title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
С.Түмэндэмбэрэл: 22-ын товчоогоор нэвтрэх хураамжийг картаар төлөхгүй, мөнгө хураагч зогсож байгаа
22-ын товчооны шалган бүртгэх товчоо 22-ын товчоог хоёр салгаж, Баруунтуруун болон Эмээлтэд нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлээд буй. Ингэснээр Шалган бүртгэх товчоодыг бүрэн автомат тоног төхөөрөмж бүхий хаалттай болгосон юм.  Уг хаалт нь тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэх дугаар таних системтэй бөгөөд хоёр секундын дотор нээгдэж хаагдах аж. Одоо хоёр хаалга нь л ажиллаж байгаа. Ачаалалтай буюу баяр наадмын өдрүүдэд бүх хаалгыг ажиллуулна. Хураамж нь 500 төгрөг хэвээрээ. Дугаар таних систем ба хяналтын камерыг Нийслэлийн Автозамын газрын төв сервер дээр шууд хянаж байгаа гэнэ. Энэ талаар нийслэлийн Автозамын газрын мэргэжилтэн С.Түмэндэмбэрэлээс тодрууллаа. -Жолооч нар 22-ын товчоогоор нэвтрэх хураамжаа яаж төлөх вэ, Зарим хүн картаар төлнө гэж ярих юм? -Хуучин товчоотой адилхан мөнгө хураадаг хүмүүс сууж байгаа. Тэд хураамжийг нь авна гэсэн үг. -Тэгвэл бүрэн автомат хаалга гэдэг нь хуучнаасаа ямар давуу талтай юм бэ? -Долоо, найман хэсгээр машин гарах боломжтой. Урьд нь ганцхан хаалгаар машин гарч байсан болохоор дугаар үүсээд л, замын ачаалал нэмэгддэг байсан. Харин одоо ачаалал эрс багасна. Наадмын үеэр Хүй долоон худаг орох гэсэн жолооч нар багагүй бухимддаг шүү дээ. Энэ байдал арилна. Түүнчлэн шалган нэвтрэх товчоон дээр хяналтын камер ажиллаж байгаа. -Тэгэхээр хаалга бүр дээр мөнгө хураагч зогсоно гэсэн үг үү? -Тийм ээ. Гэхдээ одоо хоёр хаалга нь л ажиллаж байгаа. Ачаалалтай буюу баяр наадмын өдрүүдэд бүх хаалгыг ажиллуулна. Тэр үед хаалга бүр дээр мөнгө хураагч ажиллана. -Хураамж нь хэвээрээ юу? -Тийм ээ. 500 төгрөг авч байгаа. -Хуучин 22-ын товчооноос хэчнээн км-ээр холдуулсан юм бол? -10 орчим км холдсон.
Үнэ тогтворжуулах хөтөлбөр үргэлжилнэ
Монголбанкнаас хэрэгжүүлдэг үнэ тогтворжуулах хөтөлбөр ирэх онд ч гэсэн үргэлжлэхээр болжээ. Хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар таван дэд хөтөлбөр хэрэгжиж байгаа. Уг хөтөлбөр нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамтыг багасгах. Ингэснээр Монголбанкны зорьж буй нэг оронтой тоонд инфляцийг барих боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Цаашилбал, инфляцийн түвшинг алхам алхмаар бууруулснаар зээлийн хүүг багасгахад томоохон түлхэц болох юм.
Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбар анхдугаар чуулганаа хийнэ
Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбар анхдугаар чуулганаа хийнэ Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас санаачлан, Ерөнхий сайдын ивээл дор Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын анхдугаар чуулганыг  “Монгол ухаан-Монгол брэнд” уриатайгаар ирэх сарын 11-нд зохион байгуулах гэж байна.  Уг чуулганы үеэр програм хангамжийн зах зээлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг сайжруулах болон хөрөнгө оруулалт татан оруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэх бөгөөд тус салбарыг Монгол улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулагч болгон хөгжүүлэх бодлогын чиглэлийг тодорхойлох юм. Чуулганд үндэсний програм хангамжийн компаниудын төлөөллүүд, бүх шатны төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, мэдээллийн технологи програм хангамжийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа сургуулиудын багш, эрдэмтэн судлаачид оролцох бөгөөд оролцогчдыг www.chuulgan.mn сайтаар дамжуулан бүртгэнэ.
Хөдөө орон нутагт 0-5 насны хүүхдийн эндэгдэл их байна
Хүүхдийг ивээх сан Дэлхий даяар энэ өдрийг “0-5 насны хүүхдийн эсэн мэнд амьдрах, аюул эрсдэлгүй орчинд өсч бойжих эрхийн өдөр” болгон тэмдэглэж байна. Өнөөдөр нийт 60 улс оронд 50 мянган хүүхэд, өсвөр үеийнхэн 0-5 насны хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн төлөөх үйл ажиллагаанд оролцож, хүүхдийн төлөө хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг шийдвэр гаргагч, үүрэг хүлээгчдэд уриалах юм.  Монголын хүүхдүүд ч мөн энэ өдөрт дуу хоолойгоо нэгтгэж байгаа бөгөөд бага балчир дүү нарынхаа эсэн мэнд амьдрахад тулгамдаж байгаа хамгийн хүнд асуудлуудыг, тэр дундаа хүүхдийн ахуйн осол гэмтлийн асуудлыг хөндөн тавьсан “Урьдчилан сэргийлж болох шалтгаанаар хүүхэд гэмтэх, эндэх ёсгүй” нэртэй баримтат кино бүтээхэд оролцсон байна.   Урьдчилан сэргийлж болох шалтгаанаар эндэж байгаа хүүхдийн тоо дэлхийн хэмжээнд 1990 онд 12 сая байсан бол 2012 онд 6.6 сая болон буурчээ.  0-5 насны хүүхдийн эндэгдлийн нэлээд хувийг осол гэмтэл, түлэгдэл эзэлж байна Монгол Улсын хувьд нийслэлээс алслагдах тутам хүүхдийн эндэгдлийн түвшин улам бүр нэмэгдэж байна. Тухайлбал, нялхсын эндэгдэл 1000 амьд төрөлтөд нийслэлд 18, аймгийн төвд 31, сумын төвд 37 байхад хөдөөд 54 ногдож байна.  Үүний нэгэн адил тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 хүүхэд тутамд нийслэлд 21, аймгийн төвд 38, сумын төвд 46 байхад хөдөөд 72 болж өсөж байгаа. Гэмтэж бэртсэн хүүхдүүдийн 60 гаруй хувь нь  гэртээ осол гэмтэлд өртдөг бол цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас  5 хүртэлх насны нийт хүүхдийн 23.4 хувь нь гэртээ үлддэг төдийгүй 10 хүртэлх насны хүүхэд дүү нараа харах нь элбэг байгаа юм.
Ерөнхийлөгч Монголын Тусгай олимпийн тамирчидтай уулзлаа
Монголын Тусгай олимпийн Монголын хороо, тамирчин хүүхдүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монголын Тусгай олимпийн Монголын хороо, тамирчин хүүхдүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тусгай олимп нь спортын уралдаан, тэмцээнээр дамжуулж  оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдарыг нь хөгжүүлэх, тэднийг бусдын адил эрх тэгш иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах  зорилготой олон улсын байгууллага юм. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн С.Оюун Тусгай олимпийн тэмцээнийг 1968 оноос дэлхийн хэмжээнд зохион байгуулж буйг дурдлаа. Монгол Улсын тухайд оюуны бэрхшээлтэй хүүхэд, залуусын Тусгай олимпийн талаар хэдхэн жилийн өмнөөс мэддэг болж Олон улсын Тусгай олимпийн хороонд хандсан байна. Монголын Тусгай олимпийн хороо нь  2013 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Олон улсын Олимпийн хороонд гишүүнээр элсч, 13-ны өдөр Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болон албан ёсоор бүртгүүлжээ. Тусгай олимпийг бусад олимпийн адилаар дөрвөн жил тутамд, өвөл, зуны спортын төрлүүдээр зохион байгуулдаг юм байна. Дэлхийд 200 гаруй сая, Монголд 20 мянга орчим оюуны бэрхшээлтэй хүн байдаг ажээ. Монголын Тусгай олимпийн хороо нь 2013 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Олон улсын Олимпийн хороонд гишүүнээр элсч, 13-ны өдөр Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болон албан ёсоор бүртгүүлжээ Энэ  оны хоёрдугаар сард БНСУ-д зохион байгуулсан өвлийн  10 дахь удаагийн Тусгай олимпийн наадамд Монгол Улс анх удаа зургаан хүний бүрэлдэхүүнтэй  оролцож, цасан дээрх гүйлтийн төрлөөр анхны мөнгөн медалийг тамирчин Б.Элбэгзаяа,дөрөвдүгээр  байрын шагналыг тамирчин У.Нинжбадам хүртэж, Монгол Улсынхаа олимпийн медалийг нэгээр нэмсэн баярт үйл явдал болжээ. Дараагийн зуны олимпийг 2015 онд АНУ-ын Лос-Анжелос хотод хийхээр төлөвлөсөн байна. Мөн Австралид болох усанд сэлэлтийн наадамд Монголоос хоёр сурагч оролцохоор болжээ. Улаанбаатарт байдаг дөрвөн тусгай сургуульд тулгуурлаж Тусгай олимпийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэхээр болсныг УИХ-ын гишүүн С.Оюун Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, тамирчин хүүхдүүдэд урам өгч хүлээн авч уулзсанд нь баярлаж буйгаа илэрхийлэв. Мөн Тусгай олимпийг ивээлдээ авахыг хүссэн захидлыг Монголын Тусгай олимпийн хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр “Бид бол хүнлэг ардчилсан нийгэм байгуулж байгаа улс. Хүнлэг ардчилсан нийгэм гэхээр олонхийн саналаар явдаг гэсэн нэг өрөөсгөл ойлголт манайд байдаг. Хамгийн гол нь цөөнхийн эрх ашгийг түрүүнд тавьдаг байх ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй, оюуны бэрхшээлтэй иргэд бүгдээрээ Монгол Улсын иргэд. Хүн бүр ижил эрхтэй байдаг. Хүнлэг ардчилсан нийгэм нь хамгийн цөөнх болж байгаа хүмүүс, хүүхдүүдийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг нийгэм юм. Энэ тухай ярьж, төрийн бодлогод тусгаж, нийгэм нь ярьдаг, хүмүүс нь хүндэтгэдэг, ойлгодог болох юм бол Монголын нийгэм жинхэнэ хүнлэг болно. Манай ард иргэд өвөл, зуны олимп, паралимпийг сайн мэднэ. Тэгвэл Тусгай олимп гэж байдаг. Үүнд манай хүүхэд залуус оролцдог болж байгаа нь маш чухал юм. Энэ үйл ажиллагааг цаашид бүрэн дэмжих хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй, оюуны бэрхшээлтэй иргэд бүгдээрээ Монгол Улсын иргэд. Хүн бүр ижил эрхтэй байдаг. Тиймээс энэ хүмүүсээ хүндэтгэж, эрх ашгийг нь хамгаалж, идэвх зүтгэлтэй хүүхэд залуусаа улам илүү дэмжих хэрэгтэй. Бусад хүмүүст ийм тэмүүлэл бий болгох хэрэгтэй.   Монголын Тусгай олимпийн хорооны саналыг баяртайгаар хүлээж авч байна. Ерөнхийлөгчийн ивээлд Тусгай олимпийн үйл ажиллагаа явдаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраар дамжуулж ойрхон харилцдаг, шаардлагатай тусламж дэмжлэгийг бидний зүгээс үзүүлдэг байж хамтарч ажиллая. Анхны олимпдоо оролцож амжилт гаргаад ирсэн хүүхдүүддээ баяр хүргэе. Цааш цаашдаа олимпод оролцох гэж байгаа хүүхдүүддээ амжилт хүсье. Их баярлалаа” гэлээ. Тусгай олимпийн тэмцээний албан ёсны төрөлд усан спорт, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, агаарын теннис, боулинг, зүлгэн дээрх бөмбөг, дугуй, морин спорт, хөл бөмбөг, гольф, жүдо, ширээний теннис,далбаат завь, гар бөмбөг, хүндийн өргөлт, скэйт, талбайн теннис, хэмнэлтэт гимнастик, уран гимнастикбагтдаг болалбан бус төрөлд усан завь, крикет, зөөлөн талбайн гар бөмбөг ордог юм байна.
У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа
У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шувтрах дөхсөөр. Өнөөдөр медалийн төлөөх тоглолтууд болж байна. Дөнгөж сая гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-ын жинд 2009 оны Азийн аварга Узбекийн Санжарбек Рахмановтай хүрэл медалийн төлөө тоглож ялалт байгууллаа. Манай тамирчин тоглолтын эхний үед ялагдсан ч 2, 3 дугаар үед ялсан юм.  Тэрбээр мөнгөн медалийн төлөө Куба Энэтхэгийн боксчны ялсантай нь тулалдана. Тус тэмцээнд манай улсын долоон тамирчин хүч үзсэнээс гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ганцаараа шигшээд шалгарч үлдсэн билээ.
Энэтхэг рүү зорчихгүй байхыг анхаарууллаа
Энэтхэгт өнгөрөгч зунаас эхлэн шумуулаар дамждаг дэнге халдварт өвчин гарч одоогоор 50 мянга гаруй хүн өвчилж, 109 хүн уг өвчний улмаас нас баржээ. Энэ нь урьд жилүүдээс хэд дахин илүү тоо бөгөөд тус улсад борооны улирал нь 9 дүгээр сард дуусдаг боловч энэ жил бороо үргэлжлэн орсоор байгаатай холбоотой юм.  Дели хотын эмнэлгүүд ачааллаа даахгүйд хүрсэн ба халдвар авагсдын дотор гадаадын иргэд жуулчид ч олноор байгаа аж. Иймээс ГХЯ-наас өөрийн улсын иргэддээ хандаж онцын шаардлагагүй бол Энэтхэг улс руу энэ үеэр зорчихгүй байх, зорчсон тохиолдолд тогтоол устай газар явахаас зайлсхийх, шумуулын тос байнга хэрэглэх зэргийг анхааруулж байна.
Рауф Буняталиев: Монголын цаг агаар тамирчдад давхар сорилт болно
Бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ахлах шүүгч Рауф Буняталиев Манай оронд энэ сарын 25-27-нд бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тэмцээнд оролцох тамирчид болон албаны зарим хүн өчигдөр Монголд хөл тавьлаа. Тус тэмцээний ахлах шүүгч Рауф Буняталиевтай ярилцлаа. -Бодибилдинг фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Ази тивд, тэр дундаа Монголд анх удаа болох гэж байна. ДАШТ-ийг яагаад Монголд зохион байгуулахаар шийдвэрлэсэн бэ? -Монголд бодибилдингийн спорт үүсч хөгжөөд удаагүй боловч хамрах хүрээгээр нь дүгнэвэл хэдэн жилийн дараа Азид толгой цохих хэмжээний туршлага, сэтгэл, чадвар аль аль нь байна. Гагцхүү энэ спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залуусын идэвхийг улам нэмж, урам өгч чадвал танай улсаас дэлхийн аварга ойрын жилд гарна гэдэгт би итгэдэг. Монгол хүн хүчний спортод тохирсон бие организмтай. Энэ давуу байдлаа гадны туршлагатай багш дасгалжуулагчийн замаар чиглүүлбэл монголчуудад хүрэхгүй амжилт гэж алга. Өнгөрсөн жил танай оронд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр би Дэлхийн бодибилдингийн холбоог төлөөлж ирсэн юм. Тухайн тэмцээнийг сонирхолтой, өндөр төвшинд зохион явуулахад Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн хоёр жилийн өмнө Бахрейнд болсон Азийн бодибилдинг фитнессийн их хуралд Монголын талаас тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Очир оролцохдоо сонирхолтой хэд хэдэн санааг дэвшүүлж байсныг бас санаж байна. Тэр хурлын дараа түүнийг Азийн бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгчөөр томилсон нь нүдээ олсон сонголт байж гэдгийг энэ тэмцээний зохион байгуулалтын үр дүнгээс харж болохоор байна. -70 жилийн арвин түүхтэй бодибилдинг фитнессийн спорт 2020 оны олимпод үзүүлэх тоглолтын үүрэгтэйгээр оролцоно гэдэг яриа гарч эхэлсэн. Энэ тал дээр та юу хэлэх вэ? -Үүнээс сайхан мэдээ гэж юу байхав. Тамирчйн хүн бүрийн хүсэл мөрөөдлийн дээд болсон олимпийн наадамд бодибилдингийн тамирчид зогсох, нь юу юунаас илүү сайхан жаргал гэж боддог. 2015 онд миний төрөлх нутаг Азарбайжаны нийслэл Баку хотод Европын олимпийн анхдугаар наадам болох юм билээ. Энэ тэмцээнд бодибилдинг фитнессийн спорт багтсан нь ирэх олимпийн өмнөх шалгуур хэмээн би үзэж байна. 2020 оны олимпод бодибилдингийн спорт хүн төрөлхтний анхаарлыг татаж чадвал цаашлаад олимпийн хөтөлбөрт багтах бүрэн боломжтой. Энэ хэрээр бодибилдинг фитнесс олимпизмийн хүрээнд хүрч чадвал танай орны топ төрөл нэгээр  нэмэгдэх боломжтой. -Монголын цаг агаарын хүйтэн уур амьсгал тамирчдын бэлтгэл сургуулилтад хэрхэн нөлөөлөх вэ? -Би танай оронд гурав дахь удаагаа ирж байна. Зун, намрын улиралд голдуу ирдэг болохоор өвлийн тэсгим хүйтэн жавар надад сонин мэдрэмж төрүүлсэн. Цаг агаарын хүйтэн уур амьсгал нь тамирчдын бэлтгэл сургуулилтад сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ амжилт гаргахад нөлөөлөхгүй болов уу. Тамирчид хамгийн гол нь хоол, хүнсээ сайн тохируулах хэрэгтэй. Туршлага тааруу тамирчдад цаг агаарын таагүй байдал давхар сорилт болно. Эцэст нь нэмээд хэлэхэд Ази тивд анх удаа зохиогдож байгаа бодибилдинг фитнессийн дэлхийн аваргын тэмцээнийг өргөнөөр үзэж сонирхохыг хүсье.
“Арсенал” хожигдсон ч хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдлээ
Арсенал 1:2-оор хожигдлоо “Үхлийн хэсэг” гэгдэж буй F хэсгийн тулаанууд тун сонирхолтой боллоо.  Энэ хэсгийг тэргүүлж байсан “Арсенал” клуб өнгөрсөн шөнө талбай дээрээ Германы “Боруссия Дортмунд” клубыг хүлээж авч, 1:2-оор хожигдлоо.  Ингэснээр “Арсенал” зургаан оноотой хэвээр үлдсэн. “Дортмунд” ч гэсэн энэ тойрогт хожсоноор адил оноотой болж байгаа юм. Гэхдээ гоолын зөрүүгээр Английн баг өрсөлдөгчийнхөө дээр бичигдсэн хэвээр үлдлээ. Тоглолтын 16 дахь минутад  Мхитрян гоолдож, зочид тэргүүлийг гартаа авсан бол 41 дэх минутад Жиру тоог тэнцүүлсэн юм. Гэвч 82 дахь минутад Левандовски гоолдож, “Дортмунд” хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Тэгвэл нөгөө талд Францын “Марсель” клуб талбай дээрээ Италийн “Наполи”-г хүлээж авсан ч 1:2-оор хожигдсоноор гурван тойргийн дараа ганц ч оноогүй хэвээр үлдлээ. Харин “Наполи” хожил авсанаар зургаан оноотой болж ирлээ. Гэхдээ гоолын зөрүүгээр гуравдугаар байрт бичигдсэн хэвээр үлдэв.  Өнгөрсөн шөнийн тоглолтын 42 дахь минутад Кальехон гоолдож тооны харьцааг нээсэн. Улмаар Сапата нэгийг нэмж, зочид тэргүүллээ баталгаажуулжээ. Тэгвэл “Марсель” клубээс Айю гоолдож, нэр төрөө авсан юм.
Гэр хорооллын 19 дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцлав
Нийслэлийн цагдаагийн газраас өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр сог­туугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өндөр байгааг дуулгасан юм.  Тиймээс тус бай­гуул­лагаас архидан согтуу­рах­тай тэмцэх чиг­лэлээр нийслэлийн хэм­­жээнд нэгд­сэн 1212, хэсэг­чилсэн 5136 арга хэмжээ зохион бай­гуул­жээ. Үүнээс 2373 арга хэмжээг нь нийслэлийн Үйлдвэр үйлчилгээний хэл­­­тэс, Мэргэжлийн хя­нал­тын газар, дүүргийн Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагатай хамт­ран зохион байгуулж ар­хи согтууруулах ундаа худал­дан борлуулдаг, түү­гээр үйлчилдэг 201 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг хү­чингүй болгох саналыг Нийслэлийн захирагчийн аж­лын албанд хүргүүлэн хүчингүй болгуулжээ. Тухайлбал диско баар 48, караоке 31, кафе 26, орон сууцны хороолол дахь хүнсний дэлгүүр 73, гэр хороолол дахь хүнсний дэлгүүр 19, бөөний төв дөрвийг тус тус хүчингүй болгож, 3690 литр архи, 1326 литр пиво, 148.1 литр дарс хураан авч Нийс­­лэлийн Засаг даргын дэргэдэх захиргааны жур­маар хураагдсан эд зүйлийг устгах, үнэлэх, улсын ор­лого болгох орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн аж.
13 мянган иргэн түр ажлын байртай болжээ
Нийслэлийн Хөдөлмөрийн газраас гаргасан судалгаагаар орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирж буй иргэдийн тоо жилд дунджаар 30 мянга гэжээ. Түүнчлэн нийслэлийн хөдөлмөрийн зах зээлд жилдээ 40 мянган оюутан, залуус нэмэгддэг байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 61 хувь нь хөдөлмөрийн насны иргэд бол 382.8 мянга нь эдийн засгийн идэвхитэй хүн амд тооцогдож байгаа аж. Мөн суралцагчдын тоо 140 мянгад хүрсэн бол хөдөлмөрийн чадваргүй 20.5 мянга, ажил эрхлээгүй 107.9 мянган иргэн бий нь судалгаагаар гарчээ. Ажилгүй иргэдийн хувьд, 38.2 хувь нь хүүхэд асардаг, 24 хувь нь гэрийн ажилтай, 24 хувь нь тухайн жил цэргээс халагдсан, 5.1 хувь нь ажил эрхлэх хүсэлгүй гэсэн байна. Ажилгүй иргэдийг ангилбал Он гарснаас хойшхи найман сарын байдлаар 45.4 мянган иргэн байнгын болон түр ажлын байраар хангагдаж, 15.4 мянга нь шинээр бий болсон ажлын байранд, 17 мянга нь байнгын сул чөлөөтэй ажлын байранд харин 13 мянга нь түр буюу улирлын чанартай ажлын байранд зуучлагдсан байна.
Чуулганы нэгдсэн хуралдаантай
Өнөөдөр уламжлал ёсоор УИХ-ын чуулганы нэдсэн хуралдаан 14.00 цагт эхэлнэ. Чуулганаар арав гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх нь. Мөн Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсэг, Төсвийн байнгын хороо хуралдах аж.
Монголчуудыг аюулгүй ажиллагаанд суралцах шаардлагатай гэв
Герман-Монголын уул уур­хайн салбар дахь хөдөл­мөрийн аюулгүй ажил­лагаа, эрүүл ахуйн хурал өчигдөр эхэллээ Герман-Монголын уул уур­хайн салбар дахь хөдөл­мөрийн аюулгүй ажил­лагаа, эрүүл ахуйн хурал өчигдөр эхэллээ. Томас Траппе: Аюулгүй ажиллагааг тухайн уул уурхайн компанид хэв­­шүүлэхэд технологи, зо­хион байгуулалт, соёл-зан харилцаа гэсэн гурван хүчин зүйл голлох суурь нь болдог. Хур­лаар хөдөлмөрийн аюул­гүй байдал, эрүүл ахуйн менежмент, эрсдлээс урьд­чилан сэргийлэх, даатгал зэрэг гурван чиглэлээр ху­ралдаж байна.  Энэхүү ху­ралд Монгол, Германы төр болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцон саналаа солилцож байгаа юм. Хө­дөл­­мөрийн аюулгүй бай­дал, эрүүл ахуйн менеж­ментийн салбар хуралдаанд Германы CBM компанийн мэргэжилтэн Томас Траппе илтгэл тавьсан.  Түүний хэлснээр “Аюул­гүй ажиллагааны ме­неж­мент нь сүүлийн 30 жи­лийн хугацаанд Германы компаниудын тэргүүлэх зэргийн чухал ажил болсон. Аюулгүй ажиллагааг тухайн уул уурхайн компанид хэв­­шүүлэхэд технологи, зо­хион байгуулалт, соёл-зан харилцаа гэсэн гурван хүчин зүйл голлох суурь нь болдог” гэдгийг хэлсэн юм. Харин Монголын тухайд зөвхөн эхний шат болох аюулгүй ажиллагаанд шаардлагатай технологийг нэвтрүүлэх үе шатны босгыг давчихаад буй.  Харин ажилчдаа тэд­гээр технологийг аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу ажиллуулахад сургаж бэлтгэх, туршлагажуулах тал сулхан байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Н.Болормаа: Сонгинохайрхан дүүргийн арван хорооны эхчүүдийг хүлээж авахаар болсон
Сонгинохайрхан дүүргийн 5-11, 24, 25, 28 дугаар хорооны эхчүүд ЭХЭМҮТ-д төрөхөөр болсон Төрөх эмнэлгүүдийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор саяхан салбарын яамнаас шинэ хуваарилалтыг хийжээ. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлэгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н. Болормаагаас тодрууллаа. -Төрөх эмнэлгүүдийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс салбарын яамнаас зохицуулалт хийсэн гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу? -Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүрээг шинэчлэн тогтоосон. Энэ нь Клиникийн нэгдүгээр амаржих газрын өргөтгөл шинээр ашиглалтад орсонтой холбоотойгоор эх барихын ор 50-иар нэмэгдсэн. Сонгинохайрхан дүүргийн 5-11, 24, 25, 28 дугаар хорооны эхчүүд ЭХЭМҮТ-д төрнө. Тиймээс бусад амаржих газрын тусламж үйлчилгээнд зохицуулалт хийсэн. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн эхчүүд өмнө нь хоёрдугаар амаржих газарт төрдөг байсан. Харин шинэ тушаалын дагуу Сонгинохайрхан дүүргийн 5-11, 24, 25, 28 дугаар хорооны эхчүүд ЭХЭМҮТ-д төрөхөөр болсон. Энэ нь хоёрдугаар амаржих газрын төрөлтийн ачааллыг бууруулах зорилготой. Мөн нэгдүгээр амаржих газарт өмнө нь Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Багахангай дүүргийн эхчүүд төрдөг байсан бол Баянгол дүүргийн эхчүүдийг тус эмнэлэгт хүлээж авдаг болсон. Харин гуравдугаар амаржих газрын ачаалал хуучин хэвэндээ байгаа. -Зохицуулалт хийснээр эмнэлгүүдийн ачаалал хэр буурч байна? -Бид зохицуулалт хийсэн ч гэсэн ачаалал шууд буурна гэж ойлгож болохгүй. Хоёрдугаар амаржих газар үндсэн 75 ортой боловч 110-120 ор байнга илүү ажиллаж байсан. Тиймээс энэ ачааллыг бууруулсан. Нэгдүгээр амаржих газрын хувьд op нэмэгдсэн ч гэсэн Баянгол дүүргийн эхчүүдийг нэмж авч байгаа учраас ачаалал бодитой буураагүй. Мөн шинэ барилга ашиглалтад орсонтой холбоотойгоор эмч, мэргэжилтнүүдийг нэмсэн. Тиймээс нэгдүгээр амаржих газрын үйл ажиллагаа хэвийн байна. -ЭХЭМҮТ-ийн ачаалал хэр байна? -ЭХЭМҮТ нь эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр лавлагаа, тусламж үзүүлэх төв. Энэ үүргийг нь түлхүү хэрэгжүүлэх үүднээс зохицуулалт хийсэн. ЭХЭМҮТ өмнө нь Баянгол дүүргийн эхчүүдийг хүлээж авдаг байсныг нэгдүгээр амаржих газар руу шилжүүлсэн. Харин Сонгинохайрхан дүүргийн арван хороог өгсөн. Ингэснээр ачаалал буурах хандлагатай байгаа. Гэхдээ тус төвд хөдөө орон нутгаас эхчүүд ирдэг. Мөн нийслэлд шилжиж ирсэн боловч шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүй эхчүүд болон  дүүргүүдийн хүндрэлтэй төрөлтийг хүлээж авдаг. Тиймээс ачаалал хангалттай буурахгүй байна. -Шинэчилсэн зохицуулалт хийснээр зарим эхчүүд хаана төрөхөө мэдэхгүй, өвдөөд очихоор манайх авахгүй, харъяаллын бус гээд хүлээж авахгүй байна гэх гомдол сүүлийн үед нэлээд гарч байна. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ? -Энэ асуудалд эмнэлгийн байгууллагаас гадна иргэдийн хариуцлага хэрэгтэй байна. Яагаад гэхээр төрөлт гэдэг гэнэт бий болчихдогзүйл биш. 9-10 cap болох энэ хугацаандаа шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүйгээсээ болоод харъяаллын бус гээд шилжүүлэх тохиолдол гардаг. Тиймээс энэ асуудалд эхчүүд анхааралтай хандах хэрэгтэй. Хаана төрөх, хаана харъяалагдах вэ гэдгээ мэддэг байх нь чухал. Баянгол дүүргийн харъяат боловч Баянзүрх дүүрэгт амьдардаг учраас Баянзүрхдээ төрнө гэж зүтгэдэг. Тэгэхээр энэ хооронд зөрчил үүсч байгааг ойлгох хэрэгтэй. Гэхдээ төрөхийн яаралтай тусламжийг харъяаллын гэлгүй бүх төрөх хүлээн авдаг.
