title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
Мөнгөний бодлогыг хэлэлцэхээр нэмэлт хуралдаан зарлажээ
УИХ-ын чуулган Энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган гурван удаа хуралдахаар товлогджээ. УИХ-ын нэгдсэн чуулган долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт хуралддаг. Харин энэ долоо хоногт хэлэлцэх асуудал хуримтлагдсантай холбогдуулан мягмар гарагт нэмэлт хуралдаан зарлаж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх болжээ.  Тэгвэл пүрэв, баасан гарагт хэлэлцэх асуудлын дараалалд Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хууль, тогтоолын төслүүд, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг багтсан байна. Мөн энэ долоо хоногт чуулганаар Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр дараалалд оруулсан бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийх аж.
Ураны орд хайх, олборлохоос татгалзах шаардлагатай
Ураны орд хайх, олборлохоос татгалзах шаардлагатай Энэ сарын 1-6-ны өдрүүдэд Танзани улсад Ураны олборлолт хүний эрүүл мэнд, байгаль орчинд хэрхэн нөлөөлж буй талаар олон улсын хурал болж өнгөрлөө. Тус хуралд Монгол улсыг төлөөлөн оролцсон  “Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө” үндэсний хөдөлгөөний тэргүүн Л.Сэлэнгэ, хөдөлгөөний гишүүн Н.Базар оролцсон юм. Хурлын үеэр төлөөлөгчдийг Танзаниас 50  км  орчим зайд орших Бахе тосгонд аваачиж ураны хайгуул хийж байгаа үйл явцыг үзүүлсэн байна. “Энэ тосгоны иргэд өмнө нь тусч байгаагүй сонин өвчлөлүүд ихэссэн талаар ярьж байсан бөгөөд тэнд хайгуул хийж байгаа тоног төхөөрөмж нь манай Дорноговь аймгийн Улаанбадрах суманд явуулж буй хайгуулын ажилтай адилхан байсан нь бидний санааг зовоож байгаа юм” хэмээн Л.Сэлэнгэ ярьсан юм. Ураны олборлолт явуулж буй Нигери, Намид улсуудын төлөөллийн  зүгээс уран ашиглагч улсууд хөгждөг харин уранаа ашиглуулсан улс хөгждөггүй харин ч иргэдийн эрүүл мэнд, байгаль орчноороо хохироод хоцордог хэмээн мэдэгдсэн байна. “Иймээс манай улсын зүгээс ураны орд хайх, олборлохоос татгалзах хэрэгтэй байна”  үндэсний хөдөлгөөний гишүүн н.Базар хэллээ
Гэр хорооллын замыг зайлшгүй засах шаардлага бий гэв
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг шинэ журмаар явуулахаар болж, дүүрэг бүрийн Засаг дарга нар тулгамдсан асуудлаа танилцуулдаг байхаар тогтсон. Үүний дагуу нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Дүүрэгт хийгдэж буй зам тухайлбал Доржийн гудамжны зам засварын ажлыг хийж гүйцэтгэхэд явган хүний зам, гэрэлтүүлэг хийгээгүйгээс иргэд хаагуур явах нь тодорхойгүй болж, зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт ШУТИС-ийн КТМС-иас “Цайз” хүрэх замд зам тээврийн таван осол гарч, гуравынх нь эзэн холбогдогч нь тодорхойгүй байх жишээтэй. Энэ зам ер нь их муу хийгдсэн нь одоо цөмөрч эхэлснээс шууд харагдана. Мөн дүүргийн хэмжээнд нийт 227 ширхэг таггүй инженерийн шугам сүлжээний худгууд байна  гэж мэдээллээ. Харин Баянгол дүүрэгт хосолмол бүсийн айл өрхөд нийлүүлэгдэх боловсруулсан түлшний асуудал хамгийн хүндрэлтэй байгааг дүүргийн Засаг дарга Д.Оросоо дуулгалаа. Тус дүүрэг нь жилд 24922 тонн кокос, 12461 тонн үртсэн шахмал түлшний хэрэгцээтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 491,5 тонн нөөцтэй байгаа нь цаашид нөөцийг нэмэгдүүлэхгүй бол энгийн нүүрс түлэхээс өөр аргагүйд хүрнэ гэлээ. Мөн гэр хороолол дундах замыг засварлахгүй бол хүн явахын аргагүй болсон гэдгийг онцлон мэдээлсэн юм. Хан-Уул дүүргийн өвөлжилтийн бэлтгэл харьцангуй сайн хийгдэж байгаа ч  дөрвөн сургууль, дөрвөн цэцэрлэгийн инженерийн байгууламжийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхгүй бол өвлийн улирлыг өнтэй давахад хүндрэл учирна. Тиймээс шаардагдах хөрөнгийг нийслэлээс шийдвэрлэж өгөхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Отгонбаатар  хүссэн. Энэ мэтчилэнгээр дүүрэг тус бүрд яаралтай шийдвэрлэх ажлын талаар танилцууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн дүүргүүд асуудалгүй бол хот асуудалгүй гэсэн үг. Тиймээс цаашид нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дүүргүүдийн асуудлыг энэ байдлаар хэлэлцэнэ. Хот дүүргийнхээ асуудлыг, дүүрэг хорооныхоо асуудлыг шийдвэрлэчихвэл бидний хамтын ажил улам бүр урагшлах болно. Өмнө нь газрын асуудал хууль дүрэмгүй явж ирсэн. Одоо энэ бусармаг байдлыг бүр мөсөн халж газрын зөвшөөрлийг дүүргийн Засаг даргаас санал авч олгоно. Нэг ч газрыг дүүргийн Засаг даргаас санал авахгүйгээр олгохгүй гэдгийг хатуу хэлмээр байна. Мөн нийслэлийн төр, захиргааны байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх саналыг холбогдох хүмүүст хүргүүлсэн. Нийслэлд даргын төлөө биш иргэн, дүүрэг, хорооныхоо төлөө ажилладаг сэтгэлтэй хүн хэрэгтэй. Тиймээс дүүргийн засаг дарга нар саналаа хүргүүлээрэй” гэлээ.
З.Баянсэлэнгэ: Зүгээр л цуу яриа, хэн нэгний ээлжит явуулга
МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д эмчлүүлж байгаа билээ. Тэрбээр эцсийн задрал гэсэн оноштойгоор Солонгос улсыг зорьсон. Түүнчлэн Н.Энхбаярын эмчилгээний төлбөрт их хэмжээний мөнгө шаардлагатай байгаа тул намынхан нь энэ мөнгийг төрөөс даах ёстой. Улмаар энэ асуудлыг ойрын хугацаанд Засгийн газарт хүргүүлэхээр болсон гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар Нийгмийн бодлого боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэтэй холбогдож таван үг солилоо. -МАХН-аас Н.Энхбаяр даргын эмчилгээний зардлыг төрөөс даах ёстой гэсэн шийдвэр гаргасан юм уу? -МАХН-ын дарга Н.Энхбаярын эмчилгээний зардлын талаар хандив, мөнгө босгоно гэсэн зүйл огт яригдаагүй. Энэ мэдээлэл бол зүгээр л цуу яриа. Хэн нэгний ээлжит явуулга байх. -Гүйцэтгэх товчооны хурлаар ярьсан гэсэн мэдээлэл байна? -Худлаа. Гүйцэтгэх товчооны хурлаар энэ талаар ямар ч зүйл яригдаагүй. Мэдээж энэ талаар ямар нэгэн зүйл яригдаагүй юм чинь Засгийн газарт асуудлыг тавина гэж байхгүй. Даргын эмчилгээний зардлын талаар намын зүгээс ийм арга хэмжээ авна гэж ер хэлэлцэгдээгүй.
Хоёр дахь Магомаев
Оросын дуурийн гоцлол дуучин Гейрат Шабанов УДБЭТ-ын тайзнаа орос хөгжимчид суудлаа эзэлжээ. Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Монголын сонгодог урлаг сонирхогчдод тоглолтоо үзүүлэхээр ирсэн Эрхүү мужийн захирагчийн буюу тус хотын Филарамонийн симфони найрал хөгжмийн тоглолт эхлэхэд бэлэн болсон байна. Дугаар шилжихэд хугацаа бага үлдээд байсан тул уг оркестртой дуулах Орост нэрд гарч яваа гоцлол дуучин Гейрат Шабановтой цөөн хором ярилцаж амжсан юм. ОХУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн Ерафей Васильевын удирдпага дор хичээллэж, дуурийн урлагийн шилдэг баритонуудын эгнээнд дэвшиж яваа залуу дуучин түүнийг оросууд сүүлийн үед хоёр дахь Муслим Магомаев гэх болсон аж. Дуучнаас энэ талаар ч асуугаад амжлаа. -Таныг мэдэх хүмүүс бараг л хоёр дахь Магомаев гэж ярьцгаах юм. Оросын сайтуудад бас тэгж бичсэн байна. Та өөрөө юу гэж боддог вэ? -Тэгж ярьж байна уу (инээв). Би дуурийн чиглэлээр дуулдаг ч эстрад сонирхдог. Магомаевын урын сангийн бараг бүх дууг дуулдаг л даа. Яагаад гэвэл дуртай. -Бас үндэстний хувьд угсаа гарвал нэгтэй учраас дотно санагддаг уу. Таны эцэг азербайжан хүн гэсэн? -Тийм тал ч бий. Гэхдээ би өөрийгөө орос хүн гэж үздэг. Яагаад гэхээр бүх насаараа Орост амьдарч байна. Аав минь азербайжан, ээж орос. Муслим Магометович эстрадын тансаг дуунуудыг дуулахыг хүссэн баритон хоолойтонд тохирох уран бүтээлээр дэндүү баян хүн байсан тул дуучдын сонирхлыг их татдаг юм. -Таныг түүнтэй адилхан дуулдаг гэхээр та баярладаг биз дээ? -Яах вэ, юу гэж аягүй санагдах билээ. Гэхдээ тэр өндөр түвшний уран бүтээлчийн дэргэд би хэн ч биш. Яг түүн шиг байх алба бас байхгүй. Яагаад гэхээр хувь уран бүтээлч гэдэг хувь уран бүтээлч л байх ёстой. Хэн нэгэнтэй адилхан байхын тулд дуулдаггүй. Би өөрөөрөө Шабан Гейрат байхыг л хүснэ. Миний хоолойн тембр Муслим Магометовичтой адилхан байж болно. Гэхдээ манер төрх гээд бүх талаар алдарт дуучныг хуулбарлах юм бол би өөрөө хэн ч биш болно. Хүмүүст миний дуулах түүнийг санагдуулах нэг хэрэг. Харин үзэгч, сонсогчдын дунд хүлээлт үүсгэсэн тэр түвшинд дуулж чаддаг байх нь миний хувьд өндөр хариуцдага юм. Тиймээс би илүү хичээж, цаашид суралцах шаардлагатай. -Нэрт дуучны ямар ямар дуунуудыг дуулдаг вэ? -Ты моя мелодия”, “Благодарю тебе”, “Синяя вечность” за тэгээд ер нь бүгдийг нь л дуулдаг. -Та Эрхүүгийн Филарамонийн дуучин юм байна. Тайзнаа олон гардаг уу? -Филармонийн дуучны зэрэгцээ хотынхоо Хөгжмийн театрт голлох үүрэгтэй ажилладаг. Тэнд оперетта, мюзиклд тоглодог. Түүнээс биш жинхэнэ дуурьт тоглох, дуулах боломж хараахан олдоогүй л байна. Яагаад гэхээр манай хотод дуурийн театр алга. Хөгжмийн театрт бэсрэг дуурь, мюзикл л тавих боломжтой. “Баядера”, “Мистер X”, “Сарьсан багваахай”, “Люксембург гүнтэн” гээд алдартай жүжгүүдийг манай театр мэргэжлийн өндөр түвшинд тавьсан. -Та хөгжмийн театрын жүжигчин мэргэжилтэй. Хөгжмийн дээд сургуульд сурна гэж боддог уу, эсвэл дуулах ур чадварын одоо байгаа түвшин тань хангалтгай гэж бодож байна уу? -Сурна. Магадгүй үхэн үхтэлээ сурсаар байх болов уу. Тайзан дээр зөвхөн дуучин биш, жүжигчин гарах ёстой учраас дууны чиглэлээр ч, мөн жүжиглэх ур чадвар эзэмшихээр ч сурах ёстой. Гоцлол дуучин Гейрат Шабанов Иркутскийн Театрын дунд сургууль төгссөн. Мэргэжлээрээ хотынхоо Хөгжмийн театрт ажилд орж ажилласнаас хойш удалгуй Филарамонийн гоцлол дуучин болсон аж. Эрхүү мужийн захирагчийн симфони найрал хөгжмийп Монгол дахь “Орос хөгжмийн үдэш” тоглолтыг “Тод арт” агентлаг зохион байгууллаа.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн доторх замын ажил 70 хувьтай байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийтдээ 2.6 км урт, найман метрийн өргөнтэй замын бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 70 орчим хувьтай байна. Дээрх замын өргөний дөрвөн метр нь тэмдэг тэмдэглэгээ бүхий дугуйн зам байх бол хоёр метр нь резинэн хучилттай гүйлтийн зам юм. Харин үлдсэн хоёр метрийн өргөн нь зундаа зүлэгжүүлсэн талбай болж, өвөлдөө цанын зам болох юм байна. Эдгээр замаас гадна хөл бөмбөг, сагсан бөмбөг, софт теннисний талбай бүхий спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтаан дуусгаж, ашиглалтад оруулах тухай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд хэлж байсан.
Хэн гэдэг эрх мэдэлтэн явган хүний зам дээр барилга барихаар зэхэж байна вэ
Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах явган хүний зам дээр барилга барьж байна Газрын наймааны нууц ноёдыг илрүүлэхгүй хэрнээ нийтийн эзэмшлийн газарт газар олгоод байгаа нь хачирхалтай. Өнгөрсөн долоо хоногт хотын төвийн өнгө үзэм­жийг гутааж буй ТҮЦ-үүдийг албадан буулгах үйл ажиллагаа явагдсан билээ. Гэтэл эл шийдвэртэй зэрэгцэн автобусны буу­дал, яв­ган хүний зам буюу нийтийн эзэмшлийн талбайд барилга барихаар хашаа хатгажээ.  Уг нь Нийслэлийн Засаг дарга, хот тохижилт, үйлчил­гээний газар Улаанбаатарын өнгө зүс, ирээдүйн төлөө зүт­гэж хотыг аль болохоор өнгө үзэмжтэй харуулахыг зорьсон. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр тэдний хийсэн ажлыг олон нийтэд буруугаар ойлгуулах гэсэн хүмүүс гур­ван давхар үйлчилгээний зориулалттай барилга барихаар ийнхүү улайрч оршин суугчид болон иргэдтэй багагүй тэмцэл өрнүүлээд байна. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо­ны нутаг дэвсгэрт байрлах явган хүний замын хажууд өмнө нь жижигхэн ТҮЦ байсан гэнэ. Энэ талаар тус хорооны иргэн Д.Сэржмядаг “Та нар өөрсдөө энэ газарт барил­га барьж болохоор бай­на уу гэдгийг сайн хараарай. Яаж ч бодсон барилга барьж боломгүй газар байгаа биз дээ.  Өмнө нь энд жижигхэн ТҮЦ байсан. Гэтэл жижигхэн ТҮЦ-ийн газарт гурван давхар барилга барихаар зэхэж байгаа нь энэ газар ямар их үнэтэй байгаагийн илрэл шүү дээ. Хотын удирд­лагууд нийслэлд байгаа бүх л ТҮЦ-ийг буулгах юм гэсэн. Энэ нь хотын аль гайгүй гэсэн газрыг булааж авах тэдний шилдэг төлөв­лөгөөний нэг хэсэг байх.  Түүнээс явган хүний зам дээр хэн барилга барих зөвшөөрөл өгөх юм бэ. Тэгээд ч энэ барилгын чанх ард орон сууцнууд байгаа. Одоо ажил нь эхэлбэл оршин суугчид болох биднийг шөнийн цагаар унтуулж амраахгүй, их л төвөгтэй байдал үүсэх гээд байна. Хамгийн гол нь эл барилга хэнийх вэ гэж асуухаар хариулдаг хүн байхгүй. Барилга баригдаад дууссан цагт л эзэн нь ил гарч ирэх байх даа. Манайх шиг ингэж газрын наймааг улайм цайм хийдэг улс орон хаана ч байхгүй биз.  Тиймээс энэ асуудалд хотын дарга Э.Бат-Үүл яаралтай арга хэмжээ авахгүй бол иргэд авто машины замаар явган явах нь байна шүү гэд­гийг хэлмээр байна” гэв. Ямар­тай ч оршин суугчид болон иргэдийн ярьж буй зүйл нь бүгд нүдний өмнө хараг­даж байгаа бодит үнэн дүр төрх.  Чухам дээрх газрыг хэн гэдэг мундагтан эрх мэдлээрээ далайлган авсан бэ гэдэг нь оньсого таавар мэт болоод байна. Бид энэ талаар барилга барьж буй хүмүүсээс асууж лавлах гэсэн боловч тэд хаалгаа онгойлгож өгөөгүй юм. Ер нь нийслэлийн "А" зэрэг­лэлийн нэг га газар нэг сая ам.доллараар зарагддаг гэсэн яриа бий.  Тиймээс жирийн нэг иргэн хотын төвд газар авъя гэж хэчнээн жил хөөцөлдсөн ч мөрөөдөөд барахгүй.  Учир нь эдгээр "А" зэрэглэлийн бүсэд газар олд­доггүй та¬лаар холбогдох албаны хүмүүс учирлан хэл­дэг ч эсрэгээрээ нийслэлийн «топ» гэх бүх газрыг мөнгөтэй эрхмүүд олон сая төгрөгөөр өөрийн болгож авсны нэгэн жишээ дээрх дүүрэгт болоод байгаа үйл явдал билээ. Бас байршлаасаа шалтгаалах дээрх газрууд хэрхэн яаж үнэд орж, газ­рын наймаачдын гараар дам­жиж дараагийн эзэндээ хэдэн төгрөгөөр очиж байгаа нь ойлгомжтой. Зарим нэг албаны хүмүүсийн хэлж буйгаар газ­рын наймаа хийгчдийг илрүүлэхэд их л амрхан бай­даг гэнэ. Тодруулбал өд­гөө нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй барил­гын компани байдаг байна. Тэдгээрээс хэн, хаана ямар хэмжээний газрыг хэний зөвшөөрлөөр авсан бэ гэдгийг судалж үзэхэд эзэн холбогдогчийнх нь гарын үсэг дурайтал бичигдсэн бай­даг аж.  Гэтэл албаныхан өөрсдөө ингэж ярьдаг мөртлөө чухам яагаад газрын нууц ноёдыг илрүүлэхгүйгээр дахин ний­тийн эзэмшлийн газарт газар олгоод байна вэ гэдэг нь тун хачирхалтай хэрэг.  Магадгүй дээрх дүүрэгт баригдаж буй үйлчил­гээний зориулалттай гур­ван давхар барилга хууль бусаар баригдах нь дамжиггүй. Хэр­вээ үнэхээр хэн нэгэн эрх мэдэлтний барилга бол сүндэрлэхээс нь өмнө яаралтай арга хэмжээ авах нь зүйн хэрэг байх аа.
Хилийн цэсийн найман тэмдэгтийг устгасан байжээ
Хилийн цэсийн найман тэмдэгтийг  устгасан байжээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын удирдамжийн дагуу Завхан, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт шалгалт хийжээ. Тус шалгалтын дүнг баасан гаригт хэлтэс албадынхаа дарга нарт танилцуулсан юм. Хөвсгөл аймгийн геодези зураг зүйн үйл ажиллагааг гүйцэтгэдэг “Гоцбар”, “Хөвсгөл газарчин” компаниудыг шалгахад гео­дезийн улсын нэгдсэн сан бүрдүүлэлт хангалтгүй, Хөвсгөл аймагт УИХ-аар баталсан хилийн цэсийн найман тэмдэгт алга болсон газар усны нэр тодорхойгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Хилийн цэсийн тэмдэгт яагаад устсан талаар лавлахад замын компаниуд шинэ автозам тавихдаа хилийн цэсийн тэмдэгтийг аваад хаячихдаг юм билээ. Хилийн цэсийн тэмдэгт алга болгосон хариуцлагыг аймгийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын га­зар хүлээхээр болсон гэсэн тайл­барыг шалгалтын багийнхан хэллээ. Хилийн цэсийн тэмдэгт алга болгосон тохиолдолд буруутай этгээдэд хуулиараа 40 мянган төгрөгийн торгууль оногдуулдаг аж.  Түүнчлэн газар эзэмшиж буй иргэнийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй байхад гэрээ байгуулж эрхийн гэрчилгээ олгосон, Засаг даргын захирамжгүйгээр зөвшөөрөлгүй газар ашигласан, хуулийн этгээдээс газрын зөрчилтэй холбоотойгоор  гаргасан хү­сэл­тийг хуулийн хугацаанд нь шийдвэрлээгүй байсан нь шалгалтаар илэрчээ. Геодези, зурагзүйн үйл ажиллагаа эрхэлдэг дээрх хоёр компанийн эрсдэлийг хяналтын хуудсаар үнэлж үзэхэд бага эрсдэлтэй гэсэн үнэлгээ авсан байна. Тус аймгийн ихэнх сумд газрын мэдээллийн сан бүрдүүлээгүй байжээ. Мөн Хөвсгөл аймгийнхан газрынхаа зургийг Улсын төв архивт бий гэсэн хариулт өгсөн байна.
Шинээр байгуулагдсан ААН-ийг дэмжинэ
“Чанартай хөрөнгө оруулалт ба төр хувийн хэвшлийн түншлэл” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулна “Чанартай хөрөнгө оруулалт ба төр хувийн хэвшлийн түншлэл” сэдэвт уулзалт зөвлөгөөн энэ сарын 18-д болох гэж байна. Төсвийн хөрөнгөөр хэрэгжих бараа, ажил үйлчилгээнд чанартай гүйцэтгэгч сонгоход үүсч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, хуулийн хүрээнд зохицуулах, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих боломж нөхцлийг нэмэгдүүлэх, тендерт оролцогчдын идэвхийг дээшлүүлэх зорилгоор энэ зөвлөгөөнийг хийх гэж байгаа аж. Мөн  тендерт оролцогч аж ахуйн нэгж, хувь хүмүүс болоод тендерийн зохион байгуулалтыг хариуцдаг шат шатны байгууллагуудын хооронд үүсдэг хүндрэл бэрхшээлийг арилгах талаар чөлөөт хэлэлцүүлэг хийж, шийдвэртэй алхамд хүрэх нь. Уулзалтын үеэр нийслэлийн Худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүд шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийн оролцоог дэмжих зорилгоор тендерийн бичиг баримт дээр  үнэлгээ хийж, зөвлөгөө заавар өгөх таатай завшааныг бүрдүүлэх гэнэ.
Сүхбаатар аймаг орон нутагтаа олон сайн ажил хийжээ
Сүүлийн таван жилд аймаг, орон нутагт хийгдсэн хөрөнгө оруулалт Чингис бондын хөрөнгөөс хоёр дахин илүү буюу 3,2 тэрбум доллар байна. 2003 онд улсын төсвийн нийт хөрөнгө оруулалт 50 орчим тэрбум төгрөг байсан. Гэтэл үүнээс 3 дахин илүү хөрөнгийг ганцхан Ховд аймагт сүүлийн 5 жилд зарцуулсан ч тэнд дорвитой бүтээн байгуулалт өрнөсөнгүй хэмээн Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Бүтээн байгуулалтын цаг Чингис бондын хөрөнгөөр хийгдэж буй ажлуудын талаар “Бүтээн байгуулалтын цаг”-аар олон удаа ярьсан, энэ удаад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудын үр дүнгийн талаар мэдээлэл сонсоно гэдгийг уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолсон. Ховд, Хөвсгөл, Төв, Завхан, Дорноговь, Өмнөговь зэрэг аймгуудад сүүлийн таван жилд тус бүр 130-150 сая тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ч үр дүн багатай байхад үүнээс 3 дахин бага, 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авсан Сүхбаатар аймаг орон нутагтаа олон сайн ажил хийжээ. Орон нутагт гүний худаг гаргах, эмнэлэг, сургууль барих, засварлах зэргийг Улаанбаатарт шийдэхээ больсных гэж Хамгийн олон жил болсон ч ашиглалтад орохгүй байгаа барилга байгууламж, төсөвт өртөг нь хамгийн ихээр нэмэгдсэн төслүүдийг энэ уулзалтын үеэр нэрлэлээ. 9 аймагт хэрэгжсэн “Салхин сэнс” төсөлд улсын төсвөөс 2007-2008 онд 13,4 тэрбум төгрөг зарцуулж 14 аймагт салхин сэнс байгуулсан ч эдгээр нь эвдэрч үр ашиггүй хөрөнгө оруулалт болжээ. “Бэрх зараа” компанийн барьж байгуулсан 22-ын товчооны замын шинэчлэлтийн ажилд 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ч эвдрэл гараад байгаа зэрэг олон жишээг тус яамнаас нэрлэлээ. 2013 онд 247 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсвийг орон нутагт шилжүүлснээр үр ашиггүй хөрөнгө оруулалт багасах төлөвтэй байна. Энэ нь иргэдийн санал асуулгаар хамгийн өндөр оноо авсан төслийг санхүүжүүлж байгаагийнх, нөгөө талаар орон нутагт гүний худаг гаргах, эмнэлэг, сургууль барих, засварлах зэргийг Улаанбаатарт шийдэхээ больсных гэж Ерөнхий сайд хэллээ. Бүтээн байгуулалтын цаг
“Эцсийн дүндээ ард түмний нуруун дээр ачаа үүрүүлэх учраас хуулийг хатуу мөрдөх ёстой”
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа 2013 оны төсвийн тодотгол, мөнгөний бодлогын хэрэгжилтийн явц, 2014 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн асуудлаар Монголбанкны удирдлагууд болон Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн юм. Энэ дагуу Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын мэдээлэлтэй холбогдуулан бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж, санал солилцлоо.  Бүлгийн хуралдааны талаар МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд "Эдийн засагт хүндрэл бэрхшээл үүсээд байгааг бүх шатанд хүлээн зөвшөөрсөн. Ганцхан манай нам ч хэлж сануулаад байгаа юм биш. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүртэл нөхцөл байдал хүндрээд байгааг хүлээн зөвшөөрч, цаашид хэрхэх талаар ярилцаж байгаа. Монголбанкны хувьд ойлголцож байгаа зүйлүүд ч байна, зарчмын зөрүүтэй саналууд ч гарлаа. Гэхдээ хоёр зүйл дээр Монголбанк болон МАН-ын бүлгийн байр суурь ойролцоо байна.  Хожим хариуцлага хүлээх субъект нь тодорхойгүй, эцсийн дүндээ ард түмний нуруун дээр ачаа үүрүүлнэ гэж үзэж байгаа учраас МАН-ын бүлэг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хатуу мөрдөгдөх ёстой гэж үзэж байна гэв. Нэгдүгээрт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Монгол Улсын нийт өр 2014 онд ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан. Энэ хуулийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар өөрчлөх ёстой. Энэ хууль гурван Засгийн газар, хоёр их хурал дамжиж байж гарсан. Өөрөөр хэлбэл, урт хугацаанд яригдаж байж төрийн бодлого болон батлагдсан хууль. Гэтэл өнөөдөр Засгийн газар, эрх баригчдын зүгээс ДНБ-д эзэлж байгаа өрийн хэмжээг 50-60 хүртэл хувь болгохоор хуулийн төсөл санаачилна гээд явж байгаа нь төрийн бодлого, залгамж чанар бүрэн алдагдаж буйн илрэл. Хоёрдугаарт, ийм байдлаар цаашид явбал хойтон 70, дараа жил 80 хувь гэх мэтчилэн Монгол Улс ойрын хугацаанд хуучин их өрөөс дутахгүй хэмжээний өртэй болох нөхцөл байдал үүснэ. Өнөөгийн ямар ч хүнд нөхцөл байдлаас илүү ирээдүйд үүсэх эрсдэлийг даван туулахад бэрхшээлтэй. Тиймээс хожим хариуцлага хүлээх субъект нь тодорхойгүй, эцсийн дүндээ ард түмний нуруун дээр ачаа үүрүүлнэ гэж үзэж байгаа учраас МАН-ын бүлэг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хатуу мөрдөгдөх ёстой гэж үзэж байна" гэлээ.  МАН-ын бүлэг үдээс хойш төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийн талаар Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлагуудын мэдээллийг сонсоно. Харин энэ талаараа маргааш дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм байна.
Ливийн Ерөнхий сайдыг амьд гэв
Ливийн Ерөнхий сайд Аль Зейдан Хулгайлагдаад байгаа Ливийн Ерөнхий сайд Аль Зейданыг амьд хэмээн “Араб Ньюс” мэдээлжээ. Түүнийг улстөрийн зорилгоор Ливийн зэвсэгт бүлэглэлүүд барьцаалсан байх магадлалтай бөгөөд өнгөрсөн пүрэв гарагт Триполи хотын зочид буудалд байхад нь хулгайлан авч одсон юм. Харин саяхан Ливийн бичил блогт “Ерөнхий сайд амьд. Түүнийг хэрэгтэй үед нь ашиглах болно” гэсэн утгатай баримт бүхий бичлэг тавигджээ. Магадгүй түүнийг Ливийн төрийн эргэлттэй холбоотойгоор, Муаммар Каддафигийн дэмжигчид барьцаалсан байх магадлал өндөр юм.
Н.Алтанхуяг жигүүрийнхэнтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ардчилсан Намын дарга Н.Алтанхуяг Жигүүрийн зохицуулах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр жигүүрийн тавиад буй шаардлагын талаар хэлэлцлээ.  Жигүүрийнхэн "Үндсэн дүрмээ мөрдөгтүн, сахигтун" нээлттэй хэлэлцүүлгээс шаардлага гарган  Ардчилсан Намын Үндсэн дүрэм, журмыг удаа дараа зөрчиж байгаа явдлыг бүрмөсөн таслан зогсоох, олон жил үргэлж байгаа дунд шатны намууд дээр гарсан маргааныг 2013 онд багтаан шийдвэрлэх, Ардчилсан Намын Жигүүрээс 2013 оны аравдугаар сарын 1-ны өдөр хүргүүлсэн албан шаардлагыг нэгбүрчлэн биелүүлэхийг шаардсан байна. Тэрхүү өмнөх албан шаардлага нь Үндэсний зөвлөлдөх хороог аравдугаар сард багтаан хуралдуулах,  Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах, ХЭГ-ын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг шаардлага багтсан юм.  Намын дарга Н.Алтанхуяг “Жигүүр байгуулахыг буруутгахгүй. Учир нь манайх хамгийн ардчилсан нам шүү дээ. Нам дотроо шүүмжлэл хэлж, жигүүр байгуулахыг хүлээн зөвшөөрнө” гэсэн бөгөөд гишүүд дэмжигчдийн санал бодлыг намын бодлогод тусгаж ажиллахаар эрмэлзэж буйгаа илэрхийлсэн байна.   Жигүүрийнхэн энэхүү уулзалтын талаар шаардлагыг нэлээд нухацтай авч үзсэн, бие биенээ хүндэтгэсэн ажил хэрэгч уулзалт боллоо гэж дүгнэсэн байна.
