title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
“Кихот Ноён” тайзнаа амилна
УДЭТ-ын 83 дахь үзвэрийн жилийн нээлт энэ сарын найманд тохиож байгаа бөгөөд  мянганы манлай романаар тодорсон гайхамшигт бүтээл болох “Дон Кихот” жүжгийг "Кихот Ноён" нэртэйгээр толилуулахаар болжээ. Хэвлэгдсэн тоогоороо “Библи”-ийн дараа ордог Испани зохиолч Мигель Сервантисийн “Дон Кихот” роман нь 1605 онд хэвлэгдэж он цаг улирах тусам олны сонирхлыг татаж, гялалзан, үнэ цэнээ алдахгүй байсаар байгаа юм. Монголд анх “Дон Кихот” жүжгийг 1971 онд хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамъяндагвын найруулгаар тавьж байсан бол энэ удаад УГЗ Б.Баатар найруулж гол дүрүүдэд Ноён Кихотод МУГЖ Б.Жаргалсайхан, түүний зарц Санчо Пансад СТА Г.Амгаланбаатар тоглож байна. Театрын тайзнаа амилан үзэгч түмний мэлмийд хүрэх  “Кихот Ноён” жүжиг энэ сарын 8-17 өдрүүдэд тавхан удаа тоглогдох бөгөөд ССАЖЯ-ны дэмжлэг санхүүжилтээр тавигдаж байгаа ажээ.
Тайланд улс өршөөлийн хууль гаргана
Тайландын парламентын доод танхим өршөөлийн тухай хууль санаачлаад байна Тайландын парламентын доод танхим өршөөлийн тухай хууль санаачлаад байна. Хуулийг дээд танхим буюу сенат баталсан тохиолдолд тус улсын экс Ерөнхий сайд Таксин Чинават эх орондоо эргэн ирэх боломжтой болох юм. Тэрбээр таван жилийн турш гадаадад дүрвэн амьдарч байгаа билээ. Гол сөрөг хүчин болох ардчилагчид энэ хуулийг батлахад оролцоогүй ч одоогийн эрх баригчид болох Таксина Чинаватын дүү, эдүгээгийн Ерөнхий сайд хатагтай Йинглак Чинаватын нам олонхи суудлыг эзэгнэж байгаа юм. Бангкокт суугаа Би-би-си-гийн сурвалжлагчийн мэдээлснээр Өршөөлийн тухай хуулийн төсөл нь авлигын хэргээр шоронд хоёр жил хүртэл хугацаагаар хоригдох ялаар эчнээ шийтгүүлж, 2008 онд эх орноосоо зугатан гарсан Таксин Чинаватыг улс төрийн тавцанд эргүүлэн залах санаархал хэмээн тодотгожээ. Харин сөрөг хүчнийхэн энэ хуулийн эсрэг шийдвэртэй тэмцэж, өргөн олныг эсэргүүидийн жагсаалд уриалж байгаа аж.
Дэлгүүр дэх сурталчилгааны самбар зөвхөн таньд зориулж сурталчилна
Их Британий жижиглэнгийн худалдааны сүлжээ Tesco-д та үйлчлүүлэх үед тэнд байрлуулсан сурталчилгааны самбар таныг ажиглаж байх нь. Энэхүү самбарууд нь камертай байх ба таныг анхаарлаа хандуулах үед таны хүйс, насны баримжаа зэргийг тодорхойлоод таарах барааны сурталчилгааг үзүүлэх гэнэ. Ийм системийг Британий Amscreen  компани нийлүүлэх ба Францын Quividi компаний нүүр таних технологийг ашиглах юм байна. Мөн хэрэглэгч хэр удаан сурталчилгааг нь харж буйг хүртэл бүртгээд сурталчилгааны үр нөлөөг тооцох боломж олгох ажээ. Эхний ээлжинд Tesco-гын 450 шатахуун түгээх станцад байрлуулж 7 хоногт 5 сая насанд хүрэгчдэд сурталчилгаа хүргэнэ гэсэн тооцоотой байна.
Борцгор хотонгийн тоо толгой нэмэгджээ
Хар-Ус нуурын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааныхан борцгор хотон шувууны тооллого хийжээ. Чоно харайх болон Ховд голын цутгал, Айраг, Хар нуур, Хар-Ус нуурын дундах Акбаш арлын зүүн урд хэсэг, Айраг Хяргасын хоолой, Хар-Ус нуурын баруун хойд болон баруун урд хэсэг, Цагаан голын арал орчимд хийсэн тооллогоор 62 хотон байгаа нь тогтоогджээ. Тэдгээрийн 57 нь бие гүйцсэн байсан бол үлдсэн нь дэгдээхий байсан байна. Хэдийгээр амьтны хувьд 62 гэсэн тоо цөөн боловч хотон шувууны хувьд нэг үеэ бодвол өссөн үзүүлэлт аж.
Дэлхийн есөн тэрбум “хамаатан”-г бүртгэв
Америкийн одон орон судлаачид манай гарагтай төстэй 8.8 тэрбум гарагийг бүртгэжээ. Америкийн одон орон судлаачид манай гарагтай төстэй 8.8 тэрбум гарагийг бүртгэжээ. Эдгээр нь хэмжээ, жин, гадаргуугийн температур зэргээрээ дэлхийтэй ойролцоо юм. Гэхдээ манай гарагтай хам-гийн ойрхон «хамаатан» нь 15 гэрлийн жилийн зайд байрладаг байна. Хамгийн сонирхолтой нь энэ бүх гараг нартай адил оддын дагуул байсан гэнэ. Үүнээс гадна 22 хувь нь өөрийн гэсэн дагуултай. Дашрамд дурдахад одон орон судлаачид өмнө нь дэлхийн ихрийг олж байсан ч тэнд хэт өндөр температурын улмаас амьдрах боломжгүй гэж мэдэгдэж байсан билээ.
Самсун хотод Монгол Улсын консулын газар нээгдлээ
БНТУ-ын Самсун хот БНТурк Улсын Самсун хотод Монгол Улсын Өргөмжит консулын газар нээгдлээ. Самсун хот нийслэл Анкарагаас 410 км зайд, Хар тэнгисийн эрэгт байдаг бөгөөд энд Монголын 20 гаруй оюутан суралцдаг. Монгол иргэд сурч, ажилладаг Түркийн Истанбул, Измир, Бурса, Анталиа, Кайсери хотуудад Монгол Улсын Өргөмжит консулууд ажилладаг. Харин Самсун хотод Монгол Улсын Өргөмжит консулын газаргүй байсан нь ийнхүү нээгдлээ.
Ж.Сүхбаатар Т.Бадамжунайг авлигын загалмайлсан эцэг гэв
Ж.Сүхбаатар Т.Бадамжунайг авлигын загалмайлсан эцэг гэв МАН-ын ХХVII их хурал ямар ч гэсэн үүр­гээ гүйцэтгэж намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөл, Бага хур­лынхаа ги­шүүдийг ши­нэчлэн сон­­гож, батал­гаа­жуулс­наар өндөр­лөв. Хурлыг хааж МАН-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Үг нь үнэгүй, хүн нь хүндгүй байж болохгүй” хэмээн намын журмын нөхдөдөө хандсан нь хурал дуу­сангуут өрнөж бол­зошгүй хэрүүл, тэмцлийг урьдчилан харсан улстөрчийн үг байжээ.  Уг нь МАН-ын дараагийн генсекээр томилогдох нь гарцаагүй хэмээг­дэж байсан на­­­мын орон нутаг хариуцсан на­­рийн бичгийн дарга асан Ж.Сүхбаатарыг МАН-ын сан­хүү хариуцсан нарийн бич­гийн дарга Т.Бадамжунай бага хурлын ги­шүүдийг ятгах, хахуульдах замаар унагаж, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбатыг ялуулсан гэх хард­­лага МАН-ын гишүүдийн дунд тархсанаар өнөөдөр МАН-д туйлын тодорхойгүй байдал үүсчихээд байгаа. Ж.Мөнхбатыг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон Бага хурал өндөр­лөнгүүт Ж.Сүхбаатар ца­хим ертөнцөөр “Манай улсын авлигын загалмайлсан эцэг бол Т.Бадамжунай тэргүүтэн. Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авлигачид жаргаж, олон түмэн айдас, доромжлол амссаар байх болно” хэмээн жиргэсэн нь нийгмийн дунд жинхэнэ шуугиан дэгдээж, АТГ-ынхныг бас нэгэн томоохон ажилтай болгов. Т.Бадамжунай хотын ерөн­хий менежерээр ажиллаж байх­даа газрын хууль бус наймааг жинхэнэ утгаар нь мафийн зохион бай­гуулалтад оруулж, төрөөс төрсөн тэр­бумтнуудын тэргүүнд дүү­хэл­зэх болгосон гэлцдэг. Олон нийтийн зүгээс МАН-ын ХХVII их хуралд ихээхэн ач холбогдол өгч, жин­хэнэ шинэчилэгч хурал бо­лох болов уу хэмээн нүд, чих тавьж байсан билээ.  Харин өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн улстөр судлаач, МАН-ын жирийн гишүүд, дэмжигчид МАН-ыг хэд хувааж ч бол­зошгүй хурцадмал байдлын буруутнаар Т.Бадамжунай тэр­гүүтэй “хотын фракц”-ын тайзны араар хуйвалдаан зохион байгуулагчдыг нэрлэж байгаа сурагтай. Т.Бадамжунайгийн хувьд өмнө нь АТГ-т нэг биш удаа дуудагдаж байсан ч асууд­лыг хурцатгалгүй намжааж дөн­­гө­дөг аргатай нэгэн.  Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа Жи­жиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн 500 сая төгрөгийг зо­риулалтын дагуу ашиглаагүй, тодорхой хэс­гийг хувьдаа завшсан байж бол­зошгүй гэж үзэн, Авлигатай тэмцэх газраас шалгасан нь түү­ний хувьд хууль, шүүхийн хаал­га татсан анхны тохиолдол нь байж. Тун ч удалгүй тэр хэрэг нь замхарсныг үзвэл Ж.Сүхбаатарын бичсэнээр “Тагнуул, цагдаа, АТГ, шүүх, шашин, нийслэл, МАН, АН дамжсан далд сүлжээг хэрж, хуулийн ажилтнуудын халхав­чинд орсон” нэгэн байхыг үгүйсгэх ар­гагүй л юм.  Т.Бадамжунай, Ж.Сүхбаатар хоёр ийнхүү хөнжилдөө хө­лөө жийл­цэж байх хойгуур Н.Багабанди тэргүүтнүүд ш­и­нэч­лэгч залуучуудыг дуудан уул­заж “хотын фракц”-ыг улам хүчирхэгжих “аюул”-аас хэр­хэн сэрэмжлэх талаар цуврал лекц уншиж байгаа дуулдана. Тэдний хувьд М.Энхболдын фракц өнөөдрийнхөө эрчээр хүчирхэгжих нь яавч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа нь тодорхой.  Тиймээс МАН-ын Хэв­лэл мэдээлэл, олон нийт­тэй харилцах хэлтсийг өөрс­дийн төлөөний хү­мүүсээр бүр­дүү­лэхийг хичээж байгаа гэнэ. Түүнээс гадна их хурлаас хойш албан тушаалын бялуунаас хүр­тэж чадаагүй, нам­даа гом­догсдын бүлэглэл толгойгоо өндийлгөж байгаа ажээ.  Тэд удахгүй “Чингис хаан” буудалд газардах МАХН-ын дарга Н.Энхбаярыг бараадна гэдгээ ил тодорхой зарлаж эхэл­жээ. МАН-ын Ерөнхий на­рийн бичгийн даргад өрсөлдсөн ч амжилт олоогүй нөхөд тэд­гээр гомдогсдыг толгойлон дараагийн алхмаа хэзээ мөдгүй хийх сурагтай.  Ийнхүү МАН-ын их хурал тавьсан зорилгоо биелүүлсэн мэт харагдаж байгаа ч энэ на­мын доторх далд тэмцлийг ил болгож, хэзээ мөдгүй сад тавьж ч магадгүй байдал үүсчихээд байгаа ажээ.
Соёл урлагийн салбарыг хөгжүүлэхэд дөрвөн тэрбум төгрөг зарцуулжээ
ССАЖЯам ССАЖЯамны харъяа “Соёл, урлаг хөгжүүлэх сан-2013” он гарснаас хойшхи  хугацаанд ямар үйл ажиллагааг хэрхэн санхүүжүүлсэн талаарх мэдээллээ олон нийтэд үзэсгэлэн хэлбэрээр тайлагналаа. Энэ жил тус сангийн үйл ажиллагаанд зориулан зургаан тэрбум төгрөг төсөвлөсөнөөс одоогийн байдлаар дөрвөн тэрбумыг нь зарцуулаад байгаа бөгөөд  үзэсгэлэнд санхүүжилт  авсан 35 байгууллага оролцож улсын төсвийн хөрөнгөөр юу хийснээ дэлгэн үзүүлж байна. Энэ үеэр үзэгчдийн дунд санал хүсэлтийн дэвтэр аялуулж байгаа бөгөөд үзэгчид “Соёл, урлаг хөгжүүлэх сан”-ийн санхүүжилт авсан арга хэмжээнүүд хир нүдээ олсон, цаашид хэрхэн дэмжих боломжтой болон дэмжих шаардлагагүй байсан үйл ажиллагааныхаа талаарх санал хүсэлтээ үзэсгэлэнтэй танилцаад бичиж үлдээх боломжтой ажээ.
Гамшгийн эрсдлийг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилгаар “Ард түмэн Та-Хаан” үндэсний форум маргааш болох гэж байна. Хоёр дахь удаагийн энэхүү форум “Сахилга-хариуцлага” сэдвийн дор энэ жил болно. Өнгөрсөн жил иргэд, олон нийтийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах, иргэн, аж ахуйн нэгжид тулгамдаж байгаа асуудлыг судлан шийдвэрлэх, хэрэглэгчийн болон иргэний нийгмийн оролцоог өргөтгөх, идэвхижүүлэх зорилгоор зохион байгуулж байсан бол энэ удаад төр, хувийн хэвшил болоод иргэний сахилга, хариуцлагыг сайжруулах, дээшлүүлэхэд юу хэрэгтэй, хэрхэн үр дүнд хүрэхийг тодорхойлох зорилт тавьж байна.  Өөрөөр хэлбэл, Гамшгийн эрсдлийг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр түлхүү анхаарах аж. Форумд нийслэл, орон нутгийн 1000 гаруй төлөөлөгч оролцож, сахилгатай, хариуцлагатай иргэн, өрх, баг, сум, аймаг, төрийн захиргааны байгууллага, компани бий болгох арга замын талаар хэлэлцэх юм.
Улаанбаатар төмөр замын ирээдүйн хөгжлийн талаар ярилцлаа
“Евро-Азийн тээвэр: Бүс нутгийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурал Төрийн ордонд боллоо. “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Нэгдүгээр дэд ерөнхийлөгч Вадим Николаевич Морозов тэргүүтэй төлөөлөгчид  энэ хуралд оролцож, дараа нь УИХ-ын гишүүн Г.Батхүүгээр ахлуулсан УИХ дахь Транзит тээвэр, логистикийн ажлын хэсгийн гишүүд болох Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, МАХН-МҮАН-ын эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг болон М.Батчимэг, Д.Зоригт нарын гишүүдтэй уулзсан юм. “Евро-Азийн тээвэр: Бүс нутгийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурал боллоо  Уулзалтыг нээж ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү хэлэхдээ, биднийг ОХУ-д Парламент хоорондын албан ёсны айлчлал хийх үеэр Оросын Төмөр замын удирдлагуудтай эхлүүлсэн ажил хэрэгч ярилцлага өнөөдөр энд манай УИХ дахь ажлын хэсгийн уулзалтаар үргэлжилж байна. Монгол оронд хүрэлцэн ирж, өнөөдрийн олон улсын хуралд идэвхтэй оролцохын зэрэгцээ ийнхүү ажлын хэсэгтэй уулзах цаг зав гаргасанд талархаж байна гэдгээ илэрхийллээ. “Евро-Азийн тээвэр: Бүс нутгийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурал боллоо Ноён Морозов, Монгол Улсын Их Хурал хоёр орны тээврийн салбар дахь хамтын ажиллагааны хөгжил, дэвшлийг дэмжин ажлын хэсэг тусгайлан байгуулж ажиллаж байгаад талархаж байна гээд Улаанбаатар төмөр замыг хөгжүүлэх арга зам, цаашдын хөрөнгө оруулалт, төлөвлөгөөний талаар санал бодлоо илэрхийллээ.
Үндсэн хуулийн цэц хуралдана
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн О.Баясгалангаас ирүүлсэн мэдээллийн дагуу Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн  зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дунд суудлын хуралдаанаар нээлттэй хянан хэлэлцэхээр товлосон байсан билээ.  Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшилсон тус хуралдааныг 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хийхээр товлоод байна. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтын дагуу анхан шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулах болсон нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэснийг зөрчсөн эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцийн ээлжит хуралдаанаар хянан хэлэлцэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Кети Перри дагагчдаараа Twitter-т тэргүүллээ
Өнгөрсөн Ням гарагт поп од Кети Перри 46.4 сая дагагчтай болж Twitter сүлжээг тэргүүллээ. Түүний урд залуу од Жастин Бибер байсныг ийнхүү гүйцэж түрүүлсэн байна. Энэ амжилт нь түүний саяхан гаргасан “Roar” синглтэй холбоотой гэж дүгнэцгээж байна. Одоогоор Жастин Бибер түүний ард ойрхон яваа бол гуравдугаарт 40 сая дагагчтай Лэди Гага явна. Харин дөрөв дүгээр байрт түүнээс ганцхан саяын дутуугаар Ерөнхийлөгч Барак Обама яваа ажээ.
Хууль зүйн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсраглтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул дээрх хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ. Ингэснээр хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцуулахаар болов. Үүний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар нар асуулт асууж хариулт авсан. Ингээд хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор тус бүр санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ танилцуулахаар болов.   Мөн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан асуулт асууж хариулт авсан. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын нэгдсэн хуралдаанаас дэмжигдсэн дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 1,2 дугаар шүүхүүдийн байрших газрын нэрийг тус тус “Улаанбаатар” гэж заасныг “Улаанбаатар хот /зүүн бүс/” болон “Улаанбаатар хот /баруун бүс/” гэж тодотгон өөрчлөх саналыг хуулийн төсөлд тусгасан байна. Харин хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд санал гараагүй бөгөөд Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон үүнтэй холбогдсон “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Үүний дараа Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Ким Жон Уны эгч АНУ руу дүрвэжээ
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Дэлхийн хэвлэл мэдээллүүд өчигдөр нэгэн шуугиантай мэдээлэл цацсан нь Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Уны нагац эгч Ко Ен Сок АНУ-д улс төрийн орогнол авсан тухай мэдээлэл байв. Түүгээр ч үл барам Кон Ен Сок нөхрийнхөө хамтаар Америкд гадаад төрхөө өөрчлөх мэс засалд орж, тэдэнд хамгаалалтын тусгай программ суулгаж өгсөн гэнэ. Энэ явдал аль эрт, 1996 онд эхлэжээ. Тухайн үед Ко Ен Сок нөхрийнхөө хамтаар Ким Жон Уныг аван Берн рүү явсан бөгөөд энэ хотод Хойд Солонгосын ирээдүйн Ерөнхийлөгч олон улсын сургуульд суралцсан байна. Швейцарт ирснийхээ дараа нагац эгч нь Кимийг харж халамжлах ётой байсан ч тухайн улсад суух АНУ-ын Элчин сайдын яаманд хандан, улс төрийн орогнол хүсчээ. Харин ЭСЯ-ныхан тэр дор нь зөвшөөрсөн бололтой. Ингээд Ким Жон Уны хамаатан бүсгүйг Франкфурт дахь АНУ-ын цэргийн бааз руу илгээж, тэндээс нь АНУ- руу явуулжээ. Дараа нь тэдэнд мэс засал хийсэн тухай Чунан ильбо сонин мэдээлсэн бөгөөд харин тэд яагаад зугатах болсон талаар мэдээлээгүй байна. Энэ онд 54 нас хүрсэн Ко Ен Сок нь Ким Чен Ирийн гурав дахь эхнэр, Ким Жон Уны ээж Ко Ен Хигийн дүү юм байна. Харин Ко Ен Хи 2004 онд 51 насандаа хөхний хорт хавдрын улмаас нас барсан юм. Ер нь Хойд Солонгосын тэргүүний гэр бүл маш нууцлагдмал байдаг. Өмнө нь, дэлхийн хамгийн хаалттай орны тэргүүнийд өв залгамжлагч мэндэлсэн гэж хэвлэлийнхэн мэдээлж байв.
Уул уурхай, металлургийн салбарынхан чуулахад хоёр хоног үлдлээ
Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын “Metals Mongolia-2013” хоёрдугаар чуулга уулзалт энэ сарын 8-нд болно. Өөрөөр хэлбэл, энэ салбарынхан хоёр хоногийн дараа чуулж, асуудлаа хэлэлцэнэ. Ерөнхий зохион байгуулагчаар Mining.mn буюу уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан ажиллаж, Уул уурхайн яам хамтарч байна. Энэ удаагийн чуулга уулзалт төр засаг, хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийн төлөөлөл энэхүү салбарын хөгжил, бодлого, дэд бүтэц, удахгүй хэрэгжүүлэх төсөл, алт, зэс, төмөр зэрэг хөтөлбөрүүдийн үзэл баримтлал, энэхүү салбар улсын эдийн засгийг хэрхэн эргэлтэд оруулах тухай хэлэлцэх юм. Мөн аж үйлдвэржсэн эдийн засгийн суурийг бий болгох засгийн газрын урт хугацааны зорилтын хүрээнд уул уурхай, металлургийн салбарт байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэд технологи бүхий ногоон хөрөнгө оруулалтыг татах, салбарын бодлого төлөвлөлтийг олон улсад сурталчилах, хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн орчинд салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх нь чуулганы гол зорилго аж. Энэ удаагийн чуулганы нэгонцлог нь УИХ-аар батлуулахаар боловсруулагдаж буй “Монгол Алт”, “Монгол Зэс”, “Монгол Төмөр” хөтөлбөрүүдийн концепцийг Уул уурхайн яам, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам, Эдийн засаг хөгжлийн яамнаас томилогдсон ажлын хэсгийнхэн чуулганд оролцогчдод танилцуулж, анхны хэлэлцүүлэг хийж санал авах юм.
Барилгын материалын захуудыг нүүлгэнэ
Барилгын материалын захуудыг Налайх дүүрэгт 130 га газарт нүүлгэн шилжүүлэхээр болсон байна Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд барилгын материалын зах болон техникийн захуудыг нүүлгэн шилжүүлж нэгдсэн цогцолбор барихаар төлөвлөөд байгаа билээ. Энэ дагуу нийслэлийн Засаг дарга А/980 дугаар захирамж гаргаж, барилгын материалын захуудыг Налайх дүүрэгт 130 га газарт, автомашин техникийн захуудыг 22-ын товчооны орчим 70 га газарт нүүлгэн шилжүүлэхээр болсон байна. Захирамж гарсантай холбогдуулан 22-ын товчооноос техникийн захын төлөвлөлт хийх байршил хүртэл 1.7 км автозам шинээр тавих бөгөөд 2014 оноос ажил эхлэх аж. Мөн энэ сарын 20-ноос эхлэн зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг нь зогсоох хугацаатай мэдэгдэл хүргүүлж, ирэх оны хоёрдугаар сарын 20-ноос хойш зориулалтын бус газарт авто худалдаа, үйлчилгээ эрхлэхийг бүрэн хориглох юм байна. Харин шинээр барихаар төлөвлөсөн авто худалдааны цогцолборт Монгол Улсын Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.
18 хүүхдийг хууль бусаар хил дамнуулжээ
18 хүүхдийг хууль бусаар хил дамнуулжээ Монгол Улсын харьяат насанд хүрээгүй иргэдийг Сингапур улсад тоглолтод оруулах нэрийдлээр хил давуулсан үйлдпийг Эрүүгийн цагдаагийн газраас таслан зогсоосон байна. Тодруулбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйл, Монгол Улсын нэгдэн орсон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийн нэмэлт болох “Хүн, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай” протоколын /Палермогийн Протокол/ гуравдугаар зүйлд заасан хүнийг хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор худалдаалсан гэмт хэргийн, бүрэлдэхүүнтэй байж болзошгүй гэсэн үндэслэлээр уг үйлддийг таслан зогсоосон байна. Шалгалтаар 2009 оноос хойш давхардсан тоогоор нийт 18 хүүхдийг хилээр гаргасан нь тогтоогджээ. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Тамхинаас гарахад биед ямар өөрчлөлт гардаг вэ?
Тамхинаас яг одоо татгалзах уу?!
МАН жигүүрлэж, гишүүд нь өөр нам бодож эхэлжээ
МАН жигүүрлэж, гишүүд нь өөр нам бодож эхэлжээ МАН-ын шинэчлэл доройтол болж хувирлаа.  Шинэ багт намынхаа хувь заяаг даатгах,  бү­лэг­лэл, фракциудын нө­­лөө­нөөс ангижрах гэсэн зорилт нь ч талаар болов. Хэдийгээр намын гишүүдийн олонхийн саналаар намын даргаар М.Энхболдыг сонгосон ч шинэчлэлийн бодлого хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байж. Гэтэл эсрэгээрээ намынх нь  бүх эрх мэдэл “Хотын фракц”-ийн гарт орж, ухралт болсон байна. Уг нь МАН-ын XXV их хурлаас “Элсний 13”-ын эхлүүлсэн шинэчлэлийн дүнд түүнийг намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулж байсан удаатай. Хотын газрын наймаа, авлига хээл хахуультай нэр холбогдсон “Хотын фракц” намын нэр хүндийг гутаалаа, сонгуулийн дүнд ч сөргөөр нөлөөлнө хэмээн тус хуралд үг хэлсэн эрхмүүд хэлж байсан нь одоо ч хурлын протоколд нь бий. Сая болж өнгөрсөн хурлаар ч нэр бүхий гишүүд тэр тухай сануулж байжээ. Тэгэхээр өнөөдөр өрнөж  буй үйл явдал,   тус намын XXVII их хурал нь   өөрсдийнх  хийсэн гээд байгаа шинэчлэл гээчид   том хариулт, мөн том сургамж, урагшлах бус ухралт   болсныг улс төрийн хүрээнийхэн хэлж байгаа нь оргүй биш юм. Намын дарга "Гоц мөргөж", генсек нь аман мэхээр туг тойров Ажиглагчдын үзэж буйгаар МАН-ын их хурлын эхний хоёр өдрийн үйл явц гольдрилынхоо дагуу зөв  явжээ. Харин гурав дахь өдрийн хурал­даанаас  дүрмээ зөр­чиж,  буруу тийш эргэсэн гэл­цэж буй. Тэр нь  М.Энхболд намын дарга болохын тулд бүлэглэл, фракциудын дэмжлэгийг авч, гарч ирүүтээ амнаасаа буцсанаас үүдэлтэй гэнэ. Түүний хувьд Т.Аюурсайханыг эс тооцвол өрсөлдөгчгүй шахам намын дарга болсон. Залуу гишүүний хувьд намын дарга бол­чихно гэхээс  илүүтэй өрсөлдөөд гарч ирэхгүй ч    нам доторх нэр хүндээ өсгөе гэсэн бодлоор зүт­гэсэн. Эцсийн дүнд болох ёстой юм болдгоороо бол­сон. Харин намын их хурлыг шаардаж ху­рал­дуулсан нь яах арга­гүй Шинэчлэлийн хо­рооны байгуулсан гавьяа байв. Хурлын үеэр тус хорооноос 15 хүнээ Хяналтын зөв­лөлд дэвшүүлж ба­гаараа ажиллах хүсэлтээ илэрхийлсэн ч Т.Аюур­сайханаас бусдыг нь оруу­лаагүй. Даргаа сонгосны дараа генсекээ сонгох гэж МАН дотооддоо багагүй хэл ам, хэлцэл зөвшилцөл өрнөж, эцэст нь Ж.Сүхбаатарыг тавихаар хатуу тохирчээ гэсэн мэдээлэл гарсан. Ингэхдээ Байгаль орчны сайд асан Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар нарын нэрийг хурлаар хэлэлцүүлнэ гэж байв.  Явцын дунд Д.Цогтбаатар нэрээ татаж Ж.Сүхбаатар Ерөнхий нарийн бичгийн дарга болох байж. Гэтэл М.Энхболд намын дарга болонгуутаа тохирооноосоо буцаж Д.Цогтбаатарын нэрийг татуулж, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбатыг генсект өрсөлдүүлэхээр оруулж иржээ. Их хурал, Бага хурлын бүтэц, оролцоо, гар өргүүлэх тактикийн талаас “Хотын фракц” эхнээс нь авахуулаад дуустал   ажилласан тул генсек аман мэхээр туг тойрчээ. "Хотын хорчин" Т.Бадамжунай гэв Генсект нэр дэвшүүлэх үеэр  Ерөнхий нарийн бичгийн даргад нэрээ  дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ил тод зарласан  Элчин сайд асан Б.Энхмандах  Бага хурлын үүдийг сахиж суусныг эх сурвалжууд хэлж байгаа юм. Учир нь түүнийг  намын Их хурал, Бага хурлын алинд ч оруулаагүй. Ингээд  үүдэнд нь сууж байгаад нэр дэвшүүлэх үеэр орж танилцуулгаа өгчихөөд буцаж гарсан гэнэ. Эцсийн шатанд шийдвэр гарахад Ж.Сүхбаатар ч, Б.Энхмандах ч ихээхэн гомдолтой үлджээ.   Энэ бүхний эцэст намын Их,Бага хурлын  улс төрийн хорны тунг тааруулсан гол хүнээр  Ж.Сүхбаатарын хэлснээр Т.Бадамжунай тодроод байна. Түүний  твиттертээ бичсэнээр бол  намын их хурлыг наанаа М.Энхболд удирдаж, хөшигний ард Т.Бадамжунай ажиллаж байсан гэнэ.  Тухайлбал, тэрээр   өөрийн гарын хүн МАН-ын нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуйгаар Ж.Сүхбаатарыг дэмждэг гишүүдийн нэрийг даруулж, хуралд оруулаагүй. Хурлын төлөөлөгчдийг оролцуулахдаа эхнээс нь судалгаа хийчихсэн, аль аймаг, сумаас хэнийг хуралд ирүүлэхийг, мөн хуралд хэнээр үг хэлүүлэхийг ч хүртэл  намын даргаар нь дамжуулаад үүрэгдчихсэн байсан гэх мэдээлэл байна. Мөн намын  шинэчлэлийн хөтөлбөрт Бага хурлын гишүүн 310 байсныг 210 болгож цөөрүүлэхээр оруулсан байтал М.Энхболд  дарга болонгуутаа  хуучнаар нь оруулахаар болгосон бол  ганц нэг аймаг, сумын намын хорооны дарга нарын нэр байгааг эс тооцвол Бага хурал, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн  нь огт шинэчлэгдсэнгүй. М.Энхболд, У.Хүрэлсүх нарын гарын хүмүүс голдуу байсан бол ганц нэг хүн шинээр нэмэгдсэн нь ч мөн л тэдний бэлтгэсэн “Хоёрдугаар ээлж”-ийнхэн юм.   Гэхдээ МАН дахь албан тушаалын хуваарилалт үүгээр дуусаагүй. Удахгүй  намын дэргэдэх залуучуудын байгууллага, эмэгтэйчүүдийн байгуул­лагыг хуралдуулж тэр­гүүнийг нь сонгоно. Энэ удаа залуучуудын байгууллагыг О.Сод­билэгт, эмэгтэйчүүдийн байгууллагыг П.Анужинд өгөхөөр М.Энхболд, У.Хүрэлсүх нар  эртнээс тохиролцсоны дагуу тэднийг Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүнээр оруулж ирсэн гэсэн мэдээлэл байна. Хурал хаясан экс дарга нар хаачив? МАН-ын Удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга, Хяналтын хороо, Бага хуралд Ө.Энхтүвшинг оруулах юм бол тус намын дөрвөн үеийн дарга  нарын хүмүүс  багтсангүй. Тэд бол С.Баяр, Н.Багабанди, Сү.Батболд нар. Иймд  тэд намынхаа их  хурлыг хаяж гараад Тусгаар тогтнолын ордны орчим өөр нэгэн газар орж хуралдсан сураг дуулдаж байв. Тухайн үед тэдэнтэй их хурлын цөөнгүй гишүүд нийлжээ.   Харин нэлээд сүүлд буюу хурал тарсаны дараа тэдэн дээр нэг зочин нэмэгдсэн нь Ө.Энхтүвшин байсан гэнэ. Тэрээр яагаад бусдаасаа хоцров гэвэл, индэр дээр сууж байсан учраас хурал тарсны дараа очихоос аргагүй байсан аж.   Тэдний хооронд   намын шинэчлэл буруу тийш эргэлээ, иймд хүчээ нэгтгэн М.Энхболдын эсрэг тэмцье гэсэн  яриа өрнөжээ.  Энэ нь ч үнэний ортой байж мэднэ. Учир нь өнөөдөр МАН-ын гудамжинд залуучууд хэсэг хэсгээрээ талцан яриа хөөрөө эхлүүлж яваа юм. Хэний ард хэн байгааг ч тааж цөхөх зүйл алга. Тухайлбал, Т.Аюурсайхан гэхэд  л  шинэчилье хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ хэмээн ярьж явна. Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр нар ч  мөн  залуучуудтай яриа хэлэлцээ эхлүүлсэн байна. МАН-ын гадаадад ажиллаж, амьдардаг залуу гишүүдийг “Шинэ хүч” ТББ-ын тэргүүн М.Найданхүү толгойлж жигүүр байгуулах су­раг­тай. “Үндэсний Соём­бо” хөдөлгөөний тэр­гүүн Б.Лхагважав эдийн засагчидтай са­нал солилцох болсон. Сү.Батболдын Шадар тус­лахаар ажиллаж  бай­сан Г.Өнөрбаяр  гадаадад сургууль төгссөн болон одоо сурч байгаа залуусыг нэгтгэж эхэлсэн бол НИТХ-ын төлөөлөгч,  Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан С.Баярмагнай  мөн энэ чиглэлд яриа хөөрөө үүсгэж уулзалт зохион байгуулж явааг эх сурвалж хэллээ.   Удирдах зөвлөлөөс татгалзаж, хурал хаяж гарсан С.Бямбацогтын хувьд  зүгээр суухгүй гэдгээ ил тод   мэдэгдээд “Та нар ийм байдлаар хол явахгүй шүү”  хэмээн намынхаа удирдлагуудад хатуу  үг дайжээ. МАН дотооддоо ийн­хүү 2-3 хэсэгт ху­вааг­даад байна. Нэг хэ­сэг нь буюу С.Баяр, С.Батболд, Н.Багабанди, Ө.Энхтүвшин тэргүүтэй хүмүүс М.Энхболдын эс­рэг хамтарч тэмцэх бо­лолтой. Залуучуудын хувьд тэдэнтэй хүч хав­сарна. Түүнээс гадна на­маас гарахаар шийдсэн хүмүүс ч цөөнгүй бай­гаа дуулдана. Итгэл үнэмш­л­ээрээ элсэн орж энэ хүр­тэл зүтгэж явсан нам нь байр сууриасаа ухарч буцаж байгаад итгэл ал­дарсан тэд аль нэг намыг сонгох бус нэг хэсэгтээ нам бус байхыг  илүүд үзсэн  байхыг үгүйс­гэхгүй. Харин сэхээт­нүүд голдуу хэсэг хүн МАХН руу явахаар ший­дээд байгаа дуулдана. Ту­хайлбал, Элчин сайд асан Б.Энхмандахыг энэ хүмүүсийн эхэнд явах байх гэсэн яриа МАН-д газар авчээ. Мөн хөдөө орон нутаг дахь  намын анхан шатны байгууллагуудад ирж буй санал хүсэлтийн дийлэнхийг МАХН-тай нэгдэх гэсэн гишүүдийнх нь байр суурь эзэлж байгааг  даравч далдайж булавч бултайх гэгч болоод буйг намын тулхтай гишүүд, хууччуулаас эхлээд  ярьж эхэлсэн сурагтай.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн эсрэг ташаа мэдээлжээ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ /УБЦТС/ нь Монгол Улсын эрчим хүчний тухай хуулийн дагуу Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд нийс­лэлийн есөн дүүрэг тө­дий­гүй Төв аймгийн 16 сумын нийт 242 мянга гаруй хэрэг­лэгчдэд цахилгаан эрчим хүч түгээдэг төрийн өмчит хувьцаат компани юм.  Түүнчлэн цахилгаан эрчим хүчийг найдвартай, тасралтгүй түгээх үндсэн үүргээ биелүүлэхээс гадна тех­никийн тасралт саатлыг устгаж, иргэдээс ирсэн дууд­лагын дагуу санал, гомд­­лыг нь барагдуулан ажил­ладаг байна.  Дээрх нөх­цөл байдлаас үүсэн хэрэг­лэгчдийн хү­сэлтээр зөвхөн цахилгаан эрчим хүчийг түгээхээс гадна олон төрлийн нэмэлт үйлчилгээг үзүүлдэг. Ин­гэхдээ тухайн нэмэлт үйлчилгээг холбогдох хууль, тогтоомжийн дагуу тогтсон үнээр үзүүлдэг аж.  Гэтэл сүүлийн үед за­рим хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр УБЦТС-ний талаар таагүй мэдээлэл гарах бол­сон.  Тодруулбал тус ком­панийг иргэдэд үзүүлж буй үйлчилгээнийхээ үнийг нэмж хэрэглэгчдээ шулдаг, улсын төсөвт төвлөрөх ёстой их хэмжээний мөнгө хэдхэн хүний гараар дамжин үгүй болсон гэх мэт мэдээлэл цацагдсан.  Тэгвэл дээрх үнэн, худал нь мэдэгдэхгүй ярианд хариулт өгөхөөр УБЦТС-ний гүйцэтгэх захирал С.Төмөрхүү нар өчигдөр мэ­дээлэл хийв.  Мэдээллийн эхэнд тэд дээрх бүх мэдээлэл ор үндэслэлгүй, ташаа мэдээ­лэл болохыг албан ёсоор хэлсэн бөгөөд компанийнх нь нэр хүндэд халдаж, үйл ажиллагаанд нь саад хийх гэсэн хэн нэгний явуулга хэмээн тайлбарласан юм.  Тэд хэлэхдээ “Хэрэг­лэгчид, ард олны нэрийг барьсан тэдгээр хүмүүс “УБЦТС” ХК-ийг тэрбум 200 сая төгрөгийг хууль бусаар авсан гэж мэдэгдсэн ч энэ мөнгө бол тус ком­панийн өнгөрсөн онд үйл ажил­лагаанаасаа олсон ашиг. Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан журмын дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрийн хэм­жээг компанийн гүй­цэтгэх захирал батална гэж заасан байдаг.  Энэ үүднээсээ үйлчил­гээ­ний төлбөр буюу иргэдийн хүсэл­тээр тухайн айлд зал­гуур, унтраалга сольж өгөх, цахилгааны утсыг шинээр татах гэх мэт үйлчилгээндээ тохирсон мөнгөн төлбөрийн хэмжээг батлан дагаж мөрд­дөг.  Бурхан шашны төв хүртэл хийморийн сан тавих­даа мөнгө авдаг болсон өнөө үед энэ мэт үйлчилгээнд төлбөр төлөх нь зүйн хэрэг.  Манай улсад барилгын угсралт, цахилгааны мон­таж хийх зөвшөөрөл бүхий 900 гаруй компани үйл ажи­ллагаагаа явуулж, иргэдэд үзүүлсэн үйлчил­гээндээ тохир­сон төлбөр авдаг. Ма­най компани бол тэдний л нэг” гэв. Төлбөртэй үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлснээр өн­гөрсөн онд 1.2 тэрбум төгрөгийн ашиг олсон нь үнэн. Гэхдээ энэ нь шууд манай компанийн цэвэр ашиг биш юм Ингээд хурлын үеэр УБЦТС-ний гүйцэтгэх захирал С.Төмөрхүүгээс дараах тайлбарыг авсан юм.  С.Төмөрхүү: ШӨХТГ-аас манай компанид ямар ч торгууль ногдуулаагүй  -Сүүлийн үед танай компанийн талаар таагүй мэдээлэл гарах боллоо. Үнэхээр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр га­раад байгаа шиг иргэдээс хууль бусаар их хэмжээний төлбөр авдаг гэдэг нь үнэн үү? -Энэ бол ташаа мэдээлэл. Манай компани хуучнаар Эрчим хүчний зохицуулах хо­рооны Зохицуулагчдын зөвлөлийн 2002 оны 24 дүгээр тогтоолын дагуу нэмэлтээр үзүүлэх үйлчилгээнд зар­цуулах ажлын материал, хөдөлмөр, цалин хөлс гэх мэт нэмүү өртгийг тооцож, нэр төрлөөр нь ангилан тариф тогтоосон байдаг.  Хэрэглэгч нэмэлт үйл­чилгээ авахыг хүссэн тохиол­долд манай компани тодор­хой тогтсон үнээр тэрхүү үйлчилгээг нь хүргэдэг гэ­хэд болно.  Гэхдээ бид хэзээ ч хэрэглэгчдэд эдгээр үйл­чилгээг заавал ав гэж тул­гаж байгаагүй. Зөвхөн хууль журмын дагуу тогтсон үнээ­рээ нэмэлт үйлчилгээ үзүүлдэг.  -Тогтсон хууль, журмын дагуу үйлчилгээ үзүүлдэг гэлээ. Яг ямар хууль журмын дагуу гэж. Жаахан тодорхой тайлбарлахгүй юу?  -Бид салбарын яамнаас олгосон Цахилгаан дам­жуу­лах шугам, дэд станцын угсралт, засвар, туршилт тохируулгын ажил үйл­чилгээ эрхлэх /0.4-35 кВ/, Цахилгаан шугам сүлжээний зураг төсөл боловсруулах /35 кВ хүртэл/ болон Стан­дартчилал хэмжил зүйн газраас олгосон Монгол Улсад зөвшөөрөгдсөн загва­рын цахилгаан эрчим хүч­ний нэг ба гурав фазын механик, электрон, им­пульсын тоолуур гүйдлийн трансформатор засварлах, суурилуулах, худалдах зэрэг тусгай зөвшөөрлийн дагуу хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчний үйлчилгээг үзүүлэх эрхтэй. Энэ дагуу гүйцэтгэх захирлын 2008 оны 166, 2011 оны 159 тоот тушаалаар хангах, түгээх болон тоо­луурын лабораторийн чиг­лэлээр гаргасан 386 нэр төрлийн нэмэлт үйлчилгээг үнэ төлбөртэй нь баталж гаргасан байдаг. Эдгээр үйлчилгээний 336-г нь зах зээлийн тарифт тулгуурлан тогтоосон.  Тэр дагуу л үйлчилгээ үзүүлдэг. Түүнээс биш ир­гэдийг шулж их мөнгө авсан зүйл байхгүй. Үнэхээр ийм ташаа мэдээлэл гарч байгаад харамсаж байна. Өнөөдөр УБЦТС-ний 1700 гаруй ажилчин хуулийн хүрээнд л ажлаа хийж байгаа.  -Гэхдээ нэмэлт үйлчилгээ үзүүлэх нэрээр иргэдийг шулж өнгөрсөн онд нэг тэрбум гаруй төгрөгийн ашиг олсон гэх яриа байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ? -Төлбөртэй үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлснээр өн­гөрсөн онд 1.2 тэрбум төгрөгийн ашиг олсон нь үнэн. Гэхдээ энэ нь шууд манай компанийн цэвэр ашиг биш юм. Учир нь компанийн 1700 гаруй ажилчны цалин, техник тоног төхөөрөмж, тээврийн зардал гардаг гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.  Дээр нь нэмж хэлэхэд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний хороо болон Эр­чим хүчний зохицуулах хо­рооноос манайд ямар ч хяналт, шалгалт хийгээгүй. Ямар ч шалгалт хийгээгүй байж олон нийтэд шалгалт хийсэн юм шиг ташаа мэдээлэл цацсан.  -Танай компанид өн­гөр­сөн онд ШӨХТГ-аас шалгалт хийж 10 сая төгрөгийн тор­гууль ногдуулсан гэсэн. Ямар зөрчил илэрсэн болоод ийм их хэмжээний торгууль ногдуулсан юм бэ? -ШӨХТГ-аас шалгалт хийсэн нь үнэн. Гэхдээ та бүгдийн яриад байгаа шиг 10 сая төгрөгийн торгууль ногдуулаагүй.  Яах вэ, зарим нэг алдаа дутагдал илрүүлж, зөрчлөө арилгах шаардлага өгсөн. Бид тухайн үед илэрсэн зөрчил, дутагдлаа арилгасан.