"Монгол Улс бизнес эрхлэгчдэд хамтран ажиллах баталгаатай түнш нь байж чадах орон"
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг айлчлалын хоёр дахь өдрөө “Хятадын баруун бүсийн олон улсын форум”-д оролцож, үг хэллээ. Хятадын хөгжлийн түүчээ болсон Чөнду хотноо олон улсын форумд таван орны төлөөлөгчид оролцсон юм. Хятадын баруун бүсийн олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд 2008 оноос хойш зохион байгуулдаг болсон тус форум энэ жил “Тэнцвэртэй хөгжих, хамтаар хөгжил цэцэглэлийг цогцлоох нь” сэдвээр өрнөлөө. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Азийн бүс нутаг, хөрш орнууд тэнцвэртэйгээр, хамтаар хөгжих бүх нөхцөл бүрдсэн бөгөөд энэ үнэ цэнэтэй алхмыг Хятад улс санаачлан манлайлж байгаад баяртай байна.  Н.Алтанхуяг: Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл гэх мэт олон салбарт бизнесийн боломжууд их бий, харилцан ашигтай хамтын ажиллагааны хүсэл эрмэлзэл ч Монгол Улсад бий. Хаана мэдлэг мэдээллийн охь цуглаж, хөгжлийн гарцыг хэлэлцэнэ, тэнд дэлхий дахины эрдэмтэн судлаач, бүтээгч, үйлдвэрлэгчид хуран чуулж, үнэ цэнэтэй санал санаачилга гардаг. Монгол оронтой 4000 гаруй км өргөн уудам газар нутгаар хөршилсөн энэ бүсийн хөгжил цэцэглэлтийг айл хөршийн хувьд бид ихэд олзуурхан харж байна” гэлээ. Сүүлийн 10 гаруй жил Хятад улс манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад тэргүүлэх байр эзэлж, 2011 оноос хойш стратегийн түншлэлийн түвшинд харилцаж байна. Ойрын жилүүдэд хоёр тал хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн дэд бүтэц, уул уурхай, эрчим хүчний томоохон төсөл, хөтөлбөр олон бий. Иймд Хятадын баруун бүс, манай өмнөд, баруун бүс нутаг худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд харилцан таатай боломжууд бүрдүүлсээр байна. Монгол Улс бизнес эрхлэгчдэд хамтран ажиллах баталгаатай түнш нь байж чадах орон болж байна. Монгол Улсад хөрөнгө оруулж, үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах хамгийн чухал баталгаа бол Монголын Засгийн газрын санаачилгаар сая УИХ-аар баталсан Хөрөнгө оруулалтын хууль юм гэж Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцоллоо. Оруулсан хөрөнгөөсөө хамаарч татвар төлөх тогтвортой орчин бүрдэж, хөрөнгө оруулалтын бүртгэлийг шуурхай, хүнд сурталгүй болгосон зэрэг чухал зохицуулалтуудыг энэ хуульд тусгасан. Цаашид Монгол Улс эдийн засгаа солонгоруулж, төрөлжүүлэх болно. Энэ чиглэлд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл гэх мэт олон салбарт бизнесийн боломжууд их бий, харилцан ашигтай хамтын ажиллагааны хүсэл эрмэлзэл ч Монгол Улсад бий гэдгийг БНХАУ болон өнөөдрийн форумд оролцож буй бүх улс оронд нээлттэй байгааг хэлэхэд таатай байна гэж Засгийн газрын тэргүүн олон улсын хурлын индэр дээрээс хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
“Арева” өрөмдлөгөө эхлүүлэхээр зэхжээ
Францын “Арева” компани үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэлжээ Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуул хийдэг Францын “Арева” компани үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэлжээ.  Тэд “Зөөвч Овоо” хэмээх ордынхоо ойролцоо уран хайх, олборлох зориулалттай зургаан өрөм зоосон тухай нутгийн иргэд мэдээллээ.  Өмнө нь энэ компани өрөмдлөгө хийснээс болж малчин Д.Норсүрэнгийн 22 тугал хордож үхсэн тухай нутгийн иргэд мэдээлж байсан. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуягийн томилсон мэргэжлийн багийнхан тугал хорогдсон шалтгаан уранаас биш селени гэх бодисоос үүдэлтэй гэсэн дүгнэлт гаргасан юм.  “Арева” компани 2008 онд Швейцарийн байгаль орчныг хамгаалах олон нийтийн “Greenpeace swiss” байгууллагаас “The Public Eye” буюу олон нийтийн нүд гэх “шагнал”-ыг хүртэж байжээ. Энэ шагналыг байгаль орчныг сүйтгэдэг хамгийн ичгүүргүй байгууллагад олгодог байна.
Улаанбаатар чуулгын барилгыг залуучуудын үйлчилгээний цогцолбор болгоно
Улаанбаатар чуулгын барилга Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар чуулгын барилгыг “Залуучуудын үйлчилгээний цогцолбор” болгон өөрчлөхөөр болжээ.  Үүнтэй холбогдуулан шинээр хийгдэх ажлын зураг, төсвийг өөрчлөх Ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсгийг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг удирдах аж. Засварын ажлын захиалагчийн хяналтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар тавьж, ажиллах юм байна.  Харин хөрөнгийг бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд Өмчийн харилцааны газар хяналт тавьж ажиллахаар болжээ.
А.Ганболд даргын гоморхол
Налайх дүүргийн ИТХ-ын  дарга А.Ганболд Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд саяхан өгсөн нэг ярилц­лагадаа төрийн түшээ, дарга нарт тунчиг гомдож байгаагаа дайжээ.  Тодруулбал “На­лайх дүүрэг өнөөдрийн байдлаар 9108 өрх, 34 мянган хүн амтай гэнэ. Үүний тал хувь нь буюу 46.8 хувь нь ядуу” хэмээн учирласан байна.  Нөхцөл байдал ийм хүнд байхад налайхын уурхайн хү­чин чадлыг нэмэг­дүүлж, бүтээмжийг нь өсгөхийн оронд дарга нар ирээд татан буулгах тухай ярьдаг. Гэтэл түүний ард 900 хүн амьдралаа залгуулж байгааг боддоггүй юм байхдаа хэмээн гомдлын үг шидсэн байна. Гэхдээ тэрбээр хүмүүсийг дүүргийнхээ хэмжээнд тоосго, цементийн үйлдвэрүүдэд туслах ажилтнаар ажил­луулж түр ажлын байраар хангаж байгаа аж. Харин үүнийг нь ойлгохгүй байгаад төрийн түшээдэд гомдож байгаагаа нуусангүй.
320 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ
2013 онд Нийслэлд хийсэн цаашид хийх бүтээн байгуулалтын ажилтай өнөөдөр Ерөнхийлөгч танилцлаа. Хотын дарга Э.Бат-Үүл удирдах албан тушаалтнуудын хамт Ерөнхийлөгчийг угтан авч, энэ онд хийсэн ажлаа эхлээд танилцуулсан юм. 2013 онд Нийслэл хотод чамгүй олон ажил хийжээ. Дүрэмтэй Улаанбаатар Дүрэмтэй Улаанбаатар чиглэлийн хүрээнд нийслэлийн есөн дүүрэг, 34 хороонд “Иргэний танхим” нээж, 73 удаагийн хэлэлцүүлэг явуулсан байна. Хэлэлцүүлэгт 6400 иргэн хамрагдсан бөгөөд иргэдийн санал бодлыг нийслэлийн удирдлагуудын шийдвэрт тусган ажиллажээ. Түүнчлэн НЗДТГ-ын бүтцэд иргэдийн өргөдөл, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нэгж байгуулсанаар өргөдөл гомдолд хариу өгөх хугацаа 14 хоног болж, шат дамжлага нь багассан байна. Мөн 12-00, 12-34 дугаарын утсыг нээж, иргэдээс ирсэн 41129 өргөдөл, гомдлын 93.7 хувийг шийдвэрлэн өгсөн гэнэ. Гэсэн ч энэ нь чамлалттай байгааг хотын дарга хэллээ. Нээлттэй, хүнд сурталгүй Улаанбаатар Энэ чиглэлийн хүрээнд газар олголтын асуудлыг удирдлагын зөвлөлийн хурлаар нээлттэй хэлэлцдэг болж, барилгын зөвшөөрлийг “Нэг цэг”-ийн үйлчилгээнд шилжүүлэн ажлын 30 хоногт шийдвэрлэж өгдөг болгожээ. Мөн барилгын талаарх маргааныг оршин суугчдын оролцоотойгоор хэлэлцдэг болсон гэнэ. Учир нь дийлэнх маргаанд иргэдийн зөв байдаг нь харагдсан гэж Хотын дарга Э.Бат-Үүл хэлсэн бөгөөд долоо хоног бүрийн баасан гаригийг Нийслэлийн Засаг дарга иргэдээ хүлээн авч уулздаг өдөр болгосон гэлээ. Анхлан хийсэн олон ажил байгаа гэв 2013 онд хийсэн ахицтай ажлуудаас хотын дарга дурдаж, ихэвчлэн нийслэлд хийгдсэн анхны хэмээх тодотголтой ажил болсон гэлээ.  Э.Бат-Үүл: 350 км автозамын өргөтгөл хийж, 212 км зам шинээр барина. Тухайлбал, Ахмадуудыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулж, 300 ахмадын байрыг ашиглалтад оруулж байгаа Ерөнхий боловсролын зарим сургуулиудыг автобустай болгосон Автозамын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ авсан Зам, талбайг угааж цэвэрлэдэг болсон Хогны “Цэвэрлэгээ-цуглуулалт-тээвэрлэлт”-ийн шинэ менежмент нэвтрүүлсэн Улаанбаатар хотыг цэцэгжүүлж, иргэдэд хотоо хайрлах төлөвшил суулгахыг зорьсон. 21 гудамжны 13 мянган кв талбайг цэцэгжүүлсэн Гэр хорооллын дахин төлөвлөлтийг 20 газар хийхээр сонгон 12-т нь эхлүүлсэн зэргийг дурдсан юм. Харин цаашдаа хийх ажлын тухайд, Улаанбаатарт метро тавина Зургаан дүүрэгт 89 бага сургууль барина 350 км автозамын өргөтгөл хийж, 212 км зам шинээр барина гээд нийтдээ 320 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн тухайгаа Э.Бат-Үүл дарга Ерөнхийлөгчид мэдээллээ. Уулзалтын төгсгөлд Улаабаатар хотын захирагч Э.Бат-Үүл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүсэлт тавьсан юм. Хөрөнгө оруулалт буурсан нь нийслэлд ихээхэн мэдрэгдэж байна. Энэ үед 1.5 тэрбумын метрог Япон улс барьж өгье гэсэн. Энэ нь хөгжлийн суурь болдог бүтээн байгуулалт. Тиймээс энэ мэт бүтээн байгуулалтын ажлыг Засгийн газрын түвшинд шуурхайлж, гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл бий болгох хэрэгтэй байна гэв.
Жеки Чан Монголд кино хийнэ
“Сураггүй алга бологсдын эрэлд“ киноны зураг авалт болно “Сураггүй алга бологсдын эрэлд“ Холливудын тулаантай инээдмийн киноны зураг авалт ирэх оны нэгдүгээр сард эхлэх ажээ. Жеки Чан, Шонн Вильямс нар гол дүрд тоглох энэ киноны найруулагчаар Сэм Фелл ажиллахаар болжээ. Кинонд Хонгконгийн туршлагатай цагдаа Бенни Блэк (Жеки Чан) АНУ-ын зартай хөзөр тоглогч Коннорын (Шонн Вильямс) хамт мафийн толгойлогч Виктор Вонгийг Ази даяар, манай орны цаст уулс, говиор хүртэл мөрдөн мөшгих гэнэ. Киноны уран бүтээлчид удахгүй Монголд ирж, зураг авах газраа сонгох сурагтай.
Хятад улсын талаас түшиц болох газар бол Ляонин
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр орой Ляонин мужид буулаа. Зочноо хүндэтгэж тус мужийн дарга Чэнь Жэнгао Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхлаа. Чэнь Жэнгоа: Монголд аялж жуулчлах сонирхол ихтэй ч дамжлага олонтой, хоёр улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ гарц, өргөн боломж байгаа ч тээвэр ложистикийн дэд бүтэцгүй зэрэг бэрхшээл байна. Бидний өвөг дээдэстэй ойр түүхтэй энэ мужийнхан Монголд аялж жуулчлах сонирхол ихтэй ч дамжлага олонтой, хоёр улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ гарц, өргөн боломж байгаа ч тээвэр ложистикийн дэд бүтэцгүй зэрэг бэрхшээл байгааг ноён Чэнь Жэнгоа онцлоод, эдгээр асуудлыг боломжтой хувилбараар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ. Ляонин мужийн төв Шэньян хотоос Улаанбаатар луу шууд нислэг үйлддэг болох, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоос Шэньян хот руу төмөр зам татах зэрэг тодорхой саналууд одоогоор яригдаж байгаа юм. Нислэгийн тухайд, Улаанбаатар-Дорнод-Хайлаар чиглэлд нислэг үйлдэж байна. Ерөнхий сайд энэ айлчлалынхаа хүрээнд хоёр улсын Стратегийн түншлэлийн дунд ба урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурна. Энэ хөтөлбөрт хоёр улс бүс нутгуудынхаа оролцоог нэмэх замаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тусгасан. Хоёр улсын худалдааны тэлэлтэд Хятад улсын талаас түшиц болох газар бол Ляонин муж гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Монгол-Хятадын Стратегийн түншлэлийн хүрээнд Ляонин муж, Сүхбаатар аймаг бүс нутгийн түвшинд идэвхтэй хамтран ажиллах боломжтой тул Засгийн газрын тэргүүний айлчлалын үеэр энэ талаар тусгасан санамж бичигт хоёр хотын удирдлага гарын үсэг зурсан юм. Ляонин муж бол зүүн хойд Хятадын цор ганц далайн боомт бөгөөд гадаад худалдаа, олон улсын харилцааны чухал цэг. Манай улсын зүүн хилтэй ойр учир Сүхбаатар аймагтай бүх талаар хамтран ажиллах боломжтой. Нөгөө талаас энэ муж Хятадын хамгийн том аж үйлдвэрийн бааз юм. Хятадын аж үйлдвэрлэлийн хөгжлийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн гавъяагаараа БНХАУ-ын “ууган хүү” гэх тодотгол нэр хүртэл зүүсэн байдаг. Чухам энд анхны илчит тэрэг, тийрэлтэт онгоц, 10 мянган тонн ачаа тээгч далайд хөвөгч танк, аж үйлдвэрлэлийн робот, тооны электрон машин зэргийг үйлдвэрлэж байжээ. Сүүлийн үед Ляонин, Жилин, Хэйлунзянь гурван мужийг нэгтгэн томруулсан бүс байгуулах төлөвлөгөө яригдаж байгаа аж. Хятадын Засгийн газрын санаачилсан стратегийн энэ томоохон бодлого нь зүүн хойд бүс нутгийнхаа аж үйлдвэрийн баазыг орчин үеийн өндөр технологиор шинэчлэн хөгжүүлэхэд чиглэж байгаа юм байна.
Самурай бонд гаргасан орнуудын түүх
Төсвийн авлига, хээл хахуулийг “авлах” кампанит ажил парламентын танхимд хүчээ авахтай зэрэгцээд өр зээлийн асуудал ч сөхөгдөж байна. Дэлхийн эдийн засгийн “хөдөлгүүр”-ийн хүч болж ирсэн АНУ өр зээлдээ баригдаж дампуурахын даваанд ирсэн нь Монголд бодит жишээ нь болов. Б.Обамагийн гарын үсэгтэй олон тэрбум “ногоон”-ы бондыг эзэмшиж Вашингтоны аврагчийн дүр бүтээгээд удаж байгаа Бээжин харин додигор байна. Дипломат мэдэгдлүүдээрээ Цагаан ордны эзэнд сонголт үлдээхээргүй тактик боловсруулж буй нь хэдийнэ нууц биш боллоо. Монгол Улсын хувьд Засгийн газар нь гадаад ертөнцөд өрийн бичгээ санал болгосон анхны тохиолдол нь өнгөрсөн жилд гаргасан Чингис бонд. 1.5 тэрбум ам.долларыг 6-8 хувийн хүүтэйгээр харийн хөрөнгө оруулагчдаас зээлсэн хэрэг. Их хааны нэрээр нэрлэсэн энэ бонд хөрөнгийн зах зээлд Монголд оноо цуглуулахад томоохон хувь нэмрээ оруулсан ч энэ ялалт урт настай байсангүй. Жилд бондын хүүд 70 сая ам.доллар төлдөг ч ”Гудамж” төслөөс өөр гарт баригдахаар томоохон бүтээн байгуулалт хомс байна. Анхнаасаа ганц хоёр гудамж л барих гэж бонд босгох байсан юм бол ингэж сүр дуулиан болгох хэрэг байсан эсэх нь олон хүний шүүмжлэл, маргааны сэдэв болоод удаж байгаа. Энэ дуулиан намжаагүй байхад Ерөнхий сайд Япон улсад хийсэн айлчлалынхаа үеэр Самурай бонд гаргана хэмээн мэдэгдсэн нь дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байна. Чингис бондын үр ашгийг хэлэлцэж амжаагүй байхад дахиад өр тавих гэж буй нь дампуурал руу хөтөлнө гэж туршлагатай эдийн засагчид бас шүүмжилж байгаа. Мөн парламентын зарим гишүүн энэ бонд гарсан тохиолдолд ирэх онд Монгол Улсын өр 15 их наяд төгрөгт хүрч, улсын төсвөөсөө хоёр дахин ихэснэ хэмээн болгоомжлуулж байна. Он дуусахад ганц сарын хугацаа үлдээд байгаа энэ үед наран улсад бонд гаргаж амжих эсэх, гаргалаа гэхэд юунд зарцуулах нь тодорхойгүй байгаа юм. Франц, Индонез, Тунис... Самурай бондыг арлын орны зах зээл дээр Японоос бусад улс, компани гаргаж хууль дүрэмд нь захирагдан ажилладаг. Сушиний эх нутгийн эзэд харийн бизнесмэн болоод бодлого тодорхойлогчдод зах зээлээ нээж, хөрөнгө босгох үүдийг нээж өгөөд удаж байна. Тэгэхээр энэ бондыг зөвхөн Монгол Улс гаргах гэж төлөвлөөд буй хэрэг биш байх нь. Биднээс өмнө Африкийн улсуудаас эхлээд Индонези, Франц гээд зах зээл хөгжсөн улсууд хөрөнгө босгох “тоглолт” хийсэн туршлагатай. Зөвхөн Францын хамгийн том банк болох “BNP Paribas” гэхэд Японы зах зээлд Самурай бондын арилжаагаа хийсэн арвин түүхтэй. Нутаг нэгтэй “Credit Agricole SA” банк ч ялгаагүй Японы зах зээл дээр 65.3 тэрбум иенийн Самурай бонд арилжсан. Японы зах зээлд хамгийн өндөр дүнтэй Самурай бонд гаргасан банк бол АНУ-ын санхүүгийн ертөнцийн “акул” “Жи пи морган”. Тэд 111 тэрбум иенийн Самурай бонд гаргасан юм.  Жэкопс: “Монгол Улс одоо ч макро эдийн засгийн урт хугацааны төлвөө маш өөдрөгөөр төсөөлсөн хэвээр байна. Угтаа энэ бол богино хугацааны л хандлага шүү дээ Бас Африкийн хамгийн умард үзүүрийн улс болох Тунис өнгөрсөн онд Японд мөн л Самурай бонд гаргасан. Ингэхдээ Төвбанк нь наран улсад 25 тэрбум иен буюу 303 сая ам.долларын үнэт цаас гаргасан юм. Энэхүү бонд нь 10 жилийн хугацаатай 1.19 хувийн өгөөжтэй байв. Ингэж бонд гаргаснаар экспортоо дэмжихэд хөрөнгө оруулалт хийнэ хэмээн мэдэгдэж байлаа. Тунисийн хувьд эдийн засаг болоод улс төр нь тогтворгүй явж иржээ. Инфляц нь үргэлжлэн өссөн, хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр байгааг Дэлхийн банкны тайланд дурдсан байлаа. Өнгөрсөн онд эдийн засаг нь 1.8 хувиар өссөн бол энэ онд арай чамай гурван хувийн өсөлтөд хүрнэ хэмээн тэд найдаж байгаа. “Тус улсын төсвийн алдагдал нь өндөр буюу 8.1 хувьд хадгалагдсан хэвээр байна. Энэ нь өнгөрсөн оныхтой ижил дүн юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болоод бусад гадаад санхүүгийн урсгал нь багасч буй валютын нөөцөд нь хангалттай эх сурвалж болж чадахгүй байна” хэмээн Дэлхийн банкны тайланд дурджээ. Тэд бидний тухай “Thinkadvisor.com” цахим хуудаст “Рио тинто”-той хийсэн хэлэлцээ нь гацаж Монгол Улсын эдийн засаг удаашралтай болоод байна. Үр дүнд нь Засгийн газар нь нэг тэрбум ам.долларын Самурай бондыг энэ онд багтаан Японы зах зээлд гаргаж, хөрөнгө оруулагчдаас мөнгө босгохоор хэлэлцэж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдэгдсэнээр энэ нь тус улсын эдийн засагт шинэ өнгө төрх авчирна. Далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ төлөвлөснөөс давсанд хоёр талын яриа хэлэлцээ гацаанд орчихоод байгаа юм. 2011 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт анх удаа 17.5 хувьд хүрсэн бол энэ онд ердөө л 11.3 хувьтай байгаа юм. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 42 хувиар буурсан учраас дотоодод эргэлдэх мөнгөний хэмжээ ч багасч, төгрөгийн ам.доллартай харьцах ханш өсөөд байна. “Иймд Самурай бонд нь энэ нөхцөл байдлаас гарах гарц болно” гэж “Global X Funds”-ийн судалгааны шинжээч Жэй Жэкопс хэлэв. Өнөөгийн энэхүү бэрхшээл тулгарч буй асуудал үүсээд байгаа ч Жэкопс “Монгол Улс одоо ч макро эдийн засгийн урт хугацааны төлвөө маш өөдрөгөөр төсөөлсөн хэвээр байна. Угтаа энэ бол богино хугацааны л хандлага шүү дээ” гэв. Энэ зуур “Блүүмберг” агентлаг Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалын эргэн тойрныг хөндсөн нийтлэлдээ “Бид иенээр энэ бондыг гаргахаар төлөвлөж байгаа. Нийт өртөг нь нэг тэрбум ам.доллар байх юм” хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Токиод ярьсныг тэмдэглэснийг доор сийрүүлье. Монгол Улс нь газрын хэвлийдээ 1.3 их наяд ам.долларын үнэ цэнэтэй ашигт малтмалыг агуулж буй байгалийн баялгаараа тэргүүлэгч билээ. Ийм ч учраас баялгаараа түүчээ хийн ирээдүйн Кувейт, Катар болох зорилтыг өмнөө тавьсан нүүдэлчдийн их соёл тэнд хөгжиж байна. Гэвч Дэлхийн банкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн мэдэгдэлдээ Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 16 хувьд хүрнэ хэмээсэн урьдчилсан дүгнэлтээ 13 болгон “тайрсан” юм. Ингэхдээ экспорт буурч, гадаадын хөрөнгө оруулалт “царцсан” нь тэднийг ийм дүгнэлтэд хүргэжээ. Харин үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш энэ онд ам.долларын эсрэг 18.3 хувиар унажээ гэжээ. Өр тавьж олсон мөнгө хаачив?  Чингис бонд 1.5 тэрбум ам.доллар Монгол Улс тавьсан өр зээлийнхээ “ачаар” өнөөдөр хэд хэдэн төсөвтэй болчихоод байгаа. Хөгжлийн банкны төсөв, Хөгжлийн банкны зээлийн мөнгө, бондын зарцуулалт гээд л... Өөрөөр хэлбэл, төсвөөс гадуурх мөнгөний урсгал ихэсч байна. “Хүүгийн төлбөр нь төсвөөс гарч буй учир, Хөгжлийн банкны захиран зарцуулж байгаа бондын хөрөнгийг улсын төсөвт хамруулах хууль эрхийн тогтолцоог яаралтай бүрдүүлэх шаардлагатай байна. Үгүй бол 2017 оноос Монголын дараачийн Засгийн газар шууд дампуурах юм” хэмээн эдийн засагч Д.Жаргалсайхан бичжээ. Ингэхээр баахан хөөрцөглөж бонд гаргаад дараа нь Грек шиг хорголоо тоолох уу, эсвэл хуулиа шинэчлэх үү гэсэн сонголт бидний өмнө байна. Энэ талаар хуульч Ш.Үнэнтөгс твиттер хуудсандаа “Гэтэл Засгийн газрын гадаадад гаргасан өрийн бичгийн Чингис бонд 1.5 тэрбум долларын “далд төсөв”-ийн нэмэгдэл байсаар байхад төсөв тасарч байх юм” гэж бичжээ. Гаднаас өр тавьж орлого олоод байхад хүртэл төсөв нь тасраад байгаагийн цаад шалтгааныг олж илрүүлээгүй нөхцөлд Самурай бонд гаргах нь гал дээр тос нэмсэн хэрэг болох вий.
Ханиаднаас сэргийлэх хамгийн энгийн арга
Хүйтэн сэрүүний улиралд элдэв эм тариа хэрэглэхгүйгээр өөрийгөө халдвараас сэргийлэх боломжтой аж.  Түвдийн уламжлалт анагаах ухаан нь өвчин тусахгүйн тулд өөрийгөө чийрэгжүүлэх ёстой гэж үздэг байна. Ийм арга нь дархлаанд халгүй, элэг бөөрний үйл ажиллагаанд сөрөг нөлөөгүй гэнэ. Энэ талаарх зөвлөгөөг уншаарай.   Чихний массаж хийх арга: Чихнийхээ дэлбээг бүхэлд нь хөнгөн илснээр дасгалаа эхэлнэ. Ингэснээр тааламжтай, халуун дулаан мэдрэмж төрнө. Чихээ эхлээд эрхий хуруугаар, дараа нь бусад хуруугаар дарна. Чихний дэлбээний уян хатан байдал сайжрах нь эрүүл мэндийг бүхэлд нь бэхжүүлэхэд тустай гэдгийг Түвдийн уламжлалт аргад чухалчилдаг байна. Зарим хүмүүс чийрэгжүүлэлт гэдгийг хүйтэн усанд орох, хүйтнээр бие организмаа чийрэгжүүлэх гэж ойлгодог. Гэтэл Түвдийн уламжлалт аргаас үзэхэд энэ арга нь хүн бүрт тэр тусмаа газар болон шороон махбодтой хүмүүст тохиромжгүй аж. Гадаах хүйтэн нь доторх хүйтэнд нөлөөлж, үүний улмаас зүрх судасны өвчин, уушгины астма, чихрийн шижин, хорт хавдар зэрэг өвчлөлд хүргэдэг байна.  Харин гал махбодтой хүмүүс төрөлхийн “халуун чанарын” байдаг тул ханиад томуу хүрэх нь бага гэнэ. Гэхдээ ийм хүмүүс 60-70 наснаас хойш үе мөчний өвчинд нэрвэгдэх, цус харвах, хорт хавдар өвчинд өртөмтгий болдог аж.  Чийрэгжүүлэлт нь олон төрлийн байна. Гагцхүү хүйтэн усаар төдийгүй нар, агаар, ус тэр бүү хэл хоол хүнс, өвс ургамал, бясалгал, халуун элс, чулуугаар ч чийрэгжиж болдог. Бид өөрсдийн амьдралын энерги, бие махбодоо удирдан захирах боломжтой.  Ханиад томуунаас сэргийлэх хамгийн энгийн аргуудын нэг бол цэгэн массаж буюу иллэг юм. Ийм арга нь аль ч насныханд тохирно. Дээр нь жирэмсэн эмэгтэйчүүд болон харшилтай хүнд ч тохирдогоороо давуу талтай.  Цэгэн массаж хийснээр бие организмд биологийн идэвхт бодис их хэмжээгээр боловсруулагддаг байна. Чихний дэлбээ нь дотоод эрхтэн болон бие организмын бүх системтэй холбоотой гэнэ. Тийм болохоор чихний массажыг өдөрт 2-3 удаа хийх хэрэгтэй гэнэ.  Ингэхдээ чихнийхээ дэлбээг бүхэлд нь хөнгөн илснээр дасгалаа эхэлнэ. Ингэснээр тааламжтай, халуун дулаан мэдрэмж төрнө. Чихээ эхлээд эрхий хуруугаар, дараа нь бусад хуруугаар дарна. Чихний дэлбээний уян хатан байдал сайжрах нь эрүүл мэндийг бүхэлд нь бэхжүүлэхэд тустай гэдгийг Түвдийн уламжлалт аргад чухалчилдаг байна.
