title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
Нарны гүүрийг нийслэлийн хөрөнгөд бүртгэх бололтой
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагт нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно.  “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд баригдсан 300 айлын орон сууцны цогцолбор барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын балансаас Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн балансад хөрөнгө шилжүүлэх, Багануур дүүргийн ЗДТГ-ын балансаас Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн балансад хөрөнгө шилжүүлэх, Нарны гүүрийг нийслэлийн хөрөнгөд бүртгэх тухай, Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргыг томилох тухай,  Автобус-1 ОНӨҮГ-ын 60 жилийн ойг тэмдэглэх, Баянзүрх дүүргийн 21-р цэцэрлэгийн 50 жилийн ойг тэмдэглэх тухай асуудлуудыг хэлэлцэнэ.  Мөн НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлах, хуралдаанаар Нийслэлийн 2013 оны төсөв өөрчлөлт оруулах асуудлыг батлах тухай ярилцах юм байна.
Сүрьеэ өвчний тархалтын судалгаа хийж байна
Сүрьеэ өвчний тархалтын судалгаа хийж байна Эрүүл мэндийн яам, "Глобаль” сантай хамтран “Хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаа”-г 2013-2015 онд хийхээр төлөвлөжээ. Судалгаанд нийслэлийн 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, 18 аймгийн 32 сумын 500 хүнийг хамруулах аж. Уг судалгаанд хамрагдах 500 иргэнээс сүрьеэгийн шинж тэмдгийг илрүүлэх асуумж авах бөгөөд цээжний рентген шинжилгээнд хамруулж, сэжигтэй тохиолдол бүрээс цэрний сорьц аван шинжилж оношийг баталгаажуулах юм байна. Үүний хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төв, Сүрьеэгийн тандалт судалгааны албаныхан Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл болон тус дүүргийн VIII хороо, “Уясах” өрхийн эмнэлэгтэй хамтран урьдчилсан судалгааг өнгөрсөн сард хийжээ. Тус хорооны 516 хүнийг үзлэг шинжилгээнд хамруулж, сүрьеэгийн сэжигтэй 101 иргэнээс сорьцын шинжилгээ авч, хоёр тохиолдлыг хяналтад оруулжээ.
200 гаруй компанийн 3489 лиценз бүртгэлтэй байна
Хайгуулын 106 лицензийг Ашигт малтмалын газраас хүчингүй болгожээ. Хүчингүй болсон 106 лиценз эзэмшигчийн 31 нь 19 сая ам.долларын хайгуулын ажил хийчихсэн бөгөөд дахин 36 сая ам.долларын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байж. Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын тушаалаар уг шийдвэр өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн байна.Түүнчлэн дээрх шийдвэр гарсаны дараа Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Kincorra copper” компанийн эзэмшлийн хоёр лицензийг хүчингүй болгосон тухай мэдээлэл ч гарчээ. “Kincorra copper” компанийн хувьд эдгээр лицензийг худалдаж авахад нийт таван сая ам.доллар, хуулийн үйлчилгээ авахад 71 мянган ам.доллар, хайгуулын зардалд 1.85 сая ам.долларыг зарцуулаад байсан гэнэ. Өнөөдрийн байдлаар 200 гаруй компанийн 3489 лиценз бүртгэлтэй бөгөөд нийт лицензийн 60 хувь нь нүүрсний лиценз аж.
Та ямар төрлийн фэйсбүүк хэрэглэгч вэ?
Facebook: Та аль төрлийн хэрэглэгч вэ?
Уранаас айхын оронд ууж байгаа усандаа юу байгааг мэдэх хэрэгтэй
МУИС-ийн Цөмийн физикийн технологийн танхимын профессор Н.Норовтой цахилгаан станцуудын хэтийн төлөв, уран олборлолтын тухай ярилцлаа. Н.Норов: Бидний ууж байгаа усанд цацраг идэвхи байна. Улаанбаатарынхан усаа заавал буцалгаж ууж байх ёстой. -Таныг Монголдоо цөмийн цахилгаан станцаар мэргэшсэн анхны хүн гэдэг юм билээ. Манайд цөмийн цахилгаан станц барих хэтийн ирээдүй байна уу? -Тэгж хэлж болно. Би анх 1980 онд ОХУ-д цөмийн цахилгаан станцын чиглэлээр төгсөж ирсэн анхны гэгдэх хүний нэг л дээ. Одоо энэ мэргэжлээр олон залуучууд өндөр хөгжилтэй орнуудад төгсч, түрүүчээсээ докторын зэрэг хамгаалаад ирж байна. Монголчуудад атом, цөмийн цахилгаан станц, уран гэж ярихаар их аюултай гэсэн ойлголт бий болчихжээ. Энэ нь ч аргагүй биз. АНУ анх 1945 онд Японд атомын бөмбөг хаяж хүн төрөлхтнийг сүрдүүлснээс хойш ийм хандлага бий болсон. Тухайн үедээ амьд биетэд асар их хор хөнөөлтэйг нь ч нарийн мэдээгүй л байсан байх. Хүн дээр туршсан бодит жишээ. Түүнээс хойш энхийн зориулалтаар цөмийн эрчим хүч болгон ашиглаж байна. -Нэг үе манай улс цөмийн цахилгаан станцтай болно гэсэн яриа гарч байсан санагдана. Энэ нь Японд болсон гамшгаас хойш бүүр ч яригдахаа больсон. Үүнийг барих боломж бий юу? -Яваандаа цөмийн цахилгаан станцтай болох л хэрэгтэй. Энэ нь асар их давуу талтай. Өнөөдөр манайд III, IV цахилгаан станц нүүрс түлж асар их хорт утаа ялгаруулж байна. Нүүрс түлэх нь эдийн засагт асар их алдагдал учруулж байгаа. Жишээ нь Багануурт нэг тонн нүүрс гаргахад дөрвөн тонн шороо зайлуулж, нүүрсээ вагонд ачиж Улаанбаатар руу 120 км-т тээвэрлэдэг. Энэ их зардал уурхай, станц хоёрын хооронд хэдэн жил дамнасан олон тэрбум төгрөгийн өр болж хувирдаг. Түүнийг нэг Засгийн газар сонгуулийн өмнө татвар төлөгчдийн мөнгөөр төлөөд цайруулчихдаг. Өнөөдөр IV цахилгаан станц гэхэд хоногт 60 вагон нүүрс түлж байна. Нүүрсний 40 хувь нь ус, 15 хувь нь үнс, 55 хувь нь ашиггүй утаа болон цацагддаг. Өнөөдөр манай станцуудын хаягдал нүүрс санд хадгалагдаж байна. Үүнийг барилгын материалд ашиглах боломжтой ч цацраг идэвх бодистой учир тохиромжгүй. Нүүрс нь ураны идэвхт бодистой байдаг. Манайх түүхий нүүрсийг боловсруулахгүй шууд шатааж байгаа нь эдийн засагт хохирол учруулсаар байна. Энэ нүүрс шатаадаг системээс салсан цагт Монгол Улс хөгжих боломжтой. Манай улс эрчим хүч гаргахын тулд хамаг мөнгөө шатааж байна. -Ойрын үед Цөмийн цахилгаан станц баригдахгүй нь тодорхой. Тэгэхээр нүүрс түлэхгүй байх өөр технологи байна уу? -Манайд байгалийн хийн нөөц байхгүйгээс их зүйл шалтгаалдаг. Нүүрснээс хий гаргах нь зардал их. Одоо шатдаг занарыг ашиглах боломж байна. Энэ нь зардал бага, нүүрснээс хямд, байгальд хоргүй сайн талтай. Газар ухахгүй, шороо гаргахгүй, нөөц ихтэй. Нүүрстэй газар нүүрсний доор 400-500 метрийн гүнд байдаг. Манай улс цөмийн эрчим хүчтэй болох хэрэгтэй гэж ярьдаг хүний нэг нь би. Цөмийн реактор гэдэг маань нэг ёсондоо ус буцалгагч л гэсэн үг шүү дээ. Түүнийг хэдхэн грамм уранаар ажиллуулж байна гэсэн үг. Хамгийн энгийн болсныг төгс боллоо гэж үздэг болжээ. Ийм станцыг Багануурт барих хэрэгтэй гэж үздэг.Нүүрсийг их шүтээд байх хэрэггүй. Манай улсын нүүрсний нөөц дэлхийн нөөцийн дөнгөж нэг хувийг эзэлдэг. Харин ураны нөөцөөрөө таван хувийг эзэлж байна. Өнөөдөр ус төрөгчөөр явдаг машин үйлдвэрлээд эхэллээ. Нүүрснээс 200 гаруй төрлийн зүйл гаргаж авч байна. Хамгийн сүүлд нь замын хар болж үлдэж түүнийг нь авто замд ашиглаж байна даа. -Сүүлийн үед манай улсад ураны хайгуулын тухай их ярих боллоо. Уран хайх явцад химийн хортой бодис ашигладаг гэдэг. Тэр нь урантай урвалд орохоороо хор хөнөөлтэй гэж яригддаг юм билээ. Үүнийг та юу гэж хэлэх вэ? -Уран гэдгийг дээрхээс тусад нь ойлгох хэрэгтэй. Ураныг хайх явцад химийн бодис ихээр хэрэглээд байдаггүй. Сансраас зураг аваад Геохимийн судалгаа хийнэ. Хамгийн сүүлд хүдрийн илрэлтэй газраа өрөмдөж нөөцийг нь тогтоодог. Ер нь ганц уран ч биш нүүрс, зэс зэрэг олон ашигт малтмалын нөөцийг өрөмдөж тогтоодог. Ханыг нь бэхжүүлдэг өрөмний шаварнаас өөр химийн бодис хайгуулын явцад ашигладаггүй. Өрөмний шаврыг ганц уран биш бүх л ашигт малтмалын өрөмдлөгт ашигладаг. -Манай орны хувьд ураныг олборлохдоо газар доогуур уусган олборлох арга хэрэглэнэ гэж ярьдаг. Ингэж олборлоход ямар бодис ашиглах бол. Хүн мал амьтанд нөлөө үзүүлэх тал байх уу? -Уран гэдэг нь нүүрснээс 20 сая дахин их энергитэй. Манай улсад нөөц нь тогтоогдсон хоёр төрлийн орд бий. Мөн Мардайн бүлэг орд гэхчлэн таван орд байгаа. Бүгд галт уулын гаралтай. Нөгөө хэсэг нь Дорноговь, Дундговьд илрээд байгаа ордууд нь усаар бий болсон. Гидрогенийн гаралтай гэж яригддаг. Ил байгаа боржин чулуунд байсан уран усаар угаагдаж тэр ус нь явсаар хөдөлгөөнгүй хаалттай газар очоод уран баяждаг учиртай. Нэг ёсондоо ураны хүдэр бий болсон гэсэн үг. Газар доор уусган баяжуулах арга гэдэг нь яг энэ процесстой адилхан хоёр цооног байх юм. Нэг цооногоор нь хүхрийн хүчилтэй ус шахаад нөгөө цооногоор нь соруулаад авчихдаг технологи байдаг. Хүхрийн хүчилтэй усыг ураны хүдэр байгаа чулуулагт шахдаг. Хүхрийн хүчилтэй уусмал маань зөвхөн ураныг нь уусгаад авчихдаг. Уран ууссан уусмалаа гаргаж ирээд давархай гэдэг зүйл дээр уранаа суулгаад авчихдаг юм. Тэгээд сүүлд нь тэр давархайгаасаа салгаж авсныг л шар нунтаг гээд байгаа юм шүү дээ. Ийм л технологи байдаг. Шахаж байгаа болон соруулж байгаа цооног дундуур ус цикл маягаар эргэдэг. Тэр нь хаашаа ч алдагдаж урсаж халихгүй. -Уранаа олборлоод дуусчихаар цооногийг яадаг юм бэ? -Хүхрийн хүчил шахаж байсан цооног руугаа ураныг нь ялган авч цэвэршүүлсэн усаа буцаагаад шахдаг. Ингэж доор үлдсэн хүхрийн хүчлийг цэвэрлэдэг юм. Цэвэрлэж дуустал нь цэвэр усаар эргэлдүүлнэ. Ерөөсөө ус зарцуулахгүй гэсэн үг. Хүдрийн биетэд байгаа усыг л ашиглаж байгаа юм шүү дээ. Энэ нь ус хэрэглэхгүй ихээхэн давуу талтай. Манайд байгаа ураны хүдэр их ядуу. Дунджаар 0.05 хувийн агуулгатай. Энэ нь ядуу хүдэрт ордог үзүүлэлт. Ийм хүдрийг газар доогуур уусган баяжуулах аргаар ашигладаг технологитой. -Ураныг ашиглах нь бусад уурхайтай адил ухаж сэндийчсэн шар шороо үлдэхгүй нь давуу талтай гэж хэлж болох уу? -Байгалийг сүйтгэх талаар ямар ч асуудал байхгүй.Тэр бүү хэл газар доор байгаа хүдрийн биетийн 0.05 хувийг л авна шүү дээ. Бусад нь газар доороо үлдэнэ. Ямар ч массын өөрчлөлт гарахгүй. -Шар нунтаг гэдэг нь тийм аюултай зүйл үү, ураныг энэ аргаар олборлодог ямар улс байна вэ? -Ураныг олборлож байгаа хэд хэдэн орон бий. Германд олборлож байсан. Манайхаас ялгаатай нь ухаж ашигласан болохоор нөхөн сэргээлт дээр асуудал гарсан. Мөн Чехословакийн нөөц дууссан. Одоогоор уусган олборлож байгаа орнууд гэвэл ОХУ, Казахстан хоёр байна. Уран гэдэг нь энэ гаригтай цуг л үүссэн эд гэж ойлгож болно. Альфа, бетта, гамма гэсэн гурван юмыг цацраг идэвхи гэж хэлээд байгаа юм. Ураны хувьд ганцхан альфа бөөм гаргадаг. Энэ цацраг цаас нэвтэлдэггүй. Цаасанд бооход ямар ч нөлөөгүй гэсэн үг. Одоо бидний гаргаж авах гээд байгаа юм нь энэ. Нэг үгээр хэлэхэд хамгийн аюулгүйг нь гаргаж авах юм байна гэдэгт бат итгэх хэрэгтэй. Харин гамма цацраг бол нэвтрэх чадвартай. Уран бол гамма цацрагийн хамгаалалт болдог эд. Уран нь цацрагийн хамгаалалттай хамгийн сайн материал. Сансрын хөлөг, далайн шумбагч онгоцнууд цөмийн хөдөлгүүртэй. Үүнийг хамгаалдаг найдвартай материал бол уран юм. -Арева компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт хайгуул хийж байгаа. Харин тус нутагт хорогдсон нь селен гэдэг бодисоос хордсон гэж дүгнэлт гарсан байдаг. Энэ селен гэдэг нь ямар бодис байдаг юм бэ?  -Би шалгалтын комисст орж газар дээр нь хоёр ч удаа очсон. Селений ужиг хордлого гэсэн дүгнэлт гарсан. Бүх үхсэн тугалыг ухаж гаргаад гэдэс дотрыг шинжилсэн. Тэндээс их хэмжээгээр гарсан зүйл нь селен байсан. Селен гэдэг бодис илүүдэхээрээ болон, дутагдахаараа хортой. Манайхан селений дутагдал гэж ярьдаг даа. Энэ удаа селен ихэссэнээс болсон гэж дүгнэлт гарсан. Ураны орд бий болохтой зэрэгцээд ихэссэн хэрэг. Учир нь селен урантай адил, валенттай байдаг. Тэр газар уран их байхаар селен дагаад их байгаа хэрэг. Нэг газар нь их байхаар нөгөө газар нь бага болсон байгаа. Бага газраасаа усаар дамжиж ирээд баяжигдсан гэсэн үг л дээ. Энэ нь байгалийн жамаар явагдаж байгаа зүйл гэж хэлж болно. Бид шинжилгээгээ БНСУ-д явуулж шинжлүүлсэн, хариу нь селен байна гэж ирсэн. Ер нь монголчууд уран гэж айхынхаа оронд ууж байгаа усандаа юу байдгийг мэдэх хэрэгтэй байна. Бидний ууж байгаа усанд цацраг идэвхи байна. Өнөөдөр бидний худалдан авч ууж байгаа ундаанд нүүрс хүчлийн хий буюу С,О 2 шахдаг. Улаанбаатарынхан усаа заавал буцалгаж ууж байх ёстой.
Хогийн цэг болсон "Барс" зах
"Барс" зах Захуудыг нүүлгэе цуврал сурвалжлагаа энэ удаа "Барс" захаас бэлтгэлээ. Бид өчигдөр тус захыг зорьсон юм. Хүнсний ногооны ихэнх чингэлэг, агуулах энэ захад төвлөрдөг учраас ачааны машинууд эл захыг зүглэх нь цөөнгүй. Үүнээс болоод замын түгжрэлд багагүй цаг үрнэ. Вокзалтай ойролцоо болохоор олны хөл тасрахгүй. Биднийг очиход бага үдийн 11:00 цаг өнгөрч байсан ч хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Захын урд хэсэгт байрлах хүнёний ногооны агуулахын үүдээр ачааны машинууд хөл гишгэх зайгүй шахам зогссон харагдсан. Эргэн тойрон ялзарсан ногооны хаягдал хог хөглөрч болгоомжтой явахгүй бол халтирч унах эрсдэлтэй. Захын зүүн урд байрлах урт гүүрний эргэн тойрон хогийн цэг. Энэ хэсэг хэдэн жилийн өмнө л ийм байдалтай байсан. Өдгөө ч тэр л янзаараа. Хүний өтгөн, шингэн ялгадас, муудсанногооны хаягдал, цаасан хайрцаг гээд хэдэн машин хог овоолжээ. Зуны цагт өмхий үнэртээд хүн явах аргагүй болдог энэ газар өвлийн тэсгим хүйтэнд яг л жорлон болдог. Тэнэмэл хумүүс булан тохойд нь хоноглож, ил задгай бие засчихна. Хүнсний захын ойролцоо ариун цэврийг дээд зэргээр хангасан байх учиртай. Гэвч "Барс" зах эсрэгээрээ. Бохир орчин, хог шороо тоосондоо дарагдсан газраас монголчууд хүнсээ зөөдөг нь харагдаж байлаа. Мөн жимс, жимсгэнэ зардаг хүмүүсийн ариун цэвэр ч сайнгүй. Хар хир болсон хантааз мөрөндөө угласан болж, шороотой гараараа жимсээ ууталж өгөхийг харсан хэнд ч тааламжтай санагдахгүй. Ер нь энэ захад стандарт гэж байдаггүй аж. Махны худалдааны цэг ч мөн бохир. Гэвч бусдаасаа арай хямд гэсэн нэр зүүдэг учраас хэд гурван төгрөг хэмнэх гэсэн хүмүүс зорьж очдог ажээ. "Худалдагч нарынх нь зан харилцаа, орчин нөхцөл бүгд доголдолтой" Бид худалдан авагч нарын заримтай уулзлаа. Үйлчлүүлэгчид "Энэ зах бусдаасаа арай хямд үнэтэй байдаг байсан. Гэтэл одоо бараг л ижил болсон байна. Хааяа хүнсний ногоо авах гэж зорьж ирдэг. Даанч орчин нь хэцүү. Хаа сайгүй ялзарч муудсан ногооны хаягдал хөглөрч байдаг. Бас зам түгжрээд явахад төвөгтэй юм. Үйлчилгээний газар хумүүст сэтгэл ханамжийн баталгаа өгч байх ёстой. Харин манай улсын үйлчилгээний газрууд эсрэгээрээ байдаг. Худалдагч нарынх нь зан харилцаа, орчин нөхцөл гээд бүх зүйл нь доголдолтой" гэлээ. Тус захын байшингийн гуравдугаар давхарт байрладаг "Хүнсчдийн холбоо" энэ өдөр эзэнгүй байлаа. Захиргааны ажилтнууд нь ч байсангүй. Бүгд л хаалгаа цоожлоод алга болжээ. Захын лангууны түрээс чамгүй өндөр байдаг талаар худалдагч нар ярьсан. Сүү, өндөг зардаг лангуу сарын 1.5 сая,харин жимснийх 722 мянган төгрөг гэсэн мэдээллийг түрээслэгчид өгч байлаа. "Камергүй болохоор бараагаа хулгайд алдаад байна" Нэрийн боовны лангуу ажиллуулдаг эмэгтэйн ярьж буйгаар тус захад хяналтын камер байддаггүй юм байна. Жилийн өмнө ажилладаг эсэх нь тодорхойгүй камертай байсан ч хулгайд алдсан эд зүйлийг олж байсан удаагүй гэж эл эмэгтэй хэллээ. Захыг хариуцдаг байсан цагдаад өчнөөн хэлээд хэргийг авч хэлэлцдэггүй аж. Харин засч сайжруулах нь бүү хэл ямар ч камергүй болгожээ. Үүгээр ч зогсохгүй цагдаа хянахаа больсон гэнэ. Уг нь жил ирэх тусам хөгждөг байтал дордоод л байх юм. Бид бараагаа хулгайд алдвал өөрсдөө хохироод үлдэж байна. Ямар ч хяналт зохицуулалт байдаггүй. Байцаагч гэж хүмүүс бий. Гэхдээ тэд барааны чанарыг хянаж бас хугацаандаа төлбөр авах л үүрэгтэй хэмээн түрээслэгч эмэгтэй хэлж байсан. Гал эрсдэлтэй учраас хаах шийдвэр гаргажээ Гал гарах эрсдэлтэй захын хамгийн түрүүнд "Барс" бичигдэж байгаа. Онцгой байдлын газраас удаа дараа сануулга өгсөн ч хайхардаггүй гэсэн тайлбарыг албаны хүмүүс хэлдэг. Өнгөрсөн жил ч гэсэн "Барс" бөөний худалдааны  төвд чанаргүй төмс худалдаж буй тухай мэдээлэл Авлигатай тэмцэх газарт ирж МХЕГ-аас Ургамал хамгааллын тухай, Хүнсний тухай, Ариун цэврийн тухай хуулиудын хэрэгжилтийг хянах үүднээс шалгалт хийж улсын байцаагчийн дүгнэлтгүй жимс худалдаалсан, агуулахад шаардлагатай хяналтын төхөөрөмж байхгүй, агуулахын хана, тааз нь мөөгөнцөрдсөн зэрэг ноцтой зөрчил илэрсэн тул түр хаах тушаал гаргаж байжээ. Эцэст нь Онцгой байдлынхан шалгалт хийж захыг хаах шийдвэр гаргасан байна. Гэсэн ч захын эзэд үүнийг үл тоон үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тус захын наймаачид эрсдэлтэй орчинд ажиллаж буйгаа мэддэг хэрнээ удирдлагадаа элдэв гомдол санал хэлж чаддаггүй гэдгээ учирлаж байсан. Түрээслэгчдийнх зарим нь "Ажлын байраар хангаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ гамшиг хийсч ирэх биш. "Нарантуул"-ын хүнсний зах шатсан нь том сургамж болсон. Тэгэхээр галын аюулаас эртнээс хамгаалах хэрэгтэй байгаа. Захын удирдлагууд энэ талаар бодох ёстой байх" хэмээлээ. Тус захын талаар түүх сөхвөл анх 1961 онд Оросын хүнсний хангамжийн төв байсныг зах зээлийн үеэр Монголд шилжүүлж өгчээ. Ингээд 1995 оноос Ч.Амарбаатар гэх залуу худалдан авч "Барс" групп хувьцаат компани болгон өргөжүүлж төмөр зам түшиглэн хүнсний ногооны бөөний төв байгуулсан байна. "Барс" зах нийслэлчүүдийг хүнсний ногоогоор хангадаг. Ногоочид өөрсдөө ногоогоо тарьдаг гэж ярьдагч үнэн хэрэгтээ урд хөршөөс оруулж ирдэг хэмээн шүүмжлэх хүн ч байгаа юм, Иргэдийг тоос шороотой ялзарсан ногоогоор хуурч төрийн байгууллагаас өгсөн '" үүрэг даалгаврыг биелүүлдэггүй "Барс" захыг нүүлгэх хэрэгтэй биз ээ. Эл захыг төмөр зам түшиглэсэн газар руу нүүлгэж хотын гудамжийг цэвэрлэж авмаар байна.
Ажлын байраа авч үлдэхийг хүссэн иргэдийг дарамталсан гэв
Урт цагаан “Урт цагаан” үйлчилгээний төвийн түрээслэгчид ажлын байраа авч үлдэхийн тулд багагүй тэмцэл өрнүүлээд байгаа. Тэнд үйл ажиллагаа явуулдаг  700 гаруй түрээслэгч, аж ахуйн нэгжүүд нэгдэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад ил захидал хүртэл илгээсэн. Гэтэл нийслэлийн удирдлагууд Концессын гэрээ гэгчээр халхавчлан Азийн архихтектурын үнэт өвд бүртгүүлэх жагсаалтанд ороод байгаа “Урт цагаан”-ы барилгыг нураан, газар дээр нь өндөр барилга барих шийдвэр гаргажээ. Түрээслэгчид тэмцлийн хэлбэрээ улам эрчимжүүлэхээр шийджээ Юутай ч бидэнд хандсан эх сурвалжийн мэдээлж буйгаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн түрээслэгчдийн  тэмцлийг дарахын тулд Нийслэлээс увайгүй арга хэрэглэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн гарын үсгээр баталгаажсан “Хяналт шалгалтын ажлын удирдамж” гарган “Урт цагаан”-ы түрээслэгч, аж ахуйн нэгжид татварын болоод  мэргэжлийн хяналтын гэнэтийн шалгалт оруулж дарамталсан. Энэ нь түрээслэгчдийн тэмцлийг няцаах гэсэн арга. Тиймээс тэмцлийн хэлбэрээ улам эрчимжүүлэхээр шийдсэн” гэсэн юм.
Да.Ганболд: Оюутолгойн аудитын шалгалт дуусаагүй байна
Хувийн хэвшлийн өмнө тулгамдаж буй бэрхшээл, дарамтыг хэрхэн шийдвэрлэх талаар Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлөөс дугуй ширээний хэлэлцүүлгийг өчигдөр зохиов. Да.Ганболд:“Рио тинто” компани өөрөө хөрөнгөө хийчихсэн. Манай улс ч урьд өмнө ийм том хэмжээний хөрөнгө оруулалтыг сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хараагүй. “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хаиг чулуун болон бизнесийн төлөөллүүд энэ уулзалтад оролцлоо. Энэ үеэр “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболдоос цаг үеийн зарим асуултад хариулт авлаа. -Хувийн хэвшлийн өмнө тулгамдаж буй гол бэрхшээлийг та юу гэж харж байна вэ. Бас шийдэх гарц нь юу байх бол? -Албан ёсны статистик мэдээллээр дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувь, нийт ажиллах хүчний 70 орчимыг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байна. Монгол Улс хувийн хэвшлийнхнийхээ үзүүлэлтээр дэлхийн тэргүүлэх жагсаалтад багтах ёстой ч өөрчлөгдөхгүй байсаар арав гаруй жил боллоо. Уул уурхай, дэд бүтэц гэж ярих бүрт заавал төрийн менежмент, төрийн зохицуулалт байх ёстой гэсэн хэвшмэл ойлголт амь бөхтэй байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өсөх хэрээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг хувийн хэвшил аваад явах бололцоотой болж байна. -Тэгвэл Хөрөнгө оруулалтын хууль батлагдсан нь хувийн хэвшлийнхэнд хэр нөлөөлж, боломж олгох бол? -Анхны сэтгэгдэл гэвэл өмнө нь шийдэгдээгүй байсан харьцаанууд энэ хуулиар зохицуулагдах боломжтой болж байна. Энэ бол маш том дэвшил. Гэхдээ цаашид улам сайжруулах, янз бүрийн зөвшөөрлийг багасгах, стратегийн салбарт зөвхөн төр байна гэж тогтсон ойлголтыг өөрчлөх. хувийн хэвшил, төр хамтран ажиллаж байж холын зайны хөтөлбөрөө хэрэгжүүлэх орон зай цаана нь бий. -Оюутолгойн хэлэлцээ хэр явцтай байна вэ? -Хэлэлцээ явагдаж байна. Асуудал их том, олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт. “Рио тинто” компани өөрөө хөрөнгөө хийчихсэн. Манай улс ч урьд өмнө ийм том хэмжээний хөрөнгө оруулалтыг сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хараагүй. Зарим нэг асуудлыг шийдэх шаардлага бий. Нэг далайлтаар, нэг удаагийн хуралдаанаар шийдэх бололцоогүй, харьцангуй цаг зав авсан, Монгол Улсын хууль эрх зүйн орчныг олон улсын бизнесийн стандартад нийцүүлэх шаардлагын улмаас олон асуудал байна. -Он гарахаас өмнө хэлэлцээ дуусах болов уу? -Бид шийдээд явж байгаа. 30 орчим асуудал шийдлээ хүлээж байсан. 10 гаруйг нь шийдсэн. Өнгөрсөн арваад хоногийн дотор тэдгээрээс бас 2-3 асуудлыг шийдэх бололцоотой болж байна. -Хөрөнгө оруулалт хэтэрсэн тухай асуудал шийдэгдсэн үү? -Энэ тухай бид ярьж байна. Аудитын шалгалт бүрэн дуусаагүй учраас өнөөдөртөө хэлэх боломжгүй байна.
Т.Аюурсайхан: Шинэчлэлийн хороо татан буугдаагүй
Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан өнөөдөр сэигүүлчдэд мэдээлэл өглөө Тэрбээр "Манай хороо МАН-ын 27 дугаар Их хуралд үүргээ гүйцэтгэж чадсан. Шинэчлэлийн хороо байгуулагдсанаас хойш жил гаруйн хугацаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын гишүүд дэмжигчидтэй уулзаж, тэдний саналыг Их хуралд хүргэж чадсан" гэлээ.  МАН-ын Их хурлын үеэр “Шинэчлэлийн хороо” татан буугдсан гэх мэдээлэл түгэж байсан. Шинэчлэлийн хороо татан буугдаагүй. Харин МАН-ын Их, Бага хурлыг зохион байгуулах шаардлага, зорилготой “Шинэчилье” хөдөлгөөн татан буугдсанаа мэдэгдсэн гэлээ.
Чуулганы хуралдаан өндөрлөлөө
УИХ чуулганаар Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа тухай бид мэдээлсэн. Харин үдээс хойшх хуралдаанаар дээрх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг тус тус анхны хэлэлцүүлгээр нь баталснаар чуулганы хуралдаан өндөрлөлөө.
Роналдиньо: Манай гэр бүлийнхэнд хаалгач хийнэ гэдэг гутамшиг гэсэн үг
Европын шилдэг хөлбөмбөгчин Роналдиньо Гаушо 2004, 2005 оны дэлхийн болон Европын шилдэг хөлбөмбөгчин Бразилийн Роналдиньо өдгөө нутгийнхаа “Атлетико Минейро” клубт алба хашиж байгаа. Түүний баг нь энэ жил Өмнөд Америкийн клубүүдийн хамгийн тoм тэмцээн “Либертадоресийн цом”-д түрүүлж, ирэх арванхоёрдугаар сарын 11-21-нд Марокко улсад болох клубүүдийн ДАШТ-д оролцох юм. Роналдиньо Гаушогийн Бразилийн “Zero Hero” сэтгүүлд өгсөн ярилцлагыг түүвэрлэн хүргэе. -Бидний урилгыг хүлээн авсанд танд энэ өдрийн мэнд хүргэе. Тантай зөвхөн хөлбөмбөгийн талаар ярилцвал ямар вэ? -Хөлбөмбөгөөр ярилцвал надад ч гэсэн сайхан байна. -Та мэргэжлийн хөлбөмбөгчний ихэнх хугацааг Европт өнгөрөөсөн. Харин одоо энд, тэр тусмаа эх орондоо тоглож байна. Бразилийн хөлбөмбөг лигийн өрсөлдөөн хэр санагдаж байна вэ? -Хөлбөмбөгчин бүр эх орондоо тэр тусмаа төрөлх багтаа зодог тайлахыг илүүд үздэг. Миний хувьд ч гэсэн тэдний нэгэн адил. Гэхдээ ингэж хэллээ гээд намайг битгий зодог тайлуулчихаарай (инээв). -Хаанаас даа тийм зүйл болохгүй. Гэхдээ өнгөрсөн зун олон хүмүүс таныг зодог тайлуулсан шүү дээ? -Тийм ээ. Бразилийн зарим хэвлэлээр намайг зодог тайлуулсан. Харин одоо хөлбөмбөгөөс таашаал авч, хөлбөмбөгөө тоглосоор байна. Хурд маань ид үеийнхээсээ жаахан саарсан ч миний эрч хүч, ур чадвар хэвээрээ байгаа шүү. Надад одоохондоо зодог тайлах бодол алга. Мэдээж тамирчин хүн бүр хэзээ нэгэн цагт зодог тайлна. Тэгээд ч миний үеийнхэн, надаас хэдэн насаар ах хөлбөмбөгчид одоог хүртэл тоглосоор байна шүү дээ. -Европт дахин тоглох уу? -Боломжгүй. -Тэгвэл Саудын араб, Эмиратын лигт? -Энэ ч гэсэн бараг боломжгүй, нутагтаа хөлбөмбөгчний карьераа өндөрлөмөөр байна. -Та багадаа хэнийг шүтдэг байв? -Олон хөлбөмбөгчнийг биширдэг байлаа. Бразилийн шигшээ багт мөр зэрэгцэн тоглож байсан Роналдогийн тоглолт их таалагддаг байсан. Порту-Алегрид болсон шигшээ багийн нөхөрсөг уулзалт тоглолтын үеэр түүнтэй авахуулсан зургаа одоо ч гэсэн нандигнан хадгалдаг. Өмнөх хөлбөмбөгчдөөс Пеле, Ривелиног шүтдэг байлаа. Гэхдээ миний жинхэнэ шүтээн төрсөн ах Роберто маань. Аав, ах хоёр маань хөлбөмбөгийг хэрхэн хайрлах, амьдралынхаа үнэт зүйлийг хүндэлж сурах ухааныг сургасан юм. Тиймээс ах минь миний менежерээр ажиллаж байсан. Аав маань өөд болсны дараа Роберто ах маань амьдралын бүх ачааг нуруундаа үүрэх болсон. Гэр бүлийнхэн маань туслаагүй бол би хөлбөмбөгийн энэ зэрэгт хүрэхгүй байсан гэж боддог. -Танай аав хөлбөмбөгийн хаалгач байсан гэдэг. Энэ үнэн үү? -Үгүй. Үнэнийг хэлэхэд манай гэр бүлийнхний хувьд хаалгач хийнэ гэдэг гутамшиг гэсэн үг. Үнэнийг хэлэхэд аав минь одоо урьд урьдынхаас илүү үгүйлэгдэж байна. Коридортоо бүх сандлаа өрж тавьчихаад аавтайгаа бэлтгэл хийдэг байлаа. Бүх сандлыг хуурч довтлох ёстой байсан юм. Дасгалаа хүндрүүлэхийн тулд аав маань Бомбом нэртэй нохойгоо миний араас тавьчихдаг байлаа. Бомбом их хурдан, бас их авхаалжтай болохоор надаас бөмбөг байнга булааж авдаг байсан. Би ингэж л хөлбөмбөг тоглож сурсан юм. -Роберто ах чинь “Гремио”-Д тоглож байсан уу? -Тийм ээ тоглож байсан. Роберто надаас 10 насаар ах. Би ахыгаа гэр бүлийнхээ хамгийн авьяаслаг хөлбөмбөгчин гэж боддог. “Гремио”-д ахтай минь хамт Валдо хэмээх агуу хөлбөмбгчин тоглож байлаа. -Та багадаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болно гэж мөрөөдөж байв уу? -Та юу асууж байна аа. Миний мөрөөдлийн хязгаар нь “Гремио”-д тоглох байсан юм. Дараа нь харин шигшээ багт тоглох бодол байсан. Гайхалтай нь миний хүндэлж, биширдэг Ромарио, Роналдо, Ривалдо бүгд Испанид, тэр дундаа “Барселона”-д карьераа үргэлжлүүлсэн. Би ч ялгаагүй тэдний замналаар “Барса”-д өөрийн замналын авч болох бүх шагналыг авсан даа. -Тэгэхээр шүтээнүүдийнхээ замыг дагаж, “Барса”-д ирсэн юм биз дээ? -Би зөвхөн “Барса”-г сонгоогүй, “Барса” бас намайг сонгосон юм. Тэгээд ч Испани, Бразилийн хэл, соёл, уламжлал ойр байдаг нь Каталонд ирэх сонголтонд их нөлөөлсөн. -Та “Гремио”-гоос “Пари Сан Жермен”-д очсон. Францад хоёр жил тоглохдоо ямар ч амжилт олоогүй. Хоёр жилийн хугацааг дэмий алдлаа гэж бодож байсан уу? -Үгүй. Би Францад амжилт олоогүй ч их зүйл ойлгож мэдэрсэн. Хүн болж төлөвшихөд таагүй явдал ч их тус болдог. Хүнд хэцүү үед л ирээдүйн их амжилтын үндсийг тавьж, маш их зүйл ойлгосон. -“Барса”-д тун амархан хөлөө олсон. Ирсэн даруйдаа багийн гол тоглогч болж, амжилт ялалтаар бялхсан шүү дээ? - Би ялахын тулд “Барселона”-д ирсэн. Дэлхийн хөлбөмбөгийн түүхийг бичилцдэг агуу багийн бүрэлдэхүүнд олон тэмцээнд түрүүлсэн. Это'0, Ларссон, Деку, Жюли, Хави, Иньеста гээд олон шилдэг тоглогчтой маш хурдан ойлголцож чадсаны хүчинд “Барса”-гийн нэгэн гайхалтай үеийнхэн бүрдсэн гэж боддог. -Тэгвэл одоогийн “Барса” таны үеийнхэнээс хэрхэн өөрчлөгдсөн бэ? -Бараг өөрчлөгдөөгүй. Хоёр гурван дасгалжуулагч солигдсоныг эс тооцвол шүү дээ. Надтай мөр зэрэгцэн тоглож байсан Хави, Иньеста, Валдес нар одоо ч гэсэн өөрийн байрлалдаа залууст зайгаа тавьж өгөх болоогүй байна. “Барселона”-гийн байрлал бүрт дэлхийн шилдгүүд байна шүү дээ. -Европын лигт тоглодог тоглогчид дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд нэр дэвшдэг. Гэтэл Өмнөд Америкт өндөр зэрэглэлийн олон хөлбөмбөгчин байдаг шүү дээ. Та энэ тухай юу гэж боддог вэ? -Тийм ээ. Зөвхөн Өмнөд Америкт биш дэлхийн өнцөг булан бүрт олон сайн хөлбөмбөгчин байгаа. Гэвч тэд Европын шилдэг багуудын эгнээнд нэгдэж байж, олны нүдэнд өртдөг. Энэ ч аргагүй. Европын топ клубүүдэд асар их мөнгө эргэлддэг. Жишээ нь “Барса”, “Реал”, “Челси”, “Манчестер Сити”, “Пари Сан Жермен” багууд хүссэн тоглогчоо ямар ч үнээр зодож авах хөрөнгөтэй. Эсрэгээрээ Өмнөд Америкт солилцоо, наймаанд асар их мөнгө зарцуулах мөнгөтэй баг байхгүй. Харин тэд ирээдүйн дэлхийн шилдэг тоглогчдыг Европт гаргахад эх суурийг нь тавьж өгч байгаа. Жишээ нь Неймар энэ зун “Барса”-д очсон нь сайн хэрэг. Хэрэв тэр Бразилд байгаад байсан бол хэзээ ч дэлхийн шилдэг болохгүй. Харин Испанид ирснээр тэр дэлхийд өөрийгөө жинхэнэ утгаар таниулах боломжтой болсон юм. -Неймар Мессигийн эн зэрэгт хүрэхэд хэр хугацаа шаардлагатай вэ? -Наадах чинь хөлбөмбөг сонирхдог хүн бүрийн ярьдаг сэдэв. Тэд өөр өөрсдийн онцлоготой, онцгой ур чадвартай тоглогчид. Неймарын хувьд нас залуу байна. Магадгүй өөрөө сайн хичээвэл Мессигийн зэрэгт хүрэх боломжтой. Хамгийн гол нь Месси, Неймар хамтдаа нэг багт тоглож байгаа нь сайн хэрэг. Неймарт Мессигээс суралцах зүйл чамгүй байгаа. -Бразилийн шигшээ баг ирэх жил нутагтаа “Алтан цом”-ыг өргөх болов уу? -Манай Улс 70 жилийн дараа эх орондоо энэ нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Бразилчууд ДАШТ маш их ач холбогдол өгч байгаа. Хамгийн гол нь ард түмэн хөлбөмбөгчдөөсөө зөвхөн аварга болохыг шаардаж байгаа.  Тэгээд ч аваргын цомоос өөр медаль Бразилд бараг үнэ цэнэгүй байдаг. Би Сколаригийн залууст итгэж байгаа. Сайн дасгалжуулагч, сайн хөлбөмбөгчин олон байгаа болохоор нутагтаа аваргын цом өргөсөн байхад гайхах зүйл байхгүй. Энэ жил Бразилд болсон “Холбооны цом”-д манай залуус үнэхээр сайн тоглож, аварга болсон. Гэхдээ Бразилийн шигшээ баг дэлхийн аварга болоход Испани, Герман, Аргентин, Итали зэрэг хүчтэй өрсөлдөгчидтэй таарах магадлал өндөр. Гол өрсөлдөгчтэйгээ эртхэн таараад хожвол цаашдын тоглолтод сайн нөлөө үзүүлдэг. -Та Луис Фелипе Сколаригийн удирдлага дор дэлхийн аварга болсон. Түүний удирдлага дор тоглох ямар байдаг вэ? -Сколари үнэхээр гайхалтай дасгалжуулагч. 2002 онд Япон, БНСУ-д болсон дэлхийн аваргад манай залуус хэрхэн тоглож, дэлхийн аварга болсныг олон сая хөлбөмбөг сонирхогчид тод санаж байгаа байх. Бразилийн шигшээ баг ирэх түүний удирдлага дор дэлхийн аварга болоход надад ямар ч эргэлзээ алга. -Таны тоглож байсан “Пари Сан-Жермен” сүүлийн жилд хөлбөмбөгийн солилцоо, наймааны цонх дээр асар их мөнгө зарцуулж, олон шилдэг тоглогчдыг элсүүлээд байгаа. Та үүнд ямар бодолтой явдаг вэ? -Одоо хэн мөнгөтэй нь хүссэн тоглогчоо авдаг болсон цаг. Хамгийн гол нь олон саяаар нь зарцуулаад тэр хэмжээгээрээ амжилт гаргахгүй бол тоглогчдод зарсан мөнгөө зүгээр хийсгэж байна гэсэн үг. Сүүлийн жилүүдэд араб тэрбумтанууд Англи, Францын клубийг худалдаж авснаар тоглогчдын төлөө баруун, солгойгүй мөнгө цацаж байна. Миний бодлоор эхлээд сайн дасгалжуулагч авчихаад дараа нь тухайн дасгалжуулагчийнхаа тактикт тохируулж, тоглогчдоо сонговол оновчтой шийдвэр гэж боддог. Тэгэхгүй бол нэг байрлал дээр ур чадвар тэнцүү хэд хэдэн тоглогч авчихаад ганцыг нь талбайд тоглуулж үлдсэнийг зэврээж буйг ойлгохгүй байгаа. Үүний хамгийн тод жишээ Английн “Манчестер Сити” клуб. Зун нь тоглогчдод асар их мөнгө зарцуулж авчихаад ирэх жил нь авсан үнээсээн хоёр дахин бага мөнгөөр өөр багт явуулж байгаа тэдний бодлогыг ойлгохгүй байна. -Та гадаад төрхнөөсөө эвгуйцэх, ичих явдал байдаг уу? -Одоо бол үгүй. Харин багадаа хүн бүр гоочилж, шоолоод байдаг шүднээс ичдэг байлаа. Намайг шоолоход би маш их уурлаж, гомддог байлаа. Гэвч яваандаа өнөөх хэдэн шүдэндээ хайртай болчихсон. Би өөрийгөө царайлаг, сайхан залуу гэж боддоггүй. Тиймээс хэзээ ч Бекхэм шиг зургаараа сурталчилгаа хийлгэж загвар өмсөхгүй.
