title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
ҮЙЛ ЯВДАЛ: Өмнөд Солонгосын дуучин MC Sniper, Kim Hyun Joong, Bloo нар хэвлэлийн хурал зохион байгуулна
“Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагт Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Баянгол бизнес инкубатор төвд хоёрдугаар сарын 14-ний өдөр гарсан галын талаар Худалдаа эрхлэгчид мэдээлэл хийнэ. 12:00 цагт УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Татварын Ерөнхий Газрын дарга н.Заяабал, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Газрын тосны дарга н.Дашпүрэв нарыг АТГ, ТЕГ-аар шалгуулах талаараа Увс аймгийн Ардчилсан Намын удирдлагууд мэдээлэл хийнэ.  УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ах дүү нартайгаа нийлж Увс аймгийн “Хотгор шанага”-ын уурхайг Солонгосчуудад 30 сая ам.доллароор зарсан орлогын албан татварыг төлүүлэх зэрэг асуудлыг мэдээлнэ.  “Зайсан Хилл”-д 12:00-15:00 цагт Өсвөр насны сурагчдад эрүүл мэнд, сэтгэлзүй, санхүүгийн боловсрол олгох “Жигүүр” төслийн нээлт болно. Хангардийн 14 давхарт 14:30 цагт Хотын дарга Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр нийслэлээс хийж, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгнө. Holiday Inn зочид буудалд  20:00 цагт Өмнөд Солонгосын дуучид болох MC Sniper, Kim Hyun Joong, Bloo нар хэвлэлийн хурал хийнэ.
“ГОВЬ” ХК Монгол Солонгосын Политехникийн коллежтой хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ
Хөнгөн аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгч “ГОВЬ” ХК салбарын чадварлаг боловсон хүчнийг нэмэгдүүлэхэд чухалчлан анхаарч Монгол Солонгосын Политехник коллежтой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.   Уг хамтын ажиллагааны зорилго нь Хөнгөн аж үйлдвэрийн салбарт мэргэжилтэй боловсон хүчнийг хамтран бэлтгэх, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу оюутан суралцагчдын сургалтын үйл ажиллагааг үйлдвэртэй холбох, онолын мэдлэгийг практикаар бэхжүүлэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, түүнчлэн ажлын байраар хангаж, байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэх юм байна.   Ингэснээр тус салбарт мэргэшсэн, чадварлаг ажилтнуудыг бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд үлэмж хувь нэмрийг оруулан сайн жишгийг үлгэрлэж байгаа компани болж буй аж.
"Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрч, осолдсон дуудлага одоогоор бүртгэгдээгүй"
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ Фён салхины нөлөөгөөр зарим нутгаар салхи секундэд 28-34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна гэдгийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас сэрэмжлүүлж байв. Тэгвэл өчигдрийн байдлаар Баянхонгор, Ховд аймгийн нутгаар цасан шуурга шуурч байгааг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ. Иймд цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүлж байна.  Тодруулбал "Энэхүү нөхцөл байдлын нөлөөгөөр төөрч, осгосон дуудлага мэдээлэл одоогоор бүртгэгдээгүй. Өчигдрийн хоногийн мэдээнээс харахад баруун аймгуудад ослын мэдээлэл байхгүй.  Гэхдээ Ховд аймгийн нутгаар салхины хурд нэмэгдэж, цасан шуургатай байна. Одоогоор Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн дуудлагын дагуу эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Үүнээс өөр цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн дуудлага ирээгүй" гэдгийг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас хэллээ.   "Баян-Өлгий аймагт цасан нурангид өртсөн малчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна" Цаг уурын гаралтай аюулт үзэгдэл: Баян-Өлгий аймаг, Дэлүүн сумын нутаг Хүйтэн буйр багийн “Төгрөг” гэдэг газар хоёр малчин малаа хариулж яваад уулын цасан нурангид өртөж, цасанд дарагдсан тухай дуудлага хоёрдугаар сарын 12-ны 19:50 цагт хүлээн авсан. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, мэргэжлийн ангийнхан ар гэрийнхэн очиход малчин Х /29 настай, эрэгтэй/ цасан нурангид дарагдсан байсныг эсэн мэнд олж, Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн бөгөөд малчин А /26 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байгааг ОБЕГ-аас мэдээлж байна.  Түүнчлэн цасан нурангид дарагдсан иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаанд Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр ангийн алба хаагчид оролцож байгааг Батлан Хамгаалах Яамнаас мэдээлэв.  Сэрэмжлүүлэг:   Онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх Техникийн бүрэн бүтэн байдлыг хангах Цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авах, аюулгүй байдлаа хангах Цасанд суух, төөрөх, осгохоос сэргийлэх Зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгож зорчихыг тус тус сэрэмжлүүлж байна.
"Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуульд гарсан гал түймрийн ослоор хүн бэртэж гэмтээгүй"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны барилгад өчигдөр 19:00 цагийн орчимд гал гарч, барилга шатсан осол гарчээ.  Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй, галын дүгнэлт холбогдох ажиллагааг үргэлжлүүлэн хийж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.  Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд 32 бүлэгт 874 сурагч, 106 багш, ажилтан ажиллаж хичээл, сургалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлж байна. Дотуур байранд 120-133 хүүхэд амьдарч байна. Тус сургууль нь дөрвөн хичээлийн байртай, 1968, 1983, 2008 онуудад тус тус ашиглалтад орсон. Эдгээр хичээлийн байр нь 420 хүүхдийн хүчин чадалтай, дотуур байр 2019 онд ашиглалтад орсон, 75 хүүхдийн хүчин чадалтай. Спорт заалны барилга 2003 онд ашиглалтад орсон. Төмөр карказан рамтай, модон барилга байсан. Улаан-Уул суманд 320 хүүхдийн хүчин чадалтай, спорт заалтай сургуулийн барилга баригдаж байгаа бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулахаар график гарган гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. Шинэ сургуулийн болон спорт заалны тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг 2024 оны төсөвт суулгасан. Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг ойрын өдрүүдэд тогтмол өгч байна. Боловсролын сургалтын бүх шатны байгууллага дулаан, цахилгааны хэвийн, найдвартай байдлыг хангах, хаалга, цонх, салхивчийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж хэвшихийг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас зөвлөлөө.
Их сургуулийн ректорын ярьсан зүйлтэй холбоотойгоор ОХУ-аас Узбекистан улсад эсэргүүцэл илэрхийлэв
Шерзод Кудратхожаев ОХУ-ын гадаад хэргийн яам Лхагва гарагт Москвад суугаа Узбекистан улсын элчин сайд Ботиржон Асадовыг дуудаж, эсэргүүцэл илэрхийлжээ. Уг эсэргүүцэл нь Ташкентын Сэтгүүлзүйн Их сургуулийн ректор Шерзод Кудратхожаевын ярьсан зүйлтэй холбоотой юм байна. Тэрбээр саяхан хэвлэлд ярихдаа эх хэлээ мэддэггүй, орос хэлээр ярьдаг узбек хүмүүсийг “булаан эзлэгчид, тэнэгүүд” гэж нэрлэж байжээ. Узбекистанд орос хэл албан ёсны статусгүй ч иргэдийн харилцаанд өргөн ашиглагддаг юм. ОХУ-ын гадаад хэргийн яам Кудратходжаевын ярьсан зүйлийг “доромжилсон агуулгатай, хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгджээ. ОХУ-ын засгийн газрын олон улсын хамтын ажиллагаа хариуцсан агентлаг Россотрудничество бас Кудратхожаевын харьяалагддаг байгууллагуудтай хамтын ажиллагаагаа зогсоож байгааг мэдэгдсэн байна. Тухайлбал Узбекистаны Үндэсний Хэвлэл Мэдээллийн Холбоо, Узбекистаны Боловсролын Яамны сургуулийн өмнөх боловсролын олон нийтийн зөвлөлтэй харилцах харилцаагаа түр хугацаанд зогсоож байгааг Россотрудничество агентлагийн тэргүүн Евгений Примаков мэдэгджээ. “Ноён Кудратхожаевыг уучлал гуйх хүртэл түүнтэй болон түүний удирддаг байгууллагуудтай шууд харилцахгүй” гэж Примаков сошиал хуудсандаа бичсэн байна. Тэрбээр мөн оросын эсрэг үзэлтэй ректорын байр суурийг Узбекистаны олон нийт хүлээн зөвшөөрөхгүй байгааг хэлжээ. “Орос улсад боловсрол эзэмших хүсэлтэй олон зуун мянган залуус, хоёр орны өсөн нэмэгдэж буй худалдааны эргэлт, аялал жуулчлал, найрамдлын үнэт зүйлс, харилцан туслалцаа, аугаа эх орны дайны түүхэн дурсамж биднийг нэгтгэдэг гэдэгт би бат итгэлтэй байна. Энэ бүхэн Кудратхожаевыг байдаг л нэг урвагч, эцэг эх нь муу хүмүүжүүлсэн этгээд болохыг батлан харуулж байна. Ноён Кудратхожаев өөрөө төдийгүй хамаатан садан нь Орост суралцах, хамтарч бизнес эрхлэх боломжгүй болж, тэр ч байтугай дургүй улсдаа зорчих боломжгүй болоход гомдохгүй байх гэж найдаж байна” гэж Примаков анхааруулсан байна.   Эх сурвалж: ТАСС
Хувийн өмчийн анхны судалгааны станц саран дээр буухаар дэлхийгээс хөөрлөө
Өчигдөр буюу Пүрэв гарагт анх удаагаа хувийн өмчийн судалгааны станц дэлхийн дагуул саран дээр буухаар АНУ-ын Флорида мужийн Канавералын хошуунаас хөөрчээ. Хэрвээ Odysseus станцын аялал амжилттай болбол Intuitive Machines компанийн нэр түүхэнд бичигдэх юм. Өнөөдрийг хүртэл саран дээр буусан бүх станц аль нэг улсын төрийн өмч байсан. Odysseus станц сүүлийн үед хамгийн их анхаарал татах болсон сарны өмнөд туйлд буух юм. Сарны энэ хэсгийн хөрсөн дор ус хадгалагдаж байгаа гэж судлаачид үздэг. АНУ-ын сансар судлалын төв байгууллага NASA хувийн хэвшлийн төслийг хоёр дахь удаагаа санхүүжүүлсэн нь энэ юм. Odysseus станцыг өчигдөр SpaceX компанийн Falcon 9 пуужинд тээвэрлэн хөөргөжээ. Станцыг хөөргөх гурав дахь оролдлого ийнхүү амжилттай болсон байна. Өмнө нь нэгдүгээр сард цаг агаарын нөхцөл байдлын улмаас, дараа нь энэ долоо хоногийн Лхагва гарагт техникийн асуудлын улмаас цуцлагдаж байв. NASA уг төслийг санхүүжүүлэх зорилгоор Intuitive Machines компанид $118 саяыг төлсөн байна. Үүнийхээ хариуд Odysseus станцад өөрийн шинжлэх ухааны туршилт, судалгааны олон төрлийн багажийг суурилуулжээ. Тухайлбал нэг багаж нь станц газардах үед сарны хөрсөнд ямар нөлөө үзүүлж, хэр хэмжээний тоос босгохыг судлах зориулалттай. Өөр нэг багаж нь дэлхийгээс илгээсэн лазерын гэрлийг буцааж ойлгох юм. Intuitive Machines компани өмнө нь NASA-гийн Ангараг гарагт илгээсэн бяцхан нисдэг тэргийг зохион бүтээж байжээ. Odysseus станц нь зургаан хөлтэй, зургаан талтай цилиндр хэлбэртэй юм байна. Овор хэмжээ нь Британийн алдарт утасны улаан бүхээгтэй ойролцоо болохыг Intuitive Machines мэдээлжээ. Станцын саран дээр буух аялал ойролцоогоор нэг долоо хоног үргэлжилнэ. Буух газар нь сарны өмнөд туйлын цэгээс 300 км зайд байх гэнэ. Intuitive Machines компани ирэх сард сарны хөрсийг өрөмдөж, ус хайх зориулалттай бас нэг станцыг хөөргөх юм. Өмнө нь хувийн хоёр компани сар руу станцаа илгээж байсан ч бүгд бүтэлгүйтсэн байна. Тэдгээр нь Израилийн SpaceIL, Японы Hakuto-R байжээ.   Эх сурвалж: BBC
Голомт банк WaterEquity хамтран ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих, харилцагчдынхаа ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд WaterEquity байгууллагатай хамтран НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 6-р зорилго болох “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламж”-д хамаарах төслүүдэд санхүүжилт олгож эхэллээ. Санхүүжилтийг цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг дараах байгууллагуудад олгож байна. Үүнд: Ус, ариун цэврийн хүртээмжтэй холбоотой үйлдвэрлэгчид /Усны танк, хоолой, шугам сүлжээ, ариун цэврийн тоноглол, ариутгалын химийн бодис г.м./; Ус, ариун цэврийн хүртээмжтэй холбоотой борлуулагч, ханган нийлүүлэгч, түгээгч, импортлогч, жижиглэн худалдаачид; Цэвэр, бохирын тээвэрлэлт, тэдгээрээс үүсэх зардал буюу ачааны машин, ус нөөцлөх сав ханган нийлүүлэгчид; Ус, ариун цэврийн байгууламжийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид ба гэрээт бэлтгэн нийлүүлэгчид, ажил гүйцэтгэгчид; Тоног төхөөрөмж, машин техник зэрэг тусгай зөвшөөрөлтэй худаг өрөмдлөгийн үйл ажиллагаа эрхлэгчид; Нийтийн хэрэглээ, ундны ус үйлдвэрлэгч, савлаж түгээх байгууллагууд; Худаг автоматжуулах, ус түгээхэд шаардагдах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчид тус тус багтана. Дээрх ангиллуудад хамаарах аж ахуйн нэгж, байгууллагууд Голомт банкны ус, ариун цэврийн хүртээмжийг дэмжих ногоон зээлийн шаардлагыг хангаснаар тус санхүүжилтэд хамрагдах боломжтой. Water.org болон WaterEquity байгууллагын тухай: Water.org нь дэлхийн олон сая хүний амьдралд баталгаат ус, ариун цэврийн хүртээмжид эерэг нөлөө үзүүлсээр ирсэн олон улсын ашгийн бус байгууллага бөгөөд 2016 онд хөрөнгө удирдлагын WaterEquity-ийг үүсгэн байгуулжээ. Тус байгууллага нь зөвхөн хөгжиж буй зах зээлд цэвэр ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг, салбартаа анхдагч төдийгүй 25 гаруй жилийн турш хүүхэд эмэгтэйчүүд, гэр бүлүүдэд итгэл найдвар, эрүүл мэнд, ирээдүйг бэлэглэсээр иржээ. Одоогоор Water.org болон WaterEquity-ийн хамтын ажиллагаа дэлхийн 60 гаруй сая хүнд хүрч эерэг нөлөөллийг бий болгоод байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1646 /дотуур дугаар:1402/ утас болон gogreen@golomtbank.com имэйл хаягаар холбогдон авна уу. Сайн сайхныг санхүүжүүлнэ
Ховд аймгийн Манхан-Булган-Улсын хил чиглэл, Бага улаан даваа орчимд замын хөдөлгөөнийг хаажээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өглөөний 06:00 цагийн байдлаар нийт нутгаар хүчтэй шуургатай байна. А14 дугаартай Манхан-Булган-Улсын хил чиглэл, Бага улаан даваанд цас орж, хүчтэй шуурсны улмаас зам хаагджээ. Иймд Ховд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газарт мэдэгдэж зам нээгдтэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.  Иргэд, тээвэрчид, жолоочдыг тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.    Эх сурвалж: Зам, Тээврийн Хөгжлийн Төв
ЗӨВЛӨГӨӨ: Зүрхний олдмол гажиг үүсгэдэг А стрептококийн халдварыг эрт илрүүлснээр бүрэн эмчлэх боломжтой
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хүүхдийн хоолой залгиурын үрэвсэлт өвчнийг бүрэн сайн эмчлэхгүй байснаар ирээдүйд зүрхний олдмол гажигтай болох эрсдэл нэмэгддэг байна. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн дэд захирал, Анагаах ухааны доктор, зөвлөх эмч Т.Болормаа "Хэрэх өвчин нь хүүхдэд, ялангуяа 5-15 насанд оргил үе нь тохиолддог. Энэ нь А стрептококийн шалтгаантай, хоолойн залгиурын үрэвсэлт өвчний хожуу хүндрэл болж үүсдэг. Тиймээс А стрептококийн гаралтай хоолой залгиурын үрэвсэлт өвчнийг төгс эмчлэх асуудал нэн чухал байна" хэмээн сэрэмжлүүлэв.  Түүнчлэн өвчин үүсгэгч илэрсэн тохиолдолд бүрэн эмчлэгдэх боломжтой учраас хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж эрт илрүүлэгт хамруулахыг уриаллаа. https://www.facebook.com/unicefmongolia/videos/756630249406451
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Агаарын температурын эрс тэс өөрчлөлтөөс шалтгаалан шар усны үер бууж болзошгүй
Шар усны үерээс болгоомжил Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдсэн. Зуны улиралд хэвийн хэмжээнээс их борооны улмаас Сэлбэ голын усны түвшин дээшилж хөрсний чийгийн хэмжээ эрс нэмэгдсэн билээ. Мөн дэлхийн дулааралтай холбоотойгоор өвлийн улиралд гэнэтийн дулаарал болон хүйтрэл ажиглагдаж байна.  Энэ сарын 15-16-ны өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр огцом дулаарсан бол говийн аймгуудад өдөртөө нэмэх хэм хүрсэн билээ. Нийслэл Улаанбаатар хотод ч энэ үзэгдэл нөлөөлж өдөртөө 0 градустай байх бол шөнөдөө -20 хэм хүрч огцом хүйтрэх юм.  Цаг агаарын эрс тэс өөрчлөлтийн уршгаар нийслэлд үүсээд буй халиа, тошингийн улмаас шар усны үер болж болзошгүйг албаныхан анхаарууллаа.   Эх сурвалж: Төв аймгийн онцгой байдлын газар   https://www.facebook.com/reel/364508539684560
Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулахыг уриалав
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын эхний 15 хоногт 12,665 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 590, зөрчлийн шинжтэй 9,927, зам тээврийн ослын шинжтэй 2,148 дуудлага, мэдээлэл шалгагджээ. Мөн хугацаанд нийт дуудлага мэдээлэл 2.6 буурсан үзүүлэлттэй боловч, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 4.6 хувиар өссөн байна. Баяр ёслол, амралтын өдрүүдэд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчил өсөх хандлагатай тоо мэдээлэл, судалгаа байдаг бөгөөд ирэх сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн баярын өдрүүд ойртож байгаатай холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.  Архины зохисгүй хэрэглээг хязгаарлах. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн  хэрэглэснээс үүдэлтэй хариуцлагагүй, болчимгүй үйлдэл нь иргэн, гэр бүлд хэзээ ч мартагдахгүй харууслыг бий болгодогт анхаарч, хор уршгаас урьдчилан сэргийлэх Гэр бүлийн жижиг маргаан, санал зөрөлдсөн асуудал, бухимдлыг дэвэргэхгүй, эвтэй аргаар шийдвэрлэж сурах, хэрэгтэй гэж үзсэн үедээ мэргэжлийн сэтгэл зүйчид /мэргэжлийн байгууллагад/ хандаж зөвлөгөө, тусламж авч байх Хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй, үл хайхрах хүчирхийлэлд өртүүлэхгүй байх болон анхаарал, халамжаар дутагдуулахгүй байхад онцгой анхаарах Ахуйн хүрээний осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна. Хэрэв таны ойр тойрны тань хэн нэгэн хүчирхийлэлд өртсөн бол 102, 107, 108 дугаарын утсанд мэдээлээрэй. Хохирогчдыг хамгаалах, хүчирхийллийг мэдээлэх үйлчилгээний дугаарууд 24 цаг нээлттэй, үнэ төлбөргүй. /107 Гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө, мэдээлэл; 102 Цагдаагийн дуудлага; 108 Хүүхдийн тусламжийн утас/ Цагдаагийн байгууллага familycenter.mn, www.e-khutuch.mn цахим хуудасны чатботоор дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй өргөдөл, гомдлыг хүлээн авдаг болсон. Дээрх хаягаар орж хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх, мөн гэр бүлийн харилцаанд үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжлийн хүмүүстэй холбогдон мэдээлэл, зөвлөгөө, тусламж авах авах боломжтой. Хүчирхийллийг таслан зогсооход өөрсдийн үүрэг оролцоог ухамсарлан гар бие, дуу хоолойгоо өргөн оролцохыг Цагдаагийн байгууллагаас уриаллаа.