Н.Наранбаатар: Би Монгол хүн гэж омогшсон харцыг олж харсан
УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатартай ярилцлаа.  -Тун удахгүй “Зүүдэнд ч оромгүй явдал” уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Миний санаж байгаагаар энэ таны хоёр дахь дэлгэцийн уран бүтээл байх аа? -Би өөрөө театрын найруулагч хүн. Кино урлаг гэдэг бол орчин цагт гарцаагүй тэргүүлж байгаа. Тиймээс ч орчин цагийн хүмүүс кино урлаг руу ихээхэн анхаарлаа хандуулдаг болжээ. Миний анхны дэлгэцийн уран бүтээл “Үл таних эмэгтэй” гэж милодрам байсан. Харин энэ удаад инээдмийн кино найрууллаа.  “Зүүдэнд ч оромгүй явдал” гэдэг нэр Монголын үзэгчдэд их танил, дотно сонсогдож байгаа болов уу. Учир нь энэ кинонд  олон хүний амьдралд хандах хандлага, хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Тиймээс ч энэ  кино үзэгчдийн зүрх сэтгэлд мөнхөд үлдсэн гэж би ойлгодог.  Эндээс яагаад  кинондоо “Зүүдэнд ч оромгүй явдал” гэдэг нэрийг өгөх болсон юм бэ гэдэг асуулт ургаж байгаа биз. Тэгвэл манай кинонд ихрүүдэд тохиодог үйл явдлыг нэг талаас нь харахад байж болох юм шиг хэрнээ нөгөө өнцгөөс нь харвал зүүдэнд ч оромгүй явдал өрнөдөг юм.  Энэ утган дээр нь үндэслээд “Зүүдэнд ч оромгүй явдал” гэж нэрлэсэн. Зүүд өөрөө бол нэг бодлын маш замбараагүй боловч заримдаа асар их зөн совинг илтгэж байдгаараа уялдаатай болж байгаа юм. Амьдралдаа тохиолдсон хамгийн гайхамшигтай үйл явдлыг л хүн зүүдэнд ч оромгүй явдал боллоо гэдэг шүү дээ.  Эсрэгээрээ зүүдэнд ч оромгүй муу муухай явдал тохиож болно. Гэхдээ бид муу муухай зүйлээс ангид байх учиртай. Тиймээс ч зүүдэнд ч оромгүй сайхан учрал, явдал амьдралд тохиодог юм аа гэдэг санааг л агуулсан бүтээл болсон. Манай кинонд эцэг, эх нь салсан ихрүүдийн тухай гардаг юм.  Тэдний амьдралаар гэр бүлийн үнэ цэнийг харуулахыг зорьсон. Өөрөөр хэлбэл, элэг бүтэн амьдралын үнэ цэнийг өнөө цагийн залууст ойлгуулахыг хичээсэн. Учир нь орчин цагт гэр бүл салалт, түүнээс үүдсэн “тал” амьдралтай хүүхдүүд олширсон байна.  Эхтэй нь эцгийн хайрыг, эцэгтэй нь эхийн хайраар дутаж, түүнийг үгүйлж байгаа хүүхдүүд маш олон бий. Тиймээс ч тэд өсч томорсон хойноо эргээд бусдыг “тал” хайрлаж байна л даа. Тэгэхээр гэр бүлийн үнэт чанар, элэг бүтэн амьдралын үнэ цэнийг ойлгуулахыг хичээсэн. -Киноны гол дүрийг залуу жүжигчин Б.Энхтүвшин бүтээсэн байна. Нэг талаараа олонд танигдсан жүжигчнийг гол дүрд сонгож болох байсан байх. Тэгэхээр хувьд залуусаа дэмждэг юм байна гэж харагдаад байна? -Миний нэг бодлого байдаг юм. Хүн бүхэн залуу насыг тойрч бус дайраад өнгөрдөг. Бид гэнэтхэн тэнгэрээс унаад өдий зэрэгт хүрчихсэн юм биш. Энэ бүхнийг даван туулдаг учраас бид залуустаа өгөөмөр хандах ёстой. Өөрийнхөө мэддэг чаддаг зүйлсээс харамгүй хуваалцахыг хичээдэг.  Ер нь  Д.Равжаагийн нэг гайхалтай үг бий шүү дээ. Үйл бүхний дээд нь бодох, туурвих,  дэмжих. Дэмжих гэдэг бол их чухал зүйл байгаа биз. Тэгэхээр бид залуу үеийнхээ тулгуур, багана нь байх учиртай. Тиймээс ч залуу жүжигчин Б.Энхтүвшинтэй хамтарч ажилласан юм.  -Та олон жүжиг найруулсан. Өөрийгөө хамгийн их шаналгаж, шатааж найруулсан жүжиг чинь аль нь вэ? -Уран бүтээл бүхнийг чи сэтгэл зүрхнээсээ хийдэг л бол тэр бүхэн үлдэнэ. Мэдээж түүнийг нь дутуу хийчихэж дээ гэж бодох үе байна. Яагаад гэвэл хүн өөрөө төгс биш учраас. Гэхдээ дараагийн уран бүтээлдээ алдаагаа давтахгүй байх нь чухал. Миний хувьд сэтгэлээс гардаггүй бүтээл бол “Тэнгэрийн хүү” жүжиг.  2220 жилийн тэртээх төрт ёсыг, баялаг бахдам сайхан түүхийг тайзнаа амилуулсны дараа үнэхээр кайфтай байсан. Маш их судалгаа хийсэн, үнэхээр завгүй хөдөлмөрлөсөн. Энэ жүжгийг тавих гэж байхад юун зуны амралт. Хүн чинь уг нь зун цагийг ашиглаад нэг сайхан амраад авахыг боддог биз дээ.  Гэтэл миний хувьд үнэхээр ийм боломж байгаагүй. Гэхдээ дараа нь энэ бүхнийг эргээд бодоход зовлон биш жаргал байсан байгаа юм. Энэ бүхэн эргээд надад асар их туршлага, мэдлэг хуримтлуулсан. Арай л булш ухахаас наахнуур судалгаа хийсэн. “Тэнгэрийн хүү” жүжгийг үзсэн үзэгчдийн нүднээс нэг л зүйл мэдрэгдэж байсан.  “Би монгол хүн, бид монголчууд”  гэдэг омогшил хүн бүрийн харцнаас мэдрэгдэж байлаа. Бид тэнгэрээс заяатай хүмүүс юм байна гэдэг тэр нүдийг л харсан даа. Магадгүй Гамлет агуу. Гэхдээ тэр өрнийн зохиол. Алс холын Дани улсын тухай, европын соёлыг харуулсан зохиол шүү дээ. Гадны юм гадных л байдаг шүү дээ. Тиймээс бид үндэстний омогшил төрүүлэх тийм бүтээл урын сандаа үлдээх хэрэгтэй.  -“Гамлет” гэснээс надад нэг асуулт байна. Би “Гамлет” жүж­гийн хаалтын тоглолтыг үз­сэн. Үзэгчийн нүдээр хара­хад, С.Болд-Эрдэнэ үнэ­хээр гайхалтай байсан. Харин таны хүсч, хүлээж байсан өөр “Гам­лет”-ыг бүтээж чадсан уу? -Чадсан. Чадсан учраас би өнөөдөр баяртай байгаа. “Гамлет” бол уншихад хүртэл маш түвэгтэй шүү дээ. Уйтгартай, гүн ухааны шинжтэй. Хөврөөд, уншигчид хөтлөгдөж унших зохиол биш. Тиймээс ч миний хувьд энэ зохиолыг яаж сонирхолтой болгох вэ гэж бодсон.  Бодож, хүсч байсан дүр гарсан гэж бардам хэлнэ. Ер нь С.Болд-Эрдэнийн бүтээсэн “Гамлет” бол аливаа зүйлд хүлээцтэй, тайван дүр. Аливаа улс орныг удирдаж байгаа хүмүүс ийм л байх ёстой.  -Таны хувьд УДЭТ-ын ерөнхий найруулагчаар ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Театраар сонин юу байна? -Бид “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийг тавилаа. Үүнээс гадна УГЗ Д.Баатар найруулагч “Кихот ноён” жүжгийн зохиол дээр ажиллаж байна. Бид Шекс­пирийн, Д.Намдагийн зохиолыг тог­лож байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн сонгодгуудаас гадна Монго­лынхоо суутнуудын бүтээ­лийг тайзнаа амилуулж байна.  Ер нь театр бол урын сангийн бодлогоос гадна нийгмийн хэрэгцээг судлах ёстой. Хүн амын дийлэнх хувийг залуус эзэлж байгаа өнөө үед яах аргагүй тэднийхээ хүсэл сонирхолд нийцсэн бүтээл туурвих шаардлагатай. Тиймээс ч бид инээдмийн жүжгийг тоглохоор төлөвлөж байна.  Мөн “Фауст”, “Ромео Жульетта” хоёрын алийг тавих талаар судалж, ярилцаж байгаа. Үүнээс гадна монгол ардын үлгэрүүдээр хүүхдийн уран бүтээл тавихаар төлөвлөж байна. Ер нь сүүлийн үед иргэдийн үндэсний үзэл сэргэж байна. Энэ бол сайн хэрэг. Би саяхан нэг баяртай мэдээ сонссон юм.  Д.Сосорбарам ах маань маестро гэдэг цол хүртсэн байна. Манай хамтлагууд харь улсад очоод үндэснийхээ урлагаар илүүрхээд, Гран при шагналыг нь хүртээд ирж. Энэ мэтчилэн ар араасаа театрын болон кино урлаг нь дэлхийн тавцанд гарах цаг нь болжээ.  Өнөөдөр манай тамирчид ямар мундаг байна вэ. Тив дэлхийд аваргалж байна шүү дээ. Ялангуяа манай бүсгүйчүүд ямар адтай, азтай, одтой байна вэ. Тэгэхээр урлагийнхан бид ч гэсэн төрдөө тоогдох уран бүтээл туурвих шаардлагатай байна. -Тэгвэл монгол театр дэлхийд өрсөлдөх боломж байна уу? -Би бол Монголын театрын уран бүтээлчдийг чадалтай, чадвартай гэж боддог. Гагцхүү бидэнд гарц ховор байна. Тухайлбал, бид “Тэнгэрийн хүү” жүжгээрээ фестивальд оролцох гэхэд хөрөнгө мөнгөний асуудал тулгарч байгаа юм. Дуучин бол ганцаараа яваад л оролцчихож байна шүү дээ.  Гэтэл театр нийлмэл урлаг учраас тайз, гэрэлтүүлгээс эхлээд л маш олон хүний бүрэлдэхүүнтэй явах шаардлага тулгардаг. Энэ бүхэн чинь мөнгө шаардана. Миний хувьд энэ бүх бэрхшээлээс хэрхэн ангижрах вэ гэж бодсоны үндсэн дээр ирэх онд том төсөл хэрэгжүүлэхээр болсон.  Камерын жүжгийн уралдаан зарлана. Энэ уралдаанд түрүүлсэн бүтээлийг Урлагийн зөвлөлөөс санхүүгийн асуудлыг шийдэж өгөөд томоохон фестивальд оролцоно. Төрөл жанр чөлөөтэй. Сэтгэлгээний, комеди гээд чөлөөтэй.  -Гэхдээ салбар хариуцсан яам байгуулагдлаа. Нэг үеэ бодвол асуудлаа шийдэхэд харьцангуй дөхөм болсон болов уу? -Үнэн. ССАЖЯ байгуулагд­санаар бид зовлонгоо тоочих газар­тай болсон. Тиймээс ч сайд маань урлагийнхантайгаа харь­цан­гуй ойрхон ажиллаж байна. Цаашид олон сайхан ажил хэрэг­жүүлнэ гэдэгт найдаж байгаа.
Даатгал бол илүү зардал биш үр ашигтай төлбөр
Даатгал бол илүү зардал биш үр ашигтай төлбөр Хэрвээ та компани бай­гуулбал, ажилчдынхаа эрсдэл­ийг хариуцаж ослын нийгмийн даатгалын гишүүн болох нь хууль. Нийгмийн өмнө харицлага хүлээж, ажилчдаа цалинжуулж л байгаа бол тэдний эрсдэлийг үүрч, даат­галд хамруулах ёстой гэсэн дүрэм Германд үйлчилдэг.  Хэрвээ ажилтан тань гэнэтийн осолд өртвөл жилийн орлогынх нь 80 хувийг эргүүлэн олгох учиртай байдаг. Харин манайд гэнэтийн ослын даатгалын тогтолцоо эсрэгээрээ сайн дурын шинжтэй байдаг. Ялан­гуяа өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг уул уурхай, барилгын салбарынхан даат­галд хамрагдаж, ирээдүйгээ баталгаажуулах учиртай.  Э.Далай: Хэдийгээр гэнэтийн ослын даатгал сайн дурынх байх ёстой ч уул уурхай, барилгын салбарынхныг заавал хамруулдаг болох нь чухал. Гэтэл сайн дурын шинжтэй гэнэтийн ослын даатгалд компанийн эзэд тэр бүр ач холбогдол өгдөггүй хэмээн албаныхан хэлж байна. Магадгүй тэдний үзсэнээр илүү зардал байж мэдэх. Манай улсад компанийн ажилтан эрсдэлд орлоо гэхэд тухайн байгууллагаас ганц удаа тэтгэмж олгоод л болдог.  Харин Германд тухайн ажилтан даатгалд хамрагдсан тохиолдолд ажлын байрандаа осолд орох, ажлаасаа гарах, ирэх үедээ гэмтсэн, мэргэжлийн өвчлөлд өртсөн бол нөхөн төлбөр авах эрхтэй. Засгийн газраас мэргэжлийн өвчлөлд орох жагсаалтыг гаргаад өгчихсөн.  Тухайлбал, дуу чимээнээс үүдэлтэй, арьсны, уушгины гэх мэт өвчлөлийг мэргэжлийн өвчлөлийн жаг­саалтад хамруулж, даатгалд хамруулдаг. Гэхдээ Германы даатгалын санхүүжилтийг төсвөөс олгодог. Үүнээс гадна компаниудыг хооронд нь ажлын байрны аюулгүй байдлыг хангах талаар уралдуулж, шагнал гардуулж, урамшуулдаг. Мөн аюулгүй ажиллагааны гарын авлага гаргаж, түгээмэл тохиолдох эрсдэлийн талаар нийтэлж, урьдчилан сэргийлэх, хэрхэн шийдвэрлэх талаар ажилчдад таниулдаг байна.  Даатгал бол татвар биш Манай улсад гэнэтийн ослын даатгалд сайн дураар хамрагддаг болохоор ч тэр үү иргэд хүртэл тэр бүр ач холбогдол өгөхгүй байх нь элбэг. Наад зах нь банкнаас зээл авахад даатгалд хамрагдсан эсэхийг асуудаг нь иргэдэд бухимдал төрүүлдэг байна.  Иймээс л даатгал гэдгийг татвар шиг ойлгох явдал иргэдийн дунд газар авсан талаар албаныхан хэлдэг. Тэгвэл иргэдийн энэ байдлыг ажигласан компанийн зарим эзэд ч даатгалын чухлыг ойлгуулдаггүй. Өөрсдөө ч мэдэрдэггүй.  Тэдний хувьд тухайн жилд ажилчдынхаа даатгалд мөнгө гаргах нь илүү зардал гэж үзэх явдал байдаг аж. Хэрвээ тэр жил осол гарахгүй бол илүү зардал болно хэмээн ойлгодог гэнэ. Тиймээс даатгал бол илүү зардал бус үр ашигтай төлбөр гэдгийг ажил олгогчид ойлгох хэрэгтэй гэдгийг албаныхан хэлдэг.  Даатгал бол татвар биш Хэдийгээр гэнэтийн ослын даатгал сайн дурынх байх ёстой ч уул уурхай, барилгын салбарынхныг заавал хамруулдаг болох нь чухал гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтэн Э.Далай хэлж байв.  Манай улсын даатгалын санд 57 тэрбум төгрөг нөөцөлснөөс нөхөн  төлбөрт 11.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Харин гэнэтийн ослын даатгалын хураамжинд 3.7 тэрбум төгрөг төвлөрсөн бол нөхөн төлбөрт нэг тэрбумыг зарцуулсан байна.  Мэргэжлийн хариуцлагын даатгалын хууль үгүйлэгдэж байна Францад 100 гаруй хууль мөрдөгддөг. Тэгвэл эдгээрийн 60 орчим нь мэргэжлийн хариуцлагын даатгалын хууль байдаг аж. Энэ нь ажилчдын хариуцлагыг өндөрсгөж, ур чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой байдаг.  Тэгвэл манай улсад мэргэжлийн хариуцлагын даатгалын хууль үгүйлэгдэж байгаа талаар Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтэн Э.Далай хэлсэн. Ер нь даатгалын салбарт олон улсын практик, стандарт хэвшүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд үүнд ажил олгогч, ажилтнуудын үүрэг чухал гэдгийг хэлсэн юм.
Ц.Мөнхзул алтан медаль авлаа
Ираны Тегеран хотноо буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн гар бууны 25м-т манай мэргэн буудагч ОУХМ Ц.Мөнхзул аваргалж алтан медаль авчээ. Харин энэ төрөлд багийн дүнгээр хүрэл медаль хүртсэн байна. Багийн тамирчдыг танилцуулбал, Ц.Мөнхзул, Т.Баярмаа, Т.Баярцэцэг нар байгаа.  Эмэгтэйчүүдийн урт бууны 3х20м-ийн дасгалд манай тамирчид багаараа хүрэл медаль хүртсэн байна. Мөн охидын гар бууны төрөлд ОУХМ Ө.Өлзийням тавдугаар байрт оржээ. Эрэгтэй тамирчдын хувьд хийн урт бууны 10м-т багаараа дөрөвт, ОУХМ Н.Баяраа энэ төрөлд 10-т бичигдсэн байна.  Энэ сарын 18-нд эхэлсэн тэмцээн 26-нд дуусах юм.
Америкийг үл үзэгдэгч онгоц илгээхгүй байхыг шаарджээ
Америкийг үл үзэгдэгч онгоц илгээхгүй байхыг шаарджээ АНУ-ын нисэгчгүй, үл үзэгдэгч онгоцууд Пакистан, Йемений нутгаар сүүлийн дөр­вөн жилийн турш таг­нуулын нислэг үйлдсээр байна.  Уг нь Арабын орнуудад АНУ, Ев­ропын зарим улс байлдааны зориулалтаар туршуулын нис­­лэг үл үйлдэх конвенци байдаг. Үүнийг удаа дараа зөрчиж буй АНУ-ыг Арабын орнууд шүүм­жилжээ. “Нисэгчгүй он­го­цууд Пакистаны тэнгэрт үзэгдэх болсон нь далдуур дайнд уриалан дуудаж буй хэрэг.  Хэрэв АНУ-ын тал эд­гээр онгоцуудыг хөөргөсөөр байвал ямар нэгэн асуудал дагуулах л болно” хэмээн Ара­бын лигийн орнуудын хурлын үеэр тэмдэглэжээ.
Молигодуулж ханадаггүй монгол төгрөг
Монгол төгрөг “жижгэрч” бай­гаа хэрэг Долоодугаар сарын сүүл үеэс эхлэн ам.долларын ханш бага багаар нэмэгдсээр есдүгээр сарын эхээр тэн­гэрт тултал өсөж нэг ам.дол­ларын ханш 1700-д хүрч байсан ч аажмаар буурсаар 1630 болсон.  Гэвч өчигдрийн байд­лаар Монголбанкны ханшаар 1699.39 төгрөг болж харин арил­жааны банкууд, хар зах дээр 1710 төг­рөгт хүрлээ. Энэ нь Монгол төгрөг түүхэндээ байгаагүйгээр “жижгэрч” бай­гаа хэрэг.  Энэ жил манай улсад ам.доллар 1700 гарсан ч инф­ляцид хамгийн ихээр нөлөөлдөг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг шууд нэмэгдүүлдэг неф­тийн бүтээгдэхүүний үнэ өөрч­лөгдөөгүй байгаа. Цаашид ч өөрчлөгдөхгүй гэдгийг Засгийн газрын зүгээс мэдэгдээд буй. Тод­руулбал жил бүрийн энэ өдрүүдэд валютын ханшид өөрчлөлт ордог. Энэ өөрчлөлттэй хол­боотойгоор татвар нэмэх бод­лого ба­рихгүй, шатахууны үнэ ч нэмэгдэхгүй гэж байсан. Ноён ам.дол­ларын ханш чангарч байгаа нь импортын бүх барааны үнэ нэмэгдэх гол үндэслэл болоод байна. Ханшийн өсөлтийн шалт­гаанд ихэвчлэн төр засаг л буруутай гэсэн ойл­голт иргэдийн дунд байдаг. Арга ч үгүй биз дээ. Үе үеийн Засгийн газар, Монгол­банкны тэргүүнүүд га­даад валюттай харилцах төг­рөгийн ханшийг чангална гэж ам гардаг ч амьдрал дээр хэрэгждэггүй. Өчигдөр нэгж ам.долларын ханш 1710, юань 300 төгрөгт дөхөж очоод байна.  Ам.долларын ханш яагаад өссөн талаар бид өн­гөр­­сөн зунжингаа л ярьсан. Өөрөөр хэлбэл хамгийн гол шалтгаан нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсантай холбоотой гэж байгаа. Засгийн газрын зүгээс гадаадын хөрөнгө оруу­лал­тыг татах зорилгоор Хө­рөнгө оруулалтын тухай хуу­лийг боловсруулан УИХ-аар батлуулсан ч хараахан үр дүн нь гараагүй байна.  Монголбанк Хэдийгээр Төв банкны зүгээс дотоодын зах зээл дээр арилжааны банкуудаар дам­жуулан ам.доллар ний­­лүүлэх ажлыг зохион байгуулж байгаа хэдий ч үр дүнд хүрэхгүй байгаа.  Тухайлбал тус банкнаас мягмар, пүрэв гарагт тогт­мол гадаад валютын дууд­лага худалдааг зохион бай­гуулдаг.  Хамгийн сүүлд өнгөрсөн мягмар гарагийн арил­жаагаар найман сая ам.доллар, 84.4 сая юань ху­далдаж, валютын зах зээлд ам.доллар болон юань нийлүүлсэн. Тухайн өдөр Монголбанкны зарласан ханш ам.доллар 1697.5 төгрөг, юань 278.63 төгрөг байсан юм. Ийнхүү ноён ам.дол­ларын ханш чангарч байгаа нь импортын бүх барааны үнэ нэмэгдэх гол үндэслэл болоод байна.  Өнөөдөр лангуун дээрх бараа бүтээгдэхүүний үнэ хоног хоногоор өссөөр байгаа нь нууц биш. Үүний эсрэг төр засаг байдаг чинээгээрээ ажиллаж байгаа ч хүчин мөхөсдөж, Монгол төгрөг молиго үмэхсээр өдийг хүрлээ.  Нийт хэрэглээнийхээ 90 гаруй хувийг импортоор авдаг манай улс үнийн хөөрөгдөлд өртөхгүй гэх баталгаа алга.
"Хятадын 31 мужаас Ляонинг сонгож ажил хэргийн уулзалт хийж байгаа нь учиртай"
Монгол-Хятадын ажил хэргийн уулзалт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын гурав дахь өдрийнхөө өглөө Монгол-Хятадын ажил хэргийн уулзалтад оролцлоо. Ляонин мужийн төв Шэньян хот дахь “Ляонин Найрамдал” зочид буудлын хурлын танхимд болсон энэ уулзалтад хоёр орны төр засгийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Зам харилцаа, гадаад худалдаа, аялал жуулчлал зэрэг салбарт Монгол Улстай хамтран ажиллах хүсэл сонирхолтой байгаагаа Леонин мужийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Сю Вэйгуо хэллээ. Цаашдаа энэ мужид Монгол Улсын консулын газар байгуулах асуудлыг ч хөндөж ярилцахыг хүслээ. Хятадын 31 мужаас Ляонин мужийг сонгож, энд ажил хэргийн уулзалт хийж байгаа нь учир шалтгаантай. Монголд хамгийн ойр далайн боомт энэ мужид бий. Монгол Улс өмнөд, зүүн бүсийнхээ байгалийн баялагт түшиглэн энэ бүсээ эрчимтэй хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй. Хятадын зүүн хойд бүс болох Ляонин муж газар зүйн байрлалын хувьд манайхтай хамгийн ойрын түнш болно гэж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар тодотголоо. Н.Алтанхуяг: Олон улсад гарах томоохон хаалга Монгол Улсад нээгдэх учир асуудлуудыг саатуулалгүй шийдвэрлэхийн төлөө ажиллана. Дэд бүтцээрээ холбогдож, эдийн засгийн харилцааны хувьд бие биенээ нөхсөн байдлаар харилцан ашигтай хамтран ажиллахын тулд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг нэг ширээний ард сууж хэлэлцэхээр айлчлалын бүрэлдэхүүнд холбогдох яамд болон зүүн аймгуудын удирдлага энд хүрэлцэн ирсэн юм. Зам харилцаа, дэд бүтцийн салбартаа Монгол Улс ойрын жилүүдэд ямар зорилтууд тавьж, хэрхэн хэрэгжүүлж байгааг Зам тээврийн сайд А.Гансүх уулзалтад оролцогчдод танилцууллаа. Төмөр зам, авто замын томоохон төслүүдэд Хятадын компаниуд хөрөнгө оруулагч хэлбэрээр болон зам, барилгын ажлын гүйцэтгэгч хэлбэрээр оролцох боломжтой. Хөрөнгө оруулалтын зээл олгох чиглэлээр банк, санхүүгийн байгууллагууд ч саналаа ирүүлэх нээлттэй гэдгийг салбар хариуцсан сайд хэллээ. Ляонин мужийн зүгээс Монгол Улсын бүтээн байгуулалтын эдгээр төсөлд оролцох, хамтран ажиллах боломжуудынхаа талаар танилцууллаа. Мужийн даргатай өчигдөрхөн ярилцсан асуудлууд ийнхүү шууд ажил хэрэг болж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийлээд, хоёр талын төмөр зам, авто замын төлөвлөгөө олон талаараа нийцэж байгаа нь сайн хэрэг гэлээ.  Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж, төмөр зам, авто замын сүлжээтэй болсноор хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрэхээс гадна олон улсад гарах томоохон хаалга Монгол Улсад нээгдэх учир Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч, холбогдох асуудлуудыг саатуулалгүй шийдвэрлэхийн төлөө ажиллана гэв.
Cайдын суудалд 16 настайдаа заларсан эмэгтэйг заналхийлжээ
Палес­тинийн дотоод хэргийн сайд Башер Отман Палестинийн Башер Отман өнөө цагийн хамгийн залуу улс­төрч эмэгтэйгээр нэрлэгджээ.  Тэр­бээр 16 настай хэдий ч Палес­тинийн дотоод хэргийн сайдын албан тушаалыг хашиж байна. Башер Отман 2012 онд Аллар хотын захирагчаар хоёр сарын хугацаанд ажиллахдаа нэлээд туршлага хуримтлуулсан гэнэ. Отманыг өдөр бүр 20 гаруй зэвсэг­лэсэн бие хамгаалагч, цагдаагийн 10 орчим алба хаагч дагалдан явдаг аж. Палес­тинийн улстөрчдийн үзэж буй­гаар Отман нь бүс ну­таг­таа хамгийн боловсролтой эмэг­тэй бөгөөд наснаасаа урьтаж сур­гуулиа дүүргэжээ.  Гэвч түү­нийг заналхийлэгч ара­бын үнд­сэрхэг үзэлтнүүд нэ­мэгд­сээр бай­на.  Отманыг өдөр бүр 20 гаруй зэвсэг­лэсэн бие хамгаалагч, цагдаагийн 10 орчим алба хаагч дагалдан явдаг аж. Зарим эх сурвалжийн тэмдэглэснээр Башер Отман нь боловсролтой, сэхээтэн гэр бүлээс гаралтай бөгөөд түүний эцэг хо­тын захирагчаар ажиллаж бай­сан туршлагатай аж. Одоогоор тэрбээр улстөр судлалын чиглэлээр сурал­цаж байна.
374 жилийн настай нийслэлийн түүхээс дэлгэжээ
“Энх цагийн бүтээн байгуулалт-Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн Өдгөөгөөс 374 жилийн өмнө Нийслэлийн шавыг тавьж, их бүтээн байгуулалт аажмаар өрнөсөн. Тэгвэл өнөөдөр  сая давсан оршин суугчтай дэлхийн жишиг рүү тэмүүлсэн саятан хот болжээ. 1954 онд “Улаанбаатар хотыг хөгжүүлэх анхны ерөнхий төлөвлөгөө” батлагджээ. 374 дэх өвөлтэйгөө золгож буй Улаанбаатар хотын ойг тохиолдуулан НЗДТГ-аас  ёслолын болон хүндэтгэлийн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, эхнээсээ биелэлээ олоод байна. Ойн хүрээнд “Энх цагийн бүтээн байгуулалт-Улаанбаатар” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. Улаанбаатар хотын музейд нээсэн тус үзэсгэлэнд нийслэл хотын өрнүүн их амьдрал, барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг харуулсан хар цагаан зургуудыг дэлгэжээ. II дайны дараа ЗХУ-ын тусламжтайгаар Улаанбаатар хотод барилга байгууламж, үйлдвэр завод, төмөр зам, цахилгаан станц, төмөр бетон гүүр, гудамж талбайг шинээр барих ажил эрчимтэй өрнөсөн байна. Улмаар 1954 онд “Улаанбаатар хотыг хөгжүүлэх анхны ерөнхий төлөвлөгөө” батлагдсанаар хотоо барьж байгуулах их ажил үргэлжилжээ.
"Mongolia mining" НИК-тэй хамтарна
НИК-тэй хамтарч ажиллах 784 сая ам.долларын гэрээг байгуулжээ Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining” компани нэг тэрбум орчим ам.долларын гэрээг хэд хэдэн байгууллагатай хийжээ.  Баруун Наран, Ухаа худгийн ордод ажиллаж байгаа тээврийн автомашин болон техник төхөөрөмжид ашиглах шатахууны тендерийг зарласан байна.  Үүний хүрээнд ирэх оноос 2016 он хүртэл НИК-тэй хамтарч ажиллах 784 сая ам.долларын гэрээг байгуулжээ. Мөн уурхайн хамгаалалтын үйлчилгээний гэрээг “MCS Amor” “Energy Resources” компанитай байгуулж, 7.8 сая ам.долларыг ирэх дөрвөн жилийн хугацаанд гэрээний төлбөрт өгөхөөр болжээ.
Эрхэмсэг Кэмбрижийн ханхүү Жорж Александр Луисийг загалмайлах ёслол боллоо
Лондон хотноо Сент-Жеймсийн ордонд ханхүү Жоржийг загалмайлах ёслол боллоо. Энэ ёслолыг Английн сүмийн Кентерберийн хамба лам гүйцэтгэсэн юм.  Ханхүү Уильям, Кейт Миддлтоны хүү Эрхэмсэг Кэмбрижийн ханхүү Жорж Александр Луис энэ оны долдугаар сарын 22-нд төрсөн бөгөөд хаан ширээг залгамжлах хүмүүсийн жагсаалтанд гуравдугаарт бичигдэж байгаа юм. Та бүхэндээ ханхүү Жоржийг загалмайлах ёслолын ажиллагааны фотог хүргэж байна. Мэдээллийн эх сурвалж CNN агентлаг. 1 Эрхэмсэг Кэмбрижийн ханхүү Жорж Александр Луис 2 Ханхүү Уильям, хүү Жоржийн хамт 3 Гүнгийн ахайтан Кейт Миддлтон, хүү Жоржийн хамт 4 Ханхүү Жоржийг загалмайлах ёслолын дараа 5 Хатан хаан II Элизабет, Хунтайж Филип 6 Ханхүү Чарльз, түүний гэргий Камилла 7 Кейт Миддлтоний аав Майкл Миддлтон 8 Кейт Миддлтоний ээж Кароль Миддлтон 9 Ханхүү Харри 10 Ханхүү Жоржийг загалмайлах ёслолын дараа 11 Ханхүү Жоржийг загалмайлах ёслолын дараа Кентерберийн хамба ламын хам 12 Ханхүү Жоржийг загалмайлах ёслолыг үзэхээр ирсэн хүмүүс 13 Ханхүү Жоржийг загалмайлах ёслолыг үзэхээр ирсэн хүмүүс 14 Ханхүү Жоржийг загалмайлах ёслолын үе 15 Ханхүү Жоржийг загалмайлах ёслолыг үзэхээр ирсэн хүмүүс 16 Эрхэмсэг Кэмбрижийн ханхүү Жорж Александр Луис
Samsung Хятадын хэрэглэгчдээс уучлалт хүслээ
Өнгөрөгч Даваа гарагт Хятадын төрийн мэдлийн телевизийн сувгаар Samsung компаний Galaxy S, Note утаснууд эвдрэл ихтэй байгаа талаар шүүмжилсэн юм. Бүр өдөрт 30 удаа гацаж байгаа талаар мэдээлжээ. Үүний дараа Samsung компани дээрх тохиолдлуудыг судалж үзээд өөрсдийн алдаанаас болсныг хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан байна. Тэд гэмтэлтэй Galaxy S3, Note 2 утаснуудаа үнэгүй засварлаж, төлбөр төлсөн хэрэглэгчдэд мөнгийг нь буцааж олгохоор болжээ. Мөн 2 дахин засварлаад хэвийн болоогүй утаснуудыг үнэгүй сольж өгөхөө амлажээ. Энэ зөвхөн Samsung-д тохиолдсон явдал биш бөгөөд өмнө нь бусад гадны компаниудад ч ийм асуудал тулгарч байсан байна. Нэгэнт дэлхийн 2 дахь том зах зээл дээр тоглолт хийж орлого хангалттай олдог тул шаардлагад нь хүндэтгэлтэй ханддаг бололтой.
Элэгний вирус тоолох нь ямар ач холбогдолтой вэ?
