнийхээ итгэлийг алдаж үзээгүй. Хэдийгээр ДАШТ-д хэл амтай явсан ч дэлхийн тамирчин гэдгээ нотолчихоод ирсэн юм. Энэ нь түүний анхны нотолгоо биш. Тэрбээр тив, дэлхийн тэмцээүүдээс алинаас нь ч хоосон ирж байгаагүй юм. Түүнийг нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхимд орж ирэхэд хүмүүс алга нижигнүүлэн ташиж, мөнгөн аяга сүү барин угтсан. У.Мөнх-Эрдэнэ: Ядаж долоо хоног дэлхийн мундагуудтай бэлтгэл хийгээд, тулалдсан бол илүү амжилт гаргаж болох байсан. Хүн бүхэн гар барьж, медалиас нь адис авахаар зүтгэцгээж байсан юм. Энэ үеэр түүний баярын сэтгэгдлийг нь хуваалцсан юм. -Сайн явж ирэв үү. Эх орондоо медаль авчирсанд тань баяр хүргэе. -Сайн явж ирлээ. Медаль авсандаа баяртай байна. Гэхдээ төрийн дууллаа эгшиглүүлэх боломж байсан ч чадсангүй. н.Уранчимэг: Анх явахдаа л бөөн хэл ам болж явсан учраас санаа зовж л байлаа. Гэхдээ миний хүү чадсан. -Энэ амжилтаа чамлаж байгаа юм уу даа? -Мэдээж энэ бол миний болон намайг дэмжиж байсан хүмүүсийн хүч, хөлс, сэтгэлийн дэмээр олдсон амжилт. Тиймээс чамлаж байна гэж хэлж болохгүй байх. Гэхдээ төрийнхөө дууллыг эгшиглүүлэх боломж надад байсан. Гол нь энэ жил дэлхийн чанартай тэмцээнд ороогүй, өндөр чадвартай тамирчидтай тулалдаагүй учраас мөнгөн медалийн төлөөх тоглолтод ялагдчихлаа. Ядаж долоо хоног дэлхийн мундгуудтай бэлтгэл хийгээд, тулалдсан бол илүү амжилт гаргаж болох байсан. -Итгэл хүлээлгэж байсан тамирчдаас танаас бусад нь медаль хүртэж чадсашүй. Энэ тал дээр? -Түүнийг би сайн мэдэхгүй байна. Хүн бүхэн дор бүрнээ дүгнэлт хийж байгаа байх. Нөгөө талаар бид өөрсдийн шүүгчгүй энэ тэмцээнд оролцсон. -Одоо таныг томоохон ямар тэмцээн хүлээж байгаа вэ? -2015 оны ДАШТ, 2016 оны олимп. Тиймээс одооноос бэлтгэлээ хийнэ. Энэ тэмцээнд надаас олон насаар ах хүмүүс оролцож амжилт гаргасан. Тиймээс надад ч гэсэн тийм боломж байгаа гэж бодож байна. Ирэх онуудад болох дэлхийн чанартай тэмцээнд амжилт гаргахын төлөө хичээнэ дээ. Түүний ээж Уранчимэг хүүгээ мөнгөн аягатай сүү барин угтсан юм. Ээжид нь ч үнсүүлэлгүй шахам зургийг нь дарж, ярилцлага авах, гар барих гэж хүмүүс бужигналдаж байлаа. У.Мөнх-Эрдэнийн ээж н.Уранчимэг “Хүүгээ хүрлийн төлөө тулалдаад ялахад баярлаж байсан ч дараа дараагийн тоглолтыг нь бодоод түгшиж байсан. Миний хүү ард түмнийхээ итгэлийг алдахгүй дэлхийн аварга болоосой гэж хүсч байсан учраас тэр. Анх явахдаа л бөөн хэл ам болж явсан учраас санаа зовж л байлаа. Гэхдээ миний хүү чадсан. Ард түмнийхээ итгэлийг алдаагүй. Медаль авах боломжтой олон тамирчин явсан боловч энэ жилийн ДАШТ-ээс ганцхан медальтай ирлээ. Энэ нь дасгалжуулагчтай нь л холбоотой гэж би үзэж байгаа” гэв.
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын хэргийг АТГ-т шилжүүлэв
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар Өмнөх Засгийн газрын сүүл үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатарт холбогдох хэргийг УМБГ-аас харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.  Түүнийг мөнгө угаасан, авлига авсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм. Дээрх хэрэгт холбоотойгоор түүний хүү Энхбат, иргэн Батаа нарыг хамт шалгаж буй. Н.Хүрэлбаатарын хүү Энхбатын Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, Зайсан дахь “Рапид харш” хотхоны орон сууцнаас 2011 оны хавар төмөр шүүгээтэй 600 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют алдагдсан хэрэг гарсан.  Тэр үед энэ талаар мэдээлж байсан ч хууль хяналтын байгууллагынхан үргэлжлүүлэн шалгалгүй өнгөрөөсөн. Тухайн үед Энхбатын найз бүсгүй Б.Болортуяаг цагдан хорьж шалгасан бөгөөд хулгай хийсэн этгээдүүд “Наад эмэгтэй чинь энэ хэрэгт ямар ч хамаагүй” гэсэн мессеж Н.Хүрэлбаатарын хүүгийн гар утас руу илгээж, улмаар төмөр шүүгээг нь онгойлгож чадалгүй, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх хогийн цэгт хаяснаа мэдээлсэн байсан юм.  Хууль хяналтын байгууллагынхан мессеж илгээсэн дугаараар хөөж шалгахад утасны эзэмшигч иргэн “Миний утсыг гуйж нэг залуу мессеж бичээд 5000 төгрөг өгсөн. Тэр хүн “Ахынх нь утас цэнэггүй болчихлоо” хэмээсэн” гэж тайлбарласан гэдэг. Хуулийн байгууллагынхан төмөр шүүгээг онгойлгоход дотор нь хоёр сая 245 мянган юань (Монголбанкны 2011 оны ханшаар 419 сая гаруй төгрөг) болон 6000 ам.доллар гарч байжээ. Тэр үед хүү Х.Энхбат нь “Аав энэ төмөр шүүгээг манайд тавьсан. Юу байгааг нь би мэдэхгүй” гэж тайлбарлажээ. Хүү нь мөнгөний талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй байсан байж магадгүй. Тэр үед Н.Хүрэлбаатар мөнгөний талаар хууль хяналтын байгууллага, хэвлэлийнхнээс нууцалж байсан гэх. УМБГ Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын хүүгийн гэрээс алдагдсан их хэмжээний мөнгө нь бусдаас хахуульд авсан, мөнгө угаасан гэмт хэргийн замаар олсон хөрөнгө байж болзошгүй үндэслэл байгаа учраас өнгөрсөн хавраас УМБГ-т дахин шалгаж эхэлсэн юм.  Энэ үеэр Н.Хүрэлбаатар хилээр гарсан бөгөөд “Мөрдөн байцаалтаас оргосон” гэж бичиж байв. Гэвч тэрбээр зургадугаар сарын 7-нд эх орондоо очно хэмээн шавь нараараа дамжуулан мэдэгдэж, тухайн өдрийнхөө 22.10 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцноос буумагц нь цагдаагийнхан баривчилсан. Түүнийг баривчилсны дараа хүү болон иргэн Батаа нарыг батлан даалтад сулласан бол өнгөрсөн есдүгээр сард Н.Хүрэлбаатарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн гадуур гаргасан юм. Түүнээс хойш энэ хэрэг хэрхсэн нь сураггүй. Баттай эх сурвалжийн мэдээлснээр хэргийн мөрдөн байцаалт хэвийн үргэлжилж буй бөгөөд УМБГ, АТГ-ын хамтарсан Ажлын хэсэг Н.Хүрэлбаатар нарт холбогдох хэргийг шалгаж байснаа өдгөө зөвхөн АТГ-ын мөрдөн байцаагч нар байцаалтаа үргэлжлүүлж буй гэнэ. Тэд мөнгөний эх үүсвэрийг тодорхойлох, хэрхэн олж авсныг тогтоохоор ажиллаж буй аж. Мөнгөний эх үүсвэр нь тодорхой болсон гэх мэдээлал буй ч хууль хяналтын байгууллагынхан “Шалгалт дуусаагүй болохоор энэ талаар хэлэх эрт байна” хэмээсэн.
С.Оюун: Нөхөн сэргээлтээ хийгээгүй компаниудын хар жагсаалт гарна
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өчигдөр сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” хийлээ. Тэрээр салбартаа өрнөж буй бүтээн байгуулалт болон хууль, эрх зүйн ямар өөрчлөлт орж байгаа талаар ийн ярьсан юм. -Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш салбар бүрт шинэчлэл хийхээр ажиллаж байгаа. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны тухайд ямар шинэчлэл хийв? -Засгийн газар Шинэчлэлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гээд нэлээд шамдуу ажиллаж байна. Үр дүнг нь өнөөдөр шууд мэдрэх гэхээс илүүтэй тогтолцооны гажуудлыг засах, бүтээн байгуулалтыг цар хүрээтэй хийх бодлогыг хэрэгжүүлэх учиртай. Олон түмэн хүлээлт ихтэй байгаа нь үнэн гэж бодож байна. С.Оюун: Бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, модон бэлдэцийг НӨАТ-аас чөлөөлүүлэх хуулийн төслийг өргөн барина. Манай салбарын хувьд гэхэд л улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, зорилтыг байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах, нөөц баялгаа зохистой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаатай нягт уялдуулах зорилго тавьсан. Энэ зорилго бүх яамны бодлого, бүтээн байгуулалттай нягт уялдана. Нэг ёсондоо тогтвортой хөгжлийн үндэс нь байгаль орчинтой зөв харьцахад оршино гэсэн үг. Тодруулбал, байгаль экологийн тэнцвэрийг хадгалсан, хүний аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрэн хангасан ногоон хөгжлийн бодлогыг бид хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ үүднээс “Ногоон хөгжил” үзэл баримтлал, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг бид боловсруулан энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Уг үзэл баримтлалыг УИХ-д оруулж батлуулах юм. Үүнд зөвхөн шинэчлэлийн Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагаа бус ирэх 20 жилийн ногоон хөгжлийн бодлогыг төлөвлөсөн байгаа. Өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-аар баталсан Байгаль орчны багц хууль байгууллага, хувь хүн, иргэний нийгэм, аж ахуйн нэгжийн байгаль орчинтой харьцах харилцааг зохицуулсан. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шинэчлэлийн чанартай хэд хэдэн журам зохицуулалтыг ой, ус, ан амьтан гээд чиглэл, чиглэлээр нь хийж байна. -Тэгвэл ойжуулах, ногоон байгууламжийг бий болгох талаар ямар бодлого хэрэгжүүлж ажиллаж байна вэ? -“Монгол Улс газар нутгийнхаа 30 хүртэлх хувийг улсын тусгай хамгаалалтад авах, Монгол орны Говийн бүсэд 3000 шахам км ойн зурвас байгуулах зэрэг томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Өнгөрсөн 2009 онд УИХ-аас Ойн сан бүхий газрыг уул уурхайн үйлдвэрлэлээс чөлөөлөх тухай хуулийг баталсан. Энэ нь ойн экосистемийг хамгаалах, нутгийн иргэдийн өргөн оролцоотой ойн тогтвортой менежментийг хөгжүүлэхэд чиглэсэн зөв зохицуулалт болсон юм. Харин 2012 онд Ойн хуулийг шинэчилсэн. Хуулийг хэрэгжүүлэх хэд хэдэн журмыг Засгийн газрын хуралдаанаар баталсан юм. Мод тарих, ойжуулах, ойн сангаа арвижуулах үйл ажиллагааг эдийн засгийн хувьд нь хөхиүлэн дэмжих бодлого их чухал. Иймээс Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал гарч “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх, таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журам”-ыг баталсан. Энэхүү журмын гол зорилго нь ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийг шалгаж хүлээж авах, тэдгээрийг санхүүжүүлэх. Мөн иргэн өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн газартаа, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газартаа өөрийн хөрөнгөөр тарьж, ургуулсан таримал ой, модыг үнэлэх, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх, ойн санд шилжүүлэх харилцааг зохицуулахад оршиж байгаа юм.   Өөрөөр хэлбэл иргэн, аж ахуйн нэгжийн хувийн хөрөнгийг ойжуулалтын ажилд зарцуулах хэд хэдэн хөшүүргийг шинээр бий болгосон. Тухайн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн хөрөнгөөр ойжуулалт хийвэл төр худалдаж авах юм. Гэхдээ тодорхой газруудад тарьж ургуулсан мод, бий болсон ой, төгөл, зурвасыг худалдан авна. Тухайлбал, мод бэлтгэсэн талбай, ойн түймэр, хөнөөлт шавж болон бусад байгалийн гамшигт өртсөн талбайд тарьж ургуулсан ой, мод, усны ундарга, гол мөрний эх, эрэг дагуу болон баян бүрдийг хамгаалах зорилгоор тарьж ургуулсан ой, мод зэргийг үнэлж, худалдан авна. -Төр ямар хэмжээний таримал ой, модыг худалдаж авна гэсэн үг вэ? -Төрд худалдах таримал ойн хэмжээ 0.5 га- гаас багагүй, ойт хээрийн бүсэд 0.5 га-д 700, тал хээрийн бүсэд 500, говь цөлийн бүсэд 300-аас багагүй байна. Түүнчлэн  цаашид ургаж амьдрах чадвар бүхий таримал модтой байх ёстой. Хэрэв ойжуулсан талбай 0.5 га-д хүрээгүй эсвэл 0.5 га-д байгаа модны тоо заасан хэмжээнээс цөөн байвал таримал модыг тоолж үнэлнэ. Гэхдээ худалдаж авах модны тоо хамгийн багадаа ойт хээрийн бүсэд 450, тал хээрийн бүсэд 250, говь цөлийн бүсэд 150 ширхэгээс цөөнгүй байх шаардлагатай. Энэ нь нөгөө талаар ногоон ажлын байрыг бий болгоход ч үр өгөөжөө өгнө гэж бодож байгаа. Журамд орсон бас нэг чухал заалт бол иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр өөрийн өмчлөлийн болон эзэмшил газартаа тарьж ургуулсан таримал ой, модыг өмчлүүлэхээр тусгасан. Үүнд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 2003 оноос хойш тарьж ургуулж байгаа ой, төгөл, модыг хамруулна. Өөрөөр хэлбэл иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмчлөлийн болон эзэмшил газарт тарьж, тордож, ургуулсан бяцхан төгөл, модондоо таримал ойг өмчлүүлсэн тухай гэрчилгээ авснаар иргэн хүний үл хөдлөх хөрөнгө нэмэгдэж байгаа гэж ойлгож болно. -Хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас  Туул голын сав дагуу хайрга  олборлож байгаа компаниудыг лицензийг цуцалсан гэсэн үү? -1994 оноос хойш 84 компани хайрга олборлох тусгай зөвшөөрөлтэй байдаг. 1994 онд батлагдсан Байгаль хамгаалах тухай хуулиар сав газар үйл ажиллагаа эрхлэхийг хатуу хориглосон байдаг. Гэтэл энэ компаниуд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан. Өнгөрсөн хавраас эхлээд цагдаагийн болон мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран эдгээр компанийн хууль бус үйл ажиллагааг зогсоохоор ажилласан байгаа. Өөрөөр хэлбэл, идэвхтэй ажиллаж байсан 34 компанийн үйл ажиллагааг зогсоож чадсан. Одоо харин идэвхгүй, үйл ажиллагаа төдийлөн явуулаад байдаггүй 50 гаруй лиценз бий. Энэ лицензийг цуцлуулахаар манай яамнаас Ашигт малтмалын газарт хоёр удаа хандаад байна. Ямар ч байсан энэ лицензийг цуцлах ёстой. -Урт нэртэй хуулийг дагалдах журмыг өөрчлөх тухай асуудал УИХ-ын төвшинд яригдаж байна. Энэ хууль батлагдснаар уул уурхайн хэд, хэдэн компанийн үйл ажиллагаа сэргэнэ гэж байгаа. Нөхөн сэргээлтээ хийгээгүй компани үйл ажиллагаагаа явуулахгүй гэх баталгааг өгч чадах уу? -Энэ дагалдах журмыг судлах ажлыг хэсгийг Д.Арвин гишүүн ахалж байгаа. Удахгүй шийдвэр, дүгнэлтээ гаргах байх. Ер нь бол нөхөн сэргээлтээ хийгээгүй, байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулсан компаниудын хар жагсаалтыг манай яамныхан гаргаж байна. Энэ жагсаалтад орсон  л бол хуулиараа ажиллах боломжтой байсан ч бид зөвшөөрөл өгөхгүй. -Байгаль хамгаалагчдын чуулган болно гэсэн. Тодруулахгүй юу? -Манай яамны харъяа 350 байгаль хамгаалагч бий. Тэд ирэх сарын 1-нд Төрийн ордонд байгаль хамгаалахад учрах саад бэрхшээл, хууль эрх зүйн хувьд ямар өөрчлөлт хэрэгтэй байгаагаа ярих учиртай. -Мод, модон бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх тухай яриад байгаа. Ингэснээр дотоодод хууль бусаар мод бэлтгэж байгааг зогсоож чадах уу? -Манай яам УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд мод, модон бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх асуудлыг оруулсан. Ойг зөвхөн мод, модон материалын түүхий эдийн нөөц гэж харж болохгүй. Гэтэл манай улсын ойгоор бүрхэгдсэн талбайн эзлэх хувь багасаж тэр чинээгээрээ ойн сан доройтолд орж байна. Ганц нэг тоо хэлэхэд ойн түймэрт нэрвэгдэж дахин ургах чадваргүй болсон ой 1196.8 мянган га, хөнөөлт шавжид идэгдэж хатаж хуурайшсан ой 95.7 мянган га, мод бэлтгэсэн талбай 114.1 мянган га, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр эвдрэлд орсон 3.7 мянган га ой байна. Ойгоор бүрхэгдсэн талбай 10 жилийн дотор 289757 га талбайгаар хорогдсон. Иймээс манай яам бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, модон бэлдэцийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх хуулийн төслийг Засийн газар, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Импортоор орж ирж буй зүсмэл модон материалын чанар дотоодынхоос илүү, стандартад нийцдэг. Нөгөө талаар дотоодын үйлдвэрлэлийн техник, технологи дэлхийн төвшинд хүрч байгаа учраас чанартай түүхий эд шаардлагатай байгааг үйлдвэрлэгчид ярьдаг. Энэ утгаараа ойн санг хамгаалах, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих нэг арга нь татвараас чөлөөлөх юм. Ингэж эрэлт нийлүүлэлтийг зохицуулж чадвал хууль бусаар мод бэлтгэх асуудлыг ч зогсоож чадах болов уу. Түүнчлэн үүний цаана ойгоос үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэхийг бүрэн хориглох бодлого бий. -Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны зүгээс цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэхээр ажиллаж байгаа вэ? -Дэлхийн дундажаас бараг гурав дахин хурдацтай явж буй Монгол орны дулаарал нь цөлжилт, бэлчээрийн доройтолд хүргэх сөрөг үр дагавартай байгаа. Ийм нөхцөлд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон хөгжлийн бодлогыг хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахтай харилцан уялдуулах хэрэгтэй. Ингэхдээ Монголд болон дэлхийд үр дасан зохицох технологи нэвтрүүлэх шаардлагатай. Олон улсын санхүүгийн дэмжлэгийг ч олох боломжтой гэж яамны зүгээс үзэж байгаа юм. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчээр Монголын нөхцөлд ажиллах хөргөгчийг шинээр зохион бүтээх ногоон технологийг манай яам Япон улстай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цөлжилттэй тэмцэх нь нэлээд цаг хугацаа шаардсан ажил. Өнгөрсөн онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг баталсан. Мөн Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр Дундговь, Өвөрхангай аймагт “Шар шороон шуурганы эх үүсвэртэй тэмцэх” төслийг хэрэгжүүлсэн. Иргэдэд бэлчээрийг зүй зохистой, хуваарьтай ашиглах, хаших, малчдын түлшний асуудлыг шийдвэрлэх талаар сургалт явуулж үр дүнтэй болсон.
