title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
Х.Болорчулуун: Оюутолгойн луйврын гэрээг яаралтай өөрчилмөөр байна
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Та өнгөрсөн саруудад тойрогтоо очиж ажиллаад ирсэн гэсэн. Танай нутгаар сонин юу байна. Засаг даргагүй явсаар байна уу. Зарим хүн ч Засаг дарга болохоор ил, далдаар өөрсдийгөө хэвлэлээр зарлаж байх шиг байна? -Хаврын чуулган дуусаад нутаг орондоо амрах, ажиллах хослуулан зуны гурван сарыг өнгөрөөлөө. Аймгийнхаа сумдаар бүтэн тойрч дуусаагүй байна. Намрын чуулганы дундуур сумдаар явна даа. Манай аймаг Засаг даргагүй, ИТХ нь хуралдаагүй, бүтэн нэг жил өнгөрлөө.  Энэ үед Засаг даргын төлөө өрсөлдөнө гэдгээ аймгийн АН-ын дарга н.Цэрэнчимэг, “Хаан брой”-н С.Отгонбаатар нар хэвлэл мэдээллээр зарлаж байна билээ. Хэн нь ч Дорнодод ажиллаж, сурч байсан. Угсаа гарвал нь ч манай нутагтай холбоотой, юм бүтээх эрч энергитэй хүмүүс гэж боддог. Хүн бүрийн санаанд таарах төгс төгөлдөр хүн гэж байхгүй болохоор олонхиороо нэгдэж ИТХ хуралдуулж чадахгүй удлаа. Ер нь аймгийн Засаг даргыг хурлын төлөөлөгч сонгодог бус эрх барих намын Ерөнхий сайд шууд томилдог, эсвэл ард олны санал хураалтаар сонгодог бол илүү дээр санагдана. -Дорнод Засаг дарга­гүй удсан нь шүүхийн маргаантай холбоотой юу? -Орон нутгийн сонгуулийн дараа ИТХ-ын анхны хуралдаанаар МАН-ын дарга М.Бадамсүрэнг Засаг даргаар сонгосон байдаг. Гэвч үүнийг нь Ерөнхий сайд батламжлаагүй учраас гурван шатны шүүхээр маргаан үүссэн. Эцэст нь Ерөнхий сайдын талд эцэслэн шийдэгдлээ. М.Бадамсүрэн унах болсон шалтгаан нь аймгийн Засаг дарга болох хүн төрд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой гэсэн шалгуурыг хангаагүй бололтой юм. -Та ээлжит бус чуулганд яагаад суусангүй вэ. Тойргийн ажлаа тэргүүнд тавьсан хэрэг үү? -Ээлжит бус чуулганд суусан. Харин нээлтэд нь оролцож амжаагүй. Тойргийнхоо Халхгол, Матад суманд ажиллаж байгаад тэр. Магадгүй тойргийн ажлаа илүүд үзсэн шиг болчихлоо. Гэхдээ ээлжит бус хурал гэж сүртэй зарлаад дөрвөн хууль оруулаад нэгийг нь ч хугацаандаа баталсангүй шүү дээ. -Та төр түшихээс гадна тариа буудай тарьдаг шүү дээ. Энэ жил хэдий хэмжээнд тариа хураах төлөвтэй байна даа? -Би өөрөө агрономич мэргэжилтэй. Дээд сургуулиа төгсөөд л төрж өссөн нутаг орондоо мэргэжилтэйгээ холбоотой аж ахуй, бизнес голлон эрхлэж ирсэн. Миний өсч өндийлгөсөн, ажиллаж байсан “Дорнод гурил” компани нутаг орноо экологийн цэвэр хүнсээр хангадаг аж ахуй бизнесийн байгууллага. Энэ жил мянга, мянган тонн үр тариа, төмс хураан авсан. Ерөнхийдөө ургац сайн байгаа. Хийж сурсан ажил тогтсон үйлдвэрлэлийг ажилсаг чамбай, итгэлтэй хамт олон сайн авч явна. Миний хувьд санаа зовж оролцоод байх шаардлага байдаггүй. -Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд ямар дүгнэлт өгч байна. Богино хугацаанд хямралаас гарах ямар гарц байгаа бол? -Монголын эдийн зас­гийн өнөөгийн байдал сайнгүй байгаа гэдгийг бүгд мэдэж, ойлгож байгаа. Ялангуяа экспортынх нь 80 хувь уул уурхайгаас хамааралтай бас импортын хэрэглээтэй улс учраас эдийн засгийн өнөөгийн чадавхи сайн биш байна. Дэлхий дахинд ашигт малтмалын үнэ 20-50 хувь уначихлаа. Ер нь уул уурхайг хэт шүтэх нь улс орны эдийн засаг дах халуурал юм шүү дээ. Нөгөө шар будаатай халуун цай уугаад цэрэгт толгой нүцгэн мордлоо гэдэг шиг юм. Уул уурхай, байгалийн баялаг хөгжлийн гол зам биш. Энэ бол улс орныг хөгжүүлэх гарааны их тэсрэлт олгож чадах, үүн дээрээ үндэслэн бусад салбараа хөгжүүлэх их хүч, энергийн эх үүсвэр гэж л боддог. Бид бүсээ чангалан байж үрэлгэн хэрэглээнийхээ импортыг хазаарлаж багасгах нь хамгийн чухал. Импортоор үндсэндээ таван хувийн татваргүй шахам орж ирэх барааныхаа импортын татвар босгыг өндөрсгөе. Тэгж байж Монголдоо хийж байсан, хийж чадах бүх зүйлийн салбарын үйлдвэрлэл сэргээх боломжтой. Ингэснээр гадагшаа урсаж байсан валютын их урсгал татарна шүү дээ. Сонгуулийн дараахь хоёр жилд л хийхгүй бол дорвитой өөрчлөлт шинэчлэлт гарч чадахгүй. Засгийн газраас ч улс төрийн зориг шаардана. -Засгийн газраас төсөвт тодотгол хийх хуулийн төсөл оруулж ирж байна. Төсвийн тодотголын талаар юу хэлэх вэ? -Энэ жилийн төсөвт суусан хийх ажлуудаас тендер нь зарлагдаагүй хойшилсон зэрэг янз бүрийн шалтгаанаар гэрээ хийгдээгүй ажил байна. Энэ  ажлуудын мөнгөн дүнгийн хэмжээ олон зуун тэрбумаар хэмжигдэж таарч байгаа. Манай орны тааламжтай улирлын хугацаа ч дуусч байна. Иймд энэ бүхнийг төсвийн тодотголоор шийдвэрлэж зохицуулах нь зөв.  Тэгээд ч валютын нөөц бага энэ үед төсөвт суусан боловч нэн түрүүнд тулгамдаад байхгүй ажлуудыг төсөвт тодотгол хийх замаар эдийн засгийн хэмнэлт гаргах нь зөв гэж бодож байна. -Саяхан Хөрөнгө оруулалтын тухай хууль баталлаа. Та татварын хөнгөлөлтийг модон байлгаж болохгүй. Энэ бол цаг үеэ дагаад өөрчлөгдөж байдаг зүйл гэсэн. Таны бодлоор энэ хууль хэр зэрэг сайн болов? -Манайд татварын орчин савалгаатай явж ирсэн. Хөрөнгө оруу­лалтын орчин тогтвортой байвал гадна, дотны бизнес эрхлэгчид сэтгэл санаа амгалан байх учиртай. Тиймээс УИХ-аас аж ахуйн нэгжийн орлогын, НӨАТ, гаалийн, байгалийн нөөц ашигласны зэрэг дөрвөн нэр төрлийн гол татварыг бүс нутаг, хөрөнгө оруулалтын хэмжээнээс нь шалтгаалан 15 хүртэлх жилийн хугацаанд татварын тогтворжилтын батламж, гэрчилгээ олгохоор боллоо. Энэ хуулийг зөв зүйтэй цаг үеэ олсон сайн хууль болсон гэж дүгнэмээр байна. Олон улсад ч гэсэн цөөхөн төрлийн гол татварыг тогтворжуулдаг. Ер нь татвар гэдэг нийгмийн хөгжлийн дагуу цаг үетэйгээ хэлбэлзэн нэмэгдэж, хасагдаж  байдаг зүйл. Бусад гол бус татвар шимтгэлийг  модон байлгаж болохгүй гэсэн санаагаа хэлж байсан юм. -Уул уурхайн талаар хүчтэй байр сууриа илэрхийлдэг гишүүний нэг нь та. Өдгөө урт нэртэй хуулийн дагалдах журамд өөрчлөлт оруулах ёстой гэж улстөрчид хэлэх боллоо? -Урт нэртэй хууль байгаль орчин сүйтгэхийг зогсоох тал дээр ашиг тусаа өгсөн ч зарим талдаа ариун цагаан хөдөлмөрөөрөө зүтгэж байсан бизнесмэнүүдэд төрийн хуулийн төмөр нударга болсон. Нэгэнт А лиценз өгсөн бол гол мөрөн урсац бүрэлдэх ай саваас бусад газрынхыг бол ашиглуулах нь зөв. Тэр дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл дэх гол уснаас 200 метрээс хол зайд ашиглаж болно гэдэг бол арай хэтэрнэ. -Оюутолгойн гэрээний талаар УИХ-аас УИХ дамжин олон ч гишүүн шүүмжлэн ярьж ирлээ. Энэ цаг үед ч гэсэн гэрээг өөрчлөх ёстой гэж байгаа? -Яагаад энэ гэрээний талаар Монголын эх оронч эрдэмтэд болон УИХ-ын гишүүд олон жил ярьж шүүмжилдэг гэхээр энэ бол цэвэр луйврын гэрээ болсон юм. Тэр нь ч аргагүй. Угаасаа Монголыг төлөөлж гэрээнд оролцсон Засгийн газрын сайд нар хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз”-ын Фрийдланд, манай Засгийн газарт хөрөнгө оруулалтын гэрээний талаар зөвлөгөө өгч байсан “Голдмен Сакс” компани зэрэг нь гурвуулаа нэг тал, ашиг сонирхлын холбоотой байхад Монгол Улс Монголын ард түмэнд хохиролтой гэрээ болох нь ойлгомжтой шүү дээ. Зөвлөгч “Голдмен Сакс” нь Оюутолгойд хөрөнгө оруулагчийн хувьцаа эзэмшдэг байсан нь хожим илэрсэн. Энэ гэрээг нягтлан уншихад үнэхээр харуусал төрдгөө нуух юун. Оюутолгойн орд Эрдэнэтээс хэд дахин том, нэг шоо метрт агуулагдах зэс нь 3-4 дахин их. Өөрөөр хэлбэл, цул зэс, алт мөнгөний дэлхийн хэмжээний эрдэнэсийн том орд. Гэтэл энэ бүхэн Монголынх гэхээсээ хөрөнгө оруулагчийн олсон юм. Монгол Улс 34 хувийг нь гуйн байж тэднээс 1,8 миллиард доллараар худалдан авч байна. Говьд ус алтнаас үнэтэй. Гэтэл хөрөнгө оруулагчийн өөрийн хөрөнгөөр олсон ус гэж гэрээн дээр бичсэн байгаа. Тэр усыг үндсэндээ үнэгүй ашиглаж, харин бусдад бол зардал шингээсэн үнээр худалдах жишээтэй. Оюутолгойд татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг хүссэнээр нь эдлүүлсэн. Ганц жишээ хэлэхэд, байгалийн нөөц ашигласны татвар буюу роялтийг таван хувиар 30 жилийн хугацаатай тогтоосон. Гэтэл адилхан зэсийн үйлдвэр Эрдэнэт өнөөдөр 13 хувиар роялти төлж байна. Бид олон улс, тэр тусмаа хөршүүдтэйгээ эдийн засгийн тал дээр шударга тэгш харьцаж байж улс төрийн дэмжлэг, хамтын ажиллагааг хүсэх эрх хангагдана шүү дээ. Хөрөнгө оруулагчийн хүсэлтээр зэсийн үнийн өсөлтийн 68 хувийн  татварыг тэглэсэн. Тухайн үед УИХ-ын дарга байсан Д.Дэмбэрэл “68 хувийн татварыг тэглэлээ. Харин орлуулах татварыг тавина шүү” гэж өсөн нэмэгдэх роялти татварыг тави­хаар болсон ч харамсалтай нь эсрэгээрээ эргэсэн. Энэ бүхэн нь ч санамсаргүй хэрэг огтхон ч биш. Засгийн газар гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийн энэ үед Оюутолгойгоос Эрдэнэттэй адил өсөн нэмэгдэх роялти  тат­варыг авч байхаар өөрч­лөлт оруулах нь шударга ёс төдийгүй Монголын эрх ашигт нийцэх болно. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн луйврын гэрээг яаралтай өөрчлөх ёстой. -Та томоотой гишүү­дийн нэг боллоо. Ялангуяа, АН-ыг даган баясах гишүүн гэж дүгнэх хүн олон бий? -Унаган чанар маань томоотой тал руугаа юм шүү дээ. Ялангуяа УИХ-д орж ирэхээс өмнө сонин хэвлэл, реклам сурталчилгаанаас зай барьж ирснээ нуугаад яах вэ. Зөвхөн хийж бүтээх үйлдлээрээ нутагтаа, түмэн олондоо танигддаг байсан болов уу. Ямар сайндаа бие даан нэр дэвшихээ зарлах үед л анх удаа студийн эфирт орж, хэвлэлийн хурал хийлгэж байсан шүү. УИХ-ын гишүүн болно гэдэг тэр амьдралын дадал хэвшлээ өөрчилж, хийсэн болоод хийх ажлаа олонд ойлгуулах, таниулах, сур­талчлах зайлшгүй зүй тогтоцтой юм даа. Харин АН-ын тухайд олон жилийн дараа УИХ-д олонх болж засаг төрийг бүрдүүллээ. Сөрөг хүчний зүгээс Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, огцруулах санал шаардлага тавьж байсан боловч бие даагч гишүүд бид ганц жил ч болоогүй Засгийн газраа унагах нь зарим улстөрчдөд хэрэгтэй болохоос биш улс оронд хохиролтой гэсэн байр суурь баримталсан. Харин өнгөрсөн Засгийн газраас өөрцгүй ажиллаж, улс орны язгуур эрх ашгийг умартваас хасах  кноп дарах л болно.
Спикерт 22.9 сая, Ерөнхий сайдад 118 саяыг хуваарилжээ
Сайд, дарга нар ирэх онд хэдэн төгрөг зарцуулах тухай урьдчилсан тооцоо rapчээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 онд зарцуулах зардлын хэмжээг Төсвийн тухай хуульд тусгадаг. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан сайд, дарга нарын ирэх жилийн төсвийн багцыг танилцуулж байна. Нийт 34 төсвийн ерөнхийлөн захирагчаас Сангийн сайд болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад хамгийн их буюу нэг тэрбум гаруй төгрөг хуваарилагджээ. Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарт дор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосон байна. д/д Төсвийн еренхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/ 1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын гззрын дарга 9,651.8   Урсгал зардал 9,611.8   Хөрөнгийн зардал 40.0 2. Монгол Улсын Их Хурлын дарга 22,931.3   Урсгал зардал 19,073.5   Хөрөнгийн зардал 3,857.8 3. Монгол Улсын Үндсэн хуулийн ирцийн дарга 2,657.3   Урсгал зардал 804.8   Хөрөнгийн зардал 1,852.6 4. Улсын дзэд шүүхийн ерөнхий шүүгч 2,868.0   Урсгал зардал 2,868.0 5 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 46,433.9   Урсгал зардал 46,433.9 6. Хүний эрхийн үндэсний комиссын дарга 1,007.5   Урсгал зардал 902.5   Хөрөнгийн зардал 105.0 7. Улсын ерөнхий прокуpop 24,432.2   Урсгал зардал 18,282.2   Хөрөнгийн зардал 6.150.0 8. Үидэсний аюулгүй байдльн зөвлөлийн нарийн бичгийн дарга 2,238.1   Урсгал зардал 1,740.2   Хөрөнгийн зардал 497.9 9. Монгол Улсын Ерөнхий аудитор 3,852.5   Урсгал зардал 2,790.3   Хөрөнгийн зардал 1,062 2 10. Авлигатай тэмцэх газрын дарга 14,931.5   Урсгал зардал 11,287.7   Хөрөнгийн зардал 3,643.8 11. Санхүүгийн зохицуулах хорооны дарга 3,618.6   Урсгал зардал 2,964.4   Хөрөнгийн ззрдал 654.2 12 Төрийн албаны зөвлөлийн дарга 1,187.0   Урсгал зардал 822.1   Хөрөнгийн зардал 364.9 13. Үндэсний статистикийн хорооны даpra 14,997.8   Урсгал зардал 9,279.9   Хөрөнгийн ззрдал 5,239.5   Гадаад төслийн зээлээс санхүүжих зардал 478.4 14. Сонгуулийн ерөнхий хорооны дарга 928.2   Урсгал зардал 898.2   Хөрөнгийн зардал 30.0 15. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга 980.5   Урсгал зардал 932.5   Хөрөнгийн ззрдал 48.0 16. Монгол Улсын Ерөнхий Сайд 118,147.2   Урсгал зардал 68.283.0   Хөрөнгийн зардал 49,864.2 17. Монгол Улсын Шадар сайд 133,279.8   Урсгал зардал 86,914.6   Хөрөнгийн зардал 46,365.2 18. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 22,515.5   Урсгал зардал 16,548.2   Хөрөнгийн зардал 5,967.3 19. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 78,509.4   Урсгал зардал 65,360.7   Хөрөнгийн зардал 13,148.7 20. Гадаад харилцааны сайд 52,836.9   Урсгал зардал 44,976.9   Хөрөнгийн зардал 7,860.0 21. Сангийн сайд 1,834,026.6   Урсгал зардал 984.600.6   Дотоод эх үүсвэрээс олгох зээл 34,734.7   Хөрөнгийн зардал 13,571.0   Гадаад төслийн зээлээс санхүүжих зардал 28,526.6   Засгийн газрын үнэт цаасны үндсэн төлбөрт 544,839,8   Засгийн газрын гадаад төслийн зээлийн үндсэн төлбөрт 128,962.4   Засгийн газрын дотоод зээлийн үндсэн төлбөрт 98,791.5 22. Хууль зүйн сайд 414,108.3   Урсгал зардал 361.448 2   Хөрөнгийн зардал 52660.1 23. Барилга, хот байгуулалтын сайд 125,919.0   Урсгал зардал 13,897.5   Үүнээс:  Газрын харилцаа, кадастрын тусгай зориулалтын шилжүүлэг 6,994.7   Хөрөнгийн зардал 80,498.1   Гадаад төслийн зээлээс санхүүжих зардал 31,523.4 24. Батлан хамгаалахын сайд 190,994.9   Урсгал зардал 161,664.5   Хөрөнгийн зардал 29,330.4 25. Боловсрол, шинжлэх ухааны сайд 1,170,753.8   Урсгал зардал 947,190.3   Үүнээс:  716,348.2   Сургуулийн өмнөх боловсролын тусгай зориулалтын шилжүүлэг 214,183.4   Ерөнхий боловсролын тусгай зориулалтын шилжүүлэг 502,164.8   Дотоод эх үүсвэрээс олгох эээл 12,137.2   Хөрөнгийн зардал 197,790.6   Гадаад төслийн зээлээс санхүүжих зардал 13,635.7 26. Зам тээврийн сайд 288,404.1   Урсгал зардал 20,284.4   Хөрөнгийн зардал 99,500.0   Гадаад төслийн зээлээс санхүүжих зардал 168,619.7 27. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд 168,000.5   Урсгал зардал 82,826.8   Үүнээс: 48,010.1   Соёлын үйлчилгээний тусгай зориулалтын шилжүүлэг 38,599.0   Нийгмийн биеийн тамирын тусгай зориулалтын шилжүүлэг 145.4   Соел, нийтийн биеийн тамирын тусгай зориулалтын шилжүүлэг 9,265.7   Хөрөнгийн зардал 85,173.7 28. Уул, уурхайн сайд 25,393.3   Урсгал зардал 11,377.6   Хөрөнгийн зардал 14,015.7 29. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд 201,206.9   Урсгал зардал 128,852.8   Дотоод эх үүсвэрээс олгох зээл 1500.0   Хөрөнгийн зардал 67,244.5   Гадаад төслийн зээлээс санхүүжих зардал 3,609.6 30. Хөдөлмөрийн сайд 236,166.5   Урсгал зардал 173,409.9   Дотоод эх үүсвэрээс олгох зээл 28,000.0   Хөрөнгийн зардал 34,757.0 31. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 444,917.6   Урсгал зардал 414,917.7   Үүнээс: Хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээний тусгай зориулалтын шилжүүлэг 6,226 3   Хөрөнгийн зардал 30,000.0 32. Эдийн засгийн хөгжлийн сайд 58,434.1   Урсгал зардал 9,126.9   Хөрөнгийн зардал 49,307.2 33. Эрүүл мэндийн сайд 583,093.0   Урсгал зардал 448,064.7   Үүнээс: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тусгай зориулалтын шилжүүлэг 91,853.1   Хөрөнгийн зардал 106.995.8   Гадаад төслийн зээлээс санхүүжих зардал 25,022.5 34. Эрчим хүчний сайд 212,642.0   Урсгал зардал 36,065.6   Хөрөнгийн зардал 158.021.3   Гадаад төслийн зээлээс санхүүжих зардал 18,555.1
Хятадууд Төвөд рүү дахин халдав
Төвөдийн Биру тосгонд болсон мөргөлдөөн “Азийн дуу хоолой” радио­гийн мэдээлснээр Хятадын цагдаа нар Төвөд иргэдтэй ширүүн мөргөлдөж, 60 гаруй хүн бэртэж, хоёр хүн амиа алджээ. Төвөдийн Биру тосгонд болсон тус мөргөлдөөнийг Хятадын цагдаа нарын ёс зүйгүй байдлаас үүдэлтэй хэ­мээн “Төвөдийн эрх чө­­лөө” бүлгэмийнхэн цахим ертөнцөд зарласан байна. Харин БНХАУ-ын “Синьхуа” агентлагт “Төвөд босогчид жагсаал зохион байгуулж, эцэс­тээ тэмцлийн хурц хэл­­­б­эрийг сонгосон учир хуулийнхан эмх замбараагүй байдлыг таслан зогсоосон” гэв.  Хэдийгээр Хятадын хэвлэлүүд иймэрхүү утгатай мэдээлэл цацаж байгаа ч Төвөдөд үйл ажиллагаа явуулдаг барууны зарим сэтгүүлчид болсон үйл явдлын талаар арай өөр өнцгөөр дүгнэжээ. Тухайлбал, цагдаа нар Биру тосгонд дэглэм тогтоохоор оролдож эхлэх үед төвөд иргэд эсэргүүцсэн. Улмаар хятад цэргүүд галт зэвсэг ашиглаж, нөхцөл байдлыг хүндрүүлсэн” гэжээ. Өнгөрсөн есдүгээр сард Төвөдөд хоёр ч удаа үймээн дэгдсэн бөгөөд БНХАУ-ын төрийн далбааг шатаасан гэх шалтгаанаар цагдаагийнхан иргэд рүү гал нээжээ.
Байгаль хамгаалах сарын аяны нээлт болов
БОНХЯ жил бүрийн есдүгээр сарын сүүлийн долоо хоногоос Байгаль хамгаалах сарын аяныг зохион байгуулдаг. Энэ жилийн аяны нээлт өнөөдөр Чингисийн талбайд болсон.   Өдөрлөгийн нээж, БОНХ-ийн Дэд Сайд Б.Тулга сарын аяны хүрээнд хийгдэх ажлын талаар мэдээлсэн. Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр ба хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгсан юм. Өдөрлөгөөр иргэд, байгууллагад мэргэжлийн зөвлөгөө өгч, зарим байгууллагад гэрчилгээ гардуулав.  Тухайлбал, байгаль орчны үнэлгээ хийлгэхэд бүрдүүлэх материалын жагсаалтыг авч болохоос гадна химийн бодисын тусгай зөвшөөрөл авах журмыг танилцуулж, байгалийн нөөц ан амьтан, ургамал, нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрх олгох, ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын талаар мэдээллээ. Түүнчлэн иргэдийн анхаарлын төвд байдаг тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж болон судалгаа шинжилгээ, аялал жуулчлалын зориулалтаар хүсэлт гаргах талаар зөвлөгөө өгөх, уул уурхайн компаниудад байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулах болон орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн талаарх мэдээллийг иргэдэд өгсөн юм. Мөн Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Завхан аймаг дахь салбар зөвлөлийн дарга Н.Тэгштөр мэдээлэл өгснөөс гадна эко сургуулиудаас “Амгалан цогцолбор” төлөөлөл болон оролцсон бол БОНХЯ-ны харьяа газрууд болох Цаг уур, орчны шинжилгээний газар, “Ойн судалгаа, хөгжлийн төв” ТӨҮГ, “Монгол ус” ТӨҮГ-ууд өөрсдийн ажлаа танилцуулсан билээ. Аяны хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн Засаг дарга нарт “Ногоон хөгжил-бидний ирээдүй” уриа бүхий БОНХЯ-ны тугийг Сайдын албан даалгаварын хамт гардуулан өгсөн.
Олимпийн гудамжинд ус зайлуулах шугам нэмж барихаар болжээ
Олимпийн гудамж Нийслэлд уржигдар орсон усархаг борооны улмаас Олимпийн гудамж буюу ГХЯ-ны баруун талаар ЗЦГ-ын уулзвар хүртэлх зам дээр их хэмжээний ус тогтсон. Харин тогтсон усыг Улаанбаатар нэгтгэлээс машинаар соруулж авсан юм. Энэ жил замыг шинэчлэхдээ ус зайлуулах шугам хийгээгүй, зөвхөн хучилтын ажил гүйцэтгэсэн юм байна. Уг замын борооны ус зайлуулах шугамын ажлыг 2011 онд Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017-р анги гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Зэт Эй Ди” ХХК-ийн хийсэн зураг төслийн дагуу замын баруун талаар 700 метр урт борооны ус зайлуулах шугам, 36 худаг барьсан аж. Гэсэн хэдий ч усархаг борооны ачаалал даахгүй байгаагаас ирэх онд уг замын зүүн талд ус зайлуулах шугам барихаар төлөвлөжээ.
Хандив нэхсэн сургуулийг АТГ-аас шалгаж эхэллээ
Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн 5а ангийн багш Б.Бадамжүгдэр сурагчдаасаа хандив нэхэж, зүй бусаар авирлан сургуулиас нь хөөжээ. Уг асуудлыг АТГ-аас шалгахаар болсон талаар тус газрын эх сурвалж мэдээллээ. Төрийн байгууллага, албан тушаалтнуудын хууль бусаар хандив нэхсэн, авсантай холбоотой гомдлыг АТГ шалгах хуулийн зохицуулалт байдаг бөгөөд энэ дагуу 79 дүгээр сургуулийн холбогдох албан тушаалтнуудыг шалгахаар болсон аж.
Хилийн манаанд явсан ахлагч тархиндаа хүнд гэмтэл авчээ
Баян-Өлгий аймаг дахь хилийн 0165 дугаар ангийн ахлах ахлагч Ү.Раднаасамбуу өнгөрсөн даваа гаригт хилийн манаанд гарч байгаад морь нь бусгаснаас унаж тархиндаа хүнд гэмтэл авчээ. Түүнтэй хамт хилийн манаанд гарч байсан алба хаагчид яаралтай застав, отряддаа мэдэгдсэн байна. 0165 дугаар ангийн удирдлага ХХЕГ-т болсон явдлын талаар мэдэгдсэнээр тус газраас шуурхай арга хэмжээ авч мягмар гаригийн шөнө Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн (БХХСАХНЭ) мэс заслын эмч Т.Сүхбаатар, Д.Нямдорж нар нисдэг тэргээр Баян-Өлгий аймгийг зорьжээ.  Тэд 01.00 цагийн үед тус аймагт очиж, 02.00-05.00 цагийн хооронд Ү.Раднаасамбууд мэс засал хийснээр амийг нь аварч чадсан байна. Өдгөө ахлах ахлагч Ү.Раднаасамбуугийн бие харьцангуй сайжирч байгаа гэж БХХСАХНЭ-ийн эх сурвалж мэдээллээ.
Цалингаа нэмээгүй бол хариуцлага тооцно
Цалингаа нэмээгүй бол хариуцлага тооцно Тун чихэнд чимэгтэй мэдээлэл сонсогдох болов. Ажил хийсэн хүн амаа тослохын тулд цалин авдаг нь хууль. Тэгвэл амьдралын гол хэрэгцээ болсон цалин, мөнгө маань бага ч болтугай нэмэгдэх сурагтай.  Шинэчлэлийн Зас­гийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн жил гаруйн хугацаанд цалин, тэтгэвэр нэмэлгүй явсаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өнгөрсөн сарын 1-нээс эхлэн 36.7 хувиар нэмэгдүүлж, 192 мянган төгрөг болгосон. Гэсэн ч төрийн болон хувийн хэвшлийн ихэнх байгууллага одоо хүртэл ажилчдынхаа доод цалинг нэмээгүй бай­гаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа л бол энэ тогтоолыг заавал мөрдөх ёстой. Зөрчсөн тохиолдолд ШӨХТГ-аар дамжуулан ха­риуцлага тооцох тухай яригдаад эхэлж.  Өнгөрсөн долоон сарын байдлаар 15-аас дээш насны нэг сая гурван зуун мянга гаруй хүн ямар нэгэн ажил эрхэлдэг тооцоо гарсан байсан. Тэгвэл тэдний сарын дундаж цалин нь 692.3 мянган төгрөг байж.  Өнөөдөр цалин авч амьд­ралаа залгуулж бай­гаа хүмүүсээс хамгийн бо­ломжийн цалинг төрийн албан хаагчид авч байгаа. Тэдний цалин дунджаар 800 мянган төгрөг орчимд эргэлдэж байгаа.  Харин хувийн хэвшлийн хувьд байдал өөр. Өнгөрсөн зур­гаадугаар сараас эхлээд бүх төрлийн хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн. 220 төгрөг байсан өндөг өнөөдөр 350 төгрөг болсон нь үүний хамгийн энгийн жишээ. Хоол хүнс, өмсөх зүүхээ зохицуулах аядаж явтал тооцоолж байгаагүй санхүүгийн ши­­нэ дарамт ар араасаа цув­­рах болсон. 150 квт хүртэл цахилгаан ашигладаг айл өрх бүр нэг квт-д 79 төгрөг төлдөг Жишээ нь Эрчим хүчний зохицуулах хо­рооноос хийсэн цахилгаан, дулааны үнэ тарифын шинэ зохицуулалтыг өнгөрсөн найм­дугаар сараас мөрдөж эхэлсэн. Энэхүү шинэ зохи­цу­улалтаар НӨАТ ороогүй дүнгээр, 150 квт хүртэл цахилгаан ашигладаг айл өрх бүр нэг квт-д 79 төгрөг, 150 квт-аас илүү хэрэглээтэй айл өрх бол 96 төгрөгийг нэмэн төлж байгаа.  Харин дулааны үнийн тухайд, амьдран суу­гаа байр, байшингийн мкв-ын хэмжээнээс хамаарч 3-10 мянган төгрөгийн суурь хураамж буюу 40 м.кв тал­байд оршин суудаг өрх 3.000 төгрөг, 40-80 м.кв бол 5.000 төгрөг, 80 м.кв-аас дээш бол 10 мянган төгрөгийн суурь хураамжийг сар бүр төлөх болсон.  Бензин шатахууны үнэ бүр ч барьцгүй болсон. Нэг өглөө босоод ирэхэд л 50 төгрөгөөр нэмчихээд “авбал ав, байвал бай” гээд зогсоцгоож байгаа. Гэтэл өдөр ирэх тусам үнийн са­валгаанд өртөж байгаа өнөөдрийн амьдралд хам­гийн их нухлагдаж байгаа хүмүүс бол хувь, хувьсгалын алинд нь ч хамаардаггүй завсрын байгууллагад ажил­ладаг хүмүүс юм. 600 мянгаас 800 мянгын хооронд цалин авч ар гэрээ авч явах гэж түүртэж яваа тэдний магнайг оноос өмнө тэнийлгэж магадгүй болоод явчихлаа.  Учир нь албан байгуул­лагууд хүс­­сэн хүсээгүй ца­лингаа нэ­мэхгүй бол ШӨХТГ-т хов хүргэж болох нь. Түүнээс гадна Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэ­лэлцээрт заасны дагуу бу­сад бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, ард иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, орлогыг хамгаалж ажиллах бодлогыг баримтлах үүднээс 2014 оны улсын төсөвт цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 40 ху­виар нэмэгдүүлэх саналыг Засгийн газарт МҮЭХ хүр­­гүүлж, цаашид энэ чиг­лэлээр тууштай ажиллана гэдгээ мэдэгдсэнийг дурдах хэрэгтэй. Удахгүй цалин нэмэгдэх л ёстой.