Сүүлийн үеийн судалгаагаар монголчуудын 15 хүртэлх хувь нь С вирустэй гэж оношлогджээ. Энэхүү үзүүлэлт нь монголчуудыг элэгний өвчлөлөөр дэлхийд дээгүүр байр эзлэхэд хүргээд буй юм. Тиймээс энэ удаа бид элэгний өвчлөлийн талаар уншигчдаас ирсэн зарим асуултад ХӨСҮТ-ийн  их эмч, анагаах ухааны доктор Б.Цацралт-Одоос дараах хариултыг авлаа. -Элэг нь өвддөггүй хэрнээ С вирустэй гэж оношлогдсон  хүн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах вэ. Энэ вирусын халдварыг эдгэрэхгүй гэж ярих юм, бүрэн эмчлэгддэггүй хэрэг үү? -Элэгний эсэд вирус орсон тохиолдолд бүрэн эдгэрэхгүй. Харин идэвхжил нь алга болно. Нэг вирус 30 жил амьдрах чадвартай байдаг. Тэр хүн 40 настайдаа вирусын халдвар авсан бол 70 нас хүрэхэд байж л байна гэсэн үг. Тиймээс вирусын идэвхжилийг бууруулах арга бий. Идэвхжээд ирнэ гэхээр тухайн вирусын тоон хэмжээ нэмэгдэж, өсч үржинэ. Хүмүүс гам сахихгүй, дархлаа сулрах тусам вирус идэвхжинэ. Түүнчлэн вирусын тоо нэмэгдсэн тохиолдолд элэгний эсийг хурдан задалдаг. Элэгний вирусыг тоолсны үндсэн дээр тухайн вирусын хэмжээ хэд байна, идэвхжил хэр зэрэг байна вэ гэдгийг тоон үзүүлэлтээр гаргадаг. Тоолсны үндсэн дээр эмчилгээгээ хянах ёстой. С вирусын үндсэн эмчилгээ хийгээд, 1-3 сар, нэг  жилийн дараа  вирусын тоо хэд болсон байна вэ гэдгийг тоолох ёстой. Гурван вирус агуулсан монгол хүний  63 хувьд нь элэгний хавдар үүсэх магадлал өндөр байна гэдгийг бид Японы эрдэмтэдтэй хамтраад судалж тогтоосон. Ер нь нэг вирусын бус хавсарсан вирусын халдвар хамгийн аюултай байдаг. -Тэгвэл элдэв вирусын халдвар аваагүй хэрнээ элэгний өвчтэй хүмүүс байдаг шүү дээ. Энэ юунаас болж байна вэ. Архи тамхины хэрэглээ, буруу хооллолтоос үл хамаа­ран элэг өвчлөх шалтгаан байдаг уу? -Вирусгүй хэрнээ элэг нь өөхлөх  тохиолдол бий. Элэгний бусад төрлийн өвчин ч байдаг. Бодисын солилцооны хямралаас болж элэгний өвчтэй болж болно. Мөн элэг өөхөлж хямарна. Цөсөнд өөрчлөлт орсноор элэг өвдөх нь ч бий. Гэхдээ эдгээр нь ялгаагүй элэгний эсийн үйл ажиллагааг алдагдуулна. Элэг бол хамгийн түрүүнд стресст өртөмтгий эрхтэн. Тиймээс сэтгэлзүйн хувьд стрессийн хүчин зүйлийг зайлуулах хэрэгтэй. -Сүүлийн үед вирус тоолно гэж ярьдаг болсон. Энэ  ямар ач холбогдолтой юм бэ. Ер нь вирусын тоо хэд байвал их байна гэж үзэх вэ? -Элэгний вирусыг тоолсны үндсэн дээр тухайн вирусын хэмжээ хэд байна, идэвхжил хэр зэрэг байна вэ гэдгийг тоон үзүүлэлтээр гаргадаг. Дэлхий нийтээр 800 мянгаас дээш байвал их байна гэж үздэг. Тоолсны үндсэн дээр эмчилгээгээ хянах ёстой. Тоолчихоод хаяж болохгүй. С вирусын үндсэн эмчилгээ хийгээд, 1-3 сар, нэг  жилийн дараа  вирусын тоо хэд болсон байна вэ гэдгийг тоолох, тооцож үзэх ёстой. Гурван сарын дараа үр дүнгүй байвал эмчилгээгээ  зогсооно. Вирус тоолдог хэд хэдэн лаборатори манайд бий. Тэгэхээр эмчилгээний асуудлыг цогцоор нь шийдвэрлэж өгдөг болох хэрэгтэй.  Манай улс Засгийн газрынхаа мэдэлд Элэгний оношлогооны орчин үеийн төв байгуулчихвал болох гээд байгаа юм. Вирусээ тоолчихдог, эмчилдэг баймаар байна. Хүн болгон гадагшаа явж чадахгүй шүү дээ. Тиймээс эх оронд нь эмчлэх тогтолцоо нэвтрэх юм бол их хэмжээний хөрөнгийг гадагшаа урсгахгүй байж болно. -Манай улсад хэдэн хүн элэгний вирус тээж байна вэ. Энэ талаар хийсэн дорвитой  судалгаа бий юү? -2.7 сая хүний 10 хувь В вирусын халдвартай байна. Үүнээс үзэхэд арван  хүний нэг нь вирусын халдвартай байна гэсэн үг. Мөн нийт хүн амын  15 хувь нь С вирустэй байна. С, В вирустэй хүн 10 хувь байгаагийн  80-н  хувьд нь Д вирус хавсарсан байна. Энэ мэтчилэн манайд дандаа хоёр оронтой тоон дээр яваад байгаа юм.  Элэгний архаг өвчтэй хүмүүст В,С вирусын халдвар 80-аас дээш хувьтай байна. Вирус нь элэгний хавдар үүсгэдэг гол  хүчин зүйл. Дээр нь архи, тамхи гэх мэт хорт зуршил орно. Мөн монголчуудын биеэ гаргуунд нь хаядаг байдал үүнд бас нөлөөлж байна.  Хүмүүс эрүүл аж төрөх ёсыг дагаж чаддаггүй, амьдралын хэв маягаа өөрчилж чадахгүй байгаа учраас өвчлөх нь элбэг байна. -Элэгний вирусыг бүрэн устгах боломжгүй гэсэн. Тэгвэл нэгэнт В, С вирусын халдвартай гээд оношлогдсон тохиолдолд яах ёстой вэ? -Элэгний вирус бие махбодид орчихсон л бол ханиадны вирустэй адил эм угаад дарагдана гэж байхгүй. Тэгэхээр элэгний вирусын хамгийн аюултай нь үүнд байгаа юм. Нэгэнт орчихвол насан туршид нь байж байгаад тэр хүнийг элэгний хавдартай, эсвэл хатууралтай болгоно. Тиймээс вирус орсон тохиолдолд идэвхжүүлэхгүй, тогтоож барих нь чухал. Мөн урьдчилан сэргийлдэг байх хэрэгтэй. Өөрийгөө байнга мэдээллээр ханга. Өрх гэр дотроо ч өөрийгөө хамгаал. Эмчилгээ хийж байна гэдэг нь вирусын идэвхжилийг  дарж байна гэсэн үг. Төгс эмчлэгдэхгүй ч эмчилгээн дээр тодорхой ахиц гарна  Орчин үед энэ өвчнийг  “Чимээгүй үхэл” гэж  нэрлээд байгаа. Вирусын халдвартай боллоо гэхэд хүчтэй өвдөлт мэдрэгддэггүй. Энэ нь аюулд хүргэдэг. Гэхдээ эмчилгээ нь хувь хүндээ сайн зохивол вирусын идэвхжил багасна. -Манайд сүүлийн үед  ямар эмчилгээнүүдийг хийж байна? -Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт арга гэвэл  элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж байна. Үүнээс өмнө стандарт эмчилгээг  хийдэг. Тэр нь үндсэн гурван шатлалаар эмчилдэг. Хордлогыг нь бууруулах, элэгний эсийг аль болох задлуулахгүй байх гэх мэт эмчилгээ хийнэ. -Элэгний өвчлөл, вирусын халдвар залуужих хандлагатай байна гэж яриад байгаа. В, С вирусын халдварыг аваад үзвэл аль насныханд элбэг байна вэ. Мөн үүний шалтгаан нь юутай холбоотой байна? -Бидний судалгаагаар  18-25 насныханд  В вирусын халдвар илрэх нь элбэг байна. Мөн 30-аас дээш насны эмэгтэйчүүд  С вирусын халдвараар өвдөх нь элбэг байна гэж тогтоогдсон.  Эмэгтэйчүүдийн дунд  С вирусын халдварын тархалт өндөр байгаа нь төрөх болон бусад мэс ажилбарууд, чихээ цоолуулах, гоо сайхны мэс ажилбарт орох гэх мэт эрсдэлт хүчин зүйлд эмэгтэйчүүд илүү өртдөгтэй холбоотой гэж үзэж байгаа юм. -Тэгвэл вирусын халдварт өртөхгүйн тулд, мөн гэр бүлийн бусад гишүүддээ В, С вирусын халдвар тараахгүйн тулд  яах ёстой вэ? -Хамгийн түрүүнд цусны аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарах ёстой. Мөн аль болох хэрэггүй хатгалт олон хийлгэхгүй байх нь чухал. Нэг удаагийн зүү, тариур заавал хэрэглэ. Мөн ээж аав нь хүүхдээ С вирусын халдварт өртүүлэхгүй байхын тулд хумсны хутга, шүдний сойз, сахлын хутга зэргийг тусдаа хэрэглэж занших нь чухал. Мэс ажилбараас С вирусын халдвар авах нь ч бий. Гоо сайхны мэс ажилбаруудыг эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хийлгэвэл С вирусын халдвар авах магадлал өндөр. Сүүлийн үед бэлгийн замаар С вирусын халдвар авах байдал  нэмэгдэж байгаа. Энэ вирусын эсрэг вакцин байдаггүй. Тиймээс вирус авсны дараа биш, урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал болоод байна. Хүний амьдралын туйлын зорилго бол амьд явах. Амьдрахын тулд эрүүл элэгтэй байх хэрэгтэй.
OS X Mavericks цэнэгээрээ ажиллах хугацааг нэмэгдүүлж байна
Apple компани Mavericks үйлдлийн системээ үнэгүй болгосон нь энэ долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Төхөөрөмж, программ хангамж 2-ын ойлголцлыг хамгийн дээд зэргээр хангадаг компани гэгддэг Apple энэ удаа үнэхээр сайн бүтээгдэхүүн гаргасан байна. OS-ын бүтэц, ажиллах горимоо эрчим хүч хамгийн сайн хэмнэх хэмжээнд сайжруулж чадсан гэдэг баталгааг Apple өгч байсан юм. Энэ нь хэр үнэн болохыг мэргэжилтнүүд туршилтаар баталсан байна. 2007 оны Macbook Pro болон 2013 оны Macbook Air хоёр машин дээр туршилт хийжээ. Ингэхэд өмнөх Mountain Lion OS-той үеийнхээсээ мэдэгдэхүйц урт хугацаанд цэнэгээ барьж байсан байна. Ялангуяа 2013 оны Macbook Air нь цэнэгээрээ ажиллах хугацаа нь 30% нэмэгдсэн гэжээ. Харьцуулсан графикийг дор харуулав. 2007 MacBook Pro Цэнэг барих хугацаа 2013 MacBook Air Цэнэг барих хугацаа
Хүүхдийн найрал дууны наадамд 5-р сургууль түрүүллээ
Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны 21 дэх удаагийн наадамд Чингэлтэй дүүргийн 5-р сургууль түрүүллээ. Дэд байранд Баянзүрх дүүргийн 84-р сургууль, Гутгаар байранд Чингэлтэй дүүргийн 39-р сургууль шалгарчээ.  Тусгай байрыг Багахангай дүүрэг  “Хангай” цогцолбор сургууль, Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулиуд эзэлсэн байна. Харин “Шилдэг удирдаач багш”-аар Сонгинохайрхан дүүрэг 62-р сургуулийн хөгжмийн багш  М.Энхцэцэг, “Шилдэг найруулга” шагналыг Хан-уул дүүргийн 114-р сургуулийн хөгжмийн багш н.Алтангэрэл хүртэж энэ жилийн наадмын шилдгүүдээр тодорлоо. Наадмын шилдэг хамтлагуудын гала тоглолт Нийслэлийн өдрөөр буюу энэ сарын 29-нд Соёлын төвийн өргөөнд болно. Сарын турш үргэлжилсэн уг наадамд нийслэлийн есөн дүүргийн Ерөнхий боловсролын 90 гаруй сургуулийн найрал дууны хамтлагийн 6000 гаруй хүүхэд багачууд оролцжээ.  Наадмын Ерөнхий шүүгчээр Хөгжим судлаач СГЗ Ч.Буянхишиг, шүүгчээр ОХУ-ын Буриад улсын Улан-Үд хотын Чайковскийн нэрэмжит Хөгжмийн коллежийн тэнхимийн эрхлэгч Полякова Ольга Николаевна, Хөгжим бүжгийн Коллежийн тэнхимийн эрхлэгч Л.Баярмаа, Хөгжим бүжгийн Коллежийн хормейстер Л.Баяраа нар ажилласан юм. Наадамд  тэргүүн байр эзэлсэн хамтлагийг  хоёр сая, дэд байрыг 1.5 сая, тусгай байрын эздийг нэг сая төгрөгөөр урамшуулах юм.
Ш.Сайхансамбуу: Худалдаачдынхаа ажлын байрыг 2014 онд багтаан барина
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний павилон шатаж, 800 орчим иргэн ажлын байргүй болоод байгаа. Хэдийгээр галын шалтгааныг цахилгааны богино холболтоос үүдэн гарсан гэх мэдээлэл цацагдсан ч “Галын шалтгаан тогтоогдоогүй” гэж түрээслэгчид нь албан ёсоор мэдэгдсэн. Ш.Сайхансамбуу: 2014 ондоо багтаан, орчин үеийн жишигт нийцсэн, тав тухтай, цэвэр тохилог ажлын байр барина. Захын эзэн Ш.Сайхансамбуу ч энэхүү дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа хэлээд байгаа. Түүнчлэн тэрбээр “2014 ондоо багтаан, орчин үеийн жишигт нийцсэн, тав тухтай, цэвэр тохилог ажлын байр барина” гэв.
Мах бэлтгэн нийлүүлдэг газрууд шалгалтад бүдэрлээ
Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүрэгт мал нядлах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, хувь хүмүүст МХЕГ-аас шалгалт хийсэн байна. Эдгээр нь хөдөө орон нутгаас туувраар болон тээвэрлэж ирсэн малыг нядалгаанд хүлээн авч, малын эмчийн үзлэг шинжилгээнд хамруулан, бүртгэл хөтөлж, нядалсны дараа зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн нийслэлийн хүнсний захуудад нийлүүлдэг газар юм. Хөдөө орон нутгаас ирж байгаа малд тухайн орон нутгаас олгосон мал эмнэлэг ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн нэр төрөл, зүс, хэмжээ зөрөх зөрчил арилахгүй давтагджээ. 350 зөрчил илрүүлж, 28,5 хувийг нь арилгуулан зөрчилтэй байсан аж ахуй нэгжүүдэд шаардлага хүргүүлсэн байна. Үүнээс гадна 22 товчооноос “Эмээлт” зах хүртэлх буюу зөвшөөрөлгүй цэгт мал нядалдаг зөрчил байсан хэвээр. Мөн шалгалтад хамрагдсан нядалгааны газруудын 76,4 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд гар аргаар, 65 хувь нь ажлын байр, талбай, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн дамжлагад хэрэглэх эргэлтийн хайрцаг, тэргэнцэр сагс болон зөөврийн тавиурыг журмын дагуу цэвэрлэж ариутгал халдваргүйжүүлэлтэд хамруулдаггүй нь тогтоогджээ. Ийнхүү шалгалтын явцад нийт 350 зөрчил илрүүлж, 28,5 хувийг нь арилгуулан зөрчилтэй байсан аж ахуй нэгжүүдэд шаардлага хүргүүлсэн байна.
Түрк улсад визгүй зорчино
Бүгд Найрамдах Түрк улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан өнгөрөгч дөрөвдүгээр сард манай улсад айлчилсан. Энэ үеэр хоёр улсын иргэдийг харилцан визгүй зорчуулах тухай Санамж бичигт гарын үсэг зурсан юм. Уг Санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар, БНТүрк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болж, Монголын талаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, Түркийн талаас ГХЯ-ны Консулын газрын Ерөнхий захирал, Элчин сайд Шакир Факили нар гарын үсэг зурлаа. Ингэснээр манай хоёр улсын иргэд 30 хоногийн дотор харилцан визгүй зорчих юм.
Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн болно
Төрийн захиргааны удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Алтансүх, “Монгол маркетер” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Золзаяа, Ерөнхий менежер Д.Оргилмаа “Монгол маркетер” ТББ санаачлан Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран “Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн яармаг-2013”-ыг ирэх сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд телевиз, веб сайт, сонин сэтгүүл, ФМ радио, мэдээллийн технологи, мэйл болон мессеж маркетинг, гудамжны самбар түрээс, лавлах үйлчилгээ, сав баглаа боодол, хаяг реклам, гэрэлтүүлэг, хэвлэл, рекламны болон фото студи,маркетигийн зөвлөгөө үзүүлэгч байгууллагууд оролцоно. “Мишээл Экспо”-д гурван өдөр үргэлжлэх үзэсгэлэнгийн үеэр “Зар сурталчилгааны шинэ чиг хандлага” бага хурал зохион байгуулахаас гадна шилдэг оролцогчдоо тодруулах юм байна. Оролцогчдыг ирэх сарын 10-ыг хүртэл бүртгэнэ хэмээн Төрийн захиргааны удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Алтансүх, “Монгол маркетер” ТББ-ын  гүйцэтгэх захирал Ж.Золзаяа, Ерөнхий менежер Д.Оргилмаа нар өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр ярилаа.
Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр /2013.10.24/ үргэлжлэн хуралдаж, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон “Засгийн газарт үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжсэнгүй, хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хууль, тогтоол болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2013 оны 41 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг түр хойшлууллаа. Мөн Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Дунд сургууль барих Японы төсөл дууслаа
Япон улсын засгийн газрын тусламжаар манай улсад баригдаж байгаа дунд сургуулийн төсөл дуусчээ. Маргааш төслийн хаалтын үйл ажиллагаа болж, хамгийн сүүлийн сургууль болох Сонгинохайрхан дүүргийн 123 дугаар сургуулийн байрыг хүлээлгэн өгөх юм. Энэ төслийн хүрээнд улсын хэмжээнд нийт 55 сургууль барьж өгсөн байна. Үүнээс 45 нь Улаанбаатар хотод бий. Төсөлд нийт 178 тэрбум 380 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийжээ.
Мэргэжилтнээ зодсон даргыг ажлаас нь халахаар боллоо
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн өчигдрийн ээлжит хуралдааны үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга “Зарим хэвлэлээр нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр тус газрын технологийн хэлтсийн мэргэжилтэн Г.Амарсанааг зодож, хүнд гэмтээсэн тухай мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл үнэн бодитой эсэх, хэрэв үнэн бол хүний эрүүл мэнд, бие мах бодид ноцтой хохирол учруулсан албан тушаалтад ямар арга хэмжээ авсан бэ” хэмээн тодруулсан. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана хэлэхдээ, “Би албан томилолтоор гадаадад ажиллаад ирсэн. Ийм явдал болсон нь үнэн. Нийслэлийн Боловсролын газрын орлогч даргаар ажиллаж байгаа Х.Батбаярт  хариуцлага тооцож, ажлаас халах арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн юм.
Любляны ДАШТ эхэллээ
Манай улсаас 13 жүдоч хүч үзэж буй Словенийн Люблян хотноо жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ сарын 23-28 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас 13 жүдоч хүч үзэж буй. Тэмцээний эхний өдөр татамид эрэгтэй 55, 60 болон эмэгтэй 44, 48 кг-ын жингийн барилдаанууд болов. Манай тамирчдын салхийг 60 кг-д зодоглосон Д.Бямбасүрэн амжилттай хагалж эхний хоёр учраагаа дийлсэн боловч удаахь барилдаанд Азербайжаны Оруя Вализад ялагдсанаар шагналт долдугаар байрт шалгарлаа. Түүний араас дэвжээнд 55 кг-д Г.Баттулга барилдав. Манай бөх эхний тойрогтоо Арменийн Гариз Харутюнянийг ялж, дараагийн тойрогт Францын Винсен Манюд оноогоор цэвэр ялагджээ. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд Г.Наранцэцэг эхний даваанд гоц мөргөсөн боловч дараагийн даваанд ОХУ-ын бөх Анастасия Павленкод хожигдож цааш барилдах эрхгүй болов. Сонирхуулахад тус тэмцээнд 75 орны эрэгтэй 359, эмэгтэй 251 бөх тус бүр найман жинд өрсөлдөж байна.
У.Мөнх-Эрдэнэ мөнгөн медалийн төлөө тоглоно
Казахстаны Алматы хотноо үргэлжилж байгаа сонирхогчдын боксын ДАШТ-нд эх орныхоо нэрийг гаргаж, тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж яваа МУГТ У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно. Тэрбээр Куб улсын тамирчин Яснер Толедо Лопезтой манай цагаар 17:00 цагийн үед тоглох юм. Өнгөрсөн лхагва гаригт Узбекистаны тамирчин Санжарбек Рахмановыг 2:1 харьцаатай хожиж хүрэл медалийн болзол хангаад байгаа.
Ким Жон Ун баярын цахилгаан ирүүлжээ
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Монгол Улс, БНАСАУ–ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон БНАСАУ–ын Удирдагч, маршал Ким Жон Ун нар баярын цахилгаан солилцлоо.  Ким Жон Ун: Солонгос, Монгол хоёр орны найрамдлын сайхан түүх, уламжлал бүхий л салбарт тасралтгүй үргэлжлэн, улам бүр бэхжин хөгжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байна. Солонгосын талаас ирүүлсэн баярын цахилгаанд: “Mиний бие, манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ ирүүлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд гүн талархал илэрхийлье.  Mанай хоёр орны үе үеийн удирдагчдын ариун нандин сэтгэл, гавъяа шингэсэн Солонгос, Монгол хоёр орны найрамдлын сайхан түүх, уламжлал бүхий л салбарт тасралтгүй үргэлжлэн, улам бүр бэхжин хөгжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байна. Найрамдалт Монгол Улсын хөгжил цэцэглэлийн төлөөх Таны болон танай ард түмний үйлсэд улам их амжилт олохыг хүсэн ерөөе. Солонгосын Хөдөлмөрийн Намын Нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны тэргүүн дарга, Солонгосын Ардын Армийн дээд командлагч Ким Жон Ун” гэсэн байна.
Наркологийн эмнэлгийн ерөнхий эмч хэвлэлийнхэнд хандлаа
Наркологийн эмнэлгийн ерөнхий эмч Х.Хулан Наркологийн эмнэлгийн ерөнхий эмч Х.Хулан өөрийн ажлаас халагдах болсон шалтгаан нь хууль бус байсан болон өөрийгөө буруугүй гэх баримтуудыг өнөөдөр дэлгэн үзүүллээ. Түүнд өөрийг нь буруугүйг нотлох прокурорын зургаан удаагийн тогтоол байгааг ч харуулсан юм. Тэрбээр ярихдаа,  Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга С.Туул намайг Тайвань улсаас оруулж ирсэн эмийн бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүй хэрэглэсэн. Мөн мэргэжлийн бус хүнийг сувилагчийн орон тоонд ажиллуулсан гэсэн шалтгаанаар халсан ч бүх шатны шүүх, прокуроор нэг жил зургаан сар явсны эцэст буруугүй нь нотлогдсон. Ингээд өнгөрсөн есдүгээр сарын 27-ны өдөр НЭМГ-ын даргын Б\59 тоот тушаалаар ажилд нь эргүүлэн томилсон хэдий ч ажилд орсноос нь хойш хоёр хоногийн дараа тус эмнэлгийн ажилчдаас гомдол ирсэн гэсэн шалтгаанаар халагдах өргөдлөө бичихийг шаардсан байна.  Харин эмнэлгийн ажилчдын зүгээс ямар ч гомдол гаргаагүй гэж мэдэгдсэн бөгөөд үүнийгээ илэрхийлсэн өргөдөлд гарын үсэг зурсан аж.
Сурагчид цахилгаан, дулаан, хэрэглээний усаа хэмнэхэд суралцана
drink water Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр “Дулааны 2-р цахилгаан станц” ТӨХК, “Улаанбаатар Дулааны Шугам Сүлжээ” ХК, “Ус сувгийн удирдах газар”, “Цахилгаан тээвэр” НӨААТҮГ зэрэг томоохон үйлдвэр аж ахуйн газар, соёлын болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудтай танилцана. Энэ аялал нийслэлчүүдийн өдөр тутмын хэрэглэдэг дулаан, цахилгаан, цэвэр усыг ямар олон хүний хүч хөдөлмөр, өртөг зардлаар үйлдвэрлэдэг, яагаад хэмнэх гамнах шаардлагатай талаар ойлголт, мэдлэгийг сурагчдад олгох зорилготой.  Аялалд ЕБС-ийн 160 сурагчаас бүрдсэн дөрвөн баг оролцож, өөр өөр чиглэлд аялах бөгөөд баг тус бүрийг манай улсын алдартай түүхч, судлаач, аялагч нар удирдан явах юм.
Канадын Амбан захирагч ирсэнтэй холбогдуулан Хүндэтгэлийн хуралдаантай
Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстон Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстон манай улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Түүнийг Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхтэй холбогдуулан өнөөдөр Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаантай юм. Үүнтэй холбогдуулан ЦЕГ, Нийгмийн хэв журам хамгаалах газар, Замын цагдаагийн газар, дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид замын хөдөлгөөний болон хэв журмын хамгаалалт хийн ажиллаж байна.  Айлчлалтай холбогдуулан иргэдэд чирэгдэл учруулахгүй байх, үүссэн асуудал, гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх талаар Цагдаагийн байгууллагаас анхаарч ажиллаж байгаа аж.