OpenAI компани текст мэдээллийг видео дүрс болгон хувиргадаг системээ танилцууллаа
OpenAI компани өчигдөр текст мэдээллийн агуулга дээр үндэслэн видео дүрс үүсгэдэг хиймэл оюуны системээ нийтэд танилцуулжээ. Sora (япон хэлээр тэнгэр гэсэн утгатай) гэж нэрлэсэн шинэ загвар нь хэрэглэгчийн бичсэн текст мэдээллийг ойлгоод нэг минут хүртэл урттай хөдөлгөөнт дүрсийг бүтээдэг юм байна. Бас оруулсан хөдөлгөөнгүй зургийг боловсруулж, эсвэл өгөгдсөн хөдөлгөөнт дүрсийг баяжуулж, дэлгэрүүлэх чадвартай болохыг OpenAI мэдээлжээ. “Бид хиймэл оюунд бодит ертөнцийг ойлгох, дүрслэх чадварыг сургаж байна. Энэ нь бодит ертөнцийн харилцаа шаардсан асуудлуудыг шийдвэрлэхэд хүмүүст туслах зорилготой юм” гэж OpenAI компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна. Тус компани Sora загварыг ашиглах боломжийг одоогоор судлаачид, уран бүтээлчдийн хүрээнд хязгаарлаж байгаа ажээ. OpenAI бас Sora загвар хэрхэн ажилладгийг харуулсан хэд хэдэн жишээг үзүүлсэн байна. Жишээлбэл “Үзэсгэлэнтэй, цастай Токио хот хөл хөдөлгөөн ихтэй байна. Камер хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар шилжиж, цастай сайхан цаг агаарт зугаацаж, ойролцоох дэлгүүрүүдээр хэсэж буй хэд хэдэн хүнийг дагана. Сакурагийн гоёмсог дэлбээнүүд цасан ширхгүүдтэй хамт салхинд бударна” гэсэн текстийг Sora хэрхэн дүрс болгосныг доор харуулж байна. Introducing Sora, our text-to-video model. Sora can create videos of up to 60 seconds featuring highly detailed scenes, complex camera motion, and multiple characters with vibrant emotions. https://t.co/7j2JN27M3W Prompt: “Beautiful, snowy… pic.twitter.com/ruTEWn87vf — OpenAI (@OpenAI) February 15, 2024 Компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн X хуудсандаа зарим нэг хүний өгсөн текстийг шууд дүрс болгож харуулсан юм. Тухайлбал “Golden retriever” үүлдрийн хоёр нохой уулын оройд подкаст нэвтрүүлэг хөтөлж байгаа тухай өгүүлсэн текстийг тэр дараах байдлаар боловсруулж үзүүлжээ. https://t.co/uCuhUPv51N pic.twitter.com/nej4TIwgaP — Sam Altman (@sama) February 15, 2024 Хиймэл оюуны технологи хөгжүүлэгч OpenAI компани 2021 онд хөдөлгөөнгүй зураг үүсгэгч Dall-E системээ танилцуулж байсан бол 2022 оны арваннэгдүгээр сард “generative AI” төрлийн ChatGPT чатбот системээ танилцуулсан юм. Google, Meta зэрэг компаниуд бас видео дүрс үүсгэдэг систем хөгжүүлж байгаа гэсэн мэдээлэл бий. Гэхдээ тэд одоогоор хөгжүүлж буй системээ нийтэд танилцуулаагүй байна.   Эх сурвалж: The Guardian
"Нөөлөг салхины зурвас нь замдаа тааралдсан бүхэнд аюул учруулж болзошгүй үзэгдэл"
Эх сурвалж: ЦУОШГ Өнөөдөр Фён салхины нөлөөгөөр Ховдын нутгаар салхи секундэд 28-34 метрийг давж ширүүсэж мөн Завханы нутгаар хүчтэй цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулаад байгаа билээ.  Иймд нөөлөг салхины гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж дараах мэдээллийг гаргасан байна.  Нөөлөг салхи гэж юу вэ?  Нөөлөг салхи гэдэг нь аянга, мөндөр, аадар бороо, цас зэрэг цаг агаарын үзэгдэлтэй холбоотой салхи огцом хүчтэй болох үзэгдэл юм. Нөөлөг салхины үед салхины хурд ихсэж 16 м/с-ээс их болох, 20-30 м/с-д хүрэх нь цөөнгүй. 40 м/с секундээс ч давсан тохиолдол бүртгэгдэж байжээ.  Хэрхэн үүсдэг вэ? Нөөлөг салхи нь агаарын өгсөх урсгал буюу аянга цахилгаант аадрын үүл түүнээс үүдэлтэй цаг агаарын аюултай үзэгдэлтэй шууд холбоотойгоор үүсдэг аж. Агаар дээшлэн өтгөрөх тусам хөнгөн болж салхины хурдыг цаашид нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгодог. Аадрын үүлний урд зах дахь энэхүү хурдтайгаар өгсөх урсгал нь ард тал дахь уруудаж буй урсгалаас тусгаарлагддаг. Хүчтэй уруудах урсгал нь газрын гадаргад тулаад аадрын үүлний өмнөд хэсэгт салхины хүч нэмэгдэж эргэлэг үүсдэг.  Энэ хүчтэй уруудах урсгал нь хүйтэн, нэвт агаарын урсгал байх ба түүний урд захыг салхины өрөвхийлөлийн фронт гэж нэрлэдэг бөгөөд энд салхины хүч нэлээд эрчимждэг. Өрөвхийлөлийн фронт нь өмнөх дулаан чийглэг агаарын өгсөх хөдөлгөөнийг тэтгэн аадрын үүлэн дэх өгсөх хөдөлгөөнийг эрчимжүүлж улмаар аадрын үүл өөрөө өөрийгөө тэтгэх нөхцөлийг бий болгодог. Нөөлөг салхи нь аадар бороо болон аадар бороотой аянга цахилгааны үеэр ч бага масштабаар ажиглагдаж болно. Илүү том масштабын нөөлөг салхины шугам нь хүйтэн фронтын өмнө болон дагуу үүсэж маш их хэмжээний агаарын масс босдог хүчтэй салхитай зурвас юм.  Эдгээр нөөлөг салхины зурвас нь хэдэн зуун км-ээс илүү урттай байж болох ба бүтцээ хэдэн цагийн туршид ч хадгалж чаддаг. Нөөлөг салхины зурвас дунд ширүүн салхи, аадар бороо, мөндөр болон хар салхи ч ажиглагдаж болно. Нөөлөг салхины зурвас нь замдаа тааралдсан бүхэнд аюул учруулж болзошгүй аюултай үзэгдэл юм.  ВИДЕО:  https://www.facebook.com/meteoagency/videos/414420637776346
ЭМЧ: Илүүдэл жингээс салах энгийн хоёр арга
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өдөр тутамдаа хоол хүнснээс авах илчлэгээ тооцох нь эрүүл мэндийн хувьд онцгой ач холбогдолтой. Илүүдэл илчлэгээ идэвхтэй хөдөлгөөнөөр шатааж, авах ёстой шим тэжээлээ орхигдуулахгүйгээр илчлэгийн тэнцвэрийг хадгалах нь хамгийн чухал. Идсэн бол хөдөлж, эрч хүчээ зөв хуваарилан, эрүүл жиндээ хүрэхийг ЭМЯ зөвлөв. Хүн өглөөний цайгаар дамжуулан биед нэн шаардлагатай шим тэжээлээ авч байдаг. Өглөө зайлшгүй авах ёстой илчлэгээ аваагүйгээс болоод оройн цагаар хооллох дуршил нэмэгдэж, энэ нь буруу хооллолт, таргалалт болон эрсдэлд хүргэж, бусад өвчлөлийн суурь тавих үр дагавартай аж. Эрүүл хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Эрүүл амьдралын хэв маягтай, сэтгэл санаа эрүүл, илүүдэл жингүй хүнийг эрүүл гэж хэлнэ. Илүүдэл жин нь судас хатуурах эмгэг, чихрийн шижин өвчинтэй болох том шалтгаан. Жингээ хасах хамгийн энгийн хоёр арга нь зөв хооллох, тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг эмч нар зөвлөж байна.         Өөх тос, нүүрс ус ихээр агуулсан, илчлэг өндөртэй хоолыг ор тас хориглох бус тэнцвэртэй хүртэх нь чухал. Жишээлбэл хуушуур илчлэг өндөр учир ногооны салат, хачир зэрэг шингэц сайтай хүнстэй хослуулж идвэл зохистой.    Давс хужир нь таарсан, тос даасан цуйван хэдий идэхэд сайхан ч илчлэг өндөртэй байдаг. Тиймээс ийм төрлийн хоол идсэн үедээ илүүдэл илчлэг биед өөх, тос болон хуримтлагдахаас сэргийлж, дасгал хөдөлгөөн хийж хэвшихийг зөвлөж байна.   Нийслэл салат нь илчлэг өндөртэй, өег тул нэг дор их хэмжээгээр идэхээс зайлсхийгээрэй. Мөн орц найрлагадаа амархан муудах хүнс ихээр агуулдаг учраас хонуулж хэрэглэлгүй, шинэхнээр нь идэхийг зөвлөж байна.     2019 онд хийгдсэн судалгаагаар манай улсын 15-69 насны иргэдийн дунд 65% нь илүүдэл жинтэй. Үүнээс 49.4% нь илүүдэл жинтэй, 18.5% нь хэт таргалалттай байна гэсэн дүгнэлт гарчээ.   Эх сурвалж: ЭМЯ
Нидерландын шүүхээс хөлбөмбөгчин Квинси Промест зургаан жилийн хорих ял оноов
Эх сурвалж: Inside The Games ОХУ-ын "Спартак Москва" клубийн довтлогч Квинси Промест Нидерландын шүүхээс зургаан жилийн хорих ял оноолоо. Өдгөө 32 настай К.Промесыг 1,363 кг хар тамхийг Бразилаас Нидерланд руу зөөхөд гар бие оролцсон гэж үзсэн юм. Уг хар тамхийг 2020 онд Бельгийн Антверп хот дахь боомтоор оруулжээ. Цагтаа Нидерландын шигшээд зүтгэж явсан К.Промес ид үедээ нутгийнхаа "Аякс" болон Испанийн "Севилья" багт данстай байв. 2021 оноос "Спартак Москва"-гийн тоглогч болсон. Амстердам хотын шүүхээс түүнийг баривчлах тушаал гаргасан ч ОХУ-аас шилжүүлэн авах оролдлого нь амжилт олоогүй. Тиймээс шүүх хуралд өөрийн биеэр оролцоогүй аж.  Гэхдээ Нидерландын шүүх үүнийг үл харгалзаж нотлох баримтад үндэслээд хорих ял оноохоор болжээ. Түүнийг нэр алдраа ашиглаж хар тамхины наймаанд гар бие оролцсон нь бүрэн нотлогдсон гэж шүүхийн тэмдэглэлд бичсэн юм. Хөлбөмбөгчин эрийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд давж заалдахаа мэдэгдсэн. К.Промес шүүхээс ял авч буй анхны тохиолдол нь энэ биш. Өмнө нь үеэлээ хутгалж хүзүүний зүүлтийг нь дээрэмдсэн хэрэгт нь 18 сарын ял өгсөн ч ОХУ-ын талаас шилжүүлж өгөхөөс татгалзсан юм. К.Промес Улбар шаруудын төлөө 50 тоглолтод оролцож долоон гоол оруулсан. Тэрбээр "Евро 2020"-д улсынхаа өмсгөлтэй тоглож байсан бөгөөд цар тахлын дараа шигшээдээ дахин дуудагдаагүй.    Эх сурвалж: Inside The Games
ЗАМУУДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ: Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто зам дагуу хүчтэй цасан шуургатай байна
Улс болон олон улсын чанартай авто замуудын энэ сарын 16-ны буюу өнөөдрийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.  13:00 цагийн байдлаар Баян-Өлгий, Архангай, Завхан аймгийн уулархаг нутгаар хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал. Архангай, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар цас орж байгаа юм. Бусад нутгаар авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа аж. Шуурхай ажлын хэсгүүд бэлэн байдалд байгаа бөгөөд авто зам хариуцагч байгууллагууд дараах ажлууд хийж байна. Үүнд: А0306 дугаартай Өлгий-Цагааннуур-Улсын хил чиглэлийн авто замд хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал, авто замын зорчих хэсэгт цас ихээр хунгарлагдаж, тээврийн хэрэгслүүд даваагаар давахад хүндрэлтэй байна. Тус замын Зээгтийн даваанд саатсан тээврийн хэрэгслүүдийг гаргаж авто замд хунгарласан цасыг "Жол" ХХК-ийн шуурхай ажлын хэсэг Авто ачигч-2 бүрэлдэхүүнтэй уртасгасан цагаар цас цэвэрлэж байгаа аж.  А14 дугаартай Ховд-Манхан-Булган-Улсын хил чиглэлийн авто замын дагуу Бага улаан даваанд хүчтэй цасан шуургатай. Зам хариуцагч "Ховд АЗЗА" ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг ажиллаж байна. А1701 дугаартай Улаангом-Ховд, А1702 дугаартай Улаангом-Хандгайт, А07 дугаартай Өлгий-Ачит нуур-Байрамын даваа-Түргэн-Улаангом чиглэлд цас орж байгаа учраас "Увс АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсгүүд цас цэвэрлэж байгаа ажээ.  Мөн А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто зам дагуу хүчтэй цасан шуургатай байгаа талаар “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас мэдээллээ.  Иймд тус чиглэлүүд рүү зорчихгүй байхыг анхааруулав. Замуудын нөхцөл байдлын зургуудаас:
Америк сэтгүүлчтэй хийсэн ярилцлагадаа сэтгэл дундуур байгааг Путин хэлжээ
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногийн Лхагва гарагт дотоодын сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын тэмдэглэлийг Кремлийн хэвлэлийн алба өчигдөр нийтэлжээ. Энэ уулзалтын үеэр Путин өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Fox News сувгийн хөтлөгч асан Такер Карлсонтой хийсэн ярилцлагын талаар сэтгэгдлээ хуваалцсан байна. Карлсон, Путин нарын хоёр цаг орчим үргэлжилсэн ярилцлага өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт цацагдаж, X платформ (хуучнаар Твиттер) дээр хүмүүс 200 гаруй сая удаа үзсэн юм. Путин  сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Өрнөдийнхөнд байр суурийг нь дамжуулсан Карлсонд талархаж байгаагаа илэрхийлжээ. “Өрнөдтэй шууд харилцах боломжгүй болсон энэ үед зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн ноён Карлсонд бид баярлах ёстой” гэж тэр хэлсэн байна. Гэхдээ Путин ярилцлагадаа бүрэн сэтгэл хангалуун бус байгааг энэ үеэр бас илэрхийлжээ. Тэр Карлсоноос илүү хэцүү асуултууд ирэхийг хүлээж байсан ч хүслээр нь болоогүй гэнэ. “Би үүнд бэлтгэлтэй байсан төдийгүй ийм асуултууд тавиасай гэж хүсэж байсан. Учир нь ийм асуултууд надад ижил өнгө аястай хариулах боломж олгох байсан юм” гэж Путин ярьжээ. Өрнөдийн хэвлэлүүд ч Карлсоныг хэцүү асуултаар шахахын оронд Путинээр лекц уншуулсан, өнөөдрийн сөргөлдөөнд Оросыг зөвхөн хохирогч байдалтай харуулах боломж олгосон гэж шүүмжилцгээж байгаа. Путин бас өөрийнх нь ярьсныг Өрнөдийн хэвлэлүүд гуйвуулан дамжуулж байгаа талаар гомдолложээ. Улс төрийн консерватив үзэл баримтлалтай, ерөнхийлөгч асан Дональд Трамптай ойр харилцаатай гэгддэг Такер Карлсон нь Украины дайн эхэлсэн цагаас хойш ОХУ-ын ерөнхийлөгчтэй ярилцсан Өрнөдийн анхны сэтгүүлч болсон юм.   Эх сурвалж: AFP
Д.Цэндсүрэн: Ч.Хүрэлбаатар Увс аймагт хөрөнгө оруулалт шийддэг ч араас нь барилгын компани, дээрэмчдээ явуулдаг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Татварын Ерөнхий Газрын дарга асан Б.Заяабал, Ашигт Малтмал, Газрын Тосны Газар (АМГТГ)-ын Газрын тосны дарга асан Б.Дашпүрэв нарыг шалгуулах болсон талаар Увс аймгийн Ардчилсан Намын удирдлага Д.Цэндсүрэн Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.  Тэрбээр "2022 оны орон нутгийн сонгуульд миний хажууд сууж буй хүмүүс нэр дэвшсэн. Сонгууль дууссаны дараа сонгуулийн хуулиар хандивын данс нээж бүртгүүлээгүй гэх хэргээр бүгд 10 сая төгрөгийн ялд унасан.  Увс аймгийн Татварын хэлтсээс зөрчлийн хэрэг нээж анхан шатны шүүх дээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нийт 60 гаруй хүн байгаа. Энэ нь зөвхөн Увс аймагт болсон. Хэрэг хэрэгсэхгүй болсны дараа Татварын Ерөнхий Газрын дарга Батжаргалын Заяабал гэж хүн давж заалдах шатны шүүхэд хандаж 60 хүнийг 10 сая төгрөгийн ялтай болсон.  Цалин, тэтгэвэр, гэр орон барьцаалагдсан. Дээр нь данс битүүмжлэгдсэн. Энэ хүмүүс хэнд ч ямар нэгэн хохирол учруулаагүй. Хандивын данс нээсэн боловч тухайн сумын хаана нь бүртгэхийг мэдэхгүй байсаар сонгууль дууссан.  Жирийн иргэдэд төрийн хууль ял болж буудаг юм байна. Энэ хүмүүсийг давж заалдаж ялд унагаасан албан тушаалтнуудад яагаад хууль үйлчилдэггүй юм бэ. Хэрэв хууль адилхан үйлчилдэг бол доорх хүмүүстэй хариуцлага ярих ёстой. Үүнд: Нэгдүгээрт Эдийн Засаг, Хөгжлийн Сайд Ч.Хүрэлбаатар 2011 онд "Хотгор шанага"-ын уурхайг солонгосчуудад 10 сая ам.доллароор зарсан. Авсан, өгсөн гэрээ, шилжүүлсэн банкны баримтууд тодорхой байгаа. Мөн УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар УИХ-ын танхимд нээлттэй ил тод зарласан. Хэрэв зарсан бол хуулиар хүн амын орлогын албан татвар гэх нэг сая ам.доллар төлөх ёстой.  Хоёрдугаарт Ч.Хүрэлбаатарын найз "Аморе интернэшнл" ХХК-ийн Ж.Баатарсүрэн гэж хүн 17 тэрбум төгрөгөөр утаагүй түлшний үйлдвэр барина гээд улсаас мөнгө авсан. Үйлдвэр, мөнгө байхгүй, дампуурсан. Нэг килограмм нүүрс ч үйлдвэрлээгүй. Энэхүү утаагүй түлшний үйлдвэрийг Тавантолгой Түлш ХХК руу шилжүүлж орхисон гэсэн. Үүнд яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ.  Гуравдугаарт Ч.Хүрэлбаатар Увс аймагт хөрөнгө оруулалт шийддэг. Гэтэл араас нь барилгын компани, дээрэмчдээ явуулчихдаг. Увс аймагт драмын театрын барилга анх 6.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй долоон жилийн өмнө эхэлсэн. 2024 онд 15.4 болж есөн тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Одоо хүртэл ашиглалтад ороогүй. Ч.Хүрэлбаатарын сонгуульд хамгийн сайн явдаг "Дүрт Уул" гэх компани барилгын эрхийг авсан.  Улаангом сумын Чандманьд баригдсан 1.2 км авто зам одоог хүртэл ашиглалтад ороогүй. Мөн Улаангомд баригдаж буй усан сангийн барилга баригдаагүй долоон жил болж байна.  2018 оны Сангийн сайдын 302 тоот тушаалыг Ч.Хүрэлбаатар гаргасан. Энэ тушаалаар ашигт малтмалын лицензээ эзэмшдэг компани нь нөгөө рүү шилжүүлэхэд нөөцийн 10 хувиар тооцож татвар төлдөг. АМГТГ-аас үүнийг нийтэд зарладаггүй. Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байх үедээ гаргасан тушаалын дагуу компани хоорондын шилжсэн лицензийн нөөцийн дагуу 10 кг алтны мөнгө төлсөн байх ёстой. Гэтэл хэдэн лицензийн татвар хэзээ төлөгдсөнийг олон нийтэд нээлттэй болгоогүй. АМГТГ, Татварын Ерөнхий Газарт энэ асуудлыг шалгуулах хүсэлт өгнө.  Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал,  АМГТГ-ын Газрын тосны дарга Б.Дашпүрэв нар Ч.Хүрэлбаатарын бүлэглэлийн хүмүүс. АМГТГ 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хэдэн лиценз шилжиж, татвар төлөгдсөнийг хайгаарай. Учир нь энэ бидний өмч.  Төрийн өндөр албан тушаалтны гэмт хэргийн бүлгүүд улс орныг хэдэн арван тэрбумаар нь дампууруулж байхад яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ" хэмээн ярилаа.  ФОТО:
Улстөрчдийн суртал нэвтрүүлгийн телевизүүдийг та тэжээхийг хүсэхгүй бол саналаа өгөөрэй
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар арилжааны 18 телевизэд хураамж төлж буй зохицуулалтыг хүчингүй болгохоор иргэдийн төлөөлөл хуулийн байгууллагад удаа дараа хандсан. Уг хуулийн заалт нь бусад хуультай уялдаа холбоогүй, шаардлага хангаагүй гэж үзэн Үндсэн Хуулийн Цэц (ҮХЦ)-д хандсан ч УИХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудал тул хэлэлцэхээс татгалзсан юм. Тиймээс УИХ-аар хэлэлцүүлэхийн тулд иргэн Б.Пүрэв энэ сарын 15-наас иргэдээс санал цуглуулж байна.    Эх сурвалж: Petition.Parliament.com Одоогийн байдлаар petition.parliament.mn -ээр 2,400 гаруй хүн саналаа өгчээ. Уг тогтоолыг хүчингүй болгох саналыг 30 хоногийн дотор 100,000 хүн дэмжвэл УИХ-аар хэлэлцүүлэх бүрэн боломжтой гэж иргэн Б.Пүрэв үзэж буй.   Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар арилжааны 18 телевизэд сар бүр нэг айл өрхөөс 2,500 төгрөг суутгаж авдаг. Зөвхөн өнгөрсөн жилд гэхэд 29 тэрбум төгрөгийг хувааж авсан талаар хуульч Б.Мэргэн өмнө нь ярьж байв.  Монголын телевизүүдийн холбооноос уг төлбөрийг IPTV-гийн шаардлага хэмээн өөрсдөөсөө холдуулдаг ч тус хуулийн заалтад суутгасан төлбөрийг тус холбоонд байршуулж гишүүн байгууллагууддаа тараадаг болохыг иргэн Б.Пүрэв онцолсон. Цаашлаад дурын нэг төрийн бус байгууллага хуулийн нэрээр дээрэм хийхийг ч үгүйсгэхгүй гэж байлаа.  Өргөн нэвтрүүлгийг дэмжих санд иргэдийн төлсөн татвараас жил бүр хоёр тэрбум төгрөг цуглардаг байтлаа нэмж татвар төлөхийг иргэд эсэргүүцэж буй. Түүнчлэн өөрсдөө үздэггүй хэр нь тухайн телевизүүдэд мөнгө төлөх шаардлагатай болсонд дургүйцэх хүн олон бий. Тиймээс сонгуулийн санхүүжилт хэлбэрээр намууд хэвлэл мэдээллийн байгууллагад төлбөрөө төлж буй нэг арга ч гэж хардах үндэслэлтэй билээ. Улстөрчдийн суртал нэвтрүүлгийн телевизүүдийг та тэжээхийг хүсэхгүй бол энд дарж саналаа өгөөрэй
Шатсан "Баянгол бизнес инкубатор төв"-ийн худалдаачид хүү багатай зээлээр дэмжиж өгөхийг хүсэв
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Баянгол бизнес инкубатор төвд хоёрдугаар сарын 14-ний өдөр гарсан галын талаар худалдаа эрхлэгчид өнөөдөр мэдээлэл хийв.  Баянгол бизнес инкубатор төвийн төлөөлөл С.Мишиг "Гал гарах үед манай төвийн гадаах хяналтын камер хэвийн ажиллаж байсан ч хард диск нь хоёрдугаар сарын 8-ны өдрөөс хойш бичлэг бичээгүй буюу бичлэг хадгалж аваагүй байна.  "Битүүний урд өдөр буюу худалдаачдын анхаарал сарнисан үед камерны хард диск ажиллагаагүй болсон байна"  Иймд битүүний урд өдөр буюу худалдаачдын анхаарал сарнисан энэ үед мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх ажиллагаа явуулсан юм биш байгаа гэдэг хардлага байна. Урьд нь цагдаагийн байгууллага ойр орчимд гарсан гэмт хэрэг, зөрчлийг манай камер дээрээс олон удаа илрүүлж байсан. Гэтэл яг гал гарахаас долоо хоногийн өмнө ажиллахаа больсон байна. Түүнчлэн хуурамч фэйсбүүк хаягаас С.Мишиг миний биеийг "зориуд газраа томруулах гэж хийсэн" гэх мэтээр зориудаар харлуулж гүтгэж байгаа нь сэжигтэй байна. Манай төв тухайн үед ажиллаагүй байсан. Энэ газар бол төрийн газар.  Бид 10-аад жил олон асуудлаар үзэл бодлоо илэрхийлж ирсэн. Хамгийн сүүлд хөрөнгө оруулалтын тухай хуульд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө эрх мэдэлтэй, эдийн засаг өндөр нэгний дургүйг хүргэчихвүү дээ гэсэн хардалт байгаа" гэв.  Худалдаа эрхлэгчид төрөөс мөнгө нэхэхгүй харин аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагатай холбож өгч үйл ажиллагаа нь жигдэртэл хүү багатай зээлээр дэмжиж өгөхийг хүсэж байгаа юм байна.  Мөн хандивын данс нээсэн байна. /Голомт банк 1735118488 ӨБҮД сан ТББ/  "Бид энэ газрыг хогийн цэг байхад ашиглаж худалдааны төв болгосон" Үргэлжлүүлэн тэрбээр уг худалдааны төвийн газрын тухайд "2015 оноос зөрчлийн хуулиар өдөр болгон торгуулж байна. Хууль чинь болохгүй байна гэж эсэргүүцэж явсаар Засгийн Газарт асуудлаа тавьж, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Баянгол дүүргийн захирагчийн ажлын албаны дэмжлэгтэйгээр хөдөлгөөнт инкубатор төвийг үүсгэн байгуулсан.  Бид энэ газрыг хогийн цэг байхад нь ашиглаж худалдааны төв болгон гудамжинд худалдаа эрхэлж байсан бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулж байсан юм. 136 хүн ахуй амьдралаа авч явж байсан буянтай газар. Бид өрөө төлж дуусаад хуримтлалтай болно гээд байж байтал ийм гэнэтийн аюул тулгарлаа" гэв.
Архангай аймгийн Өгий нуур болон Хөвсгөлийн Хатгал тосгонд усан замын зогсоол байгуулна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав 2024 онд дотоодын усан замаар 70 мянган зорчигч тээвэрлэнэ хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.  Мөн БНХАУ-ын далайн боомтуудаас ачаа тээвэрлэлтийг эхлүүлж, тогтворжуулах аж. Үүнээс гадна Архангай аймгийн Өгий нуурт усан замын зогсоол байгуулна. Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд усан замын зогсоолтой болно гэв.   ЗТХЯ
ТАНИЛЦ: 2024 оны нийслэлийн төсвийг тодотгож, шинээр барих гэж буй сургууль, цэцэрлэгүүдийн байршил
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хотын дарга Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн бариад буй.  Энэ хүрээнд төсвийн тодотголоор сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр нийслэлээс хийж, хэрэгжүүлэх ажилтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг мэдээлэл өглөө. "11 сургууль, цэцэрлэгийн асуудлыг төсвийн тодотголд тусгаж, нийт 26.3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн"   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Тэрбээр хэлэхдээ “Сургууль, цэцэрлэгийн асуудлыг сүүлийн хоёр жил их анхаарч төсөвт тусгаж ирсэн. Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн алдаанаас болоод тухайн хэсэгтээ сургууль цэцэрлэгийн хүртээмж багатайгаар байгуулагдсан газруудад газар чөлөөлөлт хийж, улсын сургууль, цэцэрлэг байгуулах зорилттойгоор төсвийн тодотгол хийлээ.  Ингэхдээ 11 сургууль, цэцэрлэгийн асуудлыг төсвийн тодотголд тусгаж, нийт 26.3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Баянгол дүүргийн 24 дүгээр хороо буюу Алтай хотхон Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо буюу Маршал таун, Кинг тауэр орчимд сургууль Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны Ногоон нуур орчимд 240 ортой цэцэрлэг Материал имфекс хавьцаа болон Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд 960 болон 640 хүүхдийн багтаамжтай сургууль барихаар төлөвлөж холбогдох хөрөнгө оруулалтыг тусгаад байна. Таван байршилд газрын зөвшилцөлд хүрсэн. Дээрээс нь нэмээд улсын сургууль, цэцэрлэг барих шаардлагатай 10 байршил бий тул газар чөлөөлөлтийн мөнгийг төсвийг нэмж тавьсан.  Үүнээс гадна тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль болон дотуур байранд нь 4.5 тэрбум төгрөгөөр капитал засвар хийхээр тодотгол оруулсан. Үндсэндээ 2024 онд нийслэл хотоос сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал дээр нийт 146 тэрбум төгрөгийг төсөвлөж байна гэсэн үг" хэмээв.
О.Номинчимэг: Үерийн даланг хүчитгэхэд зориулан 20 тэрбум орчим төгрөг төсөвлөсөн
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд тусгасан хөрөнгө юунд зарцуулагдах талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр "Сургууль, цэцэрлэг барихаар таван байршилд газар чөлөөлөх асуудлаар ААН-үүдтэй зөвшилцөлд хүрсэн. Үүнд Кинг тауэр хотхонд сургууль барих газрыг чөлөөлөхөөр Эко констракшн компанитай зөвшилцөлд хүрсэн. Газрыг өөр байршлын газраар солих байдлаар шийдсэн. Газрын асуудлыг шийдсэн байршлуудад сургууль, цэцэрлэг барих төсвийг тавьж байгаа.  Чингэлтэй дүүргийн гэр хороолол, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Яармагт зэрэг 10 байршилд улсын сургууль, цэцэрлэг барих шаардлагатай байгаа. Эдгээрт газар чөлөөлөлтөд зориулж төсөвт өртгийг нэмсэн. Нийслэл, Засгийн газар, УИХ-аас газрын асуудлаар нээлттэй сонсгол хийх шийдвэр гарч, бэлтгэл ажил хийгдэж байгаа. Төрөөс газар авчхаад хэсэгчилж, өөр компаниудад зарсан асуудал бий.  29 дүгээр сургууль болон Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийн засварыг энэ онд дуусгана. Зөвшилцөж авсан газар дээр шинээр барих сургууль, цэцэрлэгийн хувьд хоёр жилийн хугацаатай тул 2025 онд ашиглалтад орно. Нийслэлийн төсвөөр метроны зөвлөх үйлчилгээг санхүүжүүлнэ. Тодорхой хэмжээний мөнгөн дүн тавигдаж, өргөн барьсан. Метроны талаар П.Сайнзориг дарга Даваа гарагт дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. 2023 оны төсвийн гүйцэтгэл хэмнэлттэй гарсан учраас метроны төслийг санхүүжүүлэхээр тусгасан юм. Төсвийн тодотголд замын эргэлт, тойргоо сайжруулахын тулд  газар чөлөөлөх мөнгийг нэмсэн. Газар чөлөөлөлтийн тооцоо, судалгаа хийгдсэн. Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтэд өртсөн байшин, барилгыг засварлах хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон. Галд өртсөн байшингийн гадна фасад, шугам сүлжээг засварлах хөрөнгийг тооцоолол хийн гаргаж байна. Энэ талаар УОК нарийвчилсан мэдээлэл өгөх байх. 2024 оны төсөвт үерийн даланг хүчитгэхэд 20 тэрбум орчим төгрөг тусгагдсан. 2023 оны төсвийн тодотголд НОК болон Геодези, усны барилга байгууламжийн газарт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг авах 26 орчим тэрбум төгрөг төсөвлөөд тендер зарласан ч шаардлага хангахгүй компаниуд орж, бүтэлгүйтсэн. Шар усны үерээс сэргийлж, төлөвлөгөө гаргах, хувийн байгууллагуудын машин, механизмыг төсөвлөсөн мөнгөөрөө авахаар болсон. 2024 оны төсөвт нийтийн тээврийн жолооч нарын цалинг нэмэх, машин цагийг өөрчлөх хөрөнгийг тусгасан. Авто баазыг шинэчилж, 600 шинэ автобустай болсон. 1,100 автобусны ихэнх нь шинэчлэгдсэн. Метро, дүүжин тээвэр, тойрог замын төслийн хөрөнгийг 2024 оны нийслэлийн төсөвт тусгасан. Энэ жил метроны төслийг гүйцэтгэх компанийг шалгаруулж, газар шорооны ажлыг эхлүүлэх төсөөлөлтэй байна. Авто замын эргэлтүүдийг сайжруулахын тулд газар чөлөөлөлтөд зориулж, 50 тэрбум төгрөгийг тусгасан. Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн дагуу авто зогсоол барих байршил, автомашины тоог 730,000-аар хязгаарлах, бүрэн бус машинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх журмыг НИТХ-аар баталсан. Энэ хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор 20-30 тэрбум төгрөгийн төсөв тавигдсан. Хөдөө, орон нутгаас Улаанбаатарт ирсэн машин ямар хэмжээний төлбөр төлөх, техникийн үзлэгт ороогүй машинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг хийнэ" хэмээн мэдээллээ. Газар чөлөөлөлтийн явцын тухайд "Дүүрэг болон төслөөсөө хамаараад газар чөлөөлөлтийн явц янз бүр байна. Зарим нь 2019 оноос эхэлсэн төсөл бол зарим нь дөнгөж эхэлж байгаа ажил. Айл өрхүүдтэй үнэлгээн дээр тохирохгүйгээс удах асуудал байгаа" гэв.