С.Дэмбэрэл: Мөнгөний зөв бодлого баримталбал эдийн засаг сайжирна
УИХ-аар 2014 оны Улсын төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах аар 2014 оны Улсын төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг ид хэлэлцэж байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээс дараах зүйлийг тодрууллаа. -Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслүүдийг хэлэл­цэж эхэллээ. Уг төсөлд тус­гаснаар ирэх онуудад инф­ляцийг 7-8 хувьд барьж, валю­­тын ханшаа макро эдийн засгийн суурь нөхцөлтэй ний­цүүлэхэд анхаарна хэмээн Монгол­банкнаас үзэж байна. Энэ талаарх таны байр суурийг сонирхож байна? -Өмнөх жилүүдэд Төвбанк эдийн засгаас мөнгө татаж авах замаар инфляцийг удирдаж байв. Ерөнхийдөө Монгол Улс 2007 оноос хойш ийм зарчмаар явж ирсэн. 2007 оноос өмнө бол мөнгөний эргэлтийг зо­хис­той байлгах чиглэлд түл­хүү анхаарч байлаа. Харин мөн­гө­ний бодлогод байсан дээрх байдлыг өнгөрсөн жил баталсан мөнгөний бодлого үндсээр нь өөрчилсөн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл зөв бодлого гарч ирснээр нэг жилийн ху­гацаанд эерэг байдал нийгэмд үүсээд байгаа. УИХ-ын ги­шүүд тойрогтоо ажиллахад сон­гогчид зээлийн хүүг нэг орон руу оруулаад өгөөч, ажлын байр бий болгож, бизнесийн орчныг сайжруулахад анхаа­раач гэх зэрэг хүсэлтийг 2013 оны мөнгөний бодлогод тус­гаж чадсан. Харин одоо 2014 оны мөнгөний бодлогыг ид хэлэлцэж байна. Ирэх оны бод­­логод бодит секторын идэвх­жилийг нэмэгдүүлэх нь чухал. Төрийн мөнгөний бодлого тодорхой секторуудад хэрэг­жиж үр дүнд хүрэх нь инф­ляцийн нам дор байх түв­шин тодорхой хэмжээгээр хан­­гагдана гэсэн үг. Энэ бодлого 2014 онд үргэлжлэх төлөвтэй. Нийт эдийн засгийг бүрдүүлж байгаа салбаруудад анхаарал хандуулах нь зүйтэй. Ингэхдээ зөвхөн уул уурхайн бус эдийн засгийн солонгоролд анхаарч олон хөлтэй болгоё гэсэн уян хатан мөнгөний бодлого чухал гэдгийг УИХ, Засгийн газар мэдэрч хэрэгжүүлсэн нь сайн хэрэг. Гол нь үүнийгээ зөв томьёолоод зөвхөн инфляцийг биш, ажил эрхлэлт болон эдийн засгийн оролцоот өсөлтийг онилдог загварыг мөнгөний бод­логод оруулж ирснээрээ ач хол­богдолтой болох юм. -Энэ зун, намар валютын ханш огцом өслөө. Валютын ханшийн огцом өөрчлөлт нь ма­най улсын эдийн засагт сө­рөг нөлөөтэй. Тиймээс одоо­ны ханшийг хэт өсгөлгүй барих боломж бидэнд байна уу? -Энэ оны нэгдүгээр са­рын 25-нд Монголбанкны мөн­гө­ний бодлогын зөвлөл бай­гуу­лагд­сан. Эл зөвлөл валютын ханшийг оны эцэст 1450 бай­на хэмээн тухайн үеийн пара­метрээр тодорхойлж байв. УИХ-аас явцын дунд Санхүү­гийн тогтвортой байдлыг хан­гах институци байгуулсан юм. Санхүүгийн тогтвортой байд­­лын зөвлөлийн чиг үүрэг нь эдийн засгийн тогтвортой бай­дал ялангуяа валютын зах зээл дээр ханшийн тогтвортой байдлыг ханган ажиллах юм.  Үүнийг хийхэд зөвхөн нэг тоглогч биш төрийн гурван институци хамтран хийх үүр­­гийг УИХ-ын Эдийн зас­гийн байнгын хорооноос ба­­талсан. Сая­ны валютын ханшийн ог­цом хөдөлгөөнийг аваад үзвэл Санхүүгийн тогт­вор­той байдлын зөвлөл ажлаа хий­гээгүй нь бүх баримтаар нот­логдож байгаа. Тиймээс ирэх оны бодлогод дээрх ба­рим­тыг түшиглэн цаашид авах ар­га хэмжээгээ тусгах ёстой. Өнгөрсөн 7-8 ду­­­гаар сард болсон ханшийн хө­­­­­­дөл­­­­г­өөнтэй холбоотой бүх про­­токолыг нь аваад үзэхээр, бид­ний ажил хийгээрэй гэж байгуулсан Санхүүгийн тогт­­­­­вортой байдлын зөвлөл маань ажиллаагүй, зөвхөн Монгол­­­банкийг үлдээгээд яв­­­чих­­сан. -Санхүүгийн тогтвортой байд­лын зөвлөлийг байгуулс­наар эдийн засагт ямар үр дүн гарав? -Сайн тал ч байна. Сөрөг тал ч бий. Энэ зөвлөл өмнө нь огт байгаагүй. Үнэндээ 2009 он буюу хямралын үед ху­­­­­вийн хэвшлийг золиослох за­­маар бодлого явж ирсэн. Ха­­рин одоо л байдал өөр тий­­шээ эргэлээ. Хоёр талын амьд холбоо, уялдааг бий бол­гохын тулд санамж бичгүүд бай­гуулсан. Мөн 1.5 тэрбум бондыг байр­шуу­лах санхүүгийн хэл­цэл хийсэн.  Одоо Засгийн газ­рын зүгээс үүнийг яаж дэм­­жив. Хэрхэн бие­лэлтийг гар­гав гэд­гийг дүгнэнэ. 2014 оны мөн­гөний бодлогод дээрх аж­лыг гүнзгийрүүлэх, нийт эдийн засгийн идэвхжилд ан­хаа­рах хэрэгтэй. Уул уур­­хайн бус эдийн засгаас илүү­­тэй­гээр жи­жиг, дунд, би­­чил биз­нес бо­лон иргэдэд тул­гам­даж буй асуудлуудыг тус­гаж хэрэг­жүү­лэх нь гол гарц бол­но. Ин­гэх­дээ ажлын хэсэг бай­гуулан асуудлыг нухацтай авч үзэх нь чухал юм. -Өмнөх жилүүдийн мөнгө­ний бодлогод тодорхой алдаа гарч байсан нь ойлгомжтой. Харин ирэх жилийн тухайд эдгээр алдааг багасгах боломж байна уу? -Тэгэхээр, өмнөх жилүү­дийн мөнгө­ний бодлогыг хам­гийн товчхоноор са­нуулах нь зүйтэй. 2007 оноос хойш Төв банк “Эдийн засгаас мөнгийг татаж авах замаар инфиляцийг удир­даж болно” гэдэг бодлогыг байнга баримталсаар ирсэн. 2007 оноос өмнө мөнгөний аг­ре­гатуудыг зохистой байлгах чиглэлээр бодлого явсан. 2012 онд шинэ УИХ, шинэ Засгийн газар, Монголбанкны шинэ ерөнхийлөгч гарч ирсэн. 180 градус өөрчлөгдсөн шинэ зөв бодлого гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын ги­шүүдийг тойрог дээрээ очиход нь байнга сонсож бай­­даг “Зээлийн хүүг нэг орон­той тоонд оруулаад өгөөч”, “Зээлийн олдоцыг нэ­мэг­­дүүлээд өгөөч”, “Зээлийн орч­ныг сайжруулаад өгөөч”, зэ­рэг сонгогч бү­рээс, ялангуяа бизнес эрхэлдэг сонгогч бү­рээс хэлдэг үгийг 2013 оны мөн­гөний бодлогод суулгаж өгсөн.  Үүнийг бид нэлээд сайн ярилцаж байгаад, 2013 оны мөнгөний бодлогодоо хийж өг­сөн юм. Энэ бодлого хэрэгжиж эхлээд жил ч болоогүй байна. Одоо бид дараагийн оных нь бодлогыг ярилцаж байна. Энэ тохиолдолд, саяны ярьсан бо­дит сек­торын идэвхжилийг нэ­мэгдүүлэх, төрийн мөнгөний бодлого тодорхой секторуудад хэрэгжээд, тэр нь тодорхой үр дүн гаргаад, үүнийхээ ха­­­жуугаар эдгээр бодит сек­торууд идэвхжсэний дүнд инф­­­­ляцийн нам дор байх түв­шин тодорхой хэмжээгээр хан­гагдсан бодлогын цоо ши­нэ, өмнөхөөсөө шал өөр бодлогыг л бид ярьж байна. Бидний хүсдэг юм маань л энэ шүү дээ. Энэ бодлого 2014 онд үр­­гэлж­лэхдээ, тодорхой сек­то­руудын төдийгүй, нийт эдийн засгийн, түүний дотор нийт эдийн засгийг бүрдүүлж бай­даг, ялангуяа уул уурхайн бус эдийн засгийг бүрдүүлж байдаг, “Эдийн засгийг со­лон­­горуулъя, олон хөлтэй бол­гоё” гэж бидний яриад бай­даг тэр бодлогыг мөнгөний бодлогоор дэмжих ийм бодлого орж ирлээ гэж би ойлгож байна. Үүнийгээ харин зөв томьёо­лоод, тодорхой хэлмээр бай­на. Одоо орчин үеийн Төв банкуудын бүгдийнх нь хийж байгаа арга барил буюу зөвхөн инфляцийг төдийгүй ажил эрх­лэлтийг онилдог, эдийн зас­­гийн оролцоотой өсөлтийг онил­­­­­дог тэр загвар энд сууж бай­гаа. Эдийн засгийн дарх­лааг сайжруулна гэдэг нь уг­таа, цаад санаагаараа бол энэ юм. Үүнийг нь бид цаашдаа үр­­гэлжлүүлэх ёстой. Энэ талаас нь бодож мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх тийм зүйлийг бид хийх ёстой. Нөгөө талаас валютын хан­шийн та­лаар ярьж байна. Ог­­цом өссөн нь ч үнэн. УИХ явцын дунд санхүүгийн тогт­­­вортой байдлыг хангах инс­­­титуцийг байгуулж өг­сөн. Харин өнгөрсөн 7-8 ду­­­гаар сард болсон ханшийн хө­­­­­­дөл­­­­г­өөнтэй холбоотой бүх про­­токолыг нь аваад үзэхээр, бид­ний ажил хийгээрэй гэж байгуулсан Санхүүгийн тогт­­­­­вортой байдлын зөвлөл маань ажиллаагүй, зөвхөн Монгол­­­банкийг үлдээгээд яв­­­чих­­сан. Бүх баримтаар ин­­гэж нот­лог­дож байгаа. Тэ­гэ­­хээр энэ бо­дитой баримт фак­туу­дыг бид харж байж, энэ та­лаар цаашдаа авах ар­га хэм­жээ­нүүдийг 2014 оны мөн­­гө­ний бодлогодоо суулгаж өгөх ёс­той. Дутагдалтай талууд бай­на. Сайн талууд ч байна. Өөрөөр хэлбэл урьд өмнө нь огт байгаагүй, тэр байтугай 2009 оны хямралын үед хувийн хэвш­лийг золиослох замаар эдийн засгийг аварна гэж бай­сан тэр бодлого 2010-2011 онд үр­гэлжлээд, ерөнхийдөө хатуу мөнгөний бодлого хэрэгжиж байсан тэр үеийг эргээд нэг са­наад үзээрэй. Мөнгөний бод­­­­логыг хэрэгжүүлдэг инс­ти­туци, Засгийн газар хоёрын хоорондын уялдаа тааруу бай­сан. Энэ уялдааг бий бол­гохын тулд санамж бичгүүд гаргаж эхэлсэн. Дээр нь 1.5 тэрбумын бондыг байр­шуулах санхүү­гийн хэлцэл хийсэн. Са­намж бичиг байгуулсан. Инс­ти­ту­цийн хувьд хоёр тал үүрэг хү­лээсэн. Одоо үүнийг Зас­гийн газрын зүгээс яаж дэмж­сэн бэ, яаж биелэлтийг нь хан­гасан бэ гэдгийг гаргаж ирээд, үүний дараа 2014 оны мөн­гөний бодлого дээр хэ­рэг­­­жиж ирсэн тэр бодлогыг гүнз­­­гийрүүлэх, нийт эдийн зас­­гийн идэвхжилийг, түүний дотор уул уурхайн бус эдийн за­саг, жижиг дунд бизнес, тэр байтугай бичил бизнесийн зэ­рэг санаануудаар л мөнгөний бод­логоо цаашид хэрэгжүүлэх ёстой.
Ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсооно
Ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсооно Нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам, автобусны буудал, орон сууцны булан гээд хүн ихээр зорчдог газруудад ил задгай худалдаа эрхэлдэг хүмүүс олноороо байдаг.  Эдгээр жижиглэн худалдаа эрхлэгчид “Тамхины хяналтын тухай” хуулийг зөрчиж тамхи ширхэглэн борлуулдаг учир цагдаагийн газраас байнга шалгалт явуулж тамхи худалдан борлуулж байгаа тохиолдолд хураан авч байгаа ажээ.  Мөн ил задгай худалдаа эрхлэгчдийг 2011 оноос эхлэн ажиглаж байгаа бөгөөд энэ хугацаанд 30-аас дээш насны худалдаа эрхлэгчдэд Хөдөлмөрийн биржийн зүгээс  400 мянган төгрөгийн цалинтай ажил санал болгосон байна. Гэсэн хэдий ч энэ саналаас татгалзан эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсаар байгаа билээ.  ТҮЦ ажиллуулахаар нураачихна. Тэгээд ингэж амьдрахгүй яах юм бэ? хэмээн гомдоллов. Энэ ажлын хүрээнд “Ирэх сарын нэгнээс эхлэн эдгээр ил задгай худалдаа эрхлэгчдийн барааг хураан авч үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ явуулахаар төлөвлөөд байгаа”  гэж Чингэлтэй дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Булган хэллээ. Харин жижиглэн худалдаа эрхлэгчдийн хувьд “Амьдарлаа авч явах гэж ядаж байгаа ард иргэдээ байнга адалж байх юм. ТҮЦ ажиллуулахаар нураачихна. Тэгээд ингэж амьдрахгүй яах юм бэ?” хэмээн гомдоллож байсан юм.
“Монгол наадам цогцолбор”-ын санхүүжилтийг шийджээ
НИТХ-ын хуралдаанаар боллоо “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын төсөв санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх тухай,  Хөшөө босгох тухай асуудлуудыг өнөөдөр болсон НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.  “Монгол наадам цогцолбор”-ын засварт  шаардлагатай 162 649 700 төгрөгийг олгохоор боллоо.  “Монгол наадам цогцолбор” нь Улаанбаатар хотын орон нутгийн өмчийн балансад бүртгэгдсэн эд хөрөнгө, дүрмээр хүлээсэн эрх, үүргийн дагуу нийтийн зориулалттай орон нутгийн өмчийг олон нийтийн арга хэмжээ, баяр наадам зохион байгуулахад талбай, эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг.  Харин энэ газрын 2013 оны үйл ажиллагааны зардал болон урсгал засвар үйлчилгээнд 162 649 700 төгрөг шаардлагатай байгаа тул уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Тэргүүлэгчид “Монгол наадам цогцолбор”-ыг ажлаа шуурхай эхэлж,  камержуулан хамгаалах хэрэгтэй гэдгийг хэлээд уг асуудлыг хэлэлцэн баталж, тогтоол гаргасан байна. Мөн  1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үеийн Хаант Орос улсын сайд, нэрт дипломатч, дорно дахины судлаач Иван Яковлевич Коростовецийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор хөшөө босгож, Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт Оросын Холбооны Улсын Соёл Шинжлэх Ухааны төвийн эзэмшлийн талбайд буюу РЦНК-д байрлуулах саналыг дэмжлээ.
Хорооны тодорхойлолтыг үнэ төлбөргүй олгох ёстой
Нийслэлийн зарим хороодын засаг дарга нар иргэдэд оршин суугаа хорооны тодорхойлолтыг 50-100 төгрөгөөр бичиж өгдөг. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн хороод иргэдэд тодорхойлолт олгохдоо 50, 100 төгрөгийн хураамж авч байсныг Авлигатай тэмцэх газар тогтоож, таслан зогсоосон байна. Тус газраас дүүргийн Засаг даргад хуулиар болон Засгийн газраас тогтоосноос бусад төлбөр хураамж авахгүй байх “Зөвлөмж” хүргүүлсэн аж. Иймд хорооны тодорхойлолтыг үнэ төлбөргүй олгож байх шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан гаргажээ.
Эмээлтэд газар хөдөллөө
Эмээлт өртөөнөөс баруун хойд зүгт 11 км-ийн зайд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр оройн 22.08 цагт Улаанбаатар, Эмээлт өртөөнөөс баруун хойд зүгт 11 км-ийн зайд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдөлтийн байрлал өргөрөг 47.95 уртраг 106.49 байсан гэж Одон орон, геофозикийн судалгааны хүрээлэнгээс мэдээлж байна. Мөн энэ сарын 13-н буюу уржигдар 07.16 цагт Булган аймгийн Баян-Агт сумаас зүүн хойд зүгт 20 км-ийн зайд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Жижиг дунд үйлвэрлэл эрхлэгчдэд сургалт явуулна
Сургалтыг энэ сарын 16-18 ны өдрүүдэд Багануур дүүрэгт, 22-24-ны өдрүүдэд Багахангай дүүрэгт хийхээр болжээ Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бичил бизнес эрхлэгч иргэд, аж ахуй нэгж байгууллагыг  бие даан төсөл, төлөвлөгөө боловсруулах арга барил олгох, аж ахуйн ур чадварыг эзэмшүүлж, Нийслэлийн бичил бизнесийн хөгжлийг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамруулахад  чиглэсэн сургалт, үзэсгэлэн худалдаа, төсөл хөтөлбөрийг нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрийг Дэмжих төвөөс тогтмол хүргэж байгаа билээ. Эдгээр сургалтуудыг энэ сарын 16-18 ны өдрүүдэд Багануур дүүрэгт, 22-24-ны өдрүүдэд Багахангай дүүрэгт хийхээр болжээ. Мөн Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас “Бизнесээ эхэл - Бизнесээ хөгжүүл”, сургалт, ХАА, мал аж ахуй, газар тариалан, Төсөл бичих аргачлалын сургалтуудыг  ирэх сарын 19-21 мөн 29-30-ны өдрүүдэд  захиалгаар явуулах юм байна.
Азийн кино наадмын тэргүүн шагналыг Монгол найруулагч хүртлээ
“Алсын удирдлага” киноны найруулагч С.Бямба, Пусаны Олон Улсын кино наадмын үеэр Азийн хамгийн том кино наадам болох Пусаны наадмын тэргүүн шагналыг Монгол найруулагч хүртлээ. Өмнөд Солонгосын Ан Сёнкёны “Pascha” киноны хамтаар тус наадмын дээд шагнал “New Currents Award ”-ыг хүртсэн кино нь С.Бямбын “Алсын удирдлага" кино бөгөөд шагналыг тус бүр 30 мянган доллар дагалджээ. Мөн Филиппиний Ханна Эспиагийн ‘Transit” кино энэ ангиллын тусгай шагналыг хүртсэн байна. “Алсын удирдлага” киног найруулагч С.Бямба Германы найруулагч Наоми Спиро, зураглаач Чарльз Либинтэй хамтран бүтээжээ. Тус кинонд эрх мэдэлгүй архичин аав, шинэ хойт ээжийнхээ хамт амьдардаг Дог хэмээх хүүгийн тухай гарна.  Хайр дурлал, сэтгэлийн шаналанг өгүүлсэн зохиомжоор Монголын нийгмийн тогтолцооны эрс өөрчлөлтийг үзүүлжээ. Тэрбээр нэг өдөр гэрээсээ зугтаж, улмаар орон сууцны дээвэрт нуугдан амьдарч явсаар удалгүй зэргэлдээх байрны хамгийн дээд давхарт амьдардаг Ану бүсгүйд сэтгэл алдарна. Залуу алсын удирдлага худалдан авч, бүсгүйн телевизийг удирддаг. Энэ мөчөөс тэдний хооронд орших хана хэрэм нуран унана. Гэхдээ зөвхөн Цогийн төсөөлөлд... Найруулагч С.Бямба киноныхоо тухай ярихдаа “Хайр дурлал, сэтгэлийн шаналанг өгүүлсэн зохиомжоор Монголын нийгмийн тогтолцооны эрс өөрчлөлтийг үзүүлэхийг хичээсэн" гэжээ. Азийн хамгийн том кино наадам болох Пусаны фестиваль 1996 оноос хойш зохиогдсон бөгөөд гол төлөв шинэ кино, шинэ найруулагчдын бүтээлийг өрсөлдүүлдэг юм. Энэ удаа тус наадамд 70 орны 299 кино оролцсоны 134 нь нээлтээ хийсэн байна. Наадмын ерөнхий шүүгчээр Япон, Иран, АНУ, Франц, Өмнөд Солонгосын найруулагч, кино зохиолч, шүүмжлэгчид ажиллажээ. Наадмын их бага 10 шагналыг Монголоос гадна Индонез, Иран, Филиппин, Швед/ Исланд, Швейцарь, Өмнөд Солонгосын 17 кино хүртсэний 10 нь Өмнөд Солонгосынх байна.
“Урт цагаан”-ыг нураах шийдвэрийг хүлээж авахгүй гэв
Урт цагаан Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит хурлаар  “Урт цагаан”-ыг нурааж, оронд нь шинэ байгууламж барих шийдвэр гаргасан. Тэгвэл энэхүү шийдвэрийг “Урт цагаан”-ыг түрээслэгчид эсэргүүцэж, тэмцэхээр болсон тухайгаа мэдээллээ. “Урт цагаан”-ы түрээслэгчид эсэргүүцлээ илэрхийлнэ. Өнөөдрийн байдлаар уг барилгыг 30 гаруй аж ахуйн нэгж нийслэлийн Өмчийн харилцааны газартай хийсэн гэрээний дагуу түрээсэлдэг байна. Нийт 700 гаруй  иргэнийг  ажлын байраар хангадаг юм. Тэд дээрх шийдвэрийг хүлээж авахгүй, хотын дарга Э.Бат-Үүлд шаардах бичиг хvргүүлэх гэнэ. Урт цагаан худалдааны төв 1990 оноос ємнє хоршоологчдын өмч байсан  бөгөөд анх байгуулагдахдаа ч улсаас нэг ч төгрөг гаргаагүй, хоршоологчдын хөрөнгөөр баригдсан аж.
HTC One Max мэндэллээ
Хэсэг хугацаанд хүмүүсийн дунд дуулиан тарьж байсан HTC One Max phablet (phone+tablet) албан ёсоор зарлагдлаа. Өмнөх HTC One загварынхаа ижил хөнгөн цагаан эх биетэй энэ загварт 2 шинэлэг боломжууд нэвтэрчээ. Нэг нь Apple 5S-ын нэгэн адил хурууны хээ уншигч бол нѳгѳѳ нь 64Gb хүртэл санах ой өргөтгөх боломжтой слот юм. Ар талдаа хурууны хээ уншигчтай HTC One Max Ялгаатай нь хурууны хээ уншигч утасны ар талд байрласан бол, санах ойг өргөтгөхдөө арын тагийг сөхөх хэрэгтэй юм байна. Бусад үзүүлэлтүүдийн хувьд сүүлийн үеийн төхөөрөмжүүдээс төдийлѳн ялгарах зүйлгүй, 16 эсвэл 32Gb санах ой дагалдсан, дөрвөн цөмт Snapdragon 600, 2Gb RAM, Android OS 4.3, 4 Megapixel камертай юм байна. 5.9 инчийн дэлгэц нь 1080p нягтралтай ажээ.
Охиноо хөнөөсөн 37 настай ээжид эрүү үүсгэн шалгаж эхэллээ
Гурван настай охиныхоо толгойг хүйтэн мэсээр гэмтээж аминд нь хүрчээ Гурван настай охиныхоо толгойг хүйтэн мэсээр гэмтээж аминд хүрсэн 37 настай Ж гэгч эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.   Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд оршин суух 37 настай иргэн Ж гэгч нь гурван настай эмэгтэй М гэгчийн амь насыг онц хэрцгий аргаар хохироосон байсан.  Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-ийн 2.12-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ажээ.
“Төсвийн зохистой бодлогоор хөрөнгө оруулалтыг дэмжих боломжтой”
Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Ян Хансен, Л.Амар нар Ирэх оны төсвийн төслийн талаар Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Ян Хансен, Л.Амар нартай ярилцлаа.  -Манай улс өнгөрсөн жилүүдэд мөчлөг дагасан төсвийн бодлоготой явж ирсэн. Үүнийг ирэх жилд өөрчилж чадах уу. Ирэх оны төсвийг хэрхэн төсөөлж байна вэ? Ян Хансен: Мөчлөг дагасан төсвийн бодлоготой явж ирсэн нь үнэн. Ялангуяа 2011 онд эдийн засгийн өндөр хурдтай өсөлт ажиглагдаж, 17.5 хувьтай байсан.  Тус онд төсвийн зарцуулалт 50 гаруй хувиар өсч, эдийн засгийн хувьд хэт халалт, өндөр инфляци ажиглагдсан. Өндөр инфляци нь иргэдийн амьжиргаа ялангуяа бага орлоготой иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлдөг. Мөчлөг сөрсөн төсвийн бодлого нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр үед орлогоос тодорхой хэсгийг хадгалж, эдийн засгийн идэвхжил буурах үед зарцуулалтыг нэмэгдүүлэх байдлаар илэрдэг.  Ян Хансен: Оюутолгойн төсөл хэрэгжүүлэх гэрээнд үйл ажиллагаа явуулж эхлээд түүнээс олох орлого болон улсад төлөх тодорхой татваруудаас хасуулж тооцох нөхцөлтэйгээр урьдчилгаа төлбөр авчихсан. Оюутолгой төсөл дээр Засгийн газар өөрөө хувь эзэмшиж байгаа.  Түүнийгээ зээл хэлбэрээр санхүүжүүлсэн болохоор орж ирэх ногдол ашгийг түүний эргэн төлөлтөд өгөх юм. Тэгэхээр богино хугацаандаа буюу нэг хоёр жилдээ Оюутолгойгоос төсөвт орж ирэх хөрөнгийн урсгал харьцангуй бага гэж харагдаж байна.  Л.Амар: Төсвийн бодлогыг дангаар нь харвал болгоомжтой, хянамгай байна. Төсвийн зарцуулалтыг орлогынхоо хүрээнд хязгаарлаж, Төсвийн тогтвортой байдлын хуулийн хэрэгжилтийг хангах төлөвтэйгээр төсвийн бодлогыг хэрэгжүүлж байна. Гэхдээ төсвийн бодлогыг өргөн хүрээнд авч үзвэл нэлээд тэлэх хандлагатай байгаа.  Төсвөөс гадуурх зарцуулалт, үүний дотор, Хөгжлийн банкаар дамжуулан зарцуулагдаж байгаа ДНБ-ий 10-аад хувьд хүрэхээр томоохон хөрөнгө оруулалтыг оруулж тооцвол төсвийн тэлэх бодлого хэрэгжүүлж байна гэж хэлэхээр байна. Төсвийн зохистой бодлого нь санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, хөрөнгө оруулалтыг дэмждэг. -Хөгжлийн банкаар сан­хүүжүүлж буй төсөл хөтөл­бөрийн хөрөнгө оруулалтыг төсөвт оруулж тооцох хэрэг­тэй гэсэн байр суурь байдаг. Оруулж болдоггүй гэх нь ч бий. Үүнийг яах ёстой вэ? Ян Хансен: Хөгжлийн банкаар санхүүжигдэж байгаа олон төрлийн төслүүдийн зарим нь хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх, эргэн төлөх чадвартай төслүүд байгаа. Харин бусад нийгмийн шинж чанартай, үр ашиг нь мөнгөн хэлбэрээр орж ирэхгүй төсөл хөтөлбөрүүдийг жишээ нь, авто замын төслийн санхүүжилтийг төсвийн зарцуулалт гэж тооцох хэрэгтэй.  Улмаар  Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн алдагдлыг ДНБ-ийн хоёр хувиас хэтрүүлэхгүй байх хязгаарлалтад оруулж тооцох боломж харагддаг. Одоогийн байдлаар Хөгжлийн банкаар санхүүжүүлж байгаа төслүүдийн томоохон хэсэг нь нийгмийн шинж чанартай төслүүд байгаа юм.   -Төсвийн тогтвортой байд­лын тухай хуулийг юу гэж дүгнэж байна вэ. Ирэх оны төсвийг батлахаас өмнө хуулийг сайжруулах шаардлагатай гэсэн байр суурь байгаа? Ян Хансен: Ерөнхий зарчмын хувьд эдийн засагчид болон эрх баригчдын зүгээс энэ хуульд их эерэг хандлагатай байдаг гэж ойлгодог. Хуулийн хүрээнд төсвийн гурван чухал дүрмийг бий болгосон. Нэгдүгээрт, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй байх.  Хоёрдугаарт, Засгийн газрын зарцуулалт дээр хязгаар тавих, мөн улсын өр дээр тодорхой хязгаарлалтуудыг тавьж өгсөн. Эдгээр дүрмүүдийг хэрэгжүүлсэнээр төсвийн тогтвортой бодлогыг явуулах, эдийн засгийг тогтворжуулах, гадаад сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс эдийн засгийг хамгаалах боломжийг бүрдүүлсэн хууль болсон юм.  Л.Амар: Манай эдийн засаг уул уурхайн бүтээг­дэхүү­ний экспор­тоос ихээхэн хамаа­рал­тай. Эрсдийн бүтээгдэхүүний үнэ их хэлбэлзэмтгий учраас эдийн засаг гадны нөлөөлөлд амархан автамтгай байдаг.  Ийм гадны нөлөөллөөс хамгаалах, гэнэтийн ихээхэн мөнгөний урсгалыг удирдахын тулд хоёр төрлийн бодлого боловсруулах шаардлагатай байдаг нь олон улсын туршлагаас харагдаж байгаа юм.  Нэгдүгээрт, дунд хугацаандаа төсвийг тогтворжуулах хэрэгтэй. Эрдсийн бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэмтгий учраас орлого их байх үед хуримтлуулсан хөрөнгөө багасах үед зарцуул­санаар төсөв тогтвортой, жигд өсөлттэй байх боломжийг хангаж өгдөг.  Тэгэхээр дунд хугацаанд төсвийг тэнцвэржүүлэх, тогтвортой өсөлтийг хангах эрх зүйн орчин нь энэ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар бий болсон юм.  Харин хоёрдугаарт, урт хугацаандаа, эрдсийн экспортоос орж ирэх хөрөнгийн тодорхой хэсгийг хадгалж, уул уурхайн шавхагддаг баялгийг үе хооронд тэгш хувиарлах, “голланд өвчин”, “баялгийн хараал” зэрэг сөрөг үзэгдлээс сэргийлэх чухал бодлогын арга хэмжээ нь баялгийн сан байгуулж түүнд хөрөнгийг хуримтлуулах тогтолцоог бий болгох явдал юм.  Л.Амар: Өр нэмэгдэнэ гэдэг нь хүү, үндсэн зээлийн эргэн төлөлт хэлбэрээр төсвийн ирээдүйн орлогоос өнөөдөр хэрэглэж байгаа хэлбэр юм. -Ирэх оны төсөвт эрдсийн бүтээгдэхүүний орлого яаж нөлөөлөх бол. Ялангуяа Оюутолгойн экспорт эхэлсэн ирэх жилд яаж нөлөөлөх вэ? Ян Хансен: Дунд болон урт хугацаанд, Оюутолгой болон уул уурхайн салбараас орж ирж байгаа орлого өсөх хандлагатай байгаа. Энэ нь Засгийн газрын орлогыг ч нэмэгдүүлэх боломжтой. Гэхдээ богино хугацаанд Оюутолгойгоос төсөвт орох орлого ихгүй байна гэж үзэж байгаа.  Яагаад гэвэл Оюутолгойн төсөл хэрэгжүүлэх гэрээнд үйл ажиллагаа явуулж эхлээд түүнээс олох орлого болон улсад төлөх тодорхой татваруудаас хасуулж тооцох нөхцөлтэйгээр урьдчилгаа төлбөр авчихсан. Оюутолгой төсөл дээр Засгийн газар өөрөө хувь эзэмшиж байгаа.  Түүнийгээ зээл хэлбэрээр санхүүжүүлсэн болохоор орж ирэх ногдол ашгийг түүний эргэн төлөлтөд өгөх юм. Тэгэхээр богино хугацаандаа буюу нэг хоёр жилдээ Оюутолгойгоос төсөвт орж ирэх хөрөнгийн урсгал харьцангуй бага гэж харагдаж байна.  -Манай улсын нүүрсний орлого өмнөх шигээ сайн байхаа больсон. Нүүрсний зах зээлээ сайжруулахын тулд дэд бүтцээ сайжруулах шаардлагатай. Гэтэл орлогоо сайжруулахад анхаарлаа хандуулахын оронд дахиад л хүүхдийн мөнгө, оюутны 70 мянган төгрөг зэрэг мөнгөн тэтгэмжүүд үргэлжлэх гээд байх шиг. Төсвийн тодотгол хийх шаардлагатай ч эдгээр мөнгөн тэтгэмжүүдийг хасахгүй гэж байгаа? Ян Хансен: Эдийн засгийн өсөлттэй явж байгаа улс орнуудад хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага маш өндөр байдаг. Тэгэхээр үүн дээр аль болох зөв, оновчтой зарцуулалтыг хийх нь чухал. Засгийн газрууд төрийн үйлчилгээний голлох салбарууд, жишээ нь эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийхийг чухалчилдаг.  Нийгмийн халамжийн бодлого нь ч зорилтот бүлэгтээ буюу нийгмийн орлого багатай хэсэгт чиглэвэл ядуурлыг бууруулах, төсвийн дарамтыг багасгах ач холбогдолтой байдаг.  -Өр нэмэгдсэн нь төсөвт муугаар нөлөөлнө гэж байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна? Л.Амар: Өрийг эерэг болон сөрөг талаас нь харах хэрэгтэй. Хөгжиж байгаа эдийн засагт өөрийн эх үүсвэр харьцангуй бага байдаг учраас гадны санхүүжилт зээлийн болон шууд хөрөнгө оруулалтын замаар орж ирж байгаа санхүүжилт их шаардлагатай байдаг.  Эдийн засгийн үр өгөөж болон тухайн төслийн бэлэн байдал, хэрэгжүүлэх чадавхийг тооцоолж үзэх нь хамгийн чухал нь байх гэж бодож байна. Хөгжиж байгаа орнуудын хувьд том том дэд бүтцийн болон бусад төслүүдийг зээлийн хөрөнгө юм уу, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар хийхээс өөр аргагүй.  Гэтэл зарим төслүүд нийгэмд үзүүлэх эерэг нөлөө, ач холбогдлоор өндөр боловч санхүүгийн эргэн төлөгдөх чадвар муутай байдаг. Тэдгээр төслүүдийг төрөөс санхүүжүүлэхээс өөр аргагүй байж болох талтай.  Манай Азийн хөгжлийн банкнаас сүүлийн хорин жилд иймэрхүү өндөр үр өгөөжтэй төслүүдэд урт хугацааны маш бага хүүтэй хөгжлийн зээл олгож ирсэн. Нөгөө талаас, өр нэмэгдэнэ гэдэг нь хүү, үндсэн зээлийн эргэн төлөлт хэлбэрээр төсвийн ирээдүйн орлогоос өнөөдөр хэрэглэж байгаа хэлбэр юм.