А.Мөнгөншагай: Хамтлагтаа зүтгэх үү, хамбаа хийх үү гэж найзууд маань хошигнодог
“Гурван бүдүүн” хамтлагийн гишүүн А.Мөнгөншагай “Гурван бүдүүн” хамтлагийнхан ирэх сарын эхээр Шенгений орнуудаар аялан тоглолтоор явах гэж байгаа. Харьд суугаа монголчууддаа хүргэх гэж буй тэдний уран бүтээл болон хамтлагийнхны талаар ярилцахаар тус хамтлагийн гишүүн А.Мөнгөншагайтай уулзсан юм. -Танай хамтлагийнхан удахгүй Шингений орнуудаар тоглолтоор явах гэж байгаа гэсэн. Ажил нь хэр амжиж байна даа? -Амжуулж л байна даа. Бидний виз гарсан. Тиймээс бид уран бүтээлийн болон хувийн бэлтгэлээ базаах л үлдсэн. Тиймээс  аялан тоглолтынхоо бэлтгэлийг базааж байгаа. Очсон газар бүртээ нэг нэг удаа л тоглоно. Бүтэн сар аялна. А.Мөнгөншагай: Хийдэд суудаггүй ч  намайг мэддэг болчихсон тодорхой хүрээллийн хүмүүс байдаг. Тэдэндээ цаг зав гаргаж, үзэж өгдөг л дөө.  -Гадаадад суугаа монголчууд­тайгаа ямар уран бүтээлээр уулзах гэж байна даа? -Тийм ээ. Бид энэ жил уран бүтээлийн ургац арвинтай байлаа. “Монгол ээж” хэмээх шинэ цомгоо гаргалаа. Түүнд багтсан дуунуудаа  клипжүүлж байгаа. “Аав минь ирж яваа” дууны маань клип өнөө маргаашгүй цацагдана. Бусад дуугаа ч дүрсжүүлж эхэлсэн. Үүнтэй зэрэгцүүлэн дараагийн цомгийн ажлаа ч эхлүүлчихсэн байгаа. Түүнд орох дуунуудаа, клипжүүлэн олонд хүргээд байгаа. Тухайлбал, “Бид нэг ангийнхан” дуу хүмүүст их таалагдаж байгаа юм билээ. Клипний зураг авалтаа Завхан аймгийн Их-Уул суманд хийсэн. Бидний хамгийн хол явж хийсэн клипээр тодроод байгаа юм. Шүлгийг нь Завхан аймгийн уугуул Отгонбаяр гэж найрагч залуу бичиж, аялгууг нь би хийсэн. -Танай хамтлагийг морины тухай дуу дуулах гэж байгааг дуулсан. Поп уянгын стилиэр дуулдаг танай хамтлагийг ийм дуу дуулна гэхээр сонин санагдаж байлаа. Энэ саналыг хэн тавив? -Зохиолын дуучид морины тухай  их дуулдаг. Рок попынхноос “Чингис хаан”-ы Жагаа ах, “Харанга”-ын Лхагва ах нарын сайхан дуунууд байдаг ч поп урсгалаар дуулдаг хамтлагийнхны дуулсан нь  бараг байдаггүй юм билээ. Гэхдээ бид морины дуу дуулъя гэж бодоогүй л дээ. Харин манай хамтлагийн “Ижийгээ гомдоох учиргүй” дууны үгийг зохиосон Балдорж /дуучин Оюунтүлхүүрийн нөхөр/ бидэнтэй дахин нэг дуу хамтран бүтээх санал тавьсан. Тэгээд “Өгөөмрийн хурд” гэдэг дууны шүлгийг бичиж өгсөн юм. Тухайн үед их гайхсан, бас чадах болов уу гэдэгтээ өөртөө итгэл дундуур байсан. Учир нь аав ээжийн, хайр сэтгэлийн уянгын дуунд аялгуу хийж байснаас морины нэг ч дуу хийж үзээгүй болохоор тэр шүү дээ. Гэтэл Балдорж “Шагай чи л чадна” гэж хэлээд, надаар хийлгэхийг хүссэн. Тиймээс уран уран бүтээлийн андтайгаа дахин нэг бүтээл дээр хамтран ажиллах болсон. Дуучнаар нь манай хамтлагийг сонгосон. -Морины дуу дуулахад ямар байна. Ийм төрлийн дуу урагшаа тэмүүлсэн, цохилолттой шүү дээ. Та нарын стилиэс шал өөр санагдах юм? -Бид анх сонсчихоод бас л яг ингэж хэлсэн. Гэтэл “Та нарын стиль шал өөр. Поп дундаа уянгын шүү дээ. Тиймээс морины дуу дуулахдаа нийтийн дуучид шиг байх албагүй. Та нарын стильд нийцсэн морины дуу байна уу гэхээс стилиэ эвдэж болохгүй” гэдгийг хүмүүс зөвлөсөн. Тиймээс бид яг өөрсдийн стилиэр дуулж, дээр нь морин хуур тоглосон чинь маш гоё болсон. Хавраас клипжүүлж олны хүртээл болгохоор төлөвлөж байгаа. -Та хамтлагтаа дуулна, дуунуудынхаа аялгууг зохионо. Харин нөгөө хоёр гишүүн дуулахаас өөр ямар үүрэг гүйцэтгэж байна? -Нөгөө хоёр маань дуунуудынхаа шүлгийг зохионо. Мөн аялгуу зохиох тал дээр миний хамгийн сайн зөвлөх, шүүмжлэгч байж чаддаг. Сайн зөвлөгч, шүүмжлэгчтэй учраас би тэдэндээ гологдох аялгуу зохиохыг хүсдэггүй. Мөн маш сайн зохион байгуулагчид. “Гурван бүдүүн” хамтлагийнхан ирэх сарын эхээр Шингений орнуудаар аялан тоглолтоор явах гэж байгаа -Танай хамтлаг ирэх жил арав дахь жилтэйгээ золгох гэж байна. Гэтэл одоо хүртэл хамтлагийн нэр сонирхол татсаар байдаг. Анх гарч ирэхдээ та гурав одоогийнх шигээ тарган байгаагүй шүү дээ. Тэгсэн атлаа яагаад ийм нэр бодож олов. Хэн нь хамтлагтаа нэр хайрласан юм? -Одоогоос арван жилийн өмнө бид хамтлагаа байгуулсан. Тухайн үед бид тарган  байгаагүй. Хамтлаг маань өөр нэртэй байсан. Янз бүрийн стилиэр дуулах гэж оролддог, бүжиглэдэг  байсан. 2003 онд “Ромео Жульетта” жүжгийг модерн чиглэлээр тавьсан юм. Тэр жүжгийг соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Ганхуяг  найруулж байсан. Тэгээд жүжигтээ  залуусыг тоглуулж, дууг нь ч шинэ залуу хамтлагаар дуулуулахаар болсон. Түүнд нь бид таарч, дууг нь дуулж байсан. Дууг нь ч дууллаа, клип нь ч гарлаа. Клипэн дээр хамтлагийн нэр тавих гэтэл бидэнд олигтой нэр байдаггүй. Уг нь олон нэр байсан ч яг уран бүтээлийн нэрээ болгочихоор тогтсон зүйл байгаагүй. Хоорондоо ярилцаж байгаад олонхийн саналаар “Гурван бүдүүн” гэж нэрлэсэн. Сонин байх болов уу гэсэндээ л ийм нэр өгсөн. Түүнээс биш, тийм тарган байгаагүй шүү дээ. Хоёр нь таарсан л биетэй, нэг нь туранхайдуу ч байсан байх. Цол дагаж бяр гэгчээр сүүлийн үед гурвуулаа маш их таргалсан. Гэхдээ одоо хамтлаг дотроо турах уралдаан зарлачихсан байгаа /инээв/. -Хамгийн амжилттай жингээ хасч байгаа нь хэн бэ? -Гурвуулаа л хичээж байгаа. Би дундаж бүдүүн нь байсан чинь одоо хамгийн тарган нь болсон. Одооноос хөдөлгөөн сайтай байж, турах уралдаандаа түрүүлнэ ээ. -Хамгийн тарган нь та юм бол хамтлагийнхан тань гайгүй юм биш үү. Нууц биш бол одоо хэдэн килограмм жинтэй байна? -Их тарган хүмүүсийн дэргэд бид гайгүй шүү дээ. Би одоо 100 кг орчим л байгаа байх. Гэхдээ тодорхой хэмжээгээр цэмбэгэр баймаар байна шүү дээ. Тиймээс л хоорондоо уралдан турах гээд байгаа юм. Зарим нь та гурав турчихвал хамтлагийнхаа нэрийг солих уу гэж асуудаг. Тэр бол асуудал биш, солих шаардлага байхгүй гэж үздэг. Зүгээр л бидний уран бүтээлийн нэр учраас. -Нэгэнт таны хувийн асуудал руу өнгийснийх өөрийн тань талаар зарим зүйлийг асуумаар санагдчихлаа. Шагай ер нь ямархуу хүн бэ. Хүнд хэн хүний дүгнэлтээс илүү өөрийгөө үнэлэх үнэлэмж хамгийн том үнэлгээ байдаг юм шиг санаддаг? -Хүн урьд нь хэн байснаа өдөр тутамдаа байнга бодож байх ёстой. Энэ хорвоо дээр амьдарч байх хугацаандаа хэнтэй би танилцаж, түүгээрээ дамжуулан хэнтэй учирч, тэр хүмүүс нь миний амьдралд болон амжилтад хүрэхэд минь ямар тус үзүүлсэн бэ гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Тиймээс би надад тусалж,  дэмждэг бүх хүнд баярлаж явдаг. Мөн маргааш нөгөөдрийг байнга тооцоолдог. Энэ зан чанарыг минь зарим хүн муу санаатай гэх нь ч бий. Гэхдээ өнөөгийн нийгэмд ямар ч тооцоололгүй амьдарна гэдэг байж боломгүй зүйл юм шиг санагддаг. Мөн хүнд аль болох их тус хүргэнэ, тэр хэрээр өөрт буян тогтдог учраас хэн нэгэнд туслахыг хичээдэг. Тиймээс ядарсан, задарсан олон найз надад бий. Би хэнийг ч ялгаж харьцахыг хүсдэггүй. -Сүүлийн үед урлагийнхан уран бүтээлийн завсарлага аваад таг  болчихдог боллоо. Удаж удаж хувийн амьдралаа зохицуулчихаад эргээд уран бүтээлдээ орж байна.  Таны хувьд хувийн амьдралаа хэрхэн төвхнүүлэв? -Нөхдүүд хамтлаг, дуучин болж гарч ирчихээд яг л түүгээрээ амьдрах гэж хичээдэг. Гэтэл тэр нь амьдралд нь хүрэлцэхгүй шүү дээ. Монголд шоу бизнес нэг үеэ бодвол хөгжиж байна.  Гэхдээ хүн ам цөөхөн болоод ч тэр үү хэцүү шүү дээ. Тиймээс бид хообийгоороо л дуулдаг. Тухайлбал, би хаана, хэний ч өмнө нүүр бардам хэлдэг зүйл байдаг. Тэр нь хөгжмийн боловсролыг мэргэжлийн сургуульд нь сурч, номын дууг нь сонсч эзэмшээгүй ч тааруухан хөгжмийн зохиолчоос илүү аялгуу бичиж чадна. Болсон болоогүй зохиолын хэдэн дуу хийчихсэн, тэр нь хэнд ч хүрээгүй зохиолчид зөндөө л байна шүү дээ. Манай хамтлаг арван жил болоход  нэг ч удаа уран бүтээлийн завсарлага аваагүй. Бидний дууг сонсдог хүмүүсийг уран бүтээлээрээ таслаагүй. Ингэлээ гээд хувийн амьдрал минь орхигдчихоогүй л байна. Бид бүгдээрээ л эхнэр хүүхдүүдтэй, ажил төрлөө хийгээд хажуугаар нь уран бүтээлээ туурвиад явж байна. Уран бүтээлч хүн аль алийг нь амжуулж л байх ёстой. -Таныг лам гэж дуулсан. Шашны сургуульд нь сурч, номын дууг нь сонссон юм уу. Энэ талаараа ярихгүй юү? -Шашны ном сургааль заалгаад 20-иод жил болж байна. 1990 оны эхээр 10-хан настай хүү сургуулиасаа гарч, Эрдэнэт хотод Хутагт ламын хийдэд шавилан сууж байсан. Тэр үед тэнд олон сайхан өвгөн лам нар байдаг байсан. Тэд одоогийн бидний цээжилж чадамгүй арвин номуудыг дандаа цээжээр уншдаг байсан. Тийм мундаг лам нараас суралцаж байсандаа маш их баярладаг. Тэр үеэс хойш уншлага номоо огт завсарлаагүй. -Одоо хийдэд сууж ном уншдаг уу. Яаж уран бүтээлийнхээ хажуугаар амжуулж байна? -Өдөр бүр хийдэд суугаад байж чаддаггүй. Яагаад гэвэл уран бүтээлийн ажил маш их байгаа учраас. Уг нь бясалгал хийх, эсвэл сахил санваар хүртэх сонирхол маш их байдаг. Хувцас өмсгөлөө өмсөөд хурал номондоо суух хүсэл ч их байдаг. Даанч  амждаггүй юм. Маш гоё энерги авдаг. Хийдэд суудаггүй ч  намайг мэддэг болчихсон тодорхой хүрээллийн хүмүүс байдаг. Тэдэндээ цаг зав гаргаж, үзэж өгдөг л дөө. Нэгэнт намайг сүжиглэдэг хүмүүсийг орхичихож чаддаггүй юм. Найзууд маань хамтлагтаа зүтгэх үү, хамбаа хийх үү гэж хошигнох нь ч бий. Өөрөө дуртай болохоор аль алийг нь хаячихаж чаддагүй юм. Зая гэгээнтэн гэж манай багш бий. Түүний маань Гүшиг дацан хийд Тасганы овооны баруун талд баригдаж байгаа. Би тэнд барилгын ажил, олон нийттэй харилцах албыг хариуцан ажиллаж байна. Тамгын ламын ажлыг хийж байна. Мөн Тамгын лам гэдэг нь нарийн бичгийн дарга гэсэн үг юм. -Урлагийнхны олонхи нь бизнест хүч үздэг болж. Танай хамтлагийнханд тийм зүйл бий юү. Хамтлагийн ахлагч Учкаг гар утасны лангуутай гэж дуулсан? -Утасны бизнесээ орхисон. Дөнгөж анхных нь байсан. Одоо “томорсон” шүү дээ. Учка мань “Гурван бүдүүн” шарсан тахиа хүргэлтийн үйлчилгээг эрхэлж байна.  Манай хамтлагийнхан Монголын номер нэг гэгдэх залуусын очих дуртай газрыг ажиллуулж байгаа. Өөр бизнест ч хүч үзэж байна. Заримыг нь нууцалъя. -Хамтлагаас олох орлого амьдралд тань нэмэр болдог уу? -“Гурван бүдүүн” хамтлаг бусад хамтлагийг бодвол харьцангуй орлоготой шүү дээ. -Халтуур их хийдэг хэрэг үү? -Тийм гэж хэлж болно. Гэхдээ бид энд тэндхийн бааранд гэрээгээр дуулдаггүй. Ихэвчлэн томоохон арга хэмжээ эсвэл хуриманд уригддаг. Хуримлагч хосууд аав ээждээ зориулан дуу дуулуулах сонирхолтой байдаг. -Нэг дуу хэдэн төгрөгийн ханштай байх уу? -1.5 сая. Танилууддаа хямдруулна. Янз бүр дээ.
Обама: Канцлерийн утсыг чагнаагүй ч хүлцэл өчжээ
АНУ-ын ерөн­­хийлөгч Барак Обама Канцлерийн утсыг чагнаагүй ч хүлцэл өчжээ Сүүлийн өдрүүдэд АНУ, Германыг тойрсон асуудал хурцаар хөндөгдөх боллоо.  АНУ-ын Тагнуулын алба 2002 оноос хойш Германы канцлер Ангела Меркелийн гар утсыг чагнаж байсан нь тодорхой бол­­­­­­сон. Гэвч Пен­­­тагон энэ асуу­­­­далд эсрэг байр суу­­­ри­наас ханд­­сан хэвээр бай­на.  Тодруулбал АНУ-ын ерөн­­хийлөгч Барак Обама уг асуу­далд ха­риулт ө­гөх­­­­­­­дөө “Манай ул­сын ямар ч бай­­гуул­ла­га Ге­­р­маны улс­төрчид, тэр дун­даа канцлерын утсыг чагнаагүй. Гэвч ийм байдалд оруулсанд хүлцэл өчиж байна” хэмээжээ. Саяхан Германы хэвлэлд мэдээлснээр АНУ-ын Тагнуулын алба 2002 оноос хойш канцлерын утасны бүхий л дуудлагыг чагнаж байсан гэсэн юм.
Чех инженерийг "Алтан гадас" одонгоор шагналаа
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн нөөцийг нээн илрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан БНЧУ-ын иргэн, инженер Моёмир Краутерыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнасныг тус улсад суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхам гардуулж өглөө. Түүнчлэн шагнал гардуулах ёслолын үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн Хөгжлийн асуудал хариуцсан дэд захирал Б.Намхайнямбуу Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 35 жилийн ойн медалиар Монгол-Чехословакийн хамтарсан хайгуулын ангид ажиллаж байсан геологич Владимир Миклаш, Бохумил Пиха, Эмануэль Коминек болон “Геомин” компанийн захирал Иржи Шоурек нарыг шагнажээ.
