Datasets:
news
stringlengths 2
65.4k
| label
stringclasses 9
values |
---|---|
Киноны кадраас «Юрийн галавын үе» кино прокатад тавигдсныхаа дараах эхний амралтын өдрөөр хамгийн их орлого оллоо гэж Business Insider хэвлэл мэдээлэв. Хойд Америкт л гэхэд эхний амралтын өдрүүдэд 204,6сая доллар цуглуулж чадлаа. Гадаад орнуудын үзүүлэлт нь 307,2сая ам.доллар байв. Нийт кассын орлого 511,8сая ам.доллар болжээ. Энэхүү үзүүлэлт нь Universal кино компанийн дээд амжилт төдийгүй дэлхийн кино аж үйлдвэрийн томоохон үсрэлт боллоо. Үүнээс өмнө амралтын эхний өдрүүдэд 500 сая долларын босго давсан их мөнгө цуглуулж байсан түүх байхгүй. «Гарри Поттер ба үхлийн тахил: II хэсэг» 483сая долларын орлого олсноороо хоёрдугаарт явж байна. Universal компанийн дөрөвдүгээр сард гаргасан «Галзуу хурд7» кино харин эхний амралтын өдрүүдэд 147сая доллар цуглуулсан юм. Эхний амралтын өдрүүдийн орлого нь кино бизнесийн чухал үзүүлэлт бөгөөд тэр үзүүлэлтээр киноны прокатын хувь заяа шалтгаалдаг. Бэлтгэсэн Ш.МЯГМАР | урлаг соёл |
“Universal” кино компани Жадд Апатоугийн найруулж, “Lonely Island” гэдэг хошин шогийн хамтлагийнхны гол дүрүүдэд нь тоглож байгаа киног 2016 оны зургадугаар сарын 3-нд дэлгэцнээ гаргахаар төлөвлөсөн тухай The Hollywood Reporter мэдээлж байна. Шинэ киноны нэрийг одоохондоо өгөөгүй гэнэ. Кинонд инээдмийн жүжигчид Энди Сэмберг, Йорма Таккоме, Акива Шаффер нар тогложээ. Сүүлийн жилүүдэд гарч ирсэн баримтат киноны элэглэл нь шинэ кино болох ёстой. Энд Жастин Бибер, Кэти Перри нарын элэглэл хамгийн түрүүнд дүрслэгдэх аж. “Lonely Island” хошин шогийн хамтлагийнхан “Saturday Night Live” гэдэгт нэвтрүүлэгт оролцдогоороо алдаршсан юм. Бэлтгэсэн Ш.МЯГМАР | урлаг соёл |
Баз Лурманы бүтээж байгаа “The Get Down” хөгжмийн олон ангит кинонд Уилл Смитийн хүү Жейден тоглож байгаа тухай Variety мэдээлжээ. М.Найт Шьямаланы “Манай эриний дараа” (2013) кинонд тоглосон бага-Смит Өмнөд Бронкс дүүрэгт өссөн граффит зураач Маркус “Диззи” Киплингийн дүрийг бүтээх юм. Түүний дүрийн сонголтыг маш зөв хийсэн гэж найруулагч Лурман онцолжээ. “Үзэгчид Жейденийг багаас нь мэднэ. Жейден сүүлийн үед ажил их шаардсан ноцтой дүр бүтээх эрмэлзлэлтэй байгаа. Энэ дүр нь түүнийг мэргэжлийн жүжигчин болоход нь шалгуур болно” хэмээн Лурман ярьжээ. Олон ангит киноны үйл явдал 70-аад онд Нью-Йоркт өрнөх бөгөөд хип-хоп сонирхсон өнгөт арьстан өсвөр насныхны дүрүүдийг залуу жүжигчид бүтээх аж. “Sony Pictures Television”-ы “The Get Down” киног цувралуудыг Netflix үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Бэлтгэсэн Ш.МЯГМАР | урлаг соёл |
“No wonder Films” болон “Алтан хальс” холбооны хамтын бүтээл болох “Уран хас” баримтат кино Францын Марселийн баримтат киноны наадмын үеэр гарах гэж байна. Тус кино ирэх сарын 2 болон 4-ний өдөр дэлхийн бусад орны үзэгчдэд хүрэх юм. Залуу найруулагч Ш.Ихбаярын тус кинонд зураач Д.Дорждэрэм, зураач Г.Гэрэлхүү, зураач Н.Нассанбат нарын тухай өгүүлэх бөгөөд залуу уран бүтээлч гэр бүлийн өдөр тутмын амьдралыг элдэв чимэггүй дүрслэн харуулжээ. “Уран хос” кино өнгөрсөн оны 11-р сард Монголын урлагийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр “Тэнгис” кино театрт ганцхан удаа гарч байжээ. Ч.БОЛ | урлаг соёл |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа. Ингэснээр Монголын кино үйлдвэрлэгчид улсад ашиг орлогоо шударгаар төлөх, мөн чанартай уран бүтээлийн тоо өсөх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн кино театрууд кино үйлдвэрлэгчдэд давуу байдлаа тулгах явдал байхгүй болжээ. Зургаадугаар сарын байдлаар кино театруудад нийт 9 монгол кино гарсан бөгөөд 2015.5.15-ны өдөр нээлтээ хийсэн “Ар хударга” кино 339,906,000 төгрөгийн ашиг орлого олжээ. | урлаг соёл |
Алдарт “Цогт тайж” киноны сэргээн засварласан эх хувь болон дижитал хувилбарыг хүлээн авах ёслолын ажиллагаа ДБЭТ-т өнөөдөр боллоо. Энэ үйл явдал Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөний 80 жил, “Цогт тайж” киноны 70 жил, Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Францын “CNC” кино урлагийн төв нь хоёр улсын Засгийн Газрын хамтын ажиллагааны гэрээний дагуу “Цогт тайж” киноны эх хувилбарыг сэргээн засварлах ажлыг хэрэгжүүлж, киноны контратив хувийг сэргээн засварласан хувилбарыг 2011 онд манай талд хүлээлгэн өгсөн юм. Энэ удаа сэргээн засварлалт хийж, хуулбарласан 15 бүлэг, тоон хэлбэрт шилжүүлсэн хоёр хувь бүтээлийг өнөөдөр БСШУЯ-нд хүлээлгэн өгч байна. Энэ талаар БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ “Цогт тайж та бүхний мэдэж байгаачлан Монголын эртний киноны нэг. Франц улс кино урлагийн орон гэдэг утгаараа их онцлог. Манай улсад Кино урлагийн үндэсний төв хэмээх байгууллага бий. Энэхүү байгууллага кино сэргээн засварлах үйл ажиллагааг хариуцдаг. "Цогт тайж" киноны сэргээн засварлалтыг энэ байгууллага хийж гүйцэтгэсэн. Бид сэргээн засварласан цоо шинэ хувийг нь Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгөөд байна. Ингэснээр Монгол Улс хамгийн эртний киногоо өндөр технологиор сэргээн засварласан хувьтай боллоо. Бид зөвхөн дүрс бичлэг, дууны хувьд өндөр түвшинд сэргээн засварласан болохоос киноны хувьд өөрчлөлт ороогүй гэдгийг тэмдэглэж байна” гэсэн юм. Т.АНУ | урлаг соёл |
Зууны манлай бүтээл "Цогт тайж" МУСК-г Франц улсын "Кино сэргээх төв"-д тоон системд хөрвүүлэн, дуу дүрсний өндөр чанартай болгон шинэчиллээ. Энэ нь Монгол-Франц улсын соёлын харилцааны хүрээнд хийгдэж буй ажлын нэг бөгөөд Монгол улсад кино урлаг үүсч хөгжсөний 80 жил, “Цогт тайж” киноны 70 жил тохиож байгаагаараа онцлог юм. Долдугаар сарын 9-ний өдөр Францын талаас “Цогт тайж” киноны эх хувь болон тоон хувилбарыг Монголын талд хүлээлгэн өгөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагааны үеэр Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ив Дэлунэ хэлэхдээ: "Нийт 15 бүлэг дүрс, 15 бүлэг дууны хальс нийт 30 бүлэг хальсыг сэргээн засварлах ажил тэр дундаа хальс сэргээхэд нэлээд цаг хугацаа шаардсан учраас 3 жилийн дараа бэлэн боллоо" гэсэн юм. Одоогоос 70 жилийн өмнө тус кинонд ажиллаж байсан ахмад уран бүтээлчид, тэдний гэр бүлийнхэн ёслолын ажиллагаанд урилгаар оролцлоо. Сонирхуулахад, Монголын "Үндэсний Төв Архив"-т “Цогт тайж” кино нь негатив, контратив, лаванд, дуу дүрсний гэсэн таван төрлөөр хадгалагддаг бөгөөд ямар ч тохиолдолд анхны хувилбар болох негатив хальсыг гадагш гаргахыг хориглодог юм байна. Тиймээс хоёр улсын хамтын ажиллагааны гэрээний дагуу "Цогт тайж" киног сэргээн засварлаж, тоон системд хувиргах ажлыг гүйцэтгүүлэхээр киноны хоёр дахь хувилбарыг Франц руу илгээсэн байна. Францын “Кино Урлагийн Үндэсний Төв” нэг ангийн 8, хоёр ангийн 7 бүлэг нийт 15 бүлгийг Full HD, LCD зурагтаар гаргахад шаардлага хангахуйц болгон засварлажээ. 1945 онд "Цогт тайж" киног бүтээхэд тэр үеийн Монгол улсын жилийн төсвийн гуравны нэгтэй тэнцэх хөрөнгийг зарцуулсан байна. "Цогт тайж" кино нь Монголын кино урлагийн түүхэнд "Алтан үеийнхэн" хэмээн мөнхөрсөн мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадварыг сорьсон, нөр их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулсан гайхамшигт бүтээл юм. Эрхэм уншигч, үзэгч та "Цогт тайж" киног "Full HD" форматаар албан ёсны эрхтэйгээр "Боловсрол суваг" телевизээр долдугаар сарын 13-ны 21:00 цагаас хүлээн авч үзээрэй. Та бүхэн сайхан наадаарай. | урлаг соёл |
Хувцсыг зохицуулан өмсөж мэддэг залуу бол оймсыг хүртэл загварлаг хослуулан өмсөхөө мэдэх ёстой. Хэдий үнэтэй сайн гутал өмссөн ч оймстой тань зохицохгүй байвал ямар ч үнэ цэнэгүй муухай харагдана. Иймээс эрчүүд оймсоо хэрхэн яаж сонгож ѳмсѳх тухай хүргэж байна. Oxford Эрэгтэй хүнд болгонд байдаг Oxford гутланд хээтэй оймсыг өмсвөл илүү зохимжтой. Гэвч ажилдаа явахдаа хэтэрхий өнгөлөг биш бараандуу өнгийн хээтэй оймсыг өмсөөрэй. Хар өнгийн Oxford өмсөхдөө дан өнгийн оймс ѳмсвѳл илүү тохирожтой. Тод өнгийн оймсыг сонгон өмсвөл энгийн хувцаслалтанд илүү их өнгө нэмэн харагдуулна. Penny Loafer Бор өнгийн Penny Loafer-той хамгийн их зохицох оймс нь судалтай оймс юм. Өнгөлөг өнгийн судалтай оймстой хослуулан өмссөн тохиолдолд өмдөө бага зэрэг нугалвал илүү зохимжтой. Усан цэнхэр өнгийн Penny Loafer гутланд өнгө холилдсон оймс өмсвөл илүү хээнцэр харагдана. Sneakers пүүз (кэт) Цагаан өнгийн пүүзтэй ямарч өнгийн оймс зохицоно. Пиджакан хослолын доор цагаан өнгийн пүүз өмсөхдөө саарал, хар өнгийн болон саармаг өнгийн оймс өмсвөл илүү зохимжтой. Тод өнгийн өмдөн доор цагаан өнгийн пүүз өмсөхдөө өмднөөсөө илүү тод өнгийн оймсыг өмсөөрэй. Өнгөлөг өнгийн пүүзэнд адилхан өнгийн оймс эсвэл өмсөж буй өмднийхөө өнгөтэй оймс илүү зохино. Ингэхдээ өмднийхөө түрүүг тойгныхоо яс хүртэл нугалж өмсөөрэй. Бүх гутлын оймстой өмсдөг биш бөгөөд зарим нэг гутал оймсгүй өмсвөл илүү гоё харагддаг. Slip On Үдээс болон товч байхгүй Slip On гутлыг оймсгүй өмсөхгүйгээр хөлнийхөө ясыг хагадуулж өмсвөл илүү өндөр, зохимжтой харагдуулна. Boat Shoes Boat Shoes ч бас оймс өмсөхгүй өмсөөрэй. Дээрээ баантаглаж үдсэн арьсаар хийсэн энэхүү гуталны загвар өөрөө өвөрмөц тул заавал оймс өмсөх шаардлагагүй. Б.СОНИНБИЛЭГ | урлаг соёл |
“Мэдрэмжийн үдэш” нэртэй өвөрмөц оройг өнгөрүүллээ. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Б.Эрдэнэсолонгоор хаягласан энэ үдэш яруу найрагт дуртай, түүний шүлгүүдийг шимтэн уншдаг залуус цугларан анд нөхдийн халуун яриа, дурсамж, шүлгийн айзам хэмнэлийг “амьд”-аар нь сонсч мэдрэн, инээдтэй хөгжилтэй, энгийн дотно, эрүүл үдшийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Яруу найрагч Б.Эрдэнэсолонго “Гүзээлзгэний амьдрал”, “Зун шиг”, “Ихэл хатны найман цагаан домог” номуудаа хэвлүүлж олны хүртээл болгож байсан нэгэн. Түүний даруу төлөв зан, энгийн дотно гэр бүлийг уран бүтээлд нь дуртай уншигчид андахгүй. Хэзээ ч тайзан дээр гарч чанга дуугарч байгаагүй түүний бүтээлд дуртай олон уншигч цахим ертөнцөөр зарлан дуудсан “Мэдрэмжийн үдэш”-ийн урилгыг нь хүлээн авч хүрэлцэн ирсэн байсан юм. Б.Эрдэнэсолонгын багын найз, дотны анд “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан, найрагчийн гэргий МЗЭ шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ нар энэ үдшийн гол зочид байлаа. “Номын ертөнц” нэвтрүүлгээс санаачлан зохион байгуулсан энэ бяцхан арга хэмжээ хэлбэрийн хувьд ч, яруу найргийн үнэ цэнийг мэдрүүлж, мэдрэмж хөглөх талаасаа ч тэр цоо шинэ, дахин үзүүштэй үдшийг ирсэн бүх хүнд бэлэглэж чадсан юм. Дуучин Л.Энх-Амгалан дунд сургуулийн найм, есдүгээр ангид Б.Эрдэнэсолонготой хамтран зохиож байсан дуунуудаасаа дуулан сонирхуулж, пионерийн зуслангаас эхэлсэн нөхөрлөлийнхөө хөгжилтэй дурсамжуудыг ярьж, хүрэлцэн ирсэн дотны анд яруу найрагчид нь шүлэг хөглөж, зохиолч Х.Болор-Эрдэнэ “Хур бороо”-ны тухай дуу дуулан жинхэнэ сюрприз барьсан юм. Энэ үдшээс авсан мэдрэмжийг үүдэн дээр угтан авсан “Зун шиг” намрын бороо улам ч чимсэн билээ. Мөн энэ үдшийг чимэглэхээр энэхүү гэр бүлийн найз нар болох “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн яруу найрагчид, судлаач шүүмжлэгчдийн төлөөллүүд, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Хулан болон цахим ертөнцийн байнгын уншигчид нь өөрсдийн хүсэлтээр хүрэлцэн ирсэн байсан юм. Яруу найргийг зөвхөн тайзан дээрээс сонсож, номноос унших бус найрагчтайгаа нүүр тулан уулзаж, халуун дотно яриа өрнүүлэн, нэгэн гэр бүл мэт хүрээлэл үүсгэн сонсохын амтыг анх удаа мэдрэв. “Яруу найраг бол амьдрах арга биш. Яруу найраг бол жүжиглэх тайз биш” гэж хэлдэг Б.Эрдэнэсолонгын үнэн бөгөөд шимтэй мэдрэмжийг түүний дуу хоолойгоор сонсч, түүнтэй гар барилцан суугаад сонсохын ялдамд яруу найргийн мөн чанарыг ирсэн бүхэн жинхэнэ утгаар нь мэдэрч байлаа. Мөн хилийн чанадад суудаг түүний уншигчид ч бас энэ үдшийг сэтгэлээрээ хамт өнгөрүүлж, Б.Эрдэнэсолонгоос асуухсан гэж хүсдэг олон зүйлсээ, сэтгэлийн үгсээ бичиж илгээсээр байсан юм. Чамаас өөр хэн ч намайг Тийм ихээр зовоож байгаагүй Чамаас өөр хэнийг ч би Тийм ихээр хүлээж байгаагүй Өөр хэн ч намайг Чам шиг өвтгөж байгаагүй Өөр хэнийг ч би Чам шиг хайрлаж байгаагүй Ус шиг, цас шиг, мөс шиг, Гал шиг, салхи шиг чи минь... /”Чи” шүлэг Б.Эрдэнэсолонго/ Чи яг зун шиг Үс чинь ой шиг Нүд чинь шөнө шиг Чи яг зун шиг… Чиний хаашаа ч юм нэг л алхвал Төөрч мэдэх учраас Би чамайг одоо болтол Тэвэрсэн хэвээр … /”Зун шиг” Б.Эрдэнэсолонго/ зэрэг олон уншигчийн сэтгэлийг хөглөсөн сайхан шүлгүүдийг яг дэргэдээс нь сонсох завшаан олдсонд зочид олзуурхаж байлаа. “Мэдрэмжийн үдэш”-ийг UBS телевизийн “Номын ертөнц” нэвтрүүлгийн хамт олон зохион байгууллаа. Тун удахгүй бэлтгэсэн сурвалжлагыг тун удахгүй нэвтрүүлгээр нь хүлээн авч үзээрэй. Эрүүл уур амьсгал, төгөлдөр хуурын ялдам эгшиг, найз нөхдийн халуун дурсамжууд, бас энгийн дотно, элдэв дүрэмгүй ийм оройг яруу найрагчид үргэлжлүүлэн хийсээр байх болтугай. Т.МАША | урлаг соёл |