Тээвэрлэгч
Манай улсын 142 иргэн 16 улсад ял эдэлж байна. Хил дамнасан хар тамхины наймааны тухай сонсоод бид аль хэдийнэ цочирдохоо байжээ. Монголчууд олноороо хар тамхи тээвэрлэх болсон нь гадаадад энэ төрлийн хэргээр ял эдэлж буй иргэдийн тооноос харагдана. Манай улсын 142 иргэн 16 улсад ял эдэлж байна. Үүнээс хар тамхины хэргээр Хятадад гэхэд л 44, өөр бусад улсад ч цөөнгүй монгол харь улсын төмөр торны цаана хорвоогийн өдрийг тоолон сууна. Эх орондоо хар тамхи хэрэглэж, ийм төрлийн өвс ургамалд мансуурч байгаа залуу үеийг түр орхиж, үндэстэн дамнасан хориотой наймаанд монголчууд гар бие оролцож тээвэрлэдэг болсон тухай хөндье. Капсултай хар тамхи хэдэн арваар нь залгина. Бараагаа бусдад мэдэгдэхгүйн тулд онгоцонд олон цагаар ямар ч хөдөлгөөнгүй сууна. Юм идэж, ариун цэврийн өрөө орж болохгүй, бүр огцом хөдөлж ч болохгүй. Хүлээлгэж өгөхдөө өтгөнөөсөө өөрөө ялгаж цэвэрлэнэ. Монголчууд ийм замаар хориотой наймаа тээвэрлэсээр Азийн орнуудыг аалзны тор мэт сүлжиж явна. Амьдрахын эрхэнд... “...Нөхрийнхөө цогцсыг чандарлахад “Чи өөрөө бэлтгэх ёстой” гээд дүү бид хоёрыг нэг өрөөнд оруулчихаж билээ. Ханийнхаа хөрсөн цогцсыг өргөж, хувцаслаж, улаан торон өлгийд хэрхэн хийснээ сайн санадаггүй юм. Дараа нь хятадууд нөхрийн маань чандрыг хайрцагт хийгээд өгөхөд зарим яс нь гүйцэд бутраагүй, бүлээнээрээ байсан. Хар тамхинаас болж ханийнхаа халуун чандраас ясыг нь авч цуулж зогссоноо одоо хэр хар дарсан зүүд байгаасай гэж хүсдэг. Харамсалтай нь энэ бодит үнэн байсан. Хорвоог хамтдаа туулна гээд, хэдхэн хоногийн дараа араас чинь очно гэсээр инээгээд үлдсэн нөхөр маань энэ хайрцагт байгаа гэж бодоход хэцүү байсан...” гэх мэдүүлэг хавтаст хэрэгт байна. Энэ бол өнгөрсөн онд хар тамхи тээвэрлэж яваад харамсалтайгаар амиа алдсан талийгаач залуугийн гэр бүлийн хүний мэдүүлэг юм. Энэ явдал ингэж эхэлжээ. Мөнгөний эрхээр нутгаа орхиж хот бараадсан Г-ийн амьдрал нэг л төвхнөж өгсөнгүй. Явдал суудал нь бага, мөнгө төгрөг зарлагаддаггүй хөдөө нутгийн дэргэд хотод ганц алхахад л мөнгө нэхдэг болохоор байрны түрээс, хоол унднаас эхлэн гачигдах зүйл их болжээ. Тиймээс эзэмшил газартай, гэр оронтой болчихвол амьдрал цэцэглэнэ хэмээн эхнэртэйгээ ярьж байсан гэнэ. Эхнэр нь нэг өдөр “Богино хугацаанд их мөнгөтэй болох ажил байдаг, гурван сарын дотор 40-50 сая төгрөг олно” хэмээн дуулснаар тэдний амьдрал орвонгоороо эргэх эхлэл болжээ. Ийм мэдээ сонссон эхнэр Т нөхөртөө дуулгаж ятгасаар байгаад тэр ажилд явахаар тохиролцож, танилын хүнтэйгээ уулзан туршилтад орсон гэдэг. Тэр хоёрыг дагуулж очсон газарт хэд хэдэн монгол байж хамт туршилтад орон, хурууны үе шиг боодолтой зүйлийг хэр олныг залгисан нь явах боломжтой болохыг мэджээ. Уралдан байж залгисаар нөхөртэйгөө явах “виз”-тэй болсон гэнэ. Хүүгээ хөдөө ээж, аав руугаа явуулж, Бээжин нисчээ. Тэнд Г, Т нарыг хүмүүс тосч үнэтэй хувцас авч өгөн, өнгөтэй өөдтэйг эдлүүлж, зугаацуулж байснаа нэг л өдөр үндсэн ажилдаа орохыг үүрэгджээ. Тэдний хийх ёстой ажил капсультай хар тамхийг олноор залгин хил гарах. Хар тамхины наймаачдын бараагаа хил нэвтрүүлэх хамгийн боломжтой арга нь тэр аж. Хэр олныг залгина их мөнгөтэй болно гэсэн бодлоор тэд хэд хэдэн удаа тээвэрлэлт хийжээ. Тэдний толгойлогч нь Б.Хулан, Б.Халиун нар. Нутаг нэгтнээ олноор нь хууль бус наймаанд уруу татсан “Алтан гурвалжин”-гийн гишүүд. Зарим эх сурвалжийн мэдээлснээр уг бүлэглэлийн толгойлогч гэх нь бий. Т тээвэрлэгчийн ажлаа больж, нутагтаа буцахыг эрхэмлэх болж нөхөртэйгөө ярилцан Б.Хулан, Б.Халиун нарт учирласнаар буцах болжээ. Гэтэл нөхөр нь “Дахиад ганц удаа тээвэрлэлт хийчихээд араас чинь очно” хэмээн эхнэрээ үджээ. Г сүүлчийнхээ тээвэрлэлтээр 70 ширхэг капсул залгиж хил гарахдаа цагдаагийнханд баригдаж, улмаар ходоодонд нь задарч хордож нас барсныг эх сурвалж хэлж байна. Гэтэл цаад эзэд нь бараагаа авчихаад чандарлаж өгнө хэмээн амласнаар талийгаачийн цогцсыг авчээ. Гэвч бараагаа аваад талийгаачийн цогцсыг чемоданд хийн усан онгоцонд хаясан байхыг Хятадын цагдаагийнхан олсноор нөхрөө хүлээсэн эхнэр Т, ааваа хүлээсэн хүүгийнд хаягласан харамсалт мэдээг манай улсад дуулгасан байна. Хамгийн эрсдэлтэй нь "Тээвэрлэгч" Тээвэрлэгчийн түүх хэзээ ч сайнаар дуусдаггүй. Өрнөл нь ч сайхан байдаггүй. Тэд үргэлж бие, сэтгэлийн дарамтад байдаг. Капсултай хар тамхи хэдэн арваар нь залгина, 30-70-ийн хооронд. Тээвэрлэгчдийн хоолой хавдах, өвдөх тохиолдол энүүхэнд. Бараагаа бусдад мэдэгдэхгүйн тулд онгоцонд олон цагаар ямар ч хөдөлгөөнгүй сууна. Юм идэж, ариун цэврийн өрөө орж болохгүй, бүр огцом хөдөлж ч болохгүй. Хүлээлгэж өгөхдөө өтгөнөөсөө өөрөө ялгаж цэвэрлэнэ. Удахгүй дахиад энэ ажил тэднийг угтана. Монголчууд ийм замаар хориотой наймаа тээвэрлэсээр Азийн орнуудыг аалзны тор мэт сүлжиж явна. Хар тамхины наймаанд хамгийн эрсдэлтэй, хамгийн бага хөлс авдаг нь тээвэрлэгч гэнэ. Энэ ажилд монголчуудыг уруу татагчид мөнгө олох зорилгыг нь ашигладаг. Нөгөө талаар энэ ажлыг манайхан сэтгэл гарган хийдэг учраас гаднынхан дуртай байдаг гэнэ. Хамгийн харамсалтай нь нутаг нэгтнээ ийм хэрэгт уруу татах ажлыг хариуцдаг монголчууд хар тамхины бүлэглэлд багтаж, хүрээгээ тэлсээр байгааг хуулийн байгууллагынхан онцолж байна. Хятадад 50мг-аас дээш хар тамхи зөөсөн бол цаазаар авна эсвэл бүх насаар нь хорьдог 50мг-аас дээш зөөсөн бол цаазаар авна эсвэл бүх насаар нь хорино Хар тамхины хэрэг онц хүнд гэмт хэрэгт тооцогддог учир энэ төрлийн хэрэгт холбогдсон хүмүүс хөнгөн ялаар мултарна гэж үгүй. Хятадад л гэхэд 50 мг-аас дээш хар тамхи худалдаалж, борлуулсан бол шууд онц хүнд гэмт хэрэгт тооцогддог. Гэтэл манайхны зөөвөрлөсөн бараа үүнээс хэдэн арав дахин их учир цаазын ял эсвэл бүх насаар нь хорих ялд унадаг. Монголчууд ийм эрсдлийг үл тооцон, зөвхөн “Нэг дор их хэмжээний мөнгө олж байвал юу ч хийсэн яахав” хэмээн хилийн дээс алхдаг нь хар тамхины хэрэгт холбогдогсдын мэдүүлгээс харж болох. “Амьдрахын эрхээр” хэмээх хоёрхон үгэнд амьдралаа булшлуулсан нэгэн өрхийн түүхийг дээр өгүүллээ. Тэдэн шиг бодолтой өчнөөн гэр бүл энэ нийгэмд бий. Хүчээр ийм амьдрал руу оруулдаггүй, хувь хүн өөрийн хүслээр ийм замыг сонгодог нь хүний эрх, эрх чөлөө. Анх 2006 онд монгол хүн хар тамхины хэрэгт холбогдож шүүхээр таслагдаж байсныг хуулийн байгууллагынхан бүртгэжээ. Арав хүрэхгүй жилийн дотор монгол хүн тээвэрлэгчээс хар тамхины наймаачдын бүлэглэлийн толгойлогч болтлоо томорсон байна. Тэд бол Б.Халиун, Б.Хулан нарын эгч дүүс. Гэхдээ тэдний тухай дараагийн дугаарт онцолно. Мөн гэр бүл, хамаатан садан, найз нөхөд зэрэг олон арван хүнийг нэг дор харийн шоронгийн хаалга татуулсан хэргийн эзэн “брэнд бараа”-ны түүхийг маргаашийн дугаараас уншаарай.
Нийгмийг цочроосон хэрэг Төв аймгийн Батсүмбэрт гарлаа
Өөдсөн чинээ охины тол­гойг заазуураар тасдаж хө­­нөө­сөн байна. Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт гуравхан настай балчирхан охин төрсөн эхийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Эл хэрэг өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 13-нд шил­­жих шөнө гарсан бөгөөд өөдсөн чинээ охины тол­гойг заазуураар тасдаж хө­­нөө­сөн байна. Гэмт эт­гээд болох охины ээж нь Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны иргэн, 37 настай Ж гэгч аж.  Т.Алтан­­цацрал: Охиноо шалдан аваад гарсан байгаа юм. Тэгээд л удалгүй цагдаа дуудаарай гэсэн. Би цагдаа дуудсан. Тэгсэн чинь охиноо алчихсан байсан.  Үнэхээр зүрх зүссэн мэдээ гэж үүнийг л хэлэх байх. Манай сурвалжлах хэсэг сонсоод ч чихэндээ итгэмгүй нийгмийг цоч­роосон эл хэргийн үнэн, зө­вийг тодруулахаар хэр­гийн газрыг зорьсон юм. Улаанбаатар хотоос 80-аад км-ийн зайд орших Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт нүд ирмэхийн зуурт л хүрэв.  Гэвч гуравхан нас­тай балчирхан охин хэрцгий эхийнхээ гарт хэрхэн тар­чилж амиа алдсан бол гэсэн бодол өр зурна.  Эхлээд талийгаач охины амиа алдсан газар болох тус сумын Үдлэг дөрөвдүгээр багийг зорилоо. Г.Тө­мөр­баатар гуайн гэр Жирийн үед хүн, малын хөдөлгөөн тасардаггүй эл нутаг яагаад ч юм нэг л эл хуль, хоосон хөндий угтав. Биднийг хэр­гийн газарт очиход Г.Тө­мөр­баатарын хашаа эзэн­гүй, бай­шингийнх нь хаал­га түгжээтэй байсан юм.  Нутгийнхан хэргийг хав дарж байна  Талийгаач охин амиа алдахын өмнөх орой нь ээжтэйгээ хамт Г.Төмөр­баатар гэх айлд Улаанбаатар хотоос иржээ. Учир нь Г.Төмөрбаатар эх, охин хоё­рыг ойр зуурын ажил хийлгэж, аар саархан зүйлд туслуулахаар ийнхүү авч ирсэн аж. Гэтэл үүрийн 05:00-06-00 цагийн хооронд гуравхан настай охин төр­сөн эхийнхээ гарт хэрц­гийгээр амиа алдсан байна. Гэмт этгээд төрсөн охи­ноо хөнөөж, толгойг нь тасдчихаад зэргэлдээх гудам­жаар нааш цааш нэлээд удаан холхижээ. Хэдийгээр үүнийг нь нутгийн иргэдийн ихэнх нь харсан ч хүүхдээ хөнөөж, хутга барьсан эх рүү ойртож зүрхлээгүй байна. Ингэхдээ мөн барьж явсан хутгаараа хоолойгоо хэрчиж амиа хорлохыг завджээ.  Харин юуны тулд, ямар учраас эв эрүүл эмэгтэй, тэр тусмаа эх хүн арван сар тээж төрүүлсэн үрээ ийн аймшигтайгаар хөнөөхөд хү­рэв гэдэг нь анхаарал та­таж байна.  Түүнчлэн нут­гийн иргэд охиноо хө­нөөсөн эмэгтэйг гудамжаар алхаж байхад нь бүгд харсан гэх хэрнээ яг хэргийн талаар асуухаар “мэдэхгүй” хэмээн хариулж байгаа нь цаанаа л нэгийг өгүүлэх шиг.  Нутгийн иргэд дээрх хэрэгт цочирдож, балмагдсан гэхээсээ илүүтэйгээр “Хүн дүрст амьтан нутгийн нэр баастлаа” гэсэн аятай байс­ныг нуух юун. Тэр ч бүү хэл “Тэр хүүхнийг Г.Төмөр­баатар гуай Баянхошууны гудамжинд хүүхдээ тэврээд архи уугаад хэвтэж байхад нь сайн санаж авч ирсэн биш гай боллоо” гэх ч иргэдтэй таарав.  Гэсэн ч зарим хүний ярьж байгаагаар “Г.Төмөр­баатарынх хэрэг гарах шөнө эх, охин хоёрыг дарамталсан байж болзошгүй гэнэ. Тиймээс эл хэргийг үйлдсэн байх” гэж ярьж байв. Ямартай ч бид тухайн үед яг юу болсон талаар Г.Төмөрбаатарын охин Алтан­­цацралаас тод­рууллаа.  Т.Алтанцацрал: Тэр эмэгтэйг охиноо хөнөөнө гэж хэн мэдэх билээ  -Хэрэг гарах үед та байсан уу?  -Тийм ээ, байсан. -Яг юу болсон юм бэ?  -Бид тэр эмэгтэйг охиноо алчихна гэж яаж мэдэх юм бэ. Би тэр эмэгтэйтэй уулзсан. Харахад тийм аймшигтай зүйл хийчихээр хүн шиг харагдаагүй. Үнэ­хээр харамсалтай байна. Жи­жигхэн хөөрхөн охин байсан.  -Уучлаарай, тухайн үед яг юу болсон юм бэ?  -Тэр эмэгтэй хэрэг га­ра­хын өмнөх орой нь охин­тойгоо ирсэн. Гэтэл на­майг унтаж байхад өглөө ээж их сандарчихсан ороод ир­сэн. Яасан юу болов гэж асуу­тал нөгөө хүүхэн чинь хүүх­дээ аваад гараад явчих­лаа гэсэн.  Түүнийг охиноо аваад га­рахад нь ээж хажуу та­лын зуныхаа байшинд юм хийгээд зогсож байсан юм билээ. Тэрүүхэн хооронд л охиноо шалдан аваад гарсан байгаа юм. Тэгээд л удалгүй цагдаа дуудаарай гэсэн. Би цагдаа дуудсан. Тэгсэн чинь охиноо алчихсан байсан. Өөр зүйл мэдэхгүй байна.  -Аав, ээж хоёр түүнтэй чинь маргасан юм болов уу?  -Үгүй.  -Эсвэл архи дарс ууц­гаасан юм уу?  -Үгүй ээ, огт тийм зүйл болоогүй. Өөр ярих бо­ломжгүй байна.  Ямартай ч хууль хянал­тынхан охиныхоо аминд хүрсэн Ж гэгч эмэг­тэйн хэр­гийг Төв аймгийн Цагдаа­гийн хэл­тэст шалгаж байна. Ха­­рин эл хэрэгт сэжигтнээр Г.Төмөрбаатар болон түүний эхнэр, бага хүү нарыг нь Батсүмбэр сумын цагдаагийн хэсэгт шалгаж байгаа юм.
Л.Баттогтох: Надад эрүү үүсгээгүй
Өмгөөлөгч Л.Баттогтох Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтоход Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс “Бусдаас мөнгө авч, захиалгаар гэмгүй хүний нэр төрийг хэвлэл мэдээллээр гутаан доромжилж, гүтгэсэн” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Л.Баттогтох өмгөөлөгчөөс тодрууллаа. -Таныг хүнээс мөнгө авч нэр төрд халдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл цацагд­сан. Үүнд тайлбар өгөх­гүй юу? -Тийм зүйл байхгүй. Би Сүх­баа­тар дүүргийн цагдаагийн хоёр­дугаар хэлтэст очиж тайлбар өг­сөн. Өөр зүйлгүй. -Тэгэхээр танд ямар нэгэн хэрэг үүсгэсэн гэх албан бичиг ирээгүй юм уу? -Тийм ээ.  -Сэлэнгэ аймгийн орлогч про­ку­рор Ш.Болд-Эрдэнэ зо­хио­­мол хэ­рэг үүсгэсэн гэж хэл­сэн нь цаа­наасаа явуулгатай зүйл байж болох уу? -Түүнийг хэлж мэдэхгүй байна.
7500 ам.доллараа залилуулжээ
Арилжааны банкуудын системдээ нэвтрүүлж буй Вестерн Юнионы гүйлгээг ашиглан бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг сүүлийн үед гарах болжээ. Цагдаагийн ерөнхий газраас энэ төрлийн хэд хэдэн гэмт хэргийг шалгаж байна. Тодруулбал, иргэд www.unegui.mn болон  интернет худалдааны вэб сайтад тавигдсан автомашин болоод бусад эд зүйл худалдана гэсэн зарын дагуу гадаад дотоодын хүнтэй интернэтээр харилцаж, залилагч этгээдийн санал болгосон Вестерн Юнион гэх хуурамч сайт уруу нэвтэрч гүйлгээгээний мэдээллээ өгөн мөнгөө шилжүүлснээр залилуулах болжээ. Энэ аргаар манай улсын хоёр иргэн Дани улс уруу гүйлгээ хийж, 7500 ам.доллараа залилуулсан байна.  Тиймээс интернэт гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой байхыг ЦЕГ-аас иргэддээ анхааруулж байна.
“Чоно”-ын Энхболд хэнд авлига өгсөн юм бол...
"Blue sky" цамхаг “Чоно” группын ерөнхийлөгч Т.Энхболдсодон бохир мөнгө угаасан хэргээр саатуулагдсан уу Өнгөрсөн баасан гарагт АТГ Монголын нэр нөлөө бүхий бизнесмен “Чоно” группын ерөн­­хийлөгч Т.Энх­­болд­содонг бус­дад их хэмжээний авлига өгсөн байж болзошүй хэмээн сэжиг­лэж Төв аймгийн цагдан хо­рих төвд саатуулан хориод байна. Хэдийгээр түүнийг алба­ныхан мөнгө угаасан гэх хэр­гээр сэжиглэн саатуулсан гэж байгаа боловч юуны учир Энх­болдыг баривчлав, хэргийн гол зангилаа чухам юу вэ гэдэгт олон хүн таа­маг дэвшүүлэхэд хү­рээд байна. Түүнчлэн түүнийг барив­чил­даг өдөр буюу баасан гарагт эзэм­шилд нь байдаг “Blue sky” цамхагт АТГ-ын алба хааг­чид нэвтэрч тэндхийн ажил­т­нуу­дыг га­дагш гаргал­гүй­гээр шалгалт нэгжлэг хийсэн байна. Ямартай ч манай улсын “Топ” 40 тэрбумтны 17 дугаарт эрэмбэлэгддэг Т.Энх­болд­содонг юуны учир АТГ-аас хорьж саатуулав гэ­дэг олон хүний анхаарлыг татаж бай­на. Учир нь түүний мэ­дэлд маш олон бизнесийн сал­бар байдаг. Тухайлбал “Strings” амьд хөгжмийн шө­нийн клуб, “White house” зочид буудал, “Мишээл экс­по” худалдааны төв, “Тор­го салон”, “Tse pub” гэх зэрэг олон газрууд одоог хүр­тэл үйл ажиллагаагаа амжилт­тай явуулсаар байгаа.  Ер нь монголын толгой бизнесменүүд ээлж дараалан АТГ-ын овоо хараанд өртөж ийн­хүү учир битүүлэгээр яа­гаад шалгагдах болов гэж хардах хүн ч олон бай­на. Учир нь Энхболдын хувьд өнөөдөр 80 гарсан хөг­шин ээжийгээ асрахын хажуугаар халамжит хань гурван хүүхдээ асарч өө­рийн харьяалалд байдаг ажи­лагсад­даа төдийгүй олон хүнд өгөөмөр гараа сунгаж чад­даг жинхэнэ мужик зан­тай эр хүн гэж түүнийг мэдэх хүмүүс тодорхойлдог юм билээ.  Албаны эх сурвалжууд түүнийг Монг­олын улстөрч­ийг ивээн тэтг­эх нэрээр авлига өгсөн гэж сэжиглэн шалгаж байна гэж хэлсэн боловч зарим эх сур­алжуудын хэлсэнчлэн “Blue sky” цамхагийн асуудлаар хорьж барилгын санхүүжилтийг шалгах болсон гэсэн нь үнэний ортой ч байж мэднэ.  Тиймдээ ч Энх­болдын буя­­­­­­­наар ажил амьдрал­тай­гаа золгож сайн сайхан амьдралд хүрсэн олон залуу­чууд түүнийг хоригдсон гэд­гийг дуулаад их л гайхаж бай­гаа­гаа илэрхийлсэн.  Өдгөө тэрбээр 536 сая ам.долларын хөрөнгөөр 17 дугаарт бичигддэг хэдий ч түүнийг бизнесийн хүрээ­ний хэсэг бүлэг хүмүүс “Сүүлийн зургаан жилд огцом хөрөнгөжиж монголын тэргүүн баячуудтай эн зэрэгц­сэн нь их л сэжигтэй гэж өөр зуураа ярилцдаг нь” ийн­хүү АТГ-ын сонорт хүрч, дээлийг нь толгой дээгүүр нь нөм­рүүлж байгаа бололтой.  Уг нь түүний хийж буй бүхий л бизнес олон нийтэд ил байдаг юм билээ. Тодруулбал 92 онд бай­гуу­лагдаж байсан “Чо­но” компани 2010 онд групп болон өргөжиж 12 сал­бар бүхий 1200 гаруй ажил­лагсадтай болж хү­чирхэгжсэн. Түүний өсөн дэвжсэн нь бизнесийн ертөн­цөд огцом тэсрэлт хийс­нээс болж хэсэг бүлэг хүмүү­сийн хараанд өртөж өнөөдөр ийм байдалд хүргэснийг үгүйсгэхийн аргагүй. Тий­мээс зарим эх сурвалжууд түүнийг саатуулан шалгах болсны цаад учир нь хотын төвд байрлалтай “Blue sky” цамха­гийн асуудлаар хорьсон байж болзошгүй хэ­мээж бай­гаа юм.  Тухайлбал одоогоос дөр­вөн жилийн өмнө “Blue sky” цамхаг ашиглалтад оро­­хоосоо өмнө янз бүрийн хэл ам дагуулж байсан. Эл барилгыг анх МАХН-ын дарга Н.Энхбаярынх гэж ярьж байсан боловч экс ерөн­­хийлөгч энэ бүх яриаг үгүйсгэж байсан юм.  Харин 2006 онд Т.Энхболдсодон тус барил­гын тодорхой хувийг эзм­шихээр болсон учраас МАХН-ын дарга Н.Энхбаяр эл хэл амнаас нэг хэсэгтэй хөн­дий байх болсон билээ. Гэтэл зарим эх сурвалжууд “Blue sky” цамхагийн жин­хэнэ эздийг тодруулахын тулд түүнийг хорьсон байх магадлалтай гэж үзэж бай­гаа хэмээн хэлж байсан юм. Учир нь одоог хүртэл улс тө­рийн хүрээнийхэн эл барил­гыг Н.Энхбаярын эхнэр О.Цол­монгийн эзэмшилд бай­даг гэж ярьдаг.  Нэгэн түүх сөхөхөд тус барилгыг анх барихад Солонгосын иргэн хөрөнгө оруулж байсан. Түүнийг бохир мөнгөөр “Blue sky” цамхагийг барилаа гэж тухайн он жилүүдэд шуугиж байсан. Тиймээс Т.Энхболдсодонг “Blue sky tower”-т хөрөнгө оруулсан солонгос эрхэмтэй хуйвалдаж мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэж цагдан хорив уу гэх хардлага ч бий.  Үнэхээр заазууран барил­гатай холбоотой хэргээр АТГ шалгах гэж байгаа бол эл барилгын хөрөнгө оруу­­­­лалт хаанааас яаж бос­­сон, мөнгөний эх үүсвэ­рийн угшил гарал гээд олон зүйлийг шалгах нь дам­жиггүй.  Тэгэ­хээр эл барилга ямар замаар Т.Энхболд­содон­­­гийнх болсон юм бол гэж одоог хүртэл бизнесийн хүрээ­ний­хэн сонирх­соор байдаг нь энэ удаа­гийн баривчилгааны сэ­дэл болсон ч байж магад­гүй.  Товчхондоо монголын биз­не­сийн хү­­­­рээнд нэр нөлөө бүхий эрхмийг чухам ямар учраас саа­туулан хорих болов гэдэг нь тун сонирхолтойн дээр араасаа олон хардлага да­гуулж байна.  Албаны эх сурвал­жууд түүнийг Мон­голын улс­­­­төрч­дийг ивээн тэт­гэх нэрээр авлига өгсөн гэж сэжиглэн шалгаж байна гэж хэлсэн боловч зарим эх сур­валжуудын хэлсэнчлэн “Blue sky” цамхагийн асууд­­­­­лаар хорьж барилгын санхүү­жилтийг шалгах бол­сон гэсэн нь үнэний ортой ч байж мэднэ.  Тиймээс дээрх хоёр мэдээллийн аль үнэн бэ гэдэг нь тун удахгүй тодрох байх. Өнөөдөр “Чоно”-ын Энхболд тэгвэл маргааш хэн гэдэг бизнесмен хоригдох бол. Ямартай ч бид дараагийн дугаартаа түүнтэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
Хөрөнгө оруулагчид өртэй Монголоос жийрхэх вий
Хөрөнгө оруулагчид өртэй  Монголоос жийрхэх вий “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкаар олгож байгаа олон зуун тэрбумын хөнгөлөлттэй зээл Монгол Улсыг хөгжүүлэх бус өр болно хэмээн олон хүн хардаж байна. Үүнийг Ерөнхий сайд “Зарим нь өр, нэг хэсэг нь хөрөнгө оруулалт, нөгөө хэсэг нь мөнгө үржүүлэг гэж харна. Аль ч талаас нь харж болно” гэж тайлбарласан. Сангийн яамны мэдээлснээр манай улсын өр 4.1 ам.доллар байна. Энэ өрөн дунд 1.5 тэрбумын “Чингис” бонд, 600 сая ам.долларын Хөгжлийн банкны бонд хамгийн их нь. “Чингис” бонд, Хөгжлийн банкаар дамжиж байгаа хөрөнгө бүгд өр гэдгийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа онцолсон. Түүний тооцоолсноор Монгол Улсын өрийн хэмжээ 15 тэрбум ам.долларт хүрчээ. Тэгвэл төгрөгөөр бид 6-7 их наяд төгрөгийн өртэй аж. Үүнийг иргэддээ хуваавал нэг хүн тав орчим сая төгрөгийн өртэй байгааг эдийн засагчид онцолж байна. “Чингис” бондын хувьд өнгөрсөн жил өдийд 1.5 тэрбум ам.долларын бондыг гадаад зах зээлээс босгож одоо үлдсэн 650 сая ам.долларыг ашиглаж эхлээгүй ч хүү төлж байгаа. Хүү төлж байгаа зээлээ зарцуулах бэлэн төсөлгүйгээс болж “Гудамж” гэх мэт аар саархан зүйлд үнэтэй мөнгөө үрж байгааг эдийн засагчид шүүмжилж байна. Япончууд өмнө нь байнга тусламжийн чиглэлээр энэ улсаас мөнгө авдаг байсан бол одоо илүү хариуцлагатай замаар мөнгө авах гэж байгаа нь сайн. Гэхдээ бондын мөнгийг юунд зарцуулах нь тодорхойгүй байгаа нь эрсдэлтэй.  Энэ өрийг “Самурай” бондоор үргэлжүүлэх гэж байгаа талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, МУИС-ийн багш, дэд профессор Б.Эрдэнэбат нар байр сууриа илэрхийллээ. Д.Бямбасүрэн: Япончууд бэлэн мөнгө өгөхгүй байлгүй - Өндөр хөгжилтэй, том гүрэнтэй хамтран ажиллаж байгаа нь авууштай. Японуудаас сурах зүйл бидэнд их бий. Өмнө нь байнга тусламжийн чиглэлээр энэ улсаас мөнгө авдаг байсан бол одоо илүү хариуцлагатай замаар мөнгө авах гэж байгаа нь сайн. Гэхдээ бондын мөнгийг юунд зарцуулах нь тодорхойгүй байгаа нь эрсдэлтэй. Японууд арай бэлэн өмнгө өгөхгүй байх. Б.Эрдэнэбат: Гадаад өр хурдтай нэмэгдэж байна - Манай улсын ДНБ-д эзлэх гадаадын өрийн хэмжээ богино хугацаанд маш хурдан өсч байна. Нэг ёсондоо сэтгэл эмзэглүүлэх асуудал болоод байна. Бүтээн байгуулах, хөрөнгө босгох гэж бонд гаргаж байгаа ч гадныханд сул харагдах нэг шалтгаан болно гэсэн үг. Гадны хөрөнгийгтатах гэж мэрийж байгаа өнөөгийн нөхцөлд өр тавихаар ярьж байгаа нь оновчгүй ишйдвэр. Ер нь херөнгө оруулагчид тухайн орны хэр их өртэй, авсан мөнгөө хэрхэн төлөх чадвартай эсэхийг түрүүлж харж, судалдаг. Ийм нөхцөлд бид хөрөнгө оруулагчдыг “айлгаж” байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр “Самурай” бонд гаргах болсон нь арилжааны банкуудад муу үр дагаврыг авчирна. Манайд олон улсын зах зээлд бонд гаргаж, хөрөнгө босгож байгаа хэд хэдэн банк бий. Тэдний бондын чансааг олон улсын зах зээлд улсынх нь өрийн үзүүлэлтийг харж тогтоодог. Манай улсын банкуудын хувьд зээлжих зэрэглэлд нь сөрог нөлөө бий болоод байна. Тэгэхээр Засгийн газар дахин хувийн хэвшлийг боомилох нэг алхамыг хийчихлээ.
Цэрэг татлага Баасан гарагт эхэлнэ
Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болно. Иймээс нийслэлийн дүүрэг бүрт цэрэг татлагын товчоо ажиллуулах юм байна.  Харин цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажил өнөөдрөөс 17-ныг дуустал үргэлжилнэ. Халагдаж ирж байгаа байлдагч, түрүүчийг  ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтанд хамруулахаар төлөвлөж байгаа аж. Цэрэг татлагын ажлыг ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ахлах юм байна.
“АНУ-ын өрийн асуудал дэлхийн эдийн засгийг бүхлээр нь ухраах нөхцөл болоод байна”
АНУ-ын өрийн асуудал дэлхийн эдийн засгийг бүхлээр нь ухраах нөхцөл болоод байна “АНУ-ын өрийн асуудал дэлхийн эдийн засгийг бүхлээр нь ухраах нөхцөл болоод байна” хэмээн ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард мэдэгдлээ. Өрийн хязгаарыг өсгөхөд зөвшилцөлд хүрэхгүй бол АНУ-ын Сангийн яамнаас богино хугацааны санхүүжилтийн сангуудыг бий болгоно хэмээн өнгөрсөн мягмар гаригт мэдэгдсэн билээ. Ардчилсан болон Бүгд найрамдах намын лидерүүд өнгөрсөн долоо хоногт анх удаа энэ талаар яриа хэлэлцээ өрнүүлсэн байна. Гэвч олон нийтийн хүлээсэн шиг сайн мэдээ гараагүй талаар сенатын төлөөлөгч хэлжээ. ABC телевизэд ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард өгсөн ярилцлагадаа “АНУ өрийн хязгаараа ирэх пүрэв гаригаас өмнө нэмэх шаардлагатай” хэмээн хэлжээ.
Банк дээрэмдэж, хүний аминд хүрсэн А.Бат-Ялалтад 25 жилийн ял оноов
А.Бат-Ялалт 2012 оны дөрөвдүгээр сард Налайх дүүргийн ХААН банкны салбарыг дээрэмдэж, улмаар хүний аминд хүрсэн А.Бат-Ялалтад шүүхээс 25 жилийн ял оноолоо. Шүүх хурал ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид өчигдөр болж, Налайх дүүргийн шүүгчид түүнд ийнхүү 25 жилээр яллав. Тэрбээр 2012 оны дөрөвдүгээр сарын 3-ний өдөр тус тооцооны төвд “Сурвалжлагч байна. Захиралтай чинь уулзах гэсэн юм” хэмээн худал хэлэн нэвтэрч, улмаар банкны захирлын нөхрийг буудан хөнөөсөн юм. Түүгээрч зогсохгүй хэргийн газраас зугтаахдаа таксины жолооч барьцаалсан билээ.
Хятадад өдөрт нүүрсний хоёр уурхай хаагдаж байна
БНХАУ уул уурхайн салбартаа шинэчлэл хийсээр байна. 2000 оноос хойш дэлхийн нүүрсний эрэлт 2.9 тэрбум тонн болон өссөн. Энэ тооцооллын 2.3 тэрбум тонн болон 82 хувийг нь Хятад улс бүрдүүлдэг аж. Ирэх хоёр жилд тус улсын Засгийн газраас нүүрсний 2000 гаруй жижиг уурхайн үйл ажиллагааг хаахаар шийдвэрлэсэн байна. Хятадад нүүрсний 12000 уурхайгаас жилдээ 90 мянган тонноос бага олборлолт хийдэг уурхайнуудыг хаахаар болжээ. Тус улсад нүүрсний 12000 уурхай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнээс жилдээ 90 мянган тонноос бага олборлолт хийдэг уурхайнуудыг хаахаар болжээ. Ингэхдээ нүүрсний чанар болон ажиллах орчны нөхцөлд нийцэхгүй зэрэг үзүүлэлтүүдийг чухалчлан үзэх аж. Энэхүү кампанит ажил нь нүүрсний шинэ уурхайнуудын үйл ажиллагааг чанаржуулах, жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал нь 300 мянган тонноос багагүй уурхайг дэмжих гээд олон талт цогц ажил юм. Түүнчлэн жилдээ 900 мянган тонноос багагүй хүчин чадалтай ч нүүрс нь чанар муутай, аюулгүй ажиллах орчны үзүүлэлт тааруу уурхайнууд хаагдах юм. Хятад улс энэ жил 628 жижиг уурхайг хааж, 622 уурхайн үйлдвэрлэлийг сайжруулан, 388 уурхайг нэгтгэсэн байна. Энэхүү эрс шинэчлэлээс үл хамааран 2012 онд тус улсын нүүрсний үйлдвэрлэл 2.66 тэрбум тоннд хүрч өмнөх жилтэй харьцуулахад 4.0 хувиар өссөн байна. Засгийн газрынх нь мэдээлснээр нэг тонн тутамд уурхай дахь алдагддын хэмжээ 2011 онд 0.564 болж, 2002 онд 4.94 байсан үзүүлэлтээс огцом буурсан боловч Америкийн одоогийн 0.019 гэсэн үзүүлэлттэй харьцуулахад аюулын харанга болсоор байгаа аж. 2012 онд Хятадад 1.384 хүн уурхайн гэнэтийн ослоор амиа алдсан байна.