NBA-д нэгэн аравныг эзэгнэсэн “Хариулт” зодог тайллаа
NBA-гийн сүүлийн 20 жилийн түүхэнд нэрээ үлдээсэн шилдэг сагсан бөмбөгч Аллен Айверсон NBA-гийн сүүлийн 20 жилийн түүхэнд нэрээ үлдээсэн шилдэг сагсан бөмбөгч Аллен Айверсон сагсан бөмбөгөөсөө албан ёсоор зодог тайллаа. Түүний зодог тайлах ёслол өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 31-нд “Филадельфи Сиксерс” “Майами Хит” багийн тоглолтын үеэр болж, олон мянган шүтэн бишрэгчид нь хүндэтгэл үзүүллээ. “Филадельфи” багийн удирдлага түүний гурав дугаарыг ирэх оны гуравдугаар сарын 1-нд “Wells Fargo Center”-т мөнхлөхөөр болсон юм. 1990-ээд оны дунд үеэс NBA-д супер од мэндэлсэн нь АНУ-ын Виржиниа мужийн Хэмптон хотоос гаралтай Аллен Айверсон байв. Тэрбээр 1975 оны зургадугаар сарын 7-нд төрсөн. Түүний ээж Анн Айверсон хүүгээ 15 настайдаа төрүүлжээ. Айверсон таван настайдаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж, Хэмптоны “Bethel” дунд сургуулийг дүүргэж, улмаар 1994 онд NBA-гийн шилдэг төвийн тоглогч Патрик Юунг, Алонзо Моурнинг, Дикембе Мутомбо нарыг бэлтгэн гаргасан “Жоржтаун”-ы их сургуульд элссэн. Их сургуульд гурван жил хүчин зүтгэхдээ багийн гол тархи болж чадсан. Ялангуяа сагсан бөмбөгийн дэлхийн хамгийн шилдэг лигт элсэхийн өмнөх жил NCAA-гийн бүх гол шагналыг хамсан бөгөөд тухайн улиралд 22.8 оноо дундчилжээ. Айверсон 1996 оны хавар NBA-д элсэх болсноо зарлалаа. Тухайн жилийн драфтыг NBA-гийн түүхэн дэх хамгийн шилдэг драфтуудын нэг хэмээн сагсан бөмбөгийн тоймчид үздэг. 1996 онд ирээдүйн NBA-гийн супер одууд болох Коби Брайант, Стив Нэш, Рэй Аллен Стефан Марбери, Энтони Уолкер, Жермэйн О`Нил, Бен Уоллес, Маркус Кэмби, Шариф Абдул Рахим нарын шилдэг тоглогчид драфтаас NBA-д хөл тавьсан юм. Нью-Жерси мужийн Ист-Ратерфорд хотод драфтын сугалаанд өмнөх улиралд нь 18 ялж, 64 удаа хожигдож, багийнхаа анти рекордыг тогтоосон “Филадельфи Сиксерс” багийн удирдлага тэргүүн сонголтоор “Жоржтаун”-ы их сургуулийн 183 см өндөртэй хамгаалагч Айверсонг ямар ч эргэлзээгээр авсан юм. Түүний хувьд NBA-д тоглосон эхний улиралдаа нэг тоглолтод дунджаар 23.5 оноо авч, 4.1 удаа самбараас бөмбөг авч, 7.5 дамжуулалт өгчээ. Тэр улиралд баг нь 22-60 гэсэн тааруухан амжилтыг үзүүлсэн ч Айверсон NBA-гийн шилдэг шинэ тоглогчийн шагналыг өрсөлдөгчгүйгээр гардсан юм. Үүнээс хойш тэрбээр сагсан бөмбөг сонирхогчдод гайхамшигтай тоглолтоор бэлэг барьсаар ирсэн бөгөөд гурав дахь жилдээ буюу 1998-1999 оны улиралд 26.8 оноо цуглуулж, ҮСБХ-ны онооны лидерээр тодров. 20-иод жил хамтдаа амьдарсан таван хүүхдийнх нь эх Тавана Айверсон түүнээс салах шийдвэрээ шүүхэд өгчээ. Нэгэнт урьдын шилдэг тоглолтоо үзүүлэх боломжгүй болсон “Хариулт” өнгөрсөн долоо хоногт сагсан бөм­бөгөө­сөө албан ёсоор зодог тайллаа 1999 оны зун багийн удирдлага нь түүнтэй долоон жилийн 70 сая ам.долларын шинэ гэрээ үзэглэлээ. Энэхүү гэрээ нь тухайн үед тун үнэтэй гэрээ болж байв. Дараа жил нь Айверсон ба түүний нөхдийн амжилт илт өсч, 49-33 гэсэн амжилттай улирлыг үдэж, алдарт Чарльз Барклигийн үеэс хойш анх удаа плей-оффын бараа харсан юм. Баг нь 2000 оны плей-оффын эхний шатанд “Шарлотт Хорнетс”-ийг 3:1-ээр буулган авсан ч дараагийн даваанд байрлал бүртээ шилдэг бүрэлдэхүүнтэй байсан “Индиана Пейсерс”-т 2:4-оор хожигдлоо. Дараа жил нь түүний амьдралын хамгийн мартагдашгүй улирал болсон. Айверсон тухайн улиралд “Бүх оддын тоглолт”-ын MVP-гээр тодорч, улирлын мэргэн бууч (31.1 оноо) болсноос гадна NBA-гийн хамгийн нэр хүндтэй шагнал “Үнэ цэнэтэй тоглогч”-оор шалгаран бүх гол шагналыг хамсан. Баг нь улирлын тоглолтыг 56 ялалт, 26 хожигдолтой дуусгаж, түүхэн амжилтаа тогтоолоо. “Дорнод” бүсийн улирлын аварга “Филадельфи” плей-оффын эхний шатанд өмнөх жил нь тэднийг гомдоосон “Индиана”-г 3:1-ээр дараа нь “Нисдэг Канад” хочит Винс Картераар ахлуулсан “Торонто Рэпторз”-ын 4:3-аар бүсийн аваргын төлөө Рэй Аллен, Сэм Кассель, Глен Робинсон нарын гурвалттай “Милуоки Бакс”-ыг мөн 4:3-аар буулган авснаар “Дорнод”-ын аварга болсон. Харин Ларри О`Брайений цомын төлөө өмнөх улирлын аварга “Лос-Анжелес Лейкерс”-т 1:4-өөр хожигдлоо. Айверсон ба түүний нөхөд аваргын төлөөх цувралын эхний тоглолтод “Нуурнууд”-ыг “Стэплес центер”-т нь 107:101-ээр ялалт байгуулсан ч удаах дөрвөн тулаанд хүчирхэг “Лейкерс”-т хожигдсон юм. Тэрбээр тийм ч хүчтэй биш бүрэлдэхүүнтэй “Филадельфи”-г бэртлээ үл хайхран ганцаараа чирсээр NBA-гийн аваргын төлөө өрсөлдүүлсэн юм. Үүнээс хойш NBA-гийн тоймчид, мэргэжилтнүүд түүнийг насан туршид дагаж явах учиртай “Хариулт” хочийг хайрласан юм. Тэрбээр 2001-2002 оны улиралд мөн онооны лидер болсон бөгөөд баг нь 43-39 гэсэн амжилттай улирлыг дуусгалаа. Тэд плей-оффт зургадугаар байраар шалгарсан ч эхний шатанд “Бостон Селтикс”-т 2:3-аар хожигджээ. “Филадельфи”-гийн хамгаалалтын ноён нуруу болсон “Ноён цоож” хочит төвийн тоглогч Дикембе Мутомбо тэр жилийн зун “Нью-Жерси Нетс”-ийг зорьсоноор амжилт буурч эхэлсэн. Харин 2003-2006 оноос хойш Айверсоны баг плей-оффт тогтмол шалгардаг ч эхний шатнаас мултардаг боллоо. Зөвхөн түүний хувийн тоглолтын ачаар “Филадельфи” плей-оффт шалгардаг байсан нь нууц биш. Тэгээд ч 2003 онд ерөнхий дасгалжуулагч Ларри Браун багаа орхисноор тэдний амжилт уруудах бас нэгэн том шалтгаан болсон. 2006 оны арванхоёрдугаар сарын 19-нд “Филадельфи” багийн удирдлага тун эрсдэлтэй алхам хийж, түүнийг “Өрнөд”-ийн “Денвер Наггетс”-т өгч, хариуд нь Андре Миллер, Жо Смит, 2007 оны драфтын эхний сонголтын эрхийг авсан юм. Үүнээс ердөө дөр­вөн хоногийн дараа Айверсон харих болоо­гүйгээ харуулан шинэ багийн төлөө анхны тоглолтоо хийж, “Сакраменто Кингз”-ийн эсрэг 22 оноо авч, 10 дамжуулалт өглөө. “Шижир алтнууд”-ын “шинэ од” Кармело Энтонитой тун аюултай хослолыг бий болгосон ч мөн л плей-оффын эхний шатнаас хэтэрдэггүй байв. Харин 2008 оны арваннэгдүгээр сарын 3-нд “Детройт Пистонс” “Денвер Наггетс”-ийн багийн хооронд нэгэн супер солилцоо болж, Айверсонг “Муу залуус” авч, хариуд нь Чонси Биллапс, Антонио Макдайэс нарыг Колорадо хотын багийг зорилоо. Энэ солилцоо “Денвер”-т ашигтай туссан бол “Детройт”-ын хамгийн муу солилцоо болсон юм. Түүний хувьд ч энд ирснээр амжилт уруудаж, урьдын шилдэг тоглолтоо үзүүлэхээ больсон. “Бүлүүрүүд”-д жил гаран хугацаа тоглоод “Мемфис Гриззлис”-тэй гэрээ байгуулж, ердөө гурван тоглолтод оролцож төрхөмдөө буцчээ. Хуучин багт нь энэ үед түүний туслалцаа хэрэггүй болсон байлаа. Нэгэнт “Филадельфи”-д багтах зайгүй болсон тэрбээр өөрийн хүсэлтээр багаа орхихоор шийдсэн. Хэсэг гэртээ хийх юмгүй суусан Айверсонд NBA-гийн багууд санал тавихаа байгаад байсан хүнд үед Туркийн “Бешикташ” баг түүнд өөрийгөө дахин нээх боломж олгож, хоёр жилийн дөрвөн сая ам.долларын гэрээ байгуулав. “Хариулт”-ыг элсүүлсэн Туркийн багийн нэр хүнд ч буурал тивд өссөн. Гэсэн ч “Сурсан юмыг сураар боож болохгүй” гэгчийн үлгэрээр түүний Стамбул дахь тансаг амьдрал хоёр сарын настай байж, тэрбээр өөрийн хүсэлтээр гэрээгээ цуцаллаа. Гэхдээ Айверсонд энэ шийдвэрийг гаргахад шагайны бэртэл нь нөлөөлсөн юм. Гэртээ ирсэн 35 настай түүний ур чадварт NBA-гийн багууд аль хэдийнээ итгэхээ больж, санал тавихаа больсон юм. Харин энэ хооронд тэрбээр мөрийтэй тоглоомонд донтож, өрөндөө баригдаж, өөрийн эзэмшлийн машин, байшингаа зарсан. Түүнчлэн 20-иод жил хамтдаа амьдарсан таван хүүхдийнх нь эх Тавана Айверсон түүнээс салах шийдвэрээ шүүхэд өгчээ. Нэгэнт урьдын шилдэг тоглолтоо үзүүлэх боломжгүй болсон “Хариулт” өнгөрсөн долоо хоногт сагсан бөм­бөгөө­сөө албан ёсоор зодог тайллаа.
Иргэний оролцоотой төсвийн саналыг маргаашаас авч эхэлнэ
Нийслэлийн иргэний танхимд “Иргэний оролцоотой төсөв 2014” төслийн үндсэн ажил болох иргэдээс санал авах ажлыг хийх 300 гаруй төрийн албан хаагчдад үндсэн чиглэл заавар өгөх семинар яг одоо болж байна. Семнарт Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, хотын ерөнхий менежер Б.Бадрал, НЗДТГ-ын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, тамгын газрын нутгийн захиргааны хэлтсийн дарга Ч.Ганболд нар оролцож байгаа бөгөөд семинарт хамрагдсан төрийн албан хаагчид нийслэлийн 152 хороонд очиж иргэдийн саналыг авна. Саналын хуудас тараах ажил өчигдөр эхэлсэн. Энэ ажил өнөөдөр дуусч энэ сарын 7,8-ны өдрүүдэд иргэдийн саналыг аваад есний өдрөөс нэгтгэн дүгнэх ажил эхлэх юм байна. Хамгийн их давтагдсан, нийслэлийн төсвөөр хэрэгжих боломжтой санаануудыг боловсруулж энэ сарын 12, 13, 14-ний өдрүүдэд хороо тус бүр дээр иргэдийн хэлэлцүүлэг өрнүүлэн оновчтой шийдвэр гаргах ажээ.
Хятадын хамгийн баян хүн Пикассогийн зургийг 28 сая доллараар авлаа
Хятадын хамгийн баян хүн гэгддэг Ван Жианлинь Нью Йоркын Кристигийн дуудлага худалдаан дээрээс Пикассогийн нэгэн бүтээлийг 28 сая доллараар худалдаж авлаа. Урлагийн цуглуулагч Жан Крюгерын мэдэлд байсан 1950 оны энэ бүтээл 9-12 саяд үнэлэгдэж байсан юм. Зургийн нэр “Клод Палома хоёр”. Пикассогийн хоёр хүүхдийн хөрөг зураг ажээ. Клод Палома хоёр Пикассогийн хоёр хүүхэд Жан Крюгер нь нацистын холокостоос амьд үлдэж сүүлд Женевын том урлагийн цуглуулагч болсон юм. Тэрээр 2008 онд нас барсан ба цуглуулгад нь Пикассогийн 29 бүтээл үлдсэн гэнэ.
Газрын тосныхонтой дорнын говийг зорьсон тэмдэглэл
Шатахууны үнэ нэг төг­рөгөөр нэмэгдэхэд л нийгэм цочирдон хүлээн авдаг. Мөн дэлхийн улс орнууд газ­рын тосноос болж дайн дажин хийх нь ч бий. Харин манай улсад энэ салбарын талаар иргэд төдийлөн сайн ойлголтгүйгээс үнэн худал нь мэдэгдэхгүй мэ­дээлэлд автах нь олонтоо.  Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газ­­­рын тосны газраас сэт­гүүлч­дэд газрын тос олбор­лолтын жаргал зовлонг танилцуулах аялал зохион байгуулсан юм. Ингээд бид Дорноговь аймгийн Зүүнбаян суман дахь “Доншен” компанийн олборлолтын үйл ажил­ла­гаатай танилцахаар Дорнын цэнхэр говийг зорилоо. Цагийн эрхээр бол өдийд хүйтэн жавар тачиг­наж байдаг. Харин энэ жилийн хувьд уртаас урт намар үргэлжилсээр өв­лийн сартайгаа золгох шив. Хэдийгээр цаг агаар дулаа­хан байсан ч говийн замд энгэр газар хайлж ядсан цасан толбонууд харагдах нь өнөөх жихүүн өвөл хаяанд ирснийг илтгэнэ. Өмнө нь Дорноговь айм­гийн төв Сайншанд руу 8-10 цаг явж байж хүрдэг байсан. Харин энэ жил Говьсүмбэр аймгаас Сайншанд хүртэл Монголын мянганы со­рилтын сангийн хөрөнгө оруу­лалтаар 176.4 км ха­туу хучилттай зам тавьж ашиглалтад орсон нь ноён хутагт Данзанравжаагийн нутаг, Хамарын хийд, Хүслийн уулыг зоригсдын талархлыг их хүлээж байгаа. Мөн албан ажлаар яваа бидэнд ч гэсэн ая тухтай, хурдан шуурхай ажлаа амжуулах үндэс болсон гэдгийг ч онцлох нь зүйтэй байх. Бид Улаанбаатар хотоос 10:00 цагт хөдлөөд 16:00 цагт Сайншанд хотод очсон. Ингээд бид Сайншанд хотод байрлаж, Газрын тос­ны газрын дарга Г.Өлзий­бүрэн, дэд дарга Ц.Амараа нар газрын тосны олборлолтын үйл ажиллагааг танилцуулсан юм. Тэд газрын тосны салбарт шинэ эргэлт бий болж байгааг мэдээлсэн. Тодруулбал Монгол Улс ОХУ-ын “Роснефть” компаниас бензин, шатахууныхаа 90 хувийг авдаг байлаа. Энэ нь нефтийн бүтээгдэхүүнээс хараат байдалтай олон жил байсныг илтгэж байна. Харин шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яам, холбогдох газрын мэргэжилтнүүдийн идэвх санаачилгын хү­рээнд хэрэглээнийхээ бүтээг­дэхүү­нийг нэг газраас авдаг байсныг өөрчилж, аль болох олон газраас бүтээгдэхүүнээ авахыг зорьсон. Үүний үр дүнд өнөөдөр “Рос­нефть” компаниас нийт хэ­рэг­лээнийхээ 50 хувийг, үлсэнийг нь бусад эх үүс­вэрээс авдаг болжээ. Ингэс­нээр үнийн огцом савалгаанд өртөхгүй байх боломж бүрдэж буй юм. Мөн манай улс газрын тос олборлогч орны статустай болсон. Дорнод аймгийн Матад сумын Тамсаг, Дорно­говь Зүүнбаянгийн ордоос экспортолж буй газрын то­соор үйлдвэрлэгдсэн “Мон-93” шатахууныг импортолж байгаа. Цаашлаад 1991 оноос хойш салхи ороогүй Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганд өргөн бариад бай­гаагаа ч албаныхан хэлсэн юм. Ингээд маргааш өглөө нь Зүүнбаян сумыг зорьж, газрын тосны олборлолтын үйл ажиллагаатай танилцсан юм. Монгол Улсад Хятадын хөрөнгө оруулалттай хоёр компани газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг болох “Доншен газрын тос” компани 2010 оноос олбор­лолтоо эхлүүлжээ. Тус ком­пани өнгөрсөн хугацаанд Зүүнбаян, Цагаан элсний орд газарт 98 цооногт олборлолт хийж, өдөрт дунджаар 1900 баррель түүхий нефть олборлож байгаа аж.  Цаашид олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх бод­лого барин ажиллаж байна. “Доншен газрын тос” компани БНХАУ-ын Шандун мужийн Шенлигийн газрын тосны удирдах товчоонд харьяалагддаг. 1996 онд Австралийн “Рок Ойл” компаниас тавьсан саналын дагуу Зүүнбаян, Цагаан элсний орд газарт үйл ажиллагаа явуулах эрхийг авсан билээ.  Улмаар Монгол Улсын Газрын тосны газар болон “Рок Ойл” компанитай 2003 оны хоёрдугаар сарын 15-нд “Эрх шилжүүлэх тухай” гэрээ байгуулж, 1997 оны нэгдүгээр сарын 24-нд Монгол Улсын Газрын тосны газар, АНУ-ын “Нескор Энержи” компанийн хооронд байгуулагдсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г баримтлан үйл ажиллагаа явуулах болсон байна. “Доншен газрын тос” компани баазын дарга Сүн Юун Чуан Хөрөнгө оруулагчдад хууль эрх зүй таалагдахгүй байна Өнөөдрийн нөхцөл байдлын талаар “Доншен газрын тос” компани баазын дарга Сүн Юун Чуан “Бид Монгол Улсын Засгийн газартай Бүтээгдэхүүн ху­ваах гэрээний талаар хамтран ажиллаж байгаа. Монголын Засгийн газарт ашгаа хуваахаас гадна татвар шимтгэлээ өгч байна. Харин хөрөнгө оруулалтаа нөхөх зардал нь хүрэлцэхгүй байдал бий болоод байгаа. Тиймээс толгой компанийн зүгээс хөрөнгө оруулалтаа татах дохио өгсөн. Өөрөөр хэлбэл Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтад таатай орчин бүрдүүлэхийг бид хүсч байна. Хэрвээ хууль эрх зүй сайжрахгүй бол манай хөрөнгө оруулалтын хэмжээ багасна. Ингэснээр хоёр талын ашиг буурах, ажиллах хүчний тоо буурах зэрэг маш олон асуудал гарч ирнэ” гэдгийг хэлсэн юм. Газрын тосны газар, “Доншен газрын тос” ком­панийн мэргэжилт­нүүдийн мэдээллээр 2009 он гэхэд Зүүнбаян дахь хайгуулын ажил дуусч, 2010 оноос ол­бор­­лолтын ажлаа эрчим­­жүүлсэн байна. Энэ хугацаанд 2010 онд хамгийн их буюу 80.2 мянган тон­ныг олборлож байжээ. Ха­рин 2011, 2012 онд 75.3 мян­ган тонныг олборлосон байна. 2003 оноос хойш Зүүн­баянгийн ордоос нийт гур­ван сая орчим газрын тос олборложээ. Ашиглалтын 239.3 га газартай. Үүний ихэнх тал­бай нь Зүүнбаянгийн су­мын төвөөс баруун ургаш 4-5 км зайд байрладаг Ца­гаан элсний ордод бий. Өнөөд­рийн байдлаар тус орд газарт 96 цооногоос газ­рын тос олборлож бай­гаа аж. Дунджаар 1400 мет­рийн гүнээс олборлолтоо явуулж байгаа талаар мэр­гэ­­жилтнүүд тайлбарлаж байлаа.  Өмнөх жилүүдэд нэг цооногоос хоногт 20 гаруй баррель буюу гурван тонн газрын тос олборлож бай­сан. Харин энэ жилийн хувьд ундарга багатай нэг цооногоос дунджаар хоногт хоёр тонн тос олборлож байгаа гэв. Ийнхүү ундарга багассан нь шингэн хагалбарын ажил хийгдээгүйтэй хол­боо­той аж. Өөрөөр хэлбэл газрын тосны ундаргыг нэ­мэг­дүүлэхийн тулд жил бүр шингэн хагалбарын ажил хийх шаардлагатай бай­даг гэнэ. Харин энэ жил хөрөнгө оруулалтын хэмжээ багассанаар энэ ажил хийг­дээгүй байна.  Олборлосон тосоо цооног бүрийн хажууд 50-300 м3-ийн саванд хадгалдаг. Саванд хуримтлагдсан тосыг тосны машинаар зөөж тунгаах саванд юүлнэ. Ингэж тунгаах аргаар цэвэршүүлсэн тосоо экспортод гаргадаг байна. Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчим өөрчлөгдөхгүй Ингээд Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс энэ салбарт үүсээд буй нөхцөл байдлын талаар дараах зүйлийг тодруулсан юм.  -Газрын тосны салбарын хөрөнгө оруулагчдын мэ­дээлж буйгаар өнөөдрийн мөрдөгдөж буй Татварын хууль бүтээгдэхүүн хуваах гэрээнд их нөлөөлж байх шиг байна. Ер нь цаашдаа тат­варын зохицуулалтаа яаж хийх бол? -Манайд 1991 онд анх Газрын тосны хууль гарсан. Энэ хуулиар 20-иод жил явлаа. Энэ хугацаанд бид цөөнгүй хөрөнгө оруулагчдыг татаж хайгуул судалгааны ажлаа эрчимжүүлсэн. Ингээд олборлолт ч бий боллоо. Ер нь дэлхийн улс орнуудыг харахад олборлолтын хэм­жээгээ нэмэгдүүлж, хай­гуул олборлолтын ажлаа зохицуулсны дараа эрх зүйн орчиндоо өөрчлөлт хийж, түүнийгээ сайжруулдаг юм билээ. Тэр л хүрээнд бид эрх зүйн орчноо чамбайруулъя, үүнийгээ дэлхийн жишигт хүргэе гэсэн үүднээс хуулийн төслөө УИХ-д өргөн барьсан. Энэ хүрээнд өөрчлөлт хийг­дэнэ. Мэдээж аль болох л Монгол Улсдаа илүү ашигтай хуулийн төслийг барьсан. -Тэгэхээр бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчим өөрчлөгдөх үү? -Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчим хэвээрээ байна. Бид нэгэнт олон хөрөнгө оруулагчдыг урьж, бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, 10-аад жил явсан. Одоо бүтээгдэхүүн ху­­ваах гэрээний зарим нь үргэлжилж, зарим нь дуусч байгаа.  Цаашдаа ч шинээр бай­гуулагдана. Бүтээгдэхүүн хуваах гэрээг дэлхийн олон улс орон хэрэглэдэг. Ерөн­­хийдөө оновчтой цаг ху­гацаанд зохицуулсан ху­вилбар гэрээ байдаг.  -Монголчууд өөрсдөө нефть боловсруулах үйлд­вэртэй болох талаар олон жил ярилаа. Нефть боловс­руулах үйлдвэр хэдийд бий болох вэ? -Дарханд байгуулах нефть боловсруулах үйлдвэрийн төсөл одоогоор судалгааны шатандаа явж байна. Японы компани техник, эдийн засгийн үндэслэл хийж байна. Одоогоор техник, эдийн засгийн үндэслэл хараахан дуусаагүй байна. Хэрвээ дуусах бол бид өөрсдийнхөө газрын тосыг боловсруулах боломж бүрдэх юм. Үүнээс гадна боловсруулах үйлдвэр байгуулахаар тав, зургаан ч компани тусгай зөвшөөрөл авсан. Энэ нь хэмжээний хувьд арай бага буюу 50-300 мянган тонныг боловсруулах үйлдвэрүүд юм.  Ер нь нефть боловсруулах үйлдвэр гэдэг нэлээд судалгааны ажил шаарддаг, улс орны томоохон сүлжээ үйлдвэр байдаг учраас их цаг хугацаа, хө­рөнгө оруулалт шаарддаг. Бидний зүгээс аль болох л шахаж ажиллаж байна. Энэ жилдээ багтаагаад техник, эдийн засгийн үндэслэл хийж дуусах байх гэж найдаж байгаа. -Зөвхөн нефть гэлтгүй шат­даг занар, нүүрснээс неф­тийн бүтээгдэхүүн гар­гах технологи дэлхий нийтэд бий болсон. Ма­най улс дээрх түүхий эдээр баялаг. Тиймээс боловс­руу­лах бо­ломж бий гэдгийг зарим хүмүүс хэлдэг? -Уламжлалт бус шатдаг занар, тостой занар зэргийг боловсруулах технологиуд дэлхий дахинаа гарч ирсэн. Үүн дээр Хойд Америк нэлээд амжилттай ажиллаж байна. Үүнийг бид маш анхааралтай ажиглаж байгаа юм. Манайд одоогийн байдлаа “Жени Ойл” гээд компани орж ирсэн. Эдний зүгээс манайхтай гэрээ байгуулан судалгааны ажил хийж байна. Харин бид “Цаашид энэ технологи нь баталгаажаад амьдралд биеллээ олох үед илүү дэм­жиж ажиллая” гэсэн байр суурьтай байгаа. Манай хоёр хөрш шатдаг занараар бо­ловсруулсан зүйл алга.  Харин нүүрсний асууд­лаар гадаадын дөрвөн ч том төсөл яригдаад, саяхан УИХ-аас НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрүүд гарсан. Өөрөөр хэлбэл аль болох нүүрсээ ашиглах бусад уламжлалт технологиудыг оруулж ирэх энэ чиглэлээр анхааралтай ажил­лана гэсэн байр суурь­тай байгаа. -Монгол орон нефтийн бү­тээгдэхүүний хараат байд­лаас гарах боломж ер нь байгаа юу? -Нефтийн бүтээгдэхүүний хараат байсан. Одоо ч бас нефтийн бүтээгдэхүүнээ им­портолж авч байна. Гэхдээ ганцхан эх үүсвэр буюу ОХУ-ын ганц компаниас 95 хувиа авдаг байсан үе үндсэндээ ард хоцорсон. Өнгөрсөн жил жил гэхэд бид “Роснефть” компаниас нефтийн бүтээгдэхүүнийхээ 64 хувийг авдаг байсан. Хараат байдлаасаа болж үнийн шахаанд ч ордог байлаа. Харин 2013 он гар­саар бид олон их үүсвэрээс нефтиэ авдаг болсон. ОХУ-ын ганцхан компаниас бус гурав, дөрвөн компаниас авдаг болсон. Мөн Солонгосоос авч байгаа. Дээрээс нь бид өөрс­дийн олборлож байгаа нефтиэ БНХАУ-д гаргаад, боловсруулаад авч байна. Үүнийхээ нийлүүлэлтийг улам л нэмнэ. Дөрөвдүгээр сараас эхэлж бид БНХАУ-аас боловсруулсан бүтээг­дэхүүнээ татан авалт хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 92-ын зах зээл дээр 25 хувь байна. Цаашлаад 40-50 хувь хүрэх юм. Энэ ондоо багтахгүй ч хавраас энэ тоондоо хүрнэ. -Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны төрийн бус байгууллагуудын дарамт их ирдэг. Тодруулбал шаард­лагагүй зүйл дээр төрийн бус байгууллагуудын орол­цоо их байна гэсэн шүүмж­лэл байдаг. Тэгвэл Газрын тос­ны газарт төрийн бус бай­гууллагуудын оролцоо ямар байна вэ?  -Хатуу ашигт малтмалын салбараас газрын тосны салбар арай өөр. Байгаль орчинд нөлөө үзүүлж бай­гаа байдлаасаа ч арай өөр байдаг. Газрын тосны газраас жил бүр аймгуудад буюу хайгуул судалгааны ажил хийж байгаа олбор­лолтын үйл ажиллагаа явуулж буй аймгууддаа орон нутгийн уулзалт гэж зохион байгуулдаг. Энэ уулзалтаараа жаргал, зовлонгоо ярилцдаг. Энэ уулзалт дээр иргэний нийгмийн төлөөллийн бай­гууллагуудыг, ялангуяа байгаль экологийн чиглэлээр асуудлууд босгож тавьдаг байгууллагуудыг идэвхтэй оролцуулдаг.  Бид ерөнхийдөө маш сайн ойлголцож ажиллаж байгаа гэж боддог шүү. Сая­хан “Петро Чайна да­чин тамсаг” дээр байгаль эко­логийн асуудал гарсан. Ингээд холбогдох шүүхийн шийдвэр гараад нэг тэрбум 300 сая төгрөгийн торгууль төлсөн. Энэ мөнгө нь Матад суманд төлөгдсөн байгаа. Ма­тад сумынхан үүнийгээ байгалийн нөхөн төлбөртөө ашиглах ёстой. Энэ ажлаа ойрын үед зохион байгуулах биз ээ. Газрын тосны салбар шинэ зүйл биш Монгол Улсад 1940-өөд оны сүүлээр нутгийн хү­­мүүс тостой чулуу олж, дарга нараараа дам­жуу­лан Зөвлөлтийн мэргэ­жилт­нүү­дэд үзүүлснээр Монгол Улсад газрын тос байх магад­лал­тай юм гэдгийг тогтоож байжээ. Ингээд манай улсын геологичид, ОХУ-ын гео­ло­гичидтой хамтран Дорно­говь аймгийн Зүүнбаянд газрын тосны орд илрүүлсэн байдаг. Ингээд тухайн үед газрын тос олборлохын зэрэгцээ нефтийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэж байсан аж. Харин 1950-иад онд ОХУ-ын Си­бирьт нөөц ихтэй хэд хэдэн газрын тосны орд илэрсэн учраас манай Зүүнбаян дахь газрын тосны үйлдвэрлэл, олборлолтыг зогсоожээ. Үүнээс хойш 1950-1990 он хүртэл Монгол Улсад газ­рын тосны олборлолт хийгдээгүй байна. Харин 1990 онд Английн геологи­чид манай улсад ерөнхий су­далгаа явуулж, хэд хэдэн магадлалтай талбайг тог­тоосон аж. Үүний нэг нь Дор­нод аймгийн Тамсагийн орд. Одоо тус ордоос нийт экспортолж буй газрын тос­ны 90, Зүүнбаянгийн ордоос 10 хувийг нь олборлож байгаа юм байна.