ОХУ-ын Буриад Улсын төлөөлөгчид өнөөдөр айлчлалаар ирнэ
Нийслэлийн Засаг даргын тамгын газар ОХУ-ын Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга Носков Петр Лукич тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо айлчилна.  Зочид өнөөдөр 17.00 цагт Чингис хаан нисэх буудалд бууна. Энэ удаагийн айлчлалаар ОХУ-ын Буриад улс, Улаанбаатар хотын хооронд худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёл урлагийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрт  гарын үсэг зурах юм.   Улаанбаатар хот ОХУ-ын Буриад улстай 1995 оноос эхлэн найрамдалт харилцаа тогтоож хамтран ажилласаар ирсэн билээ.   Айлчлалын дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулж байна. Огноо Цаг Уулзалт Хаана 2013.11.07 17:00 Улаанбаатар хотод ирэх, зочид буудалд байрлах                               2013.11.08 08:30-09:00 НИТХ-ын дарга Д.Баттулгатай уулзана  /Уулзалтын “Б” танхимд/  09:00-09:30 Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Э.Бат-Үүл төлөөлөгчидтэй уулзана /Хангарьд ордон 14 давхар/ 09:30-10:00 Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа  /Хангарьд ордон 14 давхарт Ёслолын танхимд/ 10:00-10:30 Төлөөлөгчид өөрсдийн чиглэлээр дараах уулзалтуудад оролцоно:    Төрийн ордонд УИХ-ын гишүүн Д. Арвин  Б.Ц. Семенов нарын уулзалт    Носков П.Л. Будажапов С.П. нар ГХЯ-нд дэд сайдтай уулзах    Боловсролын сайдтай хамтран  ажиллах хэлэлцээрийг шинэчлэн зурах   12:00-14:00 Үдийн зоог   Төлөөлөгчдийг үдэх
Дуучин Ц.Хулан тоглолтоо хийнэ
Олноо жазз хэмээн өргөмжлөгддөг Улсын Филармонийн гоцлол дуучин, СТА Ц.Хулан өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байна.  “My world” хэмээх уран бүтээлийн тоглолтоо энэ сарын 11-ны 19:00 цагт Филармоний концертын танхимд ганцхан удаа хийж, дотоод ертөнцийн дуу хоолойгоо үзэгч олондоо хүргэх гэнэ. Тэрбээр “My world” тоглолтодоо гадаадын жазз болон өөрийн дуулсан кино, жүжгийн дуунуудаас дуулах аж. Тоглолтод урилгаар СТА Б.Цэдвээ, Т.Амина, Л.Насанбуян, Н.Наранбаатар болон “Voice group” оролцох юм байна.
Хүн төрөлхтөн 2100 он гэхэд одоогийнхоос гурав дахин их хог тарина
Хүн төрөлхтөн 2100 он гэхэд одоогийнхоос гурав дахин их хог тарина Ахуйн хог хаягдлыг бууруулахгүй, энэ маягаар явбал дэлхий дахин 2100 он гэхэд одоогийнхоосоо гурав дахин их хог тарьж, өдөрт л 11 тонн хаягдал гаргах талаар эрдэмтэд урьдчилан тооцоолжээ. Энэ талаар "Nature" сэтгүүлд бичсэн байна. АНУ-ын Ошава дахь Технологийн их сургуулийн хүрээлэнгийн эрдэмтэн Дэниэль Хурнвег болон түүний хамтрагчид хүн төрөлхтнийг яг энэ эрчээрээ хог хаяад байвал дэлхийн хог хаягдал ямар хэмжээнд очихыг тооцоолж, үүнээс гарах арга замыг эрэлхийлсэн байна. Хотжилт хог үүсгэдэг Дэлхийн хүн ам нэмэгдэх, хотод амьдрах хүмүүсийн TOO өсөхийн хэрээр хогны асуудал хурцаар тавигдаж эхэлжээ. 1900 онд дэлхий дээр хотын 220 сая иргэн (нийт хүн амын 13 хувь) амьдардаг байсан. Энэ үед өдөрт 300-аад мянган тонн хог л гардаг байв. Харин 2000 онд дэлхийн нийт хүн амын 49 хувь буюу 2.9 тэрбум нь хотод амьдардаг болж, өдөрт гурван сая гаруй хатуу хог хаягдал үйлдвэрлэх болжээ. 2025 онд энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ гэж Хурнвег болон түүний хамтрагчид үзэж байна. Хөгжилтэй орнууд технологийн хөгжлийнхөө ачаар 2050 оноос нөөцийг зүй зохистой ашиглаж эхэлнэ гэж судлаачид таамаглажээ. Жишээлбэл Япон улс л гэхэд өдгөө импортын бүтээгдэхүүнд өндөр үнэ тогтоож, уламжлалт соёлоо хадгалж үлдсэний нөлөөгөөр АНУ-ын нэг хүнд ногдох хогноос гурав дахин бага хаягдал гаргаж байна. Гэтэл Зүүн Азийн орнууд, ялангуяа Хятадад асуудал огт өөр байгаа аж. Эрдэмтдийн тооцоолсноор БНХАУ-д 2005 онд өдөрт 500 гаруй тонн хог гардаг байсан бол 2025 онд 1.4 сая тонн болтлоо нэмэгдэх магадлалтай байна. Зүүн Ази бол хог хаягдал хамгийн ихээр нэмэгдэж буй бүс бөгөөд 2025 онд энэ цолыг Өмнөд Ази (Энэтхэг), 2050 онд Африк, Сахараас өмнөд хэсэг энэ цолны өрсөлдөх төлөвтэй байна Хог хаягдлын оргил үе 2025 он Ерөнхийдөө дэлхий дахин 2010 онд өдөрт 3.5 сая тонн хог үйлдвэрлэдэг байсан бол 2025 онд энэ тоо зургаан саяд хүрнэ гэж эрдэмтэд таамаглаж байна. Хөгжингүй орнуудын хог үйлдвэрлэл 2050 он хүртэл, Ази, Номхон далайн бүсийн орнуудынх 2075 он хүртэл тогтмол өсөх болно. Үүний залгамж халааг өмнөд Африкийн бүс авах төлөвтэй байна. Харин дэлхийн хүн амын тоо тогтворжвол хотод суурьших нь багасч, нөөцийг бага ашиглах болно. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хог хаягдлыг дахин боловсруулах, нөөцөө хэмнэх, цуглуулсан хог хаягдлаа устгах нь гол асуудал юм. Үүнээс гадна Африкийн боловсролын түвшинг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжлийг стратегитайгаар төлөвлөх хэрэгтэй аж.
Леди Гага сансарт тоглолт хийнэ
Леди Гага сансарт тоглолтоо хийсэн анхны дуучин болохоор зэхэж байна Леди Гага сансарт тоглолтоо хийсэн анхны дуучин болохоор зэхэж байна. Тэрбээр 2015 онд 16 км-ийн өндөрт гарч, тоглолт зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Энэхүү тоглолтыг Нью-Мексико мужийн “Zero G Colony” наадмын үеэр шууд эфирээр дамжуулах гэнэ.  Сансарт хийгдэх тоглолт 2.5 цаг үргэлжлэх бөгөөд хөлөг онгоц 5-6 минутын турш жингүйдлийн байдалтай байх юм байна.  Нислэгийнхээ өмнө дуучин бүсгүй нэг сарын турш хоолойн тусгай дасгал хийх тухай “Твиттер”-ээрээ дамжуулан мэдэгджээ. Гэхдээ Леди Гага гэнэтийн тохиолдлын тусгай даатгал хийлгэхээ ч мартсангүй.  Энэхүү тоглолтын тасалбар нь аяллынхаа хамт 250 мянган ам.долларын үнэтэй. Хэдий үнэтэй ч үүнийг 450 гаруй хүн худалдан авахаар өргөдлөө өгчээ.
Twitter-ийн хувьцаа зарагдаж эхэллээ
Jack Dorsey (Twitter - Chairman), Biz Stone, Evan Williams, Dick Costolo (Twitter - CEO) Нью Йоркын цагаар Пүрэв гарагийн өглөөнөөс эхлэн Twitter компани анх удаа олон нийтэд хувьцаагаа (IPO) зарж эхэллээ.  Анхны нэрлэсэн нэгж хувьцааны үнэ 26 доллар байсан бол шууд 73% өсөж 45.10 доллараар зарагдаж эхэлсэн байна. Хөрөнгө оруулагчдын хувьд Twitter-ийн хувьцаа нэлээд эрэлттэй байгаа ажээ. Нөгөө нэг нийгмийн сүлжээний компани болох Facebook 2012 оны 5 сард IPO хийхэд 38 доллараас эхлэн 38.23 долларын хаалтын ханштай эхний өдрөө дуусгаж байсантай харьцуулахад сайн үзүүлэлт юм. Үнэ цаашид хэрхэн хэлбэлзэхийг харах л үлдлээ. Энэ талаар Twitter-т:  Твиттерийн хувьцаа ойрын хугацаанд идэвхтэй байх, цаашид үнийн түвшин буурахгүй гэж аналистууд дүгнэж байна. — MandalFund (@MandalFund) November 8, 2013
Төгсөх ангийн шалгалтыг хоёр удаа авна
Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны наймдугаар сарын 16-ны өдөр А/309 гэсэн тоот тушаал гарсан Энэ хичээлийн жилд боловсролын чанарын үнэлгээний журамд өөрчлөлт орсон билээ. Уг өөрчлөлтөөр  ямар давуу талууд бий болсон талаар Нийслэлийн боловсролын газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа. -Боловсролын чанарын үнэлгээний журамд өөрчлөлт орсон гэсэн. Энэ талаар тодруулаач? -Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны наймдугаар сарын 16-ны өдрийн А/309 гэсэн тоот тушаал гарсан. Тодруул­бал, ерөнхий боловсролын сур­гуульд суралцагсдын болон боловсролын чанарын үнэл­гээний журмыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхэлж төрийн болон төрийн бус өмчийн бүх сургуулиуд дагаж мөрдөх журам гарсан байгаа.  -Шинэчлэгдсэн журамд өмнөх журмаас давуу зүйлүүд байгаа юу? -Өмнөх журмаас ялгаатай нэг гол зүйл нь 1-3 дугаар ангийн хүүхдүүдийн эзэмшсэн мэдлэг чадвар амжилтыг үгэн үнэлгээгээр үнэлнэ. Тодруул­бал, дээд байвал маш сайн, дунджаас дээгүүр байвал хангалттай, дундаж байвал сайжирч байгаа, дунджаас доо­гуур байвал анхаарах шаард­лагатай байна гэсэн дөрвөн үгэн үнэлгээгээр үнэлэх бол­сон.  Тиймээс одоо багш нар маш сайн, хангалттай, сайжирч бай­гаа, анхаарах шаардлагатай гэ­сэн үнэлгээгээр үнэлж бай­гаа гэсэн үг. Харин 4-5 ду­гаар ангид гүйцэтгэлийн ху­виар бодож байгаа. Өөрөөр хэл­бэл, гурван жил сурчихсан хүүх­дүүдийг цаашид үнэлгээнд оруулж байгаа юм.  Тиймээс гүй­цэт­гэ­лийг хувиар тооцож үгэн үнэл­гээгээр үнэлж, хувийг нь бүхэл оноогоор дүгнэх болно. Тод­руулбал, 85-аас дээш байвал онц, 70-84 сайн, 55-69 хангалт­тай, 40-54 дунджаас доогуур, 25-39 дэмжлэг хэрэгтэй, 0-25 хувь байвал хангалтгүй гэж үнэлнэ. Тиймээс хүүхдүүдэд хувь тавихаас гадна үгэн үнэлгээг хамтад нь хэрэглэх болно.  -Дунд болон ахлах ангийн үнэлгээний журам нь бага ангийн үнэлгээнээс өөр байх уу? -6-9 дүгээр ангийн хувьд гүйцэтгэлийн хувиар тооцож үсгэн үнэлгээгээр үнэлнэ. Уг үнэлгээ нь хуучин уламжлалт байсан үнэлгээ юм. Сурагчдын мэдлэг чадвар амжилтын төвшнөөр нь дээд буюу 90-100 А, дунджаас дээгүүр 80-89 В, дундаж 70-79 С, дунджаас доош нь 60-69 D, хангалтгүй 0-59 хувь нь F гэсэн үнэлгээтэй болсон. Тиймээс өмнөх үнэлгээ дунд ангид хэвээр үлдсэн гэсэн үг.   Дунд ангийн хувьд нэг эрх олгосон нь сургууль дотоод хэрэгцээндээ 59 үнэлгээг хоёр шатлалтай хэрэглэж болохоор байгаа. Тодруулбал, 40-59 дэмжлэг хэрэгтэй, 0-39 хувь байвал онцгой анхаарах хэрэгтэй гэсэн эрхтэй болсон. Харин 10-12 дугаар ангид гүйцэтгэлийн хувиар тооцож үздэг болсон. Тодруулбал, 10-12 дугаар ангийг кридит 0-4 оноонд шилжүүлээд зуутын нарийвчлалаар гаргаж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, их дээд сургуульд байдаг үнэл­гээнүүдийг оруулж ирсэн. Тий­мээс оноонуудыг архиметик дунджаар голчийг нь үнэлээд дээд үнэлгээ буюу 90-100 хувийг дотор нь 97-100 А нэмэх, 93-96 А, 90-92 хувь байвал А хасах гэх зэргээр бүх төвшинг дотор нь гурван төвшинд хуваасан.  Нэг талаас хувь байгаа боловч нөгөө талаас голч дүн буюу архиметик дунджаар үзэж байгаа. Тиймээс сурагчид хамгийн дээд талын оноо нь дөрөв, хамгийн доод тал нь 0.33 оноотой байвал дундаж дүн авна гэсэн үг.  -Сурагчдын улирлын дүнг эцэг, эхэд нь мэдэгддэг болсон гэсэн үү? -Сурагчдын улирлын дүнгийн хуудастай болгосон. Энэ нь сурагчдын ахиц амжилтын үнэлгээг дүнгийн хуудсаар эцэг, эх, асран хамгаалагч нарт улирал бүрийн эцэст дүнгийн мэдээллийг хүргэх юм. Түүнчлэн улирлын үнэлгээг тооцохдоо хуучин зөвхөн мэдлэг чадвараар нь үнэлж байсан бол одоо арай өөр аргаар тооцож байгаа. Тодруулбал, ирц 10, явц 60, улиралын шалгалтын үнэлгээ 30 хувь байхаар тооцно.  Тиймээс тухайн сурагч хичээлээ таслаагүй бол шууд 10 хувь авна. Харин хүүхдүүдийн ахицийн төвшинд хичээлийн явцад нь багш нь өөрөө үнэлж 60 хувиар үнэлэх юм. Тиймээс сурагчид явцын болон ирцийн үнэлгээгээр улирлын эцэст 70 хувь авах боломж бүрдсэн. Энэ нь улирлын эцэст авдаг ганцхан шалгалтын савлагааг үүгээр арилгаж өгсөн. Явцын үнэлгээг хуучин зүгээр шалгалт авдаг байсан бол одоо нэлээд олон хэлбэртэй болгож өгсөн.  Тодруулбал, төсөлт ажил, даалгавар, аман болон бичгийн шалгалт гэсэн хэлбэртэй байж болно. Түүнчлэн улирлын шалгалтын үнэлгээг багш  өөрөө тогтоодог болсон. Өмнө нь улирлын эцсийн шалгалтыг сургуулиас авдаг байсныг багш өөрөө шалгалтынхаа сэдвийг боловсруулан шалгалтаа авч, үнэлгээгээ өгнө гэсэн үг.  Тиймээс багш тухайн сурагчийн мэдлэг чадварын ахицыг хэрхэн дээшлүүлэх эсэх асуудлыг өөрөө бүрэн хариуцах өргөн боломж нээгдсэн. -Улсын шалгалтын журамд өөрчлөлт орсон уу. Ахлах ангийн сурагчид хэдэн шалгалт өгөх вэ? -Бага ангид улсын шалгалтыг зөвхөн тавдугаар ангид авна. Монгол хэл, математик, бай­галь шинжлэл гэсэн гурван шал­галт авах юм. Суурь боловс­ролын шалгалтыг ес­дүгээр ангид авахаар бол­сон. Монгол хэл нэгдмэл агуул­гаар уран зохиол орно, ма­те­ма­тик, нэгдмэл агуулгаар бай­га­лийн ухаан, нийгмийн ухаан гэсэн дөрвөн шалгалт ав­на. Бүрэн дунд боловсролын шал­гал­таар монгол хэл, уран зо­хиол нэгдмэл, математик, бай­га­лийн ухаан, нийгмийн ухаа­ны хичээлээс сонголтоор, га­даад хэл гэсэн шалгалтууд ав­на.  Даш­рамд дуулгахад, Боловс­ро­лын үнэлгээний газраас тав, есдүгээр ангийн улсын шал­гал­тыг түүврийн аргаар шалгалт авна. Тиймээс бүх тав, есдүгээр ан­гийн сурагчид шалгалт өгөх­гүй гэсэн үг.  Харин 12 дугаар ан­гийн шалгалтыг улсаас ав­на. Гэхдээ 12 дугаар ангийн шал­гал­тыг хоёр удаа авдаг болсон. Өөрөөр хэлбэл, жилийн эцэст ч шал­галт өгч болно, хичээлээ дуусаа­гүй байхад ч өмнөх агуул­гаар шалгалт өгч болдог болсон.
"Гэртээ уйдаад сууж байснаас хамт олон дунд орж ажил хийх нь сайхан байдаг"
Хан-уул дүүрэгт байрлах Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны байр бидний хэлж заншсанаар 19-ийн ахуй үйлчилгээний төвийн хойно дунд голоор гараад байдаг. Ахуй үйлчилгээний төвөөс хойш зам хөндлөн гарч нарийхан бетонон гүүрээр гарч явган хүний зам ч байхгүй машин зам даган алхаж очдог энэ газар харааны бэрхшээлтэй, хараагүй хүмүүс яаж явж очдог нь үнэхээр сонин. М.Баясгалан: Үйлдвэрийн үйл ажиллагааг тэлж хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна Хараагүйчүүдийн холбооны ойр орчим, гадна талбай нь ч тэр энхэл донхол болсон газар байх ба хотоо бүхэлд нь биш юм аа гэхэд энэ хавийг нь ч болов хараагүй хүмүүс зорчиход тохиромжтой тохижуулаад өгч болдоггүй юм байх даа гэж бодогдлоо.   Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо дэргэдээ бариа заслын сургалтын төв, суралцагчдаа дадлагажуулдаг “Best massage-1” төвийг ажилуулдаг бөгөөд тус  массажны төвөөр үйлчлэгчдийн тоо өдөр ирэх тутам нэмэгдсээр байгаа  гэнэ. Сургалтад хамрагдаж 2-3 жил  тус төв дээр ажилласан бариачид салбарлан гарахад хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олдох боломжтой ажээ. Одоогийн байдлаар ингэж салбарлан гарсан “Best massage”-ийн 17 салбар үйл ажиллагаагаа явуулж байна. Д.Хадхүү: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн корпораци”-ийг байгуулахаар төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Мөн 1964 онд байгуулагдсан хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын үйлдвэрт эсгий эдлэл, монгол гэр, сав баглаа боодол, цахилгаан монтажны хэрэгслийн угсралт болон тавилга үйлдвэрлэдэг бөгөөд 130 ажилтантайгаас 90 нь хараагүй иргэн юм. “Энэ үйлдвэр харааны бэрхшээлтэй болон хараагүй иргэдийг ажлын байраар хангах гол түшиц газар болон ажилласаар байгаа. Цаашид тус үйлдвэрийн үйл ажиллагааг тэлж хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна” хэмээн Хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн М.Баясгалан ярилаа. Энд ажилладаг хараагүй иргэдийн хувьд 200-800 мянган төгрөгийн цалин авдаг бөгөөд үүн дээрээ нэмээд группийн мөнгөө аваад болоод байдаг. Зүгээр гэртээ уйдаад сууж байснаас хамт олон дунд орж ажил хийх нь сайхан байдаг тухайгаа хэлж байлаа. Хөдөлмөрийн яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 2012-2013 онд хараагүй иргэдийг хөгжүүлэх, ажлын байраар хангах ажилд нийт 201,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд шинээр 91 ажлын байр бий болсон байна.  “Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яамтай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн корпораци”-ийг байгуулахаар төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа талаар Хөдөлмөрийн яамны ахлах мэргэжилтэн Д.Хадхүү хэллээ. Уг төслийн баримт бичигт урьдчилсан байдлаар 850 ажлын байр бий болгох 5,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай 10 жижиг дунд үйлдвэр байгуулагдахаар тусгагдсан байна. Ирэх сарын 3-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болно. Энэ өдрийг угтаж Хөдөлмөрийн яамнаас олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа юм байна. Тухайлбал өнөөдөр хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрт эсгий эдлэл, монгол гэр, сав баглаа боодол, цахилгаан монтажны хэрэгслийн угсралт болон тавилгын үйлдвэрт очиж үйл ажиллагаатай нь танилцсан юм.
Хуурай боомтын хэлэлцээрт Монгол Улс нэгдлээ
Зам, тээврийн сайд А.Гансүх Зам, тээврийн сайд А.Гансүх Тайланд Улсын Бангкок хотод НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг нийгмийн комиссоос зохион байгуулж буй Азийн тээврийн сайд нарын хоёрдугаар чуулга уулзалтад оролцож байна. Буурай хөгжилтэй болон далайд гарцгүй хөгжиж буй орнууд, хөгжиж буй арлын орнуудын өмнө тулгамдаж буй асуудлаар Ази, Номхон далайн эдийн засгийн нийгмийн комисс нь нийт 69 удаа чуулаад байгаа бөгөөд чуулганы хүрээнд Азийн Тээврийн сайд нарын уулзалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Сайд А.Гансүх далайд гарцгүй Азийн 27 орны хуурай боомтын нэр бүхий “Олон улсын Хуурай боомтын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газар эрх олгосноор өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрт Азийн Автозам, Транс-Азийн Төмөр замын сүлжээг өргөжүүлэх үр ашигтай, нэгдмэл, тээвэр, ложистикийн системийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон хуурай боомтуудын үүрэг, ялангуяа далайд гарцгүй, улсуудын онцгой хэрэгцээ шаардлагыг харгалзсан болно. Энэхүү хэлэлцээрт Монгол Улсаас Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар хотуудыг Олон Улсын хуурай боомт болгохоор тусгасан байна.
“МИАТ”-ийн хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянана
Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, Ч.Суурь­тогтох, Г.Саранчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг өмгөөлөгч на­рынх нь гаргасан гомдлыг үндэслэн өнөөдөр дээд шүүхэд хянан хэлэлцэнэ.  МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэ­­билэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарын зургаан хүний хэр­гийг өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Нийслэлийн шүүхээс хэлэл­цэж, шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүх хууль зөв хэрэглэсэн, яллаг­даг­чид хууль ёсны дагуу ял оног­дуулсан хэмээн үзэж, хэ­вээр баталсан билээ. Тодруулбал анхан болон давж заалдах шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэ­билэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12.1 жил, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13.1 жил, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Мон­голиан эйрлайнс” группын за­хирал асан Ч.Суурьтогтоход 10.1 жил, 1997-2007 онд “Голомт” банкны зургаадугаар салбарын захир­­лаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон билээ.
Иргэд анх удаа Нийслэлийн төсөвт саналаа өглөө
2014 оны төсвийн төсөлд өрх бүрээс санал авахаар нийслэлийн 152 хороогоор дамжуулан 11 сарын 5,6-ны өдрүүдэд саналын хуудас тараасан. Хуваарийн дагуу иргэдийн бөглөсөн саналын хуудсыг цуглуулан, автомат машинаар уншуулах ажил эхэллээ.  Хорооны ажилчид саналын хуудсаа цуглуулж, нийслэлийн ЗДТГ-т байрлах “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах дэд хэсэгт хүлээлгэн өгөх бөгөөд 11 сарын 10-ны өдрийг дуустал  иргэдийн саналыг автомат машинаар уншуулж, нэгтгэнэ. Харин нэгтгэсэн мэдээллээр хамгийн олон санал авсан ажлуудыг эрэмблэн жагсаасны дараа энэ сарын 11-13-ны өдрүүдэд хороо бүр дээр “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэгийг зохион байгуулна. Энэ хэлэлцүүлгээр тухайн хорооны өрх бүрээс ирсэн саналыг хэлэлцэж, Нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд оруулах юм.
Apple-ын домогт дизайнер Жони Айвын тухай таны мэдэхгүй 10 баримт
Apple компаний домогт дизайнер Жони Айв бол маш сонирхолтой хүн. Түүний шийдлээр л Apple-ын бүтээгдэхүүнүүд хэлбэрээ олж олон сая хүнийг байлдан дагуулдаг юм. Түүний Британий дизайн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Английн хатан хаан хүлэг баатрын хэргэм олгож байсан. Ингээд түүний тухай хэн бүхний мэдээд байдаггүй баримтуудтай танилцъя. Айв бол аавынхаа үйл хэргийн үргэлжлэл. Түүний эцэг Майк Айв нь мөнгөний дархан байсан ба үлдээсэн өв нь Британий дизайн урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсан юм. Энэ уламжлал маш олон сайн дизайнеруудыг төрүүлсэн. Тэдний нэг Жони Айв билээ. Тэр оюутан байхдаа гар утас, бас цагны загвар бүтээж байсан. Нэгэн профессорын дурссанаар тэр бүр оюутан ахуй цагтаа өнөө үеийнхтэй төстэй загвартай маш нимгэн гоёмсог гар утасны дизайн бүтээж байжээ. Төгссөнийх нь дараах анхны ажил нь жорлонгийн суултуурын дизайн байсан. Гэхдээ энэ төсөл нь бүтэлтэй болоогүй. 1989 онд Tangerine дизайны компанид ажилд ороод эхний захиалга нь жорлонгийн суултуур байж. Гэтэл гаргасан зураг нь бүтээхэд хэтэрхий үнэтэй гэсэн шалтгаанаар захиалагчийн талаас цуцлагдаж байжээ. Жони, Стив Жобсыг эргэж ирэх үед Apple-аас гарахаар шийдсэн байжээ. Түүний босс байсан Жон Рубенштейн Жониг ятгаж, Apple тун удахгүй өөрчлөгдөж дэлхийг өөрчлөх тухай ухуулснаар үлдэж байсан гэнэ. Айв л Apple-ын бүтээгдэхүүнүүдийг цайвар өнгөтэй болгоход голлон нөлөөлсөн юм. Анхандаа Стив Жобс цагаан өнгийг эсэргүүцдэг байсан гэнэ. Харин Айв л түүнийг ухуулж сэнхрүүлж чадсан ажээ. Жони техно хөгжмийн фанат. Apple-ын дизайны студиэс ихэнхдээ техно хөгжим нүргэлж байдаг гэнэ. Тэр л ганцаараа маш нууцлаг хувийн оффист суудаг. Түүнийг нь “шилэн шоо” гэдэг. Тэр өрөөнд нь зөвхөн ширээ, сандал, ширээний гэрэл байдаг ба өөр элдэв зүйлс тэр байтугай гэр бүлийн зураг ч байдаггүй гэнэ. Энэ оффис нь тун хатуу нууцлалтай ба Apple-ын зарим дээд захирлууд ч шагайх эрхгүй аж. Айв юу хийж байгаагаа эхнэртээ ярих эрхгүй. Бусад бүх дизайнеруудынхаа нэгэн адил тэр ажил дээрээ гэр бүлийнхнийгээ нэвтрүүлэх эрхгүй гэнэ. Айв бол Стив Жобсын 2004 онд хийлгэсэн хүнд хагалгааныхаа дараа уулзахыг хүссэн хоёрхон хүний нэг. Нөгөөх нь Жобсын эхнэр Лорен байсан байна. Түүнтэй ажилладаг бүх хүмүүс түүнийг Apple-ын CEO болох тухай огт боддогүйг баталдаг. Тэр бол зөвхөн дизайнер. Тэр компанийг хэрхэн удирдах тухай асуудлыг  огт сонирхдоггүй гэнэ.
“Учиртай гурван толгой” дуурьтай
Энэ бямба гаригт Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн зохиол, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн цомнол болох “Учиртай гурван толгой” дуурь эгшиглэх нь. Гурван бүлэг, таван үзэгдэлт энэхүү бүтээлийн үйл явдал Юндэн, Нансалмаа, Хоролмаа, Балган дөрвийн дунд өрнөдөг билээ. Дуурьт тэдний үнэнч дурлал, атаа хорсол эцэст нь эмгэнэлт явдал болон төгсдөг тухай өгүүлдэг. Та “Учиртай гурван толгой”-д саатахыг хүсвэл 17:00 цагт дуурийн театрт зочлоорой.
“АВЛИГЫН ЭСРЭГ” сэдэвт фото зургийн уралдаан зарлалаа
Залуусын оролцооны төрийн болон төрийн бус байгууллагууд “Бид авлига авахгүй, өгөхгүй” гэсэн уриалгыг дэвшүүлээд байгаа. Учир нь нийгмийг авлигаас ангид байлгахад залуус бидний оролцоо хамгаас чухал юм. Тиймээс Монголын залуучуудын холбооноос “АВЛИГЫН ЭСРЭГ” сэдэвт фото зургийн уралдаан зарлалаа. Уралдааны зорилго нь нийгэм дэх ашиг сонирхлын зөрчил, авлига, шудрага бус байдлын эсрэг залуусын дуу хоолойг олон нийтэд хүргэх, үүсэж буй үр дагаваруудыг ил тод харуулахад орших аж. Ингээд уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доор сийрүүлье.  ХУГАЦАА: • Бүтээлийг хүлээн авах: 2013.10.22-2013.11.15 • Олон нийтэд хүргэж санал авах: 2013.11.16-2013.11.26 ШАЛГАРУУЛАЛТ: • Олон нийтийн саналаар шилдэг 10-н оролцогч шалгаруулна./like-1 оноо, share-2 оноо/ • Шүүгч нарын саналаар эхний 3-н байрыг шилдэг 10-н оролцогчоос сонгон шалгаруулна ХАМРАХ ХҮРЭЭ: • Хүссэн хүн бүр ЗУРГАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА: • Ашиг сонирхол, Авлигын эсрэг санаатай байх • Аппарат, Гар утас ямарч хэрэгслээр авсан байж болно. • Фото зургын авлигын эсрэг үйл ажиллагаанд ашиглахыг зөвшөөрсөн байх. • Нэг оролцогч дээд тал нь хоёр фото зураг явуулж болно. • Зохисгүй агуулга хэн нэгний нэр төрд халдсан байж болохгүй. Бүтээлийг явуулахдаа дараах мэдээллүүдийг заавал хавсаргасан байна.  /Фэсбүк хаяг, Мэйл хаяг, Утасны дугаар/ ФОТО ЗУРАГ ХҮЛЭЭН АВАХ: • Оролцогчид өөрсдийн материалаа event@myf.mn хаягаар 2013.11.15-ны дотор ирүүлэх.
Хятадад 64 сая хоосон орон сууц бий
Хятад улс дэл­хийн гол үйлдвэрлэгч орон болж, АНУ-ыг ардаа хаясан байна Энэ долоо хоногт эдийн засагтай холбоотой нэгэн гайхалтай мэдээлэл гарчээ.  Тодруулбал Хятад улс дэл­хийн гол үйлдвэрлэгч орон болж, АНУ-ыг ардаа хаясан байна. Тус улсын эдийн засгийн өсөлт маш хурдацтай яваг­даж байгаа хэдий ч тааламжгүй дүр зураг ч ажиглагдах болжээ. Хятадад өдгөө 64 сая орчим орон сууц эзнээ хүлээн хоосон байгаа аж. Эдгээр байрыг иргэд худалдан авах чадваргүй байхад л барилгын ажил үргэлжилсээр байгаа гэнэ. Ийнхүү тус улсад үл хөдлөх хөрөнгийн хэт их үйлдвэрлэл бий болсон байна.