Дэлхийд цуутай Оюутолгойтой танилцсан улс төржөөгүй аялал
Монголын Хэвлэлийн хү­рээлэн­гийн дэргэ­дэх эдийн засгийн сэт­гүүлчдийн “Өөрчлөгч” клу­бын гишүүд Өмнөговь аймгийн Хан­­богд суманд орших Оюу­тол­гойн уурхайг зорилоо. Баяж­ма­лаа гаргаад удаагүй бай­гаа баяжуулах үйлдвэрийн ажил­тай та­нил­цахаар явсан сэт­гүүлчид маань хувьтай хүн хур борооноор гэг­чээр цастай хамт Өмнөговьд очсон юм.  Цаг агаа­рын байдлаас шалтгаалж, он­гоц хойшлон, оройн 19.00 цагт Ханбумбат онгоцны буу­далд буулаа. Онгоцны бууд­лаас цааш автобусаар яван Оюутол­гой төс­лийн талбайд хүрэв. Оюу­тол­гой төслийн талбайд нэвт­­рэхээс эх­лээд бүхий л зүйл нь дүрэм жур­мын дагуу явагддаг бай­на.  Бидэнд нэг нэг шир­хэг нэвт­рэх карт өгсөн нь төс­лийн тал­байд хууль ёсоор нэв­тэрснийг батлах аж. Энэхүү кар­тыг хаана ч явсан биедээ авч явах ёстой. Мөн төслийн талбайд автобусаар явах­даа байн­га бүсээ бүсэлсэн байх ёстой. Баяжуулах үйлдвэр нь хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Одоогоор хоногт 90 мянган тонн хүдэр боловсруулж байгаа бөгөөд тонн хүдэрт 0.4 куб.метр ус ашиглаж байгаа гэв. Нийт усны 83 хувь нь эргэлтийн ус, 17 хувийг нь гүний усан сангаас авч байгаа аж.  Энэ мэтчилэн аюулгүй байдлыг хангах дүрэм журмууд Оюутолгой төслийн талбайд мөрдөгдөнө. Төслийн талбайд нэвтэрсэн даруйдаа бид ажилчдын байрладаг VIP гэрүүдэд тухалсан юм.  Хөргөгч, зурагт, ус буцалгагч, сэнс зэрэг шаардлагатай цахилгаан хэрэгсэлтэй, шалны халаалттай тохилог гэрт хоёр хүн байрлах зориулалттай. Wi-fi интернэтийн бүсэд амьдрах ажилчид амралтын цагаараа хотод амьдрах гэр бүлийнхэнтэй харилцах боломжтой.  Энэ мэтчилэн бидний буудалласан VIP гэрүүд ажилчдын ая тухыг хэрхэн хангасныг харуулж байлаа. Ингээд маргааш өглөө эрт босч уурхайтай танилцах төлөвлөгөөтэй сэтгүүлчдийн аялалын нэг өдөр өнгөрлөө.  Оюутолгойд нар мандахыг харлаа  Өглөө эртлэн босч, Оюутолгойд нар мандахыг харлаа. Говийн нар хөөрөх агшин, нарны туяа Монголын хамгийн том бүтээн байгуулалтыг гэрэлтүүлэх агшинг анх удаа харж байгаа минь энэ. Аль хэдийнэ бүрэнхий болсон хойно төслийн талбайд нэвтэрсэн болохоор өглөөний нартай зэрэгцэн юм, юм л сонирхолтой санагдав.  Хамгийн эхэнд хаа сайгүй байшин барилгынхаа хананд “Ажлаа үргэлжлүүлэхэд аюултай байвал яг одоо та ажлаа зогсоо”, “Та аюултай үйлдэл хийж байгаа хэнийг ч зогсоох үүрэгтэй” гэсэн самбаруудыг байрлуулсан нь нүдэнд тусав.  “Өдөр бүр хүн болгон ажлаасаа эрүүл, аюулгүй эргэн ирэхүйц осол аваар, өвчлөлгүй ажлын байрыг хамтдаа бий болгох” гэсэн аюулгүй ажиллагааны уриатай “Оюу Толгой” компанийн хувьд хамгийн түрүүнд аюулгүй байдлыг хангах нь гол зорилго аж. Тиймээс ч төслийн талбайд байрлаж буй ажилчид, зочид хэн ч бай хамгаалалтын малгай, нүдний шил, хантааз, төмөр хоншоортой зориулалтын гутал зэргийг өмсөх ёстой. Үүнийг бид ч мөрдсөн.  Өглөө зургаан цагт босоход ажилчид аль хэдийнэ босч, хоолондоо орцгоож байв. Асар том хоолны зааланд дарга, ажилчид, гадаад монгол гэж хамаарахгүйгээр бүх л ажилчид монгол, европ хоолноос сонгон үйлчлүүлдэг. Түүний хажуугаар бүх төрлийн салат, алим, жимс, уух зүйлийг хүссэнээрээ сонгож болно. Харин хоолоо идэж дууссаныхаа дараа бүгд аяга тавгаа хураан, бүх зүйл дүрэм журмын дагуу л явах аж. Ингэж л дүрэм журмаа ёсчлон биелүүлж байж уурхайн орчинд ажилладаг гэлтэй.  Уурхайн ажилчиддаа хамт хооллочихоод, аюулгүй байдлын танил­ц­уулга сонсчихоод хамгаалалтын малгай, шил, хантааз, гутал зэр­гийг өмсөөд төслийн талбайгаар дайрах Умдаан гол дээр очлоо. Гов­ийн Умдаан гол нь хөрсөн дээр бус доогуур нь урсдаг сонин онцлогтой гол аж. Сайр харагдах хэсэг газар Умдаан гол бөгөөд энэ газарт зээр туурайгаараа малтахад л ус гарч ирдэг гэнэ. Ердөө таван сантиметр газар ухахад л ус гарч ирдэг онцлогтой аж. Энэхүү гол нь Оюутолгойн ил уурхайг чиглэж байгаа учраас тус голыг хамгаалах чиглэлд ажиллаж, голын голдрилыг өөрчлөх арга хэмжээг “Оюу Толгой” компанийхан авсан байв. Ийнхүү говийн сонин тогтоцтой голыг харж, Оюутолгойн байгаль хамгааллын ажилтай танилцсаны дараа уурхайд ажилладаг хүнд даацын машин, техникүүдийн засварын газраар дайрлаа. Гаднаа асар том дугуй өрсөн засварын газарт ороход ажилчид нь биднийг угтан авч, засварын газрынхаа талаар танилцуулсан юм.  Энд ил уурхайд ажилладаг “Комацу” компанийн 28 хүнд даацын машины засвар үйлчилгээг хийдэг. Энэхүү аварга том машинууд ганцхан Оюутолгойн уурхайд л байдаг аж. Засварын газрын гадна өрөөтэй байх аварга том дугуйнууд л гэхэд 50-70 мянган ам.долларын үнэтэй гэхээр эдгээр машинууд ямар өртөгтэй байх нь ойлгомжтой. Ингээд эдгээр хүнд даацын машинууд ажиллаж буй ил уурхайг зорилоо.  25-30 жил ажиллах ил уурхайг 550 метрийн гүнд хүртэл нь ашиглах боломжтой Ил уурхай хүрэх замыг усласан байлаа. Учир нь хүнд даацын машинууд үүгээр байнга явдаг тул тоосжилтоос сэргийлж байгаа нь энэ. Мөн гэрлийн утасны дээд эгнээнд шувуу сууж тогонд цохиулахаас сэр­гийлсэн туг хийсгэж, доод эгнээнд нь хүнд даацын өндөр машинуудад баримжаа өгөх бөмбөгнүүдийг байрлуулсан нь сонирхолтой санагдав.  Уурхай руу явах замд шороон овоолго ихээр тааралдах бөгөөд эдгээрийг уурхайн ашиглалт дууссаны дараа нөхөн сэргээлтэд ашиглах аж. Монголдоо төдийгүй дэлхийд цуутай Оюутолгойн баялгийг ил болон далд уурхайн хэлбэрээр ашиглаж болно. Одоогийн байдлаар далд уурхайн хөрөнгө оруулалт зогссонтой холбогдуулан үйл ажиллагааг зогсоогоод байгаа учраас далд уурхайтай танилцаагүй юм. Гэхдээ үйл ажиллагааг нь зогсоолоо гээд тэр чигт нь хаячихдаггүй, хэд хэдэн хүн ажиллаж, техник, тоног төхөөрөмжүүдийг нь үе үе асааж, хамгаалдаг байна.  Харин ил уурхайгаас өдөртөө 250 мянган тонн материал /хүдэр бүхий чулуулаг/ гардаг бөгөөд үүний 100 мянган тонн нь дан хүдэр байх бол үлдсэн нь уулын цул буюу шороо чулуу байх аж. Оюутолгойн ил уурхайгаас одоогийн байдлаар өдөрт 100 мянган тонн материал бутлуур руу зөөж, түүнийг нь цаашаа үйлдвэр рүү явуулж байна. Уурхайн ам ойролцоогоор 2-3 км радиустай, 100 метрийн гүнтэй болчихоод байгаа.  Цаашид ил уурхай 25-30 жил ажиллах бөгөөд гүн нь 550 метрийн гүнд хүрэх боломжтой гэж тодорхойлжээ. Тиймээс уурхайг улам гүн болгохын зэрэгцээ давхар хөрс хуулалтын ажлыг хийн, хүрээг нь тэлж байгаа гэдгийг Оюутолгойн ил уурхайн өдрийн ээлжийг хариуцан ажиллаж байсан уулын мастер С.Гантулга инженер хэлсэн юм. Ил уурхай ажиллаж эхлээд жил гаран болж байна. Энэ хугацаанд ойролцоогоор 100 сая тонн тонн хүдэр гаргажээ. Одоогоор нэг машин 15-16 удаагийн тээвэр хийж байгаа бол цаашид уурхай улам гүн болж, ам нь томрох тусам уулын цул ихэсч, тээвэрлэлтийн зам ч уртассах аж.  Ил уурхайд дандаа монгол ажилчид ажиллаж байгааг С.Гантулга инженер онцолж байв. Өрөм, тэсэлгээ, хүнд даацын машинууд гээд бүхий л техник төхөөрөмжийг монгол ажилчид ажиллуулж байгаа бөгөөд ажилчид өглөө 06.30-18.30 цаг хүртэл, оройн 18.30-06.30 хүртэл гэсэн хоёр ээлжээр ажилладаг байна. Ийнхүү хоёр ээлжээр ажилладаг Оюутолгойн ажилчид чөлөөт цагаараа спортоор хичээллэх, кино үзэх зэргээр өнгөрүүлдэг гэнэ. Ил уурхайн ажилчид халаалтгүй гэрт амьдарч байгаа гэх мэдээлэл гарч байсан бол удахгүй тэд баяжуулах үйлдвэрийн урд баригдаж байгаа ажилчдын хотхон руу нүүх аж.  Ажилчдын байранд гэр бүлээрээ амьдрах боломжгүй. Тиймээс уурхайн ихэнх ажилчид гэр бүлээсээ хол амьдарч, зарим нь Ханбогд суманд шилжин суурьшсан байна. Ийнхүү ажилчдын нийгмийн байдалтай танилцаж, ярилцаж хөөрөлдсөний дараа баяжуулах үйлдвэр рүү явлаа.  Оюутолгойн баяжуулах үйлдвэрт хөл тавьсан анхны зочид нь бид Энэ оны нэгдүгээр сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн баяжуулах үйлдвэрт хөл тавьж буй анхны зочид нь сэтгүүлч бид байлаа. Энэ нь Оюутолгойн түүхэнд бичигдэх бас нэгэн үйл явдал байв. Зэс, алтны хүдрийг нунтаглах, хөвүүлэн баяжуулах гэсэн уламжлалт хоёр төрлийн технологиор хүдэр баяжуулдаг тус үйлдвэр нь одоогийн байдлаар хүчин чадлынхаа 90 хувьд хүрэн ажиллаж байгаа аж.  Анхны хүдрээ хүлээж авсан цагаас үйл ажиллагаагаа жигдрүүлэхээр ажилласан Оюутолгойн баяжуулах үйлдвэрийнхэн маш богино хугацаанд хүчин чадлаа 90 хувьд хүргэж чаджээ. Баяжуулах үйлдвэрийн гадна биднийг хүлээн авч, үйлдвэрийнхээ тухай товч танилцуулсан Баяжмал үйлдвэрлэл, анализ хууль дүрмийн хэрэгжилтийн хэлтсийн менежер М.Ганболд биднийг үйлдвэртэй танилцуулсан юм.  Дуу чимээ ихтэй үйлдвэрийн орчинд орохын өмнө хувцас хэрэглэлээ дахин шалгаж, дуу намсгагч чихний бөглөөг бидэнд тараалаа. Ийнхүү аюулгүй байдлыг бүрэн хангасан бид Оюутолгойн баяжуулах үйлдвэрт хөл тавилаа. Баяжуулах үйлдвэрийн анхны зочин болсон сэтгүүлч миний хувьд нүсэр том үйлдвэрийг хараад бахадмаар санагдсанаа нуух юун.  Хүдэр бутлах том том тээрэм хажууд эргэлдэж, хөвүүлэн баяжуулах техникүүдийн яг дээр нь зогсож харсан нь завшаантай хэрэг байлаа. Баяжуулах үйлдвэр нь хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Одоогоор хоногт 90 мянган тонн хүдэр боловсруулж байгаа бөгөөд тонн хүдэрт 0.4 куб.метр ус ашиглаж байгаа гэв. Нийт усны 83 хувь нь эргэлтийн ус, 17 хувийг нь гүний усан сангаас авч байгаа аж.  Цаашилж бид үйлдвэрийн удирдлагын хэсэгт орлоо. Том дэлгэцүүд дээр үйлдвэрийн явцыг ажиглаж, техникүүдийг салгаж, угсрах ажлыг бүгдийг нь эндээс удирддаг гэнэ. Удирдлагын хэсгийг гадаад мэргэжилтэн ахалж, түүний удирдлагад монгол залуус маань суралцан ажлаа явуулж байна.  Монголд анх удаа ийм том төслийг явуулж байгаа болохоор гадны мэргэжилтнүүдийн тусламж зайлшгүй хэрэгтэй. Тэднээс суралцсан монгол инженерүүд удахгүй бие даан үйл ажиллагаа явуулах тэр цагт гадаад ажилчдын тоо багасах болно. Одоогоор баяжуулах үйлдвэрт нийт 550 орчим хүн ажиллаж байгаагаас 50 нь гадаадын мэргэжилтнүүд байгаа юм. Монгол ажилчдын хувьд гадаад мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн удирдах албанд ажиллаж байгаагаас гадна ахлах мэргэжилтнүүд, инженерүүд бүгд монгол хүмүүс байв.  Монгол ажилчдыг сургах ажлыг 2010 оноос явуулж эхэлсэн бөгөөд монголчуудыг сургаж буй гадаадын мэргэжилтнүүд тэднийг маш богино хугацаанд мэргэшиж чадсан хэмээн үнэлж байлаа.  Хүдэрт зэсийн баяжмалаас гадна алт, мөнгө зэрэг төлбөр төлөгдөх бусад элементүүд агуулагддаг. Оюутолгойн нэг тонн хүдрээс 25-30 хувийн зэс, 10-15 грамм алт, 40-50 граммын агуулгатай мөнгө гарч байгаа. Баяжуулах үйлдвэрээс гарч байгаа баяжмалыг шүүгээд агуулах руу оруулж, агуулахаас цааш баяжмал савлах үйлдвэр рүү явуулдаг байна. Савлах үйлдвэрт баяжмалыг хоёр тоннын уутанд савлаж, тээвэрлэлтэд бэлтгэж байлаа. Баяжмал савлах уутыг үндэсний гурван аж ахуйн нэгж, хятадын нэг компани нийлүүлж байгаа аж.  Энэ мэтчилэн Оюутолгойн ханган нийлүүлэлтэд үндэсний аж ахуйн нэгжүүдийг ихээр хамруулж байгаа бөгөөд бидний өмсч байсан хантааж, ажилчдын хувцсыг бүгдийг нь нутгийн ханган нийлүүлэгчид нийлүүлдэг байна. Хаа ч тааралдах ажилчдын хувцсан дээр “Made in Dalanzadgad” гэх шошго байгаа нь үүнийг илтгэж байлаа. Биднийг Оюутолгойд очих өдөр баяжмалын худалдааг эхлүүллээ гэсэн мэдээллийг өгсөн.  Хэдийгээр баяжмалын худалдааг өнгөрсөн мягмар гарагт эхлүүлсэн ч баяжмал савлах үйлдвэрийн ажил тасралтгүй жигд явсан байна. Савлах явцад баяжмалын дээж авч, уурхайн талбай дээр байгаа хөндлөнгийн лабораториор баяжмал дахь үнэт төлбөр төлөгдөх элементүүд болон бусад элементийн агуулгыг тодорхойлж, гаргадаг аж. Мөн улсын төлөөлөл болсон Геологийн төв лаборатор ч бас шалгадаг байна.  Оюутолгой төслийн талбай дээр Монголын гааль байрлаж, экспортод гарах баяжмалыг шалгадаг учраас хил дээр зөвхөн Хятадын тал шалган гаргадаг нь экспортын ажлыг ихэд хөнгөвчилж байгаа аж. Хатуу хяналттайгаар гурван ч лабораторийн шинжилгээнд орж экспортод гардаг баяжмалыг хууль бусаар гаргах ямар ч боломжгүй гэдгийг үйлдвэрийн инженерүүд онцолж байсан.  Шинжилгээнд оруулахаар бэлтгэсэн дээжийг харахад хөх саарал өнгийн байх боловч ойртон харвал номин ногоон өнгөтэй гялтганасан зүйл байв. Энэхүү гялтганаж байгаа зүйл нь зэс аж. Харин алт нь хүний нүдэнд харагддаггүй гэнэ. Энэ мэт сонирхолтой олон зүйлийг үзсэн бид хүнд гутал, малгайгаа ч ажрахгүй аялсан байлаа.  Монголын хамгийн их баялагтай, хамгийн том уурхайтай танилцсан бид Оюутолгойг тойрсон улстөржсөн яриагүйгээр зөвхөн байгаа байдалтай нь танилцаж, уурхай хэрхэн ажиллаж байгааг уншигч та бүхэндээ сонирхууллаа.  Өмнийн говьд наран хэвийж байхад бид Ханбумбат онгоцны буудлаас Улаанбаатарын чиглэлд нисэхэд бидэнтэй хамт амралтаа авчихаад гэр бүлийнхэн рүүгээ яарч байсан Оюутолгойн ажилчидтай дөрөө нийлсэн юм.
Саудын Араб АНУ-ын стратегийн хамтрагч болохоос татгалзлаа
Саудын Араб АНУ-ын стратегийн хамтрагч болохоос татгалзлаа Саудын Арабын Тагнуулын газрын дарга ханхүү Бандар бин Султан улс орных нь гадаад бодлогод “эрс өөрчлөлт орж байгаа” гэж мэдэгдлээ. Тэрбээр ингэж мэдэгдсэнийхээ дараа үргэлжлүүлээд  “Саудын Араб өнөөг хүртэл Вашингтоны эрх ашгийг хамгаалахын тулд Эр Риядын эрх ашгийг орхигдуулж ирсэн” гэсэн байна.  Өөрөөр хэлбэл Саудын Араб цаашид АНУ-ын утсан хүүхэлдэй байхаа болихоор шийдсэн бололтой. Хэрвээ энэ үнэн бол Ойрхи Дорнод болон дэлхий нийтийн улс төрийн уур амьсгалд эрс өөрчлөлт гарах юм. Саудын Арабын гадаад бод­лого хэзээ ч нээлттэй бай­сангүй. Хааны гэр бүлийнхэн, улс төрийн эрх мэдлийг атгаж байгаа нөхдүүд бодлогоо үргэлж нууцлаг байдлаар явуулсаар иржээ. Эр Риядын хамтрагч болон холбоотнууд бүх л шаардлагатай материал­аа дипломатуудаас авдаг, ас­уудлыг харилцан итгэсэн /конфиденциальныы перего­вор буюу мэдээллийг гадагш нь задруулахгүйн тулд баримталдаг зарчим/ яриа хэлэлцээрийн замаар олж авдаг байсан бөгөөд энэ байдал одоо ч хэвээрээ байгаа юм.  Саудын Арабын Ерөнхий сайд Сауд аль-Фейсал АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй Парис хотноо уулзсан. Чухамхүү энэ уулзалтын үр дүн хоёр улсын хооронд ан цав үүсгэсэн байж болзошгүй аж. Тиймээс гадаад бодлогодоо өөрчлөлт оруулахтай зэрэгцэн ил тод байдлыг хангах асуудал давхар хэрэгжиж магадгүй хэмээн “Ройтерс” зэрэг агентлагууд дүгнэж байна. Нөгөө талаар, энэ мэдэгдэл нь АНУ Ойрхи дорнод дахь өөрийн хамгийн ойрын холбоотноо алдаж байж магадгүй гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байгаа юм.  Ийм өөрчлөлтийг хийж чадах ганцхан хүн байгаа нь улсынхаа тагнуулын алба болон гадаад бодлогыг хариуцдаг ханхүү Бандар бин Султан юм. Энэхүү мэдэгдэл гарахаас нэг хоногийн өмнө Саудын Арабын Ерөнхий сайд Сауд аль-Фейсал АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй Парис хотноо уулзсан. Чухамхүү энэ уулзалтын үр дүн хоёр улсын хооронд ан цав үүсгэсэн байж болзошгүй аж. Бандарын үзэж байгаагаар, АНУ Сирийг бөмбөгдөх бод­лоосоо татгалзсан нь маш том алдаа байсан гэнэ. Мөн ойрын холбоотон, Египет­ийн Ерөнхийлөгч Хосни Мубарак­ийг зайлуулах ажиллагаанд Вашингтон ил далд байдлаар оролцсоныг нь өршөөж чадахгүй байгаа гэх. Хэрвээ энэ үнэн бол Эр Рияд Вашингтоны хооронд хоёр жилийн өмнөөс үл ойлголцол гарч эхэлсэн гэсэн үг.       АНУ Сирийг бөмбөгдөж эхэлсэн тохиолдолд Эр Риядад стратегийн маш чухал давуу тал бий болох байв. Тэд ч энэ боломжийг ашиглахын тулд Персийн буланд нэмэлт хөлөг онгоцуудаа оруулахыг АНУ-аас хүссэн. Ийм аргаар нутгийн зүүн хэсэгт байх газрын тосны ордуудаас Ираны заналхийллээс хамгаалахыг эрмэлзсэн юм.  Гэтэл АНУ татгалзсан нь Эр Риядыг “шооконд” оруулсан. “Иймхэн тус үзүүлэхгүй байгаа юм чинь илүү хүнд нөхцөл байдал үүсвэл АНУ бидэнд туслах уу” гэж Эр Рияд нухацтайгаар бодож эхэлснийг тааж ядах юмгүй. Шинэжээчдийн би­чиж байгаагаар бол Саудын Арабын хаан тун удахгүй Хосни Мубаракийн жишээгээр суудлаасаа бууж магадгүй гэдгээ ойлгочихоод байгаа юм байна. Бахрейнд гарсан шийтүүдийн бослого бүр ч сандрахад хүргэсэн.  Учир нь Саудын арабын газрын тосны бүс нутгуудад шийт шашинтнууд хангалттай олон байдаг аж. Тиймээс яг одоогийн байдлаар Саудын Араб АНУ-аас хамааралгүй байж чадна гэдгээ үзүүлэх, өөрөөр хэлбэл “үнэрхэх” бодлого баримталж байна гэж хэлж болох юм.  Тэд үүнийгээ харуулж, АНУ-ыг сандаргахын тулд юуны түрүүнд тэднээс зэвсэг худалдаж авахаа болих ёстой. Ядаж л өөр, өөр улсаас худалдаж аваад эхэлбэл Капитолийг хөдөлгөөнд оруулж чадах юм.  Мөн газрын тосны салбартаа Европ, Хятадын компаниудыг оруулбал АНУ-д мэдэгдэхүйц цочроо өгнө.  Хоёр улсын харилцаа эдүгээ түүхийн тийм ч таатай биш үедээ ирээд байгааг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ч хүлээн зөвшөөрөөд байна. Тиймээс тэд одоо Саудын Арабыг Хятадтай “наалдчихаас нь өмнө” өөрийн тактикаа боловсруулах шаардлагатай бол­жээ.
Хятадын зэвсэглэлийн амбиц Оросыг сэрээв үү
ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Мед­ведев урд хөршид айлчилж байна Яг энэ цаг үед ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Мед­ведев урд хөршид айлчилж байна. Талууд юун түрүүнд хоёр орны эдийн засаг, улстөр нийг­мийн харилцааны та­лаар “цайны” сэдвүүд хөвөрс­ний дараа үндсэн ашиг сонирхлоо нэгэндээ тул­гах чимээгүй сөргөлдөөн эхлэв бололтой. Хятад улс геополитикийн хувьд ОХУ-д тийм ч их шахалт хийдэг­гүй. Харин ч 50 гаруй жил хилийн маргаангүй оршсон цор ганц улс гэхэд болно.  Үүний сацуу сүүлийн жи­лүүдэд Бээжин “иван”-уу­дын газар дорх баялагт асар ихээр шунаглах болсон нь Сибирийн алс дорнод дахь бай­галийн хийн нөөц. Байга­лийн хийн салбарт хамтран ажилласнаар хоёр орны хам­­тын харилцаа, эдийн за­саг хэрхэн өсч дэвжих бо­ломж­той вэ. Аль нэгэнд нь хохирол­той зүйл байхгүй биз гэх зэрэг олон асуулт улстөр судлаачдад тулгараад байгаа юм. Харин байгалийн хийн амбиц тэднийг томоохон маргаанд татан оруулах эсэх эргэлзээтэй нөхцөл байдал үүссэнийг шинжээчид үзэж байна.  Уссури голын маргаан юунаас эхтэй вэ 1991 онд хойд хөршийн коммунист засаглал задран унах мөчид эдийн засаг, нийг­мийн бодлогын хувьд Москва нэг мөсөн эцэж туйлд­сан бөгөөд Хятадтай хил залгаа, тодруулбал Амур мөр­ний орчмын эзэмшил нутгаа урд хөршид алдсан юм. Гэхдээ 2010 оны 11 дүгээр сард Москва, Бээжингийн хамтарсан шинэ хэлэлцээрт Уссури голын эрэг дагуух сав газрыг ОХУ-д хүлээлгэн өгөх гэрээнд гарын үсэг зурсан билээ. Энэ бүс нутаг нь тэртээ Цагаан Оросын үед “иван”-уудын өмч байсан бөгөөд зарим түшмэдүүд Хята­дын панзчин баячуудад зарсан ч гэж ярьдаг юм. Харин XXI зуун гараад Орос улс Уссури голын сав газрыг эх газрын иргэдээс буцаан авсан ч одоог хэр нь зарим стратегийн түшиц бүсүүдэд маргаантай оршдог.  Талууд 2018 он хүр­тэл Уссуригийн орчимд ямар нэгэн хилийн маргааны асууд­лаар зөрчилдөхгүй байх санамж бичигт гарын үсэг зурсан Энэ маргаан маш жижиг зүйл дээр ч томрон даамжирч бол­зош­гүй тул талууд анхаа­ралтай хандаж байгаа. Уг нь хоёр улс Сирийг АНУ, Евро­поос хамгаалах тал дээр нэг тавцанд зогсч буй. Мөн Евразийн эдийн засгийг хөгжүү­лэх зах зээлийн хө­төл­бөрөө ч батлаад амж­сан. Тиймээс Уссури мэтийн жи­жиг маргаанаас үүдэж харил­цаагаа сэвтээхийг яарахгүй. Гэхдээ л Хятад бол Хятад. Оросын “Правда”, “Риа Новости”, “Россия Сегодня” гэх зэрэг нэр хүндтэй хэв­лэ­­лүүдэд “Хятадын зэвсэг­лэлийн түрэмгийлэл Оросыг сэрээв үү” хэмээх ижил утга­тай нийтлэл хөврөх боллоо.  “Правда” агентлагийн шин­жээч Андрей Островский “Геополитикийн хувьд Уссу­ри голын эрэг маш хэрэгтэй бүс. Түүгээр дамжуулан бай­галийн хийг тээвэрлэх шугам барих боломжтой. Мөн дайн, самууны үед тус нутаг нь маш хэрэгтэй стратегийн газ­руудыг өөртөө агуулдаг” гэжээ. Тэгэхээр алсдаа Хятад улс Уссури голоор дамжин Сибирийн байгалийн хийг өөрийн болгох санаа агуулж байгааг үгүйсгэхгүй юм. Мэдээж өнөө маргаашгүй цэрэг хөдөлгөхгүй нь лавтай ч Оросын алс дорнод бүс нутгийг худалдан авах зэр­гээр эдийн засгийн занал­хийлэл маш ихээр тулган шаар­дах болжээ. Хятад гү­рэн улам тэлс­ний баталгаа нь энэ мөн.  Үнэндээ энэ нөхцөл бай­дал нь яг л АНУ-ын Номхон да­­лай, Афганистан руу шу­наг­лан харах болсонтой адил ойлголт. Төв Азийн хам­гийн том хоёр гүрэн “БРИКС” хэмээх бүлгэмд харьяа­лагдана. Энэ бүлгэмд багт­сан орнууд нэгнийгээ эдийн засгаар дэмжиж, худал­даа, аж үйлдвэрлэлийн уян хатан бодлогоор харилц­даг НҮБ, Европын холбоотой зэрэгцэхүйц хү­чир­хэг “тоглогчид”-той. Тод­руулбал, худалдааны салбарт л гэхэд Хятад, ОХУ 87.5 тэрбум, Өмнөд Солонгос 270, АНУ 400 сая ам.долларын гүйлгээ хийжээ. Тэгэхээр “БРИКС”-т байгаа цагт ОХУ, Хятад эдийн засгийн хямралд өртөнө гэж үгүй. Тиймдээ ч Медведев сан­хүү­гийн ямар нэгэн зов­лон тоочихоор Бээжинд газар­даагүй билээ. Тэгвэл Путины “бамбарууш” гэгддэг Дмит­рий Си Жиньпинтэй ямар тог­лолт хийхээр зэхэж бай­гаа вэ. Талууд 2018 он хүр­тэл Уссуригийн орчимд ямар нэгэн хилийн маргааны асууд­лаар зөрчилдөхгүй байх санамж бичигт гарын үсэг зурсан.  Түүнээс өмнө л Хятадад боломжийн үнээр байгалийн хий­гээ нийлүүл­дэг болчихвол Оросын ашиг сонирхол тэр юм. Гэвч Хятад Оростой хил залгаа бүс нутагт асар их хэмжээний цэрэг, дай­ны бүтээн байгуулалт өр­нүүлсээр байна. Хятадын ам­биц зүгээр л нэг хий хоо­сон сагсуурал уу. Орос ч ар­миа шинэчилж эхэлсэн. Бай­галийн хий ямар замаар явах вэ гэдгийг 2020 оны эхээр хоёр гүрэн нэг мөр шийд­нэ. “Правда” агентлаг. Анд­­­рей Островский. “Геополи­ти­­кийн амбиц” цуврал нийт­­лэл.
“Авар”-ын захирал няцаалт хийлээ
“Авар” компанийн тухай шуугиан намдаагүй байна Японд 5.1 тэрбум иенээр үнэлэгдэх газрыг, 10 давхар барилгын хамт дуудлага худалдаагаар авсан “Авар” компанийн тухай шуугиан намдаагүй байна.  Тус компанийг үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн, Улсын аварга Д.Сумъяабазарын эхнэр Ч.Мичидмаагийн ах Ч.Эрдэнэбат аж.  Тэрээр компанийнх нь талаар цацагдаад байгаа мэдээлэлд өчигдөр тайлбар өгсөн юм.  Ч.Эрдэнэбат цэвэр бизнесийн зарчмаар газрыг авсан, ямар ч улс төрийн оролцоо байхгүй гэж мэдэгдлээ.  Ч.Эрдэнэбат: Цэвэр бизнесийн зарчмаар газрыг авсан, ямар ч улс төрийн оролцоо байхгүй. “Манай компани үйл ажиллагаа явуулдаггүй. Харин Японы хуулийн компаниар дамжуулж энэ дуудлага худалдаанд оролцсон. Үүнд тухайн компани хэдэн төгрөгийн хөрөнгөтэй байх нь хамаагүй” гэж мэдэгдэв.  Мөн тэрээр манай компанид аль ч улсын Засгийн газрын оролцоо байхгүй гэж онцоллоо.
Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус өнөөдөр Монголд газардана
Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус Ерөнхийлөгчийн урилгаар Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстон манай улсад төрийн айлчлал хийж байна.  Харин Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус энэ сарын 25-26-нд Монгол Улсад  албан ёсны айлчлал хийнэ. Ноён Лоран Фабиус өнөөдөр  “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 11.00 цагт тусгай үүргийн онгоцоор газардана. Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусын айлчлалын хөтөлбөр Огноо Уулзалт Хаана 2013.10.26 09:30 Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай уулзана Гадаад харилцааны яамны “Итгэмжит” танхим №9 2013.10.26 10:00 Гадаад харилцааны сайд Л.Болд, БНФУ-ын Гадаад хэргийн сайд Л.Фабиус нар ганцаарчилсан уулзалт хийнэ Гадаад харилцааны яамны 2 дугаар давхрын ”Хоёр загал” танхимд 2013.10.26 10:00 Хоёр улсын  ГХ-ийн сайд нар хэлэлцээ хийнэ Гадаад харилцааны яамны 2 дугаар давхрын  “Сайдын түшээ”  хэлэлцээний танхимд: Зөвхөн зураглаач, гэрэл зурагчид нэвтрэнэ 2013.10.26 11:05 Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно Гадаад харилцааны яамны 1 дүгээр давхрын “Мутрын түшээ”  хэлэлцээний танхимд 2013.10.26 11:15 Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, БНФУ-ын Гадаад хэргийн сайд Л.Фабиус нар хэвлэлийн мэдээлэл хийнэ Гадаад харилцааны яамны 1 дүгээр давхрын “Мутрын түшээ”  хэлэлцээний танхимд: Асуултад хариулахгүй 2013.10.26 14:00 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхана Төрийн ордны Ерөнхий сайдын ажлын өрөөнд Зөвхөн зураглаач, гэрэл зурагчид нэвтрэнэ 2013.10.26 15:00 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд Зөвхөн зураглаач, гэрэл зурагчид нэвтрэнэ 2013.10.26 16:00 Тусгай үүргийн онгоцоор буцна Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал НОЁН ЛОРАН ФАБИУСЫН НАМТАРААС Тэрбээр 1946 оны 8 сарын 20–нд Парис хотод төрсөн.  Боловсрол: Парисын Жансон дэ Сайи арван жилийн дунд сургууль Их Хаан Луигийн нэрэмжит лицейн бэлтгэл  “Эколь Нормаль Сюпериор” Францын нэр хүнд бүхий их сургуулийг орчин цагийн хэл бичгийн мэргэжлээр төгссөн Улс төр судлалын сургууль 1971–1973    Засаг захиргааны их сургууль Ажилласан байдал: 1974 Социалист намд элсэж, намын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Франсуа Миттераны Тамгын газрын дарга, хэвлэлийн төлөөлөгч 1978-1981 Сен–Маритим департаментаас сонгогдсон Үндэсний Ассамблейн гишүүн 1979 Социалист намын удирдах зөвлөлийн гишүүн, Гран–Кэвийи хотын захирагчийн орлогч 1981    Францын Төрийн зөвлөлд өргөдөл, гомдол танилцуулагч /Рекетмейстер/ 1981.06.14- 1981.07.23 Үндэсний Ассамблейн гишүүн        1981–1983 Төсөв хариуцсан сайд      1983–1984 Аж үйлдвэр, судалгааны сайд (Ерөнхий сайд Пьер Маруагийн Засгийн газар) 1984.07.17 Франц Улсын Ерөнхий сайд (37 настай Францын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд) 1986, 1988, 1993, 1997, 1997, 2002 Үндэсний Ассамблейн гишүүнээр улиран сонгогдсон 1988-1992    Үндэсний Ассамблейн дарга 1989-1992    Европын парламентын гишүүн 1989-1995    Руан хотын бүсийн дарга /500 000 орчим хүн амтай 70 орчим коммуны нэгдэл/ 1992-1995    Мужийн зөвлөлийн гишүүн 1992-1993    Социалист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга 1993    Үндэсний Ассамблейн гишүүн 1995-2000    Гран-Кэвийи хотын захирагч 1997-2000    Үндэсний Ассамблейн дарга 2000-2002    Эдийн засаг, санхүү, аж үйлдвэрийн сайд 2006     Ерөнхийлөгчийн сонгуульд социалист намаас нэр дэвших сунгаанд Сеголэн Руаяль, Доминик Страус-Кан нартай өрсөлдсөн 2011    Социалист нам төрийн эрхийг 2012 оны 5 сард авах тохиолдолд хэрэгжүүлэх реформын хуанли бэлтгэх “Анхны жил” ажлын хэсгийн дарга 2012.05.16    Гадаад хэргийн сайдаар ажиллаж байна.