Намын бүлгүүд ээлжит бусаар хуралдав
УИХ дахь МАН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хуралджээ УИХ дахь МАН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгүүд өчигдөр ээлжит бусаар хуралджээ. Ийнхүү ээлжит бус хуралдаан зарлах болсон шалтгаан нь өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асууддуудтай холбоотой аж. МАН-ын хувьд Засгийн газраас өргөн барьсан 2014 оны улсын төсвийн төсөлд бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн гэнэ. Өнгөрсөн даваа гаригт дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэрээ МАН-ын бүлэг ирэх жилийнхээс урьтаж энэ оны төсөвт тодотгол хийх хэрэгтэй гэж байсан юм. Мөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх ёстой гэж байлаа. 2013 оны төсвийн орлого төвлөрүүлэлт тасалдаж 1.5 их наядаар дутсан тул 2014 оны нэгдсэн төсвииг хэлэлцэхиин өмнө өмнөх оныхоо төсвийн тасалдлын шалтгаан, зардал хэмнэх талд Засгийн газар хэрхэн ажиллах зэргийг нэлээд бодитой болгож байж хэлэлцэх ёстой гэх байр суурь барьж байсан ч өчигдөр ийнхүү ирэх оны төсвийг дахин хэлэлцэж эхлээд байна. Харин “Шударга ёс” эвслийн хувьд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын асуудлаар Төвбанкны удирддагуудаас мэдээлэл авсан байна. Төвбанкнаас мэдээлж байгаагаар 2014 оны мөнгөний бодлогоор санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, хадгалах, эдийн засгийн бодит секторыг мөнгөний боддоготой уялдуулж дэмжих зорилттой байгаа аж. Харин дунд хугацааны буюу 2015-2016 оны зорилтоор инфляцийг долоон хувиас хэтрүүлэхгүй байх гэнэ.
Эрээний Улаан дэнлүүний гудамж Монгол охидоор дүүрчээ
Монгол охидоор "гоёсон" Эрээн хот Охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж ашиг олдог Улаан дэнлүүний гудамж хэмээх биеэ үнэлэгчдийн газар Эрээн хотод байна. БНХАУ чанга хатуу хуультай ч эмсийн хүрээлэнгээ төдийлөн хянаж цагдаад байдаггүй бололтой юм.  Засаг захиргаа нь ч бодлогоор эмсийн хүрээлэнгээ дэмждэг гэх яриа ч олны дунд байх аж. Тиймээс наймаачдын хөлд дарагдсан  Эрээн хотоос энэ удаагийнхаа сурвалжлагыг хийв.   Тэр дундаа монгол охидын биеэ үнэлж, хэд гурван төгрөг олдог гэх  “Улаан дэнлүүний гудамж”-наас  сонин хачинаас сонжив. Энд  хамгийн ашиг орлоготой, гүйлгээ сайтай бараа нь “Монгол охид” гэдгийг таксины жолоочоос эхлээд хүн бүр хэлэх аж. Киноноос л үздэг байсан үйл явдал та бидний амьдрал дунд бий болоод уджээ.   Хүний наймаа, биеэ үнэлэлт, архидалт гээд  элдэв бусармаг зүйл гарын арван хуруунд ч багтахаа больж.  Тэр дундаа хоёр их гүрний дунд оршдог манай улсын хувьд сайныг дагасан саар асуудал мундахгүй. Өмнөд хөршид хүний наймааны золиос болж,  хүчээр биеэ үнэлж байгаа охид, бүсгүйчүүд ч  цөөнгүй байна.   Энэ бүхнийг нүдээр үзэж, чихээр сонсох боломжийг  Монголын Улаан загалмайн нийгэмлэг, ХӨСҮТ-ийнхөн олгосон юм. Дээрх хоёр байгууллага энэ удаа НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй ХДХВ, ДОХ-ын эсрэг сурталчилгааны аян өрнүүлж, Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд-Эрээн гэсэн чиглэлд ажиллаад ирлээ. Эрээн хотод биеэ үнэлдэг монгол охидын тоо зуны улиралд 300 хүрдэг гэсэн албан бус тоо байдаг Монгол охидоор "гоёсон" Эрээн хот Эрээн хотод биеэ үнэлдэг монгол охидын тоо  зуны улиралд 300  хүрдэг гэсэн албан бус тоо байдаг аж.  Харин тус хот дахь Монгол Улсын Консулын мэргэжилтний хэлж буйгаар одоогоор 150 орчим монгол бүсгүй байдаг гэнэ.  Өмнө нь  “Улаан дэнлүүний гудамж” гэж сургийг нь сонсож, телевизээр харж байснаас нүдээр үзэж байсангүй.  Харин энэ удаад өөрөө очиж үзэв.  Эрээн хотод очсон эхний өдрөө багийнхаа гурван хүнтэй нийлэн монгол охидын биеэ үнэлдэг газрын зүг явлаа.  Таксины жолоочоос асуухад “Манайд ийм нэртэй гурван гудамж бий. Бээжин чао, Да Хүрээ, Колумб гэх газар монгол охид нэлээд  бий. Монгол охидууд ч ажилдаа сайн” гэв. Тиймээс таксины жолооч ахаар зүг заалган Няннин чао гудамжинд эхлээд  очив.                  Том шилэн цонхны цаана бүүдгэр гэрэл асч охидууд тамхи татан, нүүрээ будаж хийх ажилгүй мэт сэлгүүцнэ. Бид  монгол охидтой уулзаж яагаад энд ирсэн, цаашид юу хийх хүсэлтэй байдаг, Монгол руугаа буцах бодолтой эсэхийг нь асуухаар төлөвлөж байсан ч очоод төлөвлөгөөгөө өөрчлөв.   Тэднийг зарж ашиг олдог гэх  өвөрмонгол эзэдтэй уулзаж ярилцмаар санагдлаа. Тэдний амьдардаг газрыг “Гэр” гэх аж. Охидын цалин пүнлүүг асууж сонирхвол “Нэг удаад 100, хоногоор бол 300 юаниар биеэ үнэлдэг” гэдгийг  таксины жолооч ах бидэнд хэлэв. "Туршлагагүй ч чи сурна, мөнгө хэрэгтэй бол надаас зээл" Эрээн хот дахь монгол охидын амьдрал “үүрэн” дотроо хэрхэн өрнөдөг болохыг нүдээр үзэх хүсэл төрөв. Тиймээс хэн нэгэнтэй хэрхэн яриа үүсгэж, биеэ үнэлэгч охидын байр руу орох боломжийг эрж хайв.  Тэгээд тамхи татах гэж буй хүн болж үүдэнд зогсох эгч рүү дөхлөө. “Гал байна уу эгч ээ. Тамхи асаачихаад өгье”. “Байгаа байгаа. Ороод ир” гэв. Дотогш яваад ортол бүүдийсэн гэрэлтэй, чийг даасан, тамхины нэвширсэн үнэр хамар цоргив.  Эндэхийн өрөөнүүд бүгд  цаанаа л нэг хөндий хоосон. Ийш тийш харахыг минь анзаарсан уу,  нөгөө эгч “Энд ямар хэргээр явна” гэж асууснаар бид хоёр цөөн хором ярилцлаа.  -Би өнөөдөр ирсэн юм, газар сайн мэдэхгүй. Хийх ажил хайгаад энэ тэрхнийг сонирхож явна. Танайд ажил байгаа болов уу? -Байгаа байгаа, чи  манайд ажиллаж болно.  Манай гэр хамгийн сайн нь. Энд  гурван монгол охин ажилладаг юм. Мэдээж, чамд мөнгө хэрэг болж байгаа байх. Хэрэгтэй гэвэл чи  надаас зээлээд гэрлүүгээ явуул. Чи хэдийг зээлэх үү, 10-20  мянган юань зээлээд явуулж болно. Дараа нь  ажиллаад л  төлчихнө биз. -Эндэхийн монгол охид хаана амьдардаг юм бэ, амьдрах орчин нь хэр тухтай юм бол? -Дээр өрөө байгаа. Тэнд ажлаа хийгээд амарна. Чи дээшээ гарч үзэх үү? -Өрөөнүүд нь бүгд ийм харанхуй юм уу, гэрэл гэгээ муутай юм аа. Энд ажиллаад өдөрт хэдэн төгрөг авах вэ?/Харанхуй хөндий хүйтэн өрөөнүүд угтав.  Жижигхэн өрөөнд хоёр орноос өөр юу ч алга.  Агаар орох цонх бүү хэл нүх сүв ч алга/. -Чи хэр сайн ажиллана түүнээсээ болно. Нэг удаагийн ажил 100 юань, хоногоор бол 300 юань. Гэхдээ хоногоор явахдаа тэндээ хонохгүй. Хоёр цаг л болно. Чи шөнө ажиллаад өдөр нь амарна. Одоохондоо чамд зоос байхгүй бол надаас зээлээд шинэ хувцас аваад өмс. Чи тэгээд ажиллах юм уу? -Би сайн шийдээгүй байна, эргэлзээд болдоггүй. Энд гол төлөв ямар хүмүүс орж ирдэг юм бэ? -Санаа зоволтгүй ээ, туршлагагүй гэж айх хэрэггүй. Чи сурна. Эгч нь охидуудаа согтуу хүнд өгч явуулдаггүй юм. Согтуу хүн хэрэггүй. Хэрэв чи ямар нэгэн байдлаар асуудалд орвол эгч нь ар талыг нь даана. Тиймээс санаа зоволтгүй. Чи тэгээд ажиллах  юм уу? гэв. Охид худалддаг энэ бүсгүй энэ асуултаа дахин дахин асуух аж. “Би жаахан сандраад байна аа. Одоохондоо бэлтгэлгүй байгаа учраас хэсэг бодож байгаад ирье. Та надад утасны дугаараа өгчих” гэсээр  харанхуй, бөглүү тэр өрөөнөөс гарахын түүс болов.  Энэ үед  гаднаас хэсэг залуус орж ирлээ.   Бас л нөгөөх “Гуняа байна уу?” гэх дээрэлхүү дуу хадна.  Нэлээд биерхүү бас хөрөнгөтэй гэмээр өвөрмонгол залуу хэдэн монгол залуу дагуулжээ.  Тэгсэн нөгөө эгч “Байна аа байна. Манайд шинэ охин ирсэн. Нэг ч ажилд гараагүй байгаа шүү” гэж байна.  Тэгсэн нөгөө залуучууд над руу ээлжлээд их сүрхий харж байна аа.  Тэгснээ над руу зааснаа дэлгүүрээс бараа авч байгаа юм шиг “Энэ охиныг авъя” гэв.  Тэгсэн нэг монгол залуу нь “Хятад  гуняа үзье л дээ”  гэж хэлснээр би “аврагдаж” нөгөө хэдэн залуу хажуугийн гэр лүү оров.  Энэ үед нь “Би маргааш тан руу ярья. Би “...........” зочид буудалд байрлаж байгаа. Та надад утасныхаа дугаарыг өгчих” гэж хэлээд  үүд рүү яарав. Тэр эгчийг Сарнай гэдэг бөгөөд намайг гаран гартал “Манай гэр хамгийн сайн нь шүү. Эгч нь чиний бүх асуудлыг зохицуулна” гэсээр  ард хоцров. Эрээн хотын улааны гудамжны нэг үдшийн амьдралын нэгхэн хэсэг нь иймэрхүү. Бид энэ тухай сурвалжлагаа хүргэлжлүүлэн хүргэх болно.
Н.Энхбаярыг баривчилсан хүмүүсийг МАХН-ынхан зүгээр орхихгүй нь
Н.Энхбаярыг баривчилсан хүмүүсийг МАХН-ынхан зүгээр орхихгүй ХЭҮК-т тун сонин гэмээр гомдол ирсэн аж. Тодруулбал, МАХН-ын дарга, экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг АТГ-аас баривчлахдаа хүний эрхийг зөрчсөн, мөн УИХ-ын гишүүний биед халдсан зэргээр эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенци болон  Монгол Улсын хуулийн  тодорхой заалтуудыг зөрчлөө гэсэн гомдол иржээ. Энэхүү гомдлыг хүлээн авсан Хүний эрхийн үндэсний комиссынхон УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжүүлжээ. Тус байгууллага нь гомдол хүлээн авдаг ч мөрдөн байцаалтын явцыг шалгах эрхгүй тул Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн аж.  Тус баривчлах үйл ажиллагааны үеэр цагдаа хүчнийхэн хүний эрхэнд халдсан гэх асуудлыг мөн баривчилгаанд оролцсон цагдаа хүчний байгууллагын ажилтнуудын нэрсийг гаргаж өгөх, УИХ-ын гишүүний халдашгүй эрхэд халдсан хүмүүст хариуцлага тооцож өгөхийг хүссэн байна.  Энэ асуудлаар мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж эхэлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, Мөрдөн байцаах газраас хариуг нь өгөөгүй ч МАХН-ын үнэнч гишүүд энэ асуудлыг зүгээр орхихгүй нь ээ.
“Үйлдвэр технологийн парк"-ийн ажлыг эрчимжүүлнэ
Үйлдвэр технологийн парк Нийслэлийн  алслагдсан дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх, Шинэ суурьшлын бүс /Эмээлт/-д “Үйлдвэр технологийн парк” барихаар болсон. Шинээр баригдах энэхүү паркт байрлах үйлдвэрлэлийн салбаруудын үндсэн чиглэлийг  шинэчлэн тодорхойлж, барьж байгуулах ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан байна.  Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллах аж. Тэрбээр паркад байрлах үйлдвэрлэлийн салбаруудын үндсэн чиглэл, бэлтгэл ажлын төлөвлөгөөг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ.
Цахим ертөнцийн амьд бай
Эрүүл мэндийн дэд сайд    Ж.Амарсанаа Эрүүл мэндийн салбар ойрын үед асуудал ихтэй байгаа. Тухайлбал нярайн эндэгдэл зэрэг олон асуудал захаасаа авахуулаад л хөвөрч байна.  Харин энэ үед Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа саяхан “Монгол” телевизийн нэвт­­рүү­лэгт зочноор орсон.  Уг нэвт­рүүл­гийн бич­лэг цахим ертөнцөд ца­цагдсанаар ёстой л хэрэг мандах нь тэр. Учир нь сэтгүүлч, дэд сайд хоёрын хооронд ширүүхэн ха­рилцан яриа өрнөж, хэн хэ­нийхээ дууг давах гэсэн 10 минут өнгөрсөн. Тэгвэл уг бичлэгийг үзсэн иргэд дэд сайдыг “Согтуу байна. Ийм хүн яаж сайд болдог байна аа. Салбарынхаа асуудлыг ерөөсөө мэддэггүй юм байна” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлж байна.  Хэрвээ дэд сайд буудлагын зурвасын бай байсан бол аль хэдийнэ зайгүй шүршүүлчихсэн байгаа.
Оюу толгойн асуудлыг хэрхэн шийдэх нь удахгүй тодорхой болно гэв
“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт /2013.10.10/ Олон жилийн турш орон нутагт зохион байгуулсан “Адуучин” тэмцээнийг улсын хэмжээнийх болголоо. Монгол бахархал болсон адууны соёл, адуучин залуусын эрдэм чадлыг гадаад, дотоодын жуулчдад сонирхуулахаар төлөвлөж Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж эхэллээ. Сар бүрийн хоёр дахь долоо хоногт зохион байгуулдаг “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт “Төсвөө шинэчилье” сэдвийн дор зохион байгуулсан. Засгийн газраас өргөн барьсан 2014 оны төсвийн төслийг УИХ хэлэлцэж асуулт хариулт өрнөж байна хэмээн “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтад Засгийн газрын тэргүүн өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудын талаар ярилаа. Монгол Улсын төсөв 2011 онд 2 их наяд төгрөгөөр огцом нэмэгдсэн. Үүнээс хойш төсвийн зарлага байнга  өсөж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар зүрх, сэтгэл гаргаж төсвөө буулгая, зардлаа багасгая гэж зорьж, зардлаа танасан төсөв өргөн барьсан. Ирэх онд 7,4 их наяд төгрөгийн зардал гарна гэсэн тооцоог хийсэн ч 7,2 их наяд буюу төлөвлөснөөсөө 200 тэрбум төгрөгийн хэмнэлттэй, төсвийн төслийг УИХ хэлэлцэж байна. 2013 оны төсөвт тодотгол хийх тухай хуулийн төслийг энэ өдрүүдэд УИХ-д өргөн барина. Төсвийн хөрөнгийг үрэн таран хийж байгаа үйлдэлд хэвлэлийнхнийг хяналт тавьж ажиллахыг зөвлөлөө Хан-Уул дүүрэгт баригдаж буй эмнэлийн барилга 17 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр эхэлсэн ч өнөөдөр 31 тэрбум төгрөг болчихоод байна. Зэргэлдээ гурван суманд сургууль барихад барилга тус бүр тэрбум төгрөгийн зөрүүтэй болжээ. Энэчлэн тэрбум төгрөгийн нарийвчлалтай болсон жишээ олон байна. Ийм замбараагүй байдлыг цэгцэлж, төсөв зардлаа хянах бололцоо байгаа. Хэвлэл мэдээллийнхэн төсвийн хөрөнгийг үрэн таран хийж байгаа ийм үйлдэлд хяналт тавьж ажиллахыг зөвлөлөө. Үүний дараагаар Ерөнхий сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Тэрбээр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын асуудлаар “Шүүхээр энэ асуудлыг шийднэ” гэсэн товч хариулт өглөө.   Мөн Оюутолгойн хэлэлцээр даваа гарагт Монголд үргэлжлэх байсан ч хаана, ямар хэлэлцээр болж байгаа нь мэдэгдэхгүй, мэдээлэл бүрхэг байгаа гэсэн асуултад “Энэ долоо хоногт уулзалт болохгүй. Ирэх долоо хоногийн эхээр Лондонгоос хэлэлцээр хийх хүмүүс ирнэ. Харин энэ долоо хоногт бэлтгэл ажил хангах хүмүүс ирсэн. Лондонд 30 асуудал шийдэх байснаас 15-ыг шийдсэн. Одоо үлдсэн асуудлыг хэрхэн шийдэх нь удахгүй тодорхой болно" гэв.  Өнгөрсөн долоо хоногт А.Мурат тэргүүтэй АН-ын гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж, ҮЗХ хуралдуулах товыг зарлахыг шаардсан. Энэ талаар Ерөнхий сайд жигүүрийн гишүүдтэй ойрын хугацаанд уулзаж, ярилцана гэлээ.
"Дотоодын компаниудын зах зээлд нэвтрэх саадыг арилгана"
ШӨХТГ, Худалдаа, аж үйлдвэрийн танхим 2013-2014 онд хамтран ажиллах гэрээг өнөөдөр үзэглэв. Уг гэрээг үзэглэснээр Монголын зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжин хөгжүүлэх, дотоодын компаниудын зах зээлд нэвтрэх саадыг арилгаж, үйл ажиллагааг нь өргөтгөх боломжоор хангаад зогсохгүй шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх гол алхам болно гэж Л.Ган-Өлзий дарга хэлсэн. Иймээс хоёр тал зайлшгүй хамтран ажиллах хэрэгтэй байгааг Танхимын орлогч дарга М.Оюунчимэг дурдав. Дашрамд дурдахад, дээрх хоёр байгууллага 2006, 2007 онд хамтран ажиллах гэрээ байгуулж байсан бөгөөд үр дүн сайтай ажилласан байна.   Танхимыг төлөөлөн орлогч дарга М.Оюунчимэг, ШӨХТГ-ыг төлөөлж Өрсөлдөөн зохицуулах хэлтсийн дарга Л.Ган-Өлзий нар оролцлоо.
Эрхүү мужийнхан бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийслэлчүүдэд дэлгэлээ
ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч Ерощенко Сергей Владимирович тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байгаа. Айлчлал өнөөдрөөс хоёр өдөр үргэлжлэх юм.  Энэхүү арга хэмжээний хүрээнд Эрхүү мужийн хөдөө аж ахуй, байгаль орчин, эрчим хүч, зам тээвэр, боловсрол, барилга байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн ХАҮТ-ын зааланд болж байгаа бөгөөд маргааш өндөрлөнө.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалт Үндсэн хууль зөрчжээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болж, иргэн Ц.Мөнхбатаас ирүүлсэн өргөдлийг хянан хэлэлцжээ. Тэрбээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсгийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн гомдол гаргасан аж. Уг заалтад “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно” гэсэн байдаг аж. Энэ нь шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний эрхийг зөрчсөн эсэх тухай маргаан үүсгэсэн байна. Иргэн Ц.Мөнхбатын үндэслэлийг Үндсэн хуулийн цэц ч дунд суудлын хуралдаанаараа нотолсон байна. Цэц Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн уг заалт нь шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний үндсэн эрхийг хязгаарлаж, шүүхийн шатанд процессын журам зөрчигдсөн, эсхүл тухайн шийдвэрийн үндэслэл буруу гарсан тохиолдолд дахин хянуулах боломжийг хаажээ хэмээн үзсэн аж. Өчигдөр болсон цэцийн хуралдаанд УИХ-ын нэрийн өмнөөс оролцож, байр суурийг нь хамгаалах байсан Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж хүндэтгэх шалтгаангүйгээр очоогүй гэнэ.
Машин угаадаг газруудад "үнэгүй" ус өгөхгүй
Ус сувгийн удирдах газар Нийслэлд ойролцоогоор 100 орчим автомашин угаалгын газар бий гэсэн албан бус тоо байдаг ажээ. Түүний 70 орчим хувь нь төвийн цэвэр, бохир усны шугамд холбогдсон бөгөөд бидний ундандаа хэрэглэдэг цэвэр усыг зөвшөөрөлгүйгээр авч машин угаадаг юм байна. Тэгвэл Ус сувгийн удирдах газраас энэ хууль бус үйлдлийг цэгцлэх ажлыг удахгүй эхлүүлэхээр болжээ. Тус газрын дарга С.Үнэнгийн өгүүлснээр энэ ажил удахгүй эхлэх бөгөөд одоохондоо аль газраас тооллого хийх, ямар арга хэмжээ авах нь эцэслэн шийдэгдээгүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ учирласан. Гэхдээ тэрбээр "Энэ асуудлыг даруйхан цэгцлэхгүй бол замбараагүй болж байна. Миний сонссоноор машин угаадаг 4548 авто угаалгын газар манайхтай гэрээтэй юм билээ" хэмээв. Бид энэ асуудлаар холбогдох хүмүүсээс асуусан бөгөөд хэрэв тус газрын авч хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ ажил хэрэг болбол нийслэлчүүд өдөрт ойролцоогоор 60 гаруй тонн цэвэр ус хэмнэж болох тухай онцолж байсан. Нийслэлд ойролцоогоор 100 орчим  автомашин угаалгын газар бий Учир нь нэг машин угаахад ойролцоогоор 30 орчим литр ус зарцуулдаг бөгөөд машин угаалгын газар өдөрт 20 орчим машин угаалаа гэхэд ойролцоогоор 600 орчим литр ус зарцуулж байгаа гэсэн үr ажээ. Тэгэхээр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй машин угаалгын 100 орчим газар өдөрт 60 мянган литр цэвэр ус хэрэглэдэг гэсэн үr юм байна. Усны мэргэжилтнүүдтэй уулзахад "2020 он гэхэд манай улс усаар гачигдаж мэднэ гэсэн судалгаа гарсан байна. Авто угаалгын газрууд өчнөөн тонн цэвэр усыг зүгээр л асгадаг. Ззрим нь төлбөр төлөхөөс зайлсхийдэг. Дээрх газрууд УСУГ-тзй гэрээ байгуулахдаа нэг шоо метр цэвэр усыг 231, бохир усыг 161 төгрөгөөр тооцон төлбөр төлдөг юм билээ. Энэ бол бага тоо" хэмээсэн юм. Иймээс УСУГ-ыг нэн даруй энэ ажлаа эхлүүлэх ёстой гэж байв.
Э.Бямбахишиг: Элэгний өвчинг эмчилгээний хоолоор анагааж болно
Яарч идэх хэрэггүй, хоолыг амарч, таашаал авч идэх хэрэгтэй. Ус, ундаа, жүүс, цайг хангалттай хэмжээгээр уу Орчин үед хоолны дэглэм барих уу эсвэл хүссэнээрээ идэх үү гэсэн хоёр асуултад хүмүүс янз бүрээр хариулсан байдаг. Гэтэл өвчин эмгэгийн ихэнх нь буруу хооллолт, идэвхигүй байдлаас шалтгаалж үүсдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс бид энэ удаа эрүүл зөв хооллолт болон эмчилгээний хоолны талаар Орхон аймгийн Уулын баяжуулах “Эрдэнэт ” сувиллын их эмч Ц. Бямбахишигтэй ярилцлаа. Тэрээр энэ чиглэлээр олон жил дагнан ажиллаж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагатай юм. -Бидний дунд хоол, ходоод хоёроо хайхардаггүй, юу тааралдсанаа идчихдэг хэнэггүй зантай хүн олон байдаг. Тиймээс эрүүл зөв хооллолтын талаар яриагаа эхэлье? - “Зөв хооллолт гэдэг бол урт удаан наслахын үндэс” гэдгийг өрнө, дорнын уламжлалт анагаах ухаанд эртнээс номлож ирсэн байдаг. Тиймээс хүн өөрийнхөө хоол тэжээлд анхаарал тавьж, эрүүл тайван сайхан амьдрах хэрэгтэй юм. Аливаа өвчин гэдэг буруу хооллолт, идэвхигүй байдлаас шалтгаалж үүсдэг гэдгийг эмч нар байнга хэлдэг. Энэ нь ч бас учиртай юм. Орчин үед хүмүүс зохисгүй хооллолт, тохирохгүй хүнс тэжээлээс болж, амьдралын хэвийн бус дэглэцээр амьдарч байна. Үүний үр дүнд бухимдал бий болж, дотор эрхтэнүүд хямарч өвчин эмгэгт амархан өртдөг, эмзэг биетэн болж хувирдаг. Тиймээс бид “Таны эрүүл мэнд таны мэдэлд бий. Бид өөрсдийн эрүүл мэндийг өөрсдөө хариуцна” гэж их хэлдэг. Бусад хүн санал зөвлөгөө өгч болох ч бидний идэж уух ёстойг бид өөрсдөө зохицуулна. Тиймээс та идээ ундааныхаа дэглэм, амьдралын хэв маягаа өөрийнхөө бие мах бодийн онцлогт тохируулж чадах юм бол бусдаас илүү эрүүл энх амьдарч, урт наслах болно. Энэ бол ямар ч эмчилгээнээс ил үү шалгарсан арга гэдгийг хэлэх байна. -Сүүлийн үед хүмүүс эрүүл хооллолт, эмгүй эмчилгээг эрхэмлэх болсон. Эрүүл зөв хооллолтыг ч өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Тэгвэл бидний анзаардаггүй эрүүл бус хооллолт гэж юуг хэлээд байна вэ? -Энд ямар нэгэн онол, элдэв янзын тодорхойлолт дурьдах хэрэггүй. Энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлах юм бол энэ нь нэг төрлийн хоол, хүнсийг хэт их хэрэглэх, нэг дор хэтэрхий их идэхийг эрүүл бус хооллолт гэж ойлгож болно. Манайхан дунд хоол идсэнийхээ дараа хөдөлгөон хийх хэрэгтэй гээд хэт их ажиллалаг, янз бүрийн дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс байдаг. Энэ бас зохистой хооллолт болж чадахгүй. Ялангуяа чихрийн шижин өвчтэй хүний цусан дахь сахарын хэмжээ энэ үед ихэсдэг. Мөн өглөө өлөн үедээ, ямар ч шингэн зүйл уухгүйгээр хичээл сургуульдаа, ажилдаа явдаг хүмүүс байдаг. Энэ бол хүний эрүүл мэндийг эрсдэлд хүргэх бас нэг хүчин зүйл. Ямар ч насны хүн өглөө өлөн үедээ элдэв дасгал хөдөлгөөн хийхийг хориглодог. Тиймээс өглөө босоод заавал шингэн юм ууж байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, өөрт тохирох хоол, хүнсийг зөв бэлтгэж, боловсруулсан ч гэсэн хооллохдоо яарч сандрах, телевизийи мэдээ, кино үзээд бухимдах, чимээ шуугиантай орчинд хэрүүл уруултай хооллох нь хоол биш хор болдог. Хоолыг аль болох тайван сууж байгаад идэх хэрэгтэй. Зөв хооллоно гэдэг бас л нэг шинжлэх ухаан. Тиймээс үр хүүхэддээ хүртэл хоолыг идэхдээ яаж суух вэ, яаж зөв идэх вэ гэдгийг багаас нь зааж сургах хэрэгтэй юм. -Турна гэдэг зарим бүсгүйчүүдийн толгойн өвчин болсон гэхэд хилсдэхгүй байх. Тиймээс та ходоодоо сойж, хоолоо багасгадаг хүмүүст хандаж зөвлөгөө өгөөч. Ер нь жин барих эрүүл хооллох хоёр юугаараа ялгаатай юм бэ? -Тийм их ялгаатай зүйл гэж бодохгүй байна. Жин барьж байгаа хүн ч гэсэн зөв, эрүүл хоол хүнсээр хооллох хэрэгтэй. Тухайлбал, сахарын өвчтэй хүмүүс ихэнх нь жингийн илүүдэлтэй байдаг. Энэ хүмүүсийн хувьд жингээ нэмэгдүүлэхгүй, хэвийн хэмжээнд барихыг чухалчилдаг. Тиймээс хоол хүнсэндээ илүү их анхаарал хандуулдаг. Зайлшгүй жин нэмэх шаардлагатай туранхай хүмүүс ч бас өөрт тохирох хоол хүнсийг сонгож хэрэглэдэг. Тэгэхээр аль аль нь хоол хүнснийхээ илчлэг, тэжээллэг чанарыг зөв сонгох нь чухал. - Охид, бүсгүйчүүд дунд мацаг их барьдаг хүн цөөнгүй. Ер нь үргэлж цагаан хоол идэх, олон хоногоор мацаг барих нь хүний биед сайн уу, муу юу? -Цагаан хоолтой хүмүүс авах ёстой уураг тэжээлээ заавал амьтныхаас гэлгүй, ургамлын гаралтай хоол, хүнсний бүгээгдэхүүнээс авч болдог. Долоо хоногийн хоёр өдөрт мацаг барих бол байх ёстой үзэгдэл. Харин олон хоногоор мацаг барьдаг бол тэр хүн алдсан энергиэ дараа нь нөхөж авах хэрэгтэй. Миний бодлоор бол цагаан хоол идэх, мацаг барих энэ зарчмыг насанд хүрсэн хэрнээ жирэмсэн, хөхүүл эхчүүдээс бусад нь баримтлах ёстой гэж боддог. Бага насныханд энэ тохиромжгүй. Хүүхэд шим тэжээлтэй хоол хүнс идэхийн хэрээр ухаан санаа нь хөгжиж байдаг. Биеийнхээ хэр хэмжээг мэдэхгүй хүний ам дагаж туйлширч гүйх нь тухайн хүн эрүүл мэндээрээ хохирно. -Энэ чиглэлээр олон жил дагнан ажиллаж байгаа эмч хүнээс нэг зүйлийг онцолж асуумаар байна. Хоол тэжээл нь жилийн дөрвөн улирлаас ихээхэн хамааралтай байдаг гэдэг. Энэ тухай та юу гэж боддог вэ? - Хоол тэжээл нь улиралаас ихээхэн хамааралтай байдаг гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Зуны улирал халуун байдаг тул сэрүүн чанарын хоол их хэрэглэдэг бол өвлийн улирал хүйтэн байдаг тул халуун чанарын хоол унд хэрэглэнэ. Энэ мэтчилэн хоолны дэглэмийг зөв баримталж чадвал өвчтэй үед ч амьдрах эрч хүч нэмэгдэн сэтгэл санаа сэргэн бие тэсвэр хатуужилтай болдог шүү дээ. Тиймээс бидний эрүүл мэнд, биднийг зовоодог өвчин эмгэг бүгд бидний амьдралын хэв маягаас шалтгаалдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. -Өвчин эмгэгийн ихэнх нь буруу хооллолттой холбоотой гэдэг. Та түрүүнд ч яриандаа дурьдсан. Ер нь ямар өвчинд, ямар хоол тустай вэ? -Өнөөдөр манай хүмүүс дунд элэг, цөс, хоол боловсруулах замын эрхтний өвчлөл өндөр байна. Үүний нэг гол шалтгаан нь буруу хооллолт юм. Манайхан маш буруу хооллодог муу зуршилтай хүмүүс. Ихэнх нь өглөө унд цайгаа уулгүй өлөн чигээрээ гэрээсээ гардаг. Тэгээд өдөр нь юм уу, үдээс хойш болохоор гэнэт маш их иддэг. Ингэж идэхдээ өөх тостой хоол, хайрсан, хуурсан, элдэв амтлагчаар амталсан хоол хүнс хэрэглэдэг. Үүнээс болж хоол боловсруулах замын эрхтнүүд хямарч өвчилдөг. Ялангуяа элэгний өвчтэй хүмүүсийн хувьд үндсэн эмчилгээ нь хоолны эмчилгээ байдаг. Яагаад гэвэл хоол боловсруулах замын эрхтэн хамгийн түрүүнд хоолноос эмчилгээ авдаг. Тийм болохоор элэгний өвчтэй хүмүүс насан туршдаа хоолны гам барих хэрэгтэй. Иймээс эмчилгээний хоолыг хэрэглэж байгаа нөхцөлд ямар ч архаг өвчин сэдрэхгүй. Сэдэрсэн ч маш ховор тохиолддог. Иймээс та бүхэн эмийн бус эмчилгээг хэрэглэх нь зүйтэй. Хамгийн гол нь зохистой зөв хооллох нь маш чухал. Эмчилгээний хоол дотроо олон янз. Тухайн хүний биеийн онцлог, өвчлөлийн байдлаас шалтгаалаад хэдэн ч хэсэгт хуваагдаж болдог. Тиймээс яг одоо тэр энэ гэж тоочих боломжгүй. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоогоо хамгаалахад баталгаатай газраас нийлүүлсэн өөх тос багатай эсдэг ихтэй хоол хүнс хэрэглэж байх нь чухал. Өдөрт тодорхой цаг хугацаанд тогтмол хооллож занших хэрэгтэй. Хоол идэхдээ хангалттай цаг гарга. Яарч идэх хэрэггүй, хоолыг амарч, таашаал авч идэх хэрэгтэй. Ус, ундаа, жүүс, цайг хангалттай хэмжээгээр уу. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо нь өөрийн үйл ажиллагаагаа гүйцэтгэхийн тулд их хэмжээний ус шаарддаг. Нийт хэрэглэх хоолны ихэнх хэсгийг өглөө, өдөр идэж заншаарай. Зохистой хооллож, согтууруулах ундаанаас татгалзаж, халдвараас сэргийлж, сайн амарч, сэтгэл санаа өөдрөг, өөртэй итгэлтэй байж чадвал элэгний гэмтсэн эсүүд бүрэн нөхөн сэргэж чадна.