ГЕГ-ын ахлах байцаагч С.Норжинсүрэн хүүгийнхээ хар тамхи зөөснийг мэдэхгүй гэв
Хар тамхи хилээр оруулахыг завдсан Б.Бадрал гэгчийн эцэг нь цагдаагийн байгууллагад том алба хашдаг бололтой Өнгөрсөн сарын сүүлээр буюу 30-нд Дорноговь айм­гийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боом­тоор Монгол Улсын иргэн Бадрал гэгч “Marlboro” тамхины хайрцагт 0.917 грамм “ICE” буюу мөс гэх боди­сыг хилээр оруулахыг завдаж улмаар түүнийг саа­туулан шал­гаж хорьсон тухай бид мэдээлсэн.  Хамгийн гол нь хар там­хи оруулахыг завд­сан Бадрал нь Гаалийн Ерөн­хий газрын Хяналт шинжилгээ мониторингийн газ­рын Гаа­лийн ахлах бай­цаагчаар ажилладаг С.Нор­жин­сүрэн гэх эмэгтэйн хүү аж.  Түүнчлэн зарим эх сур­валжууд Бадралын аавыг цагдаагийн байгууллагад на­саараа ажилласан томоо­хон албан тушаалтан гэд­гийг ч хэлж байв.  Бадрал нь дээрх үйлд­лийн улмаас саа­туулагдах арга хэм­жээ авагдаад бай­сан ч маш хурдан батлан даалтад гарсан байна. Энэ нь өндөр албан тушаалтай гэгдэх эцэг нь нөлөөлсөн гэх хардлагыг төрүүлээд байгаа юм. Энэ бүхнээс харахад гаа­лийн ажилтнуудын хүүх­дүүд удаа дараа иймэрхүү хууль бус үйлдэл хийсэн юм биш биз гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байна. Гаалийнхан өөрсдөө ч энэ хэргийн талаар мэдэхгүй байна Дээрх хэргийн талаар ГЕГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираас асуухад “Бид мэдээгүй, сон­­соогүй, хэр­вээ манай бай­гууллагад ажилладаг хүний хүүхэд хар тамхи оруулахыг завд­сан бол бидэнд хам­гийн түрүүнд хуулийн бай­гуул­­лага мэдэгдэх ёстой” гэсэн сонин тайлбар өгсөн. Тэгэхээр энэ хэр­гийн талаар гаалийнхан ч өөрс­дөө мэ­дээгүй гэсэн үг.  Түүнч­лэн С.Норжин­сүрэн хүү­гээ илт өмөөрч байсан талаар түүний ойрын хүмүүс шивэр авир хийж байсан юм. Бад­ралыг Замын-Үү­дийн хи­­лээр орж гарах­даа байнга ээжийнхээ нэ­­рийг барин ямар ч шал­­галтгүйгээр орж гарч бай­даг талаар тус гаа­лийн нэ­гэн ажилтан ам алдсан юм. Түүнийг иргэдээс ирүүл­сэн мэдээллийн дагуу барьж саатуулсан гэж бай­гаа ч үнэн хэрэгтээ Хил хамгаалах Ерөнхий газ­­рын Хилийн тагнуулын албаныхан овоо хараандаа авсны улмаас түүнийг энэ удаагийн үйлдэл дээр нь саатуулжээ. Түүнчлэн эл шалгалтыг ХХЕГ-ын Хилийн тагнуулын алба, УМБГ, ЭЦГ гэх гурван газрын хамтарсан шал­галтаар ямар ч гарах гарц­гүйгээр барьж илрүүлсэн нь энэ аж. Харин зарим эх сур­валжууд гурван газрын хам­тарсан шалгалт байсан тул­даа энэ хэрэг илэрлээ түү­нээс зөвхөн гаалийн бай­­­гуул­лага шалгасан бол илрэх­­гүй байсан гэж хэлж байв.  Шалгалтынханд ба­ригд­­­сан даруйдаа Бадрал БНХАУ-ын Эрээн хотоос “ICE” буюу мөс гэх бодисыг худалдан авч Улаанбаатар руу аваачиж өгөх ёстой бай­сан гэдгээ хүлээсэн аж.  Тэгэхээр дээр дурьдсанч­лан гаа­лийн а­жилтны хүүх­­дүүд хар там­хи, мансуу­руу­­лах боди­сыг өөрсдөө ч хэрэглэж цааш нь зарж бор­луулан зөөвөр­лөдөг томоохон бүлэглэлийг бий болгосон байж магадгүй хэмээн ал­ба­­ны эх сурвалжууд ч онцлон хэлж байсан юм.  Эл хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажил­тан, цагдаагийн ах­мад Ё.Лхагвасүрэнгээс тод­­руулахад “Хэргийг харьяал­лын дагуу УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэл­тэст шилжүүлэн шал­гаж эхэлсэн.  Түүнд Эрүүгийн хуу­лийн тусгай ангийн 188.2-т зааснаар хэ­рэг үүсгэн шалгаж бай­гаа. Тус зүйл ангид хар там­­хи, мансууруулах буюу хор­дуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Ул­сын хилээр нэвтрүүлсэн бол 5-10 жил хүртэлх хуга­цаагаар хорих ял шийт­гэнэ хэмээн заасан байдаг. Үүнээс өөр тодор­хой мэдээлэл өгөх бо­ломж­гүй” гэв.  Мөн бидэн рүү нэгэн иргэн утас цохиж өөрийгөө Замын-Үүдийн хилээр байн­га гарч арилжаа наймаа хийдэг Р.Цоодол гэгч байна хэмээн танилцуулсан юм. Тэрбээр “Ах нь 14 хоноод урагшаа гардаг ажилтай хүн. Ер нь Замын-Үүдээр гаалийн байгууллагынхны маш олон танил талын ачаа шалгалтад орохгүйгээр шууд гардаг нь үнэн шүү дээ.  Үүнийг хүн болгон хэлэх байх. Бид авсан ачаа бараагаа шалгуулах гэж яаж зүдэрдэг билээ. Тэгэ­хэд гаалийнхны гэсэн тодотголтой ачаа шууд л ногоон гэрлээр гардаг. Энэ мэтээр хэчнээн их хууль бус наймаа орж ирснийг хэн ч мэдэхгүй шүү дээ.  Өнөөдөр би өглөө хилээр орж ирэхэд ачаа бүрийг нэг бүрчлэн шалгаж байна билээ. Гаалийнхан их л хууль бус зүйл хийдэг нөхдүүд учраас үр хүүхэд нь иймэрхүү зүйл хийж байгаа нь ганц үнэн шүү дээ.” гэв.  Түүнчлэн Замын-Үү­­дийн байцаагч нар гаальд алба хашдаг хүмүүсийнхээ ах дүү амраг садан болон үр хүүхдийг шалгадаггүй гэж байгаа юм. Ямартай ч дээрх хэргээс болж Гаалийнханы чих нэ­лээн халууцаж тэднийг ч хуулийн байгууллага ан­хааралдаа авч холбогдох хү­мүүсээс нь мэдээлэл хүртэл цуглуулсан юм билээ.  Харин хамгийн сүү­лийн мэдээллээр мөрдөн байцаалтын явцад БНХАУ-ын Эрээн хотоос уг хар тамхийг тосон авч, Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боом­тоор нэвт­рүүлэн улмаар Улаан­баа­тар хот руу хүргэх үүрэг­тэй тээвэрлэгч хэмээн мэ­дүүл­сэн байна. Тиймээс түү­­ний мэдүүлгийн дагуу цагдаа­гийнхан хэнээс авсан, Улаанбаатар хотод хэн гэдэг хүнд хүргэн өгөх байсан зэр­гийг тодруулахаар ажиллаж бай­гаа юм. Ер нь Замын-Үүдийн боом­тоор маш их хууль бус явдал гарч байсан. Тухайлбал өн­­гөрсөн онд гаалийн нэр бү­­хий ажилтнууд бүрдүү­лэл­тийг хуурамчаар хийж, их хэмжээний самар хи­лээр гар­гах гэж байсныг цаг­даа­гийнхан илрүүлсэн.  Мөн Дархан- Уул аймгийн Гаалийн газрын ажилтнууд БНСУ- аас авто­машин оруулж ирдэг ир­гэнээс их хэм­­жээний авлига авч бен­­зин хөдөлгүүртэй авто­машинуудыг нь хийн хөдөл­гүүртэй болгон өөрчилж онц­гой албан татвар аваагүй гэх хэрэгт холбогдсон гээд олон жишээг дурьдаж болно. Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодис оруулж ирэх явдал маш их болсон. “Уг нь Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй хэмээн гаалийн байцаагч нар хя­налт тавин ажилладаг ч энэ төр­лийн хэр­­гийг бараг илрүүлж чад­­даггүй, илрүүлэхийг ч хүс­дэггүй” гэж олон нийт харддаг. Харин Хил хам­гаа­лах, тагнуул, эрүүгийн цаг­даагийн ажилт­нууд тэд­­ний илрүү­лээгүй олон хэргүү­дийг ил­рүүлдэг гэхэд хилс­дэх­гүй болов уу. Товчхондоо Замын-Үү­­дэд гаа­лийнхан албан үү­­рэг­тээ хайнга хандаж та­­нил талын харьцаа үүс­гэсний улмаас өнөөдөр Норжинсүрэнгийн хүү Бад­рал гэгч дээрх хэргийг үйл­дэх болсны тод жишээ нь энэ болов уу.
Чой Юн Хо: Монголын теннисчид медальд ойрхон байна
Ширээний теннисний дэлхийн чансааны хэсэг тус бүрт 24 улс гаргасан амжилтаараа эрэмбэлэгддэг. Танай шигшээ баг “С” группын /хэсэгтээ/ гуравт бичигддэг Ширээний теннисний спортод хэзээнээс ноёрхсон БНХАУ-ын хүчирхэг баг дэлхийн хошой аварга Гү Юу Ха, Ян Гурян, Чин Шинь Ха нарыг 1978 оны ДАШТ-д дараалан ялсан тамирчин бол БНАСАУын дасгалжуулагч Чой Юн Хо.  Өнгөрсөн зууны спортын түүхэнд нэрээ мөнхжүүлсэн алдрын эзэнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр өдгөө Монголын ширээний теннисний залуу тамирчдыг бэлтгэж чансааг нь ахиулах зорилготой ажиллаж буй.  Нүдний хараа хурц, хурдан хөдөлгөөнтэй байвал сайн теннисчин болохын шинж. -Хагас жил бэлтгэгдсэн таны шавь нарын ур чадвар хэр ахисан бол эндээс ярилцлагаа эхэлье?  -Миний энд ирсэн гол зорилго бол Монголын теннисчдийн одоогийн чансааг ахиулж цаашлаад хэсгийнхээ эхний байранд тогтвортой үлдэхэд нь дэм болох явдал. Ширээний теннисний дэлхийн чансааны хэсэг тус бүрт 24 улс гаргасан амжилтаараа эрэмбэлэгддэг. Танай шигшээ баг “С” группын /хэсэгтээ/ гуравт бичигддэг гэсэн. Манай шавь нарын ур чадвар өдөр ирэх тусам ахиж байгаа.  -Монголын теннисчдийн суурь бэлтгэлийг өөрчлөх нь зөв үү. Энэ тал дээр манай спортын мэргэжилтнүүд санал зөрөлдөх нь бий. Зөвлөх дасгалжуулагчийн хувьд та юу хэлэх вэ?  -Дасгалжуулагч хүн шавьдаа бүгдийг хэлж өгөх албагүй. Хамгийн гол нь зөв системтэй бэлтгэлд тамирчдыг хурдан дасгах нь чухал. Тиймээс би суурь бэлтгэлийг өөрчлөх тал дээр санал нэгдэнэ. Монголын тамирчдын суурь бэлтгэлийг зөв гольдролд оруулахад цаг их орно.  -Тодруулбал?  -Ойролцоогоор 10 жил. Тогтвортой амжилт үзүүлэхийн тулд тамирчин хүн үүнээс ч илүү хугацааг золиосолж мэднэ шүү. Давуулалт, хөлийн шилжилт хөдөлгөөн, довтолгоо гэсэн гурван чухал техник тааруугаас танай тамирчдын амжилт ахихгүй байгаа юм. Энэ сул талыг хурд, хүчний эрчимтэй дасгал хөдөлгөөнөөр ирлээд өгвөл Монголын теннисчдэд медальд хүрэх шиг амар зүйл алга.  -БНАСАУ-ын тамирчид тусгай өндөржүүлсэн бэлтгэл хийдгээрээ онцлогтой. Бас үүгээрээ ялгардаг. Шавь нар чинь таны үндсэн бэлтгэлд хэзээнээс орох вэ?  -Бэлтгэлийн ачааллыг нэмэх тухай одоо ярихад эрт байна. Хойд Солонгост эцэг, эхчүүд нь хүүхдүүддээ теннис зааж өгөхийг надаас аминчлан гуйдаг. Гэтэл энд байдал эсрэгээрээ юм. БНАСАУ-ын хүүхдүүд бэлтгэлдээ маш идэвхтэй оролцдог. Бэлтгэлээ таслах , чөлөө авах асуудал ер гардаггүй. Чөлөө өгөх нэг л шалтгаан байдаг.  Тэр нь өвчний акт. Өвчтэй гэж ярьсан болгоны үгэнд ороод акт өгчихдөггүй. Тун хатуу. Шаардлагатай гэж үзвэл тухайн тамирчныг эмчийн үзлэгт оруулна. Тэндээс гарсан шийдвэрийг тамирчны багш, дасгалжуулагчтай нь ярилцаж байж сая нэг олгох жишээтэй. Танай улсын спортын талбар дахь дэглэм дэндүү сул байгааг хэлэхгүй өнгөрөх аргагүй.  -Хуучны хүн гэсэндээ аргагүй л зангарагтай ярьж байна шүү?  -Надад итгээд үз. Би тэднийг өөрчилж чадна. Зорилгоо биелүүлээгүй цагт би эндээс явахгүй.  -Таныг сургалт явуулахад юу ихээр бухимдуулав?  -Уг нь зааланд бэлтгэл хийж байхад ялааны чимээ ч гарах ёсгүй, тийм үү. Гэтэл сургалтын дундуур үл таних нөхөр шавь нарын маань нэгийг дуудан хээв нэг ярьж сууна. Багшаас чухал хүн тэр зааланд байдаг гэж үү. Миний ойлгодгоор багш хүн тухайн зааланд хамгийн их эрх мэдэлтэй нь, ёстой л “хаан”-ы эрэмбэтэй байх ёстой. Товчдоо бол спортод хүндэтгэлтэй хандах чанар дутагдаж байна.  -Таны отгон шавь нар өнгөрсөн жил Парист болсон ДАШТ-ий холимог хосын төрөлд алтан медаль хүртсэн. Нэг үгээр хэлбэл таны туршлага, эрдэм чадал манай тамирчдад алт шиг үнэ цэнэтэй. Та Монголд ажиллах саналыг хэрхэн хүлээж авсан бэ?  -Солонгост ширээний теннисний спорт өндөр хөгжсөн. Тиймээс нутагтаа ажиллахад амар байдаг. Намайг Монгол руу явахыг сонссон найз нар маань гайхсан харцаар үдсэн. Яагаад гэвэл Монголд теннисний спорт хожуу хөгжсөн учраас тэр. Тамирчид нь туршлага тааруу. Гэхдээ болгоно гээд зүтгэвэл болгож л таарна.  БНАСАУын дасгалжуулагч  Чой Юн Хо -Таны шавь нараас өндөр амжилт гаргах хүүхэд хэд байна вэ?  -Эрэгтэй, эмэгтэй нийлсэн хоёр, гурван хүүхэд бий.  -Тэдний сул талыг хэлбэл?  -Монголын теннисчдийн өөртөө итгэх итгэл нь дэндүү хэврэг. Үлээхэд унтрах лааны амь шиг. Гэхдээ тэд нарт буруу өгөх хэрэггүй. Яагаад гэвэл шавь нарт маань үлгэрлэн дууриах баатар алга. Олимп, дэлхийн аварга байдаггүй юм аа гэхэд тивийн тэмцээнээс медаль хүртсэн тамирчин Монголд байна уу.  -Тэгээд та тэдний сэтгэлийн галыг юугаар өдөөх гэж байна даа?  -Би долоон настайгаасаа теннисний спортоор хичээллээд таван жилийн дараа улсынхаа армийн шигшээ багт орсон. Нэр хүндийн хэрэг. Үндэсний шигшээ багт 14 жил бэлтгэгдсэн. 17 насандаа улсынхаа шилдэг тоглогч нь болж чадсан. Олон улсын тэмцээнээс 16 алт, 14 мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн байдаг. Үүнээс Азийн аваргын алт, хүрэл медальтай. Тэгэхээр шавь нар маань багшаараа бахархаж, үлгэрлэх байлгүй дээ. Намайг ид тоглодог байхад олимпийн хөтөлбөрт теннис хараахан ороогүй байсан.  -Таны оргил амжилт, санаанаас гардаггүй тэмцээн гэвэл?  -1978 оны Бангкокийн Азийн аварга юм даа. Тэр тэмцээнд Хятадын гурван тамирчныг ялж алтан медаль авсан. Энэ амжилтаараа би алдартай. Тиймээс монгол шавь нар маань надаар бахархаж үлгэрлэвэл ямар вэ.  -Та БНАСАУ, БНСУ-ын ширээний теннисний хоёр багийг удирдан олимпийн наадамд нэгэн тугийн дор оролцохдоо алтан медалийг авч байлаа. Гайхалтай амжилт шүү?  -Эргэн дурсах бүрт сайхан мэдрэмж төрдөг. Нэг хүн шиг санаа зорилготой оролцох нь тэмцээний бэлтгэлээс ч хэцүү байлаа. Гэвч бид чадсан. Бид олимпод алтан үсгээр амжилтаа мөнхжүүлсэн. Ийм боломж дахин гарахгүй л болов уу.  -Хоёр улсын тамирчид бэлтгэл дээр үл ойлголцох явдал гарч байв уу?  -Олимпод оролцох, тэгээд амжилт гаргах хэчнээн хэцүү гэдгийг та гадарлах байх. Тиймээс энэ тухай дэлгэрэнгүй ярих хэрэггүй юм биш үү. Уучлаарай.  -Өмнөд Солонгосынхон тус тэмцээний талаар нэгэн сонирхолтой кино бүтээсэн. Та үзсэн үү?  -Гоё кино болж гэдгийг хүмүүсээс олж дуулсан. Манайхан ч бас тэр тэмцээний талаар сонирхолтой кино хийсэн шүү дээ.  -Сайн тамирчин болох хүүхдийг юугаар шинжиж болдог вэ?  -Нүдний хараа хурц, хурдан хөдөлгөөнтэй байвал зүгээр. Тэгээд бас сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Хятадын шигшээ баг яагаад олон жил тогтмол амжилттай явна вэ. Маш энгийн. Тэд бэлтгэл дээр теннисний бөмбөгөөр таван мянган удаа харилцдаг гэнэ лээ. Зүгээр ч харилцахгүй. Эргэлттэй, хүчтэй, хурдтай гэсэн техникийг өдөр бүр давтдаг гээд боддоо.  -Таны насыг сонирхож болох уу?  - 58 хүрч байна. Туршлага ур чадвар түүнээс илүү /инээв/.  -Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхан бүхнийг хүсье?  -Баярлалаа.
"Монголын Роналдиньо" Тайландын мэргэжлийн багт шалгуулна
Монголын хөлбөмбөгийн  шигшээ багийн довтлогч  Алтанхуягийн Мөрөн Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Алтанхуягийн Мөрөн Монголын хөлбөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ. Өдгөө 24 настай түүний хувьд Тайландын мэргэжлийн хөлбөмбөгийн баг болох “Рингсит”-д шалгуулахаар нөгөөдөр эх орноосоо мордох гэж байна. Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулиас хөлбөмбөгчний гараагаа эхэлсэн “Дуулиан-2020” анхны тэмцээний шилдэг тоглогч А.Мөрөн Монголын шигшээ багт тоглохоос гадна өдгөө АНУ-д суралцдаг. “Монголын Роналдиньо” хочит түүний хувьд үргэлж мэргэжлийн хөлбөмбөгийн багт тоглох боломжийг эрэлхийлдэг байсан гэнэ. Энэ нь биеллээ олох цаг ойрхон болжээ. А.Мөрөн нөгөөдөр Тайландыг зорьж, очсон өдрийнхөө маргаашаас гурван долоо хоногийн турш шалгалт өгөх аж. Монголын хөлбөмбөгчин А.Мөрөнг Тайланд явах боломжийг нээж өгсөн ачтан нь Японы бизнесмэн. Хүүхдийн хөлбөмбөгийн клубийн ерөнхийлөгч Такаши Моримото юм. Учир нь Моримото нь жилийн турш түүний тоглолтын бичлэгийг дэлхий даяар хөлбөмбөгийн клубүүд рүү илгээсэн байна. Эцэст нь Тайландын “Рингсит” клубээс хариу ирж, тэрбээр тус багт шалгалт өгөхөөр болсон юм. Ноён Такаши Моримото манай хөлбөмбөгчний тухай ярихдаа “Мөрөн авьяаслаг тоглогч тиймээс мэргэжлийн тоглогч болж чадна. Би түүнийг мөрөөдлөө биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Харин Тайландын “Рингсит” клубийн ерөнхий дасгалжуулагч Японы иргэн Ёошиаки Марүяма хэлэхдээ “Би туүний тоглолтын бичлэгийг үзсэн. Тэр сайн техник болон бөмбөг эзэмших чадвартай байсан. Би Мөрөнг сайн тоглогч гэж бодож байна. Түүний тоглолтыг хармаар байна. Хэрэв тэр сайн тоглож чадвал бид түүнтэй гэрээ байгуулах болно” хэмээсэн байна. Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Тайландын “Рингсит” клуб нь Бангкок хотын Патхумтхани дүүрэгт байрладаг бөгөөд 2009 онд байгуулагдсан. Байгуулагдсаныхаа дараа жил нь Бангкокгийн “Regional League’’-т хоёрдугаар байрт орж, “Нэгдүгээр дивизион”-д дэвшиж тоглох болсон юм. Тус клуб нь улсынхаа дээд лигт 2011 онд лигтээ 13, өнгөрсөн жил 16 дугаар байрт орсон. Харин багаа хүчирхэгжүүлэх зорилгоор шинэ улиралд гадаадын хэд хэдэн тоглогчдийг шалгаж авахаар болсон юм. Үүний дагуу манай А.Мөрөн шалгуулахаар болоод байгаа юм. “Рингсит” клубт Бразил, Гана, Нигери, Кот Д’Иваурын мэргэжлийн хөлбөмбөгчид хүчин зүтгэдэг аж.
118 жилийн тэртээ рентген туяаг анх нээжээ
Физикийн салбарын анхны Нобелийн шагналыг 1901 онд Германы физикч Вильгельм Конрад Рентген шинжлэх ухаан, техник технологийн шинэ дэвшил болсон “Икс туяа” буюу “Рентген туяа” гэх цахилгаан соронзон долгионы тусламжтайгаар нарийн бүдэг туяаг ялгаруулснаар хүртсэн юм 1895 онд нээсэн рентген туяаг 1897 оны Балканы дайны үед өвчтөнүүдийн биед орсон сум болон хугарсан ясыг олоход ашиглаж эхэлсэн бөгөөд К.Рентген энэ үеэс нээсэн туяаныхаа ач тусыг ойлгосон ч бас цацраг туяа нь хортой нөлөө үзүүлж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. Манай орон 1956 оноос рентген туяаг хэрэглэж эхэлсэн бөгөөд тухайн үед манайд дэлгэрээд байсан сүрьеэ өвчнийг оношилж эмчлэхэд чухал нөлөө үзүүлсэн байна. Өдгөө олон сая хүний амийг аварч байнгын хэрэглээ болсон рентген туяаг яс-үе тогтолцооны гэмтлийн оношлогоонд өргөн хэрэглэхээс гадна цацраг туяа эмчилгээ хийхэд ашигладаг. Мөн уушгины эмгэгийн оношлогоонд гол үүрэг гүйцэтгэдэг ба урьдчилан сэргийлэх найдвартай  арга болоод байна.
Улаанбаатарт Улаан-Үдийн төлөөлөгчийн газар байгуулмаар байна гэв
НИТХ-ын дарга Д.Баттулга өнөөдөр ОХУ-ын Буриад улсын Ардын Хурлын даргын орлогч Семенов Бато Цырендондокович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотод Улаан-Үдийн төлөөлөгчийн газрыг байгуулж, улам өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байна. ОХУ-ын Буриад улсын Ардын хурал саяхан бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөн шинэчилж 76 төлөөлөгчтэй болсон байна. НИТХ-ын дарга “Та бүхнийг Улаанбаатар хотод айлчилж байгаад баяртай байна. Улаанбаатар хот ОХУ-ын Буриад улстай 1995 оноос эхлэн найрамдалт харилцаа тогтоож, хамтран ажиллах гэрээ байгуулснаар оюутан сурагч солилцох, соёл урлаг спортын бүхий л салбарт хамтран ажиллаж, соёлын өдрүүдийг амжилттай зохион байгуулж ирсэн. Тиймээс цаашид НИТХ-аас бүх салбарт хамтран ажиллахад дэмжиж ажиллана” гэлээ. Семенов Бато Цырендондокович хэлэхдээ хоёр хот цаашид ИТХ үйл ажиллагааг шинэ шатанд хүргэх, Улаанбаатар хотод Улаан-Үдийн төлөөлөгчийн газрыг байгуулж, улам өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Туул тосгон-Нисэхийн эцэс чиглэлд богино эргэлтийн автобус явж эхэллээ
Туул тосгоноос Баруун 4 зам хүрдэг байсан чиглэлд өөрчлөлт оруулж Туул тосгон-Нисэхийн эцэс гэсэн богино эргэлтийн автобус үйлчилгээнд явж эхэллээ. Хуучин энэ чиглэлийн автобус 68 км замыг хоёр цаг орчим туулдаг байсан бол богино эргэлт хийдэг болсноор 42 км газарт хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм.  Туул тосгон-Нисэхийн чиглэлийн автобус 400 төгрөгөөр үйлчилж байгаа аж.
Ё.Отгонбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт ирээгүй
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг цагдаагийн байгууллагаас УИХ-д хүргүүлжээ. Ийм мэдээлэл өчигдөр цахим ертөнцөөр тарсан юм. Бид энэ талаар тодруулахаар УИХ-ын дарга З.Энхболдын туслахтай холбогдлоо. Тэрбээр “Одоогоор /өчигдөр 17:10 цагийн байдлаар/ Ё.Отгонбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай бичиг цагдаагийн байгууллагаас ирээгүй байна” хэмээв. УИХ-ын гишүүн Ё.Отгон-баярын тухайд тэрбээр эхнэр О.Эрдэнэсолонгын дансаар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа. Түүнчлэн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтны хэлснээр Ё.Отгонбаяр нь Боловсролын сайд байхдаа 50 мянган ам.долларыг бусдаас хууль бусаар авсан болох нь тогтоогдсон бөгөөд энэ хэргийг удахгүй прокурорт шилжүүлэх аж.
Хэн юу хэлэв
“Хэн юу хэлэв” булангаараа МАН-ын XXVII Их хурлын шийдвэр, түүний эргэн тойрон дахь асуудлыг илүүтэй хөндлөө.  Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж Ц.Элбэгдорж: Нийгмээрээ шударга амьдарна Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж  иргэдэд шударга ёс­ны үйлчилгээг хүр­гэх үүднээс шүүх эрх мэдлийн сал­барыг шинэчлэх бодлого дэв­шүүлж, энэ хүрээнд сал­барын суурь хуулиудыг УИХ-аар батлуулан мөрдөж эхлээд бай­гаа. Түүнчлэн шинээр бо­ловс­руулсан бодлого, үйл ажил­лагааны хөтөлбөрт “Монгол Ул­сыг хуулийн засаглалтай улс болгоно.  Албан тушаалтнаас илүү хууль засагладаг нийгэмд шил­жих шинэтгэлүүдийг эх­лүү­л­нэ” гэдгийг ард иргэддээ ам­ла­сан. Тиймээс энэ асууд­лаа­­раа мэдээлэл хийсэн нь өн­­гөрөгч долоо хоногт улс тө­­рийн амьдралд өрнөсөн онц­­лох үйл явдлуудын нэг бай­лаа. Тэрбээр мэдээлэл хийх бол­сон шалтгаанаа шударга ёсыг хамгаалах тогтолцооны асууд­лаар иргэддээ хандсан хэрэг гэж тодорхойлсон юм. Тодруулбал, “Шударга байцгаая гэсэн үгийг би зүгээр нэг хэлээгүй.  Бид эзэн Чингис хааныхаа мэн­дэлсэн болон Монгол бахарх­лын өдрөө тэмдэглэлээ. Чингис хаа­ныхаар бол төр гэдэг ойл­голт өнөөдрийнхөөс өөр бай­сан. Тэр үед хууль гэдэг өөр ойл­голт байсан. Хууль дүрэм нь хэрэгждэг, хүн бүрийн ажил үүрэг тодорхой, тэр нь дүрэм жур­маар тодорхойлогдсон бай­хыг л төр гэж ойлгож байсан.  Бид тийм ойлголт руу явах хэ­рэгтэй байна. Зарим нэг орны жишгийг дагаад бид төр нь эрх мэдэлтэй байснаар, нийгэм нь сайн байдаг гэж ойлгодог бай­сан. Төрөөсөө хальсан албан ту­шаалтнууд бий болж, тэр нь нэр төр олох, нийгэмд аятайхан амьдрах, бусдаас тодрох үзэгдэл болжээ.  Тэгэхээр бид явж явж эргээд тэр найман зууны өмнөх өвөг дээдсийнхээ гаргаж ирсэн зохион байгуулалт руу л эргэж очих тухай яригдаж байна. Тиймээс нийгмээ шударга бол­гохын тулд хууль, хяналтын бай­гууллагаасаа эхэлье. Хууль, хя­налтын байгууллагынхаа тог­толцоог зөв болгоё гэж уриалж бай­сан. Энэ тогтолцоо маань нийгмээ шударга болгоно. Ин­гэж нийт нийгмээрээ шударга амьд­рах боломж руу бид шил­жинэ” хэмээгээд эхлүүлсэн, эхлүүлэх гэж хичээж байгаа ажил, зорьсон зорилгоо иргэд­тэй­гээ хуваалцав. Түүний хаа­на хүрэх гэж хичээсэн, хаа хүрч чадсаныг иргэн та надаар хэ­лүүлэх юун.  МАН-ын “Шинэ хүч” хөдөлгөөнийг үүс­гэн байгуулагч, Норвегийн Амьд­ралын шинжлэх ухаа­ны их сургуулийн эрдэм шин­­­­жил­гээний ажилтан, Хөгж­­­­лийн бодлого судлаач М.Най­­данхүү М.Найданхүү: Их хурлын шийдвэрт сэтгэл гонсгор байна   МАН-ын XXVII Их ху­рал саяхан болж өн­дөрлөсөн. Энэ удаа­гийн Их хуралд намын гишүүд нэ­лээд их ач холбогдол өгч, шинэчлэлийг эхлүүлнэ хэмээн ярьж байсан хэдий ч үнэхээр “даржин” шийдвэрийг гаргасан гэж намын зарим нөхөд нь үзэж байгаа.  Тиймээс МАН-ын “Шинэ хүч” хөдөлгөөнийг үүс­гэн байгуулагч, Норвегийн Амьд­ралын шинжлэх ухаа­ны их сургуулийн эрдэм шин­­­­жил­гээний ажилтан, Хөгж­­­­лийн бодлого судлаач М.Най­­­данхүүгийн яриаг онцол­сон юм. Тэрбээр “Миний хувьд на­­мынхаа гурав дахь Их хуралд  оролц­лоо. Гурван удаа Их ху­ралдаа оролцохоор өөрийн зард­лаар Норвегиэс ирсэн. Энэ удаа­гийн Их хурлын шийдвэрт сэтгэл гонсгор буцаж байгаагаа нуугаад яах вэ.  Их хурлын өмнө шинэтгэлийн, түүхэн хурал бол­но хэмээн хэлж байсан. Гэтэл сая болсон Их хурлаараа хуучин удирдлагуудаа сонголоо. Шу­луухан хэлэхэд нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч­тэй адилхан боллоо гэж дүг­нэж байна. Учир нь манай на­мын нэр хүндэд муугаар нө­лөөлдөг хүмүүс удирдлагад гар­санд үнэхээр сэтгэл гонс­гор байна. Ми­ний бодлоор на­мын олон мянган гишүүд до­тор МАН-ыг ард түмэнд ээл­тэй, зөв жо­лоо­доод явах боловсон хүчин хан­галт­­тай байна. Харамсалтай нь тийм боломжийг нь үргэлж хааж байдаг” хэмээжээ.  Түүнч­лэн дан ганц МАН-ын гишүүд тө­­дийгүй жирийн иргэд энэ на­маас шинэ түүх, шинэ хуудсыг эрэл­хийлсэн боловч бүх зүйл хуучиндаа үлдсэнд сэтгэл дун­дуур байгаагаа уудалжээ. Тэд ши­нэчлэгдэхийг хүсдэггүй, ши­­нийг илэрхийлдэггүй, өөрч­лөл­­төд дургүй, шинэ зүйлд да­сан зохицох чадваргүй гэдгээ энэ удаагийн Их хурлаараа хан­галттай харуулчихсан учраас М.Най­данхүүгийн ярианаас худ­лаа үг, хуурамч атаархал ха­рагдсангүй.  МАН-ын Бүл­гийн ажлын албаны зөвлөх Б.Лхагважав Б.Лхагважав: Ийм байдлаар удаан явбал МАН сүйрнэ Өнгөрөгч долоо хоногт олны анхаарлыг тат­сан эрхэм бол яах ар­гагүй УИХ дахь МАН-ын Бүл­гийн ажлын албаны зөвлөх Б.Лхагважав юм. Хэлэх гэснээ хэлчихдэг, шударга иргэн  гэд­гээрээ  Б.Лхагважав олонд та­нигдсан. Намынхаа шинэхэн  удир­д­лага нартай санаа бодол ний­лэхгүйгээс хойш үүрэгт аж­лаа хүлээлгэж өгнө хэмээн мэ­дэг­дэж тэрүүхэн хавьдаа хөөр­хөн шуугиан тарьж орхилоо, мань хүн.  Тэрбээр “МАН-ыг удирдаж байгаа хүмүүс Бага хур­лаараа дархлаа хийчихдэг юм байна. Тэгэхээр Их хурлаас Их хурлын  хооронд хэн на­мыг удирдана түүний баг л бод­лого, шийдвэр гаргадаг нь эм­­гэнэлтэй. Тиймээс бусад ги­­шүүд нь юу ч санаачлаад дэм­жигдэхгүй гэсэн үг. Сая л гэ­хэд шинэ дарга М.Энхболд өөрийн­хөө 310 хүнээр Бага хурлыг бүрдүүллээ. Тиймээс МАН-ын бүлгийн ажлын ал­баны зөвлөхийн ажлаа өгнө.  Учир нь хамгаалалтын багаа бүр­дүүлчихэж байхад нь тоон до­тор үсэг гэдэг шиг би тэнд юу хийх вэ. Тэгээд ч үзэл бод­лын хувьд санаа нийлэхгүй. Ө.Энх­түв­­шин, С.Баяр, Н.Багабанди зэ­рэг нөлөө бүхий улстөрчдийн бү­­лэглэлүүдийг тоглоомын гад­на гаргасан нь ирээдүй бүрхэг бай­­гааг харуулж байна.  Сүүлийн хэ­дэн жил нийгмийг үймүүлсэн эт­гээдүүдийн цуглуулга шиг Бага хурал гараад ирлээ. Ийм байд­лаар удвал МАН сүйрнэ. Бага хурлын гишүүдээс шо­ронгийн хаалга татаж магадгүй олон хүн байгаа” шүү хэмээн ха­туухан шүүмжлэлийг на­мын­хаа шинэ удирдлагад хаяг­лажээ.  Эдгээр гишүүд нь МАН дотроосоо өтөж эхэллээ гэд­гийг хэлээд өгчихлөө. Харин ол­гой хагарахдаа тогоондоо байж чадах болов уу.   МАН-ын ерөнхий нарийн бичгийн  дарга Ж.Мөнхбат Ж.Мөнхбат: Намаа өөрийнхөө хэмжээнд мэднэ МАН-ын шинэ генсек Ж.Мөнхбатыг онцолж байна. Тэр­бээр шинэ ажлаа аваад удаагүй бай­гаа билээ. Ж.Мөнхбат МАН гэх зүгээ алдчихаад байгаа айлын гал тогоог хариуцах тө­дийгүй 2016 онд намаа сон­гуульд ялуулж чадах уу гэдэг том сорилттой тулгарч байгаа.  Аж­лынхаа гарааг хаанаас, яаж, ямар байдлаар эхлүүлэх та­лаар ийн ярьжээ. Ж.Мөнхбат хэ­лэхдээ “Удахгүй XXVII Их хур­лын­хаа бодлого, шийдвэрийг  сур­талчлах, иргэдэд болон на­мын гишүүддээ хүргэх аж­лыг хийнэ. 21 аймаг, есөн дүү­рэг, Улаанбаатар хотын 152 хо­роонд хүрч намын гишүүд ир­гэдтэйгээ уулзая гэсэн тө­лөвлөгөө гаргаж байгаа. Энэ ажлын бэлтгэлийг хангаж бай­на.  Энэ Их хурал бол өөрөө эв нэгдлийг, шинэчлэлийн гэ­сэн тодотголтойгоороо онц­лог бол­сон. Бид өнгөрсөн сон­гуулийн ал­даа, оноогоо ярилаа. Тул­гарч байгаа саад бэрхшээл, алд­сан алдаа, дутагдлаа болон зо­рилго, чиглэлээ ярилцлаа. 1999 онд би хоёрдугаар курсын оюутан байхдаа Ардын намд элсч улаан батлахыг өвөртөлж байлаа.  Тэр үед  Ардын на­мын сонгуульд ялагдчихсан цөөнх байсан бөгөөд энэ на­маас залуучууд зугтдаг бай­сан. Түүнээс хойш 14 жил бол­­сон байна. Энэ хугацаанд на­мын­хаа бүхий л шатны үйл ажил­лагаанд оролцож ирсэн.  Хө­дөө гадаа явж, бүх шатны сон­гуулиуд болон гудамжны жагсаал цуглаанаас эхлээд бүхий л ажилд оролцож байлаа.  Хам­гийн сүүлд намынхаа түү­хийг өгүүлэх “Үнэн” сонины гал тогоонд хоёр жил гаруй ху­гацаанд ажиллалаа. Энэ намаа өөрийнхөө хэмжээнд мэднэ гэж боддог” хэмээн ярьсан байна. Шинэхэн генсекийн ажлын га­раа зөвөөр эхэлж байна. Харин хү­рэх үр дүн нь юу байх вэ гэдгийг харах л үлдлээ.
Төрөөс газрын талаар баримтлах нэгдсэн бодлого стратеги байхгүйг шүүмжиллээ
“Газрын ашиглалт ба хамгаалалт-салбар дундын зохицуулалт” сэдэвт уулзалт, зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Зөвлөгөөний эхэнд “Газрын ашиглалт ба хамгаалалт-салбар дундын зохицуулалт” сэдвээр Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны ажлын албаны дарга Л.Ням илтгэл тавилаа. Газрын нэгдмэл сангийн зорилго нь газрын ашиглалт, хамгаалалтын удирдлага, зохион байгуулалтын үр ашгийг дээшлүүлэх. Иймээс газрыг үндсэн зориулалтын дагуу ашиглуулах, хяналт тавьж ажиллах нь чухал гэдгийг тэрээр хэлж байсан. Мөн төрөөс газрын талаар баримтлах нэгдсэн бодлого стратеги байхгүй, удирдлагын бүтэц зохион байгуулалт сул, улядаа холбоогүй, газрын харилцаанд оролцогч байгууллагын чиг үүргийн зааг ялгаа тодорхойгүй, газар зохион байгуулалтын төлөвлөлт, хэрэгжүүлэлт сул, газрын бүртгэл, кадастрын нэгдсэн системгүй, газар ашиглалт, хамгаалалт, зохион байгуулалт менежмент байхгүйг шүүмжиллээ. Галбын говьд уул уурхайн компани, говийн малчдын хооронд үүсч байгаа зөрчил маргааны талаарх бодит жишээг баримтаар дэлгэн үзүүлсэн юм. Түүнчлэн Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт хөдөө аж ахуйн ангилалд хамаарах газар дээр суурин бий болгосноор газрын нэгдмэл сангийн ангиллын зориулалтыг зөрчиж байгаа ажээ. Цаашид газрын болон бусад хууль тогтоомжийн уялдаа холбоог зөв эрэмбэлэх, хуулийн болон мэргэжлийн хяналтыг сайжруулах, газрын үндсэн ангилал шилжүүлэх тухай хууль санаачлах, газар өмчлөх, эзэмших, ашиглах тухай эрх зүйн зохицуулалтын хүрээ, хязгаарыг зөв тодорхойлох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг хэлсэн. Үргэлжлүүлэн дараах илтгэлүүд тавигдана. Үүнд: Илтгэлийн сэдэв Илтгэгч “Монгол Улсад ҮОЗМДБ байгуулах, түүний удирдлага, зохион байгуулалт”   ГХГЗЗГ-ын дарга А.Хүрэлшагай Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотголын ажлын талаар , “Газар дэлхий” ТББ-ын газар зохион байгуулагч К.Жигжидсүрэн “Хөдөө аж ахуйн газрын ашиглалт, хамгаалалын өнөөгийн байдал”  ҮХАА-н дэд сайд Ц.Туваан “Ашигт малтмал хайх, ашиглах газрын сан-тулгамдсан асуудлууд” УУЯ-ын СБТГ-ын Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт “Зам харилцааны салбар дахь газрын ашиглалт, хамгаалалт” ЗТЯ-ын СБТГ-ын ахлах мэргэжилтэн Д.Гэрэлням “ Бэлчээрийн экологийн чадавхид суурилсан мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэвтрүүлэх нь”  Ногоон алт төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан “Газар, эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, уялдааг хангахад шаардагдах арга хэмжээ”  Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн Эрхийн төслийн мэргэжилтэн Ц.Дашзэвэг “Кадастрын бүртгэлийн систем”  Топмал ХХК-ны захирал Д.Баттогтох Зөвлөгөөний үр дүнг Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж цаашид авах арга хэмжээг тогтоох ажээ. Уулзалт, зөвлөгөөн өнөөдөр үдээс хойш өндөрлөнө.