Улсын хэмжээнд 50,258 албан тушаалтан ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргажээ
Гэрэл зургийг mpa.mn Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2023 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллалаа. Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд нийт 127 байгууллагын 50,258 мэдүүлэг гаргагч хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргалаа. Мэдүүлэг гаргавал зохих нийтийн албан тушаалтнуудаас нэг хүн буюу АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн нэр бүхий мэдүүлэг гаргагч хуулийн хугацааны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаагүй байна. Мэдүүлэгтэй холбоотой дэлгэрэнгүй тайлан мэдээ нэгтгэх ажил 2024 оны хоёрдугаар сарын 17-ноос гуравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ гэж АТГ-аас мэдээлэв.
Хавдраар өвчилсөн хүүхдүүдэд монгол хэл, математик, англи хэл зэрэг хичээл заах сургалтын танхимтай боллоо
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрөөр Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(ЭХЭМҮТ) НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хавдартай хүүхдүүдэд зориулсан сургалтын танхимтай болж нээлтийг нь хийлээ. Дэлхий нийтээр “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр”-ийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжин төлөвшүүлэх зорилгоор 2002 оноос тэмдэглэж эхэлсэн. Монгол Улс энэ өдрийг 2017 оноос тэмдэглэж байгаа юм. Хавдраар өвчилсөн хүүхдүүдийн эмчилгээний явц удаан байдаг тул хичээлээс завсардах, хоцрогдох, үүнээс үүдэн гадуурхалд өртөх явдал цөөнгүй гардаг тул энэхүү сургалтын танхимыг байгуулж, нийслэлийн Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран хүүхдүүдэд хичээл заахаар болсныг ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч Б.Батдулам хэлж байлаа. Тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр байгуулсан Мэдээлэл, сургалтын танхим ашиглалтад орсноор хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд монгол хэл, математик, англи хэл, дуу хөгжим, дүрслэх урлаг зэрэг хичээлийг заах бөгөөд сургуулийн өмнөх боловсролоос эхлэн ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагч хүртэл сургалтын төвөөр үйлчлүүлэх боломжтойг онцолсон.  Мөн "Хавдрын оноштой хүүхдүүдийн дархлаа сул байдаг учраас халдварт өртөмтгий байдаг тул анги хамт олноосоо заавал тусгаарлагдах шаардлагатай болдог. Тиймээс бид эмчлүүлж буй хүүхдүүдийнхээ боловсролыг тасралтгүй олгох зорилгоор энэхүү ажлыг эхлүүлж байна. Хүүхдүүдэд хичээл заах багш нарыг шинжилгээнд хамруулсан. Энэ нь хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалах нэг арга юм" гэж байв.   ЭМЯ Насан туршийн суралцахуйн төвийн захирал Б.Гэрэлгуа “ЭХЭМҮТ-өөс тавьсан саналыг бид маш дуртайгаар хүлээн авч, хавдар гэх хүнд өвчнөөр өвчилсөн хүүхдүүдэд боловсролыг тасралтгүй олгох зорилгоор байнгын хөтөлбөр гаргаж, долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт сургалт явуулахаар болсон. Манай төвөөс хөгжүүлэх сургалт, ЕБС-ийн хөтөлбөрт тавигдсан сургалтуудыг орохоос гадна өсвөр насны хүүхдүүдэд мэргэжил сонголт, сэтгэл зүйчийн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийнэ. Эмнэлгийн дэргэдэх анхны сургалтын танхим өнөөдөр ашиглалтад орж, хичээлийн жилийн анхныхаа хонхыг цохилоо. Багш нар бид өөрсдөө эрүүл байх ёстой учраас энэ тал дээр мөн анхаарч байна” хэмээлээ. Сургалтын танхимын нээлтийн үеэр уламжлал ёсоор хорт хавдрыг даван туулсан хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” медаль гардуулан баярын хонх цохих ёслол болов.   ЭМЯ Ёслолын арга хэмжээнд ЭХЭМҮТ, “Аргун” ХХК, Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн удирдлага, багш, эмч, мэргэжилтнүүд, хавдрыг даван туулсан болон эмчлүүлж буй хүүхдүүд, тэдний асран хамгаалагч нар оролцлоо гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв.
ФОТО: Боловсрол, шинжлэх ухааны салбарын есөн эрхэмд ГАВЬЯАТ цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр Монгол Улсад Боловсролын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсан түүхт 100 жилийн ойн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж байгаа нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР: Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, академич Дэлэгийн Сангаа Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал Содномсамбуугийн Дэмбэрэл Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Лхасүрэнгийн Жаргалсайхан ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР Боловсрол шинжлэх ухааны яамны ахмад ажилтан, математикийн багш Мижидийн Баасанжав "Орчлон" сургуулийн захирал Дашдэлэгийн Батмөнх Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Санжаагийн Чанцалмаа Боловсрол шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч Ухнаагийн Tуяа Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын ахмад багш Гончигийн Сонин Нийслэлийн Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн захирал Донсолын Бат-Орших ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР: Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Боловсролын ерөнхий газрын дарга Төмөр-Очирын Ням-Очир Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Пүрэвийн Оюунаа Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Бадарчийн Отгонцэцэг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Нямсамбуугийн Нарангэрэл АЛТАНГАДАС ОДОНГООР: Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Доржготовын Баттогтох Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Буянбадрахын Жавзанжаргал Мэргэжлийн болон техникийн боловсролын газрын шинжээч Парчаагийн Жавзмаа Барилгын хяналтын ахлах инженер Лхамсүрэнгийн Лхагвадалай Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Лхамсүрэнгийн Мөнхтуяа Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын шинжээч Батсүхийн Бадамжав Нийслэлийн Боловсролын газрын дарга Болдын Амартүвшин ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР: Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга Баатарын Батгэрэл Ерөнхий боловсролын удирдлага, зохицуулалтын газрын шинжээч Батсуурийн Дуламсүрэн Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Бөхбатын Мэнд-Амар Улсын хяналтын ахлах байцаагч Гантулгын Наранбаатар Сантехникч Банзрагчийн Лувсанжамжц Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. ФОТО:  Гэрэл зургийг БШУЯ-ны цахим хуудаснаас авав.
Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөлд санал авч эхэлжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав УИХ-ын дарга Г.Занданшатар 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн байна.  Хуулийн төслийг d.parliament.mn-д өчигдрөөс байршуулж, иргэдээс санал авч эхэлжээ. УИХ-ын даргын өргөн барьсан хуулийн төсөлд дараах хоёр заалтыг тусгажээ. Үүнд: нэгдүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн “Газрын тухай7,” гэснийг хассугай. хоёрдугаар зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт буюу "газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах" заалтыг хүчингүй болсонд тооцсугай хэмээн дурджээ.  2023 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Засгийн газраас өргөн барьсан "Хөрөнгө оруулалтын тухай" хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх байсан ч ард түмэн эсэргүүцэж байгаа учраас тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлууллаа хэмээн УИХ-ын дарга чуулганы үеэр алх цохиж байсан юм.  Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар тус хуулийн төслийг хэлэлцэхийг эсэргүүцэж УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн билээ.
"Дархан-Уул аймагт ховор амьтан агнах, тээвэрлэх хэрэг өссөн байна"
Гэрэл зургийг mpa.mn "Дархан-Уул аймагт зохих зөвшөөрөлгүйгээр амьтан агнах, тэдгээрийн түүхий эдийг худалдан авах, тээвэрлэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт өсөх хандлагатай байна" хэмээн прокурорын байгууллагаас мэдээллээ. Тодруулбал тус аймгийн прокурорын газраас 2023 онд ховор амьтны гаралтай түүхий эдийг худалдан авсан, тээвэрлэсэн хоёр гэмт хэрэг, гэрээ, зөвшөөрөлгүйгээр болон хориотой үед амьтан агнасан, барьсан 37 зөрчилд хяналт тавьсан бол энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн гэмт хэрэг нэг, гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан зөрчил долоо бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 85 хувиар өсжээ. Энэ онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлөөс дурдвал: Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт 2024 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр нэр бүхий иргэн ховор амьтны төрөл болох улаан номд орсон Тул загас хоёр ширхгийг хууль бусаар агнан, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ан агнах/-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нутгаас Амарын зэвэг, Шивэр хадран, Цулбуурт, Мөнгөлөг хэлтэг, Булуу цагаан, Гутаарь зэрэг загасыг зохих зөвшөөрөлгүй барьж, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэсэн долоон иргэнд зөрчлийн хэрэг нээн холбогдох шалгалтын ажиллагааг тус тус явуулж байна. Иймд иргэд зохих зөвшөөрөлгүйгээр амьтан агнахгүй байх, гарал үүсэл нь тодорхойгүй амьтны гаралтай түүхий эд худалдан авах, тээвэрлэхгүй байхыг анхаарууллаа. ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ 7.6 дугаар зүйл. Амьтны тухай хууль зөрчих 1.Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг: 1.1.ашигласан; 1.2.барьсан; 1.3.агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө,орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛЬ 28 дугаар зүйл. Ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих 28.1.Энэ хуулийн 21.1-д заасан иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас авсан эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болно. 28.2.Ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих эрхийн бичигт иргэний овог, эцгийн нэр, нэр, агнах, барих агнуурын амьтны зүйл, тоо, агнах, барих хугацаа, газар, төлбөр, хураамжийн хэмжээг нарийвчлан заана. 28.3.Ахуйн зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих нэг удаагийн эрхийн бичгийг Монгол Улсын иргэнд дор дурдсан хугацаагаар олгоно: 28.3.1.шувуу, тарвага агнаж, загас барихад гурав хүртэл хоног; 28.3.2.энэ хуулийн 28.3.1-д зааснаас бусад агнуурын амьтан агнах, барихад тав хүртэл хоног. 28.4.Энэ хуулийн 28.3-т заасан иргэнд нэг удаагийн эрхийн бичгээр агнах, барихыг зөвшөөрөх агнуурын амьтны тоо хэмжээ нь туурайтан амьтан нэг, тарвага тав, бусад үслэг ан нэг, хөтүү, ятуу, ногтруу шувуу тус бүр арав, ой, хээр, ус, намгийн бусад агнуурын шувуу тав, бусад агнуурын загас арван ширхгээс илүүгүй байна. 28.5.Монгол Улсад түр буюу байнга оршин суугаа гадаадын иргэн Монгол Улсын иргэний адил хэмжээний төлбөр төлж, ахуйн зориулалтаар зөвхөн загас барьж болно.   Эх сурвалж: УЕПГ
Алексей Навальный нас барсныг Оросын эрх баригчид зарлалаа
Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный нас барсныг түүний хоригдож байсан шоронгийн захиргаа саяхан зарлалаа.  47 настай улстөрч Умард Туйлын цагирагаас хойш 60 гаруй километрийн зайд оршдог Ямало-Ненец автономит тойргийн шоронд 19 жилийн хорих ял эдэлж байсан юм.  Түүнийг "явж байгаад гэнэт ухаан алдаж унасан" гэж Оросын шоронгийн захиргааны мэдэгдэлд өгүүлжээ.  Эмнэлгийн түргэн тусламж цаг тухайд нь үзүүлсэн ч хоригдлын амийг аварч чадаагүй тухай бас тайлбарласан байна.  Алексей Навальный нь Оросын сөрөг хүчний нэр хүндтэй улстөрч байсан бөгөөд ерөнхийлөгч Путинтэй өрсөлдөх гол нэр дэвшигчид тооцогддог байв.    Эх сурвалж: BBC
"Нийт 21.5 тэрбум төгрөгийн дэмжлэгийг аймаг орон нутаг, малчдад олгохоор шийдвэрлэлээ"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өвөлжилтийн хүндрэлтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийв.  Хуралдаанаар:  Тэжээл, импортын гурилын татварыг чөлөөлөх асуудлыг Улсын Их Хуралд өргөн барих  Аймаг, орон нутаг руу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийг явуулахтай холбоотой бензин шатахууны зардал  Сум, багууд руу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх зорилготой ажлын хэсэг ажиллаж байна.  Малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйжүүлэлтэй холбоотой ажлыг зохион байгуулах зардал  Отор нүүдлээр яваа иргэдэд хоол хүнс, эмийн багцыг хүргэх ажил  Зарим сумдад зориулалтын эмнэлгийн автомашиныг нийлүүлэх гэх мэт аймаг орон нутаг, малчдад нийт 21.5 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхээр Засгийн Газрын хуралдаанаас шийдвэрлэсэн байна.  Нийслэлийн хэмжээнд үүсэж болзошгүй шар усны үер, түүнтэй холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр болжээ. ВИДЕО:  https://www.facebook.com/Mongoliagovernment/videos/6880220355420751
“ХААН Банк” ХК ногдол ашиг хуваарилна
Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болох “ХААН Банк” ХК (MSE:KHAN)-ийн цэвэр ашиг 2023 онд 24.5 хувиар өсөж, нийт 558,782,869,011 төгрөг, нийт хөрөнгийн хэмжээ 17.3 их наяд төгрөг, өөрийн хөрөнгийн өгөөж 31.8 хувьд хүрсэн амжилттай ажиллалаа. “ХААН Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны 2-р сарын 15-ны өдөр хуралдаж, банкны 2023 оны цэвэр ашгийн 48.5 хувь буюу 271,015,822,540 (хоёр зуун далан нэгэн тэрбум арван таван сая найман зуун хорин хоёр мянга таван зуун дөч) төгрөгийг нэгж хувьцаанд 141.73 төгрөгөөр тооцож хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэлээ.  Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгох бөгөөд эрх бүхий зохицуулагч байгууллагын зохих зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аар дамжуулан ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дансанд ногдол ашгийг байршуулан тараах болно. Хувьцаа эзэмшигч та өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандаж, ногдол ашгийн талаарх мэдээллийг авна уу. Нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ  141.73 төгрөг Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр Ногдол ашиг төлөх өдөр Монголбанкнаас холбогдох зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Цаг агаарын мэдээг нарийвчилж гаргадаг радарын хоёр төхөөрөмж, станц байгуулахаар болжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Засгийн Газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар цаг уурын урьдчилсан мэдээ, мэдээллийг нарийвчилж гаргадаг радарын системийн өргөтгөлийг хийхтэй холбоотой хоёр тоног төхөөрөмж, станц байгуулах хөрөнгө мөнгийг шийдвэрлэсэн байна. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Г.Оюунжаргал "Радар их бороо, цасыг урьдчилан илрүүлдэг. Гэтэл энэ төхөөрөмж зөвхөн Улаанбаатарт хоёрхон байдаг. Иймд улсынхаа бүх иргэдийг цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлүүлэхийн тулд монгол улсыг хамарсан сүлжээтэй болох шаардлагатай байгаа.  Өнгөрсөн зуны үер ахиад болохгүй гэсэн баталгаа байхгүй" гэв.  Цаг агаар гэнэт дулаарч, хүйтэрч байгаатай холбоотой зургаан аймгийн 23 сум төмөр болон шилэн зудын нөхцөл байдалтай байгаа аж.  Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, зарим газраар 14, 15 хүртэл нэмэх градустай болсон байгаа нь төмөр зудын нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ гэдгийг цаг уурын байгууллагаас мэдээлэв.  Өнөө шөнө Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Булганаар цасаар шуурч төвийн нутаг руугаа орж ирнэ. Маргааш өдөртөө Булганы өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн зүүн болон өмнөд хэсэг, Дундговийн нутаг тэр чигтээ, Дорноговийн хойд, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдах тул эдгээр бүс нутаг руу зорчихгүй байхыг анхаарууллаа.
Навальныйн үхэлд АНУ, Европын Холбоо буруутайг Оросын Думын дарга мэдэгдэв
ОХУ-ын парламентын доод танхим буюу Думын дарга сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн үхэлд АНУ, Европын Холбоо буруутай гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Хойд Туйлын бүсэд оршдог шоронгийн захиргаа хоригдож байсан улстөрчийг нас барсныг зарласнаас хойш хэдэн цагийн дараа Думын дарга Вячеслав Володин “Навальныйн үхэлд Вашингтон, Брюсселийн эрх баригчид буруутай” гэж Телеграм хуудсандаа бичсэн байна. Найрсаг бус харилцаатай орнуудын удирдагчид зэрэг зэрэг Кремлийг буруутгасан ижил агуулгатай мэдэгдэл гаргасан нь үүний илрэл гэж тэр дүгнэжээ. Володин цааш нь бичихдээ “Навальныйн үхэл өнөөдөр хэнд ашигтай вэ?” гэж асуугаад өөрөө хариулсан байна. Түүний бодлоор Украины дайнтай холбогдуулан Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан Өрнөдийн удирдагчид сонгуульд дахин ялах боломжоо өсгөхийн тулд үүнийг зохион байгуулсан гэнэ. “Тэдний нэрийг хэлж болно. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга болон АНУ-ын удирдлагаас эхлээд Германы Шольц, Британийн Сунак, Украины Зеленский нарыг нэрлэж болно. Тэд бүгд Навальныйн үхлийн буруутан. Асар олон алдаатай шийдвэр гаргаж, албан тушаалтайгаа зууралдаж буй тэдэнд энэ үхэл ашигтай” гэж Володин мэдэгджээ. Навальный нь Ямало Ненецийн автономит тойргийн нутагт, Умард Туйлын цагирагаас хойш 60 гаруй километр зайтай оршдог шоронд 19 жилийн хорих ял эдэлж байсан юм. Тэрбээр Москва хотын ойролцоох шоронд хоригдож байгаад хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө Оросын хорих газруудаас хамгийн хүнд хэцүү нөхцөлтэй гэгддэг энэхүү шоронд шилжиж байжээ.   Эх сурвалж: The Moscow Times
Жо Байден сөрөг хүчний улстөрч Навальныйн үхэлд Путинийг буруутгав
Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный өчигдөр 47 насандаа шоронд нас барсныг тус улсын эрх баригчид зарласан билээ. Үүнээс хойш хэдхэн цагийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден улстөрчийн үхэлд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг буруутгажээ. Өчигдөр Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ Байден “Яг юу болсон талаар бид мэдэхгүй байгаа ч Навальныйн үхэл бол Путин болон түүний дээрэмчдийн хийсэн зүйлийн үр дагавар болох нь эргэлзээгүй” гэж хэлсэн байна. “Оросын эрх баригчид үйл явдлыг өөрийнхөөрөө тайлбарлана. Гэхдээ нэг зүйлийг үгүйсгэж болохгүй. Навальныйн үхэлд Путин буруутай” гэж тэр нэмж хэлжээ. Байден бас энэ үйл явдлын дараа Оросын эрх баригчдыг шийтгэх нэмэлт арга хэмжээг төлөвлөж байгаагаа мэдэгдээд Путиний дэглэмийн “авлига”, “хүчирхийлэл”-ийг зоригтойгоор сөрж тэмцсэн талийгаачид хүндэтгэл үзүүлсэн байна. “Бид ямар арга хэмжээ авч болох талаар судалж байна. Олон тооны хувилбар арга хэмжээнүүдийг судалж байгаа. Яг одоо хэлж чадах зүйл энэ байна” гэж Байден сэтгүүлчдэд мэдээлжээ. Одоо АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимд Украин, Израиль зэрэг холбоотнуудад үзүүлэх $95 тэрбумын тусламжийн тухай хууль батлагдахаар хүлээгдэж байгаа. Навальныйг нас барсны дараа төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон “АНУ болон түүний холбоотнууд Путиний Украинд явуулж буй дайн болон Балтийн орнуудын эсрэг түрэмгийллийг санхүүжүүлэх боломжийг таслан зогсоохын тулд боломжтой бүх арга хэрэгслийг ашиглах ёстой” гэж мэдэгджээ. Байден “Төлөөлөгчдийн танхимыг түүх харж байна. Энэ эгзэгтэй цаг мөчид Украины дэмжлэгийг зогсоовол түүх хэзээ ч мартахгүй” гэж анхааруулсан байна. Өнөөдөр Германы Мюнхенд эхлэх олон улсын аюулгүй байдлын чуулганд АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харис оролцож байгаа. Энэ үеэр тэр Навальныйн эхнэр Юлиятай уулзаж, эмгэнэл илэрхийлэхээр төлөвлөснийг Цагаан ордон мэдээлжээ.   Эх сурвалж: Reuters
Нийт 3,200 тасалбар хоёр цагийн дотор дуусаж рекорд тогтоов
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA)-ноос зохион байгуулдаг 2025 оны Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатанд Монголын эрэгтэй шигшээ баг өрсөлдөх юм. Олон улсын тэмцээний хуваарь таарсан тул Дээд лиг энэ сарын 28-ныг дуустал түр завсарласан. Тамирчид бэлтгэлдээ гарсныг бид мэдээлсэн билээ.  Манай шигшээ баг энэ сарын 22-нд БНХАУ-ын багтай талбайд нь тоглох бол 25-нд Гуамын багийг гэртээ хүлээн авахаар товлогдсон билээ. Тодруулбал 25-ны 15:00 цагаас UG Arena спорт ордонд тоглоно.   Эх сурвалж: Shoppy.mn Тус тоглолтын тасалбарыг shoppy.mn сайтаар дамжуулан борлуулсан бөгөөд суудлаасаа хамаарч 59,000 - 400,000 мянган төгрөгийн үнэтэй байв. Нийт 3,200 үзэгч хүлээн авах боломжтой тус тоглолтын тасалбар борлуулалтад гарснаасаа хойш 80 минутад дуусаж Монголын спортын түүхэнд урьд үзэгдээгүй рекорд тогтоолоо.
1,072 хувьцаатай иргэн бүрд 2023 оны ногдол ашиг ₮256,000-ыг дөрөвдүгээр сард олгох шийдвэр гарчээ
Гэрэл зургийг mpa.mn "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл/ТУЗ/ өнөөдөр хуралдаж, компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ. Ингэснээр 1,072 хувьцаатай Монгол Улсын иргэн бүр 285 мянга буюу татвар суутгагдаад 256,000 төгрөгийн ногдол ашиг хүртэхээр боллоо. Ногдол ашгийг санхүүгийн тайланд аудит хийсний дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сард олгохоор болсныг тус компаниас мэдээлэв. 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр "Эрдэнэс Тавантолгой" ХК 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Өнгөрсөн онд тус компани 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 104,000 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан билээ.