Зарим автобус Саппорогийн буудал дээр зогсохгүй
Саппорогийн хотын төв рүүгээ явдаг буудал дээр зарим автобус зогсохгүй “Саппоро”-ийн тойргийг өнгөрсөн зургаадугаар сард гэрлэн дохиотой уулзвар болгон өөрчилсөн. Энэ буудал дээр том оврын М31, М31/б/, М36, М44, М46 туслах шугамын ТШ8, ТШ19, ТШ22, ТШ25, ТШ39, ТШ41, ТШ44 чиглэлийн автобуснууд зогсдог.  Харин эдгээр автобусууд Саппорогийн буудал дээр зогсолгүй уулзвараар зүүн гар тийш эргэн 3-р эмнэлгийн баруун талын зогсоол дээр зогсоохоор болжээ. Учир нь хуучин төлөвлөлтийн дагуу замын хөдөлгөөнд оролцох нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй аж. Тиймээс дээрх өөрчлөлтийг хийжээ.
Б.Галаарид: Сэтгүүлчид анх удаа урлагийн наадам хийнэ
Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид Монгол улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Хэвлэл мэдээлийн салбарын урлагийн их наадмыг энэ сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Уг наадмыг URLAG.mn сайт санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд Монголын сэтгүүлчдийн эвлэл дэмжин ажиллаж байгаа аж. Улаанбаатар хот, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудын төрөл онцдогоос хамаарч телевиз, сонин сэтгүүл, богино долгионы радио, вэб сайт гэсэн төрлүүдэд ангилан өрсөлдүүлэх бөгөөд төрөл тус бүрт нь багийн болон гоцлолын шилдгүүдийг тодруулах юм. Багийн мэндчилгээ, дуу, уран уншлага, бүжиг, хөгжим, язгуур урлагийн төрлөөр сэтгүүлчид өрсөлдөх юм байна. Наадмын шагналын сан 50 гаруй сая төгрөг бөгөөд тэргүүн байр эзэлсэн хамт олныг сая 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна. Уг наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар болжээ. Наадмын сүлд дууг нь яруу найрагч Ү.Хүрэлбаатар, хөгжмийн зохиолч Б.Чинбат нар хамтран бүтээсэн байна. “Sweetymotion” хамтлаг, Б.Чинбат, болон хэвлэл мэдээллийн байгууллагын салбарын төлөөлөл хамтран дуулах аж. Эрх чөлөө миний хөх тэнгэр Эх орон миний хөрст дэлхий Элгэн түмэн миний эрдэнийн шүтээн Энэ биеэрээ би үнэний дуу хоолой..... хэмээх хэвлэл мэдээллийн салбарынхны сүлд дууг дүрсжүүлэх ажил өчигдрөөс эхэлсэн бөгөөд сэтгүүлчдийг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчид уриалж байсан юм. Монголын сэтгуулчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридаас уг наадмын талаар зарим зүйлийг тодруулсан юм. -Хэвлэл мэдээллийн салбарынхны урлагийн их наадмыг зохион байгуулахын ач холбогдол юу вэ? -Монголын сэтгүүлзүй үүсч, хөгжөөд 100 жил болсон. Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн салбарынхны баяр наадам болж байгаагүй гэж хэлж болно. Сэтгүүлчид бид ямар ч баяр ёслолоор ажлаа хийгээд л гүйж байдаг. Тиймээс энэ наадам хэвлэл мэдээллийн салбарынхны анхны том наадам юм. Нөгөө талаар нэг салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд нэг нэгнээ таньж, мэдэх, авьяастнуудаа тодруулах, сэтгүүлчдийнхээ цагийг зөв боловсон өнгөрөөх зэрэг олон давуу тал бий. Хамгийн чухал нь ямар ч үед олон нийтэд мэдээлэл түгээх үүргээ биелүүлэн ажлаа хийж явдаг сэтгүүлчдийн нэг өдрийг ч гэсэн дуу хуур, бүжиг наадамтай өнгөрөөх нь чухал. Тиймээс энэ наадмыг Монголын сэтгүүлчдийн эвлэл маш их ач холбогдол өгч зохион байгуулж байгаа. -Хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн бүртгүүлэх вэ? -Бүртгэл эхэлсэн байгаа. Энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ. Бүх л салбарынхан өөрсдийн баярыг тэмдэглэдэг өдөртэй байдаг. Сэтгүүлчдийн хувьд тийм өдөр байхгүй гэж хэлж болно. Тиймээс анх удаа зохион байгуулж байгаа уг наадамд байгууллага хамт олныг идэвхтэй оролцоно гэж итгэж байна. -Шинэ сүлд дууны тухайд? -Уг наадмыг зохион байгуулахаар болоод бид Ү.Хүрэлбаатарт сайхан дуу хийх санал тавьсан. Шүлэгт хөгжмийн зохиолч Б.Чинбат ая хийж шинэ уран бүтээл төрлөө. Маш сайхан сүлд дуутай болсон гэж бодож байгаа. Дан ганц дуучдаар дуулуулж байхаар авьяаслаг сэтгүүлчдээрээ ч дуугаа дуулуулахаар болсон. Тиймээс сэтгүүлчид олон жил дуулах сүлд дуу болж чадна гэж бодож байна.
Жүжигчин Асигийн хоёр дахь кино удахгүй нээлтээ хийнэ
Жүжигчин Р.Алтансүх “Оюунлаг” продакшинтай хамтран адал явдал, аймшигт “Үхлийн симфони” гэдэг кино бүтээжээ Хошин урлагийн жүжигчин Р.Алтансүх буюу Аси сүүлийн үед тайзан дээр гарах нь цөөрсөөр байгаа билээ. Тайзан дээр гарахаас илүү арын фронтод ажиллах нь түүнд илүү санагдсан бололтой. Учир нь “Хунгийн сүүлчийн дуу” уран сайхны киногоо үзэгчдэд хүргээд багагүй хугацаа өнгөрсөн ч тэрбээр “Оюунлаг” продакшинтай хамтран адал явдал, аймшигт “Үхлийн симфони” гэдэг кино бүтээжээ. Уг киног Шотландын зохиолч Роберт Луис Стивонсоны “The Bottle Imp” зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд шинэхэн киноныхоо нээлтийг энэ сарын 31-нд хийхээр төлөвлөжээ.
Майкл Дуглас төвөнхийн хорт хавдартай гэж худлаа ярьсан байжээ
Америкийн нэрт жүжигчин, продюсер Майкл Дуглас Нэрт жүжигчин Майкл Дуглас 2010 онд төвөнхийн хорт хавдар туссан гэж худлаа ярьжээ.  Тэрбээр үнэн­дээ хэлний хорт хавдар туссан аж. Энэ талаар жүжигчин өөрөө телевизийн шоуны үеэр мэдэгдсэн байна.  Хэрвээ тэр үнэнээ хэлсэн бол “Уолл-стрит: Мөнгө унтдаггүй” кинонд тоглоход нь саад болох байсан гэнэ. Тиймээс эмч түүнийг өвч­нийхөө оношийг худал хэлэ­хийг зөвлөжээ. Энэ та­лаар Майкл Дуглас “Мэс за­салч эмч намайг хоолойн хорт хавдар туссан гэж хэл хэмээн зөвлөсөн. Хариуд нь би “Яагаад үнэнийг хэлж болох­­гүй гэж” хэмээн асуу­сан. Гэтэл хэрвээ надад мэс засал хийхээр болбол хэл, эрүүг минь авна гэж хэлсэн. Тиймээс би худлаа ярихаар болсон” гэжээ.  Майкл Дугласын хэлэн дээр хушганы чинээ том хавдар үүссэн бөгөөд өвчин­тэйгөө зургаан сарын турш тэмцсэн юм.  Амь насанд нь ноцтой аюул учруулах энэ өвчнөө тэрбээр ялан дийлж, бие нь илт сайжирсан билээ.  Анхандаа түүнийг архи, тамхи олон жил хэрэглэснээс болж хавдар туссан гэж байсан. Гэвч Майкл Дуглас Британийн “The Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа бэлгийн замаар дамждаг хүний папилломын вирус­нээс болж хавдар туссанаа хүлээжээ. Энэ нь түүний аман секс хийх дуртай бай­сантай холбоотой аж.
Төрийн түүхийн музейн 222 200 дахь зочноор Чингэлтэй дүүргийн иргэн тодорлоо
Төрийн түүхийн музейн 222 200 дахь зочин Төрийн ордныг түмэн олонд нээлттэй болгох шийдвэрийг Шинэчлэлийн Засгийн газрын анхны хуралдаанаар гаргасан. Түүнээс хойш жил гаруйн хугацаанд 222 200 гаруй үзэгч Төрийн түүхийн музейг үзэж сонирхжээ. Төрийн түүхийн музейн 222 200 дахь зочноор тодорсон Чингэлтэй дүүргийн иргэн Д.Болормаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр баяр хүргэж, бэлэг гардууллаа. Энэ үеэр Засгийн газрын тэргүүн “Төрт ёсны 2222 жилийн түүхтэй монголчууд түүхээ дээдлэх, монголоороо омогших, бахархах хүсэл тэмүүлэл их байгааг энэ жил гаруйн хугацаанд Төрийн ордонд зочилсон иргэдийн тоо харуулж байна” гэлээ. 222 200 дахь зочинд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр баяр хүргэж, бэлэг гардууллаа Өнгөрсөн оны наймдугаар сарын 26-нд Засгийн газрын шийдвэрээр Эзэн Чингисийн хөшөө цогцолбор, Төрийн ордныг түмэн олондоо нээлттэй болгосноор иргэд Төрийн түүхийн музейтэй танилцан, 9 хөлт цагаан тугандаа хүндэтгэл илэрхийлэх болсноос гадна энэ аравдугаар сараас кино танхимд төрийн түүхийн тухай кино үздэг болоод байгаа юм.
“Баясах”, “Замбала”, “Миний сүлжээ” дэлгүүрүүд иргэдийг луйвардаж байсан нь тогтоогдлоо
ШӨХТГ-аас иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр доривтой олон ажил хийж байгаа. Үүний нэг нь томоохон хүнсний сүлжээ дэгүүрүүд болоод авто завсарын газруудад хийсэн шалгалт байв. Энэ удаагийн шалгалтаар “Оргил”, “Номин”, “Миний сүлжээ”, “Макс”, “Баясах”, “Замбала” зэрэг нийслэлийн томоохон сүлжээ дэлгүүрүүдэд шалгалт явуулж цөөнгүй зөрчил илрүүлсэн байна. Хамгийн ноцтой нь дээрх дэлгүүрүүдийн кассын үнэ лангууны үнээс хэдэн зуун төгрөгөөр илүү худалдагддаг байсан нь тогтоогджээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутагт байрлах “Баясах-32” дэлгүүрийн лангуунаас 26 нэрийн барааг авч шалгахад 10 нь, “Замбала” дэлгүүрийн 23 нэрийн бараанаас ес нь үнийн зөрүүтэй байсан бөгөөд уг зөрчил дээрх супермаркетуудад бүгдэд нь илэрсэн байна. Лангуун дээрээ 1200 төгрөгийн үнэтэй оймс кассанд 1800 төгрөгөөр бичигддэг байжээ. Иймд дээрх дэлгүүрүүдэд 10 хүртэлх сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн иргэдийн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Немо” хүнсний дэлгүүрт шалгалт хийхэд хуурамч архи зарж байсан байна. 0.5 гр-ын шилтэй архийг 2000, 0.75 гр-тайг нь 3000 төгрөгөөр худалдан борлуулдаг байжээ. Энэхүү хуурамч архийг “Мөнхжин” компани үйлдвэрлсэн болохыг тогтоосон бөгөөд нийт 1800 авдар архи хураан авч, холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар болсон гэнэ. Зарим орон сууцны лифтүүдийг зогсоолоо Мөн ШӨХТГ-аас нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нийтийн орон сууц, аж ахуй нэгжийн 1232 лифтэнд шалгалт хийсэн байна. Шалгалтаар Баянзүрх дүүргийн “Баянзүрх” хотхоны 107, 108 дугаар байр, “Грийн ресурс” компанийн 76 дугаар байр, “Кекүшүюзан”-ы К1, К2, К4, К5, К6 дугаар байрны лифтнүүд даацын тросс нь элэгдсэн, дамраасаа мултарч гарсан, тормос нь дутуу барьдаг гээд маш олон зөрчилтэй байсан тул түр зогсоожээ. Хоёр Вьетнам иргэнийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ Мөн Вьетнам авто засварын газруудыг шалгаж, завсарын үнийн тарифыг тодорхой болгох шаардлагыг хүргүүлсэн байна. Шалгалтаар “ББ-Од”, “Ханой-Өргөө”, “Висом” компаниуд өмнө тавьсан шаарлага биелүүлээгүй байсан тул 1.7 сая төгрөгөөр торгожээ. Мөн дээрх засварын газруудад ажиллаж байсан хоёр вьетнам иргэн бичиг баримтын зөрчилтэй байсныг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, шилжүүлсэн байна. Цаашлаад ШӨХТГ-аас жолооны курсүүд болон брэнд бараа бүтээгдэхүүн худалдаалдаг аж, ахуй нэгжүүдэд шалгалт хийхээр төлөвлөсөн байна.
Малала: Тэд миний мөрөөдлийг буудаж чадахгүй
Малала Юсафзай Дэлхийн хамгийн зориг­той охин гэдгээр цол­луулах болж, Но­бе­лын шагналд хүртэл нэр дэвш­сэн Малала Юсафзай охин “СиЭнЭн” агентлагт ярилцлага өг­чээ. Түүний хувьд охидыг сур­гуульд явуулахгүйн төлөө зүт­гэх талибуудын эсрэг өдрийн тэм­дэглэл бичсэнээ олонд хүр­гэж, блог хөтлөн дэлхий ний­тийн анхаарлын төвд орсон би­лээ.  Хэрвээ би сургуульд явах юм бол бүгдийг чадна Үүнээс болоод Малала охиныг гэр рүүгээ явах үед та­либууд толгой руу нь буудсан юм. Тэрбээр “Надтай адилхан бүх Малала Юсафзай нар сургуульд явахыг хүсч байгаа. Даанч тэд Пакистанд амьдарч, талибудын дарамтан дунд амь­дарч, гадуур явж харагдах ч эрх­гүй байна.  Эмэгтэй биш бол сургуульд явж болно гэдэг. Хэрвээ би сургуульд явах юм бол бүгдийг чадна гэдгээ мэдэж байгаа” гэв. Тэрбээр “Би амьд үлдсэндээ Ал­лахад баярладаг. Тэнгэр бур­ханд баярладаг. Тэд миний бие махбодийг буудаж болох ч мөрөөдлийг минь яаж ч чадахгүй. Би одоо амьд байна. Хүмүүс хэлэхдээ аавын чинь ач үүнд маш их гэсэн. Мэдээж би түүнийг ойлгож байгаа” гэв. Малала охины өдрийн тэм­дэглэлээс сөхвөл: 2009 оны нэгдүгээр сарын 3-нд   “Би өнгөрсөн шөнө аймшиг­тай хар дарж зүүдэллээ. Тали­бануудтай нисдэг тэргээр явж байна. Надад маш аймшигтай байсан. Би ер нь Талибануудын үйл ажиллагаа эхэлснээс хойш үр­гэлж иймэрхүү байдлаар хар дарж зүүдлэх боллоо.  Би өнөө­дөр ээжтэйгээ өглөөний цай уусан. Сургуульдаа явах­гүй. Талибануудын гарга­сан зарлигийн дагуу бүх охид сургуульд ява­­хыг хориглосон. Ма­­най анги уг нь 27 су­­рагч­тай. Охидыг сур­­гуульд явуулахыг хо­риг­лос­ноос хойш 11 хүүхэдтэй болж цөөр­сөн гэсэн. Нэгдүгээр сарын 5-нд  “Хамгийн сүүлд би сур­гуу­лиасаа харьж байх үедээ маш айм­шигтай зүйл сонссон. Нэг хүн надаас нэлээд зайтай явж бай­гаад “Би чамайг ална шүү” гэж утсаар хэн нэгнийг заналхийлж байлаа. Нэгдүгээр сарын 24-нд  “Хэдэн арван сургууль бараг хаагдчихлаа. Тэд ойрдоо энэ байдлаа өөрчлөхгүй байх даа” Нэгдүгээр сарын 26-нд “Хаана ч байсан хутга сүхний дуу үргэлж сонсогдох юм. Уг нь гарч амттай юм авч идмээр байх юм. Даанч дахиж идэж чадахгүй бололтой”
Уильям Хэйг: Аль болох нээлттэй байж, хөрөнгө оруулагчдыг илүү их мэдээллээр хангах нь хамгийн оновчтой шийдэл
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөлийн сайд Уильям Хэйгийг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Уильям Хэйг төрийн тэргүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буйд баяр хүргэсэн юм. Ноён Уильям Хэйг хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй Ерөнхийлөгчид баяр хүргэлээ Түүнчлэн уулзалтын үеэр ийн ярилцлаа. Уильям Хэйг: Биднийг халуун дотноор угтан авсанд талархаж байна. Энэ онд Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Энэ чухал мөчийг ашиглан хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөгжлийн шинэ шатанд гаргах таатай боломж байна. Их Британи Ази-Номхон далайн орнуудтай дипломат харилцаагаа өргөжүүлж, Монгол Улс ч Британи улстай харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тал дээр ахиц дэвшил гаргах болсонд таатай байна.   Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монгол Улс бол нээлттэй улс орон. Хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт болон бусад асуудлаар бидэнд хандахад үргэлж нээлттэй хүлээн авч, олон нийтэд нээлттэй хэлэлцэж шийдэх болно. Хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой асуудлууд мөн энэ зарчмаар шийдэгдэнэ. Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын байдал өнөөдөр хүнд бэрх үетэй тулгараад байгаа. Гэвч ойрын жилүүдэд дахин дордохгүй улам сайжирна гэдэгт бид итгэлтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөлийн сайд Уильям Хэйгийг хүлээн авч уулзлаа Уильям Хэйг: Дэлхийн хамгийн нээлттэй эдийн засагтай улс орнуудын нэг, хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн таатай орчныг бүрдүүлж чадсан Их Британийн туршлагаас харахад аль болох нээлттэй байж, хөрөнгө оруулагчдыг илүү их мэдээллээр хангах нь хамгийн оновчтой шийдэл байдаг. Орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан төр, засгийн үйл ажиллагаа, хөрөнгө зарцуулалтыг олон нийтэд нээлттэй байлгах арга технологийг бид Монголын Засгийн газартай хуваалцаж байгаа.   Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй. Гэхдээ хөрөнгө оруулагчид Монголын хууль журмыг хүндэтгэж, олон нийтэд нээлттэй байж, хүний эрхийг дээдлэх ёстой. Монгол Улс хоёр том хөрштэй хиллэдэг. Гэхдээ бид хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчдад чухал ач холбогдол өгдөг. Гэхдээ бидний энэ сонирхлыг буруугаар ашиглаж болохгүй. Монголчууд бид хариуцлагатай уул уурхайг эрхэмлэнэ гэлээ.
Монгол инженерүүд трамвай үйлдвэрлэнэ
Инженерүүд техник зохион байгуулалтынхаа бэлтгэл ажилд орсон байна Долоон буудлаас шинэ нисэх буудлын чиглэлд тусгай замын нийтийн тээврийн үйлчилгээний (BRT) систем нэвтрүүлэх ажлыг Азийн хөгжлийн банкны 212 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр гүйцэтгэхээр төлөвлөж байна. Уг төслийг Цахилгаан тээвэр компанийн инженерүүд дэмжин ажиллахаар болсон бөгөөд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэж эхэлж буй резин дугуйтай трамбайн шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэн үйлдвэрлэхээр болжээ Инженерүүд техник зохион байгуулалтынхаа бэлтгэл ажилд орсон байна. Долоон буудлаас шинэ нисэхийн чиглэлд 300-450 зорчигч тээвэрлэх хүчин чадал бүхий 30 вагонтай арван составыг нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж үзжээ.
Ерөнхийлөгч “Супер цом 2013” хөлбөмбөгийн тэмцээнийг үзлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын Хөлбөмбөгийн Холбооны /МХБХ/ энэ оны улирлын сүүлчийн тоглолт болох “Супер цом 2013”-ыг ирж сонирхов. Уг тоглолт нь МХБХ-ны шинэ Цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр болсон гэдгээрээ онцлог юм.   МХБХ нь 2001 оноос эхлэн Дэлхийн Хөлбөмбөгийн холбоотой хамтран “Гоол” хөтөлбөрийн хүрээнд төслүүдийг хэрэгжүүлсний нэг нь 5000 хүний суудалтай хөлбөмбөгийн Цэнгэлдэх хүрээлэн юм. Шинэ Цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийн ажиллагаанд зориулж өсвөрийн хөлбөмбөгчид үзүүлэх тоглолт, залуучууд бүжгийн үзүүлбэр үзүүллээ.   Шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр болсон гол арга хэмжээ болох МХБХ-ны “Супер цом 2013”-ын төлөөх хөлбөмбөгийн тэмцээн Дулааны 4-р Цахилгаан станцын “Эрчим” клуб, Орхон аймгийн Уулын Баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” клубуудын хооронд боллоо. Уг тоглолтод Дулааны 4-р Цахилгаан станцын “Эрчим” клуб 2:1 онооны харьцаатай яллаа.   Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг тоглолтыг өөрийн биеэр ирж сонирхож буй нь Монголын хөлбөмбөгийн спортод өндөр ач холбогдол өгч, хөлбөмбөгийн спортын хөгжлийг үндэсний хэмжээнд дэмждэгийн илэрхийлэл юм.
Б.Ургамалцэцэг: Би хүн "зодсон"-оо өөрөө ч мэдээгүй
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд  Б.Ургамалцэцэг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг яамныхаа төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэтэй нийлж газрын даргаа зодсон гэсэн мэдээлэл байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Н.Төгсбаяраас тодруулахад "Өнгөрсөн хоногт ийм хэрэг бүртгэгдээгүй. Хохирогч өргөдөл гаргаад хандсан бол аль нэг дүүргийн цагдаад шалгаж байгааг үгүйсгэхгүй" гэсэн юм. Харин Б.Ургамалцэцэгтэй холбогдож өөрөөс нь тодруулахад "Би хүн "зодсон"-оо өөрөө ч мэдээгүй. Ийм зүйл огт болоогүй. Бид зүв зүгээр ажлаа хийж байгаа" гэлээ.
Ираны шинэ сансрын нисгэгчээр сармагчин тодорлоо
Иран Улс сармагчинг сансарт нисгэх гэж байна Иран улс перс муур бус, сармагчинг сансарт нисгэх гэж байна. Энэ талаар “Press TV” мэдээлжээ. Тус улсын Сансрын агент­лагийн тэргүүний орлогч Хамид Фазелийн хэлснээр сан­сарт хөөрөх ажиллагаа энэ сарын сүүлчээр болох юм байна. Тэрбээр “Бүх бэлт­гэлээ хангаад дууссан. Одоо хөөрөх л дутуу байна” гэжээ.  Уг нь Ираны шинэ санс­рын нисгэгчээр перс муур явуулах гэж байгаа тухай мэ­дээлэл өмнө нь гарч байсан аж.
“Construction Mongolia-2013” олон улсын хурал, үзэсгэлэн болно
“Construction Mongolia-2013” сэдэвт олон улсын үзэсгэлэн, хурлыг энэ сарын 18-20-нд зохион байгуулах гэж байна. Төр, хувийн хэвшлийн байгууллага, гадаад, дотоо­дын хөрөнгө оруулагч­дын хамтын ажиллагааг хөг­жүүлэх, тэдэнд ба­рил­гын салбарын бодлогыг танил­цуулах зорилгоор “Construction Mongolia-2013” сэдэвт олон улсын үзэсгэлэн, хурлыг энэ сарын 18-20-нд зохион байгуулах гэж байна. БХБЯ-наас 2013 оныг “Барилга, хот байгуулалтын сал­барын бодлого, эрх зүйн орчинг шинэчлэх жил” болгон зарласан. Үүн­тэй холбогдуулан зо­хион байгуулж буй энэхүү үзэсгэлэн, хурлаар төр, хувийн хэвшил, олон улсын банк санхүү, хамтын ажил­ла­гааны байгууллагууд, барилгын салбарын аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн хол­боод, олон улсын нэр хүнд­тэй ком­паниудын тө­лөөлөл хуран чуулах юм.  Хурал Төрийн ордонд, харин үзэсгэлэн нь Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Дашрамд дуулгахад хурал, үзэсгэлэн­гийн үеэр УДЭТ-аас Буянт-Ухаа спорт цогцолбор хүртэл нэг цаг тутамд үнэгүй автобус явуу­лахаар болжээ.
Н.Энхболд: Монголбанк, Засгийн газар хүзүү сээрээрээ холбогдох ёсгүй
УИХ дахь МАН-ын бүлэг төсвийн тодотгол, мөнгөний бодлогын үндсэн чиглэл, ирэх оны төсвийн төсөлтэй уялдуулан Монголбанк, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлагуудын мэдээллийг өчигдөр сонссон билээ. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдээлэл хийлээ Харин өнөөдөр дахин хуралдаж "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн талаар дүгнэлт гаргахаар болсныг бүлгийн дарга Н.Энхболд мэдээллээ.  Тэрбээр "Бидэнд байгаа мэдээллээр Төв банк өнгөрсөн болон өнөө жилийн ажлын гүйцэтгэлээр алдагдалтай гарч байгаа юм байна. Төв банк оролцох ёсгүй үйл ажиллагаанд Засгийн газрын шахалтаар орсноосоо болоод ийм алдагдалд хүрч байгаа гэж бид урьдчилсан дүгнэлт хийгээд байна. Ийм байдал яваандаа Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдалд сөрөг үр дагавар авчирч болзошгүй. Энэ асуудлыг 2014 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэх явцад манай бүлгийн гишүүд асууж тодруулна" гэлээ. Н.Энхболд:Төв банк оролцох ёсгүй үйл ажиллагаанд Засгийн газрын шахалтаар орсноосоо болоод ийм алдагдалд хүрч байгаа гэж бид урьдчилсан дүгнэлт хийгээд байна. Төв банкны хувьд зургаан долоон хоногийн валютын нөөцтэй байгаа аж. Энэ нь өмнөх үетэй харьцуулахад 5-6 дахин буурсан үзүүлэлт юм байна. Оны эцэст өр зээлээ төлөөд эхэлбэл нөөцийн хувьд хүндэрч болзошгүй аж. Хэдийгээр Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлж байгаа гэгддэг ч Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс давж алдагдалд ороод эхэлбэл Засгийн газар бонд гаргах замаар алдагдлыг нөхөх хуулийн заалттай. Бонд гаргахын тулд төсвөөр энэ асуудал дамжсан байх ёстой юм байна. Тодруулбал, Төв банкны тухай хуулийн 38.1-д "Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх асуудлыг УИХ шийдвэрлэнэ" гэж заасан байдаг. Тиймээс Үнэ тогтворжуулах хөтөлбөр банкаар дамжин хэрэгжиж байгаа учраас Засгийн газарт хамаагүй гэж ярих нь учир дутагдалтайг хэллээ. Өөрөөр хэлбэл, Монголбанк, Засгийн газар хүзүү сээрээрээ холбогдох ёсгүй, Төв банк бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулах ёстой гэж сөрөг хүчнээс тавьж байгаа хуулийн шаардлага зөв зүйтэй байгаа юм. Иймд хуулиар эрх олгоогүй ажлыг Төв банкаар хийлгэж байгаа явдлыг мөнгөний бодлогын хэлэлцүүлгийн явцад МАН-ын бүлгээс дахин тавьж хэлэлцүүлэхээс гадна мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн талаар дүгнэлт гаргахаар боллоо. Засгийн газар энэ оны төсөвт тодотгол хийх санал оруулж ирсэн нь сөрөг хүчин буруу зүйл шаардаагүйг харуулж байна. Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны мэдээлснээр энэ жилийн төсвийн орлогын гүйцэтгэл 86 хувьтай байгаа бөгөөд 800 орчим тэрбум төгрөгөөр тасрах тооцоо гарчээ. Гэхдээ хөрөнгө оруулалтын гүйцэтгэл ердөө 30 хувьтай байна. Орлогын төлөвлөгөө 80 гаруй хувиар биелчихээд байхад хөрөнгө оруулалтын төлөвлөгөө яагаад ийм бага хувьтай байгааг энгийн утгаар авч үзвэл Засгийн газар хийх ёстой ажлаа хийж чадаагүйн баталгаа юм. Тендерээ зохион байгуулж, төрийн ажлыг ном журмаар нь явуулж чадахгүй, бизнесийн үйл ажиллагаанд төр хэтэрхий хутгалдаж орж байгаатай энэ бүхэн холбоотой. Тиймээс асуудлыг төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр нухацтай ярилцана гэв.
“Автобус-3” компани төрийн мэдлээс гарчээ
Хуралд оролцохоор цугларсан "Автобус-3" компанийн ажилчид. МҮЭ-ийн дарга Х.Амгаланбаатар тэргүүтэй эвлэлийнхэн төрийн өмчит “Автобус-3” компанийн ажилчидтай өнөөдөр уулзах байлаа. Уулзалтыг 15.00 цагт товлож, мэдээллийн хэрэгсэлүүдийг дуудсан юм. Энэхүү уулзалтаар нийтийн тээврийн салбарт ажиллаж байгаа ажилчидын нийгмийн асуудал, цалин хөлс, тэдний өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх зорилготой байсан. Харамсалтай нь “Автобус-3” компанийн удирдлагын зүгээс хурлыг санаатайгаар хойшлуулж, ажилчидаа тараан хэвлэл мэдээллийнхэнийг дотогш нэвтрүүлэхгүй үүдэндээ хорив. Шалтгааныг тодруулбал, өнөөдрийн хурал хойшилсон гэж, хүлээн авахын ажилтан хэлсэн юм. Энэ бүхэнд ямар нэгэн асуудал байна гэж үзсэн хэвлэл мэдээллийнхэн болоод МҮЭ-ийн гишүүд дотогш дайран орж, хурлын заал руу орсон боловч 10 хүрэхгүй жолооч, кондуктор байлаа. Тэднээс бусад ажилчид яагаад ирээгүйг лавлахад, “Хурал хийхээргүй болсон гэж албаар ажилчидыг тараасан” хэмээн жолооч Сүхболд, Жаргалсайхан нар хэлж байв. Тэдний хэлж байгаагаар “Автобус-3” компани нь төрийн өмчит үйлчилгээний байгууллага гэхээсээ ашгийн төлөөх хувийн компани болж хувирсан байна. Ажилчидынхаа нийгмийн асуудлыг ор мөргүй орхиод зогсохгүй цалин урамшууллыг нэмэгдүүлэхгүй байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар тус компанийн жолооч 430, кондуктор 330 мянган төгрөгийн үндсэн цалин авдаг байна. Мөн орлогоор цалинждаг системийг нэвтрүүлснээр жолооч нар хүн суулгах гэж бие биенээсээ өрсөж уралддаг, хоёрдугаар эгнээнд орж зөрчил гаргадаг төдийгүй буудал дээр хэт удаан зогсдог болсон тухай ч дурдлаа. Ийнхүү ярилцаж байх зуур МҮЭ-ийн дарга Х.Амгаланбаатар хурлын зааланд орж ирсэн. Тэрбээр “Бид “Автобус-3” компанийн удирдлагуудтай уулзлаа. Та бүхний цалин хөлсийг нэмж, гаргаж байгаа алдаа дутагдлаа арилгана гэж хэллээ. Өнөөдөр улсын хэмжээний дундаж цалин 598 мянган төгрөг байгаа. Та бүхний цалин үүнээс доогуур байна ” гэв. Түүнийг ярьж дуусаагүй байтал “Автобус-3” компанийн захирал жолооч н.Сүхболд, н.Жаргалсайхан нарыг дуудан гаргаж, хүчээр авч явсан юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр үзэл бодлоо илэрхийлсэн ажилчидыг  хурлаас хүчээр гаргаж, хамгаалагчидаараа чирүүлэн авч явсан. Энэ бүхнээс харахад “Автобус-3” компани төрийн мэдлээс аль хэдийнэ гарч ах дүүсээрээ хүрээлүүлсэн М.Цэвээн-Очир даргын эрхэнд үйлчилдэг хувийн компани болсон бололтой.
Их Британий хамгийн өндөр хангамжтай гүйцэтгэх захирал Apple-ыг сонголоо
Apple компани борлуулалтын сүлжээ дэлгүүрүүдийг хариуцсан дэд ерөнхийлөгчийн албан тушаал шинээр бий болгож байгаагаа зарлалаа. Сонирхолтой нь энэ албан тушаалд алдарт Burberry брэндийг үсрэнгүй хөгжихөд гол үүрэгтэй оролцсон гүйцэтгэх захирал Ангела Ахрендтыг ажиллуулахаар тохиролцжээ. 53 настай Ангела нь маргаангүй Их Британий хамгийн өндөр үнэтэй гүйцэтгэх захирал юм. 7 жилийн өмнөөс Burberry-г удирдаж эхэлсэн тэр жилийн борлуулалтыг нь 3.2 тэрбум долларт хүргэж 2006 оноос 250% өсгөж чадсан юм. Burberry брэндийн дэлгүүрийн сүлжээг АНУ, Европ, Хятадад амжилттай тэлж чадсан нь Apple-ын түүнийг шохоорхох болсон шалтгаан бололтой. Сүлжээгээ тэлснээс гадна, дэлгүүрүүдийн өнгө төрх, үйлчилгээний чанарыг эрс дээшлүүлж, шинэ техник технологиудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн гавъяатай нэгэн аж. Түүний гоо зүйн мэдрэмж, чанарыг эрхэмлэх үзэл нь магадгүй талийгаач Стив Жобстой өрсөлдөхүйц гэж үнэлсэн байж мэднэ. Британий хамгийн амжилттай яваа fashion брэндийг орхин Apple-ыг зорих болсон нь үнэхээр сонин. Хатагтай Ангела Ахрендт ямар үнээр Apple-д ирэв, тэр шинэ салбартаа юу хийж чадах бол гэсэн асуултууд олны сонирхлыг татсаар байна.