Дуудах нэр, төөрсөн будлиан
Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурсах алдрыг өөрөө олдог Дуудах нэрийг эцэг эх өгдөг Дуурсах алдрыг өөрөө олдог Баримт-1: Тэрээр 2000 оны эхээр АНУ явах санаатай материалаа бүрдүүлээд визний ярилцлагад оржээ.   "Энэ бол миний эх орон" гэж цэцэг нь дэлгэрсэн хээл талд гараа алдлан хэвтэж, нарны гэрэлд нүдээ анивчихыг хүсэж байна. Үүнээс өмнө эхнэр нь АНУ-д очсон байсан болохоор аж амьдрал, ирээдүйгээ бодсон ч тийшээ явах зайлшгүй шаардлага түүнд байв. Яагаад ч юм бэ? АНУ-ын ЭСЯ-ны консул виз өгөхөөс татгалзаж, тэр үеийн заншлаар гадаад паспорт дээр нь "хар тамга" дарж орхиж.  "Хар тамга" даруулсан л бол дахиад визэнд хэчнээн удаа ороод ч найдваргүй гэж найз нөхөд нь халаглана. Эхнэр нь өдөр болгон л утсаар ярьж, яаж ийгээд "ямар нэгэн арга олоод" заавал ирэх хэрэгтэй гэж шавдуулах. "Ямар нэгэн арга чарга" хайж сураглаад зөндөө л удаж.  Гэтэл нэг найз нь түүнд "Чи иргэний үнэмлэхээ солиулаад дахиад материалаа бүрдүүлээд орчих, тийм боломж байдаг гэнэ" гэж зөвлөв.  Иргэний үнэмлэхээ мартаж гээгдүүлсэн хэн нэгний регистрийн дугаар дээр уг хүний зургийг оруулаад шинээр иргэний үнэмлэх олгуулах "сул цоорхой" байсан хэрэг \одоогийнх шиг хурууны хээг авдаггүй байсан\. Мэдээж энэ бүхнийг хэн нэгэн эрх мэдэлтэн мөнгөөр хийнэ. Тийм хүнтэй уулзаж, хаа хаанаа ойлголцоод шинээр иргэний үнэмлэхтэй боллоо. Уг үнэмлэхээрээ гадаад паспортоо авна. Визний мэдүүлэгт өмнө нь татгалзсан учраас, мэдээж материалаа маш илүү сайн бэлтгэв. Энэ удаад аз таарч түүнд АНУ-д зорчих виз дарагдлаа. Тэрээр эхнэртэйгээ хамт ажиллаж, амьдарч байгаа ч нөхрийнх нь нэр солигдсон. Гэрлэлтийн баталгаан дээрх нэр нь өөр учир “хууль ёсны гэр бүл биш” болов. Угтаа бол тэд жинхэнэ гэр бүл л дээ. Эхний үед түүнийг ажил дээр нь хуурамч нэрээр нь дуудахад айхаж цочдог байсан бол одоо аль хэдийнэ дасчээ. Баримт-2: Америкт ажиллаж, амьдрах учраа олсон тэр хүүгээ өөр дээрээ авахыг хүсчээ. Мэдээж санаж бэтгэрэхийн хажуугаар, ирээдүйг нь бодоод энд сургуульд сургахаар зориглож. Хүүгээ визэнд бас л албан ёсны гэрчилгээгээр нь оруулах боломжгүй.  Төрсний гэрчилгээн дээр аавынх нь “солигдсон”, нөгөө талаар өөрөө Америкт "харлачихсан" болохоор. Баримт бичгүүдийг  шалгавал энэ бүхэн илэрч, хүүгээ авах хүсэл нь талаар болно. Бас л энэ талаар арга чарга хайж, хүмүүсээс сураглаж судлав.  АНУ-д зорчих визтэй хүнтэй тохиролцож, тэр хүний хүү гэдгийг нотолж байж авчрах боломж байдаг гэнэ. Түүний тулд хүүгийнхээ "төрсний гэрчилгээ"-г солиулах шаардлагатай.  Мэдээж энэ бүхэн мөнгөөр шийдэгдэнэ. Хүүхдийнхээ "Төрсний гэрчилгээ" - г солиулахад, хүүг нь визэнд оруулаад Америкт хүргэж өгөх хүнд гээд нэлээдгүй хэмжээний мөнгө төлөх шаардлагатай. Магадгүй зуучлагчид зардлын мөнгө хэрэгтэй. Хүүгээ авчрахын тулд шаардагдах бүх л мөнгийг гаргав. "Хүү минь л ирж байвал бусад нь яамай" гэж бодсон түүний сэтгэлийг баярлуулж, хүү нь Америкт аав дээрээ ирсэн. Хүүгээ дэргэдээ байлгаж, сургуульд нь хүргэж өгч, сургуулиас нь авч, сайн сурах боломжоор хичээж хангаж байгаа болохоор тэрээр баяртай байгаа. Гэхдээ хууль ёсоор бол тэд одоо төрсөн аав хүү бол биш \учир нь овог нэр нь өөр болохоор\. Угтаа бол тэд төрсөн аав хүү мөн л дөө. Баримт-3:  Америкт олон жил ажиллаж амьдарч, хуурамч бичиг баримтаараа "ногоон карт"-тай болсон бүсгүйн Монголд байгаа ээжийнх нь бие муудаж очиж уулзаж, асарч тэтгэх шаардлагатай болжээ.   Олон жил уулзаж учраагүй, насан өндөр болсон ээжийнхээ төлөө сэтгэл нь уймарч шаналсан тэрээр "ямар ч гэсэн амьд мэнд байгаа дээр нь ээждээ л очьё" гэж шийдээд Монгол руугаа нисчээ.  Буянт -Ухаад бууж бичиг баримтаа шалгуулахад нь түүнийг саатуулан шалгаж, улмаар нягтлан шалгах шаардлагатай болохыг учирлав. Одоо бичиг баримтын хяналт нэлээд сайжирч, ихэд нарийн болсон юм билээ. Хяналтынхан  түүний бичиг баримт хуурамч болохыг илрүүлсэн даруйдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн тул түүнийг "баривчилж" хорих, энэ явцдаа асуудлыг хуулийн хүрээнд шийдэх шаардлагатай гэж мэдэгджээ. Бие нь муу байгаа өндөр настай ээжийнхээ тухай хэчнээн учирлаад, уйлж гуйгаад ч тусыг эс олов. Ээжтэйгээ уулзах гэж зорьж ирсэн түүнийг, олон жил уулзаж учраагүй хүлээж байсан ах дүү нар нь зорчигчийн хаалгаар гарч ирэлгүй, шууд "шоронд" ачигдсаныг дуулаад балмагдаж тэвдэнэ. Охиноо одоохон "ороод ирнэ" гэж санасан сэтгэлээ дэвтээн хүлээж байгаа бие муутай ээжид нь "юу гэж хэлнэ ээ" гэдэг аймшигт бодол л ах дүүсийнх нь толгойд эргэлдэнэ.  Төрсөн эх орондоо, төрүүлж өсгөсөн ээждээ зорьж ирж байгаа тэр бүсгүйг эх нутгийнх нь зөөлөн хөрс биш, эрх чөлөөг нь хязгаарласан шоронгийн "харанхуй" өрөө угтана гэж тэрээр төсөөлөөгүй явсан. Хэд хоногийн дараа "учир байдлаа олж" гэртээ ирсэн ч, сэтгэл нь аль хэдийнэ хиртэж, айх айдсанд хүлэгдсэн байв. Ямар ч баяр баясгалангүй, эх орон нь түүнийг ямар хатуу харгисаар угтсанд төрсөн айдас нь хэсэгтээ л арилаагүй. ...Ийм төрлийн жишээ гадаадын олон оронд тархан суугаа монголчуудад маш олноороо бий. Хүн болгоны сэтгэлд түгшүүр төрүүлж, шаналгаа үүсгэж байгаа энэ асуудлыг гаргаж тавин, зөв сайнаар шийдэх цаг нь нэгэнт болжээ. Эс тэгвэл аажимдаа ужгирч, монголчууд бидний бие биеэ хүндэлж ойлгох, эвлэлдэн нэгдэх үйлсэд муугаар нөлөөлж болзошгүй. Учирлал ...Хууль дүрэм журмыг зөрчинө гэдэг муу хэрэг л дээ. Тэр тусмаа бичиг баримтыг хуурамчаар үйлдэнэ гэдэг байж болшгүй зүйл. Гэхдээ энэ үйлдэл нь ямар учир шалтгаанаар, ямар үндэслэл дээр, хэрхэн үйлдэгдэв гэдэг талаас нь авч үзэх ахул, сайн муу  талуудын аль аль нь бий.  -1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр бичиг баримт хуурамчаар үйлдэж, түүнийг ашиглан гадагшаа гарсан тохиолдол хамгийн олон байгаа болов уу. Энэ үед бичиг баримтын ашиглалт, хяналт төдийлэн сайнгүй байв. Харин сүүлийн жилүүдэд бичиг баримтын чанар болон мэдээллийн агуулга, баталгаажуулалт, хяналтын тогтолцоо нь илэрхий сайжирч байгаа. Учиргүй төгөлдөржиж амжаагүй хэдий ч аажимдаа төгөлдөржих шатандаа явж буй. Тэгэхээр дээрх үйлдлүүд нь бүх л хугацааг биш, хэсэгхэн хугацааг хамарч байгаа болохоор харгалзаж үзэх боломж бий. -Бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан гадаадад гарсан монголчуудын хувьд, амьдрал ахуйгаа дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, гэр бүлээрээ хамтдаа амьдрах их хүслээс л үүдэлтэй болохоос бус, "эх орноосоо урвах", "эдийн засгийг унагаах ", "хорлон сүйтгэх", "тагнан турших ажиллагаа" явуулах зорилго огт байгаагүй.  Тэд зорьсон орныхоо хилийг давсан цагаасаа тухайн орныхоо хууль дүрэмд захирагдан, өөрсдийн боломж чадвараараа ажиллаж, сурч, амьдарч байгаа нь үүний нотолгоо. Зарим оронд цөөн монгол хүн хууль дүрмийг зөрчин шийтгэгдэж байсныг эс тооцвол, ихэнх монголчууд хууль дүрмийг мөрдөж, сахиж сурсан. -Хэдийгээр  хууль зөрчсөн тохиолдол бий ч тэдний зүгээс өөрийн хөдөлмөрлөж олсон мөнгөнөөс Монголдоо илгээж байсан санхүүжилт, олон олон ах дүүс айл гэрийн амьжиргаанд нэмэр болж байсан хувь, өөрийгөө хөгжүүлж, үр хүүхдүүдээ өндөр боловсрол эзэмшүүлж байгаа тусыг авч үзвэл уучилж үзэх шалтгаан бас бий \энэ тухай өмнөх бичлэгтээ өгүүлсэн байгаа\. Хууль дүрмийг зөрчсөн үйлдэл нь Монгол эх орон, ард иргэдэд "ямар хохирол учруулав?" гэдэг талаас нь авч үзвэл, асуултын хариу нь арай өөр гарах буй за.  ...Энэ асуудлыг хөндөж тавихаар "Эх орноо худалдаж, элдэв заль луйвар хийж, ард иргэд олон нийтэд хохирол учруулж байгаа хүмүүсийн дэргэд энэ бол өчүүхэн зүйл" гэж бухимдан өмгөөлөх хүмүүс гарч магадгүй. Аливаа хууль бус үйлдлүүдийг нийтэд хамааруулан зүхэх тийм ч таатай үйлдэл биш. Ялгаж салгаж, эрүүл саруулаар нягтлах зүйл. Хууль зөрчсөн болгон ямар нэгэн хэмжээгээр шийтгэл хүлээж байх учиртай гэдэгтэй би санал нийлдэг. Харин учир шалтгаан хийгээд хор холбогдлыг нь анхаарч үзээд "уучлал үзүүлэх" тохиолдол байж болох юм.  Надад санал байна Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэргүүтэй УИХ-ын зарим гишүүд оролцсон уулзалт "Вашингтон ДС" хотноо болж байхад энэ асуудлыг гаргаж  тавьсан л даа.  Тэд "Тийм асуудал байгаа, бид ч мэдэж, ойлгож байгаа. Харин энэ талаарх тодорхой судалгаа баримтууд бидэнд хэрэгтэй байна. Тэр судалгаа, баримтад тулгуурлан энэ асуудлыг ямар нэгэн байдлаар шийдэх боломжтой" гэж хариулсан юм.  Харин тэр "Тодорхой судалгаа, баримтыг чухам хэн хариуцаж, хэрхэн яаж гаргах юм бэ?" гэдэг асуудал одоо хэр нь тодорхой бус. Дээр нь ийм асуудалтай хүмүүс хэн нэгний хэлсэн зоргоор явж очоод "далан булчирхайгаа тоочоод" байх нь юу л бол. Тэдний сэтгэлийн айдас болгоомжлол нь өнөө хэр оршсоор байгаа. Нэг талаасаа хууль журмыг зөрчсөн харамсал, гэр бүл дэх "албан бус" баримт бичгийн төлөөх харамсал, энэ асуудлаас болж "шоронд орчих вий" гэдэг айдастай байгаа.  Тэгэхээр: 1. Сонгууль болон өөрт нь гадаадад байгаа монголчуудын санал сэтгэгдэл хэрэгтэй болоход "Эх орондоо ирэхийг урьж уриалсан" сэтгэл уярч, нулимс гүйлгэм үгтэй захидал бичдэг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар энэ асуудалд анхаарлаа хандуулж, Ажлын хэсэг томилж, судалгаа хийлгэн, шийдэх арга замыг олж болохгүй юу? 2. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан "Гадаадад байгаа монголчуудын асуудал хариуцсан алба" маягийн янз бүрийн нэртэй албад тань яг юу хийдэг юм бэ? Засгийн газраас жил болгон багагүй төсөв батлуулдаг энэ эрхмүүд ийм ажлыг хариуцан ажил хэрэг болгож болохгүй юу? Тэдний барааг нь харж, сураг сонсолгүй удлаа шүү дээ. Тэр жил ийм нэртэй албаны "дарга" ч билүү нэг нөхөр бидэнтэй уулзаад Монголд "ногоо тарих төсөл байна аа, үүнд санхүүжилт олж тусалж чадах уу?" гэсэн утгатай юм яриад явж байснаас хойш сураг нь алдарсан даа. 3. Хэрэв ийм комисс ч юм уу алба ч юм уу? байгуулбал гадаадад байгаа монголчуудаас эсвэл тухайн оронд ажиллаж байгаа ЭСЯ-ны ажилтнуудыг ч оролцуулж болох юм. Тэгвэл  амьдралд , хэрэгжилтэд нь арай дөхөм байх болов уу? 4. Ийм ажиллагааг яг тодорхой хугацаа зааж, энэ хугацаанд энэ асуудлаа хэрхэн шийдэх зааврыг мэдээллийн хэрэгслүүдээр сайн сурталчилмаар. Мэдээж хуулийн дагуу авах арга хэмжээ нь "мөнгөн торгууль" байвал хаа хаанаа хэрэгтэй баймаар. Ядаж л энэ үйл ажиллагааныхаа зардлын нэг хэсгийг ингэж шийдэж болмоор санагдана. 5. Хэрэв заасан хугацаанд энэ асуудлаа шийдүүлж чадаагүй иргэнд цаашдаа " хуульд зааснаар шийдэх болно" гэж ойлгуулбал хүмүүсийн ухамсарт нөлөөлөх болов уу? Мэдээж энэ асуудлыг ямар нэгэн байдлаар шийдэх нь Монгол Улсын Төрөөс ард иргэддээ үзүүлж байгаа анхаарал халамж гэдэг талаас нь анхаарвал сайн сан. Гэхдээ энэ бол байнга явагдах үйл ажиллагаа биш, нэг удаагийн тодорхой хугацаанд л шийдэх асуудал юм шүү дээ. ...Аливаа асуудлыг яриад л , шийдэхгүй яваад байх тусам хүмүүсийн итгэл алдарч, салхинд хийссээр урагдаж сэмэрч алга болдог гэрийн бүрээс шиг болдог. Хэн ч ноорхой муу бүрээстэй гэртэй байхыг хүсэх билээ. "Ард олондоо хайртай, дуртай" гэж ярьдаг  улстөрчдийн, үүнийгээ "нотлох" боломж нь энэ байж болох.  Өдгөө цагт Монгол эх орон руугаа буцах хүсэлтэй олон монголчуудын хувьд дээрх асуудал "чөдөр тушаа" болж буй.  Монголчууд бид "Олуулаа болъё" гэж уриалаад бусдыг эх орондоо уриад л байдаг. Чухамдаа бол гадаадаа ажиллаж амьдарч байгаа монголчуудаа энэ мэтчилэн буцааж авчрах нь тэргүүн зорилго бус уу?  Тэд Монгол эх орондоо очиж хатуу хэдий ч сэтгэлд "зөөлөн" хөрсөн дээр нь хөрвөөн биеэ амрааж, уул усаа харж нүд сэтгэлээ баясгаж, тэртээд билчих хонин сүргийн захаас хуйлартал хашгирч сонороо мялааж, шуугитал эссэн айргаа хулаар нь залгилан ходоодоо халааж, уртын дууны цээлхэн аялгуунд нарыг аргадах гэж хүсэж байна.  Тэд олон жил зүүдэндээ үзэж "жаргасан" энэ нутагтаа өөрийн эрдэм чадал, авьяас билгээрээ амар амгалан, сэтгэл бардам ажиллаж амьдрахыг хүсч байна.  Эхнэрээ элгэндээ тэвэрч, хүүхдээ мөрөн дээрээ суулгаж сэтгэлийн гүнээс жаргалтай нь аргагүй инээж байхыг мөрөөдөж байна.  "Энэ бол миний эх орон" гэж цэцэг нь дэлгэрсэн хээл талд гараа алдлан хэвтэж, нарны гэрэлд нүдээ анивчихыг хүсэж байна. Монголчууд бидэнд үүнээс өөр юу хэрэгтэй гэж. "АСУУДЛЫГ ШИЙДЭХИЙГ ХҮССЭН ХҮНД АРГА НЬ ОЛДОЖ, ХҮСЭЭГҮЙ ХҮНД ШАЛТАГ НЬ ОЛДДОГ" гэдэг дээ.  "ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨГ".
Я.Санжмятав: Цалин, тэтгэврийн нэмэгдлийг ирэх онд 235 тэрбум төгрөг байх шийдвэрт хүрлээ
Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээрийн үр дүн гарлаа Засгийн газар, МҮЭ, Ажил олгогч эздийн холбооны гурван талт хэлэлцээр амжилттай үргэлжилж байна. Энэ талаар дөнгөж сая Хөдөлмөрийн яаманд гурван талын хамтарсан мэдэгдэл хийлээ. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав  "2014 оны төсвийн төсөлд цалин тэтгэврийн нэмэгдлийг 200 тэрбум төгрөгөөр тусгаж өгсөн байгаа. Харин гурван талт хэлэлцээрийн үр дүнд үүнийг 35 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх хамтарсан шийдвэрт хүрлээ. Энэ нь гурван талын хамтарсан ажлын хэсгээс гадна эдийн засагчдыг түлхүү оролцуулж эдийн засгийн дүгнэлт шинжилгээ хийж ийм шийдвэрт хүрсэн юм" гэв. Монгол Улсын төсөвт цалин тэтгэврийн хэмжээ дунджаар 1,5 их наяд төгрөгөөр төсөвлөгддөг бол ирэх оны цалин тэтгэврийн нэмэгдэл ийнхүү 235 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр болж байна.  Үүнээс ҮЭ-ээс санал тавиад байсан эмч, багш нарын цалинг яг хэдэн хувиар өсгөхийг урьдчилж зарлахгүй юм байна. Учир нь цалин тэтгэврийн нэмэгдлээс үүсэх инфляцийн дарамтаас сэрэмжилж байгаа ажээ. Энэ талаар МҮЭ-ийн Ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодруулахад  “Энэхүү 235 тэрбум төгрөгийн 139 нь цалин хөлсний нэмэгдэл бол үлдсэн нь тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл юм. Бидний хэлэлцээр тийм амар байсангүй. Сар гаруй хугацаанд хэлэлцэж байж ийм шийдвэрт хүрлээ. Харин яг тэдэн хувийг тийм хугацаанд нэмэгдэнэ гэдгийг инфляцийн өсөлтөөс сэргийлж бид зарлахгүй” гэлээ.  Өнөөдөр жагсаал хийхээ зарлаад байсан эмч, багш нарын цалингийн нэмэгдэл дээрх 139 тэрбумын 30 орчим хувийг эзлэх төлөвтэй байна.  Өнөөдөр жагсаал хийхээ зарлаад байсан эмч, багш нарын цалингийн нэмэгдэл дээрх 139 тэрбумын 30 орчим хувийг эзлэх төлөвтэй байна.  Гэхдээ 2014 оны төсөв батлагдсаны дараагаар ямар хугацаанд, аль салбарын цалинг нэмэх вэ гэдгийг гурван талын төлөөлөл дахин хэлэлцэх юм байна.  Ямартай ч өнөөдөр Чингисийн талбайд жагсаал хийхээ мэдэгдээд байсан эмч, багш нар энэхүү шийдвэрийг хүлээн авч ажлаа хэвийн үргэлжлүүлэхээр боллоо. Төсвөөс цалинждаг ажилчдын цалин нэмэгдэхээр эргээд хувийн хэвшилд сөрөг нөлөөлөл авчирдаг. Харин энэ тал дээр Ажил олгогч эздийн холбооноос жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн татварын дарамтыг арилгах тал дээр ирэх онд багагүй ажил хийхээр төлөвлөөд байгаагаа дуулгасан юм.
ТТ Газар хэрэглэгчийн утасны дуудлагын жагсаалтыг AT&T компаниас авсныхаа төлөө жил бүр 10 сая доллар төлдөг
Дуулиан тариад байгаа Үндэсний Аюулгүй байдлын Алба зөвхөн хэрэглэгчийн нууц мэдээлэлд ханддаггүй бололтой. Өчигдөр Нью Йорк Таймс сонин, Тагнуулын Төв Газар нь AT&T компаний хэрэглэгчийн мэдээлэлд нэвтэрснийхээ төлөө жил бүр дор хаяж 10 сая доллар төлдөг талаар мэдээллээ. Мэдээнд дурдсанаар ТТГ сэжигтэй дугааруудыг тус компанид гаргаж өгөөд хариуд нь бүх дэлгэрэнгүй мэдээллийг нь авдаг байжээ. Үүнд залгасан, хүлээн авсан бүх дуудлага, мессэжний жагсаалт гэх мэт. Харин AT&T компани үүнийг тайлбарлахдаа зөвхөн гадаад дуудлага хийсэн дугааруудыг л гаргаж өгдөг ба АНУ дотрох дугааруудыг нь харагдуулдаггүй байсан гэж байна. Хэрвээ дотоод дугаарын мэдээлэл өгвөл хууль зөрчсөнд тооцогддог гэжээ.
Батлан хамгаалахын салбарт юу болоод байна вэ, Д.Бат-Эрдэнэ сайд аа
Хэрэв хүүгийнхээ талаар эрт мэдсэн бол амь насаа алдахаас нь өмнө эмчлүүлэх боломж байсан гэж төрөл төрөгсөд нь үзэж байгаа аж... "Алдар" спортхорооны барилга нурснаар 400 сая төгрөгийн хохирол учирчээ Сүулийн үед батлан хамгаалахын салбар "баар"-тай байна. Хэдхэн хоногийн өмнө Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны шинэ барьж буй цогцолборын барилгын хоёрдугаар давхарт цутгалт хийж байх үеэр цутгамал баганууд нурж бөөн асуудал дэгдээснийг манай сонин мэдээлж байсан. Тэгвэл үүнээс болж урьдчилсан байдлаар 400 сая гаруй төгрөг салхинд хийссэн гэх мэдээлэл ирлээ. Дээрх цогцолбор 6.2 тэрбум төгрөгийн өртгөөр босч буй бөгөөд цутгамал баганууд нурснаас болж дээрх хэмжээний хохирол учраад байгаа ажээ. Гэвч барилга нурсны хариуцлагыг хэн хүлээх нь өнөөдөр ч тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн дээрх ослын үеэр хоёр хүн гэмтсэн бөгөөд нэг нь нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан бол нөгөө нь гараа хугалсан гэх мэдээлэл ирж байлаа. Нуруу нугасандаа гэмтэл авсан залууг тэр даруй эмнэлэгт хүргэн хагалгаанд оруулсан ч харамсалтай нь дахин хөл дээрээ босох найдвар бага нэг үгээр хэвтрийн хүн болжээ. Ийнхүү Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017 дугаар ангийнхан захирагч, хурандаа Л.Балдан-Очирын буруугаас болж улс 400 гаруй сая төгрөгөөр хохирсноос гадна хийж бүтээх ид насандаа яваа залуу хэвтрийн хүн болчихоод байгаа юм. Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас өмнө нь гранат алга болж, нярвыг нь өөрчилж байжээ Төрийн ордны гадна "Гал үндэстэн" холбооныхон буун дуу гаргаж олныг цочирдуулсан ноцтой хэрэг гарсан. Энэ хэрэг гарах үеэр  тагнуул болон хууль хяналтын байгууллагынхан дээрх хүмүүс галт хэрэглэлийг хэнээс, хаанаас, ямар арга замаар олж авсан бэ гэдгийг судлаж, мөрдөж эхэлсэн. Гэтэл сүүлийн үед Дорнод аймагт байрладаг хурандаа С.Нэргүй захирагчтай Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас их хэмжээний гар гранат дутсан гэх мэдээлэл хэвлэлээр гарах болов. Зарим хүний өгүүлснээр "Гал үндэстэн" холбооныхон улстөрчдийг сүрдүүлж, "Урт нэртэй" хуулийг аврахаар зэхсэн галт зэвсгийг дээрх ангиас авсан байх магадлалтай аж. Иймээс тус ангийн захирагч С.Нэргүй гэж хэн бэ гэдэг нь олны анхаарал татаж байгаа юм. Бидэнд ирсэн мэдээллээр С.Нэргүй өмнө нь тус ангийн захирагчаар ажиллаж байгаад БНСУ-ын Цэргийн академид сурсан. Төгсч ирээд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавын дэмжлэгтэйгээр 2009 оны арванхоёрдугаар сарын 31-нд дахин энэ ангийн захирагчаар томилогдсон юм байна. Гэтэл түүнийг академид сурахаар явсан жил ажлыг нь хүлээж авсан захирагч ангийнхаа зэвсэг, галт хэрэглэлийг тоолох үед дээрх тооны гар гранат дутсан бөгөөд тухайн үед акт үйлдэж, хариуцсан нярвыг ажлаас нь өөрчилж байжээ. Хэдийгээр тухайн үед хурандаа С.Нэргүй нь байлдааны бэлтгэл сургуулилалт хийх үеэр гар гранатыг шидсэн гэж байсан ч байлдааны буудлага хийх болон байлдааны гар гранат ашиглах тухай ангийн захирагч тушаал гаргаагүй зөрчил илэрсэн хэмээж байна. Тиймээс тухайн үед алга болсон гаргранатууд мөн үү гэдгийг цагдаа, тагнуулын байгууллагууд шалгаж тогтоохоор ажиллаж буй юм. Хэдийгээр хуулийнхан энэ гранатыг тус ангиас авсан гэдгийг батлаагүй ч энэ асуудлын цаана Зэвсэгт хүчний салбарын сахилга, хариуцлагын тухай асуудал яригдах ёстой. Мөн "Гал үндэстэн" холбооныхноос хурааж авсан галт хэрэглэлийг "Монгол Улсын телөө зүтгэе" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Болдбаатар нийлүүлсэн байх магадлалтай гэсэн мэдээлэл байгаа нь яах аргагүй анхаарал татаж байна. Учир нь тэрбээр Зэсвэгт хүчний салбарт ажиллаж байсан офицер бөгөөд 1981 онд хурандаа С.Нэргүитэй хамт ЦЕДС-ийг ерөнхий цэргийн мэргэжлээр төгссөн гэх мэдээлэл байна. Согтуу офицер буу алдаж өөрийгөө гэмтээжээ Зэвсэгт хүчний салбарт дуулиан тарьсан бас нэг асуудал нь өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 31-нд Төв аймгийн Аитанбулаг суманд байрладаг хурандаа Н.Энхбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн офицер буу алдаж хөл рүүгээ буудаж гэмтсэн хэрэг гарчээ. Тус ангийн холбооны дарга ахмад Э.Батжаргал аравдугаар сарын 30-нд ангийн жижүүрт гарсан шөнөө архидан согтуурч улмаар 31-ний өглөөний 7:00 цагийн үед ийм хэрэг гарсан гэж холбогдох албаны хүмүүс хэллээ. Бас нэг таагүй мэдээлэл байгаа нь тус ангид архидалт жирийн үзэгдэл болж, дарга нарынх нь зарим нэг ажил дээрээ архидан согтуурдгаас ийм асуудал боллоо гэх хүн ч байсан юм. Иймээс бид энэ талаар тодруулахаар хурандаа Н.Энхбаатартай холбогдохоор 9605.... дугаарын утсанд холбогдсон ч утсаа аваагүй юм. Зэвсэгт хүчний 256 дугаар анги сүреэгийн голомт болсон уу Өнгөрсөн аравдугаар сарьш 6-нд Өвөрхангай аймагт байрладаг хурандаа Б.Дамдиндорж захирагчтай Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн байлдагч Сүхбаатарын Жамсран өвчнөөр нас баржээ. 2013 оны тавдугаар сард Говь-Алтай аймгийн Чандмань сумаас цэргийн албанд татагдсан байлдагч залуу есдүгээр сараас эхлэн бие нь өвдөж улмаар хотод ирж Цэргийн госпитальд хэвтсэн ч эмч нар оношийг нь тогтоож чадахгүй байсаар Халдвартын нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн тэнд эмчлүүлж байгаад сүрьеэ гэсэн оноштойгоор нас баржээ. Хамгийн хачирхалтай нь талийгаач байлдагчийг нас барахаас хоёр хоногийн өмнө ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажавын гарын үсэгтэй албан тоотоор түүнийг тайван цагт өвчний учир тэнцэхгүй гэж цэргийн албанаас бэлтгэлээр халсан байна. Эндээс л ЗХЖШ өөрсдийгөө хаацайлахын тулд энэ албан бичгийг гаргав уу, эсвэл талийгаач байлдагчийг нас барсны дараа үйлдсэн үү гэдэг анхаарал татаж байгаа юм. Түүнчлэн талийгаачийн ар гэрийнхэн хүүгээ өвчилсөн талаар хожуу сонссон гэх мэдээлэл ч байна. Эх сурвалжийн өгүүлснээр тэд ангийн захирагч хурандаа Б.Дамдиндоржоос хүүгийнхээ талаар асуух гэж хэд хэдэн удаа утасдахад "...Манай анги дайчилгаатай сургуультай байна. Дараа ярь, би завгүй байна" гэсэн төдийгүй сүүлдээ утсаа авахаа больсонд гомдолтой байгаа гэнэ. Бид ч энэ талаар тодруулахаар эрхэм хурандаагийн утсанд холбогдоод мөн л мэдээлэл авч чадаагүй. Хэрэв хүүгийнхээ талаар эрт мэдсэн бол амь насаа алдахаас нь өмнө эмчлүүлэх боломж байсан гэж төрөл төрөгсөд нь үзэж байгаа аж. Ийнхүү Монгол Улсын Зэвсэгт хүчний салбарыг тойрсон таагүй мэдээлэл, хэрэг зөрчил шил шилээ даран гарсаар байна. Гэвч холбогдох албан тушаалтнууд нь энэ талаар нууцалж мэдээлэл өгөхөөс цааргалан буй тул энэ салбарт үүнээс өөр юу болж байгааг мэдэх аргагүй. Иимээс Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэд "Олон хавар нэгэндээ" гэгчийн үлгэр болохоос өмнө салбараа аврах арга зам хайхгүй бол өөр ямар ч асуудал дуулгаж мэдэхээр байгааг сонордуулах гэсэн юм.
"Пежо" Монголд автомашинаа борлуулна
Францын “Пежо” компани Монгол Улсад албан ёсоор ажиллахаар шийдвэрлэжээ Өмнөд Солонгос, Малайз, Индонез зэрэг Азийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг Францын “Пежо” /’’Peugeot”/ компани Монгол Улсад албан ёсоор ажиллахаар шийдвэрлэжээ. Тэд энэ зорилгоор “БАЗ Интернэшнл” компанитай түншлэлийн гэрээ байгуулсан байна. Тэд “Сүүлийн үеийн технологиор хийсэн дээд зэрэглэлийн тоноглол бүхий суудлын авто-машиныг санал болгон Монголын зах зээлд нэвтэрнэ” гэдгээ дурджээ. Монголын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх хувиар өсч байгаа нь хөгжиж буй орнуудын дотроос хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм. Иймээс Монголын зах зээл “Пежо”-гийн сонирхлыг татах нь мэдээж. “Лион” маркийн суудлын автомашиныг борлуулах анхны цэгийг Монголын нийслэлийн төвд энэ оны хоёрдугаар улиралд багтаан байгуулах аж. “Пежо” компани энэ жилийн хувьд 200 ширхэг автомашин борлуулах төлөвлөгөөтэй байна. Монголд 300 мянган автомашин байдаг бөгөөд энэ онд тус орны зах зээлд нийтдээ 45 мянган ширхэг суудлын автомашин борлохоор байна хэмээн тус компани тооцоо хийжээ.
МИАТ-ын удирдлагуудад холбогдох шүүх хурал хойшлогдлоо
Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, Ч.Суурь­тогтох, Г.Саранчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг өмгөөлөгч нарынх нь гаргасан гомдлыг үндэслэн өнөөдөр дээд шүүхэд хянан хэлэлцэх байсан ч хойшлуулах шийдвэр гаргалаа. Хурлыг энэ сарын 13-нд хийхээр болжээ. Учир нь шүүгдэгчдийн өмгөөлөгч тодорхой шалтгааны улмаас хойшлуулах хүсэлт гаргасан байна. Хэргийг сануулахад, Анхан болон давж заалдах шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12.1 жил, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13.1 жил, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группын за­хирал асан Ч.Суурьтогтоход 10.1 жил, 1997-2007 онд “Голомт” банкны зургаадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон билээ.
Монгол Улс нэг л төсөвтэй байх ёстой
УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.  -Та ч төсөвтэй хол­боо­тойгоор нэлээд ширүүн үзэж байх шиг байна. Уг нь хөөсийг нь шахаад л байгаа шүү дээ?  -2014 оны төсвийн хөөс болон авлигыг нь харьцангуй сайн шахсан. Нөгөөтэйгүүр хямралын шинжтэйгээр танаж хассан төсөв л дөө. Өөрөөр хэлбэл, маш олон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг зогсоосон, танасан. Харамсалтай нь шинээр барих сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгуудын 90 гаруй хувь буюу 400 гаруй тэрбум төгрөг хасагдсан гэж ойлгож болно. Хэдийгээр эдийн засаг хүнд байгаа ч миний хувьд эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэргийн хөрөнгө оруулалтыг зогсоож болохгүй гэдэг байр суурьтай байгаа.  Хямралын үед төсвөө хэмнэх, хөрөнгө оруулалтаа татах нь зөв. Гэхдээ бо­ловсрол, эрүүл мэнд, хүүх­дийн ирээдүйг хасч болох­гүй. Хүүхдээсээ мөнгө харам­ласан, эрүүл мэнд, боловсролоосоо мөнгө та­на­сан улс орон хөгжинө гэдэг хэцүү.  -Тэгвэл дээд боловс­ролын тэтгэлэг, санхүү­жилтийн тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? -Дээд боловсролын сан­хүүжилттэй холбоотой хуу­лийн төслүүдийг хэлэл­цэж байна. Дээд боловсролд төрөөс санхүүгийн тусламж үзүүлэхдээ сурлагын чанар, үр дүнтэй нь холбох хэрэгтэй. Сурлагаараа амжилттай яваа оюутнууд төрөөс тэтгэлэг авах нь нээлттэй байхаар зохицуулах, эсвэл амжиргааны түвшин багатай гэр бүлээс суралцагч оюутанд тэтгэлэг олгодог байх нь зүйтэй.  Ер нь тэтгэлэг, халам­жийн бодлогыг хэт хавт­гай­руулах нь сайн зүйл авч ирэхгүй.  -УИХ-аар төсвөө танана гэж яриад байгаа. Гэхдээ төсвөөс гадуурх зээл, тусламж зэрэг мөнгөний урсгалыг бас цэгцлэх ёстой баймаар? -Өнгөрсөн жил төсвөөс гадуур Хөгжлийн банкнаас 1.2 тэрбум ам.доллар гараад явчихсан. Монголбанкнаас “Үнэ тогтворжуулах хөтөл­бөр” нэрийн дор 2.9 их наяд төгрөг гаргасан. Өөрөөр хэлбэл, улсын төсөвтэй тэнцэх мөнгө гадуур урсаж байна гэсэн үг.  Гэвч энэ их хэмжээний мөнгөний урсгалд хяналт, хариуцлага, ил тод байдал хангагдаагүй. Энэ мөнгө улсын төсөвт өр хэлбэрээр сууж байгаа. Тиймээс нэгдсэн улс нэг төсөвтэй байх нь зүйтэй. Энэ саналыг дэлхийн банк болон бусад олон байгууллагаас хэлж байгаа. Нэг айл нэг л төсөвтэй байдаг. Эхнэр, нөхөр, хүүхэд нь тус тусдаа төсөвтэй бол тэр айл хөгжиж, дэвжинэ гэж би бодохгүй байна.  Тиймээс нэгдсэн төсөв, нэгдсэн хяналт, санхүүгийн нэгдсэн зарцуулалт, бодлого байж гэмээнэ улс орон хөгжинө. Улсынхаа төсөв, багахан баялгийг хэдэн сайд тус тусдаа зарцуулдаг, дураараа дургидаг байх нь Монголын ард түмний эрх ашигт нийцэхгүй.  -Сөрөг хүчин эдийн засаг хямарлаа гэж яриад байсан. Энэ нь одоо л иргэдийн амьдралд мэд­рэг­дэж, халаас руу орох байх даа. Өндөр ханшаар авсан валютын зөрүүгээ бараа бүтээгдэхүүний үнэнд шин­гээж худалдаа, арилжаа хийж эхлэхээр жин­хэнэ хямрал эхлэх бус уу? -Ирэх оны мөнгөний бодлогыг харсан. Мөнгөний бодлого төсвийн төсөл дээр валютын ханшийг тогт­вортой байлгах, инфляцийг найман хувьд барих бод­логотой байгаа. Өнгөрсөн онд инфляци тогтвортой байсан хэдий ч валютын ханшаа алдсан. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалсан гэж үзэж байгаа.  Монголбанк, Засгийн газ­рын буруу бодлогоос болж банкнаас зээл авсан жи­рийн иргэд, татвар тө­лөгчид, бизнес эрхлэгчид их хэмжээгээр хохирч байна. Уг нь валютын ханшын өөрчлөлтөөс болж иргэд, аж ахуй нэгжүүд хохирох ёсгүй. Тиймээс валютын ханшийн өөрчлөлт, эдийн зас­­гийн алдаатай бодлого, монгол мөнгөний худалдан авах чадварын уналтаас болж хохирсон хохирлыг төр засаг хариуцах ёстой гэдэг саналаа холбогдох бай­гуул­лагуудад нь хүргүүлээд байгаа.  Мөнгөний ханш, валю­тын ханшийг иргэн, хувь хүн зохицуулж чадахгүй, төр засаг зохицуулах үүрэгтэй шүү дээ.  -Та сүүлийн үед Зас­гийн газрыг багагүй шүүм­жилсэн. Саяхнаас Төсвийн тогтвортой байд­лын тухай хуульд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Эндээс ха­рахад намынхантайгаа зөр­чилдөөд байдаг болж гэж санагдаад байгаа?  -Намын гишүүн байлаа гээд дотооддоо байнга нэгд­мэл байр суурьтай байна гэсэн үг биш. Тийм ойлголт, хууль ч байхгүй.  Хэрвээ намын байр суурь, ард түмний эрх ашиг хоёр зөрчилдвөл би олон түмэн буюу иргэдийнхээ эрх ашгийг л дагана. Мэ­дээж үүнд улс орны эрх ашиг орно.  Засгийн газрын байр суурь буруу байгаа тохиол­долд дэмжих албагүй. Энэ асуудлуудыг зөвөөр ойл­гох хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд би хэнээс ч айхгүй үгээ хэлж, үзэл бодлоо тууштай хамгаалах л болно.  Эцсийн эцэст УИХ-ын гишүүд улс орныхоо өмнө тодорхой үүрэг хүлээсэн төрийн хүмүүс. Аль нэг нам бүлгийн эрх ашгаас гадна хамгийн гол нь ард түмэн, улс эх орны эрх ашиг тэргүүнд нь тавигдах ёстой. Би ийм л зарчмаар ажилладаг.
Сургуулиудыг ингэж тохижуулах гэнэ
Улаанбаатар хотод төрийн болон хувийн өмчийн 154 сургууль байдаг ч 70 хувь нь дэд бүтэц, орчин нөхцөл нь хүндрэлтэй байгаа.  Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн гол орц нь авто машины зогсоолтой холилдсон, авто замын уулзвартай ойрхон, хүүхдүүдийн тоглож наадах, чөлөөт цагаа өнгөрөөх, бие бялдараа хөгжүүлэх талбай байхгүй гэх мэт. Тиймээс авто замд ойрхон байгаа сургууль, цэцэрлэгүүд рүү орох, гарах хэсгийг олон улсын жишгээр тохижуулах ажлыг хийхээр судалж байгаа юм байна. Ингэхдээ автозогсоолгүй сургууль цэцэрлүүдийн гадна шинээр зогсоол хийх, зогсоол хийх боломжгүй газруудад гарах орох гарцыг нь аюулгүй болгох, замын тэмдэг дохио, гэрэлтүүлэг  суурилуулж, хайс хашлагыг олон улсын жишгийн дагуу боловсруулсан стандартад тохируулан хийж, хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүрдүүлэхээр төлөвлөжээ.  Мөн сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газарт иж бүрэн тохижилт хийхээр нарийвчилсан төлөвлөлт хийсэн байна.  Энэ ажлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур дизайны хэлтсээс хийх аж. Ер нь бусад орны жишгээс харахад сургууль, цэцэрлэгийн гадна орчныг хүүхдүүдийн аюулгүй, цэвэр орчинд сурч, хүмүүжих биеийнтамир спортоор хичээллэх, амрах, тоглох орчин нөхцөлийг бүрдүүлж төлөвлөдөгөөс гадна сургууль, цэцэрлэгийн барилгын өнгө үзэмж, хэлбэрт онцгой анхаарал хандуулдаг байна.