Ким Хён Жун: Монголд чоно барьдаг нохой байдаг гэж сонссон. Боломж гарвал очиж үзнэ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэгээн хайрын баярын өдөрт зориулж БНСУ-ын алдарт дуучин жүжигчин Ким Хён Жун болон дуучин MC SNIPER, BLOO нарын хамтарсан "Your Valentine" тоглолт энэ сарын 17-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Энэхүү тоглолт нь Монгол, Солонгосын соёлын харилцааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монголоос Чойжоо, Вандебо, Magnetbrain нар оролцоно. Тус тоглолтын ерөнхий зохион байгуулагч "Evandis entertainment"-ын хийж буй анхны урлагийн тоглолт нь юм. Тус байгууллага цаашид жил бүр уламжлал болгож өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор урлаг соёлын оддыг эх орондоо авчрахаар төлөвлөж байгаа аж.    Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Энэ талаар "Evandis Entertainment"-ын захирал Жон Ко "Монголд амьдардаг солонгос хүний хувьд улсынхаа уран бүтээлчдийг энд авчрах боломж гарсанд сэтгэгдэл их өндөр байна. Уран бүтээлчдийг Монголд урих хэцүү даалгавар байсан ч ингээд биеллээ олж байгаад баяртай байна. Монгол, Солонгосын соёлын хүрээнд хийж буй анхны тоглолт учраас амжилттай болбол цаашид өөр уран бүтээлчдийг ч авчрах боломжтой. Урлагаар дамжуулж хоёр орны иргэд бие биеэ илүү сайн ойлгож мэдрэмжээ хуваалцах боломж гарна гэж найдаж байна. Одоогоор 5,000 тасалбар борлуулсан" гэж ярилаа.   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Монголд анх удаа ирсэн сэтгэгдлээ нэрт жүжигчин Ким Хён Жун "Монголд ирээд хоёр дахь өдрөө өнгөрүүлж байна. Их хүйтэн гэж сонссон ч даарсан мэдрэмж авсангүй.  Өмнө нь Монголын талаар огт мэддэггүй байсан. Өнгөрсөн жилээс нөлөө бүхий хүмүүс аялсан нэвтрүүлэг, контентыг үзээд мэдээлэлтэй болж эхэлсэн. Тиймээс үзэсгэлэнтэй байгальтай, хөдөө тал газар зонхилсон газар гэж төсөөлсөн ч Улаанбаатар хотод ирээд бодол маань өөрчлөгдлөө. Аялал жуулчлалын сайд намайг хүлээн авч уулзсанд их талархлаа.  Энэ тоглолтод оролцож монгол хамтлаг дуучидтай нэг тайзан дээр гарах болсондоо сэтгэгдэл өндөр байна. Гадаадад тоглолт хийх тэр тусмаа өөр уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийнэ гэдэг амаргүй даваа. Ийм боломжийг гаргаж өгсөн бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлье.   Монголд ирэхээсээ өмнө чоно барьдаг том нохой байдаг гэж сонссон. Боломж гарвал чоно барьдаг нохой ямар байдгийг харах хүсэлтэй байна" гэсэн юм.   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Рэппэр MC Sniper Монголд ирсэн сэтгэгдлийнхээ талаар "Өмнө нь аялсан солонгос хүмүүсийн видеог үзээд Монголд гэр бүлээрээ аялах бодол төрсөн. Тиймээс энд ирж тоглох болсондоо таатай байна. Боломж гарвал ирэх долдугаар сард гэр бүлийнхээ хамтаар аялахаар төлөвлөж байгаа" гэж онцоллоо. Гэгээн хайрын баярын өдөрт зориулсан тоглолт учраас уран бүтээлчид хайрын сэдэвтэй дуугаар ая барина гэж зохион байгуулагчид дурдсан юм. Тус тоглолт маргааш 18:00 цагаас эхлэх бөгөөд ойролцоогоор дөрвөн цаг орчим үргэлжлэхээр төлөвлөжээ. Тиймээс ирэх үзэгчдийг түгжрэлээ тооцоолоод эрт ирж суудлаа эзлэхийг зохион байгуулагчдын зүгээс хүслээ.    Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Супер Боулын баярын үеэр гарсан аллагын хохирогчийн ар гэрт Тэйлор Свифт $100,000-ыг хандивлав
"Super Bowl"-ын үеэр Тэйлор Свифт найз залуу Трэвис Кэлсигийн хамт Ням гарагт Америк хөлбөмбөгийн үндэсний лигийн 58 дахь удаагийн “Super Bowl” шигшээ тоглолтод “Kansas City Chiefs” баг “San Francisco 49ers” багийг хожиж, энэ жилийн аварга болсон билээ. Лхагва гарагт Миссури мужийн Канзас Сити хотод багийнхаа ялалтыг тэмдэглэх олон нийтийн баярын арга хэмжээ болох үеэр галт зэвсэг хэрэглэсэн аллага гарсан юм. Үүний улмаас нэг хүн алагдаж, 21 хүн шархдаад байгаа. “Kansas City Chiefs” багт найз залуу Трэвис Кэлси нь тоглодог поп од Тэйлор Свифт амиа алдсан хохирогчийн ар гэрт $100,000 хандивлаж байгаагаа өчигдөр зарлажээ. Хохирогч Лиза Лопез-Галван нь нөхөр, хоёр хүүхэдтэй эмэгтэй байсан юм. Шархадсан хүмүүсийн ихэнх нь 16 хүртэл насныхан байжээ. Аллага ямар нэг террорист байгууллагатай холбоогүй, баярын арга хэмжээний эсрэг чиглээгүй, цөөн хэдэн хүний хувийн маргаанаас үүдэлтэй байсныг Канзас Сити хотын цагдаагийн газар мэдэгдсэн байна. Уг хэрэгтэй холбогдуулан гурван хүнийг баривчилжээ. Америкийн поп од Тэйлор Свифт сүүлийн жилүүдэд их хэмжээний мөнгийг янз бүрийн буяны үйлсэд хандивлаад байгаа. Тухайлбал тэр 2020 онд хар салхины гамшигт өртсөн өөрийн төрөлх Нэшвил хотын сэргээн босголтод $1 саяыг хандивлаж байжээ. Өнгөрсөн оны наймдугаар сард тэр АНУ даяар зохион байгуулсан Eras Tour аялан тоглолтод нь оролцсон ачааны автомашины жолооч нарыг нийт $5 саяар урамшуулсан юм. Одоо Свифтийн хилийн чанад дахь аялан тоглолт Австралид  үргэлжилж байна.   Эх сурвалж: Reuters
Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаар тогтов
Эх сурвалж: Гадаад харилцааны яам Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь бага хуралд оролцох үеэрээ БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлаа. Уулзалтын үеэр талууд энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, хоёр улсын харилцаа Иж бүрэн стратегийн түвшинд хүрсний 10 жилийн ой тус тус тохиож байгааг онцлон тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нийгмийн бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа нотлов. Үүнээс гадна хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ялангуяа үүнийг нөхцөлдүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаар тогтсон юм.   Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутаг руу зайлшгүй явах шаардлага гарвал баталгаат тээврийн хэрэгслээр явахыг санууллаа
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Энэ амралтын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар эрс тэс уур амьсгалтай байх талаар албаныхан сануулсан билээ. Тиймээс орон нутаг руу явах зайлшгүй шаардлага гарвал баталгаат тээврийн хэрэгсэл сонгож явахыг Авто Тээврийн Үндэсний Төвөөс анхаарууллаа. Одоогоор Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Архангай, Төв, Дархан, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаар цас орж буй юм. Түүнчлэн Дархан, Орхон, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгийн зарим газарт цасаар шуурч байна. Хэдийгээр цаг агаар тогтворгүй байгаа ч орон нутгийн нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу ажиллаж байгааг Авто Тээврийн Үндэсний Төвийн лавлахаас тодрууллаа. Өнөөдөр буюу 17-ны 10:00 цагийн байдлаар нийт 40 чиглэлд 68 тээврийн хэрэгслээр 2,040 зорчигч замд гарсан байна.    Эх сурвалж: Авто Тээврийн Үндэсний Төв
Т.Баярхүү: Өнөө шөнө төвийн нутгаар цасан шуурга аюултай хэмжээнд хүрч, зам, даваа дахин хаагдахаар байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Орон нутагт малын хорогдол нэмэгдсэн болон зам даваа хаагдсан талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ долоо хоногийн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд УОК-оос малын хорогдлын тоог 508,000 гэж танилцуулж байсан бол өчигдөр буюу Пүрэв гарагт 608,000 болж нэмэгджээ. Өчигдрөөс эхлэн баруун аймгуудын нутгаар цаг агаарын байдал хүндэрч, олон улсын чанартай болон орон нутгийн зам, даваа хаагдаж байна. Өнөөдрийн байдлаар Ховд аймгаас Булган, улсын хил чиглэлийн, Баян-Өлгий аймгийн Цагааннуур, улсын хил чиглэлийн Зээгтийн давааны замууд хаагдсан. ЗТХЯ болон зам ашиглалтыг хариуцсан АЗЗА компаниуд зам гаргах ажлыг зохион байгуулж байна. Өнөө шөнөөс төвийн нутгаар их хэмжээний цас орох, аюулт үзэгдлийн хэмжээнд хүрч цасаар шуурах төлөвтэй байгаа тул одоо нээсэн зам, даваа дахин хаагдахаар байна. Цасан шуурганы араас зам, давааг нээх, айл өрхүүд рүү зам гаргах, өвс тэжээл хүргэх УОК-ын ажлын хэсэг, шуурхай бүлгүүд нэн даруй гаргана" гэв. Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Г.Оюунжаргал "Өнөө шөнө Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Булганаар цасаар шуурч төвийн нутаг руугаа орж ирнэ. Маргааш өдөртөө Булганы өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн зүүн болон өмнөд хэсэг, Дундговийн нутаг тэр чигтээ, Дорноговийн хойд, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдах тул эдгээр бүс нутаг руу зорчихгүй байх"-ыг анхаарууллаа.  БХЯ-наас мэдээлснээр Зэвсэгт хүчний алба хаагчид Дорнод, Төв, Баян-Өлгий аймгийн нутагт цасанд боогдсон малчдад өвс тэжээл хүргэх, цасанд боогдсон зам давааг нээх, орон нутгийн замын аюулгүй байдлыг хангах, тээвэрчдэд дэмжлэг үзүүлэх үүргийг гүйцэтгэж байгаа аж. ВИДЕО:  https://www.facebook.com/Mongoliagovernment/videos/6880220355420751
Б.Ууганбаяр: Улаанбаатар хотоос Эмээлт болон Чойр чиглэлийн замын хөдөлгөөнийг хаалаа
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Улсын Онцгой Байдлын шуурхай штабын дарга, генерал Б.Ууганбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр "Сүүлийн 24 цагийн байдлаар баруун талаас маш хүчтэй агаарын урсгал орж ирсэн. Үүний улмаас баруун бүс нутгийн аймгуудад цас орсон, шуургатай байлаа. Үүний улмаас Онцгой байдлын газарт цасанд суусан гэх 16 дуудлага ирсэн. Дуудлагын дагуу нийлбэрээр 66 тээврийн хэрэгсэлд сууж явсан 366 зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажилласан. Одоогоор Говь-Алтай аймгийн Цогц сум, Завхан аймгийн Отгон сум, Архангай аймгийн Их-Тамир суманд цасанд суусан гэх дуудлагын дагуу манай алба хаагчид ажиллаж байна. Гэхдээ цаг үеийн байдал огцом өөрчлөгдөж байна. Хэдийгээр Ховд аймгийн гурван суманд иргэдийг аврах ажиллагаа зохион байгуулсан боловч дахин өөр иргэдээс дуудлага ирсэн. Мөн найман иргэн ор сураггүй алга болсон гэх дуудлага манай албанд ирж эдгээр иргэнийг аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн шуурганы улмаас Ховд, Говь-Алтайд айлын гэр нурсан, байшингийн дээвэр хууларсан болон долоон автомашины шил хагарсан гэх дуудлага ирсэн. Ховд аймгийн урд чиглэлд хилийн зурвас дагуу их хэмжээний цас орсноос нэг бус айл цасанд дарагдсан байдалтай байгаа тул хилийн цэргийн штабаас техник хэрэгсэл ашиглана тэдгээр иргэдийг аврах ажиллагааг зохион байгуулж байна.  Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд цасан нурангид дарагдсан нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа ид өрнөж буй. Цаг агаарын тогтворгүй байдалтай холбогдуулан Зам Тээврийн сайдын тушаалаар баруун тийш явах авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Тодруулбал Улаанбаатар хотоос Эмээлт чиглэл болон Чойр чиглэлд хязгаарласан.  Одоогоор Дархан болон Хэнтий аймгийн чиглэлд авто замын хөдөлгөөн хэвийн явж байгаа. Гэхдээ өнөөдөр Төвийн аймгуудыг дайрсан цасан болон шороон шуургатай байх тул онцын шаардлагагүй бол орон нутгийн замд явахгүй байхыг зөвлөе" гэж ярилаа.
Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олжээ
ОБЕГ Онцгой байдлын байгууллагад энэ сарын 16-нд Ховд аймгийн Мөст, Булган Үенч, Алтай, Завхан аймгийн Яруу суманд нийт есөн удаагийн төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн 14 иргэнийг мэнд олж, Ховд аймгийн Алтай суманд нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Мөн нийслэл, Говь-Алтай аймгийн Цогт, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Сүхбаатар аймгийн Асгат, Түмэнцогт, Эрдэнэцагаан, Өмнөговь аймгийн Ханхонгор, Увс аймгийн Тариалан, Дундговь аймгийн Хулд, Өвөрхангай аймгийн Хужирт, Ховд аймгийн Алтай, Булган, Завхан аймгийн Отгон, Яруу, Архангай аймгийн Ихтамир суманд нийт 15 удаагийн цасанд суусан дуудлагаар Онцгой байдлын байгууллага болон орон нутгийн захиргааны байгууллагын ажилтан, алба хаагчид ажиллаж, 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангаж, 47 автомашиныг татан гаргалаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээллээ.
Халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлэн 173 тонн бодис, 98 тонн давс цацав
Нийслэл хотод энэ сарын 17 буюу өнөөдөр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 24 байгууллагын 620 ажилтан албан хаагчид авто замын халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн 123 тусгай зориулалтын машин, техникээр хусалт хийжээ. Мөн урьдчилан сэргийлэн 173.5 тонн тусгай зориулалтын бодис, 98.5 тонн давс цацсан аж.  Энэ амралтын өдрүүдэд нийт нутгаар эрс хүйтрэх төлөвтэй байгааг албаныхан анхааруулж байгаа билээ.  Цас дагтаршиж халтиргаа үүсэхээс өмнө орчны 50 метрийн талбайгаа цэвэрлэхийг байгууллага аж ахуйн нэгж, иргэддээ уриалж байна. Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба
Өлзийт болон Эмээлтийн товчоогоор тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ
Цаг агаар, авто замын нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотоос урагшаа чиглэлд Өлзийт, баруун чиглэлд Эмээлтийн товчоогоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр/2024.02.17/ 13:30 цагаас хязгаарлажээ. Хязгаарлалт 15:30 цаг хүртэл үргэлжилнэ хэмээн УОК-оос мэдээллээ. Дийлэнх чиглэлд тэнгэр бүрхэг, цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул авто замын хөдөлгөөнд оролцогч жолооч, тээвэрлэгчид анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Энэ онд багтаан Монгол, АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахаар тогтлоо
Эх сурвалж: Гадаад харилцааны яам Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь удаагийн бага хуралд оролцож байна.  Анхдугаар бага хурлыг 60 жилийн өмнө буюу 1963 онд зохион байгуулснаас хойш оролцогчдын тоо жил бүр өсөж олон улсын аюулгүй байдлын бодлогын талаар хэлэлцдэг дэлхийд тэргүүлэх чуулган болж өргөжсөн юм.  Энэ хурлын үеэр сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзжээ.  Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнгээр хоёр улсын харилцааг “Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-д хүргэн, бэхжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа нотлов.  Талууд цаашид хоёр улсын хооронд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, энэ ондоо багтаан Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахаар тогтлоо. Америкийн тал өнгөрсөн хугацаанд Энх тайвны корпусын хүрээнд хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд англи хэл заах хөтөлбөр, түүний үйл ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн талууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг онцолж, энэ онд мөн харилцан айлчлалын давтамжийг хадгалан ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.   Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам
ЗАМУУДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ: Улаанбаатар - Өндөрхаан чиглэлийн авто зам дагуу хүчтэй цасан шуургатай байна
Улс болон олон улсын чанартай авто замуудын энэ сарын 17-ны буюу өнөөдрийн 12:00 цагийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.  Тодруулбал Улаанбаатар - Өндөрхаан чиглэлийн авто замд цас хусах ажлыг Шуурхай ажлын хэсэг гүйцэтгэж байна. Тус чиглэлд цас ихээр орж шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан. Цаашид нөхцөл байдал хүндрэх төлөвтэй тул жолооч тээвэрчид зорчихгүй байхыг анхаарууллаа. https://www.facebook.com/ZTKHT/videos/202166062958677 А1001 дугаартай ДАРХАН -ЭРДЭНЭТ чиглэлд шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Энэ чиглэлд автомашины хөдөлгөөн хэвийн үргэлжилж зарим газар тогтсон цасыг хусаж цэвэрлэх ажил тогтмол хийж буй юм. А0402 дугаартай ДАРХАН - СҮХБААТАР чиглэлд цасан шуургатай, зам даваа саадгүй хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. А0603 дугаартай ЦЭЦЭРЛЭГ - ТОСОНЦЭНГЭЛ чиглэл А0602 ХАРХОРИН - ЦЭЦЭРЛЭГ чиглэлийн улсын чанартай авто замын үзлэг хийгдэж байна. Тэнгэр бүрхэг цас үргэжлэн орсоор байна. А0202 дугаартай МАНДАЛГОВЬ - ДАЛАНЗАДГАД чиглэлийн авто 151-166км хооронд үүссэн цас мөсийг цэвэрлэж байна. А18 дугаартай НӨМРӨГ-СОНГИНО - НАРАНБУЛАГ чиглэлийн 530+200, 514+515км авто замын зорчих хэсэгт шуурч хунгарласан цасыг ковшоор цэвэрлэх, А0603 дугаартай ЦЭЦЭРЛЭГ - ТОСОНЦЭНГЭЛ - НӨМРӨГ чиглэлийн 361+200-361+300км авто замын зорчих хэсэгт шуурч хунгарласан цасыг автогрейдерээр хусах зэрэг ажлууд хийгдэж байна. Дийлэнх чиглэлд тэнгэр бүрхэг, цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул авто замын хөдөлгөөнд оролцогч жолооч, тээвэрлэгчид анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Онцын шаардлагагүй бол холын замд гаралгүй цаг агаарын нөхцөл байдлын мэдээ мэдээллийг тогтмол авч замын хөдөлгөөнд оролцоно уу.
Дэлхийн рекорд эзэмшигч Кэлвин Киптумын оршуулга энэ сарын 24-нд болно
Эх сурвалж: Inside The Games Автомашины ослоор амь насаа алдсан Кенийн нэрт гүйгч, марафон гүйлтийн дэлхийн рекорд эзэмшдэг Кэлвин Киптумтай энэ сарын 24-нд салах ёс гүйцэтгэхээр товложээ. Талийгаачийг төрсөн нутаг болох Кенийн Элдорет хотын ойролцоох Чепсамо тосгонд оршуулахаар болжээ. Оршуулгыг Кенийн Засгийн Газраас зохион байгуулах юм. Тиймээс талийгаачийн ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний үндсэн дээр энэ сарын 24-нд буюу дараа долоо хоногийн бямба гарагт хийхээр шийдвэрлэсэн гэдгийг тус улсын хөнгөн атлетикийн холбооны гишүүн Барнабас Корир сэтгүүлчдэд ярилаа. Түүний оршуулгын бүх зардлыг Кенийн Засгийн газраас гаргахаар болсон. Энэ талаар хэвлэлийнхэнд өгсөн албан ёсны мэдээлэлдээ "Марафоны дэлхийн рекорд эзэмшигч, Кенийн ард түмний үндэсний баатар, бахархал болсон түүнийг хүндэтгэж гэр бүлийнхэнд нь туслах үүднээс оршуулгын бүх зардлыг гаргана" гэсэн юм. К.Киптум нас барахаасаа дөрвөн сарын өмнө буюу өнгөрсөн оны аравдугаар сард болсон Чикагогийн марафонд гол өрсөлдөгч бас нутаг нэгт Элиод Кипчогэгийн өмнөх рекордыг 34 секундээр шинэчилсэн билээ.  Тэрбээр марафоны түүхэнд хоёр цагт замаа дуусгасан анхны гүйгч болох зорилготой бэлтгэлээ базааж байсан билээ. Түүний оршуулгатай холбоотойгоор Кенийн хөнгөн атлетикийн холбоо Африкийн наадамд оролцох багийн сонгон шалгаруулалтаа түр хугацаанд зогсоож тодорхойгүй хугацаагаар хойшлуулах болсноо мэдэгджээ.   Эх сурвалж: Inside The Games
Алексей Навальныйг дэмжигч нэрт гэрэл зурагчин Дмитрий Марков өөд болжээ
Эх сурвалж: PLN ОХУ-ын нэрт гэрэл зурагчин Дмитрий Марков Псков хот дахь гэртээ нас барсан байдалтай олдсоныг түүний найзууд нь телеграм хуудсанд мэдээллээ. Одоогоор түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байна. Д.Марков Оросын нөлөө бүхий гэрэл зурагчдын нэг. Тэрбээр 2007 он хүртэл Москвад байрлалтай "Аргументы Ифакты" сонинд сэтгүүлч, гэрэл зурагчнаар давхар ажиллаж байгаад 2016 онд iphone 7 гар утасны сурталчилгаанд зориулсан гэрэл зургийн уралдаанд Оросоос оролцсон анхны төлөөлөгч болсон билээ. Сүүлийн жилүүдэд чөлөөт уран бүтээлчээр ажиллаж хар тамхи, архинд донтсон өсвөр насны хүүхдүүдэд туслах арга хэмжээ авч байсан юм. Д.Марковын хамгийн алдартай бүтээл нь Алексей Навальныйгийн анхны шүүх хурал дээр авсан дээрх гэрэл зураг юм. Хожим нийгмийн сүлжээнд В.Путины дэглэмийг гэрэл зургаар харуулсан гэж алдаршсан уг бүтээл дуудлага худалдаагаар хоёр сая рублийн үнэ хүрсэн билээ. Сөрөг хүчний лидер Алексей Навальныйг дэмждэг гэдгээ нуудаггүй байсан Д.Марковыг нэрт улс төрчийн үхэлтэй зэрэгцэн амь насаа алдсанд харамсаж байгаагаа найзууд нь илэрхийлжээ.   Эх сурвалж: Радио Свободо
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нийслэлээс гарах бүх чиглэлийн хөдөлгөөнийг маргаашийн 11:00 цаг хүртэл ХААЛАА
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хүчтэй цасан шуурганы аюулт үзэгдлийн улмаас авто зам, замын байгууламж цасанд боогдож, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул: А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан А2001 дугаартай Өндөрхаан-Баруун-Урт Чиглэлийн авто зам, замын байгууламжийг энэ сарын 17-ны өдрийн 18:00 цагаас 18-ны өдрийн 11:00 цаг хүртэл хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо. Мөн Сүхбаатар, Өмнөговь аймаг орох, гарах хөдөлгөөнөө түр хязгаарласан байна. Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
ФОТО: "No War" хөдөлгөөний залуус Алексей Навальныйгийн гэгээн дурсгалд зориулж зул өргөлөө
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный нас барсныг түүний хоригдож байсан шоронгийн захиргаа зарласан билээ. Энэ үйл явдалтайгаар холбогдуулан "No War" хөдөлгөөний залуус ОХУ-ын элчин сайдын яамны гадаа зул өргөлөө. Тэд маргааш Гандантэгчэнлин хийдэд мөн зул өргөхөөр төлөвлөсөн юм.
“Цэргүүдийнхээ амь насыг хамгаалах” зорилгоор Авдеевка хотыг орхиж байгааг Украины арми зарлав
Өчигдөр буюу Бямба гарагт дорнод фронтын Авдеевка хотоос цэргээ татаж байгааг Украины армийн командлагч зарлажээ. Украины армийн ерөнхий командлагч Олександр Сирський үүнийг цэргүүдээ бүслэгдэхээс сэргийлэх, амь насыг нь хамгаалах зорилготой тактикийн арга хэмжээ гэж тайлбарласан байна. Мөн цэргүүд нь илүү дээр байрлалд шилжиж байгааг мэдэгдэлдээ дурджээ. “Манай цэргүүд үүргээ нэр төртэй биелүүлж, Оросын шилдэг анги нэгтгэлүүдийг устгахын тулд чадах бүхнээ хийж, дайсанд хүн хүч, техник хэрэгслийн ихээхэн хохирол учруулсан. Бид нөхцөл байдлыг тогтворжуулж, байр сууриа хадгалах арга хэмжээ авч байна” гэж Сирський сошиал хуудсаараа мэдээлсэн юм. Өчигдөр Германы Мюнхен хотод олон улсын аюулгүй байдлын бага хуралд оролцсон Украины ерөнхийлөгч Володимир Зеленский үүнийг зэр зэвсгийн “зохиомол” хомсдолтой холбоотой ухралт гэж тайлбарлаад холбоотнуудад тусламжаа үргэлжлүүлэхийг уриалжээ. АНУ-ын Конгресс ээлжит зэр зэвсгийн тусламжийг шийдвэрлэлгүй хэдэн сарын турш саатуулаад байгаа. “Харамсалтай нь Украиныг зэвсгийн зохиомол хомсдолд, ялангуяа их бууны болон алсын тусгалын сумны хомсдолд оруулах нь Путинд дайны өнөөгийн эрчтэй дасан зохицох боломж олгож байна. Цаг хугацаа өнгөрөх тусам ардчилал өөрөө суларч байгаа нь бидний хамтын ажиллагааг алдагдуулж байна. Дайн хэзээ дуусахыг Украинаас бүү асуу. Харин Путин яагаад дайныг үргэлжлүүлж чадаж байна вэ гэж өөрсдөөсөө асуугаарай!” гэж Зеленский мэдэгджээ. Авдеевкаг орхих шийдвэрийг дөнгөж өнгөрсөн долоо хоногт Украины армийн ерөнхий командлагчаар томилогдсон генерал Сирський гаргаж байна. Өмнө нь тэр хуурай замын хүчний командлагч байхдаа Бахмутын төлөө тулааныг есөн сарын турш үргэлжлүүлсэн шалтгаанаар шүүмжлүүлж байжээ. Уг тулаан Украины дайны хамгийн удаан үргэлжилсэн, хамгийн их цус урсгасан тулаан байсан юм. Украины цэргүүд сүүлийн дөрвөн сарын турш өөрөөсөө давуу хүчтэй Оросын армитай Авдеевкад гудамжны тулаан явуулсан. Талуудын хүн хүчний харьцаа 7:1 байсныг Украины армийн гуравдугаар дайралтын бригадын хэвлэлийн төлөөлөгч Олександр Бородин өмнө нь мэдэгдэж байв. Оросын нисэх онгоцнууд сүүлийн өдрүүдэд Авдеевкад өдөр бүр 60 бөмбөг хаяж, их буугаар зай завсаргүй галлаж байгаа. 24 цагийн дотор Оросын арми Авдеевкад 33 удаагийн довтолгоо зохион байгуулсныг Баасан гарагт Украины зэвсэгт хүчний жанжин штаб мэдээлсэн байна. Балгас болсон Авдеевка хот Донецк мужийн төв Донецк хотын хойд хэсэгт оршдог. Энэ хотыг эзэлснээр Оросын армид бүрэн хяналтдаа оруулаагүй байгаа Донецк мужийн бусад хэсэгт довтлох зам нээгдэх юм. Дайны өмнө Авдеевка 31,000 орчим оршин суугчтай байсан бол одоо 1,000 хүрэхгүй хүн үлдсэн гэдэг. Вашингтонд төвтэй ISW (The Institute for the Study of War) судалгааны хүрээлэн Авдеевкаг эзлэх нь Кремлийн эрх баригчдын хувьд бэлгэдлийн ялалт болох бөгөөд 1,500 км үргэлжилсэн фронтын шугамд төдийлөн нөлөөлөхгүй гэж дүгнэжээ. “Оросууд Авдеевкаг эзлэх нь дайны үйл ажиллагааны хувьд чухал биш, Кремльд зөвхөн мэдээлэл, улс төрийн давуу тал үүсгэнэ. Оросын зэвсэгт хүчин Авдеевкаг эзэлсэн тохиолдолд дайны ерөнхий үйл ажиллагааны хувьд чухал ахиц дэвшил гарах магадлал маш бага, тактикийн хязгаарлагдмал давуу тал олох нөхцөл бүрдэх юм” гэж тус байгууллага Пүрэв гарагт мэдэгдсэн байна.   Эх сурвалж: Associated Press
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт цасны нурангид дарагдсан иргэний цогцсыг олжээ
Гэрэл зургийг mpa.mn Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд энэ сарын 12-нд уулын цасны нурангид дарагдсан иргэний цогцсыг нуранги үүссэн газраас 300 метрийн зайд дөрвөн метрийн гүнээс өнөөдөр буюу 17-ны 16:05 цагт олджээ. Эрлийн ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азатаар ахлуулсан Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Хилийн 0165 дугаар ангийн 0135 дугаар салбар, Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги, аймгийн Цагдаагийн газрын нийт 70 орчим алба хаагч, гурван эрэлч нохой, 10 орчим тусгай зориулалтын автомашин ашиглаж оролцсон юм. Мөн Ховд аймгийн Алтай, Булган, Үенч, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Баян-Өлгий аймгийн Булган суманд сураггүй болсон долоон дуудлага бүртгэгдсэн. Алба хаагчид Ховд аймгийн Алтай суманд өчигдөр буюу 16-нд сураггүй болсон нэг иргэн болон Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо. Бусад таван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газараас мэдээллээ.