Соёмбо кинотеатрыг хаажээ
Соёмбо кино театр Олон хүн төвлөрсөн үзвэр, үйлчилгээ, зах, худалдааны байгууллагуудад гүйцэтгэлийн шалгалтын удирдамжийн дагуу нийслэлийн Онцгой байддын газрын Урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсээс 79 байгууллагад шалгалт хийжээ. Улмаар “Улаанбаатар Палас” үйлчилгээний төвийг 150 мянга, Дуурь бүжгийн Эрдмийн театрыг 60 мянга, Хөх хулганы орон тоглоомын газрын албан тушаалтанг 50 мянган төгрөгөөр гэх зэргээр 33 субьектийг 4 сая 790 мянган төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авчээ. Харин “Соёмбо” кино театрын үйл ажиллагааг зогсоосон тухай тогтоолыг өгсөн аж. Түүнчлэн 18 байгууллагын үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтанд нь хүргүүлжээ. Тухайлбал, “Тумбааш” худалдааны төв, “10000 нэрийн барааны дэлгүүр", “Барс 1.2", “Хялгант" модны зах, "Гялгар” мод модон бүтээгдэхүүий худалдаа үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг хүргүүлсэн байна.
Номын сан хүссэн залуус ЧИМЭЭГҮЙ хашхирлаа
Орчин үеийн жишигт нийцсэн номын сан манай улсын хэмжээнд байхгүй гэхэд хэлсдэхгүй. Сая хүнтэй нийслэлд маань номын сан гарын 10 хуруунд хүрэхээргүй цөөхөн. Гэтэл 10 мянга гаруй шөнийн цэнгээний газар, паб, караоке байгаад зогсохгүй архи худалдан борлуулдаг 8000 орчим дэлгүүр, зочид буудал байна. Энэ бүхнийг эсэргүүцэж, шинээр номын сан барих хэрэгтэй байгааг засгийн газарт сануулах үүднээс “Номтой нөхөрлөе” ТББ-аас өнөөдөр чимээгүй хашхираан зохион байгууллаа. Уг арга хэмжээг 800 оюутан залуус дэмжиж, Чингисийн талбайд цугласан. Тэд “Бидэнд номын сан хэрэгтэй байна. Бид архичин, тамхичин болмооргүй байна. Бид буудалд биш номын санд хономоор байна. Тиймээс оюутан залууст зориулсан номын сан барьж өг. Бид номтой нөхөрлөе, ном уншъя, орчиныг нь бүрдүүлж өг” хэмээж байлаа. Хэдий гадаа зэврүүн хүйтэн байсан ч цугласан залуус Чингисийн талбай дээр сууж 30 минут ном уншсан. Уг арга хэмжээг 800 оюутан залуус дэмжиж, Чингисийн талбайд ном уншлаа. Энэ үеэр “Номтой нөхөрлөе” ТББ-ын тэргүүн Н.Хүлгэнээс зарим зүйлийг тодрууллаа. -Энд цугласан оюутнууд Нацагдоржийн номын сан ажиллахгүй төв номын сан ачаалал ихтэй байна гэж бухимдаж байна. Шинээр номын сан барих асуудлаар холбогдох газарт нь хандаж үзэв үү? -Үзсэн. Манай байгууллагын зүгээс Соёлын яам, Нийслэлийн удирдлага, Засгийн газарт албан бичиг хүргүүлсэн. -Хариу ирүүлсэн үү? -Үгүй. Тийм болохоор бид өнөөдөр чимээгүй хашхирч, тайван, хүлцэнгүй жагсаж байна. Сая хүнтэй Улаанбаатар хотод оюуны хэрэгцээ хангах ганц ч газар алга. Энэ бол байж боломгүй зүйл. Энэ бүхнийг бид 23 жил тэвчиж суулаа. Одоо чадахгүй. -Их, дээд сургуулиудын номын сан хэр хүртээмжтэй байдаг вэ? -ШУТИС-ийн номын сангаас бусад их сургуулийн номын сангууд маш хоцрогдсон. Ороод суухад эвгүй үнэр үнэртсэн, номын санчийн харилцааны асуудал маш доголдолтой гээд олон зүйл бий. Тэр ч бүү хэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн номын сангийн дээвэр нурж, оюутан гэмтсэн тохиолдол гарлаа. Магадгүй тэр оюутан сургуулийнхаа хажуугийн “Цэ”, “Брикс” бааранд сууж байсан бол гэмтэхгүй байсан байх гэв.
Ажилгүй болсон төрийн албан хаагчийг вибратороор хангана
екс тоглоом үйлдвэрлэгч “Vibrators” компанийн хамт ол­ноос тэдэнд бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй тараахаар бол­сон байна АНУ-ын улсын төсвийн тухай маргаанаас болж ажил­гүйчүүдийн эгнээнд шил­жээд буй Цагаан ордны эмэг­тэй ажилчид өдгөө гэртээ суунгаа хийх юмтай болжээ. Секс тоглоом үйлдвэрлэгч “Vibrators” компанийн хамт ол­ноос тэдэнд бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй тараахаар бол­сон талаар “Huffington Post” мэдээллээ.  Тус фирмийнхэн өөрийн сайтад гаргасан мэдэгдэлдээ улс оронд нүүрлээд буй эдийн засгийн таагүй байдлаас болж цалингүй амралт авсан тө­рийн бүх албан хаагчид 20 см урттай ягаан өнгийн виб­ратор тараана гэжээ.  Аравдугаар сарын 4-нөөс эхэлсэн энэхүү үйл ажил­лагааны хүрээнд одоо­гоор дөн­гөж 600 вибратор та­раа­гаад байна.  “Vibrators” компанийн тол­гой компани “PriveCo” ком­панийн эзэн Том Нар­доуны хэлснээр зарим ин­тер­­нэт дэлгүүрүүд үйлч­лүүлэгчдэдээ бэлэг болгон худалдан авч буй бараанд нь вибратор дагалдуулсан гэнэ. “Манай бүтээгдэхүүнтэй хол­боотой нэг ч гомдол ирээ­гүй. Тиймээс бид виб­ратороо бүгдэд тараахаар шийд­сэн. Түүнчлэн бид тө­рийн албан хаагчдыг ирэх арванхоёрдугаар сар хүртэл амрах байсан ч хамаагүй, виб­раторуудаа тараах болно” хэмээжээ.
МСҮТ-д суралцагсдад олгодог сургалтын тэтгэлгийг 70 мянган төгрөг болгоно гэв
УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айллчал хийж буй тул нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж даргалав. УИХ-ын чуулганы хуралдаан /2013.10.10/ Нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр болж, энэ талаархи илтгэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тавилаа. Ерөнхий сайд хэлэхдээ, ирэх оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа төсвийн хөөсрөлийг аль болохоор арилгах, гажуудлыг засахыг хичээсэн. 2000 онд манай улс нийтдээ 430 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан бол 2013 онд 7.4 их наяд болж өссөн байна, төсвийн өсөлтийг дагаад төсвийн зарлага ч их өссөн. Тухайлахад урсгал засвар, эд хогшил худалдан авах, гадаад дотоод томилолт, сургалт, хурал зөвлөгөөний зардал гээд бараа, үйлчилгээний зардлууд 2000 оныхоос 9 дахин, зөвхөн урсгал зардал 11 дахин өсчээ. Гэхдээ ирэх онд бүхнийг танах, хасах гэхгүйгээр нэмэх, анхаарах зүйл ч бас бий, үүнд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг зохих хэмжээгээр нэмэхээр 200 орчим тэрбум төгрөг нөөцөлсөн байгаа. Хүүхдэд олгодог 20 мянган төгрөг, оюутны тэтгэлгийг үргэлжлүүлж олгоно, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагсдад олгодог сургалтын тэтгэлгийг 70 мянган төгрөг болгоно. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмнэ, шинэ хөрөнгө оруулалттай уялдаж санхүүжилт нэмэгдэж байгаа, энэ бүгдэд нийтдээ 450 орчим тэрбум зарцуулахаар төлөвлөсөн гэлээ. Мөн төсвийн хөрөнгөөр барьж байгаа барилга, байгууламжийн төсөвт өртөг байнга нэмэгддэг, ашиглалтад оруулж чадахгүй олон жил дамнаж үргүй зардал гаргадаг талаар тодорхой баримт дурдаж хэллээ. Тухайлбал,  зөвхөн барилга дээр л гэхэд 12 мянган ажил, ажилбараар төсөвт өртгийг зохиодог нь үндэслэлгүйгээр өртөг өсгөдөг нэг арга болж байгааг шүүмжиллээ.  2014 оны төсвийн тухай хуулийн талаархи илтгэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тавилаа. Төсвийн хөрөнгөөр барьж байгаа барилга, байгууламжийн төсөвт өртөг хэт өндөр, үнийн зөрүү их байна. Тухайлбал, Сэлэнгэ аймагт анх 800 сая төгрөгийн төсөвт өртгөөр барьж эхэлсэн усан спорт цогцолборын барилга 4.5 тэрбум, 3.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилга 10 тэрбум төгрөгөөр босохоор байгаа аж. Суманд барих 200 суудалтай соёлын төвийн барилга гэхэд 600-700 сая төгрөгийн төсөвт өртөгтэй байсан бол одоо 1.5-2 тэрбум төгрөгийн өртгийн зөрүүтэй, 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын төсөвт өртөг 2.6 тэрбум болсон байна. Энэ бүхнээс болоод төсвийн дахин үнэлгээ хийх болсонтой холбоотойгоор 272 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болжээ. Энэ нь бага сургууль, цэцэрлэгийн 123 цогцолбор барих хөрөнгө юм. Зөвхөн 2013 оны төсвийн хуульд туссан тооноос үзэхэд ганцхан жилийн дотор 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын төсөвт өртөг 2014 онд 30-60 хувиар нэмэгдэхээр байна. 2013 онд 284 объект барихад 18 тэрбум төгрөгөөр барилгын зураг хийлгэжээ. Иймээс энэ гажуудлыг засахын тулд Барилга, хот байгуулалт, Эдийн засгийн хөгжлийн яамд ярилцаад 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын нэг маягийн жишиг зураг хийлгэснээр зургийн зардалд 6 тэрбум төгрөг зарах тооцоо гарч байна гэв. Ирэх онд боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмнэ Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувь буюу 7 их наяд 270 тэрбум төгрөг, нийт зарлагыг 7 их наяд 686.3 тэрбум төгрөг байхаар тооцож төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 416.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэж байхаар баталсан. Гэвч энэ оны төсвийн орлогын гүйцэтгэл, ирэх оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, улс орны гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гарах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн ирэх онд төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг тооцоход төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6 их наяд 865 тэрбум төгрөг болж төсвийн хүрээний мэдэгдлээс 405 тэрбум төгрөгөөр, нийт зарлага 7 их наяд 275.1 тэрбум төгрөг болж 411.3 тэрбум төгрөгөөр тус тус буурч, төсвийн нийт алдагдал 410.1 тэрбум төгрөг болж дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьдаа багтахаар байна гэдгийг танилцууллаа.   Үүний дараа гишүүд асуулт асууж хариулт авсанаар үдээс өмнөх чуулган өндөрлөлөө. Чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас эхэлж, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаархи гишүүдийн асуулт үргэлжилнэ.
АНУ-ын Төв банкны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн томилогдоно
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус улсын Холбооны нөөцийн сан буюу Төв банкны Ерөнхийлөгчөөр хатагтай Жанэт Иэллэнийг томилохоор шийдвэрлэсэн талаар Америкийн хэвлэлүүд Цагаан ордон дахь нэрээ хэлээгүй эх сурвалжид түшиглэн мэдээллээ. Хатагтай Жанэт Иэллэн /Janet Yellen/ Төв банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй Ж.Иэллэний нэрийг мөн Конгрессын доод танхим батлах ёстой юм. Ж.Иэллэн энэ албан тушаалд очвол бодлогын хүүг өсгөхөөс аргагүйд хүрч мэдэх эрс шийдэмгий алхам хийхгүй хэмээн шинжээчид үзэж байна. Тэрбээр мөн Холбооны нөөцийн санг толгойлсон анхны эмэгтэй хүн болох юм. АНУ-ын Төв банкны одоогийн Ерөнхийлөгч Бэн Бэрнанкэгийн бүрэн эрхийн хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 31-нд дуусах бөгөөд тэрбээр өөрийгөө дахин нэр дэвшүүлэхгүй аж. 2006 оны хоёрдугаар сараас энэ албан тушаалд ажилласан түүний “баруун гар” нь Ж.Иэллэн байжээ. Б.Бэрнанкэгийн халааг авна хэмээн яригдаж байсан АНУ-ын Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Лоурэнс Саммер есдүгээр сарын 15-нд Б.Обамад хандаж, нэрийг нь дэвшүүлэхгүй байхыг хүссэн билээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Л.Саммерсийн нэрийг сөрөг Бүгд найрамдах намынхан төдийгүй Ардчилсан намынхан ч дэмжээгүй гэнэ. Үүнээс гадна түүний Сангийн сайд байхдаа авсан санхүүгийн зохицуулалтын хэд хэдэн арга хэмжээ нь 2008 оны хямралд хүргэсэн гэж олон хүн үздэг байна. Холбооны нөөцийн сангийн тэргүүн нь Америкийн эдийн засаг дахь хамгийн хүчирхэг бие хүн байдаг бөгөөд энэ албан тушаалд нэр дэвшигчийг Ерөнхийлөгч сонгож, Сенат дөрвөн жилийн хугацаагаар томилдог байна. Төв банкны тэргүүний шийдвэрээс банкуудын зээлийн хүүгийн хэмжээ зэрэг олон чухал асуудал шалтгаалахаас гадна долларыг нөөцийн валютаа болгосон энэ улсын хувьд бүхэлдээ асар чухал юм. Америкийн Төв банкны Ерөнхийлөгч хэн болохыг дэлхийн зах зээлийн шинжээчид бүгд туйлын нухацтай анхааран хүлээдэг билээ.
ВХ бизнесээ төвхнүүлсэн учраас уран бүтээлдээ орно гэв
Дуучин ВХ Дуучин ВХ гэр бүлийн бизнес эхлүүлэх гээд уран бүтээлээ түр завсарласан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Гэргийтэйгээ хамтран ажиллуулж байгаа “Air agency” нислэгийн тасалбар худалдаалдаг компани нь нэгэнтээ хөл дээрээ боссон учраас тэрбээр өөрийн уран бүтээлдээ эргэн орохоор зэхэж байгаа талаар дуулгалаа. Түүнээс ямар уран бүтээл дээр ажиллаж буйг нь асуухад, “Нэгэн шинэ дуугаар эхэлнэ. “Миний ээж” гэдэг дуу байгаа. Шүлгийг нь өөрөө бичсэн. Шинэ бизнесээ төвхнүүлсэн учраас цаашид өөрийн уран бүтээлээ хослуулан хийх болно” гэв. Гэхдээ ирэх сараас эхлэн уран бүтээлийн ажилдаа орохоор төлөвлөжээ.
Өвөрмонгол экологийн цэвэр үйлдвэрлэлээр БНХАУ-даа топ 10-т жагсчээ
Өвөрмонгол экологийн цэвэр үйлдвэрлэлээр БНХАУ-даа топ 10-т жагсчээ БНХАУ экологийн цэвэр үйлд­вэр­лэл хөгжүүлж байгаа, бай­галь орчинд хамгийн ээл­тэй мужуудыг жагсаажээ. Энэхүү жаг­саал­тыг гаргахдаа байгаль ор­чинд ээлтэй үйлдвэрлэлийн өсөлт, бай­галийн баялаг, байгаль хамгаалах та­лаар эрх баригчид нь хэрхэн идэвх санаачилга­тай ажиллаж байгаа гэсэн үндсэн гур­ван үзүүлэлтийг гол болгодог байна.  Ха­чирхалтай нь, эрчим хүчний болон коксжих нүүрсний гол ордууд оршдог, байгаль орчин бохирдож байгаа гэсэн гомдол байнга гардаг Өвөрмонголыг энэхүү жагсаалтынхаа эхний 10-т оруул­сан байна. Шинжлэх ухаан, технологийн шинэч­лэл нь “Хятадад үйлдвэрлэв” гэснийг “Хятадад бүтээв” гэсэн ойлголт руу шил­жих ажилд гол үүрэг гүйцэтгэнэ гэж Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао 2010 оны есдүгээр сарын 13-15-нд Тянь­жин хотноо болсон дэлхийн эдийн зас­гийн чуулга уулзалт буюу Давосын зу­ны чуулга уулзалтын үеэр мэдэгдсэн би­лээ.  “БНХАУ хөгжингүй улс болоход да­хиад 200 жил шаардлагатай. Энэ хугацааг багасгахад шинжлэх ухааны ололт чухал нөлөөтэй юм. Тиймээс химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажиллаж байна” хэмээн хуралд оролцогчдын анхаарлыг татсан тэрбээр хүлэмжийн хийг бууруулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгаагийн илэрхийлэл бол­гож нүүрсний уурхайнуудаа хааж бай­гаа тухайгаа хэлэн олны талархлыг хүлээсэн юм.   БНХАУ-ын Ерөнхий сайд Вэнь Зябао Яг энэхүү хурлын дараа БНХАУ байгальд ээлтэй технологийг хөгжүүлж байгаа гэсэн имижийг бүр­дүүлэхээр идэвхтэй ажиллаж эхэлс­ний нэг нь БНХАУ-ын Үндэсний статис­тикийн газар, Бээжингийн Сурган хүмүүжүүлэх ухааны их сургууль, Эдийн засаг санхүүгийн их сургууль хамт­ран гаргадаг энэхүү шалгаруулалт юм. Анхны шалгаруулалт 2010 онд болж байсан бөгөөд энэ жил дөрөв дэх жилдээ болж байгаа ажээ.  Өвөрмонголын хувьд эдийн засгийн өсөлтөөрөө 2000-аад оны эхнээс цойлон гарч ирсэн бөгөөд бүтээгдэхүүн үйлд­вэр­лэл нь нэмэгдэхийн хэрээр байгаль орч­ны доройтол иргэдийн санааг зо­воож эхэлсэн юм. Өвөрмонгол бол байгалийн асар их нөөц баялагтайн хувиар БНХАУ-ыг ашигт малтмал түү­хий эдээр хангагч гол муж боловч хүн амын дунд ядуурал нүүрлэсэн хэвээр л байсан юм.  Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт нь жирийн өвөрмонгол иргэдэд нялзаагүй гэж хэлж болно. Харин дээр дурьдсанчлан 2010 оноос хойш БНХАУ-ын эрх баригчид гүүрсний болон газрын ховор элементийн зарим уурхайг хаах, нар салхины эрчим хүч үйлдвэрлэгчдийг дэмжих зэрэг арга хэмжээ авсны дүнд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг мэдэгдэхүйц багасгасан байна. Иргэдийг бага хүү­тэй орон сууцны зээлд хамруулах бод­лого ч хэрэгжүүлжээ. Гэвч нүүрсний уурхайгаас машинаар тээвэр хийдгээс болж цөлжилт эрчимтэй явагдаж байна гэсэн шүүмжлэл тасрахгүй байгаа билээ.
Амазон компани боловсролын контент бүтээгч TenMarks компанийг худалдаж авлаа
Амазон TenMarks-ыг худалдаж авлаа   Амазон компани TenMarks-ыг худалдаж авах тохиролцоонд хүрсэн байна. Наймааны үнийн дүнг нууцалж байгаа ба эрх шилжих процесс 2013 оны 4 дүгээр улиралд төлөвлөгджээ. Ингэснээр Амазон компани сурагч, оюутнууд, багш, эцэг эхчүүдэд зориулсан сургалтын баялаг контентын сантай болох аж. Сургалтын контент бүтээгч TenMarks TenMarks нь энэ чиглэлд, ялангуяа математикийн сургалтын контент боловсруулах чиглэлд багагүй туршлага хуримтлуулсан юм. Одоогоор тэдний контентуудыг АНУ-д 25,000 орчим сургуулиуд ашигладаг гэнэ. Амазон компаний сонирхол бол өөрийн Kindle таблетынхаа экосистемд нэвтрүүлж хэрэглээг нь улам баялаг болгоход чиглэж байгаа юм. Энэ бол Амазон компаний худалдаж авч байгаа боловсролын чиглэлийн анхны компани биш бѳгѳѳд 2012 оны 2 дугаар сард багш, оюутнуудыг хооронд нь зуучилдаг үйлчилгээ эрхэлдэг TeachStreet компанийг худалдаж авч байсан билээ. Харин энэ бизнес амжилтгүй болж удалгүй хаагдсан юм.
Шуурхай мэдээ: Японы эмнэлэгт гал гарч олон хүний амь эрсджээ
Японы Фукуока-ын гэмтлийн эмнэлэгт гал гарчээ. Гал түймрийн үеэр 10 хүн нас барж, 5 хүн гэмтлээ гэж тус улсын гал түймэртэй тэмцэх газраас мэдээлсэн байна.
С.Баярцогтыг мэтгэлцээнд дахин урилаа
УИХ-ын гишүүн С.Баярцогтыг мэтгэлцээнд дахин урилаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээг үзэглэсэн УИХ-ын гишүүн С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дахин дуудлаа. Өмнө нь болсон мэтгэлцээн үр дүнд хүрээгүй юм. Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүд шинээр сонгогдож хэлэлцээрийн ширээнд суугаад Лондонгоос ирсэн энэ цаг үед С.Баярцогтын байр суурь, хэлэх үг олон хүний сонирхол татаж буй юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “С.Баярцогттой дахин мэтгэлцмээр байна. Би бэлэн. Бид хувь хүнийхээ сайн, мууг ярихгүй, зөвхөн Оюутолгойг ярина” гэв.
Дэлхийн цэцгийн хаан Монголд ирлээ
“Мөнхийн цэцэг” нэртэй амьд цэцгийн үзэсгэлэн гарна гэсэн зарлал хэд хоногийн өмнөөс л цахим ертөнцөөр “аялсан”. Нэрнээсээ авахуулаад анхаарал татаж байсан үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа өчигдөр “Blue moon” арт галерейд боллоо. Эхлэх цагаас нь арваад минутын өмнө очиход үзэсгэлэнгийн танхим зочдоор дүүрсэн байв. Зочдын дунд солонгосчууд зөндөө. Тэд үндэсний хувцсаараа гоёжээ. Учир нь манай улс БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулан уг арга хэмжээг зохион байгуулсан. Тиймээс манай хоёр улс уг арга хэмжээнд нэлээд ач холбогдол өгчээ. “Кимжөнирхва цэцгийн нийгэмлэг”-ээс зохион байгуулсан эл арга хэмжээг хүндэтгэн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, элчин сайд П.Үржинлхүндэв нар ирсэн байв. Хүмүүсийн дундуур явж амьд цэцэгсийг сонирхлоо. Ярайтал өрсөн савтай цэцэгс бүгд өөр хоорондоо адилхан. Час улаан өнгөтэй нэгэн ижил цэцэгс байв. Амьд цэцгийн үзэсгэлэн гэчихээд ганцхан төрлийн цэцэг байгааг гайхан, учрыг нь лавлабал солонгосчуудын хувьд маш хүндэтгэлтэй цэцэг хэмээн тайлбарласан. Үзэсгэлэнг зорьж ирсэн зочид “Маш сайхан цэцэг шүү. Солонгосын томоохон арга хэмжээнүүдэд хамгийн түрүүнд залардаг” гэж байсан. Дашрамд сонирхуулахад, уг цэцгийг анх японы нэрт цэцэгчин Гамомододэрү 20-иод жилийн өмнөөс ургуулан 1988 оны хоёрдугаар сарын 16-нд өөрийн найз Ким Жөн Ирийг хүндэтгэн түүндээ өргөж байсан аж. Тэр цагаас хойш энэ цэцгийг Кимжөнирхва хэмээн нэрлэх болсон ба олон улсын болон дэлхийн цэцгийн нийгэмлэгийн “Цэцгийн хаан” шагналыг хүртэж байжээ. Кимжөнирхва нь бусад цэцгээс илүү арчилгаа шаардах бөгөөд гойд содон үнэргүй аж. Час улаан өнгөөр нь солонгосчууд сайн сайхан зүйлийг билгэддэг гэнэ. Мөн зургаан удаа цэцэглэдэг учраас урт настай цэцэг гэж онцолдог бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнг “Мөнхийн цэцэг” гэж нэрлэсэн юм гэнэ.
Сүхбаатар аймагт газрын тосны орд нээгдэх үү
Сүхбаатар аймгийн нутагт газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй Австрал­ийн 100 хувийн хө­рөн­­гө оруулалттай “Вульф Петролеум” компани Тал булаг, Тосонтолгойн 174 миль2 /280 км2/ талбайд чичирхийллийн аргаар 2D нэмэлт судалгаа хийж дуусгажээ.  Чичирхийллийн судалгаа нь уян харимхай долгионы чулуулаг орчинд тархах физик шинж чанарт үндэслэдэг арга юм. Хайгуулын үр дүнд дээрх талбайд газрын тосны орд байж болохыг баталсан байна.  Тэд 2D судалгааны нэмэлт хөтөлбөрийн хүрээнд 7500 гаруй дээж авч судалсан бөгөөд үр дүн нь орд байж болох найдлага төрүүлж байгаа аж. Гэхдээ ирэх долоо хоногт ажлын үр дүн эцсийн байдлаар тодорхой болох гэнэ.     Монгол Улсын Засгийн газар энэ оны нэгдгээр сард тус компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурсан билээ.  Хайгуулын ажлыг АНУ-ын WesternGeco, Sterling Seismic Services in the U.S. компани   “Вульф Петролеум”-ын техникийн зөвлөх MHA Petroleum Consultants-тай хамт­ран гүйцэтгэжээ.  MHA Petroleum Consultants нь газрын тосны хайгуул, ашиглалтын 30 гаруй жилийн туршлагатай бөгөөд “Вульф петролеум”-тай 2011 оноос хойш хамтарч ажиллаж байгаа аж. “Вульф петролеум”-ынхан судалгааны нэгдсэн дүгнэлтийг энэ оны дөрөвдүгээр улиралд гаргаж, ирэх жилээс өрөмдөхөөр төлөвлөж байгаа юм байна.   Хайгуул хийгдсэн SB блок нь Монголдоо газрын тосны хайгуул хийгдсэн анхдагч талбайн нэг бөгөөд нийтдээ 23 000 км2 талбайн 60 хувь нь буюу 12 000 км2 талбай нь газрын тосны орд, гүний усны нөөц байх өндөр магадлалтай гэж тооцогддог юм байна.  Сая судалгаа хийсэн Toсон Толгой (3500 км2) талбай нь орд илрэх өндөр магадлалтай, Дорнод Монголын нефтийн нэг гол ундарга болох боломжтой гэж тооцогддог. “Вульф петролеум” тус талбайд 14 жил хайгуул, 30 жил олборлолт явуулах гэрээтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.  Монгол Улсын нутаг дэвсгэрт 1990-1992 онд газрын тосны хайгуулын 22 талбай байсан бол 2007 онд 28 болж нэмэгдсэн байдаг.  Үүнээс Төхөм Х талбайг “хойд” ба “урд”, Цагаан-элс XIII ба Зүүнбаян XIV талбайн зарим хэсэгт “1997БХГ” талбайг ялгасан тул хайгуулын талбай 30 болж нэмэгджээ.  Дээрх 30 талбайн 21-д нь гадаад, дотоодын 16 компани “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулснаас нэг талбайн гэрээ дуусгавар болж, гурван талбайд газрын тосны олборлолт, 17 талбайд газрын тосны хайгуул хийгдэж байгаа юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан компаниудын дөрөв нь дотоодын, долоо нь БНХАУ-ын, тав нь Австрали болон бусад орны харьяалалтай байгаа юм.
Ц.Туяагийн шүүх хурал өнөөдөр болно
Татварын байцаагч бүсгүйг 75 удаа хутгалж амийг нь онц хэрцгийгээр хороосон Ц.Туяад холбогдох шүүх хурал энэ сарын 2-нд болох байсан ч хойшлогдож, өнөөдөр болохоор болсон. Шүүх хурал  Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд  10.00 цагаас болно. Өнгөрсөн удаагийн шүүх хурал сэжигтэн Ц.Туяагийн өмгөөлөгч хүндэтгэх шалтгаанаар ирээгүй гэсний улмаас хойшлогдсон юм.
Толгойтын гүүрийг хаалаа
Зам засварын ажилтай холбогдуулан 65 дугаар сургуулийн зүүн урд байрлах Толгойтын гүүрийг өчигдөр оройны 23.00 цагаас хаалаа. Мөн үйлдвэрийн гудамж буюу “Энгельс”-ийн гудамжнаас "Говь" компанийн чиглэлийн 1.4 км авто замыг хаасан байна. Тус газруудын Засварын ажлыг "Нарны үүсгэл" компани гүйцэтгэж байгаа бөгөөд замыг энэ сарын 13,14-нд нээх юм.
Ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Ойрын өдрүүдэд манай орны нийт нутгаар сэрүүсч, цас орсон. Тэгвэл маргаашнаас ихэнх нутгаар бага зэрэг  дулаарна гэж Ус, цаг уур орчины шинжилгээний газраас мэдээллээ. Өнөөдөр баруун аймгуудын нутгаар  үүлэрхэг байх ч шөнөдөө 0-5, өдөртөө 7-12 градус дулаан байх нь . Харин төвийн нутгаар бага зэргийн хур тунадас орох ч шөнөдөө 2-3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан. Зүүн аймгийн нутгаар солигдмол үүлтэй, шөнөдөө 0-5, өдөртөө 9-14 градус дулаан бол өнөөдөр Улаанбатарт үүлших боловч шөнөдөө 0-2 градус, өдөртөө 12-14 градус дулаан байх нь.