Хариугаа авсан нь
УИХ-ын нэгдсэн чуул­ганы өчигдрийн хурал­даа­наар Дээд боловсролын сан­хүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны ту­хай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай хуу­лийн төс­лийн анхны хэлэл­цүүл­гийг хийж гишүүд ёстой л нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцана гэгч нь болов. Энэ үеэр нэгэн цагт МАН-ын сүүдэрт нэр дэв­шиж гишүүний сэнтийд заларсан ч АН-ын хүн болсон УИХ-ын гишүүн Д.Арвин олон жил тэвчсэн гомдлоо гаргах шиг болсон. Учир нь тэрбээр “2000 оны үед их, дээд сургуулиудын асуудал хөндөгдөхөд би ганцаараа эсэргүүцсэн. Ха­рин тэр үед МАН-ынхан намайг “боловсролгүй ав­гай” гэж чичилж байсан” хэмээн тунчиг шийдэмгий хэлээд авсан. Гэтэл түүний үгийг сонссон зарим нэг нөхөд тоогоогүй дүр үзүүлэн чуулганы танхимыг орхин гарч одсон. Харин Д.Арвин гишүүн үргэлжлүүлэн “Энэ их, дээд сургуулиудын асууд­­лыг одоо л цэгцлэх цаг нь болсон” гэж бухимдангуй хэлээд хариугаа авч, санаа нь амарсан байдалтай суу­чихав.
2018 он гэхэд Япон цагаан будааны хязгаарлалтаа зогсооно
2018 он гэхэд Япон цагаан будааны хязгаарлалтаа зогсооно Японы хөдөө аж ахуйн яам цагаан будааны үйлдвэрлэлийг хязгаарласан бодлогоо зогсоохоор төлөвлөж байна. Бүтээгдэхүүний үнийг унагаахгүй байхын тулд 40 орчим жилийн өмнөөс энэ бодлогыг тус улс хэрэгжүүлж эхэлсэн юм. 2018 оны санхүүгийн жил гэхэд уг хөтөлбөрийг зогсоож, нийлүүлэлтийг хэтрүүлэхгүй байхын тулд будааг боловсруулан ашиглахын сацуу амьтдын тэжээлд хэрэглэх аж.
“Цагаан MAMBA” ялалт авчирлаа
НБА талбайд болсон өнөөдрийн хамгийн сонирхолтой Лейкерс, Хьюстэн Рокетс нарын тоглолт Лейкерсийн хожлоор өндөрлөлөө.  Цаг дуусах мөчид Стив Блейк Дуайт Ховардын өөдөөс гурван онооны шидэлт гүйцэтгэн амжилттай болгосноор 99:98 харьцаагаар ялалт байгууллаа.    Хар MAMBA буюу Коби Брайнт бэртлээсээ ирээгүй байгаа бол цагаан MAMBA ийнхүү багтаа сүүлийн мөчид гайхалтай ялалт авчирлаа.
Дэлхийн жишигт хүрсэн тоног төхөөрөмж суурилуулжээ
Улсын клиникийн I төв эмнэлэг “Шинэ технологи-2013” өдөрлөг зохион байгууллаа Улсын клиникийн I төв эмнэлэг “Шинэ технологи-2013” өдөрлөг зохион байгуулж, эрүүл мэндийн тусламж үйчилгээнд нэвтрүүлсэн шинэ техник, тоног төхөөрөмжөө танилцууллаа. Өдөрлөгийн хүндэт зочноор Ерөнхий сайд Н.Алтанхуяг уригдаж, шинэ тоног төхөөрөмж суурилуулсан тасгуудад зочлов. “Шинэ технологи-2013” өдөрлөгийг нээж Улсын клиникийн I төв эмнэлгийн дарга, анагаах ухааны доктор Б.Бямбадорж үг хэлсэн. Тэрбээр “Өнөөдөр бид хөгжилтэй орны анагаах ухааны технологийг эмнэлэгтээ нэвтрүүлж чадсандаа баяртай байна. Хэдийгээр эмнэлгийн зарим нэг үйлчилгээ доогуур түвшинд байгаа ч сайн тоног төхөөрөмж нэвтрүүлсэнээр бусад үйлчилгээ ч дагаад сайжирдаг” гэв. 23 тэрбум төгрөг гаргаж, 21 аймагт оношлогооны төв байгуулж байна Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Миний бие сумын эмчээс улсын сайд хүртэл явахдаа эрүүл мэндийн салбарт ийн анхаарч хөрөнгө оруулсан Ерөнхий сайдыг үзсэнгүй” гээд Н.Алтанхуяг сайдыг эрүүл мэндэд ээлтэй сайд гэж онцолсон юм. Учир нь Ерөнхий сайд өөрийнхөө шинэчлэлийн хөтөлбөрөөс 23 тэрбум төгрөг гаргаж, 21 аймагт оношлогооны төв байгуулахад зориулжээ. I эмнэлэгт 3.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ Улсын клиникийн I төв эмнэлгийн даргын дараа Ерөнхий сайд үг хэлсэн юм. Тэрбээр “Шинэчлэлийн засгийн газар болон Н.Удвал сайд энэ салбарт онцгой анхаарч ажиллаж байна. Үүний хүрээнд тодорхой ажлуудыг шийдэж эхэлсэн нь өнөөдрийн энэ арга хэмжээ юм. Жишээлбэл, I эмнэлэг 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Бид хоёр гол үйл ажиллагааг дэмжиж байгаа. Нэгт техник технологийн хувьд шинэ түвшинд гаргах, хоёрт тус эмнэлгийн эмч нар эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг тун амжилттай хийж байгаа. Энэ үйл ажиллагааг дэмжиж үүнийг улам боловсронгуй болгох зорилтыг бид дэмжиж байна” гэлээ. Улсдаа анхдагч тасаг Улсын клиникийн I төв эмнэлгийн цусны эмгэг судлалын клиник, дүрс оношлогоо, ариутгалын тасаг, ерөнхий мэс засал, эрчимт эмчилгээний тасаг, эрхтэн шилжүүлэн суулгах судалгааны төв гээд нийтдээ 10 орчим тасагт дэлхийн жишигт нийцсэн эмчилгээний тоног төхөөрөмж байршуулжээ. Түүнчлэн өдөрлөгийн үеэр Ариутгал халдваргүйжүүлэлтийн тасгийн албан ёсны нээлтийг хийж, улаан тууз хайчилсан юм. Ингэснээр Монгол Улс түүхэндээ дэлхийн жишигт нийцсэн, евро стандартын иж бүрэн тоног төхөөрөмжтэй халдваргүйжүүлэлтийн тасагтай болж байгаа тухай тасгийн эрхлэгч н.Алтанцоо хэлж байв. Улсын клиникийн I төв эмнэлэг нь нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, анагаах ухааны сургалт, судалгаа явуулах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, бүх шатны эмнэлгийн байгууллагад мэргэжил, арга зүйн гурав дахь шатны лавлагаа тусламж үзүүлдэг улсын ууган эмнэлэгүүдийн нэг юм. Өдгөө 20 гаруй төрөлжсөн мэргэжлээр иргэдэд оношлогоо, эмчилгээ үзүүлж байна.
Мессэж ирснийг үнэрээр мэддэг болох нээ
Цагаан өнгөтэй, дугариг хэлбэртэй энэ төхөөрөмжийг утасныхаа чихэвчний оролтонд залгаад ямар нэг мэдээлэл утсанд тань ирэх бүрт тусгай үнэр ялгаруулж болох гэнэ. Тухайлбал шинэ мессэж ирэхэд гүзээлзгэний үнэр үнэртэх гэх мэт. Бүр төрөл бүрийн цэцэг эсвэл кофены үнэр ч гаргаж болох гэнэ. Мөн төхөөрөмж дээрх LED гэрэл давхар анивчдаг юм байна. Төхөөрөмж нь 100 удаа үнэр ялгаруулаад нэг цэнэглэдэг байх  ба нэг цэнэглэлтийн үнэ 5 доллар байх аж. 11 сарын 15-нд Японд зарагдаж эхлэх гэнэ. iOS, Android хоёуланд нь ажиллахаар бүтээгджээ. Сонин этгээд зүйлд дурладаг Япончууд сонирхох нь тодорхой. Харин Монголд амжилт олох болов уу?
Манай улсад боксын Азийн бүсийн АШТ маргааш эхэлнэ
Манай улс анх удаа мэргэжлийн боксын чиглэлээр Азийн бүсийн аварга шалгаруулах Олон улсын тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээнд БНХАУ, БНАСУ, БНСУ болон манай улсын баг тамирчид оролцох бөгөөд Азийн аваргын бүсийн төлөө долоон тоглолт болох ажээ.  Тэмцээн маргааш 17.00 цагт АСА циркт эхэлнэ. Манай улсаас дараах тамирчид оролцоно. Тамирчин Жин Б.Цогтбилэг 56 кг С.Жавхлан Д.Түвшинбаяр 63 кг Ж.Мөнхбаяр Б.Уламжаргал 50 кг С.Ганзориг 53 кг Х.Хатанбаатар 70 кг Мөн өнөөдөр Монгол улс Олон улсын мэргэжлийн боксын IBF холбоонд нэгдэх ёслол болох бөгөөд  тус холбоо нь дэлхийн мэргэжлийн боксын дөрвөн том холбооны нэг юм. БНАСАУ-ын баг тамирчид Одоогоор тэмцээнд оролцох БНАСАУ-ын баг тамирчид ирсэн бөгөөд БНХАУ, БНСУ-ын тамирчид хараахан ирээгүй байна. Тамирчдын оноолтыг танилцуулж байна. 53 кг-д С.Ганзориг БНАСАУ-ын тамирчин Пак Чун Хиёк 56 кг-д Б.Цогтбилэг,С.Жавхлан 63 кг-д Д.Түвшинбаяр, Ж.Мөнхбаяр 50 кг-д Б.Уламжаргал БНАСАУ-ын тамирчин Жо Күк Чой 55 кг-д БНАСАУ-ын тамирчин Квон Хисан БНХАУ-ын тамирчин Ма Ли 70 кг-д Х.Хатанбаатар БНХАУ-ын тамирчин Лүо Кианг нар хоорондоо тулалдана.
Махны үнэ 2-10 орчим хувиар буурчээ
Улаанбаатар хотын хүнсний захуудад худалдаж буй махны үнийн мэдээг Үндэсний статистикийн хорооноос тогтмол гаргадаг.   Хүнсний гол нэрийн бараанаас үнийн хувьд хамгийн  их өөрчлөлттэй байдаг мах энэ сарын 6-ны байдлаар дараах ханштай байна.  Махны үнэ өнгөрсөн сартай харьцуулахад нийслэлийн голлох худалдааны төв, захуудад 2-10 орчим хувиар буурсан байна.  Тухайлбал, "Бөмбөгөр худалдааны төвд үхрийн ястай мах 6,2 хувь буурч кг нь 7500 төгрөг болжээ. Дор үзүүлсэн мэдээллээс харвал нийслэлд үхрийн мах хамгийн хямд  нь "Хүчит шонхор" захад кг нь 6800 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол хамгийн үнэтэйгээр "Меркури" захад 9800 төгрөгөөр худалдаалж байна.  Дэлгэрэнгүй мэдээлэл: Махны үнэ ханш 2013.11.06
Оюутнууд жагсаал хийнэ гэв
УИХ-ын чуулганы хуралдаанаар  “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-д өөрчлөлт оруулах тухай өчигдөр хэлэлцсэн билээ. Энэ үеэр оюутнуудад олгодог Үндэсний тэтгэлгийн хэмжээ болон олгох хугацааг засгийн газраас тогтоож байх санал нилээд дэмжигдсэн юм. Энэ саналыг Монголын оюутны холбооноос эсэргүүцэж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. МОХ-ны удирдлага, болон 40 гаруй их дээд сургуулийн оюутны зөвлөлийн тэргүүнүүд оролцсон бөгөөд хуулийг өөрчлөх ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Хурлын үеэр МОХ-ноос Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ,ЗГ-ын гишүүдэд хандсан гурван шаардлага бүхий шаардах хуудсыг явуулж буйгаа мэдэгдсэн.  Үүнд: “Дээд боловсролын санхүүжилт нийгмийн баталгааны тухай хууль”-д өөрчлөлт оруулахаар өргөн барьсан хуулийн төслийг буцаах Үндэсний тэтгэлэгийг олгох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахдаа Монголын оюутны холбооны саналыг авч хэлэлцдэг байх Үндэсний тэтгэлэгийн хамрах хүрээ, хэмжээг бууруулахгүйгээр 2014 оны төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авах гэжээ. Эдгээр шаардлагуудыг энэ сарын 15-ны өдрийн дотор биелүүлээгүй болон албан ёсоор хариу өгөөгүй тохиолдолд МОХ-с их, дээд сургуулиудын оюутнууд, удирдлагууд, эцэг эхчүүдийг хамруулан сүүлийн хэдэн жилд байгаагүй томоохон хэмжээний жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулахаа албан ёсоор мэдэгдлээ.
"Take off" хамтлаг "Чамдаа өртэй" шинэ дуугаа гаргажээ
“Гүнж”, “Мартахгүй”, “Цасан дээр” зэрэг хайрын дуугаараа залуусын танил болсон "Take off" хамтлаг "Чамдаа өртэй" шинэ дуугаа гаргажээ.  Тус хамтлагийнхан хэсэг хугацаанд завсарласны дараа 10 жилийн ойгоороо эргэн нэгдсэн. Харин төрсөн өдрийн баяраа энэ жилдээ багтаан тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа билээ. Ингээд "Take off" хамтлагын  "Чамдаа өртэй" шинэ дууг сонсоцгооё.
Орчин цагийн ноотны өвөг ян-егийг Монголчууд зохиосон уу
Богд хааны ордон музей Соёл урлаг судлалын хүрээлэнгээс өчигдөр Богд хааны ордон музейд нэгэн сонирхолтой үзэсгэлэн дэлгэлээ. “Монгол эгшиг тэмдэглээ” нэртэй уг үзэсгэлэнд Монголын бурхан шашны төв, Гандантэгчинлин хийд, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанхын баруун хүрээ, Булган аймгийн Бүрэгхангай сумын Шаддүвдаржаалин хийд, Дундговь аймгийн Дашгэнпиллин хийдийн хурал номын ая дангийн 20 гаруй судар эх хувиргаа, мөн Баянхонгор аймгийн музей, Дорноговь аймгийн Данзанравжаагийн нэрэмжит музей болон хувь хүмүүст хадгалагдаж буй нийт 30 шахам ян-ег судрыг цахим хэлбэрт оруулснаа дэлгэн үзүүлсэн юм. Үзэсгэлэн гурван өдөр үргэлжлэх бөгөөд ССАЖЯ, Гандантэгчинлин хийд, СУИС, Богд хааны ордон музей, Соёлын өвийн төв, Музей судлалын төвүүд хамтран зохион байгуулж байгаа юм. Бичиг үсэг зохиосон цөөн улсын нэгд монгол багтах боломжтой Үзэсгэлэнгийн үеэр Монголын нэрт хөгжмийн зохиолч, ардын жүжигчин Н.Жанцанноровтой уулзаж ян-егийн талаар сонирхсон юм. -Эртний хөгжмийн тэмдэглээг ян-ег гэдэг байж. Үүнийг монголчууд өөрсдөө зохиож байсан юм уу, эсвэл хаа нэг газраас дамжиж ирсэн үү. Та үүнийг судалж байв уу? -Монголын эртний хөгжмийн тэмдэглээ болох ян-егийн тухайд энд ярихгүй өнгөрч болохгүй. Үүнийг юутай зүйрлүүлж болох вэ гэвэл манайхны нийтийн хэрэглээний Европоос гаралтай таван шугамт ноот шиг хөгжмийн бичиг үсэг гэж ойлговол зохилтой. Гэхдээ орчин цагийн ноотноос шал өөр зүйл гэдгийг ялгаж ойлгох нь зүйтэй. Шастир номондоо энэ тэмдэглээний тухай бичихдээ бурхнаас залсан гэж бичсэн байдаг. Үүнийг урд зүг буюу Гималайн нуруунаас орж ирсэн болов уу гэж үзэж, Халхад шинэ хөг хэмээн нэрлэнэ гэсэн байдаг. Тиймээс үндсэн тэмдэглэгээний арга хэлбэр нь бусдаас ирсэн юм байна гэж ойлгож болно. Гэхдээ Монгол Улс тэр чигээр нь хуулбарласан гэж ойлгож бас болохгүй. Яагаад гэвэл бүтээлчээр хөгжүүлэх гэсэн оролдлого нь давамгайлсан. Тодруулбал, монгол хүний сэтгэлгээ, ая дууны болон шашны уламжлал зохицуулан энэ ян-ег буюу ноотны бичиг хувьсан өөрчлөгдөж байсан. -Ян-егийг хамгийн сүүлд хаана, хэзээ ашиглаж байсан юм бол. Одоо тэмдэглэгээг уншиж чаддаг хөгжмийн зохиолч байдаг юм болов уу? -Баянхонгор аймгаас хамгийн сүүлд “Шивээ хиагт” дууны ян-ег олдсон гэдэг. Тэр дуу 1921 онд төрсөн шүү дээ. Түүнээс хойш 1930-аад он хүртэл үүнийг ашиглаж байсан гэдэг. Харамсалтай нь олон сүм хийд энэ төрлийн бичгийг шатаахад үрэгдсэн. Түүгээр зогсохгүй 1990 он хүртэл хэнд ч хэрэггүй хог мэт үнэлэгдэж байсан. Одоо л шашин, урлаг хоёрыг соёл гэдэгтэй санал нэгдэж, СУИС, Соёл урлаг судлалын хүрээлэн зэрэг байгууллага хамтран эртний тэмдэглээнийхээ талаар судалж, олон нийтэд сурталчлах гэж байна. Би энэ талын мэргэжлийн хүн биш л дээ. Гэхдээ уламжлалын болон одоогийн практикаас харахад үүнийг судлах хэрэгтэй юм гэж бодож байна. Яагаад гэвэл нэгдүгээрт, энэ нь бидний бүтээсэн зүйл. Бид хүний бүтээсэн зүйл дээр хөгжим бичдэг шүү дээ. Гэтэл биднээс эртний хүмүүс өөрсдийн бүтээсэн зүйл дээр өөрсдийгөө илэрхийлж байсан гэдгээрээ онцлог байжээ. Одоо үүнийг уншиж чадах хөгжим судлаач байхгүй. Тэр үеийн хүмүүсийг нээлт хийж гэхээсээ илүүтэйгээр монгол хүн хэрхэн аялгуу зохиож байсныг судлах боломж бидэнд бүрдэж байгаа юм. Үүнийг судалснаар тухайн үеийн Монголын нийгэм, монгол хүн, тэдний ертөнцийг үзэх үзэл санааг мэдэрч болох юм шиг санагдаж байна. Тиймээс үүнийг олох гэж хичээж байгаа нь сайн хэрэг. Үнэхээр үүний түлхүүрийг тайлж чадвал монголчууд XVII-XVIII зууны хөгжмийн эгшиг тэмдэглээ буюу бичиг үсэг зохиосон ард түмэн болно. Дэлхий дээр бичиг үсэг зохиосон 6-7-хон улс байдаг тэдний нэг болох юм. Их, бага нь хамаагүй уламжлал нь байгаа Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Даваасүрэнгээс XVII-XVIII зуунд ашиглаж байсан эгшиг тэмдэглээний талаар тодрууллаа. -Эртний эгшиг тэмдэглээг орчин цагийн залуус тэр бүр мэдэхгүй шүү дээ. Одоо энэ тэмдэглээг ашигладаг шашны ч юм уу, ямар нэг байгууллага байна уу?  -Үүнийг одоо бүрэн хэмжээгээр ашиглаж, хэрэглэж байгаа гэхэд хэцүү. Яагаад гэвэл үндэсний соёл урлаг, шашин шүтлэгийг үгүйсгэдэг байсан үе бидэнд бий. Энэ үеийн шуурганд тасалдаж, устгалд орж байсан. Тиймээс залуу үеийнхэнд бүрэн хэмжээгээр өвлөгдөн үлдсэн гэж хэлж чадахгүй. Гэхдээ амьд уламжлал, амьд орчин, үүнийг хэрэглэж байгаа орон зай нь одоо байна. Түүний нэг жишээ нь зарим сүм хийд. Тэд ая дан уншлагадаа энэ тэмдэглээг авч үлдсэн, түүнийхээ дагуу унзад лам нар нь уншиж байгаа нь энэ хэрэглээ ор тас алга болчихоогүйн илрэл. Тиймээс их, бага нь хамаагүй уламжлал нь байгаа. -Энэ тэмдэглээгээр бичигдэж үлдсэн ном судар хэр арвин байдаг юм бэ? -Манай хүрээлэнгийн хийж байгаа нэг том судалгаа бол энэ. Өнөөдөр ийм төрлийн судар ном нь олдож байгаа ч түүнийг хараад шууд татчих хүн төдийлөн тааралдахгүй байна. Бид тэдгээр судрыг эрдэм шинжилгээ судалгааны ажилд ашиглах, хэрэглээний эргэлтэд оруулахын тулд түлхүүрийг нь олох хэрэгтэй. Хэрвээ үүнийг тайлж чадвал хөгжмийн хэрэглээнд хэрхэн ашиглах, хурал номын ажилд хэрхэн хэрэглэх гээд шашин соёлын олон ажилд ашиглах боломжтой болох юм. Ийм судар бичиг чамлахааргүй үлдсэн байдаг. -Лам нарын уншдаг ном судар Төвд хэл дээр байдаг шүү дээ. Энэ нь түүнээс шал өөр юм аа? -Лам нарын тэр судрыг ямар ая дангаар унших вэ гэдгийг үүнээс ойлгож болно. Тухайлбал, үгээ хаагуур нь тасалж, хаана амьсгаагаа авах вэ гэх мэтээр. Нэг ёсондоо ноот гэсэн үг шүү дээ. -Үүнийг шашны сургуулийн багш нар заадаггүй юм уу? -Уншлагын хичээл дээрээ заадаг юм билээ. Гэхдээ эртний гэх эдгээр ая дан нь тухайн үедээ нутаг нутгийн аялгатай байсан. Тиймээс энэ бүхний ялгааг гаргаж, судлах ажил бидэнд тулгараад байна.
Крис Лоусон Монголд ирлээ
МҮСБХ-ноос зохион байгуулдаг “Үндэсний супер лиг” энэ сарын 22-нд эхэлнэ. Хоёр дахь удаагийн лигт найман баг өрсөлдөх болсон юм. Өнгөрсөн улиралд “SBL Хүлгүүд” багийн бүрэлдэхүүнд тоглож мөнгөн медаль хүртсэн АНУ-ын легионер Крис Лоусон энэ жилийн “Супер лиг”-т “TLG-13” багт тоглохоор болжээ. Бөмбөг эзэмших чадвар, уран гоё тоглолтоороо монголчуудын эчнээ танил болсон тэрбээр өчигдөр иржээ. Мөн “TLG-13” баг түүнээс гадна шинэ улиралд Америкийн коллежийн сагсан бөмбөгийн лиг (NCAA)-ийн нэгдүгээр дивизонд тоглож байсан хуучнаар Югославын бүрэлдэхүүнд байсан Косово улсын лигт тоглож буй довтлогч Фабиан Уилсонтой гэрээ байгууллаа. Өнгөрсөн улирлын “Супер лиг”-ийн аварга “Танан гарьд”-ыг ыг аварга болоход чухал үүрэг гүйцэтгэсэн Америк тивийн тоглогч Фредди Вудстэй гэрээ байгуулсан байна. Түүнчлэн анхдугаар “Супер лиг”-ийн хүрэл медальт, “Эрдэнэдрийлинг Ригс” баг Маркус Скиннер, Деан Хадлей нарыг дахин авчрахаар болжээ. Харин бусад баг хоёроос гурван легионер тоглогч авчрахаар төлөвлөөд байгаа бөгөөд одоогоор ямар тоглогч ирэх нь тодорхойгүй байна.
“Centerra gold” -ын орлого 1,6 дахин нэмэгдэв
Centerra Gold алт олборлох хоёр төслийг Киргизийн Кумтор болон Монголын Бороод хэрэгжүүлж байна Канадын алтны үйлдвэрлэлийн Centerra gold компани үйлдвэрлэлээ өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг хоёр дахин нэмэгдүүлсэн тухай компанийн төлөөлөгч мэдээлжээ. Өнгөрсөн онд 73 сая долларын алдагдалтай ажиллаж байсан тус компанийн цэвэр ашиг энэ хугацаанд 51,1 сая долларт хүрч нэмэгджээ. Өөрөөр хэлбэл компанийн орлого 1,6 дахин нэмэгдэж, 475,5 сая ам.долларт хүрсэн байна. Харин алтны худалдаа нь 1,9 дахин нэмэгдэж, бараг 327 мянган унци болжээ. Centerra Gold алт олборлох хоёр төслийг Киргизийн Кумтор болон Монголын Бороод хэрэгжүүлж байна. Түүнчлэн Монголд Гацуурт, Хятадад Лаогкси, Туркт Акарча, Самлы, Элмалы, Орост Кара Бельдыр зэрэг хэтийн төлөвтэй орд газруудад геологийн хайгуул хийх төслүүдийг хэрэгжүүлэхэд оролцож байна. Өнгөрсөн долоо хоногт Киргизийн парламент Centerra Gold-д төрийн өмчийн “Кыргызалтын” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн хувийг Кумторын ордыг эзэмших хамтын үйлдвэрийн 50 хувиар сольж, ирээдүйн хамтын үйлдвэрт Киргизийн хувийг 67-д хүргэх зорилт тавиад байгаа ажээ.
Уул уурхай, металлургийн салбарынхан чуулж байна
Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын “Metals Mongolia-2013” хоёрдугаар чуулга уулзалт "Туушин" зочид буудалд өнөөдөр болж байна. Чуулга уулзалтад төр засаг, хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд дөрвөн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Нэгдүгээрт уул уурхай, металлургийн салбарын өнөөгийн чиг хандлага, хоёрт алтны салбарын талаар хэлэлцлээ. Харин яг одоо чуулганы гурав дахь хэсэг буюу зэсийн салбарынхан илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ үеэр "Эрдэнэс MGL" ХК-ийн гүйцэтгэх захирал О.Сайнбуян "Стратегийн ордууд болон металлургийн боломжит төслүүд" илтгэлийг тавилаа. Үүний дараагаар дөрөв дэх хэсэг буюу хар төмөрлөгийн салбарынхан илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Тун удахгүй энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
Буриад Улстай хамтран ажиллах хэлэлцээрийг үзэглэлээ
ОХУ-ын Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга Носков Петр Лукич тэргүүтэй хүмүүс манай улсад айлчилж байгаа. Тэрбээр өнөөдөр нийслэлийн Засаг даргатай уулзсан юм. Энэ үеэр Улаанбаатар хот Буриад Улсын Засгийн газартай хамтран ажиллах хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр Улаанбаатар хот Буриад Улстай худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёл урлагийн салбарт  албан ёсоор хамтран ажиллахаар болж байгаа юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Улаан-Үдэд Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрын байгуулахаар төлөвлөж байгаа. Ирэх онд албан ёсны айлчлал хийнэ гэдгээ хэлж байв.
Жюү-жицүчид ДАШТ-ээс хоёр медальтай ирлээ
Дэлхийн аваргын хос медальтай Монголын анхны жюү-жицүгийн тамирчин Б.Өнөржаргал Монголын жюү-жицүгийн холбооны баг тамирчид “No-Gi” төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирлээ. Энэ сарын 2-3-нд АНУ-ын Лонг Бийч хотод болсон тус тэмцээнд манайхаас эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин Б.Өнөржаргал түүний дүү жүдо бөхийн ОУХМ Б.Сугаржаргал, эмэгтэйчүүдийн 74 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин С.Энхзаяа нар хүч үзсэн байна. Эмэгтэйчүүдийн 74 кг-д зодоглосон С.Энхзаяа мөнгө, эрэгтэйчүүдийн +100 кг-д Б.Өнөржаргал хүрэл медалийн эзэн боллоо. Б.Өнөржаргалын хувьд 2012 оны ДАШТ-д мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү дэлхийн аваргын хос медальтай Монголын анхны жюү-жицүгийн тамирчин болсон.
ААН-үүдэд мэдэгдэл хүргүүлж эхэлжээ
Өөрөөр хэлбэл, ногоон байгууламж хийх, арчилгаа цэвэрлэгээг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрд нь арилгаж, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллах юм. Иймээс нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс нийт аж ахуйн нэгжүүдэд дээрх үүргээ биелүүлж ажиллахыг анхааруулж мэдэгдэл хүргүүлж байгаа юм байна. Одоогоор Энх Тайваны Өргөн Чөлөө дагуу үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй аж ахуйн нэгжид мэдэгдэл тараасан бөгөөд цаашид  Их тойруу, Бага тойруу, Нарны зам дагуу аж ахуйн нэгжүүдэд үргэлжлүүлэн тараах аж.
“Сочи-2014” олимпийн бамбар сансарт хөөрлөө
Москвагийн цагаар 08:14 цагийн үед “Бай­конур” сансрын буудлаас Олон улсын сансрын станц руу хөөрчээ “Сочи-2014” олимпийн бам­бар бүхий “Союз” хөлөг өчигдөр өглөө Москвагийн цагаар 08:14 цагийн үед “Бай­конур” сансрын буудлаас Олон улсын сансрын станц руу хөөрч, 08:23 цагийн үед сансрын тойрог замд амжилттай хүрчээ. Харин сансрын нис­гэгч Федор Юр­чихин эх дэлхийдээ буцах үед буюу энэ сарын 11-нд олимпийн бамбар эр­гэж ирэх аж.  Бамбарыг сансарт хөөргөх багт Оросын Михаил Тюрин, Америкийн Ричард Мастраккио, Японы Коичи Ваката нарын сансрын нисгэгчид багтсан бай­на. Түүнчлэн сансрын хөлөгт тогтоосон камераар бас нэгэн “зорчигч” байгаа нь харагд­­жээ. Энэ бол сансрын нис­гэгч­дийн сахиус болгон авч яваа олим­пийн бэлгэдэл болох баавгай гэнэ.
Н.Баянмөнх: Ханьдаа шүлэг тэрлэхгүй бол найрагч байгаад яах юм
Яруу найрагч Н.Баянмөнхийн гэр бүл “Өөр мэдээ” сонины дугаарын зочноор яруу найрагч Н.Баянмөнхийг урилаа. Түүнтэй уран бүтээл, үзэл бодол, хувийн амьдралынх нь тухай ярилцсанаа хүргэе.  - Намрыг уран бүтээлийн улирал гэдэг шүү дээ. Энэ намар та шинэ бүтээл төрүүлэв үү?  -Намар болохоор онгод хөглөгддөг гэж ойлгож болохгүй. Уран бүтээлчдийн хувьд өөр, өөр байдаг байх. Би зуны дэлгэр цагт агаарт гарч, байгалийн сайханд аялахдаа шүлэг бичих санаагаа олдог. Байгалиас сэрж, мэдэрч, мэдэрсэн зүйлээ бүтээл, яруу найраг болгох сайхан.  - Тэгвэл энэ зун байгалиас юу мэдэрсэн бэ?  -Энэ жил миний уран бүтээлд, хувийн амьдралд бэлгэ дэмбэрэлтэй олон хувь тохиол тохиолоо. Саяхан “Говь шанхийн нутаг” шинэ номоо гаргалаа. Номын маань тайлбар орос, англи, хятадаар бичигдсэн. Калиграф, монгол бичиг, крилл бичгээр дууныхаа үгийг бичлээ. Цомог дагалдаж байгаа. Гэхдээ зөвхөн миний бүтээл биш шүү.  Дууны урлагт хайртай, ард түмэндээ зориулсан юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын аялгуу “Ээвэн гуа” гээд сайхан дуу хийсэн. Манай нутгийн дүү н.Цолмонбаяр дуулсан. Дуучид маань уран бүтээлдээ ихэвчлэн бүсгүй  хүний гоо сайхан, хатан ухаан, нутгийн нуураа магтаж, алдаршуулсан байдаг. Тэгвэл “Ээвэн гуа” бүтээлд “Ээвэн” нуурын нутагт зусдаг үзэсгэлэнт бүсгүйн тухай өгүүлдэг юм. Энэ мэтчилэн уран бүтээлийн олз омог арвин жил байлаа.  -Эр хүний чимэг эрмэг хурдан хүлэг гэдэг. Таныг би морины хорхойтой болов уу гэж бодлоо. Учир нь монгол хүлгээ магтан дуулсан сайхан дуу хийснийг чинь сонссон?  -Моринд дургүй монгол эр хүн байдаггүй байх. Миний хувьд хөдөө мал дээр өссөн, хөдөөний амьдралын сайхныг мэддэг маань морины тухай уран бүтээл хийхэд дөхөм болсон. Манай Дундговьт “Тэргүүн хонгор” гэж алдартай ажнай бий. Олон даншигт түрүүлж, төрийн наадамд тоосоо өргөж явсан аргамаг хүлэг. Энэ хүлгийг магтан дуулсан дуу хийсэн. Удахгүй дүрсжүүлж цацна.  -Та өөрөө дуу хуурын өлгий Дундговийн хүн юм чинь найранд гурван дуутай биз дээ?  -“Бичиг мэддэг хүний хажууд ичмээр дамшиг даа” гэдэг шиг мэргэжлийн дуучдын хажууд миний дуулах гэж юу байхав /инээв/. Гэхдээ найрын дугараа хүрээд ирвэл дуугүй суухгүй шүү. Ганц, нэг ээлжийг өнгөрөөгөөд явуулчих байх. Ер нь айрагтай газрын залуус багаасаа дуулж, хуурддаг нэг ёсны зөв соёлыг эзэмшсэн байдаг. Айраг ууж согтохдоо биш, эмийн үүднээс нь зөв хэрэглэж сурдаг. Айраг исгэх, сөн түших, унага тамгалах зэрэг Монголын бүхэл бүтэн түүхийг агуулж байдаг юм.  - Яруу найргийн ертөнцийг анх яаж мэдэрсэн бэ. Анхны бүтээлээ санадаг уу?  -Би мэдээ орсон цагаасаа шүлэг, яруу найргийн ертөнцийг мэдэрсэн гэж боддог. Хамгийн анх уран зохиол, номтой нөхөрлүүлсэн хүн бол ээж минь. Насаараа хэл, уран зохиолын багш хийсэн. Манайх дэлхийн болон дотоодын алдартай зохиолоос бүрдсэн номын сантай байлаа. Багадаа тэр номуудыг урдаг байлаа. Ухаан суугаад уншдаг боллоо, том болоод ухаардаг болсон. Миний бага нас ээжийн минь номын санд өнгөрсөн дөө. Мөн өвөө минь нутагтаа алдартай морь цоллооч байсан. Өвөөгөө дагаж, морь цоллохыг нь сонсох дуртай байсан.  Энэ бүхэн миний бичих үндэс, суурь болж байсан юм билээ. Сургуулийнхаа “Мөнгөн үзэг” наадамд хамгийн олон удаа түрүүлж, шилдэг сурагч болж байсан удаатай. Анх: “Тулга ахын авчирсан Тун гоё хар гутлыг Талх авахаар дэлгүүр орохдоо Тосолж өмсөөд гүйчихлээ Дэлгүүр орохдоо муухай болгохгүй гэж Газар харан өнгийж явтал Гайтай чулууг өшиглөөд хачин муухай болгочихлоо” гэж бичсэн байдаг. Би байнга юм өшиглөж  гүйгээд гутлынхаа хоншоорыг халцалчихдаг хүүхэд байсан. Тэгээд ээжид байнга загнуулна. Тэр тухайгаа л бичсэн юм шиг байна лээ.  -Багадаа уншсан, сэтгэлээс гардаггүй ном байдаг уу?  -Би ширээний ном гэдгийг насан туршдаа дахин, дахин уншдаг ном гэж ойлгодоггүй. Тухайн цаг үед миний сонирхлыг татсан номыг л хэлнэ. Би гурван номыг зэрэг уншдаг дадалтай. Ажлынхаа ширээн дээр, орныхоо толгойд, цүнхэндээ заавал номтой явдаг. Тэгэхээр сард гурваас дөрвөн ном уншдаг гэсэн үг. Энэ хугацаанд арай олон уншсан ном нь Д.Урианхай гуайн “Насны хишиг” гээд ном бий. Яруу найргийн философи, гүн ухааныг тэндээс олж харсан. Бага байхдаа Д.Урианхай найрагчийг хадаг барьж ёслоогүй ч багш минь гэж хүндэлдэг байлаа. Одоо шүлэг, яруу найргийн тухай ярилцдаг хамгийн сайн зөвлөгч минь.  -Та ихэвчлэн зохиолын дууны шүлэг бичдэг. Хааяа өөрийгөө эвдэж, өөр төрөлд хүч үзье гэсэн бодол байдаг уу?  -Миний бичлэгийн хэлбэр зохиолын дуунд илүү тохирдог юм шиг байна лээ. Гэхдээ шүлгээр минь бүтсэн поп дуунууд бий. Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулсан “Монгол хатад” дуу бий. Харин зохиолын дуунууд маань сонсогчдод илүү хүрдэг байх. Уран бүтээлчийнхээ хувьд олон төрлөөр бичихсэн гэсэн хүсэл, зорилго байлгүй яахав.  -Зохиолын дууг хөдөөний урлаг гэх нь бий. Та ямар бодолтой байна?  -Урлаг урлагаа доош нь татна гэдгийг би ойлгодоггүй. Урлаг нэг хүнд биш, нийтэд зориулагдсан байдаг. Хүлээж авах цар хүрээ, боломж бололцоо нь байвал зохиолын дуу хөгжих нь тодорхой. Урлагийн шүүгч нь цаг хугацаа шүү дээ. Түүнээс хэн нэгэн шүүгч шүүж, үнэлэмж өгдөг зүйл биш.  -Таныг хамгийн үнэтэй яруу найрагч гээд тодотгочихсон байна лээ. Нууц биш бол нэг шүлгээ хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?  -Боломжтой бол үнэлэхийг хүсэлгүй яахав. Гэхдээ тэрийг заавал мөнгөөр үнэлэхдээ гол биш. “Сайхан дуу болжээ” гээд урам өгөх нь дараагийн уран бүтээл хийх зорилго, урмыг өгдөг нь сайхан. Бидний амьдарч байгаа энэ нийгэм харьцангуй уран бүтээлийг, уран бүтээлчийг дэмждэг, үнэлдэг болсон үе. Би өөрийгөө хэтэрхий үнэтэй биш, тийм ч доогуур биш, алтан дунджийг баримталдаг гэж боддог.  -Манайхан ханьдаа, ээждээ, дотны хүмүүстээ дуу захиалж хийлгэх нь элбэг болсон. Таньд тийм санал хэр ирдэг вэ?  -Дууны санал ирдэг. Цаг хугацаа, боломж бололцооноосоо хамаараад тохирсон хариуг нь өгдөг. Анх “Зүүдэнд ирсэн Урангоо” дууг зохиочихоод би чинь “Урангоо” нэртэй болсон шүү дээ.  -Яагаад?  -Энэ дууг бүтэх үед дуучин С.Жавхлан оюутан байсан юм. Хайрын дууны уралдаанд сойж байсан удаатай. Нэг мэдэхэд хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн, сонсох дуртай дуу болчихсон. Энэ үеэс Н.Баянмөнх Урангоо гэдэг бүсгүйд хайртай байсан, сууж чадаагүй алдсан. “Гурван-Эрдэнэ” сургуульд нь Урангоо гэдэг бүсгүй байсан. Н.Баянмөнх эргүүлдэг байсан гээд цуурч өгсөн дөө.  -Урангоо, Тамирын голын бүсгүй, Ээвэн гуа гээд таны шүлэг үргэлж бүсгүй хүнийг магтан дуулсан байх юм. Магадгүй бүсгүй хүний эелдэг зөөлөн зан төрх, үзэсгэлэн гоогоос бүтээлийн санаа, шүлэг төрөх онгод бий болдог юм уу?  -Сайхан бүсгүйг хараад эргэж харалгүй өнгөрдөг хүнийг “тэнэг” гэдэг байх аа. Бүсгүй хүн өөрөө тайлагдашгүй, нууцлаг ертөнц шүү дээ. Үзэсгэлэнтэй бүсгүйг хараад би зоригтой эргэж харж чадна. Өөрт нь “Та үнэхээр сайхан бүсгүй юм” гэж хэлээд баярлуулж яагаад болохгүй гэж. Бүсгүй хүн өөрөө тэр чигээрээ сэдэв шүү дээ.  -Олон бүсгүйг магтан дуулсан найрагчид маань ханьдаа зориулсан шүлэг хэр олон байдаг вэ?  -Ханьдаа, ээждээ, гэр бүлийнхэндээ зориулж шүлэг тэрлэхгүй бол найрагч байгаад яах юм бэ. Ханьдаа зориулж “Зөөлөн мишээх харцанд чинь гунигийн будан зохихгүй Инээвхийлэн суугаарай Галбир бүтээм бурханлаг ертөнцийн дундуур Ганцхан чиний зүг би бодол задгай алхана” гэж бичиж байлаа.  -Сайн дуучин, сайхан бүсгүйгээр цайгаа чануулсан таныг “азтай” гэлцдэг юм билээ. Ханийхаа тухай яриач?  -Хүний амьдрал санаснаар болдоггүй шүү дээ. Миний өвөг дээдэс сайн явжээ. Тийм учраас би өдий зэрэгтэй явна. Сайн ханьтай учирсан. Одоо би сайн явбал миний үр хүүхэд сайн явна гэж боддог. Ханийнхаа олон зан чанараар бахархдаг. Зөөлөн сэтгэлтэй, уяхан хүн шүү дээ.  -Анх яаж танилцаж байв. Тэр үед юу мэдрэгдэж байсан бэ?  -Бид хоёрыг Янжаа эгч танилцуулсан шүү дээ /инээв/. Урлагийн бурхан Янжинлхам учруулсан гэж боддог. Анх сэтгэлд ойрхон, дотно санагдаж байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам бие бие рүүгээ тэмүүлдэг болсон.  -Шүлэг уншиж өгдөг байсан биз дээ?  -Надаас хүмүүс  ингэж асууж байгаагүй юм байна. Одоо бодоход би тэгтлээ шүлгээр уяраагаад байсан зүйл байхгүй. Сэтгэл зүрхээрээ л холбогдсон.  -Та хэр сайн аав, халамжит хань вэ?  -Охин маань хааяа аав ирж хоноогүй юм уу гэж асуудаг гэсэн. Учир нь би орой унтаж байхад нь ороод, өглөө унтаж байхад нь гардаг. Гэхдээ амрахаараа гэр бүлийнхнийгээ хайраар, ханийгаа халамжаар дутаахгүйг хичээдэг.  -Та өөрийнхөө босгосон амьдралын хэр сайн залуурдагч нь вэ?  -Миний амьдралыг хөлөг онгоцоор төсөөлвөл би хамгийн сайн хүлгийн ахмад нь. Учир нь би хаана, хэзээ газардахаа сайн мэддэг.