Apple компаний урилга: 10 сарын 22
Олон нийтийн дунд тарсан цуурхал үнэн болж Apple компани 10 сарын 22-нд зохиох арга хэмжээнийхээ урилгыг хэвлэл мэдээллийнхэнд тараалаа. Уламжлал ёсоороо Сан Францискогийн Ерба Буэна (Yerba Buena) театрт болох арга хэмжээг бүхэлдээ шинэ iPad бүтээгдэхүүндээ зориулах байх гэсэн таамагтай байна. Зарим эх сурвалжууд iPad mini загварыг Ретина дэлгэцтэй болох байх гэж байгаа бол нөгөө нэг хэсэг нь ийм өөрчлөлт 2014 оноос наашгүй гэцгээж байна. Ямартай ч 5 дахь үеийн iPad өмнөх үеэсээ илүү нимгэн, илүү хөнгөн болох нь бараг тодорхой. Харин iPhone 5S-д нэвтэрсэн камерын сайжралт (8 Mpixel, Slow-motion) , хурууны хээ уншигч зэрэг дэвшлүүд нэмэгдэх эсэх нь тэр өдөр л тодорхой болох юм.
"Монгол улстай эрчим хүч, төмөр замын шинэ технологийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой"
Ерөнхий сайд Н.Алтанхуягт Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйг бараалхлаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт  Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын  Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйг  бараалхлаа. Ерөнхий сайд: Хөрнгө оруулалтын тухай шинэ хууль батлагдан гарснаар хөрнгө оруулалтын таатай орчин бий болсон. Ерөнхий сайд Монгол Улс, ИБУИНВУ-ынхооронд дипломат харилцаа тогтоосон  50  жилийн хугацаанд хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт амжилттай өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайдын айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагаанд шинэ үе шат нээж байна  гэлээ. Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцуулаад хөрнгө оруулалтын тухай шинэ хууль батлагдан гарснаар хөрнгө оруулалтын таатай орчин бий болсныг хэллээ. Сайд Уильям Хэйг: Цаашид манай улс Монгол улстай  эрчим хүч, төмөр замын шинэ технологийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой. ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйг Монгол Улсад хийж байгаа айлчлалаа үр дүнтэй, өгөөжтэй болж байна гэж дүгнээд дипломат харилцаа тогтоосон 50 жилийн хугацаанд бий болгосон хамтын ажиллагаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө байна. Цаашид манай улс Монгол улстай  эрчим хүч, төмөр замын шинэ технологийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэлээ.
Ирц хүрээгүйгээс чуулганы хуралдаан хойшиллоо
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдахаар товлогдсон ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшиллоо.  Өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байсан. Гэвч гишүүдийн ирц хүрээгүй учир ийн хуралдаагүй байна.
Брюсселийн “хэцүү түнш”
Монгол Улс Монгол Улс маань Орос, Хятад гэсэн хоёр хөрштэй. Ардчилсан хувьсгалаас хойш АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг бусад улс орнуудыг “гуравдагч хөрш” гэж байгаа. Тэдгээрийн ихэнхтэй нь түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хоёр талын гэрээ хэлэлцээр байгуулж, төр засгийн түвшинд тогтмол уулздаг болов. Монголын төр засаг “гуравдагч хөршийн” бодлогоо газар зүйн биш, улс төрийн ойлголт гэх, эдийн засгийн хувьд бол Монгол руу хөрөнгө оруулалт татах тухай ярихаас хэтрэхгүй байгаа учир эдгээр улс оронтой хамтран ажиллаж, сурч хэрэгжүүлж болох арвин их боломжоо Монголын ард иргэд бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Монголын улс төрийн гадаад бодлогын үр дүн эдийн засагтаа бодитой шингэж, ард иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд тасралтгүй хувь нэмэр болох ёстой. Ардчиллын үнэт зүйлийг нийгмийн амьдралын хэв загвартаа тусгаж, зах зээлийн эдийн засагтай хослуулах буюу нийтийн засаглалыг сайжруулж, шудрага өрсөлдөөнд тулгуурласан хувийн хэвшлийг бий болгоогүй цагт “гуравдагч хөршийн” бодлого үр өгөөж бага гэдгийг өнгөрсөн жилүүд харууллаа. “Гуравдагч хөрш” бүр монголчуудад хуулийн засаглалаа бэхжүүл, нийтийн сайн засаглалыг хэрэгжүүл, төр засгийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод болгож, чадварыг нь нэмэгдүүл, нийтийн ажилтнуудаа “арын хаалгаар” биш авьяас чадвараар нь шалгаруулж ав, авлига хээл хахуулиа багасга гэж “зөвлөсөөр” ирлээ. Монголын үе үеийн улстөрчид, төр засгийн удирдлагууд тэдгээр “зөвлөгөөг” аман дээрээ асар түргэн хүлээн авдаг ч айлчлал, уулзалт дууссаны амьдрал дээр гоё цаасан дээрээ үлдэх нь багагүй ажээ. Монголын төр засгийн гадаад айлчлал, уулзалтууд үнэхээр хэрэгждэг бол хэтэрхий олон болсон аялал, сургалтуудын үр дүнд өдийд Монгол Улс авлигын индексээр 174 орноос 94-т биш, эхний аравт орчихсон, бас уул уурхайн баялгийн өгөөжийг цөөнх нь биш олонх нь хүртчихээд сууж байхгүй юу. Гэсэн хэдий ч гуравдагч хөршүүдийн итгэл найдвар тасрахгүй, дахин дахин харилцан айлчлал хийж, баримт бичиг, хэлсэн үг бүхэндээ дээрх “зөвлөгөөгөө” давтсаар л байна. Уг нь энэ саналууд гуравдагч хөршүүдэд өөрсдөд нь гэхээсээ монголчууд бидэнд илүү хэрэгтэй юм. Европын холбоо Монгол Улсад 1993 оноос тусалсаар ирсэн Европын холбооны жишээн дээр гуравдагч хөршийн бодлогынхоо өгөөжийг томруулан харцгаая. Брюссельд төвтэй, 28 орон гишүүнчлэлтэй энэ холбоо хөгжиж байгаа орнуудын ядуурлыг бууруулах, яваандаа арилгах зорилготой бодлого хэрэгжүүлэхэд нь тусалдаг юм. Европын холбоо 2011 онд 53 тэрбум еврогийн тусламжийг хөгжиж буй оронд үзүүлсэн нь АНУаас хоёр дахин их байна. Европын холбоо Монгол Улсад 1993 оноос тусалсаар ирсэн бөгөөд 2007-2013 онд нийт 30 сая еврог хөдөөгийн ядуурлыг бууруулах, ган зудын гамшгаас урьдчилан сэргийлэхэд зориулжээ. 2011 оноос бодлогоо дахин харж үзээд, хөдөөд мэргэжлийн сургалт явуулах, олборлох аж үйлдвэрийн эдийн засгийн удирдлагыг дэмжихэд төвлөрүүлэх болжээ. Харин энэ оноос 2014-2020 оны тусламжийн төлөвлөгөөгөө боловсруулах ажилд орсон байна. Энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улс Европын холбоотой Түншлэл ба хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан нь улс төр, эдийн засаг, соёл болон хүний аюулгүй байдал, иргэний нийгмийн хөгжил, иргэдийн солилцоо зэрэг чиглэлийн үйл ажиллагаанд чанарын өөрчлөлт гарах боломж олгож байна. Энэ гэрээ удалгүй Европарламентаар батлагдаж, хэрвээ монголчууд тууштай, төвлөрч хэрэгжүүлж чадвал гуравдагч хөршийн бодлогын бодит үр дүнг харуулах сайхан боломж олгох юм. Одоогоор хуулийн засаглалыг бэхжүүлэх, хэмжил зүйг (стандартыг) боловсронгуй болгох, судалгаа шинжилгээ, шинийг бүтээх чиглэлээр хамтран ажиллах, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зэрэг тодорхой салбарт Европын холбооны гишүүн орнуудаас суралцах чиглэлээр төслөө хэрэгжүүлэхээр тохиролцож байгаа ажээ. Европын холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн, эм бэлдмэлийг Монголд шууд оруулж ирвэл зардал хэмнэнэ Монголын талаас ухаалаг хандаж, тодорхой салбарууддаа Европын стандартыг шууд нэвтрүүлж чадвал Монголын хөгжилд үсрэлт гарах түүхэн боломж энэ мөн. Жишээ нь Европын холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн, эм бэлдмэлийг Монголд шууд оруулж ирвэл маш олон захиргааны зардал, хээл хахуулийг арилгах юм. Барилга, замын материал, хийц, гүйцэтгэлд евро стандартыг тэр чигээр нь хүлээн зөвшөөрч мөрдлөө гэхэд энэ салбарын чанар, аюулгүй байдал мянга дахин сайжирч, дэлхийн жишигт нийцнэ. Орон тоог эрс хэмнэж, анхаарал зөвхөн хяналтад төвлөрнө гэсэн үг. Хэвлэл мэдээллийн салбарт Европын тэргүүн туршлагуудыг нутагшуулж чадвал “дөрөв дэх засаглал” Монгол Улсад шударга байдал, сайн засаглал тогтоход хамгийн чухал, үндсэн үүргээ гүйцэтгэж чадна. Улс төрийн салбарт гэхэд л улс төрийн намуудын ордон харш барихыг хуульчлан зогсоож, нийтийн хөрөнгөөр барьсан Ардын Намын цагаан ордонг буцаан аваад Их Хуралд суудалтай улс төрийн намуудад хувааж өгөхөд л хэчнээн их зардал хэмнэж, хэл ам намжина гэж бодно. Европын (хойд) орнуудын төрийн үйл ажиллагааны хяналт, дүгнэлтийн системийг шууд нэвтрүүлэхэд Монголд “арын хаалга”, хээл хахууль эрс багасаж, нийтийн хөрөнгө бүртгэлтэй болоод зогсохгүй олон хүн төрийн албанаас өөрийн хүсэлтээр гарах болно. Хэвлэл мэдээллийн салбарт Европын тэргүүн туршлагуудыг нутагшуулж чадвал “дөрөв дэх засаглал” өөрийн байх ёстой байр суурин дээрээ очиж, Монгол Улсад шударга байдал, сайн засаглал тогтоход хамгийн чухал, үндсэн үүргээ гүйцэтгэж чадна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэтгүүл зүйн ёс жаягаа мөрдөж, хараат бус, өрсөлдөх чадвартай болох талаар Европын холбооноос суралцан, энэ салбарыг тасралтгүй гүнзгийрч буй тоожуулах (digitilization) хандлагатай уялдуулан ухаалгаар, шударга зохицуулах шаардлагатай байна. Телевиз ба интернэт нэгдэж, агуулгыг бүтээх ба дамжуулах, харилцаа холбоо болон өргөн нэвтрүүлэг цацахын ялгаа улам багасч байгаа нь энэ салбарыг зохицуулах боломжийг хомсдуулж байна. Зохицуулагчид зах зээлд зөвхөн онцгой том ганц тоглогчийг гаргахгүй байх, орон даяар хүн амаа ялгаварлан гадуурхахгүйд хүрсэн байхад агуулгаа чиглүүлэх шаардлага гарч байна. Гуравдагч хөршийн бодлогын өгөөжийг огцом өсгөх үүднээс Монгол Улс Европын чанарыг эдийн засгийн бүх салбарт нэвтрүүлж, нийтийн засаглалаа цэвэрлэж, хүн амынхаа амьдралын түвшинг түргэн дээшлүүлэх өөр нэг арга зам байна. Энэ бол Монгол улс Эдийн засгийн хамтын ажиллагааны болон Хөгжлийн байгууллагад (OECD) гишүүнээр элсэх явдал юм. Япон, Солонгос, Чили зэрэг орнууд эдийн засгийн өндөр амжилтад түргэн хүрэхэд энэ байгууллагын гишүүн болсон нь чухал үүрэг гүйцэтгэжээ. Эдийн засаг, нийгмийн салбар, түүний дотор эмнэлэг, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны чанар өсөж, гишүүн орнууд бусад гишүүдийнхээ олгосон дипломыг хүлээн зөвшөөрөх хэмжээнд тэд хүрчээ. Гэхдээ олон улсын аль нэг байгууллагад элсэн орохыг биш, хамтран ажиллаад ямар тодорхой үр дүнд хүрч байгааг иргэд мэдэхийг хүсэж байна. Монголын иргэд гуравдагч хөршийн бодлогын бодит үр дүнг амьдрал дээрээ үзэж, улс орноо өрсөлдөх чадвартай болгохыг эрмэлзэж байгаа бөгөөд төр засгийн удирдлагаас илүү өгөөжтэй ажиллахыг шаардаж байна.
Тусгайгийнхан юуны учир гар зөрүүлэв
Дарга, цэргийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй зодоон болжээ Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт зодолдож нэгнийгээ хүнд гэмтээсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Энэ зодоон юунаас үүдэв, хэн гэдэг ажилтнууд нь оролцсон талаар бид эргэн сурвалжилсан юм. Дарга, цэргийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй зодоон Өнгөрсөн баасан гаригт ЦЕГ-ын Тусгай хэлтсийн дарга, дэд хурандаа Алтанбагана ажилтнуудаа цуглуулан үүрэг өгчээ. Гэтэл хохирогч О хоцорч ирсэн гэнэ. Үүнд нь хэлтсийн дарга залуу багагүй дургүйцсэн аж. Хэлтсийн даргынх нь тушаал О-гийн дургүйг хүргэж, уурандаа шатсан тэрбээр даргыгаа цохихоор дайрсан бололтой. Дарга нь ч мөчөөгөө өгөхгүй өөдөөс нь дайрч, энэ үед хамт байсан ажилтнууд нь даргыгаа авч гарсан байна. Харин тус хэлтсийн хоёр дэд дарга Батцагаан, Энхцог нар О-г хориглон барьж, унагаасан гэнэ. Ингэхдээ толгойгоор нь мөргүүлснээс гэмтэл авсан талаар эх сурвалж мэдээлэв. Харин өөр нэг эх сурвалж “Нэг их сүртэй юм болоогүй. Захирах, захирагдах ёсны зарчим алдагдсан, байгууллагын ажилтнуудын үл ялих атаа жөтөөнөөс болж ийм асуудал үүссэн. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхнөөс өнөөдөржин л энэ талаар мэдээлэл өгөөч гэж хэвлэлийнхэн ирсэн байна. Дарга, цэргийн хооронд зөрчил байсан нь сэдэрсэн бололтой. Зодуулсан гэх ахмад цолтой залуу сүртэй гэмтэл аваагүй, зодсон гэх дэд дарга нар ч сүйдтэй цохиж зодоогүй шиг байгаа юм. О-гийн нүүр ам хөхөрсөн нь энэ зодоон болохын өмнөх өдөр албаны бэлтгэл хийж байхдаа ийм болсон гэж тус хэлтсийн ажилтнууд тайлбарласан. Дарга руугаа дайраад байхаар нь дэд дарга нар нь татаж унагаснаас толгойдоо бага зэргийн гэмтэл авсан талаар дээд удирдлагад танилцуулсан. Тусгай хэлтсийн дарга, дэд хурандаа Алтанбагана өчигдөр гадагшаа явчихсан байна лээ” гэв. ЦЕГ ЦЕГ дахь халаа сэлгээ Тусгайгийнхныг ч тойроогүй ЦЕГ-ын Тусгай хэлтсийн даргаар томилогдсон дэд хурандаа Алтанбагана нь саяхан ахлах дэслэгч цолтой байсан нэгэн бөгөөд богино хугацаанд хэд хэдэн цол алгасан ахлах офицер болсон нь хохирогч О-гийн дургүйг хүргэсэн байх магадлалтай гэв. Учир нь Алтанбагана нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хүн гэх. Сайдын хүн болохоороо ажилтнуудтайгаа зүй бусаар харилцахдаа ч айдаггүй гэж зарим ажилтан нь хэлэх юм билээ. Тиймээс Тусгай хэлтсийн цөөнгүй алба хаагч ажлаасаа чөлөөлөгдөж, тэдний оронд олон залуу авсан гэх хүн ч байна. Болсон асуудлын талаар ЦЕГ-ын Тусгай хэлтсийн дарга Алтанбаганаас уржигдар тодруулахад “Тийм зүйл болоогүй” гэж байсан бол баттай эх сурвалжууд энэ асуудал болох үед Алтанбагана дарга байсан, түүгээр зогсохгүй хохирогч О-той маргалдсан гэдгийг баталж байна. Хохирогчийг гэмтээсэн хэрэгт холбогдоод буй ЦЕГ-ын Тусгай хэлтсийн дэд дарга Батцагаанаас болсон явдлын талаар тодруулахад “Ийм асуудал уг нь болоогүй шүү дээ. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан учрыг нь олоод өгөх байлгүй дээ” гэлээ.
Xiaomi-ын Mi3 ухаалаг утас 86 секундэд зарагдаж дуусав
Xiaomi-ын Mi3 ухаалаг утас 86 секундэд зарагдаж дуусав “Хятадын Apple” гэгдэх болсон Xiaomi компани нь ухаалаг гар утасны үйлдвэрлэлээр өөрийн зах зээлдээ амжилттай явна. Саяхан тэд бүтээгдэхүүнээ анх удаа онлайн дэлгүүрээрээ зарж эхэлсэн байна. Гэтэл тэдний шинэ загварын Mi3 утас болон MITV ухаалаг телевизорууд нь ердөө минут гаран хугацаанд зарагдсан байна. Компаний Sina Weibo (Хятадын Twitter) хуудсанд мэдээлснээр 100,000 Mi3 гар утас нь 1 минут 26 секундэд дууссан бол 3,000 ширхэг MITV нь 1 минут 58 секундэд борлогдож дуусчээ. Xiaomi Mi3 загварын ухаалаг гар утас Xiaomi-гын худалдааны тактик нь тодорхой тооны багц бүтээгдэхүүнийг хүчтэй сурталчилгаатай уялдуулан борлуулдаг байна. Эдгээр төхөөрөмжүүд нь 9 дүгээр сарын 5-нд Бээжинд зохиогдсон нэгэн хурлын арга хэмжээний үеэр зарлагдаж байж. Ингээд сар гаран хугацаанд хүлээлт үүсгэн, сурталчилгаа хийсний үр дүнд ийм амжилтан хүрсэн байна. Xiaomi компани 2013 оны эхний хагаст нийт 7 сая төхөөрөмж зарж 2.5 тэрбум долларын орлоготой ажилласан ба оны эцэст 10 тэрбум долларт хүрнэ гэсэн таамаглалтай байгаа ажээ.
А.Мөнхбат: Худлаа мэдээлэл байна
Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилж магадгүй гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тиймээс энэхүү мэдээллийн дагуу түүнтэй холбогдож, таван үг солилоо. -Таныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дар­гаар томилж магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү? -Үгүй ээ. Худлаа мэдээлэл байна.   -Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд та­­нил­цуулна. Томилгооны талаар таныг мэдэж байгаа гэх юм? -На­дад ямар нэгэн зүйл хэлээгүй. Гэсэн хэдий ч наадах чинь ямар ч ор үндэсгүй мэдээлэл гарсан байна. Би зүгээр л ажлаа хийд­­гээрээ хийгээд, залуусынхаа үзэл бодлыг сонсоод явж байна.
Нийслэлд 200 мянга орчим золбин нохой, муур байна
Нийслэлд эзэнгүй нохой, муур олширч оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа тухай иргэдээс гомдоллох болсон байна. Иймд нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас золбин  нохой, муур устгах ажлыг эрчимжүүлжээ. Нийслэлд 200 мянга орчим золбин нохой, муур байгаа бөгөөд тэдгээрийг устгахаар 11 гэрээт анчин ажиллаж байгаа нь хангалтгүй гэдгийг албаныхан хэлж байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн зургадугаар сарын 17-ны хуралдаанаар золбин муур, нохой устгалын зардлыг шинэчлэн тогтоож нэг нохой, муурыг 5000 төгрөгөөр устгадаг байсныг  7500 төгрөг болгож өөрчилсөн билээ.
Д.Отгондалай эхний ялалтаа авлаа
Азийн аваргын мөнгөн медальт Д.Отгондалай эхний даваанд Кенийн боксчин Ж.Маитайтай тоглож эхний ялалтаа авлаа Казахстаны Алматы хотноо боксын ДАШТ болж байгаа билээ. Өчигдөр 60 кг-д манай тамирчин Азийн аваргын мөнгөн медальт Д.Отгондалай Кенийн боксчин Ж.Маитайтай тоглож эхний ялалтаа авлаа. Тэрээр илт давуу байсаар өрсөлдөгчөө 3:0-оор ялжээ. Одоо тэрбээр Бразилийн боксчин Р.Консейсаотой хүч үзэх юм. Тус тэмцээнд манай улсаас Г.Ган-Эрдэнэ, Н.Төгсцогт гавьяат,  ОУХМ Д.Отгондалай, У.Мөнх-Эрдэнэ гавьяат, ОУХМ Б.Түвшинбат, ОУХМ Н.Шинэбаяр, ОУХМ С.Эрдэнэбаяр нар оролцож байгаа билээ.
Гарцан дээр 3D street art зураг зурна
20 байршлын явган хүний гарцыг сонгон 3D, Street art төрлийн зураг зурна Сүүлийн жилүүдэд  сургуулийн насны хүүхэд автын осолд ихээр орох болсонтой холбогдуулан Нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан зам тээврийн осол гарч болзошгүй гэсэн 20 байршлын явган хүний гарцыг сонгон 3D, Street art төрлийн зураг зурахаар болжээ.  Сургуулиудын ойролцоох замуудын гарцан дээр зурна Эдгээр зургуудыг ойрын үед зурах бөгөөд Нийслэлийн 5, 28, 40, 13, Монгол 3, 14, 1, 34, 32, 75, 105, 62, 65, 102, 58, 71, 35, 49, 17, 39 дүгээр сургуулийн ойролцоох замуудын гарцан дээр зурах юм байна. Хүснэгтээр: Дүүрэг Сургууль Сүхбаатар 1-р сургууль 5-р сургууль 3-р сургууль 58-р сургууль 71-р сургууль 35-р сургууль Баянгол 28-р сургууль 40-р сургууль 13-р сургууль Хан-Уул 34-р сургууль 32-р сургууль 75-р сургууль Сонгинохайрхан 105-р сургууль 62-р сургууль 65-р сургууль Баянзүрх 102-р сургууль 14-р сургууль Чингэлтэй 49-р сургууль 17-р сургууль 39-р сургууль
УИХ-ын гишүүдийн цалинг нэмье гэв
УИХ-ын гишүүдийн цалинг нэмье гэв УИХ-ын 2012 оны ажлын тайлангийн талаарх мэдээллийг Төрийн байгуулалтын байнгын хороо сонссон юм. Энэ үеэр гишүүд парламентын шинэ ордон барих ажилд анхаарал хандуулах хэрэгтэйг хэлж байв. Тухайлбал, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Би 2011-2012 оны хооронд Шадар сайдаар ажиллаж байхдаа Засгийн газар талаас парламентын ордныг барих ажлын хэсгийг ахалж байсан. Тэр хугацаанд ордны барилгын 30 гаруй ам метр, 14 давхар барилгын зургийг хийж, газрын геологи судалгааг гаргуулсан. Монголын талын бүх мэргэжлийн байгууллагууд зурагт экспертиз хийгээд барилгын ажил эхлэхэд бэлэн болсон. Монгол болон Кувейтийн талаас тус бүр зургаан хуулийн этгээд байгуулагдаад материалуудаа өгсөн. Жил гаруйн хугацаа өнгөрөхөд энэ ажил зогсонги байдалтай боллоо. Үүн дээр Тамгын газар анхаарал тавих хэрэгтэй. Хүндрэл бэрхшээлийг бид даван туулалгүй л яах вэ. Гэхдээ зайлшгүй шаардлагатай зүйлийг зохицуулах ёстой” гэж байв. Харин УИХ-ын гишүүн С.Баярцогт Тамгын газрын ажилтнуудын бичиг соёлын мэдлэгт сэтгэл зовнив. Засгийн газар дээр төсөв боловсруулаад өргөн барьж байгаа процесс хоёр хэлбэртэй болчихсон гэнэ. Чанарын хувьд муудсан. Тиймээс чадварлаг хүмүүсийг төрийн албаны сүлжээнээс гадуур цалинжуулж ажиллүүлах хэрэгтэй гэсэн санал гаргасан юм. Су.Батболд: УИХ-ын гишүүдийн цалин, хангамжийг нэмэгдүүлмээр байна. Олон жилийн өмнө тогтоосон бензин, утасны мөнгө өнөөдрийг хүртэл хэвээрээ. Олон жилийн өмнө тогтоосон бензин, утасны мөнгө өнөөдрийг хүртэл хэвээрээ. Тухайлбал, судалгааны алба нь суурь судалгаа хийж чаддаггүй гэнэ. Оюутолгойтой холбоотой хийсэн судалгаан дээр маш их мөнгө төлсөн аж. Гэтэл үнэн хэрэгтээ тэр судалгааг нь ганцхан хуульч л хийсэн байж. Дээрээс нь хийсэн судал гааныхаа төлөө хариуцпага хүлээдэггүй. Тйймээс суурь судалгааг эрдэмтэд, хариуцлага хүлээх хүмүүсээр хийлгэсэн нь дээр гэж байлаа. Түүнчлэн Тамгын газрын гадаад харилцааныхан бичгийн соёл дээр анхаарах хэрэгтэйг ч захив. Тэд зөв бичгийн дүрмийн маш их алдаа гаргадгийг С.Баярцогт гишүүн шүүмжилсэн юм. Тэгвэл Су.Батболд гишүүн хуулийн хэлэлцүүлгийн 50-60 хувийг хийдэг Байнгын хорооны хуралдааныг байнгын нээлттэй хэлбэрээр явуулахын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр цалингаа нэмүүлэх хүсэлтэй аж. Су.Батболд энэ тухайгаа “УИХ-ын гишүүдийн цалин, хангамжийг нэмэгдүүлмээр байна. Олон жилийн өмнө тогтоосон бензин, утасны мөнгө өнөөдрийг хүртэл хэвээрээ. Манай гишүүдийн 80-90 хувь нь бизнес эрхэлдэг болохоор тэдний хувьд энэ нь асуудал биш байх. Зарим нь ардын баатар болох гэж цалингаа авахгүй гэх нь бий. Гэхдээ цалингаараа амьдардаг гишүүд бас байгаа шүү дээ” хэмээн гомдоллов. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдийн дундаж цалин нэг сая орчим төгрөг юм байна.
Эх хүн энэ дэлхийг зөөллөж байдаг. Гэвч...
Хүн эхийн хэвлийд зүүний сүвэгчэн дээр будаа тогтохтой адил бий болдог Хүн эхийн хэвлийд зүүний сүвэгчэн дээр будаа тогтохтой адил бий болдог. Энэ бол юугаар ч зүйрлэшгүй үнэн. Эх хүн төрүүлсэн үрээ бусдаас харамладаг, хайрладаг. Архичин ч бай эрдэмтэн ч бай ижийдээ хүү нь, охин нь эрдэнэ байдаг. Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч гуайн "Эхийн сэтгэл" шүлэгт Хүний хүү ижийдээ ирж гэнээ, Гол усаар л нэг найр наадам. Минийх болохоор шоронд орж гэнэ, Голыг минь гогдон хэлж байна. Аа яадгийн ороо л биз, Гадагшаа гэж би хүүгээ өмөөрлөө. Ам нь цангаж байгаа даа,  Дотогшоо би өмөлзлөө гэж шүлэглэсэн байдаг. Энэ мөр алдаж онож яваа хэн бүхэнд ижийдэээ очих,  ижийгээ хайрлах сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Хүүхэд муу муухай бүхний дэнчин болчихож. Үүнд төр засаг буруутай юу. Үгүй ээ. энэ бол цэвэр ухамсрын асуудал. Эцэг эхийн үүргээ гүйцэтгэж чадахгүй, тэвчээргүй мунхагийн хар гай. Гэтэл өнөө цагийн зарим ижий эх биш араатан болчихож. Гурван настай охиноо хүйтэн мэсээр хэрчиж амийг нь бүрлэгчихлээ. Өнөө зүүний сүвэгчэн дээр тогтохтой адил ээж аавдаа ирж энэ дэлхийд хүн болж төрсөн үрээ хайрлах эхийн сэтгэл хаачсан бэ. Үнэхээр зүрх шимширмээр. Монголчууд бид хүн рүү хүйтэн мэс далайх нь битгий хэл ирийг нь хүн рүү харуулж өгөхийг цээрлэдэг. Энэ сайхан ёс заншил одоо үгүй болж. Бүр эмэгтэй хүн, эх хүн төрүүлсэн үрээ, хардалтын улмаас адилхан эмэгтэй хүнээ "төхөөрдөг" болчихож. Үнэхээр хэлэх ч үг алга. Бяцхан үр чинь өөдөөс чинь өмөлзөн эрхэлж эцэг эхээсээ хайр нэхсэн алаг нүдээр угтдаггүй гэж үү.  Тэд чинь цав цагаан цаас дураараа дургих ёстой эрхэм ХААН. Гурван настай хүүхэд гэдэг ид худлаа ярьж хавийн хүмүүсийг хөгжөөж, хүн болгоны хайрыг татаж байдаг Гурван настай хүүхэд гэдэг ид худлаа ярьж хавийн хүмүүсийг хөгжөөж, хүн болгоны хайрыг татаж  байдаг. Ийм хөөрхөн үрээ зовлон бэрхшээлийн золиос болгох ч гэж дээ. Араатан ч зулзагаа ингэхгүй. Бусдаас харамлана, хайрлана, тэжээнэ.  Эвий дээ гэж тэр бяцхан амьтан яаж өмөлзөж, алаг нүд нь аврал эрж байсан бол... Хүүхэд муу муухай бүхний дэнчин болчихож. Үүнд төр засаг буруутай юу. Үгүй ээ. энэ бол цэвэр ухамсрын асуудал. Эцэг эхийн үүргээ гүйцэтгэж чадахгүй, тэвчээргүй мунхагийн хар гай. Хэлд орж шулагнан, хөлд орж дэнжигнэн яваа бяцхан үрсээ өөрсдийн буруутай үйлдлийн "эзэн" болгож ингэж болох гэж үү. Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сард 18816 гэмт хэрэг бүртгэгдсэн нь байдаг. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2656 хэрэг буюу 16.4 хувиар өссөн байгаа юм. Үүнд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1778, хүний амь бие эрүүл мэндийн эсрэг 821 гэмт хэрэг гарсан нь өсөлтөд нөлөөлжээ. Гэмт хэргийн улмаас  698 хүн нас барсан гэх мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байдаг. Гэмт хэргийн улмаас 698 хүн нас баржээ Ердөө есөн сарын дотор 698 хүн гэмт хэргийн улмаас амиа алдсан гэж бодохоор аймшигтай их тоо. Энэ тоог битгий нэмээч! Эцэг эхчүүд минь, бяцхан үрсээ хайрлаарай. Бурхан танд шанг нь харамгүй өгнө. Тэд чинь юу ч мэдэхгүй тэнгэрийн амьтад шүү дээ. Энхрий бяцхан үрс минь нүдэндээ нулимсгүй, гэдэс цатгалан, өвчин зовлонгүй дэргэд минь байж аз жаргал хайрлаг.
ЦЕГ-ын Тусгай хэлтсийн ажилтнууд нэгийгээ гэмтээжээ
Дарга, цэргийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй зодоон болжээ ЦЕГ-ын Тусгай хэлтсийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт нэгнийгээ зодож хүнд гэмтээжээ. Энэ асуудлыг цагдаагийнхан ихэд нууцалж буй бололтой. Бидэнд олдсон мэдээллээр тус хэлтсийн эрх бүхий нэгэн албан тушаалтан нь өөр 2-3 хүнтэй хамтарч нэг алба хаагчаа хэвтэрт ортол нь зодсон гэнэ. ЦЕГ-ын эх сурвалж “Тусгай хэлтэст сүүлийн үед олон шинэ залуу орсон. Бэлтгэл сургуулилалт нь ч маш хатуу чанга. Бэлтгэлийн үеэр нэгийгээ гэмтээсэн байж болзошгүй. Холбогдох байгууллагынхан шалгаж байгаа гэсэн. Тэд учрыг нь олох байлгүй” гэлээ. Эх сурвалжийн мэдээлснээр энэ асуудлыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж эхэлсэн байна. Тус албаныхан “Тусгай хэлтсийн ажилтнууд нэгнийгээ хүнд гэмтээсэн гэх мэдээллийн дагуу бид шалгаж эхэлсэн. Бэлтгэл хийж байхдаа гэмтээсэн үү, эсвэл өөр учир шалтгаан байв уу гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болно” гэв. Уг мэдээллийг тодруулахаар ЦЕГ-ын Тусгай хэлтсийн дарга, дэд хурандаа Алтанбаганатай холбогдоход “Манайхны дунд ямар ч зодоон цохионы асуудал болоогүй. Тийм зүйл байхгүй” гээд утсаа салгалаа. Гэмтэл согог, судлалын үндэсний төв Энэ мэдээллийн дагуу бид ГССҮТ-д очсон юм. Зодуулсан алба хаагч тус эмнэлгийн Тархи, нуруу нугасны тасагт эмчлүүлж буй юм байна. Тус тасгийн эмч нар “ЦЕГ-ын Тусгай хэлтсийн ажилтан 2-3 хүнд зодуулсны улмаас хүнд гэмтэж манай тасагт эмчлүүлж байгаа. Зодоон болсон шалтгааны талаар бид мэдэхгүй. Тархиндаа гэмтэлтэй, ухаан алдсан байсан. Өнгөрсөн баасан гаригт манайд ирсэн. Бие нь тааруухан болохоор уулзуулах боломжгүй” гэв.