Шөнийн цагаар үнээ 2000 хүргэдэг микрочдыг шалгалаа
Иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг унаа бол микро автобус. Том оврын автобус эрт зогсдог учраас нугасандаа хүн суулгаж, төлбөрөө хүссэнээрээ нэмдэг ч шөнийн 01:00 цаг хүртэл иргэдэд үйлчилдэг. Гэхдээ албан ёсоор мөрдөх тариф нь 500 төгрөг. Ажил оройтож тараад автобус зогсоход микро л аминд ордог гэх хүмүүс цөөнгүй.   Гэвч иргэд бага оврын автобусууд оройн цагаар үнээ нэмдэг гэсэн  гомдлыг  ШӨХТГ-т өгсөн байна. Тиймээс  ШӨХТГ, Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн газар хамтран групп шалгалтыг долоо хоногийн хугацаатай хийхээр шалгалтаа эхлүүлсэн байлаа. Микроны жолооч: Өдөрт 150 тасалбар өгдөг нь хүрэлцдэггүй. Тэд өнгөрсөн пүрэв гарагаас нийслэлийн долоон дүүрэгт оройн цагаар буюу ид ачааллын үеэр шугамын микронуудад  шалгалт хийсэн аж. Тиймээс бодит байдалтай танилцахаар шалгалтын багийнхантай хамт явсан юм. Бид бямба гарагийн орой Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу Гандангийн буудлаас бүх чиглэлийн бага оврын автобусанд 20.30-23.30 цагийн хооронд хяналт тавьсан. Ажлын багийнхан техникийн бүрэн бүтэн байдал, жолоочийн үнэмлэх, замын хуудас, зорчигч хэтрүүлсэн байдал, үйлчилгээний үнэ, тасалбар зэргийг шалгах үүрэгтэй юм. Биднийг Гандангийн буудал дээр очиход нэгдүгээр эгнээ микро автобусаар дүүрсэн, хэсэг микронууд явган хүний зам дээр хөндлөн зогссон харагдлаа. Эхний тэргэн дээр очоогүй байхад бүгд хүнээ авалгүй явцгаасан юм. Зорчигчдоос хэдэн төгрөгөөр үйлчлүүлж байгааг асуухад 800-1500 төгрөг гэнэ. Микроны кондукторууд ч үнээ нэмж явдгаа хүлээн зөвшөөрч 21.30-аас хойш 2000 төгрөгөөр иргэдэд үйлчилдгээ хэллээ. С.Энхбат: Тээврийн газраас хуулийн хүрээнд микроны төлбөрийг тодорхой хэмжээгээр нэмнэ гэж үзэж байгаа. Харин тасалбарын тухайд  зорчигчид микро тасалбар өгдөг гэж огт мэдээгүй дуулаагүй гэх юм. Энэ талаар жолоочоос нь лавлахад: “Хариуцагч компани нийтийн тээврээс тасалбар авч, жолооч нартаа долоо хоногоор нь өгдөг. Өдөрт 150 тасалбар өгдөг нь хүрэлцдэггүй” гэлээ. Ихэнх жолооч өөрсдийн хэнэггүй байдлаас болж замын хуудсаа авдаггүй аж. Шалгалтын явцад нийтийн тээвэртэй гэрээгүй, жолооч нь үнэмлэхгүй машинууд хэд хэд таарлаа. Замын цагдаагийн газраас зөрчил гаргасан хувь хүнд 5-30 мянган төгрөг, үнэмлэхийг нь хураах, эрхийг нь зургаан сараас хоёр жилээр хасах, машиныг нь журамлах  хүртэл арга хэмжээ авдаг аж. Харин зөрчил гаргасан жолоочийн харъяалагддаг аж ахуй нэгжид 50-100 мянган төгрөгийн торгууль ногдуулах заалттай гэлээ.  Хулгайн тээврүүдийн хувьд амьдралын эрхээр хүмүүс зөөдөг  эсвэл харих замаараа хааяа хүн авдаг гэсэн хариултыг албаны хүмүүст өгсөн бөгөөд автобусны буудлын ойролцоо худалдаа эрхэлдэг, амьдардаг иргэд оройн 21.00 цагаас шөнийн 01.00 цаг хүртэл хүнээ дүүргэх гэж орилдог гэсэн өргөдөл барьсаар ирлээ. Эдгээр  микронууд  явган хүний замыг эзэгнэж машин дотроо хөзөрдөж, согтууруулах ундаа хэрэглэж наргиж цэнгэдэг аж. Шаардлага тавьсан нэгнийг хэн байсан ч хамаагүй хэл амаар доромжилж зодож цохидог гэнэ. Тэднээс болж худалдаа эрхлэгчид нь машин тавих газаргүй, үйлчлүүлэгчид нь цөөрсөөр байгааг хэллээ. Биднийг яриа авч шаардлага тавихаар очтол 20 гаруй насны арваад залуу элдвээр хэлж сүүлдээ  зодох шахлаа. Ойр хавийн хүмүүсийг дээрэлхэж зодсоор ноёрхлоо тогтоожээ. Тэд албаны хүмүүсийг тоосонгүй. Цагдаагийн байгууллага яаж ч чаддаггүй. Бүгд найз нөхөд болцгоосон гэдгийг ойр хавийн хүмүүс хэлж байсан. Нийтийн тээврийн автобус 22.00 цагаас өмнө зогсдог учраас ажил нь оройтож тардаг, хол гэртэй хүмүүсийн хувьд үнээ нэмдэг ч гэсэн микро автобусууд байгаад баярладаг гэнэ. Биднийг шалгалт хийгээд хоёр цаг болоход сүүлдээ ганц ч микро ирсэнгүй. Жолооч нар хоорондоо мэдээлэл дамжуулсан бололтой. Ажлын багийнхан  20 гаруй машин торгож таван машин журамлалаа. Ер нь зөрчилгүй машин таарсангүй. Өмнө шалгалт хийсэн дүүргүүдэд  өдөрт 30 гаруй машин торгож арваад машин журамласан гэнэ. Цаашид Баянзүрх дүүрэгт багийнхан ажлаа үргэлжлүүлэх юм. ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн мэргэжилтэн С.Энхбат: “Бага оврын микро автобусуудын үнийн талаар иргэд аж ахуй нэгжүүдээс ирсэн санал гомдол, шалгалтын үр дүнг хэлэлцэн тодорхой шийдвэр гаргана. Тээврийн газраас хуулийн хүрээнд микроны төлбөрийг тодорхой хэмжээгээр нэмнэ гэж үзэж байгаа. Буухиа чиглэлд явдаг микронууд хураамжаа зоргоороо нэмдэг нь хэвийн үзэгдэл болсон байна. Нийтийн тээврийн газраас байнга хяналт тавих боломжгүй” гэж хэлсэн юм.
Их найрагчийн хөшөөг шинэ сууринд товхинуулав
Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд хийсэн нэгэн шинэлэг ажил нь их найрагч Д.Нацагдоржийн хөшөөг шинэ сууринд сүндэрлүүлсэн бай​в. Хөшөөг хуучнаар В.И.Лениний хөшөө байсан газарт буюу “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд  албан ёсоор суурилуулсаныг олонд мэдэгдэж, бүтээсэн цэнхэр хөшгийг нь өнөөдөр буулгалаа. Их найрагчийн өлмий доор, Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд Хойт зvгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон гэсэн түүний шүлгийн мөртүүдийг уйгаржин монголоор сийлжээ. Найрагчийн хөшөөний хөшгийг буулгах арга хэмжээнд хотын захирагч Э.Бат-Үүл оролцож, “Их найрагчийн маань хөшөө одоо л байх ёстой газраа ирлээ. Яруу найрагч Р.Чойномын “Д.Нацагдоржийн хөшөөний дэргэд” гэдэг шүлэг байдаг юм билээ. Тэр шүлэгт Их зохиолчийн хөшөөг буруу газар байрлуулаад шувууны сангас, эргэн тойрондоо зэрлэг ургамал хүрээлсэн тухай өгүүлдэг. Өнөөдрийн үйл явдалыг Р.Чойном яруу найрагч тэнгэрээс харж байгаа бол маш их баярлаж байгаа байх" хэмээв.
Лондоны нисэх буудалд 130 нислэг цуцлагджээ
Лондон хотын “Хитроу” нисэх буудал Лондоны “Хитроу” нисэх буудлын удирдлага хар салхины улмаас 130 нислэгийг цуцлах шийдвэр гаргажээ. Мөн Европын хэд хэдэн нисэхийн компани, тухайлбал Нидерландын KLM тус улсад хийх нислэгээ хойшлуулжээ. Үүнээс гадна Их Британийн өмнөд нутгийн хэд хэдэн мужид галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон байна. Английн баруун өмнөд нутаг болон Үэльсийг хар салхи дайрсны улмаас 40 мянга гаруй хүн гэрэл цахилгаангүй болоод байгаа бөгөөд орон нутгийн эрх баригчид үер болж болзошгүйг анхааруулжээ. Их Британийн өмнөд нутгийн Уайт арлын орчимд салхины хурд секундэд 44 метр хүрсэн байна. Цаг уурчид “St Jude” хэмээх энэ хар салхийг, 1987 онд Их Британи, Францын нутгийг дайрахдаа гурван цагийн дотор 20 гаруй хүний амийг авч одсон хүчит хар салхитай адилтгаж байгаа ажээ. Даваа гаригт шилжих шөнө “St Jude” Францын баруун хойд нутгийг дайрсны улмаас 75 мянган айл гэрэл цахилгаангүй болсон юм.
Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолчийг хүндэт иргэнээр өргөмжиллөө
1927 оны зургадугаар сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн Хөдөрмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуай нийслэлд суурьшаад 70 жил болжээ. Нийслэлийн 374 жилийн ой тохиож байгаа энэ өдөр түүнийг “Нийслэлийн хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө. Д.Лувсаншарав гуай: 40, 50 мянгатын барилга байгууламжийг  босгох үед ажлын төлөвлөгөөг давуулан биелүүлдэг байв. Энэ л үедээ уран бүтээлээ оролдож, туурвидаг байлаа. Нэрт хөгжмийн зохиолчийг НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй НСУГ-ын удирдлагууд хүлээн авч, хүндэт иргэний тэмдгийг энгэрт нь зүүв. Энэ үеэр Д.Лувсаншарав гуай “Миний бие 40, 50-иад онд ноос гэдэг “алт” байх цагт гараа цэврүүттэл хонь хяргадаг байлаа. 40, 50 мянгатын барилга байгууламжийг бүтээн босгох үед мөн л ажиллаж, ажлын төлөвлөгөөг давуулан биелүүлдэг байв. Энэ л үедээ уран бүтээлээ оролдож, туурвидаг байлаа шүү” гэв. Түүнчлэн жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн найрал дууны их наадам”-ыг түүний нэрэмжит болгосонд ихэд баярлаж явдагаа дурссан юм. Тэрбээр 1942 онд Хэнтий аймгийн клубт хөгжимчин, жүжигчин, найруулагчаар ажиллаж байжээ. Энэ нь түүний авьяас хөгжих сургууль болсон байна. Д.Лувсаншарав гуай дууны томоохон бүтээлийн зэрэгцээ дуурийн урлагт авьяас сорьж “Хан бүргэд”, “Шивээ хиагт” дуурь бүтээсэн нь ардын урлагийн баян уламжлалыг өргөн ашиглан хөгжүүлсэн хурц тодорхой дүрүүдтэй сайн бүтээл болж зохиогчийн урлах чадвар, авьяасын өргөн талыг нээсэн гэж мэргэжил нэгт нөхөд нь дурсдаг байна. Хөгжмийн нэрт зохиолч, найрал дууны удирдаач Д.Лувсаншаравын Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж 1953 онд Улсын гавьяат жүжигчин, 1963 онд Төрийн шагнал /”Хэрлэн” дуу, “Эх орон бат оршиг” магтуу зохиосон тул/, 1981 онд Ардын жүжигчин цол, 2000 онд Хөдөлмөрийн баатар цол тус тус хүртээсэн байна.
Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын эзэд хэн байх бол...
Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналтнууд өнөөдөр тодорно. Нэр хүндтэй шагналыг энэ жилээс эхлэн нийслэлийн өдөр олгохоор болсон юм. Дээд шагналд 4 төрлөөр 21 бүтээн байгуулалт нэр дэвшиж байгаа. Өнөөдөр 17.00 цагт ДБЭТ-ын тайзнаа шилдэг бүтээн байгуулалтад нэр дэвшсэн байгууллагуудыг тодруулж, шагналыг нь  гардуулах юм. Та доорх хүснэгтээс нэр дэвшиж байгаа компаниудтай танилцаарай.  Д/д Шагналын төрөл Компани Үйл ажиллагаа 1 Дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр “Монгол Фүүд” ХХК Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл “Улаанбаатар БҮК” ХК, Авто замын хашлага, ус зайлуулах шугам лоткийн үйлдвэрлэл “Алтан оршихуй” ХХК,  “Ахуй мандал” үйлдвэр Хаягдал түүхий эд дахин боловсруулах “Эрэл” ХХК Автозамын асфальтбетон хольцын “Ялгуусан” ХХК Автозамын асфальт бетон 2 Автозам, замын байгууламжийн бүтээн байгуулалт “Тотал Инж” ХХК “Саппорогийн тойргоос Москвагийн гудамж- Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвар” 5 шар хүртэлх 3,2 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлаар “Наранбулаг Хан” ХХК “Баянбүрдийн тойрог” 32-ын тойрог хүртэлх 1,7 км автозамын шинэчлэлтээр “Экспресс зам” ХХК 1-р хорооллын арын 4 замын уулзвар”-ын ажлаар, 15 компанийн хамтарсан “Хүй 7 худаг”-т баригдсан 8,5 км автозам, 7000 автомашины зогсоол, 6 га бүхий үйлчилгээний талбайн ажил “Хурдны зам” ХХК Хайлааст, Орбит Тахилтын 7,1 км замын ажлууд 3  Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын“Барилга, байгууламж” “Вива сити” Залуусын хороолол “Ривер Гарден” Хотхон “Дүнжингарав”  Худалдааны төв “Туушин”  Барилга “Блю Мон”  Үйлчилгээний барилга 4 “Дэд бүтэц, инженерийн байгууламж” Койка буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Яармагийн шинэ хорооллын шинэ хорооллын цэвэр усан хангамж төсөл Хоногт 20,000м3 ус олборлох хүчин чадалтай хоёр ширхэг усан сан, 5,3 км дамжуулан шахах хоолой барьж байгуулсан ажил “Вива сити” ХХК Хонгилын системийн ажил “Мотор сервис” 100 айл Сэлбийн гол дээр баригдсан 58*2 урт метр 2 хос төмөр бетон гүүрийн шинэчлэлтийн ажил   Тусгай шагнал “Жэй Эф И инжиниринг” корпораци "Нарны гүүр” төсөл барилгын ажлын гүйцэтгэгч  “Гудамж” төсөл “33 уулзварын шинэчлэл”  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Зураг төслийн хүрээлэн, эрдэм шинжилгээ судалгааны төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдийн  төлөөллөөс бүрдсэн ажлын  хэсэг болон олон нийтээс ирсэн саналыг үндэслэн шалгарууллалтыг хийх аж.
Тян Ань Мэний талбай дахин анхаарлын төвд оров
Тян-Ань-Мэний талбайд дэлбэрэлт болжээ БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төвд түймэр гарснаас Тян-Ань-Мэний талбайг тодорхойгүй хугацаагаар хаажээ. Гэрчүүдийн ярьж байгаагаар төв талбайд гэ­нэт дэлбэрэлт болж, хэд, хэдэн ма­шин шатаж эхэлсэн гэнэ. Хэргийн га­зар гал унтраах анги, цагдаа, түргэн тусламжийн албаныхан үүрэг гүйцэтгэж байгаа аж. Тал­бай руу ордог бүх замыг хаажээ. Бол­сон үйл явдлын талаар ал­баны эх сурвалж одоогоор ямар нэ­гэн тайлбар хийхээс татгалзаж байгаа юм байна.  Арай хожуу “Синьхуа” агентлаг дээрх хэргийн талаар мэдээ бэлт­гэн дамжуулсан байна. Автомашин Тян-Ань-Мэний талбай руу дайрч орж ирэн тэнд явж байсан хү­мүү­сийг дайрчээ. Жолоочоос гадна хоёр зорчигчтой машин явган хүмүүсийг дайрсныхаа дараа гал авалцан шатсан аж.  Үүнээс болж дор хаяж гурван хүн амь на­саа алдаж, 11 хүн гэмтсэн гэ­нэ. Тэдний ихэнх нь Бээжин хо­тыг үзэхээр ирсэн жуулчид бай­жээ. Энэ хэргийн улмаас тал­байг хагас өдрийн турш хаа­сан гэж уг мэдээнд дурьдсан байв. Машин яагаад талбай руу орж ирэх болсон, интернэтэд та­вигдсан зурагт яагаад шатаж бай­гаа машинаас гадна хаалт, хам­гаалалтын зураг тавигдсан гэх мэт нарийн мэдээлэл одоо бол­тол байсангүй.  Тян-Ань-Мэний тал­байг 1989 онд оюутнуудын жаг­саал болж, цэргийн хүчээр дарсан гэд­гээр нь дэлхий нийт сайн мэд­дэг. Тиймээс энэ үйл явдлын та­лаар мэдээлсэн бараг бүх мэ­дээллийн хэрэгсэл дээрх үйл явдлыг дурссан байх юм. Ер нь уг талбайд болсон эсэргүүцлийн аливаа хэлбэр 1989 оныг өөрийн эрхгүй сануулдаг. Тийм ч учраас талбайг дээд зэргээр хамгаалдаг юм. Гэсэн ч ганц нэг удаа журам зөрчсөн хэрэг болж байсан бай­на.  2011 онд нэгэн эр талбайн гол хэсэгт байрлах Маогийн хөрөг­ний өмнө зулын гол болж байв. Үүнээс хоёр жилийн өмнө тус тал­байн ойролцоо гурван хүн машиндаа өөрсдийгөө шатаасан хэрэг гарсан. Үүнийг эрх ба­ригчид “хувийн шалтгаантай” гэж дүгнэж байжээ. 2000 онд үзэл санаагаараа нэгдсэн хэсэг хү­мүүс Тян-Ань-Мэний талбайд эсэр­гүүцлийн жагсаал хийжээ. Тэд­нийг бүгдийг нь баривчилсан аж. Энэ бүх баримтаас үндэслээд дээрх хэргийг “өөрийгөө шатаа­сан” хэрэг байж магадгүй гэж үзэх хэсэг ч байгаа юм.  Цагдаагийн газрын мэдээлэлд “Орон нутгийн цагаар 12.05 цагт Тян-Ань-Мэний талбайн хориотой хотын ойролцоох гүүрний орчимд жолоочоос гадна хоёр зорчигчтой жип машин дайрж орж ирсэн. Энэ машин 11 хүнийг дайрч бэр­тээгээд гал авалцан шатсан бол­но. Холбогдох албаныхан хэр­гийн газар шуурхай очиж арга хэм­жээ авсан. Гэмтсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэн эмч­лүүлсэн бөгөөд хэргийг цаашид үргэлжлүүлэн шалгаж байна” хэ­мээн дурьджээ.  Хэрэг гарсны дараа цахим сайтуудад болсон явдлын хэд, хэдэн зураг тавигдсан ч хэсэг хугацааны дараа бүгд устгагдсан байна. “Ройтерс” агентлаг уг га­зар руу нэн даруй сэтгүүчдээ ил­гээсэн ч зургуудыг нь устгаж, сэт­гүүлчдийг 20 орчим минут саатуулсны эцэст суллан тавьсан гэжээ.  “Франс Пресс” агентлагийн сэт­гүүлч  мөн хэргийн газарт бич­лэг хийсэн ч камераа хураалгасан гэж мэдээлжээ. БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Шуа Чунынээс “Энэ хэрэг халдлага байж болох уу” гэж асуу­хад “мэдэхгүй” гээд өөр хариу өгө­хөөс татгалзжээ.
УИХ-ын гишүүн М.Энхболдын аав өөд болжээ
М.Энхболд Гурав дахь өдрөө үргэлжилж буй МАН-ын их хурал 14:00 цаг хүртэл хойшилсон байна. Учир нь МАН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдээд буй УИХ-ын гишүүн М.Энхболдын аав Эдийн засгийн ухааны,доктор, профессор, гавьяат багш, ардын багш Г.Миеэгомбо өнөө өглөө өөд болжээ.
"Чоно" хамтлагийнхан хайрын түүхээ дэлгэнэ
"Чоно" хамтлаг Хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрсөн "Чоно" хамтлагийнхан шинэхэн бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзахаар зэхэж байна. Тэд "Хайрын түүх" дууныхаа хоолойн бичлэгийг хийлгэжээ. Дуунд гурван хосын хайрын түүхийг өгүүлэх юм. Дууны клип цаг хугацааны хувьд гурван үед амьдарч байсан залуус, гурван өөр хайрыг харуулснаараа өвөрмөц гэв. Мөн хамтлагийн залуус удаан хүлээсэн фенүүддээ зориулж тоглолтоо хийх болсноо дуулгалаа.
Хямдралын өдөрлөгөөр 1кг хонины махыг 3700 төгрөгөөр худалдаалж байна
Улаанбаатар хотын 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын санаачлагаар хямдралын өдөрлөгийг НЗДТГ-аас өнөөдөр зохион байгуулж байна. Өдөрлөг, Хан-Уул дүүрэг- “Яармаг” худалдааны төв Сүхбаатар дүүрэг-15 дугаар хорооны талбай Сонгинохайрхан дүүрэг- Ханын материал, “Дүүхээ” төвийн талбай Баянгол дүүрэг-Энэбишийн гудамж Чингэлтэй дүүрэг- “Нарантуул-2” худалдааны төв талбай Баянзүрх дүүрэг-Жуковын талбай болон Чингисийн талбайд тус тус болж байна. Чингисийн талбайд “Номин тав” трейд, “ВSВ сервис”, “Дархан нэхий”, “Таван богд” интернэйшнл, “Мах маркет”, “Дэвшил” трейд, “Хүчит шонхор” зах, “Арьс шир үйдвэрлэгчдийн холбоо, “Говь” зэрэг үндэсний олон компаниуд нэгдэж хэрэглэгчиддээ хямдралын бэлэг барьж байна. Хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн “Дархан” нэхий компанийн бүтээгдэхүүн, “Хүчит шонхор”, “Махмаркет” худалдааны төвөөс борлуулж байгаа мах байсан. Энэ үеэр “Махмаркет” ХХК 1кг хонины махыг 3700 төгрөг, ямааны махыг 2700 төгрөг, 1кг дайврын татшийг 1100 төгрөгөөр зарж байлаа. Мөн “Алтан жолоо трейд” ХХК-аас Баянзүрх дүүргийн Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхдүүдэд  иж бүрэн тоглоом, “Дархан нэхий” ХК  зам талбайн үйлчлэгч нарт ажлын бээлий бэлэглэж, “Макс хүнс” ХХК-аас Асрамжийн газрын 20 хүүхдэд  500 мянган төгрөгийн хадгаламж бүхий “Хадгаламжийн дэвтэр” бэлэглэсэн юм.