“Хавтгай” болоогүй Монгол
“Дэлхий хавтгай боллоо” гэж алдарт зохиолч Томас Фридман хэлжээ Даяаршлын эрин үед хөрөнгө мөнгө, хөдөлмөрлөх хүч нь улс орнуудын хил хязгаарыг саадгүй давж, хөрөнгө оруулалтын сангууд бизнесийн шинэ боломж хайн асар их мөнгийг нэг орноос нөгөөд агшин зуур шилжүүлж буй өнөөгийн ертөнцөд ямар ч буурай орон эдийн засгаа үсрэнгүй хөгжүүлж болох тухай өөрийн номондоо тэр өгүүлсэн байдаг. Засгийн газар нь тогтвортой, хуулийн засаглал үйлчилдэг, хөрөнгө оруулалтын ойлгомжтой, нөхөрсөг уур амьсгал бүрдүүлж чадсан орон бүр тэгж хөгжихөд уг нь боломжтой. Монголын төр засаг хөрөнгө оруулагчдыг урин дуудаж улаан хивс дэвсэн угтдаг байснаа гэнэтхэн аашаа хувиргаж олон давхар “хаалт, хашилт барьж” тэднийг залхаан, буцааж эхэлсэн юм. Нөгөө талаас засаг төр алдаа оноогоо цэгнээд, хөрөнгө оруулалтын хамгийн тогтвортой нөхцөлийг бүрдүүлж буй боловч гадаадын хөрөнгө буцаад иртэл цаг хугацаа хэрэгтэй. Сайхан нөхцөл байлаа ч зарим хөрөнгө оруулагчид нүүр буруулан зугтах нь бий. Олон орон, түүний дотор Монголын жишээнээс харахад дэлхий бас тийм ч “хавтгай” болоогүй ажээ. Эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд түүнийг татахад хууль, журмаас гадна гарт баригддаггүй олон хүчин зүйл шаардлагатай байна. Тэр хүчин зүйлүүдийг хамтатгаад соёл гэж нэрлэдэг. Соёл гэдэг нь тодорхой бүлэг хүмүүсийн шинж чанар бөгөөд тэдний хэл, зохиол, шашин, хоол, хувцаслалт, нийгмийн зуршил, хөгжим ба урлагаар нь түүнийг тодорхойлж болно. Соёл нь бас тухайн бүлэг хүмүүсийн итгэл үнэмшил, үнэт зүйлсийг илэрхийлдэг бөгөөд хүн бүр мэддэггүй ч амьдралынх нь бүх хэсгийг, үйл, бодол, мэдрэмжийг нь удирдан жолооддог. Мөн соёл бол нэг хүний биш, хамтын бүтээл бөгөөд аль нэг утга санааг цаг үргэлж тайлбарлаад байх шаардлагагүйгээр гишүүд нь хоорондоо шууд ойлголцон харилцаж, хамтран ажиллаж болдог тул нийгмийн амьдралын амин чухал хэсэг юм. Соёл эдийн засагт нөлөөлөх нь Эдийн засагч Адам Смит сая сая хүн хувь хувийнхаа явцуу эрх ашгаа хөөцөлдсөний үр дүнд төрийн ямар нэг төвлөрсөн удирдлага оролцохгүйгээр тогтвортой, хөгжин дэвшиж чаддаг нийгмийг бүрдүүлдэг тухай 1776 онд бичиж, энэ бүхнийг зохицуулдаг хүчийг “үл үзэгдэгч гар” гэж нэрлэжээ. Талхчины сайхан санаа нь биш, харин өөрийнхөө эрх ашгийн төлөө хичээсэн үйлдэл нь бидэнд талх идэх боломж олгодог. Ихэнхдээ хувь хүний өөрийн эрх ашгаа хамгаалсан үйлдэл нь олон түмэнд бас ашигтай болдог. Соёл эдийн засагт нөлөөлдөг гэсэн үг. Ливанчууд баруун Африкт ихээхэн хөрөнгө эзэмшиж байгаа, дэлхийн хамгийн баян хүн Ливан гаралтай Карлос Слим, Өмнөд Америкийн ихэнх баячууд нь Европ гаралтай цагаан арьстанууд, эсвэл Оросын хувьчлалаас гарсан долоон олигархийн зургаа нь жүд байгаа, эсвэл хуучнаар Югославын хорватуудын ихэнх нь сербүүдээсээ илүү сайхан амьдраад байгаагаас үзвэл соёлын ялгаа нь орлогын ялгааг бий болгодгийг үгүйсгэх аргагүй. Британиас өөр оронд аж үйлдвэрийн хувьсгал гарахгүй байсан гэж Г.Кларк гэдэг судлаач бичжээ. XVIII зууны эхээр Англид улс төрийн институцууд тогтвортой ажиллаж, хууль зүйн шударга систем төлөвшиж, газрын үнэ таамаглаж болохуйц тогтож, зах зээл бодитой оршиж байжээ. Гэсэн хэдий ч эдийн засгийн үсрэнгүй хөгжилд шаардлагатай бүх нөхцөл бүрдээгүй байлаа. Тэр дутуу нөхцөл нь дундаж зуунаас эхлэн нийгмийн соёл аажмаар өөрчлөгдөн хөгжиж, улмаар нийгэмд өрсөлдөх чадвартай болох шаардлага, шаргуу хөдөлмөрлөн үр шимийг нь хүртэх ёс зүй төлөвшсөн явдал гэж тэр хэлжээ. Английн нийгэмд хүчирхийллийн үнэ цэнэ буурч, аллага, гэмт хэрэг илт багасч, дунд давхаргад хичээнгүй сайн ажиллах, бусдаасаа илүү үр дүнд хүрэхийг эрхэмлэж, хүн ам нь улам бүр бичиг үсэгтэй, тэвчээртэй болж байсан нь Англид аж үйлдвэрийн хувьсгал амжилттай ялахын зайлшгүй нөхцөл болсон ажээ Соёлын үнэт зүйлс Эдийн засгийн хөгжилд соёлын үзүүлдэг нөлөөний тухайд саяхан Италийн судлаач Гуйдо Табелини тайлбарлахдаа дөрвөн үнэт зүйлийг онцолж, тэдгээрийн түвшин өндөр оронд нэг хүнд ногдох ДНБ бусдаасаа дээгүүр байгааг тогтоожээ. Үүнд тухайн орны хүмүүсийн хоорондын итгэлцэл, хувь хүний хичээнгүй зүтгэл, нийтээрээ хүлээн зөвшөөрсөн ёс суртахуун болон бие даан шийдвэр гаргах чадварыг багтаажээ. Эдгээр үнэт зүйл тухайн үндэстний үзэл бодолд аль хэр шингэн орсноос эдийн засагт гүйцэтгэх соёлын үүрэг хамаардгийг тогтоосон байна. Монголчууд бид энэ үнэт зүйлсээрээ хаана явна вэ? Монголчууд бид энэ үнэт зүйлсээрээ хаана явна вэ? Итгэлцэл: Mонголын нийгэмд гэр бүл, хамаатны хоорондын итгэлцэл нь энэ хүрээний гаднах харилцаанаас хүчтэй хэвээрээ байна. Гэр бүл, ах дүү нарын бизнес хүрээгээ тэлж өргөжсөн ч мэргэжлийн багт шилжүүлэхийн оронд үе дамжин удирдуулах хандлага зонхилж байгаа. Компаниа эзэмших, удирдах хоёрын ялгааг нийгэм бүхэлдээ сайн мэдэхгүй байна. Монголд хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь нийгмийн итгэлцэл доогуур байгаад оршино. Хувь хүний хичээнгүй зүтгэл: Хувь хүн онцгой амжилт гарган ялгарах, баяжихыг Монголын нийгэм тийм хурдан хүлээж авахгүй байна. Олон жилийн эв хамт нийгмийн хүмүүжлийн үр дүнд бусдын амжилт, эд хөрөнгийг хүлээн зөвшөөрөх, хүндлэх хандлага харьцангуй удаан төлөвшиж байгаа гэхэд болно. Өөрөө цоо шинийг эрэлхийлж, ялгаатай бизнест гарамгай амжилт гаргая гэхээсээ бусдын амжилтад хүрсэн тэр бизнесийг давтах сэтгэлгээ илүү хүчтэй байна. Өнөөдрийн Монголд хувь хүн хичээн зүтгэж үр дүнгээ амсахад нийтийн засаглалын хоцрогдол ч бас хүчтэй саад болж байгаа юм. Нийтээрээ хүлээн зөвшөөрсөн ёс суртахуун: Зөвхөн гэр бүл, ах дүү, хамаатан садны хооронд чанд сахин мөрддөг ёс зүйн хэм хэмжээ нь нийгмийн бүх гишүүдийн хооронд бас тархан мөрдөгдөх болоогүй байна. Манайх биш учир хамаагүй, надтай л тохиолдоогүй бол падгүй гэсэн хандлага монголчууд бидний дотор бат бэх оршсоор байгаа юм. Гудманд шүлсээ хаях, зам дээр явж буй машины цонхоор хог хаяхыг ихэнх хүмүүс хэвийн үзэгдэл гэж үзсээр байгаа. Танихгүй хүнийг үл хүндлэх явдал буурахгүй байна. Бие даан шийдвэр гаргах чадвар: Монголчууд нүүдэлчин соёлтой учир байгаль, цаг уурын онцгой нөхцөлд хурдан шуурхай шийдвэр гаргах шаардлагатай байдаг нь энэ чадвар харьцангуй сайн хөгжсөнтэй холбоотой. Нүүдэлчид ажил гарсан үед л бүх хүч чадлаараа түргэн шуурхай хийгээд дуусгахыг зорьдог. Олон судлаач (Amy Chua, Luigi Guiso, Robert Putnam or David Landes) дээрх дөрвөн үнэт зүйлээс гадна шаргуу хөдөлмөрлөх ёс зүйг нэмж оруулжээ. Нүүдэлчид ажил гарсан үед л бүх хүч чадлаараа түргэн шуурхай хийгээд дуусгахыг зорьдог. Харин суурин соёлтой ард түмэн шиг өдөр бүр тасралтгүй, тогтмол ажиллаж, хэзээ нэгэн цагт үр дүн нь гарна гэж хүлээхийн оронд үр дүнг нь шууд харахыг хүсдэг. Монгол, солонгос хоёр ажилчны үйл хөдлөлөөс үүнийг тод харж болно. Монголчуудын хөдөлмөрийн сахилга бат сул байна. Соёлын дээрх үнэт зүйлүүд дээр монголчууд бид тодорхой өөрчлөлт хийж байж хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлж, өрсөлдөх чадвартай болох юм. Тэгж чадвал бид эдийн засгаа эрчимтэй хөгжүүлж хотол даяараа сайхан амьдрах болно. Энэ өөрчлөлт хувь хүн бүрийн хичээл зүтгэлээс хамаарах учир нэлээд цаг хугацаа шаардах юм. Бид Монгол Улсаа “хавтгай болгохын” тулд дор бүрнээ хичээх цаг ирлээ.
Улаанбаатар төмөр замын даргыг жинхлэх бололтой
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын даргын асуудал өрнөөд нэлээд хугацааг өнгөрүүллээ. Саяхан тус нийгэмлэгийн ҮЭХ-оос мэдэгдэл гаргаж, 26 жил төмөр замтай амьдралаа холбосон ясны төмөр замчин, одоогийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийг жинхэлж өгөхийг хүссэн 18 мянган төмөр замчны хүсэлтийг төрийн өндөрлөгүүдэд дамжуулж байсан.  Түүгээр ч барахгүй УБТЗ ХНН-ийн сүүлийн үеийн ололт амжилтууд нь Шинэчлэлийн Засгийн газар хэн нэгэндээ “бялуу хуваах” зарчмыг урьтал болгож, улстөржүүлэлгүйгээр төмөр замын удирдлагад тогтвор суурьшилтай ажиллаж байсан нэр хүндтэй, туршлагатай мэргэжлийн төмөр замчинаар төмөр замыг удирдуулсаны үр дүнтэй салшгүй холбоотой бөгөөд үүнд нийт төмөр замчид сэтгэл хангалуун байгаа талаар ч хэлж байсан.  Эл асуудлыг өрнөж байх үеэр буюу өчигдөр Төрийн ордонд “Евро-Азийн тээвэр: Бүс нутгийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурал боллоо. Энэхүү хуралд “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Нэгдүгээр дэд ерөнхийлөгч Вадим Николаевич Морозов тэргүүтэй төлөөлөгчид оролцсон билээ.  Нэгэнт Оросын талаас “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Нэгдүгээр дэд ерөнхийлөгч ирсэн энэ үед Улаанбаатар төмөр замын шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэх магадлал өндөр байгаа, хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хурал болох талаар учир мэдэх хүмүүс ярилцаж байна.  Мөн АН-ынхан улстөржиж, хэн нэг улстөрчөөр Монгол Улсын чухал байгууллагыг удирдуулахгүй байх гэсэн итгэл найдвар тасраагүй байгаагаа ч дуулгаж байна.  Ямартай ч өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд болсон УБТЗ ХНН-ийн ерөнхий хорооны хурлаас даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Г.Сэрээнэндоржийг тун удахгүй жинхлэх байх гэсэн хүлээлт үүсээд байна. Зургаан сар УБТЗ ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан Г.Сэрээнэндоржийн хувьд 2005 оноос хойш “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт ерөнхий инженерээр ажилласан 26 жил төмөр замтай хувь заяагаа холбож яваа жинхэнэ мэргэжлийн хүн юм.  Гэхдээ сүүлийн үед 18 мянган төмөр замчины урам удахгүй хугарах талаар мэдээлэл цацагдаад буй. Учир нь Төрийн өмчийн хорооны дарга, УИХ-ын гишүүн зэрэг өндөр алба хашч явсан “Эрдэнэт”-ийн Д.Одхүү тохироо хийж, Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар томилогдохоор зэхэж байгаатай холбоотой гэнэ.  Д.Одхүүг УИХ-ын дарга З.Энхболд хүртэл дэмжиж байгаа гэх сураг ч дуулдаж байна. Тиймээс АН-ынхан улстөржилгүйгээр, 18 мянган төмөр замчиныхаа урмыг хугалалгүй, энэ чухал байгууллагад насаараа ажилласан туршлагатай мэргэжлийн хүнийг томилно гэдэгт найдаж байна.
Мансууруулах бодис тээвэрлэсэн н.Бадралыг нийслэлд авчирчээ
ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын ажилтнууд өнгөрсөн аравдугаар сарын 30-нд хар тамхи зөөвөрлөж явсан этгээдийг илрүүлсэн. Тэгвэл түүний хэн болохыг олон нийтэд зарлаад байна. Иргэн Б буюу Б.Бадрал нь Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор “Marlboro” тамхины хайрцагт 0.976 грамм мансууруулах үйлчилгээтэй бодис тээвэрлэж яваад баригдсан юм. Түүнийг өчигдөр Улаанбаатарт авчирсан байна. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цагдан хорих гэсэн ч ээж нь батлан даалтад гаргажээ. Сэжигтэн Б.Бадралыг хар тамхи хилээр зөөдөг гэх мэдээлэл ЭЦГ-ын ажилтнуудад ирж, тэд мэдээллийн дагуу ХХЕГ-ын Хилийн тагнуулын газарт хандсанаар түүнийг ийнхүү баривчилжээ. Зарим хэвлэлд дурдсанаар бол сэжигтэн Б.Бадралын ээж нь ГЕГ-т томоохон албан тушаал хашдаг, Н гэж эмэгтэй бөгөөд ээжийнхээ буянаар тэрбээр хилийн шалган нэвтрүүлэхээр саадгүй гардаг байсан гэжээ. Хянаж шалгах үүрэгтэй ГЕГ-ынхан өөрсдөө энэ мэтчилэн мансууруулах бодистой нэр холбогдоод байхад хар тамхи, мансууруулах бодис хилээр саадгүй нэвтэрч байгааг гайхах юмгүй биз ээ.
Валютын ханшийн өсөлт-үндэсний үйлдвэрлэлийн боломж
Валютын ханшийн өсөлт-үндэсний үйлдвэрлэлийн боломж Манай улсад гадаадын хөрөнгө оруулалт энэ онд 42 хувиар буурчээ. Мөнгөний урсгал нь ийн татарсан жишээ зөвхөн Монгол бус гадаадын олон оронд хөвөрч байна. Дэлхийн зах зээлийн “хөдөлгүүр” болсоор ирсэн Ази тивд гэхэд хөрөнгийн урсгал 21.3 хувиар багассан албан ёсны статистик дүн бий. Гадаадаас орох валют багасчихаар хөгжиж буй улс орнуудад үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш суларч байгааг судалгааны байгууллагууд мэдээлэв. Ингэхдээ ханшийн уналтыг давуу тал болгон хувиргасан жишээ ч байна. Тухайлбал, Япон улс иенийн ханшийг нам дор байлгаснаар “Хямд экспорт+үндэсний үйлдвэрлэл=өндөр ашиг орлого” гэсэн зарчмаар эдийн засгаа залуурдаж буй. Монголд валютын ханш он гарснаас хойш 20 орчим хувиар чангарав. Экспорт нь ямагт импортоосоо хоцордог болохоор алдагдлаа хөрөнгө оруулалтаар нөхсөөр ирсэн уламжлал энэ удаа эвдэгдсэнд учир байна. Өөрөөр хэлбэл, валютын урсгалын дундуурыг хөрөнгө оруулалтаар дүүргэсээр ирсэн Монголд гаднаас орох мөнгөний урсгал багасчихаар үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш суларсан хэрэг. Үүний цаана ч бас давуу тал, боломжууд нуугдаж буйг гадаад улсуудын жишээ бидэнд харуулж байна. Учир нь төгрөгийн ханшийн сулрал яригдаж буй шигээ муу, хэцүү зүйл биш огт биш гэдгийг эдийн засагчид онцолж байгаа юм. Урд хөрш маань ганцхан өдөр л хилээ хаахад үнийн өсөлтөд боомилуулах гав гинжинд хүлүүлсэн Монголын эдийн засагт үйлдвэрлэлийн хувьсгал хийх гарц гэж тэд үүнийг тайлбарладаг.   Валютын нөөц хямрал дагуулах уу? Манай улсын гадаад валютын албан нөөц өнөөдрийн байдлаар 2.7 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь импортын таван сарын хэрэгцээ юм. 2009 оны хямралын үед 500 сая ам.доллараар хэмжигдэж байсан нөөцтэй харьцуулахад 5.4 дахин их үзүүлэлт энэ юм. Иймд хямралын тухай ярих нөхцөл байдал үүсээгүй хэмээн албаны эх сурвалж ярьж байна. Тэгвэл валютын ханшийн өөрчлөлтийн хувьд тогтмол барих боломжгүй байдаг аж. Ялангуяа, манай улс шиг зах зээлийн хууль үйлчилж, хөрөнгийн урсгал чөлөөтэй байгаа өнөөгийн нөхцөлд ханшийг хэн нэгэн нь барих гэж оролдоход эдийн засгийг нураадаг онол, хуультай. Иймд Монголбанкны үндсэн үүрэг нь төгрөгийн үнэ цэнийг хадгалах, төгрөгт итгэх иргэдийн итгэлийг хамгаалах явдал юм. Энэ чиглэлд Монголбанк, Засгийн газар хамтран  хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр өгөөжөө өгөөд байна. Өөрөөр хэлбэл, итгэлийг хамгаална гэдэг нь төгрөгийн ханшийг огцом савлуулахгүй аажмаар, зах зээлийн зарчмаар нь өөрчлөгдөх боломжийг олгохыг хэлж буй аж. Энэ ч үүргээ өнөөдөр Монголбанк сайн биелүүлж оны эхнээс хойш төгрөгийн бусад валюттай харьцах ханш 20 хувиар суларчихаад байхад иргэд төгрөгөөр бүх төлбөр тооцоогоо хийж, ам.доллар луу хошуурах хандлага буурсныг бид харж байна. Дэлхийн улсуудын 71 хувьд уналт болжээ Түүхэн цаг хугацаанд байнга үнэ цэнэтэй байсан алтны үнэ энэ он гарсаар 20 гаруй хувиар унасан. Алтны эрэлт хэрэгцээ багассанаар дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид шар металлаас илүү ам.долларт хөрөнгөө хөрвүүлж эхэлсэн юм. Ингэснээр дэлхийн бүх улсын 71 хувийнх нь үндэсний мөнгөн тэмдэгтийн “ногоон”-той харьцах ханш суларчээ. Мэдээж, тэдний дунд бид ч багтаж байгаа. Угаас АНУ-ын эдийн засаг сэргэж байгаа нөхцөлд ам.долларын ханш дагаад чангарна. Энэ валютын ханшийг илэрхийлэгч DXY индекс гэхэд өнгөрсөн долдугаар сард 84.45 байсан бол одоо 79.19 болж 6.6 хувиар чангарсан нь ч төгрөгийн ханш сулрахад давхар нөлөөлжээ. Валютын ханш өссөнөөр экспортлогчдод ашигтай. Эсрэгээрээ импортын бүтээгдэхүүний үнийг өсгөх нөлөөтэй. Импортоор авдаг бараа бүтээгдэхүүний үнэ өсөх боломжтой болохоос дотоодын бараа бүтээгдэхүүний үнэд нөлөө үзүүлдэггүй. Тухайлбал валютын ханш өсвөл дотоодын сүүний үнэ хэвэндээ байхад импортын сүүний үнэ валютын ханшаар үржигдээд өснө гэсэн үг юм. Энэ энгийн зарчмаар үндэсний үйлдвэрүүдэд зах зээлийн хүрээгээ тэлэх боломж гарч ирдэг байна. Бидний өмнө байгаа сонголт бол үнэтэй импортын бараанаас татгалзаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих. Импортыг  орлож чадах бүхий л бүтээгдэхүүн Монголд байгаа учраас хэрэглэгчдэд ч хохиролгүй. Үүний нэг тод жишээ нь бид хүнсээ дотоодын үйлдвэрлэгчдээсээ 100 хувь авах боломжтой болчихоод байна. Ингэхээр валютын ханшийн өсөлт Монголд боломж олгож байна.
Машин тавих зогсоол олдохгүйн зовлонг нимгэлэх нь
Улаанбаатар хотын замын түгжрэлийн 30-50 хувийг зогсоолын талбай хайсан жолооч нар үүсгэдэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс  эхний ээлжинд Улаанбаатар хотод зогсоол хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа таван байршилд бүрэн автомат авто зогсоол хийхээр төлөвлөжээ.  Хамгийн эхэнд Хан-Уул дүүргийн 2-р хороо 31-р байрны урд талбайд 64 автомашины багтаамжтай загвар авто зогсоол хийх нь. Ингэснээр ил зогсоолд зургаан автомашин зогсох талбай буюу 100 м2 хүрэхгүй талбайд 64 автомашин багтаах боломжтой аж. Одоогоор энэ газарт геодизийн шинжилгээ хийж байгаа бөгөөд шинжилгээний дараа барилга угсралтын ажил нь эхлэх юм байна. Түүнчлэн автоматжуулсан авто зогсоолын барилгыг каркасаар угсарч барих бөгөөд гагнуурын ажил хийх шаардлагагүй, эрэг боолтны тусламжтайгаар хялбархан угсардаг учраас богино хугацаанд ашиглалтад оруулдаг байна. Автомат зогсоолын систем нь осол, гэмтэл болон хулгай зэргээс урьдчилан сэргийлэхээс гадна зогсоол хайж машинаа байрлуулах гэж цаг алдахгүй бүрэн автомат учраас зогсоолд байрлуулахад хялбар гээд олон давуу талтай гэнэ.
Формула 1: Нисэгчид шилжилт хөдөлгөөн ихтэй байна
Формула 1 Формула 1-ийн 2013 оны улирал удахгүй дуусах гэж байгаатай холбогдуулан шилжилт хөдөлгөөн ихтэй байна.  Лотус багийн нисэгч Кими Райкконен энэ улирлыг дуусгаад Феррари багт орохоо мэдэгдээд байгаа билээ. Өнгөрсөн энэтхэгийн гарааны үеэр багийн захирал Эрик Бульетэй радиогоор ярилцахдаа үл ойлголцол болж багт тааруу уур амьсгал бий болж улмаар Абу Даби–д хэвлэлийн бага хурлын үер Лотус баг өөрт нь жилийн турш нэг ч мөнгө өгөөгүй тухай ярьсанаар гал  дээр тос нэмэх шиг болжээ. Кими Райкконен Үүний дараа  Райконенийг сүүлийн гурван гараанд оролцохгүй байж магадгүй гэсэн яриа гараад байсан билээ. Гэхдээ багийн удирлагууд түүнтэй ярилцаж тохиролцсоны эцэст тэрбээр сүүлийн хоёр гараа болох Америк , Бразилын гран при –д оролцохоор болсон.    Ирэх жил түүний орыг эзлэхээр одоогоор Заубер багийн Нико Халкенберг болон Уилльмс багийн Пастор Малдонадо нар өрсөлдөж байна. Лотус баг Никог сонирхож байгаа бөгөөд сарын өмнөөс гэрээ хэлэлцээр хийж байгаа гэсэн яриа гараад байгаа бол 28 настай Венесуэл улсын нисэгчийн хувьд энэ жил ивээн тэтгэчийн асуудалтай байгаа тул Лотуст орох горьдлого тээж байна.  Пастор Малдонадо Уилльямс багийн өөр нэг нисэгч болох Валтери Боттас ирэх улирал багтаа үлдэх нь тодорхой болсон.  Ред Булл багийн нисэгч Марк Уэббэрийн хувьд тэрбээр улирал дуусгаад Формула 1 – с зодог тайлахаа мэдэгдээд байгаа билээ. Түүний орыг Торро Россо багийн Даниэль Риккьярдо эзлэхээр болсон бол 19 настай  Данийл Квьят гэх Орос залуу Торро Россод ирэхээр болжээ. Ирэх улиралд Уилльмст 17 хон настай  Сергей Сироткин уралдахаар болсон.  Росс Браун Макларен багийн хувьд саяхан дэлхийн аварга Женсон Баттонтой гэрээгээ сунгасан боловч Мексикийн залуу нисэгч Серхио Перезтэй одоо хэр нь гэрээ хийгээгүй л байна. Макларенг дэлхийн хоёр удаагийн аварга Алонсог сонирхож байгаа гэсэн цуу яриа гарчээ. Мерседэс багийн  гүйцэтгэх захирал Росс Браун энэ улирлыг дуусгаад багаасаа явахаар болсноо саяхан зарлаад байна. Одоогоор түүний хаашаа явах нь тодорхойгүй байна. Харин түүний орыг Маклерин багийн техник хариуцсан захирал Падди Лоу эзэлж магадгүй гэсэн яриа гараад байна.
“Ард түмэн Та-Хаан” иргэдийн дуу хоолойг сонсоно
Нийслэл хотноо “Ард түмэн Та-Хаан” үндэсний форум маргааш эхэлнэ. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва мэдээлэл өглөө. Бидний хөгжил, дэвшилд саад болж байгаа сөрөг зүйлүүдийг ил тод болгож, төр, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн хамтын хүчин чармайлтаар хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, зөв чиглэлд төлөвшүүлэхэд оролцогч талуудын санаачилгыг өрнүүлэх зорилготой.    Ард иргэдийнхээ дуу хоолойг сонсохоос гадна асуудлыг шийдвэрлэхэд тэдний оролцоог хангаж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болдог хэмээн Шадар сайд онцолсон. Энэ жилийн хувьд форумыг “сахилга, хариуцлага” гэсэн  уриан дор зохион байгуулна. “Сахилга, хариуцлага” гэдэг бол үндэсний баялаг бүтээх асар их нөөц, улс орны хөгжил дэвшлийн шимтэй хөрс юм гэж үзэж байгаа аж.  Сахилга хариуцлага суларснаас  чухам ямар хор хохирол нийгэмд   учирч байгааг  төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хүрээнд тал талаас нь жишээ баримт гарган ярилцаж, улсын хэмжээнд ойрын үед хийх ажлын төлөвлөгөө гаргах аж. Форумд 1000 гаруй хүн оролцох юм байна.
Японы Маэда сангаас 90 мянган иен өглөө
Хүүд өчигдөр 18 сарын тэтгэлэг болох 90 мянган иен /ойролцоогоор1.6 сая төгрөг/-ийг гардуулсан байна Баянзүрх дүүргийн 87 дугаар сургуулийн сурагч А.Цогт-Очирт Япон улсын иргэн Я.Маэда Уул уурхайн сайд Д.Ганхуягаар дамжуулан cap бүр ойролцоогоор 50.000 иений тэтгэмж үзүүлж байхаар болжээ. Хүүд өчигдөр 18 сарын тэтгэлэг болох 90 мянган иен /ойролцоогоор1.6 сая төгрөг/-ийг гардуулсан байна. Я.Маэда сангийн тэтгэлгийг А.Цогт-Очир их, дээд сургуульд элсэн ортлоо авах аж. Тэрбээр өдгөө 11 дүгээр ангид суралцдаг ба эмээ, хоёр дүүгийнхээ хамт амьдардаг ажээ.