Зоя Голубева: М.Одгэрэлтэй хийсэн өргийг хэзээ ч мартахгүй
ОУИМ Зоя Голубева Даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.  Тэмцээний үндсэн төрөл буюу стандарт өрөгт найман хожил, нэг хожигдолтойгоор боломжит 30 онооноос 22 оноо авч түрүүлэн ДАШТ-ий 13 дахь алтан медалиа энгэртээ гялалзуулсан Латвийн тамирчин ОУИМ Зоя Голубеватай ярилцлаа.  -ДАШТ-ний энэ удаагийн өрсөлдөөнд даамын спортын хаан эргэн ирсэнд баяртай байна. Тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?  -Би долоон настайгаасaa даамын спортоор хичээллэж эхэлсэн. 1985 онд өөрийн төрөлх нутаг Минск хотноо зохиогдсон ДАШТ-нд анх удаа оролцохдоо хоёрдугаар байрт шалгарч байлаа. Тэр тэмцээн миний санаанаас ер гардаггүй. Үүнээс хойш 25 удаа оролцохдоо 13-д нь алтан медаль хүртсэн. Тухайлбал 1986, 1988, 1990, 1991, 1992, 1994, 1995, 1996, 1997, 1999, 2000, 2010, 2013 онд түрүүлсэн. Энэ удаагийн амжилт миний эцсийн зогсоол байхыг үгүйсгэхгүй.  -Цаашид яах төлөвлөгөөтэй байна вэ?  -Өөрийн залгамж халааг бэлдэх зорилгоор өсвөрийн хэдэн хүүхэдтэй ажиллаж байна. Тэднээс хоёр шавь маань юм дуулгаж мэднэ. Долоо хоногийн дараа болох 13 хүртлэх насны өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийн шавь нарын өнгийг харах санаатай. Тэр тэмцээнд танай өсвөрийнхөн ч мөн оролцох юм гэсэн.  -Мэргэжилтнүүд өөрийн чинь гарын шавь Чесниковаг “хатуу самар” гэх юм билээ?  -Тэр нас залуу туршлага нимгэн. Түүнд сурах зүйл их бий. Чесниковаг өндрөөр үнэлсэн хүмүүсийн ачийг хариулахын тулд бид хоёр хичээх болно.  -Манай даамчдын ур чадварын талаар та юу хэлэх вэ?  -Монголын даамчдын мэдлэг, ур чадвар шүүрхий байна. Тэд амжилтаа ахиулахын тулд байнгын бэлтгэл сургуулилтанд хамрагдаж, олон улсын тэмцээнд тогтмол оролцох хэрэгтэй. Даамын спорт өндөр хөгжсөн Европын шилдгүүдээс суралцахад гэмгүй шүү.  -Та манай залуу даамчин М.Одгэрэлд ялагдсан байх аа? -Түүнтэй хийсэн өрөг надад гэнэтийн цохилт болсон. Дэлхийн их мастер Зоя Голубева энэ өргийн талаар насандаа мартахааргүй дурсамжтай үлдлээ. М.Одгэрэл надтай тоглохын өмнө нэг ч хожил аваагүй байсан юм. Би түүнийг бага зэрэг дутуу үнэлсэн тал бий. Танайхны хэлдгээр битүү морь гэвэл түүнийг хэлэх байх.  Тэр тоглолтын дундуур миний бие гэнэт муудаж эмнэлгийн тусламж авахад хүрсэн. Удаах өдөр нь М.Нямжаргалтай хийсэн өрөг ч мөн амар байгаагүй. Яагаад гэвэл өмнөх тоглолтын шокноос салж чадаагүй байсан учраас тэр.  -Та Беларусьт төрсөн хэрнээ Латвийн улсын нэр дээр тоглодог. Энэ талаар юу хэлэх вэ?  -Латвийн даамчид хэнд ч гологдохооргүй туршлага, ур чадвартай. Би иргэншлээ өөрчлөх шийдвэрийг олон хүнтэй зөвлөлдөж байж гаргасан. Гаргасан шийдвэртээ сэтгэл хангалуун явдаг.  -Ирэх жил даамын дэлхийн аварга шалгаруулах халз өргийн тулаан болно. Тэр тэмцээнд та оролцох уу?  -Би энэ жил 39 хүрч байна. Над шиг ахмад тамирчин халз тулаанд оролцоод амжилт гаргах нь юу л бол.  -Танайхан 13-ын тоог ихэд таашаадаггүй юм билээ. Дахин түрүүлэх боломж харагдахгүй байна гэж үү?  -Миний хүрээгүй амжилтанд шавь нар маань очно гэдэгт итгэлтэй байна.  -Та рапид болон блиц өргөд тоглоогүй өнжсөн. Хэрэв тоглосон бол медалийнхаа тоог нэмэх боломжтой байсан уу?  -Тэмцээний эхний өдөр миний бие тааруу байсан. Нүд өвдөөд, дээрээс нь ханиад нэмэрлээд тоглох боломжгүй учраас стандарт төрөлд оролцохын тулд биеэ сувилах шаардлага гарсан юм.
Олон улс дамнасан гэмт хэрэг манай улсад нэвтрээд байна
Интернэтийн сүлжээг ашиглан улс дамжсан гэмт хэрэг үйлдэх тохиолдол сүүлийн үед ихсэх болсон байна. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сарын 19-21-ний хооронд АНУ, БНХАУ болон бусад хэд хэдэн улсын иргэдийн гар утсанд +14166177531 дугаараас "You have been selected to receive a donation of $1.500.000.00 USD by Mark and Cindy hills. To begin claims send your full names to hillsfamily105@gmail.com" буюу "Та ноён Мак Хилс болон хатагтай Синди Хилс нарын 1.5 сая ам.долларын хандив хүлээн авагчаар сонгогдлоо. Тиймээс өөрийн бүтэн овог нэрээ hillsfamily105@gmail.com хаяг руу илгээх шаардлагатай" гэсэн утга бүхий мессэж иржээ. Илгээгч этгээд нь тодорхойгүй цахим шуудан, мессэж, түүгээр дамжсан вэб холбоосыг ашиглахгүй байх нь зүйтэй гэж ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна. Энэхүү мессэж манай улсын зарим иргэдийн гар утсанд ч ирсэн бөгөөд Цагдаагийн ерөнхий газраас шалгааж байгаа гэнэ.    +14166177531 дугаар нь Канад улсын Торонто хотод бүртгэлтэй дугаар аж. Өнгөрсөн онд АНУ-ын Миссоури мужид Мак Хилс, Синди Хилсийн гэр бүл "Powerball MOLottary" нэртэй сугалаанд хожиж 293.750.000 ам.доллар авсан байдаг. Тиймээс гэмт этгээдүүд энэхүү үйл явдлыг ашиглан цахим луйвар үйлдэж байж болзошгүй хэмээн хуулийнхан таамаглаж байна. Иймд ард иргэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэн нэгэн этгээдэд өөрийн хувийн мэдээллээ алдахгүйн тулд илгээгч этгээд нь тодорхойгүй цахим шуудан, мессэж, түүгээр дамжсан вэб холбоосыг ашиглахгүй байх нь зүйтэй гэж ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.
Филиппин гамшигт өртжээ
Ойролцоогоор 7.2 магнитутын хүчтэй газар хөдлөлтийн үеэр Филиппинд 20 гаруй иргэн амиа алдаж, хэдэн арван барилга байгууламж нурж сүйджээ. АНУ-ын Геологийн төв газрын мэдээлснээр газар хөдлөлтөөс үүдэлтэй цунами Бохол арлыг нөмрөн авсан байна. Эрх баригчид гамшигт өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн нь газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буйтай холбоотой гэнэ.
Монгол Улсын 2014 оны төсвийн төсөлд өгөх саналаа хүргүүлжээ
Монгол Улсын 2014 оны төсвийн төсөлд өгөх саналаа УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа Үндэсний Аудитын газрын дарга, А.Зангад  Монгол Улсын 2014 оны төсвийн төсөлд өгөх саналаа УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Тус газраас Төсвийн тухай хуулийн 8-р зүйлийн 8.4.7, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 13-р зүйлийн 13.1, Төрийн аудитын тухай хуулийн 15-р зүйлийн 15.1.9 заалтуудыг үндэслэн Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуулиудын төсөлд санал дүгнэлт боловсруулсан байна. Ингэхдээ Монгол Улсын 2014 оны төсвийн төсөл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6-р зүйлд заасан төсвийн тусгай шаардлагууд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны Төсвийн төсөөллийн тухай хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан эсэхэд дүгнэлт гаргах төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, зарлага хэмнэх талаар бодитой хэрэгжих, зарчмын саналууд дэвшүүлэхийг зорьжээ.
Хаана ямар дугуйланд хамрагдах вэ?
Сурагчдын амралт энэ сарын сүүлчээр эхэлнэ.  Бага ангийн хүүхдүүд хоёр долоо хоног амарна. Харин гурваас дээш ангийнхан нэг долоо хоног амарна. Тиймээс бид хүүхэд, залуучуудын байгууллагаар орж, сурагчдын амралтыг ая тухтай өнгөрөөх ямар боломж байгааг судалж үзлээ . Хаана, ямар дугуйлан хичээллэдэгийг дараах мэдээллээс аваарай.  Урлан бүтээх төв зарим дугуйландаа нэмэлт элсэлт авч байна Урлан бүтээх төв зарим дугуйландаа нэмэлт элсэлт авч байна Хүүхэд багачуудын чөлөөт цагаа  зөв өнгөрүүлдэг цөөхөн газрын нэг нь гавьяат багш Б.Цэрэндоржийн нэрэмжит Монголын хүүхдийн урлан бүтээх төв. Тус төвийнхөн энэ хичээлийн жилд уран зураг, хүүхэлдэй, бэлэг дурсгал, сүрлэн урлал, хувцас дизайн, эсгий урлал, баримал, ханын чимэглэл, сийлбэр зэрэг төрлөөр 16 ангид 600 хүүхэд хичээллэж байна.  Эдгээр дугуйлан нь хүүхдийн сэтгэн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой юм. Дугуйлан тус бүр гурван жилийн сургалттай. Бүртгэлийн 20 мянган төгрөгийг эс тооцвол үнэ төлбөргүй юм байна. Тус төвийнхөн өнгөрсөн сарын сүүлчээр буюу есдүгээр сарын 26- нд хичээлээ эхэлжээ. Одоогоор сүрлэн наамал, сүлжмэл, сийлбэр, баримлын ангид нэмэлт элсэлтээ авч байгаа юм байна.  Зургаан настнууд баримлын дугуйланд суралцаж болно Зургаан настнууд баримлын дугуйланд суралцаж болно Хүүхдүүд хичээлийнхээ цагийн хуваариас хамааран долоо хоногт хоёр удаа гурван цагаар Хаана Ямар дугуйланд хамрагдах вэ? хичээллэхдээ үдээс өмнө, үдээс хойшхи ангийг сонгон суралцдаг аж. Хэрэв хүсвэл илүү олон цагаар гүнзгийрүүлэн сурах боломжтой юм байна. Энд уран зураг, сийлбэр, ханын чимэг, сүрлэн наамал, сүлжмэл, хүүхэлдэйн бэлэг дурсгал, баримал, хайчилбар, шүрэн урлал гэсэн төрөл бүрийн дугуйлан хичээллэдэг. Зургийн дугуйланд найман настай хүүхэд хамрагдах боломжтой. Зургаан настнуудын хувьд нэмэлт элсэлт авч байгаа сүрлэн наамал, баримлын ангид суралцаж болно.  Бусад дугуйлангийн хүүхдүүд зайлшгүй багаж хэрэгсэлтэй харьцдаг учраас гурав, дөрөвдүгээр ангийн хүүхдүүдийг хамруулдаг. Манай дугуйлангуудад хамрагдсан бүх сурагч сертификаттай төгсдөг” гэдгийг дугуйлангийн багш нар онцлож байна. Дугуйлангийн сурагчид жил бүрийн тавдугаар сард тайлан үзэсгэлэнгээ гаргаж хүүхдүүдийн бүтээлийг дэлгэн харуулдаг юм байна. Тиймээс та бүхэн сонирхсон мэдээллээ 329426, 321052, 325703 дугаарын утсаар тодруулж асуугаарай.  Хүүхэд залуучуудын газар 12 дугуйлан хичээллэдэг Хүүхэд залуучуудын газар 12 дугуйлан хичээллэдэг Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын дэргэд дуу, бүжиг, төгөлдөр хуур, ямаха зэрэг хөгжмийн дугуйлан хичээллэж байна. Мөн спортын төрлүүдээс сагс, волейбол, хөл бөмбөгийн дугуйлан хичээллэж байна. Тус төвд амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой айлын, халамжийн төвийн хүүхдүүд ирж суралцдаг.  Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд эцэг, эхийн хараа хяналтаас хол байдаг хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийг дүүрэг, хороодын Засаг даргын захирамжаар энд суралцуулдаг аж. Дугуйлан тус бүрийг мэргэжлийн багш нар зааж суралцагч хүүхэд багачуудыг улсын хэмжээнд зохион байгуулдаг уралдаан тэмцээнд бэлтгэн оролцуулдаг гэдгийг дугуйлангийн багш Н.Энх-Оюун хэллээ.  Хятад хэл сонирхогчид, загвар зохион бүтээгчид бүртгүүлээрэй Хятад хэл сонирхогчид, загвар зохион бүтээгчид бүртгүүлээрэй Хүүхдийн ордонд, урлаг, уран бүтээл, гадаад хэлний гээд 20 гаруй дугуйлан хичээллэж байна. Хичээлээ есдүгээр сарын 15-наас эхэлсэн, шинэ хичээлийн жилийн үйл ажиллагаа жигдээд сар болж байна.  Одоогоор Хятад хэл, загвар өмсөгч, загвар зохион бүтээгчийн ангидаа нэмэлт элсэлт авч байгаа гэдгийг Хүүхдийн ордоныхон хэлж байна. Тиймээс хэл сурах сонирхолтой, загвар өмсөгч болохыг хүсдэг охид, хөвгүүд яаравчлах хэрэгтэй юм байна. Хэл, уран бүтээлийн ангиуд нь хоёр жилийн сургалттай. Харин урлагийн дугуйланг сонгосон хүүхдүүд сургуулиа төгстлөө сураад үргэлжлүүлэн мэргэжлийн их, дээд сургуульд элсэн орох боломжтой юм байна.  Тухайлбал дууны дугуйланд суралцаж буй хүүхэд дуу, хөгжим, нотны талаар анхан шатны мэдэгдэхүүнтэй болохоос гадна тайзны соёл зэрэг олон чадварыг эзэмшдэг аж. Мөн гүнзгийрүүлэн судалж буй хүүхдүүд нотоор дуулахаас гадна сонсож буй хөгжмөө нотлон бичихийг хүртэл сурдаг юм байна. Төлбөр мөнгөний тухайд дугуйлан тус бүр өөр өөрийн гэсэн үнэ тарифтай учраас аав, ээжтэйгээ ирээд үнийн дүнгээ судалж болох нь. Хамгийн доод тал нь 190 мянгаас эхэлж байна.
Ерөнхий сайд "Синьхуа" агентлагт ярилцлага өглөө
Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Синьхуа" агентлагт ярилцлага өглөө Ерөнхий сайд Н. Алтанхуяг Синьхуа агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа БНХАУ-д удахгүй хийх айлчлалынхаа зорилгыг 2011 онд  Монгол улс БНХАУ-ын хооронд байгуулсан  стратегийн түншлэлийн гэрээний ойрын ба дунд хугацааны хөтөлбөрийг батлах явдал гэж тодорхойллоо. БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг хоёр орны жирийн ард иргэдийн харилцааны том баяр болгож тэмдэглэнэ гэв Ирэх жил тохиох БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг төр засгийн түвшнээс гадна хоёр орны жирийн ард иргэдийн харилцааны том баяр болгож тэмдэглэнэ. Монгол Улс нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч  орны хувьд төв азийн бусад орнуудтай худалдаа, эдийн засгийн салбарт өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулахыг дэмжиж байгаа.  Монгол Улс нь байршлын хувьд ази европыг холбосон, БНХАУ-ыг европ болон азийн зарим оронтой холбоход чухал үүрэг бүхий байрлалтайн хувьд   төмөр зам, автозам болон дэд бүтцийн олон салбарыг хөгжүүлэхэд идэвхтэй оролцогч байна. Энэ чиглэлээр БНХАУ болон бүс нутгийн бусад улсуудтай хамтарч ажиллана.  Мөн тэрээр саяхан татварын орчинг хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, тодорхой, өөрчлөгдөхгүй байх чиглэлээр хөрөнгө оруулалтын хуулиндаа өөрчлөлт орууллаа. Монголд хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүсийн хувьд Монголын хууль тогтоомж гэнэт өөрчлөгдчих болов уу, миний оруулсан хөрөнгө оруулалт яачих бол гэсэн асуудал  байхгүй  болсон гэв.
Элчин сайдуудыг эргэх холбоотой, хурдтай ажиллахыг хүслээ
Ерөнхий сайд Элчингүүдтэй видео уулзалт хийв Монгол Улсаас гадаад орнуудад суугаа элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр цахим уулзалт хийлээ. Өнгөрөгч 5 дугаар сарын 14-нд хийсэн анхны видео уулзалтаар Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд, элчин сайдуудын ажлыг дүгнэх гол үзүүлэлтүүдийн талаар ярилцаж, үүрэг чиглэл өгсөн юм. Энэ дагуу хийх ажил, хэрэгжүүлж болох жишээ туршлагын талаар ажил хэрэгч санал санаачилгыг 9 газраас дэвшүүлж, идэвхтэй ажилласан бол ихэнх нь эргэх холбоогүй, хариуцлагагүй хандсаныг Ерөнхий сайд шүүмжиллээ. Яам, агентлаг, орон нутгийн удирдлагууд сар тутамд ажлаа тайлагнаж, хариуцлагаа өндөржүүлж байгаа шиг хилийн чанадад суугаа элчин сайдууд ч хурдтай ажиллах ёстойг Засгийн газрын тэргүүн анхаарууллаа. Хоёр улсын хоорондын яриа хэлэлцээг яам, агентлагууд эцсийн шатанд нь цуцалдаг, удаашруулдаг хандлага нэлээд байна, тодорхой шийдвэр хүлээхэд цаг их алдаж байна гэв. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулсан хуулиуд батлагдсан, улсын эдийн засгийн гол гол үзүүлэлт чамлахааргүй дүнтэй гарсан, бүтээн байгуулалт эрчимжиж, ажлын байр нэмэгдэж, шинэ үйлдвэрүүд ажлаа эхэлж байна зэрэг мэдээллийг Засгийн газрын тэргүүн цахим уулзалтаар өглөө. Харин валютын ханшийн хэлбэлзэл, гадаадын хөрөнгө оруулалтын бууралтын тухайд зорьсон үр дүндээ хүрч хараахан чадаагүй байна гэж онцлоод “Энэ мэт чухал мэдээллүүд, гол ажлуудын хэрэгжилтийн явц, хүрсэн үр дүнгийн дэлгэрэнгүй танилцуулгыг элчин сайдуудад хүргэсэн. Үүнийг ажилдаа байнга ашиглаарай, Монгол Улсын бодлого нэг долгионоор гадаад ертөнцөд хүрдэг байх нь чухал байна” гэлээ. Монгол Улсыг төлөөлөн суугаа 30 гаруй дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд холбогдлоо Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын орчноо хэрхэн сайжруулж тогтворжуулсныг, мөн Оюутолгой, Тавантолгой зэрэг дэлхийд данстай томоохон төслүүдийн хувьд Монгол Улсын Засгийн газрын байр суурийг тодорхой илэрхийлсэн албан ёсны мэдээллийг гадагшаа цацах шаардлагатай байна гэж хилийн чанадад эх орноо төлөөлөн суугаа элчин сайдууд хэллээ. Хоёр улсын хоорондын яриа хэлэлцээг яам, агентлагууд эцсийн шатанд нь цуцалдаг, удаашруулдаг хандлага нэлээд байна, тодорхой шийдвэр хүлээхэд цаг их алдаж байна гэсэн шүүмжийг ч Ерөнхий сайдад дуулгалаа. Мөн Стоккольм, Оттова, Вашингтон, Варшав, Праг, Дели, Хонконгт суугаа элчин сайд, дипломат төлөөлөгчид шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудынхаа талаар санал солилцлоо. Үндэсний брэнд бий болгоход “Чингис” бондоос 270 тэрбум төгрөг зарцуулан үйлдвэрлэлүүд хөгжүүлж байна, цаашид экспортын бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргахад элчин сайдуудын хүчин чармайлт чухал гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлоод, аливаа саналаа ГХЯ-аар дамжуулан байнга хэлж, эргэх холбоотой, хурдтай ажиллахыг хүслээ. Энэ удаагийн цахим уулзалтад Монгол Улсыг төлөөлөн суугаа 30 гаруй дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд холбогдсон юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
"Нарантуул"-ын өргөтгөлийн хохирол 12 тэрбум төгрөг гэв
Галын улмаас нийт 12 тэрбум 300 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна. Өнгөрсөн наймдугаар сарын 23-ны өглөө 06.30 цагт Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөл шатсан. Тухайн үед галын шалтгааныг гадны нөлөөтэй, хохирлын хэмжээ хэдэн тэр бумаар тоологдоно хэмээн шуугиж байсан билээ. Түүнчлэн энэ хэрэгт холбоотойгоор дөрвөн хүнийг саатуулан хорьж, шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл галын улмаас нийт 12 тэрбум 300 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна.  Мөн таван тэрбум 430 сая төгрөгийн барааг галын аюулаас аварсан гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь "Алтжин" ХХК-ийн "САПУ" худалдааны төвийн хохирлын хэмжээнээс гурав дахин их юм.
“Монголиан майнинг” корпорацийн үнэлгээ өсөв
“Монголиан майнинг” корпорацийн борлуулалт оны эцэст 562 сая ам.доллар болох тооцоо гарчээ Зах зээлийн үнэлгээ тогтоогч “Стандарт чартеред” банк гадаадад хувьцаагаа гаргасан Монголын зарим компанийн үнэлгээг өсгөсөн талаар “Блүүмберг” мэдээллээ. Тодруулбал, Өмнөговь аймаг дахь Ухаа худагийн коксжих нүүрсний уурхайд олборлолт хийж буй “Энержи ресурс” буюу “Монголиан майнинг” корпорацийн борлуулалт оны эцэст 562 сая ам.доллар болох тооцоог гаргасан байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 18.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын тухай хууль Монголд чиглэсэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэхэд нөлөөтэй хэмээн тус банкнаас үзжээ. “Монголиан майнинг” корпораци энэ оны эхний хагаст хатуу коксжих нүүрсээ нэг тонныг нь 99 ам.доллараар худалдаалсан бөгөөд өнгөрсөн улиралд 90 орчим ам.доллараар борлуулсныг “Блүүмберг” мэдээлэв.
П.Өлзийсайханыг ирэх баасан гарагт шүүнэ
Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайханыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайханыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.  Тодруулбал, түүнийг найман жилийн өмнө хүн зодсон хэрэгт буруутган ийнхүү шалгаж байгаа юм. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлж, хурлын товыг гаргажээ. Түүнийг энэ сарын 18-нд буюу ирэх баасан гарагт 11.00 цагаас Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүхээр болсон байна.
С.Саранцацралт: Бусдад таалагдах гэж гоёдог хүмүүс эцэстээ өөрийгөө олохоо больдог
Төрийн шагналт зураач С. Саранцацралт “Дэгжин” булангийн энэ удаагийн зочноор Төрийн шагналт зураач С. Саранцацралтыг урьсан юм. -Таныг бусдад сайхан харагдуулдаг зүйл юу вэ? -Эмэгтэй хүн бүр сайхан харагдахыг хүсдэг гэж хүмүүс их ярьдаг. Би үүнтэй санал нийлдэггүй. Энэ үг надад огт таалагддаггүй. Яагаад гэвэл би хэн нэгэнд сайхан харагдахын тулд өөрийгөө гоёж гооддоггүй. Өөрөө өөртөө л сайхан харагдаж байвал болох нь тэр. Үүнээс илүүг би хүсэхгүй. Хүний бие, сэтгэл эрүүл байгаа цагт бүгдэд сайхан харагддаг. -Яагаад бусдад сайхан харагдахыг хүсдэгтүй гэж? -Хэн нэгэнд таалагдахын тулд өөрийгөө өөрчилж, гоёдог хүмүүс эцэстээ өөрөөрөө байж чадахаа больдог. Өөрөөрөө байж чадахгүй, өөрийгөө олж харахгүй байна гэдэг эмгэнэл. Тэр намайг юу гэж хэлэх бол түүнд би таалагдах болов уу гэж болгоомжилсоор байгаад сүүлдээ тийм байдалд хүрдэг. Ингэх шаардлагагүй. Учир нь хүн бүр дахин давтагдашгүй шүү дээ. -Тэгвэл таныг бусдаас онцгой, сайхан харагдуулдаг нууц юу вэ? -Нүүр будалт болов уу. Би хэнийг ч дуурайдаггүй, зөвхөн өөрийн нүүрний хэлбэр, нүд, хамар гээд бусад өгөгдөлдөө тохируулан будалт хийж чаддаг. Түүгээрээ л ялгардаг болов уу, бусдаас. -Нөхөр тань таныг нүүрээ будаагүй байхыг амьдралдаа нэг ч удаа хараагүй гэдэг юм билээ. Энэ үнэн үү? -Үнэн. Ер нь эмэгтэй хүн дандаа гоё байх хэрэгтэй. Бүтэн жил навсайж, арзайчихаад жилдээ ганц хоёр удаа баяр ёслолоор зохих, зохихгүй үнэтэй хувцас зүүсгэлээр гоёх нь зохистой зүйл биш. Хаана, хэний хажууд ч байнга өөртөө зохисон цэвэрхэн будалтаар нүүрээ будаж, таарч тохирсон хувцсаар өөрийгөө гоёх нь зүйтэй шүү дээ. Дахин хэлэхэд, үүнийг хэн нэгэнд сайхан харагдахын төлөө хийх хэрэггүй. Хамгийн түрүүнд хүн өөртөө таалагдаж байж, дараа нь бусдад таалагдах нь зүйн хэрэг биз дээ. -Та зөвхөн өөртөө таалагдвал болно гэж боддог болохоор имижмейкерийн хэрэг байдаггүй байх нь ээ? -Тийм зүйл огт хэрэггүй. Яагаад гэвэл намайг надаас илүү мэдэх хүн үгүй учраас өөртөө л зөвлөхөд болчихдог. Имижмейкертэй хүмүүсийг би гайхдаг. Өөрөө өөрийгөө мэддэггүй хүмүүс л тийм зүйлтэй байдаг байх. Яалт ч үгүй улс орноо төлөөлсөн ямар нэгэн арга хэмжээнд оролцох хүн юм уу, төрийн томчуудад байх ёстой байх. Түүнээс бусад хүнд тийм зүйл нь илүүц гэж боддог. -Танд хумсны будаг, үнэртэй ус эсвэл өөр ямар нэгэн гоёлын хувцасны аль нь олон байдаг бол? -Би ер нь ямар нэгэн зүйл цуглуулах дургүй. Төвөгтэй санагддаг юм. Хэрэгтэй үед нь таалагдсанаа худалдан авч хэрэглэчихээд явж байх нь өөрт амар байдаг юм. Түүнээс биш брэнд гэж чамирхан элдэв төрлийн үнэтэй зүйлс цуглуулах дургүй. Ямар ч үед өөртөө таалагдах зүйлээр өөрийгөө гоёчихоод өөрөөрөө байгаа хүн л хамгийн сайхан харагддаг.
Сурагчид андгай өргөлөө
Улс орны хөгжлийн ирээдүй болсон 16 настнууд хотын соёл, хүмүүжлийн “Эрүүл хотын иргэн та өөрөөсөө” сэдэвт сургалтанд хамрагдаж, андгай өргөлөө.  Э.Бат-Үүл: Хүүхдүүдэд миний сайхан хот гэсэн сэтгэгдэл төрүүлэх сайхан хотыг бүтээж өгөхийг хүсэж байна.  Нийслэлийн ЕБС-ийн 2500 сурагчдыг хамруулж байгаа тус сургалт 4 хоног үргэлжлэх бөгөөд оролцсон хүүхэд бүр хотын иргэний андгай өргөнө. Сургалтанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцсон. Тэрбээр ”Хүүхдүүд та бүхнийг сайхан хотод амьдруулж, хүүхэд бүхэнд миний сайхан хот гэсэн сэтгэгдэл төрүүлэх сайхан хотыг бүтээж өгөхийг хүсэж байна. Тиймээс Улаанбаатар хотын төлөө ажиллаж буй иргэн бүр хүүхдийнхээ зургийг ширээн дээрээ тавьж үргэлж тэднийхээ төлөө, сайхан ирээдүйг бий болгохын төлөө ажиллана. Хүүхдүүд та бүхэн ч гэсэн энэ хөтөлбөрт үр дүнтэй оролцон, найз нөхөддөө үлгэр дууриалал болж, сайхан хотоо бий болгоё” гэж байв.
Хятадын дайчид Өвөрмонголд “амар тайван байдал” тогтоов
“Тогтвортой байдлын даалгавар-2013” терро­риз­мын эсрэг хамгийн сүүлчийн кам­панит ажил Хятадын аюулгүйн хүч­­нийхэн Өвөрмонголын “тай­ван амгалан байдал”-ыг са­хиж, иргэдийг зэвсэггүй болгосон талаар хууль сахиу­лах бүлгийнхэн саяхан мэ­дээл­жээ. Монголчууд болон Хятадын байгалийн баялаг олборлогчдын хооронд үүс­­сэн үймээнийг Хятадын аюул­­гүйн хүчнийхэн хүчээр зог­соож, тогтвортой байдлыг хан­гасан нь энэ аж. “Тогтвортой байдлын даалгавар-2013” терро­риз­мын эсрэг хамгийн сүүлчийн кам­панит ажлын үеэр л гэхэд Өвөрмонголын өмнөд хэсэгт орших Тунляо гацаанд 52 хүнийг баривчилсан талаар “Southern Mongolian Human Rights Information Center” (SMHRIC) хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ.  Байгалийн баялгийн ар­­вин их нөөцтэй Өвөрмон­голд хятадуудыг олноор ирж байгаагаас болж нутгийн иргэд нь маш их дарамт шахалтыг амсаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс хөгжихийн зэрэгцээ хү­рээлэн байгаа орчноо маш ихээр сүйтгэж, газар нутгийг хүчээр хураах болжээ.  Өвөрмонголыг батлан хамгаалах тогтвортой байдлын шугам, хойд хилийн экосистемийг хангагч гол газар хэмээн нэрлэжээ. Ийнхүү бүс нутагт уг­саатны дарамт шахалт нэмэг­дэж, малчид, уул уурхайн компаниудын хоорондын тэм­цэл, хүчирхийлэл өдөр ирэх тусам гаарсаар байна.  1.5 сая орчим монгол амьдардаг Тунляо гацаанд бол­сон “терроризмын эс­рэг арга хэмжээ”-ний үеэр нийгмийн аюулгүй байд­­­лын 1700 алба хаагч, зэвсэг­лэсэн цэргүүд хүн амтай мөргөлдөөн үүсгэжээ. Тэд энэ үйл ажиллагаандаа тус­гай­лан тоноглосон 30 гаруй тээврийн хэрэгсэл, цагдаа­гийн машин ашигласан тухай “SMHRIC”-ын барим­тад дурджээ. Хятадын Коммунист на­маас тогтвортой байд­лыг хангахын чухлыг тэм­дэг­лээд Тунляо хэмээх газарт терроризмтэй хатуу тэм­цэхийг үүрэгдсэн гэнэ. Түүнч­лэн суртал ухуулагчид Өвөрмон­голыг батлан хамгаа­лах тогтвортой байдлын шугам, хойд хилийн экосис­темийг хангагч гол газар хэ­мээн нэрлэжээ.  Тиймээс ч “энх тайван, тогтвортой байдал”-ыг хан­гахад туслах зорилгоор Тусгаар тогтнолын өдрийн­хөө өмнө (аравдугаар сарын 1) Нийгмийн аюулгүй байд­лын газраас бүс нутгийн иргэ­дийг зэвсэггүй болгох 10 хоногийн аян зарласан аж. Энэ үеэр иргэдийн буу зэвсэг, хутгыг хураан авч, 82 бүлэглэлийг дарж, 3644 хүнийг саатуулсан талаар Нийгмийн аюулгүй байдлын газрын вэб-сайтаас иш татан “SMHRIC” мэдээлжээ.  Түүнч­лэн есдүгээр сарын эхээр цагдаа нар интернэт хэрэг­лэгч­дийг мөрдөж, шуу­гиан тараасан 52 хүнийг баривчилсан байна.  “Радио Чөлөөт Ази”-ийн мэдээлснээр Хятадын уул уурхай олборлогчид, уг­саат­нуудын хоорондын мөр­­гөл­дөөн олон нийтэд шуу­гиан тарих вий хэмээн төр засгаас эмээж байгаа гэнэ.  Өнгөрсөн тавдугаар сард л гэхэд Өвөрмонголын зур­гаан малчин батлан даал­тад гарсан бөгөөд ойрын хугацаанд тэднийг шүүх ху­рал товлогдох бололтой. Ин­гэхдээ тэднийг гүтгэж, хий­гээ­гүй хэрэгт нь буруутган, долоо хүртэл жилийн хорих ял оноож болзошгүй талаар “SMHRIC” мэдээлжээ.  Ойн үйлдвэрлэл эрхэлдэг улсын нэгэн компани малч­дын бэлчээрийг хууль бусаар эзэмшсэний дараа малчид тус үйлдвэрийн ажилчидтай мөргөлдөөн үүсгэжээ.  Гэ­тэл бэлчээрээ хамгаал­сан малч­дыг үйлдвэрлэлийн үйл ажил­лагааг санаатайгаар тасал­дуулсан, төрийн болон ху­вийн өмчийг устгасан хэр­­гээр буруутгаж байгаа юм байна.  Малчдын баталж буй­гаар эрх бүхий албан ту­шаалт­нууд хохирлынхоо хэм­­жээг хэтрүүлэн нэмж, өөрс­дийг нь газар булаан эзэмшихийн тулд авлига өгс­нийг нь илчлэх вий хэмээн эмээснээс ялыг нь хүнд­рүү­лэх зорилготой бай­гаа гэнэ.