Бүх цаг үеэс сонгосон дэлхийн яруу найргийн дээж “Гурван зуун шүлэгт” антологи хэвлэгдэн уншигчдын гарт очлоо. Энэ антологийг эмхэтгэж сонголт хийсэн Соёлын гавьяат зүтгэлэн, яруу найраг Г.Мэнд-Ооёотой ярилцлаа. -Та саяхан “Бүх цаг үеэс сонгосон дэлхийн яруу найргийн дээж ГУРВАН ЗУУН ШҮЛЭГТ” нэртэй антологи гаргасан байна? Ийм антологи хийхэд мэдээж нилээд их цаг хугацаа, хүч хөдөлмөр орох байх? -Тиймээ. Би шүлэг зохиолд хорхойсч байх үеэсээ л өөрт сайхан санагдсан шүлгүүдийг тусгай дэвтэрт бичиж, түүнээ үе үе уншиж урам зориг авдаг байсан. Аандаа уг дэвтэр маань олон зуун шүлэгтэй болсон. Тэр ногоон дэвтэр энэ антологийн эхлэл юм. 2005 оноос эхлээд би “Дэлхийн шилдэг яруу найраг” нэртэй цуврал антологиуд хэвлүүлж эхэлсэн. “Оросын яруу найраг”, “Японы яруу найраг”, “Энэтхэгийн яруу найраг”, “Хятадын яруу найраг”, “Америкийн яруу найраг” гээд 10 ботийг гаргаад байгаа л даа. Цуврал маань цааш үргэлжилнэ. Ингээд би өөртөө яруу найргийн нилээд баялаг сан хөмрөгтэй болж, үүнийхээ дээжийн дээж 300 гаруй шүлгийг сонгож энэхүү номыг бүтээе гэж шийдсэн хэрэг. Их цаг хугацаа орсоон, гэхдээ тэр чухал биш. Өдгөө цаг үед нийгмийн оюун санааг ариусган тунгалагшуулахад сэхээтнүүд тэр тусмаа зохиолч, яруу найрагчид өвөр зуураа мөчөөрхөн шөргөөлцөлдөж довоо шарлуулж суухын оронд өөр өөрийн хүчин чармайлтыг гаргах цаг нь болчихоод байна шүү дээ. Үүнд оруулж буй миний өчүүхэн хувь нэмэр юм даа. -“Гурван зуун шүлэгт” хэмээх таны нийтлүүлсэн антологи “НТӨ 2000 оноос НТ 2000 он хүртэл” 4000 жилийн яруу найргаас дээжилсэн гэж байна. Барууны антологид ихэвчилэн Хомероос эхэлдэг. Түүнийг манай гаригийн анхдагч яруу найрагч гэж бичсэн байх нь бий. Тэгэхээр та Хомерийн өмнө хэн хэнийг тавьж байна бэ? -Гомерийг судлаачид НТӨ VII зуун хамруулдаг юм билээ. Гэтэл НТӨ XII-X зууны үеэс эхлэх Нанхиадын ард түмний дунд тархсан 3000 гаруй шүлэг дууллаас шигшиж Күнз мэргэний эмхэтгэсэн антологи болох “Шүлэглэлт ном” бол яахын аргагүй Гомероос өмнөх бүтээл юм. Тэгвэл хүн төрөлхтөний хамгийн эртний утга зохиолын бүтээл болох Вээдийн шастирыг барагцаагаар НТӨ ХХ зуунд хамруулдаг бөгөөд зарим сурвалжид үүнээс ч эрт үе, тухайлбал орчлон ертөнцийн ухамсарт тэмүүлэл үүссэн тэр цаг үед Вээд үүссэн гэж бичсэн байх нь тааралддаг. Иймээс Вээдийн шүлгээр антологио эхэлсэн юм. -Монгол бичгийн хэлний төлөвшил их л хожуу гэж зарим хүмүүс бичсэн байдаг. Гэтэл яруу найргийн орчуулга нилээд эрт гэх юм? Та юу гэж үздэг вэ? -Монголчуудын орчуулах эрдэм гэвэл, XIII зууны үеэс самгарди, перс, хятад, түвэд хэлнээс ном орчуулж байсан гэдэг. Юань гүрний их эрдэмтэн, яруу найрагч Чойжи-Одсэрийн орчуулсан Шантидевагийн “Бодь мөрийн явдалд орохуй” хэмээх гүн ухааны бүтээлийг 1305 онд орчуулсан зэрэг олон баримт бий. Тэгэхээр “Нууц товчоо” бичигдэж байх үед монгол бичгийн хэл, монгол шүлгийн дэг сургууль төлөвшсөн байжээ гэж үзэж болох юм. -Таны антологид монголчуудын орчуулгын аль үеийг хамарсан бэ? “Гурван зуун шүлэгт” хэмээх энэ антологид монголчуудын 300 орчим жилийн орчуулгын сан хөмрөгөөс дээжилсэн байгаа. -Тухайлбал? -Тухайлбал XVIII зууны Монголын их эрдэмтэн, гүүш, зохист аялгууч Цахар гэвш Лувсанчүлтэмийн орчуулсан Субашидын бадгаас дээжилж оруулсан зэргийг дурдаж болно. -Түвэд хэлний хувьд бол орчуулга нилээд эрт үетэй холбогдох нь ойлгомжтой. Бусад хэнээс эрт үед хэр орчуулж байсан бэ? -Өөр хэлнээс гэвэл, мөн Манж Чин улсын үеийн гүүш Лхавааны Ли Байн хоёр шүлгийн орчуулгыг оруулсан байгаа. -Таны эрхлэн нийтлүүлсэн антологи дахь шүлгүүд ямар ямар хэлнээс орчуулсан бүтээлүүд байна? -Монголчууд эрт үеэс самгарди, перс, хятад зэрэг хэлнээс орчуулж байсан тухай би хэлсэн. Өнгөрсөн зууны эхэн үеэс орос хэлнээс голдуу орчуулж байсан бол, сүүлийн жилүүдэд англи зэрэг олон хэлнээс орчуулах туршлага бий болжээ. Манай антологид англи, орос, хятад, хинди, испани, герман, франц, япон, түрк, мажаар, польш, недерланд, македони хэлнээс орчуулсан орчуулгууд бий. Ер нь антологийн шүлгүүдийн тал хувь эх хэлнээс нь орчуулсан байгаа нь онцлох зүйл мөн. -Дорнын гэхээрээ монголын яруу найраг орно. Та антологи бүтээхдээ монголын яруу найргаасаа оруулсан бололтой. Ямар шалгуураар оруулав? -Яруу найраг бүтээгээгүй ард түмэн байхгүйтэй адил, монголчууд яав ч бусад үндэстэнээс яруу найргийн сэтгэлгээ, ур, уянга, гүн ухаанаараа дутахгүй гэж би үздэг. Тиймээс ч уншигчдаа харьцуулан үзэх боломж олгох үүднээс Хүнннүгийн үеийн дуунаас эхлээд Нууц товчооны шүлэг, Чойжи-Одсэрийн шүлэг, Инжаннаши, Равжаа, Явуу, Цэдэндорж, Нямсүрэн, Дашбалбар хүртэлх арав гаруй зохиогчийг хүн төрөлхтөний яруу найргийн суутнуудтай эн зэрэгцүүлэн анх удаагаа гаргаж тавьлаа. -Өрнийн орнуудын яруу найргийн антологиудад монголын яруу найрагчдаас ордоггүй байсан гэсэн үг үү? -Өрнийн алдартай антологиудад монгол яруу найраг ордоггүй байсан нь манай утга зохиол өрнө дахинд танигдаагүй, орчуулагдаагүй, судлагдаагүй явдалтай холбоотой. Түүнээс биш, манай яруу найраг тэдний зиндаанд хүрэхгүйдээ биш. -Яаж батлах юм? -Харьцуулаад үзэх л хэрэгтэй. Грекийн яруу найрагч Хомер, Сапфогийн үед бидний өвөг нүүдэлчдийн зохиосон дуу шүлэг олдсоор л байна. Италийн Ф.Петраркагаас 50 жилийн өмнө, Английн анхны их шүлэгч Ж.Чосероос, бас Францийн яруу найрагч Ф.Вийоноос 100 орчим жилийн өмнө манай Чойжи-Одсэр олон алдартай шүлэг дууллуудаа туурвиж, орчуулга хийж байжээ. Америкад анхны яруу найргийн ном 1627 онд хэвлэгдэхээс гурван жилийн өмнө Цогт тайжийн шүлгийг чулуун номонд сийлсэн байх жишээтэй. Манай Данзанравжаа, Оросын суут А.С.Пушкин, сонгодог яруу найрагч Тютчев, Америкийн Эмерсон, Эдгар По нартай үе чацуутан төдийгүй, сэтгэлгээгээр ч, яруу найргаараа ч, соён гэгээрүлэх үйлсээрээ ч дутуугүй. Ийм л учраас би дэлхийн яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд өөрийн үндэстний яруу найргийг нилээд томоор гарган тавих мөрөөдлөө биелүүлж буй нь энэ юм. Зөв бурууг хойч үе шүүх буй заа. -Та яагаад антологио “Гурван зуун шүлэгт” гэж нэрлэсэн бэ? Монголчуудын цоморлиг бүтээж цогцлоох уламжлалд иймэрхүү нэр байдаг л даа. Миний антологид “Бүх цаг үеэс сонгосон яруу найргийн дээж” гэж тодотгосон байгаа. Миний хувьд анхны оролдлого тул энэ удаа 300 хүргэлээ. Дараа нь 500 шүлэгт, 1000 шүлэгт хэмээн нэмэгдэх магадлалыг бас бодолцсон юм. -“Гурван зуун шүлэгт” антологийг манайд буй дэлхийн яруу найргийн бүхий л сор дээж гэж үзэж болох уу? -Бололгүй яахав. Өдгөө хүртэлх монгол хэлнээ орчуулагдсан яруу найргаас дээжлэн сонгосон. Орчуулгын олон дуу хоолой, ур чадварыг харсан. Гэхдээ энэ бол зөвхөн миний л сонголт гэдгийг хэлэх хэрэгтэй. Жишээлбэл Г.Аюурзанын сонголтоос нилээд өөр болсон. Нөгөө талаар орчуулгын хязгаарлагдмал нөхцөлөөс шалтгаалан орхигдсон зүйл ч их бий нь мэдээж. - Г.Аюурзанын эмхэтгэсэн “Дэлхийн яруу найргийн сонгомол” гэдэг антологиос таны “Гурван зуун шүлэгт” юугаараа ялгаатай бэ? -Нилээд ялгаатай. Тухайлбал, Г.Аюурзанын антологи бол цөөн шүлгийг эс тооцвол бараг бүхэлдээ түүний өөрийнх нь орчуулга. Миний антологи бол 300 орчим жилийн тойрог доторх 60 гаруй орчуулагчийн бүтээлийг сонгосноороо онцлог. Тэгээд ч яруу найргийн орчуулгын олон туршлага, олон арга барил, хэл соёлын онцлогуудын нэгдэл болсноороо ялгаатай. Мөн сонголт нилээд өөр. Г.Аюурзанынх өрнийн яруу найргийг голлож буй бол минийхэд дорно өрнө хоёр бараг тэнцүү, магадгүй дорно нь арай түлхүү байгаа. Түүнчлэн Монголынхоо яруу найргийн гол төлөөлөлүүдээс дэлхийн суутнуудтай эн тэнцүүлэн гаргаж тавьсан даа. “Гурван зуун шүлэгт”-ийн бүтээлүүдээс хүргэж байна О.СОДНОМПИЛ "Амралтын шуудан" сонин 2013.9.28 | урлаг соёл |
Бүх цаг үеэс сонгосон дэлхийн яруу найргийн дээж ГУРВАН ЗУУН ШҮЛЭГТ хэмээх нэртэй шинэ антологи худалдаанд гарч, соёлт уншигчдын номын санд байраа эзлээд байна. Нийтийн тооллын өмнөх 2000 оны үеэс, нийтийн тооллын 2000 он хүртэл буюу нийт 4000 орчим жилийн хооронд зохиогдсон 300 гаруй шүлгээс энэхүү антологи цогцолж буй бөгөөд өрнө дорнын шилдэг яруу найраг эн тэнцүү орсноороо онцлогтой аж. Ингээд “Гурван зуун шүлэгт” антологи-оос орчуулгын бүтээлүүдийг хүргэж байна. Вээд - ээс НТӨ ХХ зуун Вээд нийтийн тооллын өмнөх хоёрдугаар мянган жилээс уламжлан туурвин цогцлоосон хүмүүний амин сүнсний гэгээрэл хийгээд үнэний бурханлаг чанарыг агуулсан хамгийн эртний шүлэг, утга зохиол, гүн ухаан, шашин, шинжлэх ухааны уг сурвалж юм. Эртний Вээдийн шастирт үгүүлснээр Бурхан Кришнагийн оюунлаг мөн чанарыг хүртэж дотоод эрчим хүчийг олсноор тэнгэрийн жаргалыг олох арга замыг заан айлдсан ажгуу. Вээдийн судраас үндэслэж “Махаабаарата”, “Раамаяна” хэмээх агуу туульсын бүтээлүүд зохиогджээ. Орчлон ертөнцийн ухамсарт тэмүүлэл хэзээ анх үүссэн, тэр цаг үед Вээд үүссэн гэж бичсэн байх нь тааралдана. Вээд гэдэг бол “мэдлэг” хэмээсэн утгатай үг. Аричууд Энэтхэгийн Инд мөрний хөндийд ирж, Энэтхэг-Ари үндэстний шинэ соёл иргэншил бий болсон цаг үеэс Энэтхэгийн соёл дахин сэргэж яруу найраг, ёс заншил, гүн ухаан, дотоод ертөнцийн үлэмж баян сан хөмрөгийг агуулсан хүн төрөлхтний түүх соёлын хамгийн эртний утга зохиол цогцолсон юм. Их арш Вьяасагийн найруулсан “Махаабхаарата” туульсын хэсэг болох “Бхагавата-гийта” дахь яруу найргаас нь төлөөлөл болгон хүн төрөлхтний яруу найргийн ууган дурсгалынх нь хувьд Вээдээс цөөн шадыг толилуулбай. *** Ухаант дээдэс гэдэг маань Угаасаа миний урьдах дүр юм Мэргэн ухаан, итгэл сүжиг нь Миний зүрхнээ бат оршсон юм. орчуулсан Ж.Гэндэндарам Хүннү дуу НТӨ II зуун Хүннү гүрэн хүчирхэгжин мандаж ахуй цагтаа үлэмж их соёлыг цогцлоож буй болгосны ул мөр нүүдэлчдийн төрт улс хийгээд овог аймгуудын ахуй амьдралаар уламжлагдан өнөө үед хүрч ирсний дотор цөөн дуу шүлэг тэмдэглэгдэн үлджээ. Хүннүгийн үеэс хэд хэдэн дуу шүлэг уламжлан ирсний нэг нь НТӨ 129,121 онуудад болсон хоёр удаагийн их тулалдаанд Хүннү гүрэн Килэн уул (Тэнгэр уул)Яньжи уулыг Хан улсад алдсан гунигт түүхээс үүдэлтэй зохиогдсон юм. Энэ дууг анх их түүхч Г.Сүхбаатар орчуулсан бөгөөд орчуулгын хэд хэдэн хубилбар буй. Энэ удаа хятадач Я.Ганбаатарын орчуулгыг сонгов. Тансаг сайхан Килэн уулаан алдаад би Таван хошуу мал минь өсөхөөн болив. Тэнгэрийн хаяанд сүүмэлзэх Тэртээх ууландаа яаж хүрэх билээ? Өнөр баялаг Яньжи уулаан алдаад би Үзэсгэлэнт хатад минь өнгө зүсээ алдав. Ямархан нутгийн зосоор одоо Яаж шүү хатад минь хацараа гоодох билээ? орчуулсан Я.Ганбаатар Рудаки 858-941 Перс хэлт уран зохиолд Рудаки хэмээх нэрийг ихэд эрхэмлэн дуудах болой. Түүний залуугийн шүлгүүд нь ордныхонд шижир алтаар үнэлэгдэж асан гэдэг билээ. Рудаки Арарат нутгаас олзлогдсон үзэсгэлэнт боол бүсгүйтэй холбоотой байсныхаа төлөө, сангийн нэгэн сайдыг “цатгаландаа бүү галзуур, цагаа болохоор чи ч өлсөнө” гэж шүлэглэн дайрсныхаа төлөө нүдээ сохлуулан хөөгдсөн гэх домогтой. Нүдгүй болсон найрагч зовлон бэрхийг ханатал амсч нэгэн шавийнхаа ачаар төрөлх Рудак тосгондоо эргэн иржээ. Тэрбээр тууль, газээл, рубай, магтаал гунигийн дуулал зэрэг мянга орчим шүлэг, “Камила Димна хоёр”, “Синдбадын ном” хэмээх хоёр том найраглал туурвижээ. *** Шанхны чинь сайхан үнэрийг үнэрлээд ч ханашгүй нь Шагнаач дээ, намайгаа мэлрэгийн уяхан уруулаараа Гишгэж өнгөрсөн элсний чинь ширхэг бүрд нь мөргөе Гэгээн өлмийн тоосноос магнайдаан адис авья Бэлзэгний чинь хээний мөр нь хүрсэн болгоныг Бичиг захиа шиг үнсэж, аминаас харам энрхийлье Ганцхан өдөр л хэрвээ биенд чинь шүргэж чадаагүй бол Гараан тас цавчуулнаа, тэр гунигт өдөр нь Уран шүлгээ аялаач гэж цэнгэхийг хүсэгч олон ч Уянга дуундаан ганцхан л чамайг дуулсаар дүүрье. орчуулсан С.Дулам Канэко Мисүзү 1903-1929 Японы нэрт бүсгүй яруу найрагч Канэко Мисүзү загасчны тосгонд төрж, хорин долоохон жил хорвоод амьдрахдаа зовлон гуниг, үхэл хагацал бүхнийг үзжээ. Хорин настайгаасаа шүлэг бичиж яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд “од” болон гарч ирэв. Богино хугацаанд түүний шүлгүүд нийтлэгдэж Японы өнцөг булан бүрээс захидал талархал ирж яруу найргийн “гүнж” хэмээн алдаршиж байсан ч нөгөө талд амьдралын зовлон бэрхэд байнга нэрвэгдэж нөхөр нь түүнийг шүлэг зохиох, захиа бичихийг ч хориглож байв. Тийн цэл залуухан 27 настай яруу найрагч “энэ шөнийн саран ямар тунгалаг, ямар гэгээн, ямар анир гүм юм бэ? Яг л миний зүрх сэтгэл шиг анир юм гээч” гэсэн эцсийн үгээ үлдээгээд амиа хорложээ. Төрсөн дүүд нь түүний 512 шүлгийн гар бичмэл хадгалагдан үлдэж нас барснаас нь хагас зууны дараа “Амилсан гүнж” болон дахин од мэт цойлон гарч иржээ. С.Хишигсүрэн япон хэлнээс орчуулж номыг нь Монголд хэвлүүлжээ. Зөгий ба бурхан Зөгий нь цэцгэн дотроо Цэцэг нь хашаан дотроо Хашаа нь газар дотроо Газар нь хот дотроо Хот нь Япон дотроо Япон нь ертөнц дотроо Ертөнц нь бурхан дотроо Тэгээд, тэгээд бурхан нь Жижигхээн! зөгийн дотроо орчуулсан С.Хишисүрэн Эмили Дикинсон 1830-1886 Америкийн нэрт яруу найрагч Эмили Дикинсон Массачүсетсийн Эмхерст хотод төрсөн. Түүний шүлгүүд амьд байхад нь олонд хүрсэнгүй. Харин нас барахад нь гэрээс нь 40 дэвтэр 1800 гаруй шүлэг олдсон байна. 1955 онд хэвлэгдсэн “Эмили Дикинсоны шүлгүүд” бол түүний яруу найргийг бүрэн эхээр нь, засаж өөрчлөөгүй хэвлэсэн анхны ном болно. Түүнээс хойш Америкт төдийгүй, утга зохиолын соёлт ертөнцөд Эмили Дикинсоны яруу найраг танигдан алдаршжээ. Ангаж цангахаараа л бид усны үнийг мэддэг Ангаж цангахаараа л бид усны үнийг мэддэг. Алс далайд гарахаараа л эх газрaa санадаг. Aз жаргалыг бид үхэл дуудахад л анзаардаг Амар амьдрахын чухлыг тулааны талбарт л мэдэрдэг. Өнгөрсөн дурсамжаасаа бид хайрыг oлж ухаардаг Өвөл болж аниргүй нөмрөхөд шувуудыг бид үгүйлдэг. орчуулсан Ц.Оюундарь | урлаг соёл |