"Сүүлийн долоон улирлын турш гадаад эдийн засгийн сөрөг өөрчлөлтүүд төгрөгийн ханшинд нөлөөлж байна"
Төгрөгийн ханш сулрах гадаад нөлөөлөл их байна Монголбанкны ВЭЗГ-ын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаагаас цаг үеийн асуудлаар буюу төгрөгийн ханшийн талаар дараах тодруулгыг авлаа.  - Төгрөгийн ам.доллартай харьцах ханш ямар шалтгаанаар эргээд суларсан бэ? - Валютын ханш нэг хэсэг бууж байснаа дахин өсч эхэлсэн. Жишээлбэл, сүүлийн долоо хоногийн турш ам.долларын эсрэг төгрөгийн ханш 1724 төгрөг хүртлээ сулраад, ганцхан өдрийн дотор эргээд 14 төгрөгөөр буурч, засагдаж байна. Өчигдрийн байдлаар л гэхэд Монголбанкны зарласан ханш 1 ам.доллар 1702.28 төгрөгтэй тэнцэж байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн бууралтын гол учир шалтгаан нь төлбөрийн тэнцлийн нөхцөл байдал болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголд орж ирдэг валютын урсгал татраад, нөлөөлөл нь валютын ханш дээр ирж байгаа. Монголд орж ирдэг валютын урсгал татраад, нөлөөлөл нь валютын ханш дээр ирж байгаа. Монгол Улсын эдийн засгийн гадаад орчин, нөхцөл байдал 2011 оны аравдугаар сараас муудаж эхлэх шинж гарсныг бүгд мэдэж байгаа. Улмаар 2012 оны сүүлээс Монголд орж ирэх хөрөнгө оруулалт муудах хандлагатай болж ирсэн. Тэгэхээр сүүлийн долоон улирлын турш дарааллаад гадаад эдийн засгийн орчны сөрөг өөрчлөлтүүд Монголын эдийн засагт таатай бус нөлөөллийг авчирсан. Ийм орчинд мэдээж эдийн засгийн эрсдлүүд үүссэн.  Ялангуяа 2012 оны төгсгөлд нэлээд том, хямралын эрсдэл байсныг тойрч гарсан. 2013 он гарсаар гадаад эрсдэл маань арилчихаагүй, улам л нэмэгдсэн. Монголд орж ирэх валютын урсгал татарсан байдалтай л явж ирлээ. Тэгэхээр цаашдаа бид яах вэ гэхээр энэ асуудлын гол учир шалтгаан болсон төлбөрийн тэнцлээ л сайжруулах нь чухал. - Төв банкнаас ямар арга хэмжээ авч байна вэ? - Гадаад худалдааны энэ орчноос болоод гарч байгаа богино хугацааны шокууд дээр Төв банкнаас тодорхой хэмжээнд оролцоод ханшны огцом хөдөлгөөнийг зөөлрүүлэх, саармагжуулах ажлыг хийж байгаа.  Та бүхэн мэдэж байгаа сүүлийн 3-4 сарын дотор ханш хэлбэлзсэн хөдөлгөөн гарсан. Энэ дээр тогтворжуулах арга хэмжээнүүдийг авсан. Валютын дуудлага худалдаа тогтмол явуулж, зах зээлд валют нийлүүлж байгаа. Энэ талаарх мэдээлэл манай веб хуудас дээр тогтмол мэдээлэгдэж байдаг. Цаашдаа ч энэ арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн явуулна. Гэхдээ одоогийн ханшийн төвшнийг Монголбанк макро эдийн засгийн суурийг дагасан, тодорхой нөхцөл байдалтайгаа уялдаатай, нийцтэй байна гэж харж байна.  Төв банкнаас эдийн засгийнхаа суурь нөхцлүүдийг дагасан ханшийн хөдөлгөөний тренд хандлагын эсрэг ажилладаггүй. Харин огцом хөдөлгөөн үүсгэхгүй байх тал дээр анхаарч байгаа.   Өөрөөр хэлбэл, ханш өөрөө гадаад эдийн засгийн өөрчлөлтийн дотоодын эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг багасгаж өгдөг, эрсдлийг өөртөө шингээж авдаг. Тэр хэмжээгээрээ нөлөөллийг нь зөөлрүүлж өгдөг, автомат тохируулагч гэж ойлгож болно. Тэгэхээр энэ чиглэлээр, нэгдүгээрт ханшийнхаа уян хатан бодлогыг үргэлжлүүлэх, хоёрдугаарт экспортын бүх төрлөө дэмжиж, урамшуулах, гуравдугаарт, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, нэмэгдүүлэх хэрэгтэй. Ханшийн талаарх мэдээллийг графикаас үзнэ үү.
Австралийн тагнуулын дуулианд Тайланд улс яагаад чимээгүй байна вэ
Тайландад шалтгаан бий Австрали улс зарим орон дахь ЭСЯ-даараа дамжуулан тагнуул мөрдлөг явуулдаг тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарч, Азийн орнууд янз бүрээр хүлээн авсан билээ. Индонез улс л гэхэд үүнд маш ихээр эгдүүцэж байгаагаа илэрхийлэн, “Анонимус Индонезия” хакеруудын бүлэглэл нь Австралийн 200-гаад сай­тын үйл ажиллагааг зогсоосон.  Мөн БНХАУ Австралийн ЭСЯ-ыг АНУ-ын тагнуулд зориулан мэдээлэл цуглуулдаг байсныг эсэргүүцсэн бол Малайзын Засгийн газар Куала-Лампур дахь Австрали, АНУ-ын ЭСЯ-дыг Ази даяар тагнуулын сүлжээ явуулж байсандаа албан ёсоор тайлбар та­вихыг шаарджээ.  Малайзын Гадаад хэргийн сайд Анифа Аман “Энэ бол ойр дотны най­зуу­дын дунд байж боломгүй үйлдэл” гэж мэдэгдсэн байна.  Ер нь Австралийн тусгай албаны цуглуулсан мэдээллийг “Stateroom” ажил­лагааны хүрээнд боловсруулдаг гэлцдэг. Үүнийг АНУ-ын удирдлаган дор “Таван нүд” хэмээх нэртэй та­ван орны тагнуулын группийнхэн гүй­­цэтгэдэг байна. Энэ группт АНУ, Австралиас гадна Канад, Их Британи, Шинэ Зеланд ордог аж. Ийнхүү Азийн цөөн орон тагнуул мөрдлөгийн хэрэгт дургүйцлээ илэр­хийлж байхад үлдсэн хэсэг нь энэ талаар огт дуугарахгүй байгаа аж. Ялангуяа Тайланд улс Азийн орнууд дотроо хамгийн их анхаарал татаж байна.  Тайландад шалтгаан бий Тус улсын дээд албан тушаалтнууд дээрх үйл явдалд юу ч болоогүй мэт чимээгүй байцгаана. Үүний цаад шалт­гаан нь америкчууд Таиландад тагнуулын төвөө байгуулсан гэлцдэг аж.  Харин Засгийн газрын зүгээс АНУ-ын тагнуулын баазын талаар ямар ч мэдээлэл байхгүй гэж гүрийдэг байна. Батлан хамгаалах яам, ГХЯ ч энэ асууд­лаар албан ёсоор тайлбар хийхээс тат­галздаг гэнэ. Ер нь таиландууд сураг дуулснаа шууд ярихгүйг хичээдэг улс. Үүн дээр ч нэмээд ноцтой шалтгаан бий гэнэ.  Таиланд улс хэдэн арван жилийн турш гадаадын тагнуулын төв байсаар ирсэн, одоо ч байгаа юм. Хүйтэн дайны жилүүдэд Тайландыг коммунизмтай хийх дайны фронтын бэхлэлт болгон хувиргаж, Вашингтоны мэдээлэл цуг­луулах асар том сүлжээг энд тул­гуурлаж байсан гэдэг. 1976 онд Тайландаас Америкийн цэргүүдийг гаргах нэг нөхцөл нь Рамасун тагнуулын баазаа хэвээр үлдээх байсан аж.  Интернэтэд холбогдоогүй тэр үед Тайланд газар зүйн байрлалаараа хамгийн тохиромжтой газар байжээ. Тус улс Энэтхэг Хятадын коммунист орнуудтай хиллэдэг нь тагнуулуудаа амархан хил давуулж, шаардлагатай мэдээлэл олж авахад тусалдаг байв. Вьетнамтай хийх дайн, Камбож дахь мөргөлдөөний үеэр Тайланд улс со­нирхсон бүх оронд тагнуулын үйл ажил­лагааны төв болж байсан юм. Гэвч 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаанаас хойш эрс өөрчлөлт гарчээ. Америкчууд Тай­ланд дахь тагнуулын сүлжээний үйл ажиллагааны зарчмыг эргэн харж, түүнийг терроризмтай тэмцэхэд чиг­лүүлж эхлэв. Бушийн засаг захиргаа Зүүн Өмнөд Азийг энэ дайны “хоёр дахь фронт” хэмээн шууд нэрлэсэн.  2005 оны дундуур АНУ цөмийн зэвсэг дэлгэрүүлэх асуудалд анхаарал хандуулж, Тайланд, Мьянмарын хи­лийн бүсэд тагнуулын үйл ажил­ла­гаагаа идэвхжүүлж эхэлсэн билээ. Мьянмар, Хойд Солонгосын харилцаа холбоо бэхэжсэн нь АНУ, Австрали өрнөдийнхний сэтгэлийг түгшээсэн хэрэг. Ингээд Тайландын Засгийн газ­рын чимээгүйхэн дэмжлэгтэйгээр Америк, Австралийн тусгай албад Мьянмар руу хөдөлгөөнт тагнуулаа ил­гээж, утасны яриа чагнаж, мэдээлэл цуглуулсан байна. Цуглуулсан мэдээл­лүүдийнхээ ачаар тэд Мьянмарт шахалт үзүүлж, тус улсын Засгийн газрыг БНАСАУ-тай пуужингийн технологи солилцох, цөмийн амбиц хөөцөлдөх үйл хэргээс нь хөндийрүүлж чаджээ.  Ер нь Америкийн ЭСЯ-тай хол­боотой томооохон дуулиан “Ви­ки­ликс”-т Таийландын эрх бүхий албан тушаалтнууд Америкийн дипло­ма­туудтай ойр ойрхон зоог барьж, дээд зэрэглэлийн дарс шимж суудаг байсан гэдэг. Энэ үеэрээ тэд зөвхөн өөрсдийн бодол санааг хуваалцаад зогсохгүй чухал мэ­дээлэл солилцдог байсан байж таар­на. Гэтэл тэдний нэр, хэлсэн үгтэй Бангкокоос Вашингтон руу илгээсэн цахилгаан ил болмогц жинхэнэ утгаараа шоконд оржээ. Өнөөдөр Тайландын эрх бүхий хү­мүүс Америк, Австрали болон бусад орны дипломатуудтай ярилцахдаа илүү болгоомжтой болсон байна.  Таиланд улс тагнуулын салбарт АНУ-тай хамтарснаар багагүй ашиг хүртсэн. Тиймээс тус улсын засаг захиргаа Австралийн энэ дуулианыг чимээгүй өнгөрөөхийг илүүд үзэж байгаа бололтой.
“Хувийн хэвшилтэй зөвшилцөж улс орны гол асуудлуудыг ярих хэрэгтэй”
Монгол Улсын төсвийг бүрдүүлдэг гол цөм нь хувийн хэвшлийнхэн. Гэтэл төр засгаас үзүүлэх дэмжлэг хомс төдийгүй тэдний оролцоог жилээс жилд сулруулж байгаад хувийн хэвшлийнхэн сэтгэл гонсгор байна. Өөрөөр хэлбэл, бор зүрхээрээ  өдийг хүрч, хэдэн зуун мянган иргэдийг ажлын байраар хангаж байгаа хувийн хэвшлийнхэн төлсөн татварынхаа ашиг шимийг тэр бүр хүртэж чадахгүй байгаа юм. Ч.Хашчулуун: Төрийн оролцоо хэт замбраагүй байна. Байрны үнэ, таксины үнийг зохицуулах гээд. Энэ бүхэнд нь дандаа алдаа гарна. Үүнээс болж хүмүүсийн амьжиргааны түвшин унаж байна.  Хэрэв улсаас тэднийг дэмжиж, оролцоог нь бүх шатанд нэвтрүүлж чадвал улсынхаа хөгжилд одоо байгаагаас илүү ихийг хийж чадна гэдгийг өнөөдөр болж буй “Хувийн хэвшлийн хөгжил” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлгийн үеэр зохион байгуулагчид нь дурдлаа. Эл хэлэлцүүлгээр “Төрийн ачааллыг хувийн хэвшилд”, “Хууль эрх зүйн зохицуулалтын үр ашигтай байдал”, “Гурамсан холбоо”, “Хувьчлал хариуцлагатай Засгийн газар” гээд нэлээд олон чухал сэвдийг хөндөн хэлэлцэж байна. Энэхүү хэлэлцүүлгийн эцсийн үр дүн нь хувийн хэвшлийнхэний өмнө тулгамдаж байгаа асуудал, татварын дарамт, бизнес өргөжүүлэх боломж яагаад хомс байгаа тал дээр дүгнэлт гаргаж, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлнэ хэмээн  ХХДҮЗ-ийн Удирдах Зөвлөлөөс мэдээллээ. Хэлэлцүүлгийн үеэр эдийн засагч Ч.Хашчулуун “Төрийн оролцоо хэт замбраагүй байна. Байрны үнэ, таксины үнийг зохицуулах гээд. Энэ бүхэнд нь дандаа алдаа гарна. Үүнээс болж хүмүүсийн амьжиргааны түвшин унаж байна. Тиймээс Засгийн газар хувийн хэвшилтэй зөвшилцөж улс орны гол асуудлуудыг ярих хэрэгтэй байна” гэж онцолсон.
Сербид айлчилна
Гадаад харилцааны сайд Л. Болд Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад хэргийн сайд И.Мркичийн урилгаар Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын сарын 8-9-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Серби Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад Гадаад харилцааны сайдын түвшинд хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхий сайд И.Дачичид бараалхаж, Гадаад хэргийн сайд И.Мркичтай хэлэлцээ хийн, хоёр талын баримт бичигт гарын үсэг зурахын сацуу Монгол-Сербийн бизнес форумд оролцоно.
Гэмт хэрэг буурсан ч шорон дүүрэн...
Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 8000 орчим хүн ял эдэлж байгаа аж. Өршөөлийн хуулиар өнгөрсөн арван жилийн хугацаанд зургаан мянга орчим ялтан суллагдчихаад байхад 2-3 жилийн дотор буцаад найман мянга болж шорон дүүрдэг Эрүүгийн хууль манайд үйлчилж байна. Гэхдээ энэ нь гэмт хэргийн гаралт ихсээд байгаадаа биш аж. Нийгэмд гарч байгаа гэмт хэргийн тооны өсөлт таван хувьд хүрэхгүй байхад ялтны тоо 13 хувийн өсөлттэй байгаа нь Эрүүгийн хуулийг өөрчлөх цаг болсны дохио гэнэ. Х.Тэмүүжин: Авлига өгсөн этгээдийг шийтгэхээс татгалзаж байгаа. Дээр нь ял эдэлсэн хүн төрийн байгууллагад байтугай хувийн хэвшилд ч багтаж орох орон зайгүйгээр гадуурхагддаг. Судалгаагаар жилд 1500-2000 хүн шоронгоос суллагддаг аж. Мөн Өршөөлийн хуульд хамрагдагсдыг нэмэх юм бол сүүлийн арван жилд 20 мянган хүн хорихоос суллагдсан гэсэн үг. Гэхдээ энэ хорин мянган хүнийг нийгмийн идэвхитэй хүрээнээс шууд л түлхэж байгаа. Түүнчлэн одоогийн Эрүүгийн хууль орчин үеийн нийгэмд гарч байгаа шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байна. Тиймээс л Эрүүгийн хуулийг бүхэлд нь өөрчлөх зорилт тавьснаа Монгол Улсын Ерөнхийлөгч хууль шүүхийн байгууллагын удирдлагуудтай хийсэн уулзалт дээрээ хэлж байна. “Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл” сэдэвт уулзалт өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон юм. Хууль, шүүхийн байгууллагын удирдлага, иргэдэд зориулан хийсэн уг уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож шүүхийн шинэтгэлийн дараагийн алхам болох шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэлийн сэдвээр дэлгэрэнгүй үг хэлсэн юм. Тэрбээр шударга ёсны тогтолцооны асууддын талаар нийгмээрээ тогтсон нэг ойлголттой болох ёстой гэдгийг хэлж байв. Мөн том төрөөс ухаалаг төррүү шилжиж, тэнд хүн эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлж, өөрт байгаа боломжоо ашиглан ажиллахад хэрэгтэй нөхцөл, боломжийг бүрдүүлсэн байх ёстой гэсэн юм. Түүнчлэн Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг онцгойлон анхаарч, хохирсон иргэний эрхийг хамгаалах талаар тусгасан талаар тэрбээр хэлж байв. Гэмт хэргийн аль ч түвшинд хэрэг үйлдсэн хүн хохирлоо төлсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлдэг, зарим төрлийн ялаас чөлөөлдөг болох ёстой аж. Тиймээс хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд хууль шүүхийн байгууллагууд үр нөлөөтэй ажиллах арга хэлбэрийг Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж байгаа аж. Харин хүүхэд, эмэгтэйчүүдийн тухайд гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь өөр нөхцөлтэй. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн хэрэг нь тэдний гэнэн томоогүй зангаас үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч, тусгайлан бодлого хэрэгжүүлдэг аж. Тиймээс манай улс ч гэсэн гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн асуудлыг тусгайлан авч үзэхийг баримтлах болжээ. Харин эмэгтэйчүүдийн тухайд гэр бүлийн хүчирхийлэлд автаж байгаа болон, хүний наймаа, бэлгийн дарамтын хохирогч болохоос хамгаалахад илүү анхаарч байгаа юм байна. Ерөнхийлөгч мөн хууль шүүхийн шинэтгэлтэй холбоотойгоор өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан болон УИХ-д өргөн барьсан, барихаар бэлтгэж байгаа хуулиудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, хэрэгжилтэд нь анхаарч ажиллахыг захисан юм. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Х.Тэмүүжин: Хийсэн хэрэг бүрт нь ял оноодог болно Уг уулзалтад Хууль зуйн сайд Х.Тэмүүжин мөн оролцсон бөгөөд, түүнээс зарим хуулийн талаар тодруулсан юм. -Гэмт хэргийн тухай хуулийг баталснаар хорих ял эдэлж буй хүмүүсийн тоо 30 хувиар багасна гэж үзэж байгаа. Гэвч энэ хууль зарим хүнд ял завших боломж болох вий гэдэг болгоомжлол бий. Энэ талаар та ямар бодолтой байна? -Багаар бодоход 30 хувь нь суллагдана. Шоронд заавал хорих шаардлагагүй хүмүүст олон ял өгч байгаагаас болж байсхийгээд дүүрчихээд байна. Гэмт хэргийн тухай хуулиар гэмт хэрэг үйлдсэнийг нь ял шийтгэх, аль хэргийг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэхийг заагаад өгчихөөр хорих ял эдлэх хүмүүсийн тоо багасна. Энэ нь зайлшгүй ял эддэх ёстой хүмүүс ял завшина гэсэн үг биш. Хуульдаа зааг ялгааг нь сайн гаргаж өгсөн. Бусдад авлига өгсөн этгээд энэ үйлдлээ өөрөө илчилбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх талаар тусч байгаа гэх юм. Энэ үнэн үү? -Авлигын гэмт хэрэг дээр орж байгаа зарчмын томоохон өөрчлөлт нь авлига өгсөн этгээдийг шийтгэхээс татгалзаж байгаа. Яагаад гэвэл авлига өгсөн хүмүүс ихэнхдээ хууль ёсны эрхээ эдэлж чадахгүйгээс танил талаа ашиглах юм уу, гарыг нь цайлгах байддаар авлига өгдөг. Тэгэхээр авлига өгсөн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс татгалзахаар энэ төрлийн хэрэг илчлэгдэх магадлал өсөх юм. Хууль ёсны эрхээ хэрэгжүүлэхэд нь албан тушаалтан саад хийсэн тохиолдолд авлига өгсөн бол хариуцлага хүлээхгүй. Харин авлига авсан албан тушаалтан нь эрүүгийн хариуцлага хүлээх шинэ тогтолцоо руу шилжиж байна. -Онц ноцтой, олон удаагийн үйлдэлтэй гэмт хэрэггэнд дээд тал нь 25 жил оноодог. Харин зарим оронд үйлдэл болгонд нь ял оноодог шүү дээ. Ийм байдал руу орох уу? -Хуучин Эрүүгийн хуулиар гэмт этгээдэд ял оноохдоо хөнгөнийг хүндэд нь багтаадаг байсан. Жишээ нь, хүн амины хэрэг үйлдсэн этгээд өмнө ньямар ч төрлийн гэмт хэрэг үйлдсэн бай 25 жил дотор нь багтааж ял оноодог учраас бусад гэмт хэрэгт нь хариуцдага хүлээхгүй, ял завшаад өнгөрч байна гэсэн үг. Гэмт хэргийн тухай хуулиар тухайн этгээдийн үйлдсэн гэмт үйлдэл бүр дээр хариуцлага оногдуулдаг байхаар оруулсан. Тэгэхээр хийсэн хэргээсэээ хамаараад хэдэн ч жилийн ял сонсч болно.
Дуучин С.Наран Африкт тоглолт хийнэ
Дуучин С.Наран “Монгол экологи” төвөөс хэрэгжүүлж буй Нуур хамгаалах төсөл дэлхийн олон улсад хүрээгээ тэлж байгаа. Энэ төслийн Монгол талын сүлд дуу нь noп дива С.Наран, гавьяат жүжигчин Ө.Уянга нарын хамтран дуулсан “Нутгаа дуулахуй” болж байгаа гэнэ. Уг дуу Хөвсгөл далайн тухай бөгөөд дуучин бүсгүйчүүд яг л далайн давалгааг мэдрүүлэхүйц сайхан дуулдгийг уншигчид мэдэх биз ээ. Түүнээс гадна энэ төслийнхөө шугамаар дуучин С.Наран ирэх жил Африкт тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Энэ талаар дуучнаас тодруулахаар утас цохиход, “Саяхан болсон “Voice II” тоглолт дээр энэ мэдээг анх сонссон. Үнэхээр гайхалтай санагдсан. Гэхдээ ирэх жил Африкт хийх тоглолтынхоо талаар одоо яримааргүй байна. “Монгол экологи” төвийн захирал нь ажлаар гадаадад яваа, ирэхээр нь албан ёсны мэдээлэл өгье” гэсэн юм.
“Боловсрол суваг” телевизтэй хамт “Бразилын өргөн чөлөө”-гөөр...
1994 юм уу, 1995 оны нэгэн өдөр гэрийнхэн маань эгчийг төөрчихлөө гээд сүйд болж билээ. Тухайн үед дөнгөж 10 хүрч байсан эгч маань хэдэн цагаар алга болсон юм. Ингээд нар жаргахтай зэрэгцээд нэлээд ядарчихсан орж ирлээ. Эгч багагүй дэггүйтэж, гэрийнхэндээ хэлэлгүйгээр ганцаараа хотоор “тэнэж” л дээ. Харин гэр лүүгээ буцах гэтэл автобус, тройлейбус бүгд зогсчихсон байж. Ингээд тав, зургаан буудал алхсан байна. Автобус цагаасаа эрт зогсох болсон шалтгаан нь одоо бодохоор инээдтэй, тэр үед балчир эсвэл мэндэлээгүй байсан хүүхдүүдийн хувьд итгэмээргүй санагдах байх. Улаанбаатарын автобуснуудыг зогсоход хүргэсэн зүйл бол Венесуэлийн телевизийн олон ангит кино гээд л эхэлдэг байсан “Халтар царайт” кино байсан шүү дээ. Хотын гудамж нам гүм болж, харин хүмүүс бүгд л дэлгэцийн өмнө ид уяагдан суудаг байв. Манай гэрт хажуу айлын ах сандлаа бариад л орж ирж үздэг байлаа. Латин Америкийн нийгмийн онцлог, манай нийгмээс ялгаатай байдал гээд олон зүйлийг Стрелита, Мигель Ангел хоёрын түүхээс мэдэж авч байлаа.             Бараг л Венесуэл киногоор эхэлсэн гэж хэлж болох олон ангит киноны давалгаа хятад, япон киногоор үргэлжилж, дараа нь солонгос киноны ноёрхол эхэлсэн гэж хэлж болно. Монголчууд Азийн ихэнх орны хүмүүсийг бодвол баруунжсан болохоор дүрүүдийн сэтгэлээ илэрхийлж байгаа байдал нь илүү нээлттэй кино амьдралд ойр санагддаг болов уу. Иймээс Монголын үндэсний “Боловсрол суваг” телевиз Латин Америк киноны эрин үеийг эргүүлэн дуудаж, Өмнөд Америкт төдийгүй Европт ид шуугиан тариад байгаа “Бразилын өргөн чөлөө” киног үзэгчдийн хүртээл болгохоор бэлдээд байна.             “Бразилын өргөн чөлөө” кино 2012 онд Бразилын үзэгчдийг яг л “Халтар царайт” 1990-ээд онд Монголчуудыг хэрхэн татаж байсантай адил дэлгэцийн өмнө уяж байжээ. Бразилын хэвлэлд мэдээлж байгаагаар, киноны төгсгөлийн анги Сан Паулу, Рио Де Жанейро, Куритиба, Салвадор зэрэг томоохон хотуудын гудамжийг бараг эзгүйрүүлсэн байна. Энэ тухай мэдээллийг уншихад нээрээ л 1990-ээд оны дунд үеийн Улаанбаатартай тун төстэй санагдлаа. Бас нэгэн сонирхолтой баримт дуулгахад, Бразилын Ерөнхийлөгч Дилма Русеф (дашрамд сонордуулахад, тэрээр 2011 онд сонгогдсон, Бразилын анхны эмэгтэй Ерөнхийлөгч) хүртэл киноны төгсгөлийн ангийг үзэхээр  ажлаа хойшлуулж, дэлхийн хэмжээний хэвлэлүүд ч энэ тухай бичиж байжээ. Дэгсдүүлсэн мэдээлэл биш шүү. Итгэхгүй бол эндээс уншиж болно.             Ийнхүү Бразилд шуугиан тарьсан кинонд тун удалгүй Португал, Панам, Хорват, Орос, Грек зэрэг олон орны телевизүүд хошуурцгаасан байна. Нийт 124 орны телевизүүд албан ёсны эрхтэйгээр худалдан авчээ. “Форбес” сэтгүүлийн мэдээлж байгаагаар, “Бразилын өргөн чөлөө” кино нэг тэрбум ам.долларын ашиг олчихоод байна. Мөн энэ сарын 25-нд зохиогдох, телевизийн урлагийн шилдгийг шалгаруулах “Олон улсын Эмми авардс”-д шилдэг олон ангит кино төрөлд нэр дэвшээд байна. Тэгвэл Латин Америк олон ангит киноны өндөр хэмийн халуурлыг дагуулаад байгаа энэ кино “Боловсрол суваг” телевизээр энэ бямба гараг буюу 11-р сарын 9-өөс үдэш бүрийн 22:00 цагаас албан ёсны эрхтэйгээр Монголын үзэгчдийн хүртээл болох нь ээ.             Кинонд Нина Гарсиа Эрнандес охины аз жаргалтай бага насны амьдрал эцэг нь нас барснаар хэрхэн өөрчлөгдөж байгааг, хогийн цэгт хог түүж өнгөрүүлсэн хүнд хэцүү үеүд, амьдрал нь гарсан томоохон өөрчлөлт, сонголт, боломжуудын талаар өгүүлэх болно. Аз жаргал, адармаатай байдлыг зэрэг авчирсан хайрын түүх, орхиж болдоггүй, гүйцээж чадахгүй өс хонзон гээд адал явдал бүхэн энэ кинонд бий.             “Халтар царайт” киноны эхлэлийн дуу одоог хүртэл нэг л танил дотно санагддаг. Тэгвэл “Бразилын өргөн чөлөө” киноны хувьд эхлэлийн дуу нь нэлээдгүй алдаршаад байгаа юм байна. “Come Dance with Everything” дууны “OiOiOi” буюу англиар бол “HiHiHi” гэдэг мөр тус кино гарч байгаа орнуудад сошиал нэтворкод нэлээдгүй дэлгэрчээ. Киноны үйл явдлын тухай мэдээ мэдээлэл, санал сэтгэлдэл Бразилын жиргээчдийн хувьд халуун сэдэв болж байжээ.             Ингээд ирэх даваа гарагаас эхлэн “Бразилын өргөн чөлөө”-гөөр “Боловсрол суваг” телевизтэй хамт...
Ерөнхий сайд Оксфорд бизнес группийн 2014 оны тайланд ярилцлага өглөө
Оксфорд бизнес группийн Монгол дахь төслийн захирал Яна Станкова, менежер Пабло Эстевец нартай уулзаж, тус группээс эрхлэн гаргадаг тайлангийн 2014 оны дугаарт Ерөнхий сайд ярилцлага өглөө. Тус групп нь 1994 оноос дэлхийн улс орнуудын макро эдийн засагт судалгаа хийж, тайланг 30 гаруй орны 18 хэлээр хэвлүүлдэг бөгөөд манайд хоёр жилийн өмнөөс энэхүү тайлан хэвлэгдэж эхэлсэн юм.   Шинэчлэлийн Засгийн газрын эдийн засгийн тэргүүлэх чиглэл өөр ямар салбарт чиглэгдэж, хэрхэн өргөжүүлэх гэж байгаа болон Чингис бондын хөрөнгөөр ямар бүтээн байгуулалт өрнүүлж байгаа талаар тодруулж байлаа. Бизнес эрхлэх болон гадаадын хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн дэмжиж байгаа талаар тэд асуулаа. Өнгөрсөн сард БНХАУ-д хийсэн Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар тодруулж дэлгэрэнгүй хариулт авлаа. Энэхүү тайлан ирэх оны нэгдүгээр улиралд хэвлэгдэн гарах ажээ.
ЮНЕСКО-ийн ерөнхий бага хурал эхэллээ
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага ЮНЕСКО-гийн 37 дугаар Ерөнхий бага хурал Парис хотноо эхэллээ. Энэ удаагийн бага хуралд Коста Рикагийн Ерөнхийлөгч хатагтай Л.Ченчилла, Тунизийн Ерөнхийлөгч М.Марзуки, Литвийн Ерөнхий сайд А.Буткевисиус нарын төр засгийн тэргүүнүүд болон 150 орны сайд нар өөр өөрийн улсыг төлөөлөн оролцоно. Тус чуулганд манай улсаас Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.  Сайд Л.Болд энэ өдөр тус бага хурлын хүрээнд зохион байгуулагддаг Удирдагчдын форумд үг хэлэв. Удирдагчдын форумд улс орнуудын төр засгийн тэргүүнүүд болон сайд нар оролцож глобал түвшний яриа хэлэлцүүлгийг өрнүүлэн ЮНЕСКО-гийн үйл ажиллагааны бодлогын ерөнхий чиглэлд санал шүүмжлэлээ хэлдэг уламжлалтай. Энэ удаагийн форумд оролцогчид 2015 оноос хойших бүх нийтийн хөгжлийн зорилтуудад ЮНЕСКО-гоос боловсрол, шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологиор дамжуулан хэн ямар хувь нэмрээ оруулж болох талаар хэлэлцэж, санал бодлоо илэрхийллээ. Энэ хэлэлцүүлэг нь НҮБ-ын 2015 оноос хойших хөгжлийн зорилгуудын зэрэгцээ ЮНЕСКО-гийн үйл ажиллагааны 2014-2021 оны Дунд хугацааны стратегийн төслийг хэлэлцэж буй үед болж байгаагаараа онцлог юм.  Сайд Л.Болд Ерөнхий бага хурлын нээлтэд оролцохын зэрэгцээ чуулганы даргаар сонгогдсон ноён Хао Пингтэй уулзаж баяр хүргэв Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд бусад улс орны төр засгийн тэргүүн, сайд нарын дэвшүүлсэн саналыг хуваалцахын зэрэгцээ боловсрол нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, олон улсын хөгжлийн зорилтууд, түүний дотор Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэх, хүний чадавхийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, ард түмнүүдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд онц чухал үүрэгтэй тул манай улсаас НҮБ-ын хүрээнд санаачлан авч явдаг тогтоолууд, түүний дотор Ардчиллын боловсрол, Бичиг үсгийн боловсролын асуудлыг НҮБ-ын 2015 оноос хойших хөгжлийн зорилгуудад тусгах, эдгээр зорилгод хүрэхийн тулд олон талын оролцогчдоос бүрдсэн олон улсын түншлэл байгуулахын чухлыг онцолж үг хэлэв. Сайд Л.Болд Ерөнхий бага хурлын нээлтэд оролцохын зэрэгцээ чуулганы даргаар сонгогдсон ноён Хао Пингтэй уулзаж баяр хүргэв. Тэрээр манай хөрш БНХАУ-ын төлөөлөл анх удаа ЮНЕСКО-ын чуулганы даргаар сонгогдсонд баяр хүргэж, түүний Ерөнхий бага хурлын чуулган даргалах хугацаанд Монгол-ЮНЕСКО-гийн хамтын ажиллагаа улам бүр өргөжинө гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.  Мөн өдөр сайд Л.Болд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын гадаад харилцаа, олон нийтийн мэдээлэл хариуцсан орлогч ноён Эрик Фолт, Дэлхийн өвийн төвийн Ази, Номхон далайн хэлтсийн дарга Жинг Фен нартай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Лондон хотноо Монголын тухай юу яригдав
Лондон хотноо болсон уг түншлэлийн дээд хэмжээний хуралдааны талаар мэдээлэл хийлээ Нээлттэй Засгийн түншлэлд Монгол Улс нэгдэн оржээ. Энэ нь нээлттэй, ил тод, хариуцлагатай засаглалыг дэмжих, энэ чиглэлээр улс орнуудын Засгийн газруудад тодорхой үүрэг хүлээлгэх зорилготой. Өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 2-ны өдрүүдэд Лондон хотноо болсон уг түншлэлийн дээд хэмжээний хуралдаанд Монгол Улс Үйл ажиллагааны Үндэсний төлөвлөгөөгөө танилцуулж, гишүүнчлэлээ баталгаажуулсан байна. Ч.Сайханбилэг: Индонезэд болох дараагийн чуулганд манай улс шилдэг туршлагынхаа талаар тусгайлсан танилцуулга хийхээр болсон Төрийн үйл ажиллагааг ил тод болгож, иргэдийн оролцоог хангах, хүнд суртлыг халж, үйлчилгээг сайжруулах, авлигыг бууруулж шударга ёс тогтоохгэсэн үндсэн 3 чиглэлээр үүрэг амлалтаа тодорхойлсон 11 зорилт, 30 гаруй хөтөлбөрийг энэ төлөвлөгөөнд тусгасан. Мөн хуралдааны үеэр нээлттэй засаглалын чиглэлээр 7 орон өөр өөрсдийн шилдэг туршлагуудыг хуваалцсан бөгөөд манай улсын “11 11 төв”, ТҮЦ машин, шилэн данс, шилэн тендер зэргийг түншлэлд нэгдсэн 61 орны төлөөллүүд ихээхэн сонирхож, нэмэлт мэдээлэл солилцжээ.  Бизнес, эдийн засгийн талаар Манай төлөөлөгчид Лондонд ажиллах үеэрээ Дэлхийн эдийн засгийн форум, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран Монгол Улсын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцжээ. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн эдийн засагчидтай хамтран Монгол Улсын цаашдын хөгжлийн гурван гол загварын талаар гурван шатны яриа, хэлэлцээ хийж байгаагийн эхнийх нь энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо, дараагийнх нь ийнхүү Лондон хотноо, сүүлчийнх нь ирэх нэгдүгээр сард Швейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн чуулганы нэг сэдэв болж хэлэлцэгдэнэ. Монгол Улсын хөгжлийн бодлогыг танилцуулж, байр сууриа илэрхийлж, гадны хөрөнгө оруулагчдын сонирхсон асуултуудад хариулт өгч буй эдгээр уулзалт манай гадаад бодлогод чухал ач холбогдолтой. Үүнээс гадна Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой дэлхийн томоохон компаниудтай манай төлөөлөгчид Лондонд бизнес уулзалт хийж, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, санал солилцсон байна. Мөн Лондон хотын захирагч, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал, Гадаадын банкуудын холбооны удирдлагууд, Гадаад хэргийн төрийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын сайд зэрэг холбогдох албаныхантай ажил хэргийн уулзалт хийж, хэвлэл мэдээллийн сувгийн шууд нэвтрүүлэгт оролцон мэдээлэл өгчээ Лондон хотноо болсон уг түншлэлийн дээд хэмжээний хуралдааны талаар ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг:  “Шинэчлэлийн Засгийн газар олон улсын хэмжээнд жишиг болох ажлууд хэрэгжүүлж байгаа нь энэ хуралдаанаас харагдлаа. Ирэх жил Индонезэд болох дараагийн чуулганд манай улс шилдэг туршлагынхаа талаар тусгайлсан танилцуулга хийхээр болсон” хэмээн онцоллоо. Тэрбээр Лондон хотноо болсон уг түншлэлийн дээд хэмжээний хуралдааны талаар дээрх мэдээллийг өнөөдөр өгсөн юм.
Л.Наранбаатар: Энэ бол мэдээж "Хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийн танилцуулга...
Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын “Metals Mongolia-2013” хоёрдугаар чуулганыг Mining.mn сайт, Уул уурхай яам хамтран энэ сарын 8-нд зохион байгуулна. Үүний хүрээнд өнөөдөр зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хийв. Энэ үеэр чуулганыг санаачлагч, “Гложекс Холдинг” компанийн ТУЗ-ын дарга Л.Наранбаатараас цөөн асуултад хариу авлаа. -Чуулганыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн жилийн чуулганаас ямар үр дүн гарсан бэ. Энэ жил ямар үр дүн хүлээж байна? -Анхны хурлаар ерөнхийдөө металлиогийн салбарыг хөгжүүлэх концептууд тавигдсан. Энэ нь энэ удаагийн чуулган дээр бодитой төсөл хөтөлбөрүүдтэй, түүнийг хэрэгжүүлэх бодлогыг анхны шатанд болосвруулчихсан байна. Өөрөөр хэлбэл, энэ жил танилцуулах төслүүдээ болон бодлогуудаа хэрэгжүүлэхээр түвшинд хүрсэн нь үр дүн нь юм. Харин энэ жилийн уулзалтаас монгол зэс, алт, төмөр хөтөлбөрийн суурь сайн тавигдаасай. Энэ сууриуд сайн тавигдчихвал манай улсын эдийн засгийн аж үйлдвэрийг хөгжүүлэх үндсэн суурь бүрдээд явчих юм. Удаах нь бол дараагийн зэс, ган хайлуулах үйлдвэрийн асуудал хурдан хэрэгжиж эхлээсээ гэсэн ийм л үр дүнг чуулганаас хүлээж байна. -Өнгөрсөн жил гадаад дотоодын хөрөнгө оруулагч, аж ахуй нэгж гээд 1200 орчим төлөөлөл оролцсон. Энэ жилийн тухайд? -Мэдээж чуулганд оролцох хөрөнгө оруулагчдын тоо эрс багассан. Нийт 600 орчим төлөөлөгч бүртгүүлсэнээс 300-г нь бүртгэн авсан. -Оролцож байгаа гадаадын хөрөнгө оруулагчидад дуулгах таатай, шинэ мэдээлэл юу байна вэ? -Энэ бол мэдээж "Хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийн танилцуулга байна. Энэ жилийн чуулга уулзалт төр засаг, хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийн төлөөлөл энэхүү салбарын хөгжил, бодлого, дэд бүтэц, удахгүй хэрэгжүүлэх төсөл, алт, зэс, төмөр зэрэг хөтөлбөрүүдийн үзэл баримтлал, энэхүү салбар улсын эдийн засгийг хэрхэн эргэлтэд оруулах зэрэг чухал асуудлын талаар хэлэлцэх юм. Мөн аж үйлдвэржсэн эдийн засгийн суурийг бий болгох засгийн газрын урт хугацааны зорилтын хүрээнд уул уурхай, металлургийн салбарт байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэд технологи бүхий ногоон хөрөнгө оруулалтыг татах, салбарын бодлого төлөвлөлтийг олон улсад сурталчилах, хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн орчинд салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх нь чуулганы гол зорилго юм.
Өглөөний цайнаас татгалзвал жин нэмнэ
Өглөөний цайнаас татгалзвал жин нэмнэ Америкт хийсэн нэгэн судалгаагаар, өглөөний цайгаа уудаггүй хүмүүс тос ихтэй, тэжээллэг бус хоол иддэг хүмүүсээс ялгаагүй таргалдаг нь нотлогджээ. Хамгийн чухал хоол бол өглөөний хоол юм. Өглөө бур хоол идэж заншсан бол өдрийг эрч хүчтэй өнгөрөөж, хийж буй бүхий л зүйлдээ амжилт гаргах боломжтой гэнэ. Өглөөд тэжээллэг, тохирсон илчлэгтэй хоол идэх хэрэгтэй. Иймд та өглөөний цайгаа заавал ууж хэвшээрэй. Өглөөний цай таныг: Амархан ядарч сульдахаас хамгаална Оюуны бүтээмжийг нэмэгдүүлнэ Хэт их идэхээс сэргийлнэ Байнга хэвшил болгож чадвал та өөрийгөө энгийн аргаар хөгшрөлтөөс хамгаалж байна гэсэн үг
50 орчим ховор нандин бүтээл нийтийн хүртээл болно
“Соёл урлаг судлалын хүрээлэн”-ээс санаачлан ССАЖЯ, СУИС, Гандантэгчинлэн хийдтэй хамтран Монголын ард түмний гар дээр нууцлагдан хадгалагдаж байсан нэн ховор судруудыг цуглуулжээ. Богд хааны ордон музейд маргааш 11.00 цагаас 50 орчим ховор нандин бүтээлүүдийг багтаасан “Монгол эгшиг тэмдэглэгээ” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлэх юм. Энд 20-иод  судар нь хуучны цаасан хэлбэрээрээ байгаа ажээ. Уг ном судруудыг цуглуулах ажил 2012 оноос эхэлсэн бөгөөд одоогоор олдоод байгаа хамгийн эртний судар нь “Их хүрээний ая дангийн гарал үүсэл” нэртэй судар юм байна.
Токиогийн стадион хэтэрхий том, үнэтэй төсөл болжээ
Япончууд 2020 оны зуны олим­пийн наадмыг Токио хотноо явуулах эрхийн төлөөх тэмцэлд ялалт бай­гуулаад хэдхэн долоо хонож буй.  Гэтэл тэд одоо л боломжгүй төсөл хийх гэж байснаа ухаарчээ. Тэдний хувьд олимпод зориулан босгох ши­нэ стадион нь хэтэрхий том, үнэтэй санагдах болсон гэнэ. Энэ талаар “AFP” агентлаг мэдээлэв. Нью-Йоркийн дэлхийн худал­дааны төвийн шинэ барилгын төс­лийг удирдсан Японы нэрт архи­тектор Фүмихика Маки “Хүмүүс том барилга байгууламжид дуртай байдаггүй. Тийм ч учраас олимп дууссаны дараа аварга том стадионоо яах вэ гэж бодож эхэлнэ” гэжээ.  Британийн архитектор Заха Ха­­дидын гаргасан энэхүү спорт бай­­­­гууламжийн төсөл Токиогийн ба­руун хэсэгт хуучин стадион, то­моохон авто зогсоол, сүм байсан га­зар баригдана. 80 мянган үзэгчийн суудалтай, 70 метр энэхүү бай­гуу­ламж энэ дүүргийн бүх барилгыг хаахаар өндөр аж.  Хэмжээнээс гадна спорт цогцол­борын өртөг хүмүүсийг уулга ал­дуулж байна. Учир нь энэ төсөлд өмнө нь заагдсанаас хоёр дахин их буюу 300 тэрбум иен (гурван тэрбум ам.доллар) шаардагдахаар болжээ.
Эмч, багш нар жагсана
Эмч нар жагсана Боловсрол, Эрүүл мэндийн салбарын МҮЭХ-оос өнөөдөр мэдээлэл хийв. Тэд багш, эмч, нийт ажилтнуудын цалинг 40 хувиар нэмэх хүсэлтийг Засгийн газарт удаа дараа өгсөн.  Гэтэл төр засгийн зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй байсаар байгаа. Тиймээс эмч, багш нар энэ сарын 8-ны 13:00-17:00 цагт Чингисийн талбайд жагсаал хийхээр болжээ. Түүнчлэн УИХ-ын чуулганаар 2014 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос ирэх онд цалин тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрийг өнгөрөгч сарын 23-аас эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй л байна.
Амараа: "Хар сарнай" тарахгүй, түр завсарласан төдий
“Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах Монгол бахархал, омогшлыг төрүүлэхүйц сайхан уран бүтээлүүдээрээ ард түмэндээ хайрлагддаг "Хap сарнай” хамтлагийнхан сүүлийн үед шинэ уран бүтээл хийхгүй нам гүм болсон. Зарим нь бүр Амараа Маадай хоёр салсан байх гэлцэн элдэв таамаг ч дэвшүүлээд амжсан. Тиймээс “Хар сарнай" хамтлаг байгаа эсэхийг тодруулахаар ахлагч С.Амармандах буюу Атараатай нь холбогдсон юм. -“Хар сарнай” хамтлаг яагаад таг болчихов оо. Хаа нэг тийшээ яваад байна уу, та хоёр эсвэл хоёр тийш болоо юу? -Юуны өмнө саяхан өчигдөр /уржигдар/ болсон Бахархлын өдрийн мэндийг дотооддоо болон гадаадад суугаа элэг нэгтнүүддээ хүргэмээр байна. Бидний хувьд хаашаа ч яваагүй. Улаанбаатар хотоосоо ч гараагүй. Ойрд зав муутай л явна. Хамтлагийнхаа уран бүтээлийг түр завсарлачихаад байна. Маадайтайгаа ч ойр уулзалдсангүй. Бид хоёр хувь хувийн уран бүтээл дээрээ ажиллаж байгаа. -Шинэ уран бүтээл дээр ажиллаад завгүй байгаа юм УУ? -Агуу найрагч Р.Чойномын “Зүүд” монологоор гавьяат жүжигчин Д.Сосорбарам ахтай хамтарсан бүтээл хийж, 2008 онд гаргасан “Би Монгол хүн” цомогтоо оруулж байсан. Түүнийгээ клипжүүлэхээр зохиолынхоо судалгааны ажилд орчихоод байна. Маш өвөрмөц хийхээр төлөвлөж, нарийн судалгаа хийж байгаа. Клипийг нь бэлэн бофюхоор олон нийтэд хүргэхдээ нэрийг нь өөрчилж, “Их хаантай учирсан зүүд” нэрээр гаргахаар төлөвлөж байгаа. Ү^ээр дамжуулан залуу үеийнхэндээ Их хаанаа хүндлэх, ёс заншлыг уламжлуулан, цаашид хадгалуулаар үлгэрлэж байгаа юм. Зургийг нь хаана, хэзээ авах вэ? -Тэр нууц хэвээр үлдэг. -2008 оноос хойш шинэ цомоггаргасангүй. Дараашйн цомгоо хэзээ гаргах гэж байна? -Удахгүй ээ. Шинэ цомгийн ажил 40-50 хувьтай байгаа. Он гармагц фэнүүддээ хүргэхээр зэхэж байгаа. ‘Тэнгэр шиг бай” нэртэй гайхалтай цомог хийж байгаа гэдгээ дуулгахад таатай байна. Гэхдээ миний бие даасан цомог шүү дээ. -“Хар сарнай” тарчихсан юм биш биз дээ? -Үгүй дээ. Бид тарахгүй. Он гартал хувь хувийн уран бүтээл, бизнестээ анхаарал хандуулъя гэж хэлэлцсэн юм. Шинэ он гармагц хамтлагинн уран бүтээлдээ эргэн орж, шинэ уран бүтээлүүдээр “бөмбөгдөнө өө” сонсогчдоо. Бид дуулахдаа догшин, ширүүн, хурдтай темпээ хадгалж, харин хөгжмийн хэмнэлдээ өөрчлөлт оруулахаар ярьж байгаа. Рок дотроо хард рок, металл рок гэдэг шиг чиглэлээ өөрчилнө гэх үү дээ. -Та ямар бизнес эрхэлж байгаа юм? -“Хар сарнай” караокегоо сайхан ашиглалтад оруулсан. Баруун дөрвөн замд "Max Mall” дэлгүүрийн хажууд. Шинэ оноос өмнө биллярд лоунжоо ашиглалтад оруулна. Уран бүтээлээ, бизнесээ ч хийгээд завгүй л явна даа.
Улаанбаатарт унадаг дугуйн замтай болоосой
УИХ-ын гишүүн, УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлгийн дэд дарга С.Бямбацогт, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нар мэдээлэл хийлээ Монголын Залуучуудын холбоо “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл боловсруулснаа УИХ-д өргөн барих гэж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг байгуулагдаж, уг бүлэгт нийт 41 гишүүн нэгдэн орсоноор бүлгийн даргаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж сонгогдон ажиллаж байгаа. А.Мөнхбат: Нийт 25,521 иргэн унадаг дугуйн замтай болохыг хүсч, төслийг дэмжсэн. УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлгээр дамжуулан тус холбоо боловсруулсан төслөө өргөн барих юм. “Залуучуудын чөлөөт цагийг хэрхэн зөв өнгөрөөх вэ” төслийн хүрээнд МЗХ нэр бүхий 9 байгууллагатай хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг шинэчлэн боловсруулсан.  Энэхүү төслийн нэг онцлог нь анх удаа иргэдийн бодитой санал, хүсэлд тулгуурлан хийгдэж байгаа бөгөөд 1 сар орчим хугацаанд иргэд санал хүсэлтээ цахим ертөнцийг ашиглан фэйсбүүк, твиттер хуудсаараа дамжуулж мөн МЗХ-ны байранд биеэр хүрэлцэн ирж өгсөн. Нийт 25,521 иргэн унадаг дугуйн замтай болохыг хүсч, төслийг дэмжсэн хэмээн МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат хэлж байв. Хэрвээ уг төсөл УИХ-аар дэмжигдэж 2014 оны төсөвт тусгагдаж чадвал Улаанбаатар хотод 3 жилийн дотор 186,7 км унадаг дугуйн зам, 99 иж бүрэн унадаг дугуйн зогсоол шинээр бий болох боломжтой.  Үүнээс гадна унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлсэнээр замын түгжрэл, агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр багасгаж, хүүхэд залуучуудыг цаашлаад бүх насныхныг эрүүл, идэвхтэй амьдралд уриалан, амьдралын шинэ зөв хэмнэлийг бүрдүүлэх ач холбогдолтой. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөлтэй хамт “Спорт уу, спирт үү” мөн “Авилгын эсрэг би авахгүй, би өгөхгүй” төслийг УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлгээс танилцуулаад, эдгээр төслийг мөн УИХ-д өргөн барих хүсэлтэй байгаагаа дуулгалаа.
Москва: Эв нэгдлийн эрэлхийлэлд
Москва: Эв нэгдлийн эрэлхийлэлд Хоёр хоногийн өмнө ОХУ-ын нийслэлд исламын шашинтнуудыг эсэргүүцсэн, бага ястнуудыг ОХУ-аас гаргахыг шаардсан томоохон жагсаал боллоо. Ойролцоогоор 10 мянгаас цөөнгүй хүн оролцсон гэх мэдээлэл байна. Үүнээс хэд хоногийн өмнө Москвагийн нэгэн дүүрэгт бас ийм үндэстэн ястнаараа талцсан үймээн дэгдэж байсан. Хотын оршин суугчдын 38 хувь нь цагаачлалын тухай асуудалд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлснээс харвал ОХУ-ын хувьд энэ асуудал толгойны өвчин болж даамжирах магадлал өндөр байна гэсэн үг.   ОХУ өргөн уудам нутагтай. Энэ хэрээр олон үндэстэн ястны өлгий болдог. Харамсалтай нь тэд эв нэгдэлтэй байж чаддаггүй. Иймээс энэ орны нэгдэл нягтрал, эв нэгдлийн тухай асуудал идэвхтэй яригдаж эхэлж байна. 2013 оны арваннэгдүгээр сарын 4-нд ОХУ ард түмний нэгдлийн өдрөө тэмдэглэв. Энэ ард түмнийг юу нэгтгэж байна, орос хэл, эсвэл хоёр толгойтой бүргэд бүхий иргэний паспорт уу? Энэ асуултад энэ баяр хариулж чадсангүй. Ердөө маргааш нь ислам шашинтнуудыг эсэргүүцсэн жагсаал болж буй нь энэ бөгөөд исламчууд бол энэ ард түмний нэг хэсэг. Өнгөрөгч зун ОХУ-ын Засгийн газар  2014-2020 онд “ОХУ-ын үндэстнүүдийн эв нэгдлийг бэхжүүлэх” томоохон хөтөлбөрийг баталсан юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 4.6 тэрбум рубль гаргахаар төлөвлөсөн зэргээс харахад хэмжээ далайцыг нь анзаарч болмоор. Харин энэ том хөтөлбөр урьдын адил  “Ард түмний найрамдлын фестиваль” шиг мөнгө үрсэн, хоосон ажил болох вий гэсэн болгоомжлол түгээмэл бий. Нэрт нийлэлч Эдуард Лимонов “Оросын нийгэмд бодит байдал дээр хоёр улс оршин тогтнож байна” гэжээ. Тэдгээр нь баячууд хийгээд ядуучууд. Иймд улс төр, эдийн засгийн одоогийн бодлого чиглэлийг өөрчлөх ёстой” хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр нэгэн ноцтой жишээг дэлгэж тавьсан нь  ОХУ-ын үндэсний нийт баялгийн 71 хувийг хүн амын ердөө ганцхан /1 хувь/ хувь эзэмшиж байгааг дурджээ. Гэтэл уламжлалт зах зээл, баячуудынхаа тоогоор толгой цохьдог орнуудын нэг Энэтхэгийн “Алтан цагариг”-ийнхан үндэсний баялгийн 49 хувийг л эзэмшдэг аж. Эндээс харахад ОХУ тэгш бус байдлаараа дэлхийд тэргүүлдэг байх магадлалтай. Ийм тэгш бус харилцаа гүн гүнзгий байсан цагт үндэсний эв нэгдлийн тухай ярих нь хоосон мөрөөдлөөс хэтрэхгүй хэмээн анхааруулж байна. Нийтлэлч Дмитрий Губин “Буриад, мордов, орос, чечень гэхчлэн энэ олон үндэстнийг нэгтгэх үндэсний ямар нэг үзэл номлолыг одоо болтол олж чадаагүй байна” гэдгийг сануулжээ. Ядахад л дотоодын аялал жуулалаар дамжуулан энэ их аугаа уудам эх орныхоо үндэстэн ястнуудын ойлголцолыг бэхжүүлэх боломж бий.  Гэтэл эдүгээ улсын хэм­жээнд нисэх онгоцны 80 буудал байгаа нь Холбооны субьектүүдийн тооноос цөөн байна. Харин Л.И.Брежневийн үед  ийм буудал 300 гаруй байлаа. Энэ бол гашуун үнэн. Өнөөдрийн Орос гүрэнд ЗХУ-ын үеийн геополититкийн архитектур хэвээр хадгалж байна. Орон орон уужим ч энэ газар шороон дээр салан тусгаарлах аюул амьсгалсан хэвээр байна. Иймд эхний зорилго бол нутаг дэвсгэрийнхээ нэгдмэл бүрэн бүтэн байдлыг хамгаалах нь  үндэстэн ястнуудын эв нэгдлийн өргөн фронтын нэг хэсэг хэмээн үзэж байна. Түүхийн нийтлэг, хамтын том ялалт, нэгэн зорилгоор эвлэлдэн нэгдэж байсан энэ их  ард түмний эв нэгдлийн эрэлхийлэл үргэлжилж байна. Москва хотноо болж буй жагсаал, эсэргүүцэл үүнд ташуур болж, дохио санамж өгч буй биз ээ.
Ядуурал буурч, ажил эрхлэлт нэмэгджээ
Дэлхийн банкнаас өнөөдөр сэтгүүлчдэд Монгол Улсын эдийн засгийн сүүлийн үеийн өөрчлөлтүүд болон төлөв байдлын талаар танилцууллаа Дэлхийн банкнаас өнөөдөр сэтгүүлчдэд  Монгол Улсын эдийн засгийн сүүлийн үеийн өөрчлөлтүүд болон төлөв байдлын талаар танилцууллаа. Манай улсын эдийн засагт гарсан эерэг өөрчлөлт нь  ядуурал тодорхой хэмжээгээр буурсан, ажил эрхлэлт нэмэгдсэн гэв. Харин сөрөг үр дагавар нь төгрөгийн ханш савлагаатай, инфляци өсөх хандлагатай гэдгийг Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар ажиглагдсан ажээ.  Түүнчлэн Оюу толгойн үйлдвэрлэл эхэлснээр эдийн засгийн өсөлт 2013 онд хоёр оронтой тоонд байна гэсэн урьдчилсан тооцоог гаргаж байгаа юм байна.
Формула 1 ба Макларен цуврал 2
Жон Уатсон Макларен Мерседэс багт хүчин зүтгэж байсан бүх цаг үеийн 10 нисгэгч: Жон Уатсон №10. Жон Уатсон  1946 оны тавдугаар сарын 4-нд Английн Белфаст хотод мэндэлсэн. Тэрбээр Макларен багт 1978 - 1983 онуудад хүчин зүтгэж нийт карьерийнхаа турш таван гранприд түрүүлж 20 удаа шагналын тавцан дээр гарч байснаас гадна Спортс Кар уралдааны дэлхийн аврага нисгэгч юм. Жон Макларенаас гадна Брабхам, Сюртийс, Лотус болон Пенске гэх багуудад уралдаж байв. Жон Формула 1 уралдаанд 1972 онд хөл тавин уралдаж эхлэн 1984 онд Спортс Кар уралдаанд уралдах болжээ. Мөн Уатсон 1979 онд Макларенд уралдаж байхдаа Формула 1-ийн анхны ялалтаа эх нутагтаа болсон гараанд түрүүлсэн нь түүний карьерийн хамгийн сайхан үе гэж тэрбээр хэлж байсан удаатай. Макларен Мерседэс багт хүчин зүтгэж байсан бүх цаг үеийн 10 нисгэгч: Жон Уатсон Жон Уатсон өнөө цагт Скай Спорт сувгийн коментатороор ажилладаг байна.
Оройн цагаар оюутнуудаас мөнгө нэхвэл кондукторт хариуцлага тооцно
Оройн цагаар мөнгө нэхвэл кондукторт хариуцлага тооцно Нийслэлийн хэмжээнд 113 мянган оюутан нийтийн тээврийн автобусанд хөнгөлөлтийн картаар зорчдог. Оройн цагаар буюу 19:00 цагаас хойш ихэнх нийтийн тээврийн кондуктор оюутнуудаас мөнгө нэхэж байгаа тухай гомдол тасрахгүй байна. Энэ талаар Монголын оюутны холбооны хэвлэлийн ажилтан Э.Батжаргалаас тодрууллаа. -Оюутны “Смарт” карт хэвлэгдэж дууссан уу? -Хөнгөлөлтийн карт нь алдаатай гарсан зарим нэг оюутны карт удахгүй шинэчлэгдэж хэвлэлтээс гарна. Мөн ХААИС, МУБИС-ийн төгсөх ангийн оюутнуудын смарт карт хэвлэгдээгүй байгаа. Тухайн оюутнууд хавар захиалж амжилгүй дадлагад явсан байсан. -Оройн цагаар нийтийн тээврийн автобусны кондукторууд оюутнуудаас мөнгө нэхдэг. Ийм тохиолдолд тэд хэнд хандах вэ? -Ийм тохиолдол их хөнгөлөлтийн картаар автобус зогсох хүртэл зорчих эрхтэй. Оройн цагаар смарт карт үйлллэхгүй гэвэл 324352 дугаарын утсанд холбогдож бидэнд мэдэгдэх хэрэгтэй. Тухайн автобус компани болон кондукторт хариуцлага тооцно. Зарим оюутнуудад дуулгахад нэмэлт захиалга авахгүй. Манай байтууллагад тийм эрх ч байхгүй. Оюутнууд долдугаар сарын 1 хүртэл нийтийн тээврийн автобусанд үнэгүй зорчих эрхтэй. -Удахгүй танай холбооны ой болох гэж байгаа гэж сонслоо. Оюутнуудад чиглэсэн ямар ажил төлөвлөсөн вэ? -Манай холбооны 70 жилийн ойн баярын хурал 16-нд болно. Бид ойгоо тохиолдуулаад 1000 оюутны байраа ашиглалтанд оруулж байна. Мөн түүхэн баримтат кино хийж байгаа. Бүх сургуулиудынхаа салбар зөвлөлөөр дамжуулан олон арга хэмжээ зохионо. “Оюунлаг залуус” гээд оюутны сүлд дуундаа клнп хийлгэсэн.
Цахилгааны хязгаарлалт хийнэ
Өнөөдөр Хан-Уул дүүргийн 8, 9, 16-р хороо Буянт-Ухаагийн 1-14, Дэнжийн 7, 9, 10, 11, Бурхантын 2-8 дугаар гудамж болон Эко хотхон барилгад цахилгааны хязгаарлалт хийнэ. Харин 8-ны өдөр буюу маргааш Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо Хонхорын 1-7 дугаар гудамж, 31-р хороо Цаг уурын станц орчмын хэрэглэгчдийг цахилгаанаар тэжээдэг 10 кВ-ын Буянт-Ухаа, Хөтөл агаарын шугамуудад шинэчлэлтийн ажил хийгдэх тул 10.00-18.00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийнэ. Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Зүүнсалаа, Баруунсалаа, Монлаа, Баянзүрх дүүргийн Монель, Амгалан, Чингэлтэй дүүргийн Тасган, Зүрх-Уул, Хан-Уул дүүргийн Нисэхийн зарим хэсэг, Сүхбаатар дүүргийн Бэлх, Сэлх, 7 буудал, Хайлааст, Согоот, Хангайн гудамж орчмын 36 мянга гаруй айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах, хэт ачаалагдсан зарим дэд станцуудын хэвийн ажиллагааг хангах зорилгоор хийгдэж буй 5 тэрбум төгрөгийн өртөгтэй UB-56 төслийн ажил 85 хувьтай явагдаж байгаа аж.
Ирэх онд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэхийг дэмжлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр үдээс хойш эхэлж хуралдааны эхэнд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулав. Ингээд дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Санал хураалтын явцад УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан ирэх онд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх саналыг гишүүдийн олонхи дэмжсэн юм.
"Бал сар шиг амьдрал"
Дуучин Б.Амархүүгийн шинэ уран бүтээл "Бал сар шиг амьдрал" дууны клип үзэгчдэд хүрч эхэллээ. Шинэ дууны аяыг Соёлын гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, үгийг нь СТА П.Одгэрэл тэрлэжээ. Тэрбээр дууныхаа клипэнд өөрийн фен клубын гишүүдээ тоглуулсан байна. Ингээд "Бал сар шиг амьдрал" дууг хүргэж байна.
Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж эхлээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанд Сангийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг болон байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч, холбогдох албаны хүмүүс оролцлоо. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Ж.Батзандан энэ оны татварын бүрдүүлэлт хэдэн хувьтай байгаа, Нийгмийн даатгалын сангийн өглөг барагдуулалт хэр байгаа, эрүүл мэнд, боловсролын салбараас төсөвт оруулах орлогын эх үүсвэр зэргийг тодруулахад Сангийн дэд сайд С.Пүрэв ирэх онд гаалийн байгууллагаас улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээг 1.9 их наяд төгрөг байхаар тооцсон. Энэ оны гаалийн татварын орлого бүрдүүлэлтийн тухайд одоогийн байдлаар 84 хувьтай байна, татварын төлөвлөгөөг биелүүлэх ажлыг эрчимжүүлж байгаа. Нийгмийн даатгалын сангийн 2013 оны чөлөөт үлдэгдлийг урьдчилсан байдлаар 45 орчим тэрбум төгрөг байхаар тооцож байгаа. Тус санд улсын төсвөөс өгөх Засгийн газрын өглөг 80 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаас ирэх онд 14 тэрбум төгрөгийг барагдуулахаар тооцсон гэсэн хариулт өгөв. Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын яамны тухайд музейн үзвэрийн, Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүд төлбөртэй эмчилгээ, үйлчилгээнээс олсон орлого гэх зэргээр өөрийн орлогыг төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй бол Боловсрол, шинжлэх ухааны яам сурах бичгийн орлогыг буцаан төвлөрүүлж дахин ашигладаг гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж үг хэлсэн гишүүн С.Дэмбэрэл тус байнгын хороо нэг аймгийн нэг сумын Засаг даргын Тамгын газрын барилгын төсөвт дутагдаж байгаа хөрөнгийг ярих биш төсвийг анх төлөвлөж боловсруулахаас эхлээд хэрэгжүүлэх бүх шатанд төрийн институци хоорондын уялдаа холбоо хэр байгаа, харьяа байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн үр өгөөжөөр нь эрэмбэлэн тооцож буй эсэх, хэрхэн үр ашигтай зарцуулж байгаад нь хяналт тавьж ажиллах нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгааг гишүүн Р.Бурмаа дэмжлээ. Мөн гишүүн Х.Тэмүүжин УИХ-ын харьяа байгууллагууд сургалтын нэгдсэн байртай болох үүднээс ирэх оны төсөвт ихээхэн хөрөнгө нэмж тусгуулах санал гаргасныг парламентын ордон барих төсөв хөрөнгийн хүрээнд шийдэх бололцоотой гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Ингээд байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад М.Зоригт гишүүний гаргасан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын барилгад нэг тэрбум, мөн аймгийн Халзан сумын Засаг даргын Тамгын газрын барилгад 230 сая төгрөг нэмж тусгах санал байнгын хорооны гишүүдийн дэмжлэг авсангүй. Мөн УИХ-ын харьяа байгуулагуудын сургалтын нэгдсэн төв байгуулах, МҮОНРТ-д техник технологийн шинэчлэл хийхэд хөрөнгө нэмж тусгах саналыг байнгын хороонд ирүүлсэн байна. Гишүүн Д.Эрдэнэбат МҮОНРТ-ийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, техникийн шинэчлэлийн асуудлыг багцаар нь шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж буй тул энэ саналаа татаж авахыг санал болгосон юм. Нийгмийн даатгалын сангийн 2013 оны чөлөөт үлдэгдлийг урьдчилсан байдлаар 45 орчим тэрбум төгрөг байхаар тооцож байгаа Ингээд санал хураалгахад байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын харьяа байгуулагуудын сургалтын нэгдсэн төв болон МҮОНРТ-ийн төсөвт нэмж хөрөнгө тусгах саналыг дэмжсэнгүй. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг байнгын хороо дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Дараа нь Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүн Д.Эрдэнэбат төслүүдийг хэлэлцүүлгийн шатанд нухацтай хандаж нягталж үзэх шаардлагатай байгаа тул хэлэлцүүлгийг түр хойшлуулж Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулж ажиллуулах горимын санал гаргалаа. Мөн гишүүн Х.Тэмүүжин төрд шинэ бүтэц үүсгэхгүй байх талаар байнгын хороо аль болохоор анхаарах ёстой гэдгийг хэлээд хоёр байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг байгуулах санал гаргасан юм. Ингээд дээрх хоёр гишүүний гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулснаар байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сири улсаас есөн сая гаруй хүн дүрвэжээ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Валери Амос мэдэгдэл хийлээ Сири улсын нөхцөл байдал улам дордож, дүрвэгсдийн тоо нь 9.3 саяд хүрсэн талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Валери Амос даваа гарагт болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хаалттай хуралдааны үеэр мэдэгджээ. Түүний илтгэлийн товч агуулгыг албан ёсны төлөөлөгч Аманда Питт нь сэтгүүлчдэд танилцуулсан байна. Харин Амос өөрөө энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөс татгалзсан аж. Тус баримтад дурдсанаар эдгээр дүрвэгсдийн 6.5 сая нь дотооддоо шилжилт хөдөлгөөн хийсэн хүмүүс гэнэ. Тиймээс Валери Амос Сирийн засаг захиргаа болон сөрөг хүчнийхэнд дарамт шахалт үзүүлж, хүн амын аюулгүй байдалд анхаарах, шаардлагатай хүмүүст нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, аврах үйл ажиллагааг саадгүй явуулахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийнхөнд уриалжээ. Дашрамд дурьдахад Сири улсад иргэний дайн дэгдсэнээс хойш тус улсын аж үйлдвэрийн салбар 2.2 тэрбум ам.долларын алдагдалд оржээ.
2014 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Эдийн засгийн байнгын хорооны хуралдааныг үдээс хойш дахин зарлан хуралдуулж, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүд байнгын хорооны ажлын хэсгээс боловсруулан хуралдаанд оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналууд нэг бүрээр асуулт асууж, санаачлагч болон ажлын хэсгийн тайлбар хариултыг сонсон хэлэлцсэний дараа санал хурааж дууслаа. Ингээд ирэх оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусган ЭЗБХ-ны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүүг томилов.
"Болор" дүрмийн алдаа шалгах програм гарлаа
"Болор" дүрмийн алдаа шалгах програм ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн худалдаанд гарах гэж байна. Энэхүү програм нь албан байгууллага болон хувь хүний хэрэгцээнд тохирсон хоёр хэлбэртэй бөгөөд хэрэглээний програмууд дээр нэмэлтээр сууж ажиллах юм байна. Програмд 2011 онд эцэслэн батлагдсан маргаантай бичигддэг 700 үгийн зөв хувилбарыг багтаасан. Програм өөрөө алдаатай үгийг зөв бичсэн хувилбараар солино. Зөвхөн дүрмийн алдаа засаад зогсохгүй бас оновчтой үгийн сонголтыг харуулах болон хэрэглэгч хувийн үгийн сан үүсгэж болох юм байна. Мөн дүрэм шинэчлэгдсэн тохиолдолд хэрэглэгч интернэтэд холбогдон үнэ төлбөргүйгээр програмаа шинэчлэх боломжтой ажээ.  Personal хувилбар нь 45 мянга, байгууллагын хэрэглэгчийнх нэг бүр нь 39 мянган төгрөгний үнэтэй аж.  Дэлгэрэнгүй мэдээллийг: http://spell.bolorsoft.com/
УБТЗ-ыг Г.Сэрээнэндорж үргэлжлүүлэн удирдана
УБТЗ-ын Даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийн бүрэн эрхийг 2014 оны хоёрдугаар сар хүртэл сунгажээ. Учир нь даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Н.Сэрээнэндоржийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байсан. Дээрх шийдвэрийг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны ээлжит хурлаас гаргасан байна. Тус хуралд  ОХУ болон Монгол Улсын талаас  тус бүр гурав гурван төлөөлөгч оролцож байгаа бөгөөд 15 асуудал хэлэлцсний "чухал" нь даргын томилгоо байсан юм.
Ц.Мөнхбаяр нарт зэвсэг нийлүүлсэн хүнийг саатуулжээ
"Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаяр “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүд болох Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнийг ТЕГ-т шалгаж байгаа. Тэднийг цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хориод сар гаруй болж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ц.Мөнхбаяр нар Дорнод аймаг Зэвсэгт хүчний нэгэн цэргийн ангиас буу, сум, тэсэрч дэлбэрэх бодис авсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Мөрдөн байцаалтын нууцад хамаарах учраас галт зэвсгийг цэргийн ангиас нийлүүлсэн эсэх талаар мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ цэргийн ангиас нийлүүлсэн гэдэг зүйл тогтоогдоогүй байна. Тагнуулын байгууллага Ц.Мөнхбаяр нарт галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис нийлүүлсэн этгээдийг саатуулан шалгаж байгаа. Тухайн этгээд нь аль нэг цэргийн ангийн албан тушаалтан биш, хувь хүн” гэх хариулт өглөө.
Сэлбийн намагтай гудамж "гоё" болов
Гэр хорооллын иргэд амьдарч буй орчноо сайжруулах санаачилга гарган, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжоо өөрсдөө бүрдүүлж  бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож эхэлсэн. Үүний нэг жишээ гэвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны Сэлбийн 46-р гудамжийг Улаанбаатар хотын Дарь-Эх цайз дахь ажлын алба, 21-р хорооны оршин суугчид “Талын сэтгэл нөхөрлөл” ТББ хамтран тохижуулж  хүлээлгэж өглөө. Энэ хавийн гудамж намаг ихтэй байдаг. Харин намгийг нь 140 см хайрга асгаж,  тэгшилсэн байна. Мөн явган хүний зам тавьж, мод тарин, хогийн сав, сандал байршуулан, гэрэлтүүлэг хийж камер суурилуулжээ. Өвлийн улиралд эрт харанхуй болж гэр хорооллын гудамжаар явахад хүндрэлтэй байдаг. Гэрэлтүүлэг хийж камержуулснаар иргэдийн аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа юм. Энэхүү тохижилтын ажлыг АНУ-ын Азийн сангийн “Гэр хорооллын иргэдийн санал санаачилгыг дэмжих сан”-гаас санхүүжүүлжээ.