Ерөнхийлөгчийн БНАСАУ-д хийж буй төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНАСАУ-д хийж буй төрийн айлчлал энэ сарын 28-нд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа, дагалдан яваа албаны хүмүүсийг Пёнъяан хотын “Сунан” олон улсын нисэх онгоцны буудалд БНАСАУ-ын Ардын дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд, албаны хүмүүс угтлаа. Угталтын үеэр хүндэт харуул жагсч Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэв. Үүний дараа Мансүдэгийн Ардын Их Хурлын ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНАСАУ-ын Ардын дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам нар албан ёсны хэлэлцээ хийлээ.   Хэлэлцээний дараа Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болов. Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай БНАСАУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Ри Жон Нам, Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нар, Соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай БНАСАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт БНАСАУ-ын Гадаадтай соёлоор харилцах хорооны дарга Ким Дун Сук, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд нар, Зам тээврийн салбарт хамтран ажиллах тухай БНАСАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах тухай протоколд БНАСАУ-ын Газар, далай, тээврийн яамны дэд сайд Пак Ил Ён, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд нар, БНАСАУ-ын Программ хангамжийн ерөнхий газар, Монгол Улсын мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын хооронд 2013-2015 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөнд Программ хангамжийн ерөнхий газрыг төлөөлж тус газрын орлогч дарга Зун Цун Цан, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд нар тус тус гарын үсэг зурлаа. БНАСАУ-ын жүжигчдийн хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхлоо Мөн өдрийн орой Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа, албаны бусад хүмүүс, хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчид болон Монголын бизнесийн төлөөлөгчид Дунпёняны театрт БНАСАУ-ын жүжигчдийн хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхлоо.   Айлчлал үргэлжилж байна.
Гэр хорооллыг хөгжүүлэхэд АХБ-наас 224 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө. Төслийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан танилцуулсан юм. Манай улсын нийт хүн амын 1.3 сая нь Улаанбаатар хотод амьдарч байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хотын хүн ам жил бүр 6 хувиар өссөөр иржээ. Үүнээс үүдэн хотын төвд хэт нягтрал үүсэж, гэр хорооллын иргэд нийгэм, эдийн засгийн үйлчилгээг хүртэх болон эрүүл, тав тухтай орчинд амьдрах боломж хязгаарлагдмал байгаа аж.  Тиймээс тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилгоор Азийн хөгжлийн банктай хамтарч “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 224 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 96 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийхээр тусгасан байна. Гэр хорооллыг хөгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас 224 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 96 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ Хөтөлбөр хэрэгжих 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төслийг хэрэгжүүлэх байгууллагыг чадавхижуулах ажлыг гүйцэтгэхээр зорьжээ. Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын 6 дэд төв байгуулагдах аж.
МАН-ын XXVII их хурал эхэллээ
МАН-ын XXVII Их хурал "Тусгаан тогтнолын ордон"-д өнөөдөр эхэлж байна.  Хот, хөдөөгөөс сонгогдсон Их хурлын 1121 төлөөлөгчөөс 330 орчим нь Улаанбаатар хотоос, 780 орчим нь орон нутгаас хүрэлцэн ирсэн байна.   Залуус “Намынхаа нэрийг цэвэрлэцгээе”, “Шагналын биш шинэчлэлийн хурал шүү”, “Амиа биш намаа бодох цаг иржээ” гэх мэтчилэн уриа лоозон барьсаар Их хурлын төлөөлөгчдийг угтсан. 1 МАН-ын дарга Ө.Энхтүвшин 2 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Занданшатар 3 Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асан Д.Цогтбаатар 4 Ерөнхийлөгч асан Н.Багабанди 5 УИХ-ын гишүүн М.Энхболд 6 Ерөнхий сайд асан С.Баяр 7 УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 8 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 9 УИХ-ын гишүүн Сү.Батболд 10 Хотын мээр асан Г.Мөнхбаяр 11 МАН-ын XXVII их хурлын гишүүд, төлөөлөгчид 12 МАН-ын XXVII их хурлын гишүүд, төлөөлөгчид 13 МАН-ын XXVII их хурлын гишүүд, төлөөлөгчид 14 МАН-ын XXVII их хурлын гишүүд, төлөөлөгчид 15 МАН-ын дарга Ө.Энхтүвшин 16 МАН-ын XXVII их хурлын гишүүд, төлөөлөгчид 17 МАН-ын XXVII их хурлын гишүүд, төлөөлөгчид 18 МАН-ын XXVII их хурлын гишүүд, төлөөлөгчид 19 МАН-ын XXVII их хурлын гишүүд, төлөөлөгчид
Их Британийн Ерөнхий сайдын өргөөний дэргэд барилгын кран унав
Лондон хотын төв дэх Уайт холл гудамж Лондон хотын төв дэх Уайт холл гудамжинд байдаг Их Британийн Ерөнхий сайдын ажлын албаны байран дээр барилгын кран унасны улмаас уг байранд байсан хүмүүсийг яаралтай гаргасан талаар өчигдөр “Reuters” агентлаг мэдээлэв. Их Британийн Засгийн газрын албан ёсны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, кран унаснаар гэмтэж бэртсэн хүн гараагүй байна. Уг байр нь Даунинг стрит гудамжин дахь Ерөнхий сайдын өргөөтэй зэргэлдээ байдаг бөгөөд тус өргөөнд ямар нэг хохирол учраагүй гэнэ. Английн нийслэл болон өмнөд нутгийг бүхэлд нь дайрч буй хар салхины нөлөөгөөр уг кран унасан хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Нийслэлийнхээ тугийг мандууллаа
Жил бүр  нийслэлийн ойн өдрөөр  “Нийслэлийн туг”-ийг  мандуулдаг уламжлалтай. Нийслэлийн 374 ой тохиож буй энэ өдөр,  морин цагт Их эзэн Чингис хааны талбайд “Монгол Улсын Төрийн дуулал”-ыг эгшиглүүлж, Монгол Улсын төрийн далбааг “Нийслэлийн туг”-ийн хамтаар мандууллаа. Туг мандуулах ёслолд нийслэлийн Удирдлагууд болон Их эзэн Чингис хааны талбайд баяраа тэмдэглэхээр хүрэлцэн ирсэн нийслэлийн иргэд оролцсон юм.  Энэ үеэр Зэвсэгт Хүчний Жанжин штабын “Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим”-ийнхөн бөмбөрийн үзүүлбэрээр түрлэг өргөлөө.
Хотын анхны шав тавьсан газарт хүндэтгэл үзүүлэв
Өдгөөгөөс 374 жилийн өмнө Улаанбаатар хотын шавыг одоогийн Тусгаар тогтнолын ордоны өмнөх талбайд тавьжээ. Яг шав тавьсан энэ цэгт Мэлхийн хөшөө босгосон бөгөөд өнөөдөр тус газарт хотын иргэд, удирдлага, урлаг соёлынхоны төлөөлөл хүндэтгэл үзүүллээ. П.Бадарч: Нийслэлийн иргэн та чихрийн цаас, тамхины ишээ хаяхгүй байх нь л чухал юм. МУГЖ, уртын дууч Г.Хонгорзул цээл сайхан хоолойгоороо эгшигэн цэнхэр хадаг өргөсөн бол Төрийн их хан хуурыг Монгол Улсын Соёлын гавьяат зvтгэлтэн Ц.Цэрэндорж татаж, тvмэн олондоо магтаалаа өргөв. Мөн монгол зон олонд эртнээс уламжилагдан ирсэн цамын бүжгийг бүжиж, ирсэн гийчдийн мэлмийг баясгасан бол гал голомтоо шинээр бадрааж буй залуу хосуудын төлөөлөл ч Мэлхийн хөшөөнд цэцэг өргөсөн юм. Энэ үеэр Ардын уран зохиолч П.Бадарч гуай хэлэхдээ “Би зургаан настайдаа нийслэлд ирж байлаа. Түүнээс хойш 70 жил өнгөрчээ. Тэр үеийн миний мэдэх Улаанбаатар хот өнөөдөр дэлхийн жишигт хүрсэн их хот болжээ. Тиймээс нийслэлийн иргэн та чихрийн цаас, тамхины ишээ хаяхгүй байх нь л чухал юм” гэв.
Казахстаны ширэн бээлийтнүүдийн түүхэн амжилт
(AIBA)-ны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 14 хоногийн турш Казахстаны Апматы хотод болж өндөрлөлөө Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA)-ны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 14 хоногийн турш Казахстаны Апматы хотод болж өндөрлөлөө. Хоёр жил тутамд нэг удаа болдог 17 дахь удаагийн тэмцээн Атматы хотын “Baluan Sholak” урлаг, спортын ордонд болсон бөгөөд таван тивийн 100 орны 457 боксчин арван жинд нударга зөрүүлсэн. Энэ удаагийн тэмцээн хэд хэдэн онцлогтой боллоо. Тодруулбал ялагчийг үе бүрт тодруулдаг болсноос гадна боксчид хамгаалалтын дуулгагүй тулалдсан юм. Казахстаны рингэнд 18 орны боксчид медаль хүртснээс зохион байгуулагч орны ширэн бээлийтнүүд нутагтаа түүхэн амжилтаа үзүүлж, арван жингээс хоёроос бусад нь медаль авсан. Казахууд нутгийнхаа рингэнд дөрвөн алт, хоёр мөнгө, төдий тооны хүрэл медаль хүртэж, дэлхийн дэвжээнд анх удаа тэргүүллээ. Тэд 2005 онд БНХАУ-ын Мяньян хотод болсон 13 дахь удаагийн дэлхийн аваргад хоёр алт, гурван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байрт орсон нь өмнөх дээд амжилт юм. Тэд өнгөрсөн долдугаар сард Йорданы Амманд болсон Азийн аваргад долоон жинд түрүүлсэн бөгөөд түүнийгээ тохиолдлынх байгаагүй гэдгээ нутагтаа харууллаа. Казахстаны ширэн бээлийтнүүдээс манай хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамбын эртний өрсөлдөгч Биржан Жакыпов гол өрсөлдөгчдийнхөө зодог тайлсныг ашиглаж, анх удаа дэлхийн аварга боллоо. Харин үлдсэн гурван аварга нь болох 64 кг-д Мерей Акшалов, 69 кг-д Данияр Елеусинов. 75 кг-д Жанибек Алимханулы нар энэ жилийн Азийн АШТ-д аваргалсан шинэ гарч ирж буй залуу тамирчид аж. Ялангуяа 75 кг-ын жинд Монголд төрж, өссөн 20 настай залуу боксчин Алимханулы дэлхийн шилдэг боксчдыг ээлж дараалан сөхрүүлж, дэлхийн аварга болсон нь томоохон сенсаац болсон юм. Түүнчлэн ДАШТ-ий хаалтын ёслолын үеэр AIBA-гаас 2013 оны шилдэг боксчны шагналыг олгосон бөгөөд 69 кг-ын жингийн аварга Данияр Елеусинов оны шилдгээр тодорч, тус улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Мырзагали Айтжанов шилдэг дасгалжуулагчаар тодорчээ. Казахстаны рингэнд 60 кг-ын жинд Италийн Доменико Валентино ДАШТ-ий тав дахь медалиа хүртсэн нь аргагүй ясны тамирчин гэдгээ харууллаа. Итали эр 2005 онд Мяньянд хүрэл, 2007 онд Чикагод мөнгө. 2009 онд Мнланд алт, 2011 онд Бакугээс хүрэл медаль хүртэж байсан. Мөн түүний нутаг нэгт хүнд жингийн шилдэг боксчин Роберто Камарелле ДАШТ-ээс дерөв дэх медаль, хоёр дахь хүрлээ зүүв. Тэрбээр 2007, 2009 онд дэлхийн аварга болж байв. Мөн түүний хувьд олимпийн алт, мөнгө, хүрэл медальтай тамирчин юм. Сонирхогчдын боксын 18 дахь удаагийн ДАШТ 2015 онд Катарын нийслэл Дохад болно.
18 шар хантаазтан Хонгконг, Сингапурт аялна
Хоггүй хороо-Хоггүй гудамж Нийслэлийн 374 жилийн ойн баярын нэг том арга хэмжээ нь шар хантаазтануудыг баярлуулах байлаа. Өчигдөр тэднийг хотын удирдлагууд Хүүхдийн ордонд хүлээн авч, бэлэг гардуулсан юм. Тэдний дунд “Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдааныг зарлаж, өчигдөр шилдгүүдээ тодруулав. Энэ уралдааны хамгийн том шагнал нь Хонгконг, Сингапур руу аялуулах байсан. Энэ удаа есөн зам талбайн ажилтан, таван жолооч, дөрвөн ачигч аяллын тийзээр шагнуулсан юм. Тэд ирэх арванхоёрдугаар сарын эхээр Хонгконг Сингапур улсаас туршлага судлах долоон хоногийн аяллаа хийх юм байна. Нэг хүний гурван сая төгрөгийн өртөгтэй аяллын хөтөлбөр гарсан бөгөөд Хонгконгд дөрөв, Сингапурт гурван өдөр болох гэнэ. Тэд энэ аяллынхаа хүрээнд Азийн бар болсон улс орнуудын зам талбайн үйлчилгээ ямар түвшинд байдгийг судлах аж. Шар хантаазтанууд маань шагналаа гардахаар чигтэйхэн гангалаад ирсэн байлаа. Багачууд хүртэл ээж, аавдаа баяр хүргэхээр цэцэг барин гэгэлзэж байсан юм. Энэ үеэр шилдгүүдтэй уулзаж, баярласан сэтгэлийг нь хуваалцлаа. Би ачигч ч гэсэн хүн шүү дээ Сүхбаатар дүүргийн ТҮК-ийн ачигч А.Батдорж: Шагнал авсанд баяр хүргэе? -Баярлалаа. Үнэхээр хэлэх ч үг олдохгүй, тийм их баярлаж байна. -Таван сарын турш бишгүй хүч хөдөлмөр зарж байж, энэ уралдаанд шилдгээр тодорсон байх? -Тэгэлгүй яах вэ. Өглөө 05:00 цагтай уралдаад л ажлаа эхэлнэ шүү дээ. Өглөө эрт л эхлэхгүй бол ажил амжихгүй юм шиг санагдаад байдаг юм. -Та ачигч хийгээд хэчнээн жил болж байх юм? -14 жил болж байна. -Та бүхэн нэдээд ачаалалтай ажилладаг. Хотынхоо тохижилтод багагүй хувь нэмэр оруулж яваа хүмүүс. Иргэд та нартай хэрхэн харилцдаг вэ? -Хүнтэй хэрүүл хийхгүйхэн шиг л хогийг нь ачих юмсан гэж боддог. Заримдаа хүмүүс ирээд загнаж гарна шүү дээ. Зарим нь ойлгохгүй. Хог ачдаг ч гэсэн би хүн шүү дээ. -Цалингийн хувьд боломжийн байдаг уу? -Тийм ээ. 700 мянган төгрөг авч байгаа. -Амьдралд чинь хүрэлцэж байх юм уу? -Болж л байна. -Нийслэлчүүдэд хандаж юу гэж хэлэх вэ? -Хогоо битгий хамаагүй хаяараа л гэж хэлмээр байна. Манай нийслэлчүүд чинь хогоо үнэхээр замбараагүй хаядаг.   Ажлыг битгий голоорой Баянзүрх дүүргийн ТҮК-ийн зам, талбайн цэвэрлэгч Г.Энхтуяа: -Баяр хүргэе. Та хэчнээн жил ажиллаж байна вэ? -Эгч нь энэ ажlыг хийгээд 10 жил болж байна. Ажил ихтэй үед 04:00 цагт гарна шүү дээ. Тэгсэн хэрнээ нар жаргахад л гэртээ харина. Хотыг өнгө үзэмжтэй байлгахын төлөө хичээж л явна. Түүнийхээ үр дүнд нийслэлийнхээ баяраар ийм сайхан шагнал авлаа. Баяртай байна. -10 жил ажиллахад хэцүү зүйл их байсан биз? -Байлгүй яах вэ. Өвөл үнэхээр хэцүү шүү. Өглөө эрт гарахаар харанхуй байдаг. Тэгээд л айж байсан ч цэвэрлэгээгээ хийнэ дээ. -Та ажлаараа бахархдаг уу? -Тийм ээ. Би ажлыг муу гэж голоогүй. Шар хантааз өмсөөд зам, талбай цэвэрлээд явсныхаа үр дүнг өнөөдөр амс ч л байна. Залуучууддаа ажлыг битгий голоорой л гэж хэлмээр байна. -Иргэдийн ухамсар ямар байх юм? -Муу байна. Харамсч явдаг. Хогоо хогийн саванд хий гээд савыг нь бэлдээд өгсөн байхад л гадуур нь чулуудчихаад явчихна. Жолооч нар биднийг огт хүндэтгэдэггүй. Машиныхаа цонхоор хогоо шидэж орхидог. Шүүрдчихээд таван минутын дараа харахад дахиад л хог хөглөрч байдаг. Шар хантаазтануудыг жаахан ч гэсэн хүндэлж сураасай л гэж хүсэх байна. -Та өдөрт хэдий хэмжээний талбай хариуцдаг юм? -3000 ам метр газар цэвэрлэдэг. -Хэчнээн төгрөгийн цалин авдаг вэ? -Гар дээрээ 600 мянга авдаг. -Амьдралд нь хүрэлцэж байх юм уу? -Хэцүү шүү дээ. Дөрвөн улирлын турш гадаа гандаж ажиллаж байгаа хүний хувьд их мөнгө биш. Манайх долоон ам бүлтэй. Сүүлийн жилүүдэд юмны үнэ ч асар их өсч байна. 600 мянгаар болгоно гэхээр хүндхэн байдаг. -Та ямар мэргэжилтэй вэ? -Эгч нь тогооч. Дорноговьд олон жил тогоочоор ажилласан. "Хоггүй хороо-Хоггүй гудамж” уралдаан тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл үргэлжилсэн ба энэ хугацаанд хэн дүүргээ цэвэрхэн байлгаж чадсан нь шилдэг болсон юм. Энэ уралдааны тэргүүн байрыг Сүхбаатар дүүргийнхэн, дэд байрыг чингэлтэйчүүд эзэлсэн бол гуравдугаарт баянголынхон шалгарсан. Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын хэлтсийн дарга Т.Батбаяртай уулзаж, шaр хантаазтануудад хэрхэн анхаарч байгааг лавлахад, “Зам талбайн цэвэрлэгч нар урьд нь дунджаар 370 мянган төгрөгийн цалинтай байсан. Одоо 650 мянгад хүрсэн. 2016 он гэхэд нэг сая төгрөгийн цалинтай болгох бодлого барьж байна. Мөн энэ хүмүүсийнхээ нийгмийн болоод хүүхдүүдийнх нь боловсролын асуудал анхаарч байгаа” хэмээсэн.
Ж.Энхбаяр нэрээ татлаа
Намын даргад нэр дэвшсэн Н.Энхболд нэрээ татсан бол сая Ж.Энхбаяр нэрээ татлаа МАН-ын Их хурлын төлөөлөгчид гурван өдөр хуралдсаны эцэст өнөөдөр намын даргаа сонгох гэж байна. Энэ удаад намын даргад нэр дэвшсэн Н.Энхболд нэрээ татсан бол сая Ж.Энхбаяр нэрээ татлаа. Тэрбээр “Намайг дэвшүүлсэн нь гэнэт боллоо. Залуус ачаа үүрэлцэх ёстой гэж үзэж дэвшүүлж байх гэсэн ч өөрийн хүсэлтээр нэрээ татлаа. Ардын намын босго өндөр. Тэр дундаа намын даргын шалгуур бүүр ч өндөр” хэмээгээд нэрээ татах хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ. МАН-ын одоогийн дарга Ө.Энхтүвшин Харин М.Энхболдын хувьд нэр дэвшүүлснийг хүлээн авсан гэдгээ хэлсэн. Харин одоо Ө.Энхтүвшин, Т.Аюурсайхан нар үг хэлэх үлдээд байгаа бөгөөд МАН-ын одоогийн дарга Ө.Энхтүвшин үгээ хэлж байна.