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг сайжруулахаар хэлэлцэж байна
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийн чанарыг сайжруулах талаар төр, хувийн хэвшлийнхэн БОНХЯ-д зөвлөлдөж байна. Уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх чиглэлээр эрх авсан мэргэжлийн байгууллагууд болон тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоодын төлөөлөл оролцож байгаа юм. Нөхөн сэргээлтийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр нийгэмд чиглэсэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашид түншлэлийг сайжруулах боломж, арга зам, чиглэлийг эрэлхийлж, бодитой, тодорхой санал санаачлагуудыг дэвшүүлэн гаргахаар тэд энэ удаа цуглажээ. Хэд хэдэн асуудал хэлэлцэж байгаа. Тухайлбал, мэргэжлийн байгууллагын эрх олгох, цуцлах, хүчингүй болгоход олон нийтийн оролцоо, ил тод байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх арга замууд, иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг үйлчилгээг сайжруулах, нөхөн сэргээлтийн чанар, хяналтын механизмыг боловсронгуй болгох, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнг урьдчилан тооцоолох боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлуудыг хөндөн хэлэлцэх аж.
Ливийн Ерөнхий сайд хулгайлагдав
Ливийн Ерөнхий сайд Али Зейдан Ливийн нийслэл Три­поли хотноо өчигдөр тус улсын Ерөнхий сайд Али Зейдан хулгайлагджээ. Бол­сон явдлын талаар тодор­хой мэдээлэл алга байна. Гэрчүүдийн мэдээлснээр зэв­сэглэсэн хүмүүс түү­нийг зочид буудлаас гар­ган ирж, хаа нэгтээ авч яв­сан гэнэ. Энэ талаар “CNN” агентлаг мэдээллээ. Засгийн газраас энэ та­лаар тайл­бар хийгээгүй аж.
Бие даагчид Засгийн газрыг огцруулна гэв
Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийлээ УИХ дахь бие даагчдын зүгээс Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд Оюутолгойн асуудлаар ерөнхий мэдээлэл өгөхөөс гадна ТУЗ-ийн гишүүд Лондонд ажиллаад ирсэн талаар ярьсан юм.  Гишүүдийн зүгээс мөн л маш муу гэрээ болсон хэмээн шүүмжилж  “Монгол Улс татвараас маш их хэмжээний мөнгө олох боломж байсан ч үүнийгээ олж чадаагүй. Алтны хувьд НӨАТ төлдөг бусад нь НӨАТ татвар төлдөггүй.  Роялти татварыг таван жилийн хугацаанд төлөхгүйгээр царцаасан. Аж ахуй нэгжүүдийн орлогын албан татвараас 2017 он хүртэл чөлөөлсөн. Мөн Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар нийт оруулсан хөрөнгөний хэмжээний 10 хувийг татвараас чөлөөлж буй. Оюутолгой бол хаана ч байхгүй давуу эрхээр татвараас чөлөөлөгдсөн” гэсэн асуудлыг хөндлөө.  Оюутолгойн асуудлаар хамгийн их шүүмжлэлтэй байдаг С.Ганбаатар гишүүн “Шинэ ТУЗ-ийн гишүүд гэрээ хэлэлцээр хийж байгаа бол УИХ, монголчуудад нээлттэй байх ёстой. Хэлэлцээрийн талаар УИХ-д нээлттэй тайлагнах ёстой.  Хэрэв Засгийн газар шаардлага биелүүлэхгүй байвал бие даагчдын зүгээс Засгийн газрыг огцруулах хүртэл санал гаргана” хэмээлээ.
Ц.Амгаланбаярыг АТГ шалгаагүй
ОБЕГ-ын дарга асан хурандаа Ц.Амгаланбаяр АТГ-аас ОБЕГ-ын дарга асан хурандаа Ц.Амгаланбаяр нарын зарим албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй асуудлаар шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Ц.Амгаланбаяр нь хотын “А” зэрэглэлийн бүс буюу Нэгдүгээр төрөх эмнэлгийн зүүн талд “TG” төвийн барилгыг хувьдаа барьж бусдад түрээслэсэн гэжээ.   Харин энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад Ц.Амгаланбаяр нарын хүмүүсийг шалгаагүй гэсэн мэдээлэл өглөө. Тэгэхээр хэвлэл мэдээллээр гараад байсан мэдээлэл хэн нэгний зориудаар тараасан гүтгэлэг бололтой.
А.Мөнхбат: Мөнгөөр биш мөнчгөрөөрөө, танилаар биш тархиараа хөгждөг болцгооё
Монгол Улс “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” булангийнхаа энэ удаагийн зочноор Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатыг урьж ярилцлаа.    -Монголын залуучуудын хол­боо нь Монгол Ул­сын анх­ны төрийн бус байгуул­ла­га. Энэ их том байгуулла­гыг удир­­дан чиг­лүүлэх хугацаан­даа ямар ажил амжуулж бай­на вэ? -Монголын залуучуудын хол­боо нь Монголдоо төдийгүй Ази­даа хамгийн ууган залуучуудын байгууллага гэж явдаг. Азийн залуучуудын зөвлөл дээр манай байгууллагын байр суурь нэлээд нэр хүндтэй байдаг. Тиймээс ирэх онд Азийн залуучуудын чуул­ганыг Улаанбаатар хотод зо­хион байгуулах эрхийг авсан бай­гаа.  Түүнчлэн Монголын за­луу­­чуудын холбоо нь нийслэл, 21 аймаг болон сумдад салбар­тай. Тодруулбал, дороо хөлтэй залуучуудын цорын ганц бай­гууллага. Ганцхан хэмээн он­цолсон нь улс төрийн үйл ажил­лагаа явуулдаггүй. Олон мянган за­луучуудыг хамарч чаддаг гэдэг утгаараа юм.  Түүнч­­лэн сүүлийн жилүүдэд үйл ажил­­лагаа суларснаас болоод на­мын дэргэдэх залуучуудын бай­­гууллагууд болон бусад энэ чиг­лэлийн байгууллага нэлээд идэвх­жсэн. Үүнийг би хувьдаа бу­руу зүйл гэж үздэггүй. Тэд­гээр байгууллагатайгаа хамт­раад залуусын өмнө тул­гам­даад бай­гаа асуудлыг шийд­вэр­лэ­хийн тулд гар нийлж ажилла­даг.  -Энэ байгууллагын ажил ураг­­шаа ахихгүй байгаа юм уу даа. Тухайлбал, Их хурлаа хий­гээгүй яваад байдаг? -Манай холбооны хуучин ерөн­хийлөгч яаралтай хүнд ха­гал­гаанд орох болсон. Ерөн­хий зөвлөлийн шийдвэр га­раад, үүрэг гүйцэтгэгчээр на­майг томилоод ажиллуулж бай­на. Жил гаруй хугацаанд  Их ху­рал­д бэлтгэх ажлыг зо­хион бай­гуулж байна.  Иймээс дээд зэргээр бэлтгэх, сайтар зо­хион байгуулах үүрэгтэй юм. Түүнч­лэн Их хурал гэж юу байдаг, залуу хүмүүс хэрхэн оролцох ёс­той юм бэ, анхан шатны нэг­жүүд яаж оролцох вэ гэх зэр­гээр бүх зүйлийг ахисан төв­шинд зохион байгуулах гэж бай­гаа. Түүнээс биш Их хурал гэж зарлаад, заал дүүрэн хүн цуг­луулаад, хэн нэгнийг сонгох бол тийм ч ач холбогдолтой асуу­дал биш шүү дээ.  Хамгийн чу­хал нь Монголын унтчихсан бай­гаа залуучуудыг сэрээж байж Их хурлаа хийх нь өөрөө түү­хэн ач холбогдолтой хэмээн үзэж бай­гаа.  -Их хурлаа үр бүтээлтэй хий­­хийн тулд унтаа залуусаа хэр­­хэн сэрээх вэ. Мэдээж ямар нэ­гэн сигналыг сайн өгч сэ­­рээх байх? -Унтаа байгаа залуусаа сэрээ­хийн тулд нийслэл болоод хө­дөө, орон нутгаар тойрон явж байна. Одоогоор цөөхөн хэ­дэн аймаг үлдсэн. Тэр аймгуудаар удахгүй очино. Түүнч­лэн тусгай хол­боод гэж байдаг. Тэдгээр тус­гай хол­боо­дынхоо хурлыг хийчи­хээд албан ёсоор Их хурлын то­выг зарлана. Тиймээс хэзээ ан­хан шатны холбоодын хурал хийг­дэж дуусна, түүний дараа Их хур­лынхаа товыг зарлана гэсэн үг.  -Танай байгууллагаас явуулж байгаа арга хэмжээ, үйл ажил­лагаа залуучуудад тө­дий­лөн хүр­дэггүй. Өөрөөр хэл­бэл, том нэртэй атлаа дар­жин үйл­чил­гээтэй гэсэн шүүмжлэ­лийг за­луучууд хэлдэг. Үүнтэй ч та са­нал нийлэх байх? -Үнэн. Хуучин ийм байсан. Хөдөө, орон нутгаар явж байхад бүхэл бүтэн амьдралын минь хамаг сайхан залуу үеийг та бүхэн юу ч хийлгүй өнгөрөөчихлөө гэсэн зэмлэлийг их сонссон. Ин­гэж хэлэх хүн ч их олон таарсан. Үүнийг бол хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тухайн үед байсан удирд­лага, гүйцэтгэх хороо ажлаа сайн хийж чадаагүй байж болно.  Харин одоо  шинэхэн баг бүрэлдэхүүний хувьд бид цаашид ямар байлгах юм бэ гэдэг асуудлаа ярьж байна. Түүнээс үе үеэрээ орхигдоод, золиослогдоод, дуу хоолойгоо хүр­гэж чадахгүй яваад байж бо­лох­гүй. Тиймээс цаашид хэрхэх вэ гэдгээ бүх анхан шатны бай­гуул­ла­гаараа ярьж, хэлэлцэж байгаа.  Мөн төрийн зүгээс залуучуудын төлөө ямар арга хэмжээ авах юм, залуучуудын байгууллага ямар байх ёстой юм бэ гэдэг дээр за­­луу­чуудынхаа санаа бодлыг сон­соод, хэлэлцээд явж байна. Ямар ч байгууллагад өөрийн түү­хэнд уналт, сэргэлтийн үе бай­даг. Тэгэхээр энэ зовлонг ч бас тойрохгүйгээр өнгөрч ча­даа­гүй гэ­сэн үг.  Залуучуудын байгуул­лага сэргэнэ. Хуучин дарга нь та­таж сэрээдэг байсан бол харин одоо залуучууд өөрсдөө оролцож, нойр­ноос сэрцгээнэ. Улмаар улс орны хөгжилд хувь нэмрээ оруу­лах хүртлээ залуучууд нойр­ноо­соо сэрнэ.  Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат -Монгол Улс өөрөө залуучуу­дын орон. Тэгсэн хэрнээ за­луусдаа чиглэсэн хөгжлийн бод­­логогүй. Энэ байдлаасаа бо­­лоод залуучуудын нийгмийн идэвх, ажил, хөдөлмөр, гэр бүл тө­лөвлөлт нь ямар ч зохион бай­гуулалтгүй явж бай­­на гэж үздэг. Хөгжлийн бод­­логотой бо­лох асуудал хэр урагш­­тай бай­на вэ? -Энэ оныг бид аваръя, оролцоё уриатайгаар бүх ажлаа зохион байгуулж байгаа. Тэгэхээр залуу хүн бүр бүх зүйлд заавал оролцдог байх ёстой. Хэрвээ оролцохгүй байгаад, оролцох боломжийг нь хаагаад байгаа бол энэ бүхний цаана авлига, хээл хахууль, арын хаалга, хүнд суртал байгаад байна гэсэн үг.  Миний хувьд уулзаж байгаа хүмүүстэй мөнгөөр биш мөнчгөрөөрөө, танилаар биш тархиараа хөгждөг  боломжтой болмоор байна гэж хэлдэг. Энэ бүх боломжийг бий болгохын төлөө залуу хүн бүр оролцож, зүтгэх ёстой. Түүнээс хий шүүмжлээд эсвэл танил  талаа хайгаад гүйчихдэг байж болохгүй. Энэ бол хүн бүхэнд байдаг нийтлэг шинж. Харин одоо үүнээс салах цаг нь болсон. Түүнчлэн залуу хүн бүр шударга бус байгаа бүх зүйлд хамгийн их эгдүүцэж байгаа.  Тиймээс энэ бүхнийг эсэргүүцэж чадах хүмүүс бол залуучууд шүү дээ. Үүний үндсэн дээр бид жилийн өмнөөс би авлига авахгүй, өгөхгүй гэдэг аяныг эхлүүлсэн. Улс орон даяар тоолуур ажиллуулаад явж байгаа. Тэдгээр залуучууд дээр авлигын ямар нэгэн хэлбэрт очоод гацаж байгаа. Тэгэхээр авлига авахгүй, өгөхгүй гэж хэлж чадаж байгаа залуучууд өнөөдөр Монголын хамгийн үнэ цэнэтэй капитал болчихсон байна шүү дээ. Бид Эрдэнэт үйлдвэрийн агуулахад байдаг хэрэглэгдэхгүй байгаа бараануудаар авлигын үзэсгэлэн гаргах гэж байна.  Олон нийтэд үзүүлснээр авлига бидэнд ямар хор уршигтай юм бэ гэдгийг харуулъя гэж байгаа. Түүнчлэн тэдгээр бараануудыг зарж, борлуулаад Эрдэнэт үйлдвэрт ажилладаг орон байргүй залуучуудыг гэр оронтой болгох хөтөлбөр хэрэгжүүлье гэдэг саналаа удирдлагуудад нь хүр­гүүлчихсэн. Харамсалтай нь одоо хүртэл бидэнд хариу өгөөгүй. Мөн ямар ч хүн өөрчлөгдөж чадна. Төрийн үйлчилгээнд ав­лига авах боломжийг бүрдүүлдэг албан тушаал байгаа.  Үүнийг арилгах хэрэгтэй биз дээ. Тэр  утгаар авлигын эсрэг нэгдэх сайтыг ажиллуулж эхэлсэн. Түүнчлэн ямар ажил үйлчилгээ болон ямар албан тушаалд авлига үүсээд байгаа юм бэ гэдгийг нээлттэй болгохоор чиглэж байна. Монгол Улсын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого гэдэг зүйл огт гарч байгаагүй. Энэ жил Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам нийгмийн бүх бүлгүүдийн  хөгжлийн асуудлыг хариуцаж байгаа. Харин энд залуучуудын асуудал байгаа.  Засгийн газ­рын төрийн захиргааны төв байгууллагын бүтцэд залуучуудын хөгжлийн хэлтэс байгуулагдсан. Энэ бол нэг талаараа ахиц гэж бид харж байгаа. Тиймээс хөгжлийн хэлтэс болон яамны зүгээс бүлгүүдийн хөгжлийн бодлогыг боловсруулаад явж байна. Энэ асуудал дээр манай холбооны зүгээс идэвхтэй хамтарч ажилладаг.  Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сантай хамтран Хүний хөгжлийн илтгэл дэх залуучуудын хэсгийг бид хамтран боловсруулж байна. Мөн төрөөс залуучуудын хөгжлийн талаарх баримт ямар байгаасай гэж хүсч байна вэ гэсэн жагсаалтад залуусын үзэл бодлыг цуглуулаад явж байна. Удахгүй энэ бүх бодлого зангилагдах байх.  -Монголын нийгэмд хэн ядуу, ажилгүй, архичин бай­на гэдгийг та харж байгаа байх. Энэ муу муухай бүхний ман­лай­лалд нөгөөх л залуучууд чинь байна. Үүн­ийг хараад таньд ямар нэгэн эмзэглэл төр­дөг биз? -Бид энэ асуудал дээр зүгээр эмзэглээд суугаагүй. Харин бид үүний эсрэг ажиллаад явж байна. Манай байгууллагын зүгээс хоёр томоохон аянг улс орон даяар эхлүүлсэн. Түүний нэг нь дээр хэлсэн авлигын эсрэг аян байсан. Харин дараагийнх нь спирт үү, спорт уу гэдэг аян юм. Тиймээс энэ хоёр үгний голын хоёр эгшгийг солъё гэж шийдсэн.  Тэгэхээр “Спиртлэг бус спортлог амьдарцгаая” гэсэн уриаг дэвшүүлээд явж байгаа. Мөн “Эрүүл идэвхтэй амьдар” клуб­ынхантай нэгдээд хөдөө, орон нутгийн сумдад байгаа залуучуудаа архинаас гаргах аян хэрэгжүүлээд явж байна. Түүнчлэн архи, тамхины онцгой албан татварын нэг хувиас бүрдсэн сан Эрүүл мэндийн яамны дэргэд ажилладаг. Архинаас гаргах энэхүү аянд маш олон залуус хамрагдаж байгаа.  Тэнд залуус тав хоног нэг курс хичээлд хамрагдаад гарч байгаа төгсөлтийн баярт аль болох би очихыг хичээдэг. Очоод харахаар тэнд хамрагдсан залуучуудын тархи нь бүрэн форматлагдсан байдаг. Дараа нь цоо шинээр үйлдлийн систем тэр залуучуудад суулгаж өгч байгаа. Тэр залуучууд хэдхэн хоног болоход өөрийн эрхгүй өөрөө архинаас гарчихлаа гэдэг. Монголд байдаг бүхий л архины эмчилгээ, лам, бөөгөөр яваад арга ядсан хүн хүртэл очдог.  Тэгэхэд тэнд очоод архинаас гарч чадаж байна. Тиймээс бид энэ намрын чуулганаар төсөв хэлэлцэж байгаа энэ үеэр бүх сумдад амьдарч буй залуучуудаа архинаас гаргая гэдэг хөтөлбөрийг өргөн барих гэж байгаа. Энэхүү хөтөлбөрт архинаас гарсан залуучууд маань бас оролцсон. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэний дараагаар суманд хэн нэгэн залуу архинд орлоо гэхэд түүний араас хөөцөлддөг хүнтэй болно. Согтууруулах ундаа хэрэглэж байгаа бүх залуусыг архинаас гаргана.  Түүнчлэн архинаас гарсан хүнд нэн тэргүүнд шаардлагатай байдаг зүйл нь ажил байдаг. Нэгэнт архинаас гарсан хүмүүс амьдрах урам зориг өгөх ёстой. Энэ утгаар өнгөрөгч долоон сард залуучуудын хөдөлмөрийн төв биржийг ажилд оруулсан. Одоогоор нийтдээ 5000 гаруй залууг байнгын болон түр ажлын байранд зуучилсан байна. Хөдөлмөрийн биржээ манай холбооны салбар байгаа бүх газарт хүргэж ажиллуулна. Ингэхдээ огт ажил хийж үзэж байгаагүй залуусыг ажилтай болгоход чиглэнэ. Түүнчлэн огт хамт олонтой байж үзээгүй залуучуудыг хамт олонжуулах ажлыг хэрэгжүүлнэ.  Мөн нэг нэгээр нь ажилд зуучлах ер нь дүнгүй юм гэдгийг туршиж үзсэн. Тиймээс нутаг орноор нь, анги хамт олноор, айл саахалтаар нь, гудамжаар нь нэгтгээд бригадын системд оруулж байгаа. Энэ онд 28 бригадыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулж туршиж үзсэн. Үнэхээр сайн байсан. Тэдгээр залуусаас одоо хэр нь ажлаа хаяад ирсэн нэг ч залуу байхгүй.  Мөн ажил­лах чиглэлээр нь  мэр­гэшүүлэх ажлыг эхлүүлж байгаа. Хөдөө, орон нутгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдтэй хамтарч ажиллах ажлыг эхлүүлнэ. Дээр нь цэргийн ангид албаа хааж байгаа цэргүүдийг  хугацааг нь дуусах үеэр бүтээн байгуулалтын ажилд тасаг, салаагаар нь оруулах ажлыг бэлдэж эхэлж байна.  -Монголын залуучуудын хол­­бооны ерөнхийлөгчийн сон­гуулийг нээлттэй болгоё гэж ярьдаг. Түүнчлэн томилгоонд нь улс төрийн намуудын оролцоо байдаг гэсэн хардлага их гардаг. Таныг томилогдоход хүртэл тийм сайнаар хүлээж аваагүй? -Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Ц.Зоригтбаатар нараар харж болно. Гэхдээ Ц.Зоригтбаатар нам бус хүн шүү дээ. Тухайн нөхцөл байдлын үед намын оролцоо байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тухайн хүн нь ямар намын гишүүн бэ гэхээс илүүтэй үйл ажиллагааны чиглэл нь юу юм бэ. Тэр хүн улс төржиж байна уу үгүй юу гэдгийг нэгдүгээрт сайтар харах хэрэгтэй.  Түүнчлэн энэ байгууллага өөрийн гэсэн дүрэмтэй. Дүрмийнхээ дагуу хуралдаад сонгогдож байгаа. Намайг томилогдоход МАН төрийн эрхийг барьж байсан. Энэ нам яагаад өөрийн гэсэн хүнээ тавьж болоогүй юм бэ. Намын оролцоо тийм их байдаг юм бол би биш МАН-ын нэг гишүүн томилогдох байсан гэсэн үг шүү дээ. Тиймээс бүх зүйл дүрмээрээ явагдаж байгааг эндээс харж болно.  Мөн  дүрмийн шинэчлэлтийг давхар хийхээр хэлэлцүүлэг хүртэл өрнүүлээд явж байна. Тиймээс тунд удахгүй нэлээд нээлттэй, иргэний нийгмийн байгууллагуудад  үлгэр дууриал болж, шинэ жишиг үүсгэхүйц сайн зохицуулалтай дүрэмтэй байгууллага болгоно. Үүнд итгэлтэй байгаа.   Сайд, дарга нар ирэх онд хэдэн төгрөг зарцуулах тухай урьдчилсан тооцоо rapчээ -Танай байгууллага төрөөс санхүүждэггүй. Тиймээс сан­хүү­жилт­ийг хэрхэн бүрдүүл­дэг юм бэ? -Санхүүжилтийг хандиваар бүрдүүлдэг. Ямар нэгэн төсөл, арга хэмжээг зохион байгуулахын өмнө ивээн тэтгэгч нарт хандаж хандив хүсдэг. Түүнээс намаас юм уу эсвэл төрөөс санхүүждэггүй. Түүнчлэн зөв ажлын төлөө бол мөнгө үргэлж босдог. Ийм л зарчмаар ажилладаг.  -Олон нийтийн зүгээс энэ байгууллагыг мөнгө угаах боломжтой, улс төрийн карьер хөөхөд дэндүү ойрхон гэсэн өнцгөөс хараад байдаг. Тийм боломж бололцоо байдаг юм уу, энд? -Нэг ч гэсэн залуу ингэж чадаж байвал би хувьдаа баяр­лана. Мөн энэ байгууллага зөв­­хөн залуучуудын төлөө л ажил­лах хэрэгтэй. Түүнээс энэ байгууллагаас мөнгө угаах боломж, бололцоо байхгүй. Бизнес­ийн үйл ажиллагаа яв­уул­­­даггүй ашгийн төлөө бус байгууллага. Тэгэхээр энэ хар­далт нь худлаа юм.  Харин энэ бай­гууллагаар дамжаад Монголын үе үеийн сайхан залуучууд төрж гар­сан. Энэ байдал цаашид ч үргэлжилнэ. Удахгүй үндэсний залуучуудын зөвлөл бий болно. 330 гаруй төлөөлөгчтэй байна. Тэд Монгол Улсын залуучуудын нүүр царай болно. Энэ залуучууд яг ямар байх вэ гэдгээс хамаараад цаашид хэрхэх нь шийдэгдэнэ.  Дараагийн Монгол Улсыг авч явах тийм залуус төрнө. Тиймээс энэ 330 залууд та нар бол Монголын ирээдүйг авч ёстой гэдгийг хэлнэ. Би ч үүнд оролцох ёстой. Өөрийгөө байх ёстой гэж үзсэн амбийцтай залуус байвал энд багтаасай гэж бодож байгаа. Харин энэ 330 залуу нь баян, ядуу, шашин шүтлэг, үндэс угсаа нь хамаагүй. Гагцхүү Монгол Улсын иргэн байх ёстой гэдэг шалгуур тавьж байгаа.  -Өөрийн гэсэн санхүүжилтгүй байгууллагын дарга 9911 дугаар барьж, үнэтэй машин хөлөглөөд л? -Энэ байгууллагад ирээд би жил гаруй болж байна. Энд ирээд шууд ийм болчихсон юм байхгүй шүү дээ. Би бүх зүйлээрээ нийгэмд ил тод байдаг хүн гэж боддог. Тиймээс Монголын шинэ лидерүүд ингэж байхаас өөр аргагүй.  Юм бүхэн хаалттай байгаад ирэхээр авлига бий болдог. Тэгэхээр шинэ үеийн залуучууд бүх талаараа нээлттэй байх ёстой. Нийгэм нь ч үүнийг шаардаж байна. Цахим ертөнцөд улсынх нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь хүртэл үзэл бодлоо илэрхийлээд нээлттэй л байна шүү дээ. Тиймээс бид илэн далангүй байж байж энэ олон залуусын эрх ашгийн төлөө ажиллаж чадна.  -Та аль намын гишүүн бэ? -Би аль ч намын гишүүн биш ээ. Гишүүн бус хүн шүү дээ.
Д.Гантулга: Өндөгний харшилтай хүмүүс томуугийн эсрэг вакцин хийлгэж болохгүй
Сайн дурын дархлаажуулалтад Монгол Улсад бүртгэгдсэн бүх вакцинаар иргэд дархлаажуулагдаж болно Дархлаажуулалтын 10 хоног өчигдрөөс эхэллээ. Энэ удаа “Дархлаажуулалт бухий өвчнөөс сэргийлье” уриан дор болох аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга Д.Гантулгатай ярилцлаа. -Энэ удаагийн дархлаажуулалтын 10 хоногоор ямар ямар ажил хийх вэ? -Энэ жил Монгол Улс 20 дахь удаагийн вакцинжуулалтын 10 хоногийн аяныг зохион байгуулж байна. Энэ удаа уламжлал ёсоор 15 насны хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулна. Мөн эмнэлгийн эмч мэргэжилтэн, хүчний зарим байгууллагын ажилтнуудыг томуугийн эсрэг вакцинд хамруулахаас гадна анагаахын оюутнуудыг В гепатитын эсрэг вакцинд хамруулах юм. Дархлаажуулалтын 10 хоногийг Нийслэлийн эрүүл мэндийн газар, аймгуудын Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба зохион байгуулдаг. Вакциныг өрхийн эрүүл мэндийн эмч нар хийж байгаа. -Заавал хийлгэх дархлаажуулалтын хэдэн вакцин байдаг юм бэ? -Долоон вакцин бий. Эдгээр нь 11 халдварт өвчний эсрэг дархлааг тогтоодог. Сүрьеэ, В гепатит, халдварт саа, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, гахайн хавдар, улаанууд гэх мэт юм. Хэрвээ вакциныг хийхгүй бол өвчлөх эрсдэл өндөр. Тиймээс Дархлаажуулалтын хуулийн дагуу заавал хийх товлол гаргаад хүүхэд бүрийг үнэ төлбөргүй хамруулдаг юм. Ялангуяа хоёр хүртэлх болон долоо, 15 настай хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ вакцинжуулсан байдлыг үзээд хэрвээ аль нэгээс нь хоцорсон байвал харьяа дүүргийнхээ өрхийн эрүүл мэндийн төвд хандаж вакциныхаа бүрэн тунг хийлгүүлэх ёстой. Вакцины бүрэн тун гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй байдаг. Яагаад гэвэл бүрэн тунгийнхаа аль нэгэнд хамрагдаагүй байвал халдварт өвчиний дархлаа сул тогтоно гэсэн үг. -Сайн дураараа вакцин хийлгэж болдог гэж байсан. Хаана хандах ёстой вэ? -Сайн дурын дархлаажуулалтад Монгол Улсад бүртгэгдсэн бүх вакцинаар иргэд дархлаажуулагдаж болно. Ихэвчлэн иргэд томуугийн эсрэг, В, А гепатитын эсрэг болон улаан бурханы эсрэг вакцинд хамрагддаг. Сайн дурын дархлаажуулалтын кабинет ХӨСҮТ-ийн 101 тоотод ажиллаж байгаа. Энд ирж хийлгэж болно. Хөдөө орон нутгийн иргэд аймгийнхаа Эрүүл мэндийн газарт очиж хийлгэж байгаа. -Бүх вакцин өөр өөр үнэтэй гэсэн. Тодруулбал? -Томуу, улаануудынхыг 10 мянга, В гепатитынхийг 5000, А гепатитийнхийг 28110, улаан бурхан, сахуу, татрангийн-хийг 3000 төгрөгөөр хийдэг. Томуугийн вакциныг зургаагаас 35 сартай хүүхдэд сарын зайтай хоёр удаа хийх ёстой. Харин насанд хүрэгчдийн хувьд жилд нэг удаа хийлгэхэд болно. -Ханиадтай үед хийлгэж болох уу? -Бага зэргийн ханиадтай үед болно. Гэхдээ сайн дурын дархлаажуулалтын вакцин учраас халуураагүй, ханиадгүй байхдаа хийлгэвэл сайн. Ханиадтай үед хийлгэвэл ханиад сэдрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хүүхэд халуурах, хэсэг газар улайх шинж тэмдэг илэрнэ. Харин өндгөнд харшилтай хүнд томуугийн эсрэг вакцин хийлгэж болохгүй. -Томуугийн вакцин хийлгэсэн үед сөрөг нөлөө бий юу? -Сөрөг нөлөө харьцангуй гайгүй. Хүүхэд халуурах, хэсэг газар улайх шинж тэмдэг илэрнэ. Энэ нь хүүхдийн биеийн онцлогтой холбоотой. Харин өндгөнд харшилтай хүнд томуугийн эсрэг вакцин хийлгэж болохгүй. -Зарим хүн томуугийн вакциныг танай төвд хийж байгааг мэдэхгүй өөр газраас өндөр үнээр худалдаж авч хийлгэдэг гэх юм билээ? -Бид тухайн жилд сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж байгаа хүмүүсийн тоонд үндэслээд томуугийн эсрэг вакцины тоог нэмээд байгаа. Өнгөрсөн жил 23 мянган тунг хийсэн. Энэ жил 25 мянга болгож нэмхээр төлөвлөсөн. -Гаднаас худалдаж аваад хийлгэж болдог юм уу, Ер нь гадуур зардаг уу? -Ер нь вакциныг Дархлаажуулалтын хуулийн дагуу магадлан итгэмжлэгдсэн байгууллага хийх ёстой. Тухайн магадпан итгэмжлэгдсэн байгууллага вакцинаа Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл аваад оруулж ирсэн бол хийлгүүлж болно. -Танайд томуугийн эсрэг вакцин хийлгэе гэж хандаж байгаа хүн хэр олон байх юм? -Сайн байгаа. Хүмүүс хүүхэд, хөгшчүүлээ дагуулаад вакцин хийлгэх гээд ирдэг. Мөн, өөрсдөө ч гэсэн томуугийн эсрэг вакцин хийлгэе гэдэг. -Сүрьеэгийн эсрэг вакциныг хэрхэн хийлгэх вэ? -Энэ вакциныг хүүхдийг төрмөгц 24 цагийн дотор хийдэг. Онцлог нь сүрьеэгийн өвчлөлөөс хамгаалахгүй, харин энэ өвчний хүндрэлээс хамгаалдаг. Тухайлбал, тархмал хэлбэрийн сүрьеэ, сүрьеэгийн нянгаас хамгаалдаг. -Насанд хүрсэн хүмүүс томуугийнхаас бусад вакциныг хийлгэх боломжтой юу. Эсвэл хүүхэд байхдаа хийлгэсэн бол шаардлагагүй байдаг уу? -Дахин хамрагдах шаардлагагүй. Гэхдээ өөрсдөө сайн дураараа хамрагдаж болно. Ер нь вакцин хийлгэх нь хүүхдийн эрх, эцэг эхийн үүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Вакцин бол эрүүл мэндийн амин дэм шүү дээ. -Сайн дураараа вакцинд хамрагдаж байгаа үед томуугийнх, сүрьеэгийнх гээд нэг дор олон вакцин хийлгэж болох уу? -Хоёроос гурвыг нь л нэг дор хийлгэх боломжтой. Үйлдвэрлэгчийнхээ зааврын дагуу хийлгэхгүй бол болохгүй. Ер нь голдуу мөрөнд нь хийдэг. -Манайх энэ долоон төрлийн вакцины аль нэгийг нь үйлдвэрлэдэг үү. Хаанаас авдаг вэ? -Манайх үйлдвэрлэдэггүй. ДЭМБ-ын гэрчилгээтэй вакцинууд байдаг. НҮБ-ын Хүүхдийг ивээх сангаас авдаг. Тэгэхээр аюулгүй гэж ойлгож болно.