С.Оюун сайд мэдээлэл хийлээ
БОНХЯ-ны энэ сарын “Мэдээллийн цаг”-аар “Ногоон хөгжлийн үзэл баримтлал” болон түүнийг 2020 он хүртэл хэрэгжүүлэх “Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.  “Ногоон хөгжлийн үзэл баримтлал”-ийн төсөлд Монгол улсын хөгжлийн чиг хандлага, түүнд хүрэх алсын харааг “Үндэсний байгаль, соёл, түүхийн өв, уламжлалыг орчин үеийн хөгжлийн ололт, амжилттай хослуулан баяжуулсан, Монгол хүнээ эрхэмлэн дээдэлсэн “сайн” засаглалтай, байгаль орчинд ээлтэй технологи ба мэдлэгт суурилсан эдийн засагтай, уур амьсгалын өөрчлөлтөд ухаалгаар дасан зохицсон, байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үндэсний ухамсар төлөвшсэн ногоон соёл иргэншлийн үндсийг бий болгосон хөгжингүй улс болно” гэж тодорхойлсон. Үзэл баримтлалын төсөл нь уур амьсгалд зохицсон хөгжил, ногоон эдийн засаг ба санхүүжилт, ажил, орлоготой иргэд бүхий тэгш нийгэм, соёл ба өв, тогтвортой хөгжлийг дэмжсэн засаглал гэсэн 5 үндсэн бүлгийн хүрээнд 8 стратегийн зорилго, түүнийг хэрэгжүүлэх 39 зорилтыг дэвшүүлсэн. Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд эхний үе шат болох 2013-2020 он хүртэл хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн төслийг мөн боловсруулсан. Дунд хугацааны хөтөлбөрт стратегийн зорилт тус бүрт хүрэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон юм. Ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд манай орны ядуурал, орлогын тэгш бус байдал харьцангуй өндөр, эдийн засаг нь цөөн нэр төрлийн нөөц баялагт тулгуурласан, өрөөсгөл бүтэцтэй, эрчим хүч, нөөцийн хэрэглээ үр ашиг муутай, үйлдвэрлэлийн технологи хоцрогдсон, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа зэрэг нь бидэнд томоохон сорилт, бэрхшээл болж байгаа хэдий ч байгалийн арвин баялаг, газар нутгийн дийлэнх хэсэг нь харьцангуй байгалийн унаган төрхөөрөө байгаа нь урт хугацаанд тогтвортой хөгжих боломжийг тэр хэрээр нэмэгдүүлж байгаа аж.
Хятадын намын хорооны барилгад дэлбэрэлт боллоо
Тайвань хотод Коммунист намын хорооны барилгын ойролцоо дэлбэрэлт боллоо Хятадын хойд хэсэгт орших Шаньси мужийн засаг захиргааны төв Тайюань хотод Коммунист намын хорооны барилгын ойролцоо дэлбэрэлт болсны уршгаар нэг хүн амиа алдаж, найм нь шархаджээ. Үүнээс гадна барилгын дэргэд байрлуулсан болон хажуугаар нь өнгөрч явсан 20 гаруй авто машин дэлбэрэлтэд өртсөн байна. Энэ талаар тус улсын хэвлэлүүдээр мэдээлжээ. Урьдчилсан дүгнэлтээр дэлбэрэлтийг ган бөмбөлөг бүхий гар хийцийн тэсрэх бөмбөгөөр үйлдсэн бололтой. Хэргийн газрыг бүсэлж, мөрдлөг явуулж байгаа аж.
Пара байт харвааны ДАШТ өндөрлөлөө
Пара байт харвааны ДАШТ өндөрлөлөө Пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангконгт энэ сарын 1-6-нд боллоо. Тэмцээнд 24 орны 254 тамирчин рекурв болон компаунд төрлийн босоо болон “Wl”, “W2” ангилалаар өрсөлдсөн бөгөөд манай улсаас эмэгтэй, эрэгтэй тус бүр хоёр тамирчин эх орноо төлөөлөн оролцов. Манай тамирчдаас “Бээжин-2008” паралимпийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав, урьдчилсан харваанд 588 оноогоор 20 дугаар байрт шалгарсан бөгөөд нэгдүгээр тойрогт Их Британий Кенни Алленг 6:4-өөр буулган авсан ч 1/8-д шигшээд БНХАУ-ын харваачид 2:6-гаар хожигджээ. Харин спортын дэд мастер А.Анх-Эрдэнэ урьдчилсан харваанд 420 оноо авч, 1/24-д Бразилийн Франциског 6:4-ээр хожсон ч шөвгийн наймд эрхийн төлөө өмнөд хөршийн тамирчинд 3:7-оор хожигдов. Эмэгтэйчүүдийн рекурвийн урьдчилсан харваанд 25 тамирчин өрсөлдсөнөөс спортын мастер Б.Оюун-Эрдэнэ 578 онож, гуравдугаар байраар шалгарч, эхний даваанд гоц мөргөсөн бөгөөд шөвгийн 16-д АНУ-ын Лээ Фордод 4:6-гаар хожигджээ. Харин “Лондон-2012” олимпийн дөрөвдүгээр байрын байрын шагналт, ОУХМ 1/16-д шигшээд Тайландын тамирчинд мөн 4:6-гаар хожигдсоноор тэмцээнээ өндөрлөлөө
"Бэртэл авсан бол эмчилгээ хийлгэж, гам барих хэрэгтэй"
Сүүлийн хэдэн өдөр хүйтний эрч чангарч, хальтиргаа гулгаа үүссэнээс болж ГССҮТ-д хандах хүмүүсийн тоо эрс нэмэгдэх болсон гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Халтирч унах, эвгүй гишгэх зэргээс болж, зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан сар, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай байдаг. Тиймээс бэртэж, гэмтсэн үед юуг анхаарах, ямар хоол хүнс хэрэглэх нь эрүүл мэндэд тустай талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах тасгийн эмч Б.Батзоригоос дараах зөвлөгөөг авсан юм.  -ГССҮТ-д хандах иргэдийн тоо сүүлийн өдрүүдэд нэлээд өссөн гэж байсан. Энэ тухай товчхон мэдээлэл өгөөч?  -Манай эмнэлэгт өдөрт дунджаар 200 гаруй хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтээд ирж байна. Хүйтэн сэрүүний улиралд хүмүүсийн олонх нь хальтирч унасан гэх шалтгаантай ирдэг. Мөн орой үдшийн цагаар архидан согтуурснаас болж бусдын эрүүл мэндийг хохироосон, бие биеэ гэмтээсэн хүмүүс их ирдэг. Зарим тохиолдолд автын болон үйлдвэрлэлийн осол ирж байна. Гэхдээ ахуйн гэмтлүүд зонхилон тохиолдож байна.  Ялангуяа өндөр настан, бага насны хүүхдүүд хараа хяналтгүй гадуур явж байгаад бэртэх нь их байна. Тиймээс иргэд хальтиргаа гулгаа эхэлж буй энэ үед хянуур болгоомжтой явах хэрэгтэй юм. Хальтирч унах, эвгүй гишгэх зэргээс болж, зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан сар, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай байдаг гэдгийг санах хэрэгтэй.  -Ер нь бэртэж, гэмтсэн үед иргэд хамгийн түрүүнд юуг анхаарах хэрэгтэй вэ?  -Замын түгжрэл, нийслэл дэх автомашины тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа нь, замын хөдөлгөөний дүрэм баримталдаггүй жолооч, согтуугаар автомашин жолоодох, бүрэн бус техниктэйгээр замын хөдөлгөөнд оролцох зэрэг нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандах хүмүүсийн тоог улам нэмэгдүүлж байна. Ясны бэртэл авсан, гэмтэж бэртсэн хүмүүс эмчилгээ хийлгэхийн зэрэгцээ гам сайн барих хэрэгтэй.  Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон амбулаториор боолт хийлгэж буй өвчтөн эмчийн зөвлөгөөг дагах нь ховор байдаг. Тиймээс хальтиргаа гулгаа ихэссэн үед иргэд анхаарал болгоомжтой явах, бэртэж гэмтсэн үед эмнэлэгт яаралтай хандах нь чухал. Гэмтлийн эхэнд үе мөч хавдаж, хавагнах хүндрэл гардаг. Харин хаван бүрэн гүйцэд буусны дараа шохойн бэхэлгээг хийх ёстой. Заримдаа шохой хатахдаа загатнах, үрэх зэрэг таагүй байдал үүсдэг. Гэсэн ч энэ үед шохойг хугацаанаас нь өмнө авах, эсвэл дур мэдэн богиносгох зэргээр оролдож болохгүй. Хаван буух үед шохой өөрөө суларч эхэлдэг. Хэрэв таны гар, хөл чилж өвдөөд байвал дээш нь сойх аргыг хэрэглээд үз. Гараа хүссэн хугацаагаараа сойж болно. Харин хөлөө 20-30 см орчим өндөрт байрлуулах нь тохиромжтой байдаг.  -Хөдөөнөөс ирж байгаа хүмүүс гар, хөл хугарах үед чиг тавьж боодог. Энэ үед юуг илүү анхаарах хэрэгтэй вэ?  -Боолт тавиулсны дараа гар, хөлийн хуруугаа сайтар ажиглах хэрэгтэй. Боолтыг буруу хийсэн үед хуруунууд хавдаж, хөхрөх, чинэрч бадайрах, цайх шинж илэрдэг. Энэ үед эмчдээ яаралтай хандах хэрэгтэй. Харин оёдол тавиулсан өдөртөө шархны орчимд хуурай, мөсөн жинг 10-15 минутын хугацаатай тавихыг зөвлөж байна. Жинг тавих хугацаандаа 15-20 минутын завсарлага авч болох юм байна. Ингэснээр цусан хангамжийг алдагдалгүй болгодог.  -Ясны бэртэлтэй үед хүмүүс исгэлэн зүйл хэрэглэж болохгүй гэдэг ч үнэндээ ямар хоол, хүнс хэрэглэхээ сайн мэддэггүй. Тиймээс энэ тухай зөвлөгөө өгөөч?  -Ясны бэртэлтэй үед хор багатай хонь, үхрийн махтай хоол идэх хэрэгтэй. Энэ нь алдагдсан энерги, уургийг нөхдөг. Түүнчлэн сүү цагаан идээ, арвай будаа, шинэ хүнсний ногоо зэрэг шим тэжээлтэй хүнс хэрэглэх нь зүйтэй.  Исгэлэн тараг, айраг, архи, шар айраг болон хийжүүлсэн ундаа уухыг хориглодог. Эдгээр бүтээгдэхүүн нь шарх сэдрээх, эдгэрэлтийн явцыг удаашруулдаг. Буруу бэлдсэн ангийн мах ч бас хор болох нь бий. Мөчдийн тогтворгүй хугаралттай өвчтөн аль болох чөлөөтэй, чийг даадаггүй, агаар сайн нэвтэрдэг хувцас өмсөхийг зөвлөж байна.
Нью-Йорк хотын даргаар ардчилагч Билл де Бласио сонгогдлоо
Нью-Йорк хотын даргаар ардчилсан намын гишүүн Билл де Бласио сонгогдлоо Мягмар гаригт Ныо-Йорк хотын даргыг сонгох санал хураалт болж, ардчилсан намын гишүүн Билл де Бласио сонгогдсон байна. Өдгөө 52 настай Билл де Бласио 1993 оноос хойш сонгогдож байгаа анхны ардчилагч болж байна. Үүний урьд тус хотын даргаар тэрбумтан Майкл Блумберг гурван ч удаа сонгогдон ажиллаж байсан юм. Нью-Йорк хот 8.3 сая хүн амтай. Хотын шинэ дарга хүн амын амьжиргааны түвшний ялгааг бууруулж, боловсролын салбарт түлхүү анхаархаа илэрхийлжээ. Тухайлбал, тус хотод 440 мянган саятан амьдардаг бол оршин суугчдын 21 хувь ядуу зүдүү гэсэн ангилалд хамаардаг гэнэ. Нью-Йорк хот бол дэлхийн худалдаа, санхүүгийн чухал төвүүдийн нэг төдийгүй 1785 оноос 1790 он хүртэл АНУ-ын нийслэл байсан аж.
Хөрөнгийн биржээс анхан шатны мэдлэг олгоно
Монголын Хөрөнгийн биржээс зах зээлийн анхан шатны мэдлэгийг иргэдэд олгох үүднээс сургалт зохион байгуулах гэж байна. Хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох энэхүү сургалтыг сар бүр зохион байгуулдаг болоод байгаа. Энэ удаагийн сургалт энэ сарын 11-нээс эхлэх бөгөөд санхүүгийн зах зээлд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын удирдлагууд, зах зээлд туршлагатай мэргэжилтэн, их дээд сургуулийн багш нар хичээлийг заах аж.
Ж.Сүхээ Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сүхээ БНКирУ-ын Ерөнхийлөгч Алмазбек Шаршенович Атамбаевт Бишкек хотноо 10 дугаар сарын 30-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Киргиз Улс ардчилалын замаар урагшилж байгаа бөгөөд бид сонгосон  энэхүү замаасаа ухрахгүй. Энэ өдөр Монгол Улсын Элчин сайдтай хамт  Энэтхэг, Катар, Бразиль, Финлянд, Бельги, Словак, Гүрж, Европын Холбоо, Франц зэрэг 9 орны Элчин сайд нар ИЖБ-ээ мөн барьжээ.  ИЖБ-ээ барьсны дараа Ерөнхийлөгч А.Ш.Атамбаев Элчин сайд нарт хандаж хэлсэн үгэндээ: “...Киргиз Улс та нарын төлөөлж байгаа улсуудтай улс төрийн харилцаагаа идэвхжүүлэх, бүх талын уламжлалт найрсаг харилцаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, эдийн засгийн салбарт хамтарсан томоохон төсөл хэрэгжүүлэх зэргээр харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахыг хүсэж байна. Эдүгээ Киргиз Улс ардчилалын замаар урагшилж байгаа бөгөөд бид сонгосон  энэхүү замаасаа ухрахгүй. БНКирУ Монгол Улстай бүх талын хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байдаг бөгөөд Монгол Улсын эдийн засгийн хөгжил, түүний дотор уул уурхайн хөгжил, ардчилалын тогтолцоог амжилттай хөгжүүлж байгаа туршлагаас суралцахыг эрхэмлэж байна...” хэмээн онцлон тэмдэглэв.  Элчин сайд Ж.Сүхээ Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Ерөнхийлөгч А.Ш.Атамбаевт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж ярилцав. Ерөнхийлөгч А.Ш.Атамбаевт мэндчилгээ уламжилсанд Монгол Улсын Ерөнхийлөгчид талархалаа илэрхийлж, хариу мэндчилгээ дэвшүүлжээ. ИЖБ барьсантайгаа холбогдуулан Элчин сайд Ж.Сүхээ Киргизийн Гадаад хэргийн сайд Эрлан Абдулдаев,  Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэд дарга, Ерөнхийлөгчийн аппаратын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Д.Исаков, Соёл, мэдээлэл, аялал жуулчлалын сайд Султан Раев, ГХЯ-ны Ази, Африкийн газрын захирал Кулубаев Жээнбек Молдоканович, ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын Ерөнхий захирал Ирсалиев Дуйшен Исмайлович,  ГХЯ-ны Ёслолын газрын захирал Тентимишов Максат Ишенбекович, Киргизийн ХАҮТ-ын дарга Марат Шаршекеев нартай тус тус уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Галын аюулгүй байдал хангаагүй гараашийг шалгуулах боломжтой
Иргэд өөрийн харьяа дүүргийнхээ онцгой байдлын хэлтэст хандаж албан тоот эсвэл өргөдөл гаргаж болно Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотойгоор орон сууцны дооц байрлах гараашуудад галын аюулгүй байдал алдагдуулах тохиолдол ихэсдэг. Энэ сарын 15-аас эхлэн нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа дулаан гараашуудад шалгалт хийнэ. Тиймээс энэ тохиолдолд хаана хандах хэрэгтэй талаар ОБЕГ-ын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч С.Эрдэнэбаяраас тодрууллаа. -Сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотойгоор дулаан гараашуудад галын аюулгүй байддын шалгалтыг хэзээ зохион байгуулах вэ? -Нийслэлийн онцгой байдлын газраас батлагдсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, байгууллагын дулаан гараашуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх удирдамжит шалгалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Тодруулбал, ОБЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу энэ сарын 15-аас эхлэн нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа дулаан гараашуудад шалгалт хийнэ. Байршлуудын хувьд орон сууцнуудын зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж байгаа газрууд, орон сууцны гадна талд тоглоомын талбайн доор төлөвлөгдсөн гараашууд, гэр хороололд үйл ажиллагаа явуулж байгаа дулаан гараашуудад ерөнхийдөө хяналт шалгалтуудыг хийнэ. -Дулаан гараашуудад галын аюулгүй байдлын хангах стандарт нь ямар байдаг вэ. Иргэд аж ахуйн нэгжүүд ихэвчлэн ямар стандартыг зөрчөөд байдаг вэ? -Гараашид гал түймрийн автомат дохиоллын систем, гал унтраах автомат төхөөрөмж, утаа зайлуулах болон агааржуулалтын систем зайлшгүй төлөвлөгдсөн байх ёстой. Түүнчлэн Ашиглалтын явцад барилгын ажлын зургийн дагуу цахилгаан байгууламжийн дүрмийг хангахгүй цахилгааны монтаж татах, тухайн цахилгааны монтаж нь механик гэмтлээс хамгаалсан хамгаалалттай байх ёстой. Мөн байгууламжийн цахилгааны дүрмийн дагуу гараашийн гэрэлтүүлэг нь стандартын дагуу бүрхүүл хамгаалалттай байдаг. Эдгээр дүрмийг хангаагүй байдгаас болж дулаан гараашуудад гал гардаг. Ер нь тээврийн хэрэгслийг байрлуулахдаа аврах нөөц гарц хааж, автомашин байрлуулдаг, мөн зорчих хэсэг дээр эгнээ хоорондын зай хэмжээг алдагдуулж тээврийн хэрэгсэл зөрчил их байдаг. Энэ тохиолдолд ямар нэгэн гал түймэр, болзошгүй аюулт үзэгдэлтэй холбоотой осол гарсан үед нэгээс нөгөө тээврийн хэрэгсэлд дамжин тархах нөхцөл бүрдцэг. Тиймээс үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, иргэд өдөр, оройн цагаар гараашдаа тээврийн хэрэгсэл байрлуулах дүрмийн дагуу зайлшгүй байрлуулж байх хэрэгтэй. Иргэд өөрийн амьдарч байгаа орон сууцны доор байрлах гараашууд стандарт дүрэм зөрчиж байгаа болон галын аюулгүй байдал хангаагүй зэрэг асуудлыг хаана хандаж шийдвэрлүүлэх вэ? -Энэ тохиолдолд иргэд өөрийн харьяа дүүргийнхээ онцгой байдлын хэлтэст хандаж албан тоот эсвэл өргөдөл гаргаж болно. Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу тухайн барилга байгууламжид шалгалт зохион байгуулж, зөрчлийг газар дээр нь арилгаж болох асууддыг арилгаж, холбогдох хүмүүст нь болон харуул хамгаалалтын ажилтнуудад нь зааварчилгаа өгдөг. -Галын аюулгүй байддын стандарт дүрмийг зөрчсөн байгууллага болон иргэнд ямар хариуцлага тооцдог юм бэ? -Хяналт шалгалтаар галын аюулгүй байддын дүрэм зөрчсөн асуудлыг гал түйм-рийн улсын байцаагч нар Галын аюулгүй байдлыг тухай хуулийн 6.1.4, гал түймрийн хяналтын дүрмийн А.Д заалтыг үндэслэн байгууллагын үйл ажиллагаа зогсоодог. Мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.1-д заасныг дагуу байгууллага, иргэн, албан тушаалтанд арга хэмжээ тооцон ажилладаг. Тодруулбал, иргэн 1000-50 мянга, албан тушаалтан 30-60 мянга, аж ахуйн нэгж байгууллага 50-250 мянган төгрөгөөр тооцож арга хэмжээ авна. Түүнчлэн илэрсэн зөрчилийг арилгуулахаар холбогдох албан тушаалтан, иргэдэд эрх зүйн барим бичгүүдийг хүргүүлдэг. Мөн биелэлтэд нь хяналт тавьж ажилладаг байгаа.
МАХН-ын бага чуулган болно
МАХН бага чуулганаа хийх гэж байна. Чуулган энэ сарын 23, 24-нд болох бөгөөд намын өнөөгийн байдалд тулгамдаад байгаа таван асуудлыг хэлэлцэх гэнэ. Хэдийгэээр МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаад уржигдар эх орондоо ирсэн ч, намын бага хуралд оролцож чадахгүйгээ мэдэгджээ. Тиймээс чуулганыг намын дэд дарга болоод ерөнхий нарийн бичгийн дарга нар удирдах юм байна.
Засаг дарга асан Д.Чандманийг цагаатгалаа
Дундговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Чандманьд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэв.  Түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн шалгаж, мөрдөн байцаалтын явцад гэрчүүд түүнийг мөнгө завшсан байж болзошгүй гэсэн тайлбар өгсөн байдаг.  Тухайлбал, Дундговь аймгийн 70 жилийн ойн хандиваас хувьдаа хэрэглэсэн гэж иргэд АТГ-т гомдол гаргасан бөгөөд зарим гэрч түүнийг нь баталдаг. Нийслэлийн прокурорын газраас бичсэн яллах дүгнэлтэд түүнийг иргэн Дамдинбалын хандивласан мөнгийг завшсан гэж буруутгасан бөгөөд хохирогчоор нь Дундговь аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн албыг тооцсон байдаг. Д.Чандмань шүүх хуралд дөрвөн өмгөөлөгч хөлслөн оролцсон юм.  Харин Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Г.Буяннэмэх Д.Чандманийг гэм буруутай нь нотлогдохгүй байна гэж үзэн цагаатгалаа. Эл шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэж, дараагийн шатны шүүхэд хандахаар болоод байгаа гэнэ.
Нийслэлийн төсвөөр хэрэгжих ажлын саналыг түлхүү авахыг зөвлөлөө
Нийслэлийн Иргэний танхимд нийслэлээс анх удаа хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийн хүрээнд Дүүрэг хорооны ИТХ-ын төлөөлөгчидтэй нийслэлийн удирдлагууд уулзаж, үйл ажиллагааны чиглэл өгч байна.  Тус арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар оролцож байгаа юм. Э.Бат-Үүл дарга тавьсан илтгэлдээ “Төр бол иргэдэд үйлчилдэг байгууллага тиймээс иргэдийн саналыг төсөвт тусгах нь зүй ёсны хэрэг. Иргэдтэй хамгийн ойр ажилладаг иргэдийн хурлын төлөөлөгчид та бүхэн тэднийг идэвхтэй оролцоотой иргэн байхад чиглэсэн үйл ажиллагаануудыг дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна” гэдгээ илэрхийлсэн. Мөн НЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү ИТХ-ын төлөөлөгчдөд хандан улсын болон нийслэлийн төсвийн тухай хуулийн талаар мэдээлэл өгч иргэдээс нийслэлийн төсвөөр хэрэгжих ажлуудын саналыг түлхүү авахыг зөвлөлөө.
Хятадууд хүүхдээ гурван настайгаас нь дотуур байраар хүмүүжүүлдэг
Манайхны ярьдгаар 24-ийн гэгдэх ийм цэцэрлэг Шанхай, Бээжин болон Хя­тадын бусад томоохон хотод олон бий Хятадуудын хувьд гэр бүл гэдэг хамгийн чу­хал зүй­лийн нэг.  Гэвч энэ улсад хэдэн мянган эцэг эх гур­ван ой хүрсэн жаа­хан хүүхдүүдээ дотуур байр­тай сургуульд оруулдаг бай­на. Тэд яагаад үүнийг хийх болов. Энэ асуултын хариултыг олохоор “ВВС”-ийн сурвалжлагч Мэд­лен Моррис Фижи арал болон Хятадад хүрэлцэн иржээ.  Келли Зян хэмээх бяцхан охин цэцэрлэг рүүгээ гүйн ороход ээж аав хоёр нь түү­ний араас харан зогсох аж. Өдгөө дөрвөн настай тэр охин ангийнхаа хаалгаар дөнгөж цухуйснаа “Баяртай, ээж аав аа” хэмээн цангинуулав. Аав ээж нь ч га­раараа түүн рүү даллахад охин аль хэдийнэ багш, най­зуудтайгаа хөгжилтэй нь арга­гүй юм ярин зогсоно. Энд уйлаан майлаан, хагацлаа гээд удаан тэврэх зүйл огт бай­сан­гүй. Ялангуяа Келли охин эцэг эхтэйгээ удаан уул­заж чадахгүй, тэднийхээ ба­рааг дөрвөн өдрийн турш харахгүй гэж бодохоор үнэ­хээр гайхалтай. Охинтой хамт Шанхайн энэ цэцэрлэгт 3-4 насны хэ­дэн арван хүүхэд хү­мүү­жиж байна. Тэд даваа гарагийн өглөөнөөс баасан гарагийн үдэш болтол тод өнгийн бу­даг­тай энэ ангидаа тоглож, суралцаж, идэж, унтах бө­гөөд амралтын өдрүүдээрээ л гэртээ харина.  Бид түүнийг эрт тавьж явуулсан Манайхны ярьдгаар 24-ийн гэгдэх ийм цэцэрлэг Шанхай, Бээжин болон Хя­тадын бусад томоохон хотод олон бий. Албан ёсны тоо баримт байдаггүй ч энд хэдэн мянган хүүхэд хүмүүждэг гэнэ.  Хятадын уламжлалт соёлд гэр бүл бол юу юунаас ч илүү үнэ цэнтэй зүйл. Тэгсэн хэрнээ ганц хүүхдээ дотуур байранд багаас нь өгдгийн шалтгааныг Канцяо цэцэрлэгийн гүйцэтгэх за­хи­рал Сюй Зин дараах байд­­лаар тайлбарлажээ. “За­­­­рим хүмүүс хүүхдүүдээ ийм га­зар хүмүүжүүлэх нь ашиг­тай гэж боддог. Яагаад гэвэл хүүхдүүд багаасаа бие дааж сурдаг.  Түүнчлэн за­рим эцэг эх хүүхдээ хүмүү­жүүлэх цаг зав, эрч хүч бага­­тайгаас ийм цэцэрлэгт хам­­руулдаг. Үүнээс гадна уламж­лалт ёс заншлын дагуу ихэнх эмээ өвөө нар залуу гэр бүлтэй хамт амьдардаг. Гэтэл Хятадын “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогоос болж зарим гэр бүлд өвөө, эмээ, аав, ээж гэсэн дөр­вөн том хүнд нэг хүүхэд ног­дох болдог. Үүнээс болж хүүх­дийг хэт эрхлүүлчих вий гэж эцэг эхчүүд санаа зовдгоос ийм сургалтад хам­руулдаг” гэжээ. Келли охины аав Жейми Зян хөрөнгө оруулалтын зөв­лөхөөр ажилладаг бол ээж нь гэртээ байдаг аж. Тэднийх Хятадын бизнес элитүүдийн тоонд ордог болохоор хүүх­дийн цэцэрлэгт сар бүр 1000 ам.долларын төлбөр төлөх чадвартай. Тиймээс ч Жейми “Бид сайтар су­далс­ны эцэст хүүхдэд ийм цэцэрлэг ашигтай болохыг нь тогтоосон. Дотуур байр­тай цэцэрлэгийн ачаар хүүх­дүүд биеэ даахад суралцаж, амьдралаа зөв авч явж чаддаг. Манай охин Келли хувийн орон зайгаа хамгаалсан хэт идэвхтэй хүүхэд бай­сан уч­раас түүнийг юм сураа­сай гээд ийм цэцэрлэгт оруул­сан. Дараа нь өөрөөс нь энэ цэцэрлэгтээ үлдэх үү гэж асуухад “Тийм” гэж байна лээ” гэж байлаа. Түүнд охиноо санадаг уу гэ­сэн асуулт тавихад нүд нь ну­лимсаар дүүрээд ирэв. “Эхэн­дээ бид охиноо маш ихээр са­надаг байсан.  Гэвч дэлхий ер­төнц даяар­шиж буй энэ үед тэр бид­нийг эрт орой хэзээ нэ­гэн цагт орхиж л таарна. Бид түүнийг хэнээс ч үл ха­маарах бие даасан нэгэн болж, нийгэмтэй хөл ний­лүүлж сураасай гэсэндээ эрт тавьж явуулсан. Гэхдээ бид охин­тойгоо өнгөрүүлэх мөч бүрийг маш ихээр үнэлдэг” гэв. Дотуур байранд оруулдаг моод дэлгэрчээ Дотуур байртай хүүхдийн цэцэрлэг Хятадад 1949 онд анх үүсчээ. Анхандаа энд иргэний дайны дараа өн­чирч хоцорсон хүүхдүүд, түүнч­­лэн хүүхдүүдээ хүмүү­жүүлэх цаг зав хомс намын дээд албан тушаалтнуудын үр сад хамрагддаг байсан аж.  Харин өнөө үед цэцэр­лэгийн үүдэнд тавьсан авто машинуудыг харахад л энд ямар айлын хүүхдүүд су­ралцдаг нь харагдана. 1990-ээд онд ийм цэцэрлэг ид хүчээ авч байсан бол өд­гөө бага зэрэг уналтын бай­­­далд оржээ. Төрийн хэвш­­­лийн болон хувийн ийм цэцэрлэгүүдийн за­рим нь үүдээ барьж, нөгөө хэ­сэг нь энгийн дэглэм­тэй сур­гуулийн өмнөх боловс­ролын байгууллага болох жишээтэй.  Тухайлбал Кан­цяо цэцэр­лэг өмнө нь тэр чигтээ дотуур байр байсан бол одоо гурван ангийн 23 хүүхэд нь л бүтэн долоо хоногийн турш энд амьдарч байна. Тус цэцэрлэгийн за­хирал ч “Хятадын эцэг эх­чүүд бяцхан хүүхдэдээ цаг зав гаргах ёстой гэдгийг ойлгож эхэлж байна. Бид ч бас эцэг эхийн цаг зав, бо­ломжид тулгуурлан аль болох өдрийн ангид хүүх­дүүдээ авахыг боддог” гэжээ.  Сэтгэл судлаач Хань Мэй Линий хувьд дотуур байрыг эрс эсэргүүцэгч нэгэн юм. Тэр­бээр насанд хүрэгсэд, өсвөр үеийнхэнтэй олон жил ажилласны үр дүнд гэр бүлээсээ хол байх нь хүүх­­­­дүүдийн сэтгэл зүйд хор­­­той гэдгийг мэджээ. Сэт­­­­гэл судлаач Хань “Хүүх­дүүд өөрсдийгөө хаягдсан, хэнд ч хэрэггүй болсон гэж боддог. Тэд амьдралын байр сууриа олж чадахгүй, төрсөн гэртээ ч биеэ яаж авч явахаа мэдэхгүй болчихдог. Хэнээс ч хараат бус болно гэдэг зөвхөн эцэг эхчүүдийн л бодол” хэмээн ярьж байна.  Хятадад сүүлийн үед хүүх­дийнхээ амжилтаас гэр бү­лийнх нь нэр хүнд шалт­гаалдаг болжээ. Тиймээс ч эцэг эхчүүд хүүхдүүдээ эрт бие дааж сургавал цаа­шид сайн сургуульд орж, ам­жилтад хүрнэ гэж үздэг аж. Унтахынхаа өмнө үргэлж уйлдаг Дотуур байртай цэцэр­лэгт хүмүүжүүлэгч хийж байсан хүмүүст ч энэ бай­дал таалагддаггүй аж. Хүүх­­­­дүүдийг ээж аав нь байх­­­­гүй амьдралд дасгана гэ­­дэг амаргүй. Өдөр нь тэд ямар нэгэн юм хийгээд зав­гүй байдаг бол орой бол­могц нэг ангийн тал нь уйлал­дах аж. Цэцэрлэгийн зохион байгуулагч Хуан Ин “Өнөөдөр хүүхдүүд маш их уйлж байна. Яагаад гэвэл хичээлийн шинэ жил дөнгөж эхэлсэн. Энэ хүүхдүүд ч өмнө нь ийм цэцэрлэгт явж үзсэн биш. Гэхдээ хоёр сарын да­раа­гаас л унтахынхаа өмнө уйлахаа больчихдог юм. Хүүх­дүүдэд гэр бүлийнх нь зураг бий. Тийм болохоор ээж аавтайгаа уулзахыг хүс­­вэл зурагтайгаа ярьж бол­но” гэж байлаа.  Мо Ли хэмээх 17 нас­тай оюутан охин гур­ван нас­тай­гаасаа л ийм цэцэр­лэгээр хү­­мүүжжээ. Анхандаа түүнд дотуур байрандаа дасахад хэцүү байсан ч сүүлдээ дасч, таалагддаг бол­сон гэнэ. Тэр­бээр “Эхлээд би гэрээ маш их санадаг бай­лаа. Харин цэцэр­лэг маань биднийг маш сайн хоол­лодог, нөхцөл бай­дал нь ч тааламжтай бай­сан. Олон ч мод буттай. Одоо на­майг үеийнхэнтэй минь харьцуулбал би илүү нээлт­тэй, хариуцлагатай болж чад­жээ. Бас эцэг эхтэйгээ ч сайн харилцаатай байдаг” гэжээ.
Венесуэль улс Уго Чавесыг хайрлах, түүнд үнэнч байх өдөртэй боллоо
Дээд ерөнхий командлагч Уго Чавес болон эх орондоо үнэнч, хайртайгаа илэрхийлэх өдрийг тэм­дэглэнэ Арванхоёрдугаар сарын 8-нд Венесуэль улс Уго Чавесыг хайр­лах, түүнд үнэнч байх өдрийг тэм­дэглэнэ. Энэхүү зарлигт өнөө­гийн Ерөнхийлөгч Николас Мадуро га­рын үсэг зуржээ. Уг шинэ баярын албан ёсны нэр нь “Дээд ерөнхий командлагч Уго Чавес болон эх орондоо үнэнч, хайртайгаа илэрхийлэх өдөр” юм байна.  Венесуэлийн Засгийн газрын албан ёсны хэвлэл “Gaceta Oficial”-д бичсэнээр Уго Чавес 20 жилийн өмнө капитализмын харанхуй ма­нанд төөрөлдөөд байсан Венесуэль улсыг өөрчлөн шинэчилж чадсан нэгэн гэнэ.  Тиймээс арванхоёрдугаар сарын 8-нд улс орон даяар Чавесын үйл хэргийг хүндэтгэх дурсгалын үйл ажиллагаа зохион байгуулахаар болжээ.  Уго Чавес хорт хавдартай удаан хугацааны турш тэмцсэний эцэст гуравдугаар сарын 5-нд 58 насандаа таалал төгссөн юм. Тэрээр 1998 оноос Венесуэлийг удирдсан аж.