Давхардсан тоогоор 165 мянган оюутанд 106 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгожээ
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн дагуу 2012 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн үндэсний болон урамшууллын тэтгэлгийг оюутнуудад олгож байгаа. Тус арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулан 106 тэрбум төгрөгийн үндэсний болон урамшууллын тэтгэлгийг давхардсан тоогоор 165 мянган оюутанд олгожээ. Хичээлийн нэг жилд олгох үндэсний тэтгэлгийн доод хэмжээ арван сарын турш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэхээр байна гэж хуульд заасан. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд тодорхой боловсрол, тусгай мэргэжил шаардсан мөнгөний ажил, хөдөлмөрийн гэрээ болон тусгай ажиллах гэрээ тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн хөлсний нийтээр дагавал зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ гэж заасан байдаг. Харин суралцагчдад олгож байгаа тэтгэлэг нь урамшууллын шинж чанартай учир суралцагчдад суралцах хугацаанд нь сар бүр олгох үндэсний тэтгэлгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх нь хуулийн зүйл заалттай нийцэхгүй байгаа юм.  Сангийн сайд Ч.Улаан Иймд тэтгэлгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулахгүй байх, цаашид тэтгэлгийн хэмжээг Засгийн газар тогтоодог байхаар хуулийн төслийг боловсруулсан талаараа Сангийн сайд Ч.Улаан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга: Оюутнууд 70 мянгаа юунд зарцуулдаг талаарх үр дүнгийн судалгаа байгаа эсэх, мөн оюутнуудад цагийн хөдөлмөр эрхлэх бололцоо хэр байдаг талаар тодруулсан юм. Судалгааг өнгөрсөн жил ТББ-ууд болон бусад байгууллагуудтай хамтарч хийсэн. 70 мянган төгрөг оюутнуудад амьжиргааны эх үүсвэр болж байна, үр дүнтэй байгаа судалгаа гарсан хариултыг Боловсрол, шинжлэх ухааны яамны газрын дарга өглөө. Ингээд хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Арваннэгдүгээр сарын 4-нд бүх нийтээрээ амарна
Арваннэгдүгээр сарын 4-нд бүх нийтээрээ амарна Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны төрсөн өдөр болгон орон даяар тэмдэглэхээр болсон. Энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан билээ.  Чингис хааны төрсөн өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 4-нд тохиож байгаа юм. Тэгэхээр хуулийн дагуу ирэх долоо хоногийн даваа гарагт бүх нийтээрээ амарна. Гэхдээ “Монгол бахархлын өдөр”-өөр олон үйл явдал болох нь. Чингис хааны одонг Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд асан Д.Содном гуайд гардуулах ёслолын ажиллагаа болох бөгөөд орон даяар телевизээр шууд дамжуулах юм байна.  Мөн өндөр чансаатай хүчит 128 бөх барилдах юм.
Ө.Энхтүвшингийн халааг М.Энхболд авлаа
М.Энхболд МАН-ын XXVII их хурал намын даргаа сонгохоор санал хураалт явуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, намын даргад нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүн М.Энхболд, МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан нар үлдсэн. Харин намын даргыг сонгох санал хураалт дуусаж, Их хурлын төлөөлөгчдийн 92  хувийн саналаар МАН-ын даргаар М.Энхболд сонгогдлоо. МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан найман хувийн саналыг авсан байна. Тус намын Их хуралд хот, хөдөөгөөс сонгогдсон Их хурлын 1121 төлөө­лөг­чөөс 330 орчим нь Улаанбаатар хотоос, 780 ор­чим нь орон нутгаас хүрэлцэн ир­сэн юм.
МАН-ын дарга Ө.Энхтүвшин нэрээ татлаа
МАН-ын одоогийн дарга Ө.Энхтүвшин МАН-ын XXVII их хурал үргэлжилж байгаа. Яг одоо намын даргаа сонгох асуудлыг хэлэлцэж байна. Намын даргад нэр дэвшээд байсан Н.Энхболд, Ж.Энхбаяр нар нэрээ татсан бол намын дарга Ө.Энхтүвшин мөн нэрээ татаж авлаа.  Харин одоо МАН-ын даргад УИХ-ын гишүүн М.Энхболд, МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан нар үлдлээ. Тунаж үлдсэн хоёр нэр дэвшигчид нууцаар санал хураалт явуулж байна. Хуралд оролцож буй төлөөлөгчид өөрийн дэмжиж буй хүнийхээ нэрийг дугуйлаад саналын хайрцагт хийх юм байна. Тун удахгүй МАН шинэ даргатай болсноор МАН-ын их хурал өндөрлөнө.
Apple компани мэндэлсэн гарааж түүхийн дурсгалд бүртгэгдлээ
Стив Жобс Стив Жобс, Стив Возняк нарын анхны Apple персонал компьютер бүтээж байсан гараажийг түүхийн дурсгалд бүртгэж авлаа. Калифорни мужийн Лос Алтос хотод байрлах энэ хувийн орон сууцны гараажд тэд анхны персонал компьютер бүтээгээд зогсохгүй, энэ байшин бүхэлдээ домогт Стив Жобсын бага насаа өнгөрөөсөн газар юм. Энэ гараажд анхны Apple компьютер бүтээгдэж байжээ Энэ сууц нь 1952 онд баригдсан, 61 жилийн настай. Одоогоор Стив Жобсын өргөж авсан эх Мэрилин Жобс тэнд амьдардаг аж. Лос Алтос хотын зөвлөл гаргасан шийдвэрээ хатагтай Жобсд танилцуулсан бөгөөд тэр шийдвэрт татагалзах зүйлгүй гэсэн хариу өгчээ. Ингэснээр Лос Алтос хот жуулчдад сонирхуулах нэгэн түүхэн байгууламжтай болж байгаа ажээ.
Хөлтрөг юун тухай өгүүлдэг юм бол...
Кинонд үйлийн үр, эх үрийн сэтгэл, тэдний хүйн холбоо, агуу хайрын тухай өгүүлэх юм “Хөлтрөг” хэмээх уянгын кино ирэх арваннэгдүгээр сарын эхээр нээлтээ хийх гэж байгаа. Кинонд үйлийн үр, эх үрийн сэтгэл, тэдний хүйн холбоо, агуу хайрын тухай өгүүлэх юм.  Киноны найруулагчаар жүжигчин УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ ажиллаж байгаа бол зохиолыг түүний эгч С.Болормаа бичсэн байна.  Харин гол дүрд нь Н.Ялалт, О.Долгор, Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Оюундар залуу жүжигчин Б.Баттогтох, Н.Мөнхсоёл нар тогложээ. Та бүхэн энэхүү шинэ киноны клипийг хүлээн авч үзээрэй.
Хэрэглээний усны асуудлаар хэлэлцэнэ
"Улаанбаатарчууд ямар ус ууж байна вэ” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 31-нд “Blue sky" цамхагт болох гэж байна. Хэлэлцүүлгийг  "Mongolian economy" сэтгүүл, "Ногоон эдийн засгийн өсөлт" ТББ, Ус сувгийн удирдах гэзэр, MIH групп хамтран зохион байгуулах аж. Улаанбаатар хотын усны эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлж байгаа нэг бус олон улсын төслийн хүрээнд хийсэн шинжилгээгээр ундны усны 80 гаруй хувь нь бохирдолтой гарсан байдаг. Энэ мэт нийслэлчүүдийн ундны усыг цэвэр гэж хэлэхэд бэрхтэйг илтгэх баримт судалгаа цөөнгүй. Гэр хорооллын иргэд ундны усаа хуванцар саванд хадгалдаг. Гэтэл хуванцар савыг үйлдвэрлэхэд бисфелон А болон меламин гэх бодисыг ашигладаг бөгөөд АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар уг бодис нь хөхний хорт хавдар, үргүй болгох, зарим төрлийн хорт хавдар үүсгэх суурь нөхцөл болдог гэдгийг хэдийнэ тогтоосон байна. Тэгвэл орон сууцанд амьдардаг иргэдийн ундны ус чанарын шаардлага хангадаг уу гэвэл тийм биш. Крантны ус зэвтэй, хэтэрхий их ариутгалын бодистой байдаг учраас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй аж. Нийслэл хотын цэвэр усны эх үүсвэрийг Туул голын сав газраас хангадаг Нийслэл хотын цэвэр усны эх үүсвэрийг Туул голын сав газраас хангадаг. Улаанбаатар хотын усан хангамжийг төвийн эх үүсвэрийг үндсэн дөрвөн хэсэгт хуваадаг бөгөөд Туул голын сав газрын дагуу байгаа 160-170 гүний худгаас усаа татаад нийслэлчүүдийн ундны, ахуйн, үйлдвэрийн, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон орон сууцны иргэдийн хэрэгцээг хангаж байгаа. Гэтэл Туул гол тасарлаа, ширгэлээ, бохирдлоо гэх мэдээлэл чих дэлссээр удаж байна. Түүнчлэн Нисэх, Биокомбинат, Баянголын цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарч байх ёстой бохир ус нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болох Туул голын усанд ямар нэгэн ариутгалгүй шууд нийлүүлэгдэж байна гэх ч гомдол хэвлэл мэдээллийн хэрэгслээр тасардаггүй. Дээрх мэдээллүүдийг нэг хэсэг нь үнэн нөгөө нь худал гэлцэх. Хүн өдөрт дунджаар 1.5 литр эрүүл ус хэрэглэх шаардлагатай байдаг. Хэлэлцүүлэгт УСУГ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцох аж.
WSJ: Монгол Улс БНАСАУ-ыг дэлхийтэй холбох гүүр болохыг хүсч байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д хийх албан ёсны айлчлалаа өчигд­рөөс эхлүүлсэн билээ. Тэрбээр ал­бан ёсны хөтөлбөр эхлэхээс нэг хоногийн өмнө буюу ням га­рагт Пеньянд хөл тавьсан юм. Манай Улс БНАСАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улс бөгөөд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Түүхэн ой давхацсан энэхүү түү­хэн айлчлалын талаар гад­на дотны хэвлэлүүдэд хэр­хэн бичиж байгаа хийгээд, айлч­лалаас үүсч буй хүлээлтийн та­лаархи мэдээллийг хүргэж бай­на. Ким Жон Уны “баг хуулрах уу”  Манай Ерөнхийлөгчийн айлч­­­лалыг гадны хэвлэл мэ­дээл­лийн хэрэгслээр чамгүй мэ­дээл­жээ. Тэдний сонирхлыг Ц.Эл­бэгдорж Ким Жон Унтай уул­зах уу, үгүй юу гэсэн асуу­дал хамгийн их татаж байгаа бо­лолтой. Асуудлын голыг энэ тал руу хандуулсан байв. Учир нь залуу Ким улс орноо удирдах болсноос хойш гадны нэг ч төрийн тэргүүнтэй уулзаагүй байгаа юм. Эцэг Ким Жон Ил нь нас барсны дараа түүнийг улс орны жолоог атгахад шин­жээчид “Хэт туршлагагүй уч­раас эцгийнхээ үйл хэргийг үр­­гэлжлүүлж чадах нь эр­гэл­зээтэй” гэж дүгнэж бай­сан. Үнэхээр ч тэрбээр өдийг хүр­тэл гадны нэг ч улс орны удир­дагчтай уулзаагүй нь дээрх яриаг одоохондоо “үнэн” гэж ха­раг­дуулж буй. Хэрвээ тэрбээр ма­най Ерөнхийлөгчтэй уулзвал түүний талаархи төсөөлөл илүү бодитой болно. Ким Жон Ун хүчирхэг удирдагч уу, “бодлого таардаггүй”, бараг дайсан гэж хэлж болох барууны удир­даг­чидтэй ижил төвшинд ха­рил­­цаж чадах уу гэдэг нь энэ уул­залтаас харагдах гэнэ. Шин­жээчдийн үзэж байгаагаар эрт­нээс найр­саг харилцаатай байсан Мон­го­лын Ерөнхийлөгчтэй уулзах нь Ким Жон Уны хувьд сайхан “бие халаалт” болох гэнэ.     Монгол Улс БНАСАУ-ыг дэлхийтэй холбох гүүр болохыг хүсч байна  Дэлхийн томоохон вэбсайт, со­нинуудад айлчлалыг угтан гар­­сан олон нийтлэлийн нэг нь ийм гарчигтай байв. “Уолл Стрийт Журнал”-д гарсан тэр­хүү нийтлэлд “Ц.Элбэгдорж БНАСАУ-ыг зорьсон шалтгаан нь эдийн засгийн харилцаагаа өр­гө­жүүлээд зогсохгүй цаа­шид дэл­хийн бусад улстай харилца­хад нь зуучлагчийн үүрэг гүй­цэтгэх хүсэлтээ албан ёсоор та­вих явдал” хэмээн бичжээ. За­рим нь шууд “Тэрбээр Ким Жон Уныг цөмийн хөтөлбөр хэрэг­жүү­лэхээ зогсоохыг ятгана” гэх мэтчилэнгээр бичсэн байна. Японы Эн Эйч Кей агентлагийн мэ­дээнд “Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “БНАСАУ-д хул­­гайлагдсан” гэх япон ир­гэ­дийн асуудлаар БНАСАУ-тай тохиролцоонд хүрэхэд тус­­ла­­хыг Монгол Улсаас хүсч бай­­­­сан удаа бий. Тиймээс Мон­­­го­лын Ерөнхийлөгч энэ асууд­­лыг хөн­дөж магадгүй” гэж өгүүлсэн байв.  БНАСАУ бол дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг цөөхөн улсын нэг. Энэ улсыг гадаад ертөнцтэй хол­бох зуучлагчийн дүр манай ул­сад ногдвол нэр хүнд өсөх нь мэдээж юм. БНАСАУ-тай таа­рамжгүй харилцаатай барууны ор­нууд БНСУ, Японтой манай улс харилцаа сайтай учир энэ нь тийм ч биелэх боломжгүй зүйл биш юм.  БНАСАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зур­ав Айлчлалаас гарах үр дүн юу вэ Манай орны хувьд Пеньянтай найрсаг харилцаатай цөөхөн ор­ны нэг. Тиймээс хамтран ажил­лах өргөн боломж бий.  Монголын “Хай Би Ойл” (HBOil) хувьцаат компани БНАСАУ-ын газрын тосны сал­барт хөрөнгө оруулалт хийсэн гэ­сэн мэдээлэл өнгөрсөн зурга­ду­гаар сард цацагдсан билээ. Тус компани Малайзын Ninox Hydrocarbons (L) Berhad (NHLB) компанийг худалдан авахад  Хойд Солонгосын KOEC International, Inc (KOECII)-ийн хувьцааны 20 хувь дагалдан ирсэн юм. Ингэснээр “KOECII”–ийн 80 хувийг Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Ул­сын (Хойд Солонгос) газрын тос­ны төрийн өмчит Korea Oil Exploration Corporation (KOEC) компани, 20 хувийг нь Хай би ойл компани эзэмших болсон юм. Тэдний хамтын ажиллагаа цаашдаа амжилттай болбол “Хай Би Ойл” компани Монгол руу түлш импортлох цоо шинэ замыг нээхээр төлөвлөж байгаагаа тухайн үед мэдэгдэж байв /ОХУ нефть боловсруулах үйлдвэрүүдээсээ Алс Дорнод руу шатахуун нийлүүлэхийн тулд маш хол зам туулах шаард­лагатай байдаг. Тэгвэл БНАСАУ-д үйлдвэрлэсэн нефть бүтээгдэхүүнийг ОХУ-ын Алс Дор­нодод нийлүүлж, ОХУ ха­рин Монгол руу нийлүүлбэл аль, аль талдаа ашигтай гарах тооцоог хийсэн аж. Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүн худалдаж авах үүсвэр хэдий чинээ олон байх тусмаа сайн. Тиймээс нэгэнт та­вигдсан энэхүү хэлхээ холбоог улам өргөжүүлэн, цаашид олон сал­барт хамтрах боломжийг эрэлхийлэх байх.  Манай улсад Ардчилсан Со­лон­госын 1500 орчим иргэн хө­дөлмөр эрхэлдэг гэсэн мэдээ бий. Тэгвэл Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнд энэ тоог 5000 хүргэж өсгөх боломжтой. БНАСАУ нь аж үйлдвэр, барилгын салбар өндөр хөгжсөн орон. Манай орны хувьд энэ салбарт Хятадаас ажиллах хүч авдаг. Тэгвэл тэдний нэг хэсгийг хойд солонгосчууд бүрдүүлэх боломж гарч ирнэ гэсэн үг юм. Businessweek.com-д бичсэнээр дэлхийн бусад орны нэгэн адил БНАСАУ ч манай улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулахыг сонирхож байгаа гэх. Айлчлалын үр дүнд Ардчилсан Солонгосын ашиг сонирхол манай уул уурхайн салбарт орж ирж ч магадгүй нь.    Далайд гарцгүй Монгол орны хувьд ашигт малтмал, түүхий эдээ дэлхийн зах зээлийн үнээр худалдахын тулд далайн боом­туудад хүргэх зайлшгүй шаард­лага бий. Хэрвээ сайтар то­хиролцож чадвал энэхүү зо­рилгодоо Хойд Солонгосын боом­туудыг ашиглах боломж ма­най улсад байгаа гэж WSJ сэтгүүлд бичсэн байна.     Мон­гол Улсын Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж өнгөрсөн даваа гарагт БНАСАУ-ын Ардын дээд Хур­лын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намтай албан ёсны хэ­лэлцээ хийсэн. Хэлэлцээний дараа Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зур­сан. Эдгээр баримт бич­­гүү­дэд дээр дурьдсан асууд­лууд тусгалаа олсон нь дамжиг­гүй.
Хар салхины улмаас Европт 13 хүн амь үрэгдэв
Таван хүн амь үрэгдсэн нь бүгд салхинд унасан модонд даруулсан байна Европын орнуудаар дайран өнгөрч буй хар салхины улмаас амь үрэгдсэн хүний тоо өчигдрийн байдлаар 13 болсон талаар АР агентлаг мэдээлэв. Амь үрэгдсэн хоёр хүн далайд живжээ Их Британийн эрх баригчдын мэдэгдсэнээр тус улсад таван хүн амь үрэгдсэн нь бүгд салхинд унасан модонд даруулсан бол Германд амь үрэгдсэн зургаан хүний хоёр нь далайд живжээ. Мөн Данийн нийслэл Копенгаген хотод нэг хүн байшин дээрээс унасан туйпуунд цохиулан амиа алдсан бол Нидерландын нийслэл Амстердам хотод нэг эмэгтэй модонд даруулсан байна. Хар салхи дайрсан Европын орнуудад хэдэн зуун мянган хүн гэрэл цахилгаангүй байгаа бөгөөд зөвхөн Их Британид 600 мянган айлын цахилгааны хэрэглээнд хүндрэл учраад байна. Мөн Францын хойд мужуудад 42 мянган байшин барилгын цахилгааны хангамж доголдоод байгаа аж. Европын хойд хэсэгт агаарын тээвэр бүхэлдээ саатсан бөгөөд Амстердамын онгоцны буудалд 50, Лондоны “Хитроу”-д 130 нислэг, мөн Хамбург, Копенгагаен, Стокхольмын нисэх буудлуудад олон арван нислэг цуцлагдаад байна. Их Британийн Уайт арлын орчимд салхины хурд секундэд 45 метр (160 км/ цаг), харин Европын бусад нутгуудад 25-30 метр хүрчээ.