Цас зудын бэрхшээл тулгарсан малчдад туслах “Хандивын барилдаан”-ыг гуравдугаар сарын 1-нд зохион байгуулна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Цас зудын бэрхшээл тулгарсан малчдадаа туслах “Хандивын барилдаан”-ыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гуравдугаар сарын 1-ний 15:00 цагт Бөхийн өргөөнд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Барилдааны бүх орлогыг Улсын Онцгой Комисст хүлээлгэн өгөх бөгөөд нутаг орныхоо нэр алдрыг дуурсгаж байгаа хүчит бөхчүүд маань өөрийн төрөлх сум орон нутгийнхаа малчдад туслах хандивын үйл ажиллагааг зохион байгуулж оролцоно. Уг барилдааны үзэгчдээс автомашины азтан нэг, бүтэн жилийн хугацаанд бөхийн барилдаан үзэх эрхийн бичгийн азтан гурвыг тус тус тодруулна.   Эх сурвалж: Үндэсний Бөхийн Холбоо
Нийт нутгаар цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна
Авто замын арчлалтын мэдээллийг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас хүргэлээ.  Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар нийт нутгаар цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Шуурхай ажлын хэсгүүд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан дараах ажлуудыг хийж байгаа юм. Үүнд: А0202 дугаартай Мандалговь Даланзадгад чиглэлийн авто замын 0-17км; 22-29км хооронд зорчих хэсэг дээрх шуурсан цасыг ачигчаар А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 250-272км-ын хооронд зорчих хэсэг дээрх шуурсан ачигчаар тус тус цэвэрлэх ажлыг “Дундговь авто зам” ХХК-ийн шуурхай ажлын хэсэг Ита нэг, ХАБЭА-н ажилтан нэг, ачигч гурав, замчин дөрөв, жолооч гурав, үйлчилгээний машин-3 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. А0402 дугаартай Дархан Сүхбаатар чиглэлийн 285-290-р км-т “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн Шуурхай ажлын хэсэг хашлаганы ёроолын цас гараар цэвэрлэх ажил хийгдэж байна. А0201 дугаартай Улаанбаатар Мандалговь чиглэлийн авто замд цас орж хүчтэй цасан шуурга шуурч зорчих хэсэгт их хэмжээний цас тогтсоныг автогрейдер, ачигч, цас буудагчаар цасыг 24 цагийн турш ажиллаж байна. Өнөөдөр 50-164км-ын хооронд автогрейдер, ачигч, цас буудагч зорчих хэсгийн цасыг цэвэрлэх ажлыг зам хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг ажиллаж байна. Мөн А25 дугаартай Өндөрдов, Зуунмод, Налайх чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн халтиргаа дээр бодис цацах ажил хийгдсэн байна. А40 дугаартай Улаанбаатар Хөшигийн хөндий чиглэлийн тууш замын ПК 0-32.3кмт зорчих хэсэгт шуурч тогтсон цасыг цас хусагч машинаар цэвэрлэх, бодис цацах ажлыг “Төв АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг хийж байна. А0602 дугаартай Хархорин Цэцэрлэг чиглэлийн улсын чанартай авто замын 115-117км-т 91-92км-т зорчих хэсэгт цас мөс хайлуулах давс бодиос цацах ажил хийгдэж байна.Мөн “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг 45-65км-т цас цэвэрлэж байна. А0102 дугаартай Чойр Сайншанд чиглэлийн авто замын ПК 445-460 км-т авто замын зорчих хэсэгт тогтсон цасыг арилгах ажлыг гүйцэтгэж байна. “Дорноговь АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг Ковш-1, Кран-1, Үйлчилгээний машин-3, ИТА-3, замчин-3, жолооч-2, механизмчин-2 ажиллаж байна. А0101 Улаанбаатар Чойр чиглэлийн авто замын 42-74 км т хөвөө болон зорчих хэсэгт шуурсан цасыг МАЗ машинаар түрэх хусах давс цацах мөн гараар давс хайрган хольц цацах ажлыг “Налайх АЗЗА” ТӨХК- ийн шуурхай ажлын хэсэг Үйлчилгээний машин хоёр, ИТА нэг, Жолооч хоёр Замчин гурав бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 0902 дугаартай Булган Мөрөн чиглэлийн 310-332 км-т зам хариуцагч “Булган АЗЗА” ТӨХК-ийн автогрейдэр цас хусах ажил хийж байна. Түүнчлэн А0306 дугаартай Өлгий Цагааннуур улсын хил чиглэлийн Улаанбайшинт, Өлгийгээс 94-99.3 км-т замын үзлэг хийж, замын нарийссан хэсгүүдийг 02.19ний өдрөөс эхлэн өргөсгөж цэвэрлэхээр төлөвлөн, машин механизмуудыг, шатах тослох материалаар цэнэглэн бэлтгэл ханган ажиллаж байгаа юм. Харин А0502 дугаартай Өндөрхаан Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто замын дагуу зорчих хэсэгт тогтсон цасыг автогрейдэрээр хусаж цэвэрлэх ажил хийгдэж дууслаа. 178-234 км-т зам хариуцагч “Дорнод авто зам” ХК-ийн 123-ын шуурхай ажлын хэсэг ажиллаж байна.    Эх сурвалж: “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ
Оросын эрх баригчид Навальный агсны шарилыг ээжид нь өгөлгүй нууцалж байгааг түүний хамтрагчид мэдээлжээ
Баасан гарагт чанга дэглэмтэй шоронд нас барсан Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн шарилыг эрх баригчид ээжид нь өгөхөөс татгалзсан тухай талийгаачийн туслах Кира Ярмыш мэдээлжээ. Талийгаачийн ээж Людмила Навальнаяд шоронгийн удирдлага “шүүх эмнэлгийн шинжилгээ дууссаны дараа шарилыг өгнө” гэж хэлснийг тэр мэдээлсэн байна. Навальныйн амийг ерөнхийлөгч Путиний тушаалаар бүрэлгэсэн гэж хамтрагчид нь үзэж байгаа юм. Бямба гарагт Оросын хотуудад сөрөг хүчний улстөрч агсны дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнүүд зохион байгуулагдах үеэр цагдаа нар 300 гаруй хүнийг баривчилсан тухай хүний эрхийн OVD-Info байгууллага мэдээлжээ. Өрнөдийн орнууд 47 настай улстөрчийн гэнэтийн үхэлд Оросын эрх баригчид буруутай гэж үзэж, Их Долоогийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Москвагаас шаардсан байна. Кремлийн хэвлэлийн алба Навальныйн үхлийн талаар ерөнхийлөгч Путинд дуулгасан гэхээс өөр мэдээлэл өгөөгүй байгаа. Путин энэ талаар байр сууриа илэрхийлээгүй байна. ОХУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөгчид өчигдөр Британийн албаныхантай уулзахдаа Навальныйн үхлийн талаар “бодит бус, өрөөсгөл” мэдэгдэл гаргасныг нь шүүмжилжээ. Навальный нь Путиний дэглэмийг хамгийн их шүүмжилдэг Оросын сөрөг хүчний улстөрчдийн нэг байсан юм. Тэрбээр улс төрийн хэргээр авсан 30 орчим жилийн ялаа Оросын хамгийн хүнд хэцүү нөхцөлтэй шорон гэгддэг Умард хязгаарын “Туйлын Чоно” нэртэй шоронд эдэлж байсан юм. Талийгаачийн ээж Людмила өчигдөр уг шоронд очиход эрх баригчид түүнд хүүг нь Баасан гарагийн 14:17 цагт нас барсан тухай мэдэгдэл өгсөн гэнэ. Шалтгааныг нь “гэнэтийн үхлийн синдром” гэжээ. Энэ нь гаднын хүчин зүйлийн нөлөөгүйгээр, зүрхний шигдээсээр гэнэт нас барахыг тодорхойлдог ерөнхий нэр томьёо юм байна. Шарилыг шоронд ойрхон оршдог Салехард хотод хүргэсэн гэж мэдээлжээ. Людмила болон талийгаачийн хамтрагчид Салехард хотын шарил хадгалах газарт очиход хаалттай байсан гэнэ. Шоронгийн захиргаа шүүх эмнэлгийн урьдчилсан шинжилгээгээр тодорхой үр дүн гараагүй тул хоёр дахь шатанд илүү нарийн шинжлэхээр болсныг тэдэнд дуулгажээ. Эрх баригчид “мөрөө баллах” зорилгоор шарилыг өгөлгүй удааж байж болзошгүй гэж Навальный агсны хамтран зүтгэгчид үзэж байна. OVD-Info байгууллагын мэдээлснээр өчигдөр улс төрчийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагааны үеэр Оросын нийт 32 хотод баривчилгаа явагджээ. Хамгийн олон хүн Москва, Санкт-Петербург хотуудад баривчлагдсан байна. Өчигдөр бас дэлхийн олон улс оронд ОХУ-ын элчин сайдын яамны байрны гадна эсэргүүцлийн цуглаан зохион байгуулагджээ. Германы Мюнхен хотод үргэлжилж буй олон улсын аюулгүй байдлын бага хуралд оролцсон Их Долоогийн бүлгийн гадаад хэргийн сайд нар нэг хором дуугаа хурааж, Оросын сөрөг хүчний улстөрчид хүндэтгэл үзүүлсэн байна.   Эх сурвалж: BBC
СХД-ийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн барилгын ажил 90 хувьд хүрчээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн 960 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургуулийн барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ оны хоёрдугаар сард багтаан барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж Улсын Комисс ажиллуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байгаа юм. Тус сургуулийн үндсэн барилгыг нурааснаас хойш 82 бүлгийн 3,300 хүүхэд гурав дахь жилдээ 4-5 газарт хуваагдан суралцаж буйг Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуулийн захирал М.Туулсайхан өмнө нь хэлж байсан. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн 960 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургуулийн барилга удахгүй бүрэн дуусах болсныг Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.
Б.Тамир: Хүмүүс биднийг талбай дээр гарч жагс гэдэг. Уг нь бид уран бүтээлээрээ дамжуулж үгээ хэлээд, нийгмийг цочроох зорилготой ажиллаж байгаа
Энэ хаврын тэсрэлт “ЗУРА III: Цэвэрлэгээ” уран сайхны кино 3 дугаар сарын 7-ноос эхлэн бүх кино театраар гарах болсон. Үүнтэй холбогдуулан Фантастик Продакшны жүжигчин, найруулагч Б.Тамиртай ярилцсаныг хүлээн авна уу. Ярилцлагыг видео хэлбэрээр ЭНД дарж үзнэ үү.   - Юуны өмнө ЗУРА III киногоо нээх гэж буй та бүхэнд баяр хүргэе. Ярилцлагаа ЗУРА төсөл эхэлсэн түүх болон нэрийн утгын талаар эхэлье. - Баярлалаа. ЗУРА төслийн гол зорилго нь нийгэмд буй асуудлыг хөндөж, аль болох судалгаатайгаар гаргаж ирэн үзэгчдэд дохио өгөх юм. Зохиол маань анх “Тоглогч” гэдэг нэртэй байсан ч яг цацахын өмнөхөн “Тоглогч” нэртэй ном гарч, бид өөр нэр өгөх хэрэгтэй болсон юм.  Яг юу гэж нэрлэх тухай их удаан ярилцсаны эцэст “дайчин” гэсэн утгатай санскрит үгийг сонгосон нь одоогийн ЗУРА. Анхаарал татахуйц, чихэнд хоногших бөгөөд төслийг эхлүүлсэн зорилгыг маань утга төгөлдөр илэрхийлж байна гэж үзсэн. Ийнхүү цоо шинэ нэршлээ илүү сайн таниулах, хоногшуулах зорилгоор ЗУРА шоуг хийж байсан. Нэг үзэгч маань бүр хүүхдэдээ Зура гэдэг нэр өгөөд, гэрчилгээг нь надад үзүүлж билээ. - ЗУРА анхнаасаа цогц төслөөр төлөвлөгдсөн үү, эсвэл явцдаа дараагийн ангиудаа хийх болсон уу? - ЗУРА-г гуравдугаар анги хүртэл хийнэ гэж огт төсөөлөөгүй ээ. Анх хэлсэнчлэн эхний анги маань нийгмийн асуудлыг хөндөж хийгдсэн. Өнөөдрийн Монгол улсад болж буй зарим үйл явдалд бидний сэтгэл их эмзэглэдэг бөгөөд үүнээс л шинэ уран бүтээл төрөн гарч байгаа. Ийнхүү үргэлжилсээр “ЗУРА II: Цурам ажиллагаа” уран сайхны кино бүтсэн. Харин хоёрдугаар ангийн төгсгөлд Баяраа, Алдар бид 3 гарч ирснээр ЗУРА III хийгдэх нь тодорхой харагддаг. Бид тухайн кинонд гарсан асуудалтай хуулиас гадуур үзэлцэж, нийгэмд “цэвэрлэгээ” хийх нь ЗУРА III: Цэвэрлэгээ киноны гол санаа болсон.   - ЗУРА III өмнөх ангиудаасаа юугаараа онцлог болов? - Фантастик Продакшн нь аливаа уран бүтээлдээ шинэ туршлага хуримтлуулж, Монголын кино урлагт урьд өмнө хийгдэж байгаагүй цоо шинэ алхам хийхийг зорьдог. Бид өөрсдийгөө сорих дуртай.  Гаднынхан кино зураг авалтын үеэр элдэв осол эндэгдэл гарлаа гэхэд түүнийг нь PR маркетинг гэж боддог байсан юм. Гэтэл үнэхээр аз сорьсон, эрсдэлтэй хэсгүүд тохиодог юм билээ. ЗУРА III зураг авалтынхаа үеэр ч мөн айж, болгоомжилж байсан явдал цөөнгүй тохиосон. Гэхдээ бэлтгэлээ сайн хангасан учир даваад л гарсан. Монгол уран бүтээлчид чаддаг гэдгийг баталж, бага багаар шат ахиж байгаадаа баяртай байна. - Кино багийнхан ямар техник ашигласан бэ? - ЗУРА II дээр зодооны хэсэгт цонхоор үсрэхэд камер дагаж үсэрдэг. Тэр бол тухайн үедээ урьд өмнө хийгдэж байгаагүй алхам байлаа. Бид туршсан, үзсэн, чадсан. Энэ удаад бас арай өөрөөр, цоо шинэ техникээр машинтай зураг авалтыг гүйцэтгэсэн. Нэг л эвгүйтвэл бүх зүйлээ алдах эрсдэлтэй, хийх процесс нь амаргүй байсан ч цоо шинэ шийдлээр хэрэгжүүлж чадсан. Аливаа уран бүтээлдээ арын баг хамт олондоо шинэ туршлага болж үлдэх ажил шингээхийг зорьдог. - Дүр сонголтоо хэрхэн хийсэн бэ? - Энэ удаад кинонд маань МУСТА Н.Ялалт, МУГЖ Б.Золбоот, МУСТА Т.Бархүү, МУСТА Э.Тодгэрэл зэрэг уран бүтээлчид шинээр оролцсон. Мөн уран бүтээл болгондоо залуу жүжигчдийг дэмжин ажилладгийн хүрээнд шинэ дүр төрх болох Ганболорыг оролцуулсан байгаа. “ЗУРА III: Цэвэрлэгээ” киноны тийзер трейлэрийг үзсэн зарим үзэгчид маань Бархүү ахыг ямар ширүүн өнцгөөс харуулсныг гайхаж байсан. - Үзэгчдийн зүгээс Фантастикийг кинон дээрээ л эх оронч гэсэн зэмлэл ирдэг. Үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ? - Хүмүүс биднийг талбай дээр гарч жагс гэдэг. Уг нь бид чинь уран бүтээлээрээ дамжуулж үгээ хэлээд, нийгмийг цочроох зорилготой ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Хятад, Солонгос зэрэг гаднын кинонууд өдөр бүр зурагтаар гарч, үзэгчдэд гаднын соёл, бодлогыг түгээж байна. Гэтэл түүнээс гадна Монгол уран бүтээлчид ч бас чанартай бүтээл хийж чаддаг, Монгол үзэгчид түүнийг нь хүлээж авдаг болмоор байна. “Халтар царайт” гардаг байх үед хүн бүр гэртээ киногоо үзээд, гудамж талбай хоосордог байлаа. Фантастик Продакшн “37-р точка” цувралаа хийхдээ яг л тийм зорилго тавьж байсан, түүндээ ч хүрч чадсан. Түүнээс гадна манай ихэнх кино эх оронч сэдэвтэй. Үнэхээр бид эх оронч биш байсан бол ийм сэдэвтэй кино хийхгүй. Хүн бүрийн тэмцэх арга барил өөр бөгөөд бидний арга барил бол уран бүтээл юм гэдгийг үзэгчид маань ойлгоосой гэж хүсдэг юм.     - ЗУРА II цацагдсаны дараа ямар нэгэн улс төрийн санхүүжилттэй, хэн нэгний захиалгаар хийсэн кино байна гэж цөөнгүй үзэгчид үзэл бодлоо хуваалцсан байсан. Ер нь олон нийтээс ирж байгаа сөрөг сэтгэгдлийг хэрхэн хүлээж авдаг вэ? - Хүн бүхэн хардах эрхтэй. Гэвч бид нэг бүрчлэн үнэн худлыг тоочиж тайлбарлах албагүй. Аливаад баримт, ул суурьтай хандаж, мэдээллийг шүүлтүүртэй хүлээж аваасай гэж л хүсдэг. Өөрийн гэсэн үзэл бодолгүй, нэг хүний хэлсэн үгээр үг хийгээд явдаг бүлэг хүмүүс бий. Жишээ нь, “37-р точка” киноны ардчиллын хэсгийг харуулсан зураг авалтын үеэр ахмадуудыг цуглуулаад олны хэсгийг авч байсан юм. Гэтэл тэр үед нэг хүн: “Энэ Элбэгдоржийн кино байна” гэсэн чинь бүгд тараад алга болчихсон. Зураг авалтын үед хэцүү л үйл явдал байсан даа. Уг нь энэ яриа ямар ч баталгаагүй, баримтгүй л явган яриа байсан юм. - ЗУРА III кино сонгуультай жил нээлтээ хийж байгаа болохоор үзэгчдээс улс төртэй холбоотой таамгууд харагдаж байсан. Кино цацагдсаны дараа ч энэ сэдвийг үргэлжлүүлэн ярилцсаар байх төлөвтэй байгаа. Та юу гэж бодож байна? - Сонгууль болох гэж байна, хэнд саналаа өгөхөө сайн бодоорой гэж мянган удаа давтаж хэлэхийн оронд сонгуулийн өмнө киногоо гаргаж байгаа нь хангалттай гэж бодож байна. Та бүхэн саналаа өгөхөөсөө өмнө хэрхэн “Цэвэрлэгээ” хийх талаар тунгаан бодоорой. - Оюуны өмч, хулгайн киноны талаар Фантастик Продакшн маш их дугардаг. ЗУРА III гарсны дараа хууль бусаар тараах оролдлого багагүй гарах байх, үүнтэй холбоотой олон нийтэд өгөх сануулга, уриалга юу байх вэ? - Хэрэв энэ камерыг хэн нэг хүн зөвшөөрөлгүй аваад явчихвал хулгай. Гэтэл киног хуулбарлаж түгээхийг хулгай гэж үзэхгүй байгаа. Хүмүүс ер нь гарт баригдах биет эдийг л хөрөнгө гэж үзээд, контент буюу гарт баригдахгүй хийсвэр зүйлсийг эд хөрөнгө гэж тооцдоггүй юм байна.Тиймээс ч хүний оюуны бүтээлийг буюу кино контентыг хууль бусаар тарааж буйгаа хулгай гэж ойлгохгүй байх шиг. Киногоо алдчихлаа гэхэд баригдсан хүн нь улсад торгууль төлөөд, харин уран бүтээлчид бид хохироод л үлддэг. Үүн дээр бас дэлгэрэнгүй зохицуулалт хэрэгтэй л байна.   - ЗУРА IV хийгдэх болов уу? Та бүхний цаашдын төлөвлөгөө юу байгаа вэ? - Яг одоогоор дараагийн анги хийнэ гэсэн төлөвлөгөө байхгүй, цаг үеийн байдлаас л шалтгаална. Үргэлжлүүлэн хиймээр байгаа өөр кинонууд ч бидэнд цөөнгүй бий. Тухайлбал, “Маш нууц”, “37-р точка” гэх мэт. Энэ жилийн хувьд “ЗУРА III: Цэвэрлэгээ” уран сайхны киноноос гадна тайзны уран бүтээл амжуулахаар төлөвлөж байна. Мөн өөр нэгэн том төсөл бий. Фантастикийн залуус удахгүй тэр ажил руугаа ханцуй шамлан ороод, усанд хаясан чулуу шиг алга болох байх даа. - Цаг гарган ярилцаж, үзэл бодлоо хуваалцсан танд баярлалаа. Нээлтээ хийх гэж байгаа кинонд нь амжилт хүсье. “ЗУРА III: Цэвэрлэгээ” уран сайхны киноны албан ёсны трейлэрийг ЭНД дарж үзээрэй.
Цасан шуурганд төөрч, сураггүй болсон 39 иргэнийг эсэн мэнд олжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өнгөрсөн хоногт буюу хоёрдугаар сарын 17-нд Ховд, Баян-Өлгий, Хэнтий, Өмнөговь, Говьсүмбэр, Төв аймгийн зарим сумын нутгаар 42 иргэн цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгджээ.  Тодруулбал Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөст Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Сүхбаатар Дундговь аймгийн Дэлгэрцогт, Өлзийт, Цагаандэлгэр, Сайнцагаан, Адаацаг Баян-Өлгий аймгийн Булган Хэнтий аймгийн Бор-Өндөр Дорнод аймгийн Чойбалсан Өмнөговь аймгийн Ханхонгор Говьсүмбэр аймгийн Сүмбэр Төв аймгийн Сэргэлэн зэрэг есөн аймгийн 18 суманд 42 иргэн цасан шуурганд төөрч, сураггүй болсон дуудлага бүртгэгдэв.  Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн 39 иргэнийг эсэн мэнд олж, Ховд аймгийн Алтай, Дорнод аймгийн Чойбалсан суманд нийт гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Мөн нийслэлийн зарим дүүрэг болон орон нутгуудад нийт 27 удаагийн автомашинтайгаа цасанд суусан дуудлага бүртгэгдэж, 230 хүний аюулгүй байдлыг хангаж, 81 тээврийн хэрэгслийг татан гаргалаа хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
ФОТО: Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан "Your Valentine" тоглолтоос
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Солонгосын алдарт дуучин, жүжигчин Ким Хён Жун болон дуучин MC SNIPER, BLOO нарын хамтарсан "Your Valentine" тоглолт өчигдөр (2024.02.17)-нд Буянт-Ухаа спорт цогцолборт боллоо.  Энэхүү тоглолт нь Монгол, Солонгосын соёлын харилцааны хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Монголоос уран бүтээлч Чойжоо, Vandebo, Magnetbrain нар оролцов. Гэгээн хайрын баярын өдөрт зориулсан тоглолт учраас уран бүтээлчид хайрын сэдэвтэй ая дуугаа эгшиглүүлсэн юм.  Дуучин, жүжигчин Ким Хён Жун "Your Valentine тоглолтод оролцож, монгол хамтлаг дуучидтай нэг тайзан дээр гарах болсондоо сэтгэгдэл өндөр байна. Гадаадад тоглолт хийх тэр тусмаа өөр уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийнэ гэдэг амаргүй даваа. Ийм боломжийг гаргаж өгсөн бүх хүнд талархаж байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байсан билээ. ФОТО:
Ойрын хоногуудад говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Ойрын хоногуудад говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэхийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас онцгойлон анхааруулж байна. Хоёрдугаар сарын 18-19-ний 20:00 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Монгол-Алтайн уулс болон Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч явган салхи шуурга шуурна. Агаарын температур: Хүйтний эрч чангарч шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгийн өмнөд хэсэг, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -43...-48 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -36...-41 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -21...-26 градус, бусад нутгаар -28...-33 градус хүйтэн, өдөртөө Алтайн уулархаг нутгийн өмнөд хэсэг, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -22...-27 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -18...-23 градус хүйтэн байна. Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -37...-39 градус, бусад хэсгээр -31...-33 градус, өдөртөө -22...-24 градус хүйтэн байна. Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө -37...-39 градус, өдөртөө -24...-26 градус хүйтэн байна. Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -38...-40 градус, өдөртөө -24...-26 градус хүйтэн байна. Хоёрдугаар сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Хоёрдугаар сарын 20-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг Хоёрдугаар сарын 21-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст Хоёрдугаар сарын 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -29...-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -23...-28 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -15...-20 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.   Эх сурвалж: Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар
Марк Закербэрг ойрын үед тархиндаа чип суулгуулахгүй гэв
Дэлхийн хамгийн том сошиал платформыг эзэмшигч Мета компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Закербэрг ойрын үед тархиндаа чип суулгуулах төлөвлөгөөгүй байгаа тухай ярьжээ. Тэрбээр Баасан гарагт “Morning Brew Daily” подкаст ярилцлагад оролцохдоо энэ тухай ярьсан байна. “Бидний анхаарлын төв байгаа хамгийн чухал нэг хөгжүүлэлт бол мэдрэлийн интерфэйс юм. Гэхдээ энэ нь тархинд суулгадаг чип биш. Хэн нэгэн ирээдүйд үүнийг хийх байх. Би лав үүний нэгдүгээр хувилбарыг суулгуулахыг хүсэхгүй” гэж Марк ярьжээ. Эндээс харвал тэр Илон Маскийн туршиж буй тархины чипийн ирээдүйд одоогоор итгэлгүй байгаа бололтой. “Миний бодлоор ийм чипийг сайжрахыг хүлээх хэрэгтэй байх. Жил бүр шинэчлэх шаардлага гардаггүй (upgrade) болтол нь хүлээх хэрэгтэй” гэж тэр цааш нь ярьжээ. Ингэхдээ Марк аль нэг компанийн нэрийг дурдаагүй ч Илон Маскийн Neuralink компанийг хэлж байгаа нь тодорхой байв. Neuralink компани анх удаа хүний тархинд туршилтын чип суулгасныг Маск өнгөрсөн сард зарласан. Уг чип нь тархи мэдрэлийн янз бүрийн өвчин эмгэгтэй хүмүүст бодол санаагаараа компьютер, гар утас болон бусад бүх төхөөрөмжийг удирдах боломж олгох зорилготойг Маск тайлбарласан байдаг. Харин Мета компани энэ чиглэлд хиймэл оюуны технологид үндэслэсэн бугуйвч туршиж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл гар хуруугаа яаж хөдөлгөх талаар бодох төдийд компьютерыг удирдана гэсэн үг. “Ирээдүйд хүн гар хуруугаа хэрхэн хөдөлгөх талаар бодоход л ямар нэг төхөөрөмж дээр текст бичигдэж, удирдах боломжтой болно” гэж Марк Закербэрг төслийнхөө талаар тайлбарлажээ.   Эх сурвалж: Business Insider
Японы эрдэмтэд сансрын хог хаягдлыг бууруулах зорилгоор анхны модон хиймэл дагуулыг бүтээжээ
Японы эрдэмтэд дэлхийн тойрог замын хог хаягдлыг бууруулах зорилгын хүрээнд хиймэл дагуулыг модоор бүтээжээ. Энэ нь дэлхийн анхны модон хиймэл дагуул болж байна. Замбага модоор бүтээсэн LignoSat нэртэй уг хиймэл дагуулын материалын бат бэх чанарыг тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станцад туршжээ. Одоо шинэ хиймэл дагуулаа ирэх зун АНУ-ын пуужинд тээвэрлэн тойрог замд хүргэхээр төлөвлөж байна. Модон хиймэл дагуул нь Киотогийн их сургуулийн эрдэмтэд болон Сүмитомо Форестри модны аж ахуйн компанийн хамтын бүтээл ажээ. “Дэлхийн агаар мандалд буцаж ирэхдээ хиймэл дагуулууд шатаж, металлын олон жижиг хэлтэрхийнүүд үүсгэдэг нь агаар мандлын дээд давхаргад олон жилийн турш хөвж байдаг. Энэ нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй” гэж Киотогийн их сургуулийн судлаач, сансрын нисгэгч асан Такао Дой тайлбарлаж байна. Ийм шалтгаанаар тэд байгаль орчинд ээлтэй материалаар хиймэл дагуул бүтээжээ. Эхлээд тэд материалаа лабораторид зохиомлоор үүсгэсэн сансрын орчинд туршихад бүрэн задарч байсан гэнэ. Дараа нь дэлхийн тойрог замд ажиллаж буй Олон Улсын Сансрын Станцад илгээж, туршихад мөн сайн үр дүн гарчээ. Анхны модон хиймэл дагуул нь кофены аяганы хэмжээтэй байх бөгөөд хамгийн богинодоо зургаан сар тойрог замд ажиллах гэнэ. Хэрвээ LignoSat төлөвлөсний дагуу ажиллаж чадвал цаашдаа илүү олон, илүү том хиймэл дагуулуудыг модоор бүтээх ажээ. Ойрын жилүүдэд улс орнууд жил бүр 2,000 гаруй хиймэл дагуул дэлхийгээс хөөргөх тооцоо бий. Тэдгээрийн үндсэн материал хөнгөн цагаан байдаг. Тиймээс Японы эрдэмтдийн бүтээл хиймэл дагуулын хог хаягдлыг бууруулж, дэлхийн байгаль орчныг сөрөг нөлөөллөөс хамгаалах ач холбогдолтой болж байна.   Эх сурвалж: The Guardian
"Орано компанитай Хөрөнгө оруулалтын гэрээний 224 саналаас 115-ыг тохиролцсон, Францын сайдын айлчлалын талаар мэдээлэл ирээгүй"
БНФУ-ын Гадаадын худалдаа, хөрөнгө оруулалт, гадаад дахь франц иргэдийг хариуцсан сайд манай улсад 2023 оны арванхоёрдугаар сард айлчлан ирэхээр товлогдсон ч түр хойшлогдсон. Уг айлчлал дахин товлогдсон эсэх болон "Орано Майнинг" компанитай уран олборлох 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээний төсөл ямар шатанд явааг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газрын ахлах менежер Я.Өлзийболдоос тодрууллаа. -БНФУ-ын Гадаадын худалдаа, хөрөнгө оруулалт, гадаад дахь франц иргэдийг хариуцсан сайд манай улсад 2023 оны арванхоёрдугаар сард айлчлан ирэхээр товлогдсон ч түр хойшлогдсон болохыг ЭСЯ-наас мэдээлсэн. Уг айлчлалын тов тодорхой болсон уу? - Франц улсын төрийн өмчит Орано Майнинг компанитай 2023 оны аравдугаар сард Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд талууд гарын үсэг зурж арванхоёрдугаар сард багтаан гэрээг байгуулахаар төлөвлөсөн. Гэвч Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээний хүрээнд тохиролцох, ойлголцох шаардлагатай олон асуудлууд байгаа тул анх төлөвлөсөн хугацаанаас илүү их цаг хугацаа шаардагдаж байна. Одоогоор хэлэлцээ идэвхтэй хийгдэж байгаа бөгөөд айлчлалын талаар Хөрөнгө оруулагч талаас бидэнд ямар нэг мэдээлэл өгөөгүй байна. - Өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Франц улсад айлчлах үеэр "Орано Майнинг" компанитай уран олборлох 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах заалтуудыг эцэслэн тохирч, протоколыг баталсан. Одоо гэрээг эцэслэн батлах ажил ямар түвшинд байгаа бол? -Төслийн бүтээн байгуулалтын үе шатанд анхны хөрөнгө оруулалт болох 500 орчим сая ам.долларыг Орано Майнинг компани өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх бол ашиглалтын үед 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг төслийн компани буюу Бадрах Энержи ХХК-ийн орлогоос санхүүжүүлэх тооцоолол хийгдсэн байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хууль тогтоомжийн хүрээнд судлан санал, дүгнэлт боловсруулж, Орано Майнинг компанитай хэлэлцээ хийх ажлын дэд хэсгүүд чиглэл бүрээр байгуулагдсан. Ажлын дэд хэсгүүд 2023 оны арваннэгдүгээр сарын 30-наас энэ оны нэгдүгээр сарын 19-ний хооронд нийт гурван удаагийн хэлэлцээ хийж, Хөрөнгө оруулалтын гэрээний нийт 224 саналаас 115 саналыг тохиролцсон, 109 саналын хувьд хэлэлцээ үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл Хөрөнгө оруулалтын гэрээний нийт саналын 49%-ийг тохиролцоод байна. Талууд аль болох ойрын хугацаанд хэлэлцээг эцэслэж, Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Мөн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад холбогдох зарим хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий. -БНФУ-ын Гадаадын худалдаа, хөрөнгө оруулалт, гадаад дахь франц иргэдийг хариуцсан сайд Монгол Улсад айлчлан ирвэл ямар хүлээлттэй байгаа вэ? -Талууд хөрөнгө оруулалтын гэрээний зөрүүтэй саналууд дээрээ ойлголцолд хүрч, тохиролцож байж хэлэлцээний явцад ахиц гарна.