"Орон нутагт хуваарилагдах мөнгөний дүнд зарим өөрчлөлт орно"
Ерөнхийлөгчийн санаачилсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн зөвлөх Л.Дашдорж өнөөдөр УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барилаа.   Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутагт хөрөнгө, эх үүсвэрийг хуваарилах шалгуур үзүүлэлтүүдийг илүү тодорхой болгох, хувь хэмжээг хуулиар хатуу заан өгч хууль эрх зүйн орчинг илүү тогтвортой, удаан хугацаанд мөрдөх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.   Хуулийн төсөлд Монгол Улсын төсвийн Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд оруулах загварчилсан шилжүүлгийн шалгуур үзүүлэлтийн хувь хэмжээг Төсвийн тухай хуульд хүн амын тоо 70 хувь, нутаг дэвсгэрийн хэмжээ 10 хувь, аймаг, нийслэлийн татварын идэвх санаачилгын индекс 20 хувь байхаар хатуу зааж, сум, дүүргийн татварын идэвхи санаачлагын индексийг нэг хүнд ногдох орон нутгийн татварын орлогоос үндэслэн тооцохоор тусгажээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар орон нутаг өөрсдийн хөгжлийн төлөвлөлтийг дунд хугацаанд урьдчилан боловсруулах боломжтой болох төдийгүй сум, дүүргийн төсвийн хүрээнд баг, хороодод орон нутгийн хөгжлийн сан байгуулах хууль, эрх зүйн орчин бүрдэх юм. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, эх үүсвэрийг аажмаар нэмэгдүүлэх, үүнээс гадна Төсвийн тухай хуульд буй зарим зөрчилтэй заалтыг зохицуулах зорилгыг агуулсан байна. Уг хуулийн төсөл нь орон нутгийн төсвийн харилцааг зохицуулсан зүйл, хэсэг, заалтыг агуулсан таван зүйлтэй юм. Ерөнхийлөгчийн Эдийн засгийн зөвлөх Л.Дашдорж Шинээр өргөн барьсан хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн зөвлөх Л.Дашдоржоос тодрууллаа. -Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол агуулга юу вэ? -Энэ хуулийн төслийг нэг гол асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор өргөн барилаа. 2013 оноос эхлээд сум, дүүрэг, аймаг, нийслэлд бие даасан Орон нутгийн хөгжлийн сан байгуулах талаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Уг хуулиар орон нутгийн хөгжлийн санд хөрөнгө шилжүүлэх шилжүүлгийг тодорхой загварчилсан байдлаар шилжүүлэх ёстой. Шилжүүлгийн бүх итгэлцүүр үзүүлэлтүүдийг 25 хувь Төсвийн хуульд гэж тавьсан нь өнөөдөр амьдралд нийцэхгүй, тодорхой зөрчил агуулж байна.  Хүн амаас хамаарах үзүүлэлтийг 25 хувь гэж үзсэн нь хүн ам олонтой газар илүүтэй хохирох байдалд хүргэж байгаа юм. Нутаг дэвсгэр, төвөөс алслагдсан байдал гэдгийг мөн 25 хувь гэж үзсэнээс болж Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн Орон нутгийн хөгжлийн сангаас авч байгаа хөрөнгө бага хэмжээтэй, харин хүн ам цөөтэй ч нутаг дэвсгэр ихтэй аймгууд илүү санхүүжилт авах нөхцөл үүссэн. Гэтэл төсвийн зарлага бол хүн амынхаа тоотой шууд хамааралтай байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж иргэдтэй уулзах үеэрээ иргэдээс гаргаж байсан саналуудыг харгалзан үзэж хүн амаас хамаарах үзүүлэлтийг 70-80 хувьд тавих нь зүйтэй гэж үзсэн. Энэ дагуу хуулийн төсөл боловсруулсныг өргөн барилаа.   -Одоо УИХ-аар Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийг хэлэлцэж байна. Төсөв батлуулахаас өмнө энэ хуулийн төслийг хэлэлцүүлж амжих уу?   -Улсын нэгдсэн төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээс өмнө амжиж энэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулж амжина гэж үзэж байгаа. Хуулийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлээд явах боломжтой.   Хуулийг хэрэгжүүлснээр зардал нэмэгдэхгүй. Аймаг, орон нутагт хуваарилагдах мөнгөний дүнд зарим өөрчлөлт орно. Гэхдээ хүн амынхаа тоог дагаж өөрчлөгдөх учраас илүү амьдралд ойр, шударга тогтолцоо бүрдэнэ гэлээ.
Эрээний цагдаа нарын ашигтай бизнес нь Монгол охид
Эрээний цагдаа нарын ашигтай бизнес нь Монгол охид Эрээн хотод ажилласан хоёр дахь өдөр. Хоногоор бус хормоор хөгжин дээшилж буй энэ газарт цөөнгүй монголчууд ажил, амьдралаа залгуулдаг. Бидний сайн мэдэх “Нарантуул”, “Хар хорин” захын наймаачид бүгд эндээс бараагаа татдаг.  Бараа таваар, бизнес наймаа нь ашиг орлоготой байдаг зарим нь Бээжин, Тянжинь гээд цаашаа явдаг юм. Харин олонхи нь эндээс, Эрээнээс бараагаа бөөндөөд Улаанбаатарын  зүг хөдөлдөг аж.  Эрээн хотод өдөрт 2-3 мянган монголчууд орж гардаг гэдгийг албаныхан хэлж байна.  Харин баяр ёслолын өмнө энэ тоо хэд дахин өсдөг, бүр 10 мянга хол давдаг гэж байв. Тэгэхээр энэ чиглэлийн замын ачаалал, хүний хөл хөдөлгөөний талаар элдэв янзын төсөөлөл бичих нь илүүц зүйл байх. Хүний хар нүднээс бусад нь байдаг гэх энэ газарт өдөр бүр л бум бужигнаж, түм түжигнэж байдаг. Тэр хэрээр бас  элдэв янзын нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэсэн зүйл сонсогдох нь энүүхэнд юм. Эрээний наймаачид, эндэхийн хүмүүс үүндээ бүр дасчихсан бололтой юм. Элдэв зүйлийг сонирхож, сонжиж яваа над мэтийн хүмүүст эвгүйцэж, дургүйцмээр зүйл энд олон байх. Түүний нэг нь өнөөх эмх замбараагүй явдал, хэл ус мэдэхгүй харийнхны өвөр дамжсан биеэ үнэлэгч Монгол охид. Сүүлийн жилүүдэд бэлгийн замаар дамжих халдвар болоод ХДХВ/ДОХ-ын тархалт хүн ам ихээр дамжин өнгөрдөг газар нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжлийн хүмүүс онцолж  байсан. Тий­мээс  Монголын Улаан загалмайн нийгэмлэг хөдөлгөөнт хүн ам бу­юу галт тэргээр зорчигч эрсдэлт хүн ам буюу Эрээн хотод биеэ үнэлэдэг Монгол охидуудад энэ чиглэлийн  сурталчилгааг найм дахь жилдээ зохион байгуулж буй юм.   БНХАУ ирэх таван жилд ХДХВ/ДОХ асар хурдацтай тархах дэлхийн таван орны нэгд орсон байдаг. Тиймээс Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Эрээн хотын Улаан загалмайн нийгэмлэгийн ажилчид хамтран ХДХВ, ДОХ-ын эсрэг сурталчилгааг  хийж энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаарх мэдээлэл бүхий гарын авлагыг энэ хавийн хүмүүст тараасан. Тэр дундаа монголчууд ихээр цугладаг бас бидний хэлж заншсанаар “Зээл” буюу Эрээний төв захын орчим энэ сурталчилгааны ажлыг идэвхтэй зохион  байгуулсан. Энэ үеэр бид Эрээн хотод биеэ үнэлэдэг дөрвөн Монгол охинтой уулзаж ярилцсан юм. Тэдний хүсэлтээр нэрийг нь гаргаагүй болно.  "Энд хар тамхи татдаг охид ирсэн гэсэн" - Та хэд эрсдэлтэй ажил хийдэг юм байна. Энд бэлгийн замын халдварт өвчин идэвхтэй тархаж байгаа гэдгийг сонсож байсан уу. Ер нь ХДХВ, ДОХ-ын талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ. Өөрсдийгөө эрсдлээс хамгаалах талаар өмнө нь мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч байсан уу?  -Олон хүнтэй уулзаж ярилцах л хэцүү. Хүмүүс уулзаж ярилцана гэчихээд сонин сэтгүүл дээр гаргах гээд зураг аваад байдаг. Тиймээс охидууд уулзахаас зугтаадаг. Олон хүнтэй уулзах дургүй. Заримдаа хүмүүстэй уулзана гэж тохирчоод хүлээж байхдаа ямар хүн орж ирэх бол гэх  айдас төрдөг. Бидэнд хамгийн их хэрэгтэй зүйл бол мэ­дээж бэлгэвч. Мөн ной­тон сальфетка. Энэ талаар мэдээлэл сай­­тай байдаг. Улаан загалмайн нийгэмлэгийн эгч ирж бидэнд энэ та­лаар зөвлөгөө өгдөг. Бас бидэнтэй ярилцдаг. Тиймээс мэдээлэл сайтай байдаг.   -Та хэдийг харахад ойролцоогоор 25-30 орчим насныхан байна. Энд хэр удаан ажиллаж байгаа вэ. Бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орох тохиолдол байдаг уу? -Тухайн хүнийхээ со­нирх­лоос болно. Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд оръё гэдэг хүмүүс байдаг л юм. Гэхдээ бид ордоггүй. Хэрэв тийм хүн таарвал эмэгтэй бэлгэвч ашигладаг. Эрэг­тэй бэлгэвч бариу байдаг учраас зарим хүмүүс дургүй юм шиг байгаа юм. Эмэгтэй бэлгэвч хийхээр дуртай байдаг. Өөрт нь нөлөөлөх зүйл байдаггүй учраас тэр байх.    -Үзлэг, шинжилгээнд хэр хамрагддаг вэ. Ер нь ихэвчлэн хаана үзүүлдэг вэ? -Замын-Үүд рүү гарч эмнэлэгт үзүүлдэг. Замын-Үүдийн “Сэтгэл-Амар” төв болон эмэгтэйчүүдийн эмнэлэгт нь үзүүлдэг. Энд эмчид үзүүлж, шинжилгээ өгдөггүй. -Эрээнд зөвхөн монгол эмэгтэйчүүд үйлчлүүлдэг эмнэлэг байгуулах тухай  ярьж байгаа гэсэн. Хэрэв энэ эмнэлэг байгуулагдвал та нар очиж үзүүлэх үү? -Энд эмнэлэгт үзүүлнэ гэдэг хэцүү. Өвөрмонгол, хятадуудын хэлийг нь ойлгохгүй болохоор сайн ойлголцдоггүй юм. Тэгээд ч муу санаалаад ямар эм өгч байгаа юунд уудгийг нь мэдэхгүй учраас итгэдэггүй. Тэгснээс Замын-Үүд гарч үзүүлсэн нь дээр санагддаг. Өмнө нь үзүүлж байсан. Гэхдээ орон дээр гаргаж харчихаад л эм бичээд өгчихдөг. Биднээс шинжилгээ авдаггүй юм. Манай эмнэлэг чинь шинжилгээ аваад ямар эмчилгээ хийхийг нь хэлээд өгдөг бол энд тийм зүйл байдаггүй.  Энд эмнэлэг нээж байснаас Замын-Үүдэд тэр эмнэлэг нь байвал дээр байх. Хэрэв энд байвал охидууд бараг очихгүй. Замын-Үүдэд  нээгдвэл “Сэтгэл-Амар” төвтэй хамтраад ажиллавал  манай охидууд ч гэсэн амар. Ер нь манай охидууд сар бүр  Замын-Үүд гардаг учраас тэнд  байсан нь зүгээр байх. Угаасаа Замын-Үүдийн “Сэтгэл-Амар” төв болоод сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвд манай охидууд байнга очдог. -“Сэтгэл-Амар” төвийнхөн та хэдтэй тогтмол ирж уулздаг гэсэн. Та нар хаана уулздаг вэ. Гэрт чинь очдог уу? -Гадуур л уулзана даа. Голдуу буудалд. Гэрт уулзах ямар ч боломжгүй. -Энд Монгол охид хэр олон байдаг вэ, та нар хоорондоо уулзаж ярилцдаг уу?  -Бид дөрөв төлөөлөгч нь болж ирсэн болохоос биш охидууд олон бай­гаа. Нарийн тоог нь сайн мэдэхгүй. Ойр бай­даг хэдтэйгээ л уул­заж ярилцахаас өөр газар байгаа охидуудыг мэдэхгүй. -Эндхийн цагдаа нар хэр ажилладаг вэ. Биеэ үнэлэгч охидуудад шаардлага тавих, шалгалт хийх, торгох зэрэг арга хэмжээ авдаг уу. Хараад байхад хяналт сул юм шиг санагдсан? -Нэг шалгахаараа аймаар шалгадаг. Шалгалт явуулахаараа энд байгаа бүх охидын бичиг баримтыг хурааж авдаг. Хориод байхгүй ч торгууль тавьдаг. Харин торгуулиа төлөхгүй бол баривчилдаг гэсэн. Тийм болохоор баривчлагдахгүйн тулд торгуулиа төлөөд л гардаг. Сүүлийн үед эндхийн цагдаа нар нэлээд айхтар шалгадаг болоод байгаа. Яагаад гэхээр энд хар тамхи татдаг охид нэлээд ирсэн гэсэн. Тиймээс албадан шинжилгээ хийдэг. Бид нар цус, шээсний шинжилгээ өгсөн. Хэрэв шинжилгээгээр хар тамхи татсан нь илэрвэл торгодоггүй, хар тамга дараад шууд буцаадаг гэсэн. Ер нь бид нараас авч байгаа торгууль нь эндхийн цагдаа нарын бизнес болчихсон гэж болно.   -Нэг удаагийн торгууль нь ойролцоогоор хэдэн төгрөг байдаг вэ? -Торгууль нь өндөр. Хамгийн доод талдаа 2000 юанийн торгууль төлдөг. Тэгээд л түүнээс дээш. 3-5 мянган юанийн торгууль төлнө. Торгуулиа бид нар өөрсдөө төлнө. Эзэн хэзээ ч төлөхгүй. Ер нь нуулгүй хэлэхэд, бид нарыг баривчлаад торгууль тавьдаг нь эзэн цагдаа нарын хоорондын  бизнес болчихсон. Эд нар хэн хэндээ тэгж ашигтай ажиллаад сурчихсан.
О.Насанбурмаа дэлхийн шигшээд урив
ДАШТ-ий гурван хүрэл медальт, Азийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа ОХУ-ын Санкт-Петербург хотод энэ сарын дундуур дэлхийн тулааны спортын наадам болно. Энэ үеэр ОХУ-ын бөхийн төрлүүдийн холбооноос эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны төрөлд ОХУ-ын шигшээ баг болон дэлхийн шигшээ багуудын хоорондын халз тэмцээнийг зохион байгуулах хүсэлт гаргажээ. Олон улсын бөхийн нэгдсэн төрлүүдийн холбоо (FILA) уг хүсэлтийг дэмжиж дэлхийн шигшээ багт өрсөлдөх бөхчүүдийн нэрсийг зарлав. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 67 кг-ын жинд ДАШТ-ий гурван хүрэл медальт, Азийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа дэлхийн шигшээ багт нэр заан уригджээ.
Монгол-Туркийн хооронд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг үзэглэв
УИХ-ын дарга З.Энхболд БНТУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Энэ хүрээнд тэрбээр өчигдөр БНТУ-ын Ерөнхий сайд Р.Т.Эрдоантай уулзлаа. Уулзалтын үеэр Монгол-Туркийн хооронд иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг үзэглэв. УИХ-ын дарга З.Энхболд БНТУ-ын Ерөнхий сайд Р.Т.Эрдоантай уулзлаа УИХ-ын дарга  хоёр улсын парламент уг харилцааг цаашид бүх талаар хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгааг хэлээд Монгол Улсад орон сууцны хороолол барихад зориулж 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдвэрлэхэд Ерөнхий сайд Р.Т.Эрдоан биечлэн анхаарч, дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.  Мөн аялал жуулчлалыг өргөтгөх, Орхоны хөндий дэх эртний Түрэгийн хөшөө, дурсгалыг түшиглэн түүх, соёл, аялал жуулчлалын төв байгуулах, үүний тулд Хархорины нисэх буудлыг шинэчлэх талаар хамтран ажиллах саналыг тавьж байснаа УИХ-ын дарга дахин хэлээд түүнийг хурдасгахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Ерөнхий сайд Р.Т.Эрдоан “Монгол Улсад орон сууцны хороолол барихад зориулж хөнгөлөлттэй зээл олгох, Хархорины нисэх буудлыг шинэчлэхэд хамтран ажиллах зэрэг төсөл, арга хэмжээний талаар Улаанбаатарт ярилцсан зүйлээ бид хэрэгжүүлнэ” гэдгээ илэрхийлээд Туркийн хөрөнгө оруулалтыг татахын тулд зохих хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэйг зөвлөжээ. УИХ-ын дарга Турк Улст айлчилж байна Уулзалтын дараагаар УИХ-ын дарга Анкара хотын хуучин хорооллыг дахин төлөвлөж, шинэ хороолол барьж буй ажлын явцтай танилцлаа. Анкара хотын хуучин хорооллыг дахин төлөвлөж, шинэ хороолол барьж буй ажлыг сонирхов
Үерийн далангаас эрэгтэй хүний цогцос олджээ
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах үерийн далан. Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны үерийн даланд эрэгтэй хүний цогцос байна гэсэн мэдээллийг дүүргийн цагдаагийн хэлтэст иргэд өгсөн байна.  Мэдээллийн дагуу цагдаагийнхан болоод нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийнхэн очиход овог нэр, хаяг нь тодорхойгүй, 25-30 орчим насны эрэгтэй хүний цогцос үерийн далангийн тогтсон усанд байсныг гаргасан байна. Хэргийг БЗД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Бөөгийн ёсонд суралцах гээд 25 хүн амиа алджээ
4000 монгол өрхийн 20 мянган хүн бөөгийн шууд хамааралд байдаг гэсэн судалгаа бий. Энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, монгол бөөгийн үнэ цэнэ, олон зуун жил уламжлагдан ирсэн ёс заншил нь алдагдаж эхэлсэн. Хүмүүсийг албадан бөө болгож, үүнийгээ бизнес болгосон хэсэг бүлэгүүд ч бий болжээ. Үүний харгайгаар 25 хүн амиа алдан хэдэн зуун хүн эд хөрөнгөөрөө хохирсон хэрэг цагдаагийн байгууллагад ч олноороо бүртгэгдэх болж. Бөөгийн ёс зүй, зан үйлийг судлан үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэж байх сургалт судалгааны хүрээлэн байгуулах зайлшгүй шаардлага байна гэв. Монгол бөөгийн үнэ цэнэ ийнхүү алдагдаж, хэн дуртай нь бөө, удган болж байгааг цэгцлэх үүднээс “Оюуны өмчит” ТББ, Монгол бөө судлаач эрдэмтэд хамтран нэгэн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. “Монгол бөөгийн ёс зүй, монголын соёлын салшгүй нэг хэсэг” сэдэвт энэхүү хурлаар хэлэлцсэн гол асуудал нь бөөгийн ёс зүй, зан үйлийг судлан үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэж байх сургалт судалгааны хүрээлэн байгуулах зайлшгүй шаардлага байгааг хөндлөө. Мөн энэ тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Боловсролын сайд Л.Гантөмөр нарт шаардах бичиг хүргүүлсэн байна. Эрдэм шинжилгээний хурал 17.00 цагт өндөрлөх бөгөөд бөө хүний ёс зүйтэй байх 10 зарчимын тухай үргэлжилүүлэн хэлэлцэнэ хэмээн хүн судлаач, удган Р.Галбаяр хэлсэн. Тэрбээр монгол бөөгийн үнэлэмж олон нийтийн дунд эрс муудаж байгааг дурдаад, жинхэнэ бөөг бөө бусаас ялгах хэрэгтэй байна гэв. Энэ ч үүднээс “Оюуны өмчит” ТББ бөө нарын дунд судалгаа хийж эхэлжээ.
АНУ Египетэд үзүүлэх тусламжаа зогсоолоо
АНУ-ын Төрийн департаментын зүгээс Египетэд шударга, чөлөөт сонгууль явуулах үүднээс тусламжийг түр хугацаанд зогсоож байгаагаа мэдэгдсэн байна АНУ Египетийн засаг захиргаанд олгож байсан батлан хамгаалах зарим систем, мөнгөн тусламжаа зогсоолоо. Тус улсын Египетэд үзүүлдэг цэргийн тусламж жилд 1.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан юм. Энэ талаар “ВВС” мэдээллээ. АНУ-ын Төрийн департаментын зүгээс Египетэд шударга, чөлөөт сонгууль явуулах үүднээс тусламжийг түр хугацаанд зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Ялангуяа үүнд F-16 онгоц, “Апач” нисдэг тэрэг, “Гарпун” пуужин, “Абрамс” танкны нөөц хэсэг зэрэг батлан хамгаалах томоохон систем багтаж байгаа аж. Үүнээс гадна санхүүгийн тусламж болох 260 сая ам.доллар, 300 сая ам.долларын зээл оржээ.  Египетэд улстөрийн нөхцөл байдал одоо ч таагүй хэвээр байгаа юм. Өнгөрсөн ням гарагт л гэхэд тус улсад аюулгүйн албаныхан, Мухаммед Мурсигийн талынхан мөргөлдөж, 50 хүн амиа алдсан билээ. Ер нь Египетэд өнгөрсөн наймдугаар сард аюулгүйн хүч­нийхэн Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг дэмжигч хэдэн зуун иргэнийг хөнөөснөөс хойш АНУ тус улсад цэргийн тусламж үзүүлэх эсэхээ эргэн харахаар болсон юм. Гэхдээ Вашингтоны зүгээс эрүүл мэнд, боловсролын салбарт үзүүлж буй тусламжаа зогсоогоогүй байна.
Гамшгаас хамгаалах сургалт хийлээ
Нийслэлийн 25 дугаар тусгай сургууль гамшгаас хамгаалах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай хүүхдүүд суралцдаг гэдгээрээ ямар нэгэн болзошгүй аюулд бэлэн байх хэрэгцээ зайлшгүй байдаг байна. Тиймээс жилдээ хоёр удаа болзошгүй гал, усны аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулдаг талаар сургуулийн нийгмийн ажилтан Д.Ганбүргэд хэлсэн. Нийслэлийн 25 дугаар тусгай сургуулийг 1973 онд барьсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй 250 орчим хүүхэд суралцдаг. Тэдгээрийн 40 орчим нь хүнд хэлбэрийн өвчтэй, биеэ авч явах чадвар муутай хүүхдүүд байдаг аж. Гамшгаас хамгаалах үзүүлэх сургалтыг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс хамтран зохион байгуулсан бөгөөд сургуулийн багш, ажилчид төдийгүй эцэг эхчүүд оролцсон юм.
Ирэх оны төсөв хоёр дахь шат руугаа орлоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Энэ өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэлсний дараа хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ. Харин өчигдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг цаг сунган хуралдаж хэлэлцсэн юм.
Скарлет Йохансон: Холливудын хатан хаан болохыг хүсдэг
Холливудын жүжүгчин Скарлет Йохансон Дэлхийн хамгийн тачаангуй бүсгүйгээр хоёр дахь удаа нэрлэгдээд буй жүжигчин, Холливудын сайхан эмэгтэй Скарлет Йохансоны “Интервиев Магазин”-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.  Тэрбээр гоо үзэсгэлэн, этгээд хачин зан төрхөөрөө 2003 оноос эхлэн кино урлагт танигдаж, хэдхэн жилийн дараа дэлхийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг болж чадсан билээ. Түүнтэй “Магазин Таймс” сэтгүүлийн нэрт сэтгүүлч Даррен Аронофскай ярилцжээ.  -Ирсэнд баярлалаа. Скар­лет, дуулгах сонин ихтэй биз дээ?  -Таны урилгыг хүлээж авах үед наран шарлагын га­зар байлаа. Ая тухыг минь алдагдуулсанд баярлалаа. (Чан­гаар инээв) -Би харанхуй өрөөнд байх дуртай хүн л дээ. Бараг дөрөв, таван сарын хуга­цаанд харанхуйд амьдар­лаа. Наран шарлагын газар харанхуйгаас тийм ч их ялгарахгүй байх?  -Тийм ээ, би мэднэ. Чи дахиад л худлаа ярьж эхэл­лээ. Урьд нь ч бас ийм байсан шүү дээ. (Инээв). Далайн эрэг дээр биеэ шарж хэвтэнэ гэдэг тун боломжийн санаа шүү. Бодоход, тайван байхад тустай газар.  -Сайхан л санаа байна. Ингэхэд энэ ярилцлагаар би танд ямар зүйл өгч чадах юм бол. Надтай хэрхэн ярилцах гэж байна даа? -Би зүгээр л асуултад чинь “Тийм” эсвэл “Үгүй” гээд хариулчихья. -Ойлгомжтой, надад зөн­дөө асуулт байна. Ер нь бүх зүйлийг ярилцъя гэж бодлоо. Нээлттэй байгаарай, Скарлет?  - Хичээе, эрхэм ээ.  -Хоёр дахь удаа хамгийн тачаангуй бүсгүйгээр нэр­лэгд­лээ. Роман Дайрик (Скар­летын шинэ найз за­луу) энэ ертөнцийн хамг­ийн азтай залуу юм?  -Намайг секси эмэгтэй гэж боддог залууст баяр­лалаа. Гэхдээ би зүгээр л нэг ухаан муутай шаргал үст байхыг хүсдэггүй шүү. Роман бид хоёр гайхалтай байгаа. Биднийг асуусанд баярлалаа, гэхдээ бид хоёрын амьдрал бусдаас нууц байх ёстой. Тэр үүнийг хүссэн. -Тэгвэл надад хамаатай юм байна. (Инээв) Та хоё­рыг хамт байхад түүний утас дуугарвал танд сонин санаг­даж, хэн залгасныг лав­ладаг уу?  -Яг ийм зүйл тохиолдож байсан юм байна. Тэр нэг удаа өрөөнд байсан. Тэ­гээд утас нь дуугарч, хэн нэгэн­тэй ярилцсан. Дараа нь би түүний утас руу хэн залгас­ныг лавлахад жүжиг­лээд ч байгаа юм шиг хачин царай­лаад л. Түүнээс хойш бид­ний утас дуугарвал чанга яриг­чаар харилцан сонсдог болсон. (Инээв)  -Энэ хардалт уу, эсвэл сониуч зан уу?  -Чи эхнэрээ харддаггүй гэж үү.  -Та найз залуутайгаа үер­хээд удаагүй байгаа. Анх хэрхэн танилцсан юм бэ?  -Бичлэгийн студид.  -Хамгийн тачаангуй эмэг­­тэйг эргүүлэхэд түүнд хэ­цүү байсан болов уу?  -Мэдэхгүй юм даа. Би ер нь их удаан бодсон. Ер нь хүн онцгой санагдсан нэгэнд илүү татагддаг юм билээ. Ингээд нэг мэдэхэд бид дот­нос­сон байсан. Чи арай бидний хөнжлийн асуудлыг сөхөх гэсэн юм биш биз дээ. (Инээв)  -Арай өөр зүйл асууя. Та Холливудад хөл тавиад багагүй хугацаа үджээ. Танд зөвхөн жүжигчин бус найруу­лагч болон бу­сад чиг­лэ­лээр ажиллах сонир­хол бий юу?  -Жүжигчин, найруулагч хоёр тусдаа ойлголт. Най­руулагч гэдэг бол тун өргөн хүрээтэй ойлголт юм шүү. Бусдыг ойлгох чанар, амьдра­лын өөр мөчлөгүүд гээд най­руулагч гэдэг бусдын нү­дээр амьдралыг харж байх шаардлагатай хүн. Миний бодлоор хүн бүрт ийм гоц авьяас заяадаггүй. Хөгжмийн зохиолч гэдэг хүн ганцхан зүйлийг хараад түүнд л уран бүтээл зориулахыг хүсдэг бол найруулагч эдгээрийг цогцлоох ёстой. Магадгүй ирээдүйд урлаг доторх зам минь сална. Надад уран бүтээл хийх хүсэл байдаг. Гэхдээ яг одоо суралцаж байна.  -Миний хувьд кино бү­тээнэ гэдэг тун сайхан ажил юм шиг санагддаг. Таны бүтээсэн дүрүүд нэг тийм хэрцгий, эрэмгий сэт­гэгдэл төрүүлсэн. Жү­жигч­ний чад­вар гэдэг байга­лийн авьяас юм болов уу, эсвэл най­руулагч, кино бүтээгч­дийн “захиалга”-аар ил гар­гадаг уу?  -Янз бүр. Жишээлбэл, “Марвел”-ын кинонд тог­лоход надад хэцүү байсан. Дүрээ авсны дараа тоглолтууд нь тун хүнд санагдсан шүү. Эрсдэл ихтэй, хурдтай зу­раг авалтын үед зоригтой эмэгтэйн дүрийг гаргана гэ­дэг төвөгтэй. -Хэрэв би кино зохиолч байсан бол юун түрүүнд таныг шинэ бүтээлдээ тог­луулахыг хүсэх байлаа. Энэ нь зөгнөлт бүтээл байх бай­сан. Зөвшөөрөх байсан уу?  -Их сонирхолтой санаг­даж байна. Яагаад гэвэл хүн бүр ирээдүйг тэс өө­рөөр зөгнөн боддог. Би сая­хан “Спайк” хэмээх бү­рэн хэмжээний зөгнөлт ки­­­­нонд тоглолоо. Энэ кино тун сонир­холтой бүтсэн. “Спайк” бол ертөнцийн зөг­нө­­лийг харуулсан, тухайн үед хүмүүсийн сэтгэл зүйд юу бодогдож, ямар үйлдэл хийж, хэн нь хэн байсныг таниу­лах сэтгэл зүйн гай­халтай бүтээл. Хэрэв чи­ний урилга надад ирвэл бодож үзэхээс татгалзахгүй байсан. (Инээв)  -Скарлет, энэ асуул­тад чин сэтгэлээсээ хариу­лаарай. Холливудын сай­хан бүсгүйчүүд ямар уч­раас үзэсгэлэнт төрхөө олон жи­лийн турш хадгалж чад­даг юм бол. Өөрийнхөө турш­лагаас хуваалцаач? -Зөвхөн Холливудын бүс­гүйчүүд гэлтгүй энэ дэл­хийн бүх эмэгтэй үзэсгэ­лэнтэй төрхөө хадгалахын тулд өөр, өөрсдийн нууц жортой болов уу. Миний хувьд эрүүл хооллолт, сэтгэл санаагаа тогтвортой байлгахад ан­хаарлаа хандуулдаг. Бурхан эмэгтэй хүн бүрт үзэсгэлэн гоо заяахын сацуу гайхалтай тэвчээр, ухаан, бодол бэлэг­лэсэн байдаг гэдэгт итгэдэг. -Би таны ээжийн талаар уншиж байсан. Жүжигчний мэргэжлээ тун сонирхолтой байдлаар эхлүүлж байсан юм билээ. Магадгүй энэ мэргэжлийг сонгоход ээж тань нөлөөлсөн байх?  -Тийм ээ, эргэлзээгүй. Намайг хүүхэд байхад ээж маань их олон кинонд тог­­­лож, тэр бүр нь надад гайхалтай санагддаг байлаа. Тэр книо урлагийг хайрладаг сайхан эмэгтэй.  Тэр дундаа ээж маань мюзиклд ухаан алдталаа дурладаг байсан. Тэр 1970-аад оны Элиа Каза­ны бүх киног шимтэн үзэж, түүнээс суралцдаг байсан тухайгаа надад ярьдаг. Тэр үед би есөн настай жаахан охин байлаа. Ингээд л хэд­хэн жилийн дараа кино урлагт татагдан орсон.  -Сонирхолтой. Та есөн наснаасаа урлагтай холбогд­сон. Өнгөрсөн бүх­нийг товч дүгнээч?  -Өнгөрснөөс илүү цааш­дын он жилүүд надад чухал байна. Хүн өнгөрсөн зүй­лийг эргэцүүлэхдээ сайхан дурсамжаас илүү харамсах бодол илүү төрдөг. Тийм болохоор би кино ертөнцийн ха­тан хаан болох зорилго тавьж, түүний төлөө тэмцэнэ.