Ясир Арафатын үхлийн шалтгааныг зарлажээ
Палестины тэргүүн агсан Ясир Арафат Палестины тэргүүн агсан Ясир Арафатын эхнэр Суха Арафат нөхрөө полоний хэмээх цацраг идэвхт бодист хордож амиа алдсан талаар сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрбээр Швейцарийн радио физикийн хүрээлэнгийн ажилтнуудын хийсэн шинжилгээний үр дүнг танилцуулсан байна. Тус хүрээлэнгийн эрдэмтэд Арафатын бэлэвсэн эхнэрт шинжилгээни йхариуны хуулбарыг явуулсан аж. Энэхүү баримтад Палестины тэргүүний өмсөж байсан хувцас, оршуулсан газрын хөрсөн дэх цацраг идэвхт бодис хэвийн хэмжээнээс 18 дахин их байсныг илрүүлсэн гэжээ. Тиймээс Суха Арафат нөхрийг нь улстөрийн зорилгоор хөнөөсөн гэж үзэж байгаа юм байна. Харин энэхүү шинжилгээг хийсэн Швейцарийн шинжээчид ямар нэгэн тайлбар хийхгүй, чимээгүй байгаа аж.
Солонгосчууд явуулын лаборатори бэлэглэв
Уг лабораторийг Ховд, Увс, Хэнтий, Дорноговь зэрэг алслагдсан есөн аймагт хүлээлгэж өгөхөөр болжээ БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн агентлагаас МХЕГ-т явуулын сургалтын автобус, хөдөөд ашиглах зориулалттай машинд суурилагдсан явуулын мэргэжлийн лабораториудыг өчигдөр бэлэглэв. Уг лабораторийг Ховд, Увс, Хэнтий, Дорноговь зэрэг алслагдсан есөн аймагт хүлээлгэж өгөхөөр болжээ. Бичил лабораторийн түлхүүрийг өчигдөр Шадар сайд Д.Тэрбишдагва орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт гардуулсан бөгөөд явуулын сургалтын автобус нь 25 хунд сургалт явуулах багтаамжтай, орчин үед шаардлагатай сургалтын тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулсан юм байна. Албаныхны мэдээлснээр явуулын мэргэжлийн лаборатори нь хөдөө орон нутагт газрын хөрсний болоод хүнсний бүтээгдэхүүний сорьцын шинжилгээг газар дээр нь хийх боломжтой ажээ.
Хөрөнгө оруулалтын ажлын бүх мэдээлэл нээлттэй боллоо
Нийслэл хотод хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлын бүх л үе шатны мэдээллийг нийтэд хүргэх нэгдсэн лавлах www.ub-procurement.mn ашиглалтад орлоо. Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны газраас хөрөнгө оруулалтын ажлын талаар иргэдээс санал авах, төлөвлөх, тендерийг зарлах, зохион байгуулах, үнэлэх, хянах, шалгаруулах, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг зохицуулах, үйл ажиллагааг хурдан шуурхай, мэргэжлийн түвшинд, ил тод шудрага зохион байгуулах, үр дүнг олон нийтэд шуурхай мэдээлэх зорилготой энэхүү цогц системийг бий болгожээ.  Тендер зарлагдах, хэчнээн аж ахуйн нэгжийг ямар шалгуур үзүүлэлтээр шүүж, тэднээс аль нь ямар шалтгаанаар ялж, ялагдсан ба гүйцэтгэгчээр шалгарсан компани хэдий хугацаанд ямар ажил хийх, түүнд төрөөс  хэдий хэмжээний төсөв хөрөнгө зарцуулж байгаа талаар бүх л мэдээллийг олон нийт болоод тендерт оролцогчид нэг эх үүсвэрээс хугацааны хоцрогдолгүй авч эхэллээ.  Нийслэлд хэрэгжих тендерүүдэд иргэд эзний ёсоор хяналт тавих боломж нөхцөл бүрдсэн нь томоохон ахиц дэвшил юм.
Хавирганаас нь чих ургуулав
Английн 10 настай Алфи Хазелл хүү, ээжийн хамт Английн 10 настай Алфи Хазелл хүү төрөлхийн зүүн чихгүй. Харин тэрбээр саяхан эмч нарын тусламжтайгаар шинэ эрхтэнтэй болжээ.  Эмч нар түүний хавирганы яс, мөгөөрсийг ашиглан сонсголын эрхтэн ургуулсан байна.  Одоогоор хүү энэ чихээрээ юм сонсож чадахгүй ч өсч том болоод сонсголын аппарат зүүх боломжтой гэж эмнэлгийн ажилтнууд үзжээ.  Хазелл хүү Гольденхарын синдром хэмээх өвчнөөр шаналж байгаа нэгэн. Энэхүү удамшлын өвчний нөлөөгөөр түүний нүүрний нэг тал хэлбэрээ алдаж, шүд, эрүү муруйжээ. Үүнээс гадна чих байх ёстой газар нь зөвхөн чихний гэдэс, чихний суваг л байдаг аж.  Шинэ эрхтэнтэй бол­сонтой нь холбогдуулан ээж Катерина нь “Алфи хүү маань бага байхаасаа л хүн хараад нуугдаж, нүүрнийхээ зүүн хэсгийг харуулахаас ичдэг байсан. Одоо тэр шинэ чихтэй болсондоо баяртай байгаа бөгөөд авахуулсан зургаа ч найз нөхдөдөө илгээдэг болсон” гэжээ. Дашрамд дурдахад Хятадын эмч нар саяхан нэгэн эрийн духан дээр хамрын нь ургуулсан билээ.
Худал мэдээлэл, дуудлага өгвөл хариуцлага хүлээлгэнэ
Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас тусгай дугаарын утсанд нийт 10205 мэдээлэл ирж, бүртгэгджээ.  Тухайлбал, 101,105 дугаарт 685, 102 дугаарт 4902, 103 дугаарт 1642 хандалт ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй зөрчлийн 1642, зам тээврийн 262, гал түймэр гамшгаас хамгаалахын 18, түргэн тусламжийн 726 дуудлагыг хүлээн авч шийдвэрлэсэн байна.  Дашрамд дуулгахад, 9519... дугаартай хэрэглэгч О нь тусгай дугаарын утас болох 102 дугаарт нийт 418 удаа холбогдож худал мэдээлэл, дуудлага өгч тоглосон аж. Тиймээс гэртээ ганцаараа үлдсэн хүүхдүүд тусгай дугаарын утсаар тоглох нь их бөгөөд эцэг, эхчүүд энэ талаар хүүхдүүддээ зөвлөж хэлж байхыг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс анхааруулж байна.
ДЦС-2 ТӨХК-ийг түшиглэн баригдаж буй хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн угсралтын ажил дуусчээ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 21 дүгээр хуралдаан өнөөдөр болов. П.Цагаан: Иймэрхүү маягаар ажиллавал 50 жилийн дараа ч утаанаас ангижрахгүй. Хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга П.Цагаан даргалж дөрвөн үндсэн асуудал хэлэлцлээ. Улаанбаатар хотын хэмжээнд өвлийн улиралд гэр хорооллын 183 мянган айл өрхийн хэмжээнд хүрэн нүүрсний дундаж илчлэг болох 3200-3500 ккал/кг илчлэгээр тооцвол 900 мянга орчим тонн түүхий нүүрс, харин түүнийг 5500-5800 ккал/кг илчлэг бүхий боловсруулсан түлш буюу хагас коксон шахмал түлш, үртсэн шахмал түлшээр орлуулбал 600 мянга орчим тонн түлш хэрэгцээтэй байгаа ажээ. 2013-2014 оны өвлийн улиралд Улаанбаатар хотын түүхий нүүрс түлэхийг хязгаарласан бүсийн айл өрхийн хэмжээнд 35 мянга тонн орчим боловсруулсан түлш шаардлагатай. Энэ жил хагас коксон утаагүй түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа “Шарын гол энерго” ХХК, “НАКО түлш” ХК, “МАК” ХХК зэрэг гурван компани, шинээр хагас коксын үйлдвэр байгуулж үйлдвэрлэлээ эхлүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа “Хөх чоно“ групп, “Баялаг эрдэнэ цом” ХХК гэсэн нийт таван компани байгаа юм байна. “Шарын гол энерго” ХХК 5000 тонн хагас коксон шахмал түлш, “НАКО түлш” ХК 1000 тонн хагас кокс, “МАК” ХХК 15 000-20 000 тонн хагас кокс, “Хөх чоно” групп 8900 тонн хагас кокс, “Баялаг эрдэнэ цом” ХХК 2000-3000 тонн хагас кокс тус тус үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Эдгээр таванн компани нийтдээ 30 000-35 000 тонн хагас кокс, хагас коксон шахмал түлш үйлдвэрлэхээр зорьж байгаа боловч “Хөх чоно” групп зэрэг зарим үйлдвэр тоног төхөөрөмжийн суурилуулалт, технологи зүгшрүүлэлтийн шатандаа явж байгаа бол “НАКО түлш”, “Баялаг эрдэнэ цом” ХХК, “МАК” ХХК-ийн үйлдвэрлэлийн зардлын санхүүжилтын асуудал хүндрэлтэй гэх зэрэг нөхцөл байдлыг тооцож үзвэл энэ өвөл 20 мянга орчим тонн хагас коксон түлш үйлдвэрлэх бодит боломж байна гэж үзжээ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 21 дүгээр хуралдаан Мөн эдгээр таван компанийн “Шарын гол энерго” ХХК, “Баялаг эрдэнэ цом” ХХК-аас бусад нь дулааны аргаар боловсруулсан хагас кокс үйлдвэрлэх, түүнийг брикет болгох боломжгүй аж. Иймд ДЦС-2 ТӨХК-ийг түшиглэх байгуулж байгаа жилд 210 мянган тонн хагас коксон шахмал түлш үйлдвэрлэх төслийн ажиллахад бэлэн болоод байгаа брикетийн үйлдвэр болон шахмал түлшний барьцалдуулагч-шингэн шилний үйлдвэрийг яаралтай ашиглалтад хүлээн авбал дээрхи компаниудын үйлдвэрлэсэн хагас коксыг брикет болгон шахмал түлш үйлдвэрлэх боломжтой тухай саналыг компаниуд гаргажээ. Брикетийн цехийн нэг шугамын хүчин чадал 14 тонн/цаг, хоёр шугам зэрэг ажиллахад 28 тонн цаг бөгөөд үйлдвэрийг ашиглалтад оруулж 24 цагаар ажиллуулбал нэг сарын хугацаанд 20 мянган тонн брикет шахах боломжтой гэж үзжээ. Хагас коксон шахмал түлшний үйлдвэрлэлийн зардал гадаад дотоодын зах зээл дээрх түлш шатахуун, сэлбэг хэрэгслийн үнэ өртөг өссөн, Цэвэр агаарын сангаас бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр хийх боломжгүй болсноос шалтгаалан үйлдвэрлэгч компаниуд түүхий эд болох нүүрсний үнийг бууруулах боломжийн талаар хүсэлт гаргасан байна. “Шарын гол энерго” ХХК, “МАК” ХХК, “НАКО түлш” ХК, “Хөх чоно” групп, “Баялаг эрдэнэ цом” ХХК зэрэг компаниудын үйл ажиллагааг дэмжих, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өртгийг бууруулах зорилгоор Багануур ХК-ийн нүүрсний уурхайгаас олборлож байгаа нүүрснээс 50 мянган тонныг хямдралтай үнээр нийлүүлэх асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай талаар Уул уурхайн яамны төлөөлөл илтгэлдээ дурдлаа. Гэвч нэгэнт галлагааны улирал эхэлсэн хойно өмнөх гурван жилийн нэг ижил бэрхшээл зовлон тоочиж байгаа нь учир дутагдалтай болохыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга П.Цагаан сануулж, иймэрхүү маягаар ажиллавал 50 жилийн дараа ч утаанаас ангижрахгүй хэмээж ажлаа яаравчлахыг хатуу анхаарууллаа. Тэрээр утааг бууруулах ажилд иргэдийн оролцоо, дэмжлэг, хяналт юу юунаас илүү болохыг хэлсэн юм. Машины дугуй зэрэг агаар ихээр бохирдуулдаг зүйлс түлж шатааж буй айл өрхийг иргэд өөрсдөө илрүүлж гар утсаар зургийг нь авч холбогдох байгууллагад илгээх, утаатай тэмцэхэд иргэд идэвхтэй оролцохын чухлыг хуралдааны үеэр тэмдэглэв. “Цэвэр агаар” сан 2011 онд байгуулагдаж, жил бүр давхардсан тоогоор 22 орчим ажил санхүүжүүлж, 92,5 тэрбум төгрөг төсөвлөн ажилласан талаар тус сангийн гүйцэтгэх захирал Э.Баасан танилцуулж, орон тоо, хүн хүч дутмаг байгаа талаар хэлж байлаа. Хамгийн сүүлийн байдлаар тус сангаас утаагүй 45 мянган ширхэг зуухыг айлуудад тарааж байгаа юм. Түлш үйлдвэрлэгч байгууллагын үйл ажиллагааг дэмжинэ Түлш үйлдвэрлэгч байгууллагын үйл ажиллагааг дэмжинэ Хуралдааны төгсгөлд “Шарын гол энерго” ХХК, “МАК” ХХК, “НАКО түлш” ХК, “Хөх чоно групп” ХХК, “Баялаг эрдэнэ цом” ХХК зэрэг түлш үйлдвэрлэгч байгууллагын үйл ажиллагааг дэмжих, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өртгийг бууруулах зорилгоор Багануур ХК-ийн нүүрсний уурхайгаас 100 мянган тонн түүхий нүүрсийг дулааны цахилгаан станцуудад борлуулж байгаа үнээр нийлүүлэх, үйлдвэрлэсэн хагас коксыг брикетлэх, тээвэрлэх, нөөцлөх зэрэг үйлдвэрлэлийг жигд явуулахад шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хангаж 2013 оын 12 дугаар сарын 1-нээс түлш нийлүүлж эхлэхийг Уул уурхайн яаманд даалгалаа. Мөн Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн дэглэмийг зөрчиж хөнгөлөлттэй үнээр эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн худалдан авсан боловч ашиглахгүй, зарж борлуулсан, үрэгдүүлсэн, зааврын дагуу ашиглаагүй зэрэг зөрчил гаргасан иргэдийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан мэдээлэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудлал хариуцсан орлогч бөгөөд “Улаанбаатар Цэвэр агаар төсөл”-ийн удирдах зөвлөлийн даргаТ.Бат-Эрдэнэд даалгав. Агаарын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ДЦС-2 ТӨХК-ийг түшиглэн баригдаж буй хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн угсралтын ажил бүрэн дууссан байна. Иймд агуулах, шингэн шилний үйлдвэр, брикетлэх цех зэрэг объектыг хэсэгчлэн хүлээн авч ашиглах боломжтой эсэхийг судлан үзэх, үйлдвэрийн ажилчдыг сурган дадлагажуулах зэрэг ажлыг зохион байгуулах, стандартын шаардлага хангаагүй агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагын тухай мэдээллийг олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотойгоор мэдээлэх, шаардлага тавих, хариуцлага тооцох эрх зүйн орчинг бүрдүүлэх, “Цэвэр агаарын сан”-гийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамгийн үр ашигтай төслүүдийг санхүүжүүлэхэд голлон анхаарч, шуурхай, санаачлага гарган хуулийн шаардлагад нийцүүлэн ажиллах зэргийг холбогдох яам, албан тушаалтанд даалгалаа.
Зэрлэг гахай бөөнөөр нь хядсан этгээдүүдийг илрүүлжээ
Зэрлэг гахай ачиж явсан хүмүүсийг саатуулжээ Хилийн тагнуулын албаныхан хоёр ЗИЛ-131 машины тэвшээр дүүрэн зэрлэг гахай ачиж явсан хүмүүсийг саатуулжээ. Албаны эх сурвалж “Хоёр машины тэвш дүүрэн зэрлэг гахай агнасан гэхээр маш их тоо гарна. Хууль бус анчид гахайг хаанаас, хэрхэв агнасан нь удахгүй тодорхой болно. Зэрлэг гахай ихэвчлэн сүргээрээ явдаг. Тиймээс аравдугаар сарын дундуур орсон цаснаар гарсан гахайн мөрөөр энэ хэргийг үйлдсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон. Уг нь зэрлэг гахайг тусгай зөвшөөрлөөр цөөн тоогоор агнах эрх олгодог” гэсэн юм. Зэрлэг гахай агнах тусгай зөвшөөрлийг 300 мянган төгрөгөөр олгодог аж. Түүнчлэн жилд энэ тусгай зөвшөөрлийг 70 ширхгийг л өгдөг гэнэ.
Хятад Уралын цементийн үйлдвэрт 200 сая евро оруулна
Хятад Уралын цементийн үйлдвэрт 200 сая евро оруулна Хятадын AFECC болон Оросын «Митлайн» компани Уралын Свердловск мужид цементийн үйлдвэр барихад 200 сая евро оруулах бөгөөд Хятадын компани нийт хөрөнгө оруулалтын 85 хувийг хангах аж. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведевийн энэ оны аравдугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд хэд хэдэн үйлдвэр, түүний дотор цементийн үйлдвэр барих хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. «Митлайн» компанийн Ерөнхий захирал Павел Пудиков, AFECC компанийн ерөнхий захирал Зин Циндэ нар жилд 3.0 сая тонн цемент үйлдвэрлэх завод барих тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Харин одоо чухам хаана барих асуудлыг судалж байна. «Хуурай арга»-аар цемент үйлдвэрлэх технологи бүхий тоног төхөөрөмжийг энэ үйлдвэрт суурилуулах аж.
Ч.Баярмаа: Олон улсад дуудлагад очих дундаж хугацаа 10 минут байдаг
Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Баярмаа Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг. Хэлж биш хийсэж ирсэн өвчнийг анагааж, амьд явах боломж олгодог ачтан бол эмч, эмнэлгийн ажилтнууд. Тэдэн дотроо Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээний эмч нараас бидний цаашдын эмчилгээ ихээхэн шалтгаалдаг. Энэ хариуцлагатай бөгөөд хүндхэн үйлчилгээний талаар Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Баярмаагаас тодрууллаа. - Сүүлийн үед түргэн тусламжийн үйлчилгээний асуудал нэлээд шүүмжлэл дагуулах болжээ. Энэ тал дээр танай яамнаас ямар чиглэлийг баримталж ажиллаж байна?   - Эмнэлгийн яаралтай тусламжийн тогтолцоог боловсронгуй болгох, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудал нь эрүүл мэндийн салбарын бодлогын анхаарлын төвд байдаг. Аливаа өвчтөнд эмнэлгийн анхны тусламж, үйлчилгээг шуурхай, зөв үзүүлснээр өвчтөний амь нас, цаашдын эрүүл мэндийн байдал шууд хамаардаг. Тиймээс ч 2011 онд УИХ-аар батлагдан мөрдөгдөж байгаа Эрүүл мэндийн тухай хуульд түргэн тусламж, эмнэлгийн яаралтай тусламжийн талаар тодорхой зааж өгсөн. Жишээлбэл, гэнэтийн өвчин, осол гэмтэл, хордлого болон төрөх үед хамгийн ойр байрлах эрүүл мэндийн байгууллага яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй. Түүнчлэн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээг төр хариуцаж, гамшиг, онцгой байдлын үед эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах зэргийг тусгасан. Үүнээс гадна Засгийн газрын 2010 оны 318 дугаар тогтоолоор батлагдсан “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөр, салбарын сайдын батласан тушаал, удирдамж зэрэг бодлогын чанартай баримт бичгүүдийг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. - Манай улсын хүн амын нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл, осол гэмтэл эзэлдэг. Гэтэл энэ төрлийн өвчний үед яаралтай тусламж үзүүлэх маш чухал байдаг. Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулж чадвал нас баралтыг бууруулж чадах нь ойлгомжтой. Яагаад энэ үйлчилгээг сайжруулж чадахгүй байна вэ? - Таны асуулт маш зөв. Таны хэлдгээр нас баралтын зонхилох хувийг эзэлж байгаа зүрх судасны өвчин, осол гэмтлийн үеийн тусламж чухал юм. Осол гэмтэлд өртсөн хүнд цаг алдалгүй анхны тусламжийг хугацаа алдалгүй үзүүлж чадвал нас барах, хөгжлийн бэрхшээлтэй болох магадлал 2 дахин буурдаг. Мэргэжлийн хэллэгээр бол “Алтан цаг”-т багтаж тусламж үзүүлэх ёстой. Тухайлбал, хөгжилтэй орнуудад түргэн тусламжийн дуудлагад очих дундаж хугацаа 10 минут байхад манайд хэд байдаг билээ дээ. Харамсалтай нь хотын хүн амын өсөлттэй уялдаад замын түгжрэл, хаягийн тодорхойгүй байдал, гэрэлтүүлэг муу, жолооч нарын замын хөдөлгөөний соёлгүй байдал зэрэг их олон шалтгаан анхны тусламжийг хугацаа алдалгүй хүргэхэд сөргөөр нөлөөлж байна. Үүнээс гадна иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмагаас хүндэрсэн хойноо эмнэлэгт хандах, мөн бэлэн байдалд зориулсан санхүүжилт байхгүй зэрэг нь бас нөлөөлдөг. Энэ бүгдээс хугацаа маш их алддаг. Дээр нь түргэн тусламжийн автомашинууд хуучирсан. Нийт машины 80 гаруй хувь нь тоноглогдоогүй, багаж төхөөрөмжийн хангамж муу байдаг. Олон улсын жишигт хүрсэн стандартуудыг биелүүлэх гэхээр манай автомашин, тоног төхөөрөмжийн аль нь ч шаардлага хангадаггүй. Энэ мэтээр асуудал их байна. Тэглээ гээд бид зүгээр суугаагүй. Тухайлбал, хэт төвлөрлийг сааруулахын тулд хүн амын нягтрал ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт түргэн тусламжийн салбарыг байгуулснаар 2012 онд нийт яаралтай дуудлагын 70,7 хувьд нь 20 минутын дотор хүрч үйлчилсэн нь 2009 онтой харьцуулахад бараг 2 дахин нэмэгдсэн. Цаашдаа дүүрэг бүрт эмнэлэгт түшиглэсэн яаралтай тусламжийн нэгжүүдийг байгуулахаар төлөвлөж байна. Мөн ЭМШУИС-тай хамтран яаралтай түргэн тусламжийн мэргэшсэн эмч, сувилагч, яаралтай тусламжийн туслах ажилтныг тусгайлан бэлтгэх, яаралтай тусламжийн тэнхим байгуулахаар ажиллаж байна. - Та бэлэн байдалд зориулсан санхүүжилт гэлээ. Тайлбарлахгүй юу? - Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, шинэ болон шинээр сэргэж байгаа халдварууд, газар хөдлөлт, байгалийн болон хүний хүчин зүйлийн нөлөөлөл нь гамшигт өртөх өндөр эрсдлийг агуулснаар үр дагавар нь нэмэгдсээр байна. Судалгаагаар дэлхийн 30 гаруй улсын 500 сая гаруй хүн эрсдэлд амьдарч байна гэж гарсан. Энэ бүлгийн хүмүүст жирэмсэн болон хөхүүл эхчүүд, бага насны хүүхэд, өндөр настангууд оросн байгаа юм. Хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагын аюулгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллах нь юу юунаас чухал. Жишээ нь, Төв Азийн Казакстан, Киргиз, Молдав зэрэг орнууд эмнэлгийн яаралтай түргэн тусламж, түүний бэлэн байдалд онцгой анхаарч, эрүүл мэндийн салбарын төсвийн 5-аас доошгүй хувийг зарцуулдаг. Гэтэл манай салбарын төсөвт бэлэн байдалд зориулсан зардал огт байдаггүй. Судлаачдын үзснээр бэлэн байдалд 1 ам.доллар зарцуулбал хариу арга хэмжээнд 5-8 ам.доллар хэмнэнэ гэсэн тооцоо байдаг. Иймд бэлэн байдалд зориулсан зардалтай болох зайлшгүй шаардлагатай байгаа юм.  - Эрүүл мэндийн яам салбарын шинэчлэлийг хийж эхэлсэн гэж байгаа. Яаралтай түргэн тусламжийн тал дээр ямар шинэчлэлийн ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна?  - Бид хэд хэдэн томоохон ажлуудыг хийгээд байгаа. Гол ажлуудаасаа дурьдвал, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 408 дугаар тушаалаар ЭМЯ-ны дэргэдэх яаралтай болон түргэн тусламжийн Ерөнхий мэргэжилтнийг томилж, мэргэжлийн салбар зөвлөлийг шинээр зохион байгуулсан нь тус салбарын хөгжлийн бодлого, чиг хандлагыг олон улсын жишигт хүргэх нөхцлийг бүрдүүлж эхэлсэн. Мөн өнгөрсөн оноос аймаг, нийслэлийн ЭМГ-т орон тооны яаралтай, онцгой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэнг ажиллуулж эхэллээ. Өвчтөн, үйлчлүүлэгчдийг эмнэлэг хооронд явуулж чирэгдүүлж байдаг хүнд суртлын тогтолцоог халахын тулд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, бүсийн оношилгоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгийн дэргэд яаралтай тусламжийн тасаг, нэгжийг шинэчлэн байгуулах, тэдгээрийн ажиллах үлгэрчилсэн журмыг Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалаар батлуулан ажиллаж байна. Энэ тушаалын дагуу эмнэлэг болон тусгай мэргэжлийн төвийн яаралтай тусламжийн тасаг, нэгжүүд 2012 оны эцсийн байдлаар нийт давхардсан тоогоор 410,530 үйлчлүүлэгчид эрэмблэн ангилалт, ажиглалт хийж, эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүллээ.   Түүнчлэн зүрхний цочмог шигдээс болон тархины цус харвалтын төвийг Улсын Гуравдугаар төв эмнэлэгт, яаралтай тусламжийн сургалт аргазүйн төвийг Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт тус тус байгуулснаар яаралтай тусламж үзүүлэх цаг алдалт буурч, мэргэжлийн түвшинд тусламж, үйлчилгээг үзүүлэх боломж нээгдсэн. Европын холбоонд мөрдөгддөг “Түргэн тусламжийн машины” стандартыг орчуулан өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулах, мөн түргэн тусламж үзүүлэх байгууллага тухайлбал, Хууль зүйн яамны Мэдээлэл, шуурхайн удирдлагын төв, түргэн тусламжийн төв дуудлагыг хэрхэн хүлээн авч тусламж, үйлчилгээ үзүүлэх журмын төслийг боловсруулаад батлуулахаар төлөвлөж байна. Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр энэ онд яаралтай тусламжийн чиглэлээр 30 орчим эмчийг нэг сарын хугацаатай БНСУ-д сургахаар болсон. Яаралтай тусламжинд нэн шаардлагатай багаж хэрэгсэл /зөөврийн рентген, ЭХО /-г 2013 оны төсвийн 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хангах ажлын тендер явагдаж байна. Эмнэлэг хүртэлх болон эмнэлэг дэх яаралтай тусламжийн уялдаа, холбоог сайжруулах, үйлчлүүлэгчийн тухай мэдээлэл дамжуулах, төрөлжсөн тархи, зүрхний мэс заслын мэргэжлийн багийг холбох, ЯТТ ийн бэлэн байдлыг хангах төслүүдийг амжилттай хэрэгжүүллээ.   Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангах, хүрээнд Блю скай ХХК-тай хамтарч “Нислэгийн үед үзүүлэх яаралтай тусламж”-ийн сургагч багшийн сургалтыг Улаанбаатар хот, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад зохион байгууллаа. “Яаралтай тусламжийн шинэчлэл стратеги” (2013-2018он)-ийн төслийг боловсруулсан байна. ДЭМБ - ын санхүүжилтээр ЭМЯ-нд Шуурхай удирдлагын төв байгуулах, Монголд анх удаа ДЭМБ -ын Яаралтай болон мэс заслын тусламжийн хамтын ажиллагааны бүсийн төвийг байгуулахаар ажиллаж байна. - Бусад улс орны сайн жишээ, туршлагыг нэвтрүүлэх боломж хэр байдаг вэ? Ажиглаад байхад өндөр хөгжилтэй улс орнууд 911-ийн системээр эмнэлэг, цагдаа, онцгой байдал, гал түймэртэй тэмцэх газруудаа нэгтгэсэн байх нь элбэг байдаг. Энэ тогтолцоо манайд хэр тохирох бол? - Дэлхийн улс орнуудыг яаралтай тусламжийн хөгжлөөр нь хөгжсөн, хөгжиж байгаа, буурай хөгжилтэй гэж ангилдаг. Яаралтай тусламжийн тогтолцоо нь эмнэлэг хүртэлх, эмнэлэг дэх гэж хоёр хуваагддаг.  Иргэн өөрөө өөртөө болон бусад хүмүүст үзүүлэх анхны тусламжаас эхлээд мэргэжлийн байгууллагууд болох түргэн тусламж, гал, цагдаа, онцгой байдлын газар дээр нь үзүүлэх тусламж үйлчилгээ нь эмнэлэг хүртэлх яаралтай тусламжид, харин эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмч, мэргэжилтэний үзүүлж байгаа тусламж нь эмнэлэг дэх яаралтай тусламжид багтдаг. Үйлчлүүлэгчид эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн шуурхай, зөв үзүүлснээс өвчтөний амь насыг аврах, цаашдын хувь тавилан хамаардаг. Хүний эрүүл мэнд, амь нас гэдэг бол бүхнээс илүү эрхэм юм. Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг аврах нь чухал. Иймээс яаралтай тусламж нь хэн бүхэнд хамаатай салбар юм. Тухайлбал, эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээг сайжруулж өргөжүүлэхэд эрүүл мэндийн салбараас гадна орон нутгийн захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, зам, тээвэр, цагдаа, онцгой байдал зэрэг байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо маш чухал.  АНУ, Англи, Тайван зэрэг оронд яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд эмнэлэг, цагдаа, гал командтайгаа хамтдаа цаг алдахгүй үүднээс цогцоор зохион байгуулагдсан байдаг бол Япон улсад эмнэлэг, гал команд нь хамтдаа байдаг. Түргэн тусламжийн үйлчилгээнд нь сургагдсан парамедик буюу яаралтай тусламжийн мэргэжсэн эмнэлгийн биш бус ажилтан ажилладаг онцлогтой. Энэ бүгдийг судалж Монголын нөхцөлд тохирсон хувилбарыг нэвтрүүлэх боломжтой л доо. Хамгийн гол нь дээр дурдснаар салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй. - Ер нь олон улсад өвчтөнд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээний шалгуур нь ямар байдаг юм бэ? Манайхан тэр шалгуурт нь дөхөх үү? - Хөгжсөн орнуудад өвчтөнд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээ, сургалтын тогтолцоог олон улсын хэд хэдэн шалгуураар тогтоодог. Нэгдүгээрт, Тусламж, үйлчилгээний байдлын шалгуур гэж бий. Үүнд эмч нар яаралтай тусламжийн чиглэлээр суурь болон гүнзгийрүүлсэн сургалтад хамрагдсан байдал, яаралтай тусламжийн мэргэшсэн эмч, мэргэжилтний тоо хангалттай байх, өвчтөн шилжүүлэх нарийн тогтолцоотой байх, гэмтлийн өвчтөнд цаг алдалгүй тусламж үзүүлэх нөхцөл бүрдүүлсэн байдал зэргийг хамруулж тооцдог. Хоёрдугаарт, Сургалтын тогтолцооны хувьд яаралтай тусламжийн мэргэжлийн сэтгүүлтэй, энэ чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийгддэг, яаралтай тусламжийн мэдээллийн сантай байх зэргийг гол шалгуураа болгож авч үздэг. Гуравт, Яаралтай тусламжийг зохицуулах үндэсний байгууллагатай, төгсөлтийн дараах резиденсийн сургалттай, энэ чиглэлийн мэргэжлийн зөвлөлтэй, албан ёсны мэргэшлийн индекстэй байх зэрэг шалгуурууд ордог. Бид энэ бүх шалгуурт богино хугацаанд хүрэхийг л зорин ажиллаж байна.  - Хөгжилтэй орнуудын түвшинд хүрч, энэ шалгуурт тэнцэхийн тулд ямар ажлуудыг хийх ёстой юм бэ? - Цаашид эмнэлгийн яаралтай болон түргэн тусламж үйлчилгээг үр дүнтэй бүтэц, зохион байгуулалтад оруулах, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, техник, тоног төхөөрөмж, түргэн тусламжийн зориулалтын автомашины тоог нэмэгдүүлэх, парк шинэчлэлт хийх шаардлагатай. Ялангуяа боловсон хүчний мэдлэг, хандлага, ур чадварыг дээшлүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэх, орчин үеийн мэдээлэл, технологийн дэвшлийг ашиглах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд анхны тусламжийн мэдлэг олгох, салбар хоорондын хамтын үйл ажиллагааны уялдаа зохицуулалтыг нэмэгдүүлэх замаар олон улсын жишигт ойртсон нэгдсэн тогтолцоо бий болгоно. Үүний тулд нэн тэргүүнд яаралтай тусламжийн мэргэжлийн индексийг бий болгох, яаралтай тусламжийн мэргэшсэн эмч, сувилагчийг бэлдэх, олон улсын стандартад нийцсэн сургалтын тогтолцоог бий болгох, тэр дундаа анхан шатанд ажиллаж байгаа эмч, мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг нэн тэрүүнд зохион байгуулах хэрэгтэй байна. Мөн тусламж, үйлчилгээний ачааллыг багасгах зорилгоор 24 цагийн үйлчилгээтэй яаралтай тусламж үзүүлдэг чадамж бүхий нэгжийн тоог нэмэгдүүлэх, “Яаралтай тусламжийн шинэчлэл” стратегиа батлуулж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ бүгд их цаг хугацааг шаардах ч бид бүтээхийн төлөө л ажиллаж байна даа. - Мэдээж гадны өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүрсэн сайхан үйлчилгээтэй болохыг зорих нь зөв ч манай орны онцлог гэж бий шүү дээ. Энэ онцлогт тохирсон яаралтай түргэн тусламжийн ямар хэлбэрийг хөгжүүлэх хэрэгтэй байдаг вэ? - Монгол орон өргөн уудам нутагтай, хүн ам нь таруу байршсан учраас эмнэлгийн яаралтай тусламжийг шуурхай хүргэхэд бэрхшээлтэй. Тиймээс юуны түрүүнд агаарын яаралтай тусламж, орчин үеийн мэдээллийн технологи, алсын зайн оношилгоог хөгжүүлэх, зарим өртөг өндөртэй яаралтай тусламж, үйлчилгээг иргэний эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг болгох хэрэгтэй гэж боддог юм. Бид энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн. Ирээдүйд Монгол хүн бүр хаана амьдран сууж байгаагаасаа үл хамааран эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай авах нөхцөл бүрдэж, тэр ч бүү хэл өндөр хөгжилтэй зарим улс шиг онгоцоор тусламж үйлчилгээ үзүүлдэг болно гэдэгт итгэлтэй байдаг.