Хамгийн сайн такситай нь Лондон хот
Дэлхийн хамгийн сайн такситай хотоор Лондон зургаа дахь жилдээ шалгарчээ “Hotels.com” порталаас жил бүр явуулдаг таксины судалгаагаар дэлхийн хамгийн сайн такситай хотоор Лондон зургаа дахь жилдээ шалгарчээ. Лондоны такси нийт санал асуул­гын 22 хувийг авсан бол Нью-Йоркийн такси 10, Токиогийн такси есөн хувийн санал­тай­гаар удаах байруудад орсон байна.  Лондоны такси цэвэр цэмцгэр байдал, жо­­лооч нарын газар нутгаа сайн мэддэг, жо­лоодох ур чадвар сайн зэргээрээ бусдаасаа тү­рүүлсэн аж. Үүнээс гадна Лондоны такси­ны жолооч нар хамгийн найрсгаар шал­гарсан бө­гөөд хотын зам нь аюулгүйн ажил­ла­гаа­гаараа дээд зэрэг гэсэн үнэлгээг хүртжээ. Ингээд шил­дэг тавыг хүргэж байна.  Лондон-22 хувь Нью-Йорк-10 хувь Токио-9 хувь Берлин-5 хувь Амстердам-4 хувь
"Гэрлэх ёслолын ордны газрын зарим хэсгийг түр түрээсэлсэн"
Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “M-Си-Эс пропертийз Холдинг” компани Гэрлэх ёслолын ордны 3 га эзэмшил газрыг хууль бусаар авсан гэх мэдээлэл цацагдах болсон билээ. Энэ асуудлаар Гэрлэх ёслолын ордны менежер Ж.Цэцэгдариас тодрууллаа.  Ташаа мэдээлэл тархаж байгаад харамсч байна. -Гэрлэх ёслолын ордны 3 га эзэмшил газрыг хувийн компани хууль бусаар авсан мэт мэдээлэл цацагдах боллоо. Танай эзэмшлийн газар бусдын өмчлөлд шилжсэн зүйл бий юу?  -Ташаа мэдээлэл тархаж байгаад харамсч байна. Гэрлэх ёслолын ордон болон түүний эзэмшил газар нь төрийн өмчит улсын үйлдвэрийн газарт харьяалагддаг. Нэгдүгээрт, манай эзэмшил газар нь 3 га-д хүрэхгүй 1 га.  Хоёрдугаарт, Гэрлэх ёслолын ордны хэсэг газрыг барилгын ажлын түр талбайн зориулалтаар түрээслүүлэх, түрээслэх гэрээг тодорхой нөхцөлтэйгөөр Нийслэлийн өмчийн харилцааны газар, Гэрлэх ёслолын ордон болон “M-Си-Эспропертийз холдинг” компани хооронд байгуулсан. Гэрээнд зааснаар бол манай эзэмшил газрыг түрээслэгч тал барилгын материал түр хадгалах болон ажилчдын хувцас солих өрөө байрлуулах зориулалтаар ашиглах ёстой. Гэрлэх ёслолын ордон нь улсын өмчит газар болохоор хэн нэг дарга томилогдож ирээд өөрийн мэдлээр эзэмшил газраас зарж борлуулах хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй.  Өөрөөр хэлбэл манай байгууллага нь хуулийн дагуу түрээсийн гэрээгээр хэсэг газрыг тодорхой хугацаанд түрээслүүлсэн.  -Гэрээ дууссаны дараа түрээсэлсэн газраа ямар байдалтай хүлээлгэж өгөх ёстой вэ?  -Тус компанийн түрээсэлж байгаа газрыг гэрээний хугацаа дуусмагц хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй нийцүүлэн ногоон байгууламж, таримал мод, бут сөөгийг анхны байдлаар нөхөн сэргээж, тохижилтын ажлыг бүрэн хийж хүлээлгэн өгнө гэж гэрээнд заасан.
“Баастай бурхдад” сүүдэр тусвал яана!
М.Энх­болд, Ж.Мөнхбат нар Намрын турш МАН-ын­хан хоёр өндөг сахив. Хагалж, халцалж, сэв суулгаж болохгүй. Ан цав гаргаж болохгүй. Сүүдэр тусгаж бүүр ч болохгүй гэж байгаа. Элгэндээ тэвэрч, энхрийлэн хайрласаар “төрүүл­сэн” хоёр өндөг нь М.Энх­болд, Ж.Мөнхбат нар. Сүүлийн 12 жилийн турш тасралтгүй төр барьсан энэ нам дарга нары­гаа даруйхан “вакумдаад” авдаг зантай. Харин энэ удаа М.Энхболдыг дарга болохоос нь ч өмнө, шинэ ген­секийг төрөхөөс урьтан хаацайлж халхлав. Сүүдэр дайрчих вий, сүрэг адууны хөлд үрэгдэх вий хэмээн бөөцийлсөөр ямартай ч амжилттай “эх барьж” авлаа. Үнэн хэрэгтээ өмнөө барих лидергүй, ардаа хаях лойдоргүй болсон энэ намын хувьд өнөөг хүртэл нэр, нөлөөгөө хадгалсаар ирсэн М.Энхболд тулах ёстой багана нь. Тэр тусмаа хотын мээр Э.Бат-Үүлтэй зиндаархаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай ажил хэлэлцэж, МАХН-ын Н.Энхбаяртай нөхөрлөж чадах хүн М.Энхболдоос өөр үгүй гэж хэлж болно. Шинэхэн генсек Ж.Мөнхбатын хувьд яах аргагүй залуу үеийн төлөөлөл. МАН-ын талцах дуртай гурван үеийнхний уулзвар дээр зогсож чаддаг нийтэч зан түүнд бий. М.Энхболд сонгогдсоноор нэгэн үе МАН-ыг атгаж явсан хотын фракц дахин энэ намын хойморт заларлаа. Гэхдээ сөрөг хүчний байр суурин дээр баттай залах үүрэг хүлээв. Саяхан Монголд айлчилсан Германы улс төр судлаачид “Эрх барьж байсан нам сөрөг хүчин болж төлөвшихийн тулд олон жилийг алддаг. МАН илүү хурдан сөрөг хүчний байр сууринд шилжиж чадлаа” гэсэн дүгнэлт хийгээд буцсан. Гэтэл монголчууд МАН-аас үүнээс ч ихийг хүсч буй юм.  Даруй 30 хувиар ханш нь сулраад байгаа төгрөгийн худалдан авах чадвар улам бүр унаж байна. Гэхдээ үүнээс сайн мэдээ байгаа нь бүтээн байгуулалт МАН-ын эрх барьсан он жилүүдийг хол хаях хэмжээнд өрнөж буй. Энэ утгаараа М.Энхболдын Ерөнхий сайд байхдаа хийж чадаагүй ажлыг АН эдүгээ амжуулж байна. Энэ нь М.Энхболд аль ч утгаараа хүчтэй өрсөлдөгчтэй учирсныг илэрхийлж буй юм. Эрх барьж байхдаа хийгээгүй ажлаа сөрөг хүчин болчихоод нугална гэж үү гэсэн эргэлзээ М.Энхболдын суудлыг тойрон өрнөх болсны шалтгаан энэ. Нөгөө талаар энэ мэтийн гадаад тэмцлээс илүүтэй шилжилтийн үеийн МАН-ын дотоод зовлонтой нүүр тулах үүрэг түүнд оногдов. Эрх баригч, төржсөн намаас сөрөг хүчин болох явцад зайлшгүй гарах ёстой хямрал МАН-ыг ч бас тойрсонгүй. МАН-ын олон арван гишүүн хашиж явсан хааны албаныхаа үнэ цэнийг АТГ-аар шалгуулж, эдийн засгийн цагдаад дуудагдаж, тойрон хүрээлж, томруулан тордож асан бизнесийн компаниудын дийлэнх нь хүч алдаад байгааг энд дурдах гэсэн юм. Өөрөөр хэлбэл, МАН хамгийн хүнд үедээ санхүү болон улс төрийн нөөц бололцооныхоо хувьд хамгийн хүчтэй фракцад жолоогоо шилжүүллээ. Ердөө жил гаруйхны өмнө төрөөс төрсөн тэрбумтнууд хэмээх хэллэгийг энэ намд хаягладаг байсан. Гэвч 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн шалтгааныхаа эхэнд МАН-ын зарим нөхөд санхүүгийн байдлаа тоочих болсон. Тодруулбал МАН богино хугацаанд хүч алдсаны учрыг мөнгө санхүүгийн хүнд байдлаар тайлбарлахад гэмгүй гэсэн үг. Үүнийг баталж МАН бага хурлын гишүүнчлэлийн татвараа хоёр сая болгож өсгөлөө. Гэсэн хэдий ч дорвитой улс төр хийж, жинтэй дуугарахад энэ хэрийн санхүүжилт өнөө цагт хангалтгүй. Тэгэхээр хотын фракц МАН-ыг сөрөг хүчин болгон “мэс засалд” оруулахын тулд, 2016 оны сонгуулийг оролцуулаад хэдий хэмжээний санхүүжилт хийх шаардлагатайг бодолцож байж М.Энхболдод жолоо сунгах боломж олгосон нь эргэлзээгүй. МАН ийнхүү шинэ хэтэвчтэй, шинэ жолоодлоготой болсон явдал АН-д бага ч болов чичиргээ өгсөн гэдгийг хэлэх хэрэгтэй. Ялангуяа хэдхэн сарын өмнө эрх чөлөөтэй болсон Н.Энхбаяр Солонгосын Буддын шашны хийдэд морилж, шинэ дүр төрхтэйгээр олны анхаарлыг татаж буй үед М.Энхболд МАН-ын дарга болсон явдал АН-ын аазгайг хөдөлгөлөө. Ерөнхийлөгч асан Н.Энх­баярын дотнын хүн хэмээн М.Энхболдыг үздэг байсан цаг саяхан. Хэдийгээр Д.Тэрбишдагва, Н.Удвал, О.Чулуунбат нарын адил даргыгаа өмгөөлж ил тод гүйгээгүй ч Н.Энхбаяртай эр хүний жудаг зааж, дотно харилцаатай байдаг гэсэн үг бий. Нөгөө талаар хотын фракцыг Н.Энхбаярынх хэмээн овоглодог асан үе мартагдах болоогүй байна. Тиймээс ч М.Энхболд МАН-ын дарга болсноор МАХН-тай эргэн нэгдэх асуудал дахин сөхөгдөнө гэж үзэх хүн олон байгаа юм. Нэгдэхгүй юм гэхэд хавсарсан тоглолт хийх боломжтой гэж таамаглах шалтгаан байгааг үгүйсгэхгүй. Ядаж байхад МАН-ын хөдөө орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяа эл албанд сонгогдмогцоо “Энхбаяр даргатайгаа хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээн андуу үг алдан олныг сэрхийлгэснийг яана. Гэхдээ үүний нөгөө талд Энхбаяризмын сүүдрээс хол төлөвшсөн залуус М.Энхболдын багт олноор багтсаныг хэлэх хэрэгтэй. О.Содбилэг, Н.Гантулга нараас эхлээд өгүүлж болох юм. Юутай ч МАН өөрчлөн шинэчлэгдэх эхний алхмаа хийлээ. Бүтэц зохион байгуулалт, удирдлагын багаа бүрэн өөрчиллөө. Тэдний энэ өөрчлөлт Монголын улс төрийг нэг хэсэгтээ “бодлогошруулж” чадлаа. Хардлага, хатгаас ч олныг дагуулав. Үүний нөгөө талд МАН-ын нөлөө бүхий бүлэг болох хотын фракц өөрөө шинэчлэгдэж чадсан уу гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна. Өнөөх л Т.Бадамжунай, Ц.Батбаяр нараас эхлээд дэндүү хуучинсаг үнэр ханх тавьж буйг хэлэхэд буруудахгүй. Бас нэг муухай үнэр хамар загатнуулж байна. Энэ нь үе үеийн дарга нарыгаа “вакумдаж”, эрх мэдэл, нэр хүндийн өрөөнд цоожилж орхиод хоригдол мэт болгодог МАН-ын зуршил. “Вакумдуулсан” дарга хэрхэн шинэчлэл хийж, хэрхэн сөрөг хүчний үүрэг хариуцлагаа зохих төвшинд ухаарах билээ? Эдүгээ М.Энхболдыг гоочилж болохгүй, Ж.Мөнхбатыг гуядаж болохгүй гэлцэнэ. Сүүдэр тусвал яана! Чухам үүнд л МАН-ын хүнд суртал, үзэл бодлын “хайрцаг”-ны алдаа бий. Шинэ цагийн залуус нь хүртэл шилээ шөргөөдөг, шиншилж харддаг. Шинэчлэл өрцөн чанад бус, өнгөн талдаа өрнөж байгаагийн илрэл нь МАН-ын гишүүдийн угсаа залгасан энэ мэтийн хуучинсаг араншин юм. Сүүдэр туссан өндөг тэртэй тэргүй МАН-д олон бий. Баастай бурхан мэт гүнгэрваанд тахьдаг дарга нарт нь ч сүүдэр бий. Өдгөө тэд М.Энхболдыг намын дарга бус Ерөнхий сайд болсон мэт, Ж.Мөнхбатыг УИХ дахь бүлгийн дарга болсон мэт өргөмжилж байна. Сүүдэрт өдөлсөн АН сөрөг хүчин байхдаа ийм “өвчтэй” байгаагүйг санахад илүүдэхгүй.
Монголын санаачлага, оролцоог өндрөөр үнэлэв
“Технологийн тусламжтайгаар бичиг үсгийн боловсролыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хуралдаан Парис хотноо үргэлжилж буй ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганы хүрээнд “Технологийн тусламжтайгаар бичиг үсгийн боловсролыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хуралдаан боллоо. Уг арга хэмжээг ЮНЕСКО, Майкрософт-Нокиа корпорациуд хамтран зохион байгуулж, дэлхий дахинд боловсролыг дэмжин хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулж буй улс орны төлөөлөгчдийн тэргүүн нар, хувийн хэвшлийн удирдлагыг урьсны дотор Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга Л.Болд уригдан оролцов.  Хуралдааны үндсэн илтгэгчид болон үг хэлж, санал бодлоо хуваалцсан бусад оролцогчид даян дэлхийн бичиг үсгийн боловсролыг сайжруулахад Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг санал нэгтэйгээр өндрөөр үнэлэн сайшаалаа. Ялангуяа ЮНЕСКО-гийн Суурь боловсрол ба ур чадварын хөгжлийн хэлтсийн дарга Мманцеца Маропе, Майкрософт корпорацийн Дэлхий дахины боловсролын стратегийн захирал Стивен Дуган, Олон Улсын Бичиг Үсгийн Хүрээлэнгийн захирал Даниел Вагнер, ЮНЕСКО-гийн Насан туршин боловсролын хүрээлэнгийн захирал Арне Карлсон нарын албан тушаалтнууд сайд Л.Болдтой тусгайлан уулзаж Монгол улсад баяр хүргэж байв.   Сайд Л.Болд чуулганы үеэр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын Харилцаа мэдээллийн асуудал хариуцсан орлогч Я.Карклинстай уулзлаа Манай төлөөлөгчдийн тэргүүн Л.Болд хэлэлцүүлгийн үеэр үг хэлэхдээ Монгол Улсын НҮБ-ын хүрээнд санаачлан авч явдаг чиглэлүүдийн дотор бичиг үсгийн боловсролын асуудал чухал байр суурь эзэлдэг бөгөөд саяхан 10 дугаар сарын 31-нд НҮБ-ын 68 дугаар чуулганаар “Бичиг үсгийн боловсрол”-ын тухай тогтоол батлуулсныг мэдээлж энэхүү чухал асуудлыг НҮБ-ын 2015 оноос хойших хөгжлийн зорилтуудад тусгах, ингэхдээ ЮНЕСКО-гоос дэвшүүлж байгаа олон талын оролцогчдоос бүрдсэн түншлэл байгуулж ажиллах санаачилгыг тууштай дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн өдөр Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн болон “77-ийн бүлэг”-ийн төлөөлөгчдийн тэргүүн нарын бага хурал болж, Хамтарсан мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд манай төлөөлөгчдийн санаачилгаар ардчиллын боловсролд анхаарахын чухлыг ЮНЕСКО-д уриалсан заалт тусгагдсан.  Сайд Л.Болд чуулганы үеэр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын Харилцаа мэдээллийн асуудал хариуцсан орлогч Я.Карклинстай уулзаж хоёр талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцлаа. Тухайлбал Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлах, англи хэл дээрх 24 цагийн телевизийн суваг ажиллуулах нь чухал бөгөөд уг ажлыг ЮНЕСКО-гийн зүгээс дэмжих тухайд санал нэгдэв.  Парис хотын Азийн урлагийн музейн үйл ажиллагаатай танилцав Энэ өдөр сайд Л.Болд Швед, Норвегийн төлөөлөгчдийн тэргүүн-сайд нартай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны талаар ажил хэрэгч яриа өрнүүллээ. Мөн тэрээр Парис хотын Азийн урлагийн музейн үйл ажиллагаатай танилцаж цаашид Монголын холбогдолтой үзмэрүүдээр бие даасан хэсэг бий болгох, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах талаар санал солилцлоо.
КИГ компанийг шалгуулахаар болжээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсээс нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт “Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах КИГ ХХКомпани нь Түргэн үйлчилгээний цэг шинэчлэх “Киоск” төслийг боловсруулан Нийслэлийн Засаг даргад өргөн барьсан байна. Хүсэлтийн дагуу холбогдох байгууллагууд болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус “ТҮЦ”-тэй газар дээр нь танилцсан. Уг төслийн ТҮЦ нь Мэргэжлийн хяналтын газраас стандартын шаардлага хангахгүй дүгнэлт гарч, байршуулах боломжгүй гэсэн хариуг өгсөн.  Гэвч КИГ компани нь Засаг даргын нэрийг барьж олон газартай хууль бус гэрээ байгуулан төлбөр авч иргэдийг хохироосон байна. Иймд КИГ ХХКомпанид хариуцлага тооцон хуулийн хүрээнд яаралтай арга хэмжээ авч мэдэгдэнэ үү” гэжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн дээрх албан бичгийн дагуу нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс “КИГ ХХКомпанитай холбогдох хэргийн талаар хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэж өгөх”-ийг хүсч, 7/3703 тоот албан бичгийг Нийслэлийн цагдаагийн газарт хүргүүлээд байна. Уг компани нь зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан “Явуулын ТҮЦ-ийг Нийслэлийн Засаг дарга дэмжиж байгаагаас гадна газрын асуудлыг давхар шийдвэрлэнэ” гэх зэргээр олон нийтэд ташаа мэдээлэл түгээж байгаа юм. Тиймээс иргэдийг дахин хохироож, төөрөгдөлд оруулахгүйн тулд тус компанитай холбоотой асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандлаа.
Хорт хавдрыг 50 төгрөгөөр “худалддаг”
Мөнгөө хэмнэн авч байгаа хуучин дугуй нь эцсийн дүндээ харин ч илүү зардалтай гэдгийг тэр бүр ойлгодоггүй Солонгос, Японд эдэлгээ нь дуусаад хэрэглэхийг хориглочихсон хуучин дугуй өнөөдөр манай жолооч нарын үндсэн хэрэглээ болчихсон. Шинэ дугуйнаас илүү хэмжээгээр импортоор орж ирдэг хуучин дугуй нь үнийн хувьд арай хямд байдаг нь үүний гол шалтгаан. Гэвч мөнгөө хэмнэн авч байгаа хуучин дугуй нь эцсийн дүндээ харин ч илүү зардалтай гэдгийг тэр бүр ойлгодоггүй. Түүнчлэн бидний эрүүл мэндэд далдуур хэрхэн заналхийлж байгааг ухаарахгүй л байна. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Хуучин дугуйны импортыг хориглоё” сэдвийг эхлүүллээ. Автомашины хуучин дугуйнаас болж хэдэн хүн зам тээврийн осолд өртөж байна, хаягдлыг нь түлж дулаацдаг нийслэлийнхний ирээдүй ямар байна, шинэ дугуй яагаад үнэтэй байдаг, хямдруулах боломж бий эсэх, гадаадад ашиглахаа болиод хаячихсан дугуйг импортлон хэрэглэх шаардлага бий юу гэхчлэн энэ сэдэвтэй холбоотой бүхий л мэдээллийг нийтлэл, ярилцлага, сурвалжлагаар үргэлжлүүлэн хүргэсээр байх болно. Та бүхэнд энэ сэдвээр санал, санаачлага, баримт байвал бид бүхэнтэй хуваалцаарай. Эдэлгээ уртасвал хаягдал багасна Хуучин дугуй импортолж, бизнес эрхэлдэг аж ахуй нэгжүүд энэ сэдэвт эгдүүцэж мэдэх л юм. Гэвч бодит байдал дээр манай улсын дугуйны хэрэглээ хэрээс хэтэрч, тэр хэрээр хаягдал дугуй олноороо гарсаар байна. Өвөл боллоо. Айлууд түлээ, нүүрсээ бэлтгэхтэй зэрэгцэн жолооч нар дугуйгаа шинэчилдэг. Нийслэлд байгаа 300 орчим мянган машины өвлийн дугуйг хангах ашигтай бизнесийн цаг нь ч эхэллээ. Тэгвэл хэрэглээнээс мянга мянгаараа гарч байгаа хаягдал дугуйнууд эргээд бидний уушгинд орж, аюулт өвчний эх үүсвэр болж байгааг анзаарахгүй байгаа юм. Агаарын бохирдлыг нийслэлийнхэн ерөнхийд нь утаа гэж ойлгож байна. Тэгвэл тэр утааны хэдэн хувийг онц аюултай хортой бодис эзэлж байгааг тооцоолсон судалгаа одоогоор алга. Түлээ, нүүрс авч дийлэхгүй гэр хорооллынхон хаягдал дугуйг дангаар нь, эсвэл багахан нүүрстэй хольж өвлийг аргацаадаг тухай бид мэднэ. Харамсалтай нь мэддэг хэрнээ дуугардаггүй. Тэгвэл нийслэлийг хүрээлэн амьдарч байгаа эдгээр айлуудын яндангаас гарсан хорт утаа биднийг хэрхэн хордуулсныг хэдэн жилийн дараа биеэрээ мэдэрч магадгүй л юм. Тиймээс үр хүүхдээ, өөрсдийгөө хордуулахаас урьдчилан сэргийлэхийн тулд хуучин дугуйны импортыг зогсоож, агаарын бохирдолд хувь нэмрээ оруулж байгаа хаягдал дугуй түлэгсдэд арга хэмжээ авч, холбогдох хууль, дүрэм журмыг батлах цаг нь нэн тулгамдсан асуудал болжээ. “Хуучин дугуйны импорт агаарын бохирдолд ямар хамаатай юм, шинэ дугуй ч гэсэн хагарахаараа хэнд ч хэрэггүй хог болдог шүү дээ”. Ингэж сөргөх хүн бий л байх. Тэгвэл бид шинэ дугуйны импортыг дэмжиж, үнийг уян хатан болгосноороо хэдхэн сар машинд эргэлдээд хэн нэгний зууханд шатаж байгаа олон мянган хар резиний тоог бууруулах боломжтой юм. Эдэлгээ уртсахаар хаягдлын тоо багасах энгийн логик энд үйлчилнэ. Тиймээс сэдвийн гол өнцөг болох хаягдал дугуйны асуудлаар эхний сурвалжлагыг бэлтгэлээ. Дугуйг шатаахад хорт хавдар үүсгэх бодис ялгардаг Дугуй буюу хатуу хар резин нь маш олон тооны хүнд бодисыг агуулдаг. Түүнийг шатаахад хүний биед маш хортой бензо-а-прин хэмээх бодис ялгардаг байна. Энэ нь олон цагирагт үнэрт нүүрсустөрөгч буюу хүний генийг гэмтээж, хорт хавдар үүсгэдэг өндөр идэвхтэй хатуу талст бодис ажээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн агаарын бохирдлын хэчнээн хувийг энэ бодис эзэлж, хэдэн хүнийг хорт хавдраар өвчлүүлж байгаа бол гэхээс дотор харлам. Харамсалтай нь энэ талаарх судалгаа, тоо баримт одоогоор байхгүй бөгөөд үхэл таригч бензо-а-принийг шинжлэх лаборатори манайд байдаггүй юм гэнэ лээ. Хүний эрүүл мэндэд хаягдал дугуй нь ямар хор учруулж буйг шинжлэх ухааны баримттай нь дараа дараагийн нийтлэлдээ хүргэх болно. Гэр хорооллын айлуудаас гадна түц, амбаар зэрэг бага хэмжээтэй байр ашиглан төрөл бүрийн бизнес эрхлэгчид өвлийн дугуй шатаан өвөлждөг нь нууц биш. Хамгийн аймшигтай нь алхам бүрт тааралдах дугуй засварын газрууд хаягдлаа түлж дулаацдаг юм. Нийслэлд дугуй засварын 450 орчим газар байдаг ба тэдгээрээс өвлийн улиралд ямар хэмжээний хор ялгарч байгааг тооцоолж болно.  Тэд өөрсдөө хор үйлдвэрлээд зогсохгүй хаягдал дугуйгаа иргэдэд үнэгүй шахам нийлүүлж байгаа нь хор агуулсан хар резин зууханд ороход нөлөөлж байгаа юм. Тиймээс хаягдал дугуйны асуудлыг цэгцлэхийн тулд дугуй засварын газруудаас хяналтыг эхэлвэл үр дүнд хүрэх боломжтой. Гэвч бидэнд эхлээд хууль, журам нь хэрэгтэй. Сайд, дарга нар ирэх онд хэдэн төгрөг зарцуулах тухай урьдчилсан тооцоо rapчээ Хаягдал дугуйны үнэ 50-500 төгрөг Гал түлж дулаацаад байгаа дугуйны үнэ болон олдоц нь хэр байдаг талаар сурвалжиллаа. Баянбүрдийн тойргоос эхлээд Цайз зах хүртэл зам дагасан дугуй засварын газар бүрт хаягдал дугуйг зарж байлаа. Ер нь гол борлуулагч нь дугуй засварын газрууд гэсэн. Тэгэхээр нийслэлийн өнцөг булан бүрт байгаа засварын газруудаас хаягдал дугуйг төвөггүй олж болохоор юм билээ. Эхний газраас олноор нь зарах дугуй байгаа эсэхийг сураглалаа. Засварчин залуу юу хийх гэж байгааг сонирхож байна. Газар хашаалахад зориулж хөдөө явуулах гэж байгаа гэж хэлэв. Тэднийд байгаа хаягдал дугуй нь 25 орчим гэнэ. Нэг ширхэгийг нь 350 төгрөгөөр зарна гэв. Эргэлзэж зогссон надад тэрээр шууд л 200 болгож үнийг нь бууруулсан юм. Ингээд машинаа аваад ирье гэсэн шалтгаанаар тэндээс холдов. Дараагийн засварын газар гаднаа нэлээд өндөр болтол нь дугуйг овоолжээ. Мотоциклийнхоос эхлээд том машины аварга дугуй ч байлаа. Салбарч, урагдсан, жижиг дугуйн үнэ 50 төгрөг гэнэ. Харин бүтнээр нь ашиглачихаж болохоор нь 500 төгрөгийн үнэтэй юм байна. Гадаа хүйтрээд үнэ нь нэмэгдсэн гэдгийг ч дуулгалаа. Уг нь 150-250 төгрөгөөр л зарагддаг юм байна. Мөн л надаас яах гэж байгааг асууж байна. Худаг ухах шаардлага гарсан тул газар гэсгээх гэж байгаа юм гэж хариуллаа. Тэгтэл 50 төгрөгийн үнэтэй жижгүүд болон урагдсан дугуйнуудыг бөөнд нь авчихгүй юу гэж байна. “Тэртэй тэргүй түлэхээс хойш заавал бүтэн байх шаардлагагүй шүү дээ. Наадах чинь нэг нь овоо удаан шатна” гэж засварчин хэлэв. Ингээд “хорт хавдар” гэгч хүн төрөлхтнийг айдаст автуулсан аймшигт өвчнийг ердөө л 50-хан төгрөгөөр худалдан авч болохоо мэдэв. Ядарсан иргэд ч энэ 50 төгрөгийн дугуйнаас ихэвчлэн авдаг гэнэ. Заримдаа портер хөлөглөсөн хүмүүс ирээд дугуйнуудыг бөөнд нь авчихаад явдаг гэлээ. “Танайх энэ дугуйгаа жижиглэж, хэрчээд өгөхгүй биз. Гал түлэхэд тэр нь амар байх” гэтэл “Манайд тийм үйлчилгээ байхгүй. Уг нь жижиглээд түлш болгож өгдөг газар байдаг л юм гэнэ лээ. Би сайн мэдэхгүй” гэж тэр ах хариулсан. Ингээд тааралдсан дугуй засварын газруудаас хэрэндээ л асууж шалгаалаа. Бүгд л хаягдал дугуйгаа зардаг болж таарлаа. Гэхдээ дээр хэлсэнчлэн хямдхан. Өөрөөр хэлбэл, 100 төгрөгөөр хоёр дугуй авчихад жижигхэн гэрийг өдөртөө дулаахан байлгачихдаг бололтой. Ингээд бодохоор ганц удаа хийх атга нүүрсээ 3000 төгрөгөөр авах уу, эсвэл 100 төгрөгөөр хоёр дугуй аваад өдөржин дулаан байх уу гэдэг асуултын хариулт тун тодорхой юм. Хоолны мөнгөгүй ядуу иргэд хөлдөж үхэх үү, хордож үхэх үү гэсэн хоёрхон сонголттой амьдардаг нь энэ. Гэвч зөвхөн тэр хүмүүс л хордоод байгаа хэрэг биш билээ. Хаягдал дугуй шатааж дулаацаж байгаа мянга мянган айлын яндангаас гарч байгаа хорт агаараар та ч, би ч амьсгалж байгаа юм. 25 дугуйгаа ширхэгийг нь 200 төгрөгөөр надад зарах гэсэн залуу ердөө л 5000 төгрөгийн наймаа хийнэ гэсэн үг. Тэр залууд 5000 төгрөг нь ганц удаагийн хоолны мөнгө. Харин 25 ширхэг хаягдал дугуй нь хэдэн хүнийг өвчлүүлж, хэдэн амьдралыг бөхөөхийг таахын аргагүй. Засварчин залуу 25 дугуйгаа хогийн цэгт зүгээр аваачаад хаячихсан ч тэр дугуйнууд түлш болох нь гарцаагүй. Эс бөгөөд 150 жилийн туршид байгальд шингэдэггүй аюултай хаягдал хэвээр л үлдэнэ. Тэгэхээр бид зөв гарцыг асуудлын бүр эхнээс нь эхэлж хайх ёстой юм. Хаягдал дугуйг бусдад зарж байгааг нь ч тэр, зуухандаа хийгээд шатааж байгааг нь ч тэр хянадаг тогтолцоог бий болгохоос гадна өдөрт хэдэн мянгаараа жагсаалтаас гарч байгаа хар резиний тоог цөөрүүлж, импортыг чангатгах нь гарц юм. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ асуудлыг дэвшүүлж, үргэлжлүүлэн нийтлэх болно.
300 ортой шинэ төрөхийн барилгын асуудал шийдэгдэх нь
Ардчилсан намын “Сэтгүүлчидтэй уулзах цаг 4-11” уулзалт Хан-Уул дүүргийн Яармаг дахь  300 ортой шинэ төрөхийн барилгын хажууд болж байна. Энэ шинэ төрөхийн барилгын ажил хөрөнгө мөнгөний асуудлаас болоод удаашралтай байгаа. Харин 2014 оны төсөвт хөрөнгө оруулахаар 29 барилгын жагсаалт гарсан байна.  Жагсаалтад 300 ортой шинэ төрөхийн барилга оржээ.  Уулзалтад дэд сайд Г.Байгалмаа, Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар оролцож байна. Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригийн 11.00 цагт сэтгүүлчидтэй 4:11 уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Өнөөдрийн уулзалт  төсөв нь хэтэрсэн 300 ортой шинэ төрөхийн барилгын хажууд болж байгаагаараа онцлог. Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.
Байнгын хороогоор ирэх оны төсвийг хэлэлцэнэ
Төсвийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны А танхимд 13:00 цагт эхэлнэ. Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2014 оны төсвийн тухай Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм. Харин УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар арваад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.  Тухайлбал, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай асуудлууд байна.
Тууз хайчилсан замыг том тэрэгнүүд эвдэж эхэлжээ
Нээлтээ хийгээд 14 хонож байгаа шинэ зам эвдэрч эхэлжээ Нисэхийн товчоо, Биокомбинат, Шувуун фабрик чиглэлийн шинээр барьсан авто замын явцтай танилцахаар Нийслэлийн Засаг дарга сэтгүүлчидтэй очсон  нь саяхан. Гэтэл нээлтээ хийгээд 14  хонож байгаа шинэ зам эвдэрч эхэлжээ. Бид иргэдийн гомдлын дагуу Шувуун фабрикыг зорилоо. Ажлын өдрүүдэд гурван автобус үйлчилдэг ч амралтын өдрүүдэд ганцхан автобус иргэдийг тээвэрлэдэг. Цаг гаруй автобус хүлээсний эцэст 1500 төгрөгийн хөлстэй  жижиг машинд суулаа. Богино эргэлтээр явдаг болсноос хойш “Эрдэм транс” компани алдагдалтай ажиллаж байгаа гэнэ. Өмнө нь тоос шороон дунд 2-3 цаг явж хот ордог байсан тосгоны иргэд шинэ замын нээлтийн үеэр сүү өргөн баярлаж байсан. Энэ үеэр хотын удирдлагууд “Хүнд даацын авто машиныг тусгай замаар явуулна. Өлзийт хорооллын арын толгодын сайжруулсан зам, мөн Эмээлтийн урд талын замаар явуулахаар болсон. Суурьшлын замаар карьерын ганц ширхэг ч машин явуулахгүй” гэж  хэлсэн юм. “Тотал инж” компанийн  гүйцэтгэсэн 22.5 км авто замын суурь хучилтын ажил дуусч хүлээлгэн өгсөн ч  наадмын өмнө өнгөлгөө, гэрэл чимэглэл, бэхэлгээ засварыг хийх  гэрээтэй юм байна. Гэтэл саяхан эзэддээ очсон  зам нөхөөс тавиулж , цөмөрч, хүнд даацын авто машин өдөр шөнөгүй холхиж  байна. Нисэхээс, Био комбинат хүрэх замд хэд хэдэн газар нөхөөстэй, хагарсан бас цөмөрсөн байв. Мөн нэлээд хэдэн газар суурь хучилт хийлгүй шороогоор нь орхижээ. Нисэхээс Шувуун фабрикын эцэс хүртэл  40 минутын хугацаанд 7-8 хүнд даацын машин  зөрлөө. Буцаж явахад мөн л зөрсөөр байх юм. Замын хучилт хийгдээгүй газар өмнөх зам харагдахгүй болтол тоос бужигнуулан хуучин янзаараа.Замын хажуугийн газрыг ухаж элсийг нь барилгын компаниуд зөөдөг аж. Шувуун фабрикын замыг эвдэж сүйтгэдэг ганц зүйл нь карьерын тэрэгнүүд гэдгийг албаныхан, тосгоны иргэд ч хэлж байна. Харин тэднийг хэрхэн хянаж суурьшлын замаар явуулахгүй байх тухай нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Уг нь Нисэхийн товчоон дээр замын пост байсныг зам засварлах үеэр буулгасан аж. Зам дээр зогсч хүнд даацын тэрэгнүүдийг зохицуулах замын цагдаа харагдсангүй. Угаасаа байдаггүй гэнэ.  Шинэ замтай боллоо хэмээн баярласан  Туул тосгоны иргэд хүнд даацын машиныг энэ замаар явуулахгүй бол удахгүй хөгжил ирж нийслэлийн дагуул хот болно хэмээн ярилцаж  байлаа. Хавар болоход энэ зам ямар болохыг хэн ч мэдэхгүй. Тэр тусмаа албаныхан энэ замаар карьерын том тэрэгнүүд тоос татуулан давхих юм бол хэзээ мөдгүй эвдэрч цуурахыг мартсан бололтой. Энэхүү нөхцөл байдлын талаар нийслэлийн Авто замын газрын орлогч дарга Д.Баясгалангаас тодруулахад “Нисэхээс Шувуун фабрик хүрэх засмалын зарим газар  хучилт хийж амжаагүй. Төлөвлөгөөний дагуу дараа жилийн наймдугаар сард ашиглалтад оруулах ёстой. 22.5 км замыг засварлахад  2-3 жил зарцуулагддаг. Бид шаргуу ажилласны дүнд хурдан хугацаанд суурь хучилтыг дуусгалаа. Технологийн горим зөрчигдсөнөөс зам дээр эвдрэл, гэмтэл гарч магадгүй. Тийм бол хавар дахиад шинэчилнэ. Бид тосгоны иргэдийг тухтай байлгахын тулд замыг өвөл болохоос өмнө ашиглалтад оруулсан. Хүнд даацын машиныг сайжруулсан замаар явах ёстой ч жолоочийн ухамсар тааруу байна. Суурьшлын замаар стандартад нийцсэн хүнд даацын машин явж болно. Мөн одоо хайрга тээвэрлэлтийн үе дуусч байна. Бид хайрга үйлдвэрлэгчидтэй уулзаж карьерын машинаа технологийн замаар явуулах. Мөн хот руу даац багатай машинаар хайрга тээвэрлэхийг санал болгосон. Бүтээн байгуулалтад хайрга чулуу  зайлшгүй хэрэгтэй  байгаа. Карьеруудын эрх зүйн асуудал хүндрэлтэй байна. Одоогоор шийдэгдсэн зүйлгүй. Холбогдох газрууд асуудлыг шийдэх ёстой” гэсэн хариултыг өглөө.