Авто зам, замын байгууламжуудын хөдөлгөөнийг НЭЭЛЭЭ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хүчтэй цасан шуурганы аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлээс гарах бүх чиглэлийн хөдөлгөөнийг түр хаасныг өчигдөр мэдээлсэн. Тэгвэл өнөөдрөөс дараах чиглэлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон байсныг нээлээ. А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад  А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан А2001 дугаартай Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам, замын байгууламж хэвийн үргэлжилж байна. Хэдийгээр замын хөдөлгөөнийг нээсэн ч ихэнх нутгаар хүйтэн, авто зам халтиргаа гулгаатай байгаа тул аюулгүй байдлаа хангахыг анхааруулав.    Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
“Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Б.Болор Энэтхэг улсыг зорилоо
Хүн төрөлхтний гоо үзэсгэлэнгийн олимп “Miss World” тэмцээн 71 дэх жилдээ Энэтхэг улсын Нью Дели хотноо албан ёсоор 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр эхлэх гэж байна. Дэлхийн 130 гаруй орны гоо бүсгүй оролцдог энэхүү тэмцээнд "Монголын сайхан бүсгүй" тэмцээний Алтан эрдэнийн титэмт, "Miss world Mongolia 2023" тэмцээний Үндэсний ялагч Бат-Эрдэнийн Болор эх орноо төлөөлөн оролцохоор болсон билээ. Б.Болор нь Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчнээр ажилладаг бөгөөд 2018 онд Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол Улсын Консерваторийг “Бүжгийн жүжигчин” мэргэжлээр, 2023 онд СУИС-ийг “Бүжиг дэглээч, найруулагч” мэргэжлээр тус тус төгссөн юм.  “Miss World” тэмцээн нь дэлхий дахины энх тайван, эв нэгдлийг сурталчлах, хүмүүнлэгийн далайцтай том ажлуудыг хийх, мөн улс үндэстнүүдийн соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэдэг онцлогтой.   Тэгвэл эх орноо төлөөлөн оролцож буй Үндэсний ялагч Б.Болор нь 21 аймгийн 100 гаруй сумын өсвөр насны охид, хөвгүүдэд чиглэсэн “Нандин” төслийг хэрэгжүүлж эхлээд хоёр жил болжээ. Энэхүү төслийн гол зорилго нь “Охид, эмэгтэйчүүдийн хувьд ариун цэврийн хэрэглэл ичих зүйл биш шүү” гэдгийг уриалах юм. Мөн агуулгаар дамжуулан дунд сургуулийн сурагчдад ёс суртахуун, эрүүл мэндийн боловсрол олгож, зөв монгол иргэн төлөвшүүлэхийг зорьж байна. “Дэлхийн мисс” тэмцээн 20 хоног үргэлжилж, эцсийн шатны шалгаруулалт 2024 оны гуравдугаар сарын 9-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд MNC телевизээр бид шууд хүлээн авч үзэх боломжтой юм байна. “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох, оролцогчийн мэдээллийг www.facebook.com/profile фэйсбүүк хуудаснаас авч, дэмжихийг уриалж байна.
Дани улс армийнхаа бүх их бууг Украинд илгээхээр болсныг зарлалаа
Данийн ерөнхий сайд Метте Фредериксен, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нар Дани улс армийнхаа бүх их бууны зэвсэглэлийг Украинд илгээхээр болсныг өчигдөр зарлалаа. Германы Мюнхен хотод үргэлжилж буй олон улсын аюулгүй байдлын бага хурлын үеэр тус улсын ерөнхий сайд Метте Фредериксен энэ шийдвэрээ зарлаад Европын бусад улс орнуудад мөн Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэхийг уриалжээ. “Тэд биднээс сум илгээхийг хүсэж байгаа. Одоо их буу хүсэж байна. Дани улсын хувьд, бид өөрийн их бууны зэвсэглэлийг бүхэлд нь хандивлахаар шийдлээ” гэж Фредериксен хэлсэн байна. Тэрбээр цааш нь ярихдаа “Ингэж хэлэхэд харамсалтай байгаа ч найзуудаа, Европт сумны нөөц бий. Энэ бол үйлдвэрлэлийн асуудал биш. Бидэнд зэвсэг, сумны нөөц бий. Бидэнд одоохондоо хэрэг болохгүй агаараас хамгаалах системүүд бий. Бид эдгээр зэвсгээ Украинд илгээх хэрэгтэй” гэжээ. Бямба гарагт Украины арми дорнод фронтын Авдеевка хотыг орхин гарсан нь сумны нөөц хомстсонтой холбоотой гэж тайлбарлаж байгаа. Арванхоёрдугаар сард Украины армийн бригадын генерал Олександр Тарнавский их бууны сумны нөөц багассаны улмаас байлдааны ажиллагаагаа хязгаарлах болоод байгааг Ройтерс агентлагт ярьж байв. “Сумны асуудал тулгараад байна. Ялангуяа Зөвлөлтийн задралын дараах үеийн 122 мм, 152 мм-ийн сумнууд хүрэлцэхгүй байна. Өнөөдөр нийт фронтын шугам дагуу ийм асуудал үүсээд байна” гэж Тарнавский тухайн үед ярьсан юм. Мюнхений хурлын үеэр Чех улс бас 800,000 их бууны сум Украинд нийлүүлэх боломжтойгоо мэдэгджээ. Бямба гарагт үг хэлэхдээ Чехийн ерөнхийлөгч Петр Павел тус улсын зэвсэглэлийн нөөцөд хагас сая орчим 155 мм-ийн сум, 300,000 орчим 122 мм-ийн сум байгаа ба ойрын үед тээвэрлэлтийн асуудлыг шийдвэл Украинд нийлүүлэх боломжтойг хэлсэн юм. Данийн хувьд дайн эхэлснээс хойш Украиныг хамгийн их дэмжсэн улсуудын нэг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш тус улс Украинд 3.5 тэрбум еврогийн тусламж үзүүлсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй нь харьцуулахад хамгийн том хандивлагчдын нэг болгож буйг Дэлхийн Эдийн Засгийн Киелийн Хүрээлэнгийн судалгаа харуулжээ. Дани улс нийтдээ 8.4 тэрбум еврогийн зэр зэвсгийн тусламжийг Украинд амлаад байгаа. АНУ-ын $60 тэрбумын тусламжийн багц Конгресс дээр саатаад байгаа энэ үед Европын холбоотнуудын тусламж маш чухал болж байна.   Эх сурвалж: Business Insider
Навальныйн дурсгалыг хүндэтгэсэн олон хүнд Оросын шүүх хорих шийтгэл оноожээ
Сөрөг хүчний улстөрч Алексей Навальный шоронд нас барсны дараа Оросын олон хотод түүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн Бямба, Ням гарагуудад Оросын 32 хотод болсон ийм арга хэмжээнүүдийн үеэр нийтдээ 400 гаруй хүнийг хууль хүчнийхэн баривчилсан тухай OVD-Info хүний эрхийн байгууллага мэдээлжээ. Тэдгээрийн заримд нь Оросын шүүх хорих шийтгэл оноосон байна. Зөвхөн Санкт-Петербург хотод 154 хүн 14 хүртэл хоногийн хорих шийтгэл хүлээснийг Оросын эх сурвалжууд мэдээлжээ. Цагдаа нар иргэдийг баривчлахаас гадна дурсгалын газарт тэдний тавьсан цэцэг, лаа зэрэг эд зүйлсийг хурааж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Навальныйн дурсгалыг хүндэтгэж буй газруудад энгийн хувцастай хууль хүчнийхэн ээлжлэн харуулд гарч байжээ.         View this post on Instagram                       A post shared by The Moscow Times (@themoscowtimes) Олон жилийн турш өөрийнх нь хамгийн хүчтэй шүүмжлэгч байсан улстөрчийн талаар ОХУ-ын ерөнхийлөгч Путин ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна. Тэрбээр нэг сарын дараа болох сонгуулиар дахин зургаан жил ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших эрхээ олж авах гэж байгаа. Навальныйн амийг Путиний захиалгаар хөнөөсөн гэж хамтран зүтгэгчид нь үзэж байна. “Алексей Навальный хайртай Орос орноо ердийн улс болгох ганцхан хүсэлтэй байсан. Үүнийх нь төлөө Путин түүнийг аллаа. Хордуулж, хорьж цагдаж, эрүүдэн шүүж аллаа” гэж талийгаачийн ойрын хамтрагчдын нэг Леонид Волков сошиал хуудсандаа бичжээ. Навальный 2020 онд үл мэдэгдэх химийн бодист хордож, Германд эмчлүүлснийхээ дараа 2021 онд Москвад буцаж ирээд баривчлагдсан юм. Түүнийг улс төрийн сэдэлтэй олон хэрэгт буруутгаж, нийтдээ бараг 30 орчим жилийн хорих ял оноосон. Хоёр сар орчмын өмнө түүнийг нийслэл Москва орчмын хорих газраас Умард Туйлын чанга дэглэмтэй шоронд шилжүүлсэн юм.   Эх сурвалж: AFP
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу хоёрдугаар сарын 21-ний 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. 2024 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа маргааш/2024.02.20/ 23:59 цагаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа. Өнгөрсөн сард 43,568 иргэн азтан болж, хамгийн олон азтан Хан-Уул дүүргээс тодорчээ. Сугалааны урамшуулалд:  3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/ 4 орон таарвал /40,000-100,000/ 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/ 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/ 7 орон таарвал /500,000- 10 сая/ 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болоод байгаа билээ.
Цас, зудын улмаас улсын хэмжээнд 667,841 толгой мал хорогджээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь,  Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүсжээ.. Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667,841 толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгууд хамгийн өндөр хорогдолтой байгаа юм. Оны эхний нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж 1%, Сүхбаатар аймаг 5.3%, Хэнтий 2.8%, Дорноговь аймаг 3.6%, буюу хэвийн хорогдлын хэмжээнээс давсан болохыг ОБЕГ-аас мэдээллээ. Өнгөрсөн оны тооллогоор манай улс 64.7 сая толгой малтай болсон юм. Монгол Улсын зудын давтамж, малын хорогдлын байдал Зуд болсон он Хорогдсон том малын тоо / сая толгой/ Тухайн үеийн нийт малд хорогдлын эзлэх хувийн жин 1944-1945 8.1 33.2 1954-1955 1.9 8.2 1956-1957 1.5 6.2 1967-1968 2.7 11.9 1976-1977 2.0 8.9 1986-1987 0.8 3.6 1993 1.6 6.4 1999-2000 3.5 11.6 2000-2001 4.8 18.5 2001-2002 2.9 12.2 2009-2010 10.3 23.4 Бөхийн холбооноос цас зудын бэрхшээл тулгарсан малчдад туслах “Хандивын барилдаан”-ыг зохион байгуулах бол Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хандив өгөхийг уриалж, лам нарын хандивын аяныг эхлүүлжээ.
ҮЙЛ ЯВДАЛ: 2024 оны ЭЕШ-ын талаар мэдээлэл өгнө
ҮСХ-ны байранд 11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны нэгдүгээр сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулна. Боловсролын Үнэлгээний Төвийн 403 тоотод  11:00 цагт 2024 оны ЭЕШ-ын талаар мэдээлэл өгнө.  “Үндэсний мэдээллийн төв”-д 11:00 цагт 13.5 тэрбум төгрөгөөр элэгний Д вирусийн меркуледикс Б тариагаа авч хамтдаа элэг бүтэн амьдаръя сэдвээр мэдээлэл хийнэ. 11:30 цагт ИЗНН-ын дарга Б.Батбаатар цаг үеийн байдлаар онц чухал мэдээлэл хийнэ.
"Малаа тууж яваад сураггүй болсон гэр бүлийн хоёр хүний нэгийнх нь цогцсыг олсон"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Онцгой байдлын байгууллагад Ховд аймаг, Алтай сумын Барлаг багийн "Хөх дэл" гэдэг газар энэ сарын 16-ны 20:00 цагийн орчим гэр лүүгээ малаа тууж явсан нэг гэр бүлийн хоёр хүн хоёр сураггүй болсон тухай дуудлага иржээ. Тус аймгийн Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн хоёр малчныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, хоёрдугаар сарын 18-ны 10:40 цагт нөхөр 53 настай, эрэгтэйг гэрээс нь 9 км зайнаас эсэн мэнд олсон бол эхнэр 50 настай, эмэгтэйн цогцсыг 19:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км зайнаас олж, Булган сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна. Онцгой байдлын байгууллагаас иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, цаг агаарын мэдээллийг байнга авч байхыг зөвлөлөө.   Эх сурвалж: ОБЕГ
Италид 50-70 орчим насны бүлэг дээрэмчдийг баривчилжээ
Ромын гэмт хэргийн ертөнцөд алдартай ахмад настнуудын дээрмийн бүлгийн зургаан гишүүнийг баривчилснаа Италийн нийслэлийн цагдаагийн газар саяхан мэдээлжээ. Уг бүлэг нь Ром хотын шуудангийн газруудыг дээрэмдэх ажлаар мэргэшсэн юм байна. Тэдний толгойлогч “Герман” хочтой, 70 настай Итало Де Витт нь 1990-ээд оны үед Ромын дурсгалт газруудын нэг “испани шат”-ны ойролцоо оршдог банкийг маш чадварлаг аргаар дээрэмдэн алдаршиж байжээ. Бүлгийн дэд толгойлогч нь дээрмийн үеэр харуулын үүрэг гүйцэтгэдэг 75 настай хүн байсан байна. Бүлгийн бусад гишүүд болох 68 настай этгээд хулгай, дээрмийг биечлэн гүйцэтгэх, 66 настай этгээд хаалганы түлхүүрийг олж авч, хувилах үүрэгтэй ажилладаг байжээ. Эдгээрээс гадна 50 гаруй насны хоёр чулууны мэргэжилтэн дээрэм болох газрын ханыг өрөмдөх, нүхлэх ажлыг урьдчилан гүйцэтгэж, ажиллагааг хөнгөвчлөх арга хэмжээ авдаг байсан байна. Уг бүлэг өнгөрсөн оны тавдугаар сард Сан Жованни дүүргийн нэг шуудангийн газарт зэвсэглэн нэвтэрч, ATM бэлэн мөнгөний машиныг цэнэглэж байсан ажилчныг сүрдүүлэн 200,000 евро дээрэмдэж байжээ. La Republica сонины мэдээлснээр бүлгийн 66 настай гишүүн түрүү булчирхайн хагалгаанд орох болсноос шалтгаалан өнгөрсөн онд төлөвлөөд байсан өөр нэг дээрмийн ажиллагаа цуцлагдсан байна. Хамгийн сүүлд тэд Дон Боско дүүргийн нэг шуудангийн газрыг дээрэмдэхдээ бүгд камерт дүрсээ үлдээж, танигдсанаар цагдаа нарт баригджээ. Ахмад настнуудын уг бүлэг Ромын гэмт хэргийн ертөнцөд “хуучин танилууд” нэрээр алдаршсан юм байна. Толгойлогч Де Витт 1995 онд хувилсан түлхүүр ашиглан Credito Italiano банкны нэг салбарт зэвсэгтэй нэвтэрч, 15 ажилтныг барьцаалсны дараа 210 сая лиртэй зугтаж байжээ.   Эх сурвалж: The Guardian
“Голомт банк” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А/86 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ыг үндэслэн Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага: Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн байж болно.  Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд банк санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай байх; Банкны холбогдох этгээд биш, бизнесийн аливаа холбоогүй байх; Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх; Эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх; Ес зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх; Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, банкны шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх; Зөрчлийн улмаас банк ба банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх; Банк, банкны нэгдлийн оролцогчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш байх; Банк, банкны нэгдлийн оролцогчид сүүлийн таван жилийн хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээс бусад эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаагүй байх; Банкны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээс хамаарч урамшуулал авч байгаагүй, авдаггүй байх; Банкны үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагад хяналт тавихад саад учруулах аливаа нөхцөл байдал үүсээгүй байх; Төрийн үйлчилгээнээс бусад төрийн, улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх; Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх; Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх; Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх; Олон улсын хөрөнгө оруулалттай компанид өмнө нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хийж байсан туршлагатай бол давуу тал болно. Бүрдүүлэх материал: Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт; Товч намтар (Ажлын туршлага, мэргэжил, мэргэшлийг дурдсан байх); Ажил байдлын тодорхойлолт; Өмнө нь ажиллаж байсан газраас ажил байдлын талаарх лавлагаа (Тавигдах шаардлагын 1-т заасныг нотлох ажил эрхэлдэг байгууллагаас тодорхойлолт авах); Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ,  сертификатыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; Иргэний үнэмлэхийн хуулбар; Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа; Шүүхийн лавлагаа (Шүүхийн төрөлжсөн архиваас авах) Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, цахим хаяг: 2024 оны 03-р сарын 06-ны өдрийн 12:00 цаг хүртэл solongo_z@golomtbank.com цахим шуудангаар хүлээн авна. Анхаарах зүйлс: Материалыг гаргацтай сканердаж, PDF форматаар цахим шууданд хавсаргах. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно. Хугацаа хоцорсон эсвэл материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй.   Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй сонгон шалгаруулалтын хорооноос холбогдоно.   Шаардлага үүссэн тохиолдолд хууль журмын дагуу нэмэлт тодруулга авч, материал бүрдүүлэх боломжтой.
Сена мөрний бохирдол "Парис 2024" олимп зохион байгуулагчдын санааг чилээж байна
Inside The Games Ирэх долдугаар сарын 26-нд нээлтээ хийх "Парис 2024" олимпын зохион байгуулагчдын санааг чилээх асуудал дундаршгүй. Олимпыг аюулгүй зохион байгуулах нь нэн тэргүүний асуудал болоод байтал Сена мөрөнд "E.coli" бактери зохих хэмжээнээс их байгаа нь нэрмээс болов. Уг мөрөнд олимпын нээлтийн ажиллагаанд зориулж зургаан км үргэлжилсэн далбаат завины жагсаал болох юм. Мөн 10 км-ийн усанд сэлэлтийн уралдаан явагдах хуваарьтай. Сена мөрний усны бохирдлын түвшин доогуур байсан тул тамирчдын аюулгүй байдлыг бодолцоод өнгөрсөн жилийн Дэлхийн цомыг цуцалсан түүхтэй. Олимп эхлэхээс нэг жилийн өмнө хийсэн судалгаагаар нааштай үр дүнд хүрээгүй тул олон улсын марафон сэлэлтийн тэмцээнийг хойшлуулсан билээ.   Эх сурвалж: Inside The Games Францын эрх баригчид Сена мөрний бохирдлын түвшнийг бууруулахаар тууштай ажиллаж байгаа ч санасан хэмжээнд үр дүнд хүрээгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Хэдийгээр 2015 онтой харьцуулахад нааштай үр дүнг харуулсан ч тэмцээн зохион байгуулахад аюулгүй хэмжээнд хүрээгүй байна. Гэхдээ олимпын наадмыг зохион байгуулагчид шугам сүлжээний агуулахын багтаамжийг нэмэх улмаар Сена мөрнийг бохирын шугамтай холбох замаар усны чанарын түвшнийг ахиулах таван төсөл хэрэгжүүлж буй. Олимпоос өмнө дуусгах төлөвлөгөөтэй тус төслийн ачаар наадмаас өмнө ус зохих түвшинд хүрнэ гэдэгт найдаж байгаа аж. Дээрх таван төслөөс гадна Сена мөрний усыг цэвэршүүлэх зорилгоор Аустерлицийн усан санг барьсан. Борооны усыг тогтоож цэвэршүүлэх зарчмаар тэмцээн болох мөрний усны "E.coli" бактерийн түвшнийг бууруулах зорилготой ч Парист хур тунадас бага орж байгаа нь тус төслийг хэрэгжүүлэхэд саад болж байна. Мөн олимпын үеэр гэнэт их бороо орвол усан дахь бактерийн түвшин эрс нэмэгдэх аюултай. Борооны ус цэвэршүүлж амжаагүй бохирын устай нийлснээр бактери үржих таатай нөхцөл болно. Энэ тохиолдолд усны бохирын түвшнийг хэвийн хэмжээнд очих хүртэл тэмцээнийг хойшлуулж болох ч ингэвэл тамирчдын амжилтад нөлөөлөх сөрөг талтай. "e.Coli" бактери гэж юу вэ?    Inside The Games Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын тодорхойлсноор "E.coli" нь гэдэсний бактери. Ихэнх тохиолдолд амь насанд аюулгүй боловч бага насны хүүхэд, өндөр настнуудад хүчтэй нөлөөлдөг. Хоолны хордлоготой төстэй шинж тэмдэг илрэх нь бий. Европын ихэнх оронд бүртгэгдсэн өргөст хэмх, түүнийг химийн аргаар бордсоноос үүдэн гарсан байж болзошгүй гэдэсний халдварт өвчин гэж үздэг. ДЭМБ-аас тогтоосноор гемолизын синдромоор идэвхэждэг аж.    Энэ бактерийн амьдрах хамгийн таатай орчин нь хүний бүдүүн гэдэс. Учир нь "E.coli" хүний бие организмын хамгийн дулаан хэсэг болох бүдүүн гэдэснээс өөр орчинд амьдрах чадваргүй.   Хүний биед олширвол цусан хангамж бууруулах, бүдүүн гэдэсний шархлаа үүсгэх замаар амь насанд аюултай бактери юм.  Мөн усанд их хэмжээгээр байгаа тохиолдолд арьс, салст, шээс болон амьсгалын замаар бусад эд эрхтнүүдэд үрэвсэл халдвар үүсгэх эрсдэлтэй.    Эх сурвалж: Inside The Games
Л.Ганбат: Улсын хэмжээнд 40 мянга орчим шалгуулагч дөрөвдүгээр сарын 6-нд монгол хэл бичгийн шалгалт өгнө
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Элсэлтийн Шалгалт болон монгол хэл бичгийн шалгалтын цахим бүртгэл өнөөдрөөс (2024.02.19)-нд эхэлж байгааг Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-ийн захирал Л.Ганбат мэдээллээ.  Шалгуулагчид монгол хэл бичгийн шалгалтдаа 400 оноо авснаар цааш их, дээд сургуульд элсэн суралцах боломж нээгддэг.  "Энэ жил 40,000 орчим шалгуулагч ЭШ-д хамрагдах урьдчилсан тооцооллыг гаргасан" Монгол хэл бичгийн шалгалтын талаар "Энэ жилийн хувьд Ерөнхий Боловсролын Сургуулийн 12 дугаар ангийн 35,485 суралцагч сурч, төгсөж байна. Үүн дээр өмнөх оны шалгуулагчид нэмэгдэж, ордог.  Өнгөрсөн жилүүдийн дунджаас харвал 5,000-6,000 орчмоор өмнөх оны шалгуулагч нэмэгддэг. 12 дугаар анги төгсөж байгаа сурагчдаас 1,000 орчим нь ямар нэгэн байдлаар шалгалт өгдөггүй гэдэг өмнөх жилүүдийн жишиг судалгаа бий. Энэ жилдээ 40,000 орчим хүүхэд ЭЕШ-д хамрагдах урьдчилсан тооцооллыг гаргаж, үйл ажиллагаагаа зохион байгуулж байна" хэмээв.  Мөн "Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагчаас монгол хэл бичгийн шалгалтыг заавал авдаг. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо нь 400 байдаг. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн хугацаа: 2024 оны хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 15-ныг хүртэл эх хэл, бичгийн шалгалтын бүртгэлийг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс эхлэн монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл, ЭЕШ-ын бүртгэлтэй зэрэгцэн эхэлж байна. Монгол хэл, бичгийн шалгалтын гол зорилго нь суралцагчдын эх хэлээрээ унших, ярих, эх хэлний дархлааны түвшнийг сайжруулах чиглэлээр авдаг. Тодруулбал Уншаад ойлгох чадвар Зөв бичих чадвар Үндэсний бичгээр унших чадвар Эх зохион найруулан бичих чадварын агуулгын хүрээнд байна. Шалгуулагч нь “Монгол хэл, бичгийн шалгалт”-ын босго онооны болзол (400 оноо) хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно. Харин “Монгол хэл, бичгийн шалгалтын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд их сургуульд элсэхгүй" гэдгийг БҮТ-ийн захирал Л.Ганбат сануулав. Монгол хэл бичгийн шалгалтын хуваарь: Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр буюу Бямба гарагт 10:00-11:40 цагт улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулна. Монгол хэл бичгийн дүн оноог шалгалт зохион байгуулснаас хойш ажлын 15 хүртэлх хоногийн дотор мэдээлнэ.   Холбогдох журмын тухай "Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-нд А66 дугаар тушаалаар Элсэлтийн Шалгалт (ЭШ)-ыг зохион байгуулах тухай журмыг баталсан байдаг. Энэ журмын үндсэн агуулга нь Элсэлтийн шалгалтыг хэрхэн зохион байгуулах Олон улсын шалгалтын дүн оноог хэрхэн дүйцүүлэх 2024, 2025 онд элсэлтийн шалгалт яаж явагдах болон цаашид ЭЕШ нь 2026 оноос эхлэн ямар арга зүй, зохион байгуулалттай явагдах вэ гэдгийг зохицуулсан журам юм. Өөрөөр хэлбэл хуучин ЭЕШ-ыг зохион байгуулах журмыг Боловсролын Үнэлгээний Төвийн захирлын тушаалаар баталдаг байсан бол өнгөрсөн онд батлагдсан Боловсролын багц хууль, Боловсролын ерөнхий хуульд тусгагдсаны дагуу холбогдох журмыг салбарын сайд баталдаг болсон. Сайдын баталсан тушаалыг  хэрэгжүүлэхтэй холбоотойгоор БҮТ-ийн захирлын тушаалаар зохион байгуулах тухай удирдамжийг баталж гаргасан байгаа" гэсэн юм.