Сөүлд зургаан талт уулзалт эхлэв
Ази Номхон далайн бүс нутгийн энх тайван, Пхеньяны хилийн чанад дахь бодлогын талаар зонхилон хэлэлцэх ажээ Хоёр Солонгосын асуудлаарх зургаан талт уулзалт өмнөдийн нийслэл Сөүлд эхэллээ. "Ёнхап" агентлагийн мэдээлснээр энэ удаагийн хэлэлцээрт хоёр Солонгосоос гадна, Япон, Хятад, ОХУ, АНУ-ын төлөөлөгчид оролцож байна. Зургаан талт уулзалт 2008 онд болсноос хойш үр дүнд хүрээгүй бөгөөд тухайн үед Хойд Солонгос олон улс дахь цэрэг зэвсгийн бодлогоо орхихгүй хэмээснээр өнөөдрийг хүртэл хэлэлцээр хойшилжээ. Өмнөд Солонгост болж буй тус уулзалтын гол ач холбогдол нь Ази Номхон далайн бүс нутгийн энх тайван, Пхеньяны хилийн чанад дахь бодлогын талаар зонхилон хэлэлцэх ажээ
ЖДҮХ сан 489.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ
Жижиг дунд үйлвдэрлэлийг дэмжих сангийн хөрөнгө зорилтот бүлэгтээ хүрэхгүй байна гэсэн гомдол байнга гардаг. Тэгвэл тус сангаас өнөөдөр мэдээлэл өгч, 2009 оноос хойш хэчнээн тэрбум төгрөгийн зээл олгосноо мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Жижиг дунд үйлвдэрлэлийг дэмжих сан 5549 аж ахуй нэгж, иргэний төслийг шалгаруулж, нийт 489.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэхүү зээлийг тав хүртэлх жилийн хугацаатай, жилийн долоон хувийн хүүтэй олгосон тухай ЖДҮХ сангийн захирал Б.Баттүвшин хэлж байна. 2009 онд 38.6, 2010 онд 40.1, 2011 онд 175.1, 2012 онд 25.5, 2013 оны есдүгээр сарын 30-ны байдлаар 47.5 тэрбум төгрөгийн зээл тус тус олгожээ. Хүснэгтээр:   Жижиг дунд үйлвдэрлэлийг дэмжих сангийн сүүлийн таван жилд олгосон зээл Өнгөрсөн хугацаанд төслийн мөнгийг зориулалтаар нь ашиглаагүй хоёр зөрчил Дундговь аймагт гарсаныг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон гэнэ. Жижиг дунд үйлвдэрлэлийг дэмжих санд одоогоор 11 тэрбум төгрөг үлдсэн бөгөөд энэхүү мөнгийг энэ сарын 21-нээс ирэх сарын 1 хүртэлх хугацаанд ирүүлсэн төслүүдээс шалгарсанд нь олгох юм байна. Түүнчлэн сангаас олгож буй санхүүгийн түрээсийн үйлчилгээнд 2010-2011 онд 60 ААН, иргэн хамрагдаж, 2.6 тэрбум  төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн аж. Энэхүү санхүүгийн түрээсийн дээд хэмжээ нь 100 сая төгрөг бөгөөд 10 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай юм байна. Мөн батлан даалтын сангаас 23 ААН, иргэнд 19 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан тухай Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Гантулга мэдээллээ. Дашрамд дурдахад, тус сангаас зээл авахаар төсөл илгээсэн ААН, иргэн экспортыг орлож, импортыг дэмжин ажлын байр нэмэгдүүлнэ гэсэн үндсэн шаардлагыг хангасан байх хэрэгтэй аж.
"Хүний эрхийг дордуулсан асуудал байж болохгүй"
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай цэцээс ирүүлсэн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хууль зөрчснийг Хууль зүйн байнгын хорооны гишүүд хүлээн зөвшөөрлөө. ҮХЦ энэхүү заалтыг энэ сарын 9-нөөс эхлэн түдгэлзүүлсэн юм. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно гэсний "давж заалдах гомдол гаргаж болохгүй гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй гэснийг зөрчсөн. Байнгын хорооны гишүүд Цэцийн дүгнэлтийг хүлээн авах, авахгүй байх нь гол асуудал биш, хүний эрхийг дордуулсан асуудал байж болохгүй хэмээн санал нэгдэж Цэцийн дүгнэлтийг хүлээн авахаар болжээ. Мөн гишүүдэд зөв шийдвэр гаргахад тодорхой мэдээлэл өгөх үүднээс Цэцийн гишүүн хуралд оролцон дүгнэлтээ тайлбарлаж болохгүй юм байхгүй гэв.
Захуудад хугацаатай үүрэг өгчээ
Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 53 томоохон зах, худалдааны төвүүдэд шалгалт хийсэн. Шалгалтын дүнг танилцуулсны дараагаар Хотын дарга “Зах, худалдааны төвүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан юм. Үүнтэй холбогдуулан Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаас зарим асуултад хариулт авлаа. -Нийслэлийн Засаг дарга зөрчилтэй зах, худалдааны төвүүдэд арга хэмжээ авах захирамж гаргалаа. Захирамжид ямар арга хэмжээ авахаар тусгасан бэ? -Нийслэлчүүдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангаж, эрхийг нь хамгаалах зорилгоор нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу мэргэжлийн газрууд хамтран  томоохон зах, худалдааны төвүүдэд шалгалт хийсэн. Шалгалтаар нийтлэг хэд хэдэн зөрчил илэрсэн тул тэдгээр зах, худалдааны төвүүдэд 12 сарын 05 гэхэд зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өглөө. Заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй бол дараагийн арга хэмжээг авна. Бид яаран хаана, зогсооно гэсэн бодлого баримтлахгүй байгаа. Анхнаасаа хууль журамгүй явж ирсэн учраас аль болох боломж олгож байгааг бизнес эрхлэгчид ойлгох хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь иргэд төдийгүй түрээслэгчид эрүүл аюулгүй орчинд үйлчлүүлж, ажиллах эрхтэй тул энэ эрхийг хангахын тулд шаардлага тавихаас өөр аргагүй. Харин хугацаа өгөөд байхад үл тоовол бид асуудалд өөрөөр хандана гэдгийг албан ёсоор мэдэгдье. -Зарим захын нэрийг зааж үүрэг өгсөн байсан. Эдгээр захуудад хэрхэн арга хэмжээ авах вэ? -Нийтлэг зөрчилтэй зах, худалдааны төвүүдэд хугацаатай үүрэг өгсөн бол мэргэжлийн байгууллагуудаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь  биелүүлдэггүй, аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй,  шинжилгээгээр   хөрсний бохирдолт   их   гарсан,  задгай  талбайд ил худалдаа, үйлчилгээ явуулж хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд учруулж байгаа  Нарантуул трейд ХХК-ийн “Нарантуул” худалдааны төв, Собу ХХК-ийн  “Өгөөмөр” зах, Барсимпекс ХХК-ийн “Барс-1” худалдааны төвийн үйл ажиллагаанд  дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээний саналыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу бид удахгүй эдгээр захуудтай холбоотой санал хүргүүлнэ. “Төр төмөр нүүр гаргалаа, иргэдийн хувийн өмчид халдлаа” гэж ярих хүмүүс байгаа. Гэхдээ хот бол өөрийн гэсэн дүрэмтэй, хууль журамтай гэдгийг нийт иргэд ялангуяа хуулиас дээгүүр алхдаг, дүрэм журамд баригдах дургүй хүмүүс мартаж болохгүй. -Цаашид зах, худалдааны төвүүд хэрхэн ажиллах талаар нийслэлээс ямар бодлого баримталж байгаа вэ? -УИХ-ын хаврын чуулганаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хөтөлбөрт тусгасны дагуу томоохон зах, худалдааны төвүүдийг хотоос гаргаж, шинээр байгуулахаар ажиллаж байна. Мөн зах, худалдааны төвүүдийн ажиллах журмыг шинэчлэн боловсруулах үүргийг Хотын даргаас өгсөн. Иргэддээ таатай орчин бүрдүүлж, өөрсдөө ашиг орлогоо нэмэгдүүлэхэд юун дээр анхаарч хэрхэн ажиллах талаар шинэ журам боловсруулна.
Нийслэл түүхэндээ байхгүй их төсөв баталсан ч гүйцэтгэл нь 19.5 хувьтай байна
НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд. Түүхэндээ байгаагүй их төсөв буюу нэг их наяд 117 тэрбум төгрөгийн төсвийг 2013 онд НИТХ-аас баталжээ. Гэсэн ч энэхүү төсвийн хэрэгжилт дөнгөж 19.5 хувьтай байгаа талаар НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн өнөөдөр мэдээллээ.   Өмнө нь 200-250 тэрбумд багтаадаг байсан гэнэ. Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, 33 уулзварын шинэчлэн засварлана, агаарын бохирдолыг бууруулна зэрэг томоохон ажлуудыг иргэдэд амласан ч өнөөдөр 14 уулзварыг зассанаас өөр дорвитой ажил хийсэнгүй гэж МАН-ын бүлгийнхэн хэлж байна. Нийслэлийн 2013 оны төсөвт 1 их наяд 117 тэрбум төгрөг төсөвлөсөн байжээ. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг сүржин эхлээд даржин дуусгахын үлгэр болгож байгаа гэлээ. Өөрөөр хэлбэл, иргэн барилгын компани хоёрыг хоорондоо зохицоод яв гэсэн байдлаар хандаж, амины орон сууц барих гэсэн иргэдийг дэмжихээсээ илүүтэй нийтийн орон сууц барьж байгаа компаниудыг дэмжиж байгаа гэнэ. Мөн дээрх данхайсан том төсвийнхөө хүрээнд хийх ажлаа ч түргэн шуурхай хийж чадахгүй байгаа бөгөөд он дуусахад хэдхэн сар үлдээд байхад ажлынх нь үр дүн дөнгөж 30 хувьтай байна гэсэн юм. Тиймээс НИТХ дахь МАН-ын бүлгээс хотын дарга Э.Бат-Үүлд болон Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хорооны дарга Д.Баттулга нарт шаардах бичиг хүргүүлсэн байна. Үүнд, 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө иргэдийг тохилог амины орон  сууцаар хангана гэснийгээ нийтийн орон сууцаар хангана гэж өөрчилөх хэрэгтэй гэсэн гол санааг тусгасан бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор зөрчил гарч, иргэд хохирч болзошгүй гэж тэд үзжээ. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сарын 24-нд НИТХ-ын хуралдаанаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёрдугаар ээлжид нэр бүхий найман байршлыг хамааруулах шийдвэр гаргасан байна. Гэвч энэ ажлыг гүйцэтгэх компаниуд нь хөрөнгийн баталгаатай эсэх нь эргэлзээтэй байгаа төдийгүй иргэдээс “Газрыг хямд үнэлж байна” гэх гомдол ирсээр байгаа тухай ч дурдлаа.
Максим Галкин: Алла шөнө босч хүүхдүүдээ хооллож, живхийг нь сольдог
Алла Пугачева, Максим Галкин нар Жил хагасын өмнө л Примадонна (Алла Пугачева)-гийн дотны найз Алина Редель “Алла, Максим хоёр эцэг эх болохыг мөрөөдөж байна” гэж ярьж байсан билээ. Тэгвэл өнөөдөр оддын хосын мөрөөдөл биелжээ. 64 настай Алла Пугачева, 37 настай Максим Галкин нар Гарри (хүү), Элизабет (охин) гэсэн ихэр хүүхэдтэй болоод байна. Үүнд түрээсийн эх тусалсан нь Алла, Максим хоёр хүүхдүүдийнхээ биологийн эцэг эх юм. Хүүхдүүд есдүгээр сарын 18-нд мэндэлсэн ч өнгөрсөн долоо хоногоос эхлэн баярт мэдээг олонд түгээжээ. Ихрүүд “Матъ и дитя” эмнэлгийн Москвагийн захын салбарт алдарт эмч Марк Курцерийн хяналтад төрсөн байна. Лиза, Гарри хоёрт эцгийнх нь овгийг өгчээ. Жүжигчин, элэглэгч, шоумен Максим Галкин “КП” сонинд энэхүү баярт мэдээгээ хуваалцжээ.  -Танд баяр хүргэж, хүүхдүүдэд эрүүл энхийг ерөөе. Алла Борисовна та хоёр ихэр хүүхэд төрнө гэдгийг мэдээгүй гэсэн. Хүү, охины алийг нь илүү хүсч байв даа? -Ихэр төрөх гэж байна гэдгийг нэлээд хойно мэдсэн л дээ. Энэ бол тун таатай мэдээ байсан. Би зөвхөн хүүхэд л хүссэн. Харин Алла дахин ээж болохыг хүссэн Ямар ч хувилбар бидэнд таатай байсан. Хүү-охин, хүү-хүү, эсвэл охин-охин аль нь байсан хамаагүй эрүүл саруул мэндлээсэй, аз жаргалтай байгаасай л гэж хүссэн дээ. -Хүүхэдтэй болъё гэж хэн анх ярьсан бэ? -Энэ нь Аллагийн санаачилга байсан. Бид хуримаа хийснийхээ дараа л энэ тухай ярих болсон. Алла бүр 11 жилийн өмнө өндгөн эсээ хөлдөөгөөд хадгалчихсан гэж надад хэлсэн юм. Тэгээд л түүний эцэг эх болъё гэсэн гайхамшигтай санааг нь шууд дэмжсэн. -Та түрээсийн эхийн жирэмслэлтийг хянаж байсан уу? -Хянаад, үзээд байх нь хаашаа юм, энэ үг тохирохгүй. Алла бид хоёр түрээсийн эх ямар нөхцөлд амьдарч байна, хэрэгцээтэй зүйл нь юу байна, гэдэс нь томрох тусам зохих хувцсаа өмсөж байх ёстой гэдэг дээр анхаарал тавьж байсан. Сүүлийн хэдэн сард гадагшаа гарах зэрэг дээр тээртэй болоод ирэхэд нь түүнд туслах нэг эмэгтэйг гаргаж өгсөн юм. Эмнэлэгт үзүүлэх гээд явахад нь Алла байнга дагаж явсан шүү. Өөр хүнээр хүүхдээ тээлгэх бас л хэцүү юм байна. -Хүүхдүүдийг өсгөхийн тулд хоёр асрагч хөлсөлсөн гэсэн. Асрагчдыг яаж сонгож авсан бэ? -Асрагчдыг Алла сонгож авсан. Таньдаг, найз нөхдөөсөө л олж авсан. Асрагч олоход эхнэрийн минь ах, бидний сайн танид дуучин Ирсон Кудикова нар тусласан. Энэ асуудалд их нухацтай хандсан л даа. Жирэмсний сүүлийн хэдэн сард Алла л их анхаарал тавьсан. Би зураг авалттай байсан болохоор олигтой дэм болж чадаагүй. (Максим Украинд “Все могут короли” киноны зураг авалтад оролцож байгаа). -Хүүхдүүдээ ямар мэргэжилтэй болгохыг бодож амжсан уу? -Юу ярина вэ! Тэр талаар бодох ч сөхөө алга. Хүүхдүүд маань цагтаа хоолоо идэж, цагтаа унтаж байх нь л чухал байна. Асрагч хөлсөлсөн ч Алла шөнө босч хүүхдүүдээ хооллож, живхийг нь сольдог. Тэд том болоод хэн болж, юу хийх нь одоо сонин биш байна. -Хүүхдүүддээ тоглоом авч өгсөн л биз дээ? -Тэгэлгүй яахав. Эргэлддэг тойруулгахан авч өгсөн. Нүднийх нь хөгжилд сайн гэсэн. Жаахан хүүүхдэд ямар тоглоом авч өгдөг билээ дээ, тэр бүгдийг авсан. Бүл нэмэх гэж байгаа гэдгээ ойр дотныхондоо хэлчихсэн байсан. Тэд ч зөндөө тоглоом авч өгсөн. Кристина (Орбакайте), миний ах Дима нар мэдэж байсан болохоор тоглоомоо бэлдчихсэн байсан. -Гадаадад, гадаад түрээсийн эхэд яагаад хандаагүй юм бэ? Илүү найдвартай юм биш үү? -Эмнэлгийн энэ салбар манай оронд өндөр түвшинд хөгжжээ. Хоёрдугаарт, энэ тал дээр би их итгэдэг Марк Курцер гээд тодорхой хүн байж байна. Гуравт, би үргэлж ажил дээрээ байж байдаг хүн. Америк, Израильд түрээсийн эхэд хандсан бол эндэх шиг хянаад, анхаарал тавиад байж чадахгүй. 3өвхөн Орост ингэх ёстой гэдэг дээр надад ямар ч эргэлзээ байгаагүй. -Алла Борисовна хүүхдүүдээ мэндлэхэд нь байсан уу? -Хийсвэр хагалгаа хийсэн юм. Эхийг нь унтуулсан гэсэн үг. Тиймээ, Алла тэнд байсан. -Максим, та их завгүй хүн, телевизийи нэвтрүүлэг, кино гээд. Хэдийдээ хүүхдүүдээ өсгөх болж байна аа? -Бүх л эцэг эхийн адилаар хүү, охиноо ч өсгөнө, ажлаа ч хийнэ. Алла Борисовна “KП” сониноор дамжуулан талархлаа илэрхийлжээ. “Максим бид хоёрын төлөө хүү, охины минь төлөө баярласан шүтэн бишрэгчиддээ талархлаа. Нөхөр бид хоёр хүүхэдтэй болохыг мөрөөдөж байсан. Энэ хүүхдүүд бол бидний баяр баясгалан. Хүүхдүүд минь эрүүл, жаргалтай байгаасай л гэж хүсч байна. Тэднийгээ хөл дээр нь босгож, өсгөх хүч, эрүүл мэндийг Бурхан надад хайрлаасай. Хүүхдүүд жинхэнэ хайранд умбаж өсөх нь хамгийн чухал. Тэд их бяцхан, их сайн хүүхэд. Максим бид хоёр хүүхдүүдээ харж, хооллож, гар дээрээ авахдаа тун ч жаргалтай байдаг, үгээр илэрхийлэхийн аргагүй юм даа”
Италид ноолууран бүтээгдэхүүний үйлдвэр байгуулна
УИХ-ын дарга З.Энхболд Итали, Монголын бизнесийн холбооны тэргүүн Арманда Бранчиниг хүлээн авч уулзлаа Итали Улсын томоохон компаниуд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, борлуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа аж. Итали, Монголын бизнесийн холбооны тэргүүн Арманда Бранчини: Бид дээд зэргийн чанарыг эрхэмлэдэг хүмүүс. Энэ чанар зөвхөн Монгол Улсад л байна.  Энэ талаар ноён Арманда Бранчини “Бид дээд зэргийн чанарыг эрхэмлэдэг хүмүүс. Энэ чанар зөвхөн Монгол Улсад л байна. Монголын ноос, ноолуурын үйлдвэрийн чадамж одоо байгаагаасаа илүү байх ёстой. Гэвч үйлдвэрлэл, борлуулалтын маркетинг менежмент дутагдаж байна” гэдгийг хэлээд энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэн өөрийн улсад хамтарсан үйлдвэр байгуулах хүсэлтэй байгаагаа УИХ-ын даргад дуулгасан юм. Мөн “Буян” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан Монгол Улс түүхий эд болон гадаад худалдаанд хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна. Тиймээс  Италийн талтай хамтран үйлдвэр байгуулах ажлыг дэмжих хэрэгтэй байна үүний тулд УИХ-аас энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулан хууль эрх зүйн орчинг сайжруулахад анхаарч ажиллахыг хүсэв. Хариуд нь УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж хуулинд зохих өөрчлөлтүүд оруулах боломжтой. Харин дэд ажлын хэсгийг хоёр орны Засгийн газрын салбарын яамд, бизнесийн холбоодын төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулах нь зүйтэй юм гэдгийг хэллээ.
Оюутнуудад "сюрприз" барив
Монгол Улсын Боловсролын Их сургуулийн уулзвараас Спортын төв ордны баруун хойд уулзвар хүртэлх "Оюутны гудамж"-ны явган хүний зам, ногоон байгууламж болон бусад тохижилтыг иж бүрнээр нь шинэчилжээ. Оюутны гудамжинд Монгол улсын “Төрийн дуулал”-д зориулсан хөшөө барьж, өндөр хурдтай Wi-Fi төхөөрөмжийг суурилуулжээ. Нийт 310 м гудамжинд Монгол улсын “Төрийн дуулал”-д зориулсан хөшөө, уран баримал, явган хүний зам,  замын гэрэлтүүлэг, модны гэрлэн чимэглэл, хогийн сав сандал хийснээс гадна өндөр хурдтай Wi-Fi төхөөрөмжийг суурилуулсан нь оюутан залууст зориулсан "сюрприз" болов.  Тохижилтын ажилд 500 орчим сая төгрөг зарцуулсан бөгөөд “Оюу толгой” компани уг зардлыг гаргасан байна. Өнөөдөр албан ёсны нээлт нь болж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Нийтийн болоод нийслэлийн эзэмшлийн эд хөрөнгийг тоолж байна
Нийслэлд бүтээн байгуулалтын ажил цөөнгүй хийгдэж байгаа ч тэдгээрийг хариуцан хамгаалж, тордож арчилах хүнгүйгээс эвдрэх, устаж үгүй болох нь элбэг. Автозам, замын байгууламж, явган зам, үерийн хамгаалалтын далан суваг, борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээ, мод, бут сөөг, ногоон байгууламж, бичил цэцэрлэгт хүрээлэн, спорт, хүүхдийн тоглоом, амралт чөлөөт цагийн талбай, усан оргилуур, хөшөө дурсгал, өндөрлөг, гэрэлтүүлэг зэргийг хамгаалалтад авчээ. Тиймээс нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө, нийслэлийн захиргааны байгууллагуудын гэрээ хэлэлцээрийн дүнд гадаадын зээл тусламж, хандив, бэлэглэл, төслийн хөрөнгөөр нийслэлийн өмчид шинээр бий болсон болон хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн нийтийн зориулалттай эд хөрөнгийг тоолох ажлыг  НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу анх удаа зохион байгууллаа.   Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг тоолохдоо автозам, замын байгууламж, явган зам, үерийн хамгаалалтын далан суваг, борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээ, мод, бут сөөг, ногоон байгууламж, бичил цэцэрлэгт хүрээлэн, спорт, хүүхдийн тоглоом, амралт чөлөөт цагийн талбай, усан оргилуур, хөшөө дурсгал, өндөрлөг, гэрэлтүүлэг зэргийг хамруулан тоолж хамгаалтад авчээ. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2012 оны А/586 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт зохих хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлсэн, ашиглуулсан, өмчлүүлсэн болон улсын “Тусгай хэрэгцээ”-нд авснаас бусад газрыг тоолж бүртгэлжүүлэн хамгаалалтад авч, хил зааг, тоо хэмжээг тодорхойлох ажлыг нийслэлийн Өмчийн харилцааны газраас  зохион байгуулж хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээг зөвшөөрөлгүйгээр сунгаж хашаа, байшин, өргөтгөл барих, нийтийн зориулалттай орон сууцанд үйлдвэрлэл, үйлчилгээний өргөтгөл хийх, орчны нийтийн эдэлбэрийн газарт гараж, контейнер, түц, павильон байршуулах, нийтийн зориулалттай өмч хөрөнгө, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, явган хүний зам талбай, хүүхдийн тоглоомын талбайг эвдэж сүйтгэх зэрэг түгээмэл гардаг зөрчлүүдээс урьдчилан сэргийлэхэд дөхөм болно гэж үзжээ.
Эх орноо төлөөлсөн энхийг сахиулагчидыг одонгоор шагналаа
25 анги нэгтгэлийн 130 гаруй цэргийн албан хаагчид Афганистан улсыг зориод иржээ. Афганистан улсад болсон "Тогтвортой эрх чөлөө" ажиллагаанд манай улсын хүчнийхэн амжилттай оролцоод иржээ. Үүргээ амжилттай биелүүлээд ирсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд Монгол Улсын төрийн одон медаль болон салбарын хүндэт шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр ЗХЖШ-ын Жагсаалын талбайд өнөөдөр болов. Цэргийн бие бүрэлдэхүүн хүндэтгэлтэйгээр жагссан бөгөөд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Паипэр Энн Уинд Кембелл нарын хүндэт зочид хүрэлцэн ирж, дайчдад шагнал гардуулсан юм. Олон улсад энхийг сахиулах ажиллагааны арав гаруй жилийн түүх, арвин туршлагатай манай орны Зэвсэгт хүчний 25 анги байгууллагын 130 гаруй цэргийн албан хаагчид Афганистан улсад харуул хамгаалалт, нисдэг тэрэгний техник, засвар үйлчилгээ сургалт, артиллерийн сургалтын чиглэлээр тус тусын үүргээ амжилттай биелүүлээд ирсэн байна. Энэ удаагийн энхийг сахиулах монголын багийн бие бүрэлдэхүүний арав орчим хувь нь гэрээт цэрэг байснаараа онцлог бөгөөд нийт алба хаагчдынх нь 70 гаруй хувь нь Сьерра-Леон болон Чад дахь НҮБ-ын Энхийг сахиулах, мөн Иракийн эрх чөлөө зэрэг ажиллагаануудад оролцон алба хааж байсан туршлагатай дайчид юм. Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зарлигаар энэхүү цэргийн багийн ахлагч, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн тагнуулын дарга, дэд хурандаа Б.Төмөрпүрэв, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн артиллерийн тагнуулын удирдлагын байрны СНАР 10 станцын дарга, сургагч ахлагч Д.Оюунбат, Зэвсэгт хүчний 142 дугаар ангийн жагсаалын дарга, сургагч ахлагч Р.Ганбаатар нарыг "Цэргийн хүндэт медаль", Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн хуягтын салааны захирагч, дэслэгч Б.Сергей нарын 61 хүнийг "Энхийн төлөө медаль"-аар энгэрийг нь мялаасан бол Батлан Хамгаалахын сайд Д.Бат-Эрдэний тушаалаар Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн ротын ахлагч, ахлах ахлагч Ж.Ганхурц нарын зургаан алба хаагчийг "Дайчин алдар-II медаль", Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, ахмад У.Ундрах нарын долоон алба хаагчийг "Дайчин алдар-III медаль", Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн автын нярав-засварчин, ахлах ахлагч Ц.Үнэнбатыг "Эх орны төлөө-I" хүндэт тэмдэг, Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн ротын ахлагч, сургагч ахлагч Д.Чулуунсүх нарын долоон алба хаагчийг "Эх орны төлөө-III хүндэт тэмдэг", Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн батальоны ахлагч, тэргүүн ахлагч Н.Бат-Эрдэнэ нарын 46 цэнхэр дуулгатныг "Афганистанд энхийн төлөө дурсгалын хүндэт тэмдэг"-ээр тус тус шагнан урамшууллаа.
Цэргийн дүйцүүлэх албаны төлбөрийн хэмжээ нэмэгджээ
Нийслэлийн цэрэг татлагын товчооны нэгтгэсэн хуралдаан боллоо Энэ жилийн II ээлжийн цэрэг татлага явагдаж байгаатай холбогдуулан өнөөдөр Нийслэлийн цэрэг татлагын товчооны нэгтгэсэн хуралдаан боллоо. Энэ жил цэргийн дүйцүүлэх албаны төлбөрийн хэмжээг гурван сая 700 мянган төгрөг болгож өнгөрсөн жилийнхээс 300 мянган төгрөгөөр нэмсэн байна Хуралдаанаар цэрэг татлагын бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн бөгөөд өнгөрсөн жил цэрэг татлагын үеэр гарсан алдаа дутагдлуудаа засч цэргүүдэд хүндэтгэлтэй хандан ажиллахыг цэрэг татлагын товчооны гишүүдэд үүрэг болголоо. ЗГ-ын тогтоолоор энэ жил цэргийн дүйцүүлэх албаны төлбөрийн хэмжээг гурван сая 700 мянган төгрөг болгож өнгөрсөн жилийнхээс 300 мянган төгрөгөөр нэмсэн байна. Дүйцүүлэх албыг сонгож байгаа залуусын хувьд нэг дор дээрх мөнгийг төлнө гэсэн үг биш бөгөөд залуус их дээд сургуульд суралцсан жил, цэрэг татлагын комисс дээр очиж бүртгүүлж байсан удаа бүрээ тооцуулан хасуулах боломжтой юм байна. Сүүлийн жилүүдэд залуусын 70-80 хувь нь сайн дураараа цэрэгт явах сонирхолтой болсон хэдий ч залуусын дундах чих, хамар, хоолой, нүд, мэс заслын өвчлөлүүд түгээмэл байгаа аж. Иймээс цэрэг татлагын комиссоос өвчтэй залууст эмчлүүлэх шаардлатай гэсэн бичиг хийж өгөөд дараагийн ээлжинд татахаар буцаадаг юм байна.
Ким Жон Ун БНАСАУ-ыг удирдсанаас хойш тансаг эдлэлийн импорт хоёр дахин нэмэгджээ
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Ким Жон Ун засгийн эрх барьж эхэлснээс хойш Хойд Солонгосын тансаг хэрэг­лээний импорт хоёр дахин нэмэгджээ.  Гэсэн хэдий ч тус улс хүнсний хомсдолд өрт­сөн хэвээр байгаа юм. Энэ та­лаар “Ренхап” агентлаг мэ­дээл­сэн байна.  БНАСАУ өнгөрсөн жил тансаг зэрэглэлийн бараанд 648.8 сая ам.доллар зарцуулсан нь урьд өмнө байгаагүй их хэмжээний дүн юм. Өмнөд Солонгосын эрх баригч намын гишүүн Юн Сан Хений хэлснээр БНАСАУ өнгөрсөн жил тансаг зэрэг­лэлийн бараанд 648.8 сая ам.доллар зарцуулсан аж. Энэ бол урьд өмнө байгаагүй их хэмжээний дүн юм. Ха­рин эцэг Ким Жон Илийн засаг­лалын үед тансаг зэ­рэг­лэлийн бараанд жилд дунджаар 300 сая ам.доллар зарцуулдаг байсан аж. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, Өмнөд Со­лон­госын Засгийн газар БНАСАУ-ын иргэдийн ядуу бай­­­далд нэг бус удаа ан­­хаа­рал хандуулсаар ир­сэн. Өмнөд Солонгосын Нэг­дэх асууд­лын яамнаас өн­гөр­сөн есдүгээр сард л гэхэд Пёньяанд 6.3 сая ам.­дол­ла­рын хүмүүнлэгийн тус­ламж үзүүлэхээр болсноо зар­ласан.  Түүнчлэн өнгөрсөн до­лоо­дугаар сард НҮБ-ын хү­мүүн­­лэгийн асуудлыг зо­­хи­­цуулах газраас Хойд Солонгост тусламж болгож, Онц­гой байдлын үед хэрэг­лэх төв сангаас зургаан сая ам.доллар гаргахаар болс­­­­ноо мэдэгдсэн билээ.  Учир нь Хойд Солонгосын га­­зар нутагт үйл ажиллагаа явуул­даг НҮБ-ын хүнсний 14 үйлдвэрийн тав нь үр та­рианы хомсдолоос болж үүдээ барьсан юм. Үүний ул­маас Хойд Солонгосын 500 мянган хүүхэд тусламж авч чадахгүйд хүрсэн аж.
Ажлынхаа өрөөг 70 сая төгрөгөөр тохижуулсан Д.Бат-Эрдэнэ даргад эрүү үүсгэлээ
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэд Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ нь тус дүүргийн ИТХ-ын даргаар сонгогдсон даруйдаа ажлынхаа өрөөг 70 сая төгрөгөөр тохижуулж, 60 саяын үнэтэй машин авсан байна. Түүнчлэн тендер будлиантуулсан хэрэгт холбогдоод байгаа аж.
Apple компаний шинэ оффис баригдахаар боллоо
Өчигдөр Калифорни мужийн Купертино хотын захиргаа Apple компаний “Spaceship” гэж нэрлэгдэж байгаа оффисийн барилгыг эхлэх зөвшөөрлийг баталлаа. Энэхүү жижиг хот нь алдарт Apple компаний нэрээр алдаршсан бөгөөд, оршин суугчдынх нь бахархал бол Apple билээ. Анх 2011 оны зун талийгаач Стив Жобс хотын захиргаанд өөрийн биеэр ирж барилгынхаа төлөвлөгөөг танилцуулж байснаас хойш 2 жил өнгөрчээ. Дараах видео нь Стив Жобсын амьдралын сүүлчийн бичлэгт (нийтэд танигдсан) тооцогддог аж. Барилга нь хийц дизайны хувьд давтагдашгүй бүтээл болохоор байгаа. Дугуй хэлбэртэй, сансрын асар том хөлгийг санагдуулам, дээвэр нь тэр чигтээ нарны энерги цуглуулах шилэн гадартай байх аж. Хотын зөвлөл 11 сарын 15-нд эцсийн шийд гаргах боловч энэ нь ёсчлох төдий үйл ажиллагаа гэнэ. Барилгын ажил 2015 онд дуусах төлөвлөгөөтэй юм байна.
Зайсангийн газрыг зарсан сайд нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо
Зайсангийн газрыг зарсан сайд нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо Богд хан уулын тусгай хамгаалалттай газарт буюу Зайсангийн ам, Туул голын эрэг дагуу их хэмжээний газар олгосон үе үеийн Байгаль орчны сайд нарыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхэлсэн. Уг хэрэгт МАН, АН, МАХН тэргүүтэй улс төрийн намын гишүүд нэр холбогдоод байсан. Мөн БОЯ-ны газрын дарга, хэд хэдэн компанийн захирал албан тушаалтнуудыг сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн юм. Компанийн удирдлагууд “Аялал жуулчлалын цогцолбор байгуулна” хэмээн газар авсан ч түүнийгээ зориулалтын дагуу ашиглалгүй, орон сууцны хороолол барьж, өндөр үнээр орон сууцаа худалдаад байгаа билээ.  Гэвч энэ хэргийн мөрдөн байцаалт эхлээд удаагүй байхад Улсын ерөнхий прокурорын газраас татаж, хянах нэрээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон талаар эх сурвалж мэдээллээ.  Энэ талаар НПГ-ын эрх бүхий албан тушаалтнаас лавлахад “Улсын ерөнхий прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үнэн. Хянаж байсан прокурорт нь дээд байгууллагаас чиглэл өгснөөр ийм арга хэмжээ авсан. Мөрдөн байцаалт үргэлжилсэн бол нэлээд олон хүн шалгуулах байсан” гэв.