"Хүчит шонхор"-ыг хотоос гаргах таван шалтгаан байна
Нийслэлчүүдийг хамгийн хямд үнэтэй махаар хангадаг хэмээн өөрийгөө хаацайлдаг ганц газар байдаг нь “Хүчит шонхор”. Гэхдээ бодит байдал дээр нийслэлчүүдийг бус ченжүүдэд л хямд махаар “бэлэг” барьдаг. Өөрөөр хэлбэл, нийслэлийн бүх хэрэглэгч “Хүчит шонхор” захаас бус хоёр гурван ченжийн гараар дамжсан мах худалдаж авдаг. Тэгвэл бид өчигдөр өглөө 08:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн X хороо буюу Дэнжийн мянгад байрлах тус захыг зорилоо. Дэнжийн мянгынхны амьдрал энэ захыг тойрч “буцална”. Гэхдээ зах дагасан амьдрал баталгаагүй бөгөөд цаанаа л нэг гунигтай. “Хүчит шонхор” захыг тойроод “Max машиндана”, “Бүх бараа 999 төгрөг”, “Цайны газар”, Коммисын бараа” гэсэн хаягтай жижигхэн мухлагууд үйл ажиллагаа эрхэлнэ. Гаднах өнгө үзэмж ч гэж тун тааруу. Тоос шороондоо дарагдсан, урагдаж сэмэрсэн хаяг, хана нь цуурч, шавар нь ховхорсон жижиг амбаарууд л ярайна. Энэ газруудаар үйлчлүүлдэг хүн хэр олон бол гэж бодмоор. Гаднах талбай нь ч хог новшиндоо дарагджээ. Мэдээж энэ “Хүчит шонхор” захыг дагаж бий болсон жижиг бизнес. Д.Ганзориг: Захуудыг хотоос зайдуу аваачвал замын түгжрэл багасна гээд байгаа. Үнэхээр л тийм бол хотоос нүүлгэх шийдвэрийг дэмжинэ. Хүчит шонхор захын хаалгаар орлоо. Махны зах болоод ч тэр үү, эхүүн үнэр хамар цоргиж, дотор муухайруулна. Хаа сайгүй л тэргэн дээр мах ачсан хүмүүс, “Хойшоо, урагшаа, наашаа, цаашаа, холдоорой” гэж хашгираад л, сүрдмээр ч юм шиг. Max авах гэж ирсэн хүмүүс ч үйлээ үздэг бололтой. Нэг хэсэг “Хүчит шонхор” зах хог новшиндоо дарагдаад, хөл гишгэхэд ч хүндхэн болсон байсан. Харин одоо хог гэхээр юм харагдсангүй. Цэвэрлэгч нар дор бүр нь шүүр, хүрз бариад цэвэрлэж байгаа харагдсан. Гэхдээ баруун хойд буланд овоолсон, хаягдал үнэхээр аймаар. Малын гэдэс дотроос эхлээд, толгой шийр, үс ноос гээд нэлээд юм овоолоод орхижээ. Гэхдээ үүнийг нь хүмүүс ялгаж авдаг бололтой дөрөв таван эмэгтэй зогсч байсан юм. Ингээд бид жижиглэн худалдааны хэсэг рүү орлоо. Гаднахаасаа ч муухай, хутга барьсан, арчсан, мах огтлосон хүүхнүүдйин дүр зүргийг харж болно. Энэ мэт хэцүүхэн дүр зураг, үйл явц “Хүчит шонхор” захад өрнөнө. Энэ бол хотын төвд байж боломжгүй зураглал байгаа биз. Тийм ч учраас хотын удирдлагууд түм түжигнэж, бум бужигнасан томоохон захуудыг нүүлгэх тухай ам ангайгаад буй. Тэгвэл “Хүчит шонхор” захыг нүүлгэх дараах таван шалтгаан байна. ШАЛТГААН-1: “Хүчит шонхор” зах нь ихэвчлэн бөөний худалдаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, орон нутгийн хүмүүс махаа авчраад ченжүүдэд бөөндөнө. Харин ченжүүд нь дэлгүүрийнхэнд шахчихна. Ер нь бол хүмүүс ганц, хоёр кг мах авахаар “Хүчит шонхор”-ыг зорих нь тун ховор, бараг л үгүй. Голдуу гулуузаар нь л авдаг. Тиймээс уг захыг хотоос холдуулахад буруу зүйл байхгүй. Хотоос нүүлгэснээр автозамын ачаалал 20 битгий хэл хувиар буурна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. ШАЛТГААН-2: Хамгийн хачирхалтай нь энэ зах махных гэхээсээ илүүтэй машиных уу гэж эндүүрмээр. Захын хашаа дүүрэн машин. Булан тохой, нүх бүрт нь машин эгнүүлэн тавьсан байна. Талбайн гол хэсэгт нь мах зарж байгаа зай завсаргүй машин чигжжээ. Дээрээс нь Дэнжийн мянгын зам гэж там. Дэндүү нарийхан, энд тэндээ энхэл, донхолтой. Тиймээс 09:00 цаг гээд л энд битүү түгжрэл үүснэ. Энэ талаар тус зах дээр зогсдог П.Цэрэндорж “Дэнжийн мянгын зам үнэхээр хүндрэлтэй. Хуучин бараан зах байсан газар дахиад зах байгуулагдсан. Тийм болохоор “Шонхор” захын хажуу талын зам өдөр бүр түгжирдэг. Ажлаа амжуулна гэдэг бэрх шүү. Одоо бүр зам засварлах нэрээр байгаа зарим хэсгийг нь хаачихдаг. Энэ нь бүр л тээр болж байна. Амралтын өдрүүдэд бол хэлэх ч юм биш. Автомашины түгжрэл гамшигийн хэмжээнд хүрнэ шүү дээ” гэсэн юм. ШАЛТГААН-З: “Хүчит шонхор” захад ШӨХТГ-аас шалгалт хийж, багагүй зөрчил илрүүлсэн. Тиймээс захын удирдлагыг 110 сая төгрөгөөр торгохоор болсон удаатай. Ижил хэмжээтэй талбайтай түрээслэгчдээс харилцан адилгүй түрээс авч байсан, энэ дутагддаа арилгахгүй удсан гэх зэрэг олон зөрчил нь ийн торгох үндэслэл болсон гэдэг. Тэгвэл одоо ч гэсэн дэндүү өндөр түрээс авч байна. Тодруулбал, тус захад махны павильон түрээсэлж буй хүмүүс сард 800 мянган төгрөг төлдөг. Хүнс, барааныхан нь сард 450 мянган төлдөг гэсэн. Харин өглөө машинтай ороод махаа бөөндөөд гарч байгаа хүн 15 мянган төгрөг тушаадаг гэсэн. Ерөнхий нягтлангийнх нь хэлснээр тус захад 600 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулдаг юм байна. ШАЛТГААН-4: Max бол монголчуудын нэг номерийн хүнс. Тийм ч учраас эрүүл ахуйн шаардлага хангасан байх хэрэгтэй. Хөрсний бохирдолгүй, цэвэр орчинд махыг худалдах учиртай. Гэтэл тус зах задгай талбайд мах худалдаалж буй юм. Дэнжийн мянга орчим нь тэр чигээрээ гэр хорооллоор хүрээлэгдсэн. Мэдээж энд хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн. Шороо тоос, агаарын бохирдол хэрээс хэтэрсэн. Хажууханд бараг залгаа шахам оршуулгын газар байдаг. Тэр ч бүү хэл нийслэлчүүд бид машины утаагаар утсан мах идэж байж мэдэх юм. Учир нь “Хүчит шонхор” машины зах болсон гэдгийг дээр дурьдсан шүү дээ. ШАЛТГААН-5: Энэ захад Цагдаагийн хэсэг гэж алга. Уг нь томоохон захууд дээр цагдаа нар ажиллах учиртай. Гурван сарын өмнө Цагдаагийн хэсэг нь татан буугдсан гэнэ. Түм түжигнэсэн энэ захын хувьд архидалт, гэмт хэргийн асуудал багагүй бий. Саяхан “Хүчит шонхор” захын гаднах талбайд Баянгол дүүргийн VII хорооны иргэн Э хонины мах худалдаалах гэж байхад нь Чингэлтэй дүүргийн XII хороонд оршин суугч 51 настай М гэгч бусадтай бүлэглэн залилсан хэрэг гарсан байдаг. Иргэн Э-гийн 132 кг хонины махыг жин хэмжүүр дээр буруу жинлэж 90 кг болгож 243 мянган төгрөгийн хохирол учруулж, залилсан аж. Энэ мэт маргаантай болоод залилангийн хэрэг тус захад цөөнгүй гардаг. Бүр осол аваар ч гарах нь бий. Өнгөрсөн тавдугаар сард “Хүчит шонхор” захын хашаан дотор “Prius” маркийн автомашины жолооч явган зорчигчийг мөргөн амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Энэ бүхэн тус захын эмх цэгцгүй, зохион байгуулалт оновчгүй байдгаас үүдэж гардаг гэдгийг албаныхан хэлдэг. Дээрх шалтгаанууд “Хучит шонхор” захыг нүүлгэх тодорхой үндэслэл болох биз. Үйл ажиллагаагаа эхлүүлээд 20 гаруй жил болж буй энэ захыг хотоос нүүлгэхэд эсэргүүцэх хүн цөөн байх болов уу. Түрээслэгчид нь хүртэл захыг хотын төвөөс нүүлгэх саналыг дэмжиж байсан. Тус зах дээр гурил, будаа зардаг Д.Ганзориг “Захуудыг хотоос зайдуу аваачвал замын түгжрэл багасна гээд байгаа. Үнэхээр л тийм бол хотоос нүүлгэх шийдвэрийг дэмжинэ. Дагахаас ч өөр аргагүй гэж бодож байна” хэмээсэн. Тиймээс хотын удирдлагууд захуудыг нүүлгэх ажлаа түргэвчилвэл буруутахгүй биз ээ.
Элчин сайд Ш.Алтангэрэл итгэмжлэх жуух бичгээ барив
Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд итгэмжлэх жуух бичгээ барилаа Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл энэ сарын 23-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд итгэмжлэх жуух бичгээ барилаа. Итгэмжлэх жуух бичиг барих ажиллагаа Кремлийн Том ордны Александрын танхимд болов.  Элчин сайдуудын итгэмжлэх жуух бичгийг хүлээн аваад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хэлсэн үгэндээ, та нарын төлөөлж байгаа улсууд болон Орос улсын хоорондын харилцааг хөгжүүлэх чухал ажил та бүхэнд ногдож байна. Та бүхний ажил үйлс үр дүнтэй, улс төрийн яриа хэлэлцээг цаашид ургашлуулан ахиулахад чиглэгдсэн, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд тустай байна гэдэгт бид итгэлтэй байна. Монгол Улстай бид, сайн хөршийн олон жилийн найрсаг харилцаатай билээ. Эрчим хүч, дэд бүтэц, тээвэр, уул уурхайн салбарт төлөвлөөд байгаа төслүүдийг дэс дараатайгаар хэрэгжүүлнэ гэж үзэж байна” хэмээн онцлон тэмдэглэв.  Тэрбээр үгийнхээ төгсгөлд та бүхнийг энэхүү нэр хүндтэй ажил үүргээ гүйцэтгэхэд тань оросын удирдлагын болон манай яамдын зүгээс туслаж дэмжинэ гэдэгт найдаж болно гэлээ.
Р.Мөнхсайхан: Би хөгшрөөгүй, унтраагүй, бүдгэрээгүй
“Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан Уг нь түүнийг хүмүүс “Рок мангас” Р.Мөнхсайхан гэдгээр нь илүү мэддэг.   Рок хөгжим, мотоцикль, саравчтай малгай, нүдний шилгүйгээр түүнийг төсөөлөх аргагүй. Тэгвэл саяхан тэрээр “Улаанбаатар” чуулгын даргаар томилогдлоо. Ажлаа аваад удаагүй байгаа шинэхэн даргатай ярилцсан юм. -Дарга болсон гэхээр тань зангиа зүүж, албаны хувцас өмсөөд ширээний ард сууж байх юм гэж бодлоо. Гэтэл үгүй байна? -Ажлын шаардлагаар тийм хувцас хааяа өмсөнө.  Хотын захиргаа, Засгийн газрын ордонд орохдоо мэдээж уранхай жинс, том гинж унжуулаад явахгүй нь тодорхой. Өнөөдрийн ажил минь хөнгөн учраас өглөө дуртай хувцсаа өмсөөд ирлээ. Р.Мөнхсайхан: Урлагт нэг л орсон бол гарна, орхино гэж байдаггүй юм. Хичнээн завгүй гүйж явсан ч гитараа, дуу хөгжмөө санана. -Ажлаа аваад хэд хонож байна вэ. Юу амжуулав. Таны сэтгэлийг зовоосон асуудал хэр олон харагдаж байна? -Дөрөв хонолоо. Хамт олонтойгоо танилцсан. Яг одоогоор сэтгэл зовоож шаналгасан зүйл алга. Яаж зөв чиг хандлага бий болгох вэ гэдэгт санаа тавьж эрэл хайгуул хийж байна. Чуулгынхан маань намайг их сайхан хүлээн авсан. “Шинэ хүн ирлээ хөгжих дэвших, сайн сайхан зүйл рүү биднийг хөтлөх болов уу” гэсэн горьдлоготой нь анзаарагдсан. Мөн 80 гаруй хүний амьдрал миний гарт байна.  Тийм болохоор аливаад өнгөн талаас нь биш гүн гүнзгий ухаалгаар хандах нь зүйтэй байх. -“Рок мангас” “Улаанбаатар” чуулгын дарга боллоо гэхэд зарим хүн гайхсан. Та энэ албан тушаалыг яаж хүлээж авсан бэ? -“Хүрээ соёл” гээд бодохоор яалт ч үгүй үндэсний хувцастай, дээр үеийн дүрслэл сэтгэлд бууна. Харин хотын соёл гэхээр өөр сэтгэгдэл төрж байгаа биз. Намайг энд авчирсан нь энэ хүрээ соёл гэдгийг хотынхтой жаахан ч гэсэн ойртуулаарай л гэсэн байх. Гэхдээ урлаг өөрөө агуу. Ганцхан зүйлээр хязгаарлагдахгүй. Ямартай ч би хүмүүсийн даалгавар, итгэл найдварыг биелүүлнэ гэж бодож байгаа. Урлагийнхан их хувирамтгай, хөрвөх чадвар сайтай улс. Тэгэхээр би ч өөртөө итгэлтэй байна. Эмзэглэл ч юм уу, айдас алга. -Таны амьдралын нэг хэсэг бол яах аргагүй рок хөгжим. Харин “Улаанбаатар” чуулгад энэ төрлийн уран бүтээлч байдаггүй.  Цаашид яах бол? -Нэг хэсэг нийтийн дуу, рок поп гээд л бие биетэйгээ жаахан хагаралдлаа. Одоо өөрсдийн замаа олоод харин ч хоорондоо эвсэж уран бүтээл хийдэг болжээ. Рок, попыг үндэсний хөгжимтэй хослуулсан хамтлаг олон төрлөө. Энэ нь урлаг олон ургалч, олон нийтийн өмч болохыг харуулж байна. Жишээ нь “Алтан ураг”-ийнхан манай чуулгад ирээд уран бүтээл хийе гэвэл “Тавтай морил” гэж хэлнэ. Өвөрмөц сонин содон залуусыг байлдан дагуулах уран бүтээлчдээ дэмжиж ажиллах болно. -Сүүлийн үед та менежер, захирал, дарга гээд л удирдан зохион байгуулах ажил их хийж байна. Уран бүтээлээ яасан бэ. Орхисон уу? -Урлагт нэг л орсон бол гарна, орхино гэж байдаггүй юм. Хичнээн завгүй гүйж явсан ч гитараа, дуу хөгжмөө санана. Би хамгийн сүүлд “Ганган Төгс” кино зохиол бичлээ. Тэр маань удахгүй үзэгчдэд хүрэх байх.  Мөн цагаан сарын тухай кино хийж байна. Гитарчин Өөжгийтэй хамтран хүүхдийн хүчирхийллийн эсрэг уран бүтээл хийлээ. Манай рок попынхон дуулах юм. Тэгэхээр хичнээн олон нийттэй харилцаад гүйж явсан ч дотоод дахь урлагийн төлөөх эрэл хайгуул маань алга болдоггүй. Магадгүй хэзээ ч бөхөхгүй байх л даа. -Та олон ажил зэрэг амжуулж яваа. Баримталдаг зарчим тань юу вэ? -Хийж байгаа зүйлийнхээ эцсийг үзэж байж л салдаг хүн дээ. Дотроо байнга бодож явна. Үр дүнг нь харахгүй бол эхлүүлээд юу хийх вэ.  Юм юм сэглээд явсан бол би хэн ч биш л байна. Тэгэхээр жаахан ч гэсэн зүйлд сэтгэлээсээ хандаж байх хэрэгтэй юм билээ. Мөн урлагийн төлөө ажиллана гэдэг өөрөө их сайхан зүйл. Хэзээ ч ядарч, шантардаггүй. Ажиллах тусам, энэ зүйлд ойртож шунан дурлах тусам сэтгэл сэргэдэг.  -Урлагийн ертөнцөд хөл тавьж байсан үеэ дурсахгүй юу. Хүмүүс таны тухай тэр бүр мэддэггүй юм билээ? -Сурагч байхаасаа л урлагт хайртай байлаа. Пионерийн ордонд хөгжим тоглодог, гитараас салдаггүй хүүхэд байсан. Тэгээд ЗХУ-ын театрын сургуулийг төгссөн. Ирээд хүүхэд залуучуудын театр, үндэсний телевиз, Жи интертаймент гээд олон газар ажилласан. Тайзан дээр хөтлөгч, зарлагч хийж явлаа. Тайзны ард бол найруулагч, зохиолч гээд л миний оролцоо мундахгүй. Хүмүүст танигдах тал дээр би олон зүйл хийгээгүй ээ. -Гэхдээ арын алба гэдэг хүмүүст танигдахгүй атлаа тухайн уран бүтээлийн гол цөм нь байдаг шүү дээ? -Тэр ч үнэн шүү.  Нэг дуу бүтээхэд хөгжмийн зохиол, найруулга, шүлэг гээд 10-20 хүний хөдөлмөр орно. Гэхдээ дуучин нь л олонд танигддаг.  Тэглээ гээд арын албанынхан гомдохгүй. Хийх гэж тэмүүлсэн, хүссэн зүйлээ хийсэн учраас эргээд уран бүтээлээсээ таашаал, урам зоригоо аваад явна. -Урлагийн гэгээн ертөнцөд 20 гаруй жил амьдарчээ. Энэ он жилүүдээс авсан, мэдэрсэн үнэт зүйл нь юу байв? -Энэ талаар ер бодож байгаагүй юм байна. Гэхдээ урлаг гэгээн сайхан атлаа их хатуу ертөнц юм гэдгийг ойлгосон.  Хүнд урлагт зүтгэх тодорхой цаг хугацаа байх хэрэгтэй юм шиг. Цаг нь болохоор “баяртай” гээд явчихдаг.  Тийм л зоригтой байх хэрэгтэй. Гэхдээ бид урлагт автаад гарч чаддаггүй. Тэгэхээр урлагт маш нарийн вирус юм.  Миний урлагт зүтгэсэн он жилүүдийн алдаа  нь ч гэсэн үнэ цэнэтэй санагдаж байна.  -“Уулыг цас эрийг нас дарлаа” гэж ярьдаг. Танд ямар нэгэн зүйл мэдрэгдэж байна уу? -Би энэ талаар одоохондоо бодоогүй байна. Өөрийгөө хөгшрөөгүй, унтраагүй, бүдгэрээгүй байгаа л гэж боддог. Гэхдээ хүн нас нэмэх тусам сайхан болдог шүү дээ. Үйл хөдлөл нь удаашраад, үг нь ч хүнд даацтай тусна. Уран бүтээлийн тал дээр мэдээж Ромео юм уу Джулеттагийн дүр олдохгүй. Энэ жаахан харамсалтай юм. Цаг хугацаа намайг элээж, би ч цаг хугацаатай уралдаж явна. -Гадаа навчис хаялаад намар цаг зарим хүнд уйтгар гуниг авчирдаг. Танд ямар мэдрэмж төрдөг вэ. Сэтгэл хөдлөл, догдлолын тухайд та ямар хүн бэ?  -Өвөл болоод цас хайлахаар, хавар болж шувууд жиргэхээр хүмүүс ямар сайхан юм бэ гэж ярьдаг. Харин надад цасан болон шороон шуурга шуурах таалагддаг. Нүд амаа боогоод шуурганы өөдөөс явахад сансар дээр яваад байгаа ч юм шиг сүртэй мэдрэмж төрнө.  Мөн би хоолны нэвтрүүлэг удаан хийсэн. Надад идэж чаддаггүй ямар ч хүнсний бүтээгдэхүүн байдаггүй.  Манай ээж намайг хоолонцор гэдэг байлаа. Тийм хүмүүс амьдралдаа ч тэгж ханддаг.  Жишээлбэл эсрэг хүйстнээсээ  ямар нэгэн аятайхан зүйлийг хамгийн эхлээд олоод харчихна. -Таны “Нандин шүтээн” дуу хүмүүст их хүрсэн. Дууны утга санааг  яаж олсон юм бэ.  Амьдралд тохиолдсон юм уу, эсвэл сэтгэлийн эмзэглэлээс тань төрсөн үү? -Захиалгаар бичсэн дуу байгаа юм.  Би өөрийнхөө амьдралыг зохиол, шүлэг болгоод байвал урлагийн утга алдагдана.  Ц.Батчулуун бид хоёр ярилцаж байгаад л хийчихсэн. Түүнээс онгодоор, эмзэглэлээр хийгээгүй. Гэхдээ хүмүүст сайн хүрсэн шүү. -Та цаг хугацаатай уралдан амьдарч байна гэж хэлсэн. Мөн нийгэм маань жаахан бухимдалтай байна гэдэг. Эрч хүч, тайтгарлыг хаанаас авдаг вэ? -Эмэгтэй хүнээс л эрч хүч энергийг авч байна. Хүний ертөнцийн жам юм шүү дээ. -Таны амьдралыг мотоциклиэс салгаж боломгүй санагддаг. Салхи татуулан хурдалж байхад сайхан мэдрэмж төрдөг биз? -Монгол цустай хүн болоод ч тэр үү, мотоциклио унаад салхи татуулаад явж байхад маш сайхан мэдрэмж төрдөг. Хөдөөнийхөн бол түлхүү унадаг болчихсон. Англи хэлэнд мотоцикльтой хүн болоод морьтныг адилхан “rider” гэж хэлдэг шүү дээ. Нэг нь төмөр хүлэг, нөгөө нь амьтай ч хоёулаа адилхан гэж ойлгодог. Анзаарч байхад монголчууд мотоциклио хүлэг гэдэг утгаар нь морь шигээ санаж харьцаж, ярьдаг. -Та хэр олон мотоцикльтой вэ? -Ганцхан мотоцикльтой. Манай орны нөхцөлд зуны гурван сард л мотоцикль унах боломжтой байдаг болохоор цуглуулаад байх шаардлага байхгүй.
МУГТ Н.Баярмаа 220 кг-ийг өргөлөө
МУГТ Н.Баярмаа Польшийн Вроцлав хот­ноо хүндийг өргөлтийн на­санд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд үргэлжлэн яваг­даж байна.  Энэ сарын 20-нд эхэл­сэн дэлхийн аварга шалга­руулах тэмцээнд 59 улсын 317 тамирчин эмэгтэй до­лоо, эрэгтэй найман жинд өрсөлдөж буй бөгөөд тэм­цээн ирэх ням гарагт өн­дөрлөнө. Эмэгтэйчүүдийн 63 кг-д МУГТ Н.Баярмаа 220 кг (99+121) амжилтаар IX байр эзэлжээ.Энэ жинд ОХУ-ын Тима Туриева 252 кг (112+140) өргөсөн ам­жилтаар тэргүүлсэн бол БНАСАУ-ын Жо Пок Хьян (249 кг), БНХАУ-ын Дэн Мэнжун (244 кг) мөнгө, хү­рэл медаль хүртэв. Н.Баярмаагийн хувьд жиндээ топ аравт багтжээ.
Улаанбаатарт бодибилдинг фитнессийн ДАШТ өнөөдөр эхэлнэ
таван тивийн 38 улсын эрэгтэй, эмэгтэй нийт 300 гаруй тамирчин оролцоно Улаанбаатар хотод бодибилдинг фитнессийн ахмадын болон залуучуудын ангиллын ДАШТ өнөөдрөөс эхлэн хоёр хоног үргэлжилнэ. Тэмцээнд таван тивийн 38 улсын эрэгтэй, эмэгтэй нийт 300 гаруй тамирчин оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ ирүүлжээ. Тэд энэ удаад бодибилдинг фитнессийн  25 төрөлд дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх юм. Ахмадын эмэгтэйчүүдийн 35-аас дээш, эрчүүдийн 40-49, 50-59, 60-аас дээш насны ангилалд өрсөлдөх юм. Харин залуучууд классик, фитнесс, бикинийн төрөлд хүч үзэх ажээ.  Тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллахаар ОХУ-ын иргэн олон улсын шүүгч Рауп Буняталев, Хонгконгийн Хиьго Чан, Жое Фанг нарын албаны хүмүүс иржээ. Тэдний хамтаар манай улсын дөрвөн шүүгч тус тэмцээнийг шүүнэ. Бид энэ талаарх мэдээллийг та бүхэнд хүргэх болно.
Японы алдарт хийлч Рио Уэмура өнөөдөр тоглоно
Японы алдарт хийлч Рио Уэмура өнөөдөр тоглоно Японы алдарт хийлч Рио Уэмура уржигдар Монголд ирсэн билээ. Тэрбээр өөрийн улсын удирдаач Хисаёши Иноүэгийн хамт Монгол Улсын Филармони оркестртой тоглохоор ирсэн. Рио Уэмура нь Японы Симоносекид төрсөн Токиод хөгжмийн дунд боловсрол эзэмшин Германд үргэлжлүүлэн Манфреда Шерзерээс мастер класс авснаар түүний амжилт эхэлжээ. Тэрбээр Италид болдог олон улсын “Микеланджело Аббадо” хийлчдийн конкурс, “Моцарт премий”, олон улсын уралдаанд тус тус хоёрдугаар байр эзэлж байсан. Оросын “Музыкальный Олимп” фестиваль, Германд Моцартын Фестивалиудад уригдан оролцож, томоохон оркемструудтай 80 гаруй концертод тоглож байсан. Харин 1998 оноос өдийг хүртэл Берлинд уран бүтээлээ туурвиж байгаа юм байна.
Ерөнхий сайд 55 жилийн түүхтэй бага сургуулиар зочиллоо
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ляонин мужийн төв Шэньян хотын бага сургуульд зочиллоо. 1-9 дүгээр ангийн 45 бүлэгт 2500 гаруй хүүхэд суралцуулж буй энэ сургууль Хятадын хэмжээнд сургалтын агуулга, заах аргын шинэчлэлээрээ жишиг болдог байна. Өдгөө 55 жилийн түүхтэй энэ сургууль 1985 оноос хойш заах арга зүйн шинэлэг хэлбэр туршин нэвтрүүлжээ. Улс болоод орон нутгаас зааж өгсөн заавал судлах хичээлээс гадна хүүхдийн төрөл бүрийн авъяасыг нээж хөгжүүлэх тусгайлсан хөтөлбөрт сургалт явуулдаг. Эндэхийн сурагчид өөрөө өөртөө, бас бие биедээ дүн тавьдаг нь зөвхөн шинжлэх ухааны мэдлэгийн түвшинг нь үнэлэх биш төлөвшүүлсэн зан чанар, эзэмшсэн ур чадвараа шударгаар цэгнэх, цэгнүүлэх хөшүүрэг болдог байна. Хичээлийн дараа хүүхдүүд сургууль дээрээ шатар, хөдөлмөр, зураг, дуу, бүжиг, спорт, бие хамгаалах урлагийн гэх мэт олон хичээл дугуйланд хамрагддаг. Хөгжүүлсэн авъяасаа дотоод болон олон улсын уралдаан тэмцээнд байнга оролцон сорьж, өдгөө сургуулийн алдрын танхимаараа дүүрэн шагнал байтай болжээ. Эндэхийн сурагчид өөрөө өөртөө, бас бие биедээ дүн тавьдаг нь зөвхөн шинжлэх ухааны мэдлэгийн түвшинг нь үнэлэх биш төлөвшүүлсэн зан чанар, эзэмшсэн ур чадвараа шударгаар цэгнэх, цэгнүүлэх хөшүүрэг болдог байна. “Бидний авъяас, сонирхлыг хөгжүүлдэг тусгай хөтөлбөр, тохилог орчин маань сургууль дээрээ дуртайяа өнжиж, баяр хөөртэй суралцах хүсэл төрүүлдэг” гэж энэ сургуулийн сурагчид хэлж байна. Хүүхдийн авъяасыг хөгжүүлж чаддаг энэ арга барилыг нь дэлгэрүүлэхээр өөр мужид тус сургуулийн салбарыг саяхан нээжээ.  Шинэчлэлийн Засгийн газар “Авъяас” хөтөлбөрийг өнгөрсөн жилээс ЕБС-уудад туршин хэрэгжүүлж байгаа. Хүүхдийн хүсэл сонирхлыг тодорхойлж, авъяасыг нь нээж хөгжүүлэхээр хичээлийн хөтөлбөрт тусгайлсан сургалтууд оруулж, нэг жилийн хугацаанд 200 гаруй мянган сурагчийг хамруулсан юм. Хүүхдийн авъяасыг хөгжүүлэх шинэлэг арга хэлбэр, бүрдүүлэх орчинг энэ сургуулийн жишээнээс харж болохоор байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг энд зочлох үеэрээ дурьдлаа.  Засгийн газрын тэргүүний зочилсон дараагийн газар бол “Хуй шань” хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн парк. Улсын төсвийн шинэчлэлээрээ Шэньян хотдоо төдийгүй муждаа жишиг болдог Нью Шинбэй дүүрэгт энэ парк байрлах ба эндэхийн хамгийн томд тооцогдох үйлдвэрийн нэг “Менню” сүүний үйлдвэртэй төлөөлөгчид танилцсан юм. Хятад улсын сүү, сүүн бүтээгдэхүүний 60 орчим хувийг дангаараа нийлүүлдэг "Менню" групп 37 салбар үйлдвэртэйн нэг нь Шэньян хотын New Shenbei дүүрэгт байрладаг аж. Өдөрт 70 сая хүнийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангадаг энэ үйлдвэр дөрвөн сая малчин, фермерээс бүтээгдэхүүнээ авч, бүс нутгийнхаа олон айл өрхийг ажил, орлоготой болгож байна. Онцлоход, Шэньян хотын Нью Шинбэйдүүрэг нь хамгийн орчин үеийн технологитой том үйлдвэрүүд байгуулж буй хөгжлийн шинэхэн бүс юм байна.
“Мянган оюутны байр”-нд орох хүсэлтэй оюутан сургуульдаа хандах хэрэгтэй
1000 оюутны дотуур байр “Мянган оюутны байр”-ны нэгдүгээр байрны барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад оруулахад бэлэн болсон байна. Энэ талаар МОХ Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцах хэлтсийн дарга Э.Батжаргалаас тодрууллаа. -“Мянган оюутны байр”-ны нэгдүгээр байрны барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад оруулахад бэлэн болсон гэсэн. Энэ талаар тодруулаач? -“Мянган оюутны байр”-ны нэгдүгээр байрны барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад оруулахад бэлэн болсон  байгаа. Тодруулбал, одоогийн байдлаар нэгдүгээр байрны барилга, ус, дулааны асуудал бүрэн шийдэгдсэн учир ирэх долоон хоногт Улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байна.  Оюутны байр бэлэн болсон ч Улсын комисс хугацаандаа байрыг хүлээж авах эсэхийг нь бид сайн мэдэхгүй. Харин хоёрдугаар байрны барилгын ажил дууссан ч дулааны болон бохирын асуудлыг шийдвэрлээгүй тул ирэх оноос өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа.  Э.Батжаргал: Яг ямар хүүхдээ оруулахыг тухайн сургууль өөрсдөө шийднэ. Түүнээс биш дүнгийн голч хараад өндөр оноотой оюутнуудыг оруулна гэсэн зүйл байхгүй. -“Мянган оюутны байр”-нд ямар шалгуураар оюут­нуудыг оруулах вэ. Анх сурлага сайтай оюутнуудыг оруулна гэж байсан билүү? -Өнгөрсөн хавраас эхлээд сургуулиуд манайд хэчнээн оюутан хамруулах  хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байгаа. Тиймээс хүсэлтийнх нь дагуу МОХ-оос харгалзаж үзээд боломжоор нь оруулах төлөвлөгөөтэй байна. Одоо­гоор 50 орчим сургууль оюутнуудынхаа тоог өгөөд байгаа.  Ер нь бол хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнуудыг оруулна гэсэн шаардлагыг МОХ-оос тавьсан. Яг ямар хүүхдээ оруулахыг тухайн сургууль өөрсдөө шийднэ. Түүнээс биш дүнгийн голч хараад өндөр оноотой оюутнуудыг оруулна гэсэн зүйл байхгүй. -Шинээр ашиглалтад орж байгаа байранд зайлшгүй орох шаардлагатай байгаа оюутнууд одоо хүсэлтээ гаргаж болох уу? -Хэрэв үнэхээр ямар нэгэн асуудалтай шинэ байранд зайлшгүй хамрагдах хүсэлтэй оюутан байвал өөрийн сурч буй сургуулийнхаа сургалтын албанд хандах хэрэгтэй. Харин тухайн сургууль нь манайд хүсэлт тавьсан тохиолдолд асуудлыг шийдэх боломжтой. -“Мянган оюутны байр”-нд оюутнуудаа оруулах хүсэлтээ гаргаагүй сургуулиуд одоо хүсэлтээ гаргаж болох уу? -Болно. Оюутнуудаа шинэ байранд оруулах хүсэлтэй байгаа бол одоо ч хүсэлтээ өгч болно.  -“Мянган оюутны байр”-ны үнэ төлбөрийн хувьд ямар байх вэ. Дотор тохижилт нь оюутнуудад тухтай байж чадаж байгаа юу? -Энэхүү байр яг стандартын дагуу баригдаж байгаа. Үнэ төлбөрийн хувьд бусад байрнуудыг бодвол болом­жийн үнэтэй байна. Дотор тохижилтын хувьд өрөө болгондоо 00-той, душтэй, гал тогоотой байхаар шийдэгдсэн байгаа.  Түүнчлэн угаалгын өрөө, доод давхартаа питнес төв, оюутны эмнэлэгтэй байх болно. Өөрөөр хэлбэл, яг оюутнуудад зориулсан бүх зүйлийг цогцоор нь шийдэж өгсөн байгаа.
Төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн Засгийн газарт үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. - УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл иргэдэд өгөх 1,5 сая төгрөг, хүүхдийн мөнгийг өгч дуусаад дахин ийм халамжаа болъё гэсэн Засгийн газар юу гэж ойлгож байгааг асуулаа. - Сангийн дэд сайд С.Пүрэв Баялгийн сангийн хуулийн төсөлд зохицуулах тухай тусгана гэсэн хариултыг өглөө. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол зарчмын зөрүүтэй санал гараагүй учир анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасан нь байнгын хорооны гишүүдийн дэмжлэг авлаа. Дараа нь Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.  - УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Хууль зүйн сайдын багцад байгаа 25 тэрбум төгрөгийн төсөвтэй Шүүх, прокурорын байшингийн төсвийг харъяалах байгуулгад нь шилжүүлэхгүй бол тухайн байгуулгын хараат бус бие даасан байдал өөр байгууллага орох гээд байгааг тодрууллаа. - Сангийн яам энэ барилга ажил нь нь эхэлчихсэн явагдаж байгаа учир хуучнаар Хууль зүйн яамны багцад үлдээх саналтай байгаа, цаашид тухай байгууллагын төсөвт ороод явна, энэ барилга нь шүүх прокурорын жишиг барилга болоод үргэлжлэн баригдаад явна гэлээ. Мөн Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөлд Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг батлагдсан хэмжээнээс нэмэгдэж, ижил хэмжээтэй объектуудын төсөвт өртгийг харилцан адилгүй тооцож, барилгын ажил олон жил дамнан үргэлжилж байгааг таслан зогсоох зорилгоор авах арга хэмжээг УИХ-д ирүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байна.
Голлох захуудад махны үнэ гурав орчим хувиар нэмэгджээ
Улаанбаатар хотын хүнсний захуудад худалдаж буй махны үнийн мэдээг Үндэсний статистикийн хорооноос ирүүллээ.  Энэ сарын 23-ны байдлаар нийслэлийн томоохон худалдааны төв, захуудад махны үнэ ханш харьцангуй тогтвортой байсан байна.  Гэхдээ Хүчит шонхор, Бөмбөгөр, Баянзүрх захад үхэр, хонь, адууны мах  өнгөрсөн сарын мөн үеэс бага зэрэг өсчээ.  Харин ямааны мах Хүчит шонхор захад өнгөрсөн сарынхаас нэг кг нь 3,6 хувиар бууж 5300 төгрөг болсон байна.  Дэлгэрэнгүй мэдээлэл: Махны үнэ ханш, 2013.10.23-ны байдлаар
Сочигийн олимпийн бэлтгэл 90 хувьтай байна
Өвлийн XXII олимп Ирэх онд спортын ер­төнцөд хоёр том үйл явдал болно. Түүний нэг нь манай хойд хөршид болох өвлийн олимп билээ.  Тэгвэл тус олимпийн бэлт­­­гэл ажил 90 хувьтай явж байгаа талаар “Риа Новости” мэдээллээ. ОХУ-ын аялал жуулчлал, спортын яамны зүгээс Сочигийн өвлийн олимпт урьдчилсан байдлаар 5 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийж буй бөгөөд үүнд шинээр цэнгэлдэх барих, тамирчдыг байрлуулах хотхон зэргийг төсөвлөжээ.    Мөн Сочид болох өвлийн олимпийн тамирчдад гардуулах медалийг маш зузаан хийж буй төдийгүй голдоо олимпийн бэлгэдлийг сийлсэн нь нэлээд өртөг орох шалтгаан болсон байна. Одоогоор Сочид хийг­дэж буй зам талбай, гудамж гэрэлтүүлэг, орчны тохижуулалтын ажил бүрэн шувтарч, шинэ цэнгэлдэхээ хүлээн авахыг л хүлээж байна.
Т.Энхболдсодонг батлан даалтад гаргаагүй гэв
«Чоно» группийн ерөнхийлөгч Т.Энхболдсодонг батлан даалтад гаргаагүй гэв "Чоно" группийн ерөнхийлөгч Т.Энхболдсодонг өнгөрсөн долоо хоногоос эхлэн Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулаад байгаа билээ.  Тэгвэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг батлан даалтад rapгасан хэмээн бичжээ. Иймээс энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Т.Энхболдсодонг батлан даалтад гаргаагүй. Төв аймгийн урьдчилан хорих төвд үргэлжлүүлэн хорьж байгаа гэв.  Дашрамд дуулгахад Т.Энхболдсодонг МАХН-ын дарга Н.Энхбаярыг ивээн тэтгэсэн, их хэмжээний менгө угаахыг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Орон сууцуудад дулааны тохиргоо хийж байна
Хөрш айлуудын дулаан харилцан адилгүй байгаа нь дулааны тохируулгатай холбоотой гэж мэргэжилтнүүд хэлж байна. Нэг нь хэвийн байхад нөгөөх нь доголдоод байгаа шалтгаан нь аль нэгийх нь тохиргоо алдагдсантай холбоотой гэнэ. Нэг ёсондоо зэргэлдээ байрлалтай орон сууц хорооллуудын дулаан бие биеэсээ хамаарч байгаа юм. Аль нэг нь тохируулгаа хэт өндөр хэмжээнд тавьсанаар зэргэлдээ хорооллын дулааныг булаадаг аж. Ирэх 11 дүгээр сарын 1 хүртэл  орон сууцуудад дулааны тохиргоо хийх ажил явагдах учраас дулаан тасалдах, харилцан адилгүй ондоо байх асуудал гарна гэдгийг Дулааны сүлжээ компаниас анхааруулж байна. Харин ирэх сарын 1 нээс хойш хангалттай халахгүй бүлээхэн байвал иргэд орон сууцныхаа конторт хандах хэрэгтэй гэнэ.  Дашрамд дурдахад, айл өрхүүдийг халаалтаар хангаж байгаа үндсэн тоноглол хэт их ачааллаж байгаа учраас цаашид шинээр баригдах орон сууцыг дулаанаар хангах хүчин чадал хомс болсон байна.
Нийслэлийн өдрөөр Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг шинэ байршилд зална
Нийслэлийн 374 жилийн ой энэ сарын 29-нд тохионо. Энэ өдрийг угтаж НЗДТГ-аас соёл урлагийн олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Тухайлбал, ЕБС-ийн сурагчдыг зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах аялал, хүүхдийн найрал дууны уралдаан, “Улаанбаатар-Ногоон ирээдүй” уран зургийн уралдаан зарлаж шилдгүүдээ тодруулаад байгаа билээ. НЗДТГ-аас түүхт ойн өдрийн ёслолын арга хэмжээний хөтөлбөрийг батлан гаргасан байна. Заримаас нь дурвдал энэ сарын 29-нд ЕБС-иудад “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдэвт хичээл заах юм байна​. Мөн нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуур цэнгүүлэх ёслол болно. Түүнчлэн Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг шинэ байршилд залах ёслолын ажиллагаа болох нь энэ өдөр. Нийслэлийн 374 жилийн ойн ёслолын арга хэмжээний хөтөлбөр № Огноо Цаг Арга хэмжээ Хаана 1 2013.10.27 Ням гараг 11:00 “Хотын гудамж-Миний нутаг” арга хэмжээний нээлтийн ажиллагаа Анкарагийн гудамжинд /СУИС-ийн зүүн урд уулзвараас Зоос гоёл ХХК-ны баруун урд уулзвар/ 11:10 Шилдэг тохижилттой байгууллага аж ахуйн нэгжийг шагнах ажиллагаа 11:20 “Дулаан байр-Тохижилт” орон сууцны СӨХ-үүдийг шагнах ажиллагаа 12:30 НЗД-ын нэрэмжит “Их нүүдэл” шатрын тэмцээний хаалт, шагнал гардуулах ажиллагаа Нийслэлийн 33 дугаар сургууль 2 2013.10.28 Даваа гараг 9:30 “Эсгийн хотоос-Их хот” архивын баримт, үзмэрийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд 10:00 НИТХ, НЗД-ын шагнал гардуулах ажиллагаа НЗДТГ-ын “А”зааланд 15:00 Нийслэлийн 2013 оны үйл ажиллагааны үр дүнгийн урамшуулал олгох ёслолын ажиллагаа /дүүрэг, хорооны Засаг дарга нар, ТҮК-ний ажилчдыг шагнаж, урамшуулах/ Монголын хүүхдийн ордонд 17:00 Нийслэлийн өдөрт зориулсан “Эх орны эх орон” сэдэвт шинэ уран бүтээлийн наадам /“Тэргүүний өрх, гэр”-ийг шагнах ажиллагаа/ Соёлын төв өргөөнд 3 2013.10.29 Мягмар гараг 8:00 “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдэвт хичээл эхлүүлэх /ЕБС-иудад/ 11:00 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол Нийслэлийн анхны шав тавьсан цэцэрлэгт хүрээлэнд 11:30 Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг шинэ байршилд залах ёслолын ажиллагаа Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгт хүрээлэнд 12:00 Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа Чингис хааны талбайд 12:20 “Найрсаг Улаанбаатар” цомгийн нээлтийн ажиллагаа 12:40 Их хотын хямдралын өдрийн үйл ажиллагааг эхлүүлэх 13:00 Нийслэлийн өдөрт зориулсан “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт Соёлын төв өргөөнд 17:00 Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагнал гардуулах ажиллагаа Дуурь бүжгийн эрдмийн театрт 21:05 “Цаг үе үзэл бодол” шууд нэвтрүүлэг МҮОНТ
Дэлхий ээжийн хүчирхэг зүрх нь хүмүүс бид билээ
Эх дэлхийн унаган төрх жилээс жилд гундаж, үүнийг бид харж, мэдэрч байгаа ч зарим хүмүүс ухамсарлан хайрлахгүй л байна. Харин бидний ирээдүй болсон бяцхан үрс санаа зовинон томчуудын өмнөөс харамсаж сууна. Үүний илрэлийг “Улаанбаатар-Ногоон ирээдүй” аяны хүрээнд зохион байгуулсан уран зургийн уралдааны бүтээлүүдээс харж болно. “Дэлхий ээжийг тэжээн тэтгэдэг бяцхан ч гэлээ хүчирхэг зүрх нь хүн төрөлхтөн бид билээ”  Энэхүү гар зургийн уралдааныг Нийслэлийн өдрийг тохиолдуулан НЗДТГ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ТӨҮГ-аас зохион байгуулсан юм. Уралдаанд мэргэжлийн арван уран бүтээлч, сонирхогч зургаа, ЕБС-ын 150 сурагч оролцсон байна. Хүүхдүүдийн илгээсэн бүтээлд ихэвчилэн хүн байгаль хоёр хүйн холбоотой бөгөөд онгон тагшин байгалийн амин зүрх нь хүмүүс бид юм гэсэн санааг илэрхийлсэн байлаа. Энэ ч үүднээс Хөгжим бүжгийн дунд сургуулийн сурагч Х.Хүслэн өөрийн бүтээлийн тайлбарыг “Дэлхий ээжийг тэжээн тэтгэдэг бяцхан ч гэлээ хүчирхэг зүрх нь хүн төрөлхтөн бид билээ” хэмээсэн нь олон хүнд нэгийг бодогдуулсан бизээ. “Улаанбаатар-Ногоон ирээдүй” аяны хүрээнд зохион байгуулсан уран зургийн уралдааны бүтээл. ЕБС-ын сурагчидаас: I байр – Хөгжим бүжгийн дунд сургуулийн сурагч Х.Хүслэн II байр – 57 дугаар дунд сургуулийн сурагч Э.Ууганбаяр III байр – “Монгени” ахлах сургуулийн сурагч М.Хулан Тусгай байр – 60 дугаар дунд сургуулийн сурагч Э.Сарнай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шагналаар- 14 дүгээр дунд сургуулийн сурагч О.Батбаатар нар шалгарчээ. Мэргэжлийн уран бүтээлчидээс: I байр – зураач Н.Мөнхбат II байр – зураач Ж.Сэргэлэнболд III байр – зураач Г.Золбоо нар тус тус байр эзэлсэн байна.
ГССҮТ-ийн эмч, ажилтнууд гурван хоногийн дараа ажил хаяна
ГССҮТ-д шинээр томилогдсон Ц.Энхбаяр даргыг эсэргүүцэн тус эмнэлгийн 184 эмч, ажилчид өнгөрсөн сарын 30-нд ажлаас халагдах өргөдлөө өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1 дэх заалтад тухайн ажилтан өргөдөл өгсөнөөс хойш 30 хоногийн дараа ажлаа орхих эрхтэй гэж заасан байдаг. ГССҮТ-ийн эмч нарын хувьд энэ хугацаа нь гурван хоногийн дараа дуусах юм байна. Өөрөөр хэлбэл, 91 эмч, 92 сувилагч энэ сарын 30-нд хүссэн хүсээгүй ажлаасаа чөлөөлөгдөнө гэсэн үг. Тиймээс МҮЭХ болон Эрүүл мэндийн ажилтаны ҮЭ-ийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд “тус эмнэлэгт үүсээд байгаа асуудлын талаар харилцан ойлголцол, зөвшилцлөөр асуудалд хандах бодлогыг ҮЭ-ийн байгууллага баримталж ирлээ. Шинэчлэлийн Засгийн газар ард түмнээ сонсдог, асуудаг механизмаа хэрэгжүүлж, тус эмнэлгийн эмч, ажиллагсадтай нэн даруй уулзан үүссэн нөхцөл байдлын талаар  үнэн зөв, бодит мэдээллийг авч, асуудлыг шийдэх хэрэгтэй байна” гэсэн юм. Х.Амгаланбаатар: Эмч нарын асуудлыг Засгийн газрын хүрээнд авч хэлэлцэхийг шаардахаас аргагүй байдалд байна. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Н.Удвалын шийдвэр өөрчлөгдөхгүй бол дээрх нэр бүхий 184 ажилтан нэгэн зэрэг ажлын байраа орхихоос өөр арга байхгүй. Энэ тохиолдолд эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ, яаралтай тусламжийн үйл ажиллагаанд доголдол, хүндрэл гарах өндөр эрсдэлтэй. Үүнээс болж ард иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол гарахгүй гэх баталгаа байхгүй. Эцсийн дүнд энэ бүхний хариуцлагыг хэн үүрэх юм гэж байлаа. Одоогийн байдлаар удирдлагын зүгээс нарийн мэргэжилийн гурван эмчийг ажлаас халсан бөгөөд өнөөдөр тэдний хийдэг мэс засал, эмчилгээ үйлчилгээ доголдож, орлох эмч байхгүй байгааг ч хэлсэн. Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын хүрээнд авч хэлэлцэхийг шаардахаас өөр арга алга гэж МҮЭХ-ны дарга Х.Амгаланбаатар мэдээллээ. III төв эмнэлгийн үйлдвэрчиний эвлэлийн холбоон дарга С.Туяагаас нөхцөл байдлын талаар тодрууллаа. -Зарим эмч нар ажлаас халагдах өргөдлөө татсан гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү? -Огтхон ч тийм зүйл болоогүй. -Удирдлагын зүгээс яг хэчнээн хүн халчихаад байна вэ? -Нийт найман хүн халсаны гурав нь яг нарийн мэргэжилийн мэс засал гардаж хийдэг эмч нар байсан. Үүнээс болоод гурван тасагт эмчилгээ үйлчилгээ хийхэд шийдвэр гаргах эмчгүйгээс төвөгтэй байдал үүсээд байна. -Хуульд заасан 30 хоног дууссаны дараа эмч нар ажлаа хаях уу? -Бидний хөндсөн асуудлыг шийвдэрлэж өгөхгүй бол хаяхаас өөр аргагүй.
Үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай тогтоолыг анхны хэлэлцүүлгээр баталлаа
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр уг асуудлыг горимын саналын дагуу анхны хэлэлцүүлгээр нь баталсан юм. Дараа нь гишүүн С.Ганбаатар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан. Үүний дараа эдгээр хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Үдээс өмнөх хуралдаанаар “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ.
Хийн түлшний хомсдол үүсээгүй
Газ зарахыг хориглосон, газны хомсдол үүсээд байгаа гэх мэдээлэл цуураад байсан.  Тиймээс бид дээрх мэдээллийг үнэн бодитой эсэхийг “Юни Газ” ХХК-ийн Бизнес хөгжлийн албаны захирал Л.Болдбаатараас тодрууллаа. -Гадуур газ зарагдахгүй байна гэсэн санал, гомдол иргэдээс ирж байна? -Монголд газ зардаг долоо, найман аж ахуйн нэгж байдаг. Үүнээс авто газ зардаг газ­рууд нь “Юни газ”, “Гор газ”, “Даш­ваанжил” гэсэн гурван ком­­­­пани юм. Юни газын хувьд өнгөрсөн долоо хо­ногийн ням га­рагаас эх­лээд өчигдрийг хүртэл газ тасарсан нь үнэн.  Л.Болдбаатар:  Юни газын хувьд өнгөрсөн долоо хоногийн ням га­рагаас эхлээд өчигдрийг хүртэл газ тасарсан нь үнэн. Манай байгууллага газаа ОХУ-ын хоёр компаниас импортолдог. Энэ хоёр компанийн үйлдвэр нь жил бүрийн 9, 10 дугаар сард урсгал засварт ордог юм билээ.  Үүнээс болоод тасалдсан.   -Ямар шалтгааны улмаас та­салдсан бэ? -Манай байгууллага газаа ОХУ-ын хоёр ком­па­ниас импортолдог. Энэ хоёр компанийн үйлд­вэр нь жил бүрийн 9, 10 дугаар сард урсгал зас­варт ордог юм билээ.  Бид үүнийг нь тоо­цоо­лоод за­хиалгаа өгсөн бай­сан. Гэвч баталгаажуулж өгсөн захиалгаа дахиад хэд хоногоор хойшлуулсан. Үүнээс болоод манай бай­гууллага гурав, дөрвөн хоног тасалдаад байна.  -Хэзээнээс хэвийн үйл ажил­лагаандаа орох вэ? -Өнөөдрөөс /өчигдөр/ эхлээд манай станцууд хэвийн ажиллаж байгаа. “Даш­ваанжил”, “Гор газ” өнгөрсөн хуга­цаанд тасал­дал гараагүй гэж бодож байна. Гадуур таг та­сарсан зүйл бол болоогүй. Манай компанийн хувьд л хэдэн хоногийн тасалдал гарсан.  -Хүнсний зах, дэл­гүү­рээр за­рагддаг байсан ахуйн хэрэглээний газ за­­рагдахаа больчихсон байна лээ?  -Гадуур газ зарахыг хо­риглосон байна гэсэн яриа гарсан. Газны хэрэг­лээ олон янз байдаг. Авто машин, айл өрх, байгуул­лагууд, ний­тийн хоолны газар, ба­рилгын компаниуд, ла­бо­раториуд гэх зэ­рэг хэ­рэглээ маш өндөр байдаг.  Тиймээс хориглосон зүйл огт байх­гүй. Ха­рин хүнсний зах болон дэл­гүүрүүдээр худал­даа­лахгүй зөв­хөн барилгын дэлгүүрүүдээр худал­дана гэсэн дүрэм гарсан.
Орон сууцны зээлд 200 тэрбумын бонд гаргана
Урт хугацаатай, найман хувийн хүүтэй иргэдэд олгосон орон сууцны зээлийг бонд болгон олон улсын зах зээлд худалдахад бэлэн болсон талаар Монголын ипотекийн корпарациас мэдээллээ. Одоогоор 200 тэрбум төгрөгийн багцыг эхний бондод оруулахаар бэлтгэсэн бөгөөд энэ ондоо багтааж зах зээлд гаргах гэнэ. Эхний бонд гарснаас хойш цаашид үргэлжлээд явах юм байна. Одоогийн байдлаар зээлийн дүнгээрээ 940 орчим тэрбум төгрөгийг иргэдэд найман хувийн хүүтэй зээл олгоход зарцуулжээ. Хуучин олгосон зээлийг найман хувь болгож хөрвүүлсэн нь нийт зээлийн талыг эзлэх бөгөөд шинээр орон сууц авсан иргэдэд 490 орчим төгрөгийн зээл олгосон байна. Дашрамд дурьдахад, цаашид найман хувийн хүүтэй зээл үргэлжлэх бөгөөд нэлээн нарийн шалгуурыг давсан тохиолдолд арилжааны банк зээлээ олгоод явна гэж холбогдох байгууллагаас мэдэгдэж байгаа юм.
АНУ Ангела Меркелийг тагнаж байсан уу
Германы канцлер Ангела Меркель АНУ-ын тагнуулын алба Европын хэд хэдэн орны удирдагч, яам, сайд нарын утсыг чагнаж, цахим шууданг уудалсан гэх шуугиан дэгдээд байгаа билээ. Эдгээрийн дотор Америкийн тагнуулууд Германы канцлер Ангела Меркелийн гар утасны яриаг чагнаж, хянадаг байсан гэх яриа ихээхэн шуугиан дэгдээгээд байна. Энэ мэдээлэл ор үндэсгүй гэдгийг Цагаан ордны тэргүүн канцлерт тайлбарлажээ. Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы лидер Ангела Меркель нар яаралтай утсаар холбогдож ярилцсан байна. Дээрх мэдээлэл ор үндэсгүй гэдгийг Цагаан ордны тэргүүн канцлерт тайлбарлажээ. А.Меркель дээрх мэдээлэлд даруй тайлбар хийхийг АНУ-ын талаас шаардсан аж. АНУ-ын тагнуулын албад Мексикийн Ерөнхийлөгч, Засгийн газрын сайд нарын цахим шуудан руу нэвтэрч мэдээлэл цуглуулдаг байсан нь ил болсон юм. Үүний дараа Испани, Франц, Герман зэрэг орны лидерүүдийн утасны яриаг чагнадаг байсан тухай шуугиан дэгдээд байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хүндэтгэлтэйгээр угтан авлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг гэргий Х.Сэлэнгэ, дагалдан яваа хүмүүсийн хамт өнөөдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян төв талбайдаа цэргийн жагсаал, ёслолын буудлагатай хүндэтгэн угтлаа. Ли Көцян: Стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, ирэх жилүүдэд хамтран хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөөг тодруулан гаргахад чухал ач холбогдол өгнө гэдэгт итгэж байна. Ерөнхий сайдын айлчлал хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, ирэх жилүүдэд хамтран хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөөг тодруулан гаргахад чухал ач холбогдол өгнө гэдэгт итгэж байгаагаа ноён Ли Көцян хэллээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяний урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Засгийн газрын тэргүүний айлчлалд өндөр ач холбогдол өгч, найрсгаар хүлээн авч байгаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг талархал илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хятадын төрийн удирдлагуудтай уулзаж, хэлэлцээр хийхээсээ өмнө зарим муж, бүс нутгаар зочилж хамтын ажиллагааны санал солилцсон юм. Өнөөдөр Бээжин хотноо Ардын их хурлын ордонд БНХАУ-ын төрийн өндөрлөгүүдтэй уулзалт, хэлэлцээрүүд хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
“Титаник”-аас олдсон хийл хөгжим 1.7 сая доллараар зарагджээ
“Титаник”-аас олдсон хийл хөгжим 1.7 сая доллараар зарагджээ Тэртээ XX зууны эхэнд Шотландаас Нью-Йоркийг зорьж явахдаа осолдсон “Ти­та­ник” хөлөг онгоцны за­рим олдворууд асар их үнэд хүрдэг.  Тэгвэл тус онгоцны элит давхраас олдсон хийл хөгжим 1.7 сая ам.доллараар дуудлага худалдаагаар бор­логджээ. Нэрээ нууцалсан эр­хэм тус хий­лийг “Түүхийн үнэт олдвор. Үе дамжуулан гам­наж, хайр­­­­лах бол­но” гэ­жээ.  Түүх сөх­вөл тус хийл “Ти­та­ник” дээр зорчиж яв­­сан Уоллес Хартли хэмээх хөгжимчин эрийн өмч бөгөөд 1912 онд нас барах үедээ хөлөг онгоц­ны хамгийн дээд давхарт хөгжим тоглож, бага сага мөнгө олдог байжээ. Тэрээр Саутхэмптоноос Нью-Йор­кийг зорьж явсан гэнэ.
Хүндэтгэлийн хуралдаанд Канад Улсын Амбан захирагч үг хэллээ
Хүндэтгэлийн хуралдаанд Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон үг хэллээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Канад Улсын Амбан захирагч, эрхэмсэг ноён Дэвид Жонстон Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан дээр үг хэллээ. Хүндэтгэлийн хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд нээсэн юм.  Канад Улсын Амбан захирагч, эрхэмсэг ноён Дэвид Жонстон үг хэлэхдээ, Монгол Улсад анхны төрийн айлчлал хийж, Монгол Улсын Их Хуралд хандан үг хэлэх завшаан тохиож байгаа нь миний хувьд нэн хүндтэй үйл явдал хэмээн үзэж байгаагаа тэмдэглээд, бид газар зүйн байршлаараа тусгаарлагдсан хэдий ч алслагдсан орон зайг даван туулах нийтлэг туршлага, чадвараараа нэгдмэл гэдгийг онцоллоо. Дэвид Жонстон: Монголчууд Та бүхэн улирах хугацаа, угтах ирээдүйн бэрхшээл, боломж алинтай нь ч учирсан энэхүү нөхөрлөлөө Канад Улс хэзээд эрхэмлэн дээдлэх болно. Мөн хоёр орны харилцааны талаар, сүүлийн жилүүдэд нэн ялангуяа байгалийн нөөц ашиглалтын салбарт төвлөрч ирсэн хоёр орны харилцаа өнөөгийн цаг үед нийтлэг сонирхол, нэгдмэл үйл ажиллагаа бүхий өргөн цар хүрээг хамран хөгжиж байгааг цохон тэмдэглэв. Шүүх, төрийн алба, хууль тогтоох байгууллагуудыг хүчтэй, ил тод, үр бүтээлч байдлаар хөгжүүлэхийн чухлыг дурдаад манай хоёр орон хамтдаа Монгол Улсын төрийн албаны үйлчилгээг иргэн төвтэй, ил тод, хариуцлагатай, нам бус бөгөөд илүү мэргэшсэн чиглэлээр хөгжүүлэхийн төлөө боломжит урт хугацааны дэмжлэгийг эрэлхийлэн судалж байгаад сэтгэл хангалуун байна. "Монгол Улс өөрийн хосгүй өөрчлөлтийн замаар хөгжиж байна" Хоёр улсын хооронд худалдааны эргэлт эрчимтэй өсч байгаа нь баярлууштай юм гээд харилцан ашигтайгаар эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн баяжуулах гайхалтай боломж бий. Нэн ялангуяа боловсрол, барилгын технологийн салбарууд нь ирээдүйд үр өгөөжтэй байж болохуйц түвшинд тооцогдож байна.   Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх хугацаанд үүргээ амжилттай гүйцэтгэж, нэн ялангуяа Монгол Улсын манлайлал дор иргэний нийгмийг бэхжүүлэн чадавхжуулах үйлсэд дорвитой ахиц гарсан. Нэн ялангуяа боловсрол, барилгын технологийн салбарууд нь ирээдүйд үр өгөөжтэй байж болохуйц түвшинд тооцогдож байна. “Ардчиллын боловсрол олгох хөтөлбөр”-ийг боловсруулахад Канад, Монгол хоёр улсын хамтын хүчин чармайлтыг онцлон тэмдэглэхийн сацуу Канад Улс цэргийн сургуулилтын хөтөлбөрүүдээрээ дамжуулан Монгол Улсын олон улсын энхийг сахиулах чадавхийг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгааг онцоллоо. Ирэх сард тэмдэглэх гэж буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн хугацаанд бидний нөхөрлөл, дипломат харилцааны хүрээнээс хальж эдүгээ бусад олон төвшин, үйл ажиллагааны төрлийг хамарсан хүчирхэг бөгөөд цэцэглэнгүй хөгжлийн зэрэгт хүрснийг тэмдэглээд “Монгол Улс өөрийн хосгүй өөрчлөлтийн замаар хөгжиж байна. Монголчууд Та бүхэн улирах хугацаа, угтах ирээдүйн бэрхшээл, боломж алинтай нь ч учирсан энэхүү нөхөрлөлөө Канад Улс хэзээд эрхэмлэн дээдлэх болно” гэлээ.    Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд хүндэт зочинд хандаж, халуун дотно үг хэлсэн явдалд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлээд түүнд ажлын амжилт хүсч Монгол Улсад тавтай зочлохыг ерөөлөө.
Гурил үйлдвэрлэгчид үнээ нэмэх санал гаргажээ
Үйлдвэрлэгчдэд нэг тонн улаанбуудайг 360-420 мянган төгрөгөөр зарж байгаа Өнөөдрийн байдлаар тариаланчид гурил үйлдвэрлэгчдэд нэг тонн улаанбуудайг 360-420 мянган төгрөгөөр зарж байгаа. Энэ үнийг салбарын яам, тариаланчид, үйлдвэрлэгчид хамтран зөвшилцсөний үндсэн дээр тогтоожээ. Гэвч үйлдвэрлэгчид улаанбуудайн үнийг өндөр байна гэж үзэж, зүгээс гурилын үнээ нэмэх санал гаргажээ. Харин салбарын яам ургац хураалт дууссаны дараа дахин ярилцаж шийдвэрлэхээр болсон гэх хариуг өгсөн байна.
27 дугаар их хуралд орон нутгаас 791 төлөөлөгч уригджээ
90 гаруй жилийн түүхтэй улстөрийн ууган хүчин болох МАН-ын 27 дугаар Их хурал энэ сарын 27-29-нд болно. Тусгаар тогтнолын ордонд болох уг их хуралд намын 200 гаруй мянган гишүүдээс сонгогдсон 1134 төлөөлөгч оролцох юм. Нийслэлээс 343 төлөөлөгч оролцох бол орон нутгаас 791 төлөөлөгч уригджээ.
Канадын иргэд манай улсад 30 хүртэлх хоног визгүй зорчихоор боллоо
Канадын иргэд манай улсад 30 хүртэлх хоног визгүй зорчихоор боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж байгаа Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстоны айлчлалын хүрээнд Монгол, Канадын талууд нэг баримт бичиг солилцож, хоёр баримт бичигт гарын үсэг зурав. Канад улсын иргэдийг 30 хүртэл хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчихыг зөвшөөрсөн ноот бичгийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Гөүлдхок нар солилцлоо. Мөн Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Канадын Арилжааны корпорац хооронд хөдөөгийн малчдын амьдралын төвшинг дээшлүүлэх чиглэлээр харилцан ойлголцох санамж бичигт Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Гөүлдхок нар гарын үсэг зурав. Монгол Улсын ХААИС, Канадын Саскатчеваны Их сургуулийн хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Канадын Саскатчеваны Их сургуулийн Хөдөө аж ахуй, био нөөцийн сургуулийн захирал Мэри Бухр нар гарын үсэг зурлаа.
Гоо сайхны хагалгаа түргэн хөгшрүүлдэг
Үүний гол шалтгаан нь мэдээж заяамал эрхтний оронд байрлуулсан хиймэл эд юм байна Шведийн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрчээ. Дэлхийн зуу, зуун бүсгүйчүүд давхраа оёулахаас эхлээд хамраа өндөрсгөж, өөхөө соруулах нь одоо нэгэнт энгийн үзэг­дэл болсон.  Тэгвэл Шве­дийн Сто­кольмийн их сургуулийн эрдэмтэд гоо сайхны хагал­гаа хийлгэсэн хүн бусадтай харьцуулахад түргэн хөг­ширдөг.  Учир нь хүний байгалиас заяа­сан эрхтний оронд боди­­­сын солилцооны идэвх султай хиймэл резинэн, протез бүрхэвч нь цусны эргэлтийг эрс удаашруулдаг. Мөн байх ёстой хэмжээнээсээ хэт турсан бүсгүйчүүдэд хөгшрөлт түргэн явагдаж, арьс нь гунддаг гэж үзжээ. Юун түрүүнд нүүрний гажиг засах мэс ажилбарт орсон бүсгүйчүүдэд нүд улайх, үс бууралтах эмгэг илрэх болжээ.  Үүний гол шалтгаан нь мэдээж заяамал эрхтний оронд байрлуулсан хиймэл эд юм байна.
Чингисийн талбайд нээлттэй хаалганы өдөрлөг болж байна
Чингисийн талбайд Сүхбаатар дүүргийн нээлттэй хаалганы өдөрлөг болж байна. Өдөрлөгийн үеэр тус дүүргийн эрүүл мэндийн нэгдлээс иргэдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулж даралт, биеийн жингийн индекс, сахарын шинжилгээ авах үйлчилгээ үзүүлж байна. Харин Иргэний бүртгэлийн хэлтэс энэ үеэр шинээр төрсөн хүүхэд болон залуу гэр бүлд гэрлэлтийн гэрчилгээ олгож байгаа юм. Мөн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс портез, ортепид олгож байгаа бол Замын цагдаагийн тасаг өдөрлөгийн үеэр эрхээ хасуулсан жолооч нараас шалгалт авах юм байна. “Дүүргийн хөгжилд-Иргэдийн оролцоо” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Хороодын ажлын алба болон тамгын газрын дэргэдэх бүх хэлтэс албад төрийн байгууллагууд  мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй ААНБ-ууд оролцож байна.
Зам барилгын 52 аж ахуйн нэгжээс 88 зөрчил илэрчээ
Хилийн цэсийн найман тэмдэгтийг устгасан байжээ Татвар төлөгчдийн бүрдүүлдэг улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй зам, замын байгууламжийн ажлуудыг МХЕГ-аас шалгажээ. Улсын хэмжээнд нийт 52 аж ахуй нэгжийн  бичиг баримтын бүрдэлт, зураг төслийн боловсруулалт, угсралтын ажил, материалын чанар байдал, ашиглалт, аюулгүй ажиллагааг шалгахад нийт 88 зөрчил илэрсэн байна. Дээрх зөрчлүүдийн 87,5 хувийг газар дээр нь  арилгуулсан, 12,5 хувь нь зөрчлөө арилгах шатандаа явж бөгөөд зөрчил гаргаж “Авто замын тухай”, “Захиргааны хариуцлагын тухай” хуулийг зөрчсөн аж ахуй нэгжүүдийг нийт долоон сая таван зуун мянган төгрөгөөр торгожээ. Шалгалтад хамрагдсан 52 обьектоос 10-ынх нь ажил бүрэн дууссан. Харин улсын комисс хүлээж авалгүй шалгаж байгаа юм байна.
Дуучин A cool зүрхэндээ байгаа бүхнээ уудална
Дуучин A Cool Жил бүр тоглолтоо хийдэг хэмээн шүүмжлэлд өртдөг дуучдын нэг бол A cool буюу Б Анхбаяр. Тэрбээр ойр ойрхон тоглолт хийдэг ч тоглолт бүрт нь шинэ уран бүтээл арвин байдаг. Шинэ уран бүтээлээр тасардаггүй гэхээр хөдөлмөрч гэж үнэлмээр ч юм шиг. Юутай ч уламжлалт тоглолтынхоо энэ удаагийнхыг “Зүрхэнд” гэж нэрлэжээ. Уг тоглолтоо “Зөөлөн хайр” цомгийн баяртайгаа хавсарган хийж байгаагаараа онцлог юм. Өмнө нь “Найрамдал” хүүхдийн зуслангийн багшаар ажиллаж байсан болоод ч тэр үү, түүний фэнүүдийн олонхи нь өсвөрийнхөн байдаг юм билээ.
Шинэ төмөр замын ажил эргэлзээ дагуулсаар байна
Гашуун сухайт-Ухаа худаг чиглэлийн 237 км төмөр зам тавих ажлын газар шорооны буюу далан барих ажлыг энэ онд дуусгах төлөвлөгөөтэй байсан. Гэвч даланг барих хайрганы карьерийн байршил холдсон гэсэн шалтгаанаар удааширчээ.  Одоогийн байдлаар энэ ажил 58 хувьтай өрнөж байгаа бөгөөд ирэх сарын 15 хүртэл үргэлжилж  80 хувьтай болоод энэ жилдээ зогсох талаар зам тээврийн сайд А.Гансүх мэдээлсэн. Иргэн Л.Даваапил Тэгвэл иргэн Л.Даваапил өнөөдөр сэтгүүлчдэд хандаж төмөр замын ажил 58 хувьтай явж байгаа гэсэн тоог үгүйсгэсэн бөгөөд түүний үзэж буйгаар замын ажил 2-3 хувьтай явж байгаа гэнэ. Мөн “Төмөр замын царигаа ямар байхыг тогтоолгүй замын ажлаа эхлэж, замын дэр модыг хотоос тээвэрлэхээр болсон нь ухаангүй үйлдэл бөгөөд ийм янзтай тавигдаж байгаа зам стандартын шаардлага хангасан чанартай, аюулгүй зам болж чадах эсэх нь эргэлзээтэй” хэмээн ярьсан юм.
МАН-ын бүлгийн гишүүд Үндсэн хуулийн Цэцэд ханджээ
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ҮХЦ-д ханджээ МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, бүлгийн Ажлын албаны дарга Д.Батбаатар, намын даргын зөвлөх Б.Энхбаяр нар Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын хоёроос илүүгүй байнгын хороонд харъяалагддаг, харин олонхыг бүрдүүлж буй нам, эвслийн бүлгийн гишүүд гурван байнгын хороонд харъяалагдаж байгаа нь парламентат ёсыг гажуудуулж байна гэдэг үндэслэлээр ийн хандсан байна.  Байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнийг тогтоохдоо нам, эвслийн бүлгийн УИХ дахь суудлын тоо, олонх, цөөнхийн харьцаа зэргийг харгалзахгүйгээр АН-ын гишүүд гурван байнгын хороонд, харин МАН-ын бүлгийн гишүүд нэг, хоёр байнгын хороонд харъялагдаж байгаа нь УИХ-ын гишүүдийн дунд эрх зүйн ялгаврлыг бий болголоо гэж өргөдөл гаргагчид үзэж байгаа аж.
Соёлын өвийг үнэ төлбөргүй хэрэглүүлэх хүсэлт явуулжээ
Өртөг өндөртэй хэрнээ ашиг олдоггүй нэвтрүүлэгт хүүхдийн нэвтрүүлэгүүд багтдаг. Тиймдээ ч манайд үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүдийн ихэнх нь хүүхдийн нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэггүй гэхэд болно. Тэгвэл ССАЖЯ-наас хэвлэл мэдээлэл, радио, телевизийн байгууллагын удирдах зөвлөл болон дарга нарт хүсэлт хүргүүлжээ. Хүсэлтэд “Хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлж, төлөвшүүлэн гэгээрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын  дэмжлэг нэн чухал байна.  Та бүхэн сургуулийн өмнөх болон бага ангийн сурагчдад зориулж хүүхдийн үлгэр, туульсын цаг гаргах, нэвтрүүлэг бэлтгэх ажлыг уран бүтээлийн бодлогодоо тусгахыг хичээнгүйлэн хүсье.  Хэрэв энэ чиглэлийн нэвтрүүлэг бэлтгэвэл бид  ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн болон Соёлын өвийн төв, Үндэсний номын сангийн мэдээллийн баазуудыг түшиглэн шаардлагатай мэдээллийг ашиглах боломжоор хангаж,  сонгосон бүтээлийг өв сангаас үнэ төлбөргүй гаргаж өгөх бүрэн боломжтой гэдгийг дуулгахад таатай байна” хэмээжээ.
Канад Улсын Амбан захирагчийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал эхэллээ
Канад Улсын Амбан захирагч, эрхэмсэг ноён Дэвид Жонстон, гэргий эрхэмсэг хатагтай Шэрон Жонстоны Монгол Улсад хийж буй төрийн айлчлал өнөөдөр эхэлж, хоёр улсын далбаа мандсан Эзэн Чингисийн талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаагийн хамтаар хүндэт зочдоо угтан авлаа. Эрхэмсэг ноён Дэвид Жонстоны Монгол Улсад хийж буй айлчлал нь Канад Улсын Амбан захирагчийн манай улсад хийж буй анхны Төрийн айлчлал болж буй юм. Түүнийг дагалдан Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Грегори Гөүлдхок, тус улсын парламентын гишүүн, Парламентын Нарийн бичгийн дарга Чунгсен Леунг, парламентын гишүүн Өрл Дреешен, Скот Симмс, Уай Янг нарын албаны зочид айлчлалын бүрэлдэхүүнд багтсан байна. Албан ёсоор угтах ёслол болсоны дараа Канад Улсын амбан захирагч Д.Жонстон Эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж Төрийн ордны хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хүндэт зочноо төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд хүлээн авч ганцаарчлан уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ Монгол-Канад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан Канад Улсын Амбан захирагчийн хувиар анх удаа Монгол Улсад айлчлан ирж буйд талархал илэрхийлээд Монгол орны өнөөгийн нийгэмд эдийн засгийн байдлын талаар товч танилцуулав. Канад Улсын Амбан захирагчийн хувьд Монголын түүх, Чингис хааны дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр болоод Монголчуудын хүн төрөлхтөний түүхэнд үлдээсэн өвийн талаар сонирхон судалдгаа нэлээд эртний түүхтэй, элгэсэг дотно Монгол оронд зочлон ирсэндээ баяртай байгаагаа хэлэв. Мөн тэрээр таван үе дамжсан Фермер гэдгээ онцлоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Монголын нүүдлийн соёл, Ардчилсан хувьсгалын тухай асууж сонирхсон юм. Ийнхүү хоёр орны төрийн тэргүүн нарын ганцаарчилсан уулзалтын үеэр хоёр тал нь ардчилал, хүний эрхийг дээдэлсэн иргэний нийгмийн үнэт зүйлээрээ ижилсэж ирсэн шигээ олон салбарт хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх тухай ярилцав.   Дашрамд дурьдахад Канад Улсын Амбан захирагч Дэвид Ллойд Жонстон нь 1941 оны 6 дугаар сарын 28-нд Онтарио хотноо төрсөн. Тэрээр Харвард, Кембридж, Куинсийн их сургуулийг тус тус дүүргэсэн бөгөөд олон жил судалгаа шинжилгээний салбарт ажиллаж Мак Гилийн их сургуулийн ректороор ажиллажээ. Тэрээр 2010 оны 10 дугаар сарын 1-нд Канад Улсын 28 дахь Амбан захирагчийн тангараг өргөсөн байна.
Цэрэг татлагад хамрагдсан залуусын 24 гаруй хувь нь өвчний улмаас чөлөөлөгджээ
Нийслэл хотод цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагыг найман дүүрэгт энэ сарын 18-20-ны өдрүүдэд явуулсан. Цэрэг татлагад иргэдийн  93.4% хувь нь хамрагджээ. Харин 24.6% нь өвчнөөр, 7.1% нь гачигдлаар, 60.9% нь суралцахаар, 7.4 хувь нь бусад шалтгаанаар цэрэг татлагаас чөлөөлөгдсөн байна. Хүснэгтээр: Цэрэг татлагаас чөлөөлөгдсөн байдал Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын 23.6% хувь нь дээд, тусгай дунд 72.7 хувь нь бүрэн, бүрэн бус дунд, 3.5 хувь нь бага боловсролтой байжээ. Хүснэгтээр: Цэргийн албанд татагсдын боловсрол Энэ удаагийн цэрэг татлагаар гэрээт цэргийн албанд 12 иргэн элсүүлсэн байна. Мөн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр 946 иргэн хааж улсын төсөвт 357,4 сая төгрөгийг төвлөрүүлжээ.
Ерөнхий сайд БНХАУ-ын төрийн дээд удирдлагуудад бараалхлаа
Ерөнхий сайд урд хөршид айлчилж байгаа. Тэрбээр БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нарт бараалхлаа. Си Зиньпин: Хагас жилийн хугацаанд Монгол Улсын төрийн гурван өндөрлөгтэй уулзсан нь манай хоёр орны харилцааны өндөр түвшинг илтгэж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Монголын томоохон улстөрчдийн нэг гэж хүндэтгэдэгээ Си Зиньпин дарга илэрхийлэхийн ялдамд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэндчилгээ дэвшүүлж байгааг нь дамжуулж өгөхийг хүслээ. “Энэ оны гуравдугаар сард Хайнанд УИХ-ын дарга З.Энхболдтой, есдүгээр сард Киркизэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой, харин одоо Засгийн газрын тэргүүнтэй эх орондоо уулзаж байна. Хагас жилийн хугацаанд Монгол Улсын төрийн гурван өндөрлөгтэй уулзсан нь манай хоёр орны харилцааны өндөр түвшинг илтгэж байна” гэж ноён Си Зиньпин онцлон хэлсэн юм. Хоёр Ерөнхийлөгчийн өмнө ярилцсан асуудлуудыг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газрын тэргүүний хувьд анхаарч ажиллахаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариу илэрхийлж, энэ удаагийн айлчлалын үеэр хэлэлцсэн чухал асуудлуудыг шуурхай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахыг Хятадын төрийн дээд удирдлагаас хүслээ. Хятадын хууль тогтоох дээд байгууллагын дарга ноён Жан Дөзянтэй хийсэн уулзалтын үеэр Хятадын тал энэ айлчлалд өндөр ач холбогдол өгч байгааг онцлоод, Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувиар БНХАУ-д амжилттай, үр дүнтэй айлчлал хийж, чухал ач холбогдолтой олон баримт бичигт харилцан гарын үсэг зурсанд Парламентын нэрийн өмнөөс баяр хүргэлээ. Түүнчлэн, хоёр орны бүх түвшний хамтын ажиллагаанд ахиц дэвшил гаргахын төлөө хүчин чармайлт гаргаж ирсэнд гүн талархал илэрхийллээ. Энэ оны дөрөвдүгээр сард УИХ-ын дарга З.Энхболд Бээжин хотноо ноён Жан Дөзянтай уулзаж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны талаар тодорхой тохиролцоонд хүрснийг Ерөнхий сайд тодотгоод УИХ-ын дарга З.Энхболдын халуун мэндчилгээг Хятад улсын хууль тогтоох дээд байгууллагын дарга Жан Дөзянд дамжууллаа. Айлчлалынхаа хүрээнд Монгол Улстай ойр дөхөм байрлалтай, хамтын ажиллагаанд шинэ үүд хаалга нээх боломжтой хоёр мужид зочлон тодорхой асуудлуудаар санал солилцсоныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд, хэлэлцсэн асуудлуудыг ажил хэрэг болгоход БНХАУ-ын хууль тогтоогчдын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Канад Улстай албан ёсны хэлэлцээ хийв
Канад Улстай албан ёсны хэлэлцээ хийлээ Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстоныг хүлээн авсныхаа дараа албан ёсны хэлэлцээнд урив. Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Канад Улсын эрхэмсэг хүндэт Амбан захирагч Д.Жонстон Танд миний урилгыг хүлээн авч, Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаад бид баяртай байна. Хоёр улсын хоорондын харилцааг чухал болгож байдаг хүчин зүйлүүд бий. Юуны түрүүнд бидний үнэт зүйлс ижил. Мөн бид байршлын хувьд хол ч гэсэн олон зүйлсийн хувьд адил. Мөн бид хүчирхэг том хөрш орнуудтай хиллэдэг болон цаг уурын хувьд ижилхэн. Түүнчлэн уул уурхай эдийн засгийн салбарт хамтран ажиллах боломжийг бидэнд олгодог” гэв.   Дараа нь Канад Улсын Амбан захирагч Д.Жонстон хэлэхдээ “Биднийг халуун дотноор хүлээн авсанд өөрийн зүгээс болон хамт яваа хүмүүсийн өмнөөс талархсанаа илэрхийлье. Таны хэлсэнчлэн бид Монгол Улс болон Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ үеэр би Амбан захирагчийнхаа хувиар Монголд зочилж байгаадаа сэтгэл хангалуун байна. Таны хэлсэнчлэн бид олон үнэт зүйлсийг хуваалцдаг. Мөн хуулийн тэгш хэрэгжилт, ардчиллын тогтолцоо, олон нийтийн албаны боловсролын асуудлаар та богино хугацаанд их зүйлийг хийснээ дурдсаныг санаж байна.   Та бүхэн 1990-ээд оны ардчилсан хувьсгалыг цус урсгалгүй хийсэнд бид бахархдаг. Бид түншлэлээ улам бүр хөгжүүлэхийн тулд таны зөвлөгөө дэмжлэгийг хүлээж байна.   Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Өвлийн улирал хаяанд ирсэн өнөө үед Монголд ийм сайхан цаг агаартай байх нь ховор. Та бүхэнд бидэнд ийм сайхан цаг агаарыг авчирсанд баярлалаа. Энэ бол та бүхэн чин сэтгэлээр, сайхан санаа агуулан бидэнд ирсний илрэл гэж би хувьдаа бодож байна. Та бүхний айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд томоохон түлхэц болно гэдэгт бид итгэж байна”.   Канадын Амбан захирагч Д.Жонстон хариуд нь хэлэхдээ “Энэ сайхан цаг агаар, энэ сайхан нарны туяаг эх орондоо авч очихсон. Хэдийгээр бидний айлчлал богино хугацаанд өрнөсөн ч гэсэн бидэнд үнэхээр сайхан дурсамж үлдлээ. Одоо би эх орондоо очоод, айлчлалынхаа талаарх дурсамжийг ач зээ нартайгаа хуваалцах болно. Та бүхэнд баярлалаа” гэв. Канад Улстай албан ёсны хэлэлцээ хийв Уг хэлэлцээнд Монголын талаас Ерөнхийлөгчийг дагалдан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул, УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Спорт, соёл, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нарын албаны төлөөлөгчид байлцлаа. Канад Улсын талаас Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Грегори Гөүлдхок, Парламентын гишүүн, Парламентын нарийн бичгийн дарга Чунгсен Леунг, Парламентын гишүүн Өрл Дреешен, Парламентын гишүүн Скотт Симмс, Парламентын гишүүн Уай Янг болон албаны бусад хүмүүс байлцав.
Айлчлалын үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ
Сэтгүүлчдэд айлчлалынхаа талаар мэдээлэл өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстон нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Канад улсын Амбан захирагч, эрхэмсэг ноён Дэвид Жонстон, Монгол, Канадын хэвлэлийн төлөөлөгчид та бүхний өдрийн амгаланг айлтгая. Миний урилгыг хүлээн авч Монгол Улсад айлчилж байгаа эрхэмсэг ноён Дэвид Жонстонтой сая албан ёсны хэлэлцээ хийлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц, уул уурхай, эрүүл мэндийн салбарт Монгол, Канадын хооронд хамтран ажиллах өргөн боломж байгаа талаар ярилцлаа. Энэ айлчлал бол Канадын талаас хийж байгаа анхны төрийн айлчлал юм. Мөн Канад-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд болж байгаа чухал айлчлал юм. Бид олон салбарт хамтран ажиллах боломжтой. Канад улс, Монгол Улсын харилцаа нь ижил үнэт зүйлсээр холбогдож байдаг. Канадын Засгийн газар, төр Монгол Улсыг ардчилсан нийгэмд шилжихэд эхнээс нь дэмжиж ирсэнд бид их талархаж байдаг. Айлчлалын хүрээнд олон баримт бичигт гарын үсэг зурснаас гадна хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц, уул уурхай, эрүүл мэндийн салбарт Монгол, Канадын хооронд хамтран ажиллах өргөн боломж байгаа талаар ярилцлаа. Монголд төрийн албаны шинэчлэл хийхэд Канад улс маш үнэтэй хувь нэмэр оруулж байгаа, цаашид ч оруулна гэдэгт итгэж байна. Батлан хамгаалах салбарт Канад, Монголын хамтын ажиллагаа эрчимтэй явж байна. Канад улсын Амбан захирагчийн Монгол Улсад хийж байгаа айлчлал хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн, үр дүнтэй сайхан айлчлал болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Айлчлалд амжилт хүсье” гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстон Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстон “Би өнөөдөр энд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт Канад, Монголын нөхөрлөл, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх талаар ярилцаж байгаадаа туйлын баяртай байна. Юуны өмнө та бүхэнд нийт канадчуудын халуун мэндийг дэвшүүлье. Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Канад улсын анхны Амбан захирагч болж байгаадаа би сэтгэл хангалуун байна. Миний биеийг гэргий Шэроны хамт урьсанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд талархал илэрхийлье. Амбан захирагч Дэвид Жонстон: Ялангуяа байгалийн нөөц ашиглалтын салбар дахь хамтын ажиллагаа харилцан ашигтай хөгжихийн зэрэгцээ бидний түншлэл илүү олон талт, өргөн хүрээтэй болж байна. Энэ айлчлал манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх үеэр болж байгаагаараа онцлог юм. Өнгөрсөн 40 жилд хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлж ирснийг тэмдэглэхийн ялдамд Монголын ард түмэн Канадын дотнын анд, сайн түншлэгч байж ирсэнд талархал илэрхийлье. Бидний харилцаа ардчилал, хүний эрх, эрх зүйт төрийг дээдлэх нийтлэг үнэт зүйлс дээр суурилж байдаг. Бидний эдийн засгийн харилцаа, ялангуяа байгалийн нөөц ашиглалтын салбар дахь хамтын ажиллагаа харилцан ашигтай хөгжихийн зэрэгцээ бидний түншлэл илүү олон талт, өргөн хүрээтэй болж байна. Өнөөдөр бид ардчиллыг хөгжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, энхийг сахиулах, бүс нутагт болон дэлхийд аюулгүй байдлыг хангах тал дээр түншлэн ажиллаж байна. Таван жилийн өмнө Улаанбаатар хотноо Канадын ЭСЯ-ыг нээсэн нь бидний холбоо гүнзгийрснийг илтгэсэн томоохон алхам болсон бол одоо бидний харилцаа цэцэглэн өрнөж байна гэж дүгнэх бүрэн боломжтой болоод байна” гэв.
2013 оны төсвийн тодотголыг баталлаа
Чуулганы үдээс хойшхи хуралдааны эхэнд “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг гишүүдийн асуултаар үргэлжлэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, О.Баасанхүү нарын гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Байнгын хорооноос тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахаар оруулж ирсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ. Ингэснээр “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл 73,8 хувийн саналаар баталлаа. Үүний дараа Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийн зүйл, заалт тус бүрийг УИХ-ын дарга уншиж танилцуулан тус бүрээр санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ. Ингэснээр Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 77,2, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 66,7 , Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 75,4 хувийн саналаар тус тус батлагдав. Хуулийн төслүүдийг энэ оны 10 дугаар сарын 25-наас буюу батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.
Нөхөн сонгууль 22.00 цаг хүртэл үргэлжилнэ
Энэ  сарын 19-нд  Баянзүрх дүүргийн долдугаар хороонд дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль болсон ч ирц хүрээгүй учир өнөөдөр дахин сонгууль зарласан юм. Нийслэлийн 97 дугаар сургууль дээр болж буй уг сонгуульд иргэдийг идэвхтэй оролцуулах үүднээс гар утасны нэгжээр урамшуулж байгаа ажээ. Тус хорооны иргэдээс сонгогдон Баянзүрх дүүргийн ИТХ-д ажиллаж байсан “NBS” телевизийн захирал С.Наранбаатар өнгөрсөн хоёрдугаар сард зуурдаар нас барж, түүний суудал өнөө хэр эзэнгүй байгаа юм.  Тиймээс нөхөн сонгуулийг явуулж байна. 97 дугаар сургууль дээр болж буй сонгуульд иргэдийг идэвхтэй оролцуулах үүднээс гар утасны нэгжээр урамшуулж байгаа ажээ. Баянзүрх дүүргийн долдугаар хорооны  18,19 дүгээр хэсгийн хорооны нөхөн сонгуульд гурван намаас нэр дэвшүүлжээ. АН-аас Баянзүрх дүүргийн АН-ын Тамгын газрын дарга Ш.Ганчимэг, МАН-аас өмнө нь тус хороонд нэр дэвшиж байсан залуу бизнесмэн Э.Бат-Амгалан, улс төр судлаач Л.Эрдэнэтуул нарыг нэр дэвшүүлсэн байна. Сонгогчдын ирц 50 хувьд хүрч байж нөхөн сонгуулийг хүчинтэйд тооцох бөгөөд нэр дэвшигчдээс хэн олон санал авсан нь дүүргийн ИТХ-д суух эрхтэй болох юм.   Нөхөн сонгууль өнөөдөр 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.
МУГТ У.Мөнх-Эрдэнэ сонирхогчдын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Казахстаны Алматы хотноо үргэлжилж байгаа Сонирхогчдын боксын ДАШТ-нээс  хүрэл медалийн болзол хангаад буй МУГТ У.Мөнх-Эрдэнэ дөнгөж сая Куб улсын тамирчин Яснер Толедо Лопезтой тоглолоо. Хэдийгээр манай тамирчин 3:0 ялагдсан ч  залуу тамирчинтай эн тэнцүү хүч үзлээ.  Яснер Толедо Лопезын хувьд 1989 онд төрсөн У.Мөнх-Эрдэнээс долоо дүү, өсөж яваа тамирчин юм. Ийнхүү МУГТ У.Мөнх-Эрдэнэ сонирхогчдын боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын хошой медальтай болж байна.
Д.Нацагдоржийн хөшөө байрлаж байсан газрыг уран бүтээлчдийн талбай болгох нь
Д.Нацагдоржийн хөшөө байрлаж байсан газрыг уран бүтээлчдийн талбай болгоно Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн хөшөөг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар зочид буудлын өмнөх тайлбайд байруулах шийдвэрийг өнгөрсөн есдүгээр сард НИТХ-аас гаргасан. Хөшөөг шинэчлэн засварлаж, нийслэлийн ойн өдрөөр Улаанбаатарын хойморт зална. Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлаж байсан уг хөшөөг уран барималын шилдэг шийдлийг тусгасан ховор бүтээлүүдийн нэг хэмээн үздэг ч байшин, барилгаар хүрээлэгдэн үзэгдэх орчин болон хамгаалалт нь алдагдсан байсан юм. Харин Д.Нацагдоржийн хөшөө байсан талбайг уран бүтээлчдийн талбай болгохоор төлөвлөлт хийж байгаа юм байна. Ингэснээр зураач, хөгжимчин, уран бүтээлчид энэ талбайд уран бүтээлээ туурвиж, нийслэлийн иргэд төдийгүй жуулчдад уран бүтээлээ сурталчлах боломжтой болох аж.
Францын Гадаад хэргийн сайд ХАА-н фермд зочиллоо
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусын энэ сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ Ноён Лоран Фабиус Төв аймгийн Ар Хуст сумын нутаг дахь “Хишигтэн нүүдэлчин” компаний хөдөө аж ахуйн фермд зочилж, хөдөө аж ахуйн салбар дахь Монгол, Францын мэргэжилтнүүдтэй уулзсан. Мөн Улаанбаатар хот дахь “Франц дунд сургууль”-ийн нээлтэд оролцлоо.
Э.Бат-Үүл АТГ-т хандлаа
Нэр бүхий зарим хүн хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан нийслэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ авлигад автсан гэх утга бүхий ярилцлага, мэдээлэл гаргаж байгаатай холбогдуулан, мэдээллийн үнэн бодитой эсэхийг тогтоолгохоор хотын захирагч Э.Бат-Үүл “Мэдээллийн мөрөөр шалгуулах тухай” албан бичгийг Авилгатай тэмцэх газарт хүргүүлжээ. Уг албан бичигт “Нэр бүхий хэсэг хүмүүс миний болон хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа нийслэлийн нутгийн Захиргааны байгууллага, тэдгээрийн ажилтнуудын нэр төрд халдаж, нутгийн Захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудыг авлигын гэмт хэрэгт холбогдуулан сэрджээ. Монгол улсын иргэн хэвлэн нийтлэх, бусдыг хардах эрхтэй боловч энэхүү мэдээлэл нь үндэслэлтэй, холбогдох хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад тухайлбал, Авлигатай тэмцэх газар, Цагдаа, Прокурор, Шүүхийн байгууллагаар шалгуулж нотолсон байх ёстой байтал олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан ямар ч баримт нотолгоогүйгээр бусдыг доромжилж, гүтгэсэн байна. Ийм учраас миний бие энэхүү мэдээлэлд дурьдагдсан авлигатай холбоотой асуудлыг шалган тогтоолгох хүсэлт гаргаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл” гэжээ. Зарим нэр бүхий хүмүүсийн хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн ярилцлага, мэдээллийг албан бичигт хавсаргасан байна. “Мэдээллийн мөрөөр шалгуулах тухай” 1/3652 тоот албан бичиг
Чингис Хааны одон гардан авах эрхмийг зарлалаа
Чингис Хааны одон гардан авах эрхмийг зарлалаа УИХ-ын өнгөрсөн оны чуулганаар өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны төрсөн өдөр болгон орон даяар тэмдэглэн “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан билээ.  Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд асан Думаагийн Содном гуай Чингисийн одон авах эрхмээр тодорчээ. Чингис хаан мэндэлсэн өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 4-нд тохиож буй бөгөөд энэ өдөр олон арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Тухайлбал, Чингис хааны одонг гардуулах ёслол болно. Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой гавьяа байгуулсан нэгэн эрхэмд Монгол Улсын Ерөнхийлөгч уг одонг гардуулна.  Чингис хааны одонг долдугаар сарын 11-нд олгодог байсан ч шинэ хуулийн дагуу Чингис Хааны одонг “Монгол бахархлын өдөр” гардуулж байхаар болжээ.   Энэ жил Чингисийн одонг гардан авах хүн бол Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэртэй эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга гээд Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн, өнөө жил 80 насыг зооглож байгаа Думаагийн Содном гуай юм.   Чингисийн одонг арваннэгдүгээр сарын 4-ний морин цагт ёслол хүндэтгэлтэйгээр гардуулах ба, ёслолын ажиллагааг орон даяар телевизээр шууд дамжуулна. Мөн өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан болно хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан  мэдээллээ