Г.Эрхэмбаяр дэлхийн аварга болжээ
“Сүлд” спорт хорооны тамирчин Г.Эрхэмбаяр АНУ-ын Лонг-Бийч хотноо жюү-жицүгийн мастеруудын болон ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-6-ны өдрүүдэд боллоо.  Энэхүү тэмцээнд Монголын жюү-жицү бөхийн холбооны шилдэг есөн тамирчин оролцож, хүч чадлаа сорилоо.   Мастерсын 30-35 насны ангилалд хөх бүсний +100 кг-ын жинд барилдсан “Женко” клубын тамирчин Б.Ариун-Эрдэнэ, ягаан бүсний 88 кг-ын жинд МУБИС-ийн тамирчин О.Болд-Эрдэнэ нар дэлхийн аварга болж төрийн дууллаа эгшиглүүллээ. Түүнээс гадна бор бүсний 82 кг жинд хүч үзсэн “Женко” клубын тамирчин Д.Мөнхбаясгалан хүрэл хүртлээ. Харин ахмадын буюу  35-40 насны ангилалд хөх бүсний 100 кг-ын жинд барилдсан “Сүлд” спорт хорооны тамирчин, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр дэлхийн аварга болсон байна.
Хятад эр юуны учир охид эмэгтэйчүүд, бага насны хүүхдийн зургийг нууцаар авч байна вэ
Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байрлах "Дөлгөөн нуур" төвийн арын 62 дугаар байр Сүхбаатар дүүргийн 62 дугаар байрранд амьдрах хятад эр нууцаар зураг дарах болжээ. Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвс­­гэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөлгөөн нуур” тө­вийн ард байрлах 62 дугаар байрны оршин сууг­­­чид айдас, хүйдэстэй амь­дарч байна.  Учир нь тус байрны хоёр­дугаар орцны оршин суугч хижээл нас­ны нэгэн үл таних хятад эр хоёр сарын өмнөөс монгол охид бүсгүйчүүд болон бага насны хүүхдүүдийн зургийг дарах боллоо гэсэн иргэдийн гомдлын дагуу сурвалжлав.  Тус байрны оршин суугчдаас “Хоёр сарын өм­нөөс гуравдугаар давх­рын цаа­саар халхалсан цонх­ноос зургийн аппа­рат­ны гэрэл байнга гялалзах бол­сон. Тэнд хижээл насны хал­­зан толгойтой хятад эр амьдардаг юм. 2011 оны дө­рөв­дүгээр сард анх энэ бай­рыг ашиглалтад ороход л нүүж ирсэн.  Гэтэл нөгөө хятад эр монгол охид, эмэгтэйчүүд бо­лон бага насны хүүх­дүүдийн зургийг авдаг юм шиг байна. Бид бие биедээ анхаа­руулга, сэрэмжлүүлэг өгсөн.  Тэр тусмаа бага нас­ны хүүхдийг ганцааранг нь гаргахаас ч айдаг болсон” гэх гомдол, мэдээлэл ирсний дагуу манай сурвалжлах хэ­сэг тус газрыг зорьсон юм. Үнэхээр иргэдийн ярьж бай­гаа шиг 62 дугаар байрны гуравдугаар давхрын захын цонхыг цаасаар битүүлсэн харагдав.  Бид өдөр, шөнөгүй охид, эмэгтэй­чүүд төдийгүй бага насны хүүхдүүдийн зур­гийг дардаг гэх хятад эртэй уулзахаар хаалгыг нь нэлээд хугацаанд нүдсэн ч тайлж өгөөгүй юм. Тиймээс энэ талаар тус байрны оршин суугч Б.Зулцэцэгээс зарим зүй­лийг тодруулав.  Тэрбээр нөхөр хүүхдийн хамт амьдар­даг бөгөөд нөхөр нь өглөө ажил­даа гараад орой ирдэг гэнэ. Тиймээс хоёр ой хүрч байгаа хүүтэйгээ өдрийг өнгө­рүүлдэг аж. Өмнө нь өдөрт 2-4 цаг гадаа хүүхдээ тоглуулж, салхилдаг байсан бол өнөөх хятад эрээс болж гадаа ч гарахаа больсон байна.  Оршин суугч Б.Зулцэцэг Б.Зулцэцэг: Бид хоёрыг алга боллоо гэхэд хэн ч мэдэхгүй шүү дээ -Та хоёрдугаар орцонд амьдардаг хятад эрийг таних уу? -Үгүй ээ, огт танихгүй. -Гэхдээ царайг нь харж байсан биз дээ?  -Халзан толгойтой, хи­жээл насны хятад байдаг гэж л сонссон.  -Оршин суугчдын ярьж байгаагаар тэр хятад эр таны зургийг нэлээд их дарсан гэж байна? -Харин тэгж яриад бай­на.  -Уучлаарай, та өөрөө гэрт нь орж зургаа даруулаагүй гэсэн үг үү? -Үгүй ээ, хүүтэйгээ байр­ны гадаа байхад л дарсан юм шиг байна лээ. Түүнээс биш юу гэж гэрт нь орж зургаа даруулах юм. -Огт танихгүй хятад эр зургийг чинь дарсан гэхээр ямар санагдах юм бэ?  -Аймаар санагдалгүй яах вэ дээ. Эхлээд би огт мэдээгүй байсан. Өдөрт хүү­тэйгээ байрныхаа гадаа салхилдаг. Гэтэл хоёр сарын өмнөөс хоёрдугаар орцны гурван давхрын цонхоор хятад эр зураг дараад байна гэж хү­мүүс ярьж эхэлсэн.  Миний зургийг зөндөө дарчихсан байсан гэсэн. Ямар учраас зураг, хөрөг дарж байгаа нь үнэхээр сонин байна. Бас айж байна.  Тухайлбал би өдөрт хүү­­тэйгээ хоёулхнаа бай­даг. Муугаар бодоход хүү бид хоёрыг алга болчихсон байвал хэн ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс өдөрт гэрээсээ гарахаа больсон.  -Оршин суугчдын ихэнх нь хятадууд юм байна. Анх ямар компанитай байрны гэрээ байгуулсан юм бэ? -Тийм ээ, ихэнх нь хя­тадууд. Бид “Пүүжин лихө” ХХК-ийн эзэн Жинхай гэгчтэй гэрээ байгуулсан юм. Анх байр захиалахдаа ийм олон хятад амьдрах талаар юу ч мэдээгүй. Бидний яриа ийн өн­дөрлөв. Эл барилгын эзэн нь Жинхай гэгч хятад эр байдаг бөгөөд барилгыг 2011 онд ашиглалтад оруулжээ. Хоёр орцтой 10 давхар тус байранд 120 айл амьдардаг гэх.  Харамсалтай нь тэдний 80 гаруй хувь нь хятадууд, өвөрмонголчууд байдаг аж. Энэхүү 62 дугаар байрны хажуухан талд 60 дугаар байр бий. Тэнд ч гэсэн хятадууд олноороо амьдардаг байна.  Цонхны цаана юу нуугдаж байгаа нь “оньсого” хэвээр үлдэх вий.  Эл цонхны цаана чухам ямар үйл явдал болж, юу нуугдаж байгааг таахын аргагүй. Магадгүй оршин суугч­дын ярьж байгаа шиг өнөөх үл таних хятад эр монгол охид, хүүхнүүд, бага насны хүүхдүүдийг хүний наймааны золиос болгох гэж судалж, зураг хөргийг нь дардаг ч юм уу мэдэх аргагүй байна.  Тийм л биш юм бол тус байрны 78 тоотод амьдардаг гэх үл таних хятад эр үүрийн гэгээнээс үдшийн бүрийг хүртэл цонхоо битүүлж, охид, хүүхдүүдийн зургийг нууцаар дарж байгааг хэрхэн тайлбарлавал зо­хилтой. Энэ цонхны цаана чухам юу нуугдаж, ямар аюул зөгнөөд байна вэ зэрэг олон асуулт хариултгүй үлдэх вий.  Өнөөдөр биш юм аа гэхэд маргааш тус байрны Монгол оршин суугчид “Охин маань алга болчихлоо, гадаа тог­лож байсан хүүхэд минь алга” гээд уйлан хайлан явж байхыг хэн ч үгүйсгэхгүй. Хууль хяналтынхан ч нир­гэсэн хойно нь хашгирах вий дээ.  Уг нь хоёр сар гаруй ху­гацаанд үргэлжилж бай­­­­гаа уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн алба хаагчид хамгийн сайн мэдэж байх ёстой.  Гэтэл Сүхбаатар дүүр­гийн Цагдаагийн I хэлтсийн есдүгээр хороо­ны хэсгийн байцаагч, цаг­даа­гийн ахлах дэслэгч Я.Цэнд­сүрэн “Анх удаа л ийм зүйл сонсож байна” гэх утга­тай зүйл хэлж байгаа нь харамсалтай.  Ямартай ч эл хэргийг хууль хяналтынхан төдий­гүй холбогдох газрууд нь анхааралдаа авч, үнэн зө­вийг нь тодруулахгүй бол тус байрны монгол оршин суугчид хэн ч танихгүй хижээл насны хятад эрийн золиос болох эсэх нь зөвхөн цаг хугацааны асуудал бо­лоод байна. Цонхны цаана ямар амьдрал өрнөж, юу нуугдаад байгаа нь “оньсого” хэвээр үлдэх вий.
Шинэ уулзварыг маргааш нээнэ
Гэмтлийн эмнэлгээс уруудсан замыг I хорооллын арын замтай шууд холбосон шинэ уулзварыг маргааш нээхээр боллоо. Энэхүү уулзвар нь төв зам болон 3, 4 дүгээр хорооллын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад чухал үүрэгтэй. Энэхүү ажлын дараа тус уулзвараас зүүн тийш далан дагуу Х хороолол хүртэл, баруун тийш ХХI хороолол руу нэвт гарсан шинэ замууд барих юм.
Японы чөлөөт бөхийн холбоо Асашёорюүг шагнахаар болжээ
МЧБХ-ны ерөнхийлөгч, мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж Японы чөлөөт бөхийн холбооноос МЧБХ-ны ерөнхийлөгч, мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадоржийг тусгай шагналаар шагнахаар болжээ. Тус шагналыг арванхоёрдугаар сард Токио хотод болох Бүх Японы чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр гардуулах аж. “Асашёорюү Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч болсноос хойш монгол бөхчүүдийн амжилт эрс өслөө. Өнгөрсөн сард Унгарт болсон ДАШТ-д Монголын эмэгтэйчүүд багаараа Японы дараа хоёрдугаар байрт орсон нь түүхэн амжилт юм. Тиймээс Японы чөлөөт бөхийн холбооноос Асашёорюүгийн Азийн чөлөөт бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, тусгай шагналаараа шагнахаар болжээ” гэж тус улсын “Споничи” сонинд бичсэн байна. Гэхдээ энэхүү шагнал ирэх жил болох FILA-гийн сонгуультай холбоотой. Өдгөө FILA-гийн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа Японы чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Фүкүда Томиаки 2014 онд ажлаа өгөхөөр болсон бөгөөд оронд нь 1984 оны олимпийн аварга Томияма Хидэаки сонгуульд өрсөлдөхөөр болсон. Ази тивээс дэд ерөнхийлөгчийн суудлыг хадгалан үлдэхийн тулд Томиямаг дэлхий дахинд нэр алдраа цуурайтуулсан Асашёорюүгээр дэмжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа аж. Түүнчлэн FILA-гийн ерөнхийлөгч Ненад Лалович чөлөөт бөхийн ертөнцөд шинэчлэл хувьсгал хийхээр болж, Ази тивийнхний амжилттай барилддаг бага жингүүд болон эмэгтэйчүүдийн жинг цөөлөх магадлалтай болсон. Тиймээс Азийн чөлөөт бөхийг хамгаалах Д.Дагвадоржийн ирээдүйн гавьяаг үнэлж шагнаж байгаа аж.
Элчин сайдуудыг томиллоо
Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах саналаа УИХ-д ирүүлсэн. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мундагбаатарын Батсайхан,  Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цолмонгийн Болор, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэл, Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ваанчигийн Пүрэвдорж. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ асуудлыг зөвшилцөөд Элчин сайдад нэр дэвшигчдийг зуун хувийн саналаар дэмжсэн юм. Харин өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүдийн олонх Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ. Гишүүд гадаад оронд байгаа Монгол иргэддээ үйлчлэх, тэдний эрх ашгийг хамгаалахад анхаарч ажиллахыг шинээр томилогдож байгаа Элчин сайдуудад захилаа. Мөн Монгол Улсаа сурталчлах, улсынхаа нэр хүндийг унагааж байгаа хил дамнасан хууль бус наймаанаас болгоомжлохыг анхааруулж байв.
“Dreamliner” ослын буулт хийжээ
Japan Airlines компанийн Boeing-787 Dreamliner агаарын хөлөг Japan Airlines компанийн Boeing-787 Dreamliner агаарын хөлгийн ариун цэврийн өрөөнд доголдол илэрсний улмаас Москвагийн Домодедово нисэх буудалд ослын буулт хийв. Онгоцонд Н4 зорчигч, экипажийн 10 гишүүн байжээ. Авиа компанийн төлөөлөгч мэдэгдсэнээр, “00”-ийн өрөөнүүд жагсаалаас гарснаас гадна хоол халаах төхөөрөмж нь ажиллагаагүй болоод байжээ. Boeing-787 Dreamliner Москвагаас Токиогийн зүг хөөрөөд хоёр цагийн дараа ийнхүү буцаж газардсан байна. Дэлхий даяар 50 орчим Dreamliner агаарт хөөрч буйн 24 нь Japan Airlines компанид харъяалагддаг. 2013 оны эхээр тус агаарын хөлгүүдийн зай цэнэглэгч доголдож бүх нислэг нь зогсч байжээ.
Н.Удвал: Эрүүл мэндийн салбарт ирэх онд ашиглалтад орох барилга байхгүй
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.  -Сүүлийн үед эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн ажил нэлээд хийгдэж байгаа. Энэ талаар тодруулаач?  -Эрүүл мэндийн салбарын шинэчлэл их өргөн цар хүрээтэй хийгдэж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард эрүүл мэндийн сайдын 375 дугаар тушаал гаргаж, салбарын суурь шинэчлэл, эрүүл мэндийн тогтолцоонд иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад саад болж байгаа үзүүлэлтүүдийг засч, залруулах шинэчлэлийн бодлогоо гаргасан. Тухайлбал, нэн түрүүнд хүлээлгэх чирэгдлийг бууруулъя, эмнэлгийн байгууллагуудад яаралтай тусламжийн цэг тасгуудыг байгуулъя, төвлөрлийг сааруулж, нэг эмнэлэгт биш дүүрэг, аймагт төвлөрлийг бий болгохыг зорьж байна.  Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулахыг салбарын шинэчлэлийн гол бодлого болгосон. Салбарын түүхэнд анх удаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын маш том үндэсний хэмжээний судалгааг ЭМШУИС-иар хийлгүүлсэн. Үүнээс үндэслэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үндсэн таван үзүүлэлтийг тогтоосон.  Тодруулбал,мэргэжлийн алдаа доголдол, ёс зүйн зөрчлийг арилгуулах, эмнэлгийн дотоод халдвар дамжихаас сэргийлэх, эмнэлгийн мэс ажилбарууд, янз бүрийн оношилгоо эмчилгээний эрсдлээс сэргийлэх гэх мэтчилэн таван үзүүлэлтийг зорилго болгож, эдгээрийг бууруулахын төлөө ажиллаж байгаа нь эрүүл мэндийн салбарт гарч байгаа ахиц гэж хэлж болно.  -Эрүүл мэндийн салбарт гарч байгаа нүдэнд харагдахуйц ямар ахиц байна вэ?  -Эрүүл мэндийн салбарт олон ахиц гарч байгаа. Тухайлбал, энэ оны эхний есөн сарын байдлаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний толь болсон статистик мэдээлэл албан ёсоор гарсан байна. Энэхүү статистик үзүүлэлтээс харахад улсын хэмжээнд төрөлт өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 4000 мянгаар нэмэгдсэн байгаа.  Эх, хүүхэд, нярайн эндэгдэл бүгд буурсан үзүүлэлттэй гарсан. Хамгийн чухал нэг үзүүлэлт нь өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ онд улсын хэмжээнд нас баралт 831 тохиолдлоор, халдварт өвчин улсын хэмжээнд 6.7 хувиар буурсан. Түүнчлэн улсын хэмжээнд энэ онд 9333 хүнээр илүү олон хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, 1.2 сая гаруй хүнийг амбулаторийн үзлэгт хамруулсан байна. Энэ мэт үзүүлэлт нь эрүүл мэндийн салбарт ахиц өөрчлөлт гарч байгаа гэдгийг нотлох томоохон шалгуур болж байна гэдгийг онцолж хэлье. Гэвч бидэнд засч, залруулах олон асуудал байгаа. Ер нь бид олон шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж байна. Харамсалтай нь бодлогууд маань ЭМЯ-аас гараад байгууллагууд дээр очоод гацчихаад байна.  -Үүнээс гарах гарц байна уу. Энэ талаар ямар нэгэн ажил хийж, хэрэгжүүлэх үү?  -Шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх шатыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс бид өнгөрсөн амралтын өдрүүдэд ЭМЯ-нд шинэчлэлийн бодлогыг сурталчилах сургагч багш нарыг бэлдсэн.  Өнөөдрөөс /өчигдөр/ эхлэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажилчдад шинэчлэлийн бодлогын сургалтыг явуулах гэж байна. Түүнчлэн шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор энэ сарын 10-аас ирэх арванхоёрдугаар сарын 01-нийг хүртэл ЭМЯ-наас Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад шалган туслах зөвлөх багийг явуулж ажиллуулна. Энэхүү баг нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр, Эрүүл мэндийн сайд нийслэлийн захирагчтай хамтран байгуулсан үр дүнгийн гэрээ хэр зэрэг хэрэгжиж байгааг үнэлэх юм.  Ажлын хэсэгт сайдын зөвлөл гишүүд, ЭМЯ-ны ерөнхий мэргэжилтнүүд мөн мэргэжлийн салбар зөвлөл оролцсон 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Ажлын хэсгийн гаргасан үр дүнг эрүүл мэндийн сайд, нийслэлийн Засаг даргын зөвлөлтэй хамтарсан хурлаар авч хэлэлцээд цаашдаа ямар арга хэмжээ авах эсэхийг шийднэ. Энэ мэтчилэн анхан шатны байгууллагууд дээр ЭМЯ-аас дэвшүүлсэн шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн ажлыг тууштай явуулах гэж байна.  -Эрүүл мэндийн бодлогын сургалт зөвхөн нийслэлд явагдах юм уу?  -Эрүүл мэндийн бодлогын сургалт орон даяар явагдана. Ингэж байж бид нэгэн зэрэг ойлголттой болно. Анхан шатны байгууллагууд бодлого хэрэгжүүлэх мэдлэгтэй, ижил ойлголттой болно гэсэн үг. Түүнээс биш хэчнээн бодлого боловсруулаад үр дүн нь зорилтот бүлэгтээ хүрэхгүй бол энэ бодлого төдийлөн гарт баригдаж, нүдэнд үзэгдэх хэмжээнд үр дүнтэй болж чадахгүй. Тиймээс ч бид хэрэгжүүлэх нэгж байгууллага дээр анхаарч ажиллаж байгаа.  -Он дамжин баригдаж байгаа эрүүл мэндийн салбарын барилгуудын асуудал юу болж байна вэ? -Салбарын барилга байшингийн асуудал хүнд байгаа. Тухайлбал, он дамжин ашиглалтад орохгүй байгаа олон барилга байна. Тиймээс ЭМЯ-ны зүгээс маш олон арга хэмжээ авсан. Засгийн газар, УИХ-ын байнгын хороонд хэлэлцүүллээ, төсвийн ерөнхий захирагчийн хувь дотоод аудитыг хийлгэж, гэрээг нь дүгнүүлсэн. Энэ мэт ажлын үр дүнд сая Ерөнхий сайдын захирамж гарч ажлын хэсгийг гаргаж, уг асуудлыг Засгийн газарт оруулахаар болсон. Би өөрөө биечлэн бүх гүйцэтгэгчтэй уулзаж, барилгын ажлыг хурдасгах талаар үүрэг даалгавар өгсөн. Харамсалтай нь яаж ч хичээгээд ирэх онд ашиглалтад орохгүй олон барилга байна.  IV төрөхийн барилга -Эдгээр барилгуудын ашиглалтад орохгүй байгаа гол шалтгаан нь юу байна?  -Шалтгаан нь ерөөсөө л төсөв өртөг нь ихэсчихдэг асуудал. Зарим барилгын гэрээ нь олддоггүй. Хариуцсан гүйцэтгэгч эзэн нь алга болчихсон байх жишээтэй. Энэ мэт хариуцлагагүй олон зүйл байгаа болохоор бид долоон барилгын гүйцэтгэгч компанийг хууль хяналтын байгууллагад өгсөн. 10 гаруй гүйцэтгэгч компанид тодорхой хугацаа өгөөд ашиглалтад оруулахгүй бол хууль хяналтын байгууллага руу шилжүүлнэ гэсэн шаардлагыг тавилаа.  Хамгийн хүндрэлтэй асуудал нь зарим барилгын төсөвт өртөг хүрэлцэхгүй, зах зээлээ дагаад нэмэгдчихсэн байна. Тухайлбал, Яармагт баригдаж байгаа 19 тэрбум төгрөгийн өртөгтэй төрөх эмнэлгийг барьж байгаа гүйцэтгэгч компанийн зүгээс 14 тэрбум төгрөг нэмж өгвөл барьж дуусгана гэсэн шийдвэр гаргасан. Тэр 14 тэрбумыг бид хаанаас ч гаргаж чадахгүй байна. УИХ ч тэр Засгийн газар ч тэр шийдэж чадахгүй байна. Уг нь хуульд гүйцэтгэгч компанийн зүгээс аливаа байгууллагын барилгыг төсөвт өртөгийг 10, цаашлаад бүүр 30 хувиар нэмсэн нөхцөлд дахин тендер зарлаж, дуусгана гэж заасан байдаг. Тэр хүмүүсийн хүссэнээр төсөвт өртөгтэйгээ адилхан хэмжээний мөнгийг төлж, дахиж төсөвт өртөгөө нэмэгдүүлэх хүчин чадал өнөөдөр Монгол Улсын эдийн засагт байхгүй.  Ийм учраас Эрүүл мэндийн салбарт баригдаж байгаа барилга байшингууд бүхэлдээ түгжрэлд орчихоод байна гэж хэлж болно. Тухайлбал, ирэх онд ашиглалтад орох барилга бараг байхгүй. Учир нь он дамжсан барилгууд төсөвт хөрөнгө нь үндэслэлтэй, үндэслэлгүйгээр маш их хөөсрүүлчихсэн байдаг. Өөрөөр хэллбэл, өмнөх Засгийн газраас өвлүүлж өгсөн бэрхшээл, хүндрэлүүд олон байна.  -Тэгэхээр Түлэнхийн төвийн барилга ч гэсэн мөд ашиглалтад орох боломжгүй гэсэн үг үү?  -Түлэнхийн төвийн хувьд дэд бүтэц, дулааны техникийн нөхцлийг энэ жилийн төсөвт суулгаагүй байсан. Үүнтэй холбоотой зураг төсөлд өөрчлөлт орсон. Зураг төсөлд өөрчлөлт оруулаад тендер зарлах гэтэл анхны төсөвт хөрөнгөнөөсөө барих төсөв хэд дахин нэмэгдсэн байсан юм. Тэгэхээр ямар мөнгөө гаргаж өгөх вэ гэдгийг ямар ч сайд шийдвэр гаргаж чадахгүй хэмжээнд очоод байна. Засгийн газарт асуудлаа оруулсан. ЭЗ Х,БХБ, БШУ , Сангийн сайдуудтай мөн ярилцаж үзсэн. Тэгээд төсөвт хөрөнгө нь нэмэгдсэн барилгуудыг үргэлжлүүлэн бариулья гэхээр тендерийн хууль зөрчих гээд бантан шиг юм болоод байна. Тиймээс одоо байгаа мөнгөөр нь тендер зарласан байгаа.  -Сүүлийн үед эмч нарын хариуцлага алдсан үйлдлүүд их гарч байна хэмээн бухимдах хүн цөөнгүй байна. Тиймээс цаашдаа хариуцлага алдсан эмч нарт ямар арга хэмжээ авч ажиллах вэ?  -Өнөөдрийг хүртэл эмнэлгийн эмч, ажилчид иргэдийн эрүүл мэнд, амь насанд ямар нэгэн хохирол учруулахад уг асуудлыг шийддэг ямар ч эрх зүйн орчин байгаагүй. Энэ жилийн эмнэлгийн салбарын шинэчлэлийн бодлогод чанар, аюулгүй байдал эмнэлгийн алдааг бүртгэдэг болсноос хойш эмч нарын хариуцлага алдсан үйлдлүүд олны өмнө ил гардаг болсон. Өмнө нь нуугаад ил тод гардаггүй байсан.  Үүний дагуу яамнаас Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай хуулийг Засгийн газарт, дараа нь УИХ-д өргөн барих гэж байна. Учир нь эмнэлгийн ажилчид, эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүмүүс тодорхой алдаа гаргах эрсдэл өндөртэй хүмүүс. Хийж байгаа ажлынх нь мөн чанар тийм байдаг. Мундаг байсан ч гэсэн хайхрамжгүй хандсанаас болоод ямар нэгэн байдлаар алдаа гаргахад хүрдэг хамгийн өндөр эрсдэлтэй мэргэжлийн тоонд ордог.  Уг асуудлыг бусад улс оронд ямар алдааг уг даатгалд хамруулах, хэдэн төгрөгийн нөхөн төлбөр олгох, ямар байдлаар иргэдийн хохирлыг барагдуулах эсэхийг зохицуулсан хууль байдаг. Тиймээс бид уг хуулийг боловсруулсан.
Ослын 309 дуудлага иржээ
Замын цагдаагийн газарт өнгөрсөн шөнө зам тээврийн ослын 309 дуудлага иржээ. Үүнээс 24 хүн ослын улмаас гэмтсэн бол бусад нь эд материалын хохирол амссан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57, үнэмлэхгүй автомашин жолоодсон 21 зөрчил гарч, 14 хүнийг 7-30 хоногоор баривчлах арга хэмжээ авчээ.
640 хүүхдийн багтаамжтай шинэ сургууль ашиглалтад орлоо
640 хүүхдийн багтаамжтай 122 дугаар сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Сургуулийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих дөрөв дэх шатны төсөл”-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд барьсан юм. Одоогоор  тус дүүргийн 22, 32 дугаар хорооны болон Тахилтын орчмын хүүхдүүд 100 хувь хамрагдаад байна.  “Өнгөрсөн 10 жилийн төслийн хүрээнд Япон улс манайд 55 сургууль барьж өгчээ. БШУЯ-ны барилга захиалагчийн албаны дарга О.Мөнхбаяр хэлэхдээ “Улс орны хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө, хүүхэд багачуудын маань ирээдүйн төлөө 55 дах сургуулиа  барьж, хүлээлгэн өгч буй Япон Улсын “Жайка” олон улсын байгууллагын хамт олонд Монголынхоо мянга мянган хүүхдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье.  Шинэчлэлийн засгийн газраас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх,  тэдний авьяасыг нээн илрүүлэх, эх оронч  сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт сургууль барьсан нь хүүхэд бүрийг сурч боловсроход, тэднийг  бүтээлч, аливааг сурч  мэдэх  чин эрмэлзэлтэй болон өсч  хөгжихөд дэмжлэг үзүүлж байна. Энэ нь Засгийн газраас  дэвшүүлсэн  Эрдэм  боловсролтой монгол хүний төлөөх зорилтод  хувь нэмрээ оруулах нь дамжиггүй юм” гэлээ.  Мөн энэ үеэр Элчин сайд Шимизү “Өнгөрсөн 10 орчим жилийн төслийн хүрээнд нийт 55 сургуулийг шинээр  барьж байгууллаа. Үүнээс Улаанбаатарт 45 сургууль бариад байна. Улс орны хөгжилд юу хамгийн чухал вэ гэдгийг ярилцсны үндсэн дээр манай улс Монголын боловсролын сургалтын орчныг  өөрчлөхийн төлөө сургуулийн барилга байшин барьж ирсэн. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд ийм  сайхан сургуультай  болж байгаад баяртай байна. Хүүхэд та нар багшийнхаа үгийг сайн сонсч, хичээлдээ шамдан Монголын ирээдүйг  авч явах том хүмүүс болоорой гэж хичээнгүйлэн хүсч байна” гэлээ.  Сургуулийн нээлтийн арга хэмжээнд Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Шимизү, БШУЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга О.Мөнхбаяр, СХД-ийн засаг дарга н.Чинболд болоод албаны бусад хүмүүс оролцлоо.
Орон сууцны мкв нь зөрүүтэй байвал ШӨХТГ-т хандаарай
Орон сууц нь м/кв-таа хүрэхгүй байгаа бол захиалагч компанидаа хандах хэрэгтэй Иргэд сүүлийн үед шинээр орон сууц худалдан авах нь ихэссэн. Үүнтэй холбоотойгоор худалдан авч буй орон сууцнуудын гэрээнд заасан м/кв  нь хэмжээндээ хүрэхгүй байх тохиолдол их байна. Тиймээс ийм тохиолдолд иргэд тухайн байгууллага хэрхэн хариуцлага тооцох талаар ШӨХТГ-ын  Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодрууллаа. -Орон сууцны м/кв-тай холбоотойгоор танай байгууллагад иргэдээс хэр их санал гомдол ирж байна вэ? -Манай байгууллагад орон сууц худалдан авахад м/кв нь хэмжээндээ хүрэхгүй байна гэсэн гомдол их ирдэг. Манай байгууллагын хувьд Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн хүрээнд уг асуудлыг шийдвэрлэж өгдөг.  Өөрөөр хэлбэл, барилгын компаниуд иргэдтэй байгуулсан гэрээндээ 40 м/кв гэж заасан боловч яг ашиглалтад орох үед тухайн гэрээндээ заасан м/кв нь хэмжээндээ хүрэхгүй байх тохиолдол их гарах болсон. Үүнтэй холбоотойгоор иргэд их санал гомдол ирүүлж байгаа.  -Шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны м/кв нь хэмжээндээ хүрэхгүй бол тухайн барилгыг ашиглалтад оруулсан компанидаа эхлээд гомдол гаргах ёстой юу? -Орон сууц нь м/кв-таа хүрэхгүй байгаа бол захиалагч компанидаа хандах хэрэгтэй. Барилгын компаниуд бизнесийн байгууллага учир зөрүүг өгөхгүй байх нь их. Хэрвээ зөрүүг тухайн барилгын компани өгөхгүй бол мэргэжлийн байгууллагуудад хандах шаардлагатай.  Ихэнх барилгууд захиалга авч байхдаа 40 м/кв гэж гэрээ байгуулсан боловч ашиглалтад орох үед орон сууц захиалагч м/кв-таа  хэмжүүлэхэд дутах тохиолдол их байдаг. Гэтэл өнөөгийн зах зээлийн ханшаар орон сууцны м/кв  нь 1.8-2 саяын хооронд байгаа. Тиймээс барилгын компаниуд иргэдээс  1.8-2 сая төгрөг зүгээр авч байгаа гэсэн үг.   -Захиалсан орон сууц нь ашиглалтад ороход иргэдэд м/кв нь хэмжээндээ хүрч байгаа эсэхийг нь хэмжиж өгдөг байгууллагууд байдаг уу? -Иргэд өөрсдөө  м/кв   нь дутуу байгааг нүдээр хараад мэдэхгүй. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаар хэмжүүлэх хэрэгтэй.Орон сууцны м/кв  хэмждэг 140 орчим төрийн бус байгууллага манайд байдаг.  Тиймээс иргэд тэдгээр байгууллагуудад хандаад м/кв-таа тогтоолгоод зөрүүтэй гарсан тохиолдолд манай байгууллагад хандаж болно. Ер нь иргэд барилгын компаниудад захиалга өгөхөөсөө өмнө сайн лавлаж асууж байвал дараа нь асуудал үүсэхгүй байх боломжтой.  -Танай байгууллагад хан­дахад ямар нэгэн бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай юу?  -Мэргэжлийн байгууллагаар хэмжүүлээд м/кв  нь зөрүүтэй гарсан бол өөр ямар нэгэн нэмэлт бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй бид тухайн иргэдийг хохиролгүй болгож өгнө. Өөрөөр хэлбэл, барилгын компаниудаас м/кв-ийн зөрүү мөнгийг нь буцаан олгуулах эсвэл үлдсэн төлбөрөөс нь суутгуулах арга хэмжээ авна.  -Орон сууцны м/кв-ийг  хэмждэг мэргэжлийн байгууллагууд иргэдэд хэдэн төгрөгөөр хэмждэг  юм бол? -Орон сууцны м/кв-ийг  хэмждэг төрийн бус байгуул­лагууд  м/кв-ийг  нь 2000-3000 төгрөгөөр хэмжиж өгдөг. Хэрэв м/кв  нь хэмжээндээ хүрэх­гүй байгаа нь тогтоогдсон бол хэмжилт хийлгэсэн зар­дал болон  зөрүүг буруутай барил­гын компаниар төлүүлэх болно. Дашрамд дуулгахад, най­ман хувийн хүүтэй зээлтэй хол­бог­дуулаад иргэд маш ихээр орон сууц худалдан авч байгаа.  Гэх­дээ шинээр орон сууц худалдан авахдаа техникийн нөхцөл аваагүй цахилгааны, дулааны, цэвэр бохир усны, батлагдсан архитектур төлөвлөлтийн даал­гаваргүй, эскиз зураг бо­лон ерөнхий төлөвлөгөөний зу­раг батлагдаагүй, барилгын зу­раг төсөлд магадлал хийг­дээгүй зэрэг шалтгаанаар ус, дулаан, цахилгаанаар хангахгүй барилгад захиалга өгч урьдчилгаа мөнгө төлж олноороо хохирсоор байгааг анхааруулмаар байна. Тиймээс орон сууц захиалах гэж байгаа барилгын компаниа сайтар судалж байж захиалгаа өгөх хэрэгтэй.
В.Кличко жүжигчин Хейдентэй сүй тавилаа
Украины нударгач Владимир Кличко, Америкийн жүжигчин Хейден Панеттьери Украины нударгач Владимир Кличко Америкийн жүжигчин Хейден Панеттьеритэй сүй тавьжээ. Хейден “ABC” телевизийн ток-шоуд оролцохдоо бөгжөө үзүүлж, Кличкотой сүй тавьснаа зарласан байна. Харин тэд хэзээ хуримаа хийхээ товлоогүй байгаа аж. Хейден Панеттьери “Баатар”, “Нэшвилл” зэрэг телевизийн цуврал кинонд тоглож алдаршсан нэгэн. Тэрээр мэргэжлийн боксын дэлхийн аварга Кличкотой 2009 оноос хойш уулзах болжээ. Тэд 2011 онд нэг хэсэг салсан ч 2013 онд харилцаагаа сэргээсэн юм.
Б.Цогтгэрэлийн төлөх торгуулийн хэмжээг багасгажээ
Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлд холбогдох хэргийг Улсын дээд шүүх авч хэлэлцээд давж заалдах шатны шүүхээс оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг өөрчилжээ. Тодруулбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн байна. Б.Цогтгэрэл нь иргэн Р.Улаанхүүгийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд www.tsag.mn интернэт мэдээллийн сайтаар "Орхон аймагт ялсан Ардчилсан намын төлөөлөгч Р.Улаанхүү гэгч этгээд хүний амь хөнөөв" гэсэн гарчигтай илт худал гүжирдлэгийг олон нийтэд тараасан аж.
“Оюунлаг баасан гариг”-т залуусыг нэгтгэнэ
Монголын залуучуудын холбооны дэргэдэх Ховд аймгийн залуучуудын зөвлөл “хар баасан” гаригийг оюунлаг баасан гариг болгохоор шийджээ. Долоо хоног бүрийн энэ өдрийг оюутан залуус маань архидан согтуурч, шөнийн цэнгээний газраар хэсүүчлэн өнгөрөөх бус өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээр тархиа цэнэглэж болох нь. Энэ боломжийг Ховд нутгийн залуус олгож байгаа бөгөөд “Оюунлаг баасан гариг” хөтөлбөрийнхөө хүрээнд сургалт, лекцүүдийг зохион байгуулж байна. Ээлжит арга хэмжээ өнөөдөр Монголын залуучуудын холбоонд болох бөгөөд Монголын оюун ухааны академийн тамирчин Отгонбаатар оролцож, өөрийн мэдлэгээс залууст хуваалцах аж.
Хөрсний усны түвшинг бууруулахгүй бол аюул дагуулах нь
Улаанбаатар хөрсний ус ихтэй Улаанбаатар хот Туул гол болон түүний цутгал голуудын татам хэсэгт оршдог учраас хөрсний ус ихтэй байдаг.  Гол мөрний усны түвшний өөрчлөлт, жилд унах хур тундасны хэмжээнээс шалтгаалан хөрсний усны түвшин үе үе дээшилдэг гэдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Тухайлбал, хотын зүүн хойд болон төв баруун хэсэгт хөрсний усны түвшин доошуулах 18,3 км урттай, 0.5-1,2м хүртэлх голчтой шугам сүлжээтэй боловч шугам сүлжээний трасс дээр барилга байгууламж барих, үзлэгийн худаг шугам сүлжээг хог шороогоор дүүргэх, хөрсний бүтэц, геологийн тогтоц өөрчлөгдөх зэргээс шалтгаалан хөрсний ус зайлуулах шугам сүлжээ эвдэрч,  хэвийн горимоор ажиллаж чадахгүй хэмжээнд хүрчээ.  38 байршлын хөрсний усыг тогтоож, түвшинг бууруулахгүй бол аюултай хэмжээнд хүрчээ Өнгөрсөн онд дулааны шугам сүлжээ, үзлэгийн худаг, барилга байгууламжийн подвальд хөрсний усны түвшин найман байршилд илэрсэн бол энэ онд 45 байршилд илэрчээ. Эдгээрээс 38 байршлын хөрсний усыг тогтоож, түвшинг бууруулах арга хэмжээг яаралтай авахгүй бол онцгой нөхцөл байдал үүсч болзошгүй хэмжээнд хүрсэн байна.  Хөрсний усны түвшин нэмэгдэх нь  дулааны шугамын сүлжээний усны халуун 5-10 хэм буурах, инженерийн шугам сүлжээ гаднаасаа зэврэлтэд орох, барилга байгууламжийн суурь эвдрэлд орох , гэр хорооллын жорлон, хөрсний бохирдолтой холилдон газрын гүнд тархах, ундны усны эх үүсвэр бохирдох зэрэг сөрөг үр дагавартай аж. Сэлбэ гол дээр 220 л/с хүчин чадалтай насос станц барина Одоогоор 100 айл, хотын төв хэсэг, 13-р хороолол орчмын хөрсний усны түвшин эрс дээшилсэн байна. Энэ нь инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтний хэлснээр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хашаа буюу хуучнаар хүүхдийн 2-р эмнэлгийн хашаанд ажилчдын байрны зориулалтаар орон сууц барих явцад хөрсний ус зайлуулах шугам сүлжээг гэмтээснээс үүсчээ. Учир иймээс эхний ээлжинд нэн яаралтай хойд болон төвийн хэсгийн хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ачааллыг бууруулах, хөрсний усыг тогтмол түвшинд барихын тулд дунд голын хаалттай худаг, 100 айл орчимд Сэлбэ гол дээр 220 л/с хүчин чадалтай насос станц барих шийдвэрийг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаас гаргасан байна.
Шинэчлэлийн Засгийн газрын “11 11” төв нэг нас хүрлээ
Шинэчлэлийн Засгийн газар “11 11” төвийг өнгөрсөн оны аравдугаар сарын 12-нд нээсэн. Үүнээс хойш бүтэн жилийг үджээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр тус төвд зочилж, жилийн ажлын тайлантай нь танилцав. Шинэчлэлийн Засгийн газар “11 11” төв нэг нас хүрлээ “Засгийн газрыг иргэдтэй холбодог энэ төвд манай иргэд санал бодлоо олон хэлбэрээр илэрхийлж, үгээ ямар нэг шат дамжлагагүйгээр төрийн аль ч шатанд шууд хүргэх болсон юм. Иргэдэд улам илүү ойртсон нэг чухал шинэчлэл саяхан хийгдсэн. Хот, хөдөөд байрлуулж буй ТҮЦ (төрийн үйлчилгээний цахим) машинтай “11 11” төвийг холбож, иргэдийн өгсөн санал, хүсэлтийг тус төвд шууд бүртгэдэг болсон юм. “Утсаар, интернэтээр төрд үгээ хүргэж, асуултандаа хариулт авах боломж бүрдүүлсэн “11 11” төв, олон төрлийн лавлагаа авч болох ТҮЦ машин бол Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ сонсч, тэдэнд шуурхай үйлчилж буйн илрэл юм” хэмээн Ерөнхий сайд хэлсэн.
Хүүхдийн найрал дууны тэмцээний анхан шат өндөрлөлөө
“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит энэ уралдаанд Нийслэлийн есөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн багш нар, 90 гаруй сургуулийн найрал дууны 6000 гаруй хүүхэд багачууд оролцох бөгөөд анхан шатны шалгаруулалт өнөөдөр болж өндөрлөлөө. Анхан шатны шалгаруулалтыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Тэргүүний V сургууль дээр очиж сонирхсон юм.  “Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ой”-д зориулан 21 дэх жилдээ болж байгаа тус наадмыг Хөгжим судлаач Ч.Буянхишиг, Хөгжим бүжгийн Коллежийн тэнхимийн эрхлэгч Л.Баярмаа, Батлан Хамгаалахын их сургуулийн хөгжмийн багш Ц.Хонгорзул нар шүүж байна.
Энэ жил хураан авсан үр тариа өнгөрсөн оныхоос 26.3 хувиар бага байна
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар  423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах аж. 60.9 мянган га-г ангилан хадаж, 54.4 мянган га-г цайруулж, 178.6 мянган га-д шууд хураалт хийж, нийтдээ 233.0 мянган га-гаас 306.4 мянган тонн үр тариа, 13.7 мянган га-гаас 176.1 мянган тонн төмс, 7.6 мянганга-гаас 96.9 мянган тонн хүнсний ногоо, 11.6 мянган га-гаас 37.1 мянган тонн тэжээлийн ургамал, 34.1 мянган га-гаас 24.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 80.3 хувь, төмсний хураалт 90.7хувь, хүнсний ногооны хураалт 94.3 хувьтай болжээ. Хүснэгтээр: (мянга, тонн) Улсын хэмжээнд ургац хураалтын байдал Энэ жилийн ургац хураалтыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 26.3 хувиар багассан бол төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оныхтой тэнцүү байна гэж Ургац хураалтын төв штабаас мэдээллээ.
“Найзууд” нэртэй шинэ уран бүтээл мэндэллээ
"Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн “Найзууд” хэмээх шинэ уран бүтээлээ өлгийдөн аваад удаагүй байна. Энэхүү дууны аялгууг МУУГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав зохиосон бол үгийг нь дуучин Х.Лхагвасүрэн өөрөө бичиж, “Sweetymoiton” хамтлагтай хамтран дуулжээ.  Дууны клипийг “Skin” энтертайнментийн уран бүтээлчид хийж байгаа бөгөөд тус студийнхэн шинэлэг санаа гаргаж, “Шилдэг найзуудын зураг” шалгаруулан клипэнд мөнхлөхөөр болжээ. Өөрөөр хэлбэл, “Би, чи, бид цөмөөрөө найзууд” гэсэн санааг клипэнд тодотгон харуулж, үзэгчдийн дундаас найзуудаараа авахуулсан хамгийн сайхан гэрэл зургуудыг клипэнд гаргах юм. Ингэснээр энэ уран бүтээл зөвхөн дуучид гэлтгүй өргөн цар хүрээг хамарсан содон клип болох нь.
Хятадад "Металлика"-гийн дууг хориглов
Металл хөгжмийн домог болсон "Металлика" хамтлаг Металл хөгжмийн домог болсон "Металлика" хамтлагийн тоглолтод дуулагдах зарим дууг Хятадын Засгийн газар хоригложээ. Үүнийг хамтлагийн гитарчин Кирк Хамметт тайлбарлахдаа "Бид Хятадын Засгийн газар руу бүх дууныхаа үгийг явуулах хэрэгтэй болсон. Тэд шалгаж үзээд, зарим дууг дуулах боломжгүй гэж хэлсэн" гэжээ.  "Металлика" хамтлаг зарим дуунаасаа тоглож үзүүлэхэд хятадууд шүүмжлэлтэйгээр хүлээж авсан байна.  Гэсэн ч тэд 40 мянган фенийхээ урмыг хугалахыг хүссэнгүй энэ сарын 13, 14-нд урд хөршид тоглох юм.
Ц.Туяад 22 жилийн ял оноолоо
Нэг хэсэг хамт ажиллаж, найзалж байсан бүсгүйгээ 75 удаа хутгалж, амийг нь зэрлэгээр хороосон Ц.Туяад холбогдох шүүх хурал өнөөдөр боллоо. Хурал ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангийн танхимд болж, түүнд шүүхээс 22 жил хорих ял оноосон байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар шүүгдэгч өмнө нь ч бас хүн хутгалж байсан гэнэ. Хэргийг сөхвөл, өнгөрсөн долдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө талийгаач Э  бусдын гарт 75 удаа хутгалуулж, амиа алдсан юм. Э нь 1982 онд төрсөн, 2006 Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст ажилд орж, өнгөрсөн хугацаанд шилдэг залуу татварын байцаагч болж байсан. Харин шүүгдэгч Ц.Туяагийн хувьд нөхрийнхөө нууц амраг болох Э-тэй найзууд байсан бөгөөд нөхөртэйгөө амрагийн холбоотой болсныг мэдээд хэргийг үйлдэхээр эртнээс төлөвлөж байсан гэх мэдээлэл бий.
Гар утас цэнэглэхдээ зүгээр л гал ашигладаг болно
Бид хөдөө аялаж явахад гар утасны цэнэг дуусч, цахилгаан эрчим хүч олдохгүй байх нь энгийн үзэгдэл. Тэгвэл энэ асуудлыг шийдэх FlameStower хэмээх бүтээл удахгүй худалдаанд гарахнээ. Энэ нь зөвхөн гал ашиглан бага оврын төхөөрөмжүүдийг цэнэглэдэг шидтэй. Төхөөрөмж нь USB порт, жижиг тавиур, ус хийх жижиг сав, гал дээр байрлуулах хавтгай металл гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Ингээд галын нөлөөгөөр термоэлектрик процесс үүсч бидний гар утсыг цэнэглэх аж. Гал ба усны хооронд үүсэх температурын зөрүүнээс энерги гаргаж авах зарчимтай юм байна. Монголчууд бидэнд үнэхээр хэрэгцээтэй эд.
Хэтэвч, гар утас 2 нэг дор
Орчин үеийн хүмүүст биенээсээ салгадаггүй, зайлшгүй авч явах хоёр зүйл байдаг. Эдгээр нь хэтэвч ба гар утас юм. Тэгвэл дараах төрлийн гар утасны хамгаалалтын гэр нь энэ хоёрыг хамтад нь биедээ авч явах боломж олгож байна. iPone 5, iPhone 5S, Samsung Galaxy S4 ухаалаг утаснуудад зориулагдсан хувилбаруудтай юм байна. Өнгөний хувьд хар, цагаан, ягаан сонголттой. Хэрвээ танд таалагдаж байвал Otterbox’s Commuter Series Wallet хаягаар орж сонирхоорой.
Нэгдүгээр эгнээнд зогссон 64 машиныг ачжээ
Замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашин ашиглан зөөж шилжүүлэх, ачиж буулгахаар болсон. Энэ ажлыг өнгөрсөн сарын 2-ноос эхлүүлж энэ сарын 10-н гэхэд нийт 64 автомашин ачжээ.  Тээврийн хэрэгслийг ачихдаа бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацддаг байна.  Нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг ачиж байгаа нь зохиомол түгжрэлийг багасна гэж үзэж байгаа аж. Улаанбаатар хотод зам тээврийн ослын 25,4% буюу 2097 тээврийн хэрэгслийн жолооч хажуу хоорондын зай тохируулаагүйгээс болж осол аваар гаргадаг гэнэ.
Лондонгийн баг өнөөдөр ирнэ
Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хоёр дахь шатны хэлэлцээ хийх албаны хүмүүс Лондонгоос манай улсад өнөөдөр ирэх юм байна. Хэлэлцээнд бэлтгэх ажлын хэсгийн техникийн ажилчид өнгөрсөн долоо хоногт Монголд ирсэн бөгөөд гол хүмүүс нь одоо ирж байгаа юм. Эхний шатны хэлэлцээ Лондонд болж, Монголын талаас Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, "Эрдэнэс МГЛ" -ийн дэд захирал Г.Тэмүүлэн, Эрдэнэс Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд нар оролцоод ирсэн билээ.
2013 оны хэрэгцээнд зориулан 11,4 мянган тонн мах нөөцөлжээ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшх хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Махны нөөц бүрдүүлэх, хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонслоо. “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд УБ, Дархан, Эрдэнэт хотын хүн амын 2013 оны хэрэгцээнд зориулан 11,4 мян.тн махны нөөц бэлтгэж, 87.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож, хуваарийн дагуу 100 хувь буцаан төлүүлсэн байна. Улаанбаатар хотод нөөцийн махны менежерээр “Жаст Агро” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Эй Эн Ди Эм”, “Саян-Уул”, “Монгол Мах Экспо” зэрэг 9 компани ажиллаж нийт 9421 тн мах нөөцлөн 424 цэгээр худалдаалсан аж. Дархан хотод “Баатарууд тэнгэр” ХХК 1025.1 тн мах нөөцлөн, 104 цэгээр, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1016.1 тн мах нөөцлөн, 36 цэгээр тус тус худалдан борлуулжээ. Нөөцийн мах Хэдийгээр нөөцөлсөн мах дээрх гурван хотын хүн амын 1-7 хүртэлх сарын махны хэрэгцээний зөвхөн 24 хувийг хангаж байсан боловч шинэлэг арга барилаар ажиллаж, хяналтыг олон талаас нь тавьсны үр дүнд, махны үнийн өсөлтийн хөтөлбөр хэрэгжүүлсэн хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 7 дугаар сарын хооронд өмнөх оны мөн үеэс 2 дахин бага. Мөн мах, махан бүтээгдэхүүний жилийн инфляцийн түвшин 2013 оны 7 дугаар сарын байдлаар 6.2 хувьтай байгаа нь өмнөх 5 жилийн дундаж өсөлтөөс 3.7 дахин бага байгаа аж.
Нэгдүгээр хорооллыг Гэмтлийн эмнэлэгтэй холбох уулзвар ашиглалтад орлоо
Нэгдүгээр хорооллыг Гэмтлийн эмнэлэгтэй холбосон уулзвар Гэмтлийн эмнэлгийн замыг нэгдүгээр хорооллын арын замтай нийлүүлж, уулзвар байгуулах ажил дуусч өнөөдөр нээлтээ хийлээ.  Гэмтлийн эмнэлгээс доош уруудсан зам нь нэгдүгээр хорооллын замтай нийлдэг ч машинууд буцаж эргэхэд түгжрэл үүсгэдэг байсан юм. Мөн нэгдүгээр хорооллын замаас Гэмтлийн замтай нийлэхийн тулд Саппорогийн уулзвар хүрч тойрдог байсан. Шинэ уулзвар ашиглалтад орсноор эдгээр бэрхшээлээд үгүй болж замын хөдөлгөөний ачаалал буурах юм. Уулзварын ажлыг наймдугаар сараас эхлэн хоёр сарын турш хийсэн аж.  Энэ жил “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзварыг шинэчлэх ажил хийгдэж байгаа билээ.
20 мянган тонн буудай цасанд дарагджээ
Улсын хэмжээнд нийт 233 мянган га-гаас 306 мянга гаруй тонн үр тариа хураагаад байна Улсын хэмжээнд нийт 233 мянган га-гаас 306 мянга гаруй тонн үр тариа хураагаад байна. Мөн 176.1 мянган тонн төмс, 96.9 мянган тонн хүнсний ногоо, 37.1 мянган тонн тэжээлийн ургамлыг хураажээ. Үр тарианы хураалт 80.3 хувьтай явж байгаа ч өнгөрсөн долоо хоногторсон бороо, цасны улмаас тариаланчдад багагүй хохирол учраад байна. Манай улсын үр тарианы 50 гаруй хувийг хангадаг Сэлэнгийн тариаланчдын ургац цасанд дарагджээ. Тус аймгийн Номгонтосгон, Хөтөл, Орхонтуул суманд 20 мянган тонн буудай цасанд дарагджээ.
Ш.Батхүүг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ
“Жаст” группийн захирал Ш.Батхүү Төрийн өмчит хувьцаат компаниудыг барьцаалж их хэмжээний зээл авсан “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулан шалгаж бай­гаа билээ.  Түүнийг өнгөрсөн наймдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхээс 14 хоног хорих тогтоол гаргасан боловч мөрдөн байцаагчийн хүсэлтээр дахин хорьж шалгах хэрэгтэй бол­­сон. Тиймээс түүний хориг­дох хугацаа дуусч байгаа тул үргэлжлүүлэн хорих эсэхийг нь өнөөдөр шийдвэрлэх аж.
Боксын ДАШТ эхэллээ
Дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээн өнөөдөр Казахстан улсад эхэлнэ Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээн өнөөдөр Казахстаны Алматы хотноо эхэлнэ. Тус улсын “Балуан Шолак”-ийн нэрэмжит спортын ордонд энэ сарын 12-нд нээлтээ хийсэн тус тэмцээнд 118 орны 600 гаруй боксчид хүч үзэх юм байна.  Манай улсын багийн ахлагчаар  Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, ахлах дасгалжуулагч гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг,  туслах дасгалжуулагчаар спортын мастер Сайнбилэг нар оролцож байгаа аж. Харин багийн бүрэлдэхүүнд 49 кг ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 56 кг Н.Төгсцогт гавьяат,  60кг ОУХМ Д.Отгондалай, 64 кг У.Мөнх-Эрдэнэ гавьяат, 69 кг ОУХМ Б.Түвшинбат, 75 кг ОУХМ Н.Шинэбаяр, 81 кг ОУХМ С.Эрдэнэбаяр нар багтжээ.
17 жилийн дараах айлчлал
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйгийн айлчлал өнөөдөр эхэлж байна. Тэрбээр Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар хоёр өдөр манай улсад албан ёсны айлчлал хийх юм. Энэхүү айлчлал нь Монгол, Британий хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Малколм Рифкинд 1996 онд Монгол Улсад айлчилж байсан. Үүнээс хойш 17 жилийн дараа ноён Уильям Хэйг ирж байна. Дашрамд дуулгахад, айлчлалын үеэр Монгол талаас баримтлах удирдамжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, Ерөнхий сайдаар батлуулахаар болсон юм.
Г.Батмэргэн: Утаа багатай зуухыг 29-36 мянган төгрөгөөр худалдаж эхэлсэн
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр өнгөрсөн жил нийслэлийн төвийн дүүргүүдэд утаа багатай зуух тараасан. Энэ жил Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар цэвэр агаар төсөл” хэрэгжиж 45 мянган айлд утаа багатай зуухыг хямдралтай үнээр борлуулах юм. Энэ талаар төслийн инженер Г.Батмэргэнээс тодрууллаа. -Төслийн зуух борлуулна гэсэн. Ажлын явц ямар байна? -Өнгөрсөн долоо хоногоос ажлаа эхэлсэн. Бүрэн шаталттай сайжруулсан зуухыг Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр тав, бусад дөрвөн дүүрэгт тус бүр хоёр борлуулах төв ажиллаж байна. -Иргэд ямар материал бүрдүүлэх вэ? -Энэ удаад зуух авч амжихгүй бол дахиж хамрагдах боломжгүй. Оршин сууж буй хороондоо албан ёсны бүртгэлтэй, амьдардаг байх шаардлагатай. Мөн өнгөрсөн жил төсөлд хамрагдаж байгаагүй иргэд байх ёстой. Шинэ зуухаа аваад хуучин зуухаа хураалгана. -Утаа багатай зуухны төсөл орон нутагт хэрэгжих үү? -Дэлхийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа энэ төсөл зөвхөн нийслэлд хэрэгжинэ. Тэр дундаа нийслэлийн төвийн зургаан дүүрэгт. -Хямдралтай зуухыг хэдэн төгрөгөөр авах вэ? “Өлзий”, “Дөл”, “Талст” зэрэг дөрвөн төрлийн зуухаас сонголт хийх боломжтой. Үнийн хувьд 29-36 мянган төгрөгөөр худалдаалж байна.
Жоаким Ноа "Адидас"-тай гэрээ байгууллаа
Ларри О'Брайений зургаан удаагийн цомын эзэн “Чикаго Буллз” багийн төвийн тоглогч Жоаким Ноа Спорт хувцас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Адидас” компани Ларри О'Брайений зургаан удаагийн цомын эзэн “Чикаго Буллз” багийн төвийн тоглогч Жоаким Ноатай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаа албан ёсоор зарлажээ. Ингэснээр тэрбээр “Адидас”-тай гэрээ байгуулсан “Бухнууд”-ын долоо дахь тоглогч болж байна. Өмнө нь түүний багийн анд Деррик Роүз тус брэндтэй урт хугацаатай хамгийн том гэрээг үзэглэсэн юм. Түүнчлэн тэднээс гадна “Чикаго”-гийн Жимми Батлер, Таж Гибсон, Маркис Тиг болон Тони Снелл, Эрик Мерфи нар “Адидас”-тай гэрээ байгуулжээ.
Г.Буяндоржийн хорих хугацааг сунгалаа
“Ноёд” группийн захи­рал Г.Буяндорж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа “Ноёд” группийн захи­рал Г.Буяндоржийн хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ.  Түүнийг өнгөрсөн найм­дугаар сарын 28-наас саатуулаад байгаа юм. Г.Буяндоржийг бусадтай бү­лэглэн их хэмжээний мөнгө угаасан байж бол­зошгүй хэ­мээн УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж ийн саатуулсан билээ. Түүнчлэн Г.Буяндорж нь 2008 онд залилангийн хэрэгт холбогдож, уг хэргийн шүүх хурал хэд хэдэн удаа товлогдсон ч ирэхгүй байгаа нь шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан хэмээн үзжээ. Тиймээс шүүх ажиллагаанд саад учруулсан нь албадан баривчлах үндэслэл  болж түүнийг ийн саатуулан хорих болсон билээ.
Чөлөөт бөхийн холбоо хуралдав
Монголын чөлөөт бөхийн холбооны Тайлангийн болж, холбооны ойрын зорилт, үйл ажиллагаа, амжилт, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар хэлэлцжээ. Хурлын үеэр МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнсанаа хүндэтгэх шалтгаанаар ажлаа өгч, шинэ ерөнхий нарийн бичгийн даргаар, FILA-гийн Техникийн зөвлөлийн гишүүн, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар томилогдсон талаар Монгол чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ. Хятадын Тайванийн Кинмен хотноо 2013 оны 10 дугаар сарын 03-08-ны өдрүүдэд Азийн аварга шалгаруулах модон бөмбөгийн 8 дугаар тэмцээн, Тайванийн нээлттэй олон улсын 18 дугаар тэмцээнүүд болж дэлхийн 20 гаруй орны 300 орчим баг тамирчид авьяас чадвараа сорин өрсөлджээ.
Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
УИХ-ын чуулган Энэ долоо хоногт хуралдах намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь гарчээ. Хуваарь ёсоор өнөөдөр АН, МАН,  МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан Төрийн ордонд 10.00 цагт эхлэх юм байна. Харин ажлын хэсгүүдийн хувьд Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг хуралдах нь. Хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх аж. Мөн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болох нь.
Пол Маккартни гэнэтийн концерт тоглов
Пол Маккартни Алдарт дуучин Пол Маккартни өчигдөр Нью-Йорк хотын төв дэх алдарт Таймс Сквэр талбайд гэнэтийн мини-концерт тоглосон байна. Өдгөө 71 настай П.Маккартни концертоос ердөө нэг цагийн өмнө Twitter-тээ ‘Таймс Сквэрт бүгдээрээ ирээрэй! Тэнд тоглох гэж би тэсэн ядан хүлээж байна” хэмээн бичжээ. Ердөө 15 минут үргэлжилсэн тоглолт дээрээ тэрбээр “New” хэмээх шинэ цомогтоо орсон дөрвөн дууг дуулсан гэнэ. Энэ цомог нь 2007 оноос хойш бүхэлдээ шинэ дуунуудаас бүрдсэн П.Маккартнийн анхны цомог юм. “New” цомог Их Британид 14-ний өдөр, харин АНУ-д маргааш нь худалдаанд гарах гэнэ. Тоглолтын өмнө П.Маккартни “Би энд ердөө 15 минут байх болно. Алдарт хүрэх 15 минут хүн бүрт бий гэж Энди Уорхолын хэлснийг санаж байна уу? Тэр 15 минут энэ байна!” хэмээн хэлжээ Тоглолтыг үзэхээр жуулчид, албан газар нь ойролцоо байдаг хүмүүс, талбайн дэргэдэх дэлгүүрийн эзэд гэх мэт хэдэн зуун хүн цугласан байна.
Манай боксчид хэн, хэнтэй тулалдах вэ
ДАШТ энэ сарын 14-26-нд Казахстаны Алматы хотод болно Казахстаны Алматы хотноо эхэлж буй боксын ДАШТ-ий эхний даваанд манай тамирчид хэнтэй тулалдахыг сонирхцгооё. 49 кг-д Г.Ган-Эрдэнэ гоц мөргөн 32-д шалгараад Унгарын тамирчин Европын аваргын хүрэл медальт Унгваритай  56 кг-д Гавъяат тамирчин Н.Төгсцогт эхэлж гоц мөргөсөн бөгөөд хоёрын даваанд Азербайжаны Ж.Чалабиев, Таджикистаны О.Авзалшоевтой 60 кг-д Азийн аваргын мөнгөн медальт Д.Отгондалай эхний даваанд Кенийн боксчин Ж.Маитайтай, хэрэв ялбал Бразилийн Р.Консейсаотой 64кг-д Гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхэлж гоц мөргөөд дараагийн даваанд Туркменистаны А.Бебитов, Хятадын Т.Саирике нарын нэгтэй 69кг-д Б.Түвшинбат тэгшитгэлд орж, Хятадын боксчин Ч.Маимаититурсунтай тоглохоор болжээ. Хэрэв ялбал, ОХУ-ын боксчин А.Беспутинтай 75 кг-д тамирчин Н.Шинэбаяр тэгшитгэлд орж, эхний даваанд Израилийн К.Снигоуртай 81 кг-д тамирчин С.Эрдэнэбаяр Америкийн Г.Торрестой тус тус сугалаа таарчээ. Насанд хүрэгчдийн боксын ДАШТ-ий эхний тоглолт Улаанбаатарын цагаар 16:00 цагаас болно.
"Нуурууд" хоёр тоглогчоо хасав
“Нуурууд” довтлогч Эрик Боатенг болон төвийн тоглогч Дан Газурич NBA-гийн 16 удаагийн аварга “Өрнөд”-ийн Лoc Анжелес Лейкерс багийн удирддага хоёр тоглогчоо хаслаа. “Нуурууд” төвийн тоглогч Дан Газурич болон довтлогч Эрик Боатенг нарыг багийн бүрэлдэхүүнээс хассан. Ингэснээр тэд 17 тоглогчтой болж байна. Газуричийн хувьд есдүгээр сарын 27-нд Холливүүдийн хотын багтай гэрээ байгуулсан ч төд удалгүй багаасаа хасагдсанд сэтгэл дундуур байгаа аж. Өдгөө 35 настай тэрбээр NBA-д 10 улирлыг өнгөрөөсөн бөгөөд өнгөрсөн улиралд Венесуэль улсын багт тоглосон. Харин ирэх улиралд Европын лигт тоглох боломжтой болжээ. Харин Боатенгийн хувьд Их Британийн шигшээ багт тоглодог бөгөөд коллежийн “Аризона Стейт” багийг орхисноос хойш “Хөгжлийн лиг” болон Грек, Германы багт тоглож байсан туршлагатай. Түүнийг мөн ирэх улиралд Европын аль нэг лигт харах боломжтой юм.
ЭМШУИС-ийн сургалтын эмнэлгийг барихад Япон тусална
ЭМШУИС Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль манай улсын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн 95 хувийг бэлтгэдэг. Гэсэн ч сургалт-эрдэм шинжилгээ-эмнэлэг үйлчилгээний нэгдлийг хангасан сургалтын эмнэлэгтэй байгаагүй нь орчин үеийн эрүүл мэндийн салбарын хэрэгцээ шаардлагатай нийцэхгүй байгаа. Тиймээс тус сургуульд түшиглэсэн сургалтын эмнэлэг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харъяанд сургалтын эмнэлгийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулах юм байна. Шинээр баригдах эмнэлэгт мэргэшсэн эрдэмтэн багш нар ажиллахаас гадна эмнэлзүйн сургалтын орчинг сайжруулах, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын эмнэлэгт суурилан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх ач холбогдолтой аж.