С.Эрдэнэбаяр, Б.Түвшинбат нар АНУ, Хятадын тамирчдыг яллаа
ОУХМ С.Эрдэнэбаяр Америкийн боксчинг яллаа Казахстанд болж байгаа боксын ДАШТ-ий өчигдрийн тулаанд манай тамирчид өрсөлдлөө.  81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр Америкийн тамирчин Геремиас Торресийг хүнд цохилтоор яллаа. Манай тамирчны дараагийн учраа нь Укбекистаны боксчин О.Мамазулунов байгаа. Эхний учраагаа ялж 32 -д шалгарсан тэрбээр О.Мамазулуновтай ням гарагт тулалдана. Харин 69кг-д ОУХМ Б.Түвшинбат Хятадын Маймат Турсунтай тоглож 3:0-оор хожжээ.  .Түвшинбат Хятадын тамирчинг хожлоо Тэрбээр дараагийн тулаанаа ОХУ-ын боксчин А.Беспутинтай хийх юм.
Хүний хөгжил сангийн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ
УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болно. Энэ удаагийн чуулганаар, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. Мөн дараах асуудлуудыг авч хэлэлцэнэ. 1. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:   Хууль санаачлагчийн илтгэлийг Монголбанкны ерөнхийлөгч Н.ЗОЛЖАРГАЛ танилцуулна; Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна. 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар дүгнэлт:   Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.ГАНЗОРИГ танилцуулна; Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна. 3. “Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/:   Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ДЭМБЭРЭЛ танилцуулна. 4. Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/:   Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна; Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна. 5. Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:   Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна; Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна. 6. Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:   Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад харилцааны сайд Л.БОЛД танилцуулна; Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна. 7. Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/:   Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ танилцуулна; Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна. 8. “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хаалттай, анхны хэлэлцүүлэг/:   Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ДЭМБЭРЭЛ танилцуулна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар хурандаа Ө.Энхтөр томилогдлоо
Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээг чөлөөлж, оронд нь өөр хүн томилох гэж буй тухай яриа өнгөрсөн зунаас яригдаж эхэлсэн. Тэгвэл энэ яриа өчигдөр ажил хэрэг болж, тус хэлтэс шинэ даргатэй болжээ. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс, УМБГ-ын даргаар ажиллаж байсан хурандаа Ө.Энхтөр тус хэлтсийг удирдахаар болж өчигдөр ажлаа хүлээлцсэн байна.
МАН-ын шинэ генсек хэн бэ?
МАН-ын шинэ генсек хэн бэ? МАН-ын Их хурал ирэх долоо хоногийн ням гаригт болно. Улс төрийн ууган хүчин энэ хурлаар намын даргаа солих нь гарцаагүй. Тэгээд ч одоогоор М.Энхболдыг доторх бүх фракц нь хоорондоо тохироод дэмжих болчихоод байгаа. Энэ намын дарга хэрвээ М.Энхбодд бодвол Ерөнхий нарийн бичгийн дарга нь хэн байх вэ гэсэн сонирхолтой асуулт олны анхаарлыг татаж байна. Мэдээж генсек гэдэг намын гал тогоог сайн мэддэг хат суусан мэдлэг боловсролтой намын гишүүдээрээ өөрийгөө хүрээлүүлж чаддаг нэгэн байх ёстой. Харин энэ хүн хэн байх бол. Одоогоор энэ суудлын төлөөх нэр дэвшигчид бол Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар, Ж.Мөнхбат. Харин намын даргадаа ил захидал бичиж өөрийнхөө нэрийг намын Ерөнхий нарийн бичгийн даргад дэвшүүлээд байгаа Б.Энхмандах бол яах аргагүй сюрприз. Гэхдээ тэдний хэн нь хэн бэ гэдгийг авч үзвэл бас сонирхолтой түүх харагдана. Тухайлбал, намын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар. Дарханаас сонгогдсон залуу гишүүн парламентын танхимд нэлээд чанга дуугардаг байлаа. Дараа нь намын нарийн бичгийн дарга болоод тэр бүр ил гардаггүй болсон. Нам дотроо нэр хүнд сайнгүй болсон гэдэг.  Мөн Байгаль орчны сайдаар хэсэгхэн хугацаанд ажиллаж байсан Д.Цогтбаатарыг энэ албанд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл бий. Тэрээр дипломатч хүн. Намын өмнөх дарга Сү.Батболдын талын хүн ч гэж ярьдаг. Түүнийг намын генсект тохирохгүй гэж ярих нь вий. Харин түүнийг УИХ-ын дараагийн сонгуульд нэр дэвшвэл амжилттай байна гэж хардаг улстөрчид цөөнгүй байдаг. Тиймээс ч түүнийг дараагийн сонгуульд сойж байгаа билээ. Өөр нэг нэр дэвшигч бол “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат. Тэрээр намынхаа бас нэгэн нарийн бичгийн даргаар ажилладаг. Архангайд нэр дэвшээд ялагдсан түүнд генсекийн суудал тохирохгүй ч гэдэг. Омголон, шазруун, шийдэмгий зантай. Намынхаа хөдөлгөөнтэй залуучуудын тоонд ордог түүнийг зан авирын хувьд У.Хүрэлсүхтэй жишдэг. У.Хүрэлсүх бол хэдийгээр зоригтой байдаг боловч мэдээлэлжсэн, соёлжсон нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх кадр байгаагүй билээ. Харин Б.Энхмандахын хувьд дээрх гурван нэр дэвшигчээс ажил, амьдралын намтар нь арвин, улстөрчийн буур суурьтай нэгэн. УИХ-ын дэд дарга М.Энхболдыг МАН-ын дараагийн дарга болно гэсэн таамаг үнэн болж гэмээнэ түүнтэй гар нийлэх хамгийн боломжтой хүн нь Б.Энхмандах мөн. Ерөнхий нарийн бичгийн дарга намын гал тогооны ажлыг баздаг учир намын даргатай гар нийлж ажиллах чадвартай, тулхтай хүн байх ёстой гэж улстөрчид ярьдаг билээ. Ерөөс энэ нам шинэчлэлийн тухай л ярьж байгаа. Өнгөрсөн удаад гурван сонгуульд дараалан ялагдсан намд бодох, хийх юм их бий. Энэ утгаараа шинэ санал, санаачилга дэвшүүлэх, хуучин арга барилаас зайлсхийсэн, мөн туршлагатай бөгөөд шинэ удирдлага хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр шинэчлэлийн төлөөх шинэ генсек нь Б.Энхмандах байвал энэ намын ирээдүйд өөрчлөлт гарна гэсэн хүмүүс байна. Одоогийн байдлаар Б.Энхмандах нам доторх хууччуул болон оюунлаг хүрээллийн хүмүүсийн дэмжлэгийг аваад байгаа сурагтай. Харьцангуй сүүлд гарч ирсэн боловч асар хурдтай анхаарлын төвд орж буй энэ эрхэм М.Энхболд болон Сү.Батболд цартай тохироо хийсэн байж болзошгүй гэсэн хардлага байна.
80 сая төгрөгөөр шинэчилсэн гэрэлтүүлгийг солих шаардлага байв уу
Чингисийн талбайн гэрэлтүүлгийг сольж буй нь. 2013.10.16 Нийслэлийн захирагчийн ажлын албанаас Чингисийн талбайн гэрэлтүүлгийг 2009 онд шинэчилж байсан. Тухайн үед, 2000 онд суурилуулсан 18 гэрэлтүүлгийг нийслэлийн 370 жилийн ойн хүрээнд сольсон бөгөөд 80 сая төгрөг зарцуулсан юм. Тэгвэл талбайн гэрэлтүүлгийг өчигдрөөс дахин сольж эхлэв. Энэ нь иргэдэд тийм ч таатай санагдахгүй байгаа бөгөөд “Дөрөвхөн жилийн өмнө 80 сая төгрөгөөр шинэчилсэн гэрэлтүүлгүүдийг дахин солих ямар ч шаардлага байхгүй. Хэн нэгний бизнесийг дэмжиж байгаа бас нэгэн луйвар” хэмээн тус талбайд жижиглэнгийн худалдаа эрхлэгч, түргэн зургийн үйлчилгээ үзүүлдэг иргэд хэлж байлаа.
Британий IM Power компанитай хамтран Шивээ-Овоод цахилгаан станц барихаар боллоо
Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд ноён Уильям Хэйг айлчиллаа Гадаад харилцааны сайд Л.Болдын  урилгаар ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд ноён Уильям Хэйг энэ сарын 14-15-нд Монгол Улсад албан ёсоор айлчиллаа. Энэхүү айлчлал нь Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Малколм Рифкиндын 1996 онд Монгол Улсад хийсэн айлчлалаас хойш 17 жилийн дараа хэрэгжсэн өндөр хэмжээний айлчлал бөгөөд Монгол, Британий хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм. Айлчлалын үеэр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар илэн далангуй санал солилцлоо. Мөн сайд У.Хэйг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхсан. Хэлэлцээний үеэр манай улс Британи Улстай хамтын ажиллагаагаа тодорхой чиглэлүүдээр түлхүү хөгжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Тухайлбал, уул уурхай, олон улсын санхүүгийн харилцаа, дэд бүтцийн салбарт хамтран ажиллахын сацуу олон улсын тавцан дээр харилцан бие биеэ дэмжих бодлого баримтлахаар болов. Түүнчлэн Британи Улсын, тэр дундаа Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд У.Хэйгийн дэвшүүлсэн “Хямралын үеийн бэлгийн хүчирхийллийн эсрэг санаачилга”-ыг манай улс дэмжиж байгааг албан ёсоор мэдэгдэв. "Шивээ-Овоо"-д цахилгаан станц барина Айлчлалын үеэр Санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам хоорондын “Чевнингийн сургалтын тэтгэлгийн түншлэлийн тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг” болон “Шивээ-Овоо нүүрсний уурхайд түшиглэн цахилгаан станц барих асуудлаар Эрдэнэс МГЛ ХК, Британий IM Power компанийн хооронд Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т айлчлалын үеэр тус тус гарын үсэг зурлаа. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү айлчлалаар бид хоёр орны улс төрийн харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон бусад салбарын харилцааг өргөжүүлэх зорилт, арга зам, хэтийн төлвийг тодорхойлсон юм.
Дэлхий дээрх долларын саятнуудын тоо 11.7 саяд хүрчээ
Дэлхий дээрх долларын саятнуудын тоо 11.7 саяд хүрчээ Капиталист системд баял­гийг шударга бусаар хуваа­рилдгийг хэн ч мэднэ.  Үүнд ямар ч шинэлэг зүйл байх­гүй. Бас орчин үеийн ертөнцөд капитализм нь эдийн засаг, нийгмийн цо­рын ганц систем хэвээр үлд­сэнд ч гайхах зүйл үгүй.  Дэлхий дээр секунд тутамд шинэ саятнууд төрдөг гэх. Шинэ баячууд “мэндлэх” нь эдийн засгийн мөчлөгтэй холбоотой бөгөөд хямралын дараа санхүү, эдийн засгийн өсөлт гарч, тэдгээрийн гэрч нь бид болдог билээ.  Өнөөдөр дэлхий дээр дол­ларын саятнууд хэд бай­на вэ. Тэд яаж ийнхүү бая­жив. Тэдний үндэс, угсаа яаж өөрчлөгдөж байна вэ. Фран­цын “Capgemini”, “Merrill Lynch Wealth Management” консалтинг компаниас жил бүр явуулдаг “World Wealth Report” тайлан тоо­цоог унш­санаар та эдгээр асуул­тын хариултыг багахан ч болов авч чадна.  Саятнуудын хувьсал  Дэлхий дээрх саятнуудын тоо 2008 онд эрс буурснаасаа хойш өдгөө рекорд түвшиндээ хүртэл нэмэгджээ.  2008 онд АНУ-д ипо­те­кийн хямрал нүүр­лэхэд дэл­хий дээр 8.56 сая хүн нэг сая ам.доллараас дээш хө­рөн­гөтэй хэмээн тоологдож байсан. Тэгвэл дөрвөн жи­лийн дараа энэ тоо 11.97 сая болтлоо өсчээ. Энэ бол бараг 40 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.  Эдгээрийн 31 хувь буюу 3.73 сая нь АНУ-д харьяа­лалтай бол Хятадад 3.68, Европт 3.41 сая хүн баячуудын тоонд орж байна. Ла­тин Америк 520 мянган саятнаар дөрөвдүгээрт, Ойрх Дорнод 490 мянгаар тав­дугаарт бичигдэж байгаа бол хамгийн сүүлийн байрыг Африк тивийнхэн 140 мян­ган саятнаар мушгижээ. Эндээс харахад АНУ-д хамгийн олон саятан амьдар­даг, тэдний хувьцааны нийт өртөг 12.7 их наяд ам.­дол­ларт хүрч байгаа нь тус улсын ноёрхлыг дахин ба­талж байна. Азийнхны “ал­тан түрийвчтэнүүд”-ийн хөрөн­гө 12.02 их ная­даар үнэлэгдэж байгаа бол Ев­ропын саятнуудын нийт хөрөнгө 10.9 их наяд ам.дол­ларын үнэд хүрэх аж.  Хэрхэн баяжих вэ “World Wealth Report” барим­таас үзэхэд их хэм­жээ­ний мөнгө олох хам­­гийн хурдан арга бол хувийн биз­нестэй болох гэдэг нь харагдаж байна. Дэл­хийн саят­нуудын 37 хувь нь ху­вийн үйлдвэр, компа­ниуд­тай аж.  Мөн саятнуудын 24 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлж, хөрөнгө мөнгө ху­римтлуулсан бол 18 хувь нь Уоррен Баффетын нэрлэснээр “Азтай сперматозоидын клуб”-ийнхэн юм. Энэ бол өв залгамжилж баяжсан хү­мүүс.  Түүнчлэн 10 хувь нь хөрөнгө оруулалтаар баяж­сан бол ес орчим хувь нь ашигтай хувьцаа худалдан авч, хүүгээр нь амьдардаг саят­нууд гэнэ. Үүнээс гадна хоёр хувь нь тодорхойгүй за­маар баяжсан байдаг аж.  Эндээс үзэхэд овсгоо, самбаатай хүмүүс л дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч болдог байх нь.  Саятнууд санхүүгийн ямар хэрэгслийг сонгодог вэ Саятнуудын 29 хувь нь мөнгөө Засгийн газрын бо­лон төрийн бус компанийн үнэт цаас болгон хадгалахыг илүүд үздэг. Ингэснээр орло­гын тодорхой хувийг хүр­тээд, үрэх юм уу ашигтай биз­нест хөрөнгө оруулаад суух боломж бүрддэг байна.  Тэгвэл 25 орчим хувь нь биржээр арилжаалагдаж буй хувийн компаниудын хувьцаанд хөрөнгө оруулдаг аж. Бас хуучинсаг үзэлтэй, чинээлэг хүмүүс ч бий. Саят­нуудын 21 хувийг бүр­дүүл­дэг тэд мөнгөө бэл­нээр хад­галах буюу бан­кинд бо­гино хугацаанд байршуул­даг гэ­нэ.  Харин саятнуудын до­лоон хувь нь адреналин хэрэглэдэг шиг санхүүгийн эрс­дэлтэй үйл ажиллагаанд хөрөнгө оруулах замаар амьдар­даг байна.  Бас нэгэн сонирхолтой баримт дурдахад хятадууд дэлхийн хөрөнгийг “өөртөө шингээх” нь нэмэгдэж байна. 2008 оноос хойш Ази-Номхон далайн бүсэд саятнуудын тоо 53 хувиар өссөнийг үүнийг гэрчилнэ. Энэ эрчээрээ явбал тун удахгүй АНУ-ыг гүйцэх бололтой.  Гэхдээ нөгөө талаас нь үзэхэд “алтан түрийвч­тэнүүд” ихэвчлэн мөнгөө бодит эдийн засагт бус, сан­хүүгийн пирамид босгоход ашиглаж байгаа нь дэлхийн олон орны эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Үүний хор хохирлыг тайл­барлахын тулд АНУ-д үүс­сэн ипотекийн хямрал дэл­хийн эдийн засагт хэрхэн нөлөөлс­нийг санахад л хангалттай.  Үүнээс гадна бүс нутгийн эдийн засгийн хөгжилд тэгш бус хандлага нэмэгдэж байгаа нь геополитикийн дарамтыг уламж нэмэгдүүлж байна. Ялангуяа энэ нь Ойрх Дорнод, Африкт ажиглагдаж байгаа аж. Хөгжилтэй ор­нууд эдийн засгийн ашиг сонирх­лоо хамгаалахын тулд цэргийн хүч хэрэглэж, тэмц­лийг улам гааруулж байна.
Англи хэлний улсын аварга шалгаруулна
Монголд анх удаа англи хэлний улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тэмцээнийг ирэх сарын 23-нд зохион байгуулах бөгөөд эхний таван байрт шалгарсан хүмүүсийг АНУ-ын их дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлэгээр суралцуулах аж. Энэхүү тэмцээнийг Боловсрол, шинжлэх ухааны яам, АНУ-н элчин сайдын яам, “Peace Corps”, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбоо, Хүүхдийн төлөө газар, Монголын тэтгэлэгт оюутан залуучуудын солилцооны үндэсний төв хамтран зохион байгуулах юм байна.
О.Баасанхүү: Төр 150 мянган байгаль сүйтгэгчийг зохицуулах чадалтай байх ёстой
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа. Тэрээр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн гишүүн юм. Ажлын хэсгийнхэн орон нутагт ажиллаж хуулийн хэрэгжилттэй танилцаад иржээ. О.Баасанхүү: Сайн ноён хан Т.Намнансүрэн хэмээх анхны бөгөөд түүхэн Ерөнхий сайдын унаган нутгийг устгаж байгааг нь хараад сүнс нь тайван амрахгүй болов уу гэж бодогдсон. Тэр нутгийг дахин ашиглана гэж ярилтгүй. Мянганы гамшиг гэж тэр л байх. -Та урт нэртэй хуулийн хэрэгжилттэй танилцахаар хөдөө ажилласан гэсэн. Аль аймгуудаар яваад ирэв? -Ажлын хэсэг байгуулж, газар дээр нь очиж танилцахаар болсон шалтгааныг  эхлээд хэлэх нь зөв байх. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх Журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэтэл иргэний хөдөлгөөнийхөн галт зэвсэг болон тэсэрч дэлбэрэх бодис ашиглан үймээн дэгдээсэн. Тухайн үед байнгын хороон дээр Ажлын хэсэг байгуулж Д.Арвин гишүүн ахалсан. Тэр өдөр нь ажлын хэсэг гэнэт хуралдаж шийдвэр гаргасан. Энэ асуудлаас болоод манай МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдсан. Асуудлыг ийм түргэн шуурхай, хэт яаран шийдэж, ээлжит бус чуулганаар хэлэлцэж болохгүй гэж манай бүлэг ярилцсан юм. Мөн ажлын хэсэгт орсон манай бүлгийн гишүүн  Д.Батцогт ч бүлгийн хуралдаанд тодорхой байр суурь илэрхийлээгүй учир шинэчилсэн ажлын хэсэг байгуулах нь зөв гэж ярилцсан. Ингээд ээлжит бус чуулганаар энэ асуудлыг шийдэх  боломжгүй гэж үзээд бүлгийн зүгээс УИХ-ын даргад албан бичиг өргөн барьсан. Түүнд урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх Журмын тухай хуулийг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар намайг томилж, өргөтгөсөн ажлын хэсэг байгуулах санал оруулсан. Энэ саналыг УИХ-ын дарга зөвшөөрч захирамж гаргасан юм. Нэгэнт захирамж гарсан тул хэд хэдэн газар руу явахаар болж, ажлын хэсгийн гишүүд гурван хэсэгт хуваагдсан. Нэг хэсэг нь Дорнод, Хэнтий, нөгөөх нь Төв аймгийн Заамар болон Сэлэнгэ явсан. Манай баг Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгаар яваад ирлээ. Тодруулбал, Архангайн Цэнхэр сум, Баянхонгорын Бөмбөгөр сум, Өвөрхангайн Уянга сумаар 2500 км зам  туулж газар дээр нь очиж нөхцөл байдлыг судлаад ирлээ. -УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг гэсэн үг үү? -Өмнө нь байнгын хороон дээр байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулаагүй, харин намайг нэмсэн юм. -Ажлын хэсгийн ахлагч нь хэн юм бэ? -Д.Арвин гишүүн. Тэрээр  бүрэн эрхийнхээ хүрээнд ажлын хэсэг ахалсан нь сайн хэрэг. Гэхдээ бушуу туулай борвиндоо баастай гэж үг бий. Түүнийг хэтэрхий яаруу, тэвдүү сандруу байгаад нь би шүүмжлэлтэй хандаж байгаа. Газар дээр нь очиход хуульч хүний хувьд санаа зовоосон, судлах шаардлагатай том асуудал байсан. -Танайх урт нэртэй хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэг биз дээ. Журмын хуулийн өөрчлөлттэй хамаагүй юм биш үү? -Уг нь тийм юм шиг байна лээ. Миний ойлгосноор, Д.Арвин гишүүний өгч байгаа чиглэл, нөхцөл байдлыг харахаар Журмын тухай хуультай холбоотой юм шиг байна. 20 жил ашигласан алтны ордыг хаагаад хэрэггүй ч гэх шиг. Байгалийн сүйрлээс үл хамааран ашиглах ёстой гэх мэт байр суурь илэрхийлсэн. Тухайн үед бид үзэл бодол зөрсөн. Би хувьдаа хуулийн хэрэгжилт ямар төвшинд байгаад дүгнэлт хийх юм байна гэж бодож байсан. Харамсалтай нь Журмын тухай хуулийг батлах гэсэн бэлтгэл ажил явж байна гэсэн санаа зовсон. -Тантай хамт явсан гишүүд хэн бэ? -Д.Арвин гишүүн бид хоёр хамт явсан. -Та хоёрын очсон газар олны анхааралд байдаг, сүйдсэн газар. Тэндэхийн одоогийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? -Сайн ч, муу ч зүйл байна, үл ойлголцол ч байсан. Тухайлбал, Гурванбулаг суманд иргэд нь бухимдсан, тэнд ажиллаж байгаа компани нь ч бухимдалтай хоёр талд хүнд байна. Хууль зүйн талаас нь гаргалгааг сайн хэлж өгсөн. Тэгээд асуудлыг хоёр талаас хүлээцтэй авч үзэж байсан. Баянхонгорын Бөмбөгөр суманд тухайн үед алт ухаад голын хажууд маш сайн нөхөн сэргээлт хийсэн компанитай таарсан. Мөн сэтгэл гаргаагүй, аймшигтай болгочихсон, дур зоргоороо авирладаг олон үйлдэлтэй таарлаа. Ялангуяа Өвөрхангайн Уянга сум арай даварчихжээ. Арга бараад ингэж хэллээ. Өвөрхангайн сонгогчдын итгэлийг авч байсан З.Энхболд дарга, Д.Зоригт, Г.Батхүү, Д.Лүндээжанцан яасан бэ, юу хийж байна вэ. 20 жил болсон асуудал шүү дээ. Би ирээд Г.Батхүү гишүүнтэй уулзаад, тэнд юу болоод байна вэ гэж ярилцсан. Тэрээр зовлонгоо ярьсан. Тэрээр “Тэнд алтыг нь ухаад мафижсан, манайхыг дэмжихгүй бол эсрэг санал өгнө шүү гэх мэтээр хэлдэг гэсэн. Гэвч би нааштай зүйл ярьдаг” гэж байна лээ. Уянга сумын Өлт, Бөөрөлжүүт гэдэг газар үнэхээр нүд хальтирмаар байна. Бөөрөлжүүтэд 11 компани ажиллаж байна. Гурван компани 11 хоногийн өмнө очиж ухсан байна. Үлдсэн найм нь гурван жил гаруй тэнд суужээ. Гурван компанийг хөөж туухын тулд ажиллаж байгаа гэнэ. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой учраас 11 компанид бүгдэд нь хариуцлага тооцох ёстой. Өлтийг ч тэр, Бөөрөлжүүтэд ч тэр нөхөн сэргээлт хийж хууль хэрэгжүүлэх ёстой. Нөхөн сэргээлт гайгүй хийсэн ганц нэг компанийг хараад журмын тухай хууль гарвал зүгээр юм уу даа гэж бодож байлаа. Гэвч Өлт, Бөөрөлжүүтийг хараад би сэтгэлээр унасан. Үнэхээр аймаар. Нөхдүүд өмнөөс 15 мянган нинжагаар сүрдүүлээд байгаа юм. Төр хүсвэл 15 мянга байтугай 150 мянган байгаль сүйтгэгчийг зохицуулах чадалтай, эрх мэдэлтэй байх ёстой. Сайн ноён хан Т.Намнансүрэн хэмээх анхны бөгөөд түүхэн Ерөнхий сайдын унаган нутгийг устгаж байгааг нь хараад Ерөнхий сайдын сүнс тайван амрахгүй болов уу гэж бодогдсон. Тэр нутгийг дахин ашиглана гэж ярилтгүй. Мянганы гамшиг гэж тэр л байх. -Ийм нөхцөл байдлыг яаж өөрчлөх вэ. Ажлын хэсэг ямар арга хэмжээ авах юм бэ? -Ажлын хэсэг удахгүй хуралдаж дүгнэлт гаргаж асуудлыг шийдэх болов уу гэж найдаж байна. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх Журмын тухай хуулиас өмнө таван асуудлыг судлах ёстой гэж би үзэж байгаа. -Ямар таван асуудал вэ? -Нэгдүгээрт, нөхөн сэргээлт хийж болох уу, үгүй юү. Болно гэвэл урсаж байсан ус, ургаж байсан мод, ногоо анхны хэлбэртээ орж чадах уу гэдэгт дүгнэлт гаргах ёстой. Хоёрдугаарт, урт нэртэй хууль баталчихсан байхад дураараа ухаж, хулгайлсан алтаа Монголбанкинд тушаах гэхээр хулгайн юм авахгүй гэж лицензтэй компанид хямдхан худалддаг. Тэр үйлдлийг алга болгохын тулд Алтны ил тод байдлын тухай хууль, Журмын тухай хууль гарах гээд байна уу гэдгийг дүгнэх учиртай. Гуравдугаарт, үүнд ашиг сонирхлын зөрчил байна уу гэдгийг судлах ёстой. Ажлын хэсгийг яагаад яаравчлаад байна вэ. Яагаад маргааш л энэ хуулийг гаргахгүй бол нөгөөдөр Монгол Улс сүйрэх юм шиг яриад байна вэ. Хэний компани, хаана, хэний санхүүжилтээр, аль сонгуулиар хэнд мөнгө өгч байсан бэ гэдэгт нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, цаашид уул устай, байгальтайгаа байх уу гэдэг өнөөдөр маш чухал. Тэгэхээр нөхөн сэргээлтийн урьдчилсан данстай болгож, орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх ёстой. Тэгэхдээ орон нутгийн эрх мэдлийг нэмлээ гээд алтны компанитайгаа нийлж алтаа ухдаг биш, харин нөхөн сэргээлтийг нь хийдэг, араас нь явдаг, зүрх сэтгэлээсээ ажилладаг удирдлагуудад эрх мэдлийг нь өгөөд ард түмэнд ил тод болгох ёстой. Тавдугаарт, энэ хууль хэрэгжих нөхцөл байна уу. Нөхөн сэргээлт хийгээгүй бол хэнд ч нөхөн төлбөр өгөхгүй гэсэн хууль бий. Гэтэл нөхөн сэргээлт хийгээгүй хэрнээ нөхөн төлбөрийн тоо хэмжээг олон нийтэд зарлаж, тунхаглаж, түүнийг нь төр төлж чадахгүй мэт сүрдүүлсэн байдлаар энэ хуулийг батлах нь уу, эсвэл үнэхээр нөхөн сэргээлт хийчихээд мөнгөө авъя гэтэл төр мөнгийг нь төлж чадахгүй байна уу гэдгийн ялгааг гаргаж өгөх ёстой юм. Энэ таван шалтгааныг ил тод болгож байж Журмын тухай хуулийг ярих ёстой. -Өвөрхангайн Уянга суманд ажилладаг алтны компаниуд, сүйдсэн газар нутаг аймшигтай болсныг олон жил ярьсан шүү дээ. Одоо хэн энэ байдлаас аврах юм бэ? -Зохицуулж болно. Гэвч сэтгэл байхгүй. -Хэнд сэтгэл дутаж байна вэ. Орон нутгийн иргэд, удирдлагууд уу, УИХ-д сонгогдсон гишүүд нь үү, төр үү? -Тэнд байгаа орон нутгийн удирдлагууд болоод хуулийн байгууллагуудад, тэндээс сонгогдсон гишүүдэд нь ч сэтгэл байхгүй. Сэтгэл гаргавал амархан асуудал. Алт байна уу, үгүй юү гэдгийг хэн ч мэдэхгүй. Байдаг гэсэн хийсвэр яриа л бий. 20 жил ухлаа, одоо болсон юм биш үү. Нөгөө талаас нь авч үзвэл байгалийг анх сүйрүүлсэн этгээдүүдэд хариуцлага тооцмоор юм билээ. Ц.Мянганбаяр, Б.Эрдэнэбат гээд энэ ажлыг эхлүүлсэн нөхөд бий. Хариуцлага тооцдог гарцыг хуульд хийх ёстой. Байгальд туслан гүйцэтгэгч гэж компани байдаггүй. Би байгаль сүйтгэсэн бол би л нөхөн сэргээх ёстой. Тэгэхээр үндсэн хариуцлага нь толгой компанид заавал байдаг зохицуулалт хуульд байх учиртай. Байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөхөн сэргээх, онгон хэвээр нь авч үлдэх асуудлыг шийдэж чадалгүйгээр урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх Журмын тухай хуулийг яриад хэрэггүй. -Тэгээд ухаж сэндийлсэн, ус ургамалгүй газар хэвээрээ байх гэж үү. Цаашид яах юм бэ? -Алт, уран, төмөр юу ч байна хойч үеийнхээ өмнөөс эдэлж байгаа гэдгээ бид хэзээ ч мартаж болохгүй. Хойч үе маань гарч ирээд хэрэглэх гэхээр юу ч байхгүй. Тэднийг усгүй газар, модгүй шороон дээр мутацийн өөрчлөлттэй амьдар гэх үү.  Ингэж бид хойш үе рүүгээ нулимж болохгүй. Өнөөдөр бидний хэн нь ч турж үхэх гээгүй байна. Тэгэхээр хойч үе ямар байх бол гэдгийг үргэлж бодож явах учиртай. Энэ утгаараа би энэ асуудалд нухацтай хандаж байгаа. -Тэгээд асуудал нь юунд байна вэ. Хуульд цоорхой бий юү? -Асуудал  нь хуульд биш хүнд, компанид, эздийнх нь, тухайн орон нутгийн удирдлагын сэтгэлд л байгаа юм. Тэд өнөөдөр Монгол Улс сүйрэх нь гол биш, мөнгө олж халаасаа түнтийлгэх нь чухал юм шиг санагдсан. Голын хажууд алт ухахаар гол тасарчихсандаа биш, сэтгэл гаргаад технолигоор нь янзлаад цэвэрлээд явчихсан бол говьд ч гэсэн ургамал мод тарьж болдог юм байна. Гэтэл өнөөдөр гол дотор алтаа угаагаад сууж байна. Эсвэл хар хөрсөө газар булчихдаг компани таарсан. Зарим нь чадлараа ажиллаж байгаа ч технологи нь арай гүйцэхгүй байна лээ. -Тэнд төрийн түшээд очлоо. Та бүхэн шаардлага тавьсан л байх. Өмнөөс чинь юу гэж байх юм бэ? -20 жил ужгирсан хорт хавдрыг хоёр өдрийн ажлын шалгалтаар өөрчлөхгүй. Бид дэс дараатай нэлээд явна. Иргэний хөдөлгөөнийхөнтэй ч нийлнэ. Одооноос хүмүүс хэлж л байна. Тэр байтугай ажлын хэсэгт орсон хүмүүсийн ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдээлэл гаргаж өгнө гэсэн. Тэр бүхнийг судалж байгаа. Н.Энхбаяр дарга нэг удаа Ц.Нямдоржтой муудахдаа “Би энэ хүний матсаныг өдөр болгон сануулна. Би үхээгүй байна” гэж хэлсэн. Тэр хүн одоо ч амьд байгаа. Түүн шиг амныхаа зоргоор аль дуртайгаа яриад, алт мөнгийг нь ухна гэж зарим хүн хөөцөлдөж байгаа бол горьдсоны чинь гарз. Бүлэглэл, бодлого,зорилгыг нь мэддэг хүмүүсийн олонхи нь амьд сэрүүн байгаа шүү. -Журмын тухай хуулийг ээлжит бус чуулганаар баталчихсан бол яана. Эх орноо боддог гишүүд олон байсан болоод хойшлуулж чадсан уу? -Парламентын засаглалтын давуу тал энэ. Баян хүн улам баяждаг хууль гаргахаар бүх баян нойр нь хүрэхгүйгээр мөнгөний төлөө улайран янз бүрийн лобби хийгээд явж байгаа. Доод болон дунд, сэхээтнүүд нэгдэж үргэлж сигналдаж явах учиртай. Тэгж байж Монгол Улс хойч үедээ анхаарч чадна. “Алт” хөтөлбөр батлагдсанаас хойш хоногт мянган лиценз өгч байсан гэж Д.Арвин гишүүн хэлж байна лээ. Түүнийг Авлигатай тэмцэх газарт өгөөгүй болохоор тэрээр шударга гишүүн биш гэж бодсон. Хэрэв хоногт 1000 лиценз тарааж байсан юм бол эх оронч бус хүмүүсээс болоод Монголын байгаль сүйрчихлээ. Одоо бид засъя, зүтгэе, ярьцгаая. Хоёр жил ч болтугай хариуцлагатай ажиллая. Хууль өөрчлөх гэж яарахгүй, бүх талын үгийг сонсъё, булагдсан гол мөрнийг очиж үзье, буудаад байгаа иргэний хөдөлгөөнийхөн, алтны компанитай нь уулзъя, орон нутгийн иргэдийг сонсъё гэж манай эвлийн бүлэг дээр шударга ярилцаж, УИХ-д шахалт үзүүлсний ачаар энэ асуудлыг хойшлуулж чадсан.