Ерөнхий сайд Н.Удвал сайдтай хамт мэдээлэл хийнэ
“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт Долоо хоног бүрийн Пүрэв гарагт "Ерөнхий сайдын 30 минут" уулзалт Төрийн ордонд 12.30 цагт болдог уламжлалтай. Сэтгүүлчид энэ үеэр Ерөнхий сайдаас сонирхсон асуултдаа хариулт авдаг.  Харин өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ уулзалтад хамт оролцох юм байна.
Тажикистаны Ерөнхийлөгчийн сонгууль эхлэв
Тажикистаны Ерөнхийлөгчийн төлөө зургаан нэр дэвшигч өрсөлдөж байна Лхагва гаригийн өглөөнөөс эхлэн Тажикистаны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэв. Тус улсын 3150 гаруй сонгуулийн хэсэгт болон хилийн чанадад байгаа 61 санал авах байранд энэ улсын иргэд хэнийг Ерөнхийлөгчөөр сонгох саналаа өгөх учиртай. Тэр дундаа ОХУ-ын нугагт санал авах 20 гаруй байр ажиллаж байгаа нь тажикууд орос руу хөдөлмөр эрхлэхээр олноороо цагаачилдагтай холбоотой аж. Тус улсын Ерөнхийлөгчийн төлөө зургаан нэр дэвшигч өрсөлдөж байна. Тэдгээрийн дунд одоогийн Ерөнхийлөгч 61 настай Эмомали Рахмон байгаа бөгөөд тэрбээр дахин сонгогдвол 2020 он хүртэл энэ улсын тэргүүний суудалд тухлана гэсэн үг. Рахмоныг урьд нь гурван ч удаа дахин сонгогдсон "хугацаагүй" Ерөнхийлөгч гэж тодотгох нь бий.
Ямар ч зарлагагүй гоо сайхны арчилгаа
Эдийн засгийн хямрал хаа сайгүй гээд бүсгүй та өөрийгөө гаргуунд хаяж болохгүй шүү. Ямар ч зарлага гаргахгүй  өөрийн гоо сайхандаа анхаарах боломж байгаа гэдгийг битгий мартаарай. 1.Нүүрний улайлтыг багасгах Сүү хэрэглэ. Нүүр тань улайгаад байвал сүүнд цэвэр алчуур дүрээд нүүрэн дээрээ 10 минут байлга. Ингэснээр арьсыг тань тайвшруулж, улайлтыг багасгана. 2.Нүүрний толбо арилгах Будаг нүүрний толбыг тань далдалж чадахгүй байна уу. Тэгвэл та өө дарагч кремийг хэрэглэх хэрэггүй. Танд ердөө өө дарагч харандаа л хэрэгтэй. Кремийг нүүрэндээ бүтэн түрхэж байснаас өө дарагч харандааг зөвхөн толботой хэсэгтээ түрхвэл цэвэрхэн харагдахын сацуу, эдийн засагт ч хэмнэлттэй. Харин өө дарагч харандаа тань пудрнээс тань ялимгүй цагаан байвал зүгээр гэдгийг анхаараарай. З.Шүдээ цайруулах  Шүд цайруулах эмчилгээ багагүй мөнгө шаарддаг. Гэхдээ шүд цайруулах хямд төсөр арга байна. Энэ нь үе үе хүнсний содоор амаа зайлж байх. Хэд хэдэн удаа зайлсны дараа шүд тань цайрч байгааг мэдрэх болно. Тод өнгийн уруулын будаг хэрэглэх нь шүдийг тань өнгөлөг харагдуулах шидтэй гэдгийг та анзаарсан уу.
Н.Алтанхуяг: “Ард түмэн Та-хаан” гэдэг бол хоосон лоозон биш
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачлагаар хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ард түмэн Та-Хаан” форумын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо. Сахилга, хариуцлага сэдвийн хүрээнд өрнөх форумд төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхний төлөөлөл болсон 1000 гаруй төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд форумын нээлтэд хэлсэн үгэндээ Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд сахилга, хариуцлагын талаар чамлахааргүй ярьсан. Тодруулбал, сар бүр яам, агентлагуудтай “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” хурдыг хийж байна. Хариуцлагыг зөвхөн төр, төрийн байгууллага, албан тушаалтнууд ярихаас гадна иргэн өөрөө ярьдаг байх ёстой гэдгийг онцоллоо. Мөн иргэд төрийг зөвхөн шүүмжилэхээс гадна, өөрөө өөртөө шаардлага тавьж, зорилго тэмүүлэлтэй байх ёстой. Энэ нь төрийн байгууллага иргэдээ сонсохгүй байна гэсэн үг биш, харин иргэдээ хаан болгох гэж ажиллаж байгаа гэдгийг тодотголоо. Өнгөрсөн хугацаанд иргэдээ сонсох “11 11” төвийг байгуулж, иргэд төрдөө үгээ хэлж, шүүмжилдэг болсон. Мөн ТҮЦ машиныг нийслэлийн 17 цэгт суурилуулснаар иргэд хэн нэгэн албан тушаалтнаас хамаарахгүйгээр төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжийг олголоо. Өнөөдрийн байдлаар 40 мянга гаруй иргэд хандаж, 50 мянга орчим төрлийн үйлчилгээ аваад байна гэв. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтахуяг “Ард түмэн Та-хаан” гэдэг бол лоозон биш. Иргэдийгээ сонсч байж, тэднээс гарсан саналыг хэрэгжүүлэх нь чухал. Засгийн газрын гол зорилго бол иргэдээ сонсч, тэдний хэлж байгаа, санаачилж байгаа олон зүйлийг хэрэгжүүлэхэд оршино. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлууд дунд өнгөтэй өөдтэй ажил байгаа бол тэрийг бид биш ард түмэн хийж байгаа. Буруу бүхнийг засах дохиог ч иргэд маань өдөр болгон өгч байна.
Октябрийн баяр, аав хоёр...
Октябрийн агуу их социалист хувьсгалын баярын өдөр Өнөөдрөөс 96 жилийн өмнөх энэ өдөр Оросын үгээгүй ядуу ажилчин, тариачид Ижил мөрний татар гаралтай Ульянов Ленин гэгч халзан оросын удирдлагаар хаант оросын сүүлчийн бэхлэлт, “Өвлийн ордон”-ыг эзлэн авсныг Октябрийн агуу их социалист хувьсгалын баярын өдөр хэмээж, 70 жил парад алхан хөгжил баясалтай тэмдэглэцгээсэн билээ. Дундаж насны Монголчуудын ой санамжаас энэ өдрийг хүчээр авч хаях гэж яаж ч зүтгээд аавынхаа нуруун дээр сууж, бяцхан гартаа туг, цэцэг барин насандаа ч мартахааргүй “ура” хашхирч явснаа мартсан хүн нэгээхэн ч үгүй.  Гэхдээ яаж ч болохгүй орчлонгийн жамаар Октябрь чи өтөлж, ой санамжаас минь алгуурхнаар бүдгэрч л байна. Чиний сүр сүлд буурал өвгөний нуруу шиг бөгтийж, цардмал зам дээр ярс хийтэл алхдаг байсан хромон гуталтай эрэмгий хөл цагийн эрхээр мойнийж, тулсан таягандаа чирэгдэх шиг, сэв хийтэл хаядаг байсан туг хар үс чинь цагаан өнгөөр будагдан хэдхэн ширхэгээр унжиж, радиогийн нэвтрүүлэгч шиг чихэнд чимэгтэй бар­гил хоолой чинь сөөнгө ядруу болж, залуу сайхан цагийнхаа жавхааг дурсан харууслын өнчин нулимсаа нууцхан арчих шиг өвгөрчээ. Аугаа их баяр чи зүүд, шиг сарниж, зэрэглээ шиг сүүмийсээр, холын хол руу уусан одож байна. Одоо чамайг сэмэрсэн зургийн шаргал хуудаснаас хараад, хэн нэгэн дотны хүнээ санах мэт дурсаж суугаа өвгөд, хөгшдөөс бусад нь төдийлөн үгүйлэхгүйтэй адил чиний нэрийг телевизийн дэлгэц, киноны хальснаас ганц удаа ч хараагүй, дуулаагүй бүхэл бүтэн үе өсөн торниж байна.  Түүхийн шарласан хууд­сыг эргүүлэн эвхэж болдогсон бол, нуруу нь бөхтийж, хараа нь сүүмийсэн аавыгаа тас хийтэл инээж, нүдээрээ инээсэн залуу сайхан насанд нь буцаагаад аваачиж дөн­гөдөгсөн бол би өнөөдөр аавынхаа нуруун дээр суучихаад өвлийн тасхийм жаварт хацраа үл ялиг хайруулсан ч “Октябрийн баяр мандтугай” хэмээн тэрүүхэндээ часхийтэл хаш­хираад явж байх байсан биз ээ. Одоо бодож суухад Октябрийн баярын өдөр үл ялиг цас бударч тасхийм жавартай ч сэнгэнэсэн сайхан эрүүл агаараар амьс­галсан Улаанбаатарчууд улаа бутарч, баяр гэрэлтсэн царайтайгаар Сүхбаатарын талбайг бүрхэн жагсдагсан. Улаанбаатарчууд сүүлийн удаа “Октябрийн баяр мандтугай” хэмээн хоолой нийлүүлэн хашхиран жагс­санаас хойш 24 жил өнгөрчээ.  Хэрэв ЗХУ тарж бут­раагүй, манайд ардчилал ялаа­гүй байсан бол би яг одоо ажил дээрээ компьютерийн ард биш Сүхийн талбайгаар туг дарцаг, зурагт хуудас, лозунг барьчихсан алхаж явах нь тодорхой.  Хорин хэдэн жилийн өмнө Октябрийн баярын парадад жагсаагүй бол ажил тасалсанд тооцож, намын үүрийн товчооны хурлаар оруулж хөөрхөн донгоддог байж билээ. Тийм ч учир бүх нийтийн амралтын тэр өдөр ажлынхантайгаа парадад жагсаж, тарангуут нь бээрч, даарсан биеэ бүлээцүүлэхийн тулд ойролцоох дэлгүүр орж шилтэй цэнхэрийг хоёр гур­ваар нь цүнхлээд гарах нь эрчүүдийн хувьд Октябрийн баярын мартагдашгүй дур­самж болдог байж.  Чухамдаа Октябрийн баярын нэгэн удаагийн тийм учралаас монголын уран сайхны “Зэрэг нэмэхийн өмнө” хэмээх алдарт киноны үндэс суурь тавигдсан түүх­тэй. Парадад жагсахаар бөөгнөрөн зогсож байсан Ардын жүжигчин, алиалагч Б.Содном, Д.Жамъянжав, ноён нарыг хараад Ардын жүжигчин Д.Чимэд-Осор киноныхоо найруулгыг бо­дож олсон гэдэг. Гэхдээ тэр цаг улиран одоод одоо бол түүхийн шарласан хуудас л үлдэж. Ямартай ч өнөөдөр Октябрийн гээч баяр болдог байсан өдөр. Аав, хүү хоёрын нандин дурсамжийг ахин нэг сануулдаг өдөр.  Харин хэн нэгнээс энэ өдрийн тухай ганц хоёр үг ч дуулаагүй шинэ үеийн тухайд өнөөдөр Улаан­баатарын утаанд хоолой нь гашуу оргиж, хүйтэн жаварт хацраа хайруулсан жирийн л нэг өвлийн өдөр өө.
Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт орууллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа. Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг мөн өдрийн хуралдаанаар хийж баталлаа.  Харин дараах хуулийн төслүүдийн ахны хэлэлцүүлгийг хийж,  эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
Оросын нүүрсний экспорт нэмэгджээ
Оны эхний арван сарын байдлаар ОХУ-ын нүүрсний олборлолт 287,09 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1,4 хувиар буурсан байна. Гэсэн ч экспортын хувьд 12,6 хувиар өсч, 117,83 сая тоннд хүрчээ.  Хилийн чанадын алслагдсан орнууд руу 107,7 сая тонн нүүрс экспортолсон нь 11,8 хувиар өссөн үзүүлэлт аж. Коксжих нүүрсний худалдаа 17,489 тоннд хүрч 1,7 хувиар өссөн байна.  Ази-Номхон далайн орнууд руу нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэж 25,813 сая тоннд хүрсэн бөгөөд үүнээс коксжих нүүрсний экспорт 3,8 дахин нэмэгдэж, 5,892 сая тоннд хүрчээ.
Он дамжин барьж байгаа 110 барилгаас дөнгөж зургааг нь дуусгажээ
Ардчилсан намын “Сэтгүүлчидтэй уулзах цаг 4-11” уулзалт Хан-Уул дүүргийн Яармаг дахь 300 ортой шинэ төрөхийн барилгын талбайд болж байгаа тухай бид мэдээлсэн. Энэ уулзалтад Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар оролцож, төсөв хэтэрсэн барилгуудын талаар мэдээлэл өглөө. Он дамжиж баригдаж байгаа, дуусаагүй барилгуудын дийлэнх нь эмнэлэг, сургууль. УИХ 2014 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан олон жил он дамжин хэрэгжиж байгаа, төсөвт өртөг нь нэмэгдсэн, гүйцэтгэх хугацаа нь удааширсан барилга байгууламжуудыг төсвөөс хасахыг АН дэмжиж, хариуцлагатай төсөвтэй болохын төлөө ажиллаж байгаа тухай АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь дурдлаа. Мөн улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ч төсөв нь хэтэрсэн, он удаан жил дамжсан төслүүдийн төсвийг зогсоох нь зүйтэй гэв. Ингэвэл улсын төсвөөс 800 тэрбум төгрөг хэмнэх ажээ. Мөн ирэх оны төсөвт 731 объектод хөрөнгө оруулах санал ирсэний 289 барилгын төсөвт өртөгийг эргэн харах шаардлагатай гэж УИХ дахь АН бүлэг үзэж буй гэнэ. Мөн УИХ-ын дарга З.Энхболд дээрх төслүүдийг эргэж харах шаардлагатай гэж Аудитын газар болон АТГ-т хандсан байна. Энэ дагуу АТГ  Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран нэр бүхий 110 барилгын төслийн мэдээлэл солилцож, шалгалт хийжээ. Шалгалтаар 2012-2013 онд дуусах 110 барилгын төслийн зөвхөн зургааг нь улсын комисс хүлээн авсан байна. Харин үлдсэн барилггууд нь дуусаагүйгээр барахгүй нэмэлт санхжүүжилт шаардаж эхэлсэн байна. Тухайлбал анхны төсөвт өртөгөө бүрэн авсан хэрнээ 2014 оны төсөвт нэмж хөрөнгө тусгуулсан 16, төсөвт өртгийнхөө 90-ээс дээш хувийн санхүүжилтийг авсан атлаа ирэх оны төсөвт нэмж хөрөнгө тусгуулахаар санал өгсөн 15, 2014 оны төсөвт хөрөнгө тусгуулахаар илрүүлсэн санал нь анхны төсөвт өртгийн дүнгээс хоёр дахин ба түүнээс дээш хэмжээгээр нэмэгдсэн 29 барилыгн төсөл байгааг АТГ тогтоожээ. Үүнээс дурдвал, н.Ганзориг захиралтай “Нийслэл Өргөө” компани нь Хан-Уул дүүрэг дэх 300 ортой төрөх эмнэлгийн /18.707.299.292 төгрөг/ барилга, Үндэсний архивын ерөнхий газрын барилгыг тус тус барихаар тендерт /2010 онд/ шалгарсан байна. Ингээд төсөвт өртгийн 89-93 хувийг санхүүжүүлтээр авчээ. Гэвч дээрх барилгууд нь одоо болтол дуусаагүй төдийгүй төсөвлөсөн анхны хөрөнгийн дүнг 38-69 хувиар өсгөөд байгаа аж. Мөн 2012-2013 онд барилгын ажил нь дуусч, улсын комисст барилгуудаа хүлээлгэн өгсөн “Цамхаг Констракшн” ХХК, “Бүтээлч сонголт” ХХК, “Мөнх харш” ХХК-иуд нь дуусгасан барилгууддаа нэмэлт санхүүжилт авах хүсэлтээ 2014 оны төсөвт тусгуулжээ. Ийнхүү төсөвт өртөг нь хэтэрсэн, нэмэлт санхүүжилт шаардсан барилгуудад АН-ын сэтгүүлчидтэй уулзах 4-11 уулзалт боллоо.  Харин дээр дурдсан он дамжиж баригдаж байгаа, дуусаагүй барилгуудын дийлэнх нь эмнэлэг, сургууль гээд эрүүд мэнд, боловсролын салбарынхан бариулж байгаа барилгууд юм байна.  Барилгууд цаг хугацаандаа ашиглалтад орохгүй  байгаа шалтгаан нь "Манай улс барилгын материалаа инпортоор авдаг, төсөл, тендер шалгаруулахдаа хамгийн бага үнэтэйг нь сонгодог зураг, төсөв нь батлагдаагүй төслийг төсөвт тусгаж батлуулдаг, гүйцэтгэгч байгууллагууд гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг гүйцэтгээгүй, захиалагч, ашиглагч байгууллагын зүгээс төслийн гүйцэтгэлийн хяналтыг хангалтгүй хийдэг зэргээс болдог" гэж Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан хэлж байлаа.
Нугараач охидыг Сингапурын гудамжинд гуйлга гуйлгуулж, мөнгө олдог байжээ
Учир мэдэхгүй нялх үрс минь хүн худалдах гэмт хэргийн золиос болсоор байх нь -Турк биш Сингапур улсад аваачиж, жуулчдын гудамжинд уран нугаруулж, мөнгө гуйлгадаг байжээ- Өнгөрсөн хавар асрамжийн газрын 14 хүүхдийг сургуульд суралцуулах нэрийдлээр хил давуулсан хэрэг гарсан билээ. Гэтэл энэ дуулиан намдаагүй байхад дахин 18 хүүхэд хууль бусаар хил давуулсан хэрэг гарав. Энэ бол Монголын үрс хүн худалдаалах гэмт хэргийн золиос болж буйн энгийн жишээ.  Монголчууд бидний дунд ихэвчлэн охид, бүсгүйчүүд  хүн худалдаалах гэмт хэргийн золиос болдог гэх ташаа ойлголт бий. Тэгвэл Монголын минь бяцхан үрс  аль хэдийнэ хүн худалдаалах гэмт хэргийн золиос болоод эхэлчихэж. Одоогоос хэдэн жилийн өмнө траншейны гэх тодотголтой хүүхдүүд гудамжаар сүрэглэн явдаг байсныг уншигч та сайн санаж байгаа байх. Тэгвэл тэд өнөөдөр хаачив.  Тэд өдийд өсч томорсон байх ёстой. Бүгд асрамжийн газар эсвэл хэн нэгний хайр энэрэлд умбаж яваа гэвэл эндүүрэл. Эсрэгээрээ тэдний дийлэнх нь үндэстэн дамнасан хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон гэхэд дэгсдүүлсэн болохгүй л болов уу. Өнөөдөр гудамжаар алхаж явахад хэдэн жилийн өмнөх шиг тэнэмэл жаалууд харагдахгүй байгааг уншигч та ч анзаарсан биз.  Таван жилийн өмнөхтэй харьцуулахад Монголд ажилгүйдэл, архидалт буурсан гэсэн статистик мэдээлэл бий. Гэвч үнэндээ ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэр бүл салалт төдийлөн буураагүй. Мэдээж энэ бүхний эцсийн хохирогч нь хүүхдүүд байдаг. Харин гудамжинд хөсөр хаягдсан хүүхдүүдийг минь дамчид хаа нэгтээ аваачиж худалдаалж буй. Түүнээс гадна эцэг, эх асран хамгаалагчтай хүүхдүүд ч энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох явдал буурахгүй байна.  Сингапурт хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдийн хэргийг шалгаж байгаа гэв   Хүн худалдаалах гэмт хэргийн зохион байгуулагчдын  заль мэх улам бүр нарийсч байгаа нь хууль бусаар хил давуулсан хүүхдүүдийн хэргээс харагдана.  Тухайлбал, өнгөрсөн хавар “Өнөр бүл” асрамжийн газрын 14 хүүхдийн асуудал бий. Дээрх хүүхдүүдийг Өвөрмонголын үндэсний их сургуульд суралц­уулахаар өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд явуулсан ч суралцахаар очсон хүүхдүүдийг хотоос зайдуу газар шорооны ажил хийлгэж, эрдэнэшишийн талбайд ажил­луулж байсан.  Уг хэрэг мөр­дөн байцаалтын шатанд гэмт хэргийн шинж агуулаагүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгосон билээ. Тэгвэл саяхан дахин 18 хүүхдийг нугаралтын үзүүлбэрт оруулах нэрийдлээр Турк улсад аваачиж,    хөдөлмөрийн мөлжлөг хэл­бэрээр ашиглаж байсан гэх хэрэг гараад байгаа.  Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Турк улсад уран нугаралтын үзүүлбэр хийлгэж цалин өгнө гэж 18 хүүхдийг гадаад руу гэрээ хийн авч явсан байсан. Улмаар Турк биш Сингапур улсад аваачиж, жуулчдын гудамжинд нугаруулж,  хүүх­дүүдээр мөнгө гуйлгуулах хэлбэрээр хөдөлмөрийн мөлж­лөг хийж байсан.  Ийнхүү ашиглаж байсныг нь илрүүлэн одоо шалгаж байна. Түүнчлэн 2009 оноос хойш хүүхэд  хууль бусаар хил дамнуулсан гэх хэргийг Эрүүгийн цагдаагийн алба хаагчид илрүүлэн ажиллаж байна. Эдгээр хүүхдүүдийг гадаадын иргэдэд үрчлүүлэх байдлаар өгсөнийг нь ч мөн шалгаж байгаа.  Өөрөөр хэлбэл, уг үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг нь иргэдийн мэдээллийн дагуу шалгаж байгаа. Тиймээс тун удахгүй хэрэг бүртгэлд мөрдөн байцаах ажиллагаанд шилжүүлнэ. Тиймээс энэхүү хэрэг одоогоор зөвхөн шалгалтын шатандаа явж байгаа гэсэн үг” гэлээ.  Гэтэл энэ тохиолдолд өөрийн үр хүүхдийг хэр найдвартай хүний гарт өгч явуулж байгаагаа шалгуулах эрх нь бүрэн нээлттэй байдаг байна. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд уг асуудал эцэг, эхчүүд маш болгоомжтой хандах хэрэгтэй.  Хүүхдээ гадаад улс руу хөндлөнгийн хэн нэгэнд ямар нэгэн шалтгаанаар даатган  явуулах гэж байгаа бол тухайн байгууллага, хувь хүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулах эрх нь иргэдэд нээлттэй байдаг гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй бололтой.  Учир нь энэ талын мэдээлэл муутай байдаг учраас сүүлийн жилүүдэд хүний наймааны хохирогч нь ихэвчлэн бага насны хүүхдүүд болж буйг Эрүүгийн цагдаагийн газрынхан анхааруулж байгаа. Хил дамнуулан хүний наймаа хийж байгаа иргэдийн арга мэх нь жил ирэх тусам улам боловсронгуй болж байгаа аж.  Ихэнх тохиолдолд загвар өмсүүлэх, хүүхэд асруулах, өндөр цалинтай ажилд зуучлах, уран нугаралт буюу авьяаслаг хүүхдүүдийн авьяасын чиглэлээр нь сургах зэрэг шалтгаанаар хууран мэхэлдэг аж.  Он гарснаас хойш 68 хохирогчтой, 24 холбогдогчтой 18 хэргийг одоогийн байдлаар Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгаж байгаа аж.  Эдгээр шалгагдаж байгаа хэргүүдийн хохирогчдыг ихэнхдээ Казахстан, Солонгос, Сингапур, Хятад, Турк, Макао зэрэг улс руу хүн худалдаалах, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх  зэрэг асуудал  байгаа юм.  Эрээнд хүүхдээ зардаг болсон гэв үү Үүнээс гадна эцэг, эхчүүд мэдсээр байж мөнгө олж, амьдралаа дээшлүүлэх зорилгоор хүүхдээ энэ төрлийн гэмт хэргийн золиос болгох явдал мэр сэр гарах болсныг эх сурвалж мэдээлж байгаа юм. Сүүлийн үед хэвлэлийн хуудаснаа хүүхдээ зарж, мөнгө олдог болсон талаархи мэдээлэл гарах болсон.  Тодруулбал, Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор нэвтэрсэн хэд хэдэн бие давхар бүсгүй эргэж ирэхдээ хүүхэдгүй байсан талаархи мэдээлэл бий. Тэд Эрээнд очиж, хүүхдээ төрүүлж, тэднийгээ зардаг байх магадлалтай талаар ч эх сурвалжууд мэдээлж байгаа юм.  Түүнээс гадна эцэг, эхтэйгээ хамт явсан хүүхдүүд Эрээний зах дээрээс алга болж байсан тохиолдол цөөнгүй бий. Тэр ч бүү хэл буудалд орхисон хүүхдийнх нь амийг хөнөөгөөд эд эрхтнийг нь авчихсан тохиолдол гарсан тухай ч чихний хажуугаар өнгөрсөнгүй.  Сургуульдаа явчихсан ирнэ гээд тайван хүлээгээд сууж байдаг цаг өнгөрчээ. Цаг үргэлж араас нь чих тавьж, анхаарч, хайрлаж байхгүй бол та бидний үр удмыг хулгайлж, хаа нэгтээ эд эрхтний сэлгээ эсвэл аль нэг улсын гудамжинд гуйлга гуйлгуулж, биеийг нь үнэлүүлэх болов. Гэмт хэрэгнүүдийн арга заль улам бүр нарийсч байна. Учир мэдэхгүй нялх үрс минь хүн худалдах гэмт хэргийн золиос болсоор байх нь.
Бээжингийн сургуулиуд хаалгаа барьжээ
Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй Хятадуудын толгойны өвчний нэг нь агаарын бохирдол болоод байна. Бээжин хотын агаарын бохирдлын хэмжээ үлэмж өндөр хэмжээнд хүрсэн учир ажлын цагт өөрчлөлт оруулж, сургууль, цэцэрлэгүүдийн хичээл эхлэх цагийг хойшлуулжээ. Тус улсын хүрээлэн буй орчныг хамгаалах яам агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байгаа ч дорвитой өөрчлөлт гарахгүй байна. Иймээс зарим үйлдвэрүүдийг хааж, автомашины хязгаарлалт хийж эхлээд байна. Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тул нүүрс хэрэглэхээс зайлсхийж байгалийн хий ашиглах хатуу бодлого баримтлах аж.
Н.Удвал: ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалтыг эхлээд салбар зөвлөлөөр баталгаажуулах хэрэгтэй байна
Ерөнхий сайдын 30 минут уулзалт дөнгөж сая болж дууслаа. Өнөөдрийн уулзалтаа сүүлийн үед асуудал тариад буй эрүүл мэндийн салбарын сайд Н.Удвалтай хамт хийсэн нь онцлогтой байлаа.  Н.Удвал:Төрөх эмнэлэг, түлэнхийн төвийн барилгын асуудал миний шийдэх хэмжээнээс хэтрээд байна.  Ийм учраас УИХ-аас Байнгын хороо анхаарч эхэлж байгаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт хийсэн онцлог ажлуудаа танилцуулсан. Тухайлбал орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудаа дурьдлаа.  Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан "Бумбардай" зурган номын анхны боть хэвлэгдэн гарсан тухай онцоллоо. Сэтгүүлчид хамгийн түрүүнд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар Н.Удвал сайдаас тодруулахад "Эрүүл мэндийн салбарыг эрх зүйн орчинд сайжруулах үүднээс гурван хуулийн төслийг боловсруулаад байна. Тухайлбал эмийн чанар, аюулгүй байдалтай холбоотой мөн эмийн санч нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, эмийн сангуудын зохион байгуулалтыг чанаржуулах тал дээр анхаарч ажиллаж байна" гэлээ.  Харин сүүлийн үед асуудал дагуулаад буй ГССҮТ-д ямар ажил зохион байгуулж байгаа талаар асуухад "Тус эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг салбар зөвлөлийн дарга нараар эхлээд баталгаажуулах хэрэгтэй байгаа. Гэтэл энэ салбар зөвлөлийг Төрийн албаны зөвлөлөөс байгуулж өгөөгүй байгаа учраас бид өчигдөр дахин албан бичгийг Төрийн албаны зөвлөл рүү хүргүүллээ. Үүний дараа сонгон шалгаруулалт албан ёсоор эхлэх боломжтой болно" гэв.  Мөн тэрбээр эмч нарын  мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх талаар бас нэгэн хуулийн төсөл боловсруулж байгаа тухай танилцууллаа.  Харин удаан хугацааны турш ашиглалтад орж чадахгүй байгаа төрөх эмнэлэг, түлэнхийн төвүүдийн тендерийн үнэлгээ нь асуудал болоод байгаа учраас өнөөг хүртэл шийдэгдэж чадахгүй байна. Салбарын сайд энэ тухай  "Энэ нь миний шийдэх хэмжээнээс хэтрээд байгаа учир УИХ-аас Байнгын хороо анхаарч эхэлж байгаа" гэсэн юм.
СЕХ-г “Сонгогчдод ээлтэй сонгууль зохион байгуулагч” номинацад нэр дэвшүүлжээ
Английн Лондон хотод төвтэй Олон улсын парламент судлалын Төвийн Сонгуулийн сүлжээнээс жил бүр Олон улсын сонгуулийн шагнал олгодог билээ. Энэ удаа олон улсын сонгуулийн шагналын “Сонгогчдод ээлтэй сонгууль зохион байгуулагч” номинацад нэр  дэвшсэн олон улсын сонгуулийн байгууллагуудаас  шувтаргад нь Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо болон АНУ-ын Флорида мужийн Серминол каунти шалгарчээ. Дээрх номинацийн эзнийг энэ оны 12 дугаар сарын  4-ний өдөр Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотноо болох Олон улсын сонгуулийн асуудлаарх 7-р симпозиумын үеэр зарлах юм байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Зэсийн үнэ өсөх хандлагатай байна
Нэг тонн зэс 7193 ам.доллар  болжээ Өнөөдрийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр зэсийн үнэ 0,5 хувиар нэмэгдэж, нэг фунт зэс 3.3735  ам.доллар болсон байна. Харин Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын гэрээт үнэ 0,4 хувиар өсч, 7193 ам.доллар болжээ.  Энэ оны дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ нэмэгдэж, нэг тонн нь 7150 ам.долларт хүрнэ гэж Barclays санхүүгийн байгууллагын шинжээчид таамаглаж байна. Мөн ирэх жил нэг тонн зэсийн үнэ 6750 ам.долларт хүрнэ гэж тэд үзжээ.
Сав баглаа, боодол үйлдвэрлэгчид дотоодын нийт хэрэгцээний 30 хувийг хангадаг
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо хамтран сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн анхдугаар үзэсгэлэнг зохион байгуулж байна. Б.Болдбаатар: ҮХААЯ-ны зүгээс манай салбарыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Үзэсгэлэнд сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоонд харъяалагддаг 30 байгууллагын 25 нь оролцож байгаа бөгөөд эдгээр үйлдвэрүүд дотоодын нийт хэрэгцээний 30 хувийг хангадаг ажээ. Сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Болдбаатар “Ирэх таван жилдээ багтан дотоодын нийт хэрэгцээнийхээ 70 хувийг хангадаг болох зорилт  тавиад ажиллаж байгаа. ҮХААЯ-ны зүгээс манай салбарыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн” хэмээсэн юм. Мөн үйлдвэрлэгчид, МҮХАҮТ, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо хамтарсан эрдэм шинжилгээний хурлаас сав баглаа боодлын салбарын цаашдын чиг хандлагыг тодорхойлсон бөгөөд монгол брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр дизайнеруудтай хамтран ажиллахаар болсон байна.
МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг 70 мянга болгожээ. Харин...
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн өөр нэг асуудал нь  "Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль"-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байлаа. С.Баярцогт: ЕБС төгссөн хүүхэд бүр их, дээд сургуульд ордог орон манайхаас өөр байхгүй. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад боловсролын үндэсний тэтгэлгийг суралцагчийн суралцаж буй сургууль аттестатчлагдсан, төгсөгчдийн 50-аас доошгүй хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан байх, суралцагчдын сурлагын амжилт зэргийг харгалзан 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн олгох гэж өөрчлөлтийг төсөлд тусгах талаар УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ц.Даваасүрэн, З.Энхболд, Д.Эрдэнэбат, Л.Эрдэнэчимэг нарын гаргасан саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжжээ. Харин УИХ-ын зарим гишүүд боловсролын үндэсний тэтгэлгийг аттестатчлагдсан, төгсөгчдийн 50-аас доошгүй хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан сургуульд суралцаж буй оюутны сурлагын амжилт зэргийг харгалзан олгох шаардлагыг төсөлд тусгах санал оруулсныг эсэргүүцэж байлаа. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн С.Баярцогт нар соёлтой хадгаламж зээлийн хоршоо мэт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудыг цэгцлэх цаг болсон хэмээж байлаа. Ингэхийн тулд их, дээд сургуулиудад өөрийн байртай байх, багш нарын 80 хувь нь орон тооных байх, компьютерын лаборатори, биеийн тамирын заалтай, төгссөн оюутнуудын 50 хувь нь ажлын байртай байх шаардлага тавихаар төсөлд тусгаж буй юм байна.  Ийм шаардлага хангасан сургуульд суралцагчид оюутны 70 мянгаа авах нь. Энэ үеэр Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхэд бүр их, дээд сургуульд ордог орон манайхаас өөр байхгүй гэж С.Баярцогт гишүүн тайлбарлаж байлаа. Олон улсын практикт төгсөгчид нь ажлын байртай болсон үзүүлэлтээр их, дээд сургуулийн рейтингийг тогтоодог бөгөөд өндөр хөгжилтэй оронд ерөнхий боловсрол эзэмшсэн хүүхдүүдийн 70-80 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагддаг бол Монголд 70-80 хувь нь их, дээд сургуульд суралцдаг урвуу жишиг тогтчихоод байгааг тэрбээр хэлж байв. Тиймээс хуулийн төсөлд МСҮТ-д суралцагчдад олгодог 45 мянган төгрөгийн тэтгэлгийг 70 мянга болгон нэмэгдүүлсэн байна. Гишүүд ийнхүү хэлэлцээд сургуулиудад шаардлага тавих саналыг дэмжин, төгсөгчдийн 50 хувь нь ажлын байраар хангагдсан байх гэсэн тоон үзүүлэлтийг эргэн хэлэлцэхээр тогтлоо.  Хуулийн төслийг үдээс хойш 14.00 цагаас эхлэх  хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.