Нобелийн уран зохиолын шагналтан Элис Мунро "Чи чинь ингэхэд хэн сэн билээ?" Уран зохиолын Нобелийн шагнал ухаарал төрүүлсэн, энгийн, уянгын өгүүллэгүүдэд очлоо. Тэр нь өдөөн хатгалт уу эсвэл хүний ердийн амьдралыг сануулсан хэрэг үү? хэмээн РИА Новости агентлагийн улс төрийн тоймч Дмитрий Косырев бичжээ. Фото: AFP 2013/ Peter Muhly РИА Новости агентлагийн улс төрийн тоймч Дмитрий Косырев Нобелийн уран зохиолын шагналтан болон шагналын хорооны талаар бичжээ. "Чи чинь ингэхэд хэн сэн билээ?" Дөнгөж сая 2013 оны уран зохиолын Нобелийн шагналын эзэн болсон Канадын зохиолч эмэгтэй Элис Мунрогийн өгүүллэгийн нэр юм л даа. Зураглалаа номын дэлгүүрээс үргэлжлүүлье. Уран зохиолд хамаатай Нобелийн хорооны мэдээг тэндээс өөр хаанаас авах билээ? Мэдээж, номын дэлгүүрт. Энэ бол дэлхийн аваргын ямар нэгэн тэмцээний шигшээг спорт-бааранд үзэхтэй адил зүйл билээ. Хөөрөл, хүлээлт, ялагчийг зарласны дараах агшин... Тийм зохиолч гэж байхгүй Ингээд, Москвагийн шилдэг хоёр номын дэлгүүрийн нэгээр шагайя. Оросдоо ч сүүлчийн дэлгүүр нь биш байх. Өмнөх жилүүдэд шагналтны нэр зарлагдангуут дэлгүүрийн ажилтнууд нэрийг нь самбарт бичээд зохиогчийн номнуудаас хүнд харагдахаар газар тавьдаг байлаа. Тэр нь худалдааг нь нэмэгдүүлж чаддаг байсан эсэхийг мэдэхгүй. Энд арван секундын өмнө уран зохиолын Нобелийн шагналтан тодорсон ч танил нэвтрүүлэгчийн хоолойгоор зарласан спорт-баарны үнэр ч алга...Тийм зүйл огт байсангүй. Энэ жилийн хувьд зураглал нэг л уйтгартай. Дэлгүүрийн менежерүүд интернэт нэлээн ухаж, овгийг нь Мунро эсвэл Манро гэж бичих үү хэмээн тодруулж байснаа тийм зохиолчийн бүтээл манай дэлгүүрт байхгүй, ирж ч байгаагүй гэж дуулгалаа. Нобелийн шагналтны ганц ч өгүүллэг алга. Англи хэлтэй орнуудын “дэлхийн нийслэлийн” номын дэлгүүрүүдэд ч байдал мөн л адил байх гэсэн сэжиг төрөх юм. Тийм л зохиолчийг сонгоод авчээ. Тиймээс Нобелийн хороонд та минь ээ, та нар юу бодож олоо вэ ? гэсэн асуулт тавимаар байна. Нобелийн уран зохиолын шагнал Сүүлийн жилүүдэд Нобелийн “хүмүүнлэгийн” гэгдэх “уран зохиол”, “энх тайван” номинацийн шагнал нь уран зохиолын шилдэг сонголт гэж санагдуулахааргүй болсон. Энх тайвны талаар хэлэх ч зүйлгүй, тэр нь нэн түрүүнд “гайхамшигт хүмүүсийн амьдрал” цувралыг санагдуулж байгаа. Тэд энх тайванчид уу эсвэл үгүй юу гэдэг нь өөр асуудал болно. Хороо нь дэлхийн уран зохиол судлаачдын нүгэлгүй ареопаг (Ареопаг нь (Англи хэл:Areopagus) Эртний Афины онц дээд шүүх юм. Шүүх ажиллагаа нь Ареопаг (Арес толгод) гэх газарт явагддаг байсан тул ийн нэрлэжээ) биш, тэд хойд Европын зах хязгаарын жижигхэн бүлэглэл болсон гэхэд хилсдэхгүй. Нэг үгээр, иргэншлийн (барууны) зах хязгаарын дуу хоолой гэсэн үг юм. Хороо өөрийн байдлын онцлогийг сайн мэдэрдэг учраас тодорхой шийдвэрээс зугтан бараг өдөөлт маягийн сонголт хийдэг нь эртнээс тодорхой болоод байгаа. Анти-өдөөн хатгалт уу? Уран зохил дахь өдөөн хатгалт нь нэн түрүүнд улс төрийн агуулгатай. "Нобелийг" Борис Пастернакт (1958 он) өгсөн сонгодог тохиолдол байна. Түүний хайр сэтгэлийн тухай агуу шүлгүүдэд биш, минийхээр бол түүний хамгийн муу бүтээл "Доктор Живаго" гэсэн романд нь, түүнийг тойрсон түүхэнд нь олгосон юм. Фото: AFP 2013/ Michal Cizek Нэр дэвшигчдийн жагсаалтад энэтхэг гаралтай, “дэлхийн иргэн” Салман Рушди байв. Шинэ "Жозеф Антон" номдоо зохиолч өөрөө зохиогчийн эрхээ бүдүүлэг харанхуйчуудаас хамгаалж, эцэст нь ямар дуулиантай учирсан санаагаа өгүүлсэн байгаа. Их хүчтэй зохиолч учраас Нобелийг түүнд өгөх нь хэтэрхий тодорхой хэрэг болно. Түүнтэй энэ тэнцэхээр зохиолч бол Харуки Мураками. Ингээд тэдний хэнд ч шагнал очсонгүй. Учир нь тийм сонголт зүгээр л уйтгартай байх байсан байлгүй. Уйтгартай биш сонголт гэдэг нь бүгд л одоогийнх шигээ суугаад “хороо юуг хэлээд байна вэ?” гэж тааварлахыг хэлэх байх. Өнгөрсөн оны сонголт ойлгомжтой байв. Хятадын зохиолчид сайн гэдгийг барууны иргэншил хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Жишээлбэл, шагнал авсан Мо Янь. Унших хэрэгтэй. Тэгээд л хороо энэ тухай өөрийн европчуудад, иргэншлийнхээ ахан дүүст сануулсан юм. Фото: REUTERS/ Ralph Orlowski Харин энэ жилийн хувьд... таах гээд үзье. Англо-саксийн байгаль дэлхийг шүтсэн үнэт зүйлс байгааг бидэнд сануулах гэсэн байгаа юм болов уу? Түүний мартаж болохгүй гэсэн юм уу? Өдгөө 82 настай Элис Мунрогийн бүхий л намтар үүнийг л өгүүлнэ. Гайхамшигт амьдрал: их сургууль, өөрийн номын дэлгүүр, олон хүүхэд, өгүүллэгүүд, түүврүүд... Канадаас өөр газар очиж байсан нь цөөхөн. Ингээд л болоо. Түүнийг шагнасан нь өдөөн хатгалага уу эсвэл эсрэгээр үү? Цэцгийн мандал дахь Хонин нүдэн цэцэг Хэдэн жилийн өмнө Нобелийн хороо номинацид нэр дэвшигчийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаны дараа хүмүүс шоглоом болгон шагналд яг таарах нэр дэвшигчийн хөргийг гаргасан байлаа. Тэр нь Өмнөд Африкаас гаралтай португаль-зулусс үндэстний эмэгтэй байсан бөгөөд Хойд Солонгост ажиллаж амьдардаг байв. Болдогсон бол уламжлалт биш сексийн баримжаатай, нэг хөлтэй байвал зүгээр байсан юм. Элис Мунрог сонгосон шалгуур нь яг тэр болж байна. Гэхдээ огт эсрэгээр. Ямар нэгэн ер бусын цэцэг биш зөвхөн Онтарио муж дахь нэгэн модон байшингийн цэцгийн мандлын хонин нүдэн цэцэг. Хонин нүдэн цэцэг бас хэрэгтэй гэдгийг Стокгольмын хороо анхааруулжээ. Элис юу бичсэн бэ? Хүний ердийн амьдралын ухаарал төрүүлсэн, ухаалаг, уянгалаг өгүүллэгүүд. Дүрсэлвэл жүжиггүй Чехов шиг. Тэрслүү, эр оронгүй хүмүүс байх албагүй. Дэлхийд Элис шиг зохиолчид бас хэрэгтэй. Элис Мунрог одоо шагналтай нь хамт унших нь улам ч таатай байх байлгүй. Ямар нэгэн амьдрал, ямар нэгэн зүйлд сургадаг шүү дээ. Фото: REUTERS/ Mike Cassese/Files Түүний намтраас хоёрын зэргийн онцлогыг аваад үзье. Тэрээр өгүүлэл бичдэг. Өгүүлэлүүд нь Канад, Америкийн олон сэтгүүлд хэвлэгддэг. Ийм маягаар муугүй амьдарч болно. Тэр сэтгүүлийн хүчирхэг давалгаа нь хэзээ нэгэн цагт бидэнд Чехов, Куприн, Бунин, Гринийг төрүүлсэн билээ. Тэд бүгд л өгүүллэгээр амьдарч байлаа. Харин одоо тэд Канадад төрж, тэнд уншдаг харин бидэнд үгүй болжээ. Элис Мунро Британийн Колумбийн их сургуульд зохиолч-резидентээр ажилласан юм. Жишээлбэл, одоо Москвагийн их сургуульд тийм тушаал байна уу? Хэрэв энэ удаа Нобелийн хороо ямар ч нийгэмд үнэлэхүйц сэхээтэн гэсэн давхарга байгааг, уг давхаргад ямар орчин хэрэгтэйг сануулж байгаа бол Нобелийн хорооны туршилт зөв болжээ. Дмитрий Косыревын материалыг орчуулан бэлтгэсэн Ш.МЯГМАР | урлаг соёл |
БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хегийн амьдралын түүх, улс төрийн тэмцлийг өгүүлсэн “Цөхрөл намайг хатуужуулж, Найдвар намайг урагшлуулдаг” хэмээн номыг монгол хэлнээ хөврүүлэн худалдаанд гараад байна. Энэхүү номыг дэд профессор Ж.Баттөр, доктор Г.Эрдэнэчимэг нар орчуулан, энэ сарын 09-нд БНСУ-ын Үндэсний баярын өдрийг тохиолдуулан нээлтийг нь хийжээ. БНСУ-ын 18 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөгч оны арванхоёрдугаар сард болсон бөгөөд Пак Гын Хе 50.1 хувийн саналаар ялалт байгуулсан. Ийнхүү Өмнөд Солонгос улсын түүхэнд анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсон юм. Пак Гын Хе нь тус улсын цэргийн дарангуйлагч байсан генерал Пак Жон Хигийн охин бөгөөд таван жилийн хугацаанд төрийн эрхийг барих юм. Пак Гын Хегийн Хөх ордонд /Ерөнхийлөгчийн ордон/ нүүж очсоноос эхлээд Ерөнхийлөгч болох хүртэлх түүний амьдралын жаргал, зовлонтой, сонирхолтой түүхийг “Цөхрөл намайг хатуужуулж, Найдвар намайг урагшлуулдаг” номноос уншаарай. Номыг "Интер" номын их дэлгүүрээр худалдаалж байгаа бөгөөд 15.000 төгрөгийн үнэтэй юм байна. Ч.БОЛ | урлаг соёл |
Архангай аймгийн харьяат нэрт яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэн буюу “Сумын заан” хэмээн алдаршсан яруу найрагчийн нэрэмжит “Яруу эгшиглэн 2013” яруу найргийн наадам өнөөдөр 12.00 цагаас Улсын Хүүхэлдэйн театрт эхэллээ. Энэ жил зургаа дахь удаагаа зохиогдож байгаа тус наадамд 30 хүртэлх насны залуу яруу найрагчдыг оролцуулж байгаа юм. Оролцогчдын бүтээлийг энэ сарын 17-ыг хүртэл хүлээн авсан бөгөөд дараагийн шатанд шалгарсан яруу найрагчдын нэрсийг өнөөдөр наадмын эхэнд зарласан байна. Т.ДАРХАН | урлаг соёл |
2013 оны уран зохиолын салбарын Нобелийн шагналаар Канадын богино өгүүллэгийн мастер Алис Мунрог шагнахаар болжээ. “Тэр бол Канадын болон дэлхийн уран зохиолд тодоор үлдэх хүн. Богино өгүүллэг гэж юу болохыг түүний номноос харж болно. Дэлхийн уран зохиолд содон өнгө нэмснийх нь төлөө дэлхий түүнийг мартах учиргүй” гэж Шведийн академийн нарийн бичгийн дарга Петр Энглунд ярьжээ. Өдгөө 82 настай Алис Мунрогын хамгийн алдартай зохиол нь “Эрхэм амьдрал”, “Жаргалтай бүжгийн сүүдэр” юм. Мунро нь өсвөр наснаасаа ном зохиол туурвиж эхэлсэн бөгөөд 1950 онд “Сүүдрийн багтаамж” нэртэйгээр түүвэр ном гаргасан нь хамгийн анхных нь ном байсан аж. Түүний шагналыг зургаан сая швед крон буюу 770 мянган фунтын шагнал дагалдаж байгаа билээ. Дашрамд дурьдахад 1901 оноос хойш олгож эхэлсэн уг шагналыг гардсан 13 дахь эмэгтэй зохиолч болон түүхэнд үлдсэн юм. Б.СYX | урлаг соёл |
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Санжаажавын Оюун “Ижилгүй цоохор морь” хэмээх үргэлжилсэн үгийн шинэ номоо өлгийдөн авчээ. Түүний энэ удаагийн номыг яруу найрагч Д.Баянтунгалаг ариутган шүүсэн бөгөөд “Мөнхийн үсэг” компанид хэвлүүлсэн байна. Энэхүү номдоо тэрээр “Костюмт багш”, “Бурханы унаа”, “Би цоохор морь” зэрэг 11 бүтээлээ уншигч олондоо дэлгэн барьжээ. Булган аймгийн Могод сумын харьяат яруу найрагч С.Оюуныг уншигч олон “Хорвоод ганцхан ээждээ”, “Үнсье чамайгаа” зэрэг олон сайхан дуу, “Тань руу нүүж явна” кино зохиол зэргээр нь сайн таних юм. Т.ДАРХАН | урлаг соёл |
Би чамайг өглөө ажилдаа явах, орой гэртээ харих бүртээ болзсон газраа хүлээдэг. Зуны бороонд норон, өвлийн хүйтэнд жиндэх ч зөвхөн чамайг ирэхийг хүлээдэг. Заримдаа чи түрүүлээд болзсон газраа ирэх ч намайг огт тоолгүйгээр орхиод оддог. Бүр чиний хойноос унан тусан, гараараа даллан гүйнэ. Харин чи харсан ч хараагүй мэт аашлан намайг орхин явдаг. Тэгээд л би дахиад чамайг удахгүй ирнэ гэж найдан болзооны газраа хүлээнэ. Чамайг хэзээ ирэхийг би мэдэхгүй. Учир нь чамд болзсон газартаа уулзах тогтсон цаг хугацаа гэж үгүй. Ингээд удаан хүлээсний эцэст чи арайхийн ирнэ. Гэвч өглөө, оройд чиний орон зайд би багтахгүй үлдэх нь бий. Тэгээд л дахин ирэхийг чинь хүлээх шаардлага гарна. Маргааш нь, нөгөөдөр нь, түүний маргааш гээд бүхий өдөр чамайг хүлээдэг. Гэвч чамайг хэзээ нэгэн цагт болзсон хугацаанд ирж, намайг болон бусдыг хүндэлдэг болно гэж үүнийг бичиж сууна. Заримдаа чамайг хүлээхээс залхан, намайг байнга хүлээж, хоол нэхэн зогсох нэгнийг сонгох ч их хотын түгжрэл харилцааг минь хөндийрүүлдэг. Тэгээд л чамайг хүлээхээс өөр аргагүйд хүрнэ. Хүлээлт цөхрөлөөр солигдох ахуйд чи ирнэ. Чамайг хүлээсэн. Олонтой өрсөлдөнө... Чиний орон зайд ороход ээж чинь хэтэрхий ааштай, -Баян уу? Тэгвэл мөнгөө өг. Цаашаа яваач...гээд байнга загнана. Харин аав чинь хааяахан тамхиа нэрж, дуугүй сууна. Гэсэн ч цаагуураа л нэг чадсан шинжтэй намайг байнга урагш, хойш чангаан “савчуулна”. “Аль насанд үйлдсэн үйл лайгаа одоо ингэж үүрч байгаа юм бол доо” гэхээсээ илүүтэй “Зохицуулаад өгдөг ч болоосой ” гэж өглөө, оройд чамайг хүлээхдээ бодох юм. Заримдаа ч бүр олны хөлд дарагдах шахан явахдаа “Зохицуулаад өгөөч, Ч.Энхбат аа” гээд л хашгирмаар болох юм. Гэвч “Хүн нэрээ, тогос өдөө” гэдэг үгтэй. Олны дунд “Автобус хүлээж, хүлээж нэг юм дотор нь багтана. Багтсан хойноо ур чадвар муутай жолоочийн ухалзуулах бүрт уначих шахна. Ууртай кондукторт дарамтлуулна. Залхаж гүйцлээ” гээд хашгиралтай нь биш. Чимээгүйхэн чихэж ороод л “Май эгч ээ, мөнгөө аваарай. Хариултаа авчих уу урагшаа явах гэсэн юм эгч ээ” гээд л кондукторт долигнох нь халаггүй юм болох юм. Хэрвээ автобус чамайг тогтсон цагтаа буудал дээрээ ирдэг байсан бол хүмүүст хичнээн амар байх бол доо. Даваа гаригт чамайг дахиад л хүлээнэ. Мягмар, лхагва, пүрэв, баасан гаригуудад мөн хүлээнэ. Учир нь чи болзсон цагтаа ирэхгүй. Б.ОЙНБИЛЭГ | урлаг соёл |
Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн ӨӨРИЙН ЭГШИГ шүлгийг хүргэж байна. Тэрбээр "Өөрийн эгшиг" шүлгээ 2010 онд гаргасан "Зөөлөн ай" цомогтоо уншсаныг дүрслүүлжээ. ӨӨРИЙН ЭГШИГ Хээр тал минь үес үесхэн чагнархана Хэн нэгнийг хүлээж, хэзээх цагийг анирлана Гэрэл сүүдэр хоёр уулзаад хагацахын зуурханд Гэтэлгэгч аялгууг хүлээж гэнэ гэнэхэн шүүрс алдана. Тандаа намайг ирэхийн таатай нэгэн мөчлөгт Талын уяхан эгшиг ингэ буйлж байсан, Хэцийн салхин шувуудын жиргээг над руу илгээсэн Хээр талын хамгийн зөөлөн аялгуунд би мэндэлсэн. Өвгөн буурал талынхаа уя туяхан ургамал, би Өвс бүхний шилбэнд салхин үлээж лимбэдэхэд Үүрийн бялзуухай өглөөн удиртгал дуулж жиргэхэд Үүлэн хөшигний цаанаас миний хүлэг янцгаахад Хос чавхдаст морин хуур шигээ хөглөгдөж Хорвоогийн дуут нэгэн биеэ гэдгээ мэдэрсэн Хоршин дуулах гэж тал минь намайг дуудсан, Хонгорхон дэрс бид хоёрыг та л хөг оруулсан. Нуурын хөвөөгөөр адуун туурай бөмбөрдөн өнгөрөхөд Нууцхан сэтгэлд морин хуурын хос чавхдас хөвчирч Гадсаа тойрох өнчин цагаан ботгоны буйлаанд Гархин эргүүлэг элэгдэхийн чимээ намайг урхидсан. Алсын ууландаа алтан гургалдайн дуу сондгойрвол Амгалан үдшийн сар аялгуун чимээгээр дутвал Аялагхан зүрхнийхээ зуун утсыг хөглөөд Ахуу их ятган аялгуугаараа аргадна, би Сэмэрсэн салхийг нийтгэхэд дуун чавхдас болсон Сэмхэн, намайг аав хуурдахад хуур гэдгээ мэдсэн Хүлэг морь толгой хаялан хазаарын амгай жингэнэхэд Хүслийн алсад морин хуурын хос чавхдас зурайсан. Амар амгалан талынхаа аялагхан чавхдас би Аанай л та яасхийж товшив, аясаар нь дуурсмуй Өвгөн буурал таныхаа үүр шөнийн зүүдийг манаж Өвсний чинь үндсэнд бүүвэйн дуу зохиож өгөмзэй! 1986 он Эх сурвалж: http://mend-ooyo.blogspot.com | урлаг соёл |
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюуны “Цахим болор цом” яруу найргийн наадмын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэр “Энэ жил цахимаар буюу интернэт хэлбэрээр яруу найргийн наадмыг хийхээр болсон. учир нь цахим орчинд бол ханаа ч шүлгүүдээ явуулах боломжтой бөгөөд тус наадам хоёр жилд нэг удаа зохион байгуулж байхаар болсон. Шүүгч дээр нь бүх яруу найрагчид ажиллана. Энэ онд бид 20 шилдэг шүлгийг шалгаруулна. Шүлгүүдийг арванхоёрдугаар сарын 25-ыг хүртэл бүртгэж авна. Нэг хүн гурван шүлэг явуулах боломжтой бөгөөд шүлгийн сэдэв чөлөөтэй байна” гэв. Н.БАТ | урлаг соёл |