Аймаг, сумдад тараах өвс, тэжээл ачсан цуваа өнөөдөр хөдөллөө
Монгол Улсын Засгийн газар Улсын хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Цаг уурын байгууллагаас энэ сарын 10-ны байдлаар гаргасан зудын үнэлгээгээр 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна. Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж, өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Тэгвэл хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээл ачсан цуваа өнөөдөр хөдөлжээ.  Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж буй. Шуурхай бүлгүүд нь өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна хаагдсан зам давааг нээх, зам гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж байгааг Монгол Улсын Засгийн Газраас мэдээллээ.     Монгол Улсын Засгийн газар Тодруулбал "Хөдөө аж ахуйн корпорац" ТӨХХК -д хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будаа, улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тонн өвс, тэжээлийг өнөөдрөөс орон даяар нэгэн зэрэг тараах ажлыг зохион байгуулж, тээвэрлэлт хийж буй аж. ХХААХҮЯ отрын штабууд байгуулах, малчдад өвс тэжээл олгох, боогдсон зам, давааг нээх ажлыг хийгээд байсан юм. Мөн малчдын хотноос амьд хонь худалдан авах ажлыг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдан авч экспортолж байна. Мал, мах худалдан авах ажил цаашид ч үргэлжлэх юм. Өнгөрсөн сар гаруйн хугацаанд 18 аж ахуйн нэгж малчдаас 120 мянган толгой хонь худалдан авч булангийн орнууд руу гаргасан гэдгийг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас мэдээллээ.
Олон улсын шалгалтын үнэлгээг ЭШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлтийг гуравдугаар сарын 1-нээс эхэлж авна
Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-өөс өнөөдөр Элсэлтийн Шалгалт (ЭШ)-ын талаар мэдээлэл өглөө.  Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг дараах хөтөлбөрүүдийн шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх юм байна.  № КЕМБРИЖИЙН AS, A ТҮВШНИЙ ОУ-ЫН ШАЛГАЛТ 1 English 9093, 9695, 8695, 8021 хөтөлбөр  2 Mathematics 9709, 9231 хөтөлбөр  3 Physics 9702 хөтөлбөр  4 Chemistry 9701 хөтөлбөр  5 Biology 9700 хөтөлбөр  6 Geography 9696 хөтөлбөр  № ОУ-ЫН БАКАЛАВРИАТ (IB) ХӨТӨЛБӨРИЙН 2 ТҮВШНИЙ ШАЛГАЛТ 1 English SL, HL  2 Mathematics SL, HL  3 Physics SL, HL 4 Chemistry SL, HL  5 Biology SL, HL 6 Russian SL, HL 7 Geography SL, HL  № ШАЛГАЛТ 1 TOEFL /IBT/ 2 IELTS 3 PTE- academic  4 SAT-Math  5 SAT- Evidence-Based Reading and Writing Кембрижийн олон улсын шалгалтууд, IB хөтөлбөрийн шалгалтууд, TOEFL, IELTS, PTE, SAT-н шалгалтын оноотой хүүхдүүд тэр хичээлээрээ ЭШ өгөхгүйгээр авсан оноогоо дүйцүүлэн дотоодын сургуулиудад элсэн орох боломжтой аж.   Хуучин дүйцүүлж байсан аргачлалд нэлээд өөрчлөлт орсон. Ямар хичээлийг ЭШ-ын хичээлтэй дүйцүүлэх, ямар оноог ЭШ-ын оноотой дүйцүүлэх зэрэгт нарийвчилсан заалтуудыг өөрчилсөн гэдгийг БҮТ-өөс мэдээллээ.  Дүйцүүлэх хүсэлтийг 2024 оны  гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Боловсролын Үнэлгээний Төвийн цахим сайтаар дамжуулан хүлээж авах юм байна.  1. Үнэлгээ дүйцүүлэх хүсэлт 2. Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар 3. Үнэлгээ дүйцүүлэх хөтөлбөр болон шалгалтын сертификат, дүнгийн хуудасны хуулбар 4. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримтын хуулбар /зөвхөн өмнөх оны төгсөгч/ 5. Суралцаж буй сургуулийн тодорхойлолт /зөвхөн 12 дугаар ангийн суралцагч/ Дүйцүүлэх хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэж, үнэлгээг дүйцүүлсэн "Батламж хуудас”-ыг цахимаар олгоно.
“Хадгаламжтай бол cashback-тай” хөтөлбөртөө амжиж бүртгүүлээрэй
Тэмдэглэлт баярууд ар араасаа үргэлжилсээр л байна. Санхүүгийн эрүүл мэнддээ анхаарч амжиж байна уу? Санхүүгийн эрүүл мэнддээ анхаарч, хадгалж хэвших гэдэг нь олон санхүүгийн эх үүсвэртэй, өндөр орлоготой болсон цагтаа эхлүүлдэг биш тогтсон дүнгээр тогтмол хуримтлуулахыг хэлдэг юм шүү. Тиймээс олон баярыг дуусгаад, боломжтой болохоо хүлээлгүйгээр хадгаламжийн аяллаа эхлүүлж, зорилгынхоо төлөө үйлдэл хийгээрэй. Харин М банкны найзууд нь санхүүгийн эрүүл мэнд, сайн сайхан байдалдаа анхаарч хадгаламж нээж, байгааг чинь урамшуулж байна. Хадгаламжтай бол cashback-тай гэдгийг мартаагүй биз дээ. М банкны энгийн хугацаатай хадгаламжийн хүү 14.8% хүртэл бөгөөд зорилго бүрдээ зориулж хүссэн өдрөөрөө хэдэн ч хадгаламж нээх боломжтой. Үүгээр зогсохгүй энгийн хугацаатай хадгаламжаа нээгээд 2024 оныг дуустал М basic картын гүйлгээ бүрээс 2% хүртэл дүнгээ буцаан аваарай. Хоол идэх, дэлгүүр хэсэх, бэлэг худалдаж авах, маникюр хийлгэх, машинаа засуулах гээд өдөр тутамдаа картаар хийж байгаа бүхий л гүйлгээнд cashback-тай гээд боддоо.    2024.03.31-нээс өмнө хөтөлбөртөө бүртгүүлээд энэ оныг дуустал cashback-аа авах боломжтой. Хадгаламжийн дүнгээ өсгөх тусам илүү их cashback-тай учраас хөтөлбөртөө амжиж апп-аасаа бүртгүүлээрэй. Cashback-аа ч аваад, зорилгоо ч биелүүлэхэд оройтоогүй байна шүү. “Хадгаламжтай бол cashback-тай” М банк. Дэлгэрэнгүй мэдээлэл авах
QUIZ: Цагаан сараар ямар үйлдэл гаргаснаар чинь таны насыг тодорхойлъё
Цагаан сарын баяр бол Монгол хүн бүрийн гар бие оролцдог, хамтдаа тэмдэглэдэг уламжлалт баяр юм. Бид энэ баяраар гэр бүлтэйгээ хамт байж, хол ойрын садантайгаа уулзаж, ураг төрлөө мэддэг. Гэвч Цагаан сарын баярт хандах хандлага хүн бүрийн хувьд харилцан адилгүй. Иймд таны баярт хандах хандлагаар нас, онцлогийг тодорхойлох гээд үзье. 0/11 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 ‹ › Та цагаан сарын баярт дуртай юу? Дуртай Дургүй Дуртай ч биш дургүй ч биш Шинийн 1-ний өглөө нар мандахыг харж, мөрөө гаргасан уу? Тийм Үгүй Үндэсний баярын өдрүүдээр дээл өмсдөг үү? Тийм Үгүй Янз, янз Танд хэдэн дээл байдаг вэ? Байхгүй 1-3 4-6 7-оос дээш Ирсэн зочин гийчдэд өгөх бэлэг сонгох үйл ажиллагаанд хэр их оролцоотой байдаг вэ? Ирэх зочдыг бүгдийг тооцоолж, сэтгэл гарган бэлэг бэлддэг Бэлэг бэлддэггүй, бэлэн мөнгө өгсөн нь амар Бэлэг бэлдэх нь надад хамааралгүй ажил Та мөнгөн аяга бэлэгт авбал хэр их баярлах вэ? Маш их баярлана. Хэрэгтэй бэлэг Хэлж мэдэхгүй байна Нэг их баярлахгүй ээ Бууз бэлтгэх ажиллагаанд та ямар үүрэгтэй оролцдог вэ? Элдэгч Чимхэгч Мах татагч Буузаа гаргаж хөлдөөх, тоолох зэрэг жижиг сажиг ажил Хүмүүс тантай золгохдоо мөнгө барьдаг уу? Тийм. Олон хүн мөнгө барьж золгодог Тийм. Гэхдээ цөөхөн хэдхэн хүн Үгүй Та айл хэсэхдээ ширээний голд сууж хүмүүсийн ярианд хэр оролцдог вэ? Ихэнхдээ ширээнд сууж хүмүүстэй ярилцдаг Өөр сул өрөөнд орж утсаа оролддог Үе тэнгийн үеэлүүдтэйгээ юм ярьж, тоглодог Цагаан сараар ямар бэлэг өгвөл гоё вэ? Оймс, футболк зэрэг өмсөж хэрэглэж болох зүйл Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн эдэлж хэрэглэж, идэж болох зүйлс Гэрт хэрэгтэй ахуйн хэрэглээний зүйл Зүгээр л бэлэн мөнгө Аль нь илүү чухал вэ? Уламжлалаа хадгалан, хойч үедээ өвлүүлэх Гадаадын хэл соёлыг сурч, гадаад руу явах Түр хүлээнэ үү...
СТАТИСТИК: 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлага адилхан ₮2.2 сая байна
Гэрэл зургийг MPA.mn 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 403 мянган төгрөгөөр буюу 23 хувиар нэмэгдснийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.  Харин үнийн нөлөөллийг арилган тооцвол 2015 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлага 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 147 мянган төгрөгөөр буюу 13.2 хувиар нэмэгдсэн байна.  Өрхийн сарын дундаж мөнгөн орлогын хувьд тус улирлын дүнгээр мөн 2.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 417 мянган төгрөгөөр буюу 24 хувиар өссөн гэв. Үнийн нөлөөллийг арилган тооцвол 2015 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 156 мянган төгрөгөөр буюу 14.3 хувиар нэмэгджээ.  Түүнчлэн ажиллагчид 2023 оны дөрөвдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 38.6 мянгаар буюу 3.3 хувь өсөж, ажилгүй хүн 15.8 мянган хүнээр буюу 24.5 хувь буурчээ.  Ажиллах хүчнээс гадуурх хүн ам 27.7 мянган хүнээр буюу 3.1 хувиар өсжээ.    ВИДЕО:  https://www.facebook.com/StatisticMGL/videos/368581662694168
Папуа Шинэ Гвиней улсад овог аймгуудын мөргөлдөөний улмаас 64 хүн алагджээ
Папуа Шинэ Гвиней улсын алслагдсан уулархаг бүс нутагт гарсан овог аймгуудын мөргөлдөөний улмаас 64 хүн алагдсан тухай тус улсын албаны эх сурвалжууд мэдээлжээ. Ням гарагийн үүрээр Энга мужийн Вапенаманда дүүрэгт болсон энэхүү эмгэнэлт явдлыг Папуа Шинэ Гвинейн орчин үеийн түүхэнд гарсан хамгийн том аллага гэж үзэж байна. Мөргөлдөөн Амбулин, Сикин овгууд болон тэдний холбоотон овгуудын хооронд гарсан тухай эх сурвалж мэдээлжээ. Орон нутгийн цагдаагийн газар Даваа гарагийн өглөө мөргөлдөөн гарсан газрын ойролцоогоос 64 хүний цогцос олсон байна. Овгууд мөргөлдөөндөө АК47, M4 зэрэг автомат буунууд ашигласан нь хохирлын хэмжээнд нөлөөлсөн бололтой. Алагдсан хүний тоо цаашид өсөх магадлалтай байгаа талаар мэдээлжээ. Энэ удаагийн мөргөлдөөнд оролцсон овгууд өнгөрсөн онд бас тулалдсан бөгөөд тухайн үед 60 хүний амь үрэгдэж байсныг Австралийн телевиз (ABC) мэдээлсэн байна. “Энэ бол миний мэдэхээр Энга мужид гарсан хамгийн том аллага. Бүс нутгийн хэмжээнд, бүр Папуа Шинэ Гвиней улсын хэмжээнд ч хамгийн том байж магадгүй. Бид бүгд сэтгэл санааны асар их дарамтад орсон. Яагаад ийм аллага гарсныг ойлгоход үнэхээр хэцүү байна” гэж тус улсын цагдаагийн байгууллагын өндөр албан тушаалтан Жорж Какас ярьжээ. Папуа Шинэ Гвинейн засгийн газар эхний ээлжид зэвсэгт хүчний 100 алба хаагчийг Энга мужид илгээсэн ч хүч дутагдах төлөвтэй байгаа тул дахин нэмж хүч илгээхээр болсон байна. Тус улсын хамгийн ойрын түнш Австрали улсын ерөнхий сайд Энтони Албаниз “Папуа Шинэ Гвинейгээс маш их түгшүүртэй мэдээ хүлээж авлаа. Бид тус улсын цагдаагийн хүчнийг сургаж бэлдэх, аюулгүй байдлыг хангахад ихээхэн дэмжлэг үзүүлсээр ирсэн” гэж өнөөдөр өглөө хэвлэлд ярьжээ. Папуа Шинэ Гвиней улсын алслагдсан, уулархаг хойд нутагт маш олон тооны овог аймгууд уламжлалт хэв маягаар амьдардаг. Тэд хоорондоо 800 гаруй ялгаатай хэлээр харилцдаг тул Папуа Шинэ Гвиней нь дэлхийн хамгийн олон хэл бүртгэгдсэн улсад тооцогддог юм.   Эх сурвалж: Aljazeera
С.Дэлгэрмаа: ЭМЯ 13.5 тэрбум төгрөгийг бидэнд үлдээж өгөөч, элэгний Д вирусийн тариагаа авмаар байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Элэгний В, Д вирустэй тэмцэгчид ТББ-аас 13.5 тэрбум төгрөгөөр элэгний Д вирусийн меркуледикс тариагаа авч хамтдаа элэг бүтэн амьдаръя сэдвээр өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хурлын эхэнд Элэгний В, Д вирустэй тэмцэгчид ТББ-ын удирдах зөвлөлийн дарга С.Дэлгэрмаа "Монгол Улсад өнөөдрийн байдлаар элэгний В, Д вирустэй 450,000 иргэн байдаг. Эдгээрээс Д вирусийн идэвхжилтэй 150,000 хүнийг төлөөлөн энд ирлээ. Элэгний Д вирусийн улмаас жилд 5,400 хүн нас барж байгаа гашуун үнэн байна.  Бид Д вирусийн тарианд хамрагдахын тулд 2016 оноос хойш ЭМЯ-ны сайд болон бусад хүмүүст хандаж, мэдэгдэл, шаардлага хүргүүлж байсан ч өнөөдрийг хүртэл онцын шийдэлд хүрсэнгүй. Элэгний Д вирусийн тариа 2014 онд ОХУ-д гарсан. ЭМЯ-нд уг тариаг оруулж ирэх тал дээр хамтарч ажиллахыг олон удаа шаардсан боловч ажилласангүй. Тариаг хүлээгээд хүмүүс нас барж байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ. Хоёр жилийн өмнө 37 настай эмэгтэй Д вирусийн улмаас тариаг мөн ч их хүлээлээ дээ гэж дамжуулаарай гээд өнгөрсөн байдаг. Иймд элэгний Д вирусийн тариаг хурдан оруулж ирэхийг ЭМЯ-наас шаардаж байна. Иргэд 2023 онд жагсаж байж, АНУ-д гарсан 30 ширхэг тариа оруулж ирсэн боловч яаман дээр ирээд хэн авсан нь мэдэгдэхгүй замхарсан.  ЭМЯ ажиллахгүй байгаа тул бид ОХУ руу явж, элэгний Д вирусийн тарианд хамрагдах эрхийн бичигтэй ирсэн. 2023 онд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн улсын төсөвт 13.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн гэж ярьж байсан. Татвар төлөгч нарын мөнгөнөөс элэгний Д вирусийн тариагаа авахгүй бол бидэнд эдийн засгийн боломжгүй байгаа юм. Энэ талаар ЭМЯ-нд шаардлага өгсөн ч хариу өгөөгүй. 13.5 тэрбум төгрөгийг ЭМЯ зориулалт бусаар зарцуулсан байгаа.  ЭМЯ бидэнд 13.5 тэрбум төгрөгийг үлдээж өгөөч, бид элэг бүтэн амьдармаар байна" хэмээн ярилаа. "13.5 тэрбум төгрөгийг ЭМ-ийн сайдын багцад суулгаж өгснийг эрх шилжүүлэх гэрээ, журмаар Халдвартын эмнэлэгт шилжүүлсэн байдаг. Тус эмнэлэг 13.5 тэрбум төгрөгт тендер зарласан. Халдвартын эмнэлгээс зарласан тендер нь огноогүй, хууль бус, харилцаа хамааралтай хүмүүс шалгарсан байгааг эсэргүүцэж, АТГ-т гомдол гаргасан" гэв.   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ оны нэгдүгээр сард инфляц 7.6%-тай гарахад хүнсний бараа, ундаа, усны үнэ 43% нөлөөлжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны нэгдүгээр сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулж байна. Энэ оны нэгдүгээр сард инфляц улсын хэмжээнд 7.6 хувьтай гарсан бөгөөд өсөлтийн хурд өмнөх оны мөн үеэс 4.7 нэгж хувиар буурчээ. Нэгдүгээр сарын инфляц 7.6 хувь гарсны 3.2 нэгж буюу 42.7 хувиар хүнсний бүлэг нөлөөлж байгааг Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ. Түүнчлэн ифляцад импортын барааны үнэ 34.2 хувиар нөлөөлсөн аж. Инфляцад голлон нөлөөлсөн 10 бараа:    Эргэн сануулбал 2023 оны арванхоёрдугаар сард инфляц 7.9 хувь гарч байсан юм.  ВИДЕО: https://www.facebook.com/StatisticMGL/videos/368581662694168
Б.Ууганбаяр: Сүүлийн 72 цагт цасанд суусан 147 машины 582 зорчигчийн аюулгүй байдлыг хангалаа
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Улсын Онцгой Комисс(УОК)-ын Шуурхай штабаас Монгол оронд сүүлийн 72 цагт тохиолдсон байгалийн онц аюултай үзэгдэл, түүний улмаас учирсан хохирол болон иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахаар хэрхэн ажилласнаа өнөөдөр танилцуулав. Дурдсан хугацаанд  Объектын гал түймрийн 20 дуудлага ирэв. Энэ дагуу гал унтраах, аврах ангийнхан үүрэг гүйцэтгэж ажилласан. Сураггүй болсон 27 дуудлага бүртгэгдлээ. Нийт 50 иргэн сураггүй болсноос 49 хүнийг эсэн мэнд олсон. Нэг иргэн харамсалтайгаар амиа алдсан байдалтай олдсон. Цасанд суусан 43 дуудлагаар ажиллаж, 147 машин, 582 зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, амь нас, эрүүл мэндийг нь хамгаалсан. Ингэхэд онцгой байдал, цагдаагийн байгууллага болон нутгийн захиргааны зэрэг холбогдох байгууллага хамтран ажилласан. Голын мөс цөмөрсөн нэг дуудлага ирсэн гэдгийг УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээлэв. Мөн тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд баруун аймгуудад болсон хүчтэй цасан шуурганы үеэр ямар хохирол учирсан талаар "Хоёр гэр, таван байшингийн дээвэр хууларч, 30 хашаа нурж, долоон машины шил хагарсан. Хүний амь эрстсэн тохиолдол гараагүй. Харин уулын цасны нурангид дарагдсан нэг тохиолдол гарлаа. Эрлийн ажиллагаа зохион байгуулан нэрвэгдсэн иргэний цогцсыг олсон. Үүнд онцгой байдал, хилийн цэрэг, зэвсэгт хүчин болон сумын иргэд гээд олон хүний бүрэлдэхүүнтэй эрлийн ажиллагаа зохион байгуулсан. Маш том хэмжээний цасан нуранги үүссэн байсан" гэлээ.  Түүнчлэн бригадын генерал Б.Ууганбаяр "Онцгой байдлын байгууллага цаг агаарын мэдээллийг тухай бүрд нь хүргэж байгаа. 20 жилийн өмнөхтэй харьцуулбал Монгол Улсын хэмжээнд ямар ч газарт мэдээлэл очих бүрэн боломжтой болчихсон. Гамшгаас хамгаалах тухай хуулиар мэргэжлийн байгууллагын өгч байгаа заавар зөвлөгөөг ард иргэд дагана гэх заалттай. Хэдийгээр мэдээлэл өгөөд байгаа ч иргэд заавар зөвлөмжийг хайхрахгүйгээр хөдөө орон нутагт хөдөлгөөн үйлдэж, цасан шуурганд очоод гацчихсан, уул даваан дээр гараад зогсчихсон байдаг. Сүүлийн 72 цагийн хугацаанд маш олон хүн ийм нөхцөл байдалд орлоо. Энэ бүрд онцгой байдлын байгууллагаас машин техник, хүн хүчээ гаргаад ажилладаг. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагаагүй тохиолдолд ямар нэг хэмжээгээр нөхөн төлбөр төлүүлэхээс эхлээд хууль тогтоомждоо анхаарах хэрэгтэй. Энэ бол тэр хүний амь нас, эрүүл мэндийн төлөө л хэлж байгаа зүйл. Хүүхдүүд авч яваад төөрч будилсан, цасанд суусан тохиолдол их байлаа. Өөрөө хэнэггүйдээд явдаг юм гэхэд үр хүүхдээ аваад явна гэдэг харамсалтай. Бусад улс оронд, хамгийн ойрын жишээ нь Казахстанд цаг агаарын мэдээг олон нийтэд дамжуулсан тохиолдолд бүх хүн суурин газраа зогсоод, агаар хэвийн боллоо гэсний ард хөдөлгөөнөө үргэлжлүүлдэг. Энэ бол хариуцлага, соёл. Цаашид манай ард иргэд ойлгон ухамсарлаад өөрчлөгдөнө гэж найдаж байгаа" гэж байлаа.
СУДАЛГАА: Сэтгэл мэдрэмжийн ярилцлагад ирсэн хүмүүсийн дийлэнх нь ганцаардсан, сэтгэл гутралтай байна
Чөлөө - Сэтгэл мэдрэмжийн ярилцлагын төв Нийгэмд хүмүүсийн огт хэлж чадахгүй байгаа юмсыг ярилцаж, сэтгэлзүйн асуудлыг нь ил тодоор илрүүлэн хуваалцах зорилготой төв Улаанбаатар хотод өнгөрсөн сард нээгдсэн талаар бид мэдээлсэн.  Өнөөгийн нийгэмд хүмүүсийн дотор ямар хямрал нүүрлэж, юуг хүсэж, юутай зөрчилдөж байгаатай холбоотой сэдэвчилсэн уулзалтыг долоо хоног бүр хийдэг юм. Сэтгэл мэдрэмжийн ярилцлагын "Чөлөө" төвд нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 16-нд хүртэлх ажлын өдрүүдэд хийсэн ярилцлагад 41 хүн хамрагджээ.  Тайлангаас үзэхэд оролцогчдын дундаж нас 32.2 байсан бол 53 хувь нь эмэгтэйчүүд байв.     Эх сурвалж: Сэтгэлзүйн судалгаа   Эх сурвалж: "Чөлөө" төв
Б.Батбаатар: Улс төрийн 35 намын удирдлагыг дугуй ширээний ярилцлагад урьж байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ын дарга Б.Батбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээлснээр манай улсад цас зудын байдал байгалийн гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Эрдэнэт хүний амь нас эрсдэлээ. Байгалийн гамшигт өртөж амь насаа алдсан хүний ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье. Цаг үеийн бэрхшээлийг монголчууд бид нэгдэж байж ард нь гардаг. Тиймээс энэ хэцүү цаг үед нэгдэж бие биедээ туслахыг уриалж байна. Миний бие өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд хэвлэлийн хурал зарлаж АН, МАН-ын намаас бусад 35 улс төрийн намыг нэгдэхийг уриалсан. Өөрийн биеэр 15 намын удирдлагатай уулзсан. Тэднээс 10 орчим нам нь нэгдэж хамтрахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд буй. Хоёрдугаар сарын 21-нд буюу нөгөөдөр 11:00 цагаас дугуй ширээний ярилцлагад улс төрийн 35 намын удирдлага болон төлөөллүүдийг урьж байна. Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-нд энэ хурлыг зохион байгуулахад танхимаар хангаж өгөх хүсэлт тавьсан. Өнөөдөр хариу нь гарна. Энэ хүсэлт маань бүтэхгүй бол өөр газар хайж олно. Дугуй ширээний ярилцлагыг ил тод нээлттэй хийнэ. Энэ хурал хэвлэлийнхэнд хаалттай болно. Харин ярилцлагаас гарсан мэдээллийг оролцсон улс төрийн намын удирдлагууд өөрсдөө мэдээлэл хийх бүрэн эрхтэй" гэж ярилаа.