Г.Чинзориг: Монголчуудын оюуны чадавх дэлхийд гологдохгүй
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын Мэдээллийн технологи, инновацийн хэлтсийн дарга Г.Чинзориг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор анх удаа Программ хангамжийн үйлдвэрлэлийн салбарын анхдугаар чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна. Чуулга уулзалт энэ сарын 11-нд болох бөгөөд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Мэдээлэл технологийн консерциум хамтран зохион байгуулж буй юм. Энэ талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын Мэдээллийн технологи, инновацийн хэлтсийн дарга Г.Чинзоригтой ярилцлаа. -Программ хангамжийн салбарын талаар иргэд төдийлэн сайн мэддэггүй нь ажиглагддаг. Харин тус салбарынхан нрэх даваа гарагт анхдугаар чуулга уулзалтаа зохион байгуулахаар болсон байна. Уншигчдад маань эл чуулга уулзалтын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу? -Программ хангамж үйлдвэлэлийн салбарын анхдугаар чуулга, уулзалтыг энэ сарын 11-нд "Туушин" зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн чуулга, уулзалт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор зохион байгуулагдах юм. Өнөөдөр манай улсад энэ чиглэлээр нийт 413 компани бүртгэлтэй байдаг. Үүний 200 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Харамсалтай нь дээрх компаниуд нийлээд нийт татвар төлөлтийн 0.03 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө л төлдөг. Энэ нь маш бага хэмжээ гэсэн үг юм. Уг салбар маань түүхий эд шаарддаггүй цэвэр оюуны бүтээл, чадавх дээр тулгуурлан баялаг бүтээдэг. Хэдийгээр Монгол Улсын эдийн засагт программ хангамжийн салбар дорвитой хувь нэмэр оруулах боломж, бололцоо байгаа ч одоохондоо маш бага түвшинд байна. Тиймээс энэхүү түвшингээ дээшлүүлэх үүднээс анхдугаар чуулга уулзалтаа зохион байгуулах гэж байна. Бид зөвхөн хувийн хэвшлийн компаниуд нь бус төр засаг болон их, дээд сургуулиуд, хөрөнгө оруулагчид, нөгөө талаасаа эрэлт үүсгэж байдаг зах зээл, үйлчлүүлэгч, захиалагч нарыг чуулганы үеэр нэг дор цуглуулж, асуудлуудыг ярилцаж, шийдлийг хамтран олох талаар ажиллаж байна. -Мэдээж анхдугаар чуулга, уулзалтаараа олон асуудлыг хөндөх байх. Гэхдээ яг ямар асуудлыг голлон ярилцахаар төлөвлөөд байна вэ? -Бид энэ удаад программ хангамжийн технологийг ярилцахгүй. Учир нь технологийг компаниуд тус тусдаа чадаж байна. Харин үр ашигтай менежментийг хийж чадаж байгаа эсэх, санхүүжилт хөрөнгө оруулалтаа авч чадаж байна уу, зах зээлийн эрэлт хэрэгцээгээ хангаж чадаж байна уу гэдгийг голчлон ярилцана. Энэ ч утгаараа бид чуулга уулзалтаараа үндсэн гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. -Ямар гурван асуудал билээ? -Нэгдүгээрт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар ярилцана. Хоёрт зах зээл, гуравт өрсөлдөх чадварын тухай хэлэлцэж нэгдсэн нэг шийдэлд хүрэхийг зорьж байна. Тодруулбал зах зээл дэх эрэлтийг хангахын тулд компани үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ эрэлт хэрэгцээг хангах асуудал нь компанийн өрсөлдөх чадвартай холбоотой. Үүнийг сайжруулахын тулд нөгөө талд нь санхүүжилт, хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байдаг. Хэрэв өрсөлдөх чадвар сайн бол өнөөгийн зах зээлийнхээ эрэлт хэрэгдээг хангаад явах боломжтой. -Таны ярианаас хөрөнгө оруулалт, зах зээл, өрсөлдөх чадвар гэсэн гурван гол асуудал байна гэж ойлголоо. Тухайлбал та хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг хэлэлцэхдээ юуг чухалчлах ёстой гэж үзэж байна вэ? -Программ хангамж маань өөрөө их эрсдэлтэй бизнес л дээ. Ийм эрсдэлтэй бизнест хөрөнгө оруулалтын тогтолцоо, соёл бүрдсэн эсэхийг чухалчлан ярилцана. Мөн саяхан намрын чуулганаар батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль ямар хууль болсон зэрэг асуудлыг хөндөнө. Гэвч нөгөө талд нь санхүүжилт гэж чухал зүйл байгааг мартаж болохгүй. Төр талаасаа ярих юм бол жижиг, дунд үйлдвэрлэлийн болон зээлийн батлан даалтын сан гээд байна л даа. Үүнээс гадна арилжааны банкууд байна. Эдгээр байгууллагуудаар дамжуулж программ хангамжийн салбарыг хэрхэн дэмжиж ажиллах вэ гэдгийг л ярилцана. Хоёрдугаарт зах зээл гэдэг хуралдаанд эрэлт хаана байна, эрэлт өөрөө ямар шаардлага тавьж байгааг л олох зорилготой. Тухайлбал уул уурхайн салбарт программ хангамжийн тодорхой хэрэгцээ байна. Энэ хэрэгцээг дотоодын компаниуд хангаж болно. Гэхдээ программ хангамж нийлүүлэгч маань эдгээр шаардлагыг хангасан байх ёстой гэдгийг захиалагч тал тодорхойлно. Иймээс манай программ хангамжийн олон жижиг компаниуд өргөн цар хүрээтэй төсөл гүйцэтгэхийн тулд нийлж нэгдэх эсвэл үйл ажиллагаа, менежментийнхээ тогтолцоог сайжруулах зайлшгүй шаардлагатай болно. Хамгийн сүүлийн өрсөлдөх чадвар гэдэг нь боловсон хүчний чадавх, олон улсын стандартад ямар шаардлага тавьж байгааг ярилцах юм. Жишээлбэл фэйсбүүк зэрэг дэлхийн топ компаниудад монгол залуус ажиллаж байна. Үүнээс үзэхэд монгол хүний оюун ухаан дэлхийд гологдохгүй байна гэсэн үг. Тиймээс боловсон хүчний асуудалд нэлээд анхаарлаа хандуулах хэрэгтэй. -Монголын сор болсон цөөхөн тооны хүмүүс дэлхийн топ компаниудад ажиллаж байна. Тэдгээр цөөн тооны залуусыг эх оронд нь ажиллуулж болдоггүй юм уу? -Тэд нэг л зүйлийг хэлдэг. Юу гэхээр «Манай монгол залуусын оюуны чадавх дэлхийд дутахааргүй. Харин тэнд ажиллаж байгаад монголд ирээд юм хийх гэхээр дэлхийн улс орнууд шиг сайн менежмент хийж чадахгүй байна» гэдэг. Тиймээс л бид дэлхийн хэмжээний программ хангамжийн компанийн менежмент ямар байдгийг суралцах зайлшгүй хэрэгцээ байгаа юм. Гэхдээ энэ мэтчилэн өрсөлдөх чадвар нэмэгдээд ирэхээр аяндаа хөрөнгө оруулагчдыг ч татах боломжтой. Улмаар зах зээлийнхээ эрэлтийг биелүүлээд ирэхээр хөрөнгө оруулагч, санхүүжилт ч нэмэгдээд ирэх юм. -Ингэхэд та бүхэн анхдугаар чуулга уулзалтаасаа ямар үр дүн хүлээж байна? -Үр дүн нь маш энгийн. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас программ хангамжийн компаниудад тодорхой хэмжээний санхүүжилт олгох, Зээлийн батлан даалтын сан арилжааны банкуудаас зээл авахад нь яаж туслах ёстойг л тодорхой болгох юм. Түүнчлэн Оюуны өмчийн газар программ хангамжийн зохиогчийн эрхийг хэрхэн хамгаалах, яаж барьцаалах, зохиогчийн эрх зөрчигдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах зэрэг асуудлыг олон нийтэд ил болгоно. Улмаар чуулга уулзалтад оролцсон хүмүүс нэгдсэн нэг ойлголтод ч хүрэх байх. -Энэ удаагийн чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Төр засгийн зүгээс ямар дэмжлэг, туслалцаа үзүүлэх вэ? -Энэ жилийн хувьд төр засгийн зүгээс санхүүжилтийг нэмэгдүүлэх тал дээр голлон анхаарч байгаа. Харин бидэнд одоогоор байгаа бололцоо нь дээр дурдьсан ЖДҮ-ийг дэмжих сан, Зээлийн батлан даалтын сангаас программ хангамж үйлдвэрлэгчдийг санхүүжилтээр дэмжих ба Шинжлэх ухаан технологийн сангаас Мэдээллийн технологийн инновацийн төсөл болон суурь судалгааны төсөл рүү хөрөнгө оруулах бололцоо харагдаж байгаа. Тодорхой байгууллагуудтай хамтран ажиллах тал дээр тохиролцоонд хүрсэн. Үр дүнгээ чуулга уулзалтын өдөр олон нийтэд танилцуулахаар ажиллаж байна. -Ярилцсанд баярлалаа
УИХ-ын чуулганы хуралдаан болсонгүй
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14:00 цагт хуралдах товтой байсан. Гэвч  хуралдахгүй болсныг мэдэгдлээ.  Чуулганы хуралдаанаар өнөөдөр УИХ-ын Ж.Батзандангийн Эрүүл мэндийн сайдад тавьсан “Хордлогын яаралтай үндэсний төвийн үйл ажиллагаа болон хор судлал, хордлогын мэдээллийн талаарх асуулга”, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад тавьсан “Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга”, Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Цөмийн энергийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиудын хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонсох байв.  Мөн Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийвэл үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон ч ийнхүү хурлыг цуцаллаа.
iPhone-ы дэлгэцээ тогшоод л Mac компьютерээ нээдэг боллоо
Lock хийгдсэн Mac компьютертээ нэвтрэх бүртээ та урт password оруулах хэрэг гардаг нь түвэгтэй байдаг байх. Тэгвэл Knock нэртэй энэ аппликэшныг iPhone дээрээ суулгаад энэ ажлыг хөнгөвчилж болно. Knock бол iPhone/Mac хос аппликэшн бөгөөд хоёуланд нь сууснаар ажиллахад бэлэн болно. Таны iPhone, Mac компьютертэй тань Bluetooth технологиор холбогдох юм. Үүний дараа та компьютертээ ойртоод (6 метр дотор) iPhone-ы дэлгэцээ товшиход л login хийгдэж нээгдэх болно. Хоёр төхөөрөмж тань холбогдохдоо сүүлийн үеийн Bluetooth Low Energy технологи ашигладаг тул төдийлөн их зай тэжээл үрэхгүй. Тэр ч байтугай iPhone-ы  тань дэлгэц Unlock хийгдэх ч шаардлагагүй. Компьютер дээрх Login дэлгэцний тань avator Knock хийх боломжтой байгаа бол ногоон цагиргаар хүрээлэгдэж харагдах болно. iPhone дээр суух Knock апп нь 3.99$ үнэтэй бол Mac-т суух програм нь үнэгүй юм. Татах холбоосууд: Appstore link Knock app Web site link Mac app
“Metals Mongolia-2013” чуулган өндөрлөлөө
Монголын уул уурхай, металлургийн салбарын зах зээлд тоглогч хэн бүхэн оролцсон “Metals Mongolia-2013” чуулган өнөөдөр боллоо. Оролцогчид “Уул уурхай, металлургийн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага”, “Алтны салбар”, “Зэсийн салбар”, “Хар төмөрлөгийн салбар” гэсэн үндсэн дөрвөн сэдвээр илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Салбарын голлох сэдвүүдээс хар төмөрлөгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг цохон дэлгэрүүлье. Хар төмөрлөгийн 958 сая тонн нөөц бий “Хар төмөрлөгийн салбар” сэдвийн анхны илтгэгч нь “Гложекс Холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Л.Наранбаатар байлаа. Ашигт малтмалын газраас гаргасан судалгаагаар /2013.01.01-ний байдлаар/ манай улс төмрийн хүдрийн 958 сая тонн нөөцтэй болох нь тогтоогдсон байна. Эл нөөцийн, 64 хувь нь Төвийн бүсэд 19 хувь нь Зүүн бүсэд 14 хувь нь Баруун бүсэд 3 хувь нь Хангайн бүсэд байдаг байна. Нийтдээ 56 орд газар байгаа бөгөөд үүний 29 нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай, 21 нь монголын хөрөнгө оруулагчтай, 6 нь хамтарсан гэх боловч үнэн хэрэгтээ хятад хөрөнгө оруулагчтай лицензүүд юм байна. Хайгуулын салбар зогсонги байдалд байна Хар төмөрлөгийн салбарынханы мэдээлж байгаагаар төмөрлөгийн төдийгүй төдийгүй бусад салбарын хайгуулын ажил бараг зогсонги байдалд орсон гэж байлаа. Тиймээс хайгуул хийх зөвшөөрлийг дахин олгож, газрын баялагаа зөв зохистой ашиглаж чадвал эдийн засгийн өсөлт хурдсан нь тодорхой хэмээсэн юм. Харин ган бүтээгдэхүүний тухайд манай улс жилдээ 500 мянган тонн ган хэрэглэх тооцоо гарсан байна. Гэтэл дотоодоосоо 120 мянган тонн ган нийлүүлэх боломжтой аж. Ингэхээр ирээдүйд 380 мянган тонн ган сох дутаж байгаа аж. Тиймээс импортоор оруулж ирэх гангийн асуудлаар төр засгийн зүгээс хөрш орнуудтай тааламжтай хэлэлцээр хийх байх гэсэн горьдлого энэ салбарынханд байгаа нь харагдаж байсан. “Монгол ган нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Баяраа хүү хэлэхдээ “1990-ээд онд малчдаас арьс шир, ноолуур хямд авч угаагаад гадагш гаргадаг байсан. Энэ байдал яг одоо төмрийн салбарт илрээд байна. Өөрөөр хэлбэл, гадныхан манай байгалийн баялаг, усыг ашиглачихаад гаргасан бүтээгдэхүүнээ гадагш өндөр үнээр гаргаж байна” гэсэн юм. Мөн тээвэр логистикийн асуудал хүнд байгааг ч дурдаж байв. Ийнхүү уул уурхай, металлургийн салбарынхан нэгэн дээвэр дор чуулж, тугамдсан асуудал, хэтийн зорилго, үр дүнгээ хэлэлцлээ.
Их наран, Орбит, Баянхошуу, Зүүн салаа чиглэлд хүүхдийн автобус явуулахаар болжээ
Нийслэлийн алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрут шинээр гаргаж туршилтаар явуулж эхэлсэн тухай бид мэдээлж байсан. Харин энэ сарын 11-нээс эхлэн дахин гурван чиглэлд хүүхдийн автосус явуулахаар болжээ.Тодруулбал, Их наран, Орбит, Баянхошуу, Зүүн салаанаас 36-р дунд сургууль хүртэл зөвхөн сурагчдад үйлчлэх автобус явах юм байна. Дээрх чиглэлүүд нэмэгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн нийт 22  сургуулийн сурагчид тусгай маршрутын автобусаар үйлчлүүлэх боломжтой болж байгаа аж.  Хүүхдийн автобусны үйлчилгээнд  Цахилгаан тээвэр ОНӨҮГ, Тэнүүн Огоо ХХК,  “Автобуснэг” ОНӨҮГ, Автобуснэгдэл ХХК зэрэг аж ахуй нэгжүүд том оврын автобусаар үйлчлэхээр төлөвлөжээ.
П.Жасрай агсны ач охин МАН-ын газрын дарга боллоо
- МАН-ын УЗ хуралдаж газруудын дарга нарыг томиллоо - МАН-ын шинэ Удирдах зөвлөл өчигдөр хуралдсан байна. Энэ үеэр хуучин хэлтсүүдийг татан буулгаж шинээр зургаан газар болгон өөрчилж зохион байгуулжээ. Үүнд, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар Н.Дэмбэрэл, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн газрын даргаар С.Чинзориг, Эдийн засгийн газрын даргаар н.Даваасүрэн, Сан хөрөнгийн газрын даргаар Т.Тамир, Улстөр, намын байгуулалтын газрын даргаар н.Ариунзаяа, Эрх зүй, хуулийн газрын даргаар Ш.Раднаасэд нарыг тус тус томилжээ.  Эх сурвалжийн мэдээлснээр н.Даваасүрэн, н.Ариунзаяа нар нь намын удирдах шатанд гарч ирсэн шинэ хүмүүс гэнэ. Тухайлбал, н.Ариунзаяа нь П.Жасрай агсны ач охин бөгөөд МАН-ын XXVII Их хурлын өмнөхөн тус намд элссэн байна.
Их Майдарын тэргүүнийг залах ёслол боллоо
Өндөр Гэгээн Занабазарын урласан Майдар бурханы дүрийг 54 метр өндөр орчин цагийн урлагийн бүтээл болгон 108 метр өндөртэй суварган байгууламжийн хамт Төв аймгийн нутагт цогцлоон босгож байгаа. “Их Майдар бурханыг Монголчууд бид эвийн хүчээр бүтээснээр түүхэн дурсгалт аялал жуулчлалын цогцолбор бий болж, дэлхийн уран барилгын нэгэн гайхамшигт бүтээл болон сүндэрлэх юм” хэмээн төслийн гүйцэтгэх захирал Б.Цогтбаяр хэлж байна. Тэгвэл энэхүү Майдар бурханы тэргүүнийг Чингисийн талбайд залах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ингэснээр олон түмэнд Майдар бурханыг дүрийг харуулж, сүсэглэн залбирах боломжийг олгож байна. Майдар бурханыг бүтээж байгаа материал нь 1000 жилийн настай гэнэ. Өөрөөр хэлбэл, гууль болон хүрэл төрлийн материалаар хийжээ Эл ёслолд урлаг соёл, спорт, бизнес, шашин, улс төрийн гээд бүхийл салбарын төлөөлөл болон иргэд оролцсон юм. Тодруулбал, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд,  А.Очирбат, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хос медальт Н.Түвшинбаяр, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц гээд маш олон төлөөлөл иржээ. Энэ үеэр Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц “Яг монгол урлагаар Майдар бурханыг бүтээж байна. Мөн энд нэг гайхамшиг байгаа. Юу гэхээр бүтээж байгаа улсуудын санаа төр буюу соёл, шашин хоёрыг төлөөлсөн юм. Энэ нь Монгол Улсын төр мандан бадраг гэсэн утга байна. Дээрээс нь оюун ухаан, энэрэл нигүүлсэл, бие биенээ хайрлан цогцолтой сайхан амьдрах, амгалан жаргалантай байх давхар утга бас байна” гээд гайхамшигтай сайхан бүтээл болсоныг тодотгосон. Их Майдар цогцолбор нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Богд Хан уулын өвөрт Улаанбаатар хотоос 50 км зайд орших Өгөөмөрийн ам, байгалийн үзэсгэлэн бүрдсэн Зурх уулын энгэрт байрлаж байгаа юм. Энэхүү Майдар бурханы их бүтээн байгуулалтын эхний шатанд /2016 он хүртэлх/ 32 сая ам.доллар шаардлагатай байгаагаас 10 орчим сая ам.доллар зарцуулаад байгаа аж. Үүнд 54 метр Майдар бурханыг босгох ажил багтаж, ийнхүү өнөөдөр тэргүүнийг нь залах ёслолыг зохион байгуулсан билээ. Одоогоор барилга угсралтын талбайд Майдар бурханы угсралтын ажил хийгдэж байгаа тухай төслийн гүйцэтгэх захирал Б.Цогтбаяр дурдлаа. Түүнчлэн Майдар бурханыг бүтээж байгаа материал нь 1000 жилийн настай гэнэ. Өөрөөр хэлбэл, гууль болон хүрэл төрлийн материал буюу зэсийн 88 хувийн орцтой хар тунгалаг болон бусад төрлийн орцтой материал аж. Мөн зураг төслийг 8 баллын газар хөдлөлт, хар салхинд тэсвэртэй байхаар хийсэн байна. Майдар бурханы тухай Энэхүү бурхан нь Будда Шагжамүнигийн дараа замбуу тивд залран өөрийн сургааль номоо дэлгэрүүлсэн сайн цагийн тав дахь бурхан гэж тооцогддог байна. Майдар хэмээх нэр нь Асрал хайрын бурхан, найз нөхөр, нэгдмэл ухаан гэсэн утгатай ажээ.  Майдар бурханы тухай бошиглосон олон олон зөнч мэргэд түүнийг энэ дэлхийд залрахуйд ертөнцийн бүхий л хүмүүс түүний сургааль номыг хүлээн зөвшөөрч нэгэн амьтай мэт нэгдэн дагах болно гэсэн байдаг аж. Ингэснээр хүн төрөлхтөн хагарал бутрал, дайн дажин бүгдээс татгалзан эв нэгдэлтэйгээр эх дэлхий дээрээ амар тайван амьдрах нөхцөл нь бүрдэх гэнэ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Хөрөнгө оруулалтын газар”-ыг байгуулахаар болжээ
Засгийн газрын хуралдаан - Засгийн газрын хуралдаан боллоо - Хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр дэлхийн хэмжээнд нийт 250 орчим агентлаг үйл ажиллагаа явуулж байгаа аж.  Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагаа, арга барил, үр ашгийн хувьд олон улсын сайн туршлагын түвшинд хүртэл бэхжүүлэх, хөгжүүлэх шаардлагатай байгаа талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дараах шийдвэрийг гаргажээ.  Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газрыг байгуулахаар тогтсон байна. Тус газар нь хөрөнгө оруулалтыг татах цогц үйл ажиллагаа хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн орчин, дотоод зах зээлийн таатай нөхцлийг хөрөнгө оруулагчдад сурталчлах, шалгуур хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тогтворжуулах гэрчилгээ олгох зэрэг Хөрөнгө оруулалтын тухай хуулинд заасан чиг үүргүүдийг хэрэгжүүлэх юм байна.   Шинэ агентлагийн ажлын байрыг Эдийн засгийн хөгжлийн яамны орон тооны хязгаарыг нэмэгдүүлэхгүйгээр зохион байгуулахаар болжээ. Хөрөнгө оруулалтын газар нь Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын суурин дээр байгуулагдаж байгаа бөгөөд Хөрөнгө оруулалтын хуульд зааснаар зарим чиг үүргээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, зарим шинэ чиг үүргийг хэрэгжүүлэх аж.  Шинэ агентлагийн ажлын байрыг Эдийн засгийн хөгжлийн яамны орон тооны хязгаарыг нэмэгдүүлэхгүйгээр зохион байгуулж, сурталчилгаа, зөвлөх үйлчилгээний хэлтэс, хөрөнгө оруулалтын үнэлгээний хэлтэс, захиргаа, хүний нөөцийн хэлтэс гэсэн гурван нэгжтэй, нийт 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталжээ. Тус газрын эд хөрөнгө, үйл ажиллагаа болон ажиллагсдын цалингийн сантай холбогдох санхүүжилтийг балансаас балансад шилжлүүлэх юм. Эдийн Засгийн хөгжлийн яамны 2014 оны төсөвт Хөрөнгө оруулалтын газрын санхүүжилтийг тусгаж, УИХ-д өргөн барьжээ.
YouTube-ын өөрчлөлт олныг бухимдуулж байна
Өнгөрөгч долоо хоногт дэлхийн хамгийн том видео сайт болох YouTube өөрийн комментын журмаа өөрчилсөн билээ. Шинэ журмаар YouTube-т сэтгэгдэл бичихийн тулд заавал Google+ аккаунттай байхыг шаардаж байгаа юм. Энэ шаардлага интернэт хэрэглэгчдийг нэлээд бухимдуулав. YouTube-ыг үндэслэгчдийн нэг Jawed Karim хүртэл үүнд таагүй хандаж өөрийн YouTube суваг дээрээ нэгэн таагүй коммент бичиж үлдээжээ. Сонирхолтой нь тэр 8 жилийн өмнө YouTube-ын анхны видеог оруулж байсан тэр комментынхоо яг ард энэ сэтгэгдлээ үлдээсэн байна.   Мөн нэгэн охин эсэргүүцлээ илэрхийлж дуу зохион дуулсан бичлэгээ оруулсан нь YouTube сүлжээгээр нэлээд дуулиан тариад байгаа юм.
"Нарантуул -2" захад гал гарлаа
Нарантуул 2 зах Чингэлтэй дүүргийн “Дэнжийн 1000”-д байрлах “Нарантуул -2” хүнсний захад гал гарсан байна. Галын дуудлага 9-ний 22.47 цагт иржээ. Гал түймрийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд газар дээр нь ажиллаж байгаа албан хаагчаас авсан мэдээллээр гал түймэр тус худалдааны төвийн хоёрдугаар давхарт гарсан байна.   Урьдчилсан байдлаар энэ галд азаар хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй мэдээлэл байгаа юм.
Мишель Платини: Монголын дасгалжуулагчдыг ЕХХ-ны шугамаар сургахад бэлэн байна
Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэрт хөлбөмбөгчин Мишель Платинитай уулзлаа Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд нэрээ дуурсгасан Мишель Платини Монголын хөлбөмбөгийн холбооны урилгаар манай улсад айлчилж байгаа билээ.  Өнөөдөр түүнийг  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзсан юм.  Энэхүү уулзалт Монголын хөлбөмбөгийн холбооны байранд боллоо. Ерөнхий сайд энэ үеэр "Хүүхэд байхаасаа Мишель Платини таны тухай мэддэг болсон. Дэлхийд нэр хүндтэй эрхэм хүнтэй эх орондоо уулзаж байгаадаа баяртай байна" гэсэн юм. Харин Мишель Платини Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа талархлаа илэрхийлээд "Засгийн газрын тэргүүн нь хөлбөмбөгт хайртай, энэ спортыг хөгжүүлэхийн төлөө гэсэн сэтгэлтэй байгааг сонсоход таатай байна. Европын хөлбөмбөгийн холбоо Монголд хөлбөмбөг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ" гээд Монголын дасгалжуулагчдыг сургалтад хамруулахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн юм.  Нэрт хөлбөмбөгчин Мишель Платини Монголд зочилж байна
Нарны гүүрийг Нийслэлийн өмч болголоо
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Нарны гүүр”-ийн 2010-2012 онд барьж, ашиглалтад оруулсан. Энэхүү байгууламжийн Ерөнхий гүйцэтгэгчээр Япон улсын “JFE Engineering” корпорацийн гаргаж өгсөн гүйцэтгэлээр 49,6 тэрбум төгрөгийн өртөгөөр баригдсан юм. НИТХ-ын хуралдаанаар энэ байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалт хадгалалт арчлалтын зардлыг жил бүрийн төсөвт суулган батлуулж байхаар шийдвэрлэжээ.
Бие даагчид Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлэв
УИХ-ын бие даагч гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт мэдэгдэл хүргүүлэхээр болжээ. Тэдгээр гишүүд мэдэгдэлдээ УИХ-аар 2013 оны төсөвт тодотгол хийх явцад “Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж амжаагүй” гэсэн үндэслэлээр төсөвт оруулахаар төлөвлөсөн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр 445 тэрбум төгрөгийг төсвийн орлогоос хасаж тодотгосон. Энэ нь цаашид уг төлбөрийг авахгүй гэсэн хэрэг биш юм. Тодруулбал, Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авах асуудал нээлттэй хэвээр үлдсэн. Тиймээс уг төлбөрийг тооцож авах асуудлыг эрчимжүүлж 2014 оны төсөвт тусгуулах шаардлагатай байгааг Танд сонордуулъя. Энэхүү орлого нь компанийн үйл ажиллагааны амжилтаас шалтгаалахгүй дэлхийн зах зээл дээрх баялгийн үнийн өсөлтөөс бий болж буй орлого юм. Энэ агуулгаараа зөвхөн баялгийн эзэд нь зайлшгүй хүртэх ёстой орлого болж байна. Иймд Оюутолгойн гэрээг сайжруулах, Монголын талын хүртэх орлогын хэмжээг бууруулах бус нэмэгдүүлэх чиглэлээр эрчимтэй, ил тод ажиллаж үр дүнгээ 2013 оны 11 сарын 15-ны дотор багтаан УИХ-д танилцуулахыг мэдэгдье” гэсэн байна.
Макларен багийн шилдэг 10 нисгэгч: Петер Ревсон
Петер Ревсон Ревлон гоо сайхны вант улсын өв залгамжлагч Ревви хочит царайлаг Янки нисгэгч Петер Ревсон  Макларен багийн шилдэг 10 нисгэгчийн жагсаалтын есдүгээрт бичигджээ. 21 насандаа анх авто спортод хөл тавьж ердөө дөрвөн жилийн дараа Формула-1-т уралдаж эхэлсэн авьяаслаг нисгэгч юм. Петер Ревсон, 1973 он Тэрээр 1972 онд Макларен багт ирсэн байна . Петер Макларенд уралдаж байхдаа авсан хоёр түрүү нь Их Британи болон Канадын Гран При байв. Түүний карьерийн оргил үе бол Макларен багт уралдаж байсан үе нь. Петер Ф1-ийн нисгэгч төдийгүй баян өв залгамжлагч болохоор хэвлэлийн дуранд байнга л өртөж царайлаг дэгжин учир эмэгтэйчүүд түүнд хайртай байжээ. Тухайн үедээ л дэлхийн мисс алдарт моделуудтай л болздог байж. 1974 онд тэрбээр Макларенаас явж Shadow багт очсон нь хамгийн буруу сонголт байлаа. Учир нь Петер Өмнөд Африкийн Гран При болохоос найман өдрийн өмнөх пратикийн үеэр осолдон 35 насандаа эмгэнэлтэйгээр нас баржээ. Тэрбээр 1939 оны хоёрдугаар сарын 27-нд Нью-Йорк хотод мэндэлсэн. Нийт 30 Гран При уралдаж хоёр түрүү авсан. Уралдсан багууд : 1964 (Парнелл Лотус ); 1971 (Тайрел); 1972-73 (Макларен); 1974 (шедоу)
Намын бүлгүүд хуралдана
УИХ дахь гурван намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана Намын бүлгүүдийн хуваарь: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд. Ажлын хэсгүүд: Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд; Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд; Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “А” танхимд; Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд; Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд; Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд; “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд; Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд тус тус болох хуваарь гарчээ.
"Нарантуул -2" захад гарсан галд барааны лангуунууд өртжээ
"Нарантуул-2" захад гал гарлаа Чингэлтэй дүүргийн “Дэнжийн 1000”-д байрлах “Нарантуул -2” захад гал гарсан талаар бид мэдээлсэн билээ. Сая авсан мэдээллээр “Нарантуул -2” захын хоёрдугаар давхар буюу барааны тасгуудад гал гарсан байна. Гал түймрийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд галын дуудлага өчигдөр 22.47 цагт ирж Нийслэлийн Онцгой байдлын газрын гал унтраах ангиуд шөнийн 02.00-03.00 цагийн хооронд галыг бүрэн унтрааж дуусгажээ. Урьдчилсан байдлаар энэ галд азаар хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй мэдээлэл байгаа юм.
"Ганжуур" судрыг дэлхийн баримтат өвд бүртгэлээ
"Ганжуур" судрыг дэлхийн баримтат өвд бүртгэлээ ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова Монголын соёлын үнэт өв болох Есөн эрдэнийн Ганжуур судрыг “Дэлхийн баримтат өв”-д бүртгэсэн Батламжийг Гадаад харилцааны сайд Л.Болдод албан ёсоор гардууллаа. Уг судар нь “Дэлхийн баримтат өв”-д Монгол Улсаас бүртгэгдсэн гурав дахь бүтээл боллоо. Үүний өмнө Лу гүний “Алтан товч”, “Монгол Шунхан Данжуур” судрууд уг жагсаалтад бүртгэгдээд байсан. Есөн эрдэнийн Ганжуурын хосгүй үнэт өв нь бурхан Шагжамуни болон түүний шавь нарын туурвисан 1161 зохиолыг 108 боть их цоморлиг зохиол болгон эмхтгэсэн асар том судрын чуулган юм. Бурхан шашны оройн дээд ном болох Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр урлажээ. Харин ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөлөл жагсаалтад Монгол наадам, Хөөмэй, Бүргэдийн баяр, Уртын дуу, Морин хуур, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол лимбэний арга барил-битүү амьсгаа, Монгол тууль, ардын бүжиг Бий биелгээ, Цуур хөгжим тус тус бүртгэгдээд байна.
"Иргэний оролцоотой төсөв-2014" хэлэлцүүлэг өнөөдөр эхэлж байна
Нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд иргэдийн саналыг тусгах ажил үргэлжилж байна. Хуваарийн дагуу өнөөдрөөс эхлэн 13-ны өдрүүдэд нийслэлийн 152 хороо бүрд "Иргэний оролцоотой төсөв-2014" хэлэлцүүлэг эхлэх гэж байна. Иргэдээс авсан саналын хуудсанд хамгийн олон санал авсан бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж, иргэдээр хэлэлцүүлэх юм.
Хүүхдийн төлөө зөвлөлийн даргаар Э.Бат-Үүл томилогджээ
Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн  5-р бүлгийн 11,17-р зүйлийн дагуу нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргаар Нийслэлийн Засаг дарга томилогдох учиртай. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргаар НИТХ-аас томилжээ. Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл нь хүүхдийн хөгжил, оролцоо, эрх хамгааллын асуудлаар төрийн бодлогыг нийслэлд хэрэгжүүлэх хүүхэдтэй холбогдолтой төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүүхдийн оролцооны байгуулагуудын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах чиг үүрэгтэй орон нутгийн зөвшлийн байгуулага юм.
Хэлмэгдүүлэлтийн үеийн сүмийн хэсэг олджээ
Дэчинравжаалин хийд Увс аймгийн Улаангом сумаас XIX зууны үеийн цогчин дуганы хэсэг олджээ. Тус нутагт 1860-1880 онд баригдсан 2000 лам хурал хурах боломжтой цогчин дуган байсан юм. Гэвч их хэлмэгдүүлэлтийн үед сүмийг нурааж модыг нь барилга, байшинд ашиглаж байсан гэдэг. Үүний нотолгоо болж саяхан Улаангом суманд хуучны нэгэн барилгыг нураах үеэр дээрх сүмийн хаалга, багана, нурууны олон мод хээ угалз, чимэглэл нь өнгөө алдаагүй олджээ. Уг олдворыг аймгийн Дэчинравжаалин хийдийн хамгаалалтад авсан байна.
Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын анхдугаар чуулган эхэллээ
Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбар анхдугаар чуулганаа хийнэ Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас санаачлан зохион байгуулж буй Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын анхдугаар чуулган Туушин зочид буудалд эхэллээ. Яг одоо Ерөнхий сайд “Монгол ухаан-Монгол брэнд” уриатайгаар эхэлж буй чуулганыг нээж үг хэлж байна. Уг чуулганы үеэр програм хангамжийн зах зээлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг сайжруулах болон хөрөнгө оруулалт татан оруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэх бөгөөд тус салбарыг Монгол улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулагч болгон хөгжүүлэх бодлогын чиглэлийг тодорхойлох юм. Чуулганд үндэсний програм хангамжийн компаниудын төлөөллүүд, бүх шатны төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, мэдээллийн технологи програм хангамжийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа сургуулиудын багш, эрдэмтэн судлаачид оролцож байна.
“Эзэнт гүрний туульс” мэндэллээ
“Эзэнт гүрний туульс” ном Сүхбаатарын Эрдэнэболд. Энэ залуу өдгөө ердөө 30 нас шүргэж яваа эр.  Залуу халуун насандаа шатаж явахдаа “Монголын нууц товчоо”-ноос улбаалсан эзэн Чингис хааны цадиг намтар болон Монголын түүхэн бич­мэлүүдээс сэдэвлэсэн “Эзэнт гүрний туульс” номоо нээ­лээ. Анх удаа номын нээлт театрт болж байхтай таарс­ныг ч хэлэх үү, үнэхээр элит, сонгодог үдэш байж чад­сан. С.Эрдэнэболдын той­рон хүрээлэл, түүний гэр бүл хамт олон, хүндэлж биширч явдаг найз нөхөд, ах дүүс гээд театрын суудал бүр хүнтэй байсан нь залуу зохиолчын нөхөрлөлийн хү­рээлэл ямар их, энэ театрыг пиг дүүргэсэнтэй адил түүний сэтгэл ч ийм л дүүрэн байдаг ажээ.  Зохиолч С.Эрдэнэболд үндэсний хуучин монгол бич­гээ үргэлжийн хэрэглээ болгосон нэгэн бөгөөд энэхүү бүтээлээ ч крилл монгол бичгээр хослон бүтээж, XIII зууны өвөг хэлийг орчин цагийн монгол хэлэнд хөр­вүүлэн буулгах маягаар бичсэн гэнэ. “Эзэнт гүрний туульс” номыг бичихдээ тэр­бээр маш олон эрдэмтэн, профессоруудын сор болсон бүтээлүүдийг харж, түүнээс сурч, жишээ татсан байдаг.  Үүний нэг жишээ бол уран бичлэгтэн, үсэг зүйч Т.Жамъянсүрэнгийн XIII-XIV зууны Махагалын маг­таалын монгол бичлэгийн хэв маягийг цахимд программ болгон оруулж, түүгээр бич­сэн тул нэгэн шинэ үсгийн сан бий болгосон нь энэхүү “Эзэнт гүрэн” хэмээх монгол бичгийн үсгийн хэв юм. Зураач С.Төрбурам Монголын цаасан барын гайхамшгийг илтгэх 300 гаруй хайчилбар хийж, туульсын үйл явдлыг дүрслэн харуулснаараа гай­хам­шигтай. Харин сонсдог ном болгон дуун авиагаар мөнхөлсөн хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам билээ.  Со гавьяатын хувьд С.Эрдэнэболдыг багаас нь мэдэх нэгэн бөгөөд “Эзэнт гүрний туульс” номонд багт­сан бүх туульсыг хэвлэг­дэхээс нь өмнө өөрийнх нь хүсэлтээр уншиж, сэтгэгдлээ хэлсэн байдаг.  Энэ үдшийн нэгэн хүнд­тэй зочин бол ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл байсан юм. Тэрбээр үг хэлэхдээ “Би анх удаа театрт номын нээлт болохыг харж байна. Энд ямар олон хүн ирсэн юм бэ. Цаашид зуу зуун номын нээлт театрын тайзнаа, дүүрэн үзэгчийн өмнө болж байгаасай. С.Эрдэнэболдын уг бүтээл нь зүгээр нэгэн түүхийн ном бус жинхэнэ өв соёлын нэгэн хэлбэр. Энэ номыг бүтээсэн түүний хөдөлмөрийг үнэлэх нь зүйн хэрэг. “Эзэнт гүрний туульс” олон зуун жил Монголын түүхийн нэгэн хэсэг болох биз ээ” гэсэн юм.  С.Эрдэнэболд Монголын хөдөөд төрж өссөн энэ ца­гийн сэхээтэн залуу бөгөөд Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин нарын адил нэгэн зууны өмнөх цаг үеийг оршоон байж, эх хэлээ хамгаалж байсан шиг аялгуу сайхан монгол хэлнийхээ арвин баялаг үгийн сангаас сонгон байж “Эзэнт гүрний туульс”-аа туурвисан нь төрийн соёрхолт, доктор, профессор О.Батсайхан, доктор, про­фессор Б.Сумъяабаатар, про­фессор О.Сүхбаатар нарыг Монгол минь сэрж, Монгол үндэстэн өөрийгөө олж буйн илрэл хэмээн бэлгэшээхэд эрхгүй хүргэжээ. Зохиогч номоо гурван боть байхаар төсөөлж, эхний дэвтэртээ Тэмүүжин эхээс мэндэлж Хамаг Монголын Чингис хаанд өргөмжлөгдөх хүртэл 1162-1189 оны үйл явдлыг хоёр бүлэг, 31 хэсэг, 1000 гаруй бадагт багтаасан байна. Номыг удахгүй орос, англи, хятад, араб хэлнээ буулгахаар төлөвлөжээ. МУИС-ийн профессор Ш.Чоймаа­гийн өгүүлснээр, их эзэн Богд Чингис хаант­ны цаг хугацааны агуу их үйлсийг туульс болгон туурвисан С.Эрдэнэболд бээр өнөөдрийн бус өнийг хараалах сэтгэлийн тэнхээтэй, өөр зуураа өрсөлдөх бус өмөг нэгтэн байхын утга учрыг тунгаагч бичгийн хүн болохоо харуулав.
“Хаян” хар салхинд 10 мянган хүн өртжээ
Филиппиний Лейте аралд “Хаян” хар салхи нүүр­лэс­ний улмаас хамгийн сүүл­чийн мэдээгээр 10 мянга орчим хүн амиа алдаад байна.  Лейте муж байгалийн энэхүү гамшигт хамгийн ихээр өртжээ. Үүнээс өмнөхөн 1200 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан юм. Харин Цагдаагийн газрын дарга Элмер Сориа “Өнгөрсөн шөнө мужийн амбан захирагчид болон бусад албан тушаалтнуудтай уулзлаа. Амбан захирагчийн мэдээлснээр урьдчилсан байдлаар 10 мянган хүн амиа алдаад байна” гэж мэдэгджээ. Амиа алдагсдын ихэнх нь усанд живж, байшингийн нурангинд дарагджээ. Хар салхи Лейте мужийг дай­ран өнгөрөхдөө барилга бай­гууламж, харилцаа хол­боо­ны 80 хүртэл хувийг сүйгэсэн аж.  Бүх цаг үеийн хамгийн хүчтэй гэгдэх “Хаян” хар шуурганы улмаас бүхэл бүтэн суурин газар хөрстэйгөө тэгширч, Филиппиний эрэг орчим усанд автсан байна. Түүнчлэн байшингуудын дээв­рийг хуулан авч, за¬мын хальтиргаа, гулгаа үүсгэжээ.  Хар салхитай холбогдуу­лан тус улсын засаг захиргаа эрэг орчмын хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн ч төвийн хэсгийнхэн багагүй хохирол амссан гэнэ. Цаг уурчдын мэдээлснээр хар салхи цагт 300 км хурдтай байсан аж.