“Бумбардай аргалд явсан нь”. Ийм нэртэй зурган номыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг дэмжин бүтээж, хүүхэд багачуудад бэлэг барьжээ. Номын нээлт өнөөдөр Төрийн ордонд болж байна. Хүүхдийн номын “хурим”-ыг Төрийн ордонд хийж буй анхны тохиолдол энэ биз ээ. Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр Хүүхдийн төлөө үндэсний газраас эрхлэн гаргаж буй “Бумбардай аргалд явсан нь” хэмээх энэхүү зурган ном 108 цуврал байх ажээ. Б.ЭНХ | урлаг соёл |
Канадын зохиолч Алис Мунро Нобелийн уран зохиолын шагналын эзэн боллоо. Канадын нэгэн жижиг хотын 82 настай, буурал үстэй зохиолчийг Нобелийн шагналын хороо “Орчин цагийн богино өгүүллэгийн мастер” хэмээн нэрлэжээ. Амьдралдаа алдсан ч үл сөхрөх бүсгүйчүүдийн хайр дурлал, амьдрал, итгэлийн тухай “нарийн ширхэгтэй” өгүүллэгүүд бичсэн Алис Мунрог XIX-р зууны Оросын богино өгүүллэгийн нэрт мастер А.П.Чеховтой зүйрлэж, Канадын Чехов гэх хүмүүс ч байгаа юм. Канадын Онтарио хотын Клинтон хэмээх жижиг сууринд нам гүмхэн амьдардаг Алис Мунро нэгэн өдөр унтаад сэрэхдээ Нобелийн шагналтан болсон байжээ. Охин нь түүнийг сэрээхдээ “Та шагнал авчихаж” гэсэн мэдээ дуулгажээ. Салахын аргагүй богино өгүүллэгүүд XIX-XX-р зууны эхээр ид дэлгэрч байсан богиго өгүүллэгийн төрөл тууж, үргэлжилсэн үгийн зохиолд байр сууриа алдаж, арын суудалд удаан суусан билээ. Алис Мунрогийн ачаар маш сонирхолтой өрнөлтэй, өвөрмөц дүрүүдтэй богино өгүүллэгүүд эргэн ирж байгаа аж. Түүний өгүүллэгүүдийн баатрууд голдуу ер бусын хувь тавилантай охид, бүсгүйчүүд бөгөөд бэлгийн хүчирхийлэл, азгүй гэрлэлт, хардалтаар өвчилсөн хайр, бүсгүй хүн бүрийн туулдаг хөгшрөлт зэрэг сэтгэл гутралын тухай өгүүлдэг. Дорнын уншигчид Алис Мунрог сайн мэдэхгүй, сонсоогүй байж болох ч англи хэлийг албан ёсны хэл болгон зарласан орнуудын уншигчид түүнийг эртнээс мэдэх билээ. Алис Мунрогийн уран бүтээлийн анд нөхөр, өгүүллэгүүдийнх нь редактор, хэвлэн гаргагч Дуглас Гибсон “Мунрогийн өгүүллэгүүд эгэл жирийн хүмүүсийн тухай эгэл жирийн өгүүллэг. Гэхдээ түүнд онгод бий” гэжээ. Алис Мунро Нобелийн уран зохиолын шагналтан болсон тухай мэдээ Канадад салхи шиг тарж, түүнд баяр хүргэсэн мэндчилгээ Твиттерт одоо ч тасраагүй байна. Алис Мунро 1931 онд Онтариогийн Вингхем хэмээх жижиг сууринд төржээ. (түүний олон өгүүллэгийн үйл явдал өрнөдөг газар) Алис Мунро өсвөр наснаасаа эхлэн өгүүлэл бичиж байсан бөгөөд өнөөг хүртэл хэдэн арван богино өгүүллэгийн түүвэр хэвлүүлжээ. Богино өгүүллэг бичиж, уран зохиол туурвих дуртай болсон нь санамсаргүй зүйл байв. Алис “Олон жил би зохиол бичихэд дадлага болно гэж бодож богино өгүүллэг бичсэн. Цаг нь болохоор зохиол бичих гэж тэр шүү дээ. Дараа нь би дөнгөх юм шиг санагдаад шаргуу бичих болсон. Богино өгүүллэг оролддог болсон маань хичээл зүтгэлийн минь ач юм шүү” хэмээн 2012 онд нэгэн ярилцлагадаа дурьдаж байв. Гэвч Алис 37-тойдоо “Dance of the Happy Shades,” хэмээх анхны түүврээ хэвлүүлсэн юм. Түүний 2001 оны “Hateship, Friendship, Courtship, Loveship, Marriage,” түүвэрт орсон “The Bear Came over the Mountain” өгүүллэгээс сэдэвлэсэн “Away from Her,” кино Оскарын шагналд нэр дэвшиж байв. Алис Мунро Нобелийн уран зохиолын шагналтан болсон Канадын хоёр дахь зохиолч юм. 1976 онд уг шагналын эзэн болсон Саул Беллоу хэдийгээр Канадын Квебэкээс гаралтай ч Чикагод өссөн болохоор бараг Америк зохиолч гэгддэг билээ. “Алис Мунрогийн өгүүллэгүүдэд баатруудын өдөр тутмын үйл явдлыг ихэвчлэн дүрсэлдэг ч хувь тавиланг өөрчлөгч агшин, холбоотой үйл явдлын гэрэл, мөнхийн асуулт үлдээдэг зэрэг нь яг л цахилгаан цахихтай адил” хэмээн Нобель Академи магтсан. Анхны нөхөртэйгээ гэрлэхээс өмнө тэрбээр Алис Лэйдлоу нэртэй байжээ. Тэр 1951 онд Жеймс Мунротой гэрлэж, Канадын Виктория муж руу нүүхдээ хоёулаа номын дэлгүүр нээсэн нь одоо ч байгаа аж. Тэд хоёр охинтой болсон ч нэг нь төрөөд удалгүй нас барж, Мунро Онтариод эргэн очжээ. Түүний хоёр дахь нөхөр Жералд өнгөрсөн дөрөвдүгээр сард нас барсан юм. Нөхрөө нас барсны дараахан Алис Мунро дахин зохиол бичээгүй. Алис Мунро өнгөрсөн жил хэвлүүлсэн “Dear Life,” хэмээх түүврээ хамгийн сүүлчийн бүтээл нь гэсэн юм. Алис Мунро 2006 онд дахин зохиол бичихгүй гэж байсан ч түүнээс хойш хоёр ном хэвлүүлснийг мэдэх нөхөд нь түүнийг уран зохиолоо орхиж байгаад итгэхгүй байгаа боловч энэ удаа Нобелийн шагнал ч түүний бодлыг өөрчлөхгүй гэнэ. Нобелийн уран зохиолын шагналыг дагалдаж, найман сая крон буюу 1.25 сая ам.доллар дагалдан ирдэг аж. Шведийн Алфред Нобелийн үндэслэсэн уг шагналыг 1901 онд өгч эхэлжээ. Харин Алис Мунро Нобелийн шагналтан болсон 13 дахь эмэгтэй юм. Нобелийн уран зохиолын шагналтнаар 2009 онд румынь гаралтай рерман эссэ зохиолч, Херта Мюллер шалгарч байв. 2010 онд уг шагнал Перугийн зохиолч Марио Варгас Льосад очсон бол 2011 онд Шведийн яруу найрагч Томас Транстромер хүртсэн юм. Харин өнгөрсөн жил Хятадын зохиолч Мо Янг Нобелийн уран зохиолын шагналтан болсон юм. Нобелийн уран зохиолын шагнал хэн нэг зохиолчийн аливаа нэг уран бүтээлд биш, утга зохиол, яруу найрагт амьдралаа, сэтгэлээ зориулсан уран бүтээлчийн насан туршийн хөдөлмөр, хичээл зүтгэлд хаяглагдан очдог. Нобелийн уран зохиолын шагналд жил болгон маш олон зохиолч, яруу найрагчид нэр дэвшдэгээс энэ удаа Америкийн зохиолч Жойс Кэрол Оутс, Филип Рот, Японы зохиолч Харуки Мураками нарын нэр багтжээ. Алис Мунро нэртэй зохиолчид шиг цахим ертөнц, Твиттерт хэлэлцүүлэг өрнүүлж, нийгмийн тулгамдсан асуудлыг хөндөж байсангүй. Гэвч эрдэнэ шишийн фермерч, зохиолч Алис Мунрогийн эгэл жирийн намтар түүнийг Нобелийн шагнал авахад саад болсонгүй. Алис Мунро “Намайг уран зохиолд дөнгөж дурлаж байх үед Канадын гэх цөөхөн зохиолч байсан бөгөөд дэлхийн уншигчид биднийг байдаг гэдгийг ч анзаардаггүй байсан. Харин одоо Канадын зохиолчдыг дэлхийн уншигчид мэддэг, биширдэг болж” хэмээн ярьсан байна. 82 настай Алис Мунро нас ахиж буйгаа огтхон ч тоодоггүй гэжээ. Тэр миний амьдралыг дүүргэдэг зүйл бол уран зохиол “Би алдсан оносон бүхэндээ харамсахгүй. Энэ бүхэн жам шүү дээ. Ямар ч байсан одоо байгаа маань үхсэнээс хавьгүй дээр. Би амьдралдаа хүссэн бүхнээ хийсэн. Энэ л намайг жаргалтай болгодог.” хэмээжээ. Nobelprize.org-д өгсөн ярилцлагадаа Алис Мунро 20 настайгаасаа хойш бичиж буй зохиолын ажилд цэг тавихаар шийдсэн гэжээ. “Би олон жил уйгагүй ажилласан. Одоо л амрах цаг ирж байх шиг байна. Гэхдээ бодлоо өөрчлөх эсэхийг хэрхэн мэдэх билээ? “ хэмээсэн байна. Н.ЭНХТУЯА Эх сурвалж: "NEWS WEEK"сонин №34 | урлаг соёл |
“Номтой нөхөрлөе” клубын XXI уулзалт өнөөдөр МУИС-ийн ОУ-ын Харилцааны сургууль дээр 12:00 цагаас болохоор болжээ. Тус уулзалтад манай цөөхөн эмэгтэй зохиолчдын нэг зохиолч Халтарын Болор-Эрдэнэ болон түүний нөхөр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Эрдэнэсолонго нар уригджээ. Энэ удаагийн уулзалтаар зохиолчдын гаргасан бүтээлүүдийн талаар болон ном уншихын ашиг тус, номтой нөхөрлөсөн түүхийнх нь талаар ярилцахаар болжээ. Уулзалтад хүссэн хэн бүхэн оролцох нээлттэй бөгөөд оролцохыг хүсэгчид 2000 төгрөгийг төлөх ёстой бөгөөд хүсвэл “Номтой нөхөрлөе” клубын хамт олонд ном хандивлаж болох аж. Та бүхний хандивласан ном аймгуудын хүүхэд залуус болон нийгмийн хэрэгцээт бүлгийнхэнд хүрэх юм байна. Д.БҮҮВЭЙ | урлаг соёл |
Байгуулагдаад 10 жилийнх нь ой энэ жил тохиож байгаа дуу бичлэгийн “Анир” студийн хамт олон Сүхбаатар дүүргийн 135-р цэцэрлэгийн хамт олонтой хамтран бага насны хүүхдүүдэд зориулсан дуу бүтээхээр шүлгийн уралдаан зарлажээ. Сүүлийн жилүүдэд хүүхэд багачуудын дуу ховор, бараг бүтээгдэхгүй байгаа болохоор тус студийн зүгээс олон сайхан дуу бүтээн нийгэмд хүргэхийг зорьжээ. Уралдаанд хүүхэд багачууд, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид гээд хэн дуртай оролцож болох бөгөөд хамгийн гол нь дууны шүлгийн утга санаа хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон байх шаардлагатай аж. Мөн хүүхдэд ойлгомжтой, хялбар, тод хэлэх боломжтой, богино үгтэй байх гэх мэт нилээд хэдэн шалгуурыг чухалчилж үзэх юм байна. Уралдаанд оролцох бүтээлийг энэ сарын 15 хүртэл anrrecords@yahoo.com хаягаар хүлээн авч, эхний гурван байрыг шалгаруулан таван зуун мянгаас нэг сая хүртлэх мөнгөн шагналаар шагнах ажээ. Д.БҮҮВЭЙ | урлаг соёл |
Нэрт соён гэгээрүүлэгч, дуун хөрвүүлэгч, утга соёлын нэрт зүтгэлтэн Хатагин Го.Аким “Шашдирын чуулган” хэмээх монголын түүхийн гол сурвалж бичгийг орчуулан гаргажээ. Чингис хааны алтан ураг, Монголын Ил Хаант улсын хаан Хасаны санаачилга удирдлагаар дэргэдийн эрх мэдэлт түшмэл Рашидаддин Фазлуллахын туурвин бүтээсэн эл шашдир бол Монголын нууц товчооны дараа орох монголчуудын, ялангуяа Чингис хааны түүхийн тулгуур бүтээл яахын аргагүй мөн билээ. Хатагин Го.Аким бээр эл шашдирын англи, орос эхийг тулган нягтлан ийн монгол хэлнээ буулгажээ. Тэрбээр “Их монголынхоо аугаа дайчин үеийн түүхийг цогцоор нь бүтээх гэсэн алтан ургийн Хасан хааны ариун мөрөөдөл олон зууныг өртөөлөн энэ бидний үе хүрч ирээд, зүрхэн толтод аугаа дээдсээрээ бахархах галын дөлийг өрвөлзүүлэн байхад Рашидаддин, Болод хэмээх хобрай, монгол хоёр мэргэний эл туурвил оюуны мэлмийд өрлөг түүхээ уудлан танихын уургын гогцоог уужимсган буй нь бахтайяа...” хэмээн Хатагины их бичээч уг номын өмнөтгөл –уялга үгэндээ бичжээ. Мөн уг бүтээлийн хуучин орчуулгад “судар” гэснийг монгол хэлний болон англи хэлний толь бичгүүдийг нягтлан “шашдир” буюу үеэс үед уламжлан ирсэн түүхийн бичиг гэсэн утгаар нь уг нэрийг сонгосон гэдгээ бас өмнөтгөлдөө дурдсан байна. Ийнхүү бид түүхээ эргэн харах, нягтлан унших нэгэн сайхан шашдир гардаж авлаа. Эрэгцүүлэх уншиж болгооно уу. "Шастирын чуулган" номыг Их дэлгүүрийн номын тасаг болон Интерномын дэлгүүрээр худалдаалж байгаа ажээ. О.НАРАН | урлаг соёл |
Дэлхийн ажил мэргэжлийн хамгийн том сүлжээ сайт ЛинкэдИн.ком-ыг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч Р.Хоффман болон энтрепренер Б.Каснокоа нарын бичсэн “Та өөрөө старт-ап компани” номыг монгол хэлнээ хөрвүүлжээ. Номыг Д.Ганзориг, Б.Батбаатар, Х.Энхбат нарын залуус хамтран орчуулж, “Арвис паблишинг” ХХК эрхлэн гаргасан байна. Энэхүү номын нээлт өчигдөр /11.07/ "Интер" номын их дэлгүүрт болжээ. “ Ажил мэргэжлийн талбар хурдтай өөрчлөгдөж байна, даяаршиж байна, улам өрсөлдөөнтэй болж байна. Ийм нөхцөлд хувь хүн зах зээлд хөл тавьж буй старт-ап компани(ихэвчлэн саяхан байгуулагдсан, хөгжлийн шатандаа яваа компани) шиг бодож үйлдэж чадвал бусдаас онцгойрч, ажил карьертаа амжилт олох болно гэдгийг зохиогчид олон сонирхолтой жишээгээр үзүүлсэн. Энэхүү бүтээлднэг талаас ажил карьертаа хэрхэн амжилтгаргах, нөгөө талаас Монголд хөгжиж эхэлж буй энтрепренершип гэх ойлголтыг сайн танилцуулж өгснөөрөө, энэ хоёрыг сэдвийг холбон бичсэнээрээ ихээхэн ач холбогдолтой, сонирхолтой болсон ” хэмээн орчуулагчид номынхоо гол санааг тайлбарлав. Нээлтийн үеэр мөн Монголын бизнесийн хөгжлийн холбооны зүгээс хэлэхдээ: “Ирээдүйд дасан зохицож, өөртөө хөрөнгө оруулж, карьераа ахиулах нь гэх дэд гарчигтай нэн шинэлэг уг номыг орчин цагийн мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид маань шимтэн уншаасай, дэлхийн шилдэг мэргэжилтнүүд, компаниудаас бидэнд сурах юм их байгааг олж харна гэдэгт итгэлтэй байна” хэмээв. “Та өөрөө старт-ап компани” ном өнөөдрөөс эхлэн номын дэлгүүрүүдээр 19,900 төгрөгийн үнэтэйгээр зарагдаж байна. Ч.БОЛ | урлаг соёл |
“Ногоон хатагтай” буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг “Ногоон ном”-оо олны хүртээл болгожээ. Дэлхийд нэгд орох томоохон цэцэрлэгт хүрээлэнг барихаар ажиллаж буй энэ эмэгтэй, “Эх дэлхийгээ ижий шигээ хайрладаг, Түүхт өв уламжлалаа үнэн зүйл хэмээн эрхэмлэсэн, Эгэл нэгт эрдэнэт хүмүүн танд зориулав” хэмээн номын нүүрэн дээр шигтгэсэн байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 1280 га газартай. Ийм том газартай цэцэрлэгт хүрээлэн дэлхийд байхгүй. Б.Саранчимэг дарга дэлхийд том тооцогдох цэцэрлэгт хүрээлэн барьж байгаа гэж ярихаар тухайн үед итгэх хүн тун ч цөөхөн байсан. Гэхдээ өнөөдөр байдал эсрэгээрээ. Нийслэлчүүдийн очиж, зугаалах, амрах дуртай газрын нэг нь энэ газар болоод байна. Нийслэлийн агаарын бохирдол, хөрсний элэгдэл, усны урсацад хувь нэмэр болж буй энэ цэцэрлэгт хүрээлэнгийн дарга үнэхээр эх дэлхийгээ хайрласан, ногоон ирээдүйг бий болгохоор зорьж, зориглож буйгаа илэрхийлж, энэхүү номоо гаргасан бололтой. Э.ЗУЛ Эх сурвалж: www.mminfo.mn | урлаг соёл |