БҮТ: 2026 оноос эхлэн I, II, III түвшний шалгалтуудаас сонгож Элсэлтийн Шалгалт өгдөг болно
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-өөс өнөөдөр Элсэлтийн Шалгалт (ЭШ)-ын талаар мэдээлэл өглөө.   2024, 2025 онуудад ЭШ 2006 оноос хойш зохион байгуулагдаж ирснээрээ явагдана. Харин 2026 оноос эхлээд ЭШ арай өөр агуулга, зохион байгуулалттай болох юм байна.  Иймд одоо 10 дугаар ангид суралцаж байгаа хүүхдүүд одооноос шинэ журмынхаа дагуу элсэлтийн шалгалтдаа бэлдэж мэдээллээ авч байх хэрэгтэй гэв.  2026 оноос эхлээд:  Хүүхэд бүр суралцах чадварын шалгалтыг заавал өгдөг болно Судлагдахууны хоёр түвшинт шалгалт өгдөг болно  Ур чадварын шалгалт өгдөг болно  Олон улсын англи хэлний шалгалтыг өгч эхлэх юм байна.  1.Суралцах чадварын шалгалтын агуулга нь Монгол хэл, бичиг, математикийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн заавал судлах агуулгын хүрээнд эзэмшсэн ерөнхий мэдлэг чадварыг үнэлэхэд чиглэн боловсруулсан нэгдмэл шалгалт байна.  Сургалтын хөтөлбөрийн ЗААВАЛ судлах агуулгын хүрээнд эзэмшсэн байх ерөнхий мэдлэг, чадварыг үнэлнэ.  Элсэгч бүр ЗААВАЛ өгнө.  Үндэсний босго оноо 400  Босго онооны шаардлага хангаагүй байсан ч ЭШ-д хамрагдана  Босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд их, дээд сургуульд элсэх боломжгүй.  2.Судлагдахууны хоёр түвшинт шалгалт нь:  Анли хэл-I Англи хэлний олон улсын шалгалт- PEIC  Математик- I, II Монгол хэл- I, II Орос хэл- II Байгалийн ухаан- I, II, III Нийгмийн ухаан- I, II, III гэсэн түвшинтэй, тестийн хэлбэртэй байна.  I гэдэг нь дундаж түвшин. II гэдэг нь ахисан түвшний мэдлэгийг шалгах юм байна. Жишээ нь цаашдаа математик суурьтай мэргэжил сонгосон бол арай ахисан түвшний буюу II шалгалтыг өгөх аж. Харин математик дагалдах мэргэжил сонгосон бол I шалгалтыг өгөх юм байна.  Мөн хэлний чиглэлээр гүнзгийрүүлж суралцах бол англи хэлний олон улсын шалгалтыг заавал өгнө. Бусад чиглэлээр суралцах бол англи хэл I түвшний шалгалтыг өгөх аж.  Харин байгалийн болон нийгмийн ухааны хичээлийн хувьд:  Шалгалтын агуулга  Судлагдахуун Хөтөлбөрийн агуулга Байгалийн ухаан-1  ФИЗИК СОНГОН СУДЛАХ АГУУЛГА  Хими  Заавал судлах агуулга  Биологи Байгалийн ухаан-2  ХИМИ СОНГОН СУДЛАХ АГУУЛГА  Физик  Заавал судлах агуулга  Биологи  Байгалийн ухаан-3 БИОЛОГИ  СОНГОН СУДЛАХ АГУУЛГА  Физик  Заавал судлах агуулга  Хими  Дээрх I, II, III-р түвшний жишиг шалгалтуудыг БҮТ-өөс веб сайтаараа дамжуулан хүргэнэ гэв.
Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш нэгдүгээр сард ₮3,407 болж, өмнөх оны мөн үеэс ₮59.8-өөр чангарчээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос манай улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны нэгдүгээр сарын үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр танилцуулагдсан мөнгө болон зээлийн өрийн үлдэгдлийн голлох мэдээллүүдийг хүргэе.  Мөнгөний нийлүүлэлт энэ оны нэгдүгээр сард 37.5 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 7.8 их наяд төгрөгөөр өсжээ. Тус өсөлтөд төгрөгийн харилцах хоёр их наяд, төгрөгийн хадгаламж 4.3 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин төгрөгийн хадгаламж 17.1 их наяд төгрөг байгаагийн 84.3 хувийг иргэдийн, 15.2 хувийг ААН болон байгууллагын хадгаламж эзэлж байгаа аж.    Тэгвэл манай улсын нийт зээлийн өрийн үлдэгдэл 27.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.2 их наяд төгрөгөөр өсжээ. Уг өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 4.1 их наяд төгрөг, хувийн байгууллагынх 1.1 наяд төгрөгөөр өссөн нь гол нөлөө үзүүлсэн байна.    Мөн нийт зээлийн өрийн үлдэгдлийн 58.6 хувь нь иргэдийнх, 40.2 хувь нь хувийн байгууллага, 0.7 хувь нь төрийнх, 0.5 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх байгаа талаар танилцуулгын үеэр онцлов.  Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 24.5 их наяд төгрөг болж, өмнөх мөн үеэс 5.2 их наяд төгрөгөөр өссөн байна. Тэгвэл анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.2 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны нэг сараас 84.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.  Харин чанаргүй зээл хоёр их наяд болж өмнөх оны мөн үеэс 14.8 тэрбум төгрөгөөр өсжээ. Тэгвэл нийт зээлийн дүнд анхаарал хандуулах зээл 4.4 хувь, чанаргүй зээл 7.4 хувийг эзэлж байгаа юм.  Түүнчлэн Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш нэгдүгээр сард 3,407.37 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 59.84, өмнөх сарынхаас 13.83 төгрөгөөр чангарсан талаар ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцууллаа.
Л.Энхбаатар: Нэгдүгээр сарын байдлаар боловсролын салбарт ажиллагсад өмнөх оны мөн үеэс 17 мянгаар өссөн
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос манай улсын ажиллах хүчний 2024 оны нэгдүгээр сарын үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцууллаа.  2023 оны дөрөвдүгээр улиралд ажиллагчид өмнөх оны мөн үеэс 38.6 мянгаар өсөж, ажилгүй хүн 15.8 мянгаар буурсан бол ажиллах хүчнээс гадуурх хүн ам 27.7 мянгаар нэмэгдсэн аж. Ингэснээр манай улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын байдлаар нийт ажиллагсдын тоо 1.2 сая болжээ.   Нийт ажиллагчдыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл өмнөх оны мөн үеэс дараах байдлаар голлон өсжээ. Үүнд: Бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт ажиллагсад 20.2 мянгаар,  Боловсролын салбарт ажиллагсад 16.9 мянгаар,  Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллагсад 13.4 мянгаар,  Тээвэр ба агуулахын үйл ажиллагаанд ажиллагсад 8.1 мянгаар,  Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаанд ажиллагсад 10 мянгаар тус тус нэмэгдсэн аж.    Харин хөдөлмөр эрхлэлтийн статусаар нь авч үзвэл цалин хөлстэй байнгын ажиллагч өмнөх оныхоос 48.4 мянгаар, өмнөх улирлаас 40.1 мянгаар өссөн байна.  Тэгвэл цалин хөлстэй ажиллагчгүй ААН, байгууллагын үйл ажиллагаа эрхлэгч өмнөх оны мөн үеэс есөн мянгаар, өмнөх улирлаас 4.5 мянган хүнээр буурсан талаар ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцууллаа.
Г.Занданшатар: Нэг хүн нэр дээрээ 30-аас дээш газар авсан тохиолдол олон байна
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах болсон талаар мэдээлэл өглөө. Энэ талаар тэрбээр "Монгол Улсын иргэн Номуун-Эрдэнэ газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2013 оны хуулийг хүчингүй болгох санаачилгыг цахим өргөдлийн системд байршуулж, долоо хоногийн хугацаанд 100,157 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан. Дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийн засаглах эрхийн хүрээнд гаргасан энэхүү саналыг заавал хэлэлцэх ёстой. Иргэн Номуун-Эрдэнийн саналын дагуу газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай Хөрөнгө оруулалтын тухай хуулийн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулаад УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хэлэлцүүлж, Байнгын хорооны бүх дарга нар мэдэгдсэнийг төлөөлөөд мэдэгдэл хийж байна. засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангалаа. Үүнтэй холбоотойгоор Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн дагуу газрын ашиглалт, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах шаардлагатай байна гэж үзлээ. Хөдөөд 0.35, нийслэлд 0.07 га газрыг эзэмшүүлэх хууль хэрэгжсэн ч зарим нь газраа авч чадахгүй байхад гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлж, ашиглуулдаг юм бэ гэдгийг орон нутагт явж байхад иргэд хэлж байна.  Танил талтай, эрх мэдэлтэй нь газрыг авдаг үзэгдэл гаарлаа. Газрын хуулийн хэрэгжилт ил тод бус байна. Ийм учраас Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, газрын болон ашигт малтмалын лиценз олголт, АМНАТ-ын төлбөрийн тооллогод хяналт шалгалт хийх Түр хороо байгуулж, нээлттэй сонсголоор хэлэлцэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хороодын дарга нар, Засгийн газрын холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Өөрөөр хэлбэл тусгайлсан ажлын хэсэг байгуулж байна. Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай хууль батлагдах ёсгүй гэж үзэж, хуулийн төслийг батлуулна. 2013 оны Засгийн газрын үед баталсан Хөрөнгө оруулалтын хуулийн уг заалтыг хүчингүй болгох нь зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга энэ талаар нэг байр суурьтай байгаа. Тус заалт нь хэдийгээр газрын тухай хуульд тусгагдаж, хэрэгжээгүй боловч үүд хаалгыг нээгээд орхисон нь хэзээ нэгэн цагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэж хардах үндэстэй байна. Буян хураасан нутгаа бурхдаас ч харамладаг түүхэн уламжлалтай Монголын ард түмэн газрынхаа төлөө онцгой анхаарч ажилладаг. Хяналт шалгалтын Ажлын хэсэгт Эдийн засгийн байнгын хороон дарга Ц.Цэрэнпунцаг, Ёсзүйн сахилга хариуцлагын байнгын хороон дарга Б.Баттөмөр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дарга Б.Энх-Амгалан, Инновац, цахим бодлогын байнгын хороон дарга Э.Батшугар, ЦХХХ-ны сайд Н.Учрал болон Хууль зүйн сайд Б.Энхбаяр орсон бөгөөд хууль хяналтын байгууллагуудаас мэдээлэл авна. Ажлын дэд хэсгийг хууль, шалгалтын байгууллагууд эрдэмтэн, судлаач, шинжээч, ТББ-уудтай хамтран байгуулж гуравдугаар сарын 15-н хүртэл бэлтгэл хангахыг үүрэг болголоо" хэмээн ярилаа. Газрын хуулийн төслийг боловсруулахдаа иргэн бүрд газар эзэмшүүлэх, нийслэлээс хөдөө орон нутаг руу шилжиж байгаа иргэдэд атар газар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх чиглэл өгчээ. "Хууль зөрчигдөж олгогдсон газруудыг ашиглах, эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгох эрх байгаа. Энэ нь Хянан шалгалтын түр хорооны нээлттэй сонсголын явцад ил тод болно. Урьдчилсан мэдээллээр нэг хүн нэр дээрээ 10, 30-аас дээш газар авсан нь олон байна. Аймаг, сумын түвшинд ч газар олголт хэл амтай байна. Улаанбаатарын үер, газын дэлбэрэлт газар олголттой салшгүй холбоотой. Энэ алдааг засах, үүний цаана байгаа хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын хэргийг илрүүлэх нь Түр хороо, ажлын хэсгийн гол чиглэл" хэмээн хэллээ. Газартай холбоотой санал, гомдлыг иргэдээс 1111 утсаар авах юм байна.  Өвөлжилтийн талаар "Цагаан сарын баяр өндөрлөөд ажлын өдөр эхэлж, хөдөө орон нутагт ажиллаж, цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэлээ. Хаврын сар гарч байгаа цас, зуд Монгол орныг хамарч, хүндэрч байна. Зудын аюул эрсдэлийг гарз хохирол багатайгаар туулахаар аравдугаар сараас орон нутагт ажиллаж, өвөлжилтийн хүндрэлтэй байдлыг даван туулах талаар цаг тухайд нь шийдвэр гаргаж ажилласан. Малчид минь Монголын нүүдлийн соёл иргэншлийн оршин тогтнохын баталгаа учраас тэдэндээ туслах аяныг өрнүүлсэн. Сэтгэлийн тусгал аяныг дэмжиж нэгдэхийг уриалсан байгаа".
Төрийн банк: Санхүүгийн боловсролтой шинэ үеийг бэлтгэнэ
Эрүүл мэндийн боловсролтой, сэтгэл зүйгээ ойлгодог, санхүүгийн мэдлэгтэй ирээдүй үеийг бүтээлцэх зорилго бүхий “Жигүүр” төслийн нээлт өнгөрсөн Баасан гарагт боллоо. Тус төслийн хамтран ажиллагчаар Төрийн банк оролцож байгаа бөгөөд сурагчдад санхүүгийн болоод эрүүл мэндийн боловсролыг олгож сэтгэлзүйн хувьд тогтвортой, санхүүгийн эрх чөлөөтэй ирээдүйн шинэ үеийг бэлтгэхээр төлөвлөж байгаа аж. “Зайсан хилл”-д болсон нээлтийн арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлөн Дэд захирал Х.Лхагвасүрэн, Бизнесийн бодлого төлөвлөлтийн газрын захирал Б.Одбаясал, Маркетинг, олон нийттэй харилцах газрын захирал Б.Содонбаатар болон Даатгалын газрын захирал Б.Агваанцэрэн нар оролцлоо.  Төсөлд Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 96, Оюуны ундраа, Баянзүрх дүүргийн 148, Глобал иннова, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5, Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургуулийн IX-XI ангийн 2000 сурагч хамрагдаж байгаа юм. Төсөлд хамрагдсан сурагчид эрүүл мэнд, сэтгэлзүйн болон санхүүгийн тус бүр гурван зөв дадлыг нэг жилийн хугацаанд олж авахаас гадна HABIDO аппликэйшнаар дамжуулан 156 сэдвийн боловсролыг эзэмших юм байна. Мөн 27 удаагийн танхимын хичээлээр мэргэжлийн багш, мэргэжилтнүүдийн багаар тусгайлан хичээл заалгахаар ажээ. Төрийн банкны хувьд 2023 онд Санхүүгийн боловсролыг олгогч шилдэг банкаар шалгарч байсан билээ. Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк
Нөхцөл байдал хүндэрсэн аймгуудад 54,398 километр зам гарган 14,110 өрхөд өвс, тэжээлийн тусламж хүргэнэ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Засгийн газар, Улсын Онцгой Комисс(УОК)-ын шийдвэрээр малчдад өвс тэжээлийн тусламж үзүүлэхээр болж, цуваа өнөөдөр хөдөлсөн.  Эхний тусламжийг нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Сүхбаатар аймагт хүргэхээр төлөвлөжээ.  Долоон хоног үргэлжлэх энэхүү тусгай ажиллагаанд онцгой байдлын байгууллага, зэвсэгт хүчин, хил хамгаалах болон цагдаагийн байгууллагын нийт 138 техник хэрэгсэлтэйгээр 360 алба хаагч үүрэг гүйцэтгэх юм байна. Тэд 54,398 километр орчим зам харгуйг нээж, 14,110 өрхөд 16,347 тонн өвс, 6,879 тонн тэжээлийг хүргэх аж.  УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр "14,000 гаруй малчин өрхөд хүрч ажиллана. Үндсэндээ 54,000 гаруй километр сумаас сумын хооронд, сумаас малчин өрх рүү явах замыг нээхээр хүч хэрэгслийн бүрэлдэхүүнийг гаргасан. Малчин иргэд зам харгуйг нээж өгөх хүсэлтийг эн тэргүүнд тавьсан. Иймд хүч хэрэгслүүд эхний удаад зам харгуйг нээх чиглэлд ажиллахаар байгаа. Туулалт сайтай төрийн цэргийн машин техникийг ашиглах бөгөөд орон нутагт ажиллах үед шатах тослох материалаар тасралтгүй хангах асуудал бий. Үүнтэй холбоотойгоор "Петровис" болон "Шунхлай" шатахуун түгээх байгууллагатай урьдчилсан байдлаар тохиролцож, гэрээ байгуулан шатах тослох материалаар тогтмол цэнэглэх асуудлыг шийдсэн.  Хоёрдугаарт малчны хотонд өвч тэжээлийг хүргэх асуудал бий. Эхний ээлжид аймаг, сумын аюулгүйн нөөцөд байгаа өвч тэжээлийг хүргэнэ. Үүнд 138 техник хэрэгсэл нь дэмжлэг үзүүлж ажиллана. Өвс тэжээлээ хүргэх явцдаа зам харгуйгаа гаргана" гэлээ. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр зургаан бүлэг гарч, нарийвчилсан үзлэг, тандалт хийх, эмчилгээ тусламж үзүүлэх юм.
ТАНИЛЦ: 2024 оны элсэлтийн шалгалтын хуваарь
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Элсэлтийн Шалгалт (ЭШ)-ын хуваарь албан ёсоор гарсныг Боловсролын Үнэлгээний Төвөөс танилцуулав. Дараах хуваарийн дагуу Элсэлтийн Шалгалтыг зохион байгуулна. Хүснэгт 1: Шалгалтын хуваарь  Сар, өдөр  Цаг  Шалгалт  Долдугаар сарын 4-нд Пүрэв гарагт 10:00-11:20   Түүх  14:00-15:20 Англи хэл  Долдугаар сарын 5-нд Баасан гарагт  10:00-11:40 Хими  13:00-14:20  Газарзүй 16:30-17:50  Нийгэм судлал  Долдугаар сарын 6-нд Бямба гарагт  10:00-11:20 Биологи  14:00-15:40 Математик  Долдугаар сарын 7-нд Ням гарагт  10:00-11:40  Физик  13:00-14:20  Орос хэл  16:00-17:20 Монгол хэл  "Сурагчдын хичээл сонголтод хөндлөнгөөс нөлөөлөх эрх багш, удирдлагуудад байхгүй"  БҮТ-ийн захирал Л.Ганбат хэлэхдээ "Монгол хэл, математик, англи хэл, физик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, химийн хичээлээр сурагчид элсэлтийн шалгалт өгдөг.  Эдгээр хичээлийн хүрээнд шалгалт өгч ямар мэргэжлээр, аль сургуульд суралцах, ямар хөтөлбөрөөр элсэх зэргээс хамааран хамгийн багадаа хоёр, ихдээ 10 хичээлийг өөрийн хүссэнээр сонгож, өгөх боломж нээлттэй бий. Өмнөх жилүүдээс харж байхад зарим сургуулийн удирдлагууд, багш нарын зүгээс сурагчдын хичээл сонголтод хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гаргадаг. Энэ төрлийн гомдлууд ирдэг. "Чи энэ хичээлийг гүнзгийрүүлж, сонгон судалж үзээгүй учраас битгий өг” гэж сурагчдадаа хэлэх эрх үүрэг багш, удирдлагуудад байхгүй. Хэдэн хичээлээр ямар шалгалт өгөх нь тухайн элсэлтийн шалгалтад хамрагдах гэж байгаа шалгуулагчийн өөрийнх нь эрх. Элсэлтийн Шалгалтын онлайн бүртгэлийг энэ долоо хоногоос эхлэн БҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд хот болон орон нутгийн бүх сургууль дээр танхим, цахим хэлбэрээр зохион байгуулж, 12 дугаар ангийн хүүхдүүдтэй нэг бүрчлэн уулзаж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана" хэмээв.
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ЭШ-д бүртгүүлэхдээ өргөдөл, эмчийн магадалгаа зэрэг бичиг баримтыг БҮТ-д авчирна"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-ийн www.eec.mn сайтаар дамжуулан Элсэлтийн Шалгалтын холбогдох бүх мэдээллийг өгнө гэдгийг Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-ийн захирал Л.Ганбат хэллээ.  Мөн энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч Элсэлтийн Шалгалт (ЭШ)-д хэрхэн хамрагдах тухай зохицуулалтыг журам, удирдамж дээр тусгайлан зааж өгсөн.  Тодруулбал ЭШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын Үнэлгээний Төвд ирүүлэх ёстойг тэрбээр сануулав.  Холбогдох бичиг баримтууд  Өргөдөл Эмчийн магадалгаа Сургуулийн тодорхойлолт Эдгээр бичиг баримтыг ирүүлснээр тухайн иргэний хөгжлийнх нь хэрэгцээ, шаардлагад тохируулан Элсэлтийн Шалгалтын үед тусгайлан бэлтгэсэн анги танхимд холбогдох нэмэлт хэрэгслүүдээр шалгалтын цаг хугацаа, даалгаврын агуулгад нэмэлт зохицуулалт хийж, тусгай орчинг бүрдүүлж авдаг журамтайг БҮТ-ийн захирал Л.Ганбат танилцуулав.
Шагайн хиймэл үе солих мэс заслыг ГССҮТ амжилттай нутагшуулав
ЭМЯ Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-ийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд шагайн хиймэл үе солих мэс засал эмчилгээг эх орондоо амжилттай нутагшуулсныг Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас мэдээллээ. Тус төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн их эмч Ш.Баасансүрэнгээр ахлуулсан тасгийн эрхлэгч Б.Баатаржав, Г.Бадамгарав нарын бүрэлдэхүүнтэй мэс заслын баг шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс заслыг хийж, орчин үеийн дэвшилтэт мэс засал эмчилгээг тусламж үйлчилгээнд бүрэн нэвтрүүлээд байна. Уг тасгийн хамт олон 2022 оны арваннэгдүгээр сард БНСУ-ын "Йонсей Гунвоо" эмнэлгийн захирал Eui Hyun Park болон бусад эмч, мэргэжилтэнтэй хамтран Монголд анх удаа шагайн хиймэл үе солих мэс заслыг хийсэн бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн энэхүү мэс засал эмчилгээг бие даан амжилттай хийж байгаа юм. Шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс заслыг Монголд нутагшуулснаар энэ төрлийн шалтгаант өвчлөл, зовууриар шаналж буй иргэдэд олон улсын стандартыг хангасан тусламж үйлчилгээг эх орондоо, бага зардлаар илүү хялбар, чанар хүртээмжтэй авах, амьдралын чанараа дээшлүүлэх зэрэг таатай боломж бүрдэнэ.
ЖАГСААЛТ: Элсэлтийн Шалгалтын мэдээллийг авах албаны эх сурвалжууд
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-өөс өнөөдөр Элсэлтийн Шалгалт (ЭШ)-ын талаар мэдээлэл өглөө.   Энэ үеэр элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүдийг дараах албан ёсны эх сурвалжуудаас авахыг БҮТ-өөс зөвлөв.  Боловсролын үнэлгээний төвийн вэб сайт  https://eec.mn/ Боловсролын үнэлгээний төвийн пэйж хуудас https://www.facebook.com/eec.mn Лавлах утас  70119494, 75779498  Бүх мэдээллээ нэг доороос авах боломжтой  Mobile App  Ажил мэргэжлийн чиг баримжаа  Myfuture.mn  Элсэлтийн шалгалтын шалгуулагчид бүх мэдээллээ нэг дороос авах боломжтой. Дата үнэгүй.  http://help.eec.mn/ Нууц дугаар, бүртгэлийн дугаар, шалгалтын хуваарь, суудлын хуваарь, дүнгийн мэдээлэл  133233-SMS үйлчилгээ  Элсэлтийн шалгалтын шалгуулагчид үр дүнг харах  Stat.eec.mn Сэтгэлзүйч  Шалгуулагчдад зөвлөгөө өгөх зорилгоор ажиллана.  Түүнчлэн элсэлтийн шалгалт нь их дээд сургуульд элсэх гэж буй шалгуулагчдыг эрэмбэлэн жагсаах зорилготой. Сургалтын чанарын хэрэгжилтийг шалгаж байгаа үнэлгээ биш учраас БҮТ-өөс албан ёсоор аймаг, дүүрэг, сургуулиудыг эрэмбэлж жагсаадаггүй гэв.  Мөн 2026 оноос шинэчлэгдсэн журмаар явах элсэлтийн шалгалтын жишиг даалгавруудыг дээрх албаны эх сурвалж дээр байршуулна гэдгийг БҮТ-өөс мэдээлээд байгаа юм.
Манай улс энэ оны нэгдүгээр сард 9,305 суудлын автомашин импортолжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Энэ оны нэгдүгээр сард импорт өмнөх оны мөн үеэс 247 сая ам.доллароор өссөнийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Ийнхүү өсөхөд суудлын автомашин 60.1 сая ам.доллар авто бензин 32.2 сая ам.доллар нийтийн тээврийн хэрэгсэл 28.1 сая ам.доллар цахилгаан шуудан утасны холбооны аппарат 10.2 сая ам.доллар бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 9.6 сая ам.доллар хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл 8.9 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.  Онцолбол 9,305 ширхэг суудлын автомашин манай улс импортолсон бөгөөд нийт 60.1 сая ам.доллар болсон аж.  Импортын өсөлтөд үзүүлсэн нөлөө, сая ам.доллароор:    ҮСХ     ҮСХ
Улаанбаатар Принт компани олон улсын ISO стандартуудыг хангалаа
Таван Богд Группийн охин компани Улаанбаатар Принт ХХК, Олон Улсын Баталгаажилтын "Cognicert" байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөс, Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001, ISO 45001, ISO 22000 стандартын гэрчилгээгээ гардан авлаа. Улаанбаатар Принт компани 26 жилийн түүхтэй, Монгол дахь хэвлэлийн ууган үйлдвэрүүдийн нэг бөгөөд тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн, чанартай, бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэн ажиллаж байна. Олон улсын стандартад нийцсэн хэвлэмэл бүтээгдэхүүн, хүнсний зориулалттай сав баглаа боодлыг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд тогтмол анхаарч ажиллан ирсэн. 2023 оны хувьд, нийт 9 сарын хугацаанд 100+ цагийн сургалтад хамрагдаж, 80+ цагийн дотоод хэлэлцүүлэг өрнүүлж, төслийн үндсэн багийн 15 гишүүнийг “Дотоод аудитор”-оор бэлтгэж, нийт ажилчдад нэгдсэн менежментийн тогтолцоог сурталчлах зэргээр олон талт ажлуудыг, үе шаттайгаар хэрэгжүүлсний дүнд Нэгдсэн Менежментийн Тогтолцооны Баталгаажилтын Аудитад тэнцэж, ийнхүү хэрэгжүүлэгч байгууллага боллоо. Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр: Байгууллагын бүхий л үйл явцыг системд суурилсан байдлаар тодорхойлж, Компанийн хэмжээн дэх “Баримтжуулсан мэдээлэл”-ийн хяналтыг сайжруулж, Хэрэглэгчдээс сэтгэл ханамжийн судалгааг байнга авч, түүний хүрээнд бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулж, цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлдэг болсон байна. “Улаанбаатар Принт” ХК нь 2023-2024 онд бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийг сайжруулж, нэгдсэн удирдлагын тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн таашаалыг хүртсэн үлгэр жишээ үндэсний үйлдвэрлэгч болохыг зорин ажиллаж байна.
Алдагдсан зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг АНУ-аас Улаанбаатарт авчирчээ
Монголын соёлын өв зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг АНУ-аас энэ сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод авчирч, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. Тэдгээрийн дунд “Tyrannosauridae” бүлд хамаарах “Alioramus” үлэг гүрвэлийн олдвор байгаа нь зөвхөн Монголын нутаг дэвсгэрээс олддог байна. Гадаад Харилцааны Яам, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон гааль, хил хамгаалах байгууллагуудтай нягт хамтран ажилласны дүнд талууд “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх тухай гэрээ”-г 2023 оны тавдугаар сарын 23-нд байгуулжээ. Монгол Улсын хилээр 2012 оноос хууль бусаар гарган худалдаалагдсан үлэг гүрвэлийн олдворуудыг манай улс 2013, 2014, 2016, 2019 онд буцааж авчээ.   Эх сурвалж: ГХЯ