101,102 мэдээлж байна
Хан-Уул дүүргийн III хорооны Богд уулын аманд өчигдөр 24 настай эмэгтэй хайхрамж болгоомжгүй байдлаасаа болж гал алдсан байна. Тэрбээр уулын аманд очиж хуучин хувцсаа шатааж байгаад нэг га орчим талбайг шатаажээ. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна. Баянзүрх дүүргийн нутагт өнгөрсөн зургаадугаар сард таван настай хүүхдийнхээ зулайг шөвөгдөж хөнөөсөн хэрэг гарсан. Тэгвэл уг хэргийг Нийслэлийн прокурорын газар хянаж дууссан учраас харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Баянзүрх дүүргийн VI хорооны “Наран трейд” ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа барилга дээр ажиллаж байсан туслах ажилчин өргөгч цамхаг дээрээс үсэрч амиа хорлохыг завджээ. Эх сурвапжийн мэдээлж буйгаар тэрбээр ар гэрийн маргааны улмаас сэтгэл санаа нь тогтворгүй байснаас ийм үйлдэл хийсэн аж. Зурагтаас Гандан руу уруудах замд өчигдөр таван машин хоорондоо мөргөлдөж томоохон осол гаргажээ. Азаар хүний амь нас эрсдээгүй ч хоёр хүн гэмтэн ГССҮТ-д хүргэгдсэн байна. Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Монгол хүн "Сочи-2014" олимпийн бамбарыг буухиалав
ЮНЕСКО-оос ОХУ-д суугаа төлөөлөгч Д.Бадарч Олон улсын Олимпийн хороо болон ОХУ-ын Олимпийн хорооны урилгаар “Сочи-2014” олимпийн бамбарын аялалд ЮНЕСКО-оос ОХУ-д суугаа төлөөлөгч Д.Бадарч оролцлоо. ОХУ-ын Соёлын сайд В.Мединский, Олимпийн аварга Е. Плюшенко, Г.Зыбина, Е.Бережная, Б.Васильев, алдарт хөл бөмбөгч Киржаков, жүжигчин М. Боярский зэрэг 515 хүн Санкт Петербург хотод болсон буухиад оролцжээ.  Санкт-Петербург хот нь дэлхийн соёлын өвд багтсан түүх дурсгалт хотын хувьд ЮНЕСКО-той байнгын холбоотой ажилладаг байна. Москвагаас аравдугаар сарын 7-нд гараагаа эхэлсэн олимпийн бамбарын буухиад 14 мянган хүн оролцож, 83 бүс нутаг, 2900 хот суурингаар дамжиж, 65 мянган км зам туулах юм. Мөн олимпийн бамбар нь дэлхийн хамгийн гүнзгий Байгаль нуур, Хойд туйл, Европ тивийн ноён оргил Эльбрус, Сансарын уудамд зочлох аж.
О.Чулуунбат: Одоо хэр нь Ц.Нямдорж буруу ойлголттой явдаг юм байна
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Алтан,  Дорнод, Монгол” компанийн захирал  С.В.Паушокийг Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай холбоотой. Улмаар О.Чулуунбатыг С.В.Паушокийн гар хөл болж байгаа гэсэн мэдээллийн дагуу түүнтэй холбогдож, таван үг солилоо.  -УИХ-ын гишүүн Ц.Ням­дорж таныг “Алтан Дорнод Монгол” компанийн за­хи­­рал С.В.Паушокийн эрх­шээлд ажиллаж байгаа гэж мэдэгдсэн. Одоо хэр нь та хол­боо­той байдаг хэрэг үү? -Бүү мэд ээ. Баримтгүй, шалтгаангүй, бодлогогүй мэдэгдэлд ямар ч тайлбар өгөх билээ дээ. Одоо хэр нь Ц.Нямдорж буруу ойлголттой явдаг юм байна. Би Монголоос гарснаас нь хойш огт холбоо бариагүй.  -Таныг С.В.Паушокийг хаацайлж, татвараас чөлөөлөх бүх боломжийг олгосон гэсэн. Тус компани Монголбанкинд хэдий хэр алт тушаасан байдаг вэ? -С.В.Паушок бүх алтаа тушаасан. Би С.В.Паушокийн  олборлосон 2.8 тонн алтыг нь Монголбанкинд хадгаламжинд  авсан шүү дээ.  -С.В.Паушок манай улсад татвар төлсөн үү? -Манай улс С.В Паушокоос бүх татвараа авсан.
Монголд бизнес эрхлэх орчин сайжирчээ
Манай улс 189 орноос бизнесийн орчны таатай нөхцлөөрөө 76-д бичигджээ Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс жил бүр гаргадаг Бизнес эрхлэх орчны судалгаа гарчээ. Энэхүү судалгаанд Монгол Улсын бизнесийн орчин ирэх онд ямар байх талаарх жагсаалтыг хэвлэсэн байна. Манай улс 189 орноос бизнесийн орчны таатай нөхцлөөрөө 76-д бичигджээ. Энэ онд энэ үзүүлэлт 80 дугаар байрт байсан бол ийнхүү дөрвөн байраар урагшилсан байна. Ингэхдээ Монгол Улсад бизнес эрхлэх боломж 36-аас 25, барилга, бүтээн байгуулалт эрхлэх орчин 132-оос 107, цахилгаан эрчим хүчний хангамж 171-ээс 162 дугаар байрт урагшилж сайжирсан байна. Гэвч хөрөнгийн бүртгэл хийлгэх орчин 21-ээс 27, зээл авах боломж 52-оос 55, хөрөнгө оруулагчдыг хамгаалах орчин 21-ээс 22 дугаар байрт ухарчээ. Үзүүлэлт Урагшилсан байр Бизнес эрхлэх боломж  36-аас 25 Барилга, бүтээн байгуулалт эрхлэх орчин  132-оос 107 Цахилгаан эрчим хүчний хангамж 171-ээс 162  Үзүүлэлт Ухарсан байр Хөрөнгийн бүртгэл хийлгэх орчин 21-ээс 27 Зээл авах боломж 52-оос 55 Хөрөнгө оруулагчдыг хамгаалах орчин 21-ээс 22
Босфорын хоолой Ази, Европыг холбоно
Бошпуросын хоолой Ази, Европыг холбоно Туркийн Босфорын хоо­лойг дахин шинэчилж, гүүр барих ажил эхэлжээ. Ази, Евро­пыг холбох асар урт төмөр зам ирэх оноос эхлэн бариг­дах бөгөөд Истанбул уг төслийг хэрэгжүүлснээр бага Евро­пын боомт орон болох боломжтой болжээ.  Туркийн ерөнхий сайд Эрагон Бошпуросын хоолойг 1860 онд Оттаман султаны үед нээснээс хойш анхны томоохон сэргээн засварлах ажил эхэлснийг дуулгасан байна. Хэдийгээр барилгын төсөл 2004 онд яригдаж, угс­ралтаа эхлүүлсэн ч хөрөнгө оруулалтгүй болжээ. Харин энэ удаа Япон улс нэг тэрбум ам.долларын туслалцаа үзүүлж, Турк­чууд өөрсдөө дөр­вөн тэр­бумын хөрөнгө оруулалт хий­хээр бол­сон.
Валютын ханшийн өөрчлөлтийн талаар мэдээлэл хийнэ
Доллар 1700 давж, төгрөгийн ханш суларч эхлээд чамгүй хугацаа өнгөрлөө. Засгийн газар болоод Монголбанкнаас арга хэмжээ авч байгаа гэх боловч энэ нь түр зуур аргацаах төдий байгаа нь нууц биш. Долларын ханш ийнхүү тогтвортой бус байгаатай холбогдуулан Монголын Банк Бус Санхүүгийн байгууллагуудын холбоо болон валют арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг ББСБ-ууд хамтран өнөөдөр мэдээлэл хийх гэж байна. “Монгол Ньюс”-ын мэдээллийн төвд болох дээрх хэвлэлийн хурлын гол агуулга нь валютын ханшны өөрчлөлт байх аж.  Мэдээллийн талаар бид эргээд дэлгэрүүлэн хүргэх болно.
Ерөнхийлөгч БНАСАУ-ын Панмүнжоны цэрэггүй бүсэд зочиллоо
Ерөнхийлөгч айлчлалынхаа хоёр дахь өдөр БНАСАУ-ын Панмүнжоны цэрэггүй бүсэд зочилсон юм. Тэрээр 38 дугаар өргөрөгт зочилсон гадаад орны анхны Төрийн тэргүүн болсон юм. Цэрэггүй бүсээс буцах замдаа Гонмин хаан, Монгол хатны бунхныг үзэж сонирхлоо. Мөн Кымсүсаны Нарны ордонд зочилж БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ир нарын бунханд хүндэтгэл үзүүлэв.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНАСАУ-д хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлэхэд төлбөр төлөхгүй
Шинээр төрсөн хүүхдээ улсын бүртгэлд хэрхэн бүртгүүлэх талаар Сүхбаатар дүүргийн Хяналтын улсын байцаагч Л.Энхцэцэгээс тодрууллаа. -Иргэд шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлэхдээ ямар материал бүрдүүлж ирэх шаардлагатай вэ? -Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд шинээр төрсөн хүүхдийг бүртгэх тухай заалтууд орсон байдаг. ЭМЯ-наас баталсан иргэний эрүүл мэндийн дэвтэр буюу төрснийг батлах баримтыг, эцэг, эхийн цахим үнэмлэх, гэрлэлтийн баталгаа зэрэг материалыг бүрдүүлээд харьяа дүүргийнхээ улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлнэ. Ямар нэгэн төлбөр төлөхгүй.  Л.Энхцэцэг: Шинээр төрсөн хүүхдийг төв суурин газарт 15 хоног, алслагдсан сум, баг хороонд 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ. -Эцэг, эх нь гэрлэлтээ батлуулаагүй тохиол­долд хүүхдээ эцгээр нь овоглож болох уу? -Гэрлэлтээ батлуулаагүй эцэг эхийн дундаас төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож болно. Тодруулбал, эцэг, эхийн хамтран гаргасан өргөдлийн дагуу эцгээр нь овоглож болдог. Гэхдээ эцэг, эх нь харьяа дүүргийнхээ улсын бүрт­гэлийн газар өөрийн биеэр очих шаардлагатай. Хэрэв ямар нэгэн хүндэтгэх шалт­гаа­наар хэн нэгэн нь ирэх боломж­гүй тохиолдолд тухайн хүний өргөдлийг нотариатаар бат­луу­лаад ирж болно. Ихэнхдээ эх нь хүндрэлтэй төрсөн тохиол­долд ирж чадахгүй байдал үүсдэг.  -Шинээр төрсөн хүүхдийг хэд хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай вэ? -Шинээр төрсөн хүүхдийн бүртгэл бол Монгол Улсын иргэн болсоноос хойш анхны бүртгэл нь юм. Уг бүртгэлийг төв суурин газарт 15 хоног, алслагдсан сум, баг хороонд 30 хоногийн дотор бүртгүүлэх хуулийн заалттай байдаг. Үүнийг иргэд мэдэхгүйгээсээ болоод их хугацаа алдаж бүртгүүлдэг. Гэтэл тухайн хүүхдийн нийгмийн үйлчил­гээнд хамрагдах боломжийг тэр хэмжээгээр алдаж байна гэдгийг ойлгодоггүй. Тухайлбал, хүүхдэд олгож байгаа мөнгөн тэтгэмж, эрүүл мэндийн даатгалд хамрагдах зэрэг суурь үйлчилгээнүүд нь хойшлогдоод явчихдаг. Тиймээс шинээр төрсөн хүүхдээ цаг алдалгүй бүртгүүлдэг байх хэрэгтэй. Тэр бүү хэл олдмол хүүхдийг ч улсын бүртгэлд олдмол гэдгээр нь бүртгэлжүүлдэг. Тодруулбал, хүүхдийг олсон хүн нь олсоноосоо хойш хоёр хоногийн дотор харьяа дүүргийнхээ цаг­даа­гийн байгууллагад бүрт­гүүлэх шаардлагатай. Үүний дараа тухайн хүүхдийг олд­мол хүүхэд гэдгийг нотлох хөнд­лөн­гийн гэрчийн мэдүүлгээр тогтооно. Өөрөөр хэлбэл, гэрч болон, цагдаагийн бай­гууллагын тодорхойлт зэргийг үндэслэн шинээр төрсөн тухайн хүүхдийн олдмол гэдгээр улсын бүртгэлд бүртгэж болдог. -Хуульд заасан хуга­цаанаас хоцорч бүртгүүлсэн тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ? -Иргэний бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн болохоор Захиргааны хариуцлагын тухай хуулиар хариуцлага ногдуулдаг. Тодруулбал, иргэнд 40 хүртэл мянга, албан тушаалтанг 60 хүртэл мянган төгрөгөөр торгодог.  -Ямар нэг шалтгаанаар шинэ төрсөн хүүхдээ эхээр нь овоглочихсон байж байгаад дараа нь төрсөн эцгээр нь овоглож болно биз дээ? -Хэрэв эхний удаад ямар нэгэн шалтгаанаар шинэ төрсөн хүүхдээ ээжээр нь овоглосон болоод дараа нь эцгээр нь овоглох тохиолдол байдаг. Энэ тохиолдолд төрөлт бүртгүүлсэн тухай архивын лав­лагаа авна. Эцэг, эх нь гэр­лэл­тээ батлуулсан бөгөөд тухайн хүүхэд нь гэрлэлтээс хойш төрсөн нь батлагдаж бай­вал тухайн хүүхдийг төрсөн эц­гээр нь овоглох боломжтой. Харин эцэг, эх нь гэрлэлтээ бат­луу­лаагүй байгаа бол хам­тар­сан өргөдөл гаргах хэрэг­тэй. Өргөдлөөр овоглож бай­гаа тохиолдолд эцэг тог­тоо­сон бүртгэл хийж байгаа учир Тэмдэгтийн хуулиар тэм­дэг­тийн хураамжийг авдаг. Тодруулбал, тэмдэгтийн хураамж, бүртгэлийн үйлчил­гээний хураамж нийлээд 2500 төгрөг төлдөг. -Хэрэв эх нь эмнэлэгт биш гэртээ төрсөн бол төрөлт бүртгүүлсэн тухай архивын лавлагааг хаанаас авах вэ? -Энэ тохиолдолд тухайн эхийг гэртээ төрсөн гэдгийг батлах хөндлөнгийн гурван хүний гэрчийн мэдүүлгээр бүртгүүлж болдог.  -Насанд хүрээгүй хүүхдээ хойд эцгээр нь буюу өөр хөндлөнгийн хүнээр овоглох бол улсын бүртгэлд хэрхэн бүртгүүлэх вэ? -Насанд хүрээгүй хүүхдийг хойд эцгээр нь овоглох бол үрчлэлтийн бүртгэл хийлгэнэ. Өөрөөр хэлбэл, хойд эцэгт төрсөн эцгийн эрх үүргийг хүлээлгэнэ гэсэн үг. Тиймээс хойд эцэг нь эхтэй нь гэрлэлтээ батлуулсан гэрлэлтийн батал­гаа, хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа, төрсөн эцгийн эрхийн зөвшөөрөл байх ёстой. Харин үрчилж авч байгаа хүн нь цагдаагийн газрын тодорхойлолт авна. Учир хуульд ял шийтгэл удаа дараа эдлээгүй байх ёстой гэж заасан байдаг. Түүнчлэн тухайн хүн тодорхой хэмжээний орлоготой байх ёстой. Тиймээс орлогоо тодорхойлсон баримт­тай байна. Хүүхэд өсгөх гэж байгаа учир сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөөгүй байх нь чухал учир эрүүл мэндийн тодорхойлолт хийлгэх хэрэг­тэй. Эдгээр материалыг үндэс­лэн үрчлэлтийн бүртгэл хийнэ. Уг бүртгэлд оролцогчид өөрийн биеэр байлцах шаардлагатай. Харин хүүхэд нь долоогоос дээш настай бол тухайн хүүхдийн өөрийн бичгээр гаргасан зөвшөөрлийг шаарддаг. Төрсөн эцгээр нь овоглодог хүүхдийг эхээр нь овоглох болсон ч мөн л эцгийн зөвшөөрөл хэрэгтэй байдаг.
"Латин Монголиа" буюу айсуй өрийн хямрал
Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын өр гадаад зээл, дотоод өр, гадаад үнэт цаасны өр, зээлийн баталгаа, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын гэх мэт өрүүдийг нийлүүлээд 10 их наяд төгрөг болсон нь эдийн засгийнхаа 50 хувьтай тэнцэж байна. Энэ бол монгол хүн бүр 3.0 сая төгрөгийн өртэй гэсэн үг. Уг нь “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийн 6.1.4-т “Улсын өр нь “тухайн жилийн үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх” ёстой гэж заасаар байтал төрийн эрх баригчид энэ хязгаарыг бүр 60 хувь болгоод 2014 оны төсвөө батлах гэж улайрч байна. Засгийн газрын өр ер нь ямар хэмжээнд байвал зөв байх, улс орон өрийн дарамтанд орно гэдэг юу болох, монголчууд бид одоо яавал зохистой талаар ярилцах цаг хэдийнэ болжээ. Монгол Улсын одоогийн өр их үү, бага уу? Аливаа улс орны дааж чадах өрийн түвшинг тодорхойлсон жишиг харьцаа байдаг бөгөөд хөгжиж байгаа орнуудын авдаг хөнгөлөлттэй зээлүүдийг гадаад өрд хамруулдаг. Гадаад өрийн ачааллыг тухайн жилийн ДНБ, экспорт, Засгийн газрын орлоготой, дээр нь өрийн үйлчилгээг Засгийн газрын орлого, экспорттой харьцуулж, нийт таван шалгуураар 1-6 тоогоор илэрхийлдэг. Улмаар эдийн засаг дахь өрийн ачааллыг сул, дундаж, хүчтэй гэж гурав ангилдаг. Монгол Улс 3.41 буюу дундаж ангилалд орсон учир ОУВСгаас Монгол Улсын гадаад өр (баталгаа гаргасан өрийг оруулаад) ДНБ-ийхээ 40 хувиас хэтрэхгүй байх шалгуур тогтоосон ажээ. Энэ үнэлгээг CPIA индекс гэдэг ба энэ нь тухайн орны эдийн засгийн бодлого ба төрийн байгууллагуудын чадварын түвшинг илэрхийлдэг. (Country Policy and Institutional Assessment or CPIA index) Монгол Улсын эдийн засгийн бодлого болон төрийн байгууллагуудын чадвар дунд гэдгийг энгийн нүдээр ч харж болно. Үе үеийн төр засаг зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж буйгаа аман дээрээ ярьдаг ч ажил дээрээ эсрэгээр явсаар хориод жилийн нүүрийг бид үзлээ. Эдийн засгийн өсөлтийг хувийн хэвшил тэргүүлж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг тасралтгүй татаж чадсанаар улс орны хөгжлийн суурийг тавьж чадсан тул иргэдээ өрөнд заавал оруулахгүйгээр эдийн засгаа хөгжүүлэх боломж байсаар байхад Монгол Улсын төр засаг үл тоомсорлосоор байна. Уг нь монголчууд бид сүүлийн арван жилд эдийн засгаа солонгожуулан хөгжүүлэх суурийг тавихад хангалттай орлогыг уул уурхайгаасаа олсон юм. Бид жаахан ухаалаг байсан бол дарга сайд нар маань хамгийн том машин, орд харшаараа уралдахгүй, Арабаас үнэтэй морьдыг мөнгөөр зодон онгоцоор авчирч гайхуулахгүй, Улаанбаатарын үнэ цэнэтэй газрыг дээгүүрээ хуйвалдаад авчихг үй, иргэд нь нам, төрийн ажилтан болох гэж хэнээрхэхгүй, өөр өөрийн ажлаа чадахын дээдээрээ хийж, шударгаар өрсөлдөн, өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээж, эх орондоо алдар нэрийг олоод, ядаж хоёр хөршд өө хөрөнгө оруулчихаад сууж байх байлаа. Монгол Улсын Засгийн газар сүүлийн хориод жилийн турш олон улсын хөгжлийн байгууллагууд, гадаад орнуудын Засгийн газруудаас нэлээд их хэмжээний тусламж, хөнгөлөлттэй зээл авсаар ирсэн. Харин өнгөрс өн оны эцсээс анх удаа Засгийн газрын бонд гарган, гадаадын хувийн банк, компаниудаас өндөр үнэтэй зээл авах боллоо. Харин энэ зээлийн ид шидийг гаргаж чадах болов уу? Алдагдсан арван жил 1980-аад оны эхээр Латин Америкийн, түүний дотор Бразил, Аргентин, Мексик зэрэг улсуудын гадаад өр мөнгө олох чадвараасаа хол давж, өрөө байтугай хүүгээ төлж чадахгүйд хүрснээр санхүүгийн хямрал эхэлсэн юм. 1960-70-аад оноос эдгээр орнуудын Засгийн газрууд бас бонд гаргаж, улс орноо үйлдвэржүүлэх, ялангуяа дэд бүтэц барих зорилгоор олон улсын санхүүгийн зах зээлээс их хэмжээний хөрөнгө, доллар зээлж эхэлжээ. Эдгээр орнууд бүгдээрээ байгалийн баялгаа олборлож, эдийн засаг нь өндөр өсөлттэй байсан учир тэдэнд зээл тун амархан олдож байсан. Ялангуяа 1973 онд газрын тосны үнэ огцом өсөж, нефть экспортлогч орнуудын мөнгөний томоохон урсгал олон улсын банкуудаар дамжин эдгээр орнуудын Засгийн газрын бондыг маш дуртай худалдан авч байлаа. Латин Америкийн орнуудын гадаад өр 1975-85 оны хооронд жилийн 20 хувиар өссөөр 1983 он гэхэд 315 тэрбум ам.доллар болсон нь бүсийн ДНБ-ий 50 хувьтай тэнцэх болжээ. (Монгол өнөөдөр яг энэ түвшинд очоод байна) 1982 онд зээлийнхээ зөвхөн хүүнд л гэхэд 66 тэрбум ам.доллар төлсөн нь 1972 оныхоос 5.5 дахин их байлаа. Тэгэхэд дээрх CPIA индекс 3.0 байсан юм. (Өнөөдөр Монгол 3.41) 1982 оны наймдугаар сард Мексикийн Засгийн газар өрөө төлж чадахгүй болж, default буюу дампуурснаа зарлаж, 90 хоногийн турш ямар ч төлбөр хийхгүй байх мораториум тогтоож, бүх зээлдүүлэгчдийг өр төлбөрийн тухай дахин хэлэлцээр явуулахыг шаардсан юм. Ингэснээр Латин Америкийн бүх орнуудын зээлжих зэрэглэл шалдаа бууж, олон улсын арилжааны банкууд Мексикийн компаниудад зээл өгөхөө зогсоож, хугацаа нь дуусаагүй зээлүүдийг ч нэн яаралтай буцааж төлөхийг шаардсан юм. Аргентин улс удалгүй энэ бүхнийг давтсан. Үүнээс болж дэлхийн эдийн засаг хямралд орж Латин Америкийн орнуудад өгсөн зээлийхээ хүүг дахин өсгөсөн нь өрийн давхар дарамт болсон юм. Энэ хямрал нэг хүнд ногдох үндэсний орлогыг навс унагаснаас гадна, баян ядуугийн ялгааг улам тэлсэн юм. Ажилгүйдэл огцом өсөж, хүүхэд залуус хар тамхины худалдаа, гэмт хэрэгт олноороо татагдаж, биеэ үнэлэх явдал газар авсан билээ. Наяад оныг Латин Америкчууд “Алдагдсан арван жил” гэж нэрлэдэг. Төсөөтэй “арван жилийн” аяллыг Грек, Испани, Португал зэрэг орнууд эдүгээ эхлүүлээд байна. Монголын сонголт Монголын төр засаг, эдийн засагтаа авч шингээж, эргээд хүүг нь хамт төлж чадахаасаа илүү зээлийг гадаадаас аль хэдийнэ авчихаад байна. Гэтэл сонгуулиасаа цааш хардаггүй улст өрчид нэмж иенээр зээл авах “Самурай” нэртэй бонд гаргахаар улайрч байна. Төрийн удирдлагууд гадаадын хувийн компаниудаас зээл авснаа гавьяа байгуулсан мэт сурталчлах юм. УИХ-ын дараачийн сонгуулийн хойтон жил буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд 500 сая долларыг тухайн зургаан сарын хүү болох 35.0 сая долларын хамт төлөх тухай хэн ч бодохгүй байгаа бөгөөд бондын төлбөрийн хуримтлалыг яаж хийх тухай юу ч бодож эхлээгүй байна. 2022 онд 1.0 тэрбум ам.долларыг нэг өдөр төлөхөө бол бүр мартсан бололтой. Өр төлөх санг яаралтай байгуулж, жил бүр хуримтлуулах журам гаргахын оронд нэмж өр тавих гээд байгаа зарим улстөрчдийг өрөө төлөх цагт Интерполоор хайгаад ч олохгүй биз ээ. Монгол Улсын бүх өрийг төсвийн зардлаас төлж байгаа учир бондын өр, Засгийн газрын баталгааг бас төсвийн тэнцэлд оруулж бүртгэн, төсвийн зардлыг ДНБ-ий 2.0 хувиас хэтрэхгүй хүрээнд хамруулах хууль батлахыг УИХ-ын гишүүдэд уриалж байна. Бондын хөрөнгөөр бий болгосон дэд бүтцийг эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд ашигласан, эсэхийг шалгах хэмжүүр тогтоох, тэгж ашиглаж чадаагүй бол дахин өр тавьж дэд бүтэц байгуулахыг хорих заалт хуулинд оруулъя. Төр гадаадаас өр тавьж биш, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг урт хугацааны том төслүүдэд татах хууль зүйн тогтвортой нөхцөлийг бий болгох, концессийн гэрээг түргэн шуурхай байгуулж, чанартай, цагт нь хэрэгжүүлэх шаардлагатай байна. Нийтийн хөрөнгөөр аж үйлдвэржүүлэлтийн том төслүүдэд хөрөнгө оруулалт хийхгүй байх, Хөгжлийн банкинд төр засаг баталгаа өгөхийг хязгаарлах цаг болжээ. Нийтийн засаглалыг бэхжүүлэн сайжруулах, төр засгийн үйл ажиллагааг тод болгох нь цаг үеийн тулгамдсан шаардлага хэвээрээ байна. Өрийн дарамтанд арван жилээ алдсан Латин Монгол бид болох ёсгүй шүү дээ.