Болзошгүй гамшгийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамгаалах тал дээр сургуулилав
Гамшгаас хамгаалах дэлхийн өдрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс өөрийн нутаг дэвсгэрт байрлах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуулиудад аврах ажиллагааны сургалтыг зохион байгуулж дууслаа. 25, 29, 116 дугаар сургуулийн 600 орчим хүүхэд энэ сургуулилтад хамрагдсан бөгөөд газар хөдлөлт, галын аюулаас хэрхэн өөрийгөө хамгаалах талаар мэдээлэл авсан юм. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн ээлжилт сургуулилтыг өнөөдөр 29, 116 дугаар сургуулиудад явуулж, өндөр барилгаас гарч чадахгүй үлдсэн хүмүүсийг хэрхэн аврах, галын аюулын үед галыг хэрхэн утраах талаар сурагчдад зааж, зөвлөлөө. Газар хөдлөлтийн үед ямар ч хүн хэвт, нуугд, хүлээ гэсэн зааврын дагуу хөдлөх хэрэгтэй гэнэ. Ингэснээр гамшгийн үеэр өөрийгөө болон бусдыг гэмтээлгүй авч гарахад тус болдог байна.
Хар тамхи, мансууруулах бодис тогтмол хэрэглэдэг 560 гаруй хүн байна
Манай улсын хэмжээнд мансууруулах бодис тогтмол хэрэглэдэг 560 гаруй хүн байдаг бөгөөд тэдний цаана 2000 орчим хүн бий гэсэн албан бус судалгаа бий. Түүнчлэн энэ төрийн хэрэгт холбогдон шийтгэгдсэн 157  иргэн байдаг бөгөөд тэдний 69 хувь нь хар тамхи, мансууруулах бодис бэлтгэн нийлүүлжээ. Сүүлийн жилүүдэд хар тамхи хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж, залуужсан ч энэ төрлийн гэмт хэрэгт өгч байгаа ялын хэмжээ хэтэрхий нэг талыг баримталсан байгаатай холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ. Хар тамхитай холбогдсон л бол шууд 10-15 жилийн ял өгч байгаа нь хүний эрхийг зөрчсөн хэрэг. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон иргэдийг зөвхөн Эрүүгийн цагдаагийн газрын тодорхойлолтоор шүүн хэлэлцэх нь өөрсгөл юм. Тухайн иргэн хар тамхийг хэр хэмжээтэй хэрэглэсэн, худалдсан, бэлтгэн нийлүүлсэн, биедээ авч явсанаас хамаарч шийтгэлийг харилцан адилгүй оногдуулах нь зүйтэй. Манай улсын хувьд энэ тал дээр хэтэрхий нэг талыг баримталж,  хар тамхитай холбогдсон л бол шууд 10-15 жилийн ял өгч байгаа нь хүний эрхийг зөрчсөн хэрэг гэж Хүний эрхийн комиссын дарга Л.Оюунчимэг мэдээлэлдээ дурдлаа. Тиймээс хуулийн заалтад өөрчлөлт оруулж, хөнгөн хэлбэрийн хэрэгт заавал ял шийтгэл оногдуулах бус албадан хөдөлмөр эрхлүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох зэрэг арга хэмжээ авч байх нь зүйтэй гэсэн. Сүүлийн жилүүдэд 19-35 насны залуус хар тамхи, мансуурлах бодис тэр дундаа каннабисыг хэрэглэх нь ихэссэн байна. Үүнд ОХУ, БНХАУ буюу манай хоёр хөршид хар тамхины хэрэглээ эрс өссөн төдийгүй мансууруулах бодисын ургамал манай оронд ургаж байгаа нь маш их нөлөөлж байгаа тухай Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах ТББ-ын тэргүүн Ш.Лхагвасүрэн хэлж байна. Мөн хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах ТББ-д өдөрт 2-3 эцэг эх хандаж, “Хүүхэд минь хар тамхи хэрэглэх боллоо, хэрэглээд байна” гэж гомдоллох болжээ.
5000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад оров
5000 хүний суудалтай хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн Монголын хөлбөмбөгийн холбоо 2001 оноос эхэлж, Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны "Goal" төсөлд хамрагдаж, хөтөлбөрийн хүрээнд тодорхой төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн эхний төслөөр 2002 онд олон улсын стандартад нийцсэн, хиймэл зүлэг бүхий хөлбөмбөгийн ногоон талбай, хоёр дахь төслөөр 2006 онд 1000 хүний суудал, сургалтын танхим, тамирчдын хувцас солих өрөө бүхий хөлбөмбөгийн техникийн төв буюу МХБХ-ны төв байрыг барьж байгуулжээ. Харин дараагийн хоёр төслөөр 2011 онд өвлийн улиралд ашиглах боломжтой заалны хөлбөмбөгийн зориулалттай “Футзалын ордон”-г барьсан. Тэгвэл энэ оны тавдугаар сард тав дахь төсөл буюу 4000 хүний багтаамжтай үзэгчдийн сууддын барилга байгууламжийг, сүүлийн төслөөр хөлбөмбөгийн ногоон талбайг Нидерландын шинэ стандартын зүлгээр шинэчлэн сольж, талбайн эргэн тойрны тохижилтыг шинээр хийжээ. МХБХ 12 жилийн хугацаанд нийт зургаан төслийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд Улаанбаатар хотод орчин үеийн стандартад нийцсэн 5000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн баригдаж дууслаа. Цогц барилга байгууламж бүхий хөлбөмбөгийн шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болсноор Монголын хөлбөмбөгийн төдийгүй спортын барилга байгууламжийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нэмлээ. Тус цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийн ажиллагаа өчигдөр болсон бөгөөд 200 өсвөрийн хөлбөмбөгчид оролцсон үзүүлэх тоглолтоос гадна сүүлийн үед хүүхэд, залуучуудын дунд ихээхэн дэлгэрээд буй “Flash mob” хэмээх бүжгийн урсгалын үзүүлбэрийг сонирхуулсан юм. Нээлтийн ажиллагааны хамгийн гол үйл явдал нь МХБХ-ны энэ оны улирлын сүүлчийнх болох “Супер цом”-ын тоглолт байв. Энэ удаагийн “Супер цом”-ын төлөө энэ жилийн “Нийслэл лиг”-ийн аварга “ДЦС-IV” компанийн “Эрчим”, 2013 оны “Боргио кап”-ын аварга Орхон аймгийн “Хангарьд” клубүүд өрсөлдлөө.
Сэргэлэнд Хятад хороолол босч, Монголчууд цемент үйлдвэрлэхээ болино
Монголчууд цемент үйлдвэрлэхээ болино Нийслэлээс холгүй хятадууд 200-300-гаараа ирчихээд үйлдвэр  байгуулж байгааг та сонссон уу.  Тэгвэл монголчуудын эрх ашиг цаашилбал үндэсний аюулгүй байдалд заналхийлж мэдэх нэгэн “Вант улс” Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт бий болсон байна. Тэр нь Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, тус улсын төрийн өмчит компанийн цементийн үйлдвэр юм. Тус үйлдвэрийн шав 2009 онд тавигдсан ч төдийлөн яаравчлаагүй өнөө хүрчээ.  Харин шинэчлэлийн Засгийн газраас “Бүтээн байгуулалтын аян” зарлахтай зэрэгцэн ажлаа идэвхжүүлжээ. Ингээд биднийг найр, наадамд хэсч назгайрсан зуны саруудад олон тооны хятад ажилчныг жуулчны түр визээр /Микро автобусуудаар ажилчдаа ойр ойрхон зөөдөг. Иймээс түр визээр оруулж ирж буцааж сольдог гэсэн ойлголт төрж буйг иргэд хэлэв/ оруулж ирэн нүд ирмэх зуурт ажлаа эхлүүлсэн байна. Үйлдвэрийн ажил эхлүүлэх гэрээ, баримт бичгээр бус хэдэн хүний аман тохироогоор үйл ажиллагаа эхлүүлэн явуулж байж болзошгүйг нутгийн иргэд ярьж байна. Үйлдвэрийн суурь бүрэн тавигдаагүй шахам байхад яагаад монголчуудын эрх ашиг хөндөгдөж , үндэсний аюулгүй байдалд нөлөөллөө гэж ярих болов гэдэг асуулт гарна.  Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих байтал гаднын 100 хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэрт найр тавьж байгааг өөрөөр  тайлбарлах аргагүй байх л даа. Нэгэнт Хятадын төрийн өмч 100 хувь байх юм бол тэнд монгол хүнийг ажиллуулсангүй гэж гомдоллох эрхгүй. Монголын тал 51, хөрөнгө оруулагч тал 49 хувийг эзэмших учраас тэгнэ, ингэнэ гэсэн тохиролцоо үйлчлэхгүй. Тэгэхээр бас л хэлэх үг алга. Түүнээс гадна сөрөг үр дагаврууд, анхаарал татсан өөр олон асуултууд байна. Бид ч бас энэ асуултын хариуг эрж өнгөрсөн баасан гаригт Төв аймгийн Сэргэлэн сумыг зорилоо.  Хотоос гарахын өмнө бидний олж мэдсэнээр бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дээрх үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохыг холбогдох байгууллагуудад өгчээ. Тэгэхээр үйлдвэр ажлаа зогсоосон уу, ажиллаж байна уу гэдэг бас нэг асуулт нэмэгдэв. Баянзүрхийн товчоо чиглэлд давхисаар урагшаа төмөр замын гармаар гарч Төв аймгийн Сэргэлэн суман дахь цементийн үйлдвэрийг чиглэв. Замын хоёр хажуугаар хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй том, жижиг аж ахуйн нэгж олон байна.  Зарим нь хайрганы карьер гэдэг илэрхий. Гэтэл зарим нь ямар чиглэлээр ажиллаж, юу олборлож байгаа нь бүрхэг юм. Бага оврын машин, техник ашиглан алт ухаж, шороо угааж буй хэсэг бүлэг хүн ч харагдана. Уулын ам болгон ийм маягаар эзэнтэй болчихжээ. Ер нь Улаанбаатараас урагшаа Төв аймгийн зах хүртэл уул уурхайн бүс нутаг гэхэд хилсдэхгүй. Тэр хавиар нутагладаг айлууд ч дайжиж. Малын бараа ч харагдахгүй эргэн тойрон зэвхий даасан саарал тал үзэгдэнэ. Ийн явсаар зорьсон газраа дөхөв. Үйлдвэрийн хашаа холоос харагдаад багагүй зам туулдаг аж. Хашаан дотор олон гэр ярайтал барьсан нь ажилчдын байр бололтой. Лав 20 гаруй гэр харагдана лээ. Цаана нь хүмүүс тонголзон ямар нэгэн юм ухаж эсвэл нухаж, зарим нь юм зөөж харагдана. Энэ байдлаас үзэхэд хотоос гарахын өмнө бидний олж мэдсэн Үндэсний аюул г ү й байдлын зөвлөлөөс тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохоор өгсөн үүрэг хэрэгжсэнгүй. Манай машин хааш хаашаа цэлийсэн том хашааны үүдэнд тулж бид машинаас буулаа.  Нүдэн баримжаагаар 100 гаруй га газрыг үйлдвэрийн зориулалтаар тусгаарлаж авчээ. Харуул хамгаалалтын ажилтан станцаар цааш нь хэн нэгэнд мэдээлэл дамжуулангаа бидний зүг ирж ямар хэргээр явааг асуув. Үйлдвэрийн удирдах ажилтан, эрх бүхий хүмүүстэй уулзаж мэдээлэл авъя, тодруулах зүйлүүд байна гэвэл “Асуугаад хариу өгье” гэв.  Хэсэг хугацааны дараа хамгаалагч бидэнд “Хүлээж бай, одоо дарга нар ирнэ” гэлээ. Удалгүй хятад, монгол хоёр залуу ирж өөрсдийгөө төслийн мэргэжилтэн хэмээн танилцуулаад “Компанийн захирлууд эзгүй, албан ёсны мэдээлэл өгөх хүн алга. Бид удирдлагын зөвшөөрөлгүй ямар нэгэн мэдээлэл өгөх мэдэлгүй” гэлээ. Бид “Нэгэнт төслийн мэргэжилтнүүдтэй уулзсаных ойр зуурын мэдээлэл ч болтугай солилцох л учиртай” гэснээр биднийг дотогш оруулж нэгэн том самбарын өмнө авчрав. Тэр нь компанийн танилцуулга аж.  Монгол залуу өөрийгөө Бямбаа хэмээн танилцуулсан бол хятад залууг Зин Ван Жун гэдэг юм байна. Танилцуулгад бичсэнээр бол тэнд Хятадын Лян Хө группын захиалгаар жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй, цахилгаан хэмнэлттэй, хаягдал ашиглаж, Монголын цементийн хэрэгцээг бүрэн хангаж чадах үйлдвэр барьж байгаа. 200 гаруй монгол хүнийг ажлын байраар хангаж, төсөвт гурван тэрбумын татвар төлнө гэсэн байна. Сэргэлэн суманд одоо ажиллаж буй компанийг “Шар мөрөнХатан гол” гэдэг бөгөөд зөвхөн барилгын ажил гүйцэтгэгч тал, тиймээс захиалагч компани л бүгдийг мэдэж байгаа хэмээн тэд хэлэв.  Тэдний эрхэлж буй үйлдвэрийн барилгын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлжээ. Ажилчдын хувьд хятадаас 200 гаруй ажилтан оруулж ирсэн. Тэд хөдөлмөрийн визээр орж ирсэн ажиллах хүч гэнэ. “Жуулчны түр визээр олон тооны хятад иргэнийг оруулж ирж Монголын хууль тогтоомжийг зөрчин ажиллуулдаг” гэсэн мэдээлэл бодитой эсэхийг нягтлахаар хоёр мэргэжилтнээс тодруулав. Тэд энэ асуултад “Ажиллах хүчийг 2013 онд гаднаас ажиллах хүчин оруулж ирэх Засгийн газрын квотоор оруулж ирсэн” хэмээн тайлбарлав.  Ажилчдын бичиг баримтыг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газраас хууль тогтоомжийн дагуу шалгадаг, ямар ч зөрчилгүй ажиллаж байгааг ч дурьдаж байна. Мөн гүйцэтгэгч компани Төв аймаг, Сэргэлэн сумын удирдлагатай харилцаж барилгын туслах ажилчин авах талаар ярьсан гэлээ.  Нутгийн залуус өнгөрсөн хавар манай редакцид хандан “Хятадын цементийн үйлдвэр туслах ажилтнаар авч хэсэг хугацаанд ажиллуулаад ажлаа зогсоож дуудахаар ир гэсэн. Дуудахгүй байхаар нь хүлээж байгаад ажилласан хугацааны цалингаа нэхтэл тэгвэл тэр чигээрээ яв гэж хөөсөн” хэмээн гомдоллож байсныг асуухад “Тийм зүйл болоогүй. Мэдэхгүй” гэцгээв.  Мөн үйлдвэрийн хашаанд малчдын малаа усалдаг худаг орсныг тэд ашиглалгүй хөлдөөж хүндрэл учруулсан талаар мэдээлэл дуулдаж байсныг ч “Мэдэхгүй. Биднийг ажиллах хугацаанд гомдол ирээгүй. Харин ч бид аймгаас зөвшөөрөл авч өөрсдийн хөрөнгөөр гурван худаг гаргасан” хэмээн үгүйсгэв.  Үйлдвэр ажлаа эхлээд овойж оцойтол хийсэн юм байхгүй. Барилгын суурийн ажлыг хийж байгаа ч хараахан дуусаагүйг тэд онцлоод дараа удирдлагуудаасаа албан ёсны мэдээлэл авахыг бидэнд дахин дахин хэлж байсан юм. Үйлдвэрийн ажлыг зогсоох буюу түр түдгэлзүүлэх , шалгалт явуулах талаар орон нутгийн удирдах байгууллага, эсвэл хууль, хяналтын аль нэгэн байгууллагаас анхааруулсан эсэхийг асуухад мөн л “Тийм зүйл дуулдаагүй, сонсоогүй” гэв.  Ингээд бид Сэргэлэн сумын төв орж ИТХ, Засаг даргаас зарим асуултад хариу авахаар замд гарлаа. Биднийг очиход ИТХ-ын дарга Э.Энхбаяр аймгийн төв рүү ИТХ-ын дарга нарын зөвлөгөөнд явсан тул эзгүй байв. Ингээд Засаг дарга Т.Гансүхтэй уулзлаа. “Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэрийн ажилтай орон нутгийн удирдлагууд албан ёсоор танилцаагүй. Хажуугаар нь нааш, цааш явахдаа байдлыг харж байсан. Бичиг баримт гэхээр захиалагч компани бус гүйцэтгэгчид ажил явуулж байна гээд гаргаж үзүүлэх юмгүй байдаг шиг билээ” хэмээн тэрээр ярьж байна. Харин тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох талаар чиг үүрэг ирсэн эсэх, тухайлбал Үндэсний аюулгүй  байдлын зөвлөлөөс ямар нэгэн анхааруулга, зөвлөмж ирүүлсэн талаар лавлахад “Одоогоос 2-3 хоногийн өмнө аймгийн Засаг даргын Тамгын газраас ярьсан. Олон тооны хятад иргэн ажиллах хүчээр очсон байх тул бичиг баримтыг шалгаж, зөрчил дутагдал байгаа эсэхийг хяна гэсэн үүрэг өгсөн. Тэр дагуу бид сумын хэсгийн төлөөлөгчид үүрэг өгсөн байгаа” гэв.  Үйлдвэрийн ажиллах хүчнээс сумын иргэдэд хүндрэл учруулсан, хэрэг зөрчил гаргасан тохиолдол бий эсэхийг лавлахад “Тийм зүйл гараагүй” гэв. Үйлдвэрээс ажиллах хүчний санал ирсэн эсэхийг лавлахад “135 мянган төгрөгийн цалинтай туслах ажилчин авах тухай зар мэдээлэл ирүүлснийг иргэддээ мэдээлсэн” гэлээ. Сэргэлэн сум аймгийн төвтэйгээ ойр тул бид ажил тарахаас өмнө ИТХ-ын даргыг олж уулзахаар төв рүү яарсан юм. Биднийг очиход аймгийн ИТХын дарга хот руу хуралд оролцохоор явсан, Засаг дарга нь хуралтай байсан тул уулзаж амжсангүй. Аймгийн Засаг даргын Тамгын газраас Хятадын цементийн үйлдвэрийн гүйцэтгэлийн ажилтай холбоотойгоор Сэргэлэн сумын удирдлагуудад өгсөн үүргийг тодруулахаар холбогдох албан тушаалтнуудтай уулзах гэтэл мөн л хот руу томилолтоор явжээ. Сурвалжлах явцад анхаарал татсан асуудал юуны түрүүнд ажиллах хүчний тухай байв.  Засгийн газрын квотод ямар нэртэй компаниар дамжуулан эрх авсан, хэчнээн тооны ажилчин оруулж ирсэн, Гадаадын иргэн харьяатын газарт хэрхэн бүртгэлжүүлсэн гээд тодруулах зүйлүүд ч цөөнгүй байна. Гэхдээ энэ бол зөвхөн нэг талын л асуудал, хууль журмын талаас заавал шалгах ёстой. Үндэсний том эрх ашиг юу байх вэ гэвэл, Монгол Улс бүтээн байгуулалт, зам барилгын ажлын хамгийн гол түүхий эд болсон, стратегийн чухал бүтээгдэхүүний нэг цементийн үйлдвэрлэлээр 100 хувь Хятадын хараат болох гэж байгаа асуудал сэтгэл эмзэглүүлж байна. Гэтэл манайх энэ салбарт тийм ч таг болчихсон улс биш.  Социализмын үеэс зах зээлд шилжсэн хүнд жилүүдэд бүдүүлгээр хэлэхэд голыг тасалчихалгүй авч ирсэн Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр маань өнөөдөр нүд аньчихаагүй байна. Тус үйлдвэр жилд 300 мянга гаруй тонн цементийг зах зээлд нийлүүлдэг. Түүнээс гадна дотоодын үйлдвэрлэгч нар бас байна. Налайхын цементийн үйлдвэр гэхэд л 100 мянган тонныг зах зээлд нийлүүлдэг. Хөтөлийн цементийн үйлдвэр хүчин чадлаа нэмж хуурай аргын технологиор жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэж энэ жилдээ багтаан зах зээлд нийлүүлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн.  “Эрэл”-ийн цементийн үйлдвэр жилдээ 150 мянган тонныг үйлдвэрлэдэг. Мөн “Монголын Алт” \МАК\ компани хуурай аргын технологиор жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх цементийн төслийг хэрэгжүүлж эхлээд бүтээн байгуулалтын ажил нь ид өрнөж байгаа.  Тэд 2014 оны эхний улиралд бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм билээ. Тэгвэл Дорноговь аймгийн Өргөн суманд үйл ажиллагаа явуулдаг “Монполимет” компани жилдээ 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Сэнж Сант” цементийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бол “Central Asian cement” компани болон нэлээд олон аж ахуй нэгж цемент үйлдвэрлэхээр ажиллаж байна. Үүнээс үзэхэд манай улс цементийнхээ хэрэглээг үндэснийхээ үйлдвэрлэгчдээр 100 хувь хангачих бүрэн боломжтой юм.  Ингэж дүгнэх үндэслэл, тооцоо судалгаа ч бас байна. Тэр нь юу вэ гэвэл, манай улсын цементийн жилийн хэрэглээ 1,5 сая тонн, цаашдаа 2.0 сая тоннд хүрэх тооцоо судалгааг Статистикийн үндэсний хорооноос гаргажээ.
Модон бөмбөгийн тамирчид АШТ-ээс ганзага дүүрэн иржээ
Модон бөмбөгийн тамирчид АШТ-ээс ганзага дүүрэн иржээ Монголын модон бөмбөгийн холбооны шигшээ багийн тамирчид Г.Азжаргал /Архангай аймгийн МУБИС-ийн салбар сургуулийн багш/, М.Ганболд, Г.Ууган-баяр /Мон-Алтиус БТДС/, Г.Тунгалаг /Говь-Алтай аймгийн ЭМШУИС-ийн багш/, Ж.Тамир /"Шинэ монгол" ахлах сургуулийн сурагч/, Ц.Баярцэцэг /"Шивээ овоо" ХК-ийн тамирчин/ нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид Тайванийн Кинмен хотноо болсон тэмцээндээ амжилттай оролцоод ирлээ. Манай баг тамирчид тэмцээний цохилтын болон талбайн цохилтын хоёр үндсэн төрөлд орж ганцаарчилсан, холимог хос, эрэгтэй хосын болон өсвөр үеийн тэмцээнд тоглосон байна. Эрэгтэй баг тамирчидаас ганцаарчилсан төрөлд Г.Азжаргал, эмэгтэй ганцаарчилсан төрөлд Ц.Баярцэцэг нар хамгийн өндөр амжилт үзүүлсэн ба Г.Тунгалаг талбайн цохилтын тэмцээнд Мексикийн тамирчинг хожжээ. Мөн эрэгтэй хосын төрөлд М.Ганболд, Г.Ууганбаяр, холимог хосын төрөлд Г.Азжаргал, Ц.Баярцэцэг нар сайн тоглолт үзүүлсэн боловч медальт байранд шалгарч чадсангүй. Тэмцээний үеэр анх удаагаа зохиогдсон өсвөрийн тэмцээнд Шинэ Монгол сургуулийн сурагч Ж.Тамир оролцсон ба насанд хүрэгчдийн төрөлд тоглон багийн амжилтад зохих нөлөө үзүүлсэн байна. Тус тэмцээнд Хятадын Тайвань, Хонконг, БНХАУ, Вьетнам, БНСУ, Япон, Тайланд зэрэг орны баг тамирчид бэлтгэл сайтай байгаагаа харуулан олон тамирчид төрөл тус бүрт орж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.
24 настай эрэгтэй гэртэйгээ шатжээ
Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түймрийн 14, аврах ажиллагааны таван дуудлага ирсэн байна. Үүнийг харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүнүүд унтрааж, арга хэмжээ авчээ. Энэ үеэр нэг хүн нас барсан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, “Найрамдал” явах замд, МТ-ын ШТС-ын зүүн талд дулааны хоолой суурилуулж байсан нэгэн компанийн  ажилчдын таван ханатай гэр шатаж, 24 настай эрэгтэй нас баржээ. Мөн хоёр хүн гэмтэж, түлэгдсэн байна.
Цэвэрлэх байгууламжийг Япон улс барихаар боллоо
Шинэ цэвэрлэх байгууламжийг 2015 оны гуравдугаар улиралд барьж эхэлнэ Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтын саналын тухай хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын А/662 дугаар захирамжаар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж, 2013 онд багтаан дуусгахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгажээ.  Анх 1964 онд хоногт 45 000м3 бохир усыг механик цэвэрлэгээгээр 50 хувь хүртэл цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орсноос хойш 1977, 1979, 1986 онуудад л өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Гэвч жил ирэх бүр ачаалал нь нэмэгдэж, өнөөдрийн байдлаар хоногт дунджаар 160 000м3 бохир усанд механик болон биологийн цэвэрлэгээ хийж, Туул голд нийлүүлж байна. Техник, технологи нь хоцрогдож, бетон хийцүүд нь муудсанаас тус байгууламжийн цэвэрлэсэн усны чанар байгальд нийлүүлэх усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа юм. Тиймээс шинээр цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай байгаа.  Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг  2015 оны гуравдугаар улирлаас эхлүүлнэ. Цэвэрлэх байгууламж шинээр барих болон техникийн шинэчлэл хийх санал Чех, Солонгос, Франц, Хятад  зэрэг орнуудаас ирсэн байна. Харин Японы “ЖАЙКА” олон улсын байгууллага өндөр түвшний цэвэрлэгээ хийдэг цэвэрлэх байгууламжийг барьж, засвар үйлчилгээ нь хялбар бөгөөд өөрсдөө автоматаар ажиллах боломжтой сүүлийн үеийн шинэ систем нэвтрүүлэх санал ирүүлжээ. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар “ЖАЙКА” олон улсын байгууллага нь Улаанбаатар хотын ус хангамж ариутгах татуургын салбарын стратеги төлөвлөгөөний судалгааг хийсэн байна. Судалгаанд тусгагдсан саналуудаас цэвэрлэх байгууламжийн асуудлыг илүү анхаарч, ач холбогдол өгөн ажиллаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад айлчлах үеэрээ Японтой хамтран цэвэрлэх байгууламж барихаар талууд дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусган гарын үсэг зуржээ.  Тиймээс Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн дагуу Төв цэвэрлэх байгууламжийг засаж сайжруулах, шинээр барьж байгуулах ажлыг “ЖАЙКА”-тай хамтран хэрэгжүүлэх юм.  Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг  2015 оны гуравдугаар улирлаас эхлүүлэх гэнэ.
Баянзүрх дүүргийн нөхөн сонгууль 19-нд болно
Ирэх долоо хоногийн бямба гариг буюу энэ сарын 19-ний өдөр Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болох гэж байна. Тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Наранбаатар өнгөрсөн хоёрдугаар сард таалал төгссөн учир түүний оронд шинэ төлөөлөгч сонгох нөхөн сонгуулийг ирэх бямба гаригт хийхээр товлосон нь энэ юм. Одоогийн байдлаар тус тойрогт АН, МАН, МАХН гэсэн гурван намын төлөөлөл нэр дэвшээд байгаа ажээ. АН-аас Баянзүрх дүүргийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Ганчимэг, МАН-аас өмнө нь тус тойрогт нэр дэвшиж байсан Э.Бат-Амгалан, МАХН-аас улс төр судлаач Л.Эрдэнэтуул нар нэр дэвшсэн байна. Нөхөн сонгууль болох гэж буй Баянзүрх дүүргийн долдугаар хороо нь 1700 гаруй өрх, 5000 орчим сонгогчтой ажээ.
М.Зоригт гишүүнээс цас оруулахыг хүсэв
Өнгөрсөн амралтын өдрүүдээр орсон цас Сүхбаатар аймгийн зарим нутгаар ороогүй бололтой.  Энэ талаар “Твиттер”-ийн нэгэн жиргээч “Танай, манай энд цас ордоггүй. Яг тойроод ороод байх юм” гэхэд нөгөөх нь “УИХ-ын гишүүндээ хэл” хэмээн зөвлөсөн аж. Харин дээрх жиргээний хариуд Сүхбаатар аймгаас сонгогдсон М.Зоригт гишүүн “Юунд та нар хөөрнө вэ. Хадлан тариа хураалтын ажил ид өрнөж байгаа үед энэ цас ч нэг их хөөрөөд баярлаад байх зүйл биш л байх даа” хэмээсэн байх юм.  Ер нь манай улс төрчид сонгуулийн үеэр айлуудаар явж, энд тэнд уулзалт зохион байгуулахдаа цас бо­роогүй гантай газарт бороо хур оруулж, ган тайлна гэхээс наахнуур юм болдог. Тиймээс ч сонгогч түмэн ч ган, зудтай үедээ өөрсдийнхөө төрийн түшээддээ хандах учиртай хойно, одоо яая гэх вэ дээ.
Нато-гийн тэргүүн Сирийн мөргөлдөөнд оролцох шаардлаггүй гэв
НАТО-гийн Ерөнхий нарийн бчигийн дарга Андерс Фог Расмуссен НАТО-гийн Ерөнхий нарийн бчигийн дарга Андерс Фог Расмуссен Сирийн мөргөлдөөнд тус байгууллага ямар нэг үүрэгтэйгээр оролцох шаарддагагүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн талаар AFP агентлаг өчигдөр мэдээлэв. “Цэргийн оролцоогоор энэ зөрчлийг шийдвэрлэх бололцоогүй” хэмээн тэрбээр хэлээд, ирэх арваннэгдүгээр сард болох Женевийн бага хуралд оролцохыг Сирийн Засгийн газар болон сөрөг хүчнийхэнд уриалжээ. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Дамаскийн дагуул хотод химийн зэвсэг хэрэглэсэн гэх мэдээ тарсны дараа А.Расмуссен олон улсын зүгас эрс хатуу хариу үйлдэл үзүүлэхийг уриалж байсныг AFP агентлаг тэмдэглэсэн байна. Сирийн химийн зэвсгийг устгах тохиролцоо есдүгээр сарын сүүлээр хийгдсэний дараа тэрбээр мөргөлдөөнд х&ндлөнгөөс цэргийн хүчээр оролцох боломжийг үгүйсгэхгүй байгаагаа мэдэгдсэн юм. Наймдугаар сард Дамаскийн дагуул хотод химийн зэвсэг хэрэглэсний улмаас 1500 хүн амь үрэгдсэн гэж хэвлэлүүд мэдээлсний дараа АНУ Сирийн Засгийн газрын армид цэргийн цохилт өгөхийг завдсан билээ. Гэвч Дамаск ОХУ-ын санал болгосны дагуу өөрт буй химийн зэвсгийг бүрэн устгахыг зөвшөөрсөн бөгөөд НҮБ холбогдох тогтоолыг есдүгээр сарын 27-нд гаргасан юм.
Энэтхэгийг хар шуурга дайрчээ
Энэтхэгийн хар салхины хүч улам ширүүссээр байна Хар салхи, аянга ца­хилгаан нүргэлсэн бай­галь цаг уурын таагүй үе Энэтхэгийн эрэгт айл­чилжээ.  Ойролцоогоор 200 км цагийн хурдтай урагш­лах хар шуурга замдаа таарсан бүхнийг хуу хамж байгааг “Хинду Ньюс” мэдээлжээ. Дөрвөн арал, эргийн 20 гаруй хотод гамшгийн хэмжээнд хүрсэн Энэтхэгийн хар салхины хүч улам ширүүссээр Андра Прадешийг бүхэлд нь залгин авахад ойрхон байна. Хар салхи ядуу буурай хот, тосгодыг улам туйл­дуулж байна хэмээн Энэт­хэгийн Дотоод хэргийн сайд үндэсний телевизээр мэдээл­жээ. Тус улсад 1999 оноос хойш нүүрлээгүй хар салхи бүртгэгдсэн төдийгүй тухайн үед 10 мянган хүний аминд хүрч байсан түүхтэй аж.  Одоогийн байд­­­лаар “Хинду Таймс”-т мэдээлснээр Орисса хо­­­­тын Ганжам, Курда, Пури болон Жагацинпур дүү­­­рэгт гамшиг түлхүү өртсөн байна. Тус хотод далайн түрлэг 3 метр хүрч өндөрсчээ.