Ертөнцийн миссээр Венесуэл бүсгүй тодорлоо
Венесуэлийн сайхан бүсгүй 25 настай Мария Габриэла Ислер Дэлхийн 86 орны гоо үзэсгэлэнгийн охь болсон бүсгүйчүүд оролцсон “Miss Universe”-ийн 62 дахь тэмцээн өнгөрөгч өдрүүдэд хойд хөршийн нийслэл Москвад амжилттай боллоо. Тэмцээний ялагчаар Венесуэлийн сайхан бүсгүй 25 настай Мария Габриэла Ислер тодорчээ. Мария Ислерийг титмээ гардаж буй тансаг хийгээд сүр жавхлантай ёслол Москва хотын “Коркус Сити Холл”-д болжээ. Түүнийг ийнхүү дэлхийн сайхан бүсгүйгээр тодорсны дараа уламжлал ёсоор “Miss Universe” -ын өнгөрсөн жилийн ялагч Америкийн гоо бүсгүй Оливиа Калпо титмээ түүнд шилжүүлсэн баина. Тэмцээний нэгдүгээр байрт Испанийн сайхан бүсгүй Патрисия Родригес орж түүний араас Эквадор улсын Констанца Баес, Филиппиний мисс Ариэла Арида, Бразилын Жекелин 0ливейра нар жагсчээ. Энэ тухай мэдээг дуулаад Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро эх орноо төлөөлөн амжилттай оролцсон бүсгүйд твиттер хуудсаараа дамжуулан баяр хүргэсэн байна. Тус улсын сайхан бүсгүйчүүд сүүлийн зургаан удаагийн “Miss Universe” -ийн гуравт нь түрүүлээд байгаа аж. Үнэндээ Венесуэл улс гоо үзэсгэлэнгийн олон улсын тэмцээнд бусад үндэстнийг бодвол илүү олон удаа ялалт байгуулдаг. “Miss Universe”-ийн шилдэг арван орноор Венесуэл, Испани Эквадор, Филиппин, Бразил болон Доминиканы Нэгдсэн улс, Их Британи, Энэтхэг, Украйн, ОХУ-ыг нэрлэжээ. Хамгийн сайхан үндэсний хувцастай орноор Никарагуа тодорсон байна.
Facebook дэх “Humans of” хөдөлгөөн
Энэ бол тун энгийн санаа. Хэн нэгний гудамжин дахь хөрөг зургийг аваад, бяцхан түүхийг нь хамт Facebook хуудсанд нийтэлнэ. Хамгийн анх “Humans of New York” хуудсыг 2010 онд Брэндон Стэнтон Facebook-т нээж байсан байна. Тэгвэл 2012 оноос эхлээд үүнээс санаа авсан “Humans of” хуудсууд дэлхий даяар дэлгэрчээ. Хамгийн тод жишээнүүд гэвэл Humans of Rome, Amterdam, Karachi, Tehran, India зэрэг хуудсууд. Үүнээс санаа аваад Humans of Ulaanbaatar эсвэл Humans of Mongolia яагаад байж болохгүй гэж? Үүнийг хийхэд фото зургийн камер тэгээд сэтгэл байхад л болох ажээ.
МУИС салбар сургуулиудаа татан буулгана
МУИС-ийн Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гарагийн орой хуралдаж, томоохон бүтцийн өөрчлөлт хийжээ. Тодруулбал, МУИС-ийн удирдлагууд салбар сургуулиудаа татан буулгаж, Хуулийн сургууль, Байгаль, нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Бизнесийн сургууль гэсэн үндсэн дөрвөн сургуультай болох асуудлыг хэлэлцсэн ажээ. Харин энэ шийдвэрийг нь гаргахдаа МУИС-ийн багш, ажилчдаас ямар нэгэн санал аваагүй байна. Энэ талаар МУИС-ийн захирал А.Галтбаяраас тодруулахад “Өмнөх жил бид сургуулиудын дунд судалгаа явуулсан. Одоо Удирдах зөвлөлийн шийдвэр гарсаны дараа багш, оюутнуудтайгаа хамтарч ажиллана. Бидний энэ шийдвэр бол илүү чанартай, илүү сайн бүтэцтэй болгоход чиглэгдэж байгаа. Сүүлийн 20 жилийн Монгол Улсын боловсролын системийг харвал сургууль болгон хамгийн их хэрэгцээтэй гэсэн мэргэжлүүдээр шинэ сургуулиудыг бий болгож явсан. Одоо оюутнуудын авч байгаа мэдлэгийг илүү өргөн болгохын тулд сургуулийг томсгох ёстой гэж бодож байна. Нэг том супермаркет байлаа гэхэд оюутан орж ирээд өөрийн сонголтоо хийдэг болно гэсэн үг” хэмээлээ.
Д.Ариунцэцэг: Тус гэдгийг материаллаг бус илүү оюуны талдаа түлхүү хөгжүүлэх нь зөв ...
iKon.mn сайт “Өглөөний хүн” ярилцлагын булангаа эхлүүлж байгаад таатай байна. Энэ булангийн анхны зочин Д.Ариунцэцэг. Хэвлэл, мэдээлэлд төдийлөн ярилцлага өгөөд байдаггүй Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг түүнийг бид “нууцлаг нэгэн” гэж хардаг. Харин түүний яриа бодож төсөөлж байснаас тань өөр хүнийг санагдуулахыг үгүйсгэхгүй юм. Олон нууцын тайлал ил болох болов уу ... - Бидний ярилцлагын булан “Өглөөний хүн” нэртэй. Тиймээс хоёулаа өөрийн тань өглөө хэрхэн эхэлдэг тухай яриагаа эхэлье.  - Өглөөг хэрхэн угтсанаар тухайн өдөр үргэлжилдэг гэдэг. Миний хувьд өдөр болгон өөр өөрийн онцлогтой ч өглөө бүрийг инээд хөөртэй, эрүүл хоолтой эхэлдэгээрээ өдөр бүхэн ижилхэн.  Ц.Саранцэцэг багшийн бясалгалын хичээлд сууж иогоор олон жил хичээллэж байгаа. Тиймээс зарим өглөө хэрэв хангалттай цаг байвал дасгал хийж мөн өглөө босохдоо өмнөх өдөр уншиж байсан номноосоо ганц, нэг хуудас унших дуртай.  Д.Ариунцэцэг: Уншиж мэдсэн, дуулсан бүхнээсээ сайн сайхныг нь бусадтайгаа хуваалцах дуртай. - Өглөө хэр эрт босдог вэ?  - Аав, ээж маань их эртэч хүмүүс. Эрдэнэтэд өглөөний 6.30 гэхэд айлуудын цонх гэрэлтэй болчихсон байдаг. Харин 7.00 цагт аль хэдийнэ өдөр болчихсон юм шиг гудамжаар нь хүмүүс холхиод эхэлдэг сэн. Тэр хүмүүжлээрээ ч юм уу өглөө эрт босч сурсан. Мэдээж амралтын ѳдѳр болон зарим өглөөд онцын ажилгүй бол хангалттай сайхан амраад босдог.  - Сүүлийн үед өөрийн чинь олон нийтийн сүлжээнүүд дэх хуудсуудаар сургаал үгс, ухаарал хайрласан мөртүүд их хөврөх болж. Энэ сурч, боловсорч байгаатай чинь холбоотой юу?  - Багаасаа өөрийгөө хөгжүүлэх чиглэлийн ном, сэтгүүлийг сонирхож унших дуртай байсан. Tэр дундаа өвөг дээдсээс уламжлагдан ирсэн сургаал, номлол , шүлэг, аффоризмуудыг багтаасан ном товхимол миний ширээний ном. Учир нь тэдгээр үнэн үгсийг хэсэгхэн хугацаанд уншаад хэрэгтэй зүйлсийг нь амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал санагддаг юм.  Ажиглаад байхад олон нийтийн сүлжээ, интернэт орчин зарим хүний хувьд бусдын нэр төрд халдах эсвэл бүдүүлэг авираа гаргах хэрэгсэл болгож ашиглаад байх шиг. Харин миний хувьд энэ цахим сүлжээгээр дамжуулан бусдад илүү гэгээлэг зүйлсийг түгээж байвал зүгээр санагддаг. Тиймээс уншиж мэдсэн, дуулсан бүхнээсээ сайн сайхныг нь бусадтайгаа хуваалцах дуртай. Түүнээс ямар нэгэн байдлаар сургаал айлдаад, ийм байх ёстой, энэ бол цорын ганц үнэн юм гэсэн дүгнэлтээр бичиж оруулдаггүй ээ. - Та олон улсын нислэгийн компанид ажиллаж гадаадад бас багагүй хугацааг өнгөрөөсөн. Одоо эх орондоо ирж суурьшаад ажиллаж, амьдарч байна. Гадаад хүмүүстэй ажиллах, Монголдоо амьдраад ажиллаж байхад залуучуудын хувьд ямар ялгаа байна вэ? - Дэлхийн олон орны залуустай хамтран ажиллаж олон хүнтэй харьцаж байхад үндэстнүүдийн зан чанар, үзэл бодол их тодорхой харагддаг юм билээ. Би тэдгээр залуусаас олон сайхан чанаруудыг олж мэдэж өөрсдийн дутагдалтай талуудаа олж харсандаа баяртай байдаг. Тухайлбал, Монгол залуучууд маш чадварлаг болж байгаа . Бид яагаад тэднийгээ дэмжээд дэлхийн хүнийг Монголоосоо гаргаж ирж болохгүй гэж. Яг үнэндээ биднээс бусдад их атаархуу, бусдыгаа гоочлох, доош татах гэсэн байдал дэндүү илт харагддаг. Бусад орны залуучуудтай харьцуулахад шүү дээ.. Манайд юм хийж бүтээж байгаа нэгнээ заавал өөнтөглөдөг байдал газар авсан юм шиг. Бид үргэлж улстөр, нийгэм болохгүй бүтэхгүй байна гэх зэргээр бусдад алдааг тохож шүүмжилдэг. Харин тэр нийгэм гээд байгаа чинь бид өөрсдөө биз дээ. Хэн нэгэн мундаг хүн гарч ирээд бидний амьдралыг, Монгол улсыг өөрчилнө гэж хүлээх хэрэггүй. Өөрөө өөрсдийнхөө сэтгэлгээг өөрчилж нийгмээ дотроосоо эрүүлжүүлэх хэрэгтэй байх. Солонгосчуудаас жишээ авахад, тэд “бид”, “бидний”, “бидний улс эх орон”, “бидний ажил” гэж ярьж, асуудалд ханддаг. Хятадад гэхэд, дунд сургууль, их сургуульд сурч байгаа залуус “би сайн сурах юм бол эх орон маань илүү сайхан хөгжинө” гэж боддог. Багш нар нь ч мөн адил “чи муу сурвал улс орны хөгжил саарна” гэж сургадаг нь хэдий хүн амын тоо их ч гэсэн “Улс чинь чамаар дутдаг” гэх эх оронч үзлээр аль багаас нь хүмүүжүүлдэг нь гайхалтай санагдсан. Харин манайд эсрэгээрээ “чи муу сурвал чи л ядуу, ажилгүй нэгэн болно. Харин сайн сурвал чи баян хангалуун амьдарна” гэсээр байгаад амиа хичээсэн хүмүүс болгочихдог юм шиг. Тэгэхээр үүнээс харахад жаахан юм шиг хэрнээ ийм асуудлаас эхлээд өөрсдийнхөө төлөвшилд анхаарч эхлэх хэрэгтэй болов уу. Гадныхан ийм тийм гэж муу бүхнийг нь ярихаас түрүүнд тэд яагаад биднээс түрүүлж хөгжил дэвшилд хүрээд байна вэ гэдгийг судалж, сайнаас нь эхлээд суралцаасай гэж хүсэж байна. -Товчхондоо бол бид асуудлыг төр засгаасаа нэхээд байх биш өөрсдөөсөө эхлэх ёстой.  - Тийм шүү. Нэг зүйлийг онцолж хэлэх хэрэгтэй байх. Би төр засагтаа үнэтэй хувь нэмэр оруулаад, гавьяа байгуулсан хүн биш ээ. Өнөөдөр миний ярьж байгаа зүйл бол Монгол улсын жирийн нэгэн иргэний дуу хоолой юм шүү гэж хэлмээр байна.  - Олны танил байгаа тань жирийн нэгэн биш гэдгийг харуулж байгаа болов уу. Ер нь олны танил байхын эерэг, сөрөг талыг та яаж мэдэрч байна вэ?  - Миний хувьд загвар өмсөх болоод миссийн тэмцээнд оролцож эхлэх үед олны танил болох зорилго байгаагүй. Хүүхэд насны хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн орсон тэмцээн, уралдаандаа түрүүлж урам зориг авч өөрийгөө нээж хөгжүүлээд явж байсан. Харин энэ бүгдийн дараа миний хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлүүд угтаж авсан. Өөрийнхөө тухай хэвлэл мэдээллээр үнэн, худал бичсэн зүйлсийг харж, алхам тутмыг маань сонжоод эхлэхэд түүнийг хүлээж авахад надад хүнд байсан. Харин цаг хугацаа өнгөрөх тусам үүнээс би их зүйлийг сурсан. Мэдээж муу зүйлийн ард сайн сайхан зүйл ч байдаг гэж боддог.  Сайн тал гэвэл өнөөдөр би тантай ярилцаж хэвлэл мэдээллээр дамжуулан өөрийн үзэл бодлоо олон нийтдээ хуваалцах боломж олгогдож байгаа маань яалт ч үгүй бусаддаа дуу хойлоогоо хүргэхийг хүссэн мянга мянган залуучуудаас илүүтэйгээр олгогдсон давуу тал юм болов уу гэж бодож байна.  Өөрийнхөө тухай хэвлэл мэдээллээр үнэн, худал бичсэн зүйлсийг харж, алхам тутмыг маань сонжоод эхлэхэд хүлээж авахад надад хүнд байсан. - Д.Ариунцэцэгийн явуулж байгаа хүмүүнлэгийн ажлуудыг олонтаа харах, үзэх болсон. Голдуу хүүхэд, багачууд руу хандан ажиллаж байгаа харагддаг. Хүмүүнлэгийн ажилд хэзээнээс оролцож эхэлсэн бэ. Цаашдын зорилго чинь юу вэ?  - Амьдрал маань хангалуун байгаад бусдад өгч, туслах гээд байгаа хэрэг биш. Харин байхгүй байхын зовлонг мэддэг, ойлгодог хүмүүс хүмүүнлэгийн ажилд илүү идэвхтэй оролцдог болов уу гэж боддог. Туслах гэдэг нь хүний чин сэтгэлээс гардаг, эргээд хариу нэхээгүй байх ёстой гэдэг үүднээс бусдад тусалж, дэмжсэнээ зарлаад байх нь тийм зохимжтой биш гэж хүмүүс хүлээж авдаг.  Би ч саяхныг хүртэл ингэж боддог байлаа. Харин найз нөхөд маань энэ сайн үйлсийг илүү хүчтэй, хүртээмжтэй болгох, олон хүнийг хамруулах хэрэгтэй гэж зөвлөсөн. Тиймээс ч жил гаруйн өмнөөс хийж байгаа ажлуудынхаа зарим нэг зургийг фэйсбүүк дээрээ тавьсан. Үүний үр дүнд чимээгүй бусдад тусалдаг олон залуутай холбогдож чадсан. Цаашдын маань үйл ажиллагаа ч энэ залуустайгаа хамтраад илүү их үр дүнтэй ажлууд хийнэ гэж бодож байгаа.  Энэ жилийн “Өгөх өдөр” -өөр бид өөрсдийн зорьсон Саажилттай хүүхдийн 10-р цогцолборт шаардлагатай байгаа зүйлүүдээр туслах эхний ажлууд эхэлсэн байгаа. - Тусламж дэмжлэг өгч байгаа зүйлсийг та бүхэн хувиасаа гаргаж байна уу. Эсвэл байгууллагууд үүнд оролцож байгаа юу? - Янз бүр. Сүүлийн жилүүдэд байгууллага гэхээсээ хувь хүн, залуучууд түлхүү оролцдог болсон. Саажилттай хүүхдийн цогцолборт эхний ээлжинд хамгийн хэрэгтэй байсан угаалгын машин аваачиж өгсөн. Цаашдаа тус гэдгийг материаллаг бус илүү оюуны талдаа түлхүү хөгжүүлэх нь зөв юм байна гэж үзээд байгаа.  Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн арга хэмжээ болон амжилттай яваа нэгнээсээ бусад нь суралцах зэрэг оюунлаг ажлуудыг зохион байгуулах төлөвлөгөөтэй бий.  - Өөрийн чинь хийж байгаа ажлууд илүү хүүхэд рүү хандаж байгаа харагддаг. Ээж болсонтой чинь холбоотой болов уу?  - Анх 2006 онд манай байрны доод давхрын рестораны үүдэнд 10-11 насны таван хүүхэд бусдын машиныг угааж, арчиж, харж өгөөд амьдардаг байсан. Тэр хүүхдүүдэд туслахыг хүсч холбогдох хүмүүстэй нь уулзаж тэдэнд яг юу шаардлагатай байдаг талаар судалж эхэлсэн.  Хүйтний улиралд тэд хаяг тогтоох байранд олноороо очдог бөгөөд эцэг, эхийн анхаарал дутсан тэдгээр хүүхдүүдэд хамгийн том тулгамдсан асуудал нь эрүүл мэнд байсан. Тэдний эрүүл мэндэд төсөвлөгдсөн мөнгө бага учраас эрүүл мэндийн үзлэгт хамруулан, шаардлагатай эм тариаг авч өгч энэ ажлаа эхэлж байсан.  Үүнээс хойш анхаарал халамж дутсан эдгээр хүүхэд болон эцэг эхтэйгээ амьдардаг ч хүнд хэцүү амьдралтай айлын үр хүүхдүүдэд нь туслах болсон.  Туслах гэдэг маань зөвхөн эд зүйлс өгөхдөө биш хүүхэд, багачуудынхаа сэтгэлгээ, боловсролыг хѳгжүүлэх тал дээр мѳн анхаарлаа хандуулж байна. Үрчийсэн цаасыг тэнийлгэх гэж оролдож байснаас тэнэгэр цаас шиг байгаа багачуудтайгаа бид түлхүү ажиллах нь зөв болов уу.  Д.Ариунцэцэг: Үр хүүхдээ сайн сайхан бүхэнд сургаж хүмүүжүүлнэ гэдэг их чухал үүрэг - Охиныхоо хүмүүжилд яаж анхаарч байгаа вэ?  - Хүүхэд эхээс төрөхдөө дүүрэн хайр, энхрийлэл дунд төрдөг. Харин тэр өшөө хорсол, муу муухайг бусдаас харж, амьдралаас сурдаг. Тэгэхээр хүн хүнээ л эвддэг.  Тийм учраас эцэг, эх болсон хүн үр хүүхдээ хараад хайрлахаас гадна сайн сайхан бүхэнд сургаж хүмүүжүүлнэ гэдэг их чухал үүрэг. Сингапурт байхад ажигласан зүйл бол тэнд сургуулийн бүх хүүхэд төрийн дууллаа дуулаад хичээлдээ ордог байсан. Жижигхэн юм шиг хэрнээ энэ нь хүүхдүүдэд эх орноо хайрлах том суурь хүмүүжил олгодог юм шиг. Манай охин эмээ, өвөөтэйгээ ихэвчлэн хамтдаа байдаг. Охинд маань эмээ, өвөөгийнх нь бидэнд суулгаж өгсөн аливаад чин сэтгэлээсээ ханддаг тэр зан чанар өвлөгдөж ирээсэй гэж хүсдэг. Охинтойгоо ярилцах их дуртай. Хүүхдүүдийг хайраар л дүүрэн өсгөх ёстой болов уу. Саяхан манай нэг эгч нэг зүйл ярьсан нь миний сэтгэлийг их эмзэглүүлсэн. - Юу гэж ярьсан юм бол?  - Байрны гадаа хүүхдүүд овоороод байхаар нь очоод харсан чинь шархадсан тагтаа байсан гэсэн. Тэгтэл тэр хүүхдүүд тагтаанд туслахын оронд бүгдээрээ гар утсаараа зургийг аваад, “энэ байранд байдаг мууранд өгчихье, муур тагтааг яаж барихыг харъя” гээд яриад зогсож байсан гэнэ лээ.  Үүнийг сонсчихоод их сонин санагдсан. Намайг жаахан байхад шархадсан амьтан таарвал бид нар эмчилж, эдгээх гээд л явдаг байсан. Үхчихсэн амьтныг бол оршуулаад л гүйдэг байлаа. Тэгсэн одооны хүүхдүүд шал өөр сэтгэлгээтэй. Яаж бие биенээ барьж идэж байгааг харахыг хүсдэг болж. Тиймээс л бид хүүхдүүддээ бусдыг хайрлаж, байгаа орчиндоо зөв хандлагатай хүн болгож хүмүүжүүлэхэд илүү анхаарах ёстой цаг юм шиг санагдаж байна.  -Танай охин одоо хэдэн нас хүрч байгаа билээ?  - Дөрвөн настай.  - Хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ?  - Эмэгтэй хүний хамгийн чухал үүрэг бол сайн ээж, сайн гэрийн эзэгтэй байх гэж ойлгодог. Тиймээс ч эмэгтэй хүний хамгийн чухал, нандин үүрэг учраас олон хүүхэдтэй байх сайхан шүү дээ. Бурхан надад хэдэн хүүхэд заяана түүнийг л би хүлээж авна.  - Хэвлэлээр таныг Ц.Мянганбаяр, Д.Пүрэвсүрэн хоёрыг салгаж амьдралаа эхлүүлсэн гэх зэргээр үнэн, худал нь мэдэгдэхгүй олон зүйл бичигдэх юм. Энэ бүгдэд та албан ёсоор хариулт өгөх цаг нь болсон гэж боддоггүй юу?  - Өөрийгөө би бусдад ойлгуулахын тулд хоёр хүний өнгөрсөн амьдралыг олонд яриад байх шаардлага байхгүй гэж үзэж байна. Харин гэр бүл үймүүлж амьдрал салгасан уу гэвэл албан ёсоор үгүй гэж хэлье. Өнөөдөр бүх юм ард хоцорсон хойно нь энэ тухай яриад сууж байгаа нь утгагүй ч таныг асуусан болохоор хариуллаа.  Энд нэг зүйлийг тодруулж бас хэлэх ёстой. Өдийг хүртэл би энэ талаар хэвлэл мэдээлэлд нэг ч удаа тайлбар хийж байгаагүй. Тухайн цаг үед нэг өдөр, нэг цаг ч бидний дэргэд байж бодит байдлыг хараагүй хэрнээ зарим нэгэн сэтгүүлч бусдын болон өөрсдийн бодол төсөөллөөрөө элдэв зүйл зохиож бичих, түүгээр ч зогсохгүй өмнөөс минь ярилцлага хүртэл зохион нийтэлж байсан нь өнөөдөр бусдад миний тухай хий хоосон ойлголтыг бий болгосон. Энэ мэтчилэн ёс зүйгүй үйлдэл өнөөдөр хэчнээн олон хүний амьдралыг хохироож байгааг хэн ч мэдэхгүй.  Гэр бүл үймүүлж амьдрал салгасан уу гэвэл албан ёсоор үгүй гэж хэлье.  - Худал мэдээлэл таны эргэн тойрны хүмүүсийг чинь багагүй бухимдуулдаг байх даа. Та бол их тайван хүн шиг санагдлаа.  - Гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүс маань намайг мэддэг, ойлгож хайрладаг. Энэ л надад хангалттай болохоор өөрийн тухай гарсан худал мэдээнд нэг их ач холбогдол өгдөггүй ээ. Харин зарим нэгэн бүхнийг мөнгөөр үнэлж дүгнэдэг, зоосны нүхээр амьдралыг хардаг хүмүүсээр эцэг эх, үр хүүхдээ доромжлуулахыг би хүлээн зөвшөөрөхгүй. Элдэв гарч байгаа мэдээ бүрт няцаалт хийж тэр болгон тайлбар өгөх дургүй,тэгэх ч шаардлагагүй гэж бодож байна. -Ярилцлагын эхэнд таныг танилцуулахдаа фото мисс үү, ард түмний мисс гэх үү гээд олон байдлаар тодорхойлж болж байна. Яг таны хүсч байгаа имиж юу вэ?  - Монгол улсын иргэн. Ингэхэд л хангалттай.  - Өөрөө бас оюутан. Цаашдаа ямар салбарт ажиллахаар төлөвлөж байгаа вэ?  - Тийм ээ. Би сургуульдаа байхдаа оюутан хүн шиг, гудамжинд гараад иргэн хүн шиг, гэртээ байхдаа ээж, эзэгтэй хүн шиг л байхыг хүсдэг.  Харин цаашдаа юу хийхийг хүсч мөрөөдөж байгаагаа урьдчилж ярих дургүй. Амьдралд өгч болдоггүй амлалт гэж байдаг юм байна гэдгийг ойлгож мэдэрсэн шүү. Бага байхдаа эмч болохыг хүсдэг байсан. Энэ тухайгаа хүмүүст ярьсан чинь “Ариунцэцэг эмч болохоор сурч байгаа” гээд биччихсэн байсан. Ингээд хүмүүст буруу ойлгогдоод байдаг болохоор би энэ талаар ярьмааргүй байна. - Өөрийг тань “Ард түмний мисс” гэсэн өргөмжлөл яваад байдаг. Энэ ямар учиртай цол, гуншин бэ?  - 2003 онд Эрдэнэт хотыг төлөөлж Монголын сайхан бүсгүй тэмцээнд өрсөлдөх саналыг тавьж байсан. Үүний дагуу гэр бүл, сургууль хамт олон маань дэмжээд энэ тэмцээнд ирж оролцсон. Тэмцээн дуусах мөчид шүүгчдийн шийдвэр, үзэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тэр үед үзэгчдийн надад өгсөн үнэлгээ, алга ташилт, дэмжлэгийг хэвлэлүүд бичихдээ “Ард түмний мисс” гээд бичээд эхэлсэн. Тэгэхээр энэ нэрийг надад хэвлэлийнхэн өгсөн гэсэн үг. Түүнээс ямар нэгэн байдлаар тодорхойлж гардаж авсан шагнал биш. Тэр өдрийн үзэгчдийн өгсөн алга ташилт, дэмжлэг өнөөдрийг хүртэл олон зүйлийг хийхэд урам авчирсан. Эерэг энерги, хүч чадал өгдөг. Миний хувьд энэ миний маш том ялалт, урам зориг байсан.  - Хэвлэлээр бичигдэж байсанчлан загварын ертөнцөд эргэн ирэх болов уу гэсэн асуулт олон хүнд байдаг байх?  - Өмнө нь би ярьсанчлан би загварын ертөнц рүү хүсч тэмүүлж ороогүй. Магадгүй би загварын ертөнц рүү орсон гэж ярих нь учир дутагдалтай байх. Тийм учраас энэ салбараас явсан, гарсан ч гэж ярих нь утгагүй байж магадгүй. Иймээс ч буцаж ирнэ гэсэн ойлголт ярих нь бас утгагүй байж мэднэ.  Тухайн цаг үед загвар, урлагаас би олон сайхан зүйлийг суралцсан.  Одоо чөлөөт цаг заваараа зураг авалтуудад оролцож түүнээс олсон орлогоо хүмүүнлэгийн үйлст зарцуулж байгаа. Түүнээс загварын шоунд оролцоод загвар өмсөөд алхана гэвэл “Би үгүй” гэж хариулна.  - Загвар, урлагт ойр байсны хувьд ээж болсныхоо дараа өөрийн гоо сайхандаа хэрхэн анхаарсан бэ. Бүсгүйчүүд маань сонирхож байгаа байх.  - Би охиноо төрүүлсний дараа бага зэрэг жин нэмсэн. Жиндээ буцаж очихын тулд багагүй хөдөлмөрлөсөн. Иогийн дасгал, фитнесээр идэвхтэй хичээллэж хөдөлгөөнөөр жингээ хаясан. Охиноо удаан хугацаанд хөхөөрөө хооллосон болохоор хоолны дэглэм бол бариагүй.  - Одоо ямар нэгэн хоолны дэглэм барьдаг уу?  - Айхтар хатуу дэглэм барьдаггүй. Ямар ч байсан өглөөд чанарлаг хөнгөн ногоо, жимс эсвэл өглөөний хоол иддэг. Өдөр хүссэн хоолоо идчихдэг. Харин нар жаргасанаас хойш элдэв хүнд хоол иддэггүй. Цагаан идээ түлхүү хэрэглэхийг боддог. Охин маань ч цагаан идээнд их дуртай. Их баяртай байгаа шүү.  Д.Ариунцэцэг: Миний хийж байгаа бүхэн хүсч, зорьж байгаа зүйлүүдийн маань нэг мөн - Таныг олон сайхан номын цуглуулгатай гэж сонсож байсан. Энэ цуглуулгаа танилцуулаач?  - Биднийг жаахан байхад айл болгон их сайхан номын сантай байсан. Харин одоо ийм зүйл бараг үгүй болсон юм шиг. Нийгэм хувьсан өөрчлөгдөж байхад бид яагаад сайн сайхан байсан зүйлсээ үргэлжлүүлээд аваад явж болохгүй гэж. Манай аав, ээж хоёр маань олон сайхан номын цуглуулгатай. Үүнийгээ надад өвлүүлж өгсөн. Одоо би энэ цуглуулгаа өөрийн унших дуртай номнуудаар баяжуулж байгаа. Сүүлийн үед түүхэн номнуудыг унших их дуртай болсон. Олон улсад бестселлэр болж байгаа номнуудыг аваад уншихаар яах аргагүй бидний өвөг, дээдсийн сургааль, үндсэн санаанууд нь явж байдаг. Тиймээс бид түүхэн номнуудыгаа уншиж, танилцах хэрэгтэй гэж боддог.  - Одоо ямар ном уншиж байгаа вэ?  - Дэн Сенор, Сол Сингерийн Израилийн тухай “Хэрмэл жүүдээс хүчирхэг Израиль”-г уншиж байгаа. Инновацийн тухай. Жүдүүд хэрхэн дэлхийн оюуны эх үндэс болсон талаар гардаг. Их сонирхолтой ном байна лээ.  - Сүүлийн асуулт. Бид бүгд өөрийн намтрыг бичээд явж байгаа. Д.Ариунцэцэг гэх бүсгүй өнөөдрийг хүртэлх өөрийн намтартаа сэтгэл хангалуун байдаг уу. Чиний хийж, бүтээж байгаа бүхэн мөрөөдлийн чинь дагуу байгаа юу?  - Би амьдралаас суралцаж хүсэж, мөрөөдөж түүндээ хүрэхээр тэмүүлж яваа залуу хүн. Мэдээж заримдаа бодож, итгэж байсан зүйл маань хэзээ ч хүсэж байгаагүй үр дүнд хүргэсэн нь ч бий. Гэхдээ аль болох болгож, бүтээхийн төлөө амьдарч яваа бусадтай адил жирийн л нэг эмэгтэй. Одоо миний хийж байгаа бүхэн хүсч, зорьж байгаа зүйлүүдийн маань нэг мөн гэж хэлмээр байна.   Ярилцсан : Ч.Болортуяа bolortuya@ikon.mn
Гуравдугаар ээлжийн 850 энхийг сахиулагч Суданыг зорино
Монгол Улсын зэвсэгт хүчний III ээлжийн бие бүрэлдэхүүн энэ сарын 14-нд эх орноосоо мордоно Бүгд найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын зэвсэгт хүчний III ээлжийн бие бүрэлдэхүүн энэ сарын 14-нд эх орноосоо мордоно. Тэд үдэлтийн арга хэмжээ болгож өнгөрсөн баасан гаригт жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийн захирагчаар Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбатыг томилжээ. UNMISS ажиллагааны энэ удаагийн цэргийн бүрэлдэхүүн НҮБ-ын долдугаар мандатаар тус улсын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, ард түмний амгалан тайван байдлыг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулах ёстой. Өмнөд Суданд Монголоос өмнөх хоёр ээлжинд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид цэргийн ажиллагаанаас гадна хүмүүнлэгийн үйлст гар бие оролцож, сургуулийн байшин барилга барьж өгсөн байна.
БШУЯ-тай холбоотой асуудлыг өдөрт нь шийдвэрлэж өгнө
Эцэг, эхчүүд БШУЯ-тай холбоотой асуудлаар санал гомдлоо хэрхэн шийдвэрлүүлэх талаар БШУЯ-ны Стратеги боловсрол төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Г.Чинзоригоос тодрууллаа. -Иргэд боловсролтой хол­боотой санал гомдлоо шийд­вэрлүүлэх ямар боломжууд байна вэ? -Манай байгууллагатай хол­боотой санал гомдлоо олон хэл­бэрээр ирүүлж болно. Ту­хайлбал, интернэтээр, ут­саар эсвэл өөрийн биеэр ирүү­лэх  боломжтой байдаг. Интернэтээр бол БШУЯ-ны вебсайтад өргөдөл, санал гомдол хүлээн авах гэсэн хэсэгт өөрийн санал гомдлоо ирүүлж болно. Түүнчлэн фэйсбүүк, твиттер хаягаар дамжуулан хандах, мөн Засгийн газрын 1111-ийн вебсайтаар дамжуулан хандах боломж  байгаа.  -Интернэт ашиглах бо­ломжгүй хөдөө орон нутгийн иргэд санал гомдлоо хэрхэн хүргүүлэх юм бэ? -Хөдөө орон нутгийн иргэд утсаар холбогдож, санал гомдлоо ирүүлж болно. Ажлын өдрийн ажлын цагаар 1209 дугаарын утсанд энгийн утасны тарифаар санал, гомдлоо хэлж шийдвэрлүүлж, асуух зүйл байвал лавлаж  болно. Гэхдээ иргэд  ихэвчлэн манай иргэдэд үйлчлэх төвд ирж ханддаг болсон. Тодруулбал, Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн “Нээлттэй тунгалаг төр” зорилтын хүрээнд БШУЯ салбарын бодлого, үйл ажиллагаанд иргэдийн орол­цоог нэмэгдүүлэх үүднээс иргэд, олон нийтэд үйлчлэх “Мэ­дээллийн 11-11 төв” байгуулан ажил­лаж байгаа. Манай яамны нэг­дүгээр  давхарт ажиллаж бай­гаа уг төвд БШУЯ-ны ал­бан хаагчид ээлжээр сууж, иргэдийг хүлээн авч асуудлыг нь шийдвэрлэж өгдөг. -Иргэдээс ирсэн санал гомдлыг хэдий хэр хугацаанд шийдвэрлэж байгаа вэ? -Ер нь иргэдээс ирсэн санал гомдлоос шийдвэрлэлтийн ху­гацаа нь их шалтгаална. Ту­хайл­бал, иргэдээс утсаар ирж байгаа асуудлууд бол асуул­тын шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл, боловсролын сал­бар гэдэг утгаар нь манайд ханд­чихсан байдаг болохоос яг шийд­вэрлэх ёстой газар нь Нийс­­лэлийн боловсро­лын га­зар, Бо­ловс­ро­лын үнэлгээ­ний га­зар гэх мэт байгуул­ла­гууд  бай­­даг. Тий­мээс бид тухайн иргэ­нийг чиг­лүүлж байгууллагууд­тай нь холбож өгдөг. Түүнээс биш яг БШУЯ-тай холбоотой шийдвэрлэгдэх асуудал хо­вор ирдэг.  -Яамтай холбоотой асуудал байвал хэр хурдан шийдэж өгч байгаа вэ? -Яамтай холбоотой асуудал ирүүлсэн бол тухайн өдөрт нь багтаан шийдэж өгөхийг эрмэлзэн ажилладаг. Тухайл­бал, ямар нэгэн сур­гууль­тай холбоотой асуудал байвал сургууль руу нь утасдаж асуудлыг тодруулаад, үүссэн асуудалд арга хэмжээ авахуулдаг. Тэгээд авсан арга хэмжээг нь эргээд утсаар нь холбогдож хариу өгдөг. Ер нь удаан шийдвэрлэгдэж байгаа нь ажлын хоёр хоногт багтдаг. -Тэгвэл Засгийн газрын “11-11” төвд хандахгүй шууд БШУЯ-нд хандсан тохиолдолд асуудал нь хурдан шийдэгдэнэ гэж ойлгож болох уу? -Засгийн газрын “11-11” төвөөр дамжуулан санал гомд­лоо  гаргасан байсан  ч мөн ял­гаа­гүй  өдөрт нь багтаан тухайн иргэнд асуудлыг нь шийд­вэрлэж өгч байгаа. Нэг жи­лийн хугацаанд Засгийн газ­рын “11-11” төвд ирсэн са­нал гомдлыг хамгийн түргэн шуур­хай шийдвэрлэж өгдөг бай­гууллагаар манай яам тодорсон.  -Зөвхөн эцэг эхчүүд гэхгүй ерөнхий боловсролын сур­гуулийн сурагчид ч гэсэн өөрийн санал гомдлоо шийд­вэрлүүлэх боломжтой биз дээ?  -Тэгэлгүй яахав болно. Гэхдээ ямар нэгэн эрүүгийн шинжтэй асуудлыг  БШУЯ-аас шууд арга хэмжээ авч болдоггүй. Өөрөөр хэлбэл, багш нь ямар нэгэн байдлаар тухайн сурагчид гар хүрч, хүч хэрэглэсэн тохиолдолд цагдаагийн бай­гууллагад эхлээд хандах хэрэгтэй. Мөн тухайн багш ёс зүйн зөрчил гаргасан бол МХЕГ-ын боловсрол хариуцсан байцаагчид хандах ёстой байдаг. Эдгээрийн талаар  иргэд тодорхой ойлголтгүй байдаг учраас  шууд манайд ханддаг. Гэхдээ бид тухайн гомдлоо хаана гаргах шаардлагатайг нь зөвлөж өгдөг.
Б.Ганбаатар Өмгөөлөгчдийн холбооны дарга болов
Монголын өмгөөлөгчдийн холбооны хурлаар Б.Ганбаатарыг даргаар сонгожээ Монголын өмгөөлөгчдийн холбооныхон өнгөрсөн баасан гаригт хуралдаж Б.Ганбаатарыг даргаар сонгожээ. Д.Батсүх энэ албыг удирдаж байгаад Хуульчдын холбооны тэргүүнээр очсон учраас өмгөөлөгч нар Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд дарга байсан Б.Ганбаатартыг дарга болгосон байна. Мөн Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга К.Женисгүлийг солихоор болжээ. Түүнтэй холбоотой гомдлыг Баян-Өлгийчүүд Цагдаагийн ерөнхий газарт ирүүлсэн учраас албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон тухай эх сурвалж мэдээлэв.
“Мөсөн” цирк Монголд тоглоно
Дэлхийн алдартай “CIRCUS ON ICE” буюу Мөсөн циркийн тоглолт Монголд болох гэж байна. “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ-аас санаачлан зохион байгуулж буй “Мөсөн Цирк Монголд” нэртэй шоу тоглолт ирэх арванхоёрдугаар сарын 7-оос 14-ний хооронд АСА циркэд болно.  Мөсөн циркийн тоглолтын тасалбарын үнийн тухайд сонирхуулахад суудлынхаа байрлалаас шалтгаалаад 10.000, 15.000, 20.000 төгрөг гэсэн гурван янзын үнэтэй аж.  Харин хамгийн сайн суудал нь буюу VIP суудал нь 30.000 төгрөг гэнэ. Цаг зав хомс хүмүүс мөсөн циркийн тасалбарыг “11-99” дугаарт залган үнэгүй хүргүүлэх боломжтой.  Тоглолт ажлын өдрүүдэд 19.00 цагаас, амралтын өдрүүдэд 11.00, 15.00, 19.00 цагаас тус тус тоглогдох юм байна. Мөсөн цирк үзсэн хүүхэд бүрт “Эм-Си-Эс”  компанийнхан “Punch” ундаагаар бэлэг барих гэнэ.