"Үүлэн бор" тэргүүт үлгэрийн номууд Улаанбаатaрын номын дэлгүүрүүдэд хангагдсан байна. “Орчлонгийн сайхан хүүхнүүд” хэмээх дууны үгийг бичсэн орчуулагч, яруу найрагч Жамсрандоржийн Оюунцэцэг орчуулгын бүтээлүүдээ эмхэтгэн, дахин хэвлүүлж эхэлсэн бөгөөд арван боть болгох төлөвлөгөөтэй байгаа аж. Тэртээ 27 жилийн өмнө орчуулсан, тухайн үед Радуга хэвлэлийн газрааc эрхлэн гаргаж байсан орос ардын шидэт үлгэрийн түүвэр “ҮҮЛЭН БОР”-оо засаж найруулан хэвлүүлсэн байна. Уншигч хүүхдүүдийг нэгэн цагт үлгэр домогт дуртай болгон, ном унших сонирхлыг нь оргилуулж байсан энэ сайхан бүтээл өнөөгийнуншигчдын сэтгэлийг татаж, номонд дурлагсадын хүрээг тэлэх нь лавтай юм. Мөн Оросын зохиолчдын үлгэрийн түүвэрболох “УЛААХАН ЦЭЦЭГ” хэмээх түүвэрт нь оросын яруу найргийн тэнгэр - нэрт яруу найрагч А.С.Пушкин, эрдэмтэн хэл шинжлэлч, далайчин, Орос орноороо хөндлөн гулдгүй аялан туулсан, алдарт цэргийн эмч Владимир Даль, гүн ухаантан, хөгжимчин Владимир Одоевский, гарамгай сурган хүмүүжүүлэгч Константин Ушинский зэрэг нэр цуут алдартнуудын зохиосон онц сонирхолтой үлгэрүүд орсон байна. Оросын суут хөвгүүдийн зохиосон энэ үлгэрүүд нь ухаалаг сайхан сэдэвтэй, сургамжтайгаас гадна эдгээр авьяастануудын гялалзсан онгод уншиж танилцсан хүүхэд бүрийн цог хийморийг сэргээн бадраах нь дамжиггүй юмаа. Харин “НИСДЭГ ХӨЛӨГ” хэмээх түүвэрт нь Украйн, Белорус, Молдав, Литва ардын ардын аман зохиолын сувдан сондор болсон үлгэр домгууд багтсан байна. Ж.Оюунцэцэг орчуулагч тун удахгүй Английн нэрт зохиолч Ж.Р.Р. Толкины "Хоббит", А.Толстойн "Буратино", Е.Сегалийн "Хүн яаж хүн болсон бэ" зэрэг номуудаа хэвлэн гаргахад бэлэн болоод байгаа ажээ. Ийнхүү нэг хэсэг ховордоод байсан хүүхдийн үлгэрийн номуудаар Улаанбаатaрын номын дэлгүүрүүдэд хангагдсан байна. Ч.БОЛ | урлаг соёл |
Өвөрмонголын яруу найрагч С.Оюунгэрэлийн урилгаар Хөх хотод зочилсон Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюун, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Б.Пүрэвдорж нарыг “Одон” телевизийн “Одод түгэх цаг” нэвтрүүлэгт хүндэт зочноор урьж тус бүрээр нь 25-45 минутын нэвтрүүлэг бэлдэхээр ярилцлага хийжээ. Яруу найрагч С.Оюунгэрэл нь Өвөрмонголд нэрд гарсан яруу найрагч, орчуулагч, БНХАУ-ын Монгол сэтгүүлийн гавьяат найруулагч бөгөөд тэрээр “Одод түгэх цаг” нэвтрүүлэгт оролцохдоо дээрхи зохиолчдыг урин оролцуулсан байна. Яруу найрагч Ш.Дулмаа, С.Оюун нарын шүлгүүдийг өвөрмонголчууд эртнээс мэддэг бөгөөд харин зохиолч Б.Пүрэвдоржийн “Могой боолт” роман уйгаржин бичигт хөрвүүлэгдсэн тул өвөр нутагт олон уншигчидтай номоор шалгарч байжээ. Д.БҮҮВЭЙ | урлаг соёл |
Британийн хөгжмийн хит жагсаалтыг албан ёсоор гаргадаг “Official Charts Company” чартын түүхэн дэх хамгийн алдартай уран бүтээлчдийг шинэчлэн гаргалаа. "Diamond Dozen" чансаа нь 12 уран бүтээлчийг хамарсан бөгөөд Хатан хаан II Елизаветагийн хаан ширээнд суусны 60 жилийн “Очир эрдэнийн” ойд болон Британийн синглийн чартын 60 жилд зориулжээ. Синглийн хамгийн анхны хит жагсаалт 1952 оны арваннэгдүгээр сард Хатан хаан II Елизавета хаан ширээнд суугаад хэдэн сар болсны дараа “New Musical Express” сэтгүүлд гарч байсан гэнэ. “Official Charts Company” компанийн чансаагаар Будант Альбионы чартын түүхэнд пянз нь хамгийн олон зарагдсан уран бүтээлчээр “The Beatles” хамтлаг шалгарсан байна. Сүүлийн 60 жилийн хугацаанд тэдний сингль Их Британид 21,9 сая ширхэг хувь борлогджээ. Чансааны хоёрдугаарт, Элвис Пресли (21,6 сая), гуравт Клифф Ричард (21,5 сая) тус тус бичигдэв. "Diamond Dozen" жагсаалтыг танилцуулъя. The Beatles - 21,9 сая Элвис Пресли - 21,6 сая Клифф Ричард - 21,5 сая Мадонна - 17,6 сая Майкл Жексон - 15,3 сая Элтон Джон - 14,8 сая Queen - 12,6 сая ABBA - 11,2 сая Дэвид Боуи - 10,6 сая Рианна - 10,4 сая Пол Маккартни - 10,2 сая Кайли Миноуг - 10,1 сая Ш.МЯГМАР | урлаг соёл |
“Hi-FI Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүр долоо хоног бүр борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг 10 цомгийн жагсаалтыг гаргадаг уламжлалтай. Өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 10 цомгийн жагсаалтыг танилцуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.hi-fi.mn сайтаас авч болно. 1. Х.Лхагвасүрэн “Харангын Лхагваа” цомог. Үнэ: 15000 төгрөг 2. Х.Лхагвасүрэн “Тэнгэрлэг андууд” цомог. Үнэ: 15000 төгрөг 3. “Алтан Ураг” хамтлаг “Made in AltanUrag” цомог. Үнэ: 8000 төгрөг 4. Д.Болд “Монгол поп” цомог. ҮНэ: 9999 төгрөг 5. “Никитон” хамтлаг “Нандин шүтээн” цомог. Үнэ: 15000 төгрөг 6. Л.Балхжав “Миний дуунууд-2011” цомог. Үнэ: 18000 төгрөг 7. “A Sound”хамтлаг “Зуун наст” цомог. Үнэ: 12000 төгрөг 8. Д.Ука “I’m in Love”цомог. Үнэ: 15000 төгрөг 9. н.Азхишиг “Азтай хүүхдийн дуу” цомог. Үнэ: 10000 төгрөг 10. Г.Тэнүүн “Picnic”цомог. Үнэ: 10000 төгрөг тус тус жагссан байна. М.Дөл | урлаг соёл |
Британийн дуучин Шерил Коул анхны соло аялан тоглолт хийх болсноо зарлажээ. Аялан тоглолт ирэх аравдугаар сард Белфаст хотоос эхлэх бөгөөд Их Британийн есөн хотод тоглох гэнэ. Ингэхдээ Шерил бүх дуугаар амьд хөгжимтэй дуулна гэдгээ онцолжээ. Аялан тоглолтын нээлт аравдугаар сарын 3-нд болж, 17-нд Ньюкасл хотноо өндөрлөх аж. Тоглолтод гурван соло цомогт нь багтсан хит дуунууд эгшиглэх гэнэ. Энэ долоо хоногийн эхээр iTunes-т байрлуулсан “Call my name” гэх шинэ дуу нь тэр даруйдаа жагсаалтыг тэргүүлэх болсон юм. С.Цэлмэг | урлаг соёл |
“Туурайн төвөргөөн 2012” шинэ хөгжим, ардын урлагийн олон улсын 14 дүгээр их наадам өнөөдөр 16.00 цагаас Монголын түүхийн музейд нээлтээ хийх гэж байна. Монголын шинэ хөгжмийн ассоциациас санаачлан жил бүр зохион байгуулдаг уг наадам энэ жил Улаанбаатар хот, Дорноговь, Өвөрхангай аймгуудад зургадугаар сарын 30-ныг дуустал үргэлжлэх ажээ. Наадамд ХБНГУ, Швейцарь, Австри, Бразил, АНУ,Франц, Монгол зэрэг найман орны нийт 50 уран бүтээлч оролцож, төмөр замаар “төвөргөөлөх” юм байна. Мөн тоглолтод СУИС-ийн Монгол хөөмэйн ангийн “Угсаатан”, “Тэнгэр”, Хөгжим бүжгийн коллежийн цохилуур хөгжмийн хамтлаг, “Саран хөхөө” театрын хамт олон оролцож уран бүтээлээ толилуулах юм байна. Д.ЖАРГАЛ | урлаг соёл |
Поп дива Ж.Алтанцэцэг буюу Алтаа " Чамтай хамт шүү би " хэмээн нэрлэсэн нэгэн шинэ уран бүтээлээрээ өөрийн фенүүддээ бэлэг барилаа. Ая зохиогч, продюсер Г.Гангын ая, шүлгээр бүтсэн энэ дуу түүний ирэх намар хийх тоглолтод эгшиглэх юм байна. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 1-нд эх үрсийн баярт зориулан “Ногоон орчин бидний ирээдүй” хандивын тоглолт хийсэн бөгөөд энэхүү тоглолтынхоо дараагаас л ирэх намар хийх бие даасан томоохон толголтынхоо бэлтгэл ажилд орсон билээ. Поп дива Алтаа сүүлийн таван жил тоглолтоо хийгээгүй орхигдуулаад байсан ч энэ удаад уран бүтээлээрээ тэсрэлт хийхээр ийнхүү эртнээс бэлтгэлдээ орсон аж. Мөн мэргэжлийн дуурийн дуучин тэрбээр тун удахгүй поп опера цомгоо гаргах гэнэ. Поп дива, дуучин Ж.Алтанцэцэгийн "Чамтай хамт шүү би" дууны клипийг ЭНД дарж үзнэ үү. Г.ДАША | урлаг соёл |
“Камертон 2” шоунд олон олон онцлогтой залуус орж байгаагийн нэг нь 309 дугаартай оролцогч Ц.Зэндмэнэ-Эрдэнэ. Түүний амьдралыг “Камертон” хамтлаггүйгээр төсөөлх аргагүй гэнэ. Учир нь оролцогч маань “Камертон” хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч байхаас гадна тус хамтлагийн бүхэл бүтэн түүхийг өгүүлэх гэрэл зураг, цомог гээд тэртээх он жилүүдэд сонин хэвлэлд гарсан материалуудыг нь хүртэл цуглуулаад амжсан юм байна. Тэр ч бүү хэл “Камертон” хамтлагийн залуус болон хэвлэл мэдээлэлийнхэн хүртэл түүний цуглуулгаас ашиглах материал гуйдаг гэсэн шүү. Харин Ц.Зэндмэнэ-Эрдэнэ “Камертон” хамтлагийн үнэч шүтэн бишрэгч байгаад зогсохгүй муугуй дуучин гэдгээ шоуны хоёрдугаар шатны тайзнаа Б.Бадар-Ууган агсны “Дэлхий ээж” дууг өөрийнхөөрөө дуулан батлаад амжсан шүү. Энэ удаагийн зочин шүүгчээр “On"Off” продакшний найруулагч С.Ононбат ажилласан бөгөөд тэрбээр оролцогч Ц.Зэндмэнэ-Эрдэнийг рок попынхонтой хамтарч ажилладагаар “i.Net” сайтын сэтгүүлч, гэрэл зурагчин гэдгээр нь мэддэг болохоос түүнийг дуулдаг гэдгийг одоо л мэдэж авлаа хэмээн гахйаж байсан шүү. Гэхдээ тэрбээр энэ даваагаа амжилттай давсан. Оролцогч Ц.Зэндмэнэ-Эрдэнэ яг л өөрийнхөөрөө энэ дууг донжыг нь тааруулан дуулж, шүүгчдээс биднийг дэлхий ээжийн өвөр дээр бүүвэйллээ хэмээн “сайн” гэсэн үнэлгээг авч дараагийн шатандаа тунан үлдсэн. Ямартай ч түүний “Камертон” хамтлагийн тухай сан хөмрөгт нь багтах хамгийн надин бас үнэтэй дурсамж нь “Камертон 2” шоу болж байгаа биз ээ. Ингээд, 309 дугаартай оролцогч Ц.Зэндмэнэ-Эрдэнэ “Дэлхий ээж” дууг хэрхэн дуулсаныг ЭНД дарж үзнэ үү. Г.Даша | урлаг соёл |
Улаанбаатарт нээлтээ хийсэн олон улсын “Туурайн төвөргөөн 2012” урлагийн их наадмын багийнхан Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн нутгийг зорилоо. Наадамд оролцож буй ХБНГУ, Швейцарь, Австри, Бразил, АНУ, Францын уран бүтээлчид төмөр замаар аялж Монголын тал нутаг, говийн байгалийг сонирхох хүсэлт гаргасан тул 50 хүнтэй урлагийн багийг Сайншандад галт тэргээр хүргэхээр болжээ. “Туурайн төвөргөөн 2012” наадмын уран бүтээлчид энэ сарын 19-23-нд Догшин хутагтын нутагт саатаж Дорноговь аймгийн Сайншанд сум, Данзанравжаагийн музей, “Саран хөхөө” театрын туурь, Хамарын хийд, “Үлэмжийн чанар” дуу төрсөн Дэлхийн энергийн төв болох Шамбалын орон зэрэг түүх дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудад цуврал концерт, аялан тоглолт зохион байгуулах юм. Их наадмын үеэр Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрынхан тоглолтоосоо үзүүлж, дэлхийн орчин үеийн урлагийн төлөөлөл болсон хөгжимчидтэй хамтран говийн зуны академи сургалт, олон улсын бага хурал хийж, Шилмэл загвар компанийнхан шилдэг загваруудаа үзүүлэх ажээ. “Туурайн төвөргөөн 2012” их наадам дараа нь Өвөрхангайд үргэлжлэх юм. Д.ОЮУН | урлаг соёл |
“Алтан ураг” хамтлагийнхан ОХУ-ын Краснояск хотноо болох Ази Номхон далайн орнуудын бүсийн олон улсын дуу хөгжмийн фестивальд урилгаар тоглохоор болжээ. Тус наадамд дэлхийн алдарт хийлч Ванесса Мэй оролцох бөгөөд “Алтан ураг”-тай нэг тайзнаа гарах аж. Үүнтэй холбоотойгоор наадмын албан ёсны цахим хуудаст “Алтан ураг” хамтлагийн тухай дэлгэрнэгүй мэдээллийг байршуулжээ. Энэ удаагийн наадамд Сингапур, ОХУ, Япон, БНХАУ, Монгол, Шинэ Зеланд , АНУ, Мексик, Казахстан, Киргизстан, Энэтхэг, Непал, Филиппин, Туркменстан, Тажикстан зэрэг орны уран бүтээлчид ороцох бөгөөд уг наадам энэ сарын 25-наас ирэх сарын 4-ны хооронд ОХУ-ын Красноярск хотноо болох юм байна. Харин Алтан ураг хамтлагийнхан энэ сарын 24-нд Красноярскыг зорино. Г.Даша | урлаг соёл |
Монголын урлаг, тэр дундаа жазз хөгжмийн ертөнцөд өнгө төрхөө олж, байр сууриа эзэлсэн “Asian shop” хамтлагийнхан шинэ цомгийн ажилдаа оржээ. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард жазз стилийн “Asian shop the Jazz album” нэртэй анхны цомгоо өлгийдөн авсан юм. Харин энэ удаад “Монгол жазз” нэртэй цомог гаргахаар завгүй яваа гэнэ. Тэдний шинэ цомог монгол жазз стилийн 12 дуунаас бүрдэх гэнэ. “Asian Shop” хамтлаг нь Монголдоо төдийгүй Ази тивд жазз урсгалаар уран бүтээлээ туурвидаг анхны эрэгтэй хамтлагаар тодорч байсан бөгөөд 2010 онд Бээжин хотноо болсон Азийн 10 гаруй орны мэргэжлийн залуу уран бүтээлчид оролцсон “Ази тивийн шилдэг залуу уран бүтээлчдийг шалгаруулах наадам”-ын, дууны төрөлд шилдэг эрэгтэй хамтлагаар шалгарч, гран-при шагналыг эх орондоо авчирч байсан юм. Мөн тус хамтлагийн гишүүн жүжигчин, дуучин П.Бат-Ундрах “Гэгээн муза-2010” наадмаас “Хязгааргүй” жүжгийн Шөнийн хүний дүрээрээ “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн эзэн болж байсан билээ. Г.ДАША | урлаг соёл |
Амьдрал, уран бүтээлээ ятга хөгжимд зориулж, тив, дэлхийн тавцанд Монголын нэрийг цуурайтуулж яваа “Азийн ятгын хатан хаан” гэгдэх “Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ “Монгол ятга” төслийг санаачлан, хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн ажил одоогоор судалгааны шатанд явж байгаа гэнэ. Энэ хүрээнд дөрвөн төрлийн ятгыг сэргээн засварлахаар болжээ. Үүнд, ахуй, сонгомол их, хатан, монгол зэрэг ятга хийхээр төлөвлөж, зураг төслийг нь гаргасан байна. Монголчуудын ятга хөгжим урладаг арга технологи уламжлагдаж ирээгүй учраас хэрхэн, яаж хийхийг нь мэдэх хүн ховор, тиймээс энэ асуудлыг төслийн хүрээнд нэг мөр болгон шийдэх юм байна. Сонирхуулахад, Монголын нэрт хөгжмийн зохиолчдын олон арван бүтээлийг өөрийн орны болон олон улсын нэр хүндтэй симфони найрал хөгжмүүдтэй гоцлон тоглож байсан ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ анхны хос ятгатай клипээ хийлгэж байгаа гэнэ. Бүтээлийн найруулгыг “UP” продакшны ерөнхий продьюсер Н.Халиун найруулжээ. Монголд анх удаа хийгдэж байгаа хос ятгатай клипийг “Mongolian Music Agency”-гийн захиалгаар “V-Studio” хийж байгаа аж. “Азийн ятгын хатан хаан” гэгдэх “Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнийн зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү Г.ДАША | урлаг соёл |
Өчигдөр “Billboard шилдэг 200” цомгийн жагсаалтыг Америкын “R&B” дуучин од Usher "Looking 4 Myself" цомгоороо дөрөв дэх удаагаа тэргүүлжээ. "Looking 4 Myself" цомог нь түүний долоо дахь цомог бөгөөд худалдаанд гарсан эхний долоо хоногтоо л 128 мянган хувь борлогдсон байна. Түүний араас Канадын рок дуучин Rush-н "Clockwork Angels” цомог 69 долоо хоногт 103 мянган хувь борлогдсон амжилтаар хоёрдугаарт оржээ. Харин Британийн дуучин Adele-н “21” цомог нь гуравдугаар байранд орсон байна. Кантри урсгалын дуучин Josh Turner-н "Punching Bag" цомог нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 45 мянган хувь борлогдож жагсаалтын дөрөвдүгээрт оржээ. Түүний энэ цомог нь “Billboard”-н Шилдэг Кантри хөгжмийн жагсаалтыг тэргүүлж байжээ. Жагсаалтын тавдугаар байранд Их Британийн дуучин, дууны үг зохиогч Ed Sheeran-ны цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 42 мянган хувь борлогдсон амжилтаар бичигдсэн байна. Б.АНХТУЯА | урлаг соёл |
Канадын поп од Жастин Биберийн “Believe” цомог нь Их Британийн шилдэг цомог жагсаалтыг тэргүүлж эхэлжээ. Урьд нь уг жагсаалтыг Английн дуучин Шерил Коулын гаргасан гурав дахь цомог тэргүүлж байсан ч Биберт шахагдсан байна. Биберийн “Believe” цомог Шерил Коулынхоос ердөө 3000 ширхэгээр илүү борлогдож, шилдэг болжээ. Мөн Коул Их Британийн шилдэг “single” жагсаалтын тэргүүн байрыг ганцхан долоо хоногийн дараагаас “Maroon 5” хамтлагийн “Call My Name” дуунд гомдолтойгоор алдсан байна. Америкийн “Maroon 5” хамтлагийн “Payphone” single нь 141 мянган хувь борлогдсноор тэд анх удаа Их британийн шилдэг болж чаджээ. Залуу поп од Жастин Бибер хүүхэд байхдаа “YouTube” сайтаар дуугаа цацсан үеэс түүний нэр алдар өссөөр ирсэн билээ. Үүний дараа тэрбээр Америкийн “R&B” од Usher-тай хамтран ажиллах болсон. Биберийн гаргасан хоёр дахь цомог “Believe” нь төгс дуунуудтай гэж магтагдах болжээ. Харин Америкт түүний энэ цомог нь өнгөрсөн долоо хоногт 410 мянган хувь борлогдож, энэ жилийн анхны их борлогдсон цомог болсон байна. Б.Анхтуяа | урлаг соёл |
Амьд хөгжим сонирхогчдын хүсэн хүлээдэг наадам бол яах аргагүй Coke’n beat байдаг. Энэ жилийн хувьд тус наадам урьд жилийнхүүдээс үнэхээр чансааатай сайн хамтлагууд байна хэмээн зохион байгуулагч зүгээс онцолж байна. Наадмын нээлт төв зам дагуу парадаар эхэлж, бүртгэл дуусахаас өмнө басс гитарчид, соль гитарчид, дуучид, бөмбөрчидыг цуглуулан клиник тоглолт зохион байгуулж хамтлагуудад дутуу гишүүнээ цуглаан дээрээс “олж авах” боломжийг бүрдүүлээд авсан. Энэ жилийн Coke’n beat наадмын М-СИ-ЭС КОКА КОЛА Компани, Ямаха брэнд, Боловсрол суваг тв хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа бөгөөд наадмын ялагч Гранпри авсан хамтлаг Asian beat олон улсын наадамд оролцоод зогсохгүй хамтлагтаа иж бүрэн хөгжимтэй болох аж. Ингээд өнгөрсөн долоо хоногт шалгарсан шилдэг найман хамтлагийг танилцуулая. Clown scream Rec On UFO Rulers Power band The fix Blind hold Солонго Тун удахгүй шилдэг 4 хамтлаг тодрох бөгөөд өөрсдийн дуутай “COKE’N BEAT Best 2012” цомгоо гаргаж 7-р сарын 13-нд наадмын албан ёсны хамтрагч River Beach амралтын газрын задгай талбайд голын эрэг дагуу жинхэнэ амьд орчинд амьд хөгжмийн мэдрэмжийг хүргэхээр тоглолт хийх юм байна. Наадмын ерөнхий шүүгч Р. Мөнхсайхан хэлэхдээ “Coke’n beat наадам бол жирийн нэг наадам биш. Энэ бол залуучуудын хүсэл мөрөөдлийг жинхэнэ утгаар нь биелүүлдэг наадам. Бид шинэ өнгө төрх, шинэ дуу хоолой, шинэ залуу хамтлаг дуучдыг дэмжиж цаашид хөгжих боломжийг нь бодлогын хувьд ч санхүүгийн хувьд ч бүрдүүлж ажиллаж байгаа” хэмээн онцоллоо. | урлаг соёл |
“Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүр долоо хоног бүр борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг 10 цомгийн жагсаалтыг гаргадаг уламжлалтай. Өнгөрсөн долоо хоногийн шилдэг 10 цомгийг танилцуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.hi-fi.mn сайтаас авч болно. 1. “A Sound” хамтлаг “Зуун наст” цомог. Үнэ: 12000 төгрөг 2. Л.Балхжав “Миний дуунууд-2012” цомог. Үнэ: 18000 төгрөг 3. “Алтан Ураг” хамтлаг “Blood” цомог. Үнэ: 10000 төгрөг 4. Х.Лхагвасүрэн “Тэнгэрлэг андууд” цомог. Үнэ: 15000 төгрөг 5. Д.Болд “Монгол поп” цомог. Үнэ: 9999 төгрөг 6. “Никитон” хамтлаг “Нандин шүтээн” цомог. Үнэ: 15000 төгрөг 7. Д.Ука “I’m in Love” цомог. Үнэ: 15000 төгрөг 8. Х.Лхагвасүрэн “Харангын Лхагваа” цомог. Үнэ: 15000 төгрөг 9. Азхишиг “Азтай хүүхдийн дуу” цомог. Үнэ: 10000 төгрөг 10. “A Sound” хамтлаг “Release” цомог. Үнэ: 8500 төгрөг М.ДӨЛ | урлаг соёл |
1994 онд анх байгуулагдаж байсан Английн нэрт хамтлаг “Spice Girls”-ынхан эргэн нийлж мюзикл гаргах гэж байгаа тухайгаа зарлалаа. Хамтлагийн гишүүд болох Милани Браун, Виктория Бэкхэм, Эмма Бантон, Жери Холлиуэлл, Мелани Чисхолм нар мягмар гаригт Лондон хотноо цугларч, 1990 ээд онд сонсогчдыг байлдан дагуулаад байсан “Viva Forever” дууныхаа нээрээр нэрлэсэн шинэ мюзикл гаргах гэж байгаа тухайгаа зарлажээ. “Viva Forever” мюзиклын зураг авалт Лондны “St. Pancras Renaissance London” зочид буудалд болох аж. Хамтлаг анх 1996 онд “Wannabe”дууныхаа клипийг тус зочид буудалд хийж байжээ. “Viva Forever" мюзиклийг Английн Мюзикл театрын нэрт продюсер Judy Craymer найруулан тавих юм байна. Түүнийг дэлхий даяар алдарт ABBA хамтлагийн “Мамма миа” мюзиклийг найруулан тавьснаар сайн мэдэх билээ. Уг уран бүтээл нь хамтлагийн гишүүдийн эргэн нийлж, шүтэн бирэгчиддээ барьж буй дэлгэцийн томоохон бүтээлүүдийн нэг болох аж. “Viva Forever" мюзиклд Spice Girls-ийн хамгийн хит болж байсан дуунууд орох аж. “Бидний хувьд энэхүү мюзикл нь манай хамтлагийн шилдэг бүтээлийн нэг болж байгаа бөгөөд 75 сая хувь хэвлэж дэлхий даяар худалдаална” хэмээн хамтлагийн гишүүн Милани Браун Associated Press агентлагт өгсөн ярилцлагандаа мэдээлжээ. Мюзиклд тус хамтлагийн “Say You"ll Be There, "Spice Up Your Life," "Viva Forever” гээд л хамгийн хит болж байсан дуунууд нь орох аж. Анх хамтлагийн гишүүд 1994 онд байгуулагдсанаас хойш хоёрхон жилийн дараа “Wannabe" нэртэй анхны тогллолтоо хийж байжээ. Түүний дараа 1998 он хүртэл бүрэн бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ хийж байгаад 2000 он хүртэл уран бүтээлээ хийхээ түр завсарлаж байсан байна. 2007-2008 онд тэд дахин нийлж өөрсдийн аялан тоглолтоо хийж байсан юм байна. "Viva Forever" мюзикл ирэх арван хоёрдугаар сарын 11 нд Лондны “Пикадилл” театрт нээлтээ хийн, гарч эхлэх юм байна. Э. Анхтуяа | урлаг соёл |
Попын хаан Mайкл Жексон таалал төгссөнөөс хойш гурван жилийн хугацаа өнгөрчээ. Энэ өдөр түүнийг дурсан санах гэр бүл, найз нөхөд, шүтэн бишрэгчдийнх нь дурсамж, хүндэтгэлийн үгс Twitter-ээр урслаа. Тэдний дундаас Майклын арван дөрвөн настай охин Парис олны хүндлэлийг хүлээсэн байна. Тэрбээр “Аав аа, та миний зүрх сэтгэлд үүрд орших болно. Тандаа хайртай” гэж бичсэн байна. Өнгөрсөн лхагва гаригт Парис Майкл Жексоны хуучин эхнэр Дэбби Ровынхаа хацар дээр үнсч буй зургийг нийтэлжээ. Харин Жексоны хамгийн бага дүү Рэнди “Гурван жилийн өмнө энэ л зургадугаар сарын 25-нд нас барсан. Би өнөөдөр өглөө 11-13.00 цагийн хооронд ах дээрээ очно” гэж бичсэн байна. Харин попын хааны том эгч Ла Тояа “Өнөө өглөө бүхнээс илүү гунигтай байна. Энэ өдөр миний дүүд үхэл ирсэн өдөр. Майкл бид чамд хайртай” гэжээ. Рэппэр Wiz Khalifa “Гурван жилийн өмнөх энэ өдөр дэлхий домогт хүнээ алдсан. Чиний дуу чамайг амьдруулсаар байх болно. Бүх зүйлд чинь баярлалаа” хэмээн бичсэн байна. Жастин Бибер бас Twitter-т Майклыг дурсан санасан үгээ бичжээ. Майкл Жексон 2009 оны зургадугаар сарын 25-нд өөрийн хувийн эмч Конрад Мюррейгийн бичиж өгсөн нойрны эмний тунг хэтрүүлэн хэрэглэж, нас барсан билээ. Түүний эмч Мюррей өнгөрсөн арваннэгдүгээр сард дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлж, ялаа эдэлж байгаа юм. Б.АНХТУЯА | урлаг соёл |
“Алтан ураг” хамтлагийнхан ОХУ-ын Красноярск хотноо болж буй Ази Номхон далайн орнуудын бүсийн олон улсын дуу хөгжмийн фестивальд урилгаар тоглохоор болсон юм. Уг наадам зургадугаар сарын 25-наас ирэх долдугаар сарын 4-ний хооронд ОХУ-ын Красноярск хотноо болох бөгөөд “Алтан ураг” хамтлагийнхан өнөөдөр тус наадмыг зорилоо. Наадамд дэлхийн алдарт хийлч Ванесса Мэй оролцох бөгөөд “Алтан ураг”-тай нэг тайзнаа гарах аж. Үүнтэй холбоотойгоор наадмын албан ёсны цахим хуудаст “Алтан ураг” хамтлагийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг байршуулжээ. Энэ удаагийн наадамд Сингапур, ОХУ, Япон, БНХАУ, Монгол, Шинэ Зеланд , АНУ, Мексик, Казахстан, Киргизстан, Энэтхэг, Непал, Филиппин, Туркменстан, Тажикстан зэрэг орны уран бүтээлчид оролцож байгаа аж. “Алтан ураг” хамтлаг ирэх долдугаар сарын 5-нд эх орондоо эргэн ирэх бөгөөд энэ үед бид тус наадмын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Г.Даша | урлаг соёл |
Яруу найрагч А.Тулгын үг, хөгжмийн зохиолч МУУГЗ Г.Бямбабаярын ая “Аргагүй хурдан монгол ажнай” дуу үзэгч, сонсогчдын хүртээл болоод удаагүй ч хурдан морь сонихогчдын аялах дуртай дууны нэг болоод байгаа билээ. “Арвагар хээр” холбооны 10 жилийн ойгоор анх үзэгчдийн хүртээл болсон энэхүү дуугаа СТА дуучин Л.Нарантуяа наадмын өмнө клипжүүлэхээр тун удахгүй Өвөрхангай аймгийг зорих гэнэ. Моринд хайртай монгол зон олны шүтлэгт хүлгийн нэг Арвай хээр моринд зориулсан эл уран бүтээлийнхээ тухай яруу найрагч А.Тулга “Халх Монголын домогт хүлэг Арвай хээрийн шинж төрх хийц, хэлбэр галбир, явдал давхиаг тодруулан хурд хүчийг нь шагшсан зүйрлэлүүдийг оруулсанаараа энэ хүлгийн тухай бусад дуунуудаас онцлог болсон” хэмээсэн юм. Морьтон монголчуудын онгод хийморийг дэврээж олны талархлыг хүлээгээд буй “Аргагүй хурдан монгол ажнай”-г хамтдаа дахин аялцгаая. Аргагүй хурдан монгол ажнай Үг: А.Тулга Ая: МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр Агуу хүчит арслангийн шинжтэй Арвай шиг нандин цэмцгэр хийцтэй Агаар зүсэх аадрын аянга шиг Аргагүй хурдан ажнай минь ээ хө Бутны үндсийг булгартал цойлсон Бул чулууг бутартал давхисан Босоо цагаан хиймориороо далласан Буяны тэнгэртэй Арвайхээр ээ хө Хурц яралзсан явдал давхиатай Хур их хүч чадалтай Хурмаст тэнгэрт халилдах бүргэд шиг Хосгүй хурдан бурханы хүлэг ээ хө Бутны үндсийг булгартал цойлсон Бул чулууг бутартал давхисан Босоо цагаан хиймориороо далласан Буяны тэнгэртэй Арвайхээр ээ хө Арвайн талын хурдан удамтай Аргамаг шандаст хүлгийн төгс шинжтэй Аргай нумнаас тавьсан дэлтэй сум шиг Алдарт хурдан шандаст хүлэг ээ хө Бутны үндсийг булгартал цойлсон Бул чулууг бутартал давхисан Босоо цагаан хиймориороо далласан Буяны тэнгэртэй Арвайхээр ээ хө 2012 он А.ЭНХЖИЛ ЭХ СУРВАЛЖ: WWW.TODMAGNAI.MN | урлаг соёл |
“Нюанс” хамтлагийнхан энэ сарын 18-22-нд Улаан-Үд хотын Филармоны концертын танхим болон Дульдрага, Могойтын район Агийн ройоны төв, болон Буриадын их театрт “Изабел” тоглолтоо амжилттай толилуулж, ОХУ-н болон Буриадын үзэгчдийг байлдан дагуулжээ. Тэдний тухай Улаан Үдийн “Байкал Daily” сайт, “Angelina” сонин хэвлэлүүд, “Агинский район” сайтуудад “Монголын хамтлаг дуучдаас анх удаа поп опера тоглолтыг бүрэн хэмжээгээр хилийн чанадад толилууллаа. Тэд бол мэргэжлийн дуурийн дуулаачид бөгөөд ДБЭТ-т ажилладаг Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ, Испани улсад аялан тоглож байсан. Тэдний урын санд Монголын эстрадын дуу болон дэлхийн шилдэг ари гээд 100 гаруй бүтээл багтжээ” хэмээн нийтэлсэн байна. Сонирхуулахад, “Нюанс” хамтлагийнхныг Агинский районы захирагч Владимир Цэдашиев ирэх долдугаар сарын 20-22-нд болох Буриадын их наадам “Алтаргана 2012”-д оролцохыг албан ёсоор урьжээ. Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү. Г.ДАША | урлаг соёл |
Монгол төрийн үндэсний их найрал хөгжмийн 50 жилийн ойн баярт зориулан цуврал арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Арга хэмжээний нээлт болгож, энэ сарын 16-нд "Монголын сайхан орон" нэртэй тоглолт Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад болох ажээ. Тоглолтод Монголын нэртэй хөгжмийн зохиолчдын томоохон бүтээлүүд эгшиглэх юм. М.Урин | урлаг соёл |
Халхын сайхан эрээс Харахад нар үнэртэнэ Хань бараа татаад Хайрлахад нүнжиг ханхална хэмээсэн яруу найрагч Батмөнхийн Чулуунцэцэгийн уран бүтээлийн тоглолт өнөөдөр “Монгол бөхийн өргөө”-нд болох юм байна. Тоглолтод Монгол Улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, МУСГЗ Ш.Дулмаа, Д.Нацагдоржийн шагналт А.Эрдэнэ-Очир, Ц.Хулан болон “Болор цом”-ын эзэн Ш.Лхамноржмаа, яруу найрагч Б.Болорцэрэн, Ш.Анхтуяа нарын яруу найрагчид оролцох аж. Мөн Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Х.Болормаа, МУСТА, хийлч Ч.Дэлгэрцэцэг болон МУСТА Я.Болорчимэг, Э.Чулуунчимэг нарын уран бүтээлчид оролцоно. Яруу найрагч Б.Чулуунцэцэг саяхан “Тунгалаг дарсны эгшиг” нэртэй яруу найргийн цомгоо өлгийдөн аваад байна. Ч.БОЛОР | урлаг соёл |
Сэтгэлд хоногшсон киноны хөгжмүүд өнөөдөр эгшиглэх гэж байна. Хаана гэвэл, Тусгаар тогтнолын ордонд 19.00 цагт. Улсын филармонийн симфони найрал хөгжимчид жил бүр дэлхийн шилдэг киноны хөгжмөөр “Cinema Night” хэмээх гайхалтай тоглолтыг хийдэг уламжлал хэдийнэ тогтжээ. Уламжлал ёсоор энэ жилийн “Cinema Night” тоглолт нь өнөөдөр болох юм. Сүүлийн үед тоглолтын цуваагаар тасрахгүй, хамгийн сайн дуугаралттай гэгдэж буй Тусгаар тогтнолын ордонд болох юм. Тоглолтод Оскарын шагналт, дэлхийн шилдэг киноны хөгжим эшиглэх нь ээ. М.Урин | урлаг соёл |
“Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүр долоо хоног бүр борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг 10 цомгийн жагсаалтыг гаргадаг уламжлалтай. Өнгөрсөн долоо хоногийн шилдэг 10 цомгийг танилцуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.hifi.mn сайтаас авч болно. 1. Д.Болд “Монгол поп” цомог. Үнэ: 9999 төгрөг 2. Х.Лхагвасүрэн “Тэнгэрлэг андууд” цомог. Үнэ: 15000 төгрөг 3. Д.Болд “My Duets” цомог. Үнэ: 15000 төгрөг 4. “ASound” хамтлаг “Зуун наст” цомог. Үнэ: 12500 төгрөг 5. Ч.Дэлгэрцэцэг “Гайхмаараа” цомог. Үнэ: 15000 төгрөг 6. Х.Лхагвасүрэн “Харангын Лхагваа” цомог. Үнэ: 15000 төгрөг 7. Л.Балхжав “Миний дуунууд-2011” цомог. Үнэ: 18000 төгрөг 8. Д.Ука “I’m in love” цомог. Үнэ: 15000 төгрөг 9. Д.Батсүх “Эргэн дурсахад” цомог. Үнэ: 8000 төгрөг 10. “Мотив” хамтлаг “Хайрын гэгээ” цомог. Үнэ: 7000 төгрөг М.Урин | урлаг соёл |
“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу өөрийн бие даасан “I’m in love” буюу “Дурласан бүсгүй” цомгоо худалдаанд гаргаад удаагүй байгаа. Тэгвэл дуучин бүсгүй тун удахгүй цомгоо сонсогч, фэнүүддээ танилцуулах гэнэ. Тэрбээр цомгийн баяраа энэ сарын 30-нд “Hi-Fi Mega Store”-т хийхээр төлөвлөж байгаа аж. Одоогоор дуучин Д.Укагийн “I’m in love” цомог нь худалдаанд гарснаасаа хойш борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг цомгийн жагсаалтад дээгүүр байрт бичигдэх болсон. Ука цомгийнхоо баяраа сонсогч, фэнүүдтэйгээ хамт зургаа татуулах, гарын үсгээ өгөх юм. М.Урин | урлаг соёл |
“Амьд” хөгжим сонирхогчдын зүрхний лугшилтыг түргэтгэхээр “Нис нис” фестиваль уламжлал ёсоор дөрөвүгээр сарын 9-нд “UB palace”-ын “Royal” танхимд болох нь. Нисванис хамтлагийн 16 насны төрсөн өдрийг тэмдэглэхээр энэ жил фестивалийг “Anima mundi” энтертайнмент зохион байгуулж, мэдээллийн ивээн тэтгэгчээр “C1”, “TV9”, “TV8”, “NTV”,FM 102.5 ажиллаж байна. Энэ үеэр “Нисванис”, “Алтан ураг”, “Булсара”, “Метроном”, “Joker’s wild”, “Prophets”, “Vatame”, “North ducks”, “Зүгээр л”, “Моханик” хамтлаг, дуучин Солонго нар оролцон, уран бүтээлээ сонирхуулах юм. Тасалбар энэ сарын 26-наас худалдаанд гарах бөгөөд 16 мянга, 30 мянган төгрөгийн үнэтэй хоёр төрлийн тасалбар байгаа гэнэ. 30 мянган төгрөгний тасалбарт Нисванис хамтлагийн болон “Nis Nis”-ийн футболк, зүүлт, зураг, гитарын цохиур, спорт цүнх дагалдах ажээ. Сонирхуулахад, фестивалийн үеэр Нисванис хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалангийн “Үргэлжлэл бий” номыг худалдаж авах боломжтой гэнэ. У.БОЛОР | урлаг соёл |
“Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүр долоо хоног бүр борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг 10 цомгийн жагсаалтыг гаргадаг уламжлалтай. Өнгөрсөн долоо хоногийн шилдэг 10 цомгийг танилцуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.hi-fi.mn сайтаас авч болно. “A Sound” хамтлаг “Зуун наст” цомог. Үнэ: 12500 төгрөг Д.Болд “Монгол поп” цомог. Үнэ: 9999 төгрөг Х.Лхагвасүрэн “Харангын Лхагваа” цомог. Үнэ: 15000 төгрөг Х.Лхагвасүрэн “Тэнгэрлэг андууд” цомог. Үнэ: 15000 төгрөг Л.Болд “My Duets” цомог. Үнэ: 15000 төгрөг Л.Балхжав “Миний дуунууд-2011” цомог. Үнэ: 18000 төгрөг “Мотив” хамтлаг “Хайрын гэгээ” цомог. Үнэ: 7000 төгрөг Д.Цовоо, Ц.Энхманлай “Манай орцны миний багын дуунууд-2” цомог. Үнэ: 15000 төгрөг Д.Ука “I’m in Love” цомог. Үнэ: 15000 төгрөг “Алтан Ураг” хамтлаг “Blood” цомог. Үнэ: 10000 төгрөг М.УРИН | урлаг соёл |
Тун саяхан Парист тоглолтоо хийн багагүй дуулиан тарьсан Хойд Солонгосын симфони найрал хөгжимчид энэ хавар Америкт аялан тоглолт хийхээр боллоо. 164 хөгжимчин, сэтгүүлчдээс бүрдсэн баг 18 хоног эрх чөлөөний оронд саатан Атланта, Нью-Йорк зэрэг томоохон хотуудад тоглолт хийнэ. Уг тоглолтыг Атлантад төвтэй хүмүүнлэгийн байгууллагаас зохион байгуулж байгаа ажээ. Тоглолтын нарийн товыг ирэх сараас гаргах юм байна. “Хойд Солонгосын ард түмнийг илүү сайн ойлгож, таньж мэдэхэд энэ тоглолт их үүрэг гүйцэтгэх болно” хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө Нью-Йоркийн Филармонийн уран бүтээлчид Пхеньян хотод очиж тоглолт хийж байсан ажээ. | урлаг соёл |
Үндэсний хөгжмийн урлагийг орчин цагийн хөгжмийн хэмнэлтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг “Жонон” хамтлаг анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт энэ сарын 30-нд Тусгаар тогтнолын ордонд болох аж. Харин тоглолтынхоо дараа хоёр дахь бие даасан цомог нь болох “Хаадын хишиг”-ийг худалдаанд гаргахаар ажиллах юм байна. Сонирхуулахад “Жонон” хамтлагийнхан нь өнгөрсөн сард “Монгол язгуур урлаг” хэмээх таван хамтлагийн хамтарсан тоглолтод оролцсон юм. Тун удахгүй тус тоглолтын DVD худалдаанд гарах бөгөөд дэлхийн тойрон аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа юм билээ. М.Урин | урлаг соёл |
Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонид зочин иржээ. БНСУ-аас удирдаач Чон Син Ён ирээд байгаа аж. Тэрбээр өмнө нь Улсын филармонийн симфони найрал хөгжимчидтэй хамтран тоглолт хийж байсан юм. Харин энэ удаад “Уран сэтгэмж” хэмээн чавхдаст найрал хөгжимчдийн тоглолт хийх гэж байгаа аж. Тоглолт энэ сарын 30-нд 19.00 цагт Улсын филармонид болно. “Уран сэтгэмж” сонгодог тоглолтод Arcangelo Corelli, Antonio Vivaldi, Handel, G.F, W.A.Mozart, Benjamin Britten нарын томоохон бүтээлүүд эгшиглэх гэнэ. Харин тоглолтын тасалбарын хувьд 10,000 төгрөг бөгөөд Улсын филармонийн кассаар худалдаалж байгаа юм. М.Урин | урлаг соёл |
“Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүр долоо хоног бүр борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг 10 цомгийн жагсаалтыг гаргадаг уламжлалтай. Өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 10 цомгийг танилцуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.hi-fi.mn сайтаас авч болно. 1. “A Sound” хамтлаг “Зуун наст” цомог. Үнэ: 12000 төгрөг 2. Д.Болд “My Duets” цомог. Үнэ: 9999 төгрөг 3. Л.Балхжав “Миний дуунууд-2011” цомог. Үнэ: 18000 төгрөг 4. “Мотив” хамтлаг “Хайрын гэгээ” цомог. Үнэ: 7000 төгрөг 5. Х.Лхагвасүрэн “Харангын Лхагваа” цомог. Үнэ: 15000 төгрөг 6. Д.Болд “Монгол поп” цомог. Үнэ: 9999 төгрөг 7. Х.Лхагвасүрэн “Тэнгэрлэг андууд” цомог. Үнэ: 15000 төгрөг 8. Gee, “Жонон” хамтлаг “Монголз” цомог. Үнэ: 10000 төгрөг 9. Rokit Bay “Пуужин Баяраа” цомог. Үнэ: 6900 төгрөг 10. “Алтан Ураг” хамтлаг “Made in Mongolia” цомог. Үнэ: 8000 төгрөг М.Урин | урлаг соёл |
Үндэсний хөгжмийн урлагийг орчин цагийн хөгжмийн хэмнэлтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг “Жонон” хамтлагийн анхны бие даасан тоглолтын тасалбар худалдаан гарлаа. Тус хамтлагийн энэ сарын 30-нд Тусгаар тогтнолын ордонд “Зөн” нэртэй анхны бие даасан тоглолтыг хийхээр зарлаад байгаа аж. Тоглолтын тасалбарыг “Hi-Fi Records”-ын бүх салбараар болон 1905 утсаар захиалан авч болох гэнэ. Тасалбарын хувьд 30.000 төгрөгийн үнэтэй юм. “Жонон” хамтлагийн өнгөрсөн сард “Монгол язгуур урлаг” хэмээх таван хамтлагийн хамтарсан тоглолтод оролцсон юм. Тун удахгүй тус тоглолтын DVD худалдаанд гарах бөгөөд дэлхийн тойрон аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа юм билээ. М.Урин | урлаг соёл |
Хөгжимд дуртай, сонгодог урлагт элэгтэй үзэгч, сонсогчдод үргэлж шинэ уран бүтээлээр бэлэг барьж байдаг Улсын филармонийн уран бүтээлчид энэ сарын 16-нд “Cinema NIght” тоглолтыг хийсэн. Ганцхан өдөр болсон тус тоглолтыг үзэгж амжаагүй олон үзэгчид Улсын филармонийн уран бүтээлчдэд санал тавьж, дахин тоглуулахаар болсон гэнэ. Иймд үзэгчдийн хүсэлтээр “Cinema Night” тоглолт ирэх дөрөвдүгээр сарын 13, 14-нд Улсын филармонид хийх гэж байна. Тоглолтын тасалбарын үнэ 25000 төгрөг гэнэ. Тоглолтод оскарын шагнал хүртсэн шилдэг киноны болон үзэгчдийн сэтгэлд хоногшсон дэлхийн алдартай киноны хөгжмийг симфони найрал хөгжимд найруулан сонсогчдод хүргэх юм. М.Дөл | урлаг соёл |
Монголд анх удаа жазз хөгжмийн хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй “Strangers In The Night" тоглолт ирэх дөрөвдүгээр сарын 13-нд 19.00 цагт “Тусгаар Тогтнолын Ордон”-д болох юм. Энэхүү тоглолтыг “Hot spot” хамтлагийн ахлагч, дуучин Н.Наранбаатар бие даан “Баянмонгол” чуулгын үлээвэр найрал хөгжим “Jazz big band” хамтлаг, Монгол Улсын Филармони оркестр, утсан хөгжмийн уран бүтээлчид хамтран хийх гэж байгаа юм. Уг тоглолт нь дэлхийн болон Монголын классик поп, жазз хөгжмийн бүтээлийг анх удаа олонд хүртээл болгох гэж байгаагаар онцлог аж. Тэр дундаа дээрх уран бүтээлчид алдарт Michael Buble болон домогт Frank Sinatra, Elvis Presley, нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав зэрэг алдартнуудын бид бүхний сэтгэл зүрхэнд өнөөг хүртэл хоногшсон гайхамшигт дуунуудыг тэр үеийн стиль жанр, өнгө аясаар нь мэдрүүлэх нь ээ. Тоглолтонд Монголын жазз хөгжмийн хамгийн чадварлаг хөгжимчид, дуучид, бүжигчид оролцох бөгөөд концертын найруулга болоод хөгжмийн дуугаралтыг мэргэжлийн өндөр түвшинд байлгахаар уран бүтээлчид нь ажиллаж байна. Жазз хөгжмийн сонсогчдын хүсэн хүлээсэн энэхүү тоглолтыг хийснээр цаашид өөрийн орондоо жазз хөгжмийн урсгал, стилийг хөгжүүлэх, сонсогчдын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд зориулсан гайхалтай тоглолтуудыг сар бүр зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн уг тоглолтыг зохион байгуулж байгаа уран бүтээлчид дуулгасан юм. Түүнчлэн, “Hot spot” хамтлаг, “Инээмсэглэл” хамтлагийн дуучин Н.Ганхуяг, төгөлдөр хуурч, концерт мистер Н.Ариунаа, дуучин Ц.Хулан, “Nature sound” дуулаачийн сургуулийн шилдэг төгсөгчид болох Э.Номин, Б.Солонго, “Universe Best Songs-2009 наадмын шилдэг оролцогчид, “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука, жүжигчин Э.Ууганбаяр нар оролцож, нийслэл хотын нэгэн үдшийг жазз хөгжмийн уянгалаг, тансаг эгшиг аялгуугаар чимэх юм байна. Дуучин Н.Наранбаатар нь “Hot spot” хамтлагийн ахлагч, дуучнаас гадна “Jazz big band” хамтлагийн гоцлол дуучин юм. Дашрамд сонирхуулахад энэ үдэш “Hot spot” хамтлагийн цомог хэвлэлтээс ирээд удаагүй байгаа анхны бие даасан “Retro pop” худалдаалагдах юм байна. Г.ДАША | урлаг соёл |
Мэргэжлийн дуучдын цар, шандсыг сорьдог манай дотоодын уралдаануудын нэг бол Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Учиртай 3 толгой” дуурийн шилдэг дүрийн улсын уралдаан. Энэхүү уралдаанд оролцож түрүүлж байсан эгч, дүү дуучид болох Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр нар өнгөрсөн 2010 онд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт “Учиртай гурван толгой” дуурийг концерт хэлбэрт оруулж бүрэн хэмжээний тоглолт хийсэн нь мэргэжилтнүүдийн зүгээс өндөр үнэлгээ авч байв. Харин өдгөө Ж.Хишигдэлгэр рок попын ертөнцөд хүч үзэхээр шийдсэн бололтой. Тэрбээр саяхан өөрийн бие даасан “Нэг л удаа” дуундаа клип хийж, үзэгчдийн хүртээл болгоод байна. Түүний шинэ клип болох “Нэг л удаа” дууг ЭНД дарж үзээрэй. М.Урин | урлаг соёл |
Дуучин Н.Наранбаатар, “Баянмонгол” чуулгын үлээвэр найрал хөгжим “Jazz big band” хамтлаг, Монгол Улсын Филармони оркестр, утсан хөгжмийн уран бүтээлчид хамтран “Strangers in the Night" нэртэй тоглолт зохион байгуулах гэж байна. Уг тоглолт нь дэлхийн болон Монголын классик поп, жазз хөгжмийн бүтээлийг анх удаа олонд хүртээл болгох гэж байгаагаар онцлог. Тэр дундаа дээрх уран бүтээлчид алдарт Michael Buble болон домогт Frank Sinatra, Elvis Presley, нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав зэрэг алдартнуудын үзэгчдийг сэтгэл зүрхэнд өнөөг хүртэл хоногшсон гайхамшигт дуунуудыг тэр үеийн стиль жанр, өнгө аясаар нь жазз хөгжмийн фенүүдэд мэдрүүлэх гэнэ. Тус тоглолтод эгшиглэх бүтээлүүдийг Монголд анх удаа жазз амьд хөгжмийн хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр “Jazz big band” хамтлаг найруулан тоглох аж. Энэхүү тоглолтод манай орны жазз хөгжмийн хамгийн чадварлаг хөгжимчид, дуучид, бүжигчид оролцох юм билээ. Түүнчлэн концертын найруулга болоод хөгжмийн дуугаралтыг мэргэжлийн өндөр түвшинд байлгахаар уран бүтээлчид нь ажиллаж байна. “Strangers in the Night" жазз тоглолт энэ сарын 13-нд 19.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд болно. М.Урин | урлаг соёл |
“Опозит” хамтлагийн гишүүн, реппер А.Гантулга бие даасан анхны тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр тоглолтоо ирэх долдугаар сарын 7-нд “Рекордс” клубт хийхээр товоо зарласан байна. Реппер Гантулгын тоглолтод “Татар” хамтлагийн Заяа, реппер TG, “Vanquish”-н Цэцэ, “Pangass”, Бямбаа, Дандий, “Punk and Rap” бүжгийн хамтлаг, дуучин н.Бадамцэрэн, Ансу, Сүхбат, Stay, “Universe best songs” наадмын шилдэг оролцогч П.Баярцэнгэл, А.Хишигдалай нар оролцон ая дуугаа өргөх юм байна.Түүний анхны тоглолтын зохион байгуулагчаар “Очир Фильм” студийнхэн ажиллаж байгаа юм байна. Г.Даша | урлаг соёл |
Алдарт дуучин Уитни Хьюстоны ээж АНУ-ын “Black Entertainment” телевизээс зохион байгуулдаг “BET” шагнал гардулах ёслолд охиныхоо шагналыг гардан авчээ. Уг шагнал гардуулах ёслол нь Америк дахь Африк гаралтай дуучид оролцдог томоохон шагнал гардуулах ёслолын нэг аж. Ням гаригт болсон шагнал гардуулах ёслолд Бейонсе болон Канадын R&Bдуучин Мелани Фиона нар Хьюстоны “Bridge Over Troubled Water” дууг дуулжээ. Түүнчлэн дуучин Мэрайн Кэри уг ёслолын арга хэмжээг нээж, дуулсан бөгөөд Хьюстоны талаарх дурсамжуудаасаа хуваалцсан байна. Харин Амеркийн R&Bдуучин Брэнди Норвуд түүний сүүлд гаргасан хоёр дууг дуулсан гэнэ. Ёслолд мөн нэрт дуучны ах Гарри Хьюстон оролцсон байна. Дөрвөн цаг гаруй үргэлжилсэн шоунд олны танил алдартай олон дуучид ирсний дотор Ники Минаж, Канье Уэст, Jay-Z нар мөн оролцжээ. Э.АНХТУЯА | урлаг соёл |
Өнөөдөр “Avon” компани Америкийн алдарт рок “Bon Jovi” хамтлагийн ахлагч Bon Jovi-д зориулан “амьд” үнэртэн гарах гэж байгаагаа танилцуулсан байна. Уг шинэ үнэртэн нь онцгой “амьд” мэдрэмж төрүүлэх бөгөөд түүний анхилам үнэр дуртай дуугаа сонсож буй мэт ер бусын сэтгэгдэл төрүүлэх гэнэ. “Avon” компани тус үнэртэнгээ эрэгтэй, эмэгтэй хүмүүст хоёуланд нь зориулан гаргах ажээ. Ирэх аравдугаар сараас дорнын цэцэгсийн үнэртэй эмэгтэй үнэртэн нь “Avon” компаний гэрээт борлуулагч болон online-р худалдаалагдаж эхлэх ажээ. Харин эрэгтэй үнэртэн нь ойн цэцэгс болон заарын үнэртэй бөгөөд ирэх арваннэгдүгээр сараас худалдаанд гарах юм байна. Б.АНХТУЯА | урлаг соёл |
Монголчуудын бахархал, өв соёлын нэг болох морин хуурыг нийслэлийн нэрийн хуудас болгох санааг одоогоос хоёр жилийн өмнө барималч, дизайнер Д.Эрдэмбилэг гаргаж байсан гэдэг. Тэрээр "Морин хуур" цогцолборын зураг төслийг өмнө нь олон нийтэд танилцуулж байжээ. Гэсэн ч тухайн үед уг төслийг ивээн тэтгэж, санхүүжүүлэх байгууллага олдоогүй байсаар өдийг хүрчээ. Харин саяхан ивээн тэтгэгч байгууллага гарч ирсэн учир уг барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ. Монгол архитекторуудын ур чадвар, сэтгэхүйн онцлогийг харуулах тус байгууламж 208 метр өндөр байх бөгөөд суурь барилга нь 21 давхар байхаар зураг төслийг нь хийжээ. Морин хуур цогцолбор хотхоныг үйлчилгээний төв, оффис, нисдэг тэрэг буух талбай, гүүрэн гарц бүхий байхаар төлөвлөжээ. Одоогоор цогцолборыг хаана барих, хэн санхүүжүүлж байгааг нууцалж байна. Б.Туул Зохиогчийн эрх: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин | урлаг соёл |
“Хурд” хамтлаг долдугаар сарын 3-наас эхлэн орон нутагт “Best of Hurd” тоглолтоо толилуулж байгаа билээ. Хэнтий аймгийн төвөөс тоглолтын салхиа хагалж, үзэгчдийг “Хурд”-аар амьсгалуулж байгаа тус хамтлагийнхан өчигдөр Дорнод аймагт тоглосон бол өнөөдөр Сүхбаатарчуудыг байлдан дагуулах нь ээ. Тэд өнгөрсөн жил тайзнаа тавьсан “Best of Hurd” тоглолтынхоо уран бүтээлүүдийг хүргэхээс гадна Монголын бүх сайхан эмэгтэйчүүдийг магтан дуулсан “Хатан Эрдэнэ”, хүлэг морьдын тухай нэр ч өгч амжаагүй шинэ уран бүтээлээ багтаасан гэнэ. Мөн “Хурд” хамтлагийн хамт “Шанз 3” хамтлагийн бүсгүйчүүд аялан тоглолтод нь оролцож байгаа юм байна. Сонрихуулахад, “Хурд” хамтлагийг эдгээр тоглолтыг хамтарч ажилладаг байгууллага нь ивээн тэтгэж байгаа учраас орон нутгийн үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэж байгаа юм. Тэд цааш Дорноговь, Өмнөговь аймагт тоглох гэнэ. Г.Даша | урлаг соёл |
АНУ-д он гарсаар нийт 57 сая ширхэг цомог худалдаалагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс долоо саяар илүү үзүүлэлт аж. Жилийн эхний хагаст худалдаалагдсан нийт цомгийн 38 хувийг нь дижитал цомгийн худалдаалалт эзэлсэн байна. “Grammy”-н шагналт дуучин Аделийн “21” цомог нь АНУ-ын цомгийн худалдааг тэргүүлсээр байгаа аж. Аделийн “21” цомог нь нэг долоо хоногийн хугацаанд 730,000 хувь борлогдож байжээ. Харин түүний араас цомог нь борлуулалт сайтай яваа дуучин бол Лайонел Ричи юм. Түүний гаргасан "Tuskegee" гэх кантри цомог жилийн эхний зургаан сард 912,000 хувь борлогдсон байна. Б.Анхтуяа | урлаг соёл |
Хийлч Ч.Дэлгэрцэцэг багш Дилана Женсонтой хамтран “Чайковскийн үдэш” нэртэй тоглолт хийхээр болжээ. “Чайковскийн үдэш” тоглолт энэ сарын 7-нд Тусгаар тогтнолын ордонд болох бөгөөд багш, шавь хамтран П.И.Чайковский, И.С.Бах, Ж.Чулууны аязуудаас тоглож, үзэгч фэнүүдийнхээ сонорыг мялаах нь ээ. Дилана Женсонгийн хувьд дэлхийн шилдэг хийлчдийн нэг юм. Тэрбээр 17 насандаа Дэлхийн сонгодог урлагийн олимп хэмээгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанаас мөнгөн медаль хүртэж байсан ба дэлхийн бүх л алдартай оркеструудтай гоцлон тоглож байсан аж. “Degii concert”, “Хийлийн эгшиг”, “Газар амирлуулах уянга”, “Гайхмаараа” зэрэг бие даасан тоглолтуудаа хийж байсан Дээгийн ийнхүү дэлхийд нэрээ дуурсгасан багшийнхаа хамт Монголын үзэгчдийг хатан хөгжим хийлийн эгшгээр байлдан дагуулах гэж байна. Тоглолтын төгөлдөр хуурчаар СУИС-ийн хүндэт профессор, Соёлын тэргүүний ажилтан Ц.Уртнасан, симфони оркестрыг УДБЭТ-ын удирдаач Н.Туулайхшүү удирдан тоглуулах юм байна. Г.Даша | урлаг соёл |
Соёл урлагийн их сургууль, БНСУ-ын соёлын стратегийн зөвлөх компани “Метаа” ХХК, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой “Сэрсэн тал” соёлын наадам өнөөдөр Хүй долоон худагт нээлтээ хийлээ. Тус наадмыг тав дах жилдээ Соёл урлагийн их сургуулийн багш, оюутан, МУЗ, “МЕТАА”-ийн ажилтан зэрэг 200 гаруй хүн хамтран сайн дурын үндсэн дээр зохион байгуулж байгаа юм. Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчилан таниулах уг наадам Үндэсний их баяр наадмын нэг хэсэг юм. Соёлын наадмыг зүүн өмнөд Азийн урлагийн шилдэг наадмуудын нэгт тооцож буй зохион байгуулагчид цаашид нүүдэлчний соёл, өв уламжлалыг дэлхий дахинд таниулж, олон улсын төвшинд өргөжүүлэхээр зорьж байгаа аж. Соёлын наадмын үеэр “Монголын нэг өдөр” гар урлал, “Их Монгол”, “Улаан Жамсран”, нум сумын харваа, уран бичлэг, эсгий урлаг, Монгол үндэстний дээл хувцас зэрэг урлаг соёлын өртөөг ажиллахын зэрэгцээ наадмын үйлчилгээнд тусгай зоос гаргажээ. Мөн Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан уран бүтээлийн тоглолтыг наадамчин олонд толилуулна. Соёлын наадмын хамтрагчаар Боловсрол соёл шинжлэх ухааны яам, дэмжигч байгууллагаар наадмыг зохион байгуулах хороо, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар ажиллаж, “Рио Тинто” ХХК, Солонгосын “Кореан Газ” ХХК нар ивээн тэтгэж байгаа аж. “Сэрсэн Тал” соёлын наадам өнөөдөр, маргааш үргэлжлэх юм. Г.ДАША | урлаг соёл |
Сураг алдарсан “Люмино” хамтлаг сая нэг юм нойрноосоо сэрж эхэллээ. Тэд ирэх намар 15 жилийнхээ ойг тэмдэглэхээр эртнээс бэлтгэлээ хангаж байгаа юм билээ. Гэхдээ тоглолтоосоо өмнө цомог гаргахаар бичлэгт оржээ. Цомгийнх нь ажлаас гадна “Намайг дагаад цэнгэ” дуу нь хэрхэн бүтсэн талаар сонирхож Д.Тэмүүжин буюу МС-тэй холбогдсон юм. -“Намайг дагаад цэнгэ” дууны санааг яаж олов. Тухайн үед нэлээд шуугиан тарьж байсан шүү? -Зарим нэг яруу найрагч шиг уран бүтээлийн олз омог хайж яваагүй ээ. Тухайн үед би найзуудтайгаа их шоуддаг байлаа. Тэр амьдралаасаа л сэдэвлэсэн. -Хамтлагийнхан чинь хэрхэн хүлээж авч байв? -Мэдээж “Ок” гээд л тоссон. Тэд ийм дуу хүлээж байсан юм шиг санагдсан. -Хөгжмийн найруулгыг нь хэн хийсэн юм бэ? -Аранза (Б.Бат-Эрдэнэ) ах. Бид санаагаа хэлж хийлгэсэн. -Энэ дуу гараад удаагүй садар самуун сурталчилсан гэх шалтгаанаар хаагдсан. Тухайн үед юу бодож байв? -Баярласан. -Яагаад? -Тэгэх тусам сонсогчид улам хайртай болж, сонсох гэсэн хүсэл нь оргилсон юм чинь. Та нэг судалгаа мэдэх үү. -Ямар? -Энэ дуу өнгөрсөн жилийн байдлаар манай улсын караокед дуулагддаг дуунаас нэгдүгээрт бичигдсэн байсан. Үүнээс үзэхэд ямар дуу болсон нь харагдаж байгаа биз дээ. Энэ дууны тухай ярьж байгаагийнх нэг нууц задлахад ирэх җил 10 жилийнх нь ой болно. -Тийм үү. Яаж тэмдэглэх гэж байгаа вэ? -Тодорхой ярихаа нуудалчихъя. Ямар ч байсан жижиг хэмжээний тоглолт хийнэ. Мөн ийм стилийн дуу зохиох гэж байгаа. -Хамтлагийн тань 15 жилийн ойн тоглолт ирэх намар болно гэсэн үү? -Тийм. Биднийг ойрд уран бүтээл хийлгүй байж байгаад гэнэт тоглолт хийнэ гээд ярихаар зарим хүнд “Унтаж байсан луу сэрэв” гэх шиг санагдаж байж магадгүй. Гэхдээ бид сонсогчдодоо мэдэгдэлгүй олон уран бүтээл хийсэн. Тэднийгээ наадам өнгөрөөгөөд цацаж эхэлнэ. -Цомгийн ажилтай байна гэж сонсогдсон... -Цомог гаргахаа больсон. Дуучид, хамтлагууд сүүлийн үед цомог гаргахаа больсон юм байна шүү дээ. Борлох нь ч муу юм. Бид цомог биш зөвхөн шинэ уран бүтээлээрээ сонсогчдодоо бэлэг барина. У.БАЯРАА "ӨДРИЙН ШУУДАН" сонин | урлаг соёл |
“Хурд” хамтлаг хурдны өлгий Сүхбаатар аймгаас төрсөн цуутай хүлгүүдийн нэг, олонд "Даатгал" хэмээн алдаршсан хээр азаргыг дуунд мөнхөлжээ. Энэ жилийн баяр наадмын өмнө тус хамтлагийнхан орон нутгаар аялан “Best of Hurd” тоглолтоо үнэ төлбөргүй толилуулаад ирсэн бөгөөд энэхүү дуугаа наадамчин олонд зориулан дэлгэжээ. Д.Отгонбаярын ая, Б.Батрэгзэдмаагийн үг "Даатгал хээр" хэмээх энэхүү дууг "Хурд" хамтлаг болон Монгол үндэсний морин хуур хөгжмийн "Домог" хамтлаг хамтран амилуулсан байна. “Даатгал хээр” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү. Г.ДАША | урлаг соёл |
Попын хаан Майкл Жексоны алдарт “Bad” цомог мэндэлсний 25 жилийн ойд зориулсан баримтат кино дэлгэцнээ гарахад бараг бэлэн болсон гэнэ. Баримтат киноны найруулагчаар Spike Lee ажиллаж байгаа бөгөөд кинонд домогт дуучны тухай өөр хэний ч хараагүй, мэдээгүй чухал баримтуудыг дэлгэн харуулна хэмээн мэдэгджээ. Spike Lee кинондоо дуучин тайзны ард өөрийгөө хэрхэн буудаж байсан тухай сонирхолтой баримтыг дэлгэх аж. Майкл Жексон Bad цомгоо 1987 онд гаргасны дараа дэлхийд өөрийгөө тунхагласан хамгийн амжилттай аялан тоглолтоо хийсэн юм. Уг аялан тоглолт хөгжмийн ертөнцөд олон рекордыг эвдсэн билээ. Баримтат кинонд нэрт найруулагч Мартин Скорсиз, жүжигчин Вайсли Спайпс нар оролцсон гэнэ. Кинонд попын хааны хөгжимчид, менежерүүд, бүжиг дэглээчид болон продюсерүүдтэй хийсэн 40 гаруй хүний ярилцлагыг багтаасан байна. Попын хааны амжилтын эхний өдрүүд болон алдрын оргилд хүргэсэн цомгийнх нь тухай “Bad 25” хэмээх уг баримтат киног ирэх есдүгээр сард дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байна. Н.Энх | урлаг соёл |
Андре 3000 Хендриксийн дүрд. Фото collider.com Хип хоп хослол Outcast-ын дуучин Андре 3000 (жинхэнэ нэр нь Андре Бенжамин) “All Is My Side” кинонд The Beatles болон Мадди Уотерсын дуунуудын кавер хувилбарыг дуулах тухай Rolling Stone мэдээллээ. Кинонд Жими Хендрикс Британиар аялсан тухай өгүүлнэ. Чухам түүний дүрд Андре 3000 тоглох билээ. Ингэхдээ Хендриксийн өөрийнх нь дуунууд кинонд гарахгүй юм байна. Энэ нь Жимигийн хөгжмийн өвийн эрхийг эзэмшдэг Experience Hendrix LLC компани төслийг дэмжихээс татгалзсантай холбоотой юм. Ийм учраас Андре 3000 битлүүдийн “Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band" (Хендрикс үнэхээр энэ дууг Лондонгийн клубт дуулсан байсан бөгөөд Пол Маккартни, Жорж Харрисон хоёр хамт байсан гэдэг), Мадди Уотерсын "Mannish Boy", Элмор Жеймсийн "Bleeding Heart", Чип Тэйлорын "Wild Thing" зохиомжуудыг дуулах юм. “All Is My Side” киноны зураг авалт одоогоор Ирландад үргэлжилж байна. Киноны продюсерүүдийн мэдэгдэж байгаагаар “Дублинд 1967 оны Лондонгийн уур амьсгалыг бүтээх нь илүү дөхөмтэй” байжээ. Бүтээлийн зохиогч, найруулагчаар Жон Ридли ажиллаж байна. Эх сурвалж: rollingstone.com | урлаг соёл |
Монголын анхны “boyband”-уудын нэг “Номин талст” хамтлаг энэ жил 15 нас хүрч байгаа билээ. Тэд ойн хүрээнд ирэх есдүгээр сарын 29, 30-нд “Улаанбаатар палас”-ын их танхимд “Номин талст 15 жил” бие даасан тоглолтоо хийж, фенүүдтэйгээ хамт төрсөн өдрөө нижгэр тэмдэглэхээр болжээ. Дан амьд хөгжимтэй дуулах тэдний тоглолтод “A-Sound” хамтлагийн басс гитарчин Д.Мөнхболд, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүү, гитарчин Өөжгий нар хамтран тоглох гэнэ. Харин бөмбөрчнөө хараахан сонгож амжаагүй ажээ. Сонирхуулахад, тус хамтлагийн шинэ цомог болон 15 жилийн ойн тоглолтын хөгжмийн найруулгыг гитарчин Өөжгий хариуцаж байгаа юм. Тэдний шинэ цомог тоглолтын өмнөхөн фенүүдийнх нь гарт очих гэнэ. Цомгийнхоо зургаа дахь дууг саяхан бичүүлж дуусгаснаар шинэ цомог гаргах нүсэр ажлын хагасыг нь нугасалжээ. Тэрхүү дуу нь “Ностальже” буюу “Дурсамж” хэмээх киноны дуу бөгөөд тун удахгүй клипний зураг авалт эхлэх гэнэ. “Номин талст” энэ намар тэсрэлт хийх нь ээ. Г.ДАША | урлаг соёл |
Ардын урлагийг орчин үеийн урлагтай хослуулан этно урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаттай шинэ уран бүтээл, аялан тоглолтынх нь талаар ярилцлаа. -“Алтан ураг” хамтлагаар сонин юу байна? -Саяхан ОХУ-ын Краснаярскт болсон Азий номхон далайн орнуудын хөгжмийн урлагийн наадамд очиж тоглоод ирлээ. -Нийт хэдэн орны уран бүтээлчид оролцов? Манай улсаас өөр ямар уран бүтээлчид байсан бэ? -Ази номхон далайд хамрагддаг 20 гаруй орны уран бүтээлчид ирж, уран бүтээлээ толилуулсан. Оросын ард түмэн энэхүү наадмын гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа юм билээ. 12 жилийн өмнө хоёр дахь наадам нь болж байсан бол энэ жил гурав дахь удаагаа зохион манай улсаас ДБЭТ-ын удирдаач Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү гэсэн хоёр багш маань, дуурийн дуучин Р.Доржхорлоо, Э.Амартүвшин Б.Алтанхуяг, С.Мөнгөнцэцэг, манай хамтлаг оролцоод ирсэн. Манай хамтлаг наадмын хоёр том талбайд тоглосон. Маш олон хүмүүс үзсэн. Энэ бол бид өмнө нь гадаадын оронд очиж, тоглож монголынхоо урлагийг тахалж, Монгол хүн юу сэтгэж, бодож явдаг вэ гэдгээ гайхуулж, бишрүүлдэгтэй нэгэн адил тоглолт болсон. -“Алтан ураг” хамтлагийг сонсдог фенүүд, үзэгчдийн дунд хүлээлт байнга байдаг л даа. Тэд одоо ямар шинэ уран бүтээлээр “тэсрэлт” хийх бол гээд? -Бид нарын хувьд ардын урлагийг орчин цагийн урлагтай холбож хамгийн анх гаргаж ирсэн гэдэг утгаараа одоо чиний хэлдэгээр тэсрэлт хийхийг бодож байгаа. Тиймээс бид тоглож байгаа хөгжим дээрээ шинэчлэлт хийхээр ажиллаж байна. Мөн энэ намраас хоёр, гурван клип хийхээр зураг авалтынхаа талаар хүмүүстэйгээ ярилцаж байна. Саяхан шинээр “Жалам хар”-ыг бичүүлсэн. “Жалам хар”-ын клипний ажилд орох бодолтой байгаа даа. -Эхний бэлгээ энэ намар задлах нь ээ. Танай хамтлаг одоогоор долоон цомог гаргачихсан байгаа шүү дээ. Дараагийн цомгийн ажилд төдийлөн яарахгүй байгаа гэж сонсогдож байсан? -Тийм ээ. Долоон цомог гэдэг бол цөөн тоо биш. Бид нарын хувьд цомгийн хойноос хөөцөлдөх бодолгүй байна. Ерөнхийдөө бид гадаад зах зээлд илүү анхаарч байгаа. “itunes” дээр бид гурван сарын өмнө дуунуудаа байршуулсан. Сүүлийн үед дуунуудын маань борлуулалт ихэссэн. Гадаад борлуулт руугаа орох бодолтой байна. Цаашид цомгоо ч гэсэн гадагшаа борлуулж, пянз гаргах гээд олон ажлуудыг ярианы төвшинд хийж эхэлсэн. -Танай хамтлагийн дараагийн том зорилтот ажил бол гадаад зах зээл рүү уран бүтээлүүдээ нийлүүлэх гэж ойлгож болох нь ээ? -Анх ардын урлагийг залуус тоодоггүй тэр үед манай охамтлаг гарч ирж, Монголынхоо залуучуудад, үе тэнгийнхэндээ ардын урлагийг хүргэнэ гэсэн эхний том зорилго байсан. Түүнээс хойш бидний бодсоноор болж, “Алтан ураг” хамтлаг гарч ирсэнээс хойш олон залуу ардын урлагийг сонирхдог болж, олон хамталгууд шинээр төрж, уран бүтээлээ туурвиж байна. Бидний дараагийн зорилт бол гадаадад Монголын урлаг, Монгол хүмүүсийн оюун ухаанаас юу гарч болдог вэ гэдгийг хүргэх л бодлого баримталж байгаа. Дээр нь гадаадад манай хамтлагийн маш олон фенүүд бидэнтэй байнга холбоотой байдаг. Манай хамтлагийн фейсбүүкээр гадаадын фенүүд маань холбогдож, байнга дэмжиж байгаагаа илэрхийлдэг. Одоо энэ тал дээрээ л анхаарч ажиллана даа. Манай хамтлагийн фейсбүүк хуудсаар зочлон бидний тухай шинэ мэдээлэл, аялан тоглолтын талаар сонирхоорой. Мөн “Алтан ураг” веб сайт шинэчлэгдэж байгаа. Ирэх долоо хоногт бүрэн дуусаад нээгдчихнэ гэдгийг хэлэхэд таатай байна. Г.ДАША | урлаг соёл |
End of preview. Expand
in Dataset Viewer.
README.md exists but content is empty.
Use the Edit dataset card button to edit it.
- Downloads last month
- 48