МАН-ын шинэ дарга тамга тэмдгээ авлаа
Гурван өдөр үргэлжилсэн МАН-ын 27 дугаар Их хурлын төлөөлөгчид МАН-ын даргаараа М.Энхболдыг сонгосон. Шинээр сонгогдсон намын даргад өнөөдөр тамга тэмдгийг нь гардуулж өглөө. Энэ үеэр МАН-ын дарга асан Ө.Энхтүвшин “Та Ерөнхий сайдаас эхлээд МАН-ын даргыг хүртэл хийсэн. Биднийг зөв чигт удирдаад явах туршлага танд бий. Ийм хүнд өөрийн ажлаа шилжүүлэн өгч байгаадаа баяртай байна. Сэтгэл хангалуун үлдлээ.” гэв. Харин М.Энхболд дарга намын тамга тэмдгээ авсны дараа “Надад итгэл үзүүлсэн та бүхэндээ баярлалаа. Шинэчлэлийг бид эхлүүлнэ. Шинэ бүхний төлөө хамтран ажиллах болно” хэмээгээд сайн ажиллахаа илэрхийллээ.
Үзэг нэгтнүүд үг хэлэх орчноо бүрдүүлэхийн төлөө хуралдаж байна
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага “Чингис” зочид буудлын хурлын танхимд Хэвлэл мэдээллийн үндэсний бага хурлыг зохион байгуулж байна. АНУ болон Канадын Элчин Сайдын Яам, “Транспэрэнси Интернэшнл-Монгол”, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй энэ хуралд гадаад, дотоодын 100 гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ. Хурлын уур амьсгал ерөнхийдөө халуухан өрнөж байна. Тэд энэ үеэр сэтгүүл зүйн салбарт тулгамдсан асуудал болон хууль эрх зүйн орчин, технологийн шинэчлэл, сэтгүүлзүйн салбарыг эдийн засгийн аргаар хэрхэн дэмжих зэрэг голлох асуудлуудыг хэлэлцэж байна. Мөн хуралд оролцож буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд өөр өөрсдийн арга туршлагаасаа хуваалцаж, дээрх сэдвээр илтгэл тавьж, сэтгүүл зүйн салбарын өнөөдөр, маргаашийн тухай илэн далангүй ярилцаж байна.  Энд ирсэн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид зөвхөн бусдын туршлагыг сонсоод зогсохгүй өөрийн санаа бодол, улс орныхоо сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, өөрийн орны арга туршлагыг хуваалцаж байгаа нь уулзалт семинарын ач холбогдлыг улам ч нэмэгдүүлэх ажээ. Энэ удаагийн хэвлэл мэдээллийн үндэсний бага хурал нь Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний тайланг хэлэлцэж, зөвлөмж боловсруулах зорилготой гэдгийг хуралд оролцогчид онцолж байна. Тиймээс хот, хөдөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлзүйн сургууль, хуульчид, Засгийн газрын агентлаг, иргэний нийгмийн төлөөллөөс гадна олон улсын шинжээчид оролцож байгаа гэдгийг хэлж байна. Хоёр өдөр үргэлжлэх бага хурлын үеэр нэгдсэн хуралдаанаас гадна таван салбар хуралдааныг зохион байгуулах юм байна. Тухайлбал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, олон ургальч үзэл, хэвлэл мэдээллийн олон талт байдлыг хангаж буй зохицуулалтын тогтолцоо, өргөн нэвтрүүлэг, өмчлөл, төвлөрөлтэй холбоотой эрх зүйн орчны тогголцоо, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн эвлэл холбоод, сэтгүүл зүйн боловсрол, сургалт, иргэний нийгмийн оролцоо, интернэт олон нийтийн өргөн нэвтрүүлэг гэсэн сэдвээр салбар хуралдааныг зохион байгуулах аж. Хуралд оролцогчдын сэтгэгдлийг сонсвол олон хүн ам сайтай, сэтгэгдэл өндөр байна. Тэдний олонх нь “Монголд чөлөөт, ардчилсан, цензургүй сэтгүүл зүйг хөгжүүлэхэд өнөөдрийн энэ бага хурал их чухал нөлөө үзүүлнэ. Энэ удаагийн хуралд хүрэлцэн ирсэн олон улсын шинжээчид бидэнд сайн туршлагаа хуваалцсанаар Монголын хэвлэл мэдээллийн орчныг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулах болно” гэж байна. Мөн бага хурлын үр дүнд гарсан зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлж, хараат бус мэргэжлийн, хариуцлагатай, чөлөөт. олон ургальч хэвлэл мэдээллийг хөгжүүлэх болно” гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байв.
"БНАСАУ-ын далайн боомтуудыг ашиглаж, бусад улс орнуудтай харилцаагаа эрчимжүүлнэ"
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д айлчилж байгаа.  Тэрбээр Пёньяан хотын Янгагдо зочид буудалд болсон Монгол, Солонгосын бизнесийн уулзалтад оролцож үг хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Манай хоёр орны харилцаа бол бидний ахмад үеийнхний үндэс суурийг нь тавьсан уламжлалт сайн харилцаа билээ. Монгол Улс, БНАСАУ хоёрын хооронд харилцан бие биеэ хүлээн зөвшөөрөх гэрээ 1948 оны 10 дугаар сард байгуулагдсан байдаг. Монгол Улс бол БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орон юм. Солонгосын дайны хүнд үед хоёр тал Элчин сайдын яамаа нээн ажиллуулжээ. Ц.Элбэгдорж: Монгол Улс, БНАСАУ-ын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарал тавьж ажиллах болно. Энэ бол бидний өмнөх удирдлагууд хоёр орны харилцаанд ямар их ач холбогдол өгч байсны бас нэг тод илрэл гэж бодож байна. Монгол Улсын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар олон жил ажилласан манай төрийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуу гуай БНАСАУ-д анхны Элчин сайдаар томилогдон ирсэн юм. Солонгосын дайны хүнд үед гадаадын Элчин сайдуудыг гарч явахыг зөвлөхөд манай Самбуу гуай гарч яваагүй үлдсэн байдаг. “Бид нөхдөө орхиод явдаг улс биш ээ. Бид нөхөр Ким Ир Сентэй хамт байна” гэж хэлээд үлдэж дайсны ширүүн бөмбөгдөлтийн дор солонгос нөхөдтэйгөө цугтаа байсан түүх бий.   Солонгосын дайны дараа нөр их бүтээн байгуулалтын ажил өрнөх үед БНАСАУ-ын их удирдагч Ким Ир Сен гуай 1956 онд анх удаа Монголд айлчилж очсон байдаг. Үүнийг харахад манай ахмад үеийнхэн хоёр орны харилцааг маш их анхаарал тавьж бий болгосон нь харагддаг. Түүнээс хойш манай хоёр орны харилцаа шалгуурыг дааж, урт удаан хугацаанд үргэлжлэн улам баяжин хөгжиж байгаа гэдгийг цохон тэмдэглэе. Иймээс манай хоёр орны харилцаанд ахмад үеийнхний гавьяа зүтгэл шингэсэн гэж хэлж болно.   Энэ удаагийн айлчлал бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөр миний бие дахин сонгогдоод анх удаа гадаадад, тэгэхдээ БНАСАУ-д хийж байгаа төрийн айлчлал юм. Хоёр ард түмний эрх ашигт нийцсэн харилцааг бид цааш улам өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой байна. БНАСАУ-ын удирдагч хүндэт маршал Ким Жон Ун хүчирхэг эдийн засаг бүхий гүрэн байгуулахаар зорилт тавин ажиллаж байгааг бид сайн мэднэ. Энэ зорилгод манай хоёр орны эдийн засгийн харилцаа бүрнээ нийцнэ гэдэгт итгэж байна.   БНАСАУ-ын ард түмэн, төр биднийг маш элэгсэг дотно хүлээн авч байгаад баяртай байна. Өчигдөр би БНАСАУ-ын АДХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам болон бусад албаны хүмүүстэй хэлэлцээ хийсэн. Энэ хэлэлцээний үеэр хоёр орны улс төрийн харилцааг эрчимжүүлэх, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах талаар онцлон ярилцсан. Бид ярианыхаа ихэнх цагийг эдийн засгийн хамтын ажиллагаанд хандуулсан. Өнгөрсөн есдүгээр сард хоёр орны Засгийн газрын зөвлөлдөх комиссын хуралдаан Пёнъяан хотноо их амжилттай болсныг хэлэхэд таатай байна. Энэ хуралдаанаар хоёр орны эдийн засгийн салбарт хамтран ажиллах гол гол асуудал дээр тогтож ярилцсан байдаг. Ким Ён Нам даргатай бид энэ чиглэлүүдийг улам өргөжүүлж, харилцааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн.   Эдийн засгийн харилцааг бэхжүүлэх ямар чиглэлүүд байна вэ гэдэг талаар товч хэдэн зүйл хэлье. Харилцааг цаашид идэвхжүүлэхийн тулд хамтарсан аж ахуйн нэгж байгуулах нь зүйтэй гэж үзэн манай Засгийн газар санал дэвшүүлж, хоёр тал хүлээн авсан. Хамтрах аж ахуйн нэгжүүд, байгууллагууд нэгдсэн бодлоготой, үүрэг чиглэл нь тодорхой, үр дүнтэй ажиллах боломж хамтран концерн байгуулснаар бий болно гэдэгт итгэж байна. Хоёр улсад эдийн засгийн харилцаан дээр бие биеэ нөхөж хамтран ажиллах сайхан боломж байгаа. Монгол, Солонгосын бизнесийн уулзалт боллоо Монгол Улс бол далайд гарцгүй орон. Бид БНАСАУ-ын дэд бүтэц, далайн боомтуудыг ашиглаж, бусад улс орнуудтай эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэх сонирхолтой байна. Төмөр зам, агаарын болон авто тээвэр, мөн боомт ашиглах чиглэлээр өргөн хамтарч ажиллах боломж бидэнд байна гэж үздэг. Мөн мал аж ахуйн цогцолбор байгуулах шийдвэр Солонгосын тал гаргасан байдаг. Энэ салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Монгол бол мал аж ахуйн баялаг туршлагатай орон. Энэ чиглэлээр БНАСАУ-ын залуучууд, мэргэжилтнүүдийг Монголд сургах, мөн манай мал аж ахуйн мэргэжилтнүүд энд ирж хамтарч ажиллах бүрэн боломжтой. Ер нь энэ эдийн засгийн харилцааг гардаж хөгжүүлэх улсууд энд хүрэлцэн ирсэн байна гэж харж байна. БНАСАУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх их боломж байгааг манай ард иргэд, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид ойлгож, ийм өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн гэдгийг Солонгосын талд хэлж, идэвхтэй яриа, хэлэлцээ өрнүүлэхийг уриалж байна. БНАСАУ-д олон зүйлийг бие дааж үйлдвэрлэж, эдийн засгийнхаа бие даасан байдлыг бэхжүүлэхийг маш анхааран ажилладгийг бид сайн мэднэ. Монгол Улсад ч гэсэн өөрийн нөөц боломждоо тулгуурлан үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хамгийн чухалд тооцогддог. Энэ чиглэлээр хамтран ажиллах боломж их байгаа. БНАСАУ-д олон технологи бий. Түүний нэг нь нүүрс, шохойн чулуунаас хиймэл даавуу болон 30 гаруй төрлийн материал гаргаж авдаг өвөрмөц технологи гэдгийг бид сайн мэднэ. Монгол Улс шохойн чулуу, нүүрсний маш их нөөцтэй. 1988 онд Ким Ир Сен дарга Монголд хоёр дахь удаагийн айлчлал хийхдээ ийм үйлдвэрлэлийг бий болгож хөгжүүлэх талаар маш их анхаарал тавьсан байдаг. Энэ зорилгоор БНАСАУ-ын их сургуульд 22 хүнийг сурган бэлдсэн байсан. Үүнийг хэрэгжүүлэх бүрэн боломж бий. Энэ төслийг хэрэгжүүлэхээр бид анхааран ажиллах хэрэгтэй юм. Монгол Улс цөлжилтийн аюулд өртөж байгаа орон. БНАСАУ-ын ард иргэд тариалан эрхлэх, мөн мод зүлэг тарих чиглэлд маш туршлагатай. Ийм чиглэлээр хамтарч ажиллаж болно. Манай олон аж ахуйн нэгж БНАСАУ-аас мэргэжилтэй ажиллах хүчин авах сонирхолтой байдаг. Цаашид хөгжихийн хэрээр Монгол Улсад ажиллах хүчин дутагдах магадлалтай. Тийм учраас сайн зохион байгуулалттай, өндөр мэргэшилтэй ажиллах хүч авч ажиллах сонирхол байгаа юм. Пёньяан хотын Янгагдо зочид буудалд болсон Монгол, Солонгосын бизнес уулзалт БНАСАУ бол манай далайд гарах хамгийн дөт зам гэдгийг харж байна. Монгол Улсаас онгоцоор хоёр цаг дөчин минут нисээд ирж байна. Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа. БНАСАУ-д цанын том бааз байгуулагдаж байгааг бид мэднэ. Мөн далайн эргийн наран шаралгын болон амралтын газрууд олон байдгийг мэднэ. Энэ чиглэлээр хамтран ажиллах, энд амрах боломжийг манай иргэд бүрэн ашиглана гэж бодож байна. Соёл, спортын салбарт уламжлалт харилцаа бий. Энэ харилцааг улам их өргөжүүлэхийг бид эрмэлзэж байна. Авьяаслаг сурагч, хүүхдүүдээ харилцан солилцох, спортын хамтарсан дасгал сургуулилт хийх, соёлын байгууллагуудын солилцоог өргөжүүлэх боломж байна. Хоёр орны хамтран ажиллагсад эдийн засгийн асуудлаар хамтарсан уулзалтууд хийвэл бид маш их ач холбогдол өгч оролцох болно.   Ингээд манай ажил хэрэгч хүмүүсийн уулзалт их амжилттай болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Монгол Улс, БНАСАУ-ын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд анхаарал тавьж ажиллах болно. Энэ бол манай хоёр орны ард иргэдийн эрх ашигт нийцэж байгаа гэдгийг төгсгөлд нь хэлье” гэв.
Сочигийн олимп ижил хүйстэн тамирчдыг таатай хүлээн авна
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх өвөл болох Сочи­гийн олимпийн бэлтгэл ажил, болон гүйцэтгэлийн талаар тайлбар хэллээ. Энэ үеэр хамгийн онцлох мэдэгдэл нь тус улсад болох өвлийн олимпийн үеэр ижил хүйстэн тамирчдыг урьж, тэд­нийг гадуурхах, спортын цэвэр өр­сөл­дөөнийг шахан гадуурхах үйл явдал байхгүй гэсэн байна. Бусад олимпт ижил хүйстэн, бисексуаль тамирчдыг оролцуулдаггүй далд нөхцөл байдал их байдаг бол Сочигийн олимпоос эх­лэн энэ явдал түүх болон үлдэх аж.  Гэхдээ зохион байгуулагч хот ижил хүйстнүүдийг оролцуулахыг дэмжиж болох хэдий ч Олон улсын олимпийн хороо, спортын төрлүүдийн захиргаад зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй юм байна.
Н.Түвшинбаяр олимпоос хойш анхны тэмцээндээ зодоглоно
Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Н.Түвшинбаяр Олон улсын жүдо бөхийн (IJF)-ны Гран при тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Чиндао хотод эхэлнэ. Нийт 100 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 14 орны 181 жүдоч зодоглох бөгөөд манай цагаан өмсгөлтнүүд өчигдөр урд хөршийг зорилоо. Манай улсаас энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй долоон жүдоч хүч үзэхээр болжээ. Хүйс Тамирчин Жин Эрэгтэй Г.Хэрлэн /ОУХМ/ 60 кг Д.Баярмагнай 60 кг Д.Төмөрхүлэг 66 кг Г.Одбаяр 73 кг Г.Түвшинжаргал 81 кг Б.Жанчивдорж 90 кг Х.Цогтгэрэл 90 кг Н.Түвшинбаяр /Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин/  - 100 кг П.Бүрэнтөгс /Улсын арслан/  +100кг Эмэгтэй М.Бундмаа /Гавьяат тамирчин/ 52 кг Б.Бат-Эрдэнэ  /ОУХМ/ 52 кг Д.Сумьяа 57 кг Ц.Цэрэннадмид 63 кг Ц.Наранжаргал 70 кг Б.Хулан 70 кг Б.Мөнхтуяа  78 кг Манай цагаан өмсгөлтнүүд өнгөрсөн жил Чиндаогийн татамид гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байв. Сонирхуулахад, олимпийн алт, мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр “Лондон- 2012” олимпоос хойш чанадад анхны тэмцээндээ оролцохоор болжээ. Түүний хувьд өнгөрсөн наймдугаар сард Бразилийн Рио Де Жанейрод болсон багийн ДАШТ-д оролцсон. Гэхдээ олимпоос хойш анхны хувийн тэмцээн нь Чиндаогийн Гран при юм. Олимпийн аварга маань урд хөршид өөрөө барилдахаас гадна баг тамирчдаа дасгалжуулах аж.
Тян Ань Мэнийн талбайд болсон хэрэгт Уйгаруудыг сэжиглэж байна
Бээжингийн төв Тян Ань Мэнийн талбай Бээжингийн төв Тян Ань Мэнийн талбайд болсон хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Шинжаан-Уйгарын өөртөө засах орны хоёр иргэнийг эрэн сурвалжилж буй талаар “Reuters” агентлаг өчигдөр мэдээлэв. Хятадын нийслэлийн хэд хэдэн зочид буудлын ажилтнууд тус агентлагт хэлснээр бол, уг хоёр иргэнийг эрэн сурвалжлах зарыг цагдаагийнхан өчигдөр орой тараасан бөгөөд аравдугаар сарын нэгнээс хойш буудалд буусан сэжигтэй хүмүүсийн талаар болон буудлуудад одоо байгаа уйгар хүмүүсийн талаарх мэдээллийг өгөхийг хүссэн байна. Уг зард, сэжиглэгдэж буй хоёр этгээдийн овог нэрийг тодорхой дурьдсанаас гадна Тян Ань Мэнийн талбайд шатсан машин ШУӨЗО-ны дугаартай байсныг тэмдэглэжээ. Өнгөрсөн даваа гаригт Тян Ань Мэнийн талбай дахь хуучин хааны ордон руу ордог төв хаалганы бараг чанх өмнө байсан жуулчид руу жип машин дайран орж, улмаар шатсан билээ. Энэ хэргийн улмаас машины жолооч, зорчигч оролцсон таван хүн амь үрэгдэж 40 гаруй хүн шархадсан юм. Одоогоор Хятадын эрх баригчид хэргийн шалтгаан, нөхцлийн талаар албан ёсоор мэдээлээгүй байна.
“Туушин”-гийн өмнө зогсох хориотой
“Туушин” компанийн төв оффис болон зочид буудал Машины зогсоолгүй ч олон давхар барилга сүндэрлүүлсэн нийслэлд иргэд нь хохирсоор байна. Энэ тухай хөндөж, сониныхоо лхагва гаригийн дугаар бүрт авто зогсоолгүй барилгын талаар цуврал нийтлэл бэлдэж байгаа билээ. Энэ удаад зогсоолгүй ч олон давхар барилга сүндэрлүүлчихээд “Одоо яахав дээ. Ганцхан манайх биш” хэмээн хариуцлагагүй хариулах нэгэн компанийг онцоллоо. Уншигч та зургийг нь харахад андашгүй байх. Нийслэлийн төв цэгт “Туушин” компанийн төв оффис болон зочид буудал байрлах 25 давхар нүсэр том барилга бий. Тус барилга өнгөрсөн дол­дугаар сард ашиглалтад орсон. Соёлын төв өргөөний арын зам дагуу байрлах 25 давхар цамхаг хоёр хаалгатай. Хурим, хүлээн авалт, олон улсын хурал цуглаан зэрэг хэдэн зуун хүнийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах зориулалттай. Гэтэл ийм үед автомашин зөрөх зайгүй болтлоо өмнөх зам нь түгжирдэг. Энгийн үед ч үйлчлүүлэгчдийнх нь машиныг дүрэм зөрчсөн хэмээн ачиж оддог. Учир нь замын нэгдүгээр эгнээнд тулгаж, явган хүн явах төдий хагас алхам газар үлдээн тулж боссон барилга. Өнгө үзэмж, загвар дизайн сайхан ч үйлчлүүлэгчдийнхээ хамгийн гол асуудлыг гээж орхисноос болж иргэд машинаа өдөр бүр торгуулийн хашаа руу үддэг. Рестораны үүдэнд машинаа байрлуулчихаад хоолонд ороод гараад иртэл журмын хашаа руу аччихсан байхыг харах жолооч бүрт сайхан биш. Яалт ч үгүй машинаа тавих шаардлагатай үед хэрхэх вэ. Ийм асуултад хариулт өгөх боломжгүй хэмээх “Туушин”-ийнханд олон жолооч бухимдалтай байна. Зогсоолын талаар дорвитой хариулт хэлж чадахгүй, бусдыг хохироож буйгаа хүлээн зөвшөөрөх компанийн ажилтнууд байна. Харин зарим удирдлагууд нь машины зогсоолын талбайгаа хаа холын нийтийн эзэмшлийн талбайг өөрийнх болгон заах аж. Ийн тайлбарлах оффисийн менежертэй уулзлаа. “Туушин”-гийн өмнө зогсох хориотой Тэрээр Соёлын төв өргөөний ард байрлах шинэ зогсоолыг байгууллагадаа хуваалцах хүсэлтэй байна. 20 гаруй машин багтах хэсэгхэн талбайг зааж “Манай өмнө нийтийн том талбай байна. Соёлын төв өргөө, Төрийн ордон зэрэг бүхий л байгууллагынхан энд машинаа тавьдаг. Бид ч өөрсдийн боломжоор ашигладаг. Яахав байгууллагын хонгилд 10 орчим машины гарааж бий” гэлээ. Тэгэхээр энэ компани анхнаасаа машины зогсоол гаргах шаардлагагүй гэж үзэн бусад байгууллагатай барьцаж сууна. Уг нь нэг дор хэдэн зуун хүнийг хүлээн авах чадалтай асар том зочид буудал, оффисын байгууламж дор хаяж өөрийн эзэмш­лийн талбайд тодорхой хэмжээний талбай зайлшгүй гаргах ёстой. Ажил нь жигдрээд удаагүй байгаа болохоор хүний хөдөлгөөн бага гэнэ. Менежер залуу яриагаа үргэлжлүүлэн “Улаанбаатарт авто зогсоол барьчих газартай барилга байхгүй. Өнөөдөр бид шийдэж ча­дах асуудал биш. Тэгээд ч бид явган хүн, замын хөдөлгөөнд саад учруулахгүй байгаа” гэв. Барилга байгууламж ба­рих тохиолдолд авто зогсоо­лын стандарт ямар байдаг талаар албаныхан нэгдсэн хариултад хүрч чаддаггүй. Цаашид шинэчлэх талаар хуулийн төсөл боловсруулж буйг зарим хүмүүс хэлдэг. Барилгаа сүндэрлүүлчихээд бусад­тай барьцах “Туушин”-гаас болж олон жолооч хохирсоор байх уу.
Ц. Өнөрбаян: Монгол хэл дархлаажсан учир мөхөх аюул хол
МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн захирал, доктор, профессор Ц.Өнөрбаян МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн захирал, доктор, профессор Ц.Өнөрбаянтай ярилцлаа. -Монгол хэл мөхлөө, харийн хэл соёлын нөлөө хэт их болж байна гэсэн хандлага нийгэмд бий. Үүнийг мэргэжлийн хүний хувьд та юу гэж үзэж байна вэ? -Хүн төрөлхтний нийгмийн харилцааны хамгийн чухал хэрэглүүр бол хэл. Эрдэмтдийн тооцоолсноор одоо дэлхий дээр 3000 орчим бие даасан хэл байна. Нийгмийн хөгжлийн явцад хэл мөхөх, хэрэглэгчгүй болох нь байнгын үзэгдэл. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал, хэрэглэгчдийн тоо, бичиг үсгээр баталгаажсан эсэх, гадны хүчин зүйлийн нөлөө хэр туссан гэх мэт. Тодорхой ярьвал XX зууны эхэнд 6000 орчим хэл байсан гэж судлаачид үздэг. Гэтэл XXI зуун гарахад дээрх хэлний тал хувь нь мөхсөн байна. Монгол хэл нь дэлхийн олон хэлтэй харьцуулбал хэрэглэгч харьцангуй цөөнтэй хэлний нэг юм. Өнөөдөр дэлхий дээр арван сая орчим монгол угсаатан бий гэдэг. Ц.Өнөрбаян: Зөв оновчтой харь үг, нэр томьёог авснаар хэл мөхөх гол шалтгаан болохгүй. Харин эх хэлээ тээгчийн тоог олон болгох л чухал. Тэдний зургаан сая орчим нь монгол хэлээр ярьж байна гэсэн тооцоо байдаг. Уг нь 10 саяулаа монголоороо ярьж байвал сайнсан. Ер нь монгол хэл нь цөөн хэрэглэгчтэй ч дархлаа сайтай хэл юм. Үүссэнээсээ хойш гурван цагийн хэлхээнд хэрэглэгч нь тасраагүй, нэн эртнээс бичгийн хэлээр дархлаажсан хэлний нэг юм. Ийм хэл мөхөх аюулаас хол байдаг. Өөрөөр хэлбэл аман ба бичгийн хэлтэй, олон аялгуу, аман аялгууны өнгө төрхтэй, бүтэц байгуулал нь дэлхийн олон хэлний дундын шинжтэй учраас гадны нөлөөнд амархан өртөхгүй. Ийм ч учраас монгол хэл нь гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр амархан мөхөх хэл биш юм. Хамгийн гол нь монгол хэлийг тээгч буюу хэрэглэгчийн тоог олон болгох л чухал. Энэ бүхнээс үзвэл монгол хэл мөхлөө, харийн хэл, соёлын нөлөөнд автсан байна гэж хэт туйлширч дүгнэж болохгүй. Гэвч эх хэлээ хайрлах хамгаалах, ариун дагшин байлгах талаар цаг ямагт анхаарч байх хэрэгтэй. -Гэхдээ харийн хэл, соёл нэвтэрч байгааг та үгүйсгэхгүй биз дээ? -Хэл хөдлөнгө зүйл шүү дээ. Байнгын хөгжил, хөдөлгөөнд байдаг. Нийгмийн хөгжлийн явцад хэлний өөрийнх нь өнгө төрхөд нөлөөлдөг хүчин зүйлүүд бий. Зөвхөн монгол хэлэнд ч биш. 1990-ээд оноос хойш Монголын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын гадаад харилцаа өргөжсөнөөс харийн хэл, соёлын нөлөө ихэссэн. Ялангуяа Энэтхэг-европын хэлнүүд тухайлбал, англи хэлний үг хэллэг утга зохиолын хэлний найруулгад өргөнөөр нэвтрэх болсон байна. Ер нь харь хэлний нөлөө голдуу үгийн сангийн төвшинд тусдаг. Үүнээс шалтгаалж хэл мөхөх нь ховор. Харин бүтэц байгуулалд нь нөлөөлбөл тухайн хэлний дархлаа сулардаг аюултай. Өнөөдөр гадаад хэлний нөлөөнөөс монгол хэлийг мөхөх төвшинд хүрсэн байна гэж би үздэггүй. Харь хэлний үг хэллэг нь үгсийн санг баяжуулах нэг арга зам болдог. Гэхдээ сүүлийн үед харь хэлний үг хэллэг авах хэм хэмжээ зөрчигдөж байгаа тохиолдол яриа, бичгийн хэлэнд их түгээмэл болсон байна. -Ийм тохиолдол олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд их байна гэх хүмүүс байдаг. Бид эх хэлээ зөв хэрэглэж сурахын тулд юуг анхаарах ёстой вэ? -Хэлний хэрэглээнд хэм хэмжээ гэж байдаг. Хэвлэл мэдээллийн хэл найруулга бол утга зохиолын хэлний найруулгын хэм хэмжээний толь байх ёстой. Тиймээс хэвлэл мэдээллийн хэл найруулгад хүмүүс ихээхэн анхаарал тавьдаг. Манай сэтгүүлчдийн хэлний боловсрол сайжирч байгаа. Хэл ярианы боловсрол муутай сэтгүүлч байгааг үгүйсгэж байгаа юм биш. Сонин хэвлэлд харь үг хэллэг хэрэглэхдээ тодорхой хэм хэмжээг баримтлах ёстой. Ер нь харь хэлний үггүй хэл гэж байхгүй. Монгол хэлэнд харь ойлголтыг илэрхийлэх үг хэллэг байхгүй бол авч болно. Олон улсын нэр томьёог аль ч хэлэнд авдаг жишиг байдаг. Харь хэлний үгийг монголжуулж авахаас гадна монгол үгээрээ илэрхийлж авдаг жишгийг голлон баримтлах ёстой. Зөв оновчтой харь үг, нэр томьёог авснаар хэл мөхөх гол шалтгаан болохгүй. Харин эх хэлээ тээгчийн тоог олон болгох л чухал. Бас хэлний дархлааг хадгалдаг хүчин зүйлүүдийг ариун дагшин байлгах хэрэгтэй. -Танай сургуульд ирээдүйн монгол хэлтнүүдийг бэлтгэх залуус ирдэг. Тэдний монгол хэлний боловсролын төвшин ямар байна вэ? -Манай сургууль монгол хэл, уран зохиолын багш бэлтгээд 60 гаруй жил болж байна. Эх хэлний боловсролын төвшин янз бүр. Арван жилийн сургууль төгсөөд ирж байгаа хүүхдүүдийн боловсролын төвшинг бүрэн дунд боловсролын стандартаар бид үнэлдэг. Тэдэнд дээд боловсролтой хүний эзэмших ёстой мэдлэг, чадвар дутмаг байдаг. Хүүхдүүд төвшин, төвшиндөө л тохирсон боловсролтой ирдэг. Тэдний дотор алдаатай бичдэг, ярьдаг стандартын төвшнээс доогуур мэдлэг чадвартай хүүхэд ч бий. Зөвхөн үүгээр эх хэлний сургалтын нэр хүндийг үнэлж болохгүй. Монголын өнцөг булан бүрт сэтгэл зүрхээрээ ажиллаж байгаа монгол хэлний багш нарын ачаар л бидний хойч үе эх хэлээ эзэмшиж байгаа. Алдаа дутагдал байгааг үгүйсгэхгүй. Эх хэлний сургалтыг сайжруулахын тулд бид байнга анхаарч байна. Эх хэлний боловсролыг насан туршдаа эзэмшдэг гэдгийг бид бодох ёстой. Тиймээс арван жил төгссөн сурагчдаас ярих, бичих, унших, сонсох өндөр төвшний мэдлэг, чадвар шаардаж болохгүй. -Кирил монгол бичгээр алдаатай бичдэг тохиолдол олон байна. Үүний цаашид нэг мөр болгох арга зам бий юу? -Бид кирил монгол бичгийг хэрэглээд 70 гаруй жил болж байна. 1990-ээд оноос өмнө зөв бичих чадварт их анхаардаг байсан бол сүүлийн 20 гаруй жилд үүнд тавих шаардлага, анхаарал суларсан. Үүнээс болоод зөв бичгийн дүрмийн алдаатай бичих тохиолдол сонин хэвлэл, ном зохиолд түгээмэл болсон байна. Энэ нь олон шалтгаантай. Кирил бичгийн зөв бичих дүрмийг улам боловсронгуй болгох шаардлага ч бий. Зөв бичих дүрмийг журамласан толь гаргаж эрхзүйн хувьд баталгаажуулаад бүх нийтээрээ мөрдвөл эх хэлний бичгийн боловсролд эерэг нөлөө үзүүлнэ. Энэ талаар төр засгаас анхаарч, тодорхой арга хэмжээ авч байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд сургалт, судалгааны байгууллага, мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. -Та 40 гаруй жил монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэн бэлтгэсэн, эх хэлнийхээ төлөө хийсэн бүтээсэн үйлстэй хүн. Сүүлийн үед ямар бүтээлтэй байна вэ? -Багш бэлтгэх гэдэг чинь том бүтээл шүү дээ. 42 жилийн турш монгол хэл, уран зохиолын багш бэлтгэлээ. Мөн бүх шатны сургуулийн монгол хэлний боловсролын агуулга, арга зүй боловсронгуй болгох, түүнийг хэрэгжүүлэх талаар биечлэн оролцож ирсэн. Ерөнхий боловсролын дунд сургуулийн монгол хэлний 20 шахам сурах бичиг, гарын авлага, зөвлөмж зохиож, сургалтад хэрэглэж байна. Ер нь монгол хэлний сургалтын чанар, үр өгөөжид нөлөөлсөн хүний нэг л гэж үздэг. Буруу зөрүү, дутуу дулимаг зүйл байвал хуваалцахад бэлэн байна.
МАН-ын ерөнхий нарийн бичгийг даргыг томилно
МАН-ын Их хурал өнөөдөр 14.00 цагаас үргэлжлэхээр болжээ. Уг нь 12.00 цагт эхлэх байсан ч хойшлогдсон байна. Үдээс хойш эхлэх хурлаар МАН-ын Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны гишүүд болон намын ерөнхий нарийн бичгийг даргыг томилох аж.
“Ханшийн хэт өндөр савалгаанд бид буруугүй”
Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад ноён доллар 1726-1728 төгрөгийн хооронд хэлбэлзэж, эдийн засгийн эргэлтэд гарч байна. Харин “Найман шарга” валютын захад зарах ханш 1726 төгрөг байгаа юм. Тэгвэл “Энэ ханшийг бид дураараа тогтоох ямар ч боломжгүй” гэж Монголын Банк Бус Санхүүгийн байгууллагын холбооны ерөнхийлөгч А.Алтансүх мэдэгдлээ. А.Алтансүх: Ханшийн хэт өндөр савалгаанд ББСБ ямар ч буруугүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Монголбанкнаас долоо хоногт хоёр удаа валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг ч ББСБ-ыг оролцуулдаггүй гэнэ. Тиймээс тэд арилжааны банкуудаас доллар худалдан авч иргэдэд нийлүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, банкуудаас хамаарч “Найман шарга”-ын ханш тогтдог аж. Сүүлийн үед долларын ханш байнга өсөлттэй байгааг ББСБ-тай холбож, биднийг нэмээд байгаа мэтээр зарим төрийн эрхмүүд ярьж байна. Ингэснээр бидний тухай буруу ойлголтыг иргэдэд өгч байгаад үнэхээр харамжсаж, өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарлалаа хэмээн  ББСБ-ын холбооны ерөнхийлөгч А.Алтансүх хэлсэн юм. Тэрбээр “Ханшийн хэт өндөр савалгаанд бид ямар ч буруугүй болохыг энэ хурлаараа албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ. Түүний хэлж байгаагаар доллар өсөж байгаа нь арилжааны банкууд Монголбанкнаас авсан доллараа хэдээр зарах нь өөрсдийн дурын асуудал байдагтай шууд холбоотой гэв. Тиймээс Монголбанкны дуудлага худалдаанд ББСБ-уудыг оролцуулдаг болох нь зүйтэйг дурдлаа.  “Найман шарга” болон “Цэцэг” төвд байрлалтай 39 ББСБ байдаг бөгөөд тэдний нийт хөрөнгө 340 тэрбум төгрөг аж. Харин эдгээр юалют арилжааны төвүүдэд нийт юалютын  гурван хувь эргэлддэг байна.