title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
А.Оюунгэрэл: 50 саяас үнэтэй машинтай мөргөлдөж хохироосон бол арай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсан заалтыг хүчингүй болгосон
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Эрүүгийн хуулийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгасан. Чухам ямар нэмэлт, өөрчлөлт орсон талаар Тээврийн прокурорын газрын ахлах прокурор А.Оюунгэрэлээс тодрууллаа. -Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэгт Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт оноох хариуцлагыг заасан байдаг. Энэ бүлгийн автомашины жолооч нартай холбоотой зүйл заалтад ямар нэмэлт, өөрчлөлт орсон бэ? -“Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан байдаг. Хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангаруулж, зарим нэр томьёог хэрхэн ойлгох талаар тодорхой тайлбарласан. Мөн хүний эрхийн зарчмыг хангахтай холбоотой чухал өөрчлөлт орсон. -Хүний эрхийг хангахтай холбоотой ямар өөрчлөлт орсныг тодруулахгүй юү? -Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсгийг хүчингүй болгосон. Уг заалтад жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулахаас гадна их хэмжээний буюу 50 саяас дээш төгрөгийн хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр зохицуулсан байсан юм. Жишээ нь жолооч дээрх гэмт хэргийг үйлдэхдээ 50 саяас бага үнэтэй автомашинтай мөргөлдсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар, харин 50 саяас үнэтэй машинтай мөргөлдвөл 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар арай хүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэдэг байсан гэж ойлгож болно. Уг заалт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “хүнийг нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн зарчимтай зөрчилдөж байсан учраас хүчингүй болгожээ. -Хуульд ямар нэр томьёог тодорхой болгож тайлбарлав? -Өмнө нь хуулийн энэ хэсгийг хэрэглэхэд хуульчдад эргэлзээ үүсгэдэг байсан “тээврийн хэрэгсэл”, “тээврийн хэрэгслийн жолооч”, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэдгийг тодорхой тайлбарласан. Мөн “согтуурсан хүн” гэдгийг хэрхэн ойлгох талаар тодорхой болгожээ. Тодруулбал хүний амьсгал дахь спиртийн агууламж 0.2, цусан дахь спиртийн агууламж 0.5 түүнээс дээш хувь илэрснийг ойлгоно гэж тодорхой тайлбарласан байна. “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан, эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг, “Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно гэж тодорхой тусгаж өгсөн. -Осол гаргаад хэргийн газраас зугтдаг, эсвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь шүүхээр тогтоогдсон атлаа хөнгөн ял шийтгүүлж байсан нь нийгэмд бухимдал төрүүлж байсан шүү дээ. Харин энэ нэмэлт, өөрчлөлтөөр эрүүгийн хариуцлагыг чангаруулсан. Хэрхэн чангаруулсан юм бол? -Хуульд өөрчлөлт оруулахаас өмнө жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд 450,000-5,400,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноодог байсан. Харин одоо бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жилээр хасаж 2,700,000-14,000,000 төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар болсон. Харин нийтэд тустай ажил хийлгэх ялд нь өөрчлөлт ороогүй. Өмнө нь энэ гэмт хэргийг согтуугаар болон жолооны эрхгүй хүн үйлдсэн, хүний биед хүнд хохирол учруулсан тохиолдолд жолооны эрхийг 1-3 жилээр хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарладаг байсан. Тэгвэл  жолоодох эрхийг хасах хугацааг 3-5 жил, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1-3 жил болгон нэмсэн байгаа. Мөн хорих ялын төрлийг нэмж, 1-3 жил хорих ял оноож болохоор заасан. Дээрх гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон тохиолдолд өмнө нь жолооны эрхийг 3-5 жил хасаж, зорчих эрхийг 1-5 жил хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял оноодог байсан бол жолооны эрх хасах хугацааг нэмж 5-8 жил болгосон. Түүнчлэн согтуурсан, мансуурсан үедээ автомашин жолоодож хүний амийг хохироосон, эсхүл хоёроос олон хүний амийг хохироосон тохиолдолд жолооны эрхийг 5-8 жилээр хасаж, 2-8 жил хорих ял оноодог байсан юм. Үүнийг өөрчилж одоо жолооны эрх хасах хугацааг 8-12 жил болгож нэмжээ. -Согтуу жолооч дахин зөрчил гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон биз дээ. -Тиймээ. Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан, эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас Зөрчлийн тухай хуульд зааснаар жолооны эрхээ хасуулсан хүн уг зөрчлийг дахин гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх шинэ зохицуулалт нэмэгдсэн. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 1-3 жилээр хасаж, 2,700,000-14,000,000 төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэхээр болсныг иргэд анхаарах хэрэгтэй.   Эх сурвалж: УПЕГ
"АНУ-д худалдаалагдах гэж байсан үлэг гүрвэлийн олдворуудыг Монгол Улс руу тээвэрлэхэд бэлэн болсон"
Соёлын яам Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” олон улсын арга хэмжээ тусгагдаж соёлын өвүүдээ гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд АНУ-ын Засгийн газар, АНУ-ын Элчин сайдын яам болон Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Соёлын яам хамтран ажилласны үр дүнд манай улсад зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгсөн бөгөөд Монгол Улс руу тээвэрлэхэд бэлэн боллоо гэж Соёлын яамнаас мэдээлэв. Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай археологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгох ажил 2012 оноос эхлэн амжилттай явагдаж байгаа юм. Энэ удаагийн олдворуудын дунд Tyrannosauridae-н бүлд хамаарах Alioramus үлэг гүрвэлийн яс багтаж буй. Энэхүү үлэг гүрвэлийн хувьд зөвхөн Монголын нутаг дэвсгэрээс олддог, өмнө нь олдож байсан энэ төрлийн олдворуудаас хамгийн сайн буюу бүтэн хадгалагдсан олдвор юм хэмээн Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр өгсөн мэдээлэлд дурдагдаж байлаа.
Н.Энхбаяр: Хөгжлийн Банк $500 гаруй саяын бонд, ₮30 гаруй тэрбумын иений зээлээ эргэн төлж, дампуурах эрсдэлээс гарсан
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Монгол Улсын Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлт, өнөөгийн нөхцөл байдлын талаар эдийн засагч, судлаач Н.Энхбаяр байр сууриа илэрхийлжээ.  Тэрбээр "Чанаргүй, төлөгдөөгүй байсан зээлүүд өнгөрсөн жилүүдэд их хэмжээгээр эргэн төлөгдсөний дүнд 2023 онд Хөгжлийн Банк тулгамдсан байсан $500 гаруй саяын бонд, ₮30 гаруй тэрбумын иений зээлээ эргэн төлсөн байна. Энэ нь өнгөрсөн жилүүдэд явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүн бөгөөд Хөгжлийн Банк дампуурлаас гарсан. Үүний дүнд Хөгжлийн Банк олон улсын зах зээл дээрх нэр хүндээ хадгалж, сэргээж чадлаа" хэмээн хэлжээ.    Эх сурвалж: Хөгжлийн Банк
Дэлхий даяар хорт хавдрын өвчлөл 2050 он хүртэл 77 хувиар өсөх тооцоог ДЭМБ гаргажээ
Дэлхийн Хорт Хавдрын өдөр ирэх Ням гарагт тохиох гэж байгаатай холбогдуулан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр сүүлийн үеийн тоо баримтуудаа танилцуулжээ. Танилцуулсан гол тоо баримтуудыг дурдвал: Хамгийн сүүлийн тайлант жил буюу 2022 онд хорт хавдрын 20 сая тохиолдол шинээр бүртгэгдэж, 9.7 сая хүн нас барсан байна 2022 оны байдлаар хорт хавдартай нь оношлогдоод тав хүртэл жил амьдарч буй хүмүүсийн тоо 53.5 сая байжээ. Дэлхийн хүн амын таван хүн тутмын нэг нь хорт хавдраар өвчилж байна. Есөн эрэгтэй тутмын нэг, 12 эмэгтэй тутмын нэг энэ өвчлөлөөр нас барж байна. 2022 оны байдлаар хамгийн түгээмэл нь уушги, хөх, бүдүүн гэдэсний хорт хавдар байжээ. Жилд уушгины хорт хавдрын 2.5 сая, хөхний хорт хавдрын 2.3 сая, бүдүүн гэдэсний хорт хавдрын 1.9 сая шинэ тохиолдол нэмэгдэж байна. 2050 он гэхэд жилд бүртгэгддэг хорт хавдрын тохиолдлын тоо 2022 оны 20 саяас 77 хувиар нэмэгдэж, 35 саяд хүрэх тооцоо гарчээ. Энэ өсөлтөд нэг талаас ерөнхий хүн амын хөгшрөлт, өсөлт, нөгөө талаас хүмүүсийн эрсдэлд (хоол хүнс, хүрээлэн байгаа орчин г.м) өртөх явдал нэмэгдэх нь нөлөөлөх гэнэ.   Эх сурвалж: WHO
ИНФОГРАФИК: Энэ зууны эцсээр дэлхийн хүн ам буурч эхэлнэ
Дэлхийн хүн ам хүн төрөлхтний түүхийн ихэнх хугацаанд одоогийнхтой харьцуулахад өчүүхэн бага байсаар ирсэн. Харин сүүлийн хэдэн зууны туршид хүн төрөлхтний тоо хэмжээ ер бусын хурдтайгаар өсжээ. 1800 онд нэг тэрбум хүн байсан бол өнөөдөр бид 8 тэрбум гаруй болоод байна. Тэгвэл энэ зууны эцэс гэхэд дэлхийн хүн ам дээд цэгтээ хүрнэ гэж хүн ам зүйчид үзэж байна.  Сүүлийн хэдэн зуун жилд дэлхийн хүн ам хурдацтай өсөж байна Сүүлийн хэдэн зуунд дэлхийн хүн амын өсөлтийн хурд гайхалтай байлаа. Хүн төрөлхтний түүхийн ихэнх хугацаанд дэлхийн хүн ам нэг сая хүрэхгүй байсан. Одоогоос 12,000 жилийн өмнө дэлхий дээр ердөө 4 сая хүн байжээ. Дараах график нь 1700 оноос хойш дэлхийн хүн амын хурдацтай өсөлтийг харуулж байна.   Хүн амын тоо 1800-аад оны эхэн үе хүртэл нэг тэрбумын босго давж байгаагүй бол одоогоос ердөө зуун жилийн өмнө дэлхий 2 тэрбум хүнтэй байв. Түүнээс хойш дэлхийн хүн ам дөрөв дахин нэмэгдэж, найман тэрбум болжээ. Манай гараг дээр бүхий л цаг хугацаанд нийт 108 тэрбум орчим хүн амьдарч байжээ. Өнөөдрийн хүн амын тоо нийт төрсөн хүмүүсийн 6.5%-ийг эзэлж байна гэсэн үг. Энэхүү өсөлт нь амьдрах нөхцөл болон эрүүл мэндийн ахиц дэвшил, ялангуяа хүүхдийн нас баралтыг бууруулж, дундаж наслалтыг нэмэгдүүлсний үр дүн юм. Хүн амын өсөлт 60 жилийн өмнө дээд цэгтээ хүрсэн Дэлхийн хүн ам асар хурдацтай өсөж байна гэсэн буруу ойлголт байдаг. Дэлхийн хүн ам үнэмлэхүй тоогоор нэмэгдсээр байгаа ч 60 гаруй жилийн өмнө хүн амын өсөлт дээд цэгтээ хүрсэн. Графикаас дэлхийн хүн амын жилийн өсөлтийн өөрчлөлтийг харж болно. (НҮБ-ын 2100 он хүртэлх дундаж төсөөлөлд үндэслэсэн болно)   Дэлхийн хүн амын өсөлт 1960-аад онд дээд цэгтээ хүрч, жилд 2% -иас илүү гарч байв. Түүнээс хойш өсөлтийн хувь хэмжээ хоёр дахин буурч, 1% хүрэхгүй болтлоо буурчээ. НҮБ-аас энэ зууны эцэс гэхэд хүн амын өсөлт сөрөг утгатай болно гэж төсөөлж байгаа нь дэлхийн хүн ам өсөхийн оронд бүр багасна гэсэн үг юм. Дэлхийн хүүхдийн тоо 2017 онд дээд цэгтээ хүрсэн Энэхүү график нь тав хүртэлх насны хүүхдийн тооны талаарх НҮБ-ын түүхэн тооцоо, төсөөллийг харуулж байна.   Дэлхийн хүүхдийн тоо 2017 онд дээд цэгтээ хүрчээ. Ойрын хэдэн арван жилийн хугацаанд хүүхдийн тоо энэ түвшиндээ тогтвортой байх боловч энэ зууны сүүлээс илүү хурдацтай бууна гэж хүн ам зүйчид үзэж байна. НҮБ: Энэ зууны эцэс гэхэд дэлхийн хүн ам дээд цэгтээ хүрнэ   НҮБ-аас хамгийн сүүлд гаргасан 2100 он хүртэлх дэлхийн хүн амын төсөөллийг графикт үзүүлэв. Дэлхийн хүн ам 2086 онд буюу энэ зууны эцэс гэхэд дээд цэгтээ хүрч, 10.4 тэрбум гаруй болно гэжээ.   Эх сурвалж: ourworldindata.org
АХМАДУУД: Хүүхдүүддээ зээл авч өгөхөөс аргагүй тохиолдол гардаг. Байраа өгөөд очих газаргүй болсон хүмүүс ч байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын захиалгаар Мэргэжлийн социологичдын холбоо ТББ 2022 онд хийж гүйцэтгэсэн "Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй ахмад настны эрх, хамгаалал судалгаа"-ны тайлангаас ахмадуудын тэтгэвэртэй холбоотой хэсгийг танилцуулж байна.  Тэтгэврийн насны хүн ам 2020 онд хүн амын 9.85 хувийг эзэлж байсан бол 2030 онд 13.37, 2050 онд 19.42 хувь болж, Монгол Улсын хүн амын дотор ахмад настны эзлэх хувь өсөх хандлагатай байна. "Ахмадуудын 73.49 хувь нь тэтгэврийн доод хэмжээ авч байна" Улсын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас өндөр насны бүрэн тэтгэвэр авч байгаа 333,046 ахмад настан байгаагаас 244,763 ахмад настан буюу 73.49 хувь нь тэтгэврийн доод хэмжээ болох 500,000 төгрөгийн тэтгэвэр авч байна.  Харин тэтгэврийн дундаж хэмжээ 2022 оны байдлаар 562,500₮ байгаа аж. Энэ нь улсын дундаж цалин хөлснөөс 2.7 дахин бага байгаа юм байна.   Судалгааны тайлангаас Тухайн өрхийн сарын дундаж орлого болон ам бүлийн тоон харьцаагаар амьжиргааны түвшнийг тодорхойлоход нийслэлийн гэр хорооллын ахмад настнуудын 54.5 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур түвшинд амьдарч байна. Үүнээс үзэхэд өрхийн дотор ажил орлоготой хүн ховор, өрхийн орлогын гол эх үүсвэр нь тэтгэвэр байна.   Судалгааны тайлангаас "Гэр хорооллын хоёр ахмад тутмын нэг нь сургалтын төлбөр төлөх, машин унаа авах зориулалтаар зээл авчээ"  Зээлтэй ахмад настнуудын зээлээ хэнд зориулж авсныг тодруулахад 43 хувь нь өөртөө, 31.6 хувь нь үр хүүхдүүддээ, 10.7 хувь нь эхнэр, нөхөртөө, 8.4 хувь нь ач, зээдээ зориулж зээл авсан байна. Үүнээс үзэхэд гэр хорооллын 10 ахмад настан бүрийн зургаа нь тэтгэврийн зээлээ өөртөө бус гэр бүлийн гишүүддээ авч өгдөг болох нь харагдаж байна. Зээлийн зориулалтаас харахад гэр хорооллын хоёр ахмад тутмын нэг нь зээлээ бусдад буюу ар гэрийнхнийхээ сургалтын төлбөрийг төлөх, машин унаа авах зориулалтаар авчээ.   Судалгааны тайлангаас Баримт “... Тэтгэврийн зээл аваад үр хүүхдэдээ зарцуулж байна. Зургаан сараар юм уу, жилийн хугацаатай авдаг. Хүүхдүүддээ авч өгөхгүй байхын аргагүй тохиолдол гарч ирдэг. Би гурван охинтой. Нэг охиндоо тэтгэврийнхээ зээл аваад өгчихсөн. Ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулмаар байгаа юм”. ФБЯ: СХД-ийн 10 дугаар хорооны ахмад настан “... Ахмад настнуудын эрх бүрэн хангагдаж чадахгүй байгаа. Тэтгэврийн зээл авчхаад өөрсдөө хэрэглэж чадахгүй байна, үр хүүхдүүддээ орон байраа өгөөд өөрсдөө очих газаргүй болсон ахмадууд байна. Одоо энэ очих газаргүй хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг хүмүүсийнхээ судалгааг аваад хөнгөлөлттэй журмаар орон сууцаар хангаад өгөх хэрэгтэй л байна. Нийгэм төр засгийн зүгээс ахмадуудын орон сууцны асуудлыг л шийдэх хэрэгтэй”. Ганцаарчилсан ярилцлага: ЧД-ийн ахмад настан
"21 аймгийн 250 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндрэхээр байна"
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ.  Тодруулбал Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байгаа юм. Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1- 13.2 градусаар хүйтэн. Хур тунадас нийт нутгийн 90 гаруй хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага.  Монгол орны зудын байдалд үнэлгээ хийхэд 14 аймгийн 49 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 136 суманд цагаан зудын, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу байна. Тодруулбал Увсын Өндөрхангай, Наранбулаг, Говь-Алтайн Дэлгэр, Тонхил, Алтай, Завханы Идэр, Тэлмэн, Архангайн Цахир, Тариат, Хайрхан, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Жаргалант, Батцэнгэл, Өлзийт, Баянхонгорын Баянлиг, Бөмбөгөр, Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Галт, Булганы Рашаант, Дундговийн Өлзийт, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Адаацаг, Өмнөговийн Булган, Манлай, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Дарьганга, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0.35-1.05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудтай.  Баян-Өлгийн Сагсай Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай Ховдын Алтай Говь-Алтайн Булган, Чандмань, Үенч, Алттай Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Завханмандал, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Сантмаргац Баянхонгорын Хүрээмарал, Эрдэнэцогт, Гурванбулаг, Богд, Галуут, Жинст, Баянхонгор Архангайн Цэцэрлэг, Хангай, Чулуут, Өндөр-Улаан, Өгийнуур, Булган, Хотонт, Цэцэрлэг, Хашаат Өвөрхангайн Богд, Төгрөг, Нарийнтээл, Хужирт, Есөнзүйл, Баян-Өндөр, Бүрд, Өлзийт, Хархорин, Гучин-Ус, Арвайхээр, Хайрхандулаан Хөвсгөлийн Шинэ-Идэр, Улаан-Уул, Рашаант, Баянзүрх, Бүрэнтогтох, Ренчинлхүмбэ, Мөрөн Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Хишиг-Өндөр, Могод, Бүрэгхангай Төвийн Эрдэнэсант, Өндөрширээт, Бүрэн, Лүн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Угтаалцайдам, Борнуур, Зуунмод, Баянцагаан, Цээл, Баянжаргалан, Жаргалант, Эрдэнэ Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Баянгол Дорноговийн Дэлгэрэх, Айраг, Сайхандулаан, Хөвсгөл, Алтанширээ, Сайншанд, Мандах, Эрдэнэ, Хатанбулаг Дундговийн Баянжаргалан, Дэрэн, Говь-Угтаал, Мандалговь, Хулд, Цагаандэлгэр, Сайхан-Овоо Өмнөговийн Баяндалай, Цогт-Овоо, Ханбогд, Мандал-Овоо, Хэнтийн Дархан, Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Батширээт, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Өндөрхаан, Жаргалтхаан, Дэлгэрхаан Дорнодын Гурванзагал, Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрджээ. Цагаан зудтай байгаа аймаг, сумд: Увсын Завхан Ховдын Дарви, Эрдэнэбүрэн Говь-Алтайн Халиун, Алтай, Цогт, Төгрөг Завханы Отгон, Ургамал, Сонгино, Түдэвтэй, Яруу, Шилүүстэй, Улиастай Баянхонгорын Баян-Өндөр, Бууцагаан, Баацагаан, Баянговь, Жаргалант Өвөрхангайн Сант, Уянга, Баянгол Хөвсгөлийн Цагааннуур, Цагаан-Үүр, Цагаан-Уул, Арбулаг, Эрдэнэбулган, Алаг-Эрдэнэ (Хатгал) Булганы Хангал, Баян-Агт, Булган, Бугат, Сэлэнгэ, Орхон, Сайхан, Орхоны Жаргалант, Баян-Өндөр Сэлэнгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Хушаат, Орхонтуул, Түшиг, Цагааннуур, Мандал, Орхон, Ерөө Дархан-Уулын Хонгор, Дархан Төвийн Мөнгөнморьт, Баянчандмань, Баян, Дэлгэрхаан, Аргалант, Батсүмбэр Улаанбаатарын Тэрэлж, Багануур Дундговийн Өндөршил, Гурвансайхан, Луус Өмнөговийн Баян-Овоо Говьсүмбэрийн Чойр Хэнтийн Өмнөдэлгэр (Гурванбаян), Биндэр, Өлзийт, Норовлин, Дадал, Дорнодын Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот, Баяндун.   Эх сурвалж: ОБЕГ
А.Алтангэрэл: Автомашины гаалийн татварыг үндэслэлгүйгээр гурав дахин нэмсэн
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Автомашины гаалийн татварыг үндэслэлгүйгээр нэмж иргэдэд чирэгдэл учруулж буй талаар "Солонгос Улсаас Автомашин Нийлүүлэгчдийн Холбоо" төрийн бус байгууллагын тэргүүн А.Алтангэрэл сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Манай холбоо нийт 212 гишүүнтэй. Энэ гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж долоо дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд олон даргын нүүр үзэж шийдвэртэй танилцаж байсан. Энэ удаагийнх шиг ийм зүй бус шийдвэр харж байсангүй.  Тодруулбал гурав хоногийн өмнө гурван сая төгрөгийн үнэлгээгээр оруулж ирдэг байсан автомашины гаалийн үнийг ямар ч үндэслэл, тайлбар хэлэлгүйгээр гурав дахин нэмсэн.  Энэ талаар асууж тодруулсан боловч тоох дарга байсангүй. Гэнэтийн шийдвэрээс нь болоод автомашинаа авч чадалгүй удаан хүлээсэн нэг иргэн Замын-Үүдэд бие нь муудаад түргэний тэргээр эмнэлэгт хүргэгдлээ. Уг асуудлаар нийслэлийн Гаалийн байгууллага болон бусад албанаас нь хариу авсан. Татвар нэмэгдсэн нь үндэслэлтэй гэх тайлбар өгөөд байна. Энэ талаар бүрдүүлэлтийн албаны даргад нь гомдол санал хэлэхээр "Надад хамаагүй. Татвар нэмсэн нь үндэслэлтэй. Өмнө нь буруу ажиллаж байсан" гэх тайлбар хэлдэг. Зүгээр л нэг дарга орж ирээд үзэмжээрээ татвар нэмж болдог юм уу,  Үүсээд буй асуудлыг шалгуулахаар Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-ын гадаа суулт зарласан. Энэ асуудал шийдэгдэхгүй бол өлсгөлөн зарлах хүртлээ тэмцэнэ. ГЕГ-аас ажлын хэсэг гаргаж шалгуулах хүсэлтэй байна.  Гаалийн татварыг нэмж сонгуулийнхаа мөнгийг босгох нь гэж иргэн хүнийхээ хувьд хардаж байна. Цаашлаад албан тушаалтнуудыг нь Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т, захиргааг нь шүүхэд өгөхөөр төлөвлөсөн" гэж ярилаа.
Тайландын нэг хот сармагчны сүрэгт эзлэгдсэний улмаас хөрөнгө оруулагчид үргэж эхэлжээ
Тайланд улсын төв бүсийн Лопбури хот нэг үе худалдаа, аялал жуулчлалын томоохон төвд тооцогдож, амьдрал буцалж байжээ. Гэтэл сүүлийн үед энэ хотоос бизнесийн байгууллагууд дүрвэж, хөрөнгө оруулалт саатаж, эзгүй хот болох аюултай тулгараад байна. 3,500 орчим тоотой нэг төрлийн урт сүүлт сармагчин хотыг эзэлснээс ийм гамшиг нүүрлэжээ. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн компани, дэлгүүр үйл ажиллагаагаа зогсоож, Лопбури хотоос дүрвэсэн байна. Сармагчнууд хотыг түйвээж, эд хөрөнгийг нь сүйтгэж, үйлчлүүлэгчдийг үргээх болсон тул ингэхээс аргагүйг хүрчээ.   “Өмнө нь Хятадын хөрөнгө оруулагч ирж, бидэнтэй уулзаж байсан. Гэвч сармагчны аюул мөд шийдэгдэхгүйг ойлгосон тэр хөрөнгө оруулалтаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна” гэж Лопбури хотын Пингя худалдааны төвийн төлөөлөгч Сурачат Чанпрасит ярьж байна. Лопбури хот олон жилийн турш аялал жуулчлалын төв байсан бөгөөд гадаадын жуулчид сармагчнуудыг хооллож, хамт зургаа авхуулдаг байжээ. Мөн жил бүр сармагчны наадам зохион байгуулж, энэ амьтныг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож байсан юм.   Гэвч тоо толгойн хэт өсөлт одоо эсрэгээрээ үйлчилж эхэлжээ. Харьяалагддаг мужийн захирагч Ампол Ангхапаркорнкул саяхан Лопбури хотод зочлохдоо Тайландын засгийн газрын холбогдох байгууллагуудтай хамтран асуудлыг шийдвэрлэхээ амласан байна. 2020 онд эрх баригчид хотын сармагчны тоо толгойг цөөрүүлэх зорилгоор үржлийг нь хязгаарлах аян зохион байгуулж байжээ.   Эх сурвалж: South China Morning Post
Өмнөд Солонгост парламентын гишүүдийнхээ тоог цөөрүүлж, цалинг нь бууруулах тухай ярьж байна
Өмнөд Солонгосын эрх баригч Ард Түмний Хүч намын удирдлага тус улсын хууль тогтоох байгууллагад шинэчлэл нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа өчигдөр мэдэгджээ. Өчигдөр намынхаа өндөр албан тушаалтнуудтай уулзсан даргын үүрэг гүйцэтгэгч Хан Дон Хун парламентын гишүүдийн цалингийн хэмжээг иргэдийн голч цалингийн хэмжээтэй уялдуулан бууруулах цаг болсон гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. “Хууль тогтоогчид бол төрийн өндөр албан тушаалтнууд биш, ард түмний төлөөлөл. Тэд төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэдэг тул хүмүүсийн дундаж орлогын түвшинд цалинжих нь утга учиртай гэж би үзэж байна” гэж Хан Дон Хун энэ үеэр ярьжээ. 2018 онд RnSearch байгууллагын явуулсан судалгаанд оролцсон иргэдийн 73.1 хувь нь парламентын гишүүдийг хэт өндөр цалинтай гэж үзэж байсан юм. Харин 17.17 хувь нь үүнтэй санал нийлэхгүй байжээ. Одоо Өмнөд Солонгосын парламентын гишүүд жилийн 150 сая гаруй вон буюу сарын 13 сая воны ($9,000) цалинтай байдаг. Үүнд туслахууд, оффис, хоол, томилолт, унааны зардлууд ордоггүй юм. Солонгосын статистикийн байгууллагын тоо баримтаас үзвэл 2023 онд тус улсын нэг ам бүлтэй өрхийн сарын дундаж орлого 2.07 сая вон ($1,560), дөрвөн ам бүлтэй өрхийн сарын дундаж орлого 5.4 сая вон байжээ. “Улс төрчид төрийн албанд зүтгэхээсээ илүү ард түмэнд үйлчлэхийн тулд ажилладаг гэж ярьдаг. Харин сонгогчдын ихэнх нь үүнийг өөрөөр харж байна. Олон хүмүүс улс төрийн албан тушаалыг өндөр цалин хангамж, давуу эрх гэж харсаар байгаа юм. Маш олон хүн энэ байдлыг өөрчлөхийг дэмжиж байгаа тул эрх баригч намын албан ёсны амлалт болно гэдэгт би найдаж байна” гэж Конкукын Их сургуулийн улс төр судлалын профессор И Хюн Чул ярьж байна. Өмнөд Солонгосын иргэдийн дунд хууль тогтоогчдын хэт өндөр цалин хангамжийн асуудал байнга яригддаг ч парламентын намууд энэ тал дээр зоригтой шийдвэр гаргаж чадалгүй өнөөг хүрсэн юм. Эрх баригч намын даргын үүрэг гүйцэтгэгч Хан Дон Хун энэ чиглэлд санаачилга гаргаж магадгүй байгаа. Өнгөрсөн сард тэр парламентын гишүүдийн тоог одоогийн 300-аас 250 хүртэл бууруулах хуулийн төсөл өргөн барихаа амлаж байв.   Эх сурвалж: Korea Times
Зарим эмнэлгийн үндэслэлгүй тогтоосон төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг цуцлуулсан байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудаас баталсан төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хянаж, зөрчилтэй дүрэм, журам, шийдвэрийг хүчингүй болгуулж, хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг АТГ үе шаттай зохион байгуулж байгаа аж. Амгалан амаржих газар, Геронтологийн үндэсний төв, ГССҮТ, СЭМҮТ, Улсын гуравдугаар төв эмнэлэг, нэгдүгээр төв эмнэлэг, ХӨСҮТ, Хүүхдийн төв сувилал, Эмгэг судлалын үндэсний төв зэрэг есөн байгууллагаас Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг зөрчиж, хуулиар тусгайлан эрх олгоогүй байхад батлан мөрдүүлсэн төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хүчингүй болгуулжээ. Тодруулбал үндэслэлгүй төлбөр тогтоосон Эмгэг судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, ГССҮТ, ХӨСҮТ-ийн даргын тушаалуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, хуульд нийцүүлэх арга хэмжээг зохион байгуулсан байна. Ингэснээр иргэдэд хүнд суртал, чирэгдэл үүсгэх, шат дамжлага нэмэгдүүлэх, дарамт, шахалт үүсгэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болов хэмээн АТГ-аас мэдээлэв.
ВИДЕО: Иргэд амралтын өдрүүдэд ч бүртгэлийн үйлчилгээ авах боломжтой боллоо
Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын төв байрны 1 давхарт цахим үйлчилгээний 24/7 төвийг нээж, 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Энэ төв нь 7 хоногийн турш 24 цагаар ажиллах бөгөөд иргэд түргэн шуурхай, цагийн хязгаарлалтгүйгээр үйлчлүүлэх боломж бүрдсэн байна. Иргэд гадаад паспорт, иргэний үнэмлэх дахин авах, тоон гарын үсэг шинээр авах гэх мэт үйлчилгээнүүдийг цахимаар авах боломжтой. Мөн цаашид хөдөө орон нутаг болон иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй байршлуудаар улсын бүртгэлийн цахим машины үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.  https://www.facebook.com/watch/?v=363305423301050
Г.Хажидмаа: 73,000 иргэн хувьцаа заралтын луйварт өртсөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудаа ₮100,000-аар ялгаварлалаа
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Ногдол ашгийг ялгавартай олгохыг эсэргүүцэж иргэн Г.Хажидмаа Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.  Тэрбээр "Ногдол ашигтай холбоотойгоор Засгийн газарт сэтгэл дундуур байгаа маш олон иргэн байна. Засгийн газар 3.5 сая иргэнээ ялгаварлан гадуурхахгүйгээр баялагт нь эзэн болгож ногдол ашгийг тэнцвэртэй хуваарилж өгөөч хэмээн удаа шаардаж хоёр жил явсан.  Үр дүнд Монгол Улсын бүх хүүхэд ногдол ашиг авлаа. Мөн хувьцаагаа зараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад нь ногдол ашиг авсан. Гэхдээ Засгийн газарт Монголын ард түмний сэтгэл ханахгүй байна.  2016 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудаас амьгүй хувьцааг нь санал авах, сонгуульд ашиглахаар луйвардаж авсан. Үүнийг компанийн тухай хуульд тодорхой заасан. Үндсэн хуульд иргэнийг ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан байна.  Жишээлбэл 2016 онд 14 настай байсан хүүхэд өнөөдөр 7,000 төгрөгийн ногдол ашиг авсан луйвар явж байна. Тэгэхээр ногдол ашгийг зөрүүтэй өгч байгаа нь Засгийн газар цаанаа таван цаас луйвардаж авах зорилготой арчаагүй байдал үүссэн гэх хардлага төрсөн.  Өнгөрсөн жил ногдол ашгийг "50+1" хувилбараар гарын үсэг зуруулж байхад Засгийн газар 34 хувь гэх зүйлийг УИХ-д оруулсан боловч дарагдсан. Ингэснээр бид бага ногдол ашиг авах хувилбар руу ороод байна.  Энэ сарын 5-нд болох УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Засгийн газрын оруулсан тогтоолын төсөл дээр нэмэх нь нас барсан иргэдийн ногдол ашгийг үр хүүхдүүдэд нь өвлүүлэн өгөхийг шаардаж байгаа.  Хувьцаа гэдэг зүйлээ Тавантолгой дээр амилуулж, яригдаад буй 34 хувь руу нь оруул. Ингэвэл 2023 оны ногдол ашгаас нэг хүн дор ядаж 500,000 төгрөг авах боломжтой.  Ногдол ашгийг шаардаж эхэлсэн учраас ард түмнийг сэтгэл ханамжтай үлдтэл явна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд нь ялгаварлан гадуурхагдахгүйгээр ижил хэмжээний ногдол ашиг авах хүртэл явах юм.  2016 онд сайн хувьцаа нэрээр 300,000 төгрөгөөр хувьцаагаа өгсөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад, оюутнууд бүх насаараа ногдол ашиг авахгүй болох хохиролд орсон. Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яаманд Монголын бүх уурхай хамаарагддаггүй юм байна. Энэ зөвхөн Л.Оюун-Эрдэнийн эзэмшилд очсон. "Эрдэнэс Монгол" ХХК гэх уул уурхайн мангас байгууллагаар дамжуулаад Засгийн газар аймшигтай том бүрэн эрхийг гартаа авсан.  Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийн хурлаар 2022, 2023 оны ногдол ашгийг өгөхөд бэлэн болсон гэдэг мэдэгдэл хийчхээд цагаан сараас өмнө бүтэн өгчихгүй яасан юм бэ. Монгол Улсын Засгийн газрыг арчаагүй гэж хэлмээр байна.  100,000 хүрэхгүй төгрөг иргэдийн дансанд хийгээд өөрсдөө 44 их наядаар луйвардаж тоглож байна. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлнэ. 73,000 иргэн хувьцаа заралтын луйварт өртсөн. Бид 2016 оны Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг шүүхэд өгнө.Санал худалдаж авах бодлогоор тухайн үеийн Засгийн газар бүх насаар нь ногдол ашиг авахгүй нөхцөлд хүргэсэн. Маш олон иргэн нүдэндээ нулимстай байна шүү Л.Оюун-Эрдэнэ ээ. Та нар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудаа 100,000 төгрөгөөр ялгаварлан гадуурхлаа. МАН, АН, ХҮН та нар сонгуулиар санал гуйж явдаг шүү" хэмээн ярив.
"Ногдол ашиг шаардсан олон хүн цагдаа дээр торгуульд ороод байгаа" гэх мэдээлэл худал гэв
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Олон нийтийн цахим сүлжээнд "Гантөмөр Хажидмаа" хаягаас ногдол ашиг шаардсан олон хүн цагдаа дээр торгуульд ороод байгаа... хандивын данс.... гэх мэдээлэл гарсан. Тэгвэл уг мэдээлэл худал болохыг Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас мэдээллээ.  Уг асуудлын тухайд нэгдүгээр сарын 15-ны өдөр иргэн Х нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших "Эрдэнэс таван толгой" компанийн байранд "Ногдол ашиг өг" гэж хэрүүл маргаан үүсгэн бусдын биед халдаж, цохисон үйлдэлд иргэний гомдлоор Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Мөн түүнтэй хамт явсан иргэн Э нь бусдын биед халдсан үйлдэл гаргасан тул түүнд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллагаас иргэн Х, Э нарын бусдын биед халдсан үйлдэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгалт явуулсан. Ногдол ашиг шаардсан гэх асуудалд шалгалт явуулаагүй болохыг мэдээлж байна.
Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарын хэргийг нэгтгэх захирамжийг хэвээр үлдээжээ
Зургийг шүүх танхимын шууд дамжуулалтын дэлгэцээс авав. ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хахууль өгөх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах гэмт хэрэгт, Э.Жаргалсайхан нь мөнгө угаах, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт тус тус холбогджээ.  Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэсэн үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг. Тус захирамжид прокурор эсэргүүцэл бичсэн тухай мэдээлж байв. Прокурорын эсэргүүцлээр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарын үйлдлийг нэгтгэн шийдвэрлэх талаар заасан хэсэг болон захирамжид заагдсан ажиллагаануудаас заримыг нөхөн гүйцэтгэх шаардлагатай гэж үзэн хэвээр үлдээжээ. Харин давж заалдах шатны шүүх Т.Бадамжунайд холбогдох хэрэгт хахууль авах гэмт хэргийн шинж байгааг шалгах шаардлагатай гэж нэмэлт заалт оруулсан болохыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг танилцуулав.
Өмнөговь аймгийн Түмэн тэмээний баяр эхэллээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өмнөговь аймгийн Түмэн тэмээний баяр өнөөдөр эхэлж байна. Уг арга хэмжээний зохион байгуулалтын талаар өмнө нь Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Н.Ариунсанаа "Энэ жилийн тэмээний баяраар тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүн, тэмээний ноос түүний бүтээгдэхүүнээр хийсэн хувцас, тэмээтэй холбоотой урлаг, энтертайнмент арга хэмжээг өргөн дэлгэр зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэмээний баярын арга хэмжээ нь 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголын аялал жуулчлалын салбарын өвлийн эвент болж хөгжиж ирсэн. Жил бүрийн гуравдугаар сарын 6, 7-нд Хөвсгөлийн мөсний баяр, Улаанбаатар хотод болдог бүргэдийн баяртай хамтран зохион байгуулдаг байсан бол энэ жилээс хугацааг нь наашлуулж, хоёрдугаар сарын 1- 3-нд зохион байгуулахаар төлөвлөсөн" хэмээх мэдээллийг өгч байв. Түмэн тэмээний баярт оролцогчид, жуулчид тэмээ унах, тэмээтэй парадад жагсах зэргээр наадмыг зөвхөн үзэх биш өөрсдөө оролцож болох аж. Уг баяр нь  тэмээний поло, тайлаг, тором гээд тэмээний уралдаан, сайхан тэмээтэй хосын тэмцээн, тэмээн парад, ингэний айргийн баяр, ингэний сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “мэндлэх хүндлэх ёс” хөөргөний үзэсгэлэн, Дундговь аймгийн “Өмнийн говийн өв соёл” үзэсгэлэн, тэмээний ноосон эдлэл, бүтээгдэхүүний загварын шоу гээд нийт 20 орчим хөтөлбөртэй юм байна. Монгол Улс 2023 онд 473,900 толгой тэмээ тоолсноос гуравны нэг нь Өмнөговь аймгийнх.
Архангайн Цагаан давааны замд шатахууны машин осолдсон хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов
Гэрэл зургийн эх сурвалж: ТЦА Архангай аймгийн төв Цагаан давааны уруудах хэсэгт 2020 оны долдугаар сарын 15-нд шатахуун тээвэрлэж явсан том оврын ачааны “Донгфэнг” маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, гал гарсны улмаас таван машин, нэг мотоцикл шатаж, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр, дөрвөн хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, найман хүний амь хохирсон харамсалтай осол гарч байв. Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно. Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож долоон жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, долоон жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ялыг өршөөлд хамруулан, таван жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр; Шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэргийг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгож, Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хохирлын зарим хэсгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч “Т” ХХК-аас гаргуулж, хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан “Ш” ХХК-ийг хууль буюу гэрээний дагуу хариуцагч биш гэж дүгнэсэн тул “Ш” компаниас нэхэмжилсэн хохирол хор уршгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэснийг эс зөвшөөрч хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэв. Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Тодруулбал аюултай ачаа тээвэрлүүлэгч “Ш” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж дүгнэж, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарын хохирол, хор уршиг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүйгээс гадна гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар хууль зүйн дүгнэлт хийж эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх нь хохирогч нарын эрх ашигт нийцнэ. Мөн шүүхийн нотлох баримтын талаар дүгнэсэн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгов. Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа   Эх сурвалж: Нийслэлийн Эрүүгийн Хэргийн Давж Заалдах Шатны Шүүх
Гурван этгээд ломбардаас 60 гаруй сая төгрөгийн үнэт эдлэл, гар утас зэргийг хулгайлсан хэргийг мөрдөн шалгаж байна
Цагдаагийн байгууллагад 2024 оны хоёрдугаар сарын 1-ний шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Үйлчилгээний төвийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газрыг дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус дүүргийн цагдаагийн газраас Эрүүгийн цагдаагийн албатай хамтран хойшлуулшгүй ажиллагаа шуурхай явуулж, нэр бүхий гурван этгээд барьцаалан зээлдүүлэх газраас 60 гаруй сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, гар утас зэргийг хулгайлсныг илрүүлэн, эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд гадна болон дотор орчны хяналтын камер, дохиолол хамгаалалтын хэвийн ажиллагаа, бэлэн байдлыг сайтар хангаж, сар шинийн баяр, амралтын өдрүүдэд эргүүл, жижүүр ажиллуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.   Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар
19 жилийн дараа Өмнөд Солонгост зөвхөн гадаадын иргэдэд үйлчлэх шинэ казино нээгдэж байна
2024 оны дундуур бүрэн нээгдэх иж бүрэн энтертайнмэнт төвийн зураг төсөл АНУ-д бүртгэлтэй Mohegan компани өнөөдөр буюу Бямба гарагт Өмнөд Солонгост зөвхөн гадаадын иргэдэд үйлчлэх шинэ казино нээж байгаагаа зарлажээ. Энэ нь тус компанийн 2024 оны дундуур бүрэн нээх “Mohegan Inspire Entertainment Resort” иж бүрэн энтертайнмэнт төвийн нэг хэсэг юм байна. Энэхүү төслийнхөө эхний үе шатанд Mohegan компани $1.6 тэрбумын хөрөнгө оруулжээ. Өмнөд Солонгос улс хамгийн сүүлд 2006 онд казиногийн үйлчилгээ явуулах зөвшөөрлийг Grand Korea Leisure компанид өгч байсан гэнэ. Шинэ казино нь олон улсын агаарын тээврийн төв Инчон хотод байрладаг бөгөөд Токио, Бээжин, Тайпэй, Хонконг зэрэг Азийн томоохон хотуудаас дөрвөн цагийн дотор ирэх боломжтой байхаар тооцжээ. Нийт 150 ширээ, 390 слот машин, 160 электроник ширээний тоглоомтой уг казино Өмнөд Солонгост хамгийн томд тооцогдож байна. Тус улсад одоогоор зөвхөн гадаадын иргэдэд үйлчилдэг нийт 16 казино байгаа. Эдгээрээс гадна солонгосчуудад үйлчилдэг ганцхан казино байдаг нь Kangwon Land Casino юм.   Эх сурвалж: Yonhap News
Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг энэ сарын 7-ноос Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төв олгоно
Гадаадын Иргэн, Харьяатын Газрын төв салбарт олгогддог гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдрөөс буюу ирэх Лхагва гарагаас эхлэн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвөөс нэгдсэн байдлаар олгохоор болжээ. Тодруулбал уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын оршин суух зөвшөөрөл шинээр авах, сунгах, хэлбэр, төрөл, уригч өөрчлөх, үнэмлэх дахин авах хүсэлт зөвшөөрөгдсөн тохиолдолд хүсэлт гаргагчийн бүртгэлтэй цахим хаягаар мэдэгдэл очих ба мэдэгдэл очсоны дараагаар хотын төвд буюу Чингэлтэй  дүүргийн үйлчилгээний цэгт очиж гадаадын иргэний оршин суух үнэмлэхээ хүлээж авах юм байна. Гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хэвлэгдсэн оршин суух үнэмлэх авахдаа: Гадаадын иргэн өөрийн биеэр очих тохиолдолд өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтыг эх хувиар үзүүлж, бичиг баримтын хуулбарыг хураалгана. Аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага болон итгэмжлэгдсэн ажилтан нь өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтыг авчрах  бөгөөд оршин суух зөвшөөрөл хүсэх үед гаргасан албан хүсэлт, итгэмжлэл  байгаа бол итгэмжлэлийг хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хуулбарын хамт авчирч тус тус хураалгана.   Эх сурвалж: ГИХГ
У.Энхтайван: 1072 хувьцааны дансгүй иргэд брокерын компанид данс нээлгээд ногдол ашгаа нөхөж авах боломжтой
Үнэт цаасны зах зээлд тэргүүлэгчийн нэг “Гүүдсек” компанийн гүйцэтгэх захирал У.Энхтайвантай ярилцлаа. -Засгийн газраас иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны ногдол ашгийг олгох шийдвэр гаргалаа.Энэ ногдол ашиг ямар зарчмаар олгогдож байдаг вэ? -Юуны өмнө шинээр хувьцаа эзэмшигч болж буй 900 мянган хүүхдэд баяр хүргэе. Монгол Улсын нийт 3.4 сая иргэн байгалийн баялгаасаа хүртэх боломжтой боллоо. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийн хувьд хамгийн анх 2019 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас ногдол ашиг хүртээсэн. Нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 90 төгрөгөөр тооцож олгож байв. Ингэхдээ 1072 хувьцаа нь бүтнээрээ байгаа иргэнд татварын дараах байдлаар 86 мянга орчим төгрөгийн ногдол ашиг тараасан байдаг. Тухайн үед 2.4 сая иргэнд хувьцааны ногдол ашиг тараана гэдэг бол урьд өмнө хийгдэж байгаагүй том ажил байсан.Засгийн газар, дэд бүтцийн байгууллагууд, брокерын компаниуд гээд бүгд дор бүрнээ асар их ачаалал авсан ч ногдол ашгийг иргэдэд амжилттай тарааж дуусгаж байлаа. Тэр цагаас хойш хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани маань цэвэр ашгаа стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулсан. Дараагийн жил болох 2022 онд бас багагүй хэмжээний ашигтай ажилласан. Үүн дээр үндэслээд энэ лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар иргэдэд ногдол ашиг хүртээх шийдвэр гарч, эхнээсээ олгогдоод явж байна. Ногдол ашиг гэдэг бол товчхондоо компани хувьцаа эзэмшигчдэдээ, эздэдээ цэвэр ашгаасаа хуваарилж байгаа хэлбэр. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажилласан болохоор 1072 хувьцаа эзэмшиж буй иргэддээ энэхүү ногдол ашгаа олгож байна гэсэн үг. Харин эсрэгээрээ төрдөө 1072 хувьцаагаа буцаагаад зарчихсан, хувьцаа эзэмшээгүй хүмүүст энэ удаагийн ногдол ашиг олгогдохгүй. Хүн болгон дээр хувьцааны тоо ширхэг өөр, өөр дүнтэй байгаа. Тэр утгаараа ногдол ашгийн хэмжээ өөр, өөр байна. Засгийн газраас ногдол ашиг тараах шийдвэр гарсантай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэхдээ “Монгол Улсын нийт 3.4 сая иргэний 2.5 сая нь өмнө нэг удаа ногдол ашиг олгогдож байсан хувьцааны дансаараа энэ удаагийн ногдол ашгаа авна” гэсэн. Энэ нь 2012 оноос өмнө төрсөн иргэдэд хамаатай.Харин шинээр ногдол ашиг хүртэж байгаа 900 мянган хүүхдийн хувьд УИХ-ын тогтоолын дагуу олгохоор болжээ.Одоо тэдэнд хувьцааны данс нээж, бүртгэх ажил явагдаж байгаа.Гэхдээ энэ ажил тун хангалтгүй. Хүүхдийнхээ нэр дээр хувьцааны данс нээх иргэдийн хамрагдалт муу байна байгаа учраас төрд бэлэн байдаг “Хүүхдүүдийн 100 мянган төгрөг” олгодог дансаар нь энэ удаад ногдол ашгийг тарааж эхэллээ. Ер нь бол Сар шинийн баяр дөхсөн, иргэдэд мөнгөний эрэлт маш их үүссэн үед Засгийн газрын энэ шийдвэр нь түргэн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой амьдралд хамгийн ойрхон шийдэл байсан.Харин цөөн тооны хүмүүс буюу хувьцааны данс нээлгэж байгаагүй, хүүхдийн мөнгө авдаггүй хүмүүст бол энэ удаагийн ногдол ашгийг олгох боломжгүй байх. -Хэрэв хувьцааны болон хүүхдийн мөнгө авах данс нээлгэж байгаагүй иргэд одоо брокерын компанид хандахад оройтоогүй биз дээ. Ногдол  ашиг нь нөхөгдөөд олгогдох уу? -Эдгээр хүмүүсийн хувьд брокерын компанид хандана. Хувьцааны дансаа нээлгээд, харилцах банкны дансны дугаараа холбуулаад ногдол ашгаа авах ашиг хүртэх боломжтой. Ногдол ашиг гэдэг маань бол нэг удаа олгогдоод дуусчих зүйл биш.Тиймээс брокерын компанид хандаж хувьцааны дансаа нээлгээд 1072-ынхоо ногдол ашгийг нөхөөд авч болно. Урьд нь ч мөн ялгаагүй нөхөж олгож байсан. -Ер нь 2012 оноос хойш төрсөн 900 мянган хүүхэд ер  хувьцааны данс нээлгэх шаардлагатай биз дээ. Яагаад гэвэл төрөөс хүүхдийн мөнгө олгодог данс 18 нас хүртэл хүчинтэй байдаг.Дээрээс нь “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг нэг удаагийн арга хэмжээ биш гэж та сая хэллээ? -Төрөөс жил бүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшиж буй иргэн болгонд ногдол ашиг хүртээх чиглэлтэй ажиллаж байгаа гэдгээ хэлсэн. Энэ хүрээнд Засгийн газраас сая мэдэгдэхдээ 2025 онд ногдол ашиг тараахаас өмнө хувьцааны дансгүй хүмүүст заавал хувьцааны данс нээлгэх шаардлагатайг сануулж байна. Тэр дундаа 900 мянган хүүхэд үнэт цаасны данс нээлгэх шаардлагатай. Ер нь арилжааны банкуудад бүртгэлтэй төрөөс хүүхдийн мөнгө олгодог данс бол тухайн хүүхдийг 18 нас хүрэнгүүт автоматаар зориулалт өөрчлөгддөг. Яагаад гэвэл хүүхэд биш болж байгаа. Тэгэхээр таны хүүхэд 18 нас хүрсэн бол брокертоо хандаж мэдээллийг нь шинэчлэх шаардлагатай. -Хувьцааны данс гэдэг нь яг ямар ач холбогдолтой юм бэ? -Энэ хувьцааны дансыг бүх брокерын компаниуд нээж байгаа. Тэр хувьцааны данс нь хэдэн ч брокерын компанитай давхардаад байж  болдог  онцлогтой. Банкан дээрх харилцах данстай л адилхан гэсэн үг.Иргэд “Голомт”, “Хаан”, “Төрийн банк” дээр тус бүр нэг данстай байж болдогтой адилхан хувьцааны дансаа төрөлжүүлээд хэрэглэж болдог.Сүүлийн үед хүмүүст 1072 ширхэг хувьцаанд зориулаад үнэт цаасны данс нээлгээд байх шиг байна гэсэн ойлголтын зөрүү их ажиглагдаж байна л даа.Тухайлбал, “Ногдол ашиг авахад энэ үнэт цаасны дансыг хэрэглэх юм байна.Нэг удаа данс нээлгээд 10 мянган төгрөг төлөх юм байна.Тэгээд нэг удаа 110 мянган төгрөгийн ногдол ашиг аваад болчих юм байна” гэдэг ойлголттой хүмүүс маш их байна.Нэн түрүүнд энэ ойлголтыг засах шаардлагатай.Үүн дээр нийгэмд ойлголт өгдөг мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтнүүд зөв ойлголтын сайн өгч ажиллах хэрэгтэй.Дээр нь үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн болон дэд бүтцийн байгууллагууд ч бас ялгаагүй иргэдийг зөв мэдээллээр хангах ёстой.   -Монголчууд хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг муутай байдгийн л гор байх даа? -Иргэд  хөрөнгийн зах зээлийн талаар ойлголтгүйгээсээ болоод яг ийм асуудал гарч байгаа юм. Үнэт цаасны данс гэдэг бол төрөл бүрийн үнэт цаас, хувьцаа бонд зэргийг нэгтгээд хадгалж болдог.Тэр бондынх нь хүү, өөр төрлийн хувьцаатай байлаа гэхэд тэрнийхээ ногдол ашгийг энэ дансаараа дамжуулж авдаг. Өөрөөр хэлбэл, хувьцааны хөдөлгөөнийг бүртгэдэг гэж ойлгож  болно. Энэ хувьцаа тухайн иргэний эзэмшлийн хөрөнгө мөн шүү гэдгийг баталгаажуулж бүртгэдэг данс юм.Зүйрлэвэл, автомашин худалдаж авлаа гэхэд Авто тээврийн үндэсний төв дээр бүртгүүлдэг шүү дээ.Тэр бүртгэлээ үндэслээд авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгогдоод явдаг даа.Яг үүнтэй адилхан танд ямар нэг төрлийн хувьцаа байгаа бол дагалдаад хувьцааны данс байх ёстой.Тэр хувьцаатай холбоотой мөнгөний болон ногдол ашгийн гүйлгээнүүд нь энэ дансаараа дамжиж хийгдэж байх ёстой. Энэ удаад хүмүүс “Эрдэнэс Таван­толгой”-н ногдол ашиг дээр суурилаад хувьцааны данс нээлгээд байх шиг байна.Цаашдаа энэ компани маань хувьцааны ногдол ашиг олгоно.Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани болно гэж харж байгаа.Бас 1072 хувьцааг эзэмшиж байгаад нас барсан иргэд олон бий.Төрөөс шийдвэр гарсны дараа нас барсан иргэдийн эзэмшиж байсан хувьцааг үр хүүхдүүд нь залгамжилж, өвлөж авах эрхтэй болно.Тийм болохоор талийгаачдынхаа хувьцааг өвлөж авах эрх бүхий хүмүүс ч ялгаагүй хувьцаа хадгалах саваа бэлдэх ёстой. -Үнэт цаасны данс нээлгэхдээ иргэд ямар алдаа гаргаж байна вэ? -Хамгийн түгээмэл алдаа гэвэл эцэг, эхчүүд брокерын компанид хүүхдийнхээ дансыг нээлгэхдээ өөрсдийнхөө харилцах банкны дансыг бүртгүүлдэг.Энэ нь хүүхдийнх нь нэр дээр байдаг данс мөн үү, биш үү гэдгийг шалгах бололцоо байдаггүй.Яагаад  гэвэл банк, тухайн иргэн хоёрын хоорондын гэрээгээр баталгаажиж харилцах данс нээгддэг. Харин брокерын компани бол гуравдагч этгээд болохоор тэрийг системд нэвтэрч шалгах, мэдэх боломжгүй.Хүүхдийнхээ дансыг нээлгээд бүртгүүлж байгаа бол эцэг эхийнх нь дансыг бүртгэж аваад илгээхээс өөр арга байхгүй.Сүүлийн үед мэдээлэлд ойр иргэд брокерын компани дээр хүүхэд нь тусдаа данстай байх ёстой гэдгийг ойлгож байгаа нь сайшаалтай.Манай компанид хандаж байгаа иргэд гэхэд банкан дахь хүүхдийнхээ нэр байгаа дансыг мэдэж ирээд хувьцааны данс нээлгүүлээд холбуулж байх жишээтэй.Энэ бол маш зөв хэлбэр.Дээр хэлсэнчлэн таны хүүхэд 18 нас хүрсэн бол заавал дансыг нь шинэчлэх шаардлагатай. -Хувьцааны данстай яагаад банкны данс холбогдоод явах ёстой юм бэ? -Хувьцааны ногдол ашиг үр шим нь мөнгөөр олгогдож ирдэг.Тэгэхээр энэ мөнгийг хувьцааны дансанд байгаа мөнгөөр бид банкны карт уншуулдаг шигээ хүссэн үедээ карт зуруулаад ямар нэгэн байдлаар зарцуулах боломжгүй. Харин харилцах юм уу хадгаламжийн данс руугаа авч байж захиран зарцуулах боломжтой  болдог. Тийм  болохоор  яг энэ хувьцаа гэдэг зүйлтэй холбоотой гүйлгээ хийлгэх өөрийн нэрийн дансыг заавал давхар бүртгүүлээд явах нь зөв. Дараа дараагийн үйл ажиллагаанд хялбар. -Ингэхдээ одоо шинээр төрж байгаа хүүхдүүд 1072 хувьцаа эзэмших эрх үүссэн үү. Тэд хувьцааны данс нээлгэх шаардлагатай юу? -УИХ-аар энэ асуудал жилийн өмнөөс нэлээд нухацтай яригдаж байсан.түрүү жилийн нэгдүгээр сард “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой чухал тогтоол гарсан байдаг. Тухайн тогтоолд шинээр төрж байгаа Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлээд явъя гэдэг зарчим туссан. Тэгвэл үүнээс нэг жилийн дараа буюу УИХ-ын шийдвэрээр“2023 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл төрсөн хүүхдүүддээ ямар ч байсан 1072 хувьцаа олгоё. Эдгээр хүүхдүүдэд олгосноор “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэдийн эзэмшлийн хувь 27 орчим хувь болно.Төрийн мэдлийн хувьд 73 орчим хувь болж байгаа. Иргэдийн мэдлийн хувийг 34 хувь руу хүрэх боломжтой, шинээр төрсөн хүүхдүүдэд мөн ялгаагүй хувьцаа олгоод явна” гэдэг зарчмыг төр баримталж байгаа.Энэ хүрээнд шинээр төрсөн хүүхдүүдийн хувьд тухайн цаг хугацаанд нь тогтоол шийдвэр нь гараад олгогдоод явах болов уу гэж харж байна. Тэрнээс яг шинээр хүүхэд төрөнгүүт хувьцаа олгоод явах боломжгүй. Яагаад гэвэл Компанийн тухай хуулиараа  хувьцаа гэдэг чинь тухайн компанийн гаргасан үнэт цаас шүү дээ. Тэр хувьцааг төрийн мэдлээс хэн нэгэнд нэрлээд эзэмшүүлээд шилжүүлэх тохиолдолд заавал УИХ, Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой”-н толгой компани болон “Эрдэнэс Монгол” гээд холбогдох байгууллагууд шат, шатандаа тогтоол, шийдвэр гаргаж байж хийгддэг. Монгол Улсын хууль дүрэм журам ийм.Эрх бүхий байгууллагуудаас шийдвэр гарахын тулд зайлшгүй тодорхой ажлууд хийгддэг.Тэр болгонд хугацаа орно.Иймд Монгол Улсын иргэн бүрд 1072 хувьцаа эзэмшүүлэхийн тулд он тоолол, цаг хугацааг нь тогтоогоод тэр дагуу үйл ажиллагаа явагдаж байгаа. -“Эрдэнэс Тавантолгой” компани түүхэндээ хоёр дахь удаагаа ногдол ашиг тараалаа.Сонгуулийн жилийг угтсан шоу гэж нийгэм харж байх шиг байна.Иргэдэд  300 тэрбумыг  ногдол ашиг  гэж  тарааж байхаар дорвитой бүтээн байгуулалтад зориулах ёстой байсан гэх байр суурь давамгайлж харагдлаа. Харин энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ? -Ардчилсан нийгэмд иргэн хүн бүр байр сууриа илэрхийлэх нь чөлөөтэй.Харин энэ хөрөнгийн зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн хүний хувьд хэлэхэд, “Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 73 хувийг төр, 27 хувийг ард түмэн эзэмшиж байна. Хувьцаанд  хоёр том үндсэн мөн чанар гэж байгаа. Эхнийх нь саналын эрхтэй хувьцаа. Энэ нь өөрийнхөө мөнгөөр хөрөнгө оруулаад тухайн компанийн хувьцаа эзэмшигч болчихсон хэлбэр. Тэр компанийн тодорхой хэсэг нь миний өмч.Би эзэн нь болохоор жилдээ нэг удаа хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоод саналын эрхээ хэрэгжүүлээд үйл ажиллагаанд нь нөлөөлөөд явна гэсэн үг. Хоёр дахь чухал зүйл нь ингэж хөрөнгө оруулсныхаа төлөө хүртдэг үр шим буюу ногдол ашиг байгаа.Товчхондоо, 1072 хувьцаа эзэмшиж байгаа ард иргэд ногдол ашгаа авах нь зүйтэй гэж би үзэж байна. Ногдол ашиг иргэдийн гар дээр очоод зах зээлд эргэлдэх ёстой. Энэ нь дам байдлаар Монгол Улсын санхүүгийн тогтолцооны доголдолтой байдалд эерэг нөлөөтэй. Үнэндээ манай орны санхүүгийн салбарыг урт, богино хөлтэй ширээтэй зүйрлэдэг. Яагаад гэвэл банкны систем давамгайлчихсан. Зах зээл нь жижигхэн. Үүнээс болоод янз янзын сөрөг нөлөөллүүд байдаг.Манай улсын хөрөнгийн зах зээл тэлэх хөгжих шаардлагатай. Гэвч хөрөнгө оруулагч буюу ард иргэдийн зах зээлийн ойлголт, мэдлэг, үр шимийг нь хүртэх ойлголт дутагдалтай байгаа юм. Тэгэхээр 1072 хувьцаагаар дамжуулаад хүмүүст ногдол ашиг өгч байна.Магадгүй цаашид арилжаалагддаг болно. Хэн нэгэн нь хувьцаагаа худалдаалаад мөнгө болгож болно.Өөр нэг нь тэрийг худалдаж аваад ханшийн зөрүүнээс ашиг хүртэх боломжтой. “Илүү их ногдол ашиг авдаг болмоор байна уу” гээд хөрөнгийн зах зээлийн болон хөрөнгө оруулагч талаасаа харсан энэ мөн чанарыг иргэдэд  ойлгуулах үүднээс ногдол ашиг тараах нь зөв. Иргэд тэр мөнгийг аж амьдралдаа зарцуулах нь яагаад буруу гэж. Иргэдийн хувьцааны ногдол ашгаар яагаад заавал хөрөнгө оруулалт хийх ёстой гэж. Засгийн газар бол “Эрдэнэс Тавантолгой”-н төрийн эзэмшлийн 73 хувьтай тэнцэх ногдол ашгийг ялгаагүй авч байгаа. Тэгэхээр төрд бүтээн байгуулалтад хөрөнгө оруулаад явах хэмжээний хөрөнгө байгаа.3.4 сая иргэнд 300 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж байна. Харин Засгийн газарт 700 тэрбум хавьцаа ногдол ашиг хуваарилагдана. Тэр мөнгөөр цаашид хангалттай хөрөнгө оруулалт хийгээд явъя гэдэг чиглэлтэй байх шиг байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани иргэддээ ногдол ашиг өгөхгүйгээр өөрөө шууд хөрөнгө оруулаад явчихсан шүү дээ. -Иргэдийн халаас руу бэлэн мөнгө шууд цутгаж  байхаар хөрөнгийн зах зээлээр дамжуулах ёстой гэж энэ салбарын мэргэжилтнүүд хэлж байсан. Таны бодлыг сонсъё? -Яг бодит байдал дээр 900 мянган хүүхдийн ногдол ашиг хүүхдийн мөнгөний данс руу нь шууд орчхож байна. Үүнийг шууд амьдрал ахуйдаа зарцуулж байгаа иргэд байна. Нөгөө талд хадгалж байгаа хүмүүс ч бий. Иргэдийн харилцах данс руу орохоор нөгөө л зарлагын гүйлгээндээ гараад явчихдаг.100 мянган төгрөгийн орлогын гүйлгээ заримд нь мэдэгдэж байгаа бол зарим нь мэдэх ч үгүй байхад зарлагадаад дуусчихдаг. Хэрэв хувьцааных нь дансанд  байршуулах юм бол түүгээ­рээ дамжуулаад тухайн иргэнд дахиад нэг сонголт өгч байна гэсэн үг. Энэ ногдол ашгаа өнөөдөр зарцуулчих уу, эсвэл хувьцаанаас орж ирж байгаа үр шим юм чинь өөр хувьцаанд хөрөнгө оруулах уу гэсэн сонголтоо хийх боломжтой.Банкны хадгаламжаас арай өндөр хүүтэй зах зээл дээрх нээлттэй бондууд байна.Тэр бондуудаас 100 мянган төгрөгөөрөө худалдаж авах боломжтой.Тэгэхээр ногдол ашиг тарааж байгаа хэлбэр бол иргэнд нэг боломжийг илүү олгож байна.Сонголт, түүн дотроо боломж байна гэдэг байхгүйгээс хамаагүй илүү. Ер нь хувьцаа гэдэг бол хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн.Хөрөнгийн зах зээл нь дотроо үлдээх нь зах зээлдээ хэрэгтэй гэдэг өнцгөөр зарим мэргэжлийн хүмүүс харж байгаа болов уу. -“Эрдэнэс Тавантолгой” компани 2020 онд анх ногдол ашиг тараасан.Одоо 2012 оноос хойш төрсөн хүүхдүүд ногдол ашиг авах эрх үүслээ.Тэгэхээр тэд 2020 онд тараасан ногдол ашгийг нөхөж авах боломжтой юу? -2019 оны ногдол ашгийг 2020 оны намар олгосон байдаг. Энэ ногдол ашгийн  хувьд урьд нь хувьцаа эзэмшиж байсан 2.5 сая хувьцаа эзэмшигчдэд л олгогдоно. Саяхан хувьцаа эзэмшигч болж байгаа 900 мянган хүүхдэд энэ 2020 онд олгогдсон анхны ногдол ашиг нөхөж олгогдохгүй. -Ногдол  ашиг олгохтой  холбоотой брокерын компаниудад ямар хүндрэл гарч байна вэ? -Монголын Улсын нийт 3.4 сая иргэнтэй хамааралтай бүртгэл, гүйлгээ бол нүсэр ажиллагаа гэдэг утгаараа мэдээж амаргүй.Төр болон оролцож байгаа байгууллагууд, брокер компаниудын асар их ачаалал авдаг.Дээр нь зарим хүний ойлголтын зөрүүгээс улбаатай буруу мэдээлэл явах тохиолдол их байна.Тиймээс хүмүүс маань хүлээцтэй байх хэрэгтэй.Ямартай ч энэ ногдол ашиг бол уусаад алга болчихгүй.Процессынх нь дагуу олгогдоно.Монголчууд аливаа ажлыг дандаа цагийг нь тулгадаг нэг хандлага бий.Энэ нь бүртгэлийн ажиллагаан дээр шууд харагддаг.Ялангуяа 2019 оны ногдол ашгийг 2020 онд олгосноос хойш гурав, дөрвөн жилийн хугацаа өнгөрлөө.Энэ хугацаанд банкны дансаа баталгаажуулаад брокер дээрээ бүртгүүлээд явах боломж бүрэн байсан.Гэтэл одоо ногдол ашиг тараангуут гэв гэнэтхэн бужигнаад эхэлж байх жишээтэй.Аль ч брокерын компанид ачаалал ихээр үүсэж байна. -Та сая иргэд их буруу мэдээлэлтэй байна гэлээ. Тухайлбал… -Хүмүүсийг хараад байхад “Би дэмийн хувьцааны данс нээлгэсэн байна. Хүүхдийн маань 1072 хувьцааны ногдол ашиг 100 мянга авдаг дансаар нь ороод ирж байна.Дэмий зүйл хийчихсэн юм биш үү” гэдэг хандлага их байна.Энэ буруу.Яагаад гэвэл хувьцаа гэдэг бол хүний хөрөнгө. Үүнийг тухайн хүний өөрийнх нь нэр дээр баталгаажуулж бүртгүүлэх хэрэгтэй.Дараа жилүүдийн ногдол ашиг авах болгонд энэ хувьцааны дансаараа дамжуулаад хөдөлгөөн хийгдэнэ. Тийм болохоор Засгийн газар 2025 он хүртэл хувьцааны данс нээлгээрэй гэдэг шаардлагыг иргэдэд тавиад байгаа хэрэг.Нэг удаа зориод дансаа нээлгэчихсэн байгаа хүн дахин данс нээлгэх шаардлагагүй.Гол нь үнэн зөвөөр дансны бүртгэл нь хийгдсэн байх ёстой. Хэзээ нэгэн цагт хийлгэх ёстой ажлыг өнөө жил урьдчилаад хийчихлээ гэсэн үг, зарим хүний хувьд хоцроод байгаа ч гэж харж болно.Магадгүй 900 мянган хүүхэд хувьцааны дансаа нээлгэхгүй байж байтал 2025 онд ногдол ашиг тараангуут дахиад бөөн ачаалал үүснэ. Дахиад л ногдол ашиг хүртэхэд хугацаа хоцрох нөхцөл байдал үүснэ. Тэр утгаараа хувьцааны дансаа урьдчилаад нээсэн байхад ямар ч алдах зүйл байхгүй.  -Ноогдол ашгаа авсан иргэдийн дунд 1072-оос бага буюу жишээлбэл 1063 хувьцааны ноогдол ашиг авч. Тухайн иргэн 2011 онд ЭМД шимтгэл төлүүлээгүй гэж байгаа учир ер нь 104,000₮-аас бага ноогдол ашиг авсан иргэд хувьцааны тоо багассан шалтгаанаа хаанаас шүүлгэх боломжтой вэ? 2011, 2012 онд зарим иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлд Эрдэнэс Тавантолгой 1072 хувьцаанаас хамгийн ихдээ 9 ширхгийг хассан. Ингэхдээ тухайн үеийн хөдөлмөр халамжийн асуудал хариуцаж байсан байгууллагаар  энэхүү ажиллагаа хийгдсэн байдаг. Тухайн үедээ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлж байсан иргэдийн хувьд хасагдсан тохиолдол цөөнгүй байх шиг байна.. Ажиллагаа нь брокерын компаниар дамжиж хийгдээгүй тул яг нарийн мэдээлэл брокерт байдаггүй. Энэ асуудлаар иргэд хөдөлмөр халамжийн байгууллагаас шалгаж шүүлгэх нь зүйтэй. Хэрэв буруу байдлаар хасагдсан бол нөхөж олгох асуудал яригдах байх. Хувьцаа чинь хэн нэгний хөрөнгө шүү дээ. Ногдол ашгийн дүнгийн хувьд одоо бүртгэлтэй байгаа тоо ширхэгтээ тооцогдоод л олгогдож байгаа. -Ингэхэд танай брокерын компани орон даяар салбартай бил үү.Бас онлайн үйлчилгээ үзүүлж байгаа юу? -Манай компани нийт 14 аймагт салбартай.Баруун гурав, зүүн гурван аймгаас бусад аймгийн төвд салбар бий.Бид онлайнаар үйлчилгээ авах боломж хомс, алслагдмал хөдөө зэлүүд газар амьдардаг малчид болон иргэддээ аль болох ойртож, орон нутагт салбаруудаа нээж ажилласаар ирсэн. Үүний зэрэгцээ онлайн үйлчилгээ  үзүүлж байна. Нийт харилцагчдын маань 60 орчим хувь нь онлайнаар үйлчилгээ аваад явж  байгаа. Үлдэж  буй 40  орчим хувь дотроо  орон  нутгийнхан дийлэнх нь байдаг. Тэд  голдуу  салбар дээр очиж үйлчилгээ авах сонирхолтой. Гэхдээ энэ хандлагаа жилээс жилд багасаж байгаа. Зарим хүмүүс нүүр тулан  ярилцаж мэдээлэл авч, харилцахыг илүүд үздэг. Та бүхэнд манай үүд хаалга нээлттэй шүү. -Танай харилцагчдын хэдэн хувь нь 1072 хувьцааны эзэд вэ? -2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгогдох хүртэл нийт 600 гаруй мянган харилцагчтай, түүнээс 500 гаруй мянга нь 1072 хувьцаатай холбоотой харилцагч байлаа. Харин өнөөдрийн байдлаар энэ тоонд томоохон өөрчлөлт гарч харилцагчдын маань 90 гаруй хувь нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай болно. Нэмээд хэлэхэд 1072 хувьцааны ногдол ашиг тараасантай холбоотой манай брокер руу иргэд маш их хандаж байгаа.Дийлэнх нь банкны дансаа бүртгүүлэх, солиулах, шинээр данс нээлгэх зэрэг харилцагчид байгаа бол багагүй тооны харилцагч ногдол ашиг миний дансанд ороод ирлээ.Эргүүлээд өөр сайн хувьцаа худалдаад авмаар байна, ямар хувьцаанд хөрөнгө оруулж болох вэ гэх мэтчилэн манай мэргэжилтнүүдээс асууж зөвлөгөө авч байгаа.Ийм маягаар эргүүлээд ногдол ашгаараа хувьцаа худалдаж авч байгаа иргэд их байх тусам л хөрөнгийн зах зээл маань тэр чинээгээр тэлж байна гэсэн үг шүү дээ. Цаашлаад дан ганц ногдол ашиг бус хувьцааны арилжаагаар мөнгө олох боломж байгааг бүгдээрээ харж, ирээдүйд үүнийг хэрэгжүүлж чадвал илүү их боломж бидний өмнө байгаа юм. П.Баяр
Амралтын өдрүүдэд Хүчит шонхор захын зүүн болон урд талын замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж байна
Бямба, Ням гарагт буюу хоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Дэнжийн мянга дахь Хүчит шонхор худалдааны төвийн зүүн болон урд талын замыг 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болсон. Цагаан сарын баярын өдрүүд ойртсонтой холбоотой зах, худалдааны төвийг чиглэсэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн байна. Тиймээс хуулийн дагуу уг зохицуулалтыг хийхээр болжээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл “Цагдаагийн байгууллагын эрх үүрэг” 8.2.2-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах” эрхтэй гэж заасан байдаг хэмээн Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-аас мэдээлж байв..
Ирак, Сири дэх Ирантай холбоотой 85 байнд АНУ агаараас довтолж эхэллээ
Йорданд амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг эх оронд нь авчрах үеэр Өнгөрсөн Ням гарагт Йорданы хойд хилийн ойролцоох “Tower 22” цэргийн бааз дроны халдлагад өртөхөд АНУ-ын гурван алба хаагч алагдаж, 40 гаруй хүн шархадсан билээ. Уг халдлагыг Ирак дахь Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл үйлдсэнээ хүлээсэн юм. АНУ-ын засаг захиргаа уг халдлагын хариуг арга хэмжээг хатуу авахаа амлаж байв. Тэгвэл өнөөдөр өглөөнөөс эхлэн тус улсын зэвсэгт хүчин Ирак болон Сири улсын нутаг дэвсгэрт оршдог Ирантай холбоотой нийт 85 байнд агаараас довтолж эхэлсэн байна. АНУ-ын зэвсэгт хүчний төв командлал (CENTCOM) Ираны Хувьсгалт Гвардын харьяа Кудс элит хүч болон түүнтэй холбоотой зэвсэгт бүлэглэлүүд цохилтын бай болж буйг мэдээлжээ. “Манай хариу цохилт өнөөдөр эхэлж байна. Цохилт бидний сонгосон хугацаанд, бидний сонгосон байрлалуудад явагдах болно” гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна. Цагаан ордон Йорданы халдлагын гол буруутнаар Ираны эрх баригчдыг нэрлэж байв. Уг халдлагад ашигласан нисгэгчгүй онгоцыг Иранд үйлдвэрлэсэн байсныг тагнуулын алба мэдээлсэн юм. Харин Ираны эрх баригчид үүнийг эрс няцааж, зэвсэгт бүлэглэлүүдийн шийдвэр гаргах үйл явцад Тегеран оролцдоггүй хэмээн мэдэгдэж байв. Өнөөдрийн цохилт Иран улсын нутаг дэвсгэр болон Улаан тэнгис дэх Ираны байлдааны хөлгүүдийг чиглээгүй, зөвхөн хилийн чанад дахь буюу Ирак, Сирийн нутаг дахь байнуудыг чиглэж байна. Үүнийг АНУ-ын эрх баригчид Ойрх Дорнодод шинэ дайн дэгдээхээс зайлсхийж буйн илрэл гэдэг. Аравдугаар сарын 7-ны халдлагын дараа эхэлсэн Хамас-Израилийн дайнаас хойш Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн баазууд орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийн халдлагад олон удаа өртсөн. Гэхдээ Йорданы халдлагаар л зөвхөн хүний амь үрэгдсэн юм. “Бидэнд хор хөнөөл учруулахыг санаархаж буй бүгд үүнийг мэдвэл зохино. Хэрвээ Америк хүнийг хохироовол бид хариуг нь өгдөг юм” гэж Байден өнөөдөр хэлжээ.   Эх сурвалж: BBC
Гавьяат тамирчин Э.Ням-Очир эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч боллоо
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Монголын чөлөөт бөхийн холбооноос 2024 онд шигшээ багийг удирдах дасгалжуулагчийн багийг зарлалаа.  Холбооны удирдах зөвлөлийн хурлаар Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ)-ноос өгсөн чиглэлийн дагуу, холбогдох дүрэм журмыг баримтлан Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг томилсон аж. Эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Э.Ням-Очир, туслах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, Б.Батзориг, Л.Энхбаяр нар ажиллахаар боллоо. Харин эмэгтэй багийг гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар ахлаад Ц.Баярсайхан, Ц.Цогтбаатар, С.Мөнхдуулдах нар туслахаар нь сонгогджээ.   Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо
Оросын сонгуулийн хороо “дайныг зогсоох” зорилготой Путиний нэг өрсөлдөгчийг хасаж магадгүй боллоо
Ирэх гуравдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах гэж байгаа. Одоогийн ерөнхийлөгч Владимир Путин тав дахь удаагаа сонгогдох нь бараг тодорхой энэ сонгуульд Украины дайныг зогсоох зорилготой ганцхан нэр дэвшигч байгаа нь Борис Надеждин юм. Надеждин албан ёсоор нэр дэвшигчдийн жагсаалтад орохын тулд 100,000 дэмжигчийн гарын үсэг цуглуулж, Оросын Сонгуулийн Төв Хороонд өгөх ёстой. Харин Сонгуулийн Төв Хороо өчигдөр Надеждиний ирүүлсэн материалаас алдаа илрүүлснээ зарлажээ. Тухайлбал дэмжигчдийн дотор “нас барсан хүмүүс” байгааг илрүүлсэн гэнэ. “Ирүүлсэн материалаас гайхмаар алдаанууд илрүүллээ. Нас барсан олон арван хүний гарын үсэг жагсаалтад байна. Үүнийг хараад гарын үсэг цуглуулсан хүмүүсийн ёс зүйн цэвэр ариун байдалд эргэлзэхэд хүрч байна. Нэр дэвшигч өөрөө үүнд ямар нэг хэмжээгээр оролцоотой гэж бодож байна” гэж сонгуулийн хорооны дэд дарга Николай Булаев өчигдөр ТАСС агентлагт ярьжээ. Борис Надеждин өмнө нь Путиний дотоод улс төрийн бодлого хариуцсан зөвлөх Сергей Кириенкогийн туслахаар ажиллаж байсан юм. Тиймээс зарим ажиглагчид түүнийг “дайны эсрэг үзэл дэмжигдэхгүй байгааг” харуулах зорилгоор Путиний зохион байгуулсан ажиллагааны нэг хэсэг байж болзошгүй хэмээн хардаж байна. Гэхдээ Надеждинийг шоронд хоригдож буй сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйгаас эхлээд дайнд явсан эрх нөхрүүдээ нэхэж буй эмэгтэйчүүд, цэрэг татлагаас зугтаж гадаадад гарсан иргэд зэрэг олон мянган хүн дэмжиж байгаа. Левада Төв хараат бус судалгааны байгууллага түүнийг хамгийн дээд тал нь 4 хувийн санал авах төлөвтэй байгааг энэ долоо хоногт мэдээлсэн. Надеждин мөрийн хөтөлбөртөө Путинийг “цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээрээ ноцтой алдаа гаргасан” гэж шүүмжлээд “Путин дэлхийг өнгөрсөн үеэс харж, Оросыг өнгөрсөн үе рүү чирч байна” гэж мэдэгдэж байжээ. Дайныг ил тод эсэргүүцдэг өөр нэг нэр дэвшигч байсан нь Екатерина Дунцова юм. ОХУ-ын Сонгуулийн Төв Хороо түүний материалаас олон алдаа (бүр үг үсгийн алдаа) илэрсэн гэх үндэслэлээр мөн нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан. Дунцова өөрийн дэмжигчдэд Надеждинийг дэмжихийг уриалаад байгаа. Хэдийгээр Надеждиний түүх намтар эргэлзээтэй ч Украины дайныг эсэргүүцэгчдэд түүнээс өөр сонголт одоогоор байхгүй байна.   Эх сурвалж: The Guardian
Х.Нямбаатар: Урт цагаанд доороо 196 машины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, чөлөөлсөн талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. Үүнтэй холбоотойгоор чөлөөлсөн байршилд байгуулах ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Урт цагааны чөлөөлсөн талбай болон урд талын авто замын зорчих хэсгийг оруулаад нэг га орчим талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Төлөвлөлтийг эхний байдлаар олон нийтэд танилцуулахад иргэдээс автомашины зогсоолын талаар ялгаатай санал, байр суурь илэрхийлж байна. Цэцэрлэгт хүрээлэнг доороо 196 автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөж, зураг төсөл урьдчилсан байдлаар гарсан. Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженерүүд ирэх долоо хоногт тухайн орчмын иргэдийн автомашинаа гараашинд байрлуулдаг байдал, Урт цагаан орчмын болон Бага тойруу руу орж ирэх автомашины зорчих хөдөлгөөнийг тооцоолж шийдвэр гаргах юм. Түүнчлэн уг цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын түүх, түүний талаар сэдэвчилсэн судалбар зургуудыг байрлуулахаар төлөвлөж байгаа.   2024 оныг “Тохижилт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулан, явган хүний замуудыг стандартад нийцүүлэн засварлаж, ногоон байгууламжуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Хүүхдийн паркийн тохижилтыг энэ онд дуусган, иргэдэд амарч зугаалах орчныг стандартын дагуу бүрдүүлнэ" хэмээлээ. Урт цагааны барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан юм. 32-ын тойрог орчимд үйлчилгээний төв байгуулж, тохижуулна “Урт цагаан” үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалах үүднээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд худалдаа, үйлчилгээний шинэ төв байгуулахаар төлөвлөөд байна. Тодруулбал 32-ын тойрог орчимд төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл бүхий төвийн барилга барьж, орчныг нь тохижуулан, ногоон байгууламж хийх юм. Тус үйлчилгээний төвийн бүтээн байгуулалтын зураг төсөлд ирэх даваа гараг буюу хоёрдугаар сарын 5-наас эхлэн 14 хоног хугацаанд олон нийтээс санал авна гэдгийг Хотын дарга мэдээллээ. Санал асуулга эхэлмэгц иргэд www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан санал өгөх боломжтой.     Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Кени улсын нийслэлд газ ачсан автомашин дэлбэрснээс 3 хүн амь үрэгдэж, 300 орчим хүн түлэгджээ
Зүүн Африкийн Кени улсын нийслэл Найроби хотод Пүрэв гарагаас Баасан гарагт шилжих шөнө газ тээвэрлэсэн автомашин дэлбэрснээс их хэмжээний гал түймэр гарч, гурван хүний амь үрэгджээ. Мөн 300 орчим хүн шархдаж, түлэгдсэн тухай албаны эх сурвалж мэдээлсэн байна. Эрх баригчид эхлээд газын үйлдвэрт ажилчид цилиндр савнуудыг дүүргэж байх үед дэлбэрсэн гэж мэдээлсэн бол сүүлд цилиндр савтай газ ачсан автомашин үйлдвэрийн хашаанд байхдаа дэлбэрсэн гэж мэдээлжээ. Савтай газ ачсан өөр 10 автомашин хашаанд зогсож байсан нь бас дэлбэрсэн байна. Дэлбэрэлтийн үеэр цилиндр савнууд тал тал руу шидэгдэж, ойр орчмын барилга байгууламжуудыг шатаасан байна. “Түймрийн улмаас хэд хэдэн автомашин, жижиг, дунд бизнесийн байгууламжууд галд шатлаа. Харамсалтай нь ойр орчмын орон сууцнууд бас галд автсан байна. Шөнө оройн цаг байсан тул иргэдийн ихэнх нь гэртээ байх үед таарчээ” гэж засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Исаак Мваура мэдээлжээ. Галд өртсөн байгууламжуудад хайгуул, аврах ажиллагаа явуулж байгаа тул амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэх магадлалтай байна. Кенийн Эрчим Хүч, Түлш Шатахууны Зохицуулах Газар дэлбэрэлт болсон газын үйлдвэр хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг мэдээлжээ. Тус үйлдвэр газын агуулах, савлалтын хэсгээ энд байгуулах хүсэлтийг гурван удаа гаргаад буцаагдаж байсан гэнэ. Байгууламж иргэдийн суурьшлын бүстэй хэт ойрхон байрлалтай гэсэн шалтгаанаар зөвшөөрөл өгөхөөс татгалзаж байжээ. Зөвшөөрөлгүй үйлдвэр хэрхэн үйл ажиллагаагаа явуулж байсан нь тодорхойгүй байна. Үйлдвэрийн эзэд дэлбэрэлтийн хариуцлагыг бүрэн хүлээж, иргэдийн хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байгаагаа ослын газарт ирсэн засгийн газрын төлөөлөгч Мваура илэрхийлжээ. “Ашиг олохын тулд кеничүүдийн амь насыг эрсдэлд оруулах нь ёс суртахуунгүй хэрэг. Манай хууль сахиулах байгууллагуудад нэвтэрсэн авлигын элементүүд өнөөдөр гурван хүний аминд хүргэлээ” гэж тэр хэлсэн байна. Кенийн дэд ерөнхийлөгч Ригати Гачагуа “Бид хууль дүрмээ дээдлэхийг уриалахын зэрэгцээ энэ осолд буруутай этгээдүүдэд хатуу хариуцлага тооцох болно” гэж мэдэгджээ. Кенийн засгийн газар ослын газарт шуурхай удирдлагын төв байгуулж, хохирсон иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн байна. Орон байр нь эвдэрч, гэмтсэн иргэдэд засгийн газар хоёр сарын түрээсийн зардал төлөхөөр болжээ.   Эх сурвалж: BBC
Багш сурагчид нь хичээлдээ гадуур хувцастайгаа сууж буй тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуульд их засвар хийхээр боллоо
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Сүхбаатар дүүрэгт байрлах 29 дүгээр тусгай хэрэгцээт сургуулийн барилга 1989 онд ашиглалтад орсноос хойш нэг ч удаа иж бүрэн засвар хийгдээгүй байна.  Ханаараа дулаан алддаг, дээврийн засвар хийгдээгүй зэргээс шалтгаалж, багш сурагчид гадуур хувцастайгаа хичээллэж байгаа юм. Иймээс Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ) болон НҮБ-ын Хүүхдийн сан(UNICEF) хамтран хэрэгжүүлж буй жишиг сургууль, цэцэрлэг байгуулах ажлын хүрээнд 29 дүгээр сургуулийг иж бүрэн засварлахаар болсныг нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг танилцууллаа.  29 дүгээр сургуульд иж бүрэн засвар хийхэд урьдчилсан байдлаар 4.8 тэрбум төгрөг шаардагдах тооцоолол гарчээ.  Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны төлөөлөл тус сургууль дээр ажилласан юм. Энэ үеэрээ засварыг гүйцэтгэгчийн тендерийг яаралтай зарлаж, ирэх хичээлийн жил эхлэхээс өмнө засварыг гүйцэтгэж, бэлэн болгосон байхыг хичээх шаардлагатай гэж тэрбээр онцолж байв. Хотын дарга Х.Нямбаатар "29 дүгээр тусгай хэрэгцээт сургуульд 21 аймаг, есөн дүүргээс ирсэн 263 хүүхэд суралцаж байна. Энэ сургууль их сэрүүн, ханаараа дулаан алддаг, дээврийн засвар хийгдээгүй байгаа тул иж бүрэн засвар хийхээр төлөвлөсөн.  2024 онд нийслэлээс голлон анхаарах зүйл нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж. 2010 оноос төлөвлөлт муутай баригдсан орон сууцны хорооллуудад сургууль, цэцэрлэгийн асуудал хүнд байгаа. Тухайлбал Баянгол дүүргийн  Голден парк, Алтай хотхон, Нарны хороолол, Хан-Уул дүүрэгт Ривер гарден, Хүннү, Шинэ яармаг гэх мэтчилэн орон сууцны том хороолол баригдсан хэр нь сургууль цэцэрлэг төлөвлөгдөөгүй байна. Үүнийг эхнээс нь цэгцэлж шийднэ. Цаашид шат дараатайгаар улсын сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Жишээлбэл Алтай хотхонд нэг га газарт 960 хүүхдийн сургууль, Голден паркийн хажууд мөн 960 хүүхдийн сургууль, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос салбарласан 36 дугаар хороонд сургуулийн барилга, Хан-Уул дүүргийн Кинг тауэр хороололд газар чөлөөлж сургуулийн барилга барихаар төлөвлөж байна.  Улаанбаатарт жилд дунджаар 20 гаруй мянган хүүхэд сургуульд элсдэг. Өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд тулгуурлаж, хүртээмжийг сайжруулах шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлнэ. Энэ онд 160 орчим тэрбум төгрөгийг зөвхөн сургууль цэцэрлэг барьж байгуулахад зарцуулна. Уг дүн цаашид өснө. Мөн шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанарыг сайжруулах, төрөлжсөн сургалттай сургууль байгуулахад анхаарна" гэлээ.  О.Номинчимэг: 10 сургуулийг жишиг болгон тохижуулж, шүдний кабинет байгуулна Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг "Нийслэлээс 2024 онд 33 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барихад 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгаад байна. Мөн Баянзүрх, Баянгол, Хан-Уул зэрэг хүн ам нягтарч буй газруудад газар чөлөөлж, сургууль цэцэрлэгийг барьж байгуулахад анхаарна. Хөдөөгөөс хотыг чиглэх хөдөлгөөний хоёр шалтгааны нэг нь боловсролын чанарын асуудал. Айл өрхүүд боловсролын чанарыг эрэлхийлж нүүж байна. Иймд төвлөрлийг сааруулах, Улаанбаатар хот нь хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээг хүргэдэг байхын тулд хотын захын сургуулиудыг чанаржуулахад анхаарч байгаа.  НЗДТГ болон НҮБ-ын Хүүхдийг сантай хамтран энэ жил 10 сургууль, гурван цэцэрлэгийг жишиг болгохоор болсон. Үүний нэг нь 29 дүгээр сургууль бөгөөд иж бүрэн засварлаж, гал тогооны тохижилтыг сайжруулна. Тус сургууль нь дотуур байртай 260 гаруй сурагчийнх нь тал нь эндээ амьдардаг тул хоол хүнсний шим тэжээлийн асуудал хөндөгдөж байна. Иймээс хоол хүнсэнд хуваарилсан төсөвт нь хамгийн шим тэжээлтэй хоол юу байж болохыг тооцоолон цэс гаргана. Мөн жишиг болгох 10 сургуульд шүдний кабинет нээж, тогтмол шүдээ угаах боломжоор хангахын зэрэгцээ сэтгэл зүйчдийг чадавхжуулан ажиллана" гэлээ.
Б.Ганхайч Парисын Их Дуулгаас ХҮРЭЛ медаль хүртлээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нэр хүнд, цар хүрээгээрээ дээгүүрт бичигддэг Парисын Их Дуулга тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д зодоглосон Б.Ганхайч Монголын багийн анхны медалийг авчирлаа. Түүний жинд 40 жүдоч зодоглосноос Б.Ганхайч хэсэгтээ Узбекистаны Севинич Исокова, Чехийн Рената Зачова, Косовогийн Лаура Фазлиуг ялаад хэсгийн аваргын төлөө Нидерландын Жоанна ван Лешотод дийлдсэн. Улмаар дагах барилдаанд Кубын Мэрилэн Дел Торо Карвахалыг буулган авч, хүрлийн төлөө Японы Кирари Ямагүчиг ялснаар хүрэл медаль хүртлээ. Б.Ганхайч Их Дуулга тэмцээнээс тав дахь медалиа хүртэж буй нь энэ. Парисын олимп дөхсөн энэ үед Их Дуулга тэмцээнээс 250 оноо чансаандаа нэмэрлэлээ.  Бэртлийн улмаас цөөнгүй тэмцээн өнжсөн Б.Ганхайч одоогоор дэлхийн чансааны 44-д бичигдэж байна. Олимпод оролцохын тулд эхний 20-д орох ёстой юм.
2024 оны нэгдүгээр сард төрсөн хүүхдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа олгогдохгүй
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашиг нь зарим иргэдэд хувьцааны тодорхой хувиа Засгийн газарт зарсан, сургалтын төлбөртөө суутгуулсан зэрэг шалтгаанаар тоо ширхэг нь харилцан адилгүй байгаа юм.  Иймд тус компаниас 1,072 ширхэг хувьцааны ногдол ашигтай холбоотой дараах 32 түгээмэл асуулт, хариултыг гаргасан байна.  "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 1,072 ШИРХЭГ ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГТАЙ ХОЛБООТОЙ 32 ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ 1. Шинээр хувьцаатай болсон, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүдийн хувьцааг хэрхэн баталгаажуулах вэ?  Үйл ажиллагаа явуулж буй дурын үнэт цаасны компаниар дамжуулж үнэт цаасны данс нээлгэж, хувьцаагаа баталгаажуулах боломжтой. Иргэд биеэр очих болон онлайнаар нээлгэж болно. Үнэт цаасны компаниудын хаяг байршил, холбогдох мэдээллийг https://www.mcsd.mn/%D0%B1%D0%B4%D0%BA/  холбоосоор аваарай.    2. 2024 оны Нэгдүгээр сард төрсөн хүүхэд хувьцаа эзэмших үү?   УИХ-ын тогтоолоор 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тул 2024 оны нэгдүгээр сард төрсөн хүүхэд хувьцаа эзэмшихээргүй байна.   3. Хувьцаа эзэмшигч иргэд хувьцааны мэдээллээ хэрхэн шалгах вэ? Иргэд хувьцааны мэдээллээ https://net.mcsd.mn/registration/default.jsp холбоосоор орж шалгах боломжтой. Эсвэл 158989 тусгай дугаарт регистрийн дугаараа мессежээр илгээн шалгаж болно. Мөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр бичиг баримттайгаа очиж хувьцааны бүртгэлээ шалгах нь нээлттэй.   4. Үнэт цаасны данс нээлгэхэд иргэд юуг анхаарах ёстой вэ? Өөрийгөө тодорхойлох бичиг баримт шаардлагатай. Мөн аль нэг банканд данстай байх ёстой.  5. 2020 оны олгосон ногдол ашгаа авч чадаагүй бол нөхөж авах боломжтой юу? Нөхөж авах боломжтой. Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн төвөөс дэлгэрэнгүй тодруулж болно. https://www.mcsd.mn  6. Ногдол ашгийг заавал авах ёстой юу? Авахгүй байж болох уу? Иргэн өөрийн хүсэлтээр үнэт цаасны компанид хандан данс нээлгэх хүртэл тухайн иргэний хувьцааны ногдол ашиг нь Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн төвийн дансанд хүүгүйгээр хадгалагддаг.    7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ногдол ашгийг нөхөж олгох уу? “Сайн хувьцаа” арга хэмжээ, Эх орны хишиг хөтөлбөрийн хүрээнд хувьцаагаа төрд буцаан зарсан бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнууд ногдол ашиг авахгүй, харин хэсэгчлэн зарсан бол үлдсэн хувьцааны тоонд дүйцүүлэн ногдол ашиг авна.   8. 1,072 хувьцаа нь ямар төрлийн хувьцаа вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл хаанаас авч болох вэ? Энэхүү “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 ширхэг  хувьцаа нь энгийн хувьцаанд тооцогдоно. Та 18001072 утсаар мэдээлэл аваарай. 9. Хувьцаагаа зарж борлуулж, шилжүүлж болох уу? Компанийн тухай хуулийн 3.7-д хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компанийг нээлттэй хувьцаат компани гэж тодорхойлдог. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь хаалттай хувьцаат компани тул одоогоор хувьцаа нь нээлттэй арилжаалагдах боломжгүй байна. Харин тус компани нь хөрөнгийн биржид бүртгүүлснээр хувьцаагаа нээлттэй арилжаалах эрх үүсэх юм.  10. Хувьцааны дансгүй, и-баримт ашигладаггүй иргэд ногдол ашгаа хэрхэн авах вэ? Насанд хүрсэн хүн бол хувьцааны дансаа үнэт цаасны компанид нээлгэнэ. Насанд хүрээгүй хүүхэд хүүхдийн мөнгө авдаг дансаараа дамжуулан авч болно. 11. Эрдэнэс Тавантолгой ХК ашигтай ажилласан тохиолдолд цаашид жил бүр ногдол ашиг өгөх үү?  Компани ашигтай ажилласан тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн тухайн жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэж болно.  12. Хувьцаагаа авахгүйгээр томоохон төсөлд хөрөнгө оруулж болох уу?  Компанийн үйл ажиллагаанаас олсон орлогын цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилдаг. Хувьцаа эзэмшигчдэд хуваарилсан ногдол ашгийг компани зөвхөн хадгалах үүрэгтэй бөгөөд хувьцаа эзэмшигчид олгохоос бусдаар аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй байдаг. Тиймээс тус компанийн хувьцаа эзэмшигч иргэдэд хуваарилсан ногдол ашгийг захиран зарцуулах эрх нь зөвхөн хувьцаа эзэмшигч иргэдэд байна.  13. Хувьцааны данс нь байгаад одоогоор хувьцаагүй байна гэж гарч ирэхээр яах вэ? Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн төв дээр бичиг баримттайгаа очиж хувьцааны бүртгэлээ шалгуулж, тодруулах боломжтой. Засгийн газрын тогтоолын дагуу хувьцаагаа буцаан худалдах хүсэлт гаргасан дараах иргэдийн хүсэлтийг хүлээн авч хэрэгжүүлсэн тул хувьцааны тоо хэмжээ буурсан байх магадлалтай. Үүнд:   Бэлэн мөнгө (1.0 сая төгрөг)-өөр хишиг хүртсэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд; Сургалтын төлбөр хэлбэрээр 2010-2011, 2011-2012 онд хишиг хувь хүртсэн оюутан; ЭМД-ын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэд; Сайн хувьцаа арга хэмжээний хүрээнд ЗГ-т хүсэлт гарган хувьцаагаа худалдсан иргэд.  14. Хүүхдийн мөнгөний дансгүй бол ногдол ашгаа хэрхэн авах вэ? Мөн насанд хүрээд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан бол ногдол ашгаа хэрхэн авах вэ?  Дурын үнэт цаасны компанид биеэр очиж эсвэл онлайнаар үнэт цаасны дансаа нээлгэж болно. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн https://www.mcsd.mn/%D0%B1%D0%B4%D0%BA/   холбоосоор үнэт цаасны компаниудын хаяг байршлыг авч болно.  15. Гадаадад байгаа иргэд ногдол ашгаа хэрхэн авах вэ?  Үнэт цаасны компанид онлайнаар хувьцааны данс нээлгэж, Монгол дахь банкны дансаар авна.   16. Тэтгэврийн зээл нь тэглэгдсэн хүмүүст ногдол ашиг өгөх үү?   “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшдэг бол иргэн бүр ногдол ашиг авна. Тэтгэврийн зээл нь “Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийн хувьцаатай хамааралгүй болно. 2020 онд ногдол ашиг авч байсан бол тэр дансаараа авна. Огт хувьцааны дансгүй бол дурын Үнэт Цаасны компаниар дамжуулж данс нээлгэж ногдол ашгаа авна.   17. Тэтгэврийн зээлээ тэглүүлсэн бол хувьцаа байхгүй гэсэн үг үү? Тэтгэврийн зээл нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаатай хамааралгүй болно. 2011 онд ахмад настанд болон хөгжлийн бэрхшээлтэй 324,518 иргэнд эх орны хувь хишиг болох 1,000,000 төгрөг; 2011 оны эрүүл мэндийн даатгалаас 8040 төгрөг суутгуулсан 615,701 иргэний 9 ширхэг хувьцааны хасалт; 2011 оны оюутны сургалтын төлбөр 500,000 төгрөг болон 2012 оны оюутны сургалтын төлбөр болох 491,960 төгрөгийг 278,258 иргэдээс суутгаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны бичилтэд өөрчлөлт оруулсан байна.  18. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаагаа И-Монголиа апп-аар хэрхэн харах вэ? И-Монголиа апп-аар нэвтрэн баруун доод буланд байрлах өөрийн “Профайл” хэсэгт даран доош гүйлгэснээр “Үнэт цааснууд/ хувьцаа” гэсэн цэс дээр дарж хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаа болон хувьцаатай эсэхээ шалгаж болно. Шинээр хувьцаа эзэмшиж байгаа 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс 2023 оны  арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн иргэд  дурын үнэт цаасны компаниар дамжуулж үнэт цаасны данс нээлгэж, хувьцаагаа баталгаажуулснаар харах боломжтой.    19. Брокерт нээлгэж байсан дансаа солиулж болох уу? Болно. Тухайн үнэт цаасны компанид хандаад солиулна.  20. Хувьцаагаа сургалтын төлбөрт хэрэглэснийг нөхөж авах боломжтой юу? Монгол Улсын Их Хурлын 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоолд энэ асуудал тусгагдаагүй тул боломжгүй.  21. Өмнөх ногдол ашгийг авч байсан хэр нь хувьцааны мэдээлэл байхгүй байна гээд гарч ирээд байх юм. Яах ёстой вэ? 2020 онд ногдол ашиг авч байсан бол эзэмшиж байсан хувьцаанд өөрчлөлт орохгүй. Албан ёсоор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн төв дээр бичиг баримттайгаа очиж хувьцааны бүртгэлээ шалгуулна.  22. Өмнө нь эх орны хишиг гээд мөнгө авч байсан хүмүүс авахгүй гэсэн үг үү?Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт? 2011 онд ахмад настанд болон хөгжлийн бэрхшээлтэй 324,518 иргэнд эх орны хувь хишиг болох 1,000,000 төгрөг; 2011 оны эрүүл мэндийн даатгалаас 8040 төгрөг суутгуулсан 615 701 иргэний 9 ширхэг хувьцааны хасалт; 2011 оны оюутны сургалтын төлбөр 500,000 төгрөг болон 2012 оны оюутны сургалтын төлбөр болох 491,960 төгрөгийг 278,258 иргэдээс суутгаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны бичилтэд өөрчлөлт оруулсан байна. Иймд эдгээр иргэд хувьцааны ногдол ашиг авахгүй.  23. 1,072 ширхэг хувьцааны мөнгө 857ш хувьцааны мөнгө гэж орсон байх юм. Зараагүй, ашиглаагүй байхад яагаад ингэж байгаа юм бол? УИХ, ЗГ-ын холбогдох тогтоол шийдвэрийн дагуу өмнө нь иргэдийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны тоо хэмжээнээс хасах, суутгах арга хэмжээ авсан. Тухайлбал: 2011 онд ахмад настанд болон хөгжлийн бэрхшээлтэй 324 518 иргэнд эх орны хувь хишиг болох 1,000,000 төгрөг; 2011 оны эрүүл мэндийн даатгалаас 8040 төгрөг суутгуулсан 615 701 иргэний 9 ширхэг хувьцааны хасалт; 2011 оны оюутны сургалтын төлбөр 500,000 төгрөг болон 2012 оны оюутны сургалтын төлбөр болох 491,960 төгрөгийг 278 258 иргэдээс суутгаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны бичилтэд өөрчлөлт оруулсан байна. Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн төв дээр бичиг баримттайгаа очиж хувьцааны бүртгэлээ шалгуулж, тодруулна.  24. Нийт 286 мянган хүнд тус бүр 116,000 төгрөг тарааж байснаас улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хэрэгтэй том бүтээн байгуулалт хийж болохгүй юм уу?  Компани нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан үйл ажиллагааны төлөвлөгөө, батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэн ажилладаг. Компанийн үйл ажиллагаанаас олсон орлогын цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилдаг. Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хувьцаа эзэмшигчдэд хуваарилсан ногдол ашгийг компани зөвхөн хадгалах үүрэгтэй бөгөөд хувьцаа эзэмшигчид олгохоос бусдаар аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй байдаг. Тиймээс тус компанийн хувьцаа эзэмшигч иргэдэд хуваарилсан ногдол ашгийг захиран зарцуулах эрх нь зөвхөн хувьцаа эзэмшигч иргэдэд байна.  25. Бэлэн мөнгө тараасны дараах оны эцсийн инфляцын төсөөлөл гэж гаргасан болов уу? Монгол улсад бизнесийн эрх зүйн харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулдаг бөгөөд тус хуульд заасны дагуу компани жил бүр хувьцаа эзэмшигчдэдээ тухайн жилийн үйл ажиллагааны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэр гаргадаг. Энэ хүрээнд 2022 оны ногдол ашгийг зөвхөн хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэсэн. Компанийн тухай хуулийн 46.7-д ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилах бөгөөд компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ногдол ашгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгийн, эсхүл компанийн болон бусад этгээдийн үнэт цаасны хэлбэрээр төлж болохоор заасан байдаг.  26. “Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийн ТУЗ энэ асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах нь зөв үү?  Компанийн тухай хуулийн 46.1.-д “..төлөөлөн удирдах зөвлөл ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргана....”, 46.2-д “Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хуулийн 46.1-д заасан шийдвэрийн талаар хувьцаа эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй”, 46.5-д “Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна” гэж тус тус заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийн ТУЗ нь 2023 оны  хоёрдугаар сард хуралдаж 2022 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлыг хойшлуулахаар шийдвэрлэсэн.  27. 2023 оны 4 сард ТУЗ санал болгож Хувьцааны эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг хуваарилах эсэхийг шийдэх ёстой байсан уу?  Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргадаг бөгөөд тухайн шийдвэрийг Хувьцаа эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй байдаг. Үүний дагуу ТУЗ нь 2022 оны ногдол ашиг хуваарилах асуудлыг түр хойшлуулах шийдвэрийг гаргаж хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулсан байдаг. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ холбогдох хууль, эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу хойшлуулаад байсан 2022 оны ногдол ашиг хуваарилах асуудлыг 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдаж ногдол ашиг хуваарилахаар шийдвэр гаргасан болно. Өөрөөр хэлбэл ТУЗ ногдол ашиг хуваарилах эсэх талаар шийдвэр гаргаж Хувьцаа эзэмшигчид зөвхөн мэдэгдэх үүргийг л хүлээдэг.  28. Компанийн тухай хуулиар 2022 оны аудитлагдсан санхүүгийн тайланд үндэслэж ногдол ашиг тараах эсэхийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар 2023 оны 4 сард багтааж шийдэх ёстой байсан уу? Компанийн тухай хуулийн 46.1.-д “..төлөөлөн удирдах зөвлөл ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргана....”, 46.2-д “Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хуулийн 46.1-д заасан шийдвэрийн талаар хувьцаа эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй”, 46.5-д “Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна” гэж тус тус заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийн ТУЗ нь 2023 оны  2 дугаар сард хуралдаж 2022 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлыг хойшлуулахаар шийдвэрлэсэн. уг шийдвэрээ 2023 оны 4 дүгээр сард болсон Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулсан. “Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийн ТУЗ холбогдох хууль, эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу хойшлуулаад байсан 2022 оны ногдол ашиг хуваарилах асуудлыг 2024 оны 01-р сарын 31-ний өдөр хуралдаж ногдол ашиг хуваарилахаар шийдвэр гаргасан.   29. Шинээр хувьцаа эзэмшүүлэх тогтоол гарах уу? УИХ-ын 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоол, Засгийн газрын 2024.01.31-ний өдрийн 45 дугаар тогтоолоор 2012.04.1-оос 2023.12.31-ний өдрийн хооронд төрсөн болон Монгол Улсын харьяат болсон иргэн бүрд шинээр хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гарсан.   30. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1,072 ширхэг хувьцааны 2022 оны ногдол ашгийг ямар хүмүүст олгохгүй вэ?  Эх орны хувь хишиг хүртсэн буюу 1,072 хувьцаагаа Засгийн газарт буцааж зарсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн Монгол Улсын харьяатаас гарсан иргэнд ногдол ашиг олгохгүй.    31. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бусад хувьцаа эзэмшлийн талаар тодруулна уу?  Улсын Их Хурлаас 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын төслийг баталснаар хувьцаа эзэмшдэггүй байсан 893 мянган иргэнд үнэ төлбөргүй хувьцаа эзэмшүүлж, Монгол Улсын 3,4 сая иргэн хувьцаа эзэмшигч болох боломж бүрдсэн.   Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн:  73 хувийг Эрдэнэс Монгол нэгдэл, 27 хувийг Монгол Улсын 3,4 сая иргэн, 0,06 Үндэсний аж ахуй нэгжүүд эзэмшиж байна. 32. Энэ удаагийн ногдол ашиг тараалт сонгуулийн сурталчилгаанд зориулагдсан уу? Засгийн газар 2022 оны 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа эрс сайжирч, олборлолт, борлуулалт, цэвэр ашиг эрс нэмэгдэж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн бөгөөд 2022 оны жилийн эцсийн үр дүнгээр тус компани 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан учраас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Энэхүү асуудал нь сонгуультай хамааралгүй болно.    Эх сурвалж: ЭТТ ХК
MARUBENI AMERICA КОРПОРАЦ, АНД ГЛОБАЛ ГРУПП-тэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Дэлхийн инновацын төв гэгдэх цахиурын хөндийд өнөөдөр Marubeni America корпорац болон АНД Глобал групп нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн ач холбогдол нь дэлхийн бизнесийн төв тэр дундаа технологийн бизнесийн өлгий нутаг болох АНУ-ын зах зээлд дотоодын технологийн компаниудыг нэвтрүүлэхэд шаардлагатай стратегийн түнш, хамтрагч нарыг олох хамтын ажиллагааг нь бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам болж байна.   Америкийн нэгдсэн улс, Сан-Франциско хот, 01.02.2024 Цахим хөгжил харилцаа холбооны яам уг арга хэмжээнд оролцсон ба Marubeni America корпорацын мэдлэг туршлага дээр үндэслэн АНУ-ын зах зээлийн өрсөлдөөнт орчинд Монголын технологийн компаниуд амжилт гаргахад чухал ач холбогдолтой нөөц бололцоо, дотоод сүлжээ, зах зээлийн нарийн ойлголтуудыг олж авах боломж олгож байгааг дурдан АНД Глобал болон Marubeni America корпорац хоёр аж ахуй нэгжийн хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр улсын хоорондох шинэлэг дэвшилтэт түншлэл үүсэж байгааг онцлон дэмжин ажиллахаа илэрхийлэв.   Манай улсын хувьд эдийн засгийг төрөлжүүлж, инновац төвтэй соёлыг төлөвшүүлэхэд дэлхийн нөлөө бүхий тоглогч нартай хамтрах нь ус агаар мэт хэрэгцээт зүйл төдийгүй Marubeni корпорацын дэмжлэгтэйгээр АНД Глобал компани өөрсдийн технологийн бүтээгдэхүүнээ Америкийн зах зээлд нэвтрүүлээд зогсошгүй түүний үр дүн, харилцаа холбоог ашиглан Монголын бусад технологийн компаниудад АНУ-ын зах зээлд нэвтрэх замыг нээх зорилготой юм.   Marubeni America корпорацын тухай Marubeni America корпорац нь Японы томоохон худалдаа, хөрөнгө оруулалтын конгломерат болох Marubeni корпорацын АНУ дахь салбар юм. Тус корпорац нь хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, эрчим хүч, цахилгаан станц, тээвэр, үйлдвэрлэлийн машин гэх мэт олон төрлийн бизнесийн салбарт дэлхийд тэргүүлэн ажилладаг юм. https://www.marubeni.com/en/ АНД Глобал группийн тухай АНД Глобал нь машин сургалт болон хиймэл оюун ухааны тусламжтайгаар банк санхүүгийн салбарт дэвшилтэт технологийн шийдлүүдийг санал болгодог Манай улсын тэргүүлэгч технологийн компани юм. Тэд одоогоор дэлхийн 12 улсад өөрсдийн технологийн шийдлээ нэвтрүүлээд байгаа юм. https://and.global/
Украины арми он гарснаас хойш Оросын долоо дахь газрын тос, байгалийн хийн үйлдвэрт довтоллоо
Өчигдөр Украины нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөн ОХУ-ын Волгоград мужийн газрын тосны үйлдвэрт гал гарчээ. Тухайлбал тус мужийн Красноармейский дүүргийн нутагт оршдог Лукойл компанийн газрын тосны үйлдвэр халдлагад өртөж, 300 метр квадрат талбай гал түймэрт шатсан тухай мужийн захирагч Андрей Бочаров мэдээлсэн байна. Халдлагын улмаас хүний амь эрстээгүй, орон нутгийн онцгой байдлын алба гал түймрийг бүрэн унтраасан гэнэ. Хоёрдугаар сарын 3-ны шөнө хэд хэдэн бүс нутагт Украины нисгэгчгүй онгоцыг унагаснаа ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ. Тухайлбал Белгород мужид дөрөв, Волгоград мужид хоёр, Ростов мужид нэг дрон устгаснаа дурдсан байна. Волгоградын үйлдвэр нь жилд 14.8 сая тонн газрын тос боловсруулах чадалтай ОХУ-ын өмнөд бүсийн хамгийн том үйлдвэр юм. Тус үйлдвэр шинэ он гарснаас хойш Украины армийн халдлагад өртсөн долоо дахь газрын тос, байгалийн хийн үйлдвэр болж байна. Эдгээр халдлагуудын улмаас нэгдүгээр сард ОХУ-ын бензиний экспорт 37 хувиар, дизель түлшний экспорт 23 хувиар буурсан юм. ОХУ-ын эрчим хүчний яам экспортын бууралтыг “төлөвлөгөөт бус засвар үйлчилгээ, дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээ” зэргээр тайлбарлаж байна.   Эх сурвалж: The Moscow Times
Италийн эрх баригчид мафийн оргодол боссыг Францын Корсика арлаас баривчилжээ
Марко Радуано Өнгөрсөн онд өндөр харуул хамгаалалттай шоронгоос оргосон Италийн хамгийн аюултай гэмт хэргийн бүлгүүдийн нэгний боссыг Франц улсын харьяа Корсика арлаас баривчилснаа хоёр улсын эрх баригчид Баасан гарагт мэдээлжээ. Баривчлагдсан Марко Радуано нь Европолын эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийн жагсаалтын “онц аюултай” гэсэн ангилалд багтаж байв. Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард Сардини арлын Нуоро дахь өндөр харуул хамгаалалттай шоронгоос холбож уясан орны даавуунуудыг ашиглан оргож байжээ. Радуаногийн шадар хүмүүсийн нэг Жанлуйжи Тройаног өмнөд Испанийн Гранадагийн ойролцоо газраас баривчилснаа Италийн эрх баригчид өчигдөр бас зарласан байна. “Манай цагдаа нар аюултай оргодлууд болох Марко Радуано болон түүний баруун гар Жанлуйжи Тройано нарыг гадаадаас баривчилсан нь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдэд өгсөн ээлжит том цохилт боллоо” гэж Италийн дотоод хэргийн сайд Маттео Пиантедоси мэдэгджээ.   Жанлуйжи Тройано Одоо 40 настай Радуано бол өмнөд Италийн Пуглиа мужийн Фожжа хотод төвлөрдөг “Дөрөв дэх Мафи” нэртэй гэмт хэргийн байгууллагын Гаргано бүлгийн толгойлогч юм. Тэрбээр хар тамхины наймаа, хууль бус зэвсэг хадгалсан зэрэг олон гэмт хэрэгтээ 24 жилийн хорих ял сонсож байжээ. Корсика арлын эх сурвалжуудын мэдээлснээр Пүрэв гарагийн орой Алериа хотын нэгэн ресторанд залуу эмэгтэйтэй оройн зоог барьж байхдаа Радуано баригдсан байна. Баривчлагдах үедээ тэр эсэргүүцэл үзүүлээгүйг гэрчүүд мэдээлжээ. Радуаногийн шоронгоос оргосон арга нь Италийн эрх баригчдыг ичгүүртэй байдалд оруулж байв. Харьцангуй жижиг, шинэ залуу боловч “Дөрөв дэх Мафи” нь сүүлийн жилүүдэд Италийн хамгийн харгис хэрцгий гэмт хэргийн байгууллагаар тодроод байгаа. Радуаногийн баруун гар Тройано нь 2021 оны есдүгээр сард Фожжагийн ойролцоо гэрийн хорионоос оргож байжээ. Гранадагийн ойролцоо Отура нэртэй жижиг хотоос баривчлагдсан тэр одоо есөн жил, хоёр сарын хорих ял эдлэх юм байна. Радуано, Тройано нарын 2017 онд үйлдсэн байж болзошгүй хоёр хүн амины хэрэг одоо шалгагдаж байгаа ба буруутай нь тогтоогдвол тэдний хоригдох ялыг уртасгах юм.   Эх сурвалж: AFP
Умард Солонгосын хиймэл сормуус “Хятадад үйлдвэрлэв” нэрээр Өрнөдийн зах зээлд хүрч байгааг тогтоожээ
Өнгөрсөн онд Умард Солонгосын дэглэм хиймэл сормуусны экспортоос олон сая ам.долларын орлого олсныг Ройтерс агентлаг олж тогтоожээ. Ингэхдээ “Хятадад үйлдвэрлэв” гэсэн нэрээр дэлхийн олон оронд, тэр дундаа Өрнөдийн орнууд, Өмнөд Солонгос, Японы зах зээлд нийлүүлэгдэж байсан байна. Ройтерс энэ баримтыг илрүүлэхдээ хиймэл үс, сормуусны салбарын 20 орчим хүн, худалдааны мэргэжилтэн, Умард Солонгосын эдийн засаг судлаач нараас мэдээлэл цуглуулжээ. Умард Солонгосоос илгээсэн бэлэн бүтээгдэхүүнийг Хятадын компаниуд өөрийн нэр дээр хайрцаглаж савлаад гадаад зах зээлд гаргадаг юм байна. Ингэснээр Умард Солонгосын дэглэм олон улсын хоригийг давж, олон сая ам.долларын орлого олдог ажээ. Цар тахлын өмнө цэцэглэж байсан энэ бизнес 2023 онд дахин сэргэсэн байна. Тухайлбал 2023 онд Хятадад экспортолсон Умард Солонгосын бараа бүтээгдэхүүний 60 хувийг хиймэл үс, сормуус эзэлжээ. Энэ онд тус улс нийтдээ 1,680 тонн хиймэл үс, сормуус, сахал Хятадад экспортолж, $167 саяын орлого олсон байна. 2019 онд ийм төрлийн бүтээгдэхүүний үнэ хямд байхад 1,829 тонныг экспортолж, $31.1 саяыг олж байжээ. Умард Солонгосын дэглэм гадаад экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иргэдийнхээ орлогын 90 орчим хувийг хураадаг гэсэн мэдээллийг АНУ-ын төрийн департамент гаргаж байсан. Тиймээс хиймэл сормуусны үйлдвэрлэлийн ихэнх орлого Ким Жон Уны дэглэмийн халаасанд ордог нь харагдаж байна. Зүүн Хятадын Пинду нэртэй жижиг хот өөрийгөө “дэлхийн сормуусны нийслэл” гэж өргөмжилдөг. Тус хотын ихэнх компани Умард Солонгост үйлдвэрлэсэн хиймэл сормуусыг эцсийн бүтээгдэхүүн болгон гадаад зах зээлд гаргадаг байна. Ийм бүтээгдэхүүнийг АНУ, Бразил, ОХУ-д гаргадаг Monsheery компанийн төлөөлөгч Ван Тинтин үүнийг баталжээ. Умард Солонгосын сайн чанарын бүтээгдэхүүн түүний гэр бүлийн жижиг дэлгүүрийг богино хугацаанд экспортлогч компани болгож өсгөсөн гэнэ. Пинду хотын компаниудын 80 хувь нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түүхий эдийг Умард Солонгосоос авдгийг Хятадын энэ салбарын холбоо вэб сайтдаа мэдээлсэн байна. Пиндугийн компаниуд хиймэл сормуусны дэлхийн зах зээлийн 70 хувийг хангадаг тухай тус хотын захиргаа мэдээлжээ. Хиймэл сормуусыг голдуу нийлэг материалаар, бас усны булга, хүний үсээр хийдэг гэнэ. Умард Солонгосын бүтээгдэхүүний чанар өндөр, Хятадын үйлдвэрлэгчид ч тэдэнтэй өрсөлдөж чаддаггүй байна. Тухайлбал Өмнөд Солонгосын Cinderella Amisolution компанийн гүйцэтгэх захирал Чой Жи Вон энэ талаар Ройтерс агентлагт ярьжээ. Цар тахлын үеэр хил хаагдахад Умард Солонгосын нийлүүлэлт тасалдаж, Хятадын харилцагч компаниуд нь өөр эх үүсвэртэй бүтээгдэхүүнийг санал болгож байсан гэнэ. “Тэдний бүтээгдэхүүн Умард Солонгосынхоос тэс өөр байсан. Ийм байдлаар бүтэхгүй юм байна гэж би тухайн үед бодож байлаа” гэж Чой Жи Вон ярьжээ.   Эх сурвалж: Reuters
Москвад цагдаа нар дайнд эр нөхрөө явуулсан эмэгтэйчүүдийн жагсаалыг сурвалжилсан сэтгүүлчдийг баривчлав
Украинд дайтаж буй эр нөхрүүдээ буцааж ирүүлэхийг шаардсан эмэгтэйчүүдийн жагсаал өчигдөр Москва хотын төвд зохион байгуулагджээ. Жагсаалд оролцогч эмэгтэйчүүд Улаан талбайд нэвтэрч, Кремлийн хананд байрладаг нэр үл мэдэгдэх цэргүүдийн хөшөөнд цэцэг өргөсөн байна. Энэ үеэр цагдаа нар үйл ажиллагааг сурвалжилж байсан сэтгүүлчид голдуу 27 хүнийг баривчилжээ. Тэдний зарим нь сүүлд суллагдсаныг OVD-Info хүний эрхийн байгууллага мэдээлсэн байна. Гадаад дотоодын сэтгүүлчдийг цагдаа нар автомашинд ачиж, ойролцоо цагдаагийн хэсэгт хүргэснийг AFP агентлагийн зураглаач гэрчилжээ. Сүүлийн үед дайнд эр нөхрөө явуулсан эмэгтэйчүүдийн жагсаал Москва хотод байнга зохион байгуулагдаж байгаа. Тэд нэг удаа Путиний сонгуулийн штабт ирж, шаардлагаа тавьсан юм.   Оросын эрх баригчид уг асуудалд маш болгоомжтой хандаж, ирэх сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө аль болох нийгмийг бухимдуулсан үйлдэл гаргахгүй байхыг хичээж байгаа. Одоогоор эсэргүүцлийн жагсаалд оролцсон ганц ч хүн баривчлагдаагүй бөгөөд төрийн төв хэвлэлүүд эдгээр жагсаалын талаар огт мэдээлэхгүй нууж байна. Өчигдөр Москва хотын прокурорын газар жагсаалыг зохион байгуулах зөвшөөрөл аваагүйг мэдэгдээд ийм хууль бус арга хэмжээнд оролцохгүй байхыг иргэдэд анхааруулжээ.   Эх сурвалж: Associated Press
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа ихэснэ
Гэрэл зургийг mpa.mn Цаг Уур Орчин Шинжилгээний Газраас ирүүлсэн нийт нутгийн цаг агаарын мэдээллийг хүргэж байна.  Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 4-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа ихэснэ.  Цаг агаарын урьдчилсан мэдээ: 2024 оны энэ сарын 4-ний 08:00-20:00 цаг хүртэлх Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгий, Ховдын хойд, Баянхонгорын зарим газар, Өмнөговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37.0 см, Сагил 32.0 см, Увсын Улаангом, Баруунтуруун, Давст, Хяргас, Зүүнговь, Сэлэнгийн Бугант, Төв аймгийн Эрдэнэсант, Сүхбаатарын Түмэнцогт, Асгатад 26.0-30.0 см, бусад хэсгээр 0.0-25.0 см цасан бүрхүүл тогтсон байна. Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутаг, говийн аймгуудын баруун хэсгээр 0.0-7.0 мм цас орсон ба үүнээс хамгийн их нь Ховдын Алтайд 7.0 мм, Увсын Завхан, Говь-Алтайн Бугат, Баянхонгорын Баянговь, Ховдын Булган сумдын нутгаар 2.0 мм, бусад нутгаар 0.0-1.3 мм цас орсон байна. Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Ерөө, Туул, Халх голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-8 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газраар -7...-13 градус, бусад нутгаар -14...-20 градус хүйтэн байв. Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуурын хотгор, Тэс, Байдраг голын хөндийгөөр -35...-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -29...-35 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -12...-18 градус, цас багатай энгэр ээвэр газраар -18...-24 градус, градус бусад нутгаар -23... -29 градус хүйтэн байв.   Cалхи: Ихэнх нутгаар секундэд 3-8 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 9-12 метр хүрч ширүүссэн байна.  Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи зүүн өмнөөс секундэд 2-7 метр. Өчигдөр өдөр -13...-16 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -31 градус, бусад хэсгээр -21...-22 градус хүйтэн хоносон байна. Өнөөдрийн 12:00-18:00 цаг хүртэл Улаанбаатар хотын цаг агаарын урьдчилсан мэдээ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. 14 цагт -9...-11 градус хүйтэн байна.   Эх сурвалж: ЦУОШГ-ын Урьдчилан Мэдээлэх Хэлтэс
100 айлын гүүрний хойд талд Сэлбэ гол дагуу суваг татаж, 32 метр урт далан өндөрлөсөн байна
Халиа тошин үүсээд буй Сэлбэ голын зарим байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас суваг татах, далан босгох арга хэмжээг өнгөрсөн Баасан гаригт авсан байна.  Тухайлбал Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо 100 айлын гүүрний хойд талын Сэлбэ гол дагуу 1.20×1.30×35 метр урт суваг татжээ. Мөн гүүрний зүүн талын далангийн нам хэсэгт дөрвөн рэйсээр 120 тонн шороо буулган, механизм болон гар ажиллагаагаар 32 метр урт далан өндөрлөсөн аж.  Сэлбэ голын усны түвшин 14 хоногт 20 сантиметр орчим дээшилж байгаа талаар албаны эх сурвалж өнгөрсөн сард мэдээлж байсан юм.
"Бид уртасгасан цагаар ажилладаг. Даанч цас их орж байгаа учраас зам, талбайг цэвэрлэж амжихгүй байна"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нийтийн зам, талбайн цэвэрлэгээний ажлыг дүүргүүд хариуцаж байгаа билээ.  Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн зам, талбайн цэвэрлэгээний ажлын талаар Засаг даргын орлогч Д.Ундармаа өчигдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний найман байгууллагын 215 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр нийтийн эзэмшлийн 239 км авто зам буюу 3,736,980 мкв талбайг цэвэрлэж байна.  Бодис, давс сайн уусгаж хайлуулж байгаа боловч газрын гадаргаа хүйтэн байгаа юм. Зам талбайн ажилчид маань нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсийг цэвэрлэж, овоолсон хар цасыг ачих, халтиргаа гулгааг арилгах чиглэлээр дүүргийн хэмжээнд хоёр ээлжээр буюу шөнийн тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулан ажилладаг" хэмээн ярив.  Мөн тус дүүргийн зам, талбайн үйлчлэгч Н.Амарбаясгалан "Цасны давтамж өмнөх өвлийнхөөс арай л их байна. Бид уртасгасан цагаар ажиллаж байгаа. Даанч цас их орсны улмаас зам, талбайг цэвэрлэж амжихгүй байгаа.  Зам, талбайг цэвэрлээд дууссаны дараа дахиад цас орчихдог. Энэ жил хайрга дайрга, бодисыг хангалттай цацаж байгаа" хэмээн ярив.
Зеленский фронтын шугамд очихдоо “дэлбэрэлтэд ойрхон” байсныг хэвлэлийн алба нь мэдээллээ
Ням гарагт Запорожье мужийн Роботино хотын орчим өмнөд фронтын шугамд зочлохдоо Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “дэлбэрэлтэд ойрхон” байсан тухай түүний хэвлэлийн алба мэдээлжээ. “Тулаан идэвхтэй өрнөж буй Роботинод очих үеэр харьцангуй ойрхон зайд дэлбэрэлт болсон. Гэхдээ би үүссэн нөхцөл байдлыг дэвэргэж яримааргүй байна” гэж Зеленскийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Никифоров сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн юм. Зеленский өчигдөр өмнөд фронтын Роботино орчмын хэсэгт зочилж, байлдааны нөхцөл байдалтай танилцсан байна. Оросын арми одоо энэ фронтын хэсэгт аж үйлдвэрийн хот Днипрог гол чиглэлээ болгон тулалдаж байгаа юм. Оросын түрэмгийллээс хамгаалахын тулд энд агаараас хамгаалах зэвсэг техникийн хүчийг нэмэгдүүлж байгаагаа Зеленский мэдэгдсэн байна. “Бид пуужин, нисгэгчгүй онгоцны хүчин чадлаа өргөжүүлэхээр ажиллаж байна. Энэ нь цахилгаан эрчим хүч, усан хангамж зэрэг амин чухал дэд бүтцийг Оросын агаарын цохилтоос хамгаалж, нийгмийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх зорилготой юм” гэж Зеленский энэ үеэр хэлжээ. Фронтын шугамд зочлохдоо тэр Мелитополь хотын дарга Иван Федоровыг Запорожье мужийн захирагчаар томилсон байна. Запорожье мужийн зарим хэсэг одоогоор Оросын цэргийн хяналтад байгаа юм. Украины арми Ням гарагт Днепр мөрний зүүн эрэгт Оросын хэд хэдэн хуягт тэрэг болон дроны удирдлагын төвийг устгаснаа мэдээлжээ. Үүнтэй зэрэгцэн зүүн фронтын шугамын цаана орших Украины эзлэгдсэн Лисичанск хотын талхны газар өчигдөр агаарын цохилтод өртөх үеэр 28 хүн алагдаж, 10 хүн шархадсан тухай Оросын тал мэдээлсэн байна. Москвагаас томилогдсон Луганск мужийн захирагч Леонид Пасечник уг цохилтыг Өрнөдийн HIMARS пуужингаар үйлдсэнийг баталж, буруутай этгээдүүдийг шийтгэхээ амлажээ. Оросын тал Украины армийг зориуд олон хүн цугларсан байх үед талхны газрыг байгаа болгосон гэж буруутгасан юм. Одоогоор Украины тал энэхүү халдлагын талаар мэдэгдэл гаргаагүй байна.   Эх сурвалж: AFP
Олон жил сугалаанд хамтарч оролцсон америк багш нарт анх удаа аз таарч, $1 саяыг хувааж авчээ
АНУ-ын Кентакки мужийн нэгэн дунд сургуулийн багш нар “Jones 30” нэртэй бүлэг байгуулж, сүүлийн арав гаруй жил хонжворт сугалаанд хамтран оролцжээ. Өөрөөр хэлбэл тэд сугалааны тасалбарыг мөнгөө нийлүүлэн дундаа худалдаж авч, нэг тоо бөглөдөг байсан юм. Тэгвэл тэдэнд олон жилийн дараа аз таарч, $1 саяын эзэн болсон байна. “Бидний дунд зөвлөхүүд, захиргааны ажилтнууд, тусгай боловсролын багш нар, сувилагч нар хүртэл бий. Зарим нь өөр сургуульд шилжсэн, тэтгэвэртээ гарсан ч хамтарч сугалаанд оролцсоор байгаа. Бид олон жилийн турш найзалж байна” гэж “Jones 30” бүлгийнхэн шагналаа гардаж авсны дараа ярьжээ. Тэд нэгдүгээр сарын 30-ны өдөр хожсон мөнгөө авахаар бөөндөө Powerball хонжворт сугалааны төвд ирсэн байна. Татвар хассаны дараа бүлгийн гишүүн тус бүрд $24,000 оногдож байгаа ажээ. Тэд 2019 оноос хойш долоо хоног бүр нэг ижил дугаараар Powerball сугалаанд оролцож байсны үр дүн ийнхүү гарсан байна. Сугалааны дугаарыг тэтгэвэртээ гарсан математикийн нэг багш тооцоолон гаргаж байжээ. Багш нар цаашдаа сугалаанд үргэлжлүүлэн оролцсоор байх гэнэ. “Бид олон жил нөхөрлөж, зарим маань хүүхэдтэй, ач зээтэй болцгоосон. Хамтдаа ялагч болж, туршлагаа хуваалцаж байгаадаа баяртай байна” гэж тэдний нэг ярьсан юм.   Эх сурвалж: Business Insider
АНУ-аас зудын эсрэг хариу арга хэмжээ авахад зориулж $200,000-ын тусламж үзүүлнэ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав АНУ-ын Засгийн газраас Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн шугамаар Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр дамжуулан зудын эсрэг хариу арга хэмжээ авахад зориулж 200,000 ам.доллар (ойролцоогоор 680 сая төгрөг)-ын тусламж үзүүлэх аж. Уг санхүүжилтээр Монголын эмзэг бүлгийн малчин өрхүүдэд мөнгөн тусламж, өвс тэжээл, түлш шатахуун олгох юм. Энэ жилийн зуд нь сүүлийн үед тохиож буй хамгийн хор уршигтай гамшиг болж, их хэмжээний цас орж, огцом хүйтэрснээс нийт нутаг дэвсгэрийн 50 гаруй хувийн хэмжээнд малчин өрхүүд зудад нэрвэгдэв. 217 мянга гаруй малчид өөрсдийн мал, амьжиргаагаа алдах өндөр эрсдэл үүсээд байна. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь Монгол Улсын зуд болон бусад байгалийн гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэхийн тулд тууштай ажилладаг. Гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийг дэмжин чадавхжуулах, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Шуурхай удирдлагын тогтолцооны сургалтууд зохион байгуулах, малын өвчлөлийн тандалтын чадавхыг бэхжүүлэх зэрэг хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа аж.  Элчин сайд Ричард Буанган “АНУ нь Монголын эдийн засаг болон иргэдийн амьжиргаанд учирч буй эдгээр сорилтуудын үр дагаврыг багасгахын тулд илүү тэсвэртэй байдлыг бий болгож, урт хугацааны, ногоон шийдлүүдийг олохын тулд Монголын засгийн газар болон олон улсын түншүүдтэй тууштай хамтран ажиллах болно” гэв. АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол Улсын ард иргэдийг гамшигт тэсвэртэй, түүний нөлөөллийг даван туулах чадвартай болоход нь тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн. Мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь 2010 оноос хойш Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах төсөл хөтөлбөрийг дэмжих зорилгоор найман сая орчим ам.долларын санхүүжилт олгожээ.    Эх сурвалж: АНУ-ын Элчин сайдын яам
Парис хотын иргэд “жийп” автомашины зогсоолын төлбөрийг гурав дахин өсгөхийг дэмжлээ
Өчигдөр буюу Ням гарагт Францын нийслэл Парис хотын иргэд SUV (Sport Utility Vehicle) ангиллын том оврын суудлын автомашины зогсоолын төлбөрийг ердийн тарифаас гурав дахин өндөр болгох эсэх асуудлаар саналаа өгчээ. Санал асуулгад оролцсон Парисчуудын 54.6 хувь нь өндөр төлбөртэй болгохыг дэмжсэн байна. Гэхдээ ирц харьцангуй бага буюу санал өгөх эрхтэй иргэдийн 5.7 хувь байжээ. “Парисчууд сонголтоо тодорхой хийлээ. Бусад хотууд ч энэ жишгийг дагах байх” гэж Парис хотын захирагч Анне Идальго мэдэгдсэн байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдал, агаарын бохирдол зэрэг хүчин зүйлс ийм санал асуулга зохион байгуулах шалтаг болсныг тэр энэ үеэр тайлбарлажээ. Олон нийтийн гаргасан шийдвэр Парис хотод өндөр үнэтэй, хүчин чадалтай, том оврын суудлын автомашинтай байх өртгийг улам өсгөж байна. Зогсоолын шинэ тариф ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхлэх юм. Ингэснээр SUV буюу 4x4 ангиллын автомашинуудын хувьд Парисын төвийн бүсийн зогсоолуудын нэг цагийн төлбөр 18 евро, хотын бусад хэсгийн зогсоолуудад 12 евро болж байна. Шинэ тариф нь 1.6 тонноос дээш жинтэй дотоод шаталтын болон хосолсон хөдөлгүүртэй автомашинууд, 2 тонноос дээш жинтэй цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудад үйлчлэх юм. Гэхдээ өндөр тариф зөвхөн нийтийн зогсоолуудад үйлчлэх бөгөөд хувийн эзэмшлийн зогсоолуудад хамаарахгүй гэнэ. Агаарын бохирдолтой тэмцдэг Respire хөдөлгөөний захирал Тони Ренуччи “Санал асуулгад Парисын иргэд яллаа. Энэ нь дөрвөн дугуйтай мангасууд манай хотын гудамжнуудад явах эрхгүйг сануулсан шийдвэр боллоо” гэж хэлжээ. “Илүү хүнд жинтэй, илүү аюултай, илүү бохирдолтой SUV бол хүрээлэн байгаа орчны гамшиг юм” гэж Парис хотын дэд захирагч Эммануэл Грегуар сошиал хуудсандаа бичсэн байна. Өнгөрсөн онд Парис хотын иргэд үүнтэй ижил санал асуулгаар түрээсийн цахилгаан скүүтерийг хориглох шийдвэр гаргаж байв. Тухайн санал асуулгад боломжит иргэдийн 7 хувь буюу 103,000 хүн оролцож, Парис хотыг Европын анхны скүүтергүй хот болгосон юм. Идальгогийн захиргаа Парисыг автомашингүй хот болгох бодлого, арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байгаа. Үр дүнд нь цар тахлын хөл хорионы дэглэм цуцлагдсанаас хойш өнгөрсөн оныг дуустал хугацаанд унадаг дугуйгаар зорчигчдын тоо 71 хувиар өссөн гэдэг. Энэ удаагийн санал асуулгын шийдвэрийн үр дүнд Парис хотын нийт автомашины 10 орчим хувь зогсоолын өндөр төлбөртэй болж, хотын төсөвт жил бүр 35 сая хүртэл евро оруулдаг болохыг хотын зам тээвэр хариуцсан орлогч Давид Беллард мэдээлжээ.   Эх сурвалж: The Guardian
Оросын сансрын нисгэгч тойрог замд өнгөрөөсөн хугацаагаар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
Ням гарагт Оросын сансрын нисгэгч тойрог замд 878 дахь хоногоо өнгөрөөснөөр дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Улаанбаатарын цагаар өчигдөр 16:30 цагт Олег Кононенко нийт 878 хоног, 11 цаг, 29 минут, 48 секундийг тойрог замд өнгөрөөсөн эх орон нэгт Геннадий Падалкагийн өмнөх дээд амжилтыг эвдсэн байна. Падалка 2017 онд тэтгэвэрт гарахаасаа өмнө уг дээд амжилтыг тогтоосон юм. Тав дахь удаагаа сансарт ниссэн 59 настай Кононенко одоо газраас 423 км-ийн өндөрт Олон Улсын Сансрын Станцад ажиллаж байгаа. “Би дээд амжилт тогтоох гэж биш, дуртай зүйлээ хийх гэж сансарт нисдэг” гэж тэр тойрог замын станцаас ТАСС агентлагт ярьжээ. Кононенкогийн энэ удаагийн аялал есдүгээр сарын сүүлээр дуусах юм. Өөрөөр хэлбэл тэр нийтдээ 1,110 хоногийг сансарт өнгөрөөнө. Инженер мэргэжилтэй тэрбээр 34 настайдаа сансрын нисгэгч болж байжээ. Түүний анхны нислэг 2008 оны дөрөвдүгээр сард болж, сансарт 200 хоносон юм. ТАСС агентлагт видео холбоогоор өгсөн ярилцлагадаа Кононенко сансарт аялаад ирэхдээ амьдралынхаа чухал мөчүүдийг алдсан байдгийг ярьжээ. “Миний эзгүйд хүүхдүүд маань хэдэн зуун хоног аавгүй өсөж байсныг гэртээ буцаж ирсэн хойноо л ойлгодог. Энэ цаг хугацааг буцааж авах боломжгүй” гэж тэр ярьсан байна. Сансрын нисгэгч болсон 16 жилийн хугацаанд технологи улам хөгжиж, нисэх бүрд шинэ сурах юмс нэмэгдэж, улам хэцүү болж байгааг тэр бас ярьжээ. “Сансрын нисгэгч байх улам нарийн төвөгтэй болж байна. Системүүд, туршилтууд улам хэцүү болж байгаа” гэж Кононенко ярьсан байна. Хэдийгээр Украины дайны улмаас харилцаа нь муудсан ч АНУ, ОХУ хоёр сансрын хөтөлбөрт хамтран ажилласаар байгаа. Роскосмос NASA-тай нислэгийн суудал хуваалцах гэрээгээ 2025 он хүртэл сунгасныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зарласан юм.   Эх сурвалж: AFP
Буянт-Ухаа-2 хорооллын замаар зорчиж явсан машин гулсаж, жалганы ирмэгт тэгнэн унах гэж байжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Улсын хэмжээнд өчигдөр цас, мөсөнд суусан гурван дуудлага бүртгэгджээ. Үүнээс хоёр нь орон нутагт бол нэг нь нийслэл хотод байна. Тодруулбал Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа-2 хорооллын байрны урд жалга руу гурван зорчигчтой автомашин унах гээд байна гэсэн дуудлага өчигдөр 19:24 цагт иржээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 15-53 насны гурван хүнтэй Тоёота Приус-41 загварын автомашинаар зорчиж явахдаа гулгасны улмаас 4-5 метрийн гүнтэй жалганы ирмэг дээр тэгнэсэн байсныг татан гаргаж, аюулгүй болгосон байна. Харин орон нутагт буюу Төв аймгийн Баянхангай сумаас Улаанбаатар хотын чиглэлд “Приус-41” загварын суудлын автомашинаар зорчиж явсан иргэн 12-48 насны дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан тус сумын Хөшөөт багийн "Гэзэггүй-Ар" гэдэг газарт автомашин нь цасанд суусан байсныг олж, автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж, дөрвөн иргэнийг сумын төвд тээвэрлэн хүргэжээ. Завхан аймаг, Тосонцэнгэл сум Баян-Улаан багийн “Хожуулын гүүр” гэдэг газар Хьюндай Портер загварын ачааны автомашин Хожуул голд мөсөнд цөмөрч явах боломжгүй болсон байсныг татан гаргасан байна. Зам халтиргаа гулгаатай энэ үед хурдаа тохируулж явах, зам товчилж голын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлэв.
Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Иргэний нисэхийн салбарын түүхэнд анх удаа Чингис хаан олон улсын нисэх буудал нь Английн Skytrax олон улсын судалгаа, үнэлгээний байгууллагаас дэлхийд нэр хүндтэй “4 од” зэрэглэлийн нисэх буудал үнэлгээг авчээ. “4 од” зэрэглэлтэй болсноор Франкфурт, Сидней, Лондоны Хитроу зэрэг нисэх буудлын эгнээнд нэгдэж байгаа аж. Их Британийн Лондон хотод төвтэй Скайтракс олон улсын судалгаа, үнэлгээний байгууллага нь терминалын дизайн, зорчигч үйлчлүүлэгчид рүү чиглэсэн нисэх буудлын бүтээгдэхүүн үйлчилгээ, засвар үйлчилгээ, цэвэр тухтай орчин, харилцаа хандлага зэрэг 800 гаруй нарийвчилсан чанарын үзүүлэлт тус бүрээр шинжилгээ хийж, 1-5 оноогоор үнэлдэг байна. Скайтракс төв 1989 онд байгуулагджээ. Үүнээс гадна Чингис Хаан шинэ нисэх буудал дээр баригдаж байгаа Монгол Шуудангийн олон улсын шуудан ялган боловсруулах терминалын барилга өнөөдөр ашиглалтад орох юм байна.
Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, ААН-ийн хүсэлтийг энэ сарын 29-н хүртэл авна
Гэрэл зургийг mpa.mn Боловсролын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг энэ сарын 1-29-ний өдрийн 17:30 цаг хүртэл цахим хэлбэрээр нийслэлийн Боловсролын газарт хүлээн авах аж. Цахимаар хүлээн авах хаяг license.edu.mn Сургууль, цэцэрлэг байгуулахад бүрдүүлэх материалыг Зөвшөөрлийн тухай хууль, Боловсролын ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд заасныг баримтлан бүрдүүлсэн байх шаардлагатай юм. Холбогдох мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын 70113039-6 утсаар авах боломжтой.
Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах саналыг 100 мянга гаруй иргэн дэмжив
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав УИХ-ын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” нийтийн өргөдлийг иргэн Н.Номун-Эрдэнэ санаачилжээ.   Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн эхний удаа 60 жилээр, мөн 40 жилээр сунгаж нийтдээ 100 жилээр ашиглах, эзэмших нь үндэсний аюулгүй байдалд харшилж байгаа тул холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байгааг өргөдөлд тусгасан байна.   2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр гаргасан өргөдлийг 2024 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 100,117 иргэн дэмжиж, санал өгчээ.   Хуульд зааснаар “D-Өргөдөл” цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
ҮЙЛ ЯВДАЛ: ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарын шүүх хурал болж байна
Монгол Улсын Дээд Шүүхийн 4 давхарт  08:30-12:00 цагт Бүх намын дарга нар болон Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой төрийн байгууллагынхан цуглаж хэлэлцүүлэг хийж байна.  Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 08:30 цагт ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарын шүүх хурал болж байна.  Нацагдоржийн хөшөөний урд  10:00 цагт Цэргийн төв хэвлэл “Соёмбо” сонины 100 жилийн ойн өдөр. Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө. Зууны мэдээ сонины байранд 10:30 цагт ИЗНН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.  11:00 цагт “Залуучууд ирээдүйгээ хамгаална” сэдвээр Өмнөговь аймгийн залуусаас Орон нутагт ИХТөлөөлөгч газар, тендер, нүүрсний асуудалд хэрхэн холбогдож байгаа талаар баримттайгаар мэдээлнэ. 11:40 цагт Монгол бахархал давлагаа өрнүүлэгч эмэгтэйчүүдийн төлөөллөөс Дондогдулам хатны 150 жилийн ойд зориулсан Уриалга гаргах тухай мэдээлнэ. 12:00 цагт АН-ын гишүүд бослого гаргах болсон тухай мэдээлнэ. 12:30 цагт Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд орон нутгийн нөхцөл байдал болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын хамаарал бүхий асуудлаар мэдээлэл хийнэ.  Гаалийн ерөнхий газрын гадаа 11:00 цагт Гаалийн ерөнхий газрын гадаа иргэн мэдээлэл хийнэ. Гаалийн байгууллага энгийн Иргэдийг чирэгдүүлж гаалийн татвар дур зоргоороо нэмэгдүүлж, хүчээр төлүүлж буй асуудлыг баримттай дэлгэж мэдээлэл хийнэ.
Иргэн газны бүтэн байдлыг шалгалгүй асааж, гал алдсаныг аюулгүй болгожээ
ОБЕГ Налайх дүүрэг дөрөвдүгээр хороо 52 дугаар гудамжинд иргэн газ алдаж, гал гарлаа гэх дуудлагыг өнөөдөр 06:00 цагт өгчээ.  Тус дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид очсон байна. Ийнхүү иргэн газны бүрэн бүтэн байдлыг шалгалгүй асааж, гал алдсан байсныг аюулгүй болгосон. Иргэдийн анхаарал болгоомжгүй, хэнэггүй байдалтай холбоотой ахуйн газ дэлбэрэх, гал гарах, улмаар иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл өндөр байна. Дараах зөвлөмжийг ахуй амьдралдаа хэрэгжүүлж, мөрдөж ажиллахыг зөвлөж байна. Хийн баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1.5 метр, ил галаас таван метрээс доошгүй зайд байрлуулах  Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх Агааржуулагч ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулж болохгүй Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах Хийн плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй Хийн хоолойноос уяа уяж юм хатааж болохгүй Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнээр хийн тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй байх Хийн төхөөрөмжтэй газар унтаж болохгүй Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах буюу хэт халааж болохгүй Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөж ажиллах Агуулах, амбаарт дүүрэн шингэрүүлсэн хийтэй баллон хадгалахыг хориглоно. Түүнчлэн өрөөнд 50 литрийн багтаамжтай нэг баллон, эсвэл 27 литрийн багтаамжтай хоёр баллон (нэг нь нөөц) байлгахыг хориглоно.   Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Газар
ФОТО: 66 дахь удаагийн "Grammy awards"-ын улаан хивсний ёслол
66 дахь удаагийн "Grammy awards"-ын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотноо болж байна. Энэ наадмын хамгийн анхаарал татаж буй, олон шагналын эзэн болох магадлалтай хүн нь Тэйлор Свифт. Тэрбээр шилдэг дуу, шилдэг цомог зэрэг зургаан номинацид нэр дэвшсэн. Түүний адилаар Майли Сайрус, Оливия Родриго нар зургаан төрөл өрсөлдөж буй.  Хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй уг наадамд ирсэн алдартнуудын улаан хивсний ёслолын зургуудыг хүргэе. ФОТО: Гэрэл зургуудыг CNN.COM сайтаас ашиглалаа.
Хуурамч захиралтайгаа видео холбоогоор харилцсан томоохон компанийн ажилтнууд $25 саяыг луйвардуулжээ
Үндэстэн дамнасан томоохон компанийн санхүүгийн ажилтнууд луйварчдад хууртан $25 саяыг алдсан тухай Хонконгийн цагдаагийн газар мэдээлжээ. Луйварчид видео хуралд оролцохдоо тус компанийн санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч болон өөр хэд хэдэн өндөр албан тушаалтны хуурамч дүрсийг хиймэл оюуны технологиор үүсгэсэн юм байна. Хонконг дахь салбарын ажилтнууд эхлээд Британид байдаг санхүү хариуцсан дэд ерөнхийлөгчөөсөө мөнгө шилжүүлэхийг хүссэн цахим шуудан авчээ. Тэд үүнийг луйвар байж магадгүй гэж болгоомжлоод хариу өгөөгүй байна. Харин дараа нь болсон видео хурал тэдний эргэлзээг арилгажээ. Ингээд видео хурлын дараа ажилтнууд 200 сая хонконг долларыг ($25.6 сая) хүсэлтийн дагуу шилжүүлсэн байна. Хонконгийн цагдаагийн газар уг луйвартай холбогдуулан зургаан хүнийг баривчилжээ. Тэднээс Хонконгийн иргэний алдагдсан найман ширхэг үнэмлэх хураасан байна. Тэд эдгээрийг ашиглан өнгөрсөн оны долоогоос есдүгээр сарын хооронд 54 банкны дансыг ашиглан 90 удаагийн зээл авсан байжээ. Тэд ингэхдээ 20 тохиолдолд нь хиймэл оюуны технологиор үүсгэсэн бичиг баримтын жинхэнэ эзэмшигчийн царайг ашигласан байна. Луйвардуулсан салбарын ажилтан сүүлд Британи дахь төв оффистойгоо холбоо барьснаар хуурамч дүрстэй видео хуралд оролцсоноо мэджээ. Хонконгийн цагдаагийн газар ямар нэртэй компани хохирогч болсныг зарлаагүй байна. Өнөөдөр хиймэл оюуны технологи ашиглан хуурамч зураг, дүрс үүсгэх (deepfake) аргыг янз бүрийн зорилгоор ашигладаг болсон нь дэлхий даяар томоохон асуудал үүсгээд байгаа. Улс орнуудын эрх баригчид уг асуудалд санаа зовж, хэрхэн зохицуулах арга замыг хайсаар байна.   Эх сурвалж: CNN
ТЭСО Групп МҮХАҮТ-ын Онцлох аж ахуйн нэгжээр тодорч, тугаа мандууллаа
ТЭСО Групп нь 2003 онд хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн менежмент, санхүү, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, экспорт, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ зэрэг бизнесийн голлох чиглэлүүдэд нийт 30 салбар болон хамтарсан компанитай болон өргөжиж, 2000 гаруй ажилтантайгаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний үйлдвэрлэгчийн хувьд бүтээгдэхүүний түүхий эдийг хүлээн авахаас эхлээд хэрэглэгчийн гарт хүрэх бүхий л үйл явцад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг эрхэмлэдэг аж ахуйн нэгжүүдийн нэг билээ. МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгжийг шалгаруулан, өргөмжилдөг “ENTREPRENEUR-2023” шагнал гардуулах ёслол зохион байгуулагдсан бөгөөд ТЭСО Групп нь “Оны шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарсан байна.   Гранпри шагнал хүртсэн болон оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан арван компани МҮХАҮТ-ын гадна бүтэн жилийн турш компанийн лого бэлгэдэл бүхий тугийг мандуулдаг уламжлалтай. Ийнхүү Үндэсний баялаг бүтээгч ТЭСО Группийн туг “Оны шилдэг аж ахуйн нэгж”-үүдийн хамтаар хүндэтгэлтэйгээр залагдаж, 2024 оны туршид байршихаар болсон байна.
ИХ ДУУЛГА: Францчууд нутагтаа зургаан алтан медаль хүртлээ
Эх сурвалж: IJF Энэ жилийн жүдогийн эхний Их Дуулга тэмцээн өнгөрсөн амралтын өдрөөр болж өнгөрлөө. Францын нийслэлд болсон тус тэмцээнд 107 орны 621 жүдоч (365 эрэгтэй, 256 эмэгтэй) өрсөлдсөн юм. Манай улсаас 18 жүдоч (найман эрэгтэй, 10 эмэгтэй) хүч сорив. Эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч хүрэл медаль хүртсэн нь манай тамирчдын оргил амжилт нь болов. Б.Ганхайчаас гадна хүрлийн төлөө эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү нар өрсөлдсөн юм. Багийн дүнгээр зургаан алтан медаль хүртсэн Францын баг тэргүүлж гурван түрүүтэй Япон, хоёр алттай Герман удаалав. Турк, Косово, Бельги тус бүр нэг жинд аваргалсан юм.    Эх сурвалж: IJF Эрэгтэйчүүдийн +100 кг-д "баавгай" Тедди Ринер ээлжит алтан медалиа авлаа. Тедди тус тэмцээний түүхэнд хамгийн олон буюу найман алтан медаль хүртсэн. Энэ удаа ч аваргыг нутагт нь хазайлгах хүн гарсангүй.   Нийт 22 улс ямар нэг медаль хүртсэн бол Монголын баг 16-д жагслаа.  Энэ сард Бакугийн Их Дуулга тэмцээн манай тамирчдыг хүлээж буй. Тодруулбал энэ сарын 16-18-нд дараагийн тэмцээн болох юм.
Хоригдож байсан “Хятадын тагнуул” тагтааг амьтны эрхийг хамгаалагчдын шахалтаар Энэтхэгийн эрх баригчид суллажээ
Хятадын тагнуул хэмээн сэжиглэгдэж, найман сарын турш хоригдож байсан тагтааг Энэтхэгийн цагдаагийн газар сулласан тухай амьтны эрхийг хамгаалах PETA олон улсын байгууллагын төлөөлөгч мэдээлжээ. “Парел дахь Бай Сакарбай Диншавын нэрэмжит амьтны эмнэлэгт найман сарын турш хоригдож байсан тагтааг манай байгууллагын Энэтхэг дэх салбарын ажилтнуудын хүчин чармайлтын үр дүнд суллалаа” гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Өнгөрсөн оны тавдугаар сард далавч дээр нь хятад ханзаар бичсэн үг байсан гэсэн шалтгаанаар Мумбай хотын боомтоос уг тагтааг барьж байжээ. Тухайн үед Мумбай хотын цагдаа тагтааг тагнуулын хэрэгт сэжиглэж, шалгуулахаар амьтны эмнэлэгт шилжүүлсэн юм байна. Энэтхэгийн цагдаа нар тагтааг гэмт хэрэгт сэжиглэсэн анхны тохиолдол энэ биш юм. 2016 онд эрх баригчид ерөнхий сайд Нарендра Модиг сүрдүүлсэн утгатай зурвас тээж явсан гэх нэг тагтааг шалгаж байжээ. Зэрлэг амьтныг тагнуулын үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэх дуулиан өмнө нь ч бас гарч байсан. 2019 онд нэгэн цагаан халим олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд орж байв. Камер бэхэлсэн тусгай хүзүүвчтэй энэ халим Шведийн эргийн уснаас олдож байжээ. Ийм төрлийн халим сүрэглэж амьдардаг бол тэр халим ганцаар усан онгоцнуудыг дагаж, дээр нь зорчиж яваа хүмүүстэй харилцан тоглож байв. Сүүлд Хвалдимир гэх хочтой болсон түүнийг Оросын армийн тусгайлан сургаж бэлдсэн амьтан байж болзошгүй хэмээн сэжиглэж байжээ.   Эх сурвалж: CNN
АНУ-ын Сенатын танхим Украины тусламжийг багтаасан $118 тэрбумын төсөл танилцууллаа
АНУ-ын Конгрессын дээд танхим болох Сенатын хоёр намын бүлэг $118 тэрбумын төсөл дээр санал нэгдсэнээ өчигдөр танилцуулжээ. Үүнд Украин, Израильд үзүүлэх зэр зэвсгийн тусламж болон АНУ-ын хилийн хамгаалалтыг сайжруулах хөрөнгө багтсан байна. Тухайлбал Украинд $60 тэрбум, Израильд $14.1 тэрбум, Улаан тэнгисийн тээврийн замын аюулгүй байдлыг хангахад $2.44 тэрбум, Ази тив дэх холбоотнуудынхаа аюулгүй байдлыг хангахад $4.83 тэрбумын хөрөнгө тусгажээ. Үүнээс гадна АНУ-ын хил дээр цагаачлах хүсэлт гаргагчдын ачаалал эрс нэмэгдсэн тохиолдолд цагаачдыг нэн даруй буцаах эрхийг ерөнхийлөгчид олгохоор болсон байна. Хууль бус цагаачдын асуудал энэ оны сүүлээр болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн хурц сэдэв болох төлөвтэй байгаа. Бүгд Найрамдах намын нэр дэвшигчдийг тэргүүлж буй Дональд Трамп тус улсын өмнөд хил дээрх нөхцөл байдлыг “эзлэн түрэмгийлэл” хэмээн тодорхойлж байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден сенатын танхимын тохиролцсон төслийг шуурхай хэлэлцэж, дэмжихийг Конгрессын нийт гишүүдэд уриалжээ. “Хоёр нам үндэсний аюулгүй байдлын асуудлаар тохиролцоонд хүрсэн бөгөөд үүнд сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд гарч байгаагүй хамгийн хатуу, шударга хил хамгааллын шинэчлэлийг багтаасан болно. Би уг тохиролцоог бүрэн дэмжиж байна” гэж тэр мэдэгдсэн юм. Сенат дахь Ардчилсан Намын бүлгийн тэргүүн Чак Шуммер “Хоёр намын бүлгийн энэ тохиролцоо нь Америкийн хилийн чанадад болон хилийн дагуу үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн томоохон алхам юм. Энэ бол Америкийн ирээдүйн хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг хангахын тулд Конгрессын олон хилийн хугацаанд дэвшүүлсэн хамгийн чухал хууль тогтоомжийн нэг байх болно” гэж мэдэгджээ. Сенатын танхим шинэ хуулийн төслийг Лхагва гарагт хэлэлцэж, батлах төлөвлөгөөтэй байгааг тэр мэдээлсэн байна. Гэхдээ Конгрессын аль аль танхимд хил хамгааллын бодлоготой холбоотой маргаан зөрчил их байгаа тул хуулийн төсөл батлагдах үйл явц бэрхшээлтэй тулгарах магадлалтай байгаа. Тухайлбал Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер, Бүгд Найрамдах намын төлөөлөгч Майк Жонсон өчигдөр NBC сувагт ярихдаа Сенатын танхимын тохиролцоонд төлөөлөгчдийн танхим дахь Бүгд Найрамдахчуудын цагаачлалын эсрэг хатуу арга хэмжээ тусгагдаагүйг анхааруулжээ. “Цагаачлалын урсгалыг зогсоох ёстой гэдгийг бид хэлж байгаа” гэж Жонсон энэ үеэр ярьсан байна.   Эх сурвалж: Aljazeera
Манай улсад "Цагаансар" нэртэй 10, "Луу" нэртэй хоёр хүн байна
Хүн ам, өрхийн нээлттэй мэдээллийн санд 2024 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар "Цагаансар" гэсэн нэртэй 10 хүн байна. Цагаан сарын баяртай холбоотой бусад нэрийг сонирхуулахад:     Нэр Тоо Цагаан 395 Хийморь 62 Төгсбуянт 37 Хавар 12 Цагаансар 10 Хадаг 6 Саршинэ 4 Сар 3 Идээ 2 Луу 2 Хөөрөг 1 Айраг 1
ИЗНН-ын дарга Б.Батбаатар: МАН, АН-аас бусад улс төрийн 35 нам нэгдэхийг гуйж байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Иргэний Зориг Ногоон Намын дарга Б.Батбаатар цаг үеийн асуудлаар Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.  Тэрбээр "МАН, АН-аас бусад улс төрийн 35 нам нэгдэхийг гуйж байна. Энэ бол өнөөдөр миний хэвлэлийн хурал хийх гэсэн үндсэн шалтгаан юм. Энэхүү гуйлтыг улс төрийн 35 намд өөрийн биеэр хүргэж өгнө.  Урьд нь багц багцаараа нэгдэж явсан, үр дүн гараагүй. Бид солихоос өөр замгүй болсон. Нэг удаа улс төрийн нам, хувь хүний эрх ашгаа хойш нь тавиад нэгдье. Ийм л шалтгаан бий.  Ингэж чадвал болохгүй зүйл гэж үгүй. 35 нам нэгдэнэ гэдэг төсөөлөгдөж байгаа биз" хэмээн ярив. Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй улс төрийн намууд: 1 Монгол Ардын нам /МАН/ 2 Ардчилсан нам /АН/ 3 Монголын Ногоон нам /МНН/ 4 Иргэний зориг ногоон нам /ИЗНН/ 5 Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/ 6 Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/ 7 Эх Орон нам 8 Монголын Либерал нам /МЛН/ 9 Бүгд найрамдах нам /БНН/ 10 Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам /МЭҮНН/ 11 Монголын Социал Демократ Нам 12 Ард түмний нам /АТН/ 13 Монгол үндэсний ардчилсан нам /МҮАН/ 14 Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 15 Иргэний хөдөлгөөний нам /ИХН/ 16 Хөгжлийн хөтөлбөр нам 17 Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам 18 Хамуг Монголын Хөдөлмөрийн нам /ХМХН/ 19 ХҮН нам /ХҮН/ 20 Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/ 21 Монгол Консерватив нам /МКН/ 22 Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/ 23 Ард түмний хүч нам 24 Монголын хүний төлөө нам 25 Үнэн ба Зөв нам 26 Зон олны нам /ЗОН/ 27 Дэлхийн монголчууд нам (ДМН) 28 Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/ 29 Их эв нам /ИЭН/ 30 Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/ 31 Миний Монгол нам /ММН/ 32 Монгол шинэчлэлт нам /МШН/ 33 Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/ 34 Зүй ёс нам /ЗЁН/ 35 Ардчилал шинэчлэлийн нам 36 Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/ 37 Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам /САИНН/
Х.Нямбаатар: Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд 40,000 иргэн амьдардаг боловч нэг ч сургууль, цэцэрлэг алга
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлтийн талаар НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр мэдээллээ. Тэрбээр сургууль, цэцэрлэгийн барилгын ажилтай газар дээр нь очиж танилцаж байгаа аж. Тус дүүргийн 36 дугаар хороонд Сүмбэр орд хотхоны хойд талд 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль барих 4,002 ам метр газрыг чөлөөлжээ. 26 дугаар хороонд Сэнтури Лэндмарк ХХК-ийн газраас 4,000 ам метр талбайг чөлөөлж 240 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар төлөвлөсөн байна. Хотын дарга Х.Нямбаатар "Баянзүрх дүүрэгт 18 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын жишиг зургаар 960 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй.  Олимп хотхонд баригдаж буй сургуулийн барилгыг гацаасан ААН-д арга хэмжээ авахыг нийслэлийн Барилга, хот байгуулалтын газарт үүрэг болгож байна. Техникийн нөхцөлийг шийдэж өгөхгүй бол тухайн ААН-ийн бүх газрын зөвшөөрлийг цуцална. Олон барилга барьж, ашиг орлого олсон ААН-үүдийн барилгыг худалдаж авсан иргэдэд сургууль, цэцэрлэгийн асуудлыг  шийдэх гэж байна. Кристал таун хотхоноос урагш Цэцэрлэгт хүрээлэн хүртэл нэвт гарцууд гаргана. Тендерийг Баянзүрх дүүрэг зохион байгуулж, хөрөнгийг нийслэл шийдэж өгнө. Тус дүүргийн 26, 36 дугаар хороонд баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийг дуусгах ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна. 157 дугаар сургуулийн барилгыг дуусгах хэрэгтэй. Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд 40,000 иргэн амьдардаг боловч нэг ч сургууль, цэцэрлэг алга. Түгжрэлийн гол шалтгаан нь хүүхдээ зөөх, дэлгүүр хоршоо орох, ажилдаа явах зэргээс болж байна. Сүмбэр орд компанийн эзэмшиж буй газраас 4,002 м.кв газрыг авч, сургууль цэцэрлэг барьж байгааг хэлье. Олимп хотхоны урд талын Сэнтури Лэндмарк компанийн газраас 5,000 м.кв газар авч, цэцэрлэгийн цогцолбор барьж байгуулахаар төлөвлөж байна. Одоо тус компанийнхантай очиж, уулзана. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд сургууль, цэцэрлэг барих газрын асуудлыг шийдэх үедээ танилцуулна" гэв. "Газраа чөлөөлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу шийдвэрлэнэ. "Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны нутаг дэвсгэр шамбаарсан барилгууд буюу бетонон ширэнгэтэй болсон" гэв.
СУДАЛГАА: Гэр хорооллын ахмадуудын 21 хувь нь гэртээ ямар нэгэн байдлаар хүчирхийлэл, дарамт шахалтад байдаг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын захиалгаар Мэргэжлийн социологичдын холбоо ТББ 2022 онд хийж гүйцэтгэсэн "Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй ахмад настны эрх, хамгаалал судалгаа"-ны тайлангаас ахмадуудын ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилттэй холбоотой хэсгийг хүргэж байна.  Судалгаанд хамрагдсан ахмад настнуудын 17.4 хувь нь гэр бүлийнхэн, хамтран амьдрагсадтайгаа байхад сэтгэл санаа тогтворгүй, тааламжгүй байдаг, 3.7 хувь нь түгшүүртэй, байнгын айдаст байдаг гэж хариулсан нь нийслэлийн гэр хорооллын ахмадуудын 21 хувь нь гэртээ ямар нэгэн байдлаар хүчирхийлэл, дарамт шахалтад байдаг болохыг харуулж байна.  Баримт “...Нийт үйлчлүүлэгчдийн найм, есөн хувийг ахмад настнууд эзэлдэг. Ахмад настуудын өртөж байгаа хүчирхийллийн хэлбэр авч үзвэл гэр бүлийн хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийлэл дээр нь эдийн засгийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байна. Сүүлийн үед эд хөрөнгө, эдийн засгийн хүчирхийллийн хэлбэрүүд их бүртгэгдэж байгаа юм. Жишээлбэл, үл хөдлөх хөрөнгө дээрээсээ болж маргаан үүсэх, үр хүүхэд нь эцэг эхийгээ хөөж туугаад гудамжинд гаргах тохиолдлууд байна. Дээр нь эцэг эхийнхээ хөрөнгөнөөс болж асар их дарамталсан тохиолдлууд ирээд байгаа”. Гол мэдээлэгчтэй хийсэн ярилцлага: ХЭҮТ-ийн хөтөлбөрийн менежер “... Биеийн хүчирхийлэл гэхээсээ илүү үл хайхрах хүчирхийлэл маш их байдаг. Жишээлбэл нэг эмээ “эмнэлэг дээр байна, миний нуруу хугарсан гэж байна” гээд хүүхэд рүүгээ залгахад хүүхэд нь “тэгээд би яах юм, завгүй байна” гээд ярьж байсан. Гэр хорооллын тахир дутуу нэг хөгшин тэтгэврээ авах гэж 2 буудлын цаана байдаг банк руу өдөржин явдаг тохиолдол мэднэ. Биеийн хүчирхийлэлд өртөөд байгаа өрөвдөлтэй тохиолдол бас таарч байсан. Тэр хүн маань хүүхэдгүй, хамаатныдаа байдаг. Нүүр амыг нь хөх эрээн болтол нь зодчихсон “энэ хүмүүс намайг зодоод байдаг юм, тэгээд би одоо яг яах ёстой юм бол. Хорооны цагдаа дуудах ёстой юм бол уу” гэдэг. Дараа нь дахиад намайг дуудахад тэр хүн харваад нас барчихсан байсан. Хүүхэд хараад ч гэдэг юм уу эсвэл үл хайхрах, санхүүгийн хүчирхийлэл бол маш их”.. Гол мэдээлэгчтэй хийсэн ярилцлага: Геронтологийн үндэсний төвийн эмч Сэтгэлзүйн, үл хайхрах, биеийн хүчирхийллийн хэлбэрүүдийг хааяа гаргадаг гэж хариулсан оролцогчдоос хэн энэхүү хандлага, үйлдлийг гаргадаг талаар тодруулахад: 42.1 хувь нь эхнэр нөхөр 26.3 хувь нь хүү 21 хувь нь охины зүгээс ийм үйлдэл гаргадаг гэж хариулсан бөгөөд энэ талаар ойр дотнын хүн, хуулийн байгууллага, хорооны нийгмийн ажилтан зэрэг хүмүүст мэдэгдээгүй гэж 72.5 хувь нь хариулжээ.  Харин 27.5 хувь нь цагдаа, хороо, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтанд мэдэгдсэн байна. Хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртсөн гэр хорооллын ахмад настнуудын 27.7 хувь нь өөрийгөө үзэн ядаж, буруутгадаг гэжээ  Сэтгэлзүйн хувьд тогтворгүй, тааламжгүй мэдрэмж авсан буюу хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртсөн гэр хорооллын ахмад настнуудын: 55 хувь нь хүнээс тусламж авахыг хүсдэг 27.7 хувь нь өөрийгөө үзэн ядаж, буруутгадаг, 11 хувь нь маш их айдаг гэж хариулжээ. Нийслэл хотын гэр хороололд амьдрахад ахмад настнуудад амьдрах орчин нөхцөл, дэд бүтэцтэй холбоотой цөөвтөр хүндрэл бэрхшээл үүсдэг байна. Гэр хороололд амьдрахад ахмад настнуудад нохойд уруулах, архидан согтуурал ихтэй дүүргүүдэд согтуу хүмүүст зодуулах, хулгай, дээрэмд өртөх, автобус нийтийн тээвэр хүлээх, худгаас ус зөөх, сайжруулсан түлшээ татах гэх мэт орчны шинжтэй хүндрэлүүд тохиолддог байна. Баримт “... Манай охин дээд боловсролтой, нийслэлийн ЕБС-ийн ... дугаар сургуульд багшийн ажилтай. Миний тэтгэврийн картыг ашигладаг боловч намайг гэрээсээ хөөж, хог түүж траншейгаар амьдрахад хүргэж байсан”. Ганцаарчилсан ярилцлага: СХД-ийн ахмад настан “... Манай хорооны нэг ахмад настан насаараа хөдөлмөрлөсөн, үр хүүхдээ өсгөсөн. Хүүхдүүд нь байгаа хэр нь хайхардаггүй. Өөрийнх нь амьдарч байсан газар дахин төлөвлөлтөд ороход хүүхдүүд нь эрхийг нь нэр дээрээ шилжүүлээд, баригдсан барилгад нь ороод суучихсан байх жишээтэй”. Гол мэдээлэгчтэй хийсэн ярилцлага: БЗД-ийн 12 хорооны нийгмийн ажилтан “... Хүчирхийлэлд өртөж байгаа хэлбэрээр нь харвал сэтгэл санаа болон эдийн засгийн хүчирхийлэл их байна. Эдийн засаг дотроо гол өртөж байгаа зүйл нь тэтгэвэр, тэтгэмжийг өөрсдөө авч хэрэглэхгүй байх явдал. Энэ бол хүчирхийллийн нэг хэлбэр мөн. Манай Монгол шиг ахмадууддаа тэтгэврээр зээл өгдөг улс дэлхийд байдаггүй. Урьд нь социализмын үед зээлийг тэтгэврээр өгдөггүй байсан”. Гол мэдээлэгчтэй хийсэн ярилцлага: МАхХ-ны мэргэжилтэн
"Дондогдулам хатны мэндэлсний 150 жилийн ойд зориулж, Тамгатай төр жүжгийг нийт монголчуудтайгаа хамтарч бүтээхээр зорилоо"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Эе эвтэй монгол бахархалт эхчүүд ТББ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж Дондогдулам хатны мэндэлсний 150 жилийн ой тохиож буй талаар мэдээлэл өглөө. Эе эвтэй монгол бахархалт эхчүүд ТББ-ын төлөөлөл "Олноо өргөгдсөн Богд хаант улсын их дагина Дондогдулам хатны мэндэлсний 150 жилийн ой энэ жил тохиож байгаа. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний хувьсгалын үр дүнд бидний өвөг дээдэс их эзэн Чингис хааныхаа их цаазат төрийг дахин сэргээн мандуулж, хаанаа дахин ширээнд нь залсан үйл явдал болсон. Түүхэн өдрийг түмэн олондоо сурталчлахын тулд Тамгатай төр жүжгийг олон түмэндээ хүргэхийг зорьж байна. Зохиолч, найруулагч С.Баярсайханд энэ тухай хүсэлтээ гаргасан юм. Бид бүхэн 2022 оноос монгол бахархал давлагаа, монгол уламжлалт аргаар эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар нийтийн тээврийн автобус болон гудамж талбайгаар сурталчлан явж байсан. Энэ хугацаанд иргэд 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний түүхэн үйл явдлыг сайн мэдэхгүй нь анзаарагдсан учраас соёл урлагаар дамжуулан түгээхийг зорилоо. Зохиолч, найруулагч С.Баярсайханы Чи яах байсан бэ? хэмээх шилмэл туужийн өгүүллэгт багтсан Төрийн амь туужаас сэдэвлэн Тамгатай төр жүжгийг хийхээр саналаа өгсөн байгаа юм. Тамгатай төр жүжгийн зохиол нь соёл урлагаар дамжуулан мартаж болохгүй түүх, өв соёлоо таниулж, нийгмийг соён гэгээрүүлэх зорилготой. Учир нь монголчуудын үнэн түүхийг гаднын бодлогоор төөрөгдүүлэн бичиж, ярьж нийгмийг төөрөгдүүлэх хандлага буй тул үүнийг засаж, зөв, үнэн түүхийн мэдлэгийг урлагаар дамжуулан түүхэн гавьяатай хүмүүсийн үйлсийг уран сайхны аргаар харуулж, Монголдоо төдийгүй дэлхийд сурталчилна. Одоогоос 113 жилийн өмнөх түүхэн үйл явдлыг сонгосон нь монголчууд бид хамгийн ойрын түүхээ урлагаар дамжуулан зөвөөр танин мэдэж, үр ачдаа үнэнээр нь мэдүүлж, үлдээхэд чухал ач холбогдолтой. Дондогдулам хатны тухай үнэн, зөв ойлголттой болж, эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг мэдрүүлж, монгол хатдын хаан төрдөө уран ухаанаар хэрхэн түшиг тулгуур болж, төр улсаа хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулж байсныг уг уран бүтээлээр харуулахаар санаачиллаа. Тамгатай төр жүжгийг нийт монголчуудтайгаа хамтарч бүтээхээр зорьж, бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна. Хоёрдугаарт төр, шашнаа цэвэрлэхийг уриалж байна" гэв.
Тэйлор Свифт түүхэнд нэрээ мөнхөлж шинэ рекорд тогтоолоо
Эх сурвалж: CNN 66 дахь удаагийн "Grammy awards"-ын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотноо боллоо.  Энэ үдшийн гол хүн бол яах аргагүй Тэйлор Свифт байв. Тэрбээр нийт зургаан төрөлд нэр дэвшиж хоёрт нь ялалт байгууллаа. Түүний "Midnights" цомог эзэндээ хоёр цом авчраад зогсохгүй шинэ рекорд тогтоов.  Нэрт дуучин бүсгүй өмнө нь 2009 онд "Fearless", 2015 онд "1989", 2021 онд "Folklore" цомгоор "Grammy" авснаараа домогт дуучин Фрэнк Синатра, Стив Вондер болон Пол Симон нартай зэрэгцдэг байлаа. Энэ жил дөрөв дэхээ шилдэг цомгийн эзэн болсноор оргилд нь ганцаараа зогсох боллоо. Түүний шагналыг алдарт дуучин Селин Дион гардуулсан нь бас нэг дуулиан болов. Өнгөрсөн жил мэдрэлийн системд нөлөөлдөг ховор төрлийн өвчтэй гэж оношлогдсон канад дуучин түр хугацаанд урлагийн тайзнаасаа хөндийрсөн юм. Тэрбээр өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн баримтат киногоо олонд хүргэхийн сацуу ойрын хугацаанд тайзнаа дахин гарахаар төлөвлөж байгаа аж. Гэнэтийн бэлэг үүгээр дуусахгүй. Тэйлор Свифт ирэх дөрөвдүгээр сард 14 дэх цомгоо гаргах болсноо зарлалаа. Түүний шинэ цомгийн нэр нь "Tortured Poets Department" гэнэ.   Дуучин Бейонсе "Renaissance" цомгоороо шилдэг бүжиг/электрон хөгжмийн цомогт "Grammy" гардаж авснаар бүх цаг үеийн хамгийн олон цомтой дуучин болов. Өдгөө 42 настай дуучин бүсгүй 32 дахь цомоо хүртсэн нь энэ юм.   Эх сурвалж: CNN Энэ үдэш гялалзсан бас нэгэн од бол Майли Сайрус. Шилдэг поп дууны ангилалд "Flowers" бүтээлээрээ анх удаа шагналын тавцанд гарсан дуучин бүсгүй хос цомтой гэртээ харив.   Шилдэг рэп цомог, дуу, үзүүлбэрээр "Grammy" авч бут ниргэсэн рэппэр, нийгмийн зүтгэлтэн Киллер Майк баяраа хэтрүүлэн тэмдэглээд Лос Анжелес хотын цагдаагийн газарт саатуулагджээ.   "Grammy awards"-ын шагнал хүртсэн жагсаалтыг эндээс үзэх боломжтой.   Эх сурвалж: CNN
Машины гаалийн татварыг огцом нэмсэн гэх иргэний гомдол ба ГЕГ-ын тайлбар
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гаалийн байгууллагаас автомашины татварыг үндэслэлгүйгээр нэмлээ хэмээн Солонгос Улсаас Автомашин Нийлүүлэгчдийн Холбоо төрийн бус байгууллагын тэргүүн А.Алтангэрэл өнгөрсөн Баасан гарагт мэдээлэл хийж байв. Тэрбээр өнөөдөр мөн эл асуудлаар Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-т хандлаа. ГЕГ-ын Бүрдүүлэлтийн цахим төв нь энэ оны эхнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Төвийн гол ач холбогдол нь гадаад худалдаа эрхлэгч нар үнэ үнэлгээ хийж буй гаалийн байцаагч нартай нүүр тулж харьцдаггүй, бараандаа дагалдаж ирсэн бичиг баримтаар үнэлүүлж байгаа учир цаг хугацаа хэмнэхээс гадна авлигаас ангид байдал бүрдсэн гэж албаны хүн хэлж байна. Мөн өдөрт дунджаар 5,000 орчим бараа, 1,000 орчим гаалийн мэдүүлэгт бичиг баримтын шалгалт хийхэд 2-4 гомдол маргаан гардаг аж. Үүний нэг нь энэ тохиолдол юм. Иргэн А.Алтангэрэл болон гаалийн байгууллагын холбогдох албаны хүмүүсийн байр суурь, тайлбарыг хүргэж байна. А.Алтангэрэл: 2.8 сая төгрөг төлдөг байсан машин есөн сая төгрөг болчхоод байгаа Иргэн А.Алтангэрэл: Албан тушаалтны хажууд ард иргэд хүчин мөхөстөж байна гэдэг шиг юм болоод байна. Хоёр ижил бичиг баримт бий. Нэг нь урьд өмнө үнэлэгдээд гарч байсан бичиг. Гэтэл нэг хоногийн дотор есөн сая болтлоо нэмэгдсэн үндэслэлийг тайлбарлаад өгч гэж байгаа. Ганц л үнэн юм бий. Авсан үнээ нотолно гэхээр гааль хүлээн зөвшөөрөхгүй байна, илүү үнээр төлүүлэх гээд. Э.Лхагвасүрэн дарга гаалийн үнэ нэмээгүй, интернэтээс шалгаад гарсан үнэ нь энэ гэсэн. Солонгос улсдаа үйлчилгээнд явж байгаа дугаартай, 20-30 мянган ам.долларын автомашиныг татаж гаргаад адил үнэтэй гэнэ. Гэтэл мотор нь эвдрээд, дөрвөн дугуй нь халзарчихсан, сая километр эргэчихсэн, Солонгос улсдаа хэрэглэгдэхээ болилоо дараагийн ээлжид гаргая гэсэн машиныг бид Улаанбаатарт авчирч, иж бүрэн засвар хийдэг. Буурай улс учраас бодит амьдрал нь энэ, нуух хаах зүйлгүй. Энэ хоёрын хооронд зөрүү нь тэнгэр газар шиг байдаг. Тэндээ үйлчилгээнд явж байгаа, дугаартай машинууд их үнэтэй. Харин хасалт хийгдээд буурай улс руу гарч байгаа машинууд нь хямд. ГЕГ-ын дарга нартай уулзаад бүх процессын бичлэгээ үзүүлээд их сайхан явж байлаа. Гэтэл эрхэм ноён Э.Лхагвасүрэн дарга ирснээс болоод хоёрхон хоногт нэмэгдсэн. 2.8 сая төгрөг төлдөг байсан машин есөн сая төгрөг болчхоод байгаа. Энэ бол машин зөөж байгаа хүмүүс бага татвар төлөх гээд байгаа хэрэг биш. Төлөх юмаа төлөлгүй яах вэ, хуулийн дагуу төлсөөр ч ирсэн. Сая төгрөг нэмэгдсэн байсан бол уялдуулан тооцох үнийн хоёрдугаар аргаа хэрэглэсэн байх гэдэг байлаа. Одоо бол шууд зургаадугаар аргаа хэрэглэж байна. Албан тушаалтнууд дарамталж байгаагийн хэлбэр. Цахим болсон нь амар боллоо гэж бодтол хүч түрэн татвар төлүүлж байна. Замын-Үүдээр хөлөөрөө орж ирсэн машинууд Монгол Улсын хил дээр зогсож байдаг байсан бол машинаар ачдаг болсон. Тэр нь өдрийн 350 ам.доллар. Тэгээд зориуд гацаадаг. Төлөхгүй байя гэхээр нэг машин дээр өдрийн л 350 ам.доллар бодогддог. Одоо бид өндөр үнээр нь татвараа төлж аваад, чиргүүлээ салгасны дараа хууль журмынх нь дагуу шүүхээр явъя гэж байгаа. Ч.Тамир: Мэдүүлсэн үнэ нь хэт бага байгаа учраас хянан шалгаж байна ГЕГ-ын Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга Э.Лхагвасүрэн: Солонгос улсаас бараа бүтээгдэхүүн импортлогч холбооны гомдол гарсан. Хоёр автобус, нэг экскаваторынх. Намайг очсоноор үнэ нэмсэн асуудал яриад байгаа ч тийм зүйл байхгүй. Хамгийн эхэнд бичиг баримтыг гаалийн улсын байцаагч нягталж үздэг. Бичиг баримтыг нь нягтлаад мэдүүлсэн үнээр явах уу, дараа дараагийн үнээр явж татварыг нэмэгдүүлэх үү гэх асуудал гарч ирнэ. Гаалийн улсын байцаагч шийдвэрээ гаргахдаа энэ хүний мэдүүлсэн үнээр явах боломжгүй, дагалдах бичиг баримт хоорондоо зөрсөн, уялдаагүй гэж үзсэн. Дараа нь энэ байгууллага, хувь хүн нь үнээ зөвшөөрөхгүй бол Гомдол маргаан шийдвэрлэх нэгжид ханддаг. Уг нэгж шалгаад өмнө нь тавьсан гаалийн улсын байцаагчийн дүгнэлтийг баталсан. ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамир: Гаалийн байгууллага хүчээр төлүүлж байна, гаалийн хяналт шалгалт хүч түрэмгийлдэг болчихсон юм уу гэж байгаа нь үндэслэлгүй. Хяналт шалгалт нь үргэлжилж байна. Ямар ч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн ачаа барааг импортоор улсын хилээр оруулахдаа татварын тооцоололд гомдол гаргаж болно. Энэ тохиолдолд ГЕГ-т хандах ёстой. Холбооны тэргүүнд ч гомдлоо гарга гэж хэлсэн байгаа. Тухайн бараатай холбоотой үнэ үнэлгээг хийсэн гаалийн улсын байцаагч өөрөө шийдвэрээ гаргадаг. Шийдвэрийг нь иргэн, аж ахуйн нэгж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд дээд шатны байгууллагад нь хандах зохицуулалттай. Иргэний гомдлыг бид хянан нягтална. Гэхдээ нэг зүйлийг бодох ёстой. 2024 он гараад ердөө нэг сар болж байна. 2015 онд үйлдвэрлэгдсэн 45 хүний суудалтай, том оврын, нийтийн зориулалттай тээврийн хэрэгслийг 15 сая төгрөг буюу 5,000 орчим ам.доллароор худалдаж авсан гээд гаальд мэдүүлээд байгаа. Гаалийн байгууллага иж бүрэн судалгаа хийдэг. Судалгааныхаа үнэтэй харьцуулж үзэхээр энэ байгууллагын гомдол гаргасан автомашины хувьд хэт бага үнэтэй буюу луйврын шинжтэй байж болзошгүй гэж үзэн үнийн хяналтыг хэрэгжүүлж байгаа.
С.Төмөрдулам: Дэлбэрэлтийн улмаас галд өртсөн байрны гадна талын шугам сүлжээ гэмтэлгүй гэсэн дүгнэлт гарсан
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гал түймэрт өртсөн барилгуудыг цаашид ашиглах боломжтой эсэх талаарх дүгнэлтийг Хотын Стандарт, Хяналтын Газраас урьдчилсан байдлаар танилцуулж, мэдээлэл өгөв. Галд “Edu аппартмент” хотхоны орон сууцнууд өртөж, шатсан харамсалтай явдал болоод буй. Хотын Стандарт, Хяналтын Газрын дарга С.Төмөрдулам "Ажлын хэсэг эхний 10 хоногт барилга байгууламжийн төлөв байдал, ШТС-д тавигдах хяналт шалгалтыг хийлээ. БХБЯ-ны 47 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг.  Усан хангамж, дулаан, цахилгаан, барилгад ашигласан материал зэрэг найман төрлийн үзлэг хийгдэж, дууссан. Дээж авах, хэмжилт хийх, хэргийн газрын үзлэг дууссан. Галд өртсөн таван объектын дүгнэлт гарна. Эхний байдлаар 207 дугаар байрны нэгдүгээр давхарт 3, 2-5 давхарт 20, 6-12 давхарт 35 нийт 58 айл төлөвлөгдсөн. Техникийн давхартаа 2018 оноос нэмэлтээр дөрвөн айл төлөвлөөд явж байгаа. Зураг төсөлгүй, үндсэн барилгын хийцлэлээс өөр материалаар хийсэн, сургууль, цэцэрлэгийн барилгатай хүзүүвчээр холбосныг тогтоосон. 207, 208 дугаар байр 2015 оны зургаар 2017 онд улсын комисст орсон. Гэхдээ уг хоёр барилга өөр өөр газар дээр баригдсан боловч нэг комиссын дүгнэлт гарсан байна. 207 дугаар байранд 58, 208 дугаар байранд 37 айл, нэмэлт давхарт дөрвөн айл төлөвлөгдсөн. 207 дугаар байрны зүүн хойд хэсгийн гадна хөөсөнцөр фасад галд өртөж, техникийн давхрын зүүн талын барилга бүрэн шатсан. 830 дугаар байр 2015-2016 онд баригдаж ашиглалтад оржээ. 830 дугаар байрны хувьд гадна гоёлын хийц бүхий багана дэлбэрэлтийн улмаас шидэгдсэн ёмкостод цохигдож, эвдэрсэн. Барилгын дотор ус болон дулаан хангамжийн шугам сүлжээнүүд бүрэн гэмтсэнийг солихоос өөр аргагүй. Гадна талын шугам сүлжээ гэмтэлгүй гэсэн дүгнэлт гарсан. 830 дугаар байрны 85 айлын цонх хагарсан. Хоёр болон гуравдугаар орцын 1-6 дугаар давхрын айлуудын цонхыг бүрэн шиллээд дууссан байна. Үүнээс дээш давхрынхыг сольж байна. Гадна фасадын материал галд өртдөг хөөсөнцрөөр хийгдсэн. Чулуун хавтангаар фасад шатаагүй, бусад ашигласан материал бүрэн шатсан. Техникийн давхрын цахилгааны самбар, тэжээл, кабель, цахилгаан шат бүрэн шатсан. Дүгнэлтүүд удахгүй гарна. Одоо хохирлын хэмжээ, сэргээн засварлах төсөвт өртөг, зардлыг тооцох ажлуудыг Барилгын Хөгжлийн Төвөөс гуравдугаар сарын 1-ний байдлаар гаргах ёстой. Барилгын чанар, аюулгүй байдлын дүгнэлт, дээж, сорьц гарсны дараа БХБЯ-ны улсын байцаагчийн дүгнэлтүүд гарч, гуравдугаар сарын 15-нд нэгдсэн дүгнэлт, хохирлын тооцоо гарна" хэмээн танилцууллаа.
Дэйрдрэ Лингенфэлдер: “Оюу толгой" компанийн борлуулалт 2023 онд есөн хувиар өссөн
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав “Оюу толгой” ХХК 2023 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцууллаа. Тус улирлын байдлаар  168,094 тонн баяжмал дахь зэс  177,312 унц баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь зорилтоо давсан үзүүлэлт болсон аж.  Тус компанийн 2023 оны борлуулалтын орлого 118 хувийн гүйцэтгэлтэй буюу 5.6 их наяд төгрөг болсон байна. Ингэхдээ борлуулсан зэсийн баяжмалын тоо хэмжээ өндөр байжээ. 2023 онд ил уурхайгаас 90, гүний уурхайгаас 9 гаруй хувийн хүдэр нийлүүлжээ. Энэ жил гүний уурхайгаас нийлүүлэх хүдэр 17 хувь хүртэл өсөх төлөвлөгөөтэй байгаа юм байна.  Түүнчлэн гүний уурхайн олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд тус улиралд 14 хүдэр буулгуурыг тэсэлж, панел тэг олборлолтын түвшний нийт хүдэр буулгуурын тоо 86 болжээ. Ингэснээр тус компани 2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500,000 тоннд хүргэх зорилтод хүрэхийн төлөө гүний уурхайг аюулгүйгээр ахиулан ажиллахаа онцлов. "Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж байгаа ба 2023 оны дөрөвдүгээр улирлын эцэст 88 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү туузан дамжуургыг 2024 оны хоёрдугаар хагаст ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжлэн, 2024 оны дөрөвдүгээр улирлаас 2025 оны хоёрдугаар улирал хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулж дуусгах төлөвтэй байгаа" гэдгийг нэмж хэллээ.  "Энэ жил хууль бус олборлолтын улмаас сүйдсэн 187 га газар түүний дотор Дархан-Уул аймгийн Шарын гол суманд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөн ажиллаж байна" Танилцуулгын үеэр “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер "2023 оныг бид борлуулалтаа есөн хувь өсгөсөн амжилттайгаар үдсэн. Өнгөрсөн жил бид Сэлэнгэ аймгийн Ерөө суманд эвдэгдэж, хөндөгдсөн 400 орчим га газарт нөхөн сэргээлт хийсэн. Энэ жил байгаль орчноо хамгаалах чиглэлийн хүрээнд хууль бус олборлолтын улмаас сүйдсэн 187 га газар түүний дотор Дархан-Уул аймгийн Шарын гол суманд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Луу жилдээ та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе" хэмээн хэлэв.    Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Уурхайн үйлдвэрлэлийн мэдээлэл: 2023 оны дөрөвдүгээр улиралд хийсэн баяжуулах үйлдвэрийн засвар болон хүдрийн дундаж агуулга 0.53 хувийн өндөр байсан зэргээс хамаарч тус улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 26 хувиар өссөн. Энэ улиралд 1.59 хувийн зэсийн дундаж агуулгатай 0.9 сая тонн хүдрийг гүний уурхайгаас, 0.42 хувийн зэсийн дундаж агуулгатай 8.7 сая тонн хүдрийг ил уурхайгаас тус тус олборлон боловсруулсан. Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг ахиулж, 12 дугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 923 болон 1,013 метрт хүргэлээ. Агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 1,130 болон 1,176 метрт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дээрх хоёр босоо амыг 2024 оны хоёрдугаар хагаст ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвтэй байна. Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг гүйцээн дуусгах шаардлагыг хангахад ойртсон.  Үйлдвэрлэлийн тайлан: Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.20-с бага байлгах зорилгоо биелүүллээ. Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 шоо метр ашигладаг бол Оюу толгой нь нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 шоо метрээс бага (2023 оны 4-р улиралд 0.31 шоо метр ус ашигласан) ус ашигладаг, усыг хэмнэлттэй ашигладаг зэсийн уурхайнуудын нэг юм. Нийт ажилтны 97.2 хувийг монголчууд, мөн “Оюу толгой” компанийн нийт ажилтнуудын 23.3 хувийг эмэгтэй ажилтнууд тус тус эзэлж байна. Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 10.3 их наяд төгрөг буюу 4.3 тэрбум ам.долларыг татвар, хураамж хэлбэрээр төлжээ. Үүнд үндэсний ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана. Дөрөвдүгээр улирлын байдлаар 969 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 700 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 89 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ. Хүснэгт. “Оюу толгой” уурхайн үйлдвэрлэлийн мэдээлэл /Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов/   2022 оны 2-р улирал 2022 оны 3-р улирал 2022 оны 4-р улирал 2023 оны 1-р улирал 2023 оны 2-р улирал 2022 оны хагас жил 2023 оны хагас жил 2023 оны 3-р улирал 2022 оны 4-р улирал 2023 оны 4-р улирал Боловсруулсан нийт хүдэр (‘000 тонноор) 9,685.34 10,685.00 9,410.53 10,287.58 9,708.84 19,265.89 19,996.42 29,685.23 39,361.42 39,287.70 Ил уурхайн боловсруулсан хүдэр (‘000 тонноор) 9,224.90 10,140.72 8,900.21 9,612.80 8,808.56 18,544.88 18,421.37 27,210.08 37,585.81 35,924.21 Гүний уурхайн боловсруулсан хүдэр (‘000 тонноор) 460.45 544.28 510.32 674.77 900.28 721.02 1,575.05 2,475.15 1,775.61 3,363.48 Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (дундаж):                     Зэс (%) 0.4 0.42 0.45 0.49 0.52 0.4 0.51 0.51 0.42 0.51 Алт (г/у) 0.26 0.22 0.21 0.22 0.21 0.29 0.21 0.23 0.25 0.23 Мөнгө (г/у) 1.15 1.32 1.21 1.3 1.34 1.2 1.32 1.36 1.24 1.38 Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (ОТ):                     Зэс (%) 0.39 0.4 0.41 0.43 0.41 0.39 0.42 0.41 0.4 0.41 Алт (г/у) 0.26 0.22 0.2 0.21 0.19 0.29 0.2 0.22 0.25 0.22 Мөнгө (г/у) 1.12 1.28 1.14 1.16 1.1 1.19 1.13 1.15 1.2 1.17 Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (Гүний уурхай):                     Зэс (%) 0.56 0.82 1.03 1.36 1.56 0.51 1.47 1.57 0.75 1.57 Алт (г/у) 0.24 0.22 0.29 0.35 0.38 0.22 0.36 0.37 0.24 0.37 Мөнгө (г/у) 1.73 2.16 2.54 3.26 3.67 1.48 3.49 3.66 2 3.59 Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал(‘000 тонноор) 146.04 173.58 151.94 201.76 200.26 290.29 402.02 599.67 615.81 795.67 Баяжмалын дундаж агуулга (% Зэс) 20.92 20.9 21.29 21.1 21.39 20.96 21.24 21.25 21.02 21.13 Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:                     Зэс (‘000 тонноор) 30.56 36.28 32.34 42.58 42.83 60.85 85.4 127.42 129.47 168.09 Алт (‘000 унцаар) 47.63 42.72 34.22 44.07 40.35 106.85 84.42 135.65 183.79 177.31 Мөнгө (‘000 унцаар) 201.29 255.64 203.57 266.15 267.51 411.92 533.66 820.22 871.13 1,086.23 Борлуулсан баяжмал дахь металлууд:                     Зэс (‘000 тонноор) 35.27 41.85 25.28 41.38 43.24 65.2 84.62 127.35 129.5 165.72 Алт (‘000 унцаар) 67.91 56.04 26.18 43.96 40.41 125.27 84.37 133.09 183.8 174.59 Мөнгө (‘000 унцаар) 223.63 281.53 151.69 241.51 257.5 402.9 499.01 768.14 871 1,007.72 Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор) 25,550.05 26,101.90 21,314.94 21,906.04 23,367.00 49,936.14 45,273.04 69,381.82 94,872.93 93,419.43 Борлуулсан баяжмал 175.3 211.08 126.71 205.64 215.09 323.65 420.73 629.17 661.4 823.18 Металл авалт (%)                     Зэс 81.36 80.9 79.93 82.45 83.19 79.77 83.85 83.55 80.01 82.76 Алт 59.14 56.63 56.1 59.27 60.54 59.35 61.52 61.37 58.19 60.47 Мөнгө 57.84 57.04 56.3 61.2 62.11 56.01 62.91 62.8 56.39 62.04 ВИДЕО:  https://www.facebook.com/100064382633728/videos/343913381949898
Х.Алтанхуяг: АН-ын дарга Л.Гантөмөр МАН-д бүр хайраа илчилсэн
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Ардчилсан Нам (АН) гишүүд намын дарга Л.Гантөмөрт хилийн хориг тавьж өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Энэ талаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат хэлэхдээ ”АН-ыг гэмт хэрэгтэй, хувийн ашиг сонирхолтой холбоотой хүн удирдаж байна. Аравдугаар сараас хойш бид өргөдлөө өгөөд огцор гэж шаардсан боловч өгөөгүй. МАН-ын даргатай л зургаа авхуулдаг болсон. Гишүүддээ олдохоо больсон. Сөрөг байр сууриа илэрхийлмээр байхад Л.Гантөмөр хориглодог. Боловсролын зээлийн сангийн асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа. Хөгжлийн Банкны хэрэгтэй ч холбогдсон. МАН-д барьцаалагдсан хүнийг АН-ын даргаар ажиллуулахгүй гэж гишүүд өнөөдрөөс хүчтэй тэмцэнэ. Өнөөдөр Ардчилсан Намын дарга Л.Гантөмөрт хилийн хориг тавьж өгөхийг хүссэн бичгийг 14:00 цагт Авлигатай Тэмцэх Газарт өгнө. Энэ хүнийг буулгаж байж Ардчилсан Нам сонгуульд орох ёстой гэж бүх гишүүддээ уриалж байна" гэв.    Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав АН-ын Дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг “Л.Гантөмөр АН-ын дарга болсноосоо хойш гурван удаа хэвлэлийн өмнө гарч ирсэн байдаг. Намын дарга болчхоод “Баярлалаа” гэдгээ хэлэхийн тулд МАН-ы даргатай тэврэлдсэн. Сонгуулийн хуулийг хамтдаа хийлээ гэж тэврэлдсэн. Саяхан хэвлэлд гарч МАН-д бүр хайраа илчилсэн. Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлөөс шийдвэр гараагүй байхад МАН-ын даргатай удаа дараа тэврэлдлээ. Л.Гантөмөр гарснаас хойш намын ретинг унаад өнөөдөр 15 хувьтай байна. 2016, 2020 онд  яг ийм 15-17 хувьтайгаар ес, арван суудал авсан. Өнөөдөр энэ байдал дахин давтагдах гэж байна.  Хоёрдугаарт АН-ын удирдлагууд жагсаалтыг зарж байгаа ноцтой мэдээг Уянга хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Тэр жагсаалтад цэвэр ариун залуучууд орж болдоггүй юм уу" гэлээ.
Д.Мөнхбат: Олны итгэл, хүндэтгэлийг хүлээнэ гэдэг маш том хариуцлага
Аймгийн шилдэг фермер Д.Мөнхбат Хуучнаар Түшээт хан аймгийн Илдэн гүний хошуу болох одоогийн Төв аймгийн Баянчандмань сум нь 1936 онд байгуулагдаж байсан. Төв аймгийн сумд дундаас хамгийн бага газар нутгийн хэмжээтэй ч, хүн амын нягтаршлаараа хамгийн их гэдгээрээ онцлог нутаг. Одоо 1180 өрхийн 4000 гаруй хүн амтай энэ газарт сумынхаа ихэнх малчдыг хоршоондоо нэгтгэж чадсан Илт оргил хоршооны дарга Д.Мөнхбатын тухай буусан сэтгэлийн үгээ чадан ядан тэрлэе. Эгэл гэдэг үгийг “Монгол хэлний их тайлбар толь”-д эгэл жирийн гэсэн утгатай үг ажээ. Тэгэхээр хүний тухайд бол энгийн иргэнийг хэлж байна гэсэн үг. Хүн төрөлхтний амьдрал гэдэг эгэл жирийн хүмүүсийн хийж бүтээснээс эхэлдэг санагдана. Жирийн гэхэд дэндүү энэ эрхэм хүнийг зорин очиход өвлийн жиндүүхэн өдөр таарлаа. Арга ч үгүй байлгүй дээ. Балчир гурван ес шударч идэр гурван ес эхэлж байгаа цаг үе юм хойно доо. Яг энэ үед бид утаа, түгжрэл, уур унтуутайхан нийслэлээсээ гарч Төв аймгийн Баянчандмань сумыг зорьсон юм. Тэнд сумандаа төдийгүй улсдаа томоохонд тооцогдох сүү бэлтгэлийн хоршоо нээж, амжилттай ажиллуулж буй эрхэм хүн байгааг сонссон учир нь түүнтэй уулзахыг хичээн явлаа. Өглөөгүүр хөдөлсөн бид замын бартаа, хүйтэн, дээр нь машины саатлаас болж зорьсон газраа үдэш хүрлээ.  Гэрийнхээ хойморт ханхайн суух хүн бол бидний зорьсон эзэн Д.Мөнхбат, биднийг тухтай зочлохыг урин инээмсэглэх эзэгтэйг Т.Урантогос гэнэ. Тэд хоёул энэ нутгийн уугуул хүмүүс. Нэгэн зууны талд нь амьдрахдаа амьдралын төлөө хийж үзээгүй зүйл үгүй энэ эрхэм хүнийг Дэчинлхүндэвийн Мөнхбат гэдэг. Тэрбээр 1970 онд Төв аймгийн Баянчандмань суманд төржээ. Бага насаа эцэг эхийн гар дээр нутагтаа 8 жилийн сургуулийг дүүргэн, бусдын нэгэн адил бага насаа  мал маллаж өнгөрүүлсэн байна. Эцэг эхээс өвлөсөн гэх үү, сурсан гэх үү мал маллагааны арга ухаан гэдэг бол Монгол өв уламжлалын нэг цогц ухагдахуун юм шүү. Би энэ амьдралын төлөө олон ажил хийж үзсэн ч эргээд бүгд л мал маллагааны ухаантай ямар нэгэн байдлаар холбогдож байсан. Ингээд бодохоор зөв хүнийг заяа түшдэг юм гэлээ. Их л сэтгэлд дулаахан, үнэн үг санагдана.   Бид оройтож очсон ч “Шөнөд оройгүй, шөлөнд дээжгүй” гэдэгчлэн тухлан сууж, уртхан яриа өрнүүлж чадлаа. Д.Мөнхбат ахыг сонсох төдийд л ямар ажил хичээнгүй хүн бэ гэдгээр нь эрхгүй бахархаж байлаа. Нутаг орондоо дэндүү элгэмсэг, амьдралдаа таарсан бүхний хар бараануудаас суралцаж, цагаанаас нь ярих дуртай гэнэ. Маш цөөн үгээр хэлэхэд ихэд тохитой нэгэн аж. Тэрбээр өөрийгөө тодорхойлж хэлэхдээ бага балчир насандаа мал маллаж байгаад л 19888-1990 оны хооронд цэргийн алба хааж ирээд их л том хүн болсон санагдаж билээ. Тэгээд л малын бөгс дагахгүй гээд л нутагтаа 1990-1993 хооронд махны ченж хийж байгаад олны хөлийг дагаж Улаанбаатар хот ороод тэндээ энэ чиглэлээрээ 2009 он хүртэл ажилласан байна. Энэ дундаа эхнэр Т.Урантогостой танилцаж ханилаад 3 хүүхдийн ээж аав болсон байна. Ингээд өнөр өтгөн болж ам бүл нэмээд 2010 онд нутагтаа эргэн суурьшжээ. Одоо бодоход малын бөгс дагахгүй гэж их том толгойлж байж шүү. Мал гэдэг ямар их өгөөжтэй, ямар их буян хишгээ өгсөн сайхан амьтан билээ дээ. Тэр үед нас ч залуу байж, бас ардчилсан нийгэм гарсан гээд зах зээл хүртэл их өөрчлөгдөж байсан. Эргээд нутагтаа ирээд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр гэр бүлээрээ хичээн ажиллаж байна даа 88  жилийн түүхтэй энэ сайхан нутгийнхаа малчин бүрийг хоршоондоо нэгтгэж, өрхийн амьжиргааг нь нэмэгдүүлэх юм сан гэж хүсдэг дээ.  Хүн байгаа газар хоол байна. Хоол байгаа цагт хүнсний салбар ажиллуулах нь зүгээр гэдгийг би ойлгосон. Монгол хүний үндсэн 3 хэрэглээ гурил, мах, сүү. Ингэж бодохоор хүүхэд наснаас өвлөсөн малч ухаанаа эрчимжсэн мал аж ахуйн салбарт оруулбал би илүү их ашигтай ажиллаж чадна гэж бодоод энэ салбар луу орсон гэнэ. Өвөө эмээ, ээж аавын малын үр төл “Буган халиун” үүлдрийн малаа өсгөн үржүүлж байна гэлээ. Тэрбээр зөвхөн өөрийнхөө төлөө ажилласангүй. Бусад малчин фермерүүдийнхээ өрхийн орлого нэмэгдүүлэхээр зориг шулуудан 2021 оны 01 сард Ар гүнтэд анхны сүү бэлтгэлийн хоршоо нээж байгаа талаар сонсоод очиж үзээд тэр жилийнхээ 6 сард шаваа тавьж 7 сарын нэгнээс Илт оргил нэрт хоршоогоо нээж байсан тийм л шаргуу хөдөлмөрч нэгэн. Илт оргил сүү бэлтгэлийн хоршоо анх эхлэхдээ 50 гаруй айлтай эхэлсэн бол одоо 120 айлыг хоршоондоо нэгтгэж чаджээ. Нутагтаа эргэн ирж эрчимжсэн мал аж ахуй эрхэлснээс хойш Сүүний үйлдвэртэй тасралтгүй хамтран ажилласан гэнэ. 2021 онд Илт оргил хоршоогоо нээснээс хойш өдгөө нийт 2.5 сая литр сүүг бэлтгэн нийлүүлсэн байна. Хоршооны гишүүн бүрийнх нь эрүүл чанартай сүү, сүүний үйлдвэрт очиж нийслэлийн хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг ханган дэлгүүр бүрийн лангуун дээр очсон байхыг харах хамгийн том бахархал хэмээн сууна. Тэрбээр 88 жилийн түүхтэй энэ сайхан нутгийнхаа малчин бүрийг хоршоондоо нэгтгэж, өрхийн амьжиргааг нь нэмэгдүүлэх юм сан гэсэн цагаахан хүсэлтэй. Хэцүү бэрхшээл бүхнийг инээмсэглэн хүлээн авдаг минь өнөөдрийн энэ амжилтад хөтөлсөн гэдэгт би итгэдэг Хүмүүс ахлаад ажиллана гэдэг ганцаараа ажиллахаас ондоо би л тэдэндээ мал маллах, сүү бэлтгэх, идэш тэжээлээ бэлтгэхэд нь үлгэр дуурайлал болох ёстой болохоор тасралтгүй ажилладаг Д.Мөнхбат ах малын гол хэрэглээ болох бэлчээрийн даац хэтэрсэн тал дээр ихэд санаа зовнидог. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн хувьд өвөл зунгүй тээж байж ашиг шимээ өндөр өгдөг тул өөрөөрөө бэлчээрлэх боломжгүй. Одоо хоршоонд маань сүүгээ өгч байгаа өрх бүр бүгд л бэлчээр ашиглалт хамгийн том асуудал. Бид газар олддог бол газар дээрээ хоршоогоо хамтран идэш тэжээлээ бэлтгэвэл сайхан даа гэж санаашран ярина. Үүний дараа айл бүрийнхээ саалийн үхрийг чанаржуулаад авбал манай хоршоо болоод ирэх нь тэр. Бид ч бас хамтаараа сумынхаа урлагийн үзлэгт оролцон, бас хамт олноор сайн дурын ажил хийх, шинэ жил гэх мэт баяр ёслолоо хамтдаа тэмдэглэдэг сайхан уламжлалтай. Төв аймгийн сүүн баярт 2 жил дараалан шилдэг сум боллоо. Өнгөрсөн жил шилдэг бух, шилдэг саальчин болсон арвин амжилттай оролцсон. Ингээд харахаар ганцаараа бүхнийг хийснээс олуулаа байхын ашиг шим хэмээлээ. 4 ханатай гэрт айлын хашаанд эхлүүлж байсан бүхэн маань өнөөдөр өөрийн гэсэн хашаа байшинтай, эрчимжсэн фермтэй, техник технологитой болсон байгаа нь энэ малын буян, хамтын хүч, бидний үргэлж дэмждэг Сүү ХК-ийн минь дэмжлэг гэж хардаг хэмээсэн энэ эрхэм хүний ажил хөдөлмөрч занг улс даяар мэдэхгүй ч, олон хүнд тус дэм нь очсон байна. Ямар ч хэцүү асуудлыг инээмсэглэн хүлээн авдаг минь, өнөөдрийн амжилтыг авчирсан гэдэгт би итгэдэг гэсэн Д.Мөнхбат ахын хэлсэн сайхан үгээр энэ удаагийн нийтлэлээ жаргаая.   Нийтлэл бичсэн: С.Ука
Мөрдөгч нар санаатай нэгдэж, бүлэглэн эрүү шүүлт тулгасан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Авлигатай Тэмцэх Газрын/АТГ/ Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 834 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт таван хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 816 хэрэг шалгагдаж байгаа аж. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хоёр мөрдөгчийн мэдэгдлийг холбогдох байгууллагад хүргүүлсэн байна. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал: “С” нь Сонгинохайрхан дүүргийн ...-р цэцэрлэгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд хахууль авсан гэх; “А” нь Улаанбаатар хот дахь гаалийн газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх; “Б” нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх; “Ё”, “Д”, “М”, “Б” нар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн эрүү шүүлт тулгасан гэх; БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын албан тушаалтан “Б”, “Ж” нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт хохирол учруулсан гэх. Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.   Эх сурвалж: АТГ
"ЭЗХЯ сонгуульд нэр дэвших горилогчдоо танилцуулах шоуны форум зохиосон нь харамсалтай байна"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд орон нутгийн нөхцөл байдал болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын хамаарал бүхий асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Бүсчилсэн хөгжлийн эдийн засгийн форумд Увс аймгийн ирээдүй, цаашид хэрхэн ажиллах талаар танилцуулга хийх бэлтгэлтэй ирсэн боловч тухайн үйл ажиллагааг зохион байгуулсан Эдийн Засаг, Хөгжлийн Яам (ЭЗХЯ) ялгаварлан гадуурхсанд харамсалтай байна. Завхан, Ховд, Баян-Өлгий аймгуудын хөгжлийн бодлогыг зассан тайзан дээрээс сонслоо. Харин Увс, Говь-Алтай аймгуудын удирдлагууд 30, 30 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн хэдий ч бидний мэдээллийг авсангүй.  2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Увс аймагт аль ч улс төрийн хүчин олонх болоогүй. ЭЗХЯ сонгуульд нэр дэвшиж орж байгаа горилогчдоо ард иргэдэд танилцуулах сонгуулийн шоуны форум зохиосон нь харамсалтай байна" гэв.  Тэрбээр өнгөрсөн хугацаанд Увс аймагт гарсан өөрчлөлтүүдээс дараах зүйлсийг онцлов.  Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 192.7 тэрбум болгож өмнөх оноосоо 19.2 хувиар нэмэгдүүлсэн.  Улсын төсвийн орлогыг давуулан биелүүлж ажиллаа. Хувийн хэвшлээр ажил хийлгэх боломжоор хангасны хүчинд нэлээд том бүтээн байгуулалт буюу 570 айлын орон сууц, хоёр том худалдааны төвийг барьж байгуулсан байна.  Увс аймгийн бизнес эрхлэгч, ард иргэдийн хадгаламж 22 тэрбумаар нэмэгдсэн.  Үргэлжлүүлэн тэрбээр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд хандаж байгаа талаар "ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар монгол хүн мөн юм уу биш юм уу. Увс аймгийн ард түмний сонголтоор 16 жил монгол төрийн бүх том албан тушаалд томилогдлоо.  Энэ хугацаанд Увс аймагт ганц үйлдвэрийн шав тавьсангүй. Гадаадын хөрөнгө оруулалтын хууль нэрийн дор орж ирж Монгол Улсын нутаг дэвсгэрийг гаднын хүмүүст найр тавин өгөх бусармаг үйл ажиллагаа хийж байгаа учраас миний хувьд эсэргүүцэж байгаа тул Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд хандаж байна" гэв.
"Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулан өгчээ
“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст Монгол Улсын Ерөнхийлөгч амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа. Тэрбээр “Олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарна” гэдгийг захив. Мөн дэлхийн боловсрол эзэмшиж, хүн төрөлхтний оюун санаа, шинжлэх ухааны охь шимээс суралцаж, цаашид улс эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагч нар гэдгийг хэллээ. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 516 тэтгэлгийн эзэн хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрийнхөө үр дүнгээр анхны даваагаа амжилттай давж, АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Лаос, Вьетнам зэрэг 16 улсын их, дээд сургуульд элсэн суралцаж байна. Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.     Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
12 настай охины амь насыг хохироосон этгээдэд холбогдох хэргийг мөрдөж дуусжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өнгөрсөн оны аравдугаар сард Дорноговь аймгийн Сайншанд суманд хичээлдээ явахаар гэрээсээ гарсан 12 настай охин амь насаа алдсан харамсалтай явдал болсон. Мөрдөн байцаах албанаас уг хэргийг үйлдсэн Г гэгчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. ЦЕГ-аас мэдээлснээр мөрдөн байцаах албанаас иргэн Г 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан хүн хулгайлсан, улмаар 2023 оны аравдугаар сарын 4-ний өдөр онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж амь насыг нь хохироожээ. Г-д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хэсгийн 2.4, мөн хэсгийн 2.7, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ. Эрүүгийн хуулиас: 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах 1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.1.онц харгис хэрцгийгээр 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж 12.1 дүгээр зүйл.Хүчиндэх 4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ. 13.2 дугаар зүйл.Хүн хулгайлах 1.Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж зэрэг зүйл ангиар хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.   Эх сурвалж: ЦЕГ
Өмнөговийн иргэд: Орон нутгийн төсвөө хянадаг болохыг бусад аймгийн залуучуудад уриалж байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав "Залуучууд ирээдүйгээ хамгаална" сэдвээр Өмнөговь аймгийн залуучууд орон нутагт нүүрлээд буй газар, тендер, нүүрсний асуудлаар иргэдэд мэдээлэл өглөө. Энэ талаар Өмнөговь аймгийн иргэн, багш мэргэжилтэй н.Түвшинбаяр "Манай аймаг улсын төсөвт голлох үүрэг гүйцэтгэдэг. Уул уурхайн томоохон компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Сарын өмнө болсон нүүрсний сонсголын үеэр олон асуудал хөндөгдсөн.  Аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч (ИХТ)-өөр ажилладаг 13 хүн хамтарсан компани байгуулж нүүрс тээврийн ажил хийсэн гэх мэт энэ аймагт удирдлагууд байна уу гэж бодогдмоор олон зүйл болсон. Энэ талаар манай аймгийн залуус байр сууриа илэрхийлэх нь зөв гэж шийдсэн. Ийм асуудал зөвхөн нэг аймагт ч бус бусад 20 аймагт ч бий. Тиймээс энэ талаар хэвлэлийнхэнд хандах нь зөв гэж бодсон хэрэг.  Аймгийн ИХТ гэдэг бол тухайн орон нутгийн иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр хамгийн их эрх мэдэлтэй, хөрөнгөтэй хүмүүс нь төлөөлөгч нар боллоо. Мэдээж хэрэг бүгд биш, зарим нэг хүмүүсийн талаар ярьж буй гэдгийг онцолъё.  Иргэд маань УИХ-ын гишүүдийн талаар юм уу, Улаанбаатар хотод болж буй ноцтой асуудлын талаар ярьдаг боловч орон нутагт болж буй асуудлаар ярьдаггүй. Гэтэл орон нутагт иргэдийг төлөөлж буй хүмүүс хувийн компани байгуулах зорилгоор энэ албанд очдог болоод удаж байна" гэж ярилаа.   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Зөвхөн нүүрсний сонсголын үеэр олон нийтэд ил тод болсон асуудлаар шалгаад үзэхэд л ИХТ-өөр ажилладаг 10 орчим хүн нүүрс тээвэрлэлтийн асуудалд холбогдсон гэдгийг иргэд мэдээлэв. Мөн газрын наймааны асуудал ч бийг тус аймгийн иргэн Ц.Ууганцэцэг мэдээлэв.  Энэ талаар тэрбээр "Бид зөвхөн нүүрсний хулгайн талаар ярьдаг. Гэтэл газрын асуудлаар ч хулгай нүүрлэсэн. Тухайн орон нутгийн хамгийн ашигтай байрлалд өмчлөгч нь дандаа улс төрийн нөлөө бүхий хүн эсвэл ИХТ-өөр ажилладаг хэн нэгний нэр дээр байдаг. Энэ зөвхөн нэг аймгийн хэмжээнд ярих сэдэв биш. Монгол Улсын хэмжээнд энэ талаар ярьж, шалгах ёстой гэж бодож байна. Учир нь бүх аймагт ийм хулгай гаарсан. Шат шатны иргэдийн төлөөлөгчид гэдэг бол төсвийг, газрыг шийдвэрлэдэг чухал алба. Мэдээлэлд ойр байдгаараа өөрсдөдөө давуу байдал бий болгож байгааг хянаж хуулийн хариуцлага хүлээлгэх талаар залуучуудад уриалж байна. Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж саяхан Тавантолгойгоос Ханги-Мандалын чиглэл рүү хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалттай холбоотой баримт бий. Авто замын хайрга ашиглах, өөр компанид нийлүүлэх эрхийг нь "Өмнөговь бүтээн байгуулалтын корпорац"-д өгсөн. Энэ компанийг хэн эзэмшдэг вэ гээд шалгахаар нөгөө л төлөөлөгчид орсон. Ямар шалгуураар ийм компанид эрх өгсөн нь тодорхой бус.  Энэ мэтээр энгийн иргэдийн боломжийг хулгайлж нам харгалзахгүйгээр цөөн хүмүүс л бүх эрх мэдлийг атгаж байна. Ийм асуудал зөвхөн Өмнөговь аймгаар зогсохгүй" гэв. Өмнөговь аймгийн залуучуудын төлөөлөл аймгийн төсвийн асуудлыг ч хянаж шалгаж байх шаардлага үүссэнийг бусад аймгийн залуустаа уриаллаа.  Мөн тус аймгийн оюутан залуучуудын холбооноос төлөөлөл ирж мэдээлэл өгсөн юм. Тэдний гаргасан судалгаагаар нэг оюутан жилд 15 сая төгрөгийн урсгал зардалтай байдаг. Аймгийн ИХТ-өөс "Мишээл-Экспо"-гийн урд талд 11 давхар оюутны байр барихаар 2018 онд барилгын ажил эхлүүлсэн боловч одоог хүртэл баригдаж дуусаагүй, балгас болж байгааг онцоллоо. Уг барилгыг 2015 онд тус аймгаас суралцагч оюутан, залуусын санаачилгаар өргөн барьж гурван жилийн дараа барилгын ажил эхлэсэн боловч одоогоор 70%-ын явцтай байна. Орон нутгийн төсөв жил ирэх тусам нэмэгддэг ч оюутан, залуус руу чиглэсэн төсөв байдаггүйг залуучууд шүүмжилсэн юм.
Леонил Мессигээс фэнүүд нь тасалбарын мөнгөө нэхэмжлэв
Эх сурвалж: CNN Аргентины нэрт хөлбөмбөгчин Леонил Мессигийн "Интер Майами" баг аялан тоглолт хийж буй. Гэвч өнгөрсөн ням гарагт Хонконгийн бүх ододтой хийх нөхөрсөг тоглолтод Л.Месси талбайд гараагүйд хөгжөөн дэмжигчид нь бухимджээ. Хонконгийн төв цэнгэлдэхэд цугларсан 40 мянган фанатууд "Интер Майами"-гийн гол довтлогчийг талбайд гараагүйд дургүйцэж тасалбараа буцаахыг шаардсан аж. Мессигүй талбайд гарсан "Интер Майами" талбайн эзэн баг болох Хонконгийн бүх оддыг 4:1-ээр илүүрхсэн юм Майамигийн багтай шинээр гэрээ байгуулсан уругвай довтлогч Луис Суарес ч уг тоглолтод талбайд гараагүй. Харин Жорди Альба, Серхио Бускетс нар хоёрдугаар хагаст сэлгээгээр орж ирсэн юм.   Эх сурвалж: CNN Үзэгчид хоёрдугаар хагасаас эхэлж Мессиг талбайд гарахыг шаардаж байсан бол сүүлийн 20 минутаас эгдүүцэж байгаагаа илэрхийлэн тасалбараа буцаахыг шаардсан юм. Ройтерс агентлагийн мэдээлснээр тус тоглолтын тасалбарыг 113-аас 624 "ногоон"-оор борлуулсан юм. Майамигийн дасгалжуулагч Жеррардо "Тата" Мартино энэ талаар "Тэднийг тоглуулахгүй гэх шийдвэрийг эмнэлгийн баг гаргасан. Хөгжөөн дэмжигчдийг бухимдаж байгааг ойлгож байгаа ч бэртэл бол спортын нэг хэсэг" гэж ярьжээ. Бухимдсан үзэгчид "Интер Майами"-гийн тоглогчид байрлаж буй зочид буудлын гадаа цуглаж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Алдарт хөлбөмбөгчин асан Дэвид Бекхэмийн үүсгэн байгуулсан тус баг энэ долоо хоногт Японд очиж "Виссель Кобэ" багтай нөхөрсөг тоглолт хийнэ.   Эх сурвалж: CNN
Х.Нямбаатар: Барилгын том компаниудтай үзсэн шиг үзээд дууссан шиг дуусна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдөр болсон шуурхай зөвлөгөөний үеэр сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Өмнөх цаг үед дандаа авлигажсан байдлаар газар олголт хийж, замбараагүй орон сууцны хорооллууд барьсан.  Эхнээс нь дурдаж хэлье. Баянгол дүүргийн 28 дугаар хороо, Голден парк гамшиг болсон хороолол. Үүний алдааг засах гэж ажиллаж байгаа. Айлуудаас газрыг нь янз бүрийн байдлаар шахаж, шаардаж авахаар барилгын компаниудын удирдлагууд хэвлэл мэдээлэлд захиалга өгч нийслэл рүү дайрах ажлуудыг зохион байгуулдаг юм билээ. Үүнээс шантрахгүй. Энэ жил Голден паркийг дахиад сургууль, цэцэрлэгтэй болгох ажил эхэлнэ. Хоёрдугаарт Алтай хотхон. 12,000 айлтай хэрнээ сургууль, цэцэрлэггүй. Сургууль, цэцэрлэгтэй болгох асуудлыг энэ жил шийднэ. Маршал таун, Эко констракшн, Кинг тауэр гээд маш их асуудал дагуулсан хороолол барьж буй нөхөд бий. Гурав дахь өдөр Кинг тауэрт очно. Тус хорооллын урд талын 5,000 м.кв газрыг авах асуудлаар газар дээр нь очно. Улсын сургууль, цэцэрлэг барих мөнгийг одоо тавина. ААН-үүд надтай шүүхэдвэл шүүхэднэ биз, шийдвэрээ гаргасан. Тайгам Алтай компанийн захирлууд багахан шиг дарваганаарай гэж хэлмээр байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж байгаа сургуулийн техникийн нөхцөлд гацаа хийгээд байгаа юм. Алтай, Олимп хотхоныг Тайгам Алтай компани барьсан. Тайгам Алтай компанитай холбоотой бүх ажлыг зогсоо. Яг адил явна. Авсан бүх газар нь цуцлах үндэслэл бүрдсэн эсэхийг надад танилцуул. Хан Хилс хотхон өөрийн газар дээр барилгаа дүүргэж барьчхаад нийтийн эзэмшил дээр гаргангуутаа сүүдрэвч иргэдийн амрах орчин барьчхаад байгаа юм. Энэ бол хөгийн шунал. Хуульзүйн сайдаар ажиллаж байсан хүний хувьд газрууд хэрхэн олгогдсоныг мэднэ. Барилгын хэдэн том компаниудтай үзэж байгаад дуусна. Өмнө нь хэдэн том авлигачидтай үзээд ард нь гарсан. Барилгын компаниуд хэрхэн газар, зөвшөөрөл авсан, ямар ашиг олсныг мэдэж байгаа. Одоо жоохон ч гэсэн сэтгэл гаргаад байранд орсон хүмүүсээ сургууль, цэцэрлэгтэй болгох газар нийслэлд өгчхөөч. Баянзүрхийн 26, 36 дугаар хорооны алдартай хороолол байгаа. НИТХ-ын төлөөлөгч нарт газрыг олголоо гэж яригдаж байсан, дараа нь га, га-гаар газрын наймааны золиос болсон. Түгжрэл энэ бүхэн чинь өнгөрсөн 30 жилийн алдааг хийсэн нөхөд гурван сар ажиллаж байгаа над дээр тохно гэвэл ёстой үгүй. Барилгын том компаниудтай үзсэн шиг үзээд дууссан шиг дуусна. Би газрыг, бизнесийг булааж авах биш хотхон, хорооллын оршин суугчдын хүүхдүүдэд сургууль, цэцэрлэг барих гэж байгаа юм. Сургууль, цэцэрлэгийн газар өгөхгүй гэж бүгд уллаж суугаа" хэмээн хэллээ. Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд “Сүмбэр орд” хотхоны хойд талд 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль барих 4,002 ам метр газрыг чөлөөлөөд буй. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Сэнтури Лэндмарк” ХХК-ийн газраас 4,000 ам метр талбайг чөлөөлж 240 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар төлөвлөжээ.
Гандантэгчэнлин хийдийн орчны тохижилт, хамгаалалтын бүсийн асуудлаар ажлын хэсэг байгуулагджээ
Гэрэл зургийг mpa.mn Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай өнөөдөр боллоо. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү Цагаан сарыг угтан хэрэгжүүлж буй бүх нийтийн цэвэрлэгээний талаарх мэдээллийг өгөв. Тэрбээр "Нийт зургаан дүүргийн хэмжээнд 2,482,219 ам метр талбай цэвэрлэж, 3,725 тонн цас, мөс ачлаа. Зам, талбайн цэвэрлэгээний төвийн 24 байгууллага, 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машин, техниктэйгээр ажиллаж байна. 1,100 тонн давс, 2,300 тонн тусгай зориулалтын бодисын үлдэгдэлтэй байгаа. Сар шинийн баярын өдрүүдэд инженерийн шугам, сүлжээний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг харьяа байгууллагуудад даалгаж, хариуцлагатай жижүүр томилж байна" гэлээ. Түүнчлэн 26 байршилд халиа тошин үүссэн бөгөөд 18 байршилд дүүргүүд, найман байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлэгч 87,090, гэрэлтүүлгийн шон 75,486,  удирдлагын шит 1,208 бий. Гэрэлтүүлгийн асалт 99.6 хувьтай байгаа юм. Мөн Гандантэгчэнлин хийдийн орчны тохижилтын хүрээнд тус хийдийн дэргэдэх ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн шинэ барилгын зураг, төсвийг боловсруулахад шаардлагатай зардлыг шийдвэрлэж, барилга угсралт, орчны тохижилтын зураг төслийг боловсруулж, тохижилт, хийдийн хамгаалалтын бүсийг өөрчлөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулаад байгааг танилцууллаа.   Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Шинээр ирсэн автобуснуудыг үйлчилгээнд явуулахын тулд эзэнжүүлж, бүртгэлжүүлэхээс  гадна хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй эргэн төлөлтийг тохирох, төлбөрийн картын систем суурилуулах шаардлагатай байгаа юм. Энэ нь тодорхой хугацаа шаардаж байгаа бөгөөд нэн тулгамдсан асуудал нь жолоочийн хүрэлцээгүй байдал юм. Иймээс нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийхээр боллоо. Мөн Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажил хайж бүртгүүлсэн В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна. Уг зардлыг нийслэлийн нийтийн тээврийн баталсан төсвөөс гаргахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үүрэг болголоо. Мөн жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм. Хотын дарга Х.Нямбаатар “Гуравдугаар сарын 15-н гэхэд автобусны гаралтын тоог 1,200-д хүргэнэ. Ч чиглэлд явах автобусны тоог нэмнэ. Өмнө нь татвар төлөгчдийн мөнгөөр авсан автобусыг хувийн компанид үнэгүй өгдөг байсан бол энэ удаа төлбөртэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй өгсний үр дүнд Нийтийн тээврийг хөгжүүлэх санд таван тэрбум төгрөг цуглаад байна. Энэ тоо оны эцэст 25 тэрбум төгрөг болно. Дээрх мөнгийг автобус авах, таксины үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхэд зарцуулна. Зургаадугаар сар гэхэд дунд оврын автобусны тендер зарлаж, гэр хорооллын захын чиглэлд явуулна” гэсэн юм.   Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
“Happy Valentine’s Day” урамшуулалт аян эхэллээ
Голомт банкнаас тун удахгүй болох гэж буй Гэгээн хайрын өдөр буюу Валентины баярыг угтан бүх төрлийн дебит картаар хийсэн онлайн худалдан авалтад үйлчлэх буцаан олголттой урамшууллыг хэрэгжүүлж эхэллээ. Голомт банкны бүх төрлийн дебит картын харилцагчид 2024.02.05-наас эхлэн 10 хоногийн турш дараах вэбсайтуудаас худалдан авалт хийгээд 20%-ийн буцаан олголт аваарай. Буцаан олголтод хамрагдах вэбсайтууд: www.premiumtaste.mn www.flower.mn   www.flora.mn   www.gec.mn    Урамшууллын хугацаанд нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 50,000₮ байх бөгөөд буцаан олголт онлайн гүйлгээ хийснээс хойш 3 хоногийн дараа таны дансанд орно. Дахин сануулахад онлайн худалдан авалтын төлбөрөө зөвхөн Голомт банкны дебит картаар хийсэн тохиолдолд л урамшуулал олгогдохыг битгий мартаарай. Валентины баярт зориулан хэрэгжүүлж буй энэхүү урамшуулал нь 2024.02.14-нийг дуустал үргэлжлэх тул та хайртай, дотнын хүнтэйгээ хамт үзэх киноны тасалбар болон тэдэнд өгөх бэлгээ дээрх вэбсайтуудаас сонгоод урамшуулалдаа амжиж хамрагдаарай. Харин та урамшууллын хугацаа дуусахаас өмнө Голомт банкны дебит картын харилцагч болохыг хүсвэл ЭНД дарж, картын нөхцөл болон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. Happy Valentine’s Day!
Түргэн тусламжийн автомашинд саад учруулсан жолоочийн эрхийг гурван сараар хасжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав 2024 оны нэгдүгээр сарын 29-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн “Д” нь “Lexus” маркийн тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнийг удаан хугацаагаар хаан зогсож, дуудлагаар явж байсан яаралтай түргэн тусламжийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан үйлдэл гаргажээ.  Тус үйлдэлд Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар саад учруулсан жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх буюу 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.    Эх сурвалж: ЦЕГ
Мортал Комбат видео тоглоомын Синделийн дүрийг монгол бүсгүй бүтээжээ
Эх сурвалж: Dari Dorj Дэлхийд алдартай "Mortal Kombat 1 - Rulers of Outworld" тоглоомын Синделийн дүрд монгол бүсгүй тогложээ. АНУ-д ажиллаж амьдардаг монгол модель Д.Дарь энэхүү тоглоомын дүрийг бүтээснээ өөрийн цахим хуудсандаа зарлажээ. Тэрбээр 2022 оны нэгдүгээр сард энэ тоглоомын дүрдээ "нүүрээ уншуулсан" аж. Мортал комбат тоглоом хамгийн анх 1992 онд олны хүртээл болж байв. Харин хамгийн сүүлийн хувилбар болох 12 дахь загвар нь өнгөрсөн оны есдүгээр сарын 19-нд тоглоом сонирхогчдын гарт очсон.  Монгол бүсгүйн дүр бүтээсэн Синдел нь Мортал комбат тоглоомын гурав дахь загвараас хойш эргэн ирсэн дүр аж.  Эл дүр нь Эдениагийн хатан бөгөөд тус тоглоомын гол дүрийн нэг Китана гүнжийн ээж юм.
“ЛэндМН ББСБ” ХК-ийн 2023 оны ЖИЛИЙН ТАЙЛАН
null
Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох замыг зургаадугаар сарын 1-н гэхэд нээнэ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Толгойт, Яармагийн замыг хэзээ нээх талаар тодрууллаа. Ингэхэд нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Г.Баярсайхан "Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох зам болон Яармагийн гүүр, Яармагийн замыг Эрчим хүчний гудамжтай холбох замыг зургаадугаар сарын 1-н гэхэд нээнэ" гэлээ. Мөн замын хөдөлгөөнд улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахад замын хөдөлгөөний ачаалал 60-66 хувьтай байсан бол одоо 88-92 хувьтай байна. Цагаан сар болох гэж буйтай холбоотойгоор зах, худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөн их байна гэдгийг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа хэлж байлаа.
ХУВААРЬ: Цагаан сараар авто замын боомтууд ажиллахгүй
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Цагаан сарын баяраар хилийн боомтуудын ажиллах хуваарийг хүргэж байна. Хуваарь ёсоор Чингис хаан олон улсын нисэх буудал болон Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд боомт олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу тус тус ажиллана. Харин Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Гашуунсухайт зэрэг авто замын боомтууд 2024 оны хоёрдугаар сарын 10-12-ны өдрүүдэд түр хааж, 13-наас ажиллах хуваарь гарчээ.   Монгол Улсад нийт 39 боомт байгаагаас 28 нь байнгын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд агаарын зургаа, ОХУ-тай авто болон төмөр замын 16 боомт, БНХАУ-тай 17 боомтоор хиллэдэг байна.
Esan - цахим номын сан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болсныг зарлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зарлиг гаргасан билээ. Энэ дагуу жил бүр 330 сум, нийслэлийн хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. 2023 онд гэхэд АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Лаос, Вьетнам зэрэг 16 улсын их, дээд сургуульд 260 оюутан залуус суралцахаар явсан. Харин энэ жилийн “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздийг тодруулах ёслол Төрийн ордонд өнөөдөр боллоо. Энэ удаад 250 шилдэг сурагч-илгээлтийн эзэд батламжаа гардан авав.     Энэ ажлын эхлэл болж, Esan-үндэсний цахим номын санг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болсныг өнөөдөр зарлалаа. Esan нь хамгийн дэвшилтэт технологиудын тусламжтайгаар 130 сая хуудас материалыг цахимжуулах, хиймэл оюунд ухаанд суурилсан хуулбар шалгуурын системээр оюуны өмчийг хамгаалах, судалгаа, сурлагын чанарыг дээшлүүлэх оюуны болон эдийн засгийн чухал ач холбогдолтой технологийн хувьсгал гэж болно. Esan-цахим номын сан нь улс үндэстний түүх, соёлын өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх, иргэд ялангуяа хүүхэд  залууст тэгш хүртээмжтэй боловсрол эзэмших боломжийг хангах, цаашилбал, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тодорхой хувь нэмэр оруулах зорилготой. Тус цахим номын санд 1-12-р ангийн бүх сурах бичиг байршиж, хүүхдүүд үнэ төлбөргүй ашиглах болсон нь олон талын өндөр ач холбогдолтой, цаг үеэ олсон ажил болсныг онцлон дурдсан байна. ФОТО:
Хүүхдийн урлан бүтээх төв есөн төрлийн үнэ төлбөргүй сургалтдаа нэмэлт элсэлт зарлажээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хүүхдийн урлан бүтээх төв 2023-2024 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлтийг зохион байгуулж эхэлжээ. Тодруулбал уран бичлэг, арьсан урлал, хүүхэлдэй бэлэг дурсгал, уран баримал, сүрлэн сүлжмэл, уран зураг, эко гар урлал зэрэг есөн төрлийн сургалтад хамрагдах сонирхолтой хүүхдүүдийг бүртгэж байна. Эдгээр сургалт нь үнэ төлбөргүй. Бүртгэл хоёрдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ хэмээн тус төвөөс мэдээллээ.  Бүртгүүлэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ, 2% цээж зургийг бүрдүүлж, өөрийн биеэр очих ёстой юм байна. Сургалтын цагийн хуваарь: 1, 3 дахь өдөр нэгдүгээр ээлж 2, 4 дахь өдөр хоёрдугаар ээлж Өглөөний ээлж: 09:00-11:00 Өдрийн ээлж: 14:00 -16:00 цаг хүртэл хичээллэнэ.
ОХУ-ын эрх баригчид ирэх сараас эхлэн VPN үйлчилгээг хориглоно
Гуравдугаар сараас эхлэн ОХУ-ын эрх баригчид VPN үйлчилгээг хориглох гэж байгаа тухай Кремлийн интернэт орчны хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагын тэргүүн өчигдөр мэдээлжээ. Интернэт хэрэглэгчид VPN (Virtual Private Network) үйлчилгээг ашиглан хаалттай сайт, платформуудад хандах боломжтой болдог юм. Украины дайн эхэлсний дараа Оросын эрх баригчид өөрийн хараат бус мэдээллийн эх сурвалжуудын болон Өрнөдийн нийгмийн сүлжээний платформуудын хандалтыг хааж эхэлсэн. Одоо Оросын иргэдийн эдгээрт хандах ганц арга зам VPN болоод байгаа юм. “VPN-үүд, ялангуяа төлбөргүй ийм үйлчилгээнүүд бол тамын үүд хаалгатай адил. Эд бол та нарын хэрэглэдэг төхөөрөмжүүд дээр үүссэн том хар нүх юм” гэж “Аюулгүй Интернэтийн Лиг” (ЛБИ) төрийн бус байгууллагын тэргүүн Екатерина Мизулина өчигдөр Екатеринбург хотод ахлах сургуулийн сурагчидтай уулзахдаа ярьжээ. Засгийн газар VPN үйлчилгээнүүдийг гуравдугаар сарын 1-нээс хаах гэж байгаа талаар цуурхал үнэн эсэхийг асуухад тэр “Тиймээ. Тэгэх өндөр магадлалтай” гэж хариулсан байна. VPN-үүдийг бүрэн хаах техникийн хувьд боломжгүй тул хамгийн түгээмэл ашиглагддаг үйлчилгээнүүдийг сонгож хаах тухай Мизулина энэ үеэр тайлбарлажээ. Энэ нь ард иргэдийн болон тэдний төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг хангах зорилготой зөв алхам болохыг тэр онцолсон байна. Өнгөрсөн онд Оросын эрх баригчид VPN-ий аюул эрсдэлийг иргэдэд ухуулан сурталчлах ажлыг эхлүүлсэн юм. Тухайлбал хакеруудад хувийн мэдээллээ алдах аюултайг анхааруулж байв.   Эх сурвалж: The Moscow Times
Их Британийн хаан Чарльз хорт хавдартай болсныг Букингэмийн ордон зарлалаа
Их Британийн хаан Чарльз нэг төрлийн хорт хавдартай болсон нь оношлогдож, эмчилгээ эхэлсэн тухай Букингэмийн ордон өчигдөр зарлажээ. Тэрбээр хаан ширээнд залраад 18 сар хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа юм. Чарльз олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцохгүй ч үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүний үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх юм байна. Саяхан хаан эмнэлэгт хэвтэж, түрүү булчирхайн эмчилгээ хийлгэж байсан юм. Гэхдээ оношлогдсон хорт хавдар үүнтэй холбоогүйг Букингэмийн ордон баталжээ. Одоогоор 75 настай хаан ямар төрлийн хорт хавдартай болсныг зарлаагүй байна. Чарльз хаан “эмчилгээнд эерэг хандаж, төрийн ажил албандаа аль болох хурдан буцаж орох хүсэлтэй байгаа” тухай ордны мэдэгдэлд өгүүлжээ. Мөн хаантан “элдэв таамаг, цуурхал тарахаас өмнө түрүүлж оношоо нийтэд зарласан нь хорт хавдраар өвчилсөн хүмүүсийг нийгэм зөвөөр ойлгодог болоход тустай гэж үзсэнийх” гэж тайлбарласан байна. Чарльз 2022 оны есдүгээр сард өөрийн ээж, хатан хаан Элизабетыг 96 насандаа таалал төгссөний дараа хаан ширээнд заларсан юм. Сүүлийн үед Британийн язгууртнуудыг тойрсон эрүүл мэндийн асуудлууд үргэлжилж байна. Өнгөрсөн сард хаан түрүү булчирхайн томорлоо эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтэж байсан бол түүний бэр Уэльсийн гүнж Кэйт хэвлийн хөндийн хагалгаанд орсны дараа хоёр долоо хоноод эмнэлгээс гарсан юм. АНУ-д амьдардаг хунтайж Харри хаан эцгийнхээ эмчилгээний үед хажууд нь байх зорилгоор Лондон руу нисэх гэж буй тухай эх сурвалжууд мэдээлж байна. Зарим хэвлэлийн мэдээлснээр Чарльз гэр бүлийнхээ гишүүдэд шинжилгээний хариугаа биечлэн дуулгасан гэнэ. Харри хаан эцэгтэйгээ утсаар ярихдаа хорт хавдрын талаар мэдсэн гэнэ. Британийн улс төрчдөөс гадна гадаадын төрийн тэргүүнүүд Чарльз хаанд эрүүл энхийг хүсэцгээж эхэлсэн байна. “Эрхэм дээдэст түргэн, бүрэн эдгэрэхийг хүсэн ерөөе. Түүний бие богино хугацаанд сайжирна гэдэгт би эргэлзэхгүй байна. Бүх улс орон түүнд сайн сайхныг хүсэж байгааг би мэдэж байна” гэж ерөнхий сайд Риши Сунак мэдэгджээ. Сөрөг хүчний удирдагч Кэйр Стармер “Хөдөлмөрийн намын нэрийн өмнөөс эрхэм дээдэст түргэн эдгэрэхийг хүсье. Бид түүний бие хурдан эрүүлжиж, сайжрахыг тэсэн ядан хүлээж байна” гэж мэдэгдсэн байна. АНУ, Канад, Австрали зэрэг улсуудын төрийн тэргүүнүүд мөн Чарльз хаантанд түргэн эдгэрэхийг хүсэн ерөөцгөөжээ. Тэрбээр туссан өвчнөө нийтэд ил тод зарласан нь эрүүл мэндийн асуудлаа нууцалсаар ирсэн Британийн хаад язгууртнуудын уламжлалыг эвдсэн хэрэг болж байна.   Эх сурвалж: Associated Press
Украин гаралтай Японы Mиссийн гэр бүлээс гадуурх харилцаа илэрсний улмаас титмээ буцаажээ
Өнгөрсөн сард болсон Miss Japan 2024 тэмцээнд түрүүлсэн бүсгүйн гэр бүлээс гадуурх харилцааны түүх хэвлэлд дэлгэгдсэний улмаас титмээ буцаасныг тэмцээний зохион байгуулагчид Даваа гарагт мэдээлжээ. Украинд төрсөн, Японы иргэн 26 настай Каролина Шийно нь япон ээж, украин эцэгтэй хүн юм. Тэрбээр Японы гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд түрүүлсэн анхны Европ гаралтай бүсгүй болж байв. Шийно таван настайдаа ээжийн хамт Японд ирж, Нагоя хотод суурьшсан юм. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Шукан Буншун долоо хоног тутмын сэтгүүлд түүнийг гэр бүлтэй эрэгтэйтэй дотно харилцаатай байсан тухай баримт нийтлэгджээ. Үүний дараа Шийно титмээ буцааж өгөх хүсэлтийг зохион байгуулагчдад гаргасныг ёсоор болгосон байна. Нэгдүгээр сарын 22-нд болсон тэмцээний дараа цэвэр кавказ төрхтэй энэ бүсгүй Япон улсыг төлөөлж чадах эсэх талаар маргаан сошиал ертөнцөд өрнөж байсан юм. Miss Japan тэмцээн анх 1950 онд зохион байгуулагдаж байсан ч одоогийн хэлбэрээ 1967 онд олсон гэдэг. Гэхдээ энэ нь ялагчаа Япон улсыг төлөөлүүлэн гадаадад илгээдэггүй, зөвхөн дотоодын чанартай тэмцээн юм байна.   Эх сурвалж: Kyodo News
Ховд аймгийн цахилгаан барааны дэлгүүрээс хулгайлсан эд зүйлээ Улаанбаатар руу авч явж байгаад баригджээ
Гэрэл зургийг Mpa.mn Цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 4-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд байрлах “Цахилгаан барааны дэлгүүрт хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран шалгалтыг шуурхай зохион байгуулж, сэжигтэй этгээдийг Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээр дамжин Улаанбаатар хот руу зорчих үед нь баривчилсан байна. Уг этгээдээс хулгайн эд зүйл болох 25 ширхэг гар утас, дөрвөн ширхэг зөөврийн компьютерыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээллээ. Иймд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд гадна болон дотор орчны хяналтын камер, дохиолол хамгаалалтын хэвийн ажиллагааг хангаж, сар шинийн баяр, амралтын өдрүүдэд эргүүл, жижүүр ажиллуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.
Zochil харилцагчдынхаа бүтээгдэхүүнийг олон улсад экспортолж эхэлжээ
“Зочил технологи” ХХК Монгол брэнд, бүтээгдэхүүнийг дэлхийд таниулж, сурталчилж, худалдаалах эрхэм зорилгынхоо хүрээнд хамгийн эхэнд Хятад улсын зах зээл рүү оффлайн болон онлайнаар экспортолж эхэллээ.   Хөх хотын чөлөөт бүсийн олон улсын худалдааны төв Өнгөрсөн 2023 оны 12 сараас эхлэн Өвөр Монголын Замч компанитай хамтарч энэхүү ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогоор 35 орчим байгууллагын 1000+ бүтээгдэхүүнийг Хөх хотын чөлөөт бүсийн олон улсын дэлгүүрээр байршуулж худалдаалж байна. Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 2024 зохион байгуулагдлаа 2024/01/24–2024/01/28 хооронд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг дунд үйлдвэрийн газартай хамтарч “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Хөрөнгө оруулагчдын форум “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны үеэр Монгол бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бизнесийг Хятадын хөрөнгө оруулагчдад танилцуулах зорилгоор анхдугаар форум, хурал зохиогдлоо.   Zochil платформын давуу тал Та zochil платформыг ашиглаж онлайн дэлгүүр ажиллуулдаг бол энэхүү төсөлд хамрагдах боломжтой. Zochil аппаар дамжуулан экспортолж байгаа бүтээгдэхүүний мэдээлэл үлдэгдэл, борлуулалт, хандалт, дэлгүүрийн болон онлайн сувгийн орлогоо гар утсаараа хянаж удирдах боломжтой болох юм.   Бид цаашдаа Олон улсад Монгол бүтээгдэхүүнийг сурталчилж таниулснаар гадаад валютын урсгалыг нэмэгдүүлж, гадаад зэх зээлд тогтмол хэрэглэгчтэй болгох хүртэл тусалж дэмжих нь бидний зорилго хүсэл юм. Үүний хүрээнд Монгол бүтээгдэхүүний мэдээллийн санг бүрдүүлэх, гаднын худалдааны системүүдтэй интеграци холболтуудыг хийх, тээвэр ложистик худалдааны бусад шийдлүүдийг бизнес эрхлэгчдэд санал болгох ажлуудыг төлөвлөж байна. Хамтран ажиллах нээлттэй Монгол бүтээгдэхүүнийг экспортлох, сурталчлах, худалдаалах чиглэлээр ажиллаж байгаа хувь хүн, албан байгууллагатай бид хамтарч ажиллах үргэлж нээлттэй та info@zochil.mn хаягаар, 77778787 утсаар холбогдох боломжтой. Бизнесээ онлайн болгох бол энд дарна уу.
Пакистан улсад суух Элчин сайд Т.Бадрал итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал 2024 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Исламабад хотноо тус улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Др.Ариф Алвид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын үеэр Ерөнхийлөгч Др.Ариф Алви Элчин сайд Т.Бадралыг хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Уулзалтын эхэнд Элчин сайд Т.Бадрал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс Пакистан улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг нотлов. Энэ хүрээнд Пакистан улстай зам тээвэр, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхлыг илэрхийлж, хоёр улсын ГХЯ-д хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизмыг өргөжүүлэх саналыг тавилаа. Ерөнхийлөгч Др.Ариф Алви Элчин сайд Т.Бадралд Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүрэгт ажлаа албан ёсоор эхлүүлсэнд нь баяр хүргээд хоёр орны харилцааг хөгжүүлэх үйлсэд нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллахаа онцлон тэмдэглэж, ажлын өндөр амжилт хүсэв. Монгол Улс нь Пакистан улстай 1962 оны долоодугаар сарын 6-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас хавсран суудаг юм хэмээн ГХЯ-наас мэдээлэв.
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 15-нд эхэлнэ
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох элсэлтийн шалгалт, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн үйл ажиллагаа 2024 оны хоёрдугаар сарын 15-наас эхэлнэ. Бүртгэл eyesh.eec.mn цахим хаягаар явагдана. Харин монгол хэл бичгийн шалгалт 2024 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр 10:00-11:40 цагт зохион байгуулагдах юм байна.   Эх сурвалж: БШУЯ
“Эвсэг” брэнд Цагаан сарын бэлэгтэй, хямдралтай худалдаа зарлалаа
“Эвсэг” брэнд Цагаан сарын баярыг тохиолдуулан бүх сүлжмэл цамц 1+1 худалдаа, бүх хүүхдийн цамц 1+1 хямдралаар хэрэглэгчдэдээ бэлэг барьж байна. ХЯМДРАЛТ ХУДАЛДАА 1 САРЫН 30 ӨДРӨӨС ЭХЛЭН  2 САРЫН 9 ӨДРИЙГ ДУУСТАЛ ҮРГЭЛЖИЛНЭ. Мөн бусад бүтээгдэхүүнээ 10-50% хямдруулжээ.   Хямдралтай бүтээгдэхүүнүүд: Ноолууран сүлжмэл цамц 1+1 Ноолууран хүүхдийн цамц 1+1 Ноолууран дээл-30% Ноолууран оймс, бээлий, өмд-20% Ноолууран малгай, ороолт-30% Ноолууран Пальто-10-50% Ноолууран нэхмэл ороолт, шааль-20-30% Тэмээний ноосон майк, нуруувч-20% Тэмээний хөнжил гудас-30% БЭЛГИЙН КАРТ ХУДАЛДААНД ГАРГАЛАА Хүч чадал, сүр жавхлангийн бэлгэдэл модон ЛУУ жилдээ зориулан БЭЛГИЙН КАРТ худалдаанд гаргалаа. Та бэлгийн картаа САР ШИНИЙН БАЯРААР дотны хүмүүстээ бэлэглээрэй. БЭЛГИЙН КАРТНЫ СОНГОЛТ НЬ: 50,000₮,  100,000₮, 200,000₮, 300,000₮, 400,000₮, 500,000₮, 1,000,000₮,  2,000,000₮   БЭЛГИЙН ХАЙРЦАГ ҮНЭГҮЙ БЭЛЭГЛЭЖ БАЙНА Сар шинийн баярын бэлгийн сонголтод оймс, бээлий, малгай, ороолт худалдан авсан хэрэглэгчдэдээ БЭЛГИЙН ХАЙРЦАГ үнэгүй бэлэглэж байна.   САЛБАР ДЭЛГҮҮРҮҮДИЙН ХАЯГ: ҮЙЛДВЭРИЙН ТӨВ ДЭЛГҮҮР: Богдын ордон музейн баруун урд (Хими цэвэрлэгээтэй) 10:00-20:00 цаг Утас: 11342598   НИРУН ДЭЛГҮҮР: Төв номын сангийн хойно хуучнаар Бамбарууш кафе 10:00-20:00 цаг Утас: 11330217 СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНИЙ САЛБАР ДЭЛГҮҮР: Туушин зочид буудлын замын эсрэг талд 10:00-20:00 цаг Утас: 11342598, 99953027
ҮЙЛ ЯВДАЛ: МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын шилдгүүдэд шагнал гардуулна
“Централ Тауэр”-т 11:00 цагт МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно. “Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагт Монголын хүний төлөө намаас шударга ёсны төлөө эвлэлдэн нэгдэхийг уриалж, СЕХ, Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж байгаа тухай мэдээлнэ. Биеийн тамир, спортын улсын хороонд 11:30 цагт “Парис-2024” зуны олимп, “Милан Кортина” өвлийн олимпын наадмын бэлтгэл ажлын хүрээнд БТСУХ-ны дарга О.Баттулга, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшигтэй санамж бичиг байгуулна. Г.В.Плехановын нэрэмжит сургуульд 16:00 цагт ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук зочилж, оюутан, сурагчидтай уулзана.
Үзэсгэлэнт байгальд суурилж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлье
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Эко аялал жуулчлал нь дэлхий нийтийн жуулчлалын 20 хүртэлх хувийг эзэлдэг. Яг энэ төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэн үзэсгэлэнт байгалиа дэлгэн үзүүлцгээе. 2014-2019 оны хооронд Монгол Улсад аялагчдын дунд хийсэн судалгаанаас харахад үзэсгэлэнт байгаль болон хүмүүсийн нөхөрсөг зан чанар жуулчдад хамгийн их таалагдсан хэмээн хариулжээ. Харин зам, хэлний бэрхшээл, хоолны сонголт болон бие засах газар жуулчдын сэтгэлд хараахан нийцээгүйг судалгааны дүгнэлтээс харж болно. Дэлхий нийтээрээ байгальд ээлтэй байдалд эрмэлзэж буй энэ үед “эко аялал жуулчлал”-ыг хөгжүүлэн дээрх судалгаанд дурдагдсан сул талуудаа засахад хамгийн их нөлөө үзүүлж чадах хүмүүс бол нутгийн иргэд юм. Тэд хэнээс ч илүүтэйгээр нутаг орноо мэдэхийн сацуу, нүүдэлчин ахуй соёлыг тодоор, бодитоор үзүүлж чадна. Нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлснээр өрхийн төдийгүй орон нутгийн эдийн засагт эерэг нөлөөтэй. Тиймээс “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төслийн дэмжлэгтэйгээр Хүн төвтэй байгаль хамгаалал ТББ-аас "МАНАЙ НУТАГТ ЗОЧЛООРОЙ" гарын авлагыг боловсруулжээ.   Гарын авлагыг доорх линкээр эх хувиар нь татаж аваарай. Англи - https://www.giz.de/de/downloads/giz-2022-en-CBT.pdf Монгол - https://www.giz.de/de/downloads/giz-2022-mn-CBT.pdf Гарын авлагаас онцолбол, Олон улсын эко аялал жуулчлалын нийгэмлэгээс эко аяллыг “Байгаль хамгаалах үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт хариуцлагатай аялж, нутгийн иргэдийн амьдралд эергээр нөлөөлж, тэднийг ойлгож, тэднээс суралцах байгалийн аялал юм” гэж тодорхойлжээ. Эко аялал жуулчлалын нэвтэрхий тольд энэ төрлийн аялал жуулчлалын дараах гурван шинжийг онцолсон байна. Байгальд түшиглэсэн. Байгаль орчны мэдлэг олгох. Тогтвортой менежменттэй. Эко аялал жуулчлал нь дэлхий нийтийн жуулчлалын 20 хүртэлх хувийг эзэлдэг. Үүгээр зогсохгүй энэ төрлийн аялал нь олон оронд нутгийн иргэдийн орлогын гол эх үүсвэр, тусгай хамгаалалттай газруудын үндсэн санхүүжилт болж байна. Монголд байгалийн аялал жуулчлал их хөгжихийн сацуу “эко аялал жуулчлал” гэдэг нэр томьёо түгээмэл хэрэглэгдэх болсон. Гэсэн хэдий ч шалгуур үзүүлэлтүүдийг хангахаас илүүтэйгээр “эко” гэдэг үгийг зар сурталчилгааны зориулалтаар нэр төдий ашиглах болсныг анхаарах нь зүйтэй.
Ц.Мөнхтуяа: Хүчин төгөлдөр гэрчилгээтэй байгаа улс төрийн 37 нам Дээд шүүхэд дахиж бүртгүүлэх шаардлагагүй
“Улс төрийн намын бүртгэл” сэдэвт уулзалт Улсын дээд шүүхэд өчигдөр зохион байгуулагджээ.  Тус хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид, Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ болон Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-ын төлөөлөл, мөн улс төрийн намын эрх бүхий төлөөлөгчид оролцов. Энэ үеэр байр сууриа илэрхийлсэн оролцогчид болон тайлбар мэдээлэл өгсөн Улсын дээд шүүхийн шүүгчдийн ярианаас тоймлон хүргэж байна. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа: Монгол Улсын дээд шүүх нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангахад л хамгийн гол анхаарлаа хандуулна гэсэн үг. Энэ нь өөрөө Үндсэн хуулийн агуулгатай зүйл. Тийм учраас Улсын дээд шүүх ямар нэг байдлаар хуулиар заагаагүй асуудлаар эсвэл журмаараа намуудад төвөг чирэгдэл учруулах ямар ч сонирхол байхгүй. Харин Улс төрийн намын тухай шинэ хуультай холбоотой хууль хэрэглээний нэгдмэл ойлголтыг буй болгох хэрэгтэй гэж бодож байна. Хуулийг Дээд шүүх, УБЕГ, СЕХ өөр өөр янзаар ойлгодог байж ерөөсөө болохгүй. Энэ ойлголтын зөрүүд чирэгдэх хүмүүс бол улс төрийн намын гишүүд, байгууллага болох гээд байна. Тиймээс л ойлголтоо нэгтгээд, дагаж мөрдөх журмаа  тодорхой болгоод авбал цаг заваа хэмнэх ач холбогдолтой. Хуулийн этгээдийн Улсын  бүртгэлийн газрын дарга Ж.Аюуш: Улс төрийн намын нэрийн баталгаажуулалтын хуудас олгох, хяналтын дугаар олгох чиг үүрэг  нэгдүгээр сарын 1-нээс Улсын дээд шүүх рүү шилжсэн байгаа. Улс төрийн намын бүртгэл Дээд шүүх дээр хийгдээд нэр болон тамганы бүртгэл УБЕГ-т хийгддэг хоёрдмол асуудлыг нэг байгууллагад төвлөрүүлснээрээ ач  холбогдолтой болсон гэж үзэж байна. Монголын Социал демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сандуйжав: Өдгөө хүчин төгөлдөр гэрчилгээтэй байгаа 37 намын бүртгэлжүүлэлтийн асуудал Улсын дээд шүүхэд шилжлээ гэж байна. Тэгвэл одоо байгаа улсын бүртгэлийн гэрчилгээгээ дахиж шинэчлэх шаардлагатай юу. Түүний асуултад Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Ц.Мөнхтуяа “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагаж мөрдөх журмын тухай хууль долдугаар сарын 7-ны өдөр хамт батлагдсан. Энэ хуулийн нэгдүгээр зүйлд “Улс төрийн намын тухай шинэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн улс төрийн намыг дахин бүртгэхгүй” гэж заасан байгаа. Тэгэхээр намууд дахиж бүртгүүлж, гэрчилгээ авах шаардлагагүй. Харин долдугаар сарын 1-нээс хойш зургаан сарын дотор намын дүрмээ энэ хуульд нийцүүлээд шинэчлээд бүртгүүлэх ёстой” хэмээн хариулав. Хэлэлцүүлгийн зургуудаас:   Эх сурвалж: Монгол Улсын Дээд Шүүх
Швед улсыг НАТО-д элсүүлэх асуудлаарх Унгарын парламентын санал хураалтад Орбан хориг тавив
Унгарын парламент өчигдөр Швед улсыг НАТО-д элсүүлэхийг дэмжих эсэх асуудлыг санал хураалтаар шийдвэрлэх ёстой байсан ч ерөнхий сайд Виктор Орбаны эрх баригч Фидес намын гишүүд оролцоогүй тул хойшилжээ. Олон сарын турш энэ асуудалд саад учруулахгүйгээ НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчдад амлаж байсан ч Орбан эцсийн мөчид ийнхүү хориг тавьсан байна. Өнгөрсөн сард Туркийн парламент Шведийн гишүүнчлэлийг дэмжсэний дараа Унгар улс ганцаараа үлдээд байсан юм. НАТО-д шинээр гишүүн орон элсүүлэхийн тулд бүх гишүүд тус тусдаа дэмжсэн шийдвэр гаргах ёстой байдаг. Сөрөг хүчний санаачилсан өчигдрийн ээлжит бус чуулганыг ажиглахаар АНУ тэргүүтэй 16 орны төлөөлөгчид парламентын танхимд ирээд байжээ. Шведийн гишүүнчлэлийн асуудалд Унгарын эрх баригчид саад учруулж, удаасанд Өрнөдийн орнууд бухимдлаа илэрхийлцгээж байна. 2022 оны тавдугаар сард Швед улс НАТО-д элсэх хүсэлтээ гаргаж байсан юм. Гэвч Унгарын эрх баригчид тодорхойгүй шалтгаанаар үүнийг дэмжилгүй хойшлуулсаар байгаа. “Унгар улс Шведийн гишүүнчлэлийг дэмжсэн сүүлчийн улс болохгүй гэдгээ амлаж байсан. Гэвч энэ амлалт биелсэнгүй. Парламент дараагийн хуралдаанаараа батална гэдэгт бид найдаж байна” гэж Европын Холбооны дипломат албаны төлөөлөгч мэдэгджээ. Шведийн гишүүнчлэлийн асуудлыг энэ сарын сүүлээр болох парламентын ээлжит чуулганаар шийдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа тухай Фидес намын бүлгийн дарга Мате Кочис өчигдөр сошиал хуудсандаа мэдэгдсэн байна. Гэхдээ үүнээс өмнө Швед, Унгарын ерөнхий сайд нар Будапешт хотод уулзах ёстойг тэр сануулжээ. “Хэрвээ тийм чухал асуудал юм бол Шведийн тал энд ирж бидэнтэй уулзах хэрэгтэй. Тэд Турк улсад бас очиж байсан шүү дээ” гэж Кочис мэдэгдсэн байна. Унгарын сөрөг хүчний намын хэвлэлийн төлөөлөгч Мартон Томпос үүнийг Орбаны ашиг хонжоо хайсан үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. “Орбан үүссэн нөхцөл байдлыг дарамтлах боломж гэж үзэж байгааг бид мэдэж байна. Гэхдээ парламентын чуулганыг үл тоомсорлосон нь манай холбоотнуудын хүсэл, Унгар улсын аюулгүй байдлын ашиг сонирхлыг үл хүндэтгэсэн гутамшигтай үйлдэл юм” гэж тэр шүүмжилсэн байна.   Эх сурвалж: The Guardian
П.Сайнзориг: Дэлбэрэлтийн улмаас түрээсийн орон сууцанд орохоор болсон айл өрхөд 2.2-3.2 сая төгрөгийг олгож байгаа
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын дараах сэргээн босгох ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодрууллаа. -“Дүнжингарав” худалдааны төв орчимд болсон ослын дараах сэргээн босголтын ажил хэрхэн үргэлжилж байна вэ? -Нийслэлийн зүгээс гал түймрийн нөлөөнд өртсөн орон сууцнуудыг үе шаттайгаар сэргээн засварлаж байна. Гал түймэрт өртсөн 207 дугаар байрны хийц бүтээц, ашиглаж болох эсэхэд эцэслэн дүгнэлт гаргах 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажиллаж байна. Гуравдугаар сард дүгнэлт эцэслэгдэн гарна. Тухайн барилгыг үргэлжлүүлэн ашиглаж болно гэсэн дүгнэлт гарвал сэргээн засварлаж эхлэх юм. Сэргээн засварлах ажил нь хэрэг хянан шийдвэрлэх үйл явцын нэг хэсэг болдог. Тиймээс тухайн ослыг хянан шийдвэрлэх явцад аль нэг этгээд буруутай болох нь тогтоогдвол нөхөн төлбөрийг буруутай этгээдээс гаргуулна. Даатгалд хамрагдсан тодорхой хэдэн орон сууцны засварыг даатгал нь хариуцна. Энэ хугацаанд 207 дугаар байрны 60 гаруй өрхийн 190 орчим иргэнийг түрээсийн орон сууцанд оруулах ажил үргэлжилж, түрээсийн төлбөрийг олгоод байна. Мөн ёмкость дэлбэрч, мөргөсөн 830 дугаар байрны 200 орчим айл өрхийн орон сууцны цонх хагарсныг засварласан. Тухайн барилгын хийц бүтээцэд мөн дүгнэлт гаргахаар үзлэг шалгалт хийж байгаа. -Түрээсийн төлбөрт дунджаар хэдэн төгрөг олгож байгаа вэ? -Иргэд түрээсийн байраа өөрсдөө олох юм. Нийслэлийн зүгээс төлбөрөө төлөх нөхцөлийг нь бүрдүүлж өгч байгаа. Энэ хүрээнд 1-3 өрөө, тавилгатай байр түрээслэх сарын 2,200,000-3,250,000 төгрөгийг энэ оны есдүгээр сарын 20-н хүртэл байхаар тооцон олгож байна. Гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ. -Тухайн орон сууцны барилгуудыг цаашид ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарвал засварыг хэрхэн хийх вэ? -Эцсийн дүгнэлт гарсны дараа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гүйцэтгэгч компанийг шалгаруулж, гэрээ байгуулан, засварын ажлыг шуурхай гүйцэтгүүлнэ. Нийслэлийн харьяа инженер хангамжийн байгууллагууд ашиглах боломжтой гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа. Гэсэн хэдий ч хууль тогтоомжийн дагуу тал талын оролцоотойгоор бүх мэргэжлийн байгууллага ажиллан, дүгнэлт гаргах ёстой. -Цаашид энэ төрлийн аюул ослоос урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ? -Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо шиг хүн амын нягтаршил, барилга ихтэй байршлуудад стандартын бус хашаа, хайсыг буулгах, орц, гарцыг нэмэгдүүлэх замаар гал команд, түргэн тусламж цаг алдалгүй ирэх нөхцөл бүрдэнэ. Тиймээс Баянзүрх дүүрэг төдийгүй нийслэлийн хэмжээнд байгаа СӨХ, аж ахуйн нэгжүүдэд стандартын бус хашаа, хайсыг буулгах мэдэгдэл хүргүүлж байгаа. Хотын стандарт, барилгын норм дүрэм, хууль тогтоомжийг зөрчин, чанаргүй барилга ашиглалтад оруулж байгаа төрийн болон хувийн байгууллага, албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлага, ашиглалтад орсных нь дараа хариуцах СӨХ-ны үүрэг зэргийг тодорхой болгох шаардлагатай байна. Нөгөө талаас иргэд ч мөн хариуцлагатай байж, худалдан авч буй байраа стандартын шаардлага хангасан эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулж, дүгнэлтэд үндэслэх, орон сууцаа даатгуулах, СӨХ-дод шаардлага тавьж байх хэрэгтэй. Тал талдаа хариуцлагатай байх нь зүйтэй юм.   Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Итали улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар Ж.Пиккаррета томилогдон иржээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Италийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ. Цаашид харилцан сонирхсон салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.   Элчин сайд Ж.Пиккаррета улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг  идэвхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.  Уулзалтын үеэр “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Итали Улстай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.   Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Ж.Пиккарретад ажлын амжилт хүсэж, бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.   Эх сурвалж: ЕТГ-ын ХМА
БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл энэ сарын 26-29-нд болно
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 26-29-нд www.e.halamj.mn сайтаар явагдана. Уг шалгалтаас нийт 4,261 хүнийг сонгон шалгаруулна.  Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага: 18-39 насны буюу 1984 оны хоёрдугаар сарын 26-наас 2006 оны хоёрдугаар сарын29-ний өдрийн хооронд төрсөн байх Монгол Улсад хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй  БНСУ-ын Элчин сайдын яамны виз мэдүүлж татгалзсан хариу удаа дараа авсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй. Цахим бүртгэлийн системд бүртгүүлэх дэлгэрэнгүй зааварчилгааг энэ сарын 16-нд hudulmur-halamj.gov.mn болон monkor.net сайтад байршуулах аж.
Үта Абэ оны шилдэг эмэгтэй жүдоч болов
Эх сурвалж: IJF Парисын Их Дуулгын үеэр Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) -ноос шилдэг жүдочдыг шагналаа. Энэ шагналыг тус холбооны цахим хуудсаар үзэгчдийн дунд явуулсан санал асуулгаар тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд шилдэг эрэгтэй, эмэгтэй жүдоч, дасгалжуулагч, өсөж яваа од, оны шилдэг иппон зэрэг найман шагнал гардууллаа. Бүтэн сарын турш жүдо сонирхогчдоос санал асуулга явуулсны эцэст ялагчийг нь тодруулав. Хүүхдийн төлөө үйлс    Эх сурвалж: IJF Бага насны сургуулийн хөтөлбөрт жүдо заах болсныг нь үнэлж Ливаны жүдо бөхийн холбоог шагнав. Жүдо - Энх тайван   Эх сурвалж: IJF Дүрвэгчдийн багт энэ шагналыг олгов. Тус баг Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болон жүдогийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнд оролцсон билээ. Шилдэг агшин   Эх сурвалж: IJF Финландын жүдоч Марти Пуумалайнен Мастерсын аварга болсон агшныг сонирхогчид онцолжээ.  Шилдэг дасгалжуулагч    Эх сурвалж: IJF Жүдо төдийлөн хөгжөөгүй Финландын багийн амжилт эрс сайжирсан нь тус улсын шигшээ багийн дасгалжуулагч Рок Драксичтай салшгүй холбоотой. Өсөх ирээдүйтэй тамирчин   Эх сурвалж: IJF Залуучуудын дэлхийн аварга Дота Арайг ирээдүйтэй тамирчнаар тодрууллаа. Шилдэг эмэгтэй жүдоч   Эх сурвалж: IJF Дэлхийн дөрвөн удаагийн аварга Үта Абэ хоёр дахь жилээ дараалан оны шилдэг эмэгтэй жүдоч боллоо. 2019 оноос хойш дэвжээнд ялагдаж үзээгүй яваа 23 настай жүдоч Парисын Их Дуулгад оролцоогүй. Тэрбээр шагналынхаа үеэр видео бичлэг илгээж баярлаж байгаагаа илэрхийлсэн. Шилдэг эрэгтэй жүдоч   Эх сурвалж: IJF Дэлхийн хошой аварга болсон Гүржийн Тато Григалашвили хоёр дахь удаагаа шилдэг жүдочоор сонгогдлоо.  Шилдэг иппон Туркийн Хасрэт Бозкурт өнгөрсөн жилийн ДАШТ-д Бразилын Рафаэла Сильваг ялсан барилдааныг шилдгээр нэрлэв.   Эх сурвалж: IJF
Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Турк улсаас баривчилж, Монголд албадан авчирчээ
ЦЕГ “Авлигатай тэмцэх таван "Ш" ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааны хүрээнд бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, шалгагдаж байх хугацаандаа гадаад улсад оргон зайлсан “Г” гэгчийг Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж олж тогтоожээ.  Дээрх этгээдийг Бүгд Найрамдах Турк